#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.07.26 8:33 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 285 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 14 5 6 7 811 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 12:59 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Би харин юм ингээд маш сонирхолтой хэсэг дээрээ оччихоор бушуухан киног нь үзээд юу болохыг нь мэдчихмээр санагдаад бдаг юм гэхдээ тэвчээд л сууж бна

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 3:24 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 12-р сар.31.09 6:08 pm
Бичлэгүүд: 82
Байршил: S.Korea
:wd:
орчин үед эрдэмтдийг шүүхээ больсон болохоор ийм бүлэг оршин байх боломжтой бол уу


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 3:53 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
[center]Хэсэг 91[/center]
Ялгуусан Ариун Маригийн сүмийн гол хаалга руу Ландон, Витториа хоёр хар гүйхээрээ очсон ч хүнд модон хаалга нь цоожтой байв. Витториа Оливеттигийн хагас автомат гар буугаар гурвантаа буудахад, хэдэн зуун жил болсон хуучин цоож зад үсэрч, хавтас нь саван, хаалга онгойлоо.
Энэ сүм гонховчгүй болохоор, шууд л төв тэнхим рүү дааман хаалгаар нь орж орхилоо. Үгээр өгүүлшгүй аймшигт байдал өмнө нь тодорч, Ландон дэмий л учраа ололгүй нүдээ завчлан зогсов.
Сүм тансаг зүмбэртэй ... алтадмал хана, тахилын ширээтэй ажээ. танхимын яг голд, дээврийн цомбон адрын чанх доор, мөргөлчдийн суудаг модон банданг овоолон, гал өрдсөн байх агаад тэр нь ямар нэг эртний баатрын цогцсыг чандарлаж байгаа модон өрлөг шиг харагдана. Түүдгийн дөл цомбон адар хүртэл цоройлон бадамлана. Галын дунд хэсэг рүү Ландон харахад, жинхэнэ аймшиг гэдгийг олж үзлээ.
Цомбон адрын баруун зүүн хоёр талаас хурал хурах үед арц хүч шатаадаг бойпор зүүж, савдаг хоёр төмөр оосор татжээ. Гэхдээ тэр оосроос бойпор ч уяагүй, савлуулаа ч үгүй байлаа. Тэр оосрыг огт өөр зорилгоор ашиглажээ.
Утаснаас тэлж өлгөсөн тэр зүйл бол хүн байлаа. Тэр хүнийг шалдлан, тохойноос нь оосроор уяж, мөчийг нь тасартал хоёр талаас нь тэлжээ. Бурхны орон савд, түүнийг үл үзэгдэгч загалмайд хадчихсан аятай гараар нь тэлчихсэн агаарт дүүжигнэнэ.
Ландон дээшээ хараад, халаглан хөшлөө. Хамгийн аймшигтай зүйлийг тэр нүдээрээ харлаа. Шатаж буй тэр хөгшин амьд байлаа. Үхэж байгаагаа мэдэрсэн, чимээгүйхэн тусламж гуйсан, зовлонт нүдтэй нь харц тулгарав. Цээжин дээр нь цус хүрэнтэн байх агаад түүнийг бас л тамгалжээ. Тамга нь тодорхой харагдахгүй байсан ч юу гэж байгааг Ландон эргэлзээгүй мэдэж байв. Галын дөл хөлд нь хүрч өрвөлзөхөд, хөөрхий хөгшин орь дуу тавин, өр өмөртөл хашхирлаа.
Ямар нэг үл үзэгдэх гар түүнийг түлхэх мэт Ландон эгшин зуур гал дүрэлзэн буй түүдэг рүү гүйн очив. Ойртох тусам уушги нь утаагаар дүүрч, амьсгалахад бэрх болно. Түүдэг рүү хүрэхэд, арван тохой орчим дутуу байхад нүүр рүү нь гал шархийн төөнөж, нүдээ гараараа халхлан, гантиг чулуун шалан дээр тэрийн унав. Босоод, гараараа нүүрээ халхлан, дахин урагшлах гэж оролдлоо.
Гал дэндүү халуун байлаа.
Ландон галаас зайлаад, ямар нэг хэрэглэчихмээр юм хайн ханыг нүдээрээ нэгжин харав. Том хүнд хивс олчихвол ч... Гэхдээ хивс даан ч олдохгүй л дээ. Чи зүмбэр сүмд байгаа болохоос ямар тансаг Герман цайзад байгаа биш шүү дээ, Роберт. Бодооч!. Тэр дахиад л тэлүүлсэн хүн рүү хүчлэн харав.
Тэртээ дээр, дээврийн цомбон гонхонд утаа хурган баагиж байна. Хөгшний бугуйгаас уясан оосрын үзүүр адраас унжих гархиар ороод, доошоогоо уруудаж, сүмийн хоёр талын хананд хадсан дэгээнд зангидагджээ. Ландон тэр дэгээ рүү харав. Дэгээг хананд их өндөрт хаджээ. Хэрэв тэр дэгээнд хүрч, зангилааг нь суллаж чадвал, тэр хүнийг тэлсэн уяа нэг талаасаа суларч, галын дөлнөөс холдож болох ажээ.
Гэнэт галын дөл өөдөө бадамлахад, өр өмрөм дуу чих хангитал тавилаа. Галд тэлэгдсэн хөгшний хөл тэр чигтээ умалзтал түлэгдэнэ. Хөөрхий тэр амьдаараа шатаж байв. Ландон нөгөө дэгээ рүү эргэн зүтгэлээ.
Сүмийн үүдэнд Витториа нэг бандан сандлаас зуурчихсан, ухаан алдахгүй байхыг хичээн зогсоно. Дэндүү хэрцгий зүйл байлаа. Ямар нэг юм хийх хэрэгтэй. Оливетти хаачсан юм бол? Тэр хассассиныг олоо болов уу? Бариа болов уу? Тэд одоо хаана байна вэ? Витториа Ландонд туслахаар урагшлах тэр агшинд нэгэн чимээ түүнийг зогсоов.
Гал дүрэлзэх чимээ улам улам чангарсаар, гэхдээ өөр бас нэг чимээ дүнгэнэнэ. Ямар нэг төмөр гэмээр доргилуур чимээ сонсогдоно. Тун ойрхон, бүсгүйн зүүн талын бандан сандлын үзүүрээс ахин дахин доргилуур чимээ гарах ажээ. Яг л утасны хонх дуугарах шиг жир жир доргилох авч арай чанга байлаа. Бүсгүй буугаа урдаа бариад, бандан сандлын нөгөө үзүүр рүү аяархан дөхөв. Чимээ чангарсаар. Жаахан дуугараад л болино. Тэгснээ дахиад л дуугарна. Давтамжтай яа жигд чичирхийлнэ.
Бүсгүй аажуухан дөхөхөд, бандан сандлын нөгөө үзүүрийн доод талаас чимээ гарч байгаа нь тодорхой байв. Буугаа урдаа сунган барихдаа, Витториа зүүн гартаа гар утсаа атгаж яваагаа гэнэт ухаарав. Сүмийн гадаа захирагч руу автомат товч дээрээ даран утастаж байснаа, тэр чигт нь мартаад, дотогш орж иржээ. Захирагч тэр хоёр болгоомжтой байх үүднээс утсаа доргилуур дээр нь тохируулсан сан. Витториа утсаа чихэндээ баривал утас дуудаж байв. Харин захирагч огт хариу өгсөнгүй. Тэгээд, ямар чимээ хаанаас яагаад гараад байгааг Витториа гэнэт ухааран балмагдав.
Шалан дээр хэвтээ хүнд нүсэр дүрсийг хармагц сүм тэр чигтээ нураад уначих шиг санагдав. Цус гэмээр шингэн урсах мөр огт харагдсангүй. Ямар нэг шарх сорви ч ажиглагдсангүй. Захирагчийн бие дүрээрээ ямар ч сэвгүй хэвтэж байх агаад харин толгой нь л яг 180 хэм буруу тийшээгээ эргэчихсэн байлаа. Витториагийн нүдэнд эцгийнх нь цогцос үзэгдэх шиг болов.
Захирагчийн утас бүсэнд нь хүнд биеийнх нь доор орчихсон, хүйтэн чулуун шалан дээр чичирхийлнэ. Витториа утсаа хаахад, доргилуур чимээ зогсов. Утас нам гүм болмогц ... ар нуруунаас нь араатан аахилан ойртох чимээ сонсогдлоо.
Бүсгүй огцом эргэж буугаа өргөхдөө, аль хэдийн хоцорсон гэдгээ мэдэж байлаа. Алуурчин тохойгоороо бүсгүйн дагз руу тасхийтэл цохих эгшинд гавлынх нь яснаас хөлийнх нь өсгий хүртэл оч гялсхийн цацраад, бүх юм бүрэлзээд явчихлаа.
«Чи ингээд минийх боллоо доо».
Тэгээд бүх юм харанхуйд замхрав.
Ландон сүмийн зүүн талын ханыг тулан, овоолсон бандан сандал дээгүүр дэнжигнэн, хананд байгаа дэгээ рүү хүрчих санаатай цоройно. Дэгээнд зангидсан оосор дээшээгээ дахиад зургаан тохой өндөр байлаа. Ямар ч сүмд ийм дэгээг хүмүүс хүрч оролдоод байхааргүй, нэлээн өндөрт хаддаг ажээ. Харин сүмийнхэн өөрсдөө piuoli гэх өндөр шат тавьж өгсдөг байлаа. Алуурчин чухам л тэр шатаар гарч, хөөрхий өвгөнийг тэлсэн нь мэдээж. Тэр муу шат тэгээд хаана байдаг билээ? Доошоогоо хараад шат байгаа эсэхийг харуулдав. Энэ хавьд хаа нэгтээ шат харсан санагдана. Хаана харлаа, байз? Гэнэт хаана харснаа санаж, түйдэг рүү эргэн харав. Түүдгийн хамгийн дээр нь, өрвөлзөх дөлөн дунд нөгөө шатыг тавьсан байсан.
Аргаа барсан Ландон өндөр дээрээс дэнжигнэн, сүмийн доторхийг тойруулан, хэрэглэчихмээр юм хайн харлаа. Тэгж харж байснаа, гэнэт хажуудаа байсан хүнээ санав.
Энэ муу Витториа хаачив аа? Бүсгүй ор мөргүй алга болжээ. Тусламж дуудахаар явсан юм болов уу? Ландон Витториаг дуудсан боловч хариулсангүй. Ингэхэд нөгөө Оливетти бас хааччихав аа?
Тэр дээр нөгөө хөгшин сонсогдох төдий мөртөө яс хавтайтал яраглана.Ландон тус болж чадахаасаа өнгөрчээ. Тэр аажуухан шатаж буй хөгшин рүү дээшээ харахад, мэргэн бодол зурсхийн орж ирэв. Ус. Ус хэрэгтэй. Ус цацвал ядаж дөлийг нь дарж болно. «Надад ус хэрэгтэй байна, золиг гэж» хэмээн тэр байдаг чадлаараа хашхирав.
«Тэр ч арай болоогүй шүү» гэж нэг хүн сүмийн хоймор хавиас хашхирлаа.
Ландон эргэж харах гээд, дэнжигнэн зогсож байсан бандан сандал дээрээсээ ойччихов.
Бандан сандлын хоорондоос гарах гэж тэлчлэх түүний зүг том хар хүн мангас нүүгэлтэн ирэв. Дүрэлзэх их галын гэрэлт ч нүд нь тас хар гялтайх нь аймшигтай. Гарт нь Ландоны хармаанд байж байсан, энд орж ирэх үед Витториа барьчихсан явсан тэр буу байхыг танив.
Ландоны ар нурууг нь даган хэдэнтээ айдас хүйдэс огшоод явчхав. Эхлээд эгшин зуур Витториа яагаа бол гэсэн бодол төрлөө. Энэ мангас түүнийг минь яачхаа бол? Шархдаа болов уу, үхээ болов уу? Дараа нь тээр дээр тэлэгдсэн хөгшин амь тавин хашхирч байхыг сонсов. Кардинал ч өнгөрчээ. Одоо туслах ч аргагүй боллоо. Удалгүй хассассин цээж рүү нь буу шагайж байгааг ухаармагц, айдас нь сэтгэлийн гүн рүү уусч, оюун бодол нь хөвчрөөд ирэв. Буу тасхийх эгшинд Ландон зөнгөөрөө займчин, бандан сандал дээгүүр даван үсэрлээ.
Ландон сандал мөргөн унахдаа, бодсоноосоо илүү чанга мөргөн газар падхийтэл өнхрөн ойчлоо. Гэхдээ л, гантиг чулуун шалан дээр унах нь ган төмөр суманд сийчүүлэхээс зөөлөн ажээ. Хүн мангас ойртох чимээ гарав. Ландон амь зулбан, тэгнэсэн бандан сандлуудын доогуур, сүмийн хаалга руу мөлхөнө.
Тэртээ сүмийн цомбон оройн доохно Гвидэра кардинал үхлийн өмнөх зовлонгоо эдлэн тарчилна. Нүцгэн биеэ доош нь харахуй арьс нь түлэгдэн, мах нь өмрөн шатаж байв. Би ч тамд л байх шиг байна даа хэмээн тэр бодон Бурхан минь, та намайг юунд умартаа вэ хэмээн гасална.
Тэр цээжин дээрээ сийлсэн тамгыг дээрээс нь харж уншихуй, тамд байгаагаа төвөггүй ухаарна.
ГАЛ
Чөтгөр өөрөө түүнийг сийлсэн мэт утга нь тов тодорхой байлаа.
[center]Хэсэг 92[/center]
Гурвантаа санал хураав. Папыг тодруулж чадсангүй.
Систин цогчин дотор Мортати кардинал ид шидийн хүч гуйн мөргөж эхлэв. Бурхан минь, нэр дэвшигч хайрла. Хэтэрхий удлаа. Нэг хүн алга болсон бол ойлгож болох л байлаа. Гэтэл, дөрвийн дөрвүүлээ алга болчихдог. Яах ч аргагүй байлаа. Ийм үед, хэн ч бай, бүх кардиналын гуравны нэгийн саналыг авна гэдэг ёстой бурхан л туслахгүй бол бүтэхгүй ажил ажээ.
Гэнэт, дааман хаалгыг цоожилсон хүнд цуурга дуугарахад Мортати, кардиналууд бүгд зогтусан, тийшээ балмагдан мэлрэв. Уламжлал ёсоор энэ цуургыг нэг бол илэрхий бие нь гүйцэхээ больж ядарсан нэгнийг гаргах гэж, эсвэл хоцорсон кардиналыг оруулах гэж л онгойлгодог. Энэ удаа яах гэж онгойлгож байгааг Мортати бараг л гадарлаж байв.
Ашгүй дэвшигч нар минь ирээ юү дээ.
Мортати гүн амьсгаа авлаа. Энэ цуурган ингэж нэг цэгцэндээ ордог юм байж.
Гэвч хаалга онгойсны дараа кардиналууд баясан дуу алдсангүй, харин хэлмэн цочирдож орхилоо. Босго даван орж ирсэн хүнийг хараад, Мортати балмагдан мэлрэв. Ватиканы түүхэнд анх удаа хаалга хааж, цуурган эхэлснээс хойш зүгээр нэг камерлинго чуулганд алхан орж ирлээ.
Юу болж байгаа нь энэ вэ?
Камерлинго алхаж, шуудхан хоймрын тахилын өмнө очоод, кардиналууд руу эргэн: «Эрхмүүд ээ. Би чадлаараа л хүлээлээ. Гэвч та бүхэн заавал мэдвэл зохих нэг зүйлийг би хэлье» гэв.
[center]Хэсэг 93[/center]
Ландон хаашаа амь зулбахаа мэдсэнгүй. Гагц адгуусны зөн нь л түүнийг аюулаас хол байлгах луужин мэт ажиллана. Бандан доогуур мөлхөх тоолон өвдөг, тохой нь час хийтэл шатах мэт өвдөнө. Тэгсэн ч мөлхсөөр л. Дотор хүн нь зүүншээ мөлх гэв. Хэрэв зүтгэсээр байгаад хоёр эгнээ бандан сандлын дунд гудамласан зайд очиж чадвал хаалга руу гүйж болно. Ландоны тархи яах учраа ололгүй эргэлдэж, харин бие нь зөнгөөрөө зүтгэнэ. Баруун талд, хөлийн чимээ ойртон ирлээ.
Ландон сүмийн дааман хаалга хүртэл арав орчим эгнээ бандан сандал бий гэж тооцож байв. Гэтэл буруу байж таарч, эгнээ гэнэт дуусч, дээгүүр нь халхалж байсан бандан сандал алга болчихлоо. Тэр сүмийн урд хэсэгт бараг л ил шахам гараад ирэв. Дээрээс харахад, үүд хүртэл эгнэсэн юм шиг байсан бандан сандал эндээс харахад, хэтэрхий нарийн атлаа цөөхөн эгнээ байжээ. Нүднийх нь өмнө Бернинигийн Ариун Терезагийн таашаал нэртэй дэндүү завхай гэмээр баримал хөндөлсөнө. Тереза эх тачаадан, адтай нь аргагүй нуруугаараа гэдийж, уруулаа яраглан яльгүй ангайсан байх агаад дээр нь галт жад барьсан ангель зогсоно.
Гэнэт Ландоны толгой дээгүүр сум улин, бандан сандлын арын түшлэгийг тасхийтэл онов. Бие нь хар зөнгөөрөө барианаас гарч байгаа ойрын зайн гүйлтийн тамирчин шиг өндийн, дүүрэн адреналинаар хөвчилсөн шөрмөс нь ухаан мадаггүй ажиллаж, толгойгоо тонгойн, баруун талд л сүмийн дааман хаалга байгаа гэсэн сохор таамгаар бөгтгөнөн гүйж гарав. Сум яг ард нь шунгинан тасхийх агшинд, Ландон гантиг чулуун шал руу үсрэн гулссаар баруун гар талынхаа хананд ухаж гаргасан нүхэн гонхоны өмнөх хайсыг бөөрөө мөргөн зогслоо.
Ландон гэнэт Витториаг олж харлаа. Сүмийн хоймор хавьцаа тэрийн хэвтэж байв. Витториа. Бүсгүй хөлөө зөрүүлэн хэвтэх агаад Ландон түүнийг амьсгалж байгааг, яагаад ч юм бэ, мэдэрч байв. Даан ч бүсгүйд туслах цаг байсангүй.
Сүмийн алс зүүн талаас алуурчин бандан сандал тойрон гарч ирээд, дөхөж явна. «За, ингээд дуусдаг юм байжээ» гэж бодлоо. Хар зөнгөөрөө хайсыг даван, ханын нүхэн гонхон руу үсрэв. Хайсыг даван шалан дээр өнхөрмөгц суман мөндөр хайсан дээр тачигнан буув.
Ландон хашуулсан амьтан шиг хагас бөмбөгөр гонхон дотор шигдэнэ. Тэр гонхонд хананд нь тулгаж тавьсан ганц чулуун авс байх нь мууг ёрлосон мэт. Энэ авс ч минийх л болж таарах нь шив дээ гэж бодоод харвал хэмжээ нь ч таармаар ажээ. Жижигхэн, гоёл, чимэггүй, зүгээр л нэг гантиг хайрцгийг харвал төсөвтөө баригдаж оршуулсан нь тэр бололтой. Авсыг шалнаас дээш шоо дөрвөлжин хоёр том гантиг хавтан дээр ивж тавьсныг харвал доогуураа, овоо зайтай мэт, шургавал багтахаар ч юм шиг санагдав.
Ард нь хөлийн чимээ ойртоно.
Нуугдчихаар өөр олигтой газар байхгүй болохоор, Ландон авсны доогуурх зай руу шургаж, багтаад орчих санаатай мургинаж эхлэв. Хоёр гараа нэг нэг суурийн ивээс хавтанг нь тулж байгаад, мэлхий сэлж байгаа юм шиг бөгсөөрөө займчиж хөдлөн, биеэ авс шал хоёрын завсар чихнэ. Буу дахин тасхийв.
Буун дуугарахын хамт ... Ландон сум махыг нь сийчин нэвтлэх шиг л боллоо. Ташуур шавхуурдах шиг тасхийхэд, бууны сүм түүнийг арай л оночихсонгүй гантиг шатан дээр тоос шороо пургиулан туслаа. Тэр даруй хамаг бие нь атиран авсан доорх зай руу бүх биеэ шахан орно. Цээж нь нэгэнт орсон хойно, гадна үлдсэн мөчөө авсан доогуурх зай руу хумин чихлээ.
Гэвч хана тулчхав.
Авс шалны завсар арай гэж тэр багтан ормогц бие нь цаад хананд тулаад хөдөлж чадахгүй болов. Удалгүй чулуун авсны доогуур бууны хошуу цухуйхыг харлаа. Хассассин буугаа шалан дээр тавиад, амыг нь Ландоны бие рүү чиглүүлж байв. Ингээд, чулуун авс, шал хоёрын нарийн завсар эгнэгт түүний булш болох нь энэ ажээ.
Одоо ч алдаж буудна гэж байхгүй биз ээ.
Ландон ямар ч ухаангүй, зөвхөн зөнгөөрөө гэдсээ татан, нүүрээрээ шал руу хараад, тохойгоороо тавьсан хоёр гараараа биеэ өргөх гэж оролдлоо. Архивын зузаан шилэн ханыг хагалах гэж явахдаа, гарынхаа алгыг зүсчихсэн, тэр нь янгинан өвдөж байсан ч алгаа газарт тулан хичээнэ. Толгой гараараа тулан нумарч, гар дээрээ суниаж байгаа юм шиг гэдсээ татах яг тэр агшинт буу тасхийлээ.
Сум бараг л гэдсийг нь шүргэх шахан нисч, гэдсэн доор нь шороо пургиулан шунгинана. Нүдээ аниад, үхтлээ цуцсан Ландон энэ бүхнийг ингээд зогсоосой хэмээн дотроо залбирав.
Гэтэл дахиад л сүмийн хоосон ёргио аниргүйг буун дуу эвдлээ.
Ландон чимээ гаргачих вий гэлтэй зовхио аяархан өргөж, нүдээ нээв. Яс, мах нь янгинаж байсан ч яг л муур шиг нумарсан хэвээрээ байлаа. Тэгсэн мөртөө, бараг л амьсгалж ч чадахгүй байв. Буун дуунаас болж чих нь дүнгэнэж, алуурчин явсан эсэхийг ч сонсож чадсангүй. Гэхдээ нам гүн байлаа. Витториа яагаа бол?
Удалгүй чих дөжрөм чанга чимээ гарлаа. Хүний гэмээргүй хүчээр түрхрэх чимээ дуулдав.
Дээр нь байсан чулуун авс хажуу талаасаа жайжганан өргөгдлөө. Нумарч байсан Ландоны дээр байсан зуун килийн чулуу дэнжигнэж эхлэхэд, тэссэнгүй, цээжээ даалгүй газар навтайн унав. Эцсийн эцэст, дэлхийн татах хүчинд автан, чулуун авс хазайхад, эхлээд авсны таг алгуур гулсан яг Ландоны дэргэд түнхийтэл гантиг шал мөргөн ойчлоо. Дараа нь чулуун авс хажуугаараа хөмрөн, суурь нь дээш сөхөгдөхдөө ивээс чулуун хавтангаа тийрч өнхрүүлээд, онгорхой амсар нь доошоо харан, хана налсан дээд ирмэг нь ханатай хавиран гулсаж Ландоны дээрээс ирэв.
Авс гулсаж ирээд, нэг бол түүнийг энд нь амьдаар нь гацааж булшилна, эсвэл дээд ирмэг нь мөргөж няцалж ална гэдэг тодорхой болжээ. Ландон хөл, толгойгоо татан, гараа сугаараа хавчин, аль болох атирна. Тэгээд, нүдээ анин няц мөргүүлэхээ хүлээн хэвтлээ.
Тарчигнасан их чимээ гарлаа. Нүдээ нээвэл дээд ирмэг Ландоны толгойноос хэдхэн миллиметр зайд тогтжээ. Бяц даруулах байх гэж бодож байсан баруун гар нь гайхалтай нь зүгээр байлаа. Авсны дээд амсар шал руу бууж ирэлгүй, нэг сугараагүй ивээс дээрээ тогтжээ. Харин яг дээрээс нь үхдэл түүнийг ширтэж байлаа.
Өмхөрсөн хүүр авсныхаа ёроолтой наалдаж орхидог болохоор, хөмөрсөн авсанд байсан хүүрийн толгой нь Ландон руу санжганана. Хүүр тэгж хэсэг санжганаснаа, аргагүй жиндээ татагдан ёроолоосоо аажуухан ховхорч эхлэв. Удалгүй хэлхээ яс яг л Ландоныг тэврээд авах шиг, ам хамар руу нь тоос пургиулан дээрээс нь мордчихов.
Газар хүрээгүй амсрын завсраар алуурчны гар гэнэт орж ирээд, яг л аварга могой шиг хэлхээ ясны сэг дундуур тэмтэчсээр, Ландон хүзүүг олмогцоо хоолой руу нь асав. Хоолойг нь боох тэр төмөр бахь мэт чанга гартай тэмцэх гэж оролдсон боловч нэг гарынх нь ханцуй авсны ирмэгт хавчуулагдчихсан байлаа. Ганц сул гараараа сарваганасан ч ялагдах нь тодорхой ажээ.
Ландоны хөл харин сул байсан учир хөлөө өргөн, хөмөрсөн авсны дээрээ байгаа ёроолыг хайв. Удалгүй ёроолд нь хөлөө тулж, алуурчны гар хоолойг нь улам чанга боомилох тэр эгшинд, нүдээ анин, хөлөө хүчтэй жийлээ. Авс бага зэрэг өргөгдөв.
Чулуун авс ивээс хавтангаасаа хазайж, шалан дээр уналаа. Амсар нь алуурчны гар дээр буух тэр эгшинд, орь тавин чарлах чимээ зүрх зуртал хангинав. Хоолойг нь боосон гар суларч, харанхуйд муриганана. Алуурчин арай гэж гараа сугалав бололтой, авсны амсар нирхийн газар уналаа.
Тас харанхуй болов.
Үхсэн мэт аниргүй.
Хөмөрсөн авсыг хэн ч өргөсөнгүй, анзаарах ч үгүй байгаа бололтой. Үхээрийн аниргүй. Хэлхээ яс, сэг зэмэнд тэврүүлсэн Ландон хүлцэнгүй гэгч хэвтээд, түнэр харанхуй дунд бүсгүйн тухай бодлоо.
Витториа. Чи үхээгүй биз дээ?
Витториа ухаан сэрмэгцээ үзэх байсан аймшгийг Ландон мэдсэн сэн бол, бүсгүйг үхсэн нь дээр байж дээ гэж бодох байлаа.
Хэсэг 94

