|
Дэлгүүрийн доторхи юмсийн үзэгдэх бүүдийн байгаа нь өвлийн богинохон өдөр төгссөнийг мэдэгдэхэд дэлгүүрийн лангууны хажууд байх компьютерын ард сууж байсан Дадиа өвгөн гэрэл асаая гээд босон унтраалгыг зүглэн алхахуйд түгжээгүй байсан хаалга намуухан онгойж хэн нэгэн гэтсэн мэт орж ирэх анирыг өвгөний сонор чих алдсангүй сонслоо. Дэлгүүр хаасан одоо худалдаа хийхгүй хүүхээ гээд гэрлээ асаасан өвгөнийг эргэтэл нүүрэндээ баг углан дуу намсгагчтай буу барьсан этгээд өвгөнийг чимээгүй гэж дохив.
Сүүлийн үед зурагтаар байнга гараад байгаа зэвсэгт дээрэмчид үү гэвэл биш бололтой.
Хөдөлгөөн энэ тэрийг нь ажиглавал яавч басаж болохгүй нөхөр байна, буунаас нь салгачихвал учир байнасанж, хийгий нь отоод зогсож байхаас өөр мэхгүй гэж бодсон Дадиа тэнэгдүүхэн хүний айсан царай гаргав.
Нэгч үг хэлэлгүй буугаараа дохин доош буудаг шат уруу заахыг бодвол урдаас төлөвлөсөн ажиллагаа юм байна. Өчигдрийн ирсэн тэр цүнхний араас ирсэн сүүл мөн. Тэр холоос зүүгдээд ирэхийг бодоход яггүй бэлтгэлтэй нохой байгаа даа, гайгүй хүү минь чи хий гаргах л ёстойдоо.
Ар шилэнд буугаа тулган доош шатаар явсаар доод хонгилийн өрөөнд байгаа шатдаггүй төмөр шүүгээний өмнө очиход онгойлго гэж дохив.
Өвгөн халааснаасаа түлхүүрээ тун болгоомжтой гаргахдаа гар нь салганаж байгаа нь онгойсон бууны ам хараад зүрх чичирсний шинж бололтойг харсан багтай хүний дотор эрүү өвдөг нь нийлэх дөхсөн энэ өвгөний айж байгааг нь ээ. Ийм байж юунд тэр том дайсантай өштэй болсон юм бол, эсвэл бид чулуу хөөгөөд нэг муу мухлагийн худалдагчийн талхны хэдэн төгрөгөө нуусныг нь андуурч авах гээд байна байгаа юм болов уу гээд анхаарал сарниж орхих тэр агшнийг өвгөн овжин ашиглаж бууг нь мөрөн дээгүүрээ давуулан багтай дээрэмчинг тэврээд авлаа.
Өвгөнийг өвдөглөөд сугарчих санаатай тонгочсон багт эрүүндээ мөргүүлэн тэнцвэр алдах агшинд эмзэг газарт нь өвгөний өвдөгний өшиглөлт таарлаа.
Гартаа халуун зэвсэг атгачихаад дал хүрсэн өвгөнд ийм амархан дийлдсэн гутамшигийг харсан бол түүнийг тусгай хүчний дасгалжуулагчаар ажиллуулж байсандаа дарга нар нь гутрах биз дээ.
Салтаагаа даран мурчигнах багтыг нэгмөсөн хоньчилж хүлэх санаатай ойртсон өвгөний цээж үрүү нэг юм хүчтэй цохих шиг болсон нь хашир тагнуулын ажилтан даалгавар биелүүлэхээр явахдаа шаардлагатай тохиолдолд амиа аврахын тулд байнга шуундаа байрлуулдаг тусгай буугаараа онож буудсан хэрэг байлаа.,
* * *
Луухааны царайд ямарч хувирал байсангүй нөгөө л өглөөний хулганаар тоглож байгаа муурын инээмсэглэл баг мэт тодорсоор байгаа нь надад гарах гарцгүй гэсэн үгийг хэлээд байлаа.
Хай Төмүлээ, муу байна аа, чи намайг буруу ойлгоод байх шиг, бид уг нь чамд туслая гэтэл чи илжиг шиг зөрүүдлээд байх юм, чи эндээс зүгээр нэг гараад явчихаж болно гэж бодож байна уу андуурч байна даа дүү минь, энэ зүйл чиний шийдвэрийг өөрчлөх ч юм билүү май үз гээд нөгөө нэг хавтастай зүйлээ түлхэв.
Мөнгө л байгаа гэсэн миний таамаг алд дэлэм эндүүрчээ.
Гурван ширхэг гэрэл зураг Өдрийн сонины өнөөдрийн дугаар л байв. Би гайхаад түүн үрүү харвал үз үз гэж байна.
