|
Бүлэг 33
Тэднийг овор ихтэй SUV машинаараа Эверглэйдсэд хүрэлцэн ирэхэд Райлигийн хамаг мэдрэл хөвчирлөө. Тэрбээр энд маш том хэрэг өрнөнө гэдгийг мэдэж байснаас гадна Бас Орин Роудсын олныг цочирдуулсан үйл явдал хурдан дуусна гэдэгт итгэлтэй байв.
Райли Жэйк Криваро болон сум үл нэвтрэх хантааз өмссөн хэдэн рэнжер, цагдаа нартай хамт явж байлаа. Рэнжэрүүдийн ахлах Вилбур Стрэйт жолоо барьж явлаа. Тэдний ард бас нэг SUV дотроо дүүрэн рэнжер, цагдаа нарыг суулгачихсан дагаж явна.
Зам усны эргээс намхан бутлаг ургамлаар зааглагджээ. Райли тэдний урд нисэж буй цагаан өнгийн хотон шувууг хараад өөр нөхцөл байдалд явж байсан бол энэхүү аялал өөрт нь их таалагдах байсан даа хэмээн дотроо бодлоо. Тэр бас усны эрэг дагуу ургасан хулс харах шиг болсон ч орооцолдсон их бутлаг ургамлаас сайн ялгаж чадсангүй. Харуй бүрий болж гэгээ тасрах үед тэр усны эрэг дээр замаар явж өнгөрөх машинуудыг аймшигтай нүдээрээ ширтэн хэвтэх аллигаторуудыг олж харлаа. Тэрбээр энд ганц бие явган аялагч гэнэт алга болох тохиолдол гарч болно гэдгийг ойлгожээ.
Хоёр суудлын тэрэг яг одоо ХМТ-ны тийрэлтэт онгоц газардсан талбай руу орж ирлээ. Онгоцны бөөрөнд байдаг хаалга онгойж, Билл шатаар уруудан халуу шатан уур савсах цардмал талбай дээр буулаа. Тэр сум үл нэвтрэх хантаазаа мөрөн дээрээ сул тохжээ.
Райли Билл рүү хурдан гүйж очлоо. Тэрбээр
- Цагтаа амжиж ирсэнд би их баяртай байна гэж хэлсэнд Билл мөрөн дээр нь зөөлөн алгадаж инээмсэглээд
- Хэн ийм зүйлээс хоцрохыг хүсэх билээ хэмээн хэлэв.
Тэр хоёр машинд суулаа. Стрэйт машинаа асаан хурдаа огцом аван давхиж эхлэх үед Райли Жэйкийг Биллд танилцуулав. Хоёр эр өөрсдийнхөө тухай Райлигаас байнга сонсож байсан боловч урьд өмнө нь нүүр тулж уулзаж байгаагүй ажээ. Тэд хоёр биендээ таалагдана гэдэгт Райли итгэлтэй байлаа.
Одоо дэргэд нь Жэйк, Билл хоёр байгаа болохоор Райлигийн сэтгэл үнэхээр хөнгөрчээ. Түүний хувьд тэр хоёр ажиллах хугацаандаа хамт ажиллаж байсан хамгийн эрхэм хүмүүс ажээ. Одоо тэд бүгдээрээ хамт ажиллаж байгаа учир үнэхээр сайхан байлаа.
Bиллийг хантаазаа өмсөж байх үед Райли нөгөө байшингийн зургийг гаргаж ирлээ, Бийл зургийг авч гар чийдэнгийн гэрэл тусгаж харав.
- Филадельфияд Роудс руу нэг хүн захиа илгээсэн байсныг чи санаж байна уу? хэмээн Райли асуулаа.
- Үүнийг чи тэр байшин мөн гэж бодож байгаа юм уу?
- Ийм байх боломжтой. Энэ зургийг би Жексонвиллийн машины зогсоол дээрээс олсон. Бас Өмнөд Каролинд тэр Эверглэйдсийн тухай мэдээллийг сонирхож байсан.
Билл толгойгоо алгуур дохиод
- Бид түүнийг олох юм шиг байна гэж хэлэхэд Райли
- Би ч гэсэн үүнд найдаж байна гэлээ.
Хэдэн минутын дараа ахлагч Стрэйт машинаа хаалт хийж цоожилсон салаа замын эхэнд аваачиж зогсоогоод
- Бид ирчихлээ гэж хэлэв. Тэрбээр машинаас бууж цоожны гинжийг төмөр таслагчаар тасалж, дараа нь машиндаа эргэж суугаад цааш хөдөллөө. Машин элсэнд дарагдсан бартаа ихтэй замаар оров.
- Энэ замаар удаан хугацааны турш хүн, машин яваагүй юм шиг байна гэж Райлиг хэлэхэд ахлагч Стрэйт
- Хүмүүс наашаа ихэвчлэн машины оронд гулгадаг завиар ирдэг юм гэж хэллээ.
Эцэст нь нэг байшингийн бараа харагдсанд Стрэйт машинаа зогсоож, их гэрлээ унтраав. Хоёр дахь машин бас тэдний дэргэд ирж зогслоо. Хашир болгоомжтой арван хүнээс бүрдсэн баг машинаас бууцгаав.
Гадаа бүрэнхий болсон байлаа. Райли тэдний урд зам дээр мөлхөж яваа бараан өнгийн могойг арайхийн ялгаж харжээ. Ахлагч Стрэйт хамгийн түрүүнд урагшилж, араас нь Билл, Жэйк, Райли болон багийн үлдсэн гишүүд дагалдан явлаа. Тэд байшин руу чимээ гаргалгүй болгоомжтой гэтлээ. Яг тэр үед Райли байшинг усанд их ойрхон барьсныг мэдэж авлаа. Роудс мэдээж энд гулгадаг завиар ирсэн байж таарна. Тэр магадгүй завиа энэ шигүү ургасан зэгсэн дунд хаа нэгтээ нуучихсан биз.
Райлигийн бүх бие хөлөрчээ. Тэрбээр энэхүү дулаан уур амьсгалаас болоогүй, харин хамаг мэдрэл нь хөвчирснөөс болсон гэдгийг мэдэж байлаа. Райли усны мандал руу гар чийдэнгээ тусгавал хачин хүмүүс ойртож буйг ажиглан хэвтэх аллигаторуудыг олж харав. Тэд амаа нэгэн зэрэг том ангайлгаснаа алгуурхнаар усан доор шумбаж орцгоов.
Ахлагч Стрэйт багийн бүрэлдхүүнээ нэг дор цуглуулсны дараа тэд оногдсон байраа эзэлж байшинг бүслэхээр тал бүр тийш тарцгаалаа. Бүрэнхийд сүүмэлзэх тэрхүү байшин түүний зурган дээр харсан цагаан өнгийн баганас бүхий тавцангаар хүрээлэгдсэн, хүн амьдрах зориулалттай улаан тоосгон байшин мөн ажээ. Байшин зурган дээр харагдаж байснаасаа овор ихтэй, том цонхнууд нь хагарч, цуурсан хана туурганд нь олон нүх гарсан харагдана.
Үлгэр домгийн мэт энэхүү орчин Райлид нэгэн дүр зургийг санагдууллаа. Энэ байшинд сайн чанарын хувцсаар гоёсон танхай этгээдүүд амьдарч байсан цагаас хойш хичнээн хугацаа өнгөрсөн юм бол? Энд хичнээн олон гэмт үйлдлийг төлөвлөж байсан бол? Энэ газар нутагт хичнээн олон хүн амины хэрэг гарсан бол?
Орин Роудсэд энд гэртээ байгаа юм шиг санагдах нь мэдээж хэмээн Райли бодлоо. Байшин дотор нэг ч асаалттай гэрэл харагдаагүй ч тэр энд хаа нэгтээ нуугдаагүй гэсэн үг биш.
Стрэйт түүнд мегафон (цагаан хоолой, чанга яригч. орч) өглөө. Райли мегафоныг өргөж
- Орин Роудс, ХМТ-ны мөрдөгч Райли Пэйж ярьж байна. Бид байшинг бүсэлсэн. Гараа дээш нь өргөөд урд хаалгаар гарч ир хэмээн чанга дуугаар орилов.
Түүний дуу хоосон байшин дотор болон байшинг хүрээлсэн ойн дунд цуурайтаж сонсогдлоо. Гэн ч хариу өгсөнгүй. Гэвч Райли үүнд огтхон ч гайхсангүй. Харин дараа нь юу тохиолдохыг тэр тааварлаж чадсангүй. Тэнд Орин Роудс ганцаархнаа байгаа юу, эсвэл хамтрагчидтайгаа тэдний дайралтыг хориглохоор зэхэж байгаа юм болов уу? Арай тэнд Шэйн Хатчер бас байгаа юм биш биз? Райли дахиад ориллоо.
- Би дахиад давтаж хэлье. Гараа өргөөд гадагшаа гар.
Дахиад хариу өгсөнгүй. Райли, Билл, ахлагч Стрэйт нар харц солилцсоноо галт зэвсгээ гаргалаа. Тэр гурав шаардлага гарвал байшинд нэвтэрч орохоор тохиролцсон ажээ. Багийн бусад гишүүд хэн нэгэн байшингаас зугтаж гарахаас сэргийлж гадаа хүлээх ёстой байлаа. Тэр гурвыг байшингийн өргөн тавцан дээр гарч иртэл араас нь гүйцэж ирсэн Жэйк Криваро Райли руу дүрсгүйтэж буй хүүхдийн царай гарган инээмсэглэв.
Гэнэт Райлигийн санаа зовж эхэллээ. Энэ төлөвлөгөөнд багтаагүй байсан. Хоёр өвдөг нь муу, сайн харж чадахгүй, бас сонсголын болон зүрхний хэм тохируулагч аппарат зүүсэн Жэйк тэдэнтэй нэгдэх нь сайхан санаа гэж үү?
Одоо мэтгэлцэж байх цаг биш хэмээн тэр бодлоо. Түүнээс гадна Жэйк юу мэдэрч байгааг тэр сайн ойлгожээ. Тэтгэвэрт гараад олон жил болсон хэдий ч тэр гарсан боломжийг алдахыг хүсээгүй. Дайралтанд биечлэн оролцохоор тэсэн ядан хүлээж зогсох Жэйкийг хараад Райли уурлаж чадсангүй.
Райлигийн удирдлага дор бяцxан багийнхан хоёр хавтастай хаалгыг чахруулан онгойлголоо. Тэд өргөн хаалгаар цувралдаж ороод зэвсэг болон гар чийдэнгээ бэлэн барьсан хэвээрээ онгорхой хаалга нэг бүрийг шалган харлаа. Дараа нь тэд дороо зогсож чимээ чагнав. Байшинд амьд амьтан байгаа гэмээр ямар ч чимээ сонсогдсонгүй. Байшин гадаа харагдаж байснаасаа илүү том зайтай, бас ямар нэг учир битүүлэг зүйл агуулж байгаа юм шиг санагдана.
Ахлагч Стрэйт
- Бид өрөөнүүдийг шалгаж үзэх хэрэгтэй гэж хэллээ,
Гурван эр өрөө нэг бүрийг шалгахаар тарж явцгаав. Райлигийн гар чийдэнгийн гэрэл дээшээ дээврийн хөндий рүү гардаг спирал хэлбэртэй шатан дээр туслаа. Тэрбээр дээшээ өгсөв. Шат гадагшаа гардаг балконы хажуугаар өнгөрснөө хос хавтас бүхий хаалганд тулж ирлээ. Райли хаалганы нэг хавтсыг болгоомжтой түлхэн харанхуйлсан өндөр цонхтой том өрөө рүү орлоо. Тэгтэл түүний гар чийдэнгийн гэрэл өрөөний голд харагдах нэг зүйлийг хальт гэрэлтүүлэв. Райли дороо зогсоод нөгөө зүйлийг сайн харахаар гэрлээ тусгалаа. Тэнд цааш нь харуулж тавьсан жирийн нэг түшлэгтэй сандал харагдана. Сандал дээр нэг хүн сууж байлаа. Тэрбээр эр хүн байх бөгөөд толгойгоо хажуу тийшээ эвгүй байрлалд гэлжийлгэсэн ажээ.
- Орин Роудс мөн үү? хэмээн Райли ширүүн асуулаа.
Гэвч энэ хүн Орин Роудс биш гэдгийг тэр яагаад ч юм мэдэрчээ. Өрөөнд андуурахын аргагүй танил өмхий үнэр ханхална. Сандал дээр сууж буй хүн нас бараад олон өдөр болжээ.
_________________ Sakura
|