Кардиналуудын голд суугаа Мортати сонсож байгаа зүйлээ ойлгох гэж оролдож байв. Энэ насанд нь дуулдаагүй хорлонтой халдлагын тухай камерлинго лааны ёлтойсон гэрэлд тайлбарлан ярина. Тэр кардиналуудыг хулгайлсан тухай, кардиналуудыг мал шиг тамгалсан тухай, кардиналуудыг хороосон тухай ярьж байв. Мартагдсан айдсыг сэрээсэн Иллюминатигийн тухай, тэр нөхөрлөл сэргэн, католик сүм хийдээс хонзонгоо авч байгаа тухай ярина. Камерлинго хоолойгоо зангируулан, хөөрхий Пап ч тэдэнд хорлогдсон тухай өгүүлнэ. Эцэст нь тэр бараг л шивнэх шахуу, антиматери гэгч шинэ технологи хоёр цаг хүрэхгүй хугацаанд бүх Ватикан хийдийг тэр аяар нь агаарт самрах гэж байгаа тухай мэдээллээ.
Ярьж дууссаных нь дараа, өрөөнд байгаа бүх агаарыг Сатаан өөрөө сороод авчих шиг л болов. Хэн ч хөдөлсөнгүй. Камерлингогийн ярьсан үг агаарт хуйлран тогтоод, хүн бүрийг нөмрөн дарах шиг.
Танхимд сонсдох цорын ганц чимээ бол бичлэг хийх камерын аниргүй цахим шуугиан байв. Цуурганд чуулсан кардиналуудыг хэзээ ч бичлэг хийж байгаагүй боловч камерлинго эл уламжлалыг эвдэн, хэвлэлийнхнийг тухайлан дагуулсан байлаа. Камерлинго ВВС-ийн эр эм хоёр сурвалжлагчтай хамт кардиналуудыг алмайруулан гаднаас орж ирээд, энд болж буй бүхнийг дэлхий даяар шууд нэвтрүүлж байгаа хэмээн мэдэгджээ.
Камерлинго бичлэг хийж буй камер руу урагш алхан: «Иллюминати, чи, эрдэмтэд, та нар сонсож бай!» гэв. Тэгээд дуу нь улам хурц тод болон: «Энэ дайнд та нар яллаа» гэлээ.
Үхээрийн аниргүй цогчин дуганыг эзэмдэв. Мортати үнэн зүрхнээсээ эмгэнэн, цөхөрчээ.
«Бид удаан дайтсан. Та нар ялах нь мэдээж байсан. Гэхдээ энэ мөчийг болтол хэзээ ч ийм тодорхой байсангүй. Эрдэм ухаан энэ мөчөөс эхлэн шинэ бурхан боллоо» хэмээн камерлинго хэллээ.
Энэ юу хэлчхэв ээ гэж Мортати бодов. Галзуурсан юм болов уу? Бүх дэлхий түүнийг сонсож байгаа шүү дээ.
«Анагаах ухаан, цахим холбоо, сансрын аян, генийн инженерчлэл... бид үүнийг гайхамшиг хэмээн хүүхдүүддээ ярьж өгдөг. Үүнийг бид, гагцхүү эрдэм л бидний бүх асуултад хариулт өгч чадахын нотолгоо хэмээн шүтдэг. Онгоноороо жирэмсэлсэн*, бургас шатаасан, тэнгисийн усыг хуваасан** тухай эртний домгууд хэрэгцээгүй болжээ. Бурхан хэрэггүй боллоо. Энэ дайнд эрдэм яллаа. Бид ялагдав».
Цогчин дотор кардиналууд гайхширч балмагдан, шуугилдав. «Гэхдээ, эрдмийн энэ ялалт ...» гэж камерлинго бүр хатуу чанга хоолойгоор оргилуулан өгүүлрүүн: «... хүнээс үнэтэй байлаа. Хүн нэг бүрээс, биднээс илүү үнэтэй байлаа» гэв.
Цочгин дотор хүмүүс чимээгүй л түүнийг ширтэнэ.
«Эрдэм өвчнийг анагааж, бидний тав тух, зугаа цэнгэлийг хангасан элдэв хачин тоног төхөөрөмж өгсөн: тэгснээрээ, энэ ертөнцийн бүх гайхамшгийг эгэл энгийн зүйл болгож, мөрөөдөл, догдлолын ертөнцийг үгүй хийлээ. Наран шаргалтан туяарсаар шингэх сайхан үзэмж ердөө л гэрлийн долгионы хугарал төдий гэнэ. Хорвоогийн ээдрээ зохицол математик тэгшитгэл төдий гэнэ. Бүр хүн хэмээх бахархал минь юу ч биш гэнэ. Дэлхий, дээрээ байгаа хүн амьтантайгаа хязгааргүй уудам сансар огторгуйн эгэл өчүүхэн тоосонцор гэнэ - сансрын байдаг л нэг тохиол гэнэ.» Тэр цөхөрсөн царай гарган, хэсэг чимээгүй зогсов. «Биднийг нягтруулна гэж байсан бүх технологи биднийг сарниулж байна. Энэ дэлхийн хүн нэг бүр цахим сүлжээгээр холбогдчихсон мөртөө бид яагаад ийм аймшигтай ганцаардана вэ? Биднийг хүчирхийлэл, хагарал, сарнил, урвалт хүрээлж байна. Шүүмжлэх, өөнтөглөх, нотолгоо шаардах явдал гэгээрсэн хүний сайн чанар гэнэ. Өнөөдөр хүн түүхийн ямар ч үед байгаагүй ихээр гонсойн цөхөрч байна. Энэ эрдэм гэгчид, ер нь, ариун зүйл бий юу? Сониуч зандаа хөтлөгдөн, дөнгөж хэвлийдээ тогтоод байгаа үр хөврөлөөр хүртэл оролдож эхэллээ. Давран даварсаар, бүр хүний генийн бүтцийг ч өөрчилж үзэх сэн гэнэ.
Саваагүй зангаараа юмсын утга учрыг хайн бэдрэхдээ, Бурхны энэ ертөнцийг жижиглэн жижиглэн хуваасаар ... бүр ч олон олон асуулт ургасаар л».
Мортати түүнийг бишрэн харж байв. Камерлинго бүхний анхаарлыг татсан байлаа. Ватиканд үзэгдээгүй шидийн их хүч түүний гонсойн эмгэнэсэн хоолойд эгшин бүр тодорно.
«Эрдэм, шашин хоёрын урт удаан дайн ингээд дууслаа. Та нар яллаа. Гэхдээ, та нар шударга дайтсангүй. Та нар хүмүүсийн асуултад хариулт өгч ялсангүй. Хүмүүс өмнө нь үнэнд итгэдэг, журамтай байсан тэр нийгмийг эрс өөрчилж, та нар яллаа. Шашин гүйцсэнгүй. Эрдэм ухаан экспоненциал өслөө. Яг л вирус шиг газар авлаа. Шинэ нээлт болгон араасаа шинэ шинэ нээлт дагуулж байлаа. Дугуйнаас машин хүртэл хүн төрөлхтөн мянга мянган жил элээсэн. Харин машинаас сансарт гартал хэдхэн арван жил боллоо. Эрдмийн дэвшлийг бид долоо долоо хоногоор хэмжих болов. Одоо энэ дэвшлийг бид өөрсдөө ч хянаж чадахаа байлаа. Шашин хол мартагдан алслан алсалсаар, хүмүүсийн итгэл бишрэл хоосрон хоосорсоор. Гэхдээ, хүмүүс утга учир хайсаар байна. Үнэн шүү. Хүмүүс харь гаригийн нисдэг таваг харж, сүнс судалж, махан биеэсээ гарах туршилт хийж, бодлын учрыг судалж байна. Өнгөц харахад, эрдмийн судалгаа мэт боловч огт логик уялдаагүй байгаа. Яагаад ийм юм хийж байна вэ? Яагаад гэвэл, хүмүүс сүнсийг хайсан хэвээрээ л байна. Тэд технологи шүтсэн бодлоосоо салж чадахгүй мөртөө юмсын утга чанарыг үлгэн салган хайн бэдэрч, ганцаардан цөхөрч байгаа нь тэр.»
Мортати сандлынхаа түшлэгийг налан тавлав. Цогчинд байгаа кардинал нэг бүр, дэлхийн бүх хүн камерлингогийн үгийг амьсгаа даран чагнана. Камерлинго ямар ч бэлдсэн үггүй, Есүс Христ, судрын тухай огт үл дурсан, ямар ч чимэггүй орчин үеийн хэлээр ярина. Тэгсэн атлаа, бурхан энэ үгийг хэлж байгаа мэт мэдрэгдэнэ. Тэр залуу орчин үеийн хэлээр эртний шашны учрыг номлож байв. Энэ л мөчид, талийгаач Пап яагаад энэ залууг дэргэдээ авч халамжилсныг ухаарчээ. Шүүмжит, өөнтөгч, технологийн дэвшлийн энэ ертөнцөд камерлинго шиг бурхан болоод сүнсний тухай ингэж л энгийн үгээр номлож чадах реалист хүн шашны ганц найдвар билээ.
Камерлинго бүр ч илүү цогтой өгүүлрүүн: «Эрдэм ээ! Чи биднийг аварч чадна гэдэг билүү. Чи биднийг аврах биш, алж байна. Галилеогийн үеэс л, шашин эрдмийн дэвшлийн хурдыг сааруулах гэж заримдаа ухвар мөчид сэдлээр, гэхдээ ямагт нинжин сэтгэл зорилгоор оролдож байсан нь үнэн. Хүмүүс даан ч итгэлгүй, сониуч юм. Чи эргээд нэг хар. Эрдэм хүмүүст амлаж байсан бүхэн худал болжээ. Үр ашигтай, энгийн байлгах гэсэн бүхэн бохирдол, хордлогод хүргэлээ. Бид өөрсдөө мөхөл рүүгээ явж байгаа эгэл эсийн бөөгнөрөл төдий боллоо».
Камерлинго нэлээн чимээгүй зогссоны дараа, камер руу ширүүн харан өгүүлэв.
«Энэ эрдэм гэгч бурхан гуай хэн билээ? Хүмүүст хүч чадал өгөөд харин тэр хүч чадлаа хэрхэн хэрэглэх тухай ёс суртахуун өгдөггүй, тийм ямар бурхан байдаг юм бэ? Хүүхдэд гал бариулчхаад, тэр гал нь ямар аюултай болохыг хэлж өгдөггүй ямар бурхан байдаг юм бэ? Эрдмийн аливаа мэдлэг сайн муугийн тухай юу ч сургадаггүй. Эрдмийн номууд цөмийн урвал хэрхэн явуулахыг заадаг атлаа энэ нь сайн уу, муу юу гэдэг тухай огт дурддаггүй шүү дээ.»
«Эрдэм гуай, би чамд хэлье. Шашин цөхөрлөө. Бид чиний хийсэн болгонд чинь сайн, мууг сануулах гэсээр туйлдлаа. Жижиг цахим чипийг хямд хийж, их ашиг хөөцөлдсөн чиний сохор үйлийг засах гэсээр хатаж дууслаа. Бид өөрийнхөө үйлд хариуцлагатай бай гэж чамаас гуйгаагүй, харин яаж хариуцлагатай байж чадахыг нь чинь л мэдмээр байна. Чи хэтэрхий хурдан байна. Хийсэн үйлийнхээ сайн мууг анзаарах гээд хэсэг сатаарах агшинд л өөр нэг нь чамайг түрүүлж, чамайг үгүй хийнэ. Чи урагшлахаас өөр замгүй. Чи дэлхий даяар үй олноор хөнөөх зэвсэг тарааж орхисон, харин хөөрхий Паптан л орон орноор хэсч удирдагч ноёдыг нь тэр зэвсгийг битгий аваарай, битгий хэрэглээрэй гэж гуйж явсан. Чи амьд амьтныг хувилсан, харин энэ чинь ёс суртахууны хувьд зөв үү гэж шашин л сануулсан. Чи хүмүүсийг утсаар, зурагтаар, компьютероор харилцахыг урамшуулсан, харин ганцхан шашин л сүмийнхээ үүдийг нээж хүн хүнтэйгээ, хүн шиг нүүр тулан уулзахыг урьсан. Чи бүр олон хүний амийг аврах судалгаа хийнэ гэж төрөөгүй хүүхдийг ч алж байсан. Дахиад шашин л энэ чинь хэрцгий байна шүү дээ гээгүй билүү.
«Чи шашныг дандаа л анзааргагүй гэдэг. Гэтэл хэн нь анзааргагүй байна вэ? Аянгыг ойлгохгүй байгаа хүн үү, эсвэл аянгын аюулыг ойшоохгүй байгаа хүн үү? Шашин чам руу, над руу ханддаг, хүн бүр рүү ханддаг. Бид чам руу хандах тоолон чи өөрөөсөө биднийг түлхэж байна. Бурхан байдгийг нотолчих л доо гэдэг. Чи дурангаа гаргаад, тэнгэр рүү хар, тэгээд, бурхан байдаггүй гэдгийг харуулчих!» Камерлингогийн хоолой нь зангиран, нулимс нь цэлэлзээд эхлэв. «Бурхан ямархуу дүртэй юм бэ гэж чи асуудаг. Чи яагаад ингэж асуув гэж би чамаас асууя. Хариулт нь тов тодорхой. Яагаад гэвэл бурхныг чи эрдэм ухаанаасаа олж чаддаггүй. Яаж чи түүнийг анзаарахгүй өнгөрөөж чадав аа? Бидний энэ тэнгэрлэг сайхан биеэс илүү татах хүчний юм уу атомын жин өчүүхэн төдий өөрчлөгдөхөд л энэ бүх ертөнц амьгүй тоос болон хувирна гэж чи хэлдэг атлаа тэндээс бурхны бүтээлийг олж харсангүй гэж үү? Сая сая хөзрөөс яг зөвийг нь олж барьчхаад байгаагаа зүгээр л азтай тохиол гэж бодох тийм амархан байна уу? Бид сүсгээ алдаад, тэнгэрлэг хүчинд итгэхгүй, зүгээр л математик магадлалын хувьд боломжгүй юм даа гэж алмайран суухдаа хүрээ юү?
Камерлингогийн хоолой гүн нухацтай болоод өгүүлэв. «Бурханд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай чи нэг зүйлд итгэ. Бид өөрсдөөсөө хүчтэй зүйлд итгэхээ болих л юм бол хариуцлагын мэдрэмжээ алдана. Шашин ... бүх шашин ... хүн ухаарч болшгүй нэг юм байдаг, түүний өмнө бид хариуцлага хүлээдэг гэдгийг л сануулдаг. Сүсэгтэй байснаараа бид өөртөө, өвөр зуураа, дээд үнэнд хариуцлагатай байж чаддаг юм. Харин одоо хүн өөрөө чухал биш болсон болохоор л шашин чухал биш болчихлоо. Хэрэв гадаад ертөнц миний харж байгаа шиг энэ шашныг хардаг байсан сан бол ... энэ хүйтэн чулуун хэрэм дотор ... хүн өөрөө хянаж чадахгүй болтлоо хурдан эргэлдэж буй энэ ертөнцөд амгалан нигүүлслийг хүсээ төгс бус эгэл хэдэн сүнсний нөхөрлөл ... орчин цагийн гайхамшгийг олох байсан биз».
Ингэж хэлээд, камерлинго кардиналын чуулган руу заахад, ВВС-ийн зураглаач авгай зөнгөөрөө тэдэн рүү камераа эргүүлэв.
«Бид хэрэггүй юү?» гэж камерлинго асуулаа. «Энэ хүмүүс эртний үлэг гүрвэлүүд үү? Би бас тийм үү? Ядарсан, дорой, гадуурхагдсан хүмүүсийн дуу хоолой энэ дэлхийд хэрэггүй юү? Энэ хүмүүс шиг өөрсдөө төгс бус ч гэсэн бидний үйлд ёс суртахууны чиг өгч, амьдралынхаа замыг алдахаас сэргийлж сануулж байдаг хүмүүс үнэхээр хэрэггүй юү?»
Камерлинго санаатай санаандгүй аль нь болох нь бүү мэд, гэхдээ маш зөв алхам хийж байгааг Мортати одоо л мэдлээ. Кардиналуудыг харуулснаараа, тэр өөрөө шашныг үлгэрлэн төлөөлөв. Ватикан гэдэг зүгээр л нэг хэрэм биш, харин камерлинго шиг бусдын сайн сайхны тулд насаа элээсэн хүмүүс болж хувирлаа.
«Өнөө шөнө бид аргагүй хашигдлаа» гэж камерлинго хэлэв. «Бид хайхрамжгүй байж болохгүй. Сатаан ч гэнэ үү, авилга ч гэнэ үү, ёс суртахууны уналт ч гэнэ үү ... ямартай ч гэсэн муу зүгийн хар хүч амьд, амьд төдийгүй өдрөөс өдөрт өндийж байна. Үүнийг бүү март». Камерлингогийн дуу намдсаар бараг л шивнэх төдий болж, харин камер дахин түүн рүү онилов. «Энэ хар хүч агуу ч гэлээ, дийлдэшгүй биш. Сайн үйл ямагт давуу. Зүрх сэтгэлээ сонс. Бурхныг сонс. Бид цугтаа энэ тамаас гарч чадна шүү».
Мортати одоо л ухаарлаа. Цуурганы журмыг зөрчсөн ч гэсэн, үүнээс өөр арга байсангүй. Энэ нь цөхөрч аврал гуйсан хэрэг байлаа. Камерлинго дайсантайгаа ч, нөхөртэйгөө ч ярьж байжээ. Дайсан ч бай, нөхөр ч бай тэр энэ бүх солиорлоо больж, гэрэл гэгээ харахыг уриалжээ. Үүнийг сонссон хэн ч байсан энэ хорт явуулгыг жигшиж, тэдэнтэй нэгдэх байлаа.
Камерлинго тахилын ширээний өмнө сөхрөөд: «Залбиръя даа» гэлээ.
Кардиналын чуулган тэр чигтээ сөхрөн, түүний залбиралтай нэгдэв. Гадаа Гэгээн Петерийн талбай дээрх хүмүүс бүх дэлхий даяараа ... сөхрөн, тэдэнтэй нэгдлээ.


* Библид өгүүлснээр, Христийн эх Мариа бурхны бошгоор онгон байхдаа жирэмсэлж, онгоноороо хүүг төрүүлжээ. Хүүхэд төрүүлснийхээ дараа ч онгон байсан нь гайхамшиг учраас Христ бурхны хүү - бурхан мөний баталгаа ажээ.
** Библид өгүүлснээр, Моша - Израилийн ард түмнийг удирдан, Мисирээс зугтаж явахдаа, Улаан тэнгисийн усыг хоёр хувааж, дундуур нь гаталгасан ажээ. Араас нь хөөсөн Мисир цэрэг тэнгисийн усыг хуваасан гудмаар гарах тэр эгшинд, тэнгис эргэн нийлж, Мисирийн үй олон цэрэг үрэгдэв гэдэг.


[center]Хэсэг 95[/center]
Хассассин ухаан алдсан олзоо машиныхаа ард чулуудаад, бүсгүйн биеийг шүлэнгэтэн харж, хэсэг зогсов. Өдөр хөлсөлсөн янхан шиг царайлаг биш ч гэсэн эр биеийн сэрлийг өдөөх эмэгчин чанар байх ажээ. Бие нь цэвэр, эрэмгий, бас аятайхан үнэртэнэ.
Тэр баясаж суухдаа, гарынхаа өвчинг түр мартагнажээ. Чулуун авсны амсарт цохиулж дарагдсан гар нь аймшигтай өвдөнө. Гэхдээ, ийм олзны төлөө тийм шарх авах нь боломжийн л өгөө аваа байлаа. Гарыг нь ингэсэн нөгөө америк залуу өдийд бараг үхчхээ биз хэмээн бодож уужуу амьсгаа авав.
Эсэргүүцэх чадваргүй болсон олз руугаа шунан харвал удахгүй болох таашаалт мөч эрхгүй бодогдох ажээ. Цамцных нь хүзүүгээр гараа шургуулбал, хөхөвчнийх нь цаана хатуу чанга хөх тэмтрэгдэнэ. Сайхан даа, хэмээн тэр инээвхийллээ. Чи ч санаснаас бүр илүү юм гээч. Дараагийнхаа ажил руу яарсан тэрээр хаалгаа хаагаад, машинаа барин харанхуй дунд замхарлаа.
Энэ сүмд аллага гарсан тухай хэвлэлийнхэнд мэдэгдэх хэрэг байсангүй, дүрэлзэх түймрийг хараад, тэд тэртэй тэргүй гүйгээд ирнэ.
СЭРН-д Силвий камерлингогийн хэлэх үгийг амьсгаа даран сонсож суулаа. Тэр өмнө нь католик шүтлэгтэйгээрээ хэзээ ч ингэж бахархаж байсангүй, бас СЭРН-д ажилладгаараа хэзээ ч ингэж гутарч байсангүй. Амралтын жигүүрээс гарч явахдаа ажвал өрөө бүр мэлрэн, эргэцүүлсэн хүмүүсээр дүүрчээ. Ажлынхаа байранд эргэж ирлээ. Колэрын өрөөн дэх долоон утас нь долуулаа галзуу юм шиг зэрэг зэрэг цангинаж байх нь сонсогдов. Хэвлэлийнхний утас түүний өрөө руу огт залгагддаггүй болохоор энэ бол өөр юм ярих гэсэн хүмүүс байлаа.
Geld (Мөнгө. Гер.). Мөнгөний утас.
Антиматери технологийг авах хүмүүс аль хэдийн утастаж байгаа нь энэ ажээ.
Ватикан хийдийн дотор Гунтер Глик баясгалантай яа алхан камерлингог даган Систин цогчноос гарч явна. Глик, Макри хоёр энэ зууны шилдэг шууд сурвалжлага хийлээ. Ямар гайхалтай сурвалжлага байв аа? Камерлинго яг л од шиг байлаа.
Цогчноос гармагцаа, камерлинго тэр хоёр руу эргэж хараад: «Тамгалуулж хороогдсон кардинал, Дээрхийн гэгээний хордсон зургуудыг цуглуулаад та хоёрт өгөөрэй гэж би Швейцар жардад тушаасан. Гэхдээ, сануулахад нэг их сайхан зураг биш шүү. Түлж тамгалсан сорви, харласан хэл л бий. Гэсэн ч, тэр тухай та хоёрыг дэлхий даяар нэвтрүүлээч гэж би хүсмээр байна» гэв.
Ватикан хийдэд дандаа ийм сайхан бэлэг өгдөг юм байх даа гэж Глик баясан бодов. Талийгаач Папын хорлогдсон байгаа зургийг дэлхий даяар тарааж өгөөч гэж надаас хүслээ гэж үү? «Та нээрэн хэлж байна уу» гэж Глик асуухдаа хөөрч догдолсон сэтгэлээ нуух гэж оролдоно.
Камерлинго толгой дохив. «Щвейцарь жард та хоёрт цаг тоолж байгаа антиматерийн шууд бичлэгийг бас өгнө.»
Гликийн нүд баясан гялалзана. Аз, аз, аз гэдэг чинь л энэ шүү дээ.
«Иллюминати хэтрүүлчихжээ гэдгээ мэдээд, харамсах цаг удахгүй ирнэ ээ» гэж камерлинго занан шивнэв.

_________________
Avatar by Someone


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 5:10 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
[center]Хэсэг 96[/center]
Чөтгөрийн аялгууны дахилт шиг үхлийн бүгчим харанхуй дахин нөмрөн авлаа.
Агаар ч үгүй. Гэрэл ч үгүй. Гарах ч газаргүй.
Хөмөрсөн авсан дотор, занганд орчихсон мэт хэвтээ Ландон тархи нь таг унтрахын даваан дээр ирснийг ухаарч байв. Ухаан бодлоо өөр юманд бодож, математик, хөгжим гээд л юу ч хамаагүй юм бодож төвлөрүүлэх гэж оролдсон ч болсонгүй. Тайвширчих зүйл толгойд огт орж ирсэнгүй. Хөдөлж чадахгүй, одоо бүр амьсгалж ч чадахгүй нь.
Авсны амсарт хавчуулагдсан байсан ханцуй нь авс унах үед аз болж сугарч, одоо хоёр гар нь хоёулаа хөдөлж байлаа. Хоёр гараараа авсны ёроолд тулаад өргөх гэж оролдсон ч огт хөдөлсөнгүй. Ханцуй минь хавчуулагдсан хэвээрээ байсан ч болоосой хэмээн харамсана. Тэгсэн бол завсраар нь ядаж жаахан ч атугай агаартай урсах санж.
Ландон дахин хоёр гараараа дээш нь түлхлээ. Ханцуй нь доошоо унжихад, бугуйд нь байнга байдаг ганц гал анд нь гарч ирлээ. Микки. Хүүхэлдэйн киноны баатар маань ногоовтор өнгөөр туяаран мишвэлзэнэ.
Ландон энэ тэнд ямар нэг завсраар гэрэл гарч байх вий хэмээн нягтлан үзлээ. Даан ч авсны амсар, шал хоёрын завсар ямар ч зай байсангүй. Энэ итали урчуудыг чөтгөр аваг, ингэж төгс хийх гэж. Тэр оюутнууддаа үнэтэй сайхан Каррарагаас авчирсан гантигаар өөгүй амсар, тэгш ирмэг гаргадаг тэр урыг бахаддаг л байлаа.
Гайхалтай төгс хийсэн бүтээлээс нь болж, ингээд бүтэж үхэх гээд хэвтэж байх гэж.
«Энэ золигийг өргөөд өгөөч» хэмээн байдаг чадлаараа хашхиран, авсны ёроол руу хүчлэн түлхлээ. Авс бага зэрэг хөдлөх шиг болов. Шүдээ зуугаад дахин түлхэв. Энэ удаа улам хүнд санагдсан ч хагас хуруу хэртэй өргөлөө. Амсар доогуур зөөлөн бүдэг гэрэл урсан ирж, түүнийг өлгийдөөд, авс дахин шалан дээр унахад тас харанхуй боллоо. Тэр хөлөөрөө тагийг жийж хөдөлгөсөн шигээ хөдөлгөх гэж оролдъё гэвч, авс шалан дээр бүрэн хөмөрсөн болохоор хөлөө өргөх ч зай байсангүй.
Кластрофоб* одоо улам бүр давчдан байгаа чулуун авсны бодит байдлаар солигдов. Амьсгал давчдан хий юм үзэгдэж эхлэхэд, тархиныхаа бүх логик холбоосыг ашиглан тэмцэнэ.
Бүх мэдлэгээ дайчлан: «Муу саркофагус (чулуун авс)» хэмээн аль болох тод хэлэхийг хичээн хашхирлаа. Гэвч олон хэл мэддэг эрдэм энд бүр ч тус болсонгүй. Саркофагус гэдэг нь грекээр «саркс» буюу мах, «фагэн» буюу идэх гэсэн хоршоо үгээс бүтжээ. Би нээрэн л «мах иддэг» хайрцагт орчхож дээ.
Махыг нь яснаас нь салгаад, мөлжүүлчихсэн юм шиг үхдэлийн хэлхээ яс Ландоны дээр хэвтэж байгаа нь чулуун авсны грек нэр ямар үнэн бэ гэдгийг сануулах шиг. Толгой нь өвдөж, хүйт оргино. Тэр үхдэлийг харвал, гэнэт мэргэн санаа төрлөө.
Ландон харанхуй авсан дотор тэмтчин нэг сэрийсэн яс олов. Хавирга л байх аа даа. Гэхдээ хамаагүй. Хамгийн гол нь тэр авсыг жаахан ч атугай өргөөд, тэр ясыг амсар доогуур нь шургуулж чадвал, тэр зайгаар агаар орж ирэх билээ.
Нэг гараараа ясны бүдүүн хэсгийг амсар руу харуулаад, нөгөө гараараа дээшээ тулан түлхлээ. Авс жаахан ч хөдөлсөнгүй. Дахин түлхлээ. Хөдлөх шиг л боллоо, гэхдээ амсар огт өндийсөнгүй.
Өмхий муухай үнэр, агаар дутагдал хоёр түүнээс бүх хүчийг нь хуу татан авчихжээ. Гэхдээ дахиад, ганц удаа өргөөд үзэх хүч ч байгаа бололтой. Харин ганц гараараа бол яавч дийлэхгүй, хоёр гараа өргөх хэрэгтэй.
Ясны бүдүүн хэсгийг мөрөн тушаа амсар руу харуулан байрлууллаа. Тэр ясаа хөдөлгөчихгүйн тулд аяархан нь аргагүй гараа дээш өргөн, авсны ёроолд хүргэв. Бин битүү орчин амьсгал тасалдуулж, бүх булчин нь тасралтгүй янгинана. Өнөөдөр хоёр дахь удаагаа агааргүй харанхуйд гацаж байгаа нь энэ. Хүчээ төвлөрүүлэн байж нэг амьсгаагаар хүчлэн түлхэв. Амсар хоромхон зуур өргөгдөөд буусан ч сэрийсэн ясаа доогуур нь хавчуулж амжлаа. Мөрөөрөө ясаа түлхэн гулсуулсаар, арай гэж шургуулав. Даан ч авс тасхийн газар буух агшинд яс бут үсэрчихлээ. Гэхдээ л энэ оролдлого амжилттай болох шиг боллоо. Авс шал хоёрын хооронд бүдэгхэн нарийн зурвас гэрэл сүүмийнэ.
Ландон туйлдан унав. Амьсгалаа жигдрэх болов уу хэмээн хэсэг хүлээв. Хором мөч өнгөрөх тусам улам ч муудлаа. Тэр нарийн завсраар орж ирж байгаа агаар огт нэмэр болохгүй байлаа. Түүгээр амь аврагдахуйц агаар орж ирж чадаж байгаа болов уу? Үгүй бол би үүгээр хэр удаан тэсэх вэ? Хэрэв ухаан алдчихвал, намайг энд байгаа гэж ер нь хэний санаанд буух вэ дээ?
Ландон гараа өргөөд цагаа харав. 10:12. Чичирсэн хуруугаа өргөн, цагаараа тоглох гэж эцсийн удаа оролдов. Нэг чагтыг нь эргүүлснээ, товчийг нь дарлаа.
Ухаан балартан, авсны хана улам л ойртоод, багынх нь айдас түүнийг бүчин авлаа. Ландон цаг завтай яа саруул уудам газар байна гэж төсөөлөх гэж оролдсон ч бүтсэнгүй. Насаар нь түүнийг дагасан айдас амьсгал давчдуулан нөмрөв.
Хүү цэцэгт нугаар гүйж явахад, тэндхийн цэцэгс яг л зураг шиг тод санагдана. Аав ээж хоёртойгоо ийшээ ирэх гэсэн ч тэр хоёр майхнаа бариад, завгүй байлаа.
«Хол битгий яваарай, миний хүү!» гэж ээж нь хашхирна.
Хүү сонсоогүй дүр эсгэн, ойн гүн рүү чавхдан одов.
Хүү гүйсээр, нуга өнгөрөн, цаана нь байсан асга дундуур явна. Тэр асга биш хаягдаж нурсан байшингийн туурь байлаа. Ийшээ зүглэхгүй нь дээр гэж шийдлээ. Гэтэл өөр нэгэн зүйл түүний анхаарлыг татав. Гүнжийн очирт шаахай гэдэг Шинэ Хемпширийн хамгийн гоё, хамгийн ховор цэцэг тэнд мишээн ургажээ. Хүү номон дээрээс л зургийг нь нэг удаа харж байж билээ.
Хүү хөөрөн баясч, цэцэг рүү дөхөн газар сөхрөн суулаа. Гэтэл, түүний доорх газар хөндий мэт санагдав. Өмхөрсөн модны овоолго дээр үржил шимтэй газар олж, тэр цэцэг ургасан нь хачирхалтай.
Гэртээ тэр цэцгээ олз болгон аваачих хүсэлдээ автсан хүү гараа сунган ... цэцгийн ишинд хүрэх гэж хичээнэ.
Даан ч хүрсэнгүй.
Гэнэт, харин газар цөмрөх шиг боллоо.
Үнхэлцгээ хагартал айсан хүү унаж явахдаа, ингээд л үхдэг байж гэж бодлоо. Одоо ёроолд нь тулахаар няц үсрэх байх даа. Ёроолд нь хүрлээ. Гэхдээ ёроол нь зөөлөн, нойтон, хүйтэн байлаа.
Тас харанхуйд цүлхийтэл, хүйтэн ус руу нүүрээрээ яваад орчихлоо. Самгардсан хүү гараа савласаар, нүхний ханыг тэмтрэн оллоо. Бүх талаас нь нөмрөн авсан давчуу ханан дунд хүү бараг л зөнгөөрөө толгойгоо өргөн, усан дээр гарч ирлээ.
Гэрэл бүүдийнэ.
Тээр дээр. Бараг л километр шахуу хол санагдана.
Гараараа хана тэмтрэн ямар нэг зүүгдчихмээр юм хайв. Гөлгөр нойтон чулуунаас өөр юм байсангүй. Хүү хуучны хаягдсан худаг руу уначихжээ.
Хүү: «Авраарай» хэмээн байдаг чадлаараа хашхирав. Гүнзгий нарийн цооногт түүний дуу хүнгэнэн замхарна. Хашхирсаар л байв. Удалгүй тэртээд бүүдийх гэрэл бүрэнхийлэв.
Үдэш болжээ.
Харанхуйд цаг хугацаа сунгачихсан мэт урт. Цооногийн гүнд хүйтэн ус самран хашхирсаар, уйлсаар, сүүлдээ хөшиж эхэлнэ. Давчуу нарийн хана дээрээс нь юу юугүй нурж, амьдаар нь булшлах гэж байгаа мэт. Ус самарсаар, гар нь туйлдан янгинана. Хүн хашхирах мэт чимээ хэд хэдэн удаа сонсох шиг болсон ч хариу хашхирсны дараа, өөрийнх нь хоолой ч өөрт нь сонсогдохгүй байв. Яг л зүүд гэлтэй.
Шөнө цооног улам ч гүнзгий болчих шиг санагдана. Хана ямх ямхаар ойртон, түүнийг няц хавчих гээд байгаа юм шиг. Хүү ханыг түлхэн түлхэн зайчилна.Туйлдсан хүү сүүл сүүлдээ бууж өгөв. Усны гадарга цэлэлзэн, түүний шатсан айдсыг хөргөн хөргөсөөр, хөшөөж орхисон ажээ.
Аврах багийнхан ирэхэд хүү бараг л ухаангүй байлаа. Усан дотор бараг л таван цаг самарчээ. Хоёр хоногийн дараа, Бостон Бөмбөрцөг сонины эхний нүүрэнд «Бяцхан усч» хэмээх нийтлэл гарчээ.


* Кластрофоб гэдэг нь битүү орчинд байж чаддаггүй өвчин юм. Клатсро гэдэг нь хаалттай, битүү, фобиа гэдэг нь айдас гэдэг грек үг болно.

[center]Хэсэг 97[/center]
Тибер мөрөн руу өнгийх аварга чулуун цайзад машинаа оруулж тавихдаа, хассассин баясан инээвхийлнэ. Олзоо мөрөн дээрээ тохоод, спираль шатаар дээшээ дуу аялан өгсөнө. Гайхалтай сайхан ачаа байлаа.
Үүдэн дээрээ ирэв.
Гэгээрлийн сүм. Эртнээс нааш Иллюминатигийн уулздаг байсан газар. Энийг энд байх юм хэмээн хэн бодоо аж.
Дотогшоо ормогцоо, олзоо зөөлөн буйдан руу шидлээ. Тэгээд, бүсгүйн гарыг ард нь хүлж, хөлийг нь их л дадмаг тушив. Хамгийн сүүлийнхээ даалгаврыг гүйцээснийхээ дараа л шунан шунасан тачаалаа хангах хэрэгтэйг тэр сайн мэдэж байлаа. Ус.
Гэхдээ л, ядаж жаахан шүлэнгэнтэн шохоорхох цаг бий. Тэр бүсгүйн дэргэд сөхрөөд, гуяыг нь илэв. Зөөлөн, өндөр ажээ. Хуруугаа шортных нь шуумаг руу шургуулан, дээшээ ахиулна.
Тэгснээ гэнэт болилоо. Тэвч гэм. Сэрэл нь хөдөлсөн тэр бээр өөртөө хатуу тушаал өгнө. Боль, одоо цаана нь бас ажил байна.
Тэр өрөөндөө хэт холхисноо, өндөр чулуун тагтан дээр гарав. Оройн сэрүүн салхи сэрлийнх нь очийг бага ч атугай зөөллөв. Тэртээ доор Тибер мөрөн мяралзана. Дараа нь, нэгэн бээрийн дөрөвний гурвын хэр зайтай байгаа Гэгээн Петерийн ордны зүг хараа сунгавал, хэвлэлийнхний прожекторт тодоос тод харагдана.
«Та нарын сүүлчийн мөч ч ирлээ дээ» хэмээн чанга гэгч зүхэхдээ, загалмайтны дайны үеэр үрэгдсэн олон олон мусульман хүний өшөөг авч байгаадаа бахтай байлаа. «Шөнө дунд гэхэд, та нар тэр бурхантайгаа уулзана биз».
Ард нь бүсгүй хөдлөх сонсогдов. Хассассин эргэж харлаа. Бүсгүйг сэрээчихдэг ч юм билүү гэж бодов. Эм хүний айдас шингэсэн нүд сэрлийн галыг нь улам ч өрддөг билээ.
Гэхдээ, тэр ухамсартай шийдэлд хүрлээ. Түүнийг явсан хойгуур бүсгүй ухаангүй хэвтэж байсан нь дээр билээ. Гар нь хүлээстэй, хөл нь тушаатай, зугтаж чадахгүй нь тодорхой ч гэсэн, эргэж ирэхэд нь хүлээгээ тайлах гэж зүтгэсээр чадлаа барчихсан байвал онцгүй. Хүч чадлаа надад гамнаарай даа, хүүхэн минь.
Бүсгүйн толгойг аяархан өргөж, хүзүүг нь алган дээрээ тавиад гавлынх нь яг доод талын нүхийг төвөггүйхэн оллоо. Титэм даралтын цэгийг тэр тоолж томшгүй олон удаа ашигласан сан. Эрхий хуруугаа зөөлөн мөгөөрсөн дээр нь тавимагцаа байдаг хүчээрээ дарав. Бүсгүй татганан уналаа. Хорин минут орчим ингээд хэвтэж бай. Энэ сайхан өдрийг энэ сайхан хүүхнээр сайхан үднэ дээ. Хүүхнийг галзууртал нь эдэлж дуусаад, цааш нь харуулчихсаныхаа дараа, тагтан дээр гарч, Ватикан хэрхэн сүйрэхийг харна даа.
Буйдан дээр олзоо хаячхаад, бамбар барин доошоо одож, зоорь руугаа очлоо. Сүүлчийн даалгавар. Ширээн дээр очоод төмөр тамгаа авлаа.
Ус. Сүүлчийнх нь.
Бамбараа аваад, хассассин төмөр тамгынхаа үзүүрийг галд хийлээ. Тамга улайссаар, сүүлдээ цайрч эхлэхийн алдад галаас авч сараалжин тор руу очив.
Дотор нь нэг өвгөн зогсоно.
«Баггиа кардинал. Та залбирч амжив уу?» гэж тохуурхан асуув.
«Таны сүнсийг аврахын тулд залбирсан» гэж итали өвгөн мөчөөгөө өгөлгүй хариуллаа.
Хэсэг 98

Санта Мариа дэлла Витториа сүмийн галыг зургаан роmрieri гэх гал сөнөөгч Халон хий тэслэн унтраана. Усаар унтраавал хямдхан ч гэсэн даралттай шүршихэд сүмийн зүмбэр, шуумлыг сүйтгэчих аюултай, тиймээс Ватикан харьяаныхаа сүм хийдийн галыг түргэн атлаа болгоомжтой унтрааж байг гэж Ромын гал сөнөөгчдөд чамгүй цалин өгдөг билээ.
Помпиеринууд үхсэн хүн, сүйдсэн барилгыг харж явах ажилтай боловч энэ сүмд харсан аймшгийг хэн нь ч энэ насандаа лав мартахгүй биз ээ. Загалмайд хадсан ч юм шиг, дүүжилсэн ч юм шиг, галдан шатаасан ч юм шиг энэ аллага албин чөтгөр өөрөө ирээд тоглоом тохуу хийсэн юм уу гэлтэй.
Хэвлэлийнх нь дандаа л гал командаас түрүүлж ирдэг, тэр ёсоороо бас л түрүүлээд ирчихсэн, гал сөнөөгчид сүмийг цэвэрлэж янзлахаас өмнө, дэндүү олон зураг дарчихсан байлаа. Эцсийн эцэст, гал сөнөөгчид шатаар авирч цовдолсон олсыг нь нэг талаас нь огтолж, хөөрхий өвгөний хүүрийг доош буулгах үед, талийгаач хэн байсан бэ гэдэг аль хэдийн тодорхой болчихсон байлаа.
«Барселоны Гвидера кардинал» хэмээн нэг нь бувтнана.
Талийгаачийг нүцгэлж, шалдалжээ. Гуяын мах нь өмийтэл түлэгдэн язарч, тэр язархайгаар нь хундан цус шүүрэн, доод бие нь хар, хүрэн улаан болжээ. Харин шилбэний мах нь шөрмөсөөрөө задарч, зарим газраараа яс нь цухуйн цайрна. Нэг гал сөнөөгч бөөлжиж орхив. Нөгөө нь тэсэлгүй, цэвэр агаар эрэлхийлэн, гадагш гүйн гарлаа.
Хамгийн их сэрдхийлгэсэн зүйл бол кардиналын цээжин дээр сийлсэн тамга байлаа. Гал командын баг ахлагч хүүрийг тойруулан харахдаа, эрхгүй ярвайна. Lavoro de diavolo (Чөтгөрийн л ажил даа. ита) хэмээн бувтнана. Сатаанаас өөр хэн ингэж чадах вэ дээ. Насанд хүрснээсээ хойш анх удаа, загалмайлан мөргөв.
«Un’ altro corpo! (Өөр нэг хүүр байна! ита)» Нэг гал сөнөөгч дахиад нэг хүүр олжээ.
Хоёр дахь хүүрийн баг ахлагч шууд л танилаа. Швейцар жардын хилэн ихт захирагчид хууль сахиулах байгууллагын ямар ч ажилтан дуртай байдаггүй байжээ. Баг ахлагч Ватикан руу утастсан ч, бүх шугам нь гацчихсан байлаа. Тэртээ тэргүй энэ тухай Швейцар жард зурагтаас олоод мэдчих юм чинь гэж бодоод дахиж утастсангүй.
Энд ер нь юу гээч нь болоо юм бол хэмээн ухаарах санаатай баг ахлагч орчныг ажиглан алхаж явахдаа, сумны нүхээр дүүрсэн нэгэн гонхонг олж харлаа. Чулуун авс ивээс хавтангаа тийрээд, хөмөрч орхисныг ажвал, хүчлэн тэмцэлдсэн нь илт. Ёстой холион бантан. Цагдаагийнхан, Ариун ширээтийнхэн хоёрын ажил байна даа. Тэгээд, эргэлээ...
... Эргээд ... явсангүй, хөшиж орхив. Хөмөрсөн авсан доороос нэг чимээ гарна. Ямар ч гал сөнөөгч тийм чимээ сонсохыг огт хүсэхгүй билээ.
«Bomba! Tutti fuori! (Бөмбөг! Бүгдээрээ гараарай! Ита. )» хэмээн ухаан зулаггүй хашхиран гүйлээ.
Мина илрүүлэгч сапёрууд ажилдаа орж, хөмөрсөн чулуун авсыг өргөөд, чаг чаг хийх цахим чимээний учгийг тайлав хэмээн ухаан зулаггүй хашхиран гүйлээ.
Мина илрүүлэгч сапёрууд ажилдаа орж, хөмөрсөн чулуун авсыг өргөөд, чаг чаг хийх цахим чимээний учгийг тайлж, бие биеэ гайхан ширтэнэ.
Тэгснээ, нэг нь эргэж хараад: «Medico! Medico! (Эмч! Эмч дуудаарай!)» хэмээн тэвдэн хашхирлаа.
[center]Хэсэг 99[/center]
Камерлинго Систин цогчноос Папын өргөө рүү алхангаа, араасаа дагаж яваа Рошер рүү хандан «Оливеттигээс сурагтай юу?» гэлээ.
«Алга аа, эрхэм ээ. Муу юм сонсогдох вий л гэж эмээнэ».
Папын өргөө рүү дөнгөж орж ирмэгцээ, камерлинго эргэж хараад өгүүлэв. «Занги аа. Өнөө шөнө өөр юм хийж чадахгүй нь бололтой. Би ер нь дэндүү их юм ч хийчхэв үү дээ. Б энэ өрөө рүү орж мөргөл хийлээ. Битгий саад болоорой. Одоо яадаг ч байсан бурхны ивээлээр л болох болтугай».
«Мэдлээ, эрхэм ээ».
«Цаг багасаад л байна шүү, занги аа. Канистерыг олоорой».
«Бид эрлээ үргэлжлүүлж л байна. Их л сайн нуусан байна».
Камерлинго тэр тухайд итгэмжгүй байгаа бололтой, гараа саваад: «Тийм, тийм. Хэрэв энэ шашин тэсрэх бөмбөг дээр суусан хэвээрээ байвал, яг 11 цаг 15 минутад та кардиналуудыг эндээс гаргаарай. Тэдний аюулгүй байдлыг би танд л найдъя. Ганц л юм харин гуйя. Тэр хүмүүсийг энэ газраас нэр төртэй еэ гаргаарай. Тэд Гэгээн Петерийн талбай руу гарч, энэ дэлхийн бүх хүнтэй хамт мөр зэрэгцэн зогсог. Энэ шашны сүүлийн дүр зургийг арын хаалгаар нохой шиг зулбаж байгаа хөгшчүүл шиг байлгамааргүй байна шүү.»
«Мэдлээ, эрхэм ээ. Харин та яах вэ? Би 11:15-д ирж танд мэдэгдэх үү?»
«Хэрэггүй дээ»:
«Эрхэм ээ?»
«Бурхан дуудвал, би тийшээ очно».
Рошер гайхасхийн, камерлинго одоо хаа нэгтээ явах гэж байгаа юм болов уу гэж бодов.
Камерлинго Папын өргөөний хаалгыг нээгээд, орох гэснээ зогтусан: «Ингэхэд ... нэг юм асууя».
«Тэгэлгүй яах вэ, эрхэм ээ».
«Өнөө шөнө энэ өргөөнд нэг л зэврүүн байх юм. Би жаахан даарсгээд байна».
«Цахилгаан халаалтыг салгачихсан юм л даа. Би танд гал түлж өгөх үү?»
Камерлинго цонхийсон царайдаа инээвхийлэл тодруулан: «Баярлалаа. Их баярлалаа» гэв.
Ивээгдсэн Мариа эхийн жижигхэн барималын өмнө, лааны гэрэлд залбирах камерлингог орхиод, Рошер Папын өргөөнөөс гарав. Их л эвгүй төрх байлаа. Харанхуй сүүдэр - алтрах жижиг гэрлийг нөмрөн дарах мэт. Рошер гудмаар алхаж явахдаа, нэгэн харуул өөдөөс нь гүйж явааг харлаа. Лааны гэрэл бүдэг байсан ч Шартрон дэслэгч ирж яваа нь танигдана. Залуухан, ногоон нүдтэй, эрэмгий залуу.
«Занги аа» хэмээн гартаа гар утас барьсан Шартрон уухчин ирлээ. «Камерлингогийн хэлсэн үг хүмүүст хүрсэн бололтой. Бидэнд тусалж магадгүй мэдээлэл байна гэж нэг хүн сая утсаар хэллээ. Тэр Ватиканы нууц өргөтгөлүүдийн нэгээс нь залгасан байна. Гэхдээ, яаж энэ дугаарыг олсныг ёстой бүү мэд».
Рошер алмайран: «Юу гэнэ ээ?» гэв.
«Заавал ахлах тушаалын хүнтэй ярина гэнэ ээ».
«Оливеттигээс сурагтай юу?»
«Алга аа, эрхэм ээ».
Рошер утас авлаа. «Рошер занги сонсож байна. Би энд ахлах тушаалын хүн нь байна».
Утасны цаанаас нэг хүн: «Рошер! Би хэн бэ гэдгээ чамд эхэлж тайлбарлаад, дараа нь чамайг юу хийх вэ гэдгийг чинь хэлье» гэлээ.
Цаад хүн ярьж дуусаад, утсаа таслахад, Рошер хөшиж орхичихсон байлаа. Тэр хэнээс тушаал аваад байгаагаа одоо л ухаарчээ.
СЭРН-д Силвий Бодлок авхай Колэр руу залгаж лиценз авах гэсэн хүмүүсийн утасны дуудлага дунд живж байв. Захирлын ширээн дээрх хувийн утас жингэнэж эхлэхэд, Силвий хамгийн түрүүнд үсрэн очиж тэр утсыг авлаа. Тэр утасны дугаар хэнд ч байдаггүй ажээ.
«Байна уу?»
«Байна, байна. Колэр захирал нь байна. Миний нисэгчийг ол. Тэгээд таван минутын дараа бэлэн бай, намайг онгоцоороо явах гэж байна гээ» гэв.

_________________
Avatar by Someone


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 5:51 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
[center]Хэсэг 100[/center]
Роберт Ландон нүдээ нээвэл, дээврийн цомбон гонхны эгц 1 доор, гоёмсог зүмбэрийг нь ширтэн хэвтэж байв. Хэдий хэр ухаангүй байсан, хаа байгаагаа төдийлөн ухаарч чадахгүй ажээ. Тэртээ дээр утаа олгойдно. Нүүрэнд нь хүчилтөрөгчийн баг зүүчихжээ. Тэр багаа татаж хаяв. Түлэнхий махны ой гутам үнэр ханхийлээ.
Ландон толгойгоо санжгануулан өндийв. Суух гэж оролдоно. Хажууд нь цагаан хувцастай залуу сөхрөн суужээ.
«Riposati! (Хэвт, хэвт! ита)» хэмээн тэр хэлээд, Ландоныг эргүүлээд, зөөлөн хэвтүүллээ. «Sono ilparamedico (Удахгүй эмч ирнэ. ита)».
Ландон үхэх шахан, толгой нь яг л дээр нь эргэлдэж байгаа утаа шиг эргэлдэнэ. Юу болчхов оо? Аймшигтай мэдрэмж төрж, хамаг бие нь загзайна.
Эмч гүйж ирээд: «Sorcio Salvatore (Аврагч хулгана. ита)» хэмээн үглэнэ. «Аврагч хулгана!»
Ландоны толгой бүр ч эргэж орхив. «Юун аврагч хулгана вэ?»
Эмч залуу гартаа зүүсэн Микки маустай цагийг нь заалаа. Ландоны толгой, одоо л нэг, юм ойлгохтойгоо болов. Ухаан алдахынхаа өмнө, цагийнхаа сэрүүлгийг тавьж байсан санагдана. Тэгснээ, цагийнхаа нүүрийг гөлийн харж суулаа. Гэнэт нөгөө цаг нь 10:28 зааж байгааг анзаарав.
Ландон гэнэт шууд босоод суучхав.
Удалгүй эргээд уналаа.
Гал сөнөөх багийн дарга, хэдэн хүнтэйгээ Ландоныг гол тахилын өмнө, юу ч юм бэ, асуун шалгаан зогссон ч тэр огт сонссонгүй. Шал өөр асуулт толгойг нь зовооно. Бүх бие нь өвдөж байгаа ч ямар нэг юм хийх хэрэгтэй байлаа.
Нэг гал сөнөөгч түүнд дөхөж ирээд: «Би дахиж шалгалаа. Энд Гвидера кардинал, Швейцар жардын захирагчийн цогцсоос өөр юм алга. Эмэгтэй хүн байсан шинж огт үгүй байна» гэлээ.
«Grazie (Баярлалаа. ита)» гэж Ландон хэлсэн ч айсан, баярласны алин болохыг бүү мэд. Витториа ухаан алдчихсан шалан дээр хэвтэж байхыг яах аргагүй харсан даа. Тэгтэл одоо алга. Яагаад гэдэгт ганц хариулт байж болох ч төдий л сайхан хариулт биш байлаа. Алуурчин утсаар ярьж байсныг нь санав. Ариун дагина уу даа? Хамаг сэрэл хөдөлчихлөө байна. Энэ шөнө дуусахаас өмнө, би чамайг барьж авна даа. Барьж аваад...
Ландон эргэн тойрноо харснаа: «Щвейцарь жард хаана байна вэ?»
«Холбоо барихгүй л байна. Ватиканы бүх холбоо гацчихсан юм шиг байна».
Ландон гэнэт ганцаардан балмагдав. Оливетти хөнөөгджээ. Кардиналыг ч хөнөөчхөж. Витториа алга болчихсон. Дээрээс нь амьдралынх нь гучин минут яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон.
Сүмийн гадаа хэвлэлийнхэн шуугихыг сонслоо. Хэрэв кардиналыг аймшигтайгаар хөнөөсөн энэ мэдээг дэлхий даяар аль хэдийн цацчихаагүй бол, тун удахгүй цацах нь мэдээж байлаа. Камерлинго байдал муудаж байгааг ухаараад, шаардлагатай арга хэмжээ авч байгаа болов уу гэж горьдоно. «Ватиканыг нүүлгэ! Хангалттай тоглолоо! Ялагдсанаа хүлээ!»
Ландоныг одоо хүртэл түлхэж байсан сэдэл - Ватикан хийдийг хамгаалах, дөрвөн кардиналыг аврах, олон жилийн турш судалсан нөхөрлөлтэйгөө халз тулах зэрэгт түлхсэн тэр сэдэл гэнэт агаарт замхран, гонсойлоо. Дайнд ялагдлаа. Гэхдээ, бүх биеийг нь өөр нэг сэдэл хөвчилж эхлэв. Маш энгийн, хурц, адгууслаг сэдэл.
Витториагаа олох!
Сэтгэл нь гэнэт гансрав. Нэг аймшигтай цаг мөч, хоёр хүнийг арван жил хамт байсан ч нэгтгэж чадахааргүй их хүчээр нийлүүлдэг гэж Ландон олонтаа сонсож явсан сан. Үүнд тэр одоо итгэлээ. Витториа байхгүй болохоор, арваад жилийн турш мэдрээгүй сэтгэлийн хоосрол дахиад л хүрээд ирэв. Харин энэ мэдрэмж түүнд асар их хүч өглөө.
Бүх зүйлийг толгойгоосоо арчаад, зөвхөн ганц бодол дээр төвлөрөх гэж оролдлоо. Хассассин хурьцлын амтыг шохоорхохоосоо өмнө, ажлаа дуусгахаар зүтгээсэй гэж Ландон залбирна. Тэгэхгүй бол, Ландон аль хэдийн хоцорчихсон байх байлаа. Үгүй шүү, надад цаг бий хэмээн өөртөө шивнэв. Витториаг барьцаалсан этгээдэд хийх ажил бий. Үүрд алга болохоосоо өмнө, нэг удаа лавтай яа гарч ирэх ажил бий.
Эрдмийн сүүлийн тахил. Алуурчинд нэг ажил бий. Шороо, хий, гал, ус.
Цагаа харвал гучин минут дутуу байлаа. Тэрээр өөдөөсөө ирж яваа гал сөнөөгчийн хажуугаар гөлрөн зөрж Гэгээн Терезагийн таашаал баримал руу очлоо. Тэр юу хайж байгаагаа сайн мэдэж байв.
Ангель бүр ариун эрлийг чинь заана.
Гэгээнтний яг дээр, алтадмал галтай гонхоны наахна, Бернинигийн ангель зогсч байв. Ангель гал бадамласан жад гартаа барьжээ. Тэр жадыг дагуулан харвал, сүмийн баруун тал руу зааж байлаа. Дагуулсан харц ханан дээр ойв. Тэнд юу ч байсангүй. Мэдээж энэ жад хананаас цаана, Ромын хаа нэгтээ байгаа сүмийн зүг, харанхуйн дунд чиг зааж байгаа билээ.
«Энэ аль зүг вэ?» гэж Ландон эргэж хараад, гал сөнөөх багийн дарга руу шийдэмгий төрхтэй асуув. Дотроос нь адгууслаг шинэ сэдэл шатааж байлаа.
«Зүг гэм?» хэмээн Ландон хана руу заалаа. Нөгөөх нь цочирдон: «Мэдэхгүй. Өрнө зүг байх аа».
«Тэр зүгт ямар сүм байдаг вэ?»
Гал сөнөөх багийн дарга бүр алмайран: «Хэдэн арваараа бий. Яах гэсэн юм бэ?» гэв.
Ландон бухимдаж эхлэв. Мэдээж, хэдэн арваараа л бий шүү дээ. «Газрын зураг хэрэгтэй байна. Шалавлаарай!»
Багийн дарга нэг хүнээ машин руугаа зарж, хотын зураг авахуулахаар явуулав. Ландон баримал руу эргэн харж бодлоо үргэлжлүүлнэ. Шороо, хий, агаар, ВИТТОРИА.
Сүүлийн тэмдэг ус хэмээн Ландон шивнэнэ. Бернинигийн ус. Тэнд бас нэг сүм байх ёстой. Бас зүү шиг гэрэлт хөшөө. Бернинигийн бараг л бүх бүтээл толгойд нь эргэлдэнэ. Усанд зориулсан тэмдэг л хэрэгтэй.
Ландоны бодолд Бернинигийн Грекийн далайн бурханд зориулсан Тритон гэх баримал буув. Гэхдээ, энэ баримал энэ сүмийн гадаа, шал өөр зүг рүү хараад зогсч байгааг бас саналаа. Дахин бодов. Бернини ямар зүйлийг усыг алдаршуулан бүтээх вэ? Нептун, Тритон хоёр гэх далайн бурхдын хөшөө юү? Даан ч тэр хөшөө Лондоны Викториа, Альбертын музейд бий.
«Эрхэм ээ» гэсээр нэг гал сөнөөгч газрын зураг барьсаар айсуй.
Ландон түүнд талархаад, газрын зургийг шууд тахилын ширээн дээр дэлгэлээ. Тэр зураг руу хармагцаа л зөв хүнээсээ газрын зураг асууснаа мэдэв. Ромын гал сөнөөгчдийн газрын зураг түүний мэдэх бүх газрын зургаас хамгийн тодорхой тэмдэглэлтэй нь байлаа. «Бид хаана байна?»
Нөгөө залуу зааж: «Пиаца Барберинигийн дэргэд» гэв.
Ландон ангелийн барьсан жадыг дахин харж зүгээ барагцаалаад, газрын зураг руу шагайв. Галын багийн дарга зөв хэлжээ. Зургийн дагуу бол тэр сум өрнө зүг рүү заах ажээ. Ландон газрын зураг дээрээс өрнөш дагуулан хармагц бүх найдвар нь салхинд хийсчих шиг л боллоо. Хуруу нь бараг л ямх тутам жижигхэн хар загалмай дайран гарна. Тэр бол сүмийг тэмдэглэсэн тэмдэглэгээ байлаа. Хот сүмээр дүүрчихсэн ажээ. Ландоны хуруу явсаар хотын зах руу орчхов. Тэр гүнзгий санаа алдаад, газрын зургаас саллаа. Чөтгөр гэж!
Хотын газрын зургийг дээрээс нь харж, өмнөх гурван кардинал хөнөөгдсөн газруудыг бүртгэлээ. Чиги сүм... Гэгээн Петерийн талбай ... тэгээд энд.
Өмнөө байгаа тэр сүмүүдийг ажвал байршлууд нь нэг л жигтэй санагдав. Уул нь тэр сүмүүдийг Ромын хаана ч байсан хамаагүй, санамсаргүй сонгосон мэт санагдаж байсан бол одоо харин үгүй бололтой. Тэр гурван сүм Ром даяар том гэгч тэнцүү талт гурвалжин үүсгэн их л цэгцтэй барьсан санагдав. Ландон дахин шалгав. Зөв байлаа. Penna (Үзэг. ита.) гээд толгойгоо өндийлгөлгүй хэлэв.
Нэг хүн гарт нь бал атгуулж байх.
Ландон гурван сүмийг холбон харав. Зүрх нь огшоод ирлээ. Гурвантаа шалгав. Тэгш талт гурвалжин!
Америк долларын дэвсгэрт дээр байдаг дундаа бүхнийг тольдогч мэлмий бүхий пирамид Ландоны бодолд эхэлж буулаа. Гэхдээ, утгагүй байв. Тэр зөвхөн гурван цэг л холбосон. Уул нь, дөрөв байх ёстой шүү дээ.
Тэр золигийн ус нь хаана байна аа? Энэ тэгш өнцөгт гурвалжны хаана ч дөрөв дэх цэг тавьсан гурвалжин өөрөө алга болчих гээд байлаа. Дөрөв дэх цэгийг тавих боломжийн ганц хувилбар нь гурвалжны дотор, яг голд нь тавих байна. Газрын зураг руу харвал, тэнд юу ч алга. Буруу боджээ. Дөрвөн махбод дөрвүүлээ тэгш гэж тооцогддог. Тэгэхээр, усыг гурвалжны голд тавьж онцгойлох учиргүй.
Гэхдээ, сүмүүдээ ингэж гурвалжилж барьсан нь тохиолдлын хэрэг биш гэж бодогдоод салдаггүй. Би зургийг бүхэлд нь харж чадахгүй байгаа юм болов уу. Өөр боломж бий. Дөрвөн цэг гурвалжин биш, харин өөр дүрс үүсгэх.
Ландон газрын зураг руу харан бодолхийлнэ. Дөрвөлжин юм болов уу? Дөрвөлжин ямар нэг билэгдэл агуулдаггүй, хоёр тал нь ямагт тэгш хэмтэй байдаг. Энэ гурвалжинг дөрвөлжин болгочхоор цэгт Ландон хуруугаа тавьж харав. Төгс дөрвөлжин болгох ямар ч арга байхгүй нь тодорхой байлаа. Дээр нь байгаа гурвалжин тэгш атлаа дөрвөлжин нь яйжиг болчхоод байлаа.
Нөгөө гурвалжнаа дахин дахин ажигласаар, Ландон санаанд оромгүй зүйл оллоо. Чигээ олохын тулд жад дагуулан зурсан шугам боломжийн нэг газрыг дайран өнгөрчээ. Ландон тэр цэгийг дугуйлав. Тэгээд ажвал, тэр дөрвөн цэг ямар нэг цаасан шувуу маягийн ромбо үүсгэжээ.
Царай нь урваганаад явчхав. Ромбо Иллюминатигийг бэлгэдэл биш шүү дээ. Гэснээ бодол нь зогтусав...
Хэсэг зуур Иллюминатигийн Очирын тухай мань хүн бодов. Гэхдээ, энэ шал дэмий бодол байлаа. Доошоо унжсан, цаасан шувуу шиг ромбо л лав Иллюминатигийн бэлгэддэг тэгш хэмийн төлөөлөл болж яавч чадахааргүй байлаа.
Ландон дөрөв дэх дугуйлсан цэгээ ажиглаж байхдаа, тэр цэг Ромын алдарт Пиаца Нованагийн яг голд байхыг анзаарав.Тэр талбай дээр том гэгч сүм байдаг ч энэ сүмийн тухай мань хүн аль хэдийн бодож амжсан байжээ. Түүний мэдэхээс, тэнд Бернинигийн нэг ч бүтээл байхгүй. Сүмийг Агонигийн Гэгээн Агнесийн сүм гэнэ. Сүсгээ алдахгүй гэснийхээ төлөө бэлгийн боолчлолд орсон арван хэдтэй зандан жаал хүү Гэгээн Агнесийн нэрээр нэрлэгджээ.
Тэр сүмд нэг юм байх л ёстой доо. Ландон толгойгоо барин тэр сүмийн доторхийг зураглах гэж оролдоно. Ямартай ч Бернинигийн бүтээл, тэр дундаа устай холбоотой бүтээл огт байхгүй санагдав. Газрын зураг дээр татсан дүрс бодлыг нь үймүүлнэ. Тохиолдлоор гэхэд хэтэрхий төгс ромбо өмнө нь байх боловч ямар нэг утга илэрхийлэхээр төгс байж чадахгүй байх шиг. Ромбо? Буруу цэг хараад байгаа юм биш биз гэж Ландон гайхав. Тийм бол би юу анзаараагүй хэрэг вэ?
Юуг анзаараагүйгээ мэдэх гэж дахин гуч орчим секунд болоод, олсныхоо дараа эрдмийн төлөө өнгөрөөсөн амьдралд нь байгаагүй ихээр инээд нь хүрлээ.
Иллюминатигийн суу билэг яндашгүй ажээ.
Тэр дүрс огт ромбо биш ажээ. Тэр дөрвөн өнцгийг хажуу талаар нь холбочихсон болохоор л ромбо шиг харагдаад байжээ. Иллюминати эсрэг тэсрэгийн хуульд итгэдэг байсан. Эсрэг цэгүүдийг холбоход гар нь чичирч байлаа. Өмнө нь том гэгч загалмай тодров. Энэ чинь загалмай байсан байна шүү дээ. Дөрвөн махбод Ромыг агуу том загалмай үүсгэн хэржээ.
Тэрээр газрын зургийг мэлрэн зогсохуй, шүлгийн мөр санаанд буух нь, яг л хуучин найз нь шинэ хувцас өмсөн ирэх шиг санагдана.
...Ромыг хэрэн шидэт махбодууд хүрээлжээ...
Хэрэн гэдэг чинь хэрээс буюу загалмайг хэлжээ.

Манан цэлмэх шиг болов. Хариулт түүний өмнө нь бүх шөнийн турш ил зогсч байжээ. Иллюминатигийн шүлэг махбодууд хэрхэн эрэмбэлэгдсэнийг хэлээд байжээ. Загалмай, хэрээс гэж.
... Ромыг хэрэн шидэт махбодууд хүрээлжээ.

Эвтэйхэн үг сэлгээ байх нь. Эхэндээ хэрэн гэдэг үгийг Ландон шүлгийн данг тааруулах гэж сонгосон үг гэж бодож байлаа. Гэтэл, түүний бодсоноос илүү гүнзгий утгатай байжээ. Бас л нэг оньсого.
Зураг дээр байгаа загалмай бол Иллюминатигийн төгс эсрэгцлийн тэмдэг байлаа. Эрдмийн махбодоор хүрээлсэн шашны тэмдэг байв. Галилейн Гэгээрлийн мөр нь эрдэм, шашин хоёрт хоёуланд нь барьсан өргөл ажээ. Оньсогын бусад хэсэг нь тэр даруйдаа эвлэв.
Пиаца Новано.
Агонигийн Гэгээн Агнесийн сүмийн урд, пиаца Нованогийн талбайн яг голд нь Бернинигийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь байдаг. Ромд ирсэн хүн бүр үүнийг үзэх гэж тэнд очдог.
Дөрвөн мөрний оргилуур!
Бернинигийн Дөрвөн мөрний оргилуур нь дэлхийн хамгийн том дөрвөн мөрөн Нил, Ганга, Данюб, Рио Платад зориулагдсан төдийгүй усан махбодыг илэрхийлж байжээ.
Ус! Сүүлийн тэмдэг! хэмээн Ландон бодов. Дэндүү төгс ажээ.
Бялууны жимс шиг хамгийн олзуурхууштай нь, тэр оргилуурын яг голд өндөр гэгч гэрэлт хөшөө байдаг ажээ.
Гал сөнөөгчдийг гайхшруулсаар Ландон сүмийн үүдэнд хэвтээ хөөрхий Оливеттигийн цогцос руу дөхөв..
10:31 гэдэг чинь цаг байгаа л юм байна. Ландонд, өнөөдөр алуурчнаас түрүүлж байгаа юм шиг анх удаагаа санагдав.
Урт бандан сандлаар халхлан байж, Оливеттигийн хажууд сөхөрч суухдаа захирагчийн хагас автомат буу, гар холбоо хоёрыг нь сэм авлаа. Тусламж дуудах хэрэгтэйгээ мэдэж байсан ч, энд дуудаж болохгүй байв. Одоохондоо эрдмийн сүүлийн тахилын тухай хүнд мэдэгдэх болоогүй. Хэвлэлийнхний шуугисан олон тэрэг, гэрэл дохиогоо хангинуулан зүтгэх гал сөнөөх тэргийн аль аль нь Пиаца Нованод очвол, байдал улам л муудна.
Сүмийн хаалгыг нээн, цутган орж байгаа хэвлэлийнхний хажуугаар Ландон чимээгүйхэн гарч одов. Тэгээд, Пиаца Барбериниг хөндлөн гүйлээ. Сүүдэр даган гүйнгээ гар холбоогоо асааж, Ватиканыг дуудсан боловч хариу өгсөнгүй, таг чиг. Холбоо барих тойргийн гадна байгаа юм уу, эсвэл гар холбоо ажиллахын тулд ямар нэг нууц код оруулдаг юм уу. Дээр нь байгаа товч, жижиг хүрдийг хэчнээн тохируулах гэж оролдсон ч бүтсэнгүй. Ватиканаас тусламж гуйх гэсэн оролдлого бүтэхгүй тийшээгээ боллоо. Таксофон хайн орчин тойрноо харав. Ганц ч алга. Тэгээд ч, Ватиканы холбоо тэртээ тэргүй гацчихаад байгаа.
Орь ганцаараа хоцорчээ.
Төрж байсан итгэл нь бөхөж эхлэхийн цагт, Ландон өөрийгөө гэнэт ямар арчаагүй харагдаж байгаагаа төсөөлөв. Яс үсний сэг, тоос шороогоор булагдчихсан, цөхөрч туйлдсан, бас үхтлээ өлсөж байлаа.
Ландон аргаа баран эргэж харав. Сүмийн дээврийн цомбон гонхноос утаа олгойдон, доороо байгаа хэвлэлийнхний прожектор, гал сөнөөх тэргийн дохионд ёлтойн үзэгдэнэ. Буцаж очоод, тусламж гуйдаг ч юм уу? Гэхдээ, илүү туслалцаа, ялангуяа дадлагагүй хүмүүсийн тус ус болж магадгүй байлаа. Хассассин эд нарыг ирж явахыг харвал ч... Витториа санаанд нь оров. Алуурчныг тосч уулзах цорын ганц боломж энэ л байлаа.
Пиаца Нованы хэмээн бувтнана. Ганцхан бээрийн цаана байгаа тэр талбай руу явгаар очсон ч хангалттай цаг байна. Гэхдээ байгаа чадлаа замдаа үрчихгүйг бодон, орчноо ажвал, талбай бараг л хов хоосон байлаа. Өдийд таксины жолооч нар зурагт олж үзэх гээд алга болчихсон биз. Эргэж сүм рүү хараад, тэнд багшралдаж байгаа хүмүүсээс машин асуудаг юм уу гэж бодлоо.
Галын машин уу? Хэвлэлийн машин уу? Арай ч юу юм бэ?
Хараад зогсоод байвал, цаг урсаад л байх ажээ. Эцэстээ Ландон шийдэн, хармаанаасаа буугаа авч ерийн үед огт гаргахааргүй бүдүүлэг зан, зориг гаргалаа. Гэрэл дохионы дэргэд түр зогсоо Ситроен маркийн суудлын тэрэг рүү гүйн очиж, жолооч руу нь буугаа онилоод: «Fuori (Гар)!» гэлээ.
Айж тэвдсэн жолооч ч ум хумгүй гарав.
Ландон жолооны ард суугаад, хархийтэл хаазлан одлоо.
[center]Хэсэг 101[/center]
Гунтер Глик Швейцар жардын өргөөнд саатуулах тасалгааны бандан сандал дээр суугаад, энэ бүхэн зүүд БИШ байгаасай хэмээн мэддэг бүх бурхандаа залбирна. Амьдралынх нь хамгийн азтай мөч энэ байлаа. Яг одоо ямар ч сурвалжлагч Гликийн оронд байхыг хүсэх сэн биз.
Чи зүүдлээгүй байна. Чи од болчихлоо. Дан Ратэр ч чамд атаархан уйлах биз.
Макри хажууд нь нэг л мэгдсэн байртай харагдана. Глик бүсгүйг ойлгож байв. Камерлингогийн хэлсэн гайхалтай үгийг шууд дамжуулаад зогсохгүй, тэр хоёр тамлуулж үхсэн кардиналууд, хордож талийсан Пап , ялангуяа тэр хэл нь, үзүүлэхэд ч аймшигтай зургийг дэлгэж, үхэл ирж яваа алхааг тоолсон антиматерийн канистерын шууд бичлэгийг нэвтрүүллээ. Ёстой гоё!
Энэ бүхнийг камерлингогийн тушаалаар хийсэн болохоор, тэр хоёрыг Швейцар жардын саатуулахад хорьсон шалтгаан нь энэ биш байлаа. Тэгж нэвтрүүлж байх үедээ, Гликийн хэлсэн нэмэлт үг жардад таалагдаагүйгээс энд суугаа ажээ. Дөнгөж хийсэн шууд ярилцлагадаа, Глик энэ тухай ярьж болохгүй гэдгээ мэдэж байсан ч, азтай хормоо алдаж болохгүйг ухаарсандаа, зоргоороо туучихсан нь тэр билээ. Глик ч сэргэлэн шүү!
«Арван нэгдэх Самар хүн гэнэ шүү» гэж Макри илэрхий унтууцан үг хаяв.
«Гоё болсон, тийм биз дээ?» хэмээн Глик хөөрцөглөн, бүр дотроос нь баясал төрөн, гайхуулах маягтай асуув.
«Ёстой гоё тэнэглэл байлаа».
Ямар атаархуу золиг вэ гэж Глик бодов. Камерлингогийн хэлсэн үгийг дамжуулсны дараахан, Глик дахиад л зөв газраа зөв цагтаа байгаа мэдлээ. Тэр Рошер занги бусдадаа тушаал өгч байхыг сонсжээ. Рошер утсаар хүнтэй ярьсан агаад тэр хүнд нь одоогийн байдалтай холбоотой чухал мэдээлэл байгаа ажээ. Рошер тэр хүн бидэнд тусалж магадгүй, тиймээс тэр хүнийг угтаж авахад бэлд гэж ярьж байлаа.
Хэдийгээр ямар мэдээлэл тэр хүнд байгааг нь Глик мэдээгүй боловч бүх л сайн сурвалжлагч нарын адил - увайгүй зан гаргав. Ватиканы нэг харанхуй мухар руу очоод, Макриг камераа асааж, төвтэй шууд холбоо бариулаад, сурвалжлагаа хийжээ.
«Бурхны хотоос гоц сонирхолтой үйл явдлын тухай мэдээлж байна» хэмээн Глик зарлан, нүдээ жартайлгаж улам ч ноцтой болгох гэж оролдоно. Тэгээд цааш нь нууцлаг нэгэн Ватиканд ирж асуудлыг гогцоог тайлах гэж байгаа тухай ярилаа. Арван нэгэн цагийн Самар хүн* хэмээн Глик түүнийг нэрлэсэн нь эцсийн мөчид авралын гараа сунгасан танихгүй хүнд бол яг таарсан нэг байлаа. Энэ мэдээг бусад хэвлэл өлгөн авч, шуугиж эхэллээ. Ингээд, Глик дахиад л од боллоо.
Би ч сэргэлэн байсан шүү хэмээн Глик хөөрцөглөн бодно. Петер Женнинс өдийд гүүрнээс үсэрч, амиа хорлож байгаа биз, хэхэхэ.
Глик тэгж нэвтрүүлснийхээ дараа, өөрийнхөө мэддэг хов живээс зарим нэг таамаглалыг нь хачирлаж, мэдээгээ бүр ч догь болгосон байв.
Гайхалтай. Ёстой гоё болсон шүү.
«Чи хамаг юм баллаад хаячихлаа» гэж Макри үглэнэ.
«Юу гэсэн үг вэ? Би ёстой гоё сурвалжлага хийчхээд сууж байхад».
Макри итгэмжгүй ширтэн: «Ерөнхийлөгч асан Жорж Буш уу? Иллюминатус байсан гээд байгаа шүү».
Глик инээвхийлнэ. Үүнээс тодорхой юм гэж юу байсан юм бэ? Жорж Буш бол 33 дугаар зэргийн масон, Тагнуулын төв газрын дарга байсан нь баримттай шүү дээ. Түүнийг дарга байх үед л Тагнуулын төв газар Иллюминатигийн тухай мэдээлэл цуглуулж, мөрдөж байснаа гэнэт нотлох баримт хангалтгүй гээд больчихсон дог. Үг хэлэхдээ дандаа л «мянга мянган гэрэлт цог», «Дэлхийн шинэ дэг журам» гэдэг байсан. Буш иллюминатус байсан нь гарцаагүй шүү дээ».
«СЭРН-ийн тухай юу гээв?» гэж Макри эгдүүцэн: «Маргааш чамд өмгөөлөгчдийн бүхэл бүтэн арми хэрэг болох байх даа» гэлээ.
«СЭРН-ийн тухай юу? За боль доо. Жаахан бод л доо.
Иллюминати 1950 онд газар дэлхийгээс гэнэт алга болчихсон, гэхдээ яг тэр үед СЭРН-ийг байгуулсан байдаг юм шүү дээ. СЭРН бол энэ дэлхий дээрх гэгээрсэн бүх хүний хувьд диваажин. Мөнгө гэдэг тонн тонноороо л цутгаж байдаг газар. Тэгээд, шашныг тэр чигт нь устгаж чадах зэвсэг хийснээ... гэнэт... тэрнийгээ алдчихдаг гэнэ ээ... Тийм юм байж болох уу даа?».
«Тэгээд, чи СЭРН-ийг Иллюминатигийн шинэ бааз газар гэж зарлаад байхдаа яадаг юм бэ?»
«Мэдээж шүү дээ. Эртний нөхөрлөл зүгээр л алга болчихдоггүй юм. Иллюминати хаа нэгтээ шингэсэн л байгаа. Тэдний хувьд СЭРН бол төгс диваажин. Гэхдээ, би СЭРН-д байгаа хүн бүрийг Иллюминати гээгүй. Яг л масон шиг доор нь байгаа энгийн гишүүд юу ч мэддэггүй, дээр нь байгаа хэд л ...»
«Чи ер нь хов жив болгоныг үнэн гэж боддог юм уу?»
«Чи ер нь сэтгүүлзүй гэж юу байдаг гэж боддог юм бэ?»
«Сэтгүүлзүй гэнэ ээ. Чи тэгээд жижиг тархиндаа орсон дэмий юм болгоныг агаарт цацаж байхыг сэтгүүлзүй гэх гээд байгаа юм уу? Камераа унтраачихдаг л байж. СЭРН-ийн логог бас юу гэчхэв ээ? Сатаанлаг бэлгэдэл гэнэ үү? Чамд ер нь өөрийн гэсэн ухаан байна уу?»
Глик доогтой ёо инээвхийлнэ. Макри атаархсандаа үхэх нь ээ. СЭРН-ийн эмблемийн тухай хэсэг хамгийн гоё болсон. Камерлинго үг хэлснээс хойш бүх сувгууд СЭРН, антиматери хоёрын тухай л шуугиж байлаа. Зарим станцууд нэвтрүүлэгтээ СЭРН-ийн логог дэвсгэр болгочихсон байв. Эгэл бөөмсийн хурдасгуурыг төлөөлсөн хоёр тойрог огтлолцож, тэр хоёр тойрогт бөөмс шахах хоолойг төлөөлсөн таван ташуу зураас шүргэсэн ерийн л нэг лого. Глик л тэрүүхэндээ бэлгэдэл зүйч болчихсон бүх дэлхийгээрээ харж байгаа тэр логогоос Иллюминатигийн бэлгэдлийг олчихсон гээд л тайлбарлаж суув.
«Чи бэлгэдэл зүйч биш. Чи зүгээр л нэг азтай банди. Тэр бэлгэдэл мэлгэдэлээ нөгөө Харвардын багш гуайд орхивол дээр байсан юм».
«Харвардын багш гуай анзаараагүй л байхгүй юу» гэлээ.
Энэ эмблемд байгаа Иллюминатигийн бэлгэдэл нүднээ илт л байна шүү дээ.
Глик дотроо маргалдаж л байв. СЭРН олон хурдасгууртай атлаа зөвхөн хоёрыг л дүрсэлсэн байв. Хоёр гэдэг Иллюминатигийн хослолын тоо. Дийлэнх хурдасгуур ганцхан шахах хоолойтой байдаг бол тэнд тавыг дүрсэлжээ. Тав гэдэг Иллюминатигийн тавалжийн тоо. Эргүүлэг бол хамгийн гоё хэсэг нь. Логог үзвэл нэг зураас, нэг тойрог хоёр нь шууд л «6» тоо болж байгаа юм. Логог эргүүлбэл дахиад нэг «6», дахиад эргүүлбэл дахиад нэг «6» гарна. Логод гурван «6» тоо байх! 666! Чөтгөрийн тоо!
Глик байдгаараа хөөрчихсөн байв.
Макри түүнийг нухахад бэлэн харагдана.
Макриг атаархаж байна гэж бодсон Глик өөр бодолд автав. Хэрэв СЭРН Иллюминатигийн үүр юм бол тэнд нөгөө алдарт Иллюминатигийн очир бий болов уу? Глик энэ тухай нэг удаа интернетээс уншсан байлаа. Харсан хүн гагцхүү алмайран гацахаар эртний махбодоос бүрдсэн сэвгүй очир эрдэнэ!
Иллюминатигийн Очирыг тойрсон ямар нэг нууцыг дэлгэх аз надад энэ шөнө бас тохиох юм биш биз дээ хэмээн Глик горьдоно.


* Библид Есүс Хритийн ярьсан үлгэрийг сануулжээ. Нэг хүн дээрэмчдэд зодуулаад, үхэтхийн унасныг хараад, баян хүн тоохгүй өнгөрчээ. Дараа нь гэгээн хүн ч тоолгүй, тойроод явжээ. Харин тухайн үедээ, доод гаралтай итгэмжгүй муу хүмүүс гэгддэг байсан нэгэн Самар хүн тэр зодуулсан хүнийг асарч, гэртээ аваачин тэнхрүүлсэн гэдэг. Тиймээс буянтай бол Самар хүн байсан ч, өөрөөр хэлбэл, дорд хүн байсан ч хамаагүй бурхны ивээлд орно гэдэг.

_________________
Avatar by Someone


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 5:56 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.10.15 11:25 am
Бичлэгүүд: 27
хөөх ямар хурдан оруулж байнаа someone- оо баярлалаа баярлалаа баярлалаа


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 6:27 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Ээ хөөрхий муу Олевиттиг та нар хардсаар бгаад үхүүлчлээ шд. Одоо Ландон ганцаархнаа тэр хассасинийг барах юм болов уу даа. Хассасинийг оллоо ч иллюминати цаана нь нуугдаад л үлдэнэ биз дээ. Харин энэ утсаар залгасан хүн иллюминатигийн гол хүн бхдаа. Аягүй бол камерлингогийн шууд нэвтрүүлгийг үзээд бодлоо өөрчилсөн юм бол уу юун ч хурдан бодлоо өөрчилдийн ийм юм хийхээсээ өмнө бодож бхгүй гэгээрсэн хүн юм бж. Харин хэн юм болоо?

Маш их баярлалаа :wd: :wd: одоо дуусах болж бгаа юу хэхэ

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 6:33 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.10.15 11:25 am
Бичлэгүүд: 27
ум мани бадми хум сайн хүн байж билээ гэдэг л боллоодоо хөөрхий оливетти


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 7:27 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 12-р сар.31.09 6:08 pm
Бичлэгүүд: 82
Байршил: S.Korea
баярлалаа :hi:
Энэ камерлинго зугтах гэж байгаа юм болов уу


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.15 7:57 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Хэхэ харин ч хөөрхий Ватикантайгаа цуг дэлбэрэхээр шийдсийн биш үү

Унтахаасаа өмнө оруулах юм бол уу Someone :s1: :s2:

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 12:04 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
Олевитти гуай соорий , худлаа хардсан байна, швеицарь хүн үнэхээр үнэнч байдаг юм бна, үүнээд хойш л тэдэнд 100 % итгэж байя.Даанч санаад ормооргүй үйл явдал гарах юмаа, дайсан гэж бодсон нь нөхөр байж, манайх гэсэн нь дайсан байх юм, маш их баярлалаа, өглөө босоод л ийшээ ордог, унтахаасаа өмнө ч бас.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 3:42 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 12-р сар.31.09 6:08 pm
Бичлэгүүд: 82
Байршил: S.Korea
Унтсан хойноо зүүдэндээ орж байгаа хүн байна уу


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 4:31 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Хэхэ би зүгээр сэрүүндээ за хэн бж болохов л гэж толгойгоо эргэтэл бодож бна. Угаасаа энд тийм ч олон дүр гарахгүй бгаа болохоор. Эхлээд би Колер юм болов уу гэж бодож бсан аавыг нь үхсний дараа юм хум хайж майгаад бсан болохоор. Гэхдээ бас антиматерийн тийм том канистер нтр бсныг мэдээгүй юм шиг л царайлаад бсан даа. Бас антиматерийг авах гээд олон захиалга ирж бна нтр гэхээр нь. Гэхдээ бас камерлинго ч юм шиг. Тэр Витториа камерлингогийн нүд рүү харсан чинь дотор хүнтэйгээ тэмцэлдсэн нтр оч харсан гэдгийг Бүүккракер онцолсон бхаар нь. Бас дээд түвшний албан тушаалд очих дургүй, ганц хайртай ангель ээжийга бурхны сүмийн дэлбэрэлтэнд алдсан, 4н кардиналтай хамт цай уугаад тэрнээс хойш нөгөө 4 алга болсон гэх мэт шалтгаанаар. Бас Рошер тэр утсаар яриад бгаа хүнийг таньсан гэж бгаа. Мэдэхгүйм даа хөөрхий :think:

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 4:43 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 12-р сар.31.09 6:08 pm
Бичлэгүүд: 82
Байршил: S.Korea
Бүүккракер том гэж онцолсон санагдаж байна. Камерлинго л байх. Бага наснаасаа шашинтай хамт байсан ч ээжийг нь авраагүй бурхандаа дургүй байсан юм болов уу


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 6:39 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Someone минь хаачив даа :s1: :s2:

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 6:42 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
[center]Хэсэг 102[/center]
Пиаца Нована. Дөрвөн мөрний оргилуур.
Ромд өдөр дулаан байсан ч шөнө нь дагжим жиндүү байдаг ажээ. Ландон пиджакаа бүрэн товчилчихсон, Пиаца Нованагийн зах хавиар бөртөлзөнө. Хэвлэлийнхний мэдээ хот даяар цуурайтан, алсаас бөглүү сонсогдоно. Цагаа харав. Арван таван минут дутуу байлаа. Жаахан ч атугай амраад авбал, аштай юу.
Талбай хов хоосон байв. Бернинигийн гайхамшигт усан оргилуур өмнө нь сүртэй еэ нүргэлнэ. Ёроолд нь зоосон гэрлийн туяанд тэнгэрлэг мэт гэрэлтэх хөөсөрсөн усны дээгүүр шидэт мэт мананцар татжээ.
Оргилуур гайхалтай өндөр. Төв хэсэг нь л гэхэд, хорин тохой өндөр, гантигаар хийсэн хадан цохионых нь агуй, нүх болгонд ус олгойдно.Тойроод дандаа эртний шүтлэгийн онгод. Дээр нь дахиад дөч орчим тохой гэрэлт хөшөө байх. Ландон дээшээ дагуулан харвал, гэрэлт хөшөөний орой дээр бүрэнхий тэнгэрийн сүүдэр дор гэмгүй нэгэн хүрэлзгэнэ чимээгүйхэн бүртийнэ.
Хэрээс хэмээн Ландон бувтнаж, Ромыг хэрэн барьсан тэмдгүүдийн байрлалыг биширнэ. Бернинигийн Дөрвөн мөрний оргилуур бол эрдмийн сүүлийн тахил. Хэдхэн цагийн өмнө, Ландон Пантеонд зогсоод, Гэгээрлийн мөр бүдгэрч алга болсон хэмээн ярьж зогсохдоо, энэ хэртээ явах юм гэж зүүдэлсэн ч үгүй. Дэмий юм ярьж байх ч гэж. Үнэндээ бол Гэгээрлийн мөр ямар байсан, түүгээрээ байж л байлаа. Шороо, хий, гал, ус гээд л. Ландон тэр замаар эхнээс нь дуустал явлаа.
Дуустал нь ч биш юм байна аа хэмээн өөртөө шивнэв. Энэ зам дөрөв биш, таван зогсоолтой. Энэ дөрвөн зогсоол эрлийн эцсийн үзүүр Иллюминатигийн ноохой - Гэгээрлийн сүм рүү л хөтөлж байгаа тэмдэг шүү дээ. Тэр сүм одоо хэвээрээ байгаа болов уу. Алуурчин Витториаг тийш нь аваачсан байх даа.
Ландон оргилуурыг нүдээрээ шинжин, дараагийн зогсоол өөд заасан тэмдэг байгаа эсэхийг шалгав. Ангель бүхэн ариун эрлийг чинь заана. Гэнэт, Ландон хөшиж орхив. Энэ оргилуурын хавьд нэг ч ангель байсангүй. Түүний зогсож байгаа газраас л лав нэг ч ангель харагдсангүйгээр барахгүй, өмнө ч мань хүн нэгийг ч олж харж байгаагүй ажээ. Дөрвөн мөрний оргилуур бол эртний шүтлэгийн бэлгэдэл. Хүн, амьтан, бүр хачин хэвтэй үлгэрийн амьтад хүртэл энд байх агаад хэрэв ангель байсан сан бол их л зохицолгүй харагдах байлаа.
Би буруу газар ирчихсэн юм биш биз? Тэр дөрвөн гэрэлт хөшөөний хэрээс үүсгэсэн байрлалыг эргэн санав. Оргилуур бол төгс тэмдэг шүү дээ.
Талбайн нөгөө өнцгөөс нэгэн хар машин гарч ирэх үед, дөнгөж 10:46 болж байв. Тэр харанхуйд гэрлээ асаагаагүй явж байсан болохоор, мөн эсэхийг нь магадлан харах ч хэрэг байсангүй. Далайн буланд, сарны гэрэлд ангаа хайн хэрэх аварга загас шиг машин оргилуурыг гадуур нь бүтэн тойроод зогсов.
Ландон бөхийн Гэгээн Агнесын сүм рүү хөтлөх том шатны сүүдэрт хярав. Зүрх нь амаар нь гартал дэлсэнэ.
Машин хоёронтоо тойроод, оргилуур руу бөөрөөр харан зогслоо. Оргилуурын хашлага дагуу бараг л налж зогссон машины хажуу руу усан дусал бөмбөрдөнө. Гулсдаг том хаалга нь уснаас хуруу хэрийн зайд л байх ажээ.
Ландоны төлөвлөж байсан гэнэт болохоо болилоо. Алуурчин ийм эрт ирж байгаа юм уу? Тэгээд, машинаар ирээ юм байх даа? Гэгээн Петерийн талбайд ирсэн шигээ алуурчныг явган ирэх байх, тэр үед нь буудаж унагах боломж гарах байх гэж тэр бодож байжээ. Гэтэл, тэр машинаар ирсэн болохоор аргаа өөрчлөх хэрэгтэй боллоо.
Машины хаалга гэнэт гулсан онгойлоо.
Шалан дээр нь шаналан татвалзах нүцгэн хүн хүнд төмөр гинжээр хүлээстэй хэвтэнэ. Байдагаараа тэлчлэх авч төмөр гинж нь хэтэрхий хүнд бололтой. Гинжний нэг хэсгийг яг л морины амгай шиг аманд нь зуулгасан болохоор, тусламж гуйн орилох боломжгүй болгожээ. Удалгүй цаана нь, бас нэг дүрс бүрэлзэн харагдах нь алуурчин сүүлийнхээ бэлтгэлээ хангаж байгаа бололтой.
Ландонд хэдхэн хором л байгаа юм байна гэдгээ ойлголоо.
Ландон буугаа сугалаад, пиджакаа тайлаад, газар шидэв. Хөдлөхөд нь нэхмэл пиджак нь саад болох вий гэж болгоомжлон, бас ч хармаандаа байгаа Галилейн Диаграмма-г усны ойролцоо аваачмааргүй байлаа. Тэр цаас энд хуурай, аюулгүй байг.
Оргилуурын хашлага даган тойрч, баруунш зөөлөн алхаад, машины яг эсрэг талд нь гарч зогсов. Оргилуурын төв дэх аварга том баримал түүнийг халхалж байлаа. Тэгээд, шууд л оргилуур руу гүйлээ. Усны нүргэлэх чимээ хөлийнх нь чимээг сарниулна гэж тооцжээ. Хашлагад тулж ирмэгцээ, хөөсрөн бургилах ус руу үсрэн орлоо.
Ус бүсэлхий татам гүехэн, мөс шиг хүйтэн байв. Шумбаад толгойгоо ил гарган сэлэх тэр зуур л шүд нь тачигнана. Ёроол нь гулгамтгай, дээрээс нь аз шивнэн ерөөсөн зоосны алин дээр нь ч халтирч болохоор байлаа. Ландонд ёстой л аз л таарахгүй бол ёозгүй нь тодорхой байлаа. Түүнийг тойроод мананцар үүсэх тэр эгшинд, буу барьсан гар нь даарсандаа чичрээ юү, айсандаа чичрээ юү, гайхмаар...
Ландон ёроолд нь хүрээд, зүүнш тэмүүлэв. Том гантигаас зууран, урагш хүчтэй самарна. Тэгээд, том баримал морины цаанаас цухуйн харлаа. Машин ердөө л арван таван тохой газар байх ажээ. Хассассин гараа кардиналын төмөр гинжин хүлэг дээр тавьчихсан, оргилуур руу харуулж онгойлгосон хаалгаараа өнхрүүлж гаргах санаатай бөгтөлзөнө.
Усан ковбой гэж байвал, ийм л амьтан байх байсан болов уу гэлтэй бүсэлхий татсан усан дотроос Ландон буугаа сунган, мананцар дундаас алхан гарч ирлээ. «Бүү хөдөл!» Дуу нь бараг л буунаас хурдан сонсогдов.
Хассассин толгойгоо өндийлгөв. Би, уул нь, цааш нь харуулж орхисон санагдана гэсэн байртай түүн рүү хэсэг зогтусан харлаа. Удалгүй чөтгөр шиг зэвүүн инээмсэглэл нүүрэнд нь тодров. Тэгээд, гараа өргөснөө: «Өө, ингэж явдаг бий вий?»
«Машинаасаа гар!»
«Чи чинь шалба норчихсон байх чинь!»
«Чи арай эрт ирчихсэн юм биш үү?»
«Хойшоогоо олз руугаа жаахан яараад л...»
Ландон буугаа онилоод: «Би буудахаас сийхгүй шүү» гэв.
«Чи тэгээд буудахгүй л байна шүү дээ».
Ландоны хуруу гохон дээрээ хөшчихсөн мэт санагдана. Кардинал хөдөлж чадахгүй, цөхөрсөн, үхсэн ч яах вэ гэсэн байртай хэвтэх ажээ. «Хүлээг нь тайл!»
«Боль доо. Чи нөгөө хүүхнийхээ л төлөө ирээ биз дээ. Битгий маягла».
Ландон ам алдуулчих санаатай: «Тэр хаана байна?» гэв.
«Аюулгүй газар намайг хүлээгээд л хэвтэж байгаа даа».
Амьд л байгаа юм байна. Ландоны дотор нь бүлээцэх шиг болов. «Гэгээрлийн сүмд үү?»
Алуурчин инээвхийлэн: «Чи олохгүй шүү дээ» гэв.
Ландон итгэж ядна. Нөгөө ноохой нь одоо болтол байдаг байх нь ээ. Буугаа өргөөд: «Хаана байдаг юм бэ, тэгээд?» гэлээ.
«Тэр газар чинь хэдэн зууны турш нууц байсан юм шүү дээ. Би хүртэл хэдхэн хоногийн л өмнө мэдлээ. Надад тэгж итгэж байхад, би тэрийг нь задалснаас үхсэн нь дээр биз дээ?»
«Чамтай чамгүй олохдоо л олно доо».
«Чи шал гэнэн юм бодох юм».
Ландон оргилуур руу дохисноо: «Би гайгүй олоод л байгаа биз дээ?»
«Тэгвэл, тэгээд, хичээгээд л байж дээ. Сүүлийнх нь хамгийн хэцүү шүү».
Ландон усан дотор хөлөө эвтэйхэн зөөж, урагшаа зөөлөн алхлаа. Хассассин хоёр гараа толгой дээрээ өргөн, машиныхаа хаалганы дээд ирмэгээс зуурчхаад, хаалга тэгнэн юу ч болсон шинжгүй инээмсэглэн зогсох нь гайхалтай амгалан харагдана. Ландон цээж рүү нь онилон буудаж орхидог ч юм уу гэж бодов. Үгүй дээ. Витториа хаана байгааг энэ мэднэ. Антиматери хаана байгааг энэ л мэднэ. Мэдэж байгаа болгоныг яриулах л хэрэгтэй шүү дээ.
Хассассин машин дотроосоо өөр рүү нь буу шагайсан залууг хараад өрөвдөх шиг болов. Энэ америк залуу ч зоригтой л юм. Үүнийгээ харуулчихсан. Бас буудаж огт сураагүй шинжтэй, зайлуул. Үүнийгээ бас л харуулчихсан. Ийм үед ямар ч дадлагагүй байж, зориг гаргана гэдэг үхлээ эрсэн л хэрэг. Амь гарахын тулд наад захын зүйл мэдэх хэрэгтэй. Бүр эртнээсээ л хүмүүс үүнийг мэддэг байсан. Харин энэ залуу гадарладаг ч үгүй ажээ.
Чи уул нь гэнэдүүлж болох байсан юм. Даан ч чи тэгж чадсангүй шүү дээ.
Энэ залуу ардаа туслах хүнтэй юм болов уу, эсвэл... магадгүй үг алдуулж, чухал мэдээ сонсох гээд байгаа юм уу?
Дайснаа сөхрүүлэхээс өмнө байцааж болдоггүй юм. Гарцаагүй байдалд орсон дайсан л хамгийн аюултай шүү дээ.
Нөгөө америк чалчаад л байх ажээ. Туршиж үзээд байгаа бололтой.
Алуурчин бараг л хөхрөн инээх шахав...Энэ чинь Голливудын кино биш. Буу шагайчхаад, ингэж удаан донгосч болдоггүй юм. За, ингээд дуусгая.
Харцаа салгалгүй, гараа хаалганы хөндлөвч дээгүүр сэм сэмхэн гүйлгэсээр, эрсэн зүйлээ сая л оллоо. Тэгээд, үхлийн инээмсэглэл нүүрэндээ тодруулан түүнийгээ гартаа барив.
Бүх юм нүд ирмэхийн зуур болж өнгөрөв. Хоромхон зуур, энэ дэлхийд физикийн хууль үйлчлэхээ больчих шиг санагдана. Алуурчин агаарт хөвөх мэт тогтож, хормой доороос нь гэнэт хөл гарч ирснээ, кардиналын бие рүү жийж, хүнд төмөр гинжтэй нь хамт хаалганаас гадагш нь түлхчхэв. Хөөрхий кардинал ус руу цүлхийтэл унаж, бөөн ус үс цалгилан үсчинэ.
Нүүр рүү нь ус үсэрсний дараа, Ландон оройтсоноо ухаарлаа. Машиныхаа хаалганы хөндлөвч төмөр савааг эргүүлсээр, хассассин түүн рүү чиглэн, цалгих усны наана алхалж явна.
Ландон гохоо дарвал, дуу намсгагч нь хассассиний төмөрт цохигдон доошлов. Сум алуурчны зүүн хөлийн хурууг гутал нэвт цоолон сүлбэв. Удалгүй хассассины гутлын ул цээжинд нь тулж, түүнийг арагш нь түлхэн, ус үсэргэн унагахыг харлаа.
Цусанд будагдсан улаан усны цагаан хөөсөн дунд хоёр эр алалдан тэмцэлдэнэ.
Хүйтэн ус хамаг биеийг нь хучин авахад, Ландон хамгийн түрүүнд өвдөлт мэдэрнэ. Дараа нь, амь зулбах зөн нь сэрлээ. Тэр буугаа алдчихсан байна. Хайж олох хэрэгтэй. Бүр доошоо шумбаж, алгаараа ёроолд нь хүрэв. Төмөр ашгүй тэмтрэгдсэн ч, хэсэг зоос байхаар нь хаяж орхив. Нүдээ нээвэл, боргилох ус яг л хүйтэн жакузад байгаа мэт санагдана.
Амьсгалахаас илүү айх зөн нь давж, усны ёроолд шумбасаар. Ямагт хөдлөх хэрэгтэй. Дахиад хаанаас дайрахыг мэдэшгүй. Буугаа олбол зүгээр сэн. Дэмий л гараа урагш самардана.
Чамд давуу тал байна шүү гэж Ландон өөртөө үглэнэ. Чи усанд, ивээл махбоддоо байна. Шалба норсон хүзүүтэй ноосон цамцтай ч гэсэн Ландон ядах юмгүй сэлж байлаа. Чи ивээл махбоддоо хоргодож байна.
Дахиад л гарт нь төмөр тэмтрэгдэв. Гэхдээ бас л аз дайрсангүй. Зоос биш, зоосноос илүү барьцтай эд ажээ. Зуураад, дээш нь татах гэтэл дийлсэнгүй, харин ч өөрөө доошоо татагдана. Их хүнд эд байв.
Ландон тарчилж байгаа кардиналыг харахаасаа өмнө, гарт нь баригдсан тэр төмөр бол хөөрхий өвгөнийг доош нь татаж байгаа хүнд гинж гэдгийг гадарлажээ. Оргилуурын ёроолоос ширтэх айдас ширгэсэн тэр нүдтэй харц тулах эгшинд Ландлон түр зогтуслаа.
Үхэж байгаа хүний харцанд цочирдсон Ландон доошоо шумбан, гинжнээс нь зуурч дээшээ усны гадарга руу чирэх гэж зүтгэнэ. Тэр нь яг л завины лангуу шиг удаан хөдлөв. Ландон хүчлэн татсаар, арай гэж кардиналын толгой усны дээр гармагц, хөөрхий хөгшин эхэр татан ганц агаар сорлоо. Тэгээд, бие нь дахин өнхөрч, гулгамтгай гинж нь Ландоны гараас мултарна. Баггиа кардинал яг л чулуу шиг оргилуурын ёроол руу унаж, хөөсөн дунд бараа алдрав.
Ландон дахин шумбаж, нүдээ томоо нээн хайсаар бүүдгэр усан дотроос кардиналыг оллоо. Энэ удаа Ландон гинжнээс хүчлэн татахад, Баггиагийн цээжийг хэрсэн төмөр гинж займчиж, бүр ч цочирдом зүйл араас нь цухуйлаа. Цээжин дээр нь
Ус
Хэмээн сийлжээ. Гэнэт хоёр гутал гараад ирлээ. Нэгээс нь цус олгойдож байв.
[center]Хэсэг 103[/center]
Роберт Ландон усан поло тоглохдоо усан дор нэг бус удаа тэмцэлдэж байлаа. Хоёр тал усан доогуур шүүгчийн нүднээс далд ямар ч бөх, ямар ч боксоос илүү алалдан тэмцэлддэг билээ. Яаж ийгээд бултаж зулбаж байх ёстой хамгаалагч нарт усан доогуур баригдчихаад, Ландон нэг бус удаа цохиулж, маажуулж, бүр хазуулж хүртэл үзжээ.
Гэвч дагжим хүйтэн Бернинигийн оргилуур дор Ландон Харвардын их сургуулийн усан сангаас хамаагүй хол байлаа. Тэмцээнд ялахын тулд биш, харин амь гарахын тулд зүтгэж байв. Энэ нөхөртэй хоёр дахь удаагаа зууралдаж байгаа нь энэ билээ. Шүүгч гэж байхгүй. Даагаа нэхнэ гэж байхгүй. Нүүрийг нь оргилуурын ёроол руу харуулаад дарж байгаа тэр хүчтэй гар түүнийг алах ганц зорилготой.
Ландон торпедо шиг мурилзав. Энэ гараас л гарах хэрэгтэй! Мултарч чадсан ч зайлж чадсангүй, тэр гар дахиад л бариад авлаа. Довтлогч этгээд энэ дэлхийн усан полоны ямар ч хамгаалагчид байхгүй нэг давуу тал байсан нь хоёр хөл дээрээ бат зогсож байв. Ландон хөлөө доороо татаад, дээшээ босох санаатай мурилзана. Тэр нь алуурчинд улам ч илүү аятайхан боломж олгож байгаа бололтой, хүзүүг нь нэг гараараа бат барьчхаад, хөдлөх ч үгүй байв.
Тэгээд, Ландон дээшээ гарах гэж оролдох хэрэггүй юм байна гэж бодлоо. Усан дээр гарах гэж тэмүүлэхээ болив. Хойшоо явж болохгүй бол зүүншээ яв гэдэг шүү дээ. Бүх хүчээ дайчлан байж, хөлөө дельфин шиг хойш нь тийрэн, эрвээхий дэвж байгаа юм шиг жигтэй байдлаар гараа элгэндээ хүчтэй татав. Бие нь хөнгөрөөд, урагш хөвлөө.
Гэнэт чиглэлээ өөрчилсөн болохоор хассассин барьж чадсангүй. Ландон хөдлөхөд гар нь мушгирч, тэнцвэрээ алдлаа. Атгалт нь сулрахад, Ландон дахин хүчтэй тийрэв. Уяа хөврөх шиг болоод л Ландон чөлөөтэй болчихлоо. Уушгиндаа байсан муу агаарыг үлээсээр, тэр усны дээр гарав. Дөнгөж ганц амьсгаа авмагц л ард нь хассассин аль хэдийн ирчихсэн, алгаараа мөрөн дээр нь дарж, бүх жингээрээ дээрээс нь хүчилж байв. Ландон дахиад л хөлөө гэдсэндээ татаж зогсох гэж оролдсон ч хассассины хөлд тулаад чадсангүй.
Дахиад л ус руу доошоо дарагдав.
Ландон дахин мургинасан боловч энэ удаа амжилтгүй боллоо. Хөөсрөх усан доор Ландон буугаа хайн, ёроолыг нь ажиглана. Бужигнаад харагдсангүй. Энд улам ч илүү хөөстэй ажээ. Алуурчин Ландоны нүүрийг оргилуурын ёроолд бэхэлсэн гэрлийн өөдөөс нүдийг нь гялбуулан доош дарна. Ландон гэрлийг нь баривал час халуун ажээ. Ландон бие дахин татаж мултрах гэсэн боловч дээрээс нь хэтэрхий хүчтэй дараад, гарынхаа тулгуурыг алдчихлаа.
Хассассин улам доош нь дарсаар.
Ландон гэнэт яг нүүрэн доор нь зооснуудын дотроос урт хар юм хэвтэж байхыг харлаа. Оливеттигийн бууны дуу намсгагч. Ландон ухасхийн шүүрч, гарынх нь хуруу тэр цилиндрийг бүчин авах агшинд ... төмөр биш, хуванцар байлаа. Татвал, уян резин хоолой яг л могой шиг мурилзаад ирэв. Хоёр тохой орчим урт тэр хоолойн нөгөө үзүүрээс хөөс бургилна. Ландон буу олсонгүй. Харин энэ оргилуурт байдаг олон spumante - хөөсрүүлэгчийн нэгийг нь гартаа барьчихсан байв.
Хэдхэн алхмын цаана Баггиа кардиналын сүнс нь биеэсээ гарахаар зүтгэж байлаа. Өвгөн энэ эгшинд насаараа бэлдэж байсан ч ийм байхын чинээ санасангүй явсан сан. Махан бие нь түлэгдэж, урагдаж, дийлшгүй хүнд жинд татагдан усан дор хэвтэн ... өгүүлшгүй ихээр тарчилна. Гэхдээ л, энэ бүх зовлонг Есүсийн биеэрээ амссантай харьцуулахад юу ч биш шүү хэмээн өөртөө сануулан шивнэв.
Есүс миний нүглийг үүрч өнгөрсөн шүү дээ...
Хажууд нь алалдан буй тулааны чимээ Баггиад сонсогдовч, тэр тухай бодож зүрхэлсэнгүй. Алуурчин дахиад л нэг алтан амийг бүрэлгэж байлаа. Зөөлөн харцтай, өөрт нь туслах гэж оролдож байсан тэр залууг...
Хамаг бие нь тэвчишгүй өвдөхийн цагт Баггиа дээшээ харж хэвтээд, оргилуурын усан доороос тэртээх шөнийн харанхуй тэнгэр рүү харлаа. Нүдэнд нь од үзэгдэх шиг болов.
Цаг болжээ.
Бүх эргэлзээ, бүх айдсаа амарлиулан, Багиа амаа ангайн, амьсгаагаа гаргалаа. Энэ бол сүүлийнх нь амьсгал гэдгийг тэр мэдэж байв. Боргилох усны хөөстэй хамт сүнс нь тэнгэр өөд одохыг харлаа. Зөнгөөрөө татсан уушги руу нь агаар биш, хүйтэн ус яг л хутга чиг зүсэн оров. Ашгүй, хэдхэн секунд л өвдлөө.
Тэгээд, бүх юм амгалан болов.
Хассассин хөлөө шатан янгинахыг ч үл анзааран тэр Америкийн толгойг оргилох ус руу гүн дүрчихсэн, нэг мөсөн цааш нь харуулахаар зүтгэж байлаа. Энэ удаа амьд үлдээхгүйн тулд гараа бат атган, хүзүүг нь улам хүчтэй доош нь дарна. Тэр залуу амь тэмцэн сарвалзаж байснаа, аажмаар хөдөлгөөн нь сулран, суларна.
Ландоны бие нь гэнэт чангарснаа аймшигтай татвалзлаа.
Болж байна гэж Хассассин мушилзана. Татвалз, татвалз. Ус уушгинд чинь хүрэхээр тэгдэг юм. Тав орчим секунд л ингэж татвалзана гэж тэр мэдэж байлаа.
Зургаа орчим секунд боллоо.
Тэгээд яг бодож байсан шиг нь, Ландоны бие гэнэт шолбойгоод явчхав. Яг л хийн бөмбөлгийн хий нь гараад шалчийчих шиг боллоо. Ингэж нэг дуусав. Хассассин дахиад гуч орчим секунд усан дотор дарж, ус амьсгалынх нь бүх эд эрхтэн рүү нэвчиж дуусахыг хүлээлээ. Ингээд, Ландоны бие жингээрээ оргилуурын ёроол руу живлээ. Тэгээд, алуурчин явахаар шийдэв. Хэвлэлийнхэн Дөрвөн мөрний оргилуураас бас өөр нэг хүүр олж их л баясацгаан, зарлаж эхлэх байх даа гэж бодлоо.
«Tabban!» хэмээн Хассассин ус туучин, оргилуураас гарах зуураа, цус гоожин буй хөлийнхөө хурууг харан хараал тавина. Гутлынх нь хоншоор задарч, хуруу нь урд хэсгээрээ тас хяргуулжээ. Болгоомжгүй байсандаа өөртөө уурсан, өмднийхөө гуянаас тасар татан авч хурууныхаа цусыг тогтоох санаатай гутлынхаа тасар татагдсан хоншоор руу чихлээ. Гол хүйт даатал яс янгинан өвдлөө. «Аль алкалб1» хэмээн зүхээд, гараа атган даавуугаа гутал руу улам хүчтэй чихнэ. Цус гарах нь аажмаар багассан ч шүүрсэн хэвээр байлаа.
Ноохойдоо хүлээж байгаа олзоо бодон, сэтгэлээ тайвшруулаад, машиндаа суув. Ромд хийх ажил нь дууслаа. Хөлийнхөө өвчинг юугаар тайтгаруулахаа тэр мэднэ. Витториа Ветра түүнийг хүлээж байгаа. Норсон, даарсан ч гэсэн түүнд аятайхан мэдрэмж төрнө.
Авдаг шангаа ч би авчхаад байгаа шүү.
Витториагийн хамаг бие нь янгинан сэхээ орлоо. Дээшээ харчихсан хэвтэж байх. Булчин шөрмөс нь бүгд булгарчээ. Гар нь бугуйгаараа хорсоно. Хөдлөх гэсэн чинь мөр нь ёргиж өвдлөө. Гар нь ардаа хүлээстэй байгааг ухаарах хүртэл хэсэг дүйрэв. Гиюүрч орхилоо. Зүүдлээд байгаа юм уу? Толгойгоо өргөх гэтэл гавлын яс, хүзүүний углуурга хоёрын завсар хөшиж, аймаар өвдлөө.
Гайхаж байснаа одоо айж эхлэв. Орчноо тойруулан харлаа.
Хүйтэн чулуун өрөөнд тансаг тавилга байх агаад бамбар шатаан гэрэлтүүлжээ. Эртний нэгэн сүм бололтой. Тойруулаад хуучны маягийн бандан сандал тавьжээ.
Витториа булбарай цагаан арьсан дээрээ зөөлөн салхи үлээхийг мэдэрнэ. Хажууханд нь хоёр хавтастай хаалга онгорхой, цаана нь тагт байлаа. Харин тагтны хашлага завсраар Ватикан харагдаж байлаа.
Хэсэг 104

Роберт Ландон оргилуурын ёроолд баахан зоосон дунд хэвтэж байлаа. Хуванцар хоолойгоо амандаа зуусан хэвээр. Усаа хөөсрүүлэхийн тулд шахдаг агаар хоолойноосоо болоод бохирдсон байлаа. Тиймээс улаан хоолой нь шатаж байгаа юм шиг хорсоно. Гэхдээ, гомдох зүйл алга. Гол нь амьд байлаа.
Живж байгаа хүнийг хэр амжилттай дуурайснаа мэдэхгүй байсан ч Ландон насаараа усны захад өссөн болохоор ядаж л дөхүүлсэн гэдгээ мэдэж байлаа. Чадлаараа хичээсэн. Эцэстээ тэр бүр уушгиндаа байсан агаараа бүгдийг нь үлээж гаргаад, амьсгалаа түгжин, бие нь ёроолдоо хүртэл живсэн билээ.
Аз болж хассассин үүнд нь үнэмшээд, явж орхисон.
Оргилуурын ёроолд хэвтэж чадахаараа л удаан хэвтлээ. Тэгээд, яг бүтэж үхэх шахав. Хассассин тэндээ байгаа болов уу. Хоолой хоолой дамжин эхүүн агаараар уушгиа дүүргэн амьсгалж, оргилуурын ёроолоор сэлж явсаар, төв баримлын дор очлоо. Тэгээд, том гантиг баримлын сүүдэр дотроос цухуйн гарч ирэв.
Машин явчихсан байлаа.
Энийг л харах гэж хүссэн билээ. Цэвэр агаар цээж дүүрэн аваад, Баггиа кардиналын живсэн тэр газар руу эргээд самрав. Кардинал одоо ухаан алдсан байгаа, аврах магадлал бараг байхгүй, гэхдээ оролдоод үзэх л хэрэгтэй. Биеийг нь олонгуутаа хоёр талд нь хөлөө жийж зогсоод, гараараа гинжийг атган, хүчтэй татлаа. Кардинал усан дээр гарч ирэхэд нь харвал нүд нь аль хэдийн хялайжээ. Сайн билэг лав биш. Амьсгалахгүй, судас нь цохилохгүй байв.
Биеийг нь өргөөд, оргилуурын хашлага дээр гаргаж чадахгүй болохоор Ландон Баггиа кардиналыг усан дундуур чирсээр оргилуурын төв баримал дээр аваачихаар зүтгэнэ. Тэнд ус гүехэн, аажим өгссөн тавцан байх. Ландон кардиналыг тавцан руу байдгаараа чирсээр, аль болох дээр гаргаад орхив. Гэхдээ тийм ч дээр гаргаж хүчирсэнгүй.
Ландон кардиналын гинжээр хүлэгдсэн цээжин дээрээс дарж, уушгинд нь дүүрсэн усыг шахаж гаргахаар хичээнэ. Хиймэл амьсгаа хийв. Аажим бас болгоомжтой тоолно. Хэтэрхий хурдан, хэтэрхий хүчтэй үлээхгүй байх ёстой. Гурван минут аль байдгаараа хичээлээ. Таван минутын дараа нэмэргүй юм гэдгээ ойлгов.
Il preferito. Пап болох байсан хүн. Өмнө нь үхсэн хэвтэнэ.
Уснаас хагас өргөгдсөн тавцангийн усан дээр туссан сүүдэрт Баггиа кардинал эрхэмсэг намбаа хадгалан хэвтэх ажээ. Цээжийг нь даган усан дуслууд гүйх нь... амийг нь авч одсондоо өршөөл ч эрэх шиг... биед нь сийлсэн тамганы шархыг угааж өгөх ч гэсэн шиг, гунигтай яа урсана.
Ландон нүүрэн дээгүүр нь гараа зөөлөн илж, нүднийх нь зовхийг хаалаа. Тэгэхэд, сэтгэл нь үнэн голоосоо шимширч, нүдэнд нь нулимс бүрэлзээд ирэв. Энэ жил анх удаагаа мэгшин уйллаа.

_________________
Avatar by Someone


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 7:04 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Ээ ядаж хөөрхий муу Баггиаг аварчихгүй. Туршлагагүй хүн гэж туршлагагүй л бдаг юм бна би ийм бдалд оруул алуурчныг шууд гэнэдүүлж буудаад шууд алах юм бна шүү. Одоо Витториа ч өнгөрлөө л дөө. Ландон хаана бгааг нь мэдэхгүй тэгээд алуурчин нь машиндаа суугаад яваад :bawling:

Баярлалаа :wd:

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 7:06 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Хэсэг 105

Эмгэнэлийн өтгөн манан аажимхан дэгдэн хөөрөх үеэс Ландон нас барсан кардиналыг орхин усны гүн рүү алхаж байв. Гансарч, ядарсан тэр удаж төдөлгүй нурж унах гэж байгаа мэт санагдаж байлаа. Гэтэл тэгсэнгүй. Оронд нь хүчтэй агсарсан мэдрэмж оргилон чангарав. Өширсөн, тулгуу мэдрэмжид булчин шөрмөс нь чангаран, чивчрэхийг мэдэрлээ. Зүрхэндээ дөнгөж төрсөн эмгэнэлийг мартан, өнгөрсөн бүхнийг эгшний дотор замхруулан, цор ганц тун тулгамдуу зорилго сэтгэлд нь сүндэрлэнэ.
Иллюминатигийн ноохойг олж Витториад туслах.
Бернинигийн оргилуурын гол баримлыг тойрон, дотроо итгэл найдвараа цуглуулсаар, өөрийгөө Иллюминатигийн ноохой руу чиглэсэн гол тэмдгийг хайж олоход хөвчиллөө. Энэ олон баримал, дүрс дотор тэр ноохой руу заасан тэмдэг нуугдаж байгаа билээ. Ландон оргилуурыг тойруулан хармагц найдлага нь гэнэт бүрхээд эхлэв. Тэр segno гэдэг үгэнд таарах баримал энд тэндгүй байв. Ангель бүхэн ариун эрлийг чинь заана. Өмнөө байгаа бүх дүрсийг ажиглав. Энэ оргилуур чинь эртний шүтлэгийн бүтээл. Энд ямар ч ангель байхгүй байна шүү дээ.
Тэр хавьд байгаа бүх баримлыг тойруулж харсны дараа нүд нь өөрөө ч мэдэлгүй чулуун багана өөд гүйв. Дөрвөн тэмдэг Ромыг хэрэн том гэгч загалмай үүсгэсэн байсан хэмээн өөртөө шивнэнэ.
Гэрэлт хөшөөн дээр бичсэн дүрс үсгийг ажигласнаа нууц нь эртний Египетийн бэлгэдэлд байгаа юм болов уу гэж бодлоо. Тийм байх учиргүйг болохоор энэ санаагаа шууд л хаяв. Энд байгаа Египедийн бэлгэдлүүд Бернинигээс ч өмнө байсан, дээрээс нь Розетта чулууг олохоос өмнө тэр бичгүүдийг тайлж уншиж байгаагүй ажээ.
Бернини энэ дүрс бичиг дунд хүн анзаармааргүй шинэ дүрс сийлж орхисон юм болов уу гэж Ландон гайхна.
Багахан найдлага төрмөгц Ландон энэ оргилуурын дөрвөн талыг дахин нэг удаа нарийн ажиглалаа. Хоёр минутын турш оргилуурын нарийн ширийнийг ажигласны эцэст найдлага нь бөхлөө. Энэ дунд нэг ч нэмэлт тэмдэг байхгүй мөртөө нэг ч ангель бас байхгүй байв.
Ландон цагаа харвал арван нэг болж байлаа. Цаг урсаад байна уу, мөлхөөд байна уу гэдгийг ч тэр мэдсэнгүй. Нүдэнд нь Витториа, алуурчин хоёрын дүр үзэгдэн, байдгаараа цухалдсан тэр дахин нэг удаа оргилуурыг дэмий тойров. Зодуулж ядарсан Ландон нурж унахад бэлэн байв. Тэгээд, толгойгоо гэдийлгэн шөнийн харанхуй руу цээжнийхээ гүнээс хашхирлаа.
Даан ч дуу нь хоолойд нь гацчихав.
Ландон гэрэлт хөшөөний орой руу ширтэнэ. Тэнгэр хатган цоройсон орой дээрх тэр дүрсийг өмнө нь Ландон харж байсан ч, ойшоож байсангүй. Гэхдээ, одоо бол харин огт өөр санагдана. Тэр ангель биш байлаа. Тэр бүү хэл Бернинигийн оргилуурын нэг хэсэг гэхэд ч хэцүү ажээ. Тэр энийг хотод байдаг золбин амьтдын нэг энэ цамхгийн орой дээр буучихжээ гэж бодож байлаа.
Хүрэлзгэнэ.
Ландон дээшээ өлийн, тэр дүрсийг ажиглах авч, ойр тойронд нь байгаа уур манангаас болоод, тодорхой харч чадахгүй байлаа. Хүрэлзгэнэ байсан санагдана. Шувууны толгой, хошууг нь тодхон харж байсан шиг билээ. Гэхдээ, тэр шувуу одоо болтол, тэр бүү хэл алалдан тэмцэлдэж байх үед ч, тэнд байсаар байлаа. Ландоныг талбай дээр ирэхэд байж байсан, яг тэр чигээрээ байж л байв. Гэрэлт хөшөөний яг орой дээр, тайван гэгч өрнөш харан суужээ.
Ландон тийшээ хэсэг харж зогссоноо, оргилуур руу бөхийн ёроолоос нь хэдэн зоос шүүрч авлаа. Тэгээд дээш нь зоосоо шидэв. Зоос гантиг хөшөөний нэлээн дээд талыг цохин унаж байгаа нь сонсогдовч шувуу хөдөлсөнгүй. Дахин шидлээ. Энэ удаа зоос шувууг онов. Гэхдээ төмрийг төмрөөр цохих царгисан чимээ гарлаа.
Золигийн хүрэлзгэнэ амьд биш, хүрэл баримал ажээ.
Чи хүрэлзгэнэ биш, ангель хайж байгаа шүү дээ гэж өөртөө сануулан хэллээ. Гэхдээ тэр өөртөө хэлж дуусаагүй байхдаа л хариултыг нь бодоод олчихлоо. Энэ шувуу хүрэлзгэнэ биш тагтаа ажээ.
Юу хийж байгаагаа төдийлөн ухааралгүй, Ландон ус руу үсрэн орж, оргилуурын төв хэсэг рүү очин, том том хүрэл гар хөл, толгой дундуур гэрэл хөшөө рүү авирч эхэллээ. Гэрэлт хөшөө рүү мацсаар, талд нь хүрэх алдад, уур мананцраас арилж, шувууны хошуу тод харагдахуйц болов.
Ямар ч эргэлзээгүй энэ бол тагтаа байлаа. Шувуу Ромын бохир агаараас болж хүрэл өнгө нь харлаж орхисон ажээ. Одоо л энэ шувууны учрыг олж эхэллээ. Өмнө Пантеонд байхдаа хос тагтаа олж харсан билээ. Хос тагтаа ямар нэг утга илэрхийлсэнгүй. Харин энэ тагтаа ганцаараа байв.
Ганц тагтаа бол эртний шүтлэгийн Энхийн ангель билээ.
Үүнийг гэнэт санамагцаа, Ландон эрчээрээ бараг л гэрэлт хөшөөний оройд хүртэл авирчихлаа. Бернини эртний шүтлэгийн оргилуур дээр, эртний шүтлэгийн дүрс олж ангелийн оронд тавьжээ. Ангель бүхэн ариун эрлийг чинь заана. Тагтаа бол ангель. Иллюминатигийн ноохойг заах өөр ямар дүрсийг эртний шүтлэгийн дүрс бүхий оргилуур дээр тавьж болох билээ дээ.
Шувуу өрнө зүг харж байлаа. Харцыг нь дагуулан харах гэж оролдсон ч байшин тулаад, бараа харагдахгүй байв. Дээшээ дахин өгсөв. Ниссийн гэгээн Грегорийн сүм санаанд нь гэнэт буулаа. Сүнс ариусан гэгээрэхээрээ гэгээхэн тагтаан дүртэй болдог.
Ландон тэнгэр рүү мацаж байлаа. Тагтаа руу зүтгэнэ. Нисэх мэт өгсөнө. Гэрэлт хөшөөг суулгасан суурийн тавцан дээр арай гэж гарлаа. Цаашаа дахиж авирах аргагүй ажээ. Гэхдээ, тэр цаашаа авираад хэрэггүй байлаа. Ром хот тэр чигтээ харагдана. Гайхалтай харагдаж байв.
Зүүн талд нь Гэгээн Петерийн талбай дээр хэвлэлийнхний прожектор гялбалзана. Баруун талд нь харин Санта Мариа дэлла Витториа сүмийн шатаж буй дээврийн цомбон гонхон байлаа. Өөдөөс нь нэлээн алсад, Пиаца дэл Пополо байв. Доор нь харин дөрөв дэх буюу сүүлийн тэмдэг байлаа. Асар том загалмай үүсгэсэн дөрвөн тэмдэг.
Ландон чичрэн тагтааны толгой руу дахин нэг харав. Тэгээд, харж байгаа чиг рүү харцаа эргүүлж, тэнгэрийн хаяанаас доогуур харуулдлаа.
Ядаж төдөлгүй олчхов.
Маш ойлгомжтой. Маш энгийн. Маш тодорхой.
Түүнийг хараад, Ландон яаж Иллюминатигийн ноохой ийм олон жил нууц байж чадсаныг гайхлаа. Өмнөө байгаа голын цаадах сүрлэг том цайзыг харахад, бүх хот жижигрээд явчих шиг л санагдана. Энэ бол Ромын хамгийн алдартай барилгын нэг билээ. Тибер голын нөгөө эрэгт, Ватикантай хөндөлдөн оршино. Голдоо дугуй цайзтай, тойроод дөрвөлжин хэрэмтэй, тэр хэрмийнх нь гадуур тавлаж хэлбэртэй цэцэрлэгтэй билээ.
Эртний тэр чулуун цайз зөөлөн сүүн гэрэлд гайхалтай харагдаж байлаа. Тэртээх цайзынх нь орой дээр аварга том хүрэл ангель байх ажээ. Ангель илд барьж, илд нь цайзын яг төв рүү чиглүүлжээ. Тэр ч бүү хэл зөвхөн тэр хэрмийн дааман хаалга руу хөтөлсөн Ангелийн гүүр Тибер мөрөн дээр хөндөлдөн, тэндээс Бернинигийн босгосон арван хоёр ангель зам удирдан сүндэрлэнэ.
Ландон бас нэгэн гайхалтай зүйл ухаарлаа. Бернинигийн хот хэрсэн том загалмай тэр хэрмийг яах аргагүй Иллюминати маягаар заажээ. Загалмайн гол тэнхлэг хэрмийн гол гүүрийг яг дундуур нь хоёр тэнцүү хэсэгт хуваан огтолжээ.
Ландон пиджакаа аваад, нойтон биендээ хүргэлгүй барьсаар дээрэмдсэн машиндаа суун, гуталдаа ус шалчигануулан, хөлөө жийж, хаз нэмэн хурдалж, хотын харанхуй дунд шингэн алга боллоо.
Хэсэг 106

Оройн 11.07 цаг болж байлаа. Ландон хар хурдаараа шөнийн Ромоор жийж явав. Гол даган Лунготевере Top ди Нонагаар шувт хурдлан явах үеэс Ландоны баруунтаа очих газар нь дүнсийн харагдана.
Castel Sant’Angelo. Гэгээн Ангелийн цайз.
Гэгээн Ангелийн нарийн гүүр - Ponte Sant’ Angelo - өмнө нь гэнэт гараад ирлээ. Тоормосоо гишгэн жолоогоо хажуу тийш дарлаа. Амжиж эргэлээ гэж бодтол ... тэр гүүрийг хаасан байдгийг гэнэт санаж ... машинаа зогсоож чадалгүй гүүрийг хааж босгосон хэд хэдэн цементэн хаалтыг бут мөргөлөө. Том хаалт мөргөсөн машин ёгхийтэл зогсоход Ландон салхины шилээ мөргөх шахлаа. Энэ гүүрийг хамгаалахын тулд зөвхөн явган хүн явдаг болгосныг мартчихсан байлаа.
Эвдэрхий машин дотроосоо арай гэж гарч ирсэн Ландон одоо өөр зам сонгохоос өөр аргагүй боллоо. Оргилуурын усанд шумбаад, шалба норчихсон болохоор голын хүйтэн салхинд осгож үхтлээ дагжин байлаа. Нөмгөн цамцан дээрээ Харрисын давхар нэхээстэй пиджакаа нөмрөхөд, аргагүй л ориг гэсэндээ дулаахан байлаа. Нөмөрсөн болохоор Диаграммагийн хуудас хармаанд нь хуурай үлдэх нь лавтай ажээ. Өмнө нь, гүүрийн цаана чулуун хэрэм уул мэт дүнсийнэ. Өвдөж, ядарсан Ландон доёгонон гүйлээ.
Хоёр талаар нь ёслолын цэрэг шиг Бернинигийн бүтээлүүд замыг нь хөтөлж байлаа. Ангель бүхэн ариун эрлийг чинь заана. Ойртох тусам хэрэм улам дээшээ сүндэрлэн, Гэгээн Петерийн ордноос илүү сүртэй санагдах ажээ. Утаан дотроос цайз руу гүйхдээ, хэрмийн орой дээр байгаа илдээ чичилсэн ангелийн зүг дээшээ харан явав.
Хэрэм хоосон байлаа.
Ватикан энэ цайзыг зуун зууны турш бунхан, цайз, Папын нуугдах газар, шашны дайснуудыг хорих шорон, музей болгон ашиглаж байлаа. Гэтэл, энэ цайзыг зөвхөн Ватикан биш, бас Иллюминати ашигладаг байж таарчээ. Жигтэй юм. Энэ цайз Ватиканы өмч байсан ч алдаг оног ашигладаг байжээ. Харин Бернини энд засвар хийсэн агаад одоо нууцлагдсан олон хаалга, хонгил, тэр бүү хэл өрөө танхимтай гэгддэг. Цайзыг тойрсон ангель, тавлаж цэцэрлэг ч бас л Бернинигийн санаа гэдэгт Ландон одоо огт эргэлзэхгүй байлаа.
Цайзын хоёр хавтаст аварга том дааман хаалга дээр ирээд, хүчлэн түлхэв. Цоожтой байлаа. Гайхах зүйл байсангүй. Хоёр том цуурга хаалга тэгнэнэ. Арагш хэд алхаад, өмнөө сүндэрлэх хана хэрмийн орой өөд хараа сунгалаа. Энэ ханыг бэрбэрүүд, хийтүүд, мөн маврууд довтолж байсан ч нэвтэрч дийлээгүй билээ. Ийшээ нэвтэрнэ гэсэн санаа нь нэг л бүтэл муутай тийшээ болчих шиг.
Витториа, чи тэнд байна уу?
Ландон ханыг нь даган гүйнэ. Өөр хаалга байх л ёстой доо!
Баруун талынх нь хоёр дахь зөргөөр нь ухаан зулгагүй гүйж явахад, Лунготере Ангелогийн машины жижигхэн зогсоол таарлаа. Тэнд Ландон хоёр дахь хаалгаа олов. Өргөдөг гүүр маягийн орц байх, гүүрээ өргөөд, хаачихсан байлаа. Ландон дээшээ ахин дахин харна.
Цор ганц гэрэл байгаа нь цайзыг тэр чиг нь гэрэлтүүлэх гадна талын гэрэлтүүлэг байлаа. Дотор нь байх жижиг салхивчууд бүгд харанхуй санагдана.Улам дээшээ нягтлан харвал, төв цамхгийн дээр, зуун тохой өндөрт, ангелийн илдний эгц доор ганц тагт үзэгдэв. Өрөөнд бамбар асч байгаа болов уу гэлтэй тагтны гантиг хашлага шаргалтан гялтайх ажээ. Ландон дээшээ гөлийн, нойтон бие нь дагжина. Сүүдэр? Нүд цавчилгүй дээшээ гөлийнө. Нуруу нь хүйт даагаад явчихлаа. Нэг хүн тэнд байна даа.
«Витториа!» хэмээн Ландон эцэж ядарсан дуугаар хашхирсан ч, дуу нь Тибер голын шуугианд дарагдан, бараг өөрт нь сонсогдсонгүй. Аргаа барсандаа дороо эргэлдэн, Щвейцарь жард хаа байна аа хэмээн зүхэн зогсоно. Ер нь түүний явуулсан мэдээг сонссон болов уу?
Машины зогсоол дээр хэвлэлийнхний бололтой том машин зогсож байв. Ландон тийшээ гүйлээ. Чихэвч зүүсэн нэг цүзгэнэсэн залуу бүхээгт суугаад, станцынхаа чихийг эргүүлэн тохируулж суув. Ландон шууд л бүхээгт нь яваад орлоо. Нов нойтон хувцастай, дагжин чичирсэн эрийг хараад, цүзгэр залуу цочин давхийж, чихэвчээ унагаачхав.
«Хүүе, залуу, юу болоо вэ?» хэмээн Австрали аялгаар цочсон залуу асуув.
«Утас чинь хэрэгтэй байна».
«Сүлжээ нь болохгүй байна аа. Оролдоод л байна. Шугам нь ачааллаа дийлэхгүй байгаа бололтой».
Ландон хараал зүхэл тавиад: «Чи тийшээ хүн орохыг харав уу?» гээд дүүжин гүүртэй үүд рүү заалаа.
«Тэгсэн шүү. Нэг бүхээгтэй хар машин л шөнөжингөө орж, гарч байгаа юм».
Ландоны гол руу нь орсон үг байлаа.
«Азтай золиг шүү» хэмээн австрали залуу дээшээ цамхаг руу харснаа, өөрийнхөө сууж байгаа байрлалаас Ватикан төдийлөн сайн харагдахгүй байгааг дурсан: «Тэндээс ч сайхан харагдаж байгаа даа. Замын бөглөрлөөс болоод, би Гэгээн Петерийн талбай руу очиж амжсангүй, аргаа барахдаа эндээс зураг аваад сууж байна» гэлээ.
Ландон түүнийг сонссон ч үгүй. Юу хийж болохоо бодон сууж байлаа.
«Юу бодож байна даа, чи хөө. Тэр арван нэг дэх Самар хүн нь тэгээд үнэн болов уу?» гэж Австрали залуу асуув.
Ландон эргэж хараад: «Юу?» гэв.
«Сонсоогүй яваа юм уу? Швейцар жардын занги нэг этгээдтэй утсаар ярихад нь цаадахад нь primo info (чухал мэдээ. Анг.) байгаа гэсэн гэнэ. Тэгээд, наашаа нисэж яваа юм байх. Хэрэв тэр залуу хүрч ирээд, аварч чадвал ч ... Өө, энэ рейтинг нь байна» гээд инээв.
Ландон гайхаж хоцров. Буянт Самар хүн наашаа нисч яваа гэнэ ээ? Тэр тэгээд антиматерийг хаана нуусныг мэдэж байгаа юм байх даа? Тийм юм бол Швейцар жардад хэлж орхихгүй яасан юм бэ? Юугаа хийж ийшээ биеэрээ ирж яваа юм бол? Энэ асуудал нэг л биш байлаа, гэхдээ тэр тухай бодож байх цаг Ландонд байсангүй.
«Хүүе» гэж Австрали залуу дуудсанаа Ландоны нүүр рүү бараг л тулж харснаа:» Чи нөгөө зурагтаар гараад байсан залуу юу даа? Нөгөө Гэгээн Петерийн талбай дээр кардиналыг аврах гээд байсан?» гэв.
Ландон огт сонссонгүй. Машиных нь дээвэр дээр, угсардаг суурь дээр тавьсан тавган антен дээр харц нь тусжээ. Тэгээд, цайз руу харав. Гадна талын хэрэм тавин тохой орчим. Дотоод цайз нь бүр ч өндөр. Цайз эндээс хэтэрхий хол харагдаж байгаа ч ядаж эхнийх нь хэрмийг давчихвал ч...
Ландон сурвалжлагч руу эргэн, дээш нь заагаад: «Энэ хэр урт сунадаг вэ?» гэлээ.
«Юу?» гэж залуу гайхсан шинжтэй хэлээд, гарыг нь дагуулж харснаа:»Арван таван метр орчим л сунах байх. Яасан?» гэв.
«Машинаа хөдөлгөөд, тэр хэрмийн хананы дагуу тавьчих. Надад тусал».
«Чи юу яриад байгаа хүн бэ?»
Ландон тайлбарлав.
Австрали залуугийн нүд нь эргэлдэн: «Чи солиотой юм уу? Энэ чинь хоёр зуун мянган долларын үнэтэй телескоп дуран. Энэ чинь шат биш, мэдээ?» хэмээн хашхирав.
«Чамд рейтинг хэрэгтэй байна уу? Чамд хэрэгтэй жинхэнэ мэдээлэл надад байгаа шүү» гэж Ландон хэлэв.
Ерэн секундийн дараа Ландон сансрын антен бүхий дуран дээр, газраас тавин тохой өндөрт гараад, үдшийн зөөлөн салхинд илбүүлж зогслоо. Удалгүй хэрмийн хананд хүрч, хана руу биеэ татан, гадуур хэрмийн дээр гарчээ.
«За одоо амласнаа гүйцээ!» гэж Австрали залуу доороос хашхиран: «Тэгээд тэр чинь хаана байгаа юм бэ?» гэв.
Энэ мэдээллийг задлах болсондоо Ландон гэмшиж байсан ч тохиролцоо бол тохиролцоо. Тэртээ тэргүй хассассин хэвлэлийнхнийг дуудаж л таарна. «Пиаца Нована. Тэр усан оргилуур дотор байгаа шүү» гэж доошоо хашхирлаа.
Нөгөө залуу сансрынхаа антеныг буулган, янзлаад машинаа асаалаа.
Хотыг дээрээс нь харуулдсан чулуун өрөөнд хассассин нойтон гутлаа тайлаад шархадсан хөлийнхөө хурууг боож байв. Хуруу нь өвдөж байсан ч баяр бахдлынх нь дэргэд юу ч биш байлаа.
Тэгээд олз руугаа эргэв.
Бүсгүй өрөөний булан байгаа нэг буйдан дээр дээшээгээ хараад, гар нь хүлээстэй, амандаа чихээстэй хэвтэнэ. Хассассин түүн рүү дөхөв. Хүүхэн сэрсэн байлаа. Бүр ч сэрэл хөдөлгөм ажээ. Гайхалтай нь бүсгүйн нүдэн айдас биш, харин гал цог тодорно.
Удахгүй айдас тодрох биз.

_________________
Avatar by Someone


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 7:16 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Энэ Витториа яасан зоригтой хүүхэн бээ. Ландон ч хүн алахад авъяасгүй ч мундаг юмаа

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 7:32 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 12-р сар.31.09 6:08 pm
Бичлэгүүд: 82
Байршил: S.Korea
хүлээсээ тайлж чадсан юм бол уу тэгээ л айхгүй байгаа байх. Нэг буу олсон байж ч магадгүй.
Витториаг мэдэхгүй л байна даа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 9:31 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.10.15 11:25 am
Бичлэгүүд: 27
витториа тамлуулах байхаа дээр нэг тиймэрхүү утгатай мөр яваад байсандаа Ландон бараг амжих байлгүйдээ яанааа ийййй


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 10:21 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.09.12 12:39 pm
Бичлэгүүд: 702
Байршил: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Ландон, Витториа хоёр ч яахав :matrixfight:

Харин энэ орчуулагч нээрээ их яарчээ :hihi: . Хүрэлзгэнэ байхдаа ч яахав. Хүүргэнэ гэх гээд андуурчихсан бололтой юмаа даа. Шавьж /би ч журамласнаар биш сурснаараа л бичих минь :hihi: /, шувуу хоёрыг хутгаад тавьчихаж ... :frog:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 10:34 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Хүрэлзгэнэ гээд бас шавж бдаг биз дээ. Харин тэр нь явсаар бгаад тагтаа болохоор нь гайхсиймаа.

Бүүк жоохон спойлер нтр өгөхгүймуу ккк би бүр яараад бна

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.15 11:15 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
урд шөнө ажлаасаа ирэхдээ бодон бодон яарч иртэл ороогүй бсан, харин өглөө орчихжээ, ёстой л бөөн оньсого таавар юм даа. Энэ Ландон энэ цагийн супер баатар юм уудаа, толгой гэж компютэр, өргөсөн аав нь алуулсан охидтой тааралдаж толгой эргэм адал явдалд хутгалдана. Хэн юм бол, яах бол гэсээр байтал дуусчихлааа....маааш их баярлалаа


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.15 1:40 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Өнөө өглөө 8 цагаас эхэлж уншаад нэг амьсгаагаар гэдэг шиг л бүгдийг нь уншлаа. Хүний оюун санаа гэдэг аймар юм аа. Яаж ийм зохиол бичдэг байнаа. Уншсан цагаасаа эхлээд зогсолтгүй толгой ажиллачихлаа.
Энэ Янус нь хэн бэ? Колер уу, папын гарын даа нь уу? Дараагийн ном нь байгааг бодоход Ландон Витториаг аврах л юм шиг ... Дараагийнхыг нь тэсэн ядан хүлээе.
Энэ зохиолыг оруулсанд баярлалаа.

_________________
Би унших дуртай


Дээд талд
 Постын сэдэв: Re: Dan Brown - Angels & Demons
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.15 1:43 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Өө энэ зохиолч чинь Жэймс бонд шиг л дараагийн ангид нь хүүхнийг нь сольчихдог юм. Да Винчийн код дээр яасан Софитой сүрхий бгаал энэ анги эхлэхэд зүүдэлж нтр болоод бсан одоо Витториад сэтгэл нь хөвсөлзөөд л. Ландон Витториаг дараа нь ийм юм үзэхийг мэдсэн бол үхсэн бсан нь дээр гэж бодох бсан биз гсн бсан тэхээр Витториаг ч нээх гэгээлэг ирээдүй хүлээгээгүй бхөө. Гэхдээ хөөрхий амьд үлдээсэй л гэж хүсч бна

_________________
:wink:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 285 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 14 5 6 7 811 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр