|
Генрих, Курт хоёр гурван цаг хагас болж байхад сая л Ла-Травельса тосгонд хүрлээ. Намрын өүрхэг баргар өдөр хүртэл үзэсгэлэнтэй сайхан харагдах тэр тосгоны гоо сайхныг Генрих гайхав. Зууван нуурын зүүн эргийн дагуу хөөрхөн хөөрхөн жижиг байшин хагас дугуйран байрлажээ. Тосгоны ганц нарийвтар гудамж нь мөн л хагас дугуйран зурайсан байна. Хоёр талаар нь том том саглагар мод эгнүүлэн тарьсан тэр гудамж нуурын усны дэээрээс өнгийсөн эгц халил хаданд хүрсэн ногоон хонгил нүх шиг санагдана. Тэр хадны цаана бас нэг бас нэг бүүр өндөр асга хад лүглийн харагдана. Эсрэг талын эрэгт асга хэд эмх замбараагүй шавааралдсан нь цаад талын өндөр уул замдаа тохиолдсон бүхнийг хавчиж шахан түрсэн юм шиг.
Генрих Куртэд тосгоны захиргааны байшингийн дэргэд очихыг тушаагаад Тарваль авгайн эхийн овгийг мэдэхгүйгээ сая саналаа. Хүнээс асуухаас өөр аргагүй болжээ. Энэ нь Генрихийн төлөвлөгөөнд огт ороогүй зүйл боловч ухарна гэдэг хожимджээ.
Генрих ширээний ард суугаад нэг юм бичиж байгаа өвгөнтэй эхлэн мэндэлж
— Сайн байна уу! гэсэнд
— Амрыг эрье, ноёнтоон! гэж өвгөн уруухан дуугараад Генрихийг жишүүхэн харахад нь
— Та Ла-Травельсийн дарга уу?
— Үнэхээр тийм ээ.
— Би хожим германы комендатур байрлах байшин эрж олох хэрэгтэй байна гэсэнд өвгөн ихэд санаа алдахад
— Та урьд коммунистууд сууж байсан, одоо гэр бүлийнхэн нь сууж байгаа байшинг зааж өгнө үү гэсэнд
— Хэн ямар намд байдгийг би мэдэхгүй. Надад тийм бүртгэл байхгүй гэхэд
— Тэгвэл танай энд францын националь социалист намын байгууллага бий юу? гэсэнд
— Нэг хүн хүрч ирээд, энэ тосгонд эргэлдэж байгаа. Тэр таны ирснийг харчихаад наашаа гүйж явна гэж өвгөн хэллээ. Үнэхээр нэг хүн явуут цувныхаа товчийг товчлон гудамжаар нааш гүйж яваа харагдлаа.
— Энэ нутгийн хүн үү? гэж Генрих асуусанд
— Тиймээ, нутгийн хүн. Эцэг нь их журамтай сайн хүн юмсан ... гээд тосгоны дарга Генрих өөд харснаа илү үг хэлснээ мэдээд
— Эцэг нь өнгөрсөн долоо хоногт нас бараад энэ хүн өв хөрөнгийг нь залгамжлахаар ирсэн нь гэв.
Хаалганы тэндээс нацистын ёсоор мэндлэх дуулдахад Гитлер хариуллаа.
Ла-Травельса тосгон дахь францын национал-социалист намын ганц төлөөлөгч ньь гучаад насны эр байлаа. Тэр Базель гэгчийн шил рүүгээ дарж өмссөн бүрх малгайн дороос яг Гитлерийнхтэй адил самнасан үс цухуйна. Инээд хүрмээр махийсан урт хамар дорхи богинохон тайрсан бараан сахал нь асуултын тэмдэг дор том цэг тавьсан юм шиг харагдана.
— Би тантай ярилцах хэрэг байна гэж Генрих тэр ирсэн хүнд хэлсэнд
— Та надтай хоёулахнаа ярих хэрэгтэй гэж байна уу? Би таны хэлснийг зөв ойлгов уу? гэхэд нь тосгоны дарга өвгөн
— Би явлаа. Юуны тухай хичнээн ярина вэ, дураараа л бологтун гэж хэнд ч тухайлан хандалгүй хэлээд хуучин муу пальтогоо эгэлдэргэлж, захиргаа гэж сүртэй нэрлэсэн тасалгаанаас гарлаа.
— Тосгоны дарга тун найдваргүй хүн байгаа юм. За яахав, би учрыг нь сүүлд олно. Ер нь их хүнд шүү ... гэж Базелийг өгүүлэхэд Генрих үгийг нь таслаад
— Үүнийг би сонирхохгүй байна. би германы комендатур байрлах газар аль болох хурдан эрж олох хэрэгтэй байна гэсэнд Базель баярлаж
— Ла-Травельсад германы комендатуртай болох нь уу? Яасан таатай сайхан мэдээ вэ! Бодоод үзээч, энд шударга франц хүнийг амар тайван суулгадаггүй болохоор нь төрсөн тосгоноосоо явсан юм. Арга буюу төрсөн гэр орноо орхиж, Понтейд очсон гэхэд нь
— Та энд ирээж удаж байна уу?
— Долоо хонож байна гэжээ.
— Тэнд манай нэг офицерыг партизанууд буудсан гэж би дуулсан юмсан.
— Харамсалтай нь тэр үнэн. Намайг нааш гарах өдөр тийм хэрэг гарсан. Энэ партизанууд гэдэг ёстой дээрэмчид шүү. Та энд партизан байхгүй гэж бодно уу? Манай байшинд ганц бүтэн цонх үлдээгээгүй ... гэхэд
— Надад германы комендатурын байр хэрэгтэй байна гэж Генрих дахин сануулсанд
— Миний байшинг ав л даа! Эцгийнхээ нас барснаас хойш би ганцаар суудаг болсон болохоор дуртайяа ... гэхэд нь
— Би шударга францчуулд гар хүрэхгүй. Энд бодвол сэжигтэй улс, жишээ нь коммунистуудын гэр бүл байдаг биз? гэсэнд Базель тамхинд шарласан хурууныхаа үзүүрийг химлэн хэсэг зуур бодол болоход урт хамар нь асуултын тэмдэгтэй бүр ч адилхан болов. Эцэст нь
— Бий! Дуртайгаа шилээрэй! гэж баярлан дуу алдаад, халааснаасаа бяцхан дэвтэр гаргаж, түүнийгээ дэлгэж, ширээнд ойртож суугаад
— Арван нэгэн айл байна! гэхэд нь
— Та энэ жагсаалтыг өөрийн санаачлагаар зохиосон уу? гэж Генрих үгийн далимд асуусанд Базель биеэ тоосон нам дуугаар
— Би танай нэг байгууллагын даалгавраар гүйцэтгэж байгаа юм. Уг нь намайг Понтей тосгоны ард иргэдийг хянан ажиглаж бай гэж даалагсан юм. Гэхдээ би энд бйагаа болохоор өөрийн ариун үүрэг гэж ... гэв.
— Аль вэ, жагсаалтаа нааш нь. Наана чинь хэн хэн байна вэ?
— Оливь Арну. Ямар учиртайг мэдэхгүй, тосгоноос нэг тийшээ яваад өгсөн хүн.
— Цааш нь,
— Гурван хүн дайнд сайн дураар яваад одоо болтол эргэж ирээгүй байгаа. Тэдний овог нэр нь ...
— Цааш нь!
— Аа, энэ хэрэгтэй юмаа оллоо. Өвгөн Готардын хүү Лионы төмөр замчдын ажил хаялтад оролцож байсан. Энэ уг нь дайны өмнөх явдал боловч түүнийг би коммунист байх гэж сэжиглэдэг.
— Өөр хэн байна?
— Гурван айлын залуучууд яваад өгсөн. Төрөл садан нь тэднийг ажил хийж мөнгө олохоор Бонвиль орсон гэдэг боловч би үнэмшихгүй байна.
— Ингээд гүйцээ юу?
— Хоёр хүнийг би манай байшингийн цонхыг хагалсан гэж сэжиглэж байна.
— Муу ажиллаж бйана, чөтгөр алгад! Сэжиглэж байна ... Тосгоноос нэг тийшээ яваад өгсөн ч гэх шиг ... Танай цонхыг хэн хагалсан тухай таны сэжиг таавар надад хэрэггүй. Щщ, тодорхой үнэн бодитой баримт хэрэгтэй байна!
— Ноён офицер оо! Би энд ирээд дөнгөж долоо хонож байна ... Бас би өөрийн санаачлагаар хийж байгааг бодолцоорой ... гэж Базель хэлэхдээ тэмдэглэлийн дэвтрийн бичгийг зааж байгаа хөх няц болж цус хурсан хуруу нь чичирч
— Өөр бас нэг сэжигтэй хүн гэвэл Матран авгай байна гэхэд нь,
— Тэр авгай бас танай цонхыг хагалсан уу? гэж Генрих дайран асуусанд Базель ёжилсныг анзаарсангүй
— Хаанаас даа! Арай ядан хөдөлж байдаг авгай. Тэднийд Парисаас ирсэн охин нь одоо сууж байгаа гэхэд нь
— Уухай, Парисаас ирсэн юм бий! Энэ танд бас л сэжигтэй санагдаж байгаа биз дээ? гэж Генрих мөн л даажигнасан янзтай инээмсэглэн асуусан боловч сэтгэл нь хөдөлсөндөө зүрх нь түг түг цохилж байлаа. Энэ тэнэг эр ашгүй нэг анхаарууштай юм хэллээ. Базелийн ярьсан нь
— Тэр эмэгтэйн байдал сэжиг төрүүлж байна. нөхөр нь үхсэн гэх мөртлөө бэлэвсрэлийн хувцас өмсдөггүй. Мартан авгай ч гэсэн юм бүгд дээр хуучны заншлыг дагадаг их сүсэг бишрэлтэй байтлаа бэлэвсрэлийн хувцас өмсөхгүй байна. ер нь мартан авгайн хүргэн, Лиузагийн нөхрийн тухай тэднийг бүр Парист сууж байх үеэс янз янзын яриа дуулддаг байсан. Түүнийг коммунист гэж ярилцдаг юм. Энэ айлыг би жичид нь тэмдэглэж авсан.
— Коммунист гэв үү? Энэ чинь харин овоо тодорхой зүйл байна. Тэдний байшин нь том юм уу?
— Эндхийнхэнтэй адил хоёр өрөөтэй, гал зуухтай байшин. Эндээс хол тосгоны захад, яг байц хадны дэргэд байдаг юм.
— Хянах байранд яг таарах юм байна! Машинд суугаад Матран авгайн суудаг газрыг заагаад аль гэж Генрих хэллээ.
Эх охин хоёрын суудаг байшинд хүртэл бүтэн хагас километр явлаа. Тэгээд нэг давхар жижиг байшинд хүрч очив.
— Базель та машинд үлд. Зурт чи гараад ир гэж Генрих хэлэв. Генрих цонх өөд хараад нэг цонхны цаана настай эмгэний айж ширвэгдсэн царайг олж үзлээ.
— Курт ээ! Байшингаас хүн гарах бий харж байгаарай, харж байгаарай. Хэн нэг хүн зугтах гэж оролдвол хий буудаарай! Хүнийг буудаж хэрхэвч болохгүй. Ойлгов уу? гэж Генрих аяархан хэлсэнд
— Ёсоор ойлголоо! гэж Курт хариулав.
Генрих гараа цувныхаа халаасанд хийж, гар бууныхаа бариулаас бариад хаалга тийш очлоо.
|