Хятад Орос руу довтлох уу?

Хятад улс Оростой байлдах бэлтгэл хийж буй тухай нэгэн өгүүлэл Оросын вэбсайтуудаар хувилагдан тараагдах боллоо. Монголыг Хятад яах нь бидэнд хамаагүй гэж Шинэ оросын аашаар үл тоосон уу аль эсвэл Оросын тухай яригдахад Монгол үүнд багтаж байгаа гэж Том ахын их зангаар харсан уу ямар ч байсан зохиогч Монголын тухай тун бүрхэг бичжээ. Монголын нутаг дэвсгэрийг тойроод Хятад Орос хоёр байлдах нь юу л бол.
Асар их хүний нөөц нь Хятадын армийг үнэнхүү аймшигтай хүчирхэг өрсөлдөгч дайсан болгож буй бөгөөд шинэ шинэ төрлийн зэвсэг техниктэй нийлээд ялагдашгүй хүчин болж байгаа юм. Хэдийгээр зарим нэг улсын армиас цэргийн техникээр бага зэрэг хоцрогдсон ч гэсэн уламжлалт газрын дайнд бол аль ч армийг бут цохих хүн, хүчний их нөөцтэй.
Xарин Хятад хэнийг дайснаа гэж үзэж байгаа нь тэдний армийн байршлаас тодорхой харагдана. Хуурай замын цэрэг бол Хятадын үндэсний чөлөөлөх арми ХҮЧА-ийн цохилтын гол хүч байсаар ч ирсэн, одоо ч тийм л байгаа, цаашид ч байх болно. Тэрбум хүнтэй энэ орон цэргийн насны залуусаар хахаж цацаж буй нь бусад орны цэрэг-улс төрийн удирдагчдын мөрөөдөөд ч хүрч үл чадах их боломжийг ХҮЧА-ийн командлалд олгож байна. Хятадад хөвгүүдийг удам угсаагаа үргэлжлүүлэгч гэж үзэн, тэдэнд эцэг эхийгээ харж хандах үүрэг ноогддог нь уламжлагдан хэрэгжсээр байгаа ба албан ёсоор ч ингэж л үзэж байна.

Бусад оронд шинэ төрсөн эрэгтэй эмэгтэй хүүхдийн харьцаа 102-107:100 байхад Хятадад бол наад зах нь 117:100, зарим мужид 130:100 байдаг ба 152:100 хүрсэн тосгон суурин ч байгаа. Ойрын жилүүдэд гэрлэх насны 20 сая хүртэл залуус охидоосоо “илүүдэх” магадлалтай болсон. Ийм сонин үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд урьд хожид байсангүй, тийм болохоор үүнээс үүсэх нийгмийн асуудлаар прогноз хийн асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулахад тун хүнд.
Хятадын цэргийн долоон тойргоос арай хүчирхэг нь Бээжин болон Шэньянд төвлөрсөн ОХУ-ын хил дагуух цэргийн тойргууд (эхнийх нь Сибирийн цэргийн тойргийн эсрэг хоёрдахь нь алс дорнодын эсрэг) юм. Энэ цэргийн тойргуудад Хятадын армийн танкийн 9 дивизийн 4 нь, механикжуулсан 9 дивизийн 6 нь, танкийн 12 бригадын мөн 6 нь байдаг. Ланьчжоугаар төвлөрсөн цэргийн тойрогт (улсынхаа баруун хэсэгт байрлаж Төв Ази, Монгол, Байгалиас баруун тийшээх Сибир рүү чиглэдэг) танкийн 2 дивиз болон 1 бригад байдаг.

Танкийн болон механикжуулсан тус бүр 1 дивиз, танкийн 2 болон ХҮЧА-д ганц байдаг механикжуулсан бригад тус улсын төвд байрладаг Цзинанийн тойрогт харьяалагдаж, Бээжин, Шэньян, Ланьчжоу болон Нанжиний цэргийн тойргуудын нөөц хүч болдог. Бараг хязгааргүй гэж хэлж болохоор хүний нөөц, стратегийн цөмийн зэвсэг, үй олноор нь устгах зэвсэг, янз бүрийн зайн тусгалын баллистик пуужин, стратегийн хамгаалалт хийх бололцоо олгох асар өргөн газар нутаг мөн түүнчлэн томоохон хохирлыг ажрахгүй давах чадвар (жишээлбэл Вьетнамтай байлдахад 42 мянган цэргээ алдсан гэж Вьетнамууд мэдээлж байхад 20 мянга л байсан гэж Хятадууд өөрсдөө мэдээлж байв) энэ бүхэн нь ХҮЧА-ийг улам хүчирхэг болгож байгаа. Бээжингийн цэргийн тойргийн 38-р арми нь шинэ зэвсэг техник турших болон шинээр тактик боловсруулах үндсэндээ туршилтын полигон болсон анги юм. Энэ армийн их бууны салбар нь бараг бүрэн автоматчилагдсан ба нарийвчлалаараа Америкийн армийнхад арай хүрэхгүй боловч Оросын армийг аль хэдийн ардаа орхисон.
Хуягт танкийн ангиудын зэвсэглэл хурдан шинэчлэгдэж, цэргийн сургуулилтаас харж байхад тэдний давшилтын хурд нь Оросын армийнхаас давж гарсан байна. 38-р армийн бүрэлдэхүүнд “96” загварын танк бүхий бүрэн автоматчилагдсан 6-р танкийн дивиз ордог ба тэдний давших хурд нь долоо хоногт 1000 км буюу өдөртөө 150 км хүрч байна. Мөн энэ армийн бүрэлдэхүүнд Хятадын агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний хамгийн орчин үеийн зэвсэг бүхий зенитийн пуужинт 4-р бригад («Тор» Зенитийн пуужингийн дивизион мөн энд багтдаг) ордог.

Цзинанийн нөөцийн цэргийн тойрог нь хуурай замын тактик боловсруулах хоёр дахь түшиц газарнь болдог ба хамгийн сүүлийн үеийн зэвсэглэл бүхий шигшмэл ангиуд болох танкийн 8-р болон мото буудлагын 127-р дивиз үүнд багтдаг. ХҮЧА-ийн бусад хөдөлгөөнт нэгтгэлүүд (танкийн болон механикжуулсан дивизүүд) нь Тайваны эсрэг чиглэсэн Нанжиний цэргийн тойрогт бий. Энд 2 газар уснаа явагч механикжсан дивиз, ганц газар уснаа явагч танкийн бригад нь болон мөн ганц тусгай зориулалтын десантын бригадтай. Энэ нэгтгэлүүд нийтдээ 25 мянган хүнтэй . Хятадын тэнгисийн явган цэргийг үүнд оруулж тооцвол энэ нь дэлхийд АНУ-ын тэнгисийн явган цэргийн дараа орох тэнгисийн явган цэргийн том хүч юм. ХҮЧА-ийн далайн цэргийн хүчний тэнгисийн явган цэрэг нь 10 мянга орчим хүнтэй. Энд Өмнөд флотын бүрэлдэхүүнд ордог 2 бригад бий. Хятадууд 70-аад оны үед Вьетнамаас булаан авсан Параселийн арлуудыг хамгаалах үүрэг тэнгисийн явган цэрэгт ноогддог. Үүнээс гадна хуурай замын цэрэгт өөрийн гэсэн илүү хүчирхэг тэнгисийн явган цэрэг бий.
Энэтхэг болон Энэтхэг-Хятадын хойгийн орнуудын хил дагуу Чэнду болон Гуанчжоуд төвлөрсөн цэргийн тойргууд нь харьцангуй сул хүчтэй. Тэнд танкийн болон механикжуулсан дивиз гэж байхгүй бөгөөд энэ нь Хятадын цэргийн командлалд өмнө зүг ямар нэг довтолгоон хийх төлөвлөгөө байхгүйг харуулж буй хэрэг юм. Энэхүү цэргийн тойргуудын үндсэн хүч нь мото буудлагын явган цэргийн дивизүүд бөгөөд ХҮЧА-ийн хуурай замын цэргийн харьцангуй хоцрогдсон нэгтгэлүүд юм. Бусад цэргийн тойргуудад энэ төрлийн ихэнх дивизүүдийг бригадын зохион байгуулалтанд оруулсан. Дивизүүдийг бригад болгон өөрчлөх ажил тун хурдацтай явагдаж буй боловч хуурай замын цэргийн гол цохилтын хүч болох танкийн болон механикжуулсан дивизүүдийг харин бригад болгон өөрчлөхгүй байгаа.

ХҮЧА-ийн хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд 10 мянга орчим танк (90II загварын 450, 96 загварын 1200, 98 загварын 200 , 88С загварын 400, 88В загварын 500, 80 загварын 1000, 79 загварын 500, 69 загварын 200, 59 загварын 5500) болон 2 мянган хөнгөн танк бий (62 загварын 1200,63 загварын 800). 90II, 96 болон 98 загварын танкуудыг орчин үеийн гэж үзэж болох ба харин сүүлийнх нь бол барууны шилдэг танкуудаас (М1А2, «Леопард-2А6») бараг дутахгүй гэж тооцогддог. Энэ бүх загварын танкууд нь оросын танкуудын (Т-64А-гаас эхлээд) адилаар 125-миллиметрийн их буугаар зэвсэглэсэн. Бусад танкууд нь бол ЗХУ-д дөчөөд оны сүүлээр үйлдвэрлэсэн Т-54 (59 загвар бол шууд хуулбар нь) танкийн хувилбарууд тул барууны болон Оросын танкуудыг байлдах чадвараар гүйцэхгүй.
Бусад хуягт техникийн (3 мянга шахуу байлдааны хуягт машин, 100 десантын хуягт машин, 8 мянгаас багагүй “бэтээр”) хувьд зөвлөлтийн техникийг хуулбарласан, сайжруулсан хувилбар эсвэл Хятадууд өөрсдөө зохион бүтээсэн (хааяа барууны технологийг ашигласан) байдаг. ХҮЧА-ийн артиллерийн хувьд ч мөн үүнтэй адил (15 мянган их буу, үүнээс 1200 өөрөө явагч их буу, 10 мянга орчим миномет, 4 мянга орчим тийрэлтэт артиллер).
Даманийн хоёрдахь тулаанаас сургамж авч, тийрэлтэт артиллерийн хүчийг мэдэх болсон Хятадууд энэ төрлийн зэвсэгт онцгой анхаарах болсон. Тэд 273- 320 мм-ийн калибр бүхий олон янзын (83, А-100, WM-80, WS-1 загварууд) тийрэлтэт артиллерийг бүтээсэн. Галын хүчин чадлын хувьд эдэнтэй дүйцэх тийрэлтэт артиллер бол зөвхөн америкийн MLRS болон оросын «Смерч» юм.
Галын шугаманд артиллерийн хороо мөн тийрэлтэт артиллерийн дивизион байв. 12 ширхэг тус бүр нь 40-амтай «Град» “катюша” нэг л удаа галлаж, 122-миллиметрийн М-30 гаубицууд 10 минут л бууджээ. Арал руу довтолцгоож байсан Хятадын талын эрэг дээрхи хүч рүү галыг төвлөрүүлсэн. Артиллерийн цохилтоор тэд бүрэн устгагдсан байв. Үүний дараагаар явган цэргүүд хилчидтэй хамтран Хятадуудыг Даманаас хөөн гаргаж байв.
ХҮЧА-ийн зэвсэглэлд 8 мянга орчим танк эсэргүүцэгч пуужинт зэвсэг, мөн ийм тооны танк эсэргүүцэх их буу, 150 хөдөлгөөнт зенитийн иж бүрдэл («Тор», HQ-7, HQ-61, LY-60, PL-9D), 15 мянга орчим зенитийн их буу (23- 100 мм калибртай) бий. Энэ олон тооны зенитийн их буу нь зенитийн иж бүрдэлийн дутагдлыг нөхөж чадахгүй тул ХҮЧА-ийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүч нь өнөөгийн дайнд бэлэн биш байгаа юм.

Гэхдээ Оросын агаарын цэргийн хүчин бараг сөнөсөн өнөө цагт Хятадын агаараас хамгаалах хүч ньхангалттай гэж үзэж болох юм. Армийн агаарын цэргийн хүчинд төрөл бүрийн зэвсэглэл байх ба үүнд оросын (128 Ми-17, 30 Ми-8), америкийн (22 S-70C) болон европын (100 НС-120, 110 Z-9 [SA-365], 8 SA-342, 30 Z-11, 10 Z-8 [SA-321]) бий. Ийм их том армитай Хятадын хувьд энэ тооны нисдэг тэрэг хангалттай биш юм. Өнөөг хүртэл ХҮЧА-д дайрагч нисдэг тэрэг байхгүй байгаа нь томоохон дутагдалтай тал болдог. Ихэнхи нисдэг тэрэг армийн нисэх хүчинд ноогддог ба агаарын цэргийн хүчинд 100 Z-5 (Ми-4 хуулбар), 100 Z-9 (францын АS-365 хуулбар), 40 Ми-8, 6 франын АS-332 байдаг. ХҮЧА-ийн хуурай замын цэрэг маш идэвхитэй цэргийн сургуулилт хийдэг ба зарим нэг зүйл нь анхаарал татахгүй байхын аргагүй.
Тухайлбал 2006 оны 9-р сард Шэньян болон Бээжингийн цэргийн тойргийн 10 өдрийн цэргийн сургууль нь урьд өмнө байгаагүй том хээрийн сургууль болсон. Цэргийн хээрийн сургуулилтын явцад Шэньян тойргийн цэргүүд Бээжингийн цэргийн тойргийн дэвсгэр нутаг руу 1000 км гүн довтлон орж Бээжингийн тойргийн цэргүүдтэй байлдан сургуулилжээ. Шилжүүлэн байрлуулах операцийг газраар болон төмөр замаар гүйцэтгэсэн. Хээрийн сургуулийн зорилго нь армийн нэгтгэлүүдийг хол зайнд маневрлах болон цэргийн ар талыг удирдан зохион байгуулахыг сургуулилах явдал байв. Ийм хээрийн сургуулилтыг Оростой байлдах тактикаа боловсруулж байна гэж үзэхээс өөр аргагүй тэгээд ч энэ нь хамгаалах бус довтлох тактик байлаа.

Ар талынх нь газар нутаг харьцангуй бага бөгөөд байгал цаг уурын өөр нөхцөлтэй Тайванд (Зүүн өмнөд Ази болон Солонгосын хойг ч мөн адил) энэ аргаа хэрэглэх бололцоо байхгүй. Эх газарт уулархаг, талын нөхцөлд нутгийн гүн рүү хийх давшилтын тактикийг боловсруулсан нь Орос болон Казахстаны эсрэг л ашиглах боломжтой. Хээрийн сургууль болсон газар орны байдал байгалийн чанад дахь нутагтай адил төстэй байсан ба 1000 км гэдэг нь Орос-хятадын хилийн Аргун голоос Байгал нуур хүртэлх зайтай тэнцүү юм. Казахстаны хил дагуу Ланьчжоу цэргийн тойрог байдаг ба тэд энэхүү сургуулилтанд оролцоогүй. Чухам Шэньян ба Бээжингийн цэргийн тойргууд л энэ хээрийн сургуульд оролцсон.
Ц.Даланцагаан