| Оффлайн |
| Олны Танил Гишvvн |
 |
 |
Нэгдсэн: 1-р сар.08.05 2:15 am Бичлэгүүд: 534
|
“Жентелмений өшөө”
Кино эхлэх гэж байна. Хи-хи, хи-хи үүнийг чинь л би хүлээж байсан юм ш дээ. Би инээхдээ бэлтгээд бушуухан л эхлүүлэхийн түүс.
Хүмүүс цувсаар л. Ганцаараа яваа хүн ер нь ховор байна шүү. “Хосоороо хорвоо юм даа” гэсэн шүү юм бодогдоно. Миний яг урд надтай нас ойролцоо хоёр залуу орж суув. “Охин нь овоо царайлаг юм. Эр нь тэгэхээр нилээд сүйхээтэй эд байх нь. Сүйхээ гэснээс миний сүйхээ ер нь нэг л дутаад байна аа даа. Найзууд уг нь Ариунаа бид хоёрыг яг тохирно гэдэг сэн. Би чамайг жаргаах л залуусан даа” ингэж бодоод би хэнгэнэтэл санаа алдлаа.
Ашгүй, кино эхэллээ. Таньдагаас Моурэ л тоглож. Энэ муу туучий ёстой сандааж өгнө дөө гэж бодоод золтой л инээчихсэнгүй. Урд зэрэгцээд өнөө хоёр ч нялуурч эхлэв. Би “та хоёр минь шалавхан амжуулаад ав даа, кино эхэлчихсэн, одоо ингээд инээгээд юун үнсэлцэх мүнсэлцэх болно шүү. Ариунаа ирсэн бол би ч гэсэн...” гэж өөрийгөө баясган бодоод кинондоо анхаарлаа хандуулав.
Гэтэл нөгөө хоёр чинь болих нь бүү хэл улам бүр улангасч бие биеэ идчих дөхөж байдаг байгаа. “Эр эмийн хооронд илжиг гэдэг, энэ хоёрын явдал маньд ямар падлий байх вэ, киногоо л үзье.” Гэвч яалт ч үгүй яг урд болохоор хоёр шовойсон толгой нүдэнд тороод байлаа. “Яах вэ байз? Ямар ханахаа мэдэхгүй золигнууд вэ дээ.” Уур хүрээд явчих нь тэр.
“За юунд уурладаг юмб? Адилхан залуу улсууд байж. Одоо ингэсгээд больчихно биз” гэж үнэнээсээ горьдоод тэр хоёрыг жаал ажиглав.
Өө гэтэл яасан гээч! Өнөө хоёр чинь үнсэлцэж байхдаа хоёулаа нүднийхээ булангаар намайг харснаа зэрэг инээдэг байна ш дээ.
“Аа! Муу хоёр...” Гэвч шарандаа огт тоогоогүй царайлж хүмүүсийн нирхийлгэхийг анаж байгаад худлаа ч бол дагаж инээв.
Зэвүү хүрсэн гэж яана аа! Энэ хоёрын энд ирсэн зорилго тодорхой болов. Зүгээр л нялуурах гэж, аминхандаа түнийгээ гайхуулах гэж, хүмүүсийг үймүүлэх гэж ирж. Залуу нь бүр оодорч охиныхоо хүзүү рүү шумбав. Нөгөөдөх нь нэг их тааламжтай байгаа аятай нүдээ аньчихаж. Хн!
Би огт тоосон шинжгүй царайлж киногоо үзэвч ойлгогдох юм үнэндээ ер үгүй болжээ. “Би <Сарагийн сохор нөхөр> гэдэг инээдмийн кино үзэх гэж ирсэн болохоос биш та хоёрын балиар “ханиадмын” киног үзэх гэж ирээгүй. Заваарах газраа олж ядсан муу... муу юм үзээгүй амьтад”. Дотор гаднагүй шатаж байна гэж жигтэйхэн, хөлс баас урсаад бүр хөгийн юм болов.
Ядахад миний хоёр талаар хүмүүс огт суусангүй ажээ. Ах эгч хүмүүс суусан бол эрхбиш зовно доо. Болдогсон бол уу, өвөөгөө авчирч өмөртөл загнуулахгүй юу.
Ганцаараа ийм орой кино үзэж байдаг миний өөрийн хохь ч юм шиг. “Ариунаагийн билетийг үхүүлж байхын оронд Янжааг л дуудчихдаг байж. Галзуураад дорхноо гүйгээд ирнэ дээ. Ариунаад авсныг мэдэхгүй болохоор өөрийг нь урьлаа гээд их юм саначихвал бүр гай болох байсан уу? Дуу чангатай, царай жаахан муутай боловч хамт суужээ байхад энэ муу хоёрт арай ч ингэж дээрэлхүүлэхгүй байсан даа” гэж бодлоо.
Босоод өөр газар суумаар боловч та муу хоёрын бахыг яасан ч хангахгүй юм шүү хэмээн шартай гэгч нь шазуур зуув.
Байн байн хяламхийж, байсхийгээд л наалдах нь байж сууханд ямар хэцүү гээч! Зүгээр байж чадахгүй байгаа бөндгөрүүдийг нь хоёр гараа атгаж байгаад дээрээс нь муужиртал дэлсмээр, эсвэл наалдаж байгаад нэг салахаар нь нарим мөргөлдүүлмээр боевик бодол намайг хатгана.
Сэтгэл хөдлөлөө хүчээр дарж биеэ аргадах чинь ийм хэцүү билүү?... Хоолойгоо засаад “Залуусаа, та хоёр чинь одоо ямар хачин улсууд вэ? Наад захын соёлтой байгаач” гэж айхтар дүрэмдмээр санагдсан ч “дотоод цагаан хүн” минь “Наадуул чинь ухаан муутай амьтад байна. Ухаан муутай амьтад л бусдын уурыг хүргэх зүйлсийг байнга сэдэж, түүндээ баясдаг юм. Чи бол өөр хүн. Тусгай хүн. Соёлтой, ухаалаг, тэвчээртэй. Эднүүдтэй хэл амаа билүүдээд сайн юм огт болохгүй. Харваас юм үзээгүй амьтад байна. Ариунаа чамайг нэг удаа жентелмен төрхтэй гэснийг санаач” гэв.
“Чи ч гөлийчихөөд гон бие гозон толгой юм шив дээ. Чи ингэж романтик, янаг байж үзсэн үү, үзээгүй дээ чи?”
“Битгий инээд хүргэ. Жоохон хүүхдийн юм бүү ярь”
“Залуу хүмүүс чинь ийм байдаг юм ш дээ. Алиу хар ... ингэж, ингэж...”
“Ха-ха та нар шиг таарсан таар тампуунууд тэгж баярхдаггүй юм, өөш! Би Ариунаагаа л хүлээж ариун үнэнч хайраа нандигдаж алингаа алдаж яваа болохоос найзлая, наргиж цэнгэе гэвэл Нараа, Сараа битгий хэл Нандиа, Тунгаа ч хүртэл намайг гээд гуйж гувшаад ирэхийн заяа байна, зүгээр”
“Хаана байна тэгээд? Ха-ха, хаа байна, хаа байна, ха-аа байна-аа залу-уу.”
Тэд над ийн хэлээгүй ч, би тэдэнд тийн хариулаагүй ч бид яах аргагүй л ярилцаад байв.
...Инээдэмтэй үйлдэл бүр нь уурыг минь улам бадраасан кино дуусах дөхөж байв. Би сэмхэн босоод чимээгүйхэн танхимыг орхин гараад сая л нэг уужуу амьсгалахчаан болов.
Хаалганы завсраар ямар нэг юм болох болов уу хэмээн чагнаж байтал нэг их удсан ч үгүй хэн нэг бүсгүй А-а! гэж орилох дуулдав. Нүдэнд сандлын түшлэгэн дээрх далбайсан том бохинд наалдсан тэр сайхан үс үзэгдэхүй буй бие минь баяр баясгалангаар бялхаж ”Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр ээ хө” гэж амандаа гүвтнээд гарч одсон доо, хөөрхий.
_________________ We. did. it.
|
|