|
Генрихт зориулж бэлтгэсэн байр «Темпль» зочид буудлын хоёрдугаар давхарт байв. Нэгдэх жижиг өрөөнд нь угаагуур, буйдан дугуй ширээ, хоёр сандал байв. Хоёрдахь том тасалгааг нь илүү сайн төхөөрөмжилсөн байлаа. Өргөн модон ор, бичгийн ширээ, зөөлөн сандал, шүүгээ, том толь, чемоданы тавиур багш. Генрих ийм тохилог байх юм гэж огт санасангүй. Ахмадын хөөцөлдөж тус болсонд нь үнэн сэтгэлээсээ талархлаа.
— Та эндээс хотын байдлыг сонирхон харж болно гэж ахмад хэлээд хаалга онгойлгож хоёул тагт дээр гарлаа.
— Нээрээ сайхан харагдаж байна гэж Генрих зөвшөөрсөнд
— Бас хөөрхөн хүүхэн харуулдаж байх тохиромжтой газар шүү гэж Лютц хэлээд унадаг дугуйнаас бууж байгаа бүсгүйг нүдээр заав. Тэр бүсгүй машин өнгөрөхийг хүлээж байгаа бололтой, гудамжны наад талд зогсож байлаа.
— Нээрээ их хөөрхөн хүүхэн байна. Хэн гэдэг юм бол? гэж Генрихийг асуухад Лютц инээмсэглээд
— Аа-хаа. тийм байна уу? Эиэ бол таны буусан зочид буудлын эзэгтэй охин. Мадемуазель6 Моника гэдэг юм гэхэд нь
— Хөөрхөн хүүхэн байна гэж Генрих бодлогоширон өгүүлснээ, Ганц барон та тэгж үзэж байгаа бишээ. Манай бүх офицерууд Моникатай наалдаж налиганах гэж оролдоод хэрэг нь бүтээгүй юм шүү. Манайхныг ердөө хүн гэж тоодоггүй юм. Аз болоход хүүхэн болгон ийм хатуу биш. Энд хэдэн аятайхан хүүхэн бий. Тантай танилцууламз гэхэд нь.
— Би аятайхан хүүхэн болгонд дуртай биш, гэхдээ надад ухаан нь ... энэ Моника шиг хүүхэн илүү тааламжтай байдаг. За ер нь эндхийн гоо хүүхнүүд, тэдний зан байдлын тухай сүүлд нэг завандаа ярьцгаая. Одоо юмаа төвхнөе гэв.
Генрих ингэж хэлээд тагтын хайс дээгүүр тонгойж, дор машины дэргэд үлдсэн үйлчлэгч цэргээ дуудаж, юм хумаа оруулж ирэхийг тушаав.
— Санасан минь яамай. Та энэ үйлчлэгч цэргээ авч үлдэх үү, эсвэл өөр хүн хэрэгтэй юу? гэж Лютцийг асуухад
— Үгүй. Энэ хүн машинтайгаа буцна гэсэнд
— Тэгвэл тан дээр нэг цэрэг явуулъя. Таныг санаандаа таарсан хүн олтол түр үйлчилж байг. Би хувьдаа үйлчлэгч цэргийг өөрөө шилж авах хэрэгтэй гэж үздэг гэхэд нь
— Таны хэлснийг бүрэн зөвшөөрч байна гэлээ. Эрвинийг хоёр том чемодан оруулж ирэхэд:
— Эрвин та одоо чөлөөтэй. Үүрээр буцаарай! Өнөөдөр зугаалж, миний эрүүл мэндийн төлөө уугаарай гээд Генрих зуун франкийн дэвсгэр гаргаж өгөв. Эрвинийг гарсан хойно Лютц:
— Та мөнгөө ингэж тараагаад байх юм бол шинэ үйлчлэгч цэргээ хэт эрхлүүлж орхино шүү гэхэд нь.
— Үүнийг би наагуураа бодолтой хийсэн юм. Энэ жолооч өнөөдөр архины мухлагт очиж архи уугаад цэргүүдэд миний өглөгч өгөөмрийг магтан ярих болно, тэгээд бүгдээр миний үйлчлэгч цэрэг болох гэж зүтгэх болно гэсэнд
— Та хамгийн их зүтгэснийг нь авах юм биз дээ? Гэхэд
— Хаанаас даа. Гэсэн ч би дуртайгаа шилэх бололцоотой байх болно. Дэргэдээ журамтай сайн хүн авч байхсан гэж хүсэх байна шүү гэж Генрих хэлжээ. Лютц инээд алдав. Генрих бас инээмсэглэсэн боловч мөшийх төдий инээхэд царайд нь ядарсан ч юм шиг, гунигласан ч юм шиг байдал үзэгдэхийг ахмад гайхлаа. Ахмадыг явахад Генрих гар барилцаад түр зогсоож,
— Эрхэм ахмад та өнөө орой хаана хооллох вэ? гэж асуусанд
— Бид гуанзанд бүгдээр хамт үдийн хоол иддэг юм. Ингэхийг генерал шаарддаг. Өглөөний цай, оройн хоолыг бид хаа дайралдсан газраа ууж иднэ гэхэд нь
— Тэгвэл таныг өнөө орой надтай хоол идэхийг урья гэсэнд\
— Их баярлалаа. Таны урилгыг дуртайяа хүлээн авъя гэж Лютц хэлээд мэхийн ёслоход нь
— Тэгвэл би есөн цагт таныг очиж авна гэж Генрих хэллээ.
Генрих ганцаар үлдээд юм хумаа төвхнүүлж эхлэв. Бүх юмаа янзалж, хувцас хунараа гаргаж шүүгээнд өлгөв. Замын тоосоо угааж арилгамаар санагдана. Лютцийн явуулсан үйлчлэгч цэрэг бүх ажлыг хурдан зуур амжуулж, ус халааж, ор дэвсгэр зассан тул Генрих усанд ороод унтахаас өөр ажил байсангүй.
Шинэ үйлчлэгч цэрэгтээ хэд хэдэн аар саар зүйл тушаасны дотор франц-герман, герман-франц хоёр толь бичиг заавал худалдаж авчир гэж тушаагаад Генрих өөрөө мэдэлгүй тэр дороо унтаад өгчээ. Генрих найман цагт сая сэрэв. Түүний бүх даалгаврыг биелүүлж, хувцас хунарыг нь сайн цэвэрлэж индүүдсэн байна. Цайвар үстэй, дэлдэн чихтэй Фриц Зеллер сүрхий сайн үйлчлэгч цэрэг байлаа. Орондоо жаахан хэвтмээр, бүр өглөө болтол босмооргүй санагдана. Генрих их ядарчээ. Гэвч Лютцийг хоолонд урьсан, бас генералтай уулзахаас өмнө нутгийн нөхцөл байдалтай танилцах нь чухлыг санаад яаран бослоо.
Генрих нэг мөчийн дараа «Темпль» зочид буудлын жижиг боловч тохитой, тавилга сайтай зоогийн танхимд оров. Зоогийн танхим тэр үед хүнгүй байлаа. Гагцхүү зүүн ханын бараг тэн хагасыг эзэлсэн асар том эрэгнэгийн дэргэд нэг тарган авгай цааш хараад зогсож байв.
«Зочид буудлын эзэгтэй байж таарна гэсэн бодол Генрихийн толгойд зэрсхийлээ. Ер нь Генрихийн анхаарлыг тэр авгай татсан нь бус. Генрих зориуд алгуурхан авгайтай чанга чанга ярьж байгаа бүсгүйг сайн харав. Тэр бол түрүүнд Лютцийн заасан дугуйтай хүүхэн мөн байлаа.
