|
Хэдхэн дуу сонсож амжина
Гадаа цастай, ороостой. Өчигдөр, уржигдрын л адил. Тэр цасанд дуртай ч шавар шалбаагт дургүй. Гэхдээ зүгээр түүнийг гэрээсээ гарахад цас орж байлаа. Шалбааг сүлжин алхсаар нэг байшин, хоёр байшин тэгээд л болоо. Азаар тэднийх автобусны буудалдаа ойрхон. Гүйсэн ч хоцорсон. Автобус түүнийг хүлээдгүйг тэр мэднэ. Гэхдээ зүгээр тэр дараагынхад нь сууна. Дараагын автобус иртэл тэр 1 дуу ч сонсож амжсангүй. Өглөөгүүр тийшээ явдаг автобус үргэлж л дүүрэн хүнтэй байдаг. Шахцалдаан, кондуктар, мөнгөө өгнө,2 буудал явна, тэр бууна. Дараагын автобус. Шар өнгөтэй байх ёстой. Арай бага шахцалдаан, кондуктар, мөнгөө өгнө, 5 буудал явна, тэр бууна. Автобусны буудлаас очих газар ирэх хүртэл 2 дуу сонсож амжина.
Очих газар, дандаа л ирдэг газар. Тиймээ дандаа.
Яг л нэг зохиолд гардаг шиг. Тэрэн дээр:
Энд ирэх дуртай.
Сурах дуртайдаа биш, хийх юм, танидаг хүмүүс, найз нар. “Хүнд явж болох газар байх ёстой” /Ф.М/
Хаалгаар ороход нь танидаг танилууд, ёс төдий мэнд, коридоор, тэгээд хичээл орох анги. Дахиад л танидаг танилууд, сайн танидаг танилууд, мэндлэх ёс, тэгээд сандал бас ширээ.
Тэр ихэвчлэн өөрийнхөө нэрлэдгээр BSB-ийн хавьцаа суудаг. Back Street Boys. Арын ширээнд ямархуу хүмүүс суудгыг бүгд мэднэ, тэр ч гэсэн. Гэхдээ тэр өөрөө тэдний нэг гэдгээ ч мэднэ. Хамаагүй. Хаана сууж элэнцэгээ хийх нь хэнд падтайм бэ?.
Хүмүүс нэг нэгээрээ –Байна, байна, байна дуугарна.
-Билгүүн
-Байна, гараа өргөнө. Одоо болсон. Чихэвчээ хайна, утсандаа залгана, дуртай дуу нь явна. Cold play – In my place. Үгий нь ойлгохгүй ч гадарлана. Хамаагүй. Сайхан аялгуу, сайхан дуу.
Багш ярина, зурна, хашгирна, загнана, инээнэ. Хамаагүй. Заримдаа худлаа үнэн хуулна, бичнэ, зурна. Тийм ээ заримдаа.
Хонх дуугарна, цүнхээ хайна,ангиас гарна, танилууд, нойл, тамхи. Харихыг хүсвэл харина. Хамаагүй. Гэхдээ өнөөдөр үгүй. Дараагийн паар, анги, чихэвч утас, 20-иод дуу сонсож амжина. Хонх дуугарна. Танилууд, ТҮЦ, тамхи, гадаа агаарт татах сайхан. Цонхтой цаг, сургуулийн урд нарлаж сууна, хажууд сайн танил. Нэр нь Анхаа, сайн залуу, хөдөөний оюутан. Хамаагүй. Ярилцах сэдэв энгийн. Анхаа үргэлж л хөлбөмбөг ярьж байдаг. Билгүүн хөлбөмбөгт дуртай. Анхаагаас ч илүү. Хөлбөмбөгийн тухай яриа, тамхи, хөгжим, заримдаа урдуур явах хүмүүсийг харна.
Одоо нэг паар. Сургуулийн хаалга, коридоор, анги тэгээд мэдээж ширээ сандал. Хажууд Анхаа, хичээлдээ муугүй.
Хүмүүс нэг нэгээрээ –Байна, байна, байна дуугарна.
-Билгүүн
-Байна, гараа өргөнө. Одоо болсон.Чихэнд нь хамтлагууд, дуучид ээлжилсээр...
Үгий нь ойлгохгүй ч гадарлана. Keane – Nothing in my way. Хамаагүй. Сайхан дуу, сайхан аялгуу
Хичээл тарсан. Сургуулиас гарна, зам, нэг байшин, хоёр байшин, хэд хэдэн байшин. Автобусны буудал.
Автобус хүлээнэ, шар байх ёстой. 1 дуу, 2 дуу, автобус ирнэ. Хүнтэй автобус. Арын суудалд таван хүн. Түүнийхээр зургаа байх ёстой.
-Жоохон шахчих уу?
Одоо болсон. Арын суудал, зургаан хүн, кондуктар, мөнгөө төлнө. Түгжрэл, тэр дургүй, 1 дуу, 2 дуу, ... 16 дуу. Бууна, гадаа нартай, өглөөний цасыг мартуулна. Гоё өдөр, алхах сайхан, 1 дуу, 2 дуу ... Тэр заримдаа замдаа зураг дарах дуртай. Тийм ээ заримдаа, гэхдээ түүнд сайн аппарат байхгүй. Олон хүн, цөөн хүн, навчгүй мод, хөх цэнхэр улбар шар үүлтэй үүлгүй тэнгэр, шар нар улаан нар. Хамаагүй. Өнөөдөр хэдхэн л зураг дарсан. Ээж, аавдаа хөтлүүлээд явж байгаа бяцхан жаал, хөтлөлцөөд алхаж байгаа хос хоёр. Гуйлга гуйн дуулж байгаа бяцхан жаал, хараагүй бүсгүйгээ замчлан явж байгаа эрэгтэй. Муу зургууд. Хамаагүй. Тэр хүссэнээ хийнэ, хийсэн.
Түүнд хоёрхон буудал алхах хэтэрхий ойр санагддаг. Гэхдээ хамаагүй бүх зүйл сайхан байна. 3 давхар хуучны байр, орц, шат, 23 тоот.
Гэрт нь хүнгүй, гэрэл асаана, цүнхээ шиднэ. Нойл, угаалтуур, хоол тэгээд телевиз. Болкоон, агаар, тамхи, толгойд бодол орж ирвэл цаасан дээр буулгана. Дахиад телевиз. Хүсвэл хоол хийнэ. Тийм ээ хүсвэл. Гэхдээ өнөөдөр тийм. Хаалга тогшино.Хамт амьдрагсад нь ирнэ, нэг ах, нэг эгч. Одоо болно. Дахиад телевиз.
Тэр заримдаа FM хэд аравны хэдийн солиотой яриатай залууг сонсох дуртай. Тийм ээ заримдаа.
Гадаа харанхуй, орой болжээ. Заримдаа тэр хэн нэгэнийг бодно, хэн нэгэнийг санана, хэн нэгэнийг мартахыг хичээнэ. Тийм ээ заримдаа. Унтахыг хичээнэ. Нэг дуу, хоёр дуу, ... 3 дахь дуу нь сүүлийн дуу.MLTR-Sleeping child. Гэрлээ унтраана.
Гүйсэн ч хоцорсон. Автобус түүнийг хүлээдгүйг тэр мэднэ. Гэхдээ зүгээр тэр дараагынхад нь сууна...
_________________ kontik
|