|
Эцэг нь гэртээ харихаар уулнаас буухад Райли араас нь дагаж алхааг нь бараг гүйцэхгүй шахам шогшиж явав.Тэтгэвэрт гараад олон жил болсон ч тэр армид сурсан зангаа огт тавиагүй тэрбээр хүч чадал нь хэвээрээ байгаа бололтой.
Модон байшингийн гадаа ирээд эцэг нь Райлигийн таамаглаж байснаар гэртээ орохыг урьсангүй, хэрэмнүүдээ хаалганы дэргэд тавьсан сагс руу чулуудчихаад хураасан түлээ рүү очин сандайлж суулаа. Дараа нь малгайгаа авч цэргийн маягаар тачирхан богино засуулсан буурал үсээ илэв. Тэр Райли руу эгцэлж харахгүй байлаа.
Райли суучихмаар газар олж хараагүй учир шатан дээр суугаад яриа өдөхөөр
- Таны гэр их гоё харагдсан гэж хэлээд
- Бас ангийн толгой өлгөөгүй байна лээ гэв.
- Тийм шүү гэж эцэг нь зөвшөөрөнгүй хэлээд
- Вьетнамын дайны үеэр би буудсан дайсныхаа толгойг авч явдаггүй байсан. Тийм болохоор одоо ч гэсэн ингэхийг хүсэхгүй байна гэлээ.
Эцэг нь тоглоом шоглоомоор дандаа ингэж ярьдаг байсныг санасан Райли толгой дохив.
- Чи энд яах гэж ирэв? хэмээн эцэг нь асуулаа.
Хатуу ширүүн, цэвдэг ч гэмээр хайрлаж өрөвдөхийг мэддэггүй энэ хүнээс юу хүссэн юм бол гэж Райли бодсоноо
- Аав, би хүнд байдалд орчихоод байна гэв.
- Юу болсон юм бэ?
Райли гунигтай инээмсэглээд толгойгоо сэгсрээд
- Яг хаанаас нь эхэлж ярихаа би мэдэхгүй байна гэж хэлсэнд эцэг нь шүлсээ газар луу нулимаад
- Тэр гаж донтонд өөрийгөө барьж өгдөг чинь хамгийн тэнэг явдал байсан гэлээ.
Эцэгтэйгээ хэдэн жил холбоо бариагүй болохоор Райли мэл гайхлаа. Тэр энэ талаар яаж мэдсэн юм бол?
- Таныг бидний амьдардаг ертөнцтэй холбоогүй амьдардаг гэж бодсон юмсан.
- Хааяа хотод очих үед зарим юм дуулдаж л байх юм.
Райли таны нэрлээд байгаа "тэнэг явдал" чинь нэг эмэгтэйн амийг аварсан гэж хэлэхээ дөхсөн боловч одоо харин тэр нь ямар ч ашиггүй худлаа болсон гэдгийг санаад дуугүй өнгөрлөө.
Эцэг нь өөрийнх нь талаар мэдэхийг оролдсон нь Райлид сонин санагджээ. Тэр өөрийнх нь талаар бас юу мэддэг юм бол?
Тэр тийм ч олон юм мэдэхгүй байх.
- Алуурчинтай холбоотой хэргийн дараа чиний сэтгэл санаа авахын аргагүй болсон юм биз дээ? гэж аав нь асуухад Райли
- Та хэрвээ намайг ГДСӨ-тэй болсон гэдгийг хэлж байгаа бол тийм ээ, тэр үнэн гэж хариулав.
- ГДСӨ, гэж эцэг нь давтан хэлэхдээ инээмсэглэх мэт уруулаа мушийлгав
- Энэ балай үсэгнүүд юу гэсэн утгатай болохыг би тогтоох ч үгүй юм байна. Энгийн үгээр хэлэхэд миний бодлоор чамайг нэг сул дорой амьтан гэж нэрлэхэд болно. Дайны үеэр элдэв янзын юм хийж, үзэж харах үед ч, дайнаас буцаж гэртээ эргэж ирсэн хойно ч гэсэн намайг наад ГДСӨ гэдэг юм чинь зовоож байгаагүй. Болж өнгөрсөн зүйлд харамсаж шаналаад байгаа хүнийг би ерөөсөө ойлгодоггүй.
