Өнөөдрийг би бусдад талархлын үгээ хэлэх өдөр болгон зарлаж байна.
Мэдээж найзууд маань намайг гомдоох, хүмүүс надаас нүүр буруулах, надад атаархаж, хорсох, намайг ойлгохгүй байх, доош нь дарах гэж оролдох, надад туслахгүй байх гэх мэт урмыг минь хугалсан, итгэлийг минь алдаж, сэтгэлийг минь гуниглуулсан зөндөө л зүйл тохиолдож энэ амьдрал дээр хүн гэж ямар муухай харгис амьтан байдаг юм бэ гэж хэлэх үеүүд байсаан байсан. Байх ч болно байх. Гэхдээ өнөөдөр тэр бүхэн минь надад сургамж болон үлдсэн юм. Намайг улам ухааруулж, хурцалж, хэрсүү болгосон. Энэ бүхэнд би одоо талархаж байна.
Харин одоо бол бүрхэг тэнгэрт нар хурцаар гялбуулан, гэрэлтэх шиг сайхан мэдрэмж төрүүлж байсан тэр мөчүүдээсээ бичмээр байна.
Энэ хорвоо дээр хүнээр өмөөрүүлэх шиг сайхан зүйл хаана байх билээ. Миний гаргасан бяцхан алдаан дээр дөрөөлж, ул үндэс муутай шалтгаанаар толгой түрийгүй загнах тэр нэгэн эмэгтэйгээс намайг өмөөрсөн тэр ахад баярлалаа. Амьдралдаа эцэг хүний хайрыг амталж үзээгүй надад аавтай хүүхдүүдийн мэдэрдэг тэр сайхан мэдрэмжээс бага ч атугай мэдрүүлсэнд баярлалаа.
16-хан настай, ёстой л залуу насны гал дөлөөр бадарч яваа, омголон зантай охин учраа ч мэдэхгүй байж амьдралдаа гомдоллож, яахаа мэдэхгүй гуниглаж байх тэр агшинд тэвэрч аваад, нулимсыг минь арчиж өгч байсан найздаа баярлалаа. Би тэр халуун тэврэлтийг одоо хэр нь санаж явдаг.
Шинэ жилийн үдэш сарнай цэцэг бэлэглээд, бүжгэнд урьж, миний хамгийн гэгээлэг дурсамжийг бүтээлцсэн нөгөө ангийн хөвгүүнд баярлалаа.
Дайснууд довтлоод ирэх цагт миний талд баттай зогсч, эрсдлийг хамтдаа сөрсөн багийн хамтрагчдаа баярлалаа. Чи тэр үед ямар их дэм болсон гээч!
"Сайн байна уу сайхан бүсгүй минь!" гэж хэлээд гудамжаар өнгөрсөн хөгжилтэй тэр номын цагаан солиотой ахад баярлалаа. Та тэр өдөр, тэр 4-р сарыг тэр чигээр минь гэрэлтүүлсэн.
Тэмцээний өмнөх тэр аймшигтай сандралыг минь дарахад тусалж, намайг удаанаар тэвэрсэн ангийн охиндоо баярлалаа. Би тэр үед маш их тайвширсан.
Бороотой өдөр, машины 2 шил арчигчийн жолоочийн талых нь эвдэрчихээд урдах зам харагдахгүй, яахаа мэдэхгүй тэвдэж явахад, машинаасаа гарч ирээд засч өгчихөөд хээв нэг яваад өгсөн тэр хүнд баярлалаа. Та үнэхээр гайхалтай!
Уйлмаар, уйтгартай, гунигтай байхад минь сэтгэлийг минь хөгжөөх гэж хотоор автобус аялал хийсэн найздаа баярлалаа. Чиний тас тас инээсэн тэр хөгжилтэй инээд чинь хүн бүхний сэтгэлд нар мандуулдаг.
Надад үргэлж хайртай гэж хэлдэг, миний 2 хацар, дух, хамар, эрүүн дээр үнсэхээс нааш салдаггүй, бяцхан биендээ баймгүй том тэврэлтийг надад бэлэглэдэг миний баатар, дүүдээ үргэлж баярладаг.
Эцэс сүүлд нь ээждээ баярлалаа. Надад бүхэл бүтэн амьдралыг бэлэглэж, амжилт олоход минь чин сэтгэлээсээ баярлаж, ухааруулж, хүмүүжүүлж, намайг юугаар ч дутааж байгаагүй, надад хэзээ ч атаархдаггүй, надад зөвхөн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсдэг миний хамгийн сайн найз ижий таньдаа мөргөмүү.
Би энэ амьдралдаа хайртай. Энэ хувь заяандаа баярладаг. Хүн биеийг олж төрсөн энэ амьдралаа үхэн үхтэлээ хайрлаж, эргээд харахад хэзээ ч харамсахааргүй амьдарна.