Түрүүн Генрих тагт дээрээс хараад ахмадын хэлснийг зөвшөөрч, Моникаг нээрээ хөөрхөн хүүхэн байна гэж хэлсэн бол одоо тэр хэлсэн нь даанч хэвийн нэг, энэ бүсгүйд чамлалттай тодорхойлолт шиг санагдав. Бүсгүйн царай, түүний гоолиг биеийг харахад гоо сайхнаас илүү нэг юм байх шиг.
Бүсгүйн юугаараа ийм гайхалтай санагдсаны учрыг Генрих тэр даруйдаа ойлгосонгүй.Туяарсан харцтай дүрлэгэр том нүд нь тэр үү, баримал юм шиг өргөн магнай дээрх жирвийсэн хөмсөг нь үү, аль эсвэл булбарай зууван цагаан царайг нь эвтэйхэн хүрээлсэн долгиолог хар үс нь үү? Моникагийн хамар нь зөв биш хэлбэртэй мөртлөө уруул, эрүүнийхээ төрх байдалтай зохицон хосолжээ. Үнэхэзр царайн төрх, нүд, үс, ялигүй сортойсон урт сормуусны өнгө бүгд нийцтэй хосолсон нь бүсгүйн царайг сэтгэл булаамаар хосгүй үзэсгэлэнтэй болгожээ, Генрих хоёр эмэгтэйд эелдгээр мэхийн ёслоод эхэд нь хандаж:
— Ахай та герман хэл мэддэг үү? гэж асуусанд
— Жаахан мэднэ. Та барон Гольдринг мөн болов уу? Таныг ирнэ гэж ноён Лютц хэлсэн. Эрхэм барон таныг манай зочид буудалд буусанд тань их баярлаж байна гээд эзэгтэйн царайд мэргэжлийнхээ эрхээр бусдыг үйлчлэх албатай хүний салшгүй шинж болсон хэвийн найрсаг инээмсэглэл үзэгдлээ. Моника Генрихийн хажуугаар өөр нэг юм ширтжээ. Ганцхан минутын өмнө цовоо сэргэлэн байсан түүний царай одоо хүйтэн хөндий болсон байв.
— Ахай! Би оройн есөн цагт хоёо хүний хоол захих гэсэн юмсан гэж Генрихийн өгүүлэхэд
— Аа бололгүй яах вэ. Та юу захиалахсан бол гэхэд нь?
— Тулбага загас, франц маягаар шарсан тахианы мах, төмсөн хачиртай, бас шанцай захиалъя гэсэнд
— Одоо хүнсний зүйл ховор хэцүү байна. Гэсэн ч буудалдаа суудаг хүнд ... Хоолыг тусгай өрөөнд бэлтгэх үү? гэхэд нь
— Тиймээ. Та одоо миний өрөөнд нэг шил бордо дарс, шарз, хоёр шил жимсний ликер, нэг шил шоколадын ундаан явуулна уу гэж Генрих хэлээд лангуун дээр мөнгө гаргаж тавиад,
— Хариулт хэрэггүй гэж хайхрамжгүйхэн хэлээд германаар бичсэн хоолны нэрсийн цэсийг авч үзэж эхлэв. Энэ завсар эзэгтэй охин доо:
— Энэ бароныг их баян хүн гэж Лютц хэлсэн шүү дээ гэж францаар аяархан хэлэх нь сонсогдсонд охин нь
— Дээрэмдэж амжаа биз! гэж ууртай өгүүлэв.
— Моника чи амаа тат!
— Энэ тэртэй тэргүй юу ч ойлгохгүй өлийгөөд зогсож байна.
— Захисан юмыг нь аваачиж өг гэж эх нь тушаав. Генрих инээдээ барьж ядан хоолны цэсийг лангуун дээр тавьж орхиод тасагтаа оров.
Таван минут ч болоогүй байтал хаалга тогшиж, Моника дарстай цар барьсаар өрөөнд нь орж ирлээ. Авчирсан юмаа ширээн дээр тавиад үг дуугүй хаалга руу эргэхэд нь
— Та түр хүлээнэ үү, мадемуазель аа! гэсэнд Моника бүүр хаалганы дэргэд хүрч зогсоод юу хэлэхийг хүлээв.