Тэр Райлиг тэнд огт байхгүй юм шиг чанх урагшаа харж сууна. Энд ирснээрээ өөрт нь тохиолдоод байгаа зүйлийн учрыг тайлах нэг ч гэсэн юм олно гэсэн итгэлтэй ирсэн Райли одоо харин зорилго маань бүтэлгүйтэх юм биш байгаа хэмээн бодов. Эцэг нь магтан сайшаах нэг ч үг хэлэхгүй гэдгийг мэдэж байсан тэрбээр түүнтэй жаахан ч гэсэн ярилцаад авахыг хүссэн билээ.
- Аав, надад одоо мөрдөж байгаа нэг хэрэгтэй холбоотой хэцүү асуудал тулгараад байна. Нэг цуврал алуурчин эмэгтэйчүүдийг тамлаж, боомилж алчихаад дараа нь цогцсыг нь гадаа орхиж байгаа.
- Тийм ээ, би энэ тухай сонссон.Тэднийг нүцгэн орхидог гэсэн. Зүгээр л нэг өвчтэй амьтан.
Эцэг нь дахиад шүлсээ нулимчихаад
- Чамайг удирдлагатайгаа зөрчилдөж байгааг би гадарлаж байна. Тэр албан тушаалтнууд чинь юу хийхээ мэддэггүй юм. Тэд бас чамайг сонсохыг ч хүсэхгүй.
Райли дахиад гайхав. Тэр үүнийг яаж мэддэг байна аа?
- Вьетнамын дайны үеэр надад ч бас адилхан байсан. Дээгүүр сууудалтай албан тушаалтнуудаас болж бид тэр хараал идсэн дайнд ямар ч үр ашиггүй тулалдсан. Христ минь, тэд хэрвээ над мэтийн хүмүүст даатгасан бол бид ялах байсан. Энэ тухай бодохоор л миний дотор муухайраад байдаг юм.
Райли эцгийнхээ ярианаас хэзээ ч сонсож байгаагүй нэг зүйлийг мэджээ. Энэ бол харуусал байлаа. Тэр дайнд ялж чадаагүйдээ дотроо харамсаж гомдоллосоор байдаг ажээ. Энэ түүний алдаа биш байх нь хамаагүй, эцэг нь өөрийгөө хариуцлага хүлээх ёстой нэгэн гэж боддог юм байна.
Райли эцгийнхээ царайг ажиглаж байгаад нэг юм анзаарлаа. Царай нь ээжтэйгээ гэхээсээ илүү эцэгтэйгээ их адилхан юм. Энд бас өөр ч юмнууд байлаа. Эцэгт нь байдаг чанарууд бас түүнд байдаг, тэд хоорондоо таарч тохирдоггүйгээс гадна, тэд арай дэндүү гэмээр зөрүүд гөжүүн зантай, бас юманд хэтэрхий хариуцлагатай хандацгаадаг. Энэ бүх чанар нэг дороо байх нь тийм ч муу зүйл биш. Тэдний хувьд маш ховорхон тохиолдох энэ мөчид эцэг нь мэдэхийг хүссэн юмыг нь хэлж өгөх болов уу хэмээн бодож суусан Райли
- Аав, тэр цогцоснуудыг нүцгэлж, гадаа тавих зэргээр аймшигтай юм хийж байгаа ч... гэж хэлснээ тохирох үг хайж түр завсарлав.
- Хохирогчдыг орхиж байгаа газар нь ой, гол горхи гээд дандаа байгалийн үзэсгэлэнтэй газрууд байсан. Тэр аймшигтай хэрэг үйлдэж байж яагаад заавал ийм газрууд сонгодог юм бол, та юу гэж бодож байна?
