|
[center]Хэсэг 107[/center]
Ландон гадна хэрмийн ханан дээгүүр прожекторын гэрэлд гүйж явлаа. Тэгж гүйж явахад нь ханан доор нь музейн үзмэр гэлтэй катапульт, гантиг чулуун бөөрөнхий сум, өөр янз бүрийн оньсон төхөөрөмж овоорон хэвтэнэ. Хэрмийн зарим хэсгийг сэргээн засварлаад, жуулчдад сонирхуулдаг ажээ.
Ландон гадна хэрмээс төв цайз руу харлаа. Тойрог хэлбэртэй цайз илд барьсан хүрэл ангель хүртлээ 107 тохой орчим өндөр ажээ.Тагттай өрөө дотроосоо гэрэлтсэн хэвээр. Ландон тийшээ хашхирмаар санагдсан ч тийшээ очих өөр зам хайсан нь дээр байлаа.
Цагаа харвал 11:12 болж байна.
Хэрмийн дотогшоогоо нурсан чулуун нуранги дамжин доошоо буулаа. Тэгээд, хэрмийн хананы сүүдэр даган нар зөв тойрон гүйлээ. Гурван жижиг хаалга тааралдсан боловч бүгдийг нь бүр мөсөн хаачихжээ. Хассассин яаж дотогшоо ордог юм бол? Түлхэж үзээд л цааш явна. Шинэ зассан хоёр хаалга олсон ч гадна талаас нь түгжсэн байлаа. Үүгээр л лав ордоггүй бололтой. Цаашаагаа бөгтөлзөн гүйнэ.
Ландон бараг л хэрмийг бүхэлд нь тойрчих шахлаа. Гэнэт өмнө нь хайрган зам гарч ирлээ. Нэг үзүүр нь гадна хэрмийн хана руу, гүүр татсан дааман хаалга руу оджээ. Харин нөгөө үзүүр нь төв цайз руу оржээ. Зам явсаар цайзын гол руу хонгил руу орсон харагдана. Il traforo! Цайзын трафоро гэж хонгилын тухай Ландон өмнө нь уншиж байсан санагдана. Энэ нь цайзыг дотуур нь ороосон том нүхэн хонгил бөгөөд цайзын хамгаалалтын захирагч хоромхон зуур морьтойгоо цайзан дээрээс доошоо бууж байх зориулалттай байдаг ажээ. Хассассин дээшээ гарсан байж таарна. Зам дагаад очвол, том гэгч хонгил угтлаа. Ландон баярлан гүйсэн боловч хонгил руу ормогцоо зогтуслаа.
Хонгил доошоо ороосон буусан байлаа.
Буруу тийшээгээ явжээ. Трафорогийн энэ хэсэг дээшээ биш, доошоогоо зоорь руу ордог бололтой.
Хонгил газрын гүн рүү нэлээн гүн орсон санагдана. Ландон эргэлзэн дээшээ тагт руу нэг харлаа. Тэнд хүн хөдлөхийг харсандаа итгэлтэй байлаа. Шийдэх хэрэгтэй. Нэгэнт өөр зам хараагүй болохоор тийшээгээ орохоос өөр арга байсангүй.
Тэртээ дээр хассассин олзныхоо дээр зогсоод харж байлаа. Алгаараа гарыг нь илбэл ёстой л торго шиг зөөлөн сайхан арьстай ажээ. Хувцсыг нь тайлан, бүх биеийг нь шохоорхох хүслэн төрнө. Энэ хүүхнийг хэдэн янзаар эдлэн жаргах билээ дээ.
Хассассин энэ хүүхнийг эдлэх эрхтэй ажээ. Януст хангалттай зүтгэсэн. Энэ бүсгүй бол дайны олз. Эдэлж дуусаад, буйдан дээрээс нь суга татан өвдөг сөхрүүлэн суулгана. Тэгээд суугаагаараа түүнд бас таашаал өгөх ёстой. Үүнээс илүү шан гэж үгүй. Хуял тавих яг тэр эгшинд, хассассин хүүхний хоолойг хэрчинэ.
Ghayat assa' adaha. Үүнээс илүү таашаал гэж үгүй.
Дараа нь тагтан дээрээ гарч зогсоод, тамхиа татсан шигээ олон хүн олон зууны турш хадгалж байсан хонзонг... өөрийнх нь зүтгэлийн эцсийн үр шим - Иллюминатигийн ялалтыг сэтгэл бахдан харах билээ.
Ландоныг буух зуур хонгил улам ч харанхуй болно.
Яг нэг тойрон, доошоо буусны дараа гишгэдэл тэгширлээ. Хөлийнхөө чимээ цуурайтахыг сонсвол том танхимд орж ирснээ мэдлээ. Харанхуй дотор ямар нэг зүйл бүртийнэ. Урагш алхан гараараа тэмтэрлээ. Гарт нь хром, шил бүхий өөгүй тэгш хүйтэн гадарга баригдав. Машин бололтой. Тэмтэрч явсаар хаалгыг нь олоод бариулаас татан онгойлголоо.
Машины бүхээгийн доторх гэрэл нэлсхийн асав. Арагш нэг алхан хараад, энэ хар мухлаг машиныг танив. Хоолой руу нь огшоод явчихлаа. Тэгснээ дотор нь үсэрч олоод, оргилуур дотор гээчихсэн бууныхаа оронд барьчихмаар зэвсэг хайв. Юу ч олсонгүй. Харин Витториагийн гар утас харагдав. Бяц дарагдан, хэмхэрчээ. Үүнийг хараад, Ландон хирдхийв. Хожимдоогүй байгаасай билээ.
Урагш тонгойн машины урд гэрлийн товчийг дарвал гэрэл аслаа. Жирийн л нэг өрөө. Өмнө нь морины жүчээ юм уу, зэвсэг хадгалдаг байсан байх. Тэгээд, энэ өрөө мухар байлаа.
Гарц байхгүй. Буруу газар ирчхэж.
Ландон машинаасаа үсрэн гарч ханыг тойруулан харлаа. Хаалга үүдгүй өрөө байх. Хонгилын үүдэн дээр байсан ангелийг бодвол, ийм баймгүй юм даа гэж бодогдоно. Үгүй дээ! Оргилуурын дэргэд алуурчны хэлсэн үг санаанд оров. Тэр Гэгээрлийн сүмд ... намайг ирэхийг хүлээгээд л байж байгаа даа. Одоо алдаа хийе гэхэд, дэндүү харамсмаар ихийг амжуулчихсан байлаа. Зүрх нь дэнсэлнэ. Уур уцаар, үзэн ядалт түүнийг галзууруулах шахаж байна.
Шалан дээр цус байхыг хараад Витториагийнх юм болов уу гэж эмээв. Гэхдээ мөрийг нь харвал гутлын улны мөр байна. Алхам нь хол, цусан дуслыг үзвэл зөвхөн зүүн хөлийнх ажээ. Хассассин!
Ландон мөрийг нь даган өрөөний мухар руу очиход сүүдэр нь улам томрон, нүүгэлтэнэ. Урагш алхах тусмаа гайхаж баршгүй. Цус татсан мөрийг нь харвал тэр шууд л өрөөний булан руу гараад явчихсан байлаа.
Булан руу очмогцоо тэр нүдэндээ итгэсэнгүй. Тэнд байсан боржин чулуунууд бусадтайгаа адил дөрвөлжин биш байлаа. Бас л нэг тэмдэг бололтой. Тэр чулуу өөгүй тавалж хэлбэртэй, өнцөг нь булан руугаа харсан байх ажээ. Давхар чулуун ханан дунд огт анзаарагдахгүйгээр тэнд байгаа нарийн завсар гарц болдог байна. Ландон завсраар нь шургав. Тэр гудам руу ороод явчихлаа. Өмнө нь, нэгэн цагт энэ гудмыг түгжиж байсан модон цуурганы хэмхэрхий байна.
Хонгилын цаана харин гэрэл байлаа.
Ландон гүйлээ. Модон цуурган дээгүүр үсрэн, гэрэл өөд зүтгэв. Гудам удалгүй илүү нэг танхим руу хөтлөн аваачлаа.
Жижиг хонгилын цаана нэлээн том өрөө байв. Ганц бамбар л тэр өрөөг гэрэлтүүлнэ. Ландон энэ том цайзын цахилгаангүй хэсэгт, магадгүй жуулчид хэзээ ч ирж байгаагүй, ирэх ч үгүй тийм хэсэгт орчихжээ. Өдрийн гэрэлд энэ өрөө аймаар харагдах байсан байх, харин шөнө, бамбарын гэрэлд их дүнсгэр үзэгдэнэ.
Il prigione (Шорон. ита)
Элэгдэж муудсан төмөр сараалжтай арваад хорих өрөө байна. Нэг нь овоо дориун ашиглаж болохоор агаад шалан дээр хаясан улаан шаш тууз, хар дээлийг хараад, Ландоны зүрх зогсох шахав. Кардиналуудыг энд хорьж байжээ!
Тэр торны цаана хүнд төмөр хаалга байна. Хаалга хагас онгорхой, завсраар нь урт гудам маягтай зүйл харагдана. Ландон тийшээ их л шийдмэг алхсанаа болилоо. Цус дусаасан мөр тийшээ ороогүй байв. Хаалганы тотго дээр үг сийлжээ.
Il Passeto (Хонгил).
Энэ хонгилын тухай уншиж байсан ч үүд нь хаана байдгийг хэн ч мэддэггүй байлаа. Il Passeto - хонгил бол Гэгээн Ангелийн цайз, Ватикан хоёрыг холбосон хагас километр хэртэй нүхэн гарц ажээ.
Ватиканыг бүсэлсэн үед зарим Пап энэ хонгилоор ийшээ зугтаж ирдэг байсан бол зарим нь нууц амрагтайгаа уулзах гэж, зарим нь олзолсон өшөөтнөө тамлах гэж үүгээр ирдэг байжээ. Харин одоо бол хонгилын хоёр талыг хоёуланг цоожилчихсон, түлхүүр нь Ватиканы аль нэг шүүгээнд байдаг гэж Ландон бодож байлаа. Иллюминатигийнхан хэрхэн Ватикан руу орж гарч байсныг мэдээд, голоор нь хүйт оргих шиг. Ватикан дотроос хэн шашнаа тэрслэн энэ түлхүүрүүдийг дайсандаа гардуулсныг гайхна. Оливетти юу? Швейцар жардаас нэг нь үү? Гэхдээ одоо хамаагүй болжээ.
Шалан дээр туссан цус эсрэг чигтээ явжээ. Тэнд зэвэнд идэгдсэн төмөр хаалган дээр хүнд гинж тохсон харагдана. Цоожийг нь мулталчихсан, хаалга нь хагас онгорхой ажээ. Цаана нь шат хана тойрон өгссөн үзэгдэнэ. Хаалганы довжоон дээр тавалж хавтан суулгажээ. Бернини өөрөө цүүц бариад энэ хавтанг хадаа юм болов уу гэж Ландон бодлоо. Хаалганы нуман тотго дээр нялх ангелийн дүрс сийлжээ.
Цусан толбо шат өөд өгсөнө.
Дээш өгсөхийн өмнө Ландон зэвсэг хайв. Ямар ч хамаагүй зэвсэг гартаа барих хэрэгтэй. Хайж хайж сараалж торны дөрвөн тохой урт төмөр оллоо. Нэг тал нь жад шиг хурц ажээ. Барьж явахад хүнд боловч байгаа ганц зэвсэг болгочихмоор юм нь л энэ. Гэнэдүүлж дайрвал, хассассины хөл нь шархтай байгаа болохоор дийлж болмоор санагдана. Хамгийн гол нь хоцрохгүй л байх хэрэгтэй.
Шат хана даган тойрч, огцом өгсөх ажээ. Ландон дээшээгээ аль болох хурдан, гэхдээ чимээ гарах вий хэмээн чих тавин гүйлээ. Аниргүй. Дээшээ өгсөх тусам шоронгийн хаалгаар гарах гэрэл бүдгэрсээр алга болов. Тас харанхуй. Нэг гараараа хана түшин өгсөнө. Галилео дурангаар харсан бүхнээ, түүнээс ургуулан дүгнэсэн нээлтээ ярихаар яг энэ шатаар тэр дээшээ, нөхөдтэйгөө уулзахаар яарч явсан болов уу.
Ландон Иллюминатигийн ноохой Ватиканы өмч, яг хажууд нь байсныг гайхаад барахгүй байв. Тэд Ватиканы өмчлөлийн газар хурдаг байжээ. Швейцар жардууд Ромыг нэгжин, бүх зоорийг шалгаж, алдартай бүх эрдэмтдийн гэрийг ажиглаж байх зуур... Иллюминати энд... Ватиканы яг хамар дор нь уулзалдаж байх ч гэж. Ёстой төгс мэх гэдэг энэ дээ. Бернини эндхийг засварласан гол архитектор нь байсан болохоор хэнээс ч асуулгүй бүхнийг өөрийнхөө бодсоноор шинэчлэн зассан байж таарна. Хэдэн нууц орц, гарц, өрөө нэмж хийгээ бол?
Гэгээрлийн сүм. Ландон их л ойрхон байлаа.
Шат улам нарийсаж, хана хоёр талаас нь хавчих гээд байх шиг. Түүхийн сүүдэр зогсоо зайгүй түүнд ямар нэг юм шивнэнэ. Харанхуйд өмнө нь зурвас шар гэрэл тодров. Хаалганы доогуур гялтайх бамбарын тэр гэрлийг хараад Ландон хэдхэн гишгүүрийн дараа зорьсон газраа очих нь гэдгээ мэдлээ. Чимээгүйхэн урагш алхлаа.
Ландон харанхуйд өгссөн болохоор өөрийгөө цайзын аль хэсэгт яваагаа мэдсэнгүй, гэхдээ орой руу нь их л ойртсон гэдгээ гадарлаж байв. Нөгөө асар том ангель одоо яг дээр нь байгаа байх даа.
Ангель минь, авран тэтгээрэй хэмээн залбираад гартаа барьсан төмөр саваагаа урдаа бэлдээд, хаалга руу аяархан дөхөв.
Витториагийн гар өвдөнө. Сэрээд гараа хүлээстэйг мэдсний дараа, суллачхаж болох байлгүй гэж бодоод, тайвширсан авч амжсангүй. Араатан эргээд иржээ. Одоо тэр цээжээ нүцгэлчхээд дээр нь зогсож байв. Алаан тулааны сорви биед нь илхэн харагдана. Хорт могойнх шиг хоёр нүд нь биеийг нь цоо ширтэх ажээ. Үйлдэх гэж байгаа булай үйлээ төсөөлж байгаа нь илт. Тэгээд, өмднийхөө тэлээг яаралгүй тайлаад, газар шидчихлээ.
Витториа айдаст автан, нүдээ анилаа. Нүдээ дахин нээхэд, алуурчин том хурц хутга барьчихсан байв. Тэгээд, хацрыг нь хутгаараа алгадан, шалиг шалиг инээвхийлнэ.
Бүсгүй айж мэгдсэн царайгаа хутганы гялбаанд харах шиг боллоо.
Хассассин хутгаа мөрөөр нь хүүхний бүсэлхий дээгүүр гүйлгэхэд, хүйтэн төмрийн үзүүр зэвүүн байлаа. Алуурчин доогтой шалиг харцаа дальдчилгүй, хутгаа шортных нь бүсэлхий рүү огцом шургууллаа. Бүсгүй эхэр татав. Хутга өмдөн дотуур нь нааш цааш аажуухан гүйж, алгуурхан доошлох нь аймаар санагдана. Алуурчин хажууд нь хэвтэхэд, амьсгал нь чихэн дээр мэдрэгдэнэ.
«Энэ хутгаар аавын чинь нүдийг ухсан юм шүү дээ!»
Витториа эгшин зуур хүн алж ч чадахаар өширч байгаагаа мэдэрлээ.
Хассассин хутгаа өмднөөс нь сугалж авснаа, дээш нь ногоон шарга цамцан дээгүүр нь гүйлгэж эхлэв. Тэгснээ гэнэт больсноо, толгойгоо өргөлөө. Нэг хүн өрөөнд ороод иржээ.
«Наад хүүхнээсээ холд!» гэж жигшин зандрах дуу үүдний тэндээс сонсогдлоо.
Хэн ингэж хэлснийг нь хараагүй боловч дуугаар нь танилаа. Роберт! Амьд байгаа юм байна!
Алуурчны царай хувьсхийж, сүнс харсан юм шиг болчихжээ. «Ландон гуай. Чамайг ангель өөрөө хамгаалдаг байх аа» гэлээ.
[center]Хэсэг 108[/center]
Ландон хормын зуур ариун газар ирснээ ухаарлаа. Хуучирч муудсан энэ өрөөнд байгаа дүрс бүгд л таньдаг мэддэг бэлгэдлүүд байлаа. Тавалж, пирамид, гариг эрхэс, тагтаа...
Гэгээрлийн сүм. Энгийн, гэхдээ ариун. Хүрээд ирчихлээ.
Яг өмнө нь, онгорхой тагтны наана, хассасин зогсоно. Цээж нь нүцгэн тэрээр Витториагийн хажууд байлаа. Бүсгүй хөдөлж чадахгүй авч амьд ажээ. Түүнийг хараад, Ландоны сэтгэл сая л нэг уужрав. Хормын зуур тэр хоёрын харц тулгаран - талархал, цөхрөл, гуниг -бүх догдлол хурсан харц солилцлоо.
«За ингээд дахиад уулзах шив дээ» гэж хассассин хэлэв. Тэгээд, гартаа барьсан төмрийг нь хараад: «Энэ удаа чи ийм юмтай ирээ юү?» хэмээн чанга дуугаар хөхөрлөө.
«Хүлээсийг нь тайл!»
Хассассин хутгаа Витториагийн хоолойд тулгаад: «Би зүгээр л алчихдаг юм уу?» гэв.
Энэ хүн тэгж чадна гэдгийг Ландон мэдэж байлаа. Тэгээд аль болохоор дуугаа зөөллөн өгүүлэв. «Чиний яах гэж байсныг чинь бодвол ... наад бүсгүй чинь үхэхийг илүүд үзэх биз дээ» гэлээ.
Хассассин их л доромж инээвхийлээд: «Тийм шүү. Энийг зүгээр ингээд алчихвал хайран юм даа» гэлээ.
Ландон урагш алхаад, зэвтэй төмөр савааныхаа хурд үзүүрийг хассассин руу чичлэв. Гарыг нь урчих нь тэр. «Бүсгүйг явуулчих» гэлээ.
Хассассин санаа алдан, мөрөө буулгахыг харвал, бууж өгч байгаа аятай. Гэнэт гараа дээшээ өргөж, Ландоны нүдний өмнө бөөн хар булчин оволзон үзэгдсэнээ, даруй хутга нисэх мэт цээж рүү нь тэмүүлэн ирж яваа үзэгдэв.
Зөнгөөрөө юм уу, цөхөрсөндөө юм уу Ландоны хөл нь нугаран сөхрөхөд, хутга чихнийх нь хажуугаар салхи зүсэн өнгөрч, ард нь байгаа хананд хангинан тусах сонсогдов. Хассассин сөхөө өгсөнгүй. Гартаа төмөр саваа барин сөхөрсөн Ландонйг тохуурхсан мэт инээвхийлэн, Витториагаас холдон, Ландон руу арслан барс шиг үсэрч байх ажээ.
Ландон өвдгөө өргөн, саваагаа үзүүрээр нь чиглүүлэн өргөх үед хоолойтой цамц, норсон хувцас нь хөдөлгөөнийг нь хориод байх шиг санагдлаа. Харин хагас нүцгэн хассассин гайхалтай хурдан хөдөлж, хөлийнх нь шарх огт байхгүй мэт хөдөлгөөнийг нь огтхон ч удаашруулсангүй. Энэ хүн өвчин дааж сурсан хүн ажээ. Амьдралдаа анх удаа Ландон буутай ч байсан болоосой гэж бодов.
Хассассин Ландоныг аажуухан тойрч, хутга руугаа дөхөх гэсэн боловч Ландон саваагаа чичлэн хорив. Тэгтэл, тэр буцаад Витториа руу хөдлөх гэлээ, Ландон дахиад л саваагаа чичлэн болиулав.
«Цаг байна шүү» гэж Ландон хэлээд: «Канистер хаана байгааг хэлчих. Ватикан Иллюминатигаас ч илүүг төлөх байх шүү» гэлээ.
«Чи ямар гэнэн тэнэг юм бэ?»
Ландон жадаа чичилнэ. Хассассин бултана. Ландон бандан сандал дагуулан, төмөр саваагаа урдаа барин чичилж, алуурчныг зууван өрөөний буланд шахах санаатай залж байв. Өө, энэ чинь нэг ч булангүй өрөө байна шүү дээ. Жигтэй нь, хассассин түүн рүү довтолсон ч үгүй, зугатсан ч үгүй, хөлөө сэлгэн, хөнгөн хөнгөн үсчиж, хөдөлгөөнийг нь гярхай ажин байв. Ландоноор тоглоод ч байгаа юм шиг. Хүйтэн хүлээцтэй байлаа.
Юугаа хүлээгээ юм болоо? Алуурчин дороо эргэлдэн, биеэ үсчин, займчина. Яах гээд байгааг нь ойлгоно гэдэг ёстой л шатар тоглож байгаа юм шиг байлаа. Гартаа барьсан саваа нь хүнд болж ирэхэд, Ландон хассассин юу хүлээгээд байгааг нь гэнэт мэдлээ. Намайг л цуцаах гээд байгаа вий. Гэхдээ, нээрэн цуцаж байлаа. Гар хөл нь бадайрч, адреналин түүнийг босоогоор нь барьж дийлэхгүй шинжтэй болж байв. Хөдлөхгүй бол болохоо байлаа.
Хассассин бодлыг нь уншсан мэт зүгээ өөрчлөн хөдлөв. Өрөөний голд байгаа ширээ рүү түүнийг аваачих гээд байгаа мэт санагдана. Ширээн дээр бамбарын гэрэлт гялтганасан нэг юм байлаа. Буу юм болов уу? Ландон хассассин руу ширтсээр, ширээ рүү аажуухан ойртов. Хассассиныг ухасхийх эгшинд Ландон ширээ рүү хяламхийгээд, дагуулаад байсан өгөөш рүү нь орчихгүйг хичээлээ. Гэхдээ л, сониуч зан нь өгөөш рүү татагдчихлаа. Ширээ рүү харав.
Тэнд ямар ч зэвсэг байсангүй. Гэхдээ, тэнд байсан юмыг анзаарахгүй байж чадсангүй.
Ширээн дээр зэвэнд идэгдсэн тавалж хэлбэртэй төмөр хайрцаг байлаа. Тагийг нь хажууд нь түшүүлж тавьжээ. Дотуур нь тусгаарласан таван хоногт таван тэмдэг байлаа. Бүгд төмөр, иш нь мод байв. Юун тэмдэг болохыг нь Ландон асуултгүй мэдэж байлаа.
Шороо, Хий, Гал, Ус.
Хассассин дайрах вий гэсэндээ, Ландон арагш татвагахийн ухрав. Тэр тэгсэнгүй, харин ч Ландонд тэмдгүүдийг үзүүлсэндээ баярласан мэт байлаа. Ландон нүдээ дайсан дээрээ онилон, урагшаа цээж рүү нь дүрэхээр зэхэж байв. Гэхдээ л нөгөө хайрцаг санаанаас нь гардаггүй. Хэдийгээр тэмдгүүд нууцлаг - зарим иллюминатигийнхан ийм юм байдаг гэдгийг гадарладаг ч үгүй байсан ч гэсэн - Ландон тэр хайрцагт өөр нэг нууцлаг юм байх шиг санагдаад байлаа. Хассассин хөлөө сэлгэн үсчих зуур, Ландон дахиад нэг хяламхийгээд авав.
Бурхан минь!
Хайрцагт таван тэмдэг хайрцгийн захаар байрлуулсан тавуулаа хоногтоо байлаа. Голд нь бас нэг хоног байх ажээ. Тэр нь хоосон байсан ч гэсэн бүр ч том өөр ямар нэгэн, дөрвөлжин тэмдэгт зориулсан нь мэдээжийн харагдаж байлаа.
Хассассин цахилгаан цахих шиг гялсхийн дайрлаа.
Олз руугаа шумбах бүргэд шиг л хассассин нисэн ирлээ. Ландоны анхаарал нь сарнин, ухаарч амжаагүй байтал, бүрхээд ирлээ. Хамгаалах гэдэг хэтэрхий оройтжээ. Саваагаа өргөх гэж оролдсон ч, хассассин хоёр гараараа савааг аль хэдийн зуурчихсан байлаа. Гар нь урагдсан ч гэсэн атгалт нь аймшигтай чанга ажээ. Хоёр эр алалдан тэмцэж эхлэв. Ландоны гарт байсан саваа гулсан мултарч, алга нь шазран өвдсөөр хоцорно. Хором хүрэхгүйн дараа савааных нь хурц үзүүр өөдөөс нь чиглэн ирэх нь тэр. Анчин өөрөө ан болжээ.
Ландон хүнд юманд цохиулан салбайн унав. Хассассин мушилзан тойрч, Ландоны ард нь гарч хананд тулгалаа. «Америкаар «төгсгөл» гэдгийг юу гэх вэ?»
Ландон төвлөрч чадахгүй байв. Хассассин дайрах үед нь өөр юм хараад, ангайж байснаа бодон өөрийгөө зүхнэ. Юу ч ойлгогдохгүй байв. Иллюминатигийн зургаа дахь тэмдэг? «Зургаа дахь тэмдгийн тухай би юу ч уншаагүй дээ» хэмээн өөрийгөө зүхэх зуур бодон бувтнана.
«Уншаа байлгүй дээ» гэж хассассин хөхрөн, Ландоныг дугуй хана дагуулан хөөж байлаа.
Ландон төөрөлдөж орхилоо. Харин алуурчин үгүй бололтой. Уул нь Иллюминати таван тэмдэгтэй. Тэр нуруугаараа хана налаад, гартаа барьчихмаар зэвсэг хайж байлаа.
«Эртний махбодуудын төгс нэгдэл» гэж хассассин хэлээд: «Сүүлийн тэмдэг нь хамгийн гайхалтай шүү. Даан ч чи тэрийг харж амжихгүй байх л даа» гэв.
Ландон одоогоор юм харахтай манатай байлаа. Нуруугаараа хана руу хараад, өрөөн дотор хэрэг болчихмоор юм хайна. «Чи тэгээд тэр сүүлийнх нь тэмдгийг харсан юм уу?» гэж цаг хожих санаатай асуув.
«Нэг л өдөр тэд намайг үнэлж шагнана даа. Би ч өөрийгөө харуулна» . Хассассин түүн рүү жадаа чичлэн, их л зугаатай байлаа.
Ландон хана налав. Хассассин түүнийг хаа нэг булан руу аваачих гээд байгаа юм шиг санагдана. Хаашаа тэр вэ? Ландон ар тал руугаа эргэж харж чадахгүй байв. «Тэр тэмдэг чинь тэгээд хаана байгаа юм бэ?»
«Энд л лав биш. Януст л ганцааранд нь байдаг юм».
«Янус гэнэ ээ?» хэмээн Ландон асуув. Огт сонсож байгаагүй нэр байлаа.
«Иллюминатигийн удирдагч. Удахгүй наашаа ирнэ гэсэн».
«Иллюминатигийн удирдагч нь наашаа ирж яваа юм уу?»
«Яах вэ хамгийн сүүлийн тэмдгийг дарж тамгалахгүй юу».
Ландон зарсхийн, Витториа руу харлаа. Бүсгүй гайхалтай амгалан... дэлхий ертөнцийг үл тоомсорлон нүдээ аниад ... уушги нь зөөлөн зөөлөн гүн амьсгална. Энэ бүсгүй хамгийн сүүлийн хохирогч нь гэж үү? Ингэхэд тэр нь тэр гэж үү?
Хассассин Ландоны нүдийг хараад, юу бодсоныг нь гадарлав бололтой. «Та хоёр тэрний дэргэд юу ч биш. Чи одоо ингээд талийж одно, мэдээж. Харин миний яриад байгаа тэр сүүлийн хохирогч бол хамгийн аюултай дайсан маань юм шүү дээ» гэлээ.
Ландон хассассины ярьсныг ухаарах гэж оролдоно. Хамгийн аюултай дайсан гэнэ ээ? Хамгийн чухал кардиналууд аль хэдийн талийж одсон. Пап өнгөрчихсөн. Иллюминати бүгдийг нь цааш нь харуулчихсан шүү дээ. Ландон хассассины доогтой зэвүүн нүднээс хараад сая л ухаарав.
Камерлинго.
Вентреска камерлинго энэ бүх үймээн дунд, энэ дэлхийн бүх хүний ганц найдлага болсон хүн байлаа. Хэдэн арван жилийн турш сэрдэх онолчдын хийснээс илүүгээр энэ шөнө камерлинго Иллюминатийг ялласан ажээ. Хийсэн хэргийнхээ төлөөсийг, хөөрхий камерлинго төлөх хэрэгтэй боллоо. Сүүлчийн бай.
«Чи түүнд хүрч чадахгүй шүү дээ» гэж Ландон өднө.
«Би очихгүй ээ» гэж хассассин Ландоныг булан руу улам шахангаа: «Тийм нэр хүндтэй ажлыг Янус л өөрөө хийнэ шүү дээ» гэв.
«Иллюминатигийн удирдагч нь өөрөө очиж камерлингог тамгалах гэж үү?»
«Эрх мэдэлд чинь бас ямба гэж бий».
«Гэхдээ одоо бол хэн ч Ватикан хийд руу орж чадахгүй байх аа».
Хассассин хөмсгөө өргөн инээвхийлээд: «Мэдээж хэрэг. Гэхдээ уулзалт товлосон бол ч өөр хэрэг шүү» гэлээ.
Ландон гайхширсаар. Ватиканы хүлээж байгаа цорын ганц хүн бол хэвлэлийнхний 11 цагийн Самари хүн гээд байгаа, Рошерийн хэлснээр шашныг аврах мэдээлэл бүхий тэр ...
Ландон таг мэлрэв. Ээ, бурхан минь.
Ландон цочирдохыг хараад, хассассин их л баясан: «Янус яаж Ватикан руу нэвтрэх юм бол гэж би ч гэсэн гайхаж байсан юм. Тэгээд, би мухлаг тэргээ жолоодоод явж байгаад, радиогоор - 11 цагийн Самари хүний тухай сонссон» гэснээ додигонон инээмсэглээд: «Ватикан Янусыг алгаа дэлгэн угтана даа» гэлээ.
Ландон савж унахаа шахав. Тэр Самар хүн чинь тэгээд Янус болж таарав уу? Хүний санаанд оромгүй хуурмаг явдал гэж энэ дээ. Иллюминатигийн удирдагчийг Швейцар жард шадарлан, шууд л камерлингогийн өрөө рүү аваачих нь байна шүү дээ. Гэхдээ, Иллюминатигийн удирдагч Рошерийг хэрхэн дөнгөө юм бол? Эсвэл Рошер үүнд хамаатай юм болов уу? Нуруугаар нь хүйт даав. Архивд түгжигдсэнээс хойш, Ландон Рошерт огт итгэж өгөхгүй байлаа.
Хассассин гэнэт чичиж, Ландоны мөрийг сүлбэж орхив.
Ландон гэдрэгээ саван, уурандаа: «Янус тэндээсээ амьд гарч чадахгүй шүү дээ» гэлээ.
Хассассин мөрөө хавчаад: «Зарим үйлийн төлөө амь хайрангүй шүү дээ» гэв.
Хассассин үнэн хэлж байгаа бололтой. Янус амь золин тийшээ очиж байгаа ажээ. Эгшин зуур, Ландон Иллюминатигийн хорлонт ажиллагааны бүрэн учгийг тайллаа. Папыг цааш нь харуулсны дараа, оронд нь гарч ирсэн тэр дорой гэлэн харин ч хүчтэй дайсан болон хувирчээ. Тиймээс сүүлийн мөчид түүнийг устгахаас өөр аргагүй болсон нь энэ аж.
Ландоны тулж байсан хана гэнэт алга болчхов. Араас нь голын жихүүн салхи үлээж, харанхуй шөнө дүнсийнэ. Тагт! Хассассин юу бодож байсныг мань хүн одоо л ухаарлаа.
Ландон ард зуун тохой өндөр хана баганадаж байгааг мэдэрч байлаа. Наашаа ирж явахдаа, тэр нүдээрээ харсан билээ. Хассассин ч цаг алдалгүй дайрав. Жад цээжийг нь онилон ирлээ. Арай гэж арагшаа ухарч, жадны үзүүр цамцыг нь сэглээд өнгөрөв. Жад дахин цээжийг нь онилон ирэв. Арагш ухрах гэсэн боловч ард нь тагтны хашлага тулахыг мэдрэв. Дараагийн удаа жадлахад, би үхнэ дээ гэж Ландон бодож амжлаа. Гэхдээ цээжээрээ хажуулдасхийн эргээд, гараараа төмөр савааг шүүрч авахад, алга нь тэсвэрлэшгүй их өвдөн шаналав.
Хассассин сэхээ өгөлгүй чичилнэ. Тэр хоёр хүч тэнцэн, нүүр нүүрээ тулан хэсэг дэнжгэнэхэд алуурчны амьсгаа Ландоны нүүр рүү үлээж байлаа. Саваа мултарч эхэллээ. Хассассин хэтэрхий хүчтэй байв. Аргаа барахдаа, Ландон тэнцвэрээ алдан байж, хөлөө жийн алуурчны шархтай хөлийг өшиглөх гэж оролдов. Гэхдээ, алуурчин, аргагүй мэргэжлийн хүн тулдаа, эмзэг газраа хамгаалж дөнгөв.