— Та герман хэл мэдэх үү? гэж Генрих асуусанд
— Мэдсэн ч ярих нь цөөн. Яагаад вэ гэвэл герман хэлэнд ч дургүй, бас ... гээд үгээ дутуу орхиход нь
— Германчуудад ч дургүй юм биз дээ? гэж Генрих гүйцээж хэлсэнд Моника дуугарсангүй.
— Та зоригтой хүн байна. Гэсэн ч герман офицеруудад ийм юм ярихгүй байхыг зөвлөе.
— Хүн хүний дур өөр. Надад бол орос хэл илүү сайхан санагддаг. Их аялгуу сайхан хэл.
— Би орос хэлийг сонсох завшаантай байсан. Би Дорнод фронтоос ирсэн шүү дээ.
— Дорнод фронтоос оо? гээд Моникагийи нүдэнд үнэнээсээ сонирхсон байдал үзэгдэхийг Генрих ажиглав.
— Орос эмэгтэйчүүд герман офицерт ийм үг хэлдэггүй гэж би танд батлан хэлж чадах байна.
— Доромжлохыг үг дуугүй хүлцэж байдаг юм уу?
— Үгүй. Орос эмэгтэйчүүд бууддаг. Өөрснийхөө дайсан гэж үзсэн улсыг бууддаг юм гэж Генрих францаар хариуллаа.
Моникагийн нүд нь их болж, Генрихийг хэсэг зуур гайхан харж, хариу хэлэх гэсэн байдалтай уруулаа хөдөлгөж байтал үйлчлэгч цэрэг орж ирэхэд бүсгүй яваад өглөө.
Яг есөн цагт Генрихийг Лютцийн ажлын тасалгаанд очиход Лютц ажлаа хийсээр байв.
— Эрхэм ахмад аа! Ажил тийм их байна уу? Одоо есөн цаг болчихоод байна шүү дээ. Гэтэл та ажлаа хийсээр суудаг гэсэнд
— Таныг хүлээж байх зуураа дэмий суухаар гэж маргаашийн жаал зугаа юм бэлтгэж байлаа. Барон та наж төвхнөв дөө? гэж хавтастай бичгээ хамхихад нь
— Аятайхан төвхнөлөө. Эзэгтэй, охин хоёртой танилцаж амжсан гэв,
— Моника, таны өөдөөс хэгжүүрхэж амжаа биз? гэхэд нь
— Жаахан тэгсэн. Гэхдээ бид хоёр яваандаа учраа ойлголцоно гэж бодож байна хэмээн Генрихийг хэлэхэд Лютц үнэнээсээ гайхаж
— Уухай! Таныг Моникатай аятайхан харилцаатай болж чадвал манай офицерууд бүгд атаархаж, таныг аугаа их дипломатч юм байна гэж бодно вий гэжээ.
Удалгүй ахмад тэр хоёр тохилог тасалгаанд оройн хоол идэж суулаа. Зоогний газрын эзэгтэй Тарваль авгай ёстой сайн дарс явуулсан байх агаад хоолыг ч маш сайхан хийсэн байх тул ахмад их дуртай хооллов. Шарсан тулбага загас авчирч өгөхөд Лютц гайхан дуу алдаж,
— Оо-ёо! Та Моникад нүүр олж чадаагүй юмаа гэхэд Тарваль авгайд нүүр талтай болсныг харж байна. Тантай танилцсан анхныхаа өдрөөс таныг ийм сайхан хоолоор дайлж эхэлж байна шүү дээ гэж өгүүлжээ. Хоолны дараа Генрих дахиад нэг лонх шарз, хайрцаг навчин янжуур захиалж авчруулав. Генрих хундагатай архиндаа уруул хүргээд,
— Ажил их бодно гэж та хэлэв үү? гэсэнд
— Урьд амар байсан юм. Дивиз цомхон байхад штаб маань Экслебенцэд байрлаж, ажил хавьгүй бага байлаа гэж Лютц шүүрс алдан хэлэв.
— Дивизийн байрлалыг сольсон нь ямар шалтгаанаас болоо вэ?
— Ийм юмаа. Францчууд анхандаа номхон тайван байснаа манайхныг Москвагийн дэргэд дарагдсанаас хойш эднүүс толгойгоо өндийлгөж эхэлсэн. Маки7 гэгчүүд гарч их төлөв булангийн цаанаас, бас голдуу офицеруудыг бууддаг болоод байна. Төмөр замын шугам, гүүр, аягүй бол цэргийн холбогдолтой газрыг дэлбэлэх явдал гардаг. СС-ийн анги, цагдаа нар дангаараа тэднийг хүч хүрэхээ больжээ. Ингээд л манай дивизийг Сен-Мишегээс бүүр Шамберн хүртэлх ерэн километр газар янз бүрийн хэсэгт тарааж байрлуулах хэрэгтэй болсон юм.
— Тэгээд түүнээс хойш макиуд номхорсон уу?
— Үгүй чиш. Бүүр улам идэвхижсэн. Тэдэнд нутгийн ард иргэд тусалдаг дээрээс хэрэг бүүртөвөгтэй болж байна. Хоёр долоо хоногийн өмнө макийн отряд олзлогдсон орос цэргийн лагерийг дайрсан. Ялдамд хэлэхэд дэндүү хэнэггүй байсан манай харуул хамгаалалтынхныг францын партизанууд хядаж орхиод хэдэн зуун орос тэдэнтэй хамт ууланд гарсан. Нэхэж мөрдөөд ямар ч үр дүн олсонгүй. Таныг ирэхээс хэдхэн хоногийн өмнө макиуд өнөөх оросуудтайгаа хамт байлдааны хэрэгсэл тээж явсан автомашины цувааг дайрсан. Макиуд одоо манай өөрсний зэвсгээр сайн зэвсэглэж авсан даа гэж Лютцийг ярихад
— Би Дорнод фронтоос энд ирээд сайхан амарна гэж горьдож байсан юмсан. Оросуудын хэлдгээр чонын амнаас барын аманд орж ирсэн хэрэг байна гэж Генрих өгүүлэв.
Лютц партизаны эсрэг саявтар явуулсан залхаан цээрлүүлэх ажиллагааны тухай дэлгэрэнгүй ярилаа. Генрих анхааралтай сонсохын хамт Лютцийн хундагыг хоосон байлгахгүйг үл мартана.
Ахмад удалгүй нилээд халамцжээ. Гольдринг, Лютц хоёрыг «Темпль» зоогийн газрын тохилог өрөөнд хооллож байх завсар Моника унадаг дугуйгаар Понтемафре гэдэг бяцхан тосгон тийш жирийлгэж явлаа. Тэр тосгоны ойролцоо орчны суурин газрыг эрчим хүчээр хангадаг цахилгаан станц бий аж, дөрвөн километр засмал замаар Моника ганцхан мөчийн дотор давхиж хүрэв. Тэгээд танил слесарьчид хандаж
— Франсуатай уулзахаар ирлээ. Хоол авчирсан юм гэсэнд
— Мадемуазель Моника танд түүнийг газар дороос ч болтугай олоод ирнэ. Ай энэ Франсуа азтай золиг юм даа! Ийм сайхан хүүхэн өөрөө түүн дээр давхиад ирж байх юм гэж тэр хүн илт атаархсан байдалтай өгүүлжээ.
6 - Мадемуазель гэж авхай гэсэнтэй ойролцоо франц үг.
7 - Маки - Францад фашизмыг эсэргүүцэн хөдөлгөөнд оролцогчдыг ингэж нэрлэдэг байжээ.
|