Эцэг нь тархинд нь хадгалаастай байгаа дурсамж бодлуудаа ухаж төнхөх мэт нүдээ аньж хэсэг сууснаа
- Тэр бүхнийг шинээр эхлэхийг хүсэж байна. Тэр хуучин эхлэсэн газраа буцаж очихыг хүсдэг. Энэ чамтай адилхан биш байна гэж үү? Чи ч гэсэн болсон бүх явдлаас өмнөх үе, хүүхэд насандаа эргэж очин бүхнийг дахиад эхлэхийг хүсдэггүй гэж үү? Яг хэзээ, хаана алдаа гарсныг олж залруулан амьдралаа өөрчилмөөр байдаг биз дээ? гэж хэлээд түр амсxийлээ. Энэ хооронд Райли хэдийгээр өөрөө жаахан охин байсан ч энэ хүрээлэн байгаа ой мод, уул толгодыг орхиж явах үед хичнээн их харамсаж гуниглаж байснаа санажээ. Эцэг нь маш чухал юм, үнэнийг хэлжээ.
- Тийм учраас л би энд амьдардаг гэж эцэг нь хэлээд бодолд автан дуугүй боллоо.
Эцгийнх нь хэлсэн үгнээс нэг зүйл түүнд тодорхой болов. Алуурчин эмэгтэйчүүдийг хүүхэд насаа өнгөрөөсөн гэр орондоо хорьж тамлан зовоодог гэж Райли одоог хүртэл ч бодож байсан ч алуурчныг өнгөрсөн цаг хугацаа руугаа очиж бүхнийг өөрчлөхийн тулд зориуд ийм сонголт хийсэн гэж санаанд нь огт ороогүй ажээ.
Эцэг нь Райли руу бас л харсангүй
- Зөн совин чинь чамд юу хэлж байх юм? хэмээн асуулаа.
- Энэ хүүхэлдэйнүүдтэй холбоотой гэж би бодож байна. Удирдах газрынханд энэ талаар ямар ч төсөөлөл байхгүй. Тэд буруу юмны араас хөөцөлдөж байгаа. Гэмт хэрэгтний үйлдэл зөвхөн хүүхэлдэйтэй холбоотой. Энэ л хэргийг тайлах гол түлхүүр гэж би бодож байна.
Аав нь хоолойгоо засаад
- Ер нь чи зөн совингоо дагасан нь дээр. Юу хийх гэж байгаагаа тэр новшнуудад хэлээд дэмий гэж хэллээ.
Райли бүр мэл гайхаж цэл хөхөрлөө. Тэр өөрийг нь магтах гэсэнгүй, бас эелдэг хандахыг ч оролдсонгүй. Тэр яг урьдын адил новшийн зангаа гаргаж байгаа ч харин сонсохыг хүссэн зүйлийг нь хэлжээ.
- Би бууж өгөхгүй гэж Райлиг хэлэхэд
- Ямар ч новшийн юм болсон бай чи бууж өгч болохгүй гэж бухимдаж эхлээд байсан эцэг нь шивнэлээ.
Тэдэнд одоо өөр ярилцах юм үлдсэнгүй. Райли босож үнэн сэтгэлээсээ
- Аав, тантай уулзахад сайхан байлаа гэж хэлэхэд газар ширтэн суух эцэг нь хариу хэлсэнгүй. Райли машиндаа суугаад тэндээс хөдөллөө.
Энд ирэх үеэ бодвол ямар нэгэн байдлаар зарим нэг юмны учир олдсон юм шиг санагдаж одоо Райлигийн сэтгэл санаа хамаагүй дээрджээ. Тэр бас урьд нь мэдэхгүй байсан зүйлээ ч олжээ. Алуурчин хөлсний байранд, эсвэл дулааны шугамын хаа нэгтээ биш, ой модны хаа нэгтээ урц, овоохойд ч биш, харин үзэсгэлэн төгөлдөр харагддаг гоё байгалтай газар амьдардаг байж таарлаа.
_________________ Sakura
|