Сонины эхний нүүрэнд тод хараар дугуйлсан гарчиг нь “ Хятад зоогийн газарт дайран орсон залуусын нэг нь хүнд зодуулан нас баржээ” гэж байх бөгөөд цааш нь уншвал өнөө өглөө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс зодуулж үхсэн байдалтай нэгэн хүний цогцос олдсоныг цагдаагийн эрэн сурвалжлах хэсгийн шуурхай ажиллагааны үр дүнд тус дүүргийн нутагт оршин суугч Тувааны Цэдэндамба болохыг олж тогтоолоо. Хохирогч 24 настай , бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд өнгөрсөн 11 сарын 26 нд Тусгаар тогтнолын өдрөөр үеийн залуусыг удирдан хятад хаягтай зоогийн газруудыг хаягаа Монгол хэл дээр бич хэмээн шаардаж зарим нэгэн газрын цонх хаалгыг эвдсэн үйлдэлдээ СБ дүүргийн шүүхээс олон нийтийн газар танхайрч бусдын эд зүйлсийг эвдэж хохирол учруулсан гэсэн үндэслэлээр гурав хоногийн өмнө эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан байцаагдаж байсан ажээ.
Эрэн сурвалжлах шуурхай бүлэг хэргийн халуун мөрөөр мөрдөж байгаа бөгөөд нийт ард иргэдээс энэ хэргийн талаар мэдээллийг өндөр үнээр худалдаж авна . гэсэн байв.
Цэдэндамба бид хоёр урьдны танил л даа, мань эр үндэсний үзлээр өвчилсөн, заримдаа тиймэрхүү утгатай шүлэг биччихдэг байсан юмсан. Залуугаараа өнгөрчихсөн нь хорвоо дээр үнэн гэж үгүй гэсэн онолын минь баталгаа, бодвол хужаанууд хариугаа авсан нь тэр биз ... алив байз өчигдөр намайг согтуу явахад таарсан ч билүү яалаа нэг л бүдэг бадаг зүйл санагдах шиг, сэтгэл нэг л эвгүй оргиод зургийг нь сайн ажиглавал эхний зураг дээр талийгаач бид хоёр бааранд ширээний ард суучихсан, би нилээн согтуу бололтой гэхдээ хэн ч харсан танихаар зураг байна, зургийн он сар өдөр нь өчигдөр орой 22:30 байдаг.
Хоёрдох зургийг хараад миний зүрх зогсчихов, яалт ч үгүй би бололтой нэг нөхөр газар хэвтээ хүний дээрээс дэвсэж байгаа янзтай, хэдийгээр нүүр нь цаашаа харсан ч хар куртиктэй ноосон малгайтай, андуурах арга алга даа Төмөрөө энэ бол чи, цаг нь 23 :43.
Гуравдах зураг дээр ганцхан талийгаач газар эвгүй хэвтэж байна, ойролцоох гудамжний гэрэлтүүлгэнд авсан юм шиг байна. Миний царай ямар болсныг бүү мэд харин луухааны хувьд ихэд додигор байгаа нь түүний нүүрнээс илт харагдаж байв.
Худлаа энэ бүхэн чинь зохион байгуулалттай гүтгэлэг байна гэж орилоод босох гэтэл өнөө шкаф шиг нөхөр мөрөн дээр ганц алгадаад л намайг номхруулж бодит ертөнцөд татаад авчирчихав.
Би хэзээ ч унасан хүнийг нэрмэж дэвсэхгүй шүү дээ, зурган дээр миний хувцасыг өөр хүн өмсөөд авахуулсан байна, энэ зургууд юуг ч нотлохгүй, тэгээд ч түүнтэй би зодолдох шалтгаан байхгүй гэж өөрийгөө хамгаалан орилоход минь луухаан долоовор хуруугаа уруулдаа хүргээд
Төмүлээ би чамд сайныг санасандаа л энэ зургуудийг үзүүлж байна, би ямар цагдаа юм уу, чи эдгээр хариултаа цагдаагийн газарт очоод хэллээ гээд юу өөрчлөгдөх вэ гэдгийг бодоод үз дээ.
За яахаа түргэн шийд.
Нэг бол миний даалгах ажлыг хий, эсвэл чадахгүй гэдгээ хэлээд энэ хаалгаар гарч болно. Цагдаагийн газрын эрхэм түшмэд манай дотор хүмүүсийг энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа, надад өөдгүй нэгэн шаарны төлөө нутаг нэгтнээ хилсдүүлэн хардуулах сайхан байх уу ?
Цагдаагийн газар энэ хэрэг дээр бол тоглохгүй нь мэдээж, тэгээд ч дандаа зодоон цохионд оролцож явдаг намайг согтуугаар хамт архи ууж байсан танилаа зодоод алчихсан тухай бэлээхэн баримт байхад өөр хэн нэгнийг эрж ажил удна гэж үү дээ. Бүгд ойлгомжтой.
Гэхдээ надад сонголт байна гэдэг учиртай.
Энэ луухаан надаар юу хийлгэх гээд байгааг нь сонсоё, тэгээд дараа нь шууд цагдаагийн газар очих эсэхээ шийдье. Юманд сэтгэлийн хөдлөлөөр биш аажуу тайван ухаанