|
Пейж Жон Крониныг эргэхээр сэхээн амьдруулах тасагт орж очвол тэрээр унтаж байлаа. Бүсгүйн хувьд тэрээр догшин муухай авиртай хэрцгий эр биш, амьд гарахыг чармайн байгаа өвчтөн болон хувирчээ. Түүнд хүчилтөрөгчийн баг өмсгөн, судсанд нь дусал зоолттой байв. Пейж орны нь дэргэд суугаад ядарч туйлдсан царайг нь хэсэг харлаа. "Хөөрхий золгүй эр. Бид түүнд даанч тусалж чадахгүй нь" гэж бодов. Одоо түүнийг ямар ч ид шидийн бэлдмэл аврахаа өнгөрсөн. Бүсгүй түүний гарыг нь энхрийлэн илж хэсэг сууснаа гарч явав.
Үдийн хоолны дараа Пейж дахин сэхээн амьдруулах тасаг руу Жон Кронинтой уулзахаар орлоо. Хүчилтөрөгчийн багийг нь хэдийнэ авчээ. Тэрээр нүдээ нээн Пейжийг харснаа,
- Хагалгаа дууссан уу, аан? гэж үлбэгэр дуугаар асуув.
Пейж инээмсэглэв.
- Дууссан. Би таны бие яаж байгааг асуухаар орж ирлээ.
- Яаж байна вэ, гэнээ? Чөтгөр ав гэж, та юу яриад байна аа?
- Танаас гуйя, маргалдаад яах вэ?
Кронин Пейжийг анхааралтай ширтэн хэсэг дуугүй хэвтлээ.
-Эмч нар таныг хагалгаа тун сайн хийсэн гэж хэлсэн.
Пейж дуугарсангүй.
- Би хавдар туссан гэв үү?
- Тийм ээ.
- Би муу байна уу?
Энэ нь эрт орой хэзээ нэг цагт ямар ч мэс засалчид тулгардаг асуулт байлаа.
- Тун муу байна.
Кронин хэдэн минут дуугүй байснаа, дараа нь
- Цацрагийн эсвэл химийн эмчилгээг хийвэл яах вэ?
- Энэ танд ямар ч нэмэргүй, бүр ч дордох болно, надад үнэхээр харамсалтай байна.
- Ойлгож байна аа. Үгүй яах вэ дээ... би сайхан амьдарлаа даа.
- Эргэлзэх юм алга.
- Намайг хараад та итгэхгүй байж болно, гэвч миний амьдралд олон хүүхэн байсан шүү.
- Би итгэж байна.
- Тийм ээ. Эмс хүүхнүүд... амтат бифштекс... сайхан тамхи. Та нөхөртэй юу?
- Үгүй.
- Та хүнтэй суух хэрэгтэй. Бүгд нөхөртэй... эсвэл эхнэртэй байх ёстой. Би хоёр ч эхнэртэй байсан. Эхний удаа гучин жил ханилсан. Тэр минь гайхамшигтай эмэгтэй байлаа. Эхнэр маань зүрхний өвчнөөр нас барсан.
- Хөөрхий...
- Намайг хөөрхийлөх хэрэггүй гээд Кронин шүүрс алдаад,
- Дараа нь намайг энэ янхантай суулгахаар тулгасан юм. Дээр нь түүний өлөн зөлмөн ах нар нь нэрмээс болж байгаа. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж би өөрөө л буруутай. Түүний улбар шар үс нь намайг ухаангүй болтол минь татчихсан юм. Ер нь тэр тун хорхой хүрмээр хүүхэн л дээ.
- Харин би түүнийг... тэгж бодохгүй...
- Түүнийг өмөөрөх хэрэггүй. Би яагаад энэ муухай эмнэлэгт ирснийг мэдэж байна уу? Эхнэр маань намайг нааш нь авчирсан юм. Хувийн эмнэлэгт мөнгө үрэхийг хүсэхгүй байгаа юм. Өөртөө болон ах дүүст нь ахиухан юм хүртээх гэж тэр гээд Пейжийг харснаа, -Надад ер нь хэдий хир хугацаа үлдсэн бэ? гэлээ.
- Үнэнийг сонсмоор байна уу?
- Үгүй... гэхдээ ер нь бол тийм л дээ.
- Ганц хоёр долоо хоног.
- Бурхан минь! Өвдөлт нь бүр дордох уу, аан?
- Бид аль болох өвчин намдаахыг хичээнэ ээ, ноён Кронин.
- Намайг Жон гэж дууд. Амьдрал гэж гутамшигтай явдал, тийм үү?
- Та чинь сайхан амьдарсан гээгүй билүү?
- Тэр ч тийм. Бүх юм өнгөрлөө гэж бодоход дэндүү хачирхалтай байна. Бид үхсэн хойноо хаана очдог гэж та бодож байна.
- Мэдэхгүй.
Кронин муухан шиг мушийн инээгээд,
- Би тэнд очсон хойноо танд хэлнэ гэв.
- Та эмээ уух цаг болжээ. Би таны тусын тулд ямар нэг юм хийж чадах болов уу?
- Тийм ээ. Орой над дээр ирээрэй, хоёул ярилцамз.
Пейж оройн нь завгүй, хэдий ядарсан ч гэсэн,
- Тэгье, би хүрээд ирье гэжээ.
Пейжийг орой Жон Крониний тасагт орж ирэхэд тэр унтаагүй байлаа.
- Бие тань яаж байна?
Тэрээр үрчийж хөмсөг атируулаад,
- Аймшигтай байна. Би өвдөхийг тэсч чаддаггүй юм гэв.
- Ойлгож байна.
- Та Хейзлтэй хэдийнэ танилцаа биз?
- Хейзлтэй гэнэ ээ?
- Миний эхнэр. Янхан гичий. Тэр ах нартайгаа намайг эргэж ирсэн. Тантай уулзсан гэцгээж байна лээ.
- Тэгсээн.
- Тэр нэг л биш байгаа биз, тийм үү? Түүнтэй хүзүү толгой холбож байдаг би мөн ч мунхаг хүнээ дээ. Одоо тэд миний үхэхийг хүлээн тэсч ядаж байгаа.
- Тэгж битгий ярь даа.
- Гэвч энэ бол гашуун үнэн юм. Хейзл надтай чухамдаа мөнгөнөөс болж суусан юм. Үнэнийг хэлэхэд би үүнийг нулимж орхино. Би орондоо түүнтэй сайхан цэнгэдэг байсан, ах дүүс нь үргэлж мөнгөгүй гуйлгачин царайлж, улам улам ихийг шунан нэхдэг байлаа.
Пейж Кронин хоёр хэсэг зуур дуугүй болцгоов.
- Би танд олон газар орноор явсан гэж хэллүү?
- Үгүй.
- Би Швейцари, Дани, Герман орсон. Харин та Европ орж үзсэн үү?
Тэд хэрхэн жуулчдын товчоогоор орсноо Пейж эргэн санав. Венец явъя! Үгүй, Париж орсон нь дээр! Лондон орвол яах вэ?
- Үгүй, очоогүй.
- Та Европ очиж үзэх хэрэгтэй.
- Хэзээ нэг цагт явах байлгүй дээ.
- Таныг энэ эмнэлэгт ажиллаад тийм ч их цалин авдаг гэж бодохгүй байна, тийм үү?
- Надад хүрдэг юм аа.
Кронин толгой дохилоо.
- Та заавал Европ руу явах хэрэгтэй. Надад нэг тус бол. Париж ор... "Крийон" буудалд буу, "Максим"-д хооллоод, томоос том зузаан гэгчийн бифштекс, шил шампаан дарстай захиалаарай. Тэгээд таныг бифштексээ идэж, шампан дарсаа шимэн ууж суухдаа надыг дурсаасай гэж би хүсч байна. Та үүнийг биелүүлэх үү?
- Хэзээ нэгэн цагт заавал биелүүлнэ гэж Пейж намуухан өгүүлэв.
Жон Кронин түүнийг хянамгай гэгч нь харлаа.
- Сайн байна. Харин би одоо амармаар байна. Та маргааш надтай уулзахаар ирэх үү?
- Ирнэ ээ гэж Пейж амлав.
Жон Кронин ч дугхийлээ.
Бүлэг 29
Кен Мэллори өөрийн азын охин тэнгэртээ гүн итгэн биширч явдаг агаад Харрисонтой танилцсанаас хойш охин тэнгэр нь түүнийг хаяад явчихаагүй хамт байгааг нь ойлгожээ. Алекс Харрисон шиг чинээлэг хүн тойргийн "Эмбаркадеро" эмнэлгийн босгыг алхана гэдэг өдрийн од мэт ховор тохиолдол ажээ. Чухамдаа би амийг нь аварч, тэрээр надад талархах гэж хүсч байгаа нь энэ гэж Мэллори баярлан бодно.
Тэрээр нэгэн андаасаа Харрисоны тухай сураглан чих тавибал,
- Айхтар баян эр дээ. Арван саяын бэлтэй. Гурван ч удаа гэрлэсэн үзэсгэлэнтэй нэг охинтой хүн. Сүүлчийн удаа гүнтэнтэй сууж байсан юм.
- Чи ер нь түүнтэй уулзаж байсан уу?
- Үгүй дээ. Тэд над мэтийн амьтантай уулздаг улс биш.
Хагас сайн өдөр Алекс Харрисон эмнэлгээс гарах гэж байхдаа,
- Кен ээ, би долоо хоногийн дараа үдэшлэг зохион байгуулах тэнхээтэй байх болов уу? гэлээ.
Мэллори толгой дохиод,
- Хэрэв хэт ачааллаас түдгэлзэн, биедээ гамтай байвал яагаад үгүй...
Алекс Харрисон инээмсэглэн,
- Сайхан даа. Та миний хүндэт зочин болно гэхэд нь Мэллори гэнэт догдлон чичирч "Хөгшин үнэн голоосоо хэлж байх шив" хэмээн бодлоо.
- Танд баярлалаа.
- Лорена бид хоёр ирэх хагас сайны 7:30-д таныг хүлээж байя гээд Ноб-Хилл дэх гэрийн хаягаа Кенд хэлж өглөө.
- Би заавал очно гэж Кен хариулав. "Заавал шүү"
Энэ орой Мэллори Кэттэй хамт театр орохоор товлосон байлаа. Гэвч үүнийг болиулж дөнгөх нь алга урвуулахын төдий хэрэг байлаа. Мань эр хожлоо хэдийнэ цуглуулж эхэлжээ. Харин өдгөө Кэттэй жарган цэнгэл эдэлсээр долоо хоногтоо хэдэнтээ жижүүрийн хоосон өрөө, эмнэлгийн тасагт, тэднийд эсвэл гэртээ уулзан жарган цэнгэсээр байх болов. "Түүний хуял тачаал удаан уугисан даа. Харин ноцсон хойно ч... ёстой нэг аатай даа! Гэхдээ удахгүй түүнээс хагацна гэдэг л харамсалтай байна" гэж Мэллори бодов.
Харрисоныд оройн зоогонд уригдсан тэр өдөр Мэллори Кэтэд утасдан,
- Муу мэдээ дуулгахаас гэжээ.
- Юу болоо вэ, хонгор минь?
- Нэг эмч өвдчихжээ, тэгээд намайг оронд нь ажиллаач гэнэ. Хоёул болзоогоо хойшлуулах болох нь гэж айж байна шүү.
Кэт түүнд сэтгэл алдран татагдаад байгаагаа мэдэгдэхийг хүссэнгүй тул эс тоосон янзаар,
- Яах вэ дээ, эмч хүний үүрэг хойно, тийм үү дээ? гэв.
- Тийм л дээ. Гэхдээ чиний өмнө аягүй байна.
- Энэ тухай март гэж Кэт түүнийг эелдэглэн тайвшруулаад,
- Би чамд хайртай гэлээ.
- Би ч гэсэн хайртай шүү.
- Кен ээ, өөрсдийнхөө тухай хэзээ ярилцах вэ?
- Чи юун тухай хэлж байна? гэхдээ бүсгүйг юун тухай хэлж байгааг сайн мэдэж байв. Хуримын тухай л шүү дээ. Энэ хүүхнүүд бүгд нэг хэвэнд цутгасан мэт адилхан улс юм. Сайхан царайгаараа хэн нэгэн дүйнгэ амьтанг урхидаж авчихаад бүх л амьдралынхаа туршид түүнийгээ уургалан барьж байх санаатай даг. Энэ түүний тоглодог наадгай бишсэн. Цаг нь болохоор тэрээр урьд нь хэдэн арван удаа хийсэнтэйгээ адил Кэтэд харамсал илэрхийлэн мэхийн ёслох болно доо.
- Бид хуримынхаа өдрийг товлох ёстой гэж чамд бодогдохгүй байна уу, Кен ээ! Би бэлдэх хэрэгтэй байна шүү дээ.
- Өө, нээрээ тэгэлгүй дээ. Заавал товлоно оо.
- Зургаан сард хийхийг чи юу гэж бодож байна?
"Миний юу бодох чамд юуны хамаа байна. Хэрэв би зөв тогловол хурим хийнэ, гэхдээ чамтай биш л дээ".
- Хожим хоёул энэ тухай ярилцана аа, хүүхээ. Харин би одоо явах боллоо.
Харрисоны байшин гэж кинон дээр олонтаа нүд хужирлан үздэг байсан засч янзалсан цэцэрлэг, ойн цоорхой бүхий асар том талбай эзлэн байх хуучны том харш ажээ.
Уужим зочдын өрөөнд гучаад зочид уригдан ирсэн байх агаад бага шиг оркестр хөгжим эгшиглэнэ. Мэллорийг орж ирэхэд Лорена түүнийг яаран угтаж авлаа. Тэрээр биеийг нь барьсан торгон палааж өмсчээ. Бүсгүй Мэллорид гар сунгаад,
- Хүндэт зочин минь, тавтай морил. Таныг ирсэнд би их баярлаж байна хэмээв.
- Би ч гэсэн баяртай байна. Аавын тань бие яаж байна?
- Сайн байгаа, танд баярлалаа. Та энэ байшинд жинхэнэ баатар эр байх болно.
Мэллори ичингүйрэн инээлээ.
- Би ердөө л ажил үүргээ гүйцэтгэсэн.
- Магадгүй. Бурхан л энэ үгийг өдөр болгон хэлдэг байх шүү гээд Лорена Мэллориг сугадан авч зочдод танилцуулж эхлэв.
Харрисоныд Калифорни мужийн захирагч, Францын элчин, Дээд шүүхийн шүүгч, алдартай улс төрчид, жүжигчид, бизнесменүүд гээд нэрт мяндагтнууд цугларчээ. Ийнхүү ихэс дээдсийн дунд орж ирсэн нь Мэллорийн сэтгэлийг хөөргөжээ. Тэрээр "Би энэ хүрээнд, энэ хүмүүсийн дунд л явах ёстой" хэмээн бодлоо.
Оройн зоог гойдын тансаг боллоо. Үдэшлэгийн төгсгөлд зочид хэдийнэ тарж эхлэх тэр үед Харрисон Мэллорид хандан,
- Кен ээ, явах гэж бүү яараарай. Тантай ярих юм байна гэв.
- Тантай ярилцахдаа баяртай байна.
Харрисон, Лорена, Мэллори гурав номын санд орцгоов. Алекс охинтойгоо зэрэгцэн буйдан сандалд суулаа.
- Эмнэлэгт байхдаа би танд гялалзсан ирээдүй таныг хүлээж байна гэж чин үнэнээсээ хэлсэн юм шүү.
- Таны итгэл надад таатай байна, эрхэм ээ.
- Та хувийн эмнэлэг ажиллуулах хэрэгтэй.
Мэллори уйтгартай инээмсэглэж,
- Энэ ч тийм амар ажил биш ээ, эрхэм Харрисон. Хувийн эмнэлэг нээнэ гэхэд цаг хугацаа шаардлагатай, харин би...
- Энэ амархаан. Та чинь ер бусын хүн шүү дээ.
- Таныг ойлгосонгүй.
- Таныг ординатураа төгсмөгц хувийн эмнэлэг байгуулахад тань аав тусалъя гэж байгаа юм гэж Лорена тайлбарлав.
Мэллорид тэр даруй хэлэх үг олдсонгүй. Бүх юм ийм хялбар бүтэх гэж. Тэрээр ер бусын сайхан зүүдэнд умбаж байгаа мэт санагджээ.
- Би... би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
- Надад баян найз нөхөд олон бий, тэдэнд таны тухай ярьсан. Та өөрийн хэр чинээг дэнслэн шалгах бүрдээ энэ мөчийг санах болно.
- Аав минь, өмгөөлөгчид л дэнсэлдэг шүү дээ.
- Ялгаа юу байхав. Би хэдийд ч санхүүгийн талаар танд туслах болно. Та намайг ойлгов уу?
Мэллори амьсгаа нь давчдаад ирэхийг мэдэрлээ.
- Бүрэн ойлголоо. Гэхдээ би... хэзээ таны өрийг дарж чадахаа мэдэхгүй байна.
- Тэрэхээр та огт ойлгоогүй бололтой. Энэ чинь би танд өрөө төлж байгаа хэрэг. Та надад ямар ч өргүй!
Лорена Мэллориг эелдэг харцаар ширтэв.
- Таныг гуйя, зөвшөөрөөч.
- Татгалзана гэвэл миний зүгээс мунхаг хэрэг болно биз, тийм үү?
- Яг зөв гэж Лорена түүнийг дэмжээд,
- Би таныг тэнэг хүн биш гэдэгт итгэж байсан юм гэжээ.
|