|
Сайн байцгаана уу. муухай жаал гишүүний форестерийг Хүдэрт харсан юм байна шүү, сумын төвд нэг, дараа нь зүүн тийшээ өгсөж байсан санагдана. Хар өнгөтэй мөн үү. Мөн ч их устай өдрүүд байлаа, тэр үед тиймээ. Би өөрийхөөрөө Тарвагатай-Шивэрт-Хазаа-Жаргалант-Номт гэсэн маршрутаар 7-17 нд борооноор явсан юм, аргагүй л намдаад айхтар ховилд нь яндангаараа нидрээд байх, гэхдээ диагональдуулчихгүй тэгнэчихгүй л бол хөөрхий урагшлаад л байх юм.
Өөрийн унаж байсан болон байгаа субаругийн тухай товч бичье:
GF-6 Impreza wagon HX edition S 1994 awd AT
Мэдээж өмнөх солонгос тэргээс пүрш амортизаторын бат бэх чанар, тэгээд 4WD нь гайхмаар байлаа. Замын донсолгоо гаргах гэж нэг их сүлжих, хурд хасах шаардлагагүй. Мотор нь сулавтар 1,8 сүрхий хүчтэй ч гэхээр юмгүй гэхдээ бүүр адагт нь ч орохооргүй дундаж. 110 морь. Комплектаци нь спорт байсан юм байлгүй, жолоо нь 3 спицтэй, Nardi, суудал нь бие барьсан гүнзгий хашлагатай байлаа.
Давуу талууд:
Явдал: Эргэлт, сүлжилтэнд сайн, явах ангийн чанар онцгой, ялангуяа шороон зам дээр тэр нь мэдрэгдэнэ, тийм зам дээр барих зүгээр л кайф, ралли гентэй гэдэг нь тэнд мэдрэгдэнэ. Мэдээж өвөл халтиргаатай үед хөдлөх, хурдаа авах, өөдөө гарахад асуудал байхгүй, харьцангуй тэгш газар бол цасыг ёроолоороо индүүдээд л урагшлаад байна.
Суудал, эргономик: Хол газар явахад ядрах нь маш бага, суудлын тохиргоо нь надад л лав сайн.
Багааж: Харахад гольф ангиллын машин шиг боловч ачаа бараа зөөхөд, ялангуяа хойд суудлаа хэвтүүлэхэд овоо зай гарна. Дунд зэргийн хөргөгч, ширээ зэрэг асуудалгүй багтана.
Сул талууд:
Мотор: тухайн мотор холын замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хүч нь хангалтгүй. Дээр нь харьцангуй хүнд машин болохоор шатахуун хэмнэх хувилбар бүтэл муухан. Өвөл асахдаа дургүй.
Комфорт: Шум ихтэй, явдал харьцангуй хатуувтар, хөгжим хамгийн энгийн динамиктай.
BG-9 Legacy Wagon 250T AWD AT 1995
EJ 25 ! Нэтээс энэ моторыг халаад эвдрэх хандлагатай гэж уншаад маш их айдаг байлаа, гэвч бараг 4 жил монголд анхных нь антифризтэй унасаар байгаад л зарсан даа. Өмнөхөөс мэдээж буурьтай чухал машин байв. момо, 160 морины хүч, чимээний тусгаарлалт, Clarion, 8 динамик, мебель оруулгатай салон, доторлогооны материал... гэх мэт ангилал арай л дээгүүр.
Давуу: Хүч холын замд хангалттай, ер нь хол замд тун ч тохилог унаа. Маш их багтаамжтай багааж, хойд зорчигч нарын хөлд их зайтай. Арын суудлаа хэвтүүлсэн тохиолдолд 2 хүн тухтай унтахаар ор болно. Тэгээд л хөгжим, гэрэл, агааржуулагч, юм юмтай майхан болчих нь тэр. Мөн 1 таалагдсан юм нь жолоочийн хаалганы бариул кодтой. Өөрөөр хэлбэл жишээ нь түлхүүрээ дотор нь мартаад түгжсэн тохиолдолд бариулаа тодорхой хэмнэлээр татаад нууц 4 дугаараа оруулахад хаалга нээгдэнэ. Та нарынх т ч байж мэднэ, түгжсэн үедээ бариулаа татахаар сул дохио дуугардаг юм.
Сул:
DOHC мотор: Миний хувьд энэ мотор таалагддаггүй. Севчэ суусан байрлал нь солиход маш хэцүү, тэгээд зөвхөн платинум севчэ, зааврын дагуу бол зөвхөн premium буюу 98, дор хаяж 95 хийх ёстой юм гэнэ. Гэвч би 92 л ихэнхдээ хийсээн. Манайх бол Ачинскаас л авдгаас хойно тэндээс чанартай 98 ирнэ гэдэг их л магадлал багатай. Тэгээд ч турбогүй болохоор санаа зовдоггүй байлаа.
Жолоодлого: Ангилал дотроо бол сайн л машин байх гэхдээ импрезад хүртэл хол байна. Ер нь бол серпантин хийнэ гэж бодох хэрэггүй.
Хол ойрын гэрэл бүдэг.
BH-9 Legacy Lancaster AT 1999
Японоос бусад газрын Outback. 215\60\16 дугуй, 20 см клиренс, арьс-илэг хосолсон суудлын бүрээс, суудлын автомат тохиргоо, карго фан, салон тусгаарлагч сетка, тв, эргэлтийн нэмэлт гэрэл гээд... зөндөө л гоё юм байлаа. Барихад маш итгэлтэй, байрнаас хөдлөхөд хөнгөн, манай зам дээр бол хурд нь нэмэгдэж байгаа нь мэдэгдэхгүй холын замд тогтвор сайтай, тэгээд хойд амортизатор нь ачааллаас үл хамаарсан self levelizer гэдэг эд байлаа.
Удаан бариагүй, нөгөө dohc мотортой, бас эргэлтийн радиус нь хол, маневр их хийлгэдэг тэрэг байна лээ. Гэхдээ иймэрхүү машинд энэ бол бага хэрэг л дээ.
SF-5 Forester S20 limited AT 1999
Турбо нь биш загвар. Маш энгийн унаа. Хотод унахад маш тохиромжтой, замын муу бараг мэдрэгдэхгүй. Бууж суухад амархан. Техникийн үйлчилгээ хийхэд маш амар. Холын шулуун замд жаахан чилээнэ, гэхдээ миний л хувьд. Хөдөө бол тун сайн. Аятайхан бариад явахад хаа ч хүргээд өгөхөөр маш найдвартай. Ер нь л ихэнх юмыг тоохгүй. Энд тэндэх олон карман савнуудад нь хамаг юм ороод шингэчихнэ. Замын хашлага саад болохгүй. Тун санаа амар машин. Бараг л машин юу болж байгаа билээ гэж боддогоо мартана.
Давуу: Мотор нь SOHC. Миний хувьд давуу тал мөн. Өмнөх машинуудаас илүү нь өвөл асахдаа бараг түүртээгүй. Тэгээд бензин голохгүй.
Сул тал: Ихэнх юм нь энгийн болохоор уйтгартай. Лимитед гэхээрээ момо руль, дундаж кларион хөгжим л байх шиг байна. Холын замд дуу чимээ, ялангуяа салхины шуугиан ихтэй. Суудал яг тохируулахад хэцүү, тохойны тавиур нь нэг л таарч өгөхгүй.
За товчхон л бичлээ, гэхдээ тодруулж асуувал хариулахыг хичээнээ.
|