Ландон сүүлийнхээ мэхийг хийчихлээ. Төмөр савааг гараараа тогтоон барьж дийлэхээ болив.
Хассассин дахин хүчтэй дугтран, Ландоныг арагш нь хашлага руу түлхэв. Ард нь бүсэлхийнийх нь дор юу ч үгүй хоосон агаар л мэдрэгдэж, нуруугаар нь зарсхийн, хүйт даав. Хассассин төмөр саваагаараа Ландоны цээжин дээр нь дарж, арагш нь дугтран түлхэнэ. Ландон нуруугаараа хашлага дээр нумран тогтох гэж оролдох.
Ma'assalamah хэмээн хассассин хамраараа гуншина. Үүрд баяртай.
Хассассин улангассан харцаа салгалгүй, сүүлийн удаа дугтран түлхлээ. Ландоны хүндийн төв нь шилжиж, хөл нь шалнаас хөндийрөөд явчхав. Ганц найдлага бий. Унахдаа, Ландон гараараа тагтны доод ирмэгээс зуурлаа. Зүүн гар нь гулсаж мултраад, харин баруун гар нь тогтов. Ландон нэг гараараа тагтны доод ирмэгээс зуурчихсан, хоёр хөл нь хашлага арай давалгүй толгойгоороо доошоо харчихсан дүүжигнэнэ.
Хассассин түүний дээрээс төмөр саваагаа далайн нэг мөсөн зүйл дуусгахаар зэхнэ. Саваагаа дээшээ өргөх агшинд, Ландон гайхмаар зүйл харлаа. Үхлийн өмнөх зэрэглээ юм уу, эсвэл зүгээр л айдас байв уу, Хассассиныг тойрон гэгээ цацрах шиг боллоо. Араас нь юу ч үгүй хоосноос гал бадамлах шиг боллоо.
Далайсан төмрөө алдан, хассассин өр өмөртөл дуу тавин ориллоо.
Төмөр саваа Ландон нүүрийг нь шүргэн, харанхуй руу унан шингэв. Хассассин эргэж харахад, нуруунд нь гал дүрэлзэн байхыг харлаа. Ландон биеэ татан хашлага дээгүүр харвал, Витториа хорсол дүүрэн нүдээ жартайлган, хассассиныг хэрж зогссон байлаа.
Витториа урдаа бамбар барьчихсан зангаж, нүүрэнд нь шийдэмгий байдал тодрох нь галын дөлөнд хослон үзэгдэнэ. Тэр яаж хүлээснээсээ мултарсныг Ландон ухаарсангүй, анзаарсан ч үгүй, хашлага дээгүүрээ буцаад, давж орох гэж сарвалзана.
Тэмцэлдээд удсангүй. Хассассин орь дуу тавин, бүсгуй рүү дайрлаа. Витториа бултах гэж оролдсон ч чадсангүй, алуурчин бамбарыг нь барьчихсан булаах гэж ноцолдоно. Ландон хашлага давангуутаа, урагш давшиж гараа атган, алуурчны түлэгдсэн нуруу руу байдаг чадлаараа буулгав.
Орь дуу тавих нь Ватиканд хүртэл сонсогдохоор ажээ.
Нуруу нь өвдсөндөө, хассассин хөдөлж чадалгүй, бамбараа Витториад алдмагц, бүсгүй бамбараа дахин далайж: «Нүдийг нүдээр» хэмээн хашхирч, нүүр рүү нь цоргив. Нүүрнийх нь арьс шархийн түлэгдэж, зовхи нь атираад явчихлаа. Үхэж байгаа юм шиг дахин нэг хашхирч, гараараа нүүрээ дарлаа.
«Амийг амиар» гэж Витториа дахин хашхираад, бамбараа бэйсболын цохиур шиг бариад, тас хийтэл цохиход, хассассин савж унахдаа, тагтны хашлага руу ойчив. Энэ эгшинд Ландон, Витториа хоёр зэрэг очиж хамаг хүчээрээ хассассиныг түлхлээ. Хассассин хашлага даван ойчиж, шөнийн харанхуй руу нисэн одов. Ямар ч орь дуу тавих чимээ сонсогдсонгүй. Харин тэртээ доор хураасан их бууны чулуун бөмбөгөн сум дээр далавчаа дэлгэсэн элээ шиг ойчих тэр эгшинд нуруу нь хугарах битүү чимээ гарлаа.
Ландон Витториа руу галзуу хүн шиг цоо ширтэнэ. Бүсгүйн бие, мөрөн дээгүүр нь олсны тасархай харагдана. Нүд нь гал шиг дүрэлзэнэ.
«Хүдини* ёог мэддэг байсан юм шүү дээ» гэв.
*Хүдини гэдэг бол хүлээтэй, түгжээтэй байдлаас амжилттай мултардаг илбэ үзүүлдэг Америкийн нэрт жүжигчин юм.
_________________ Avatar by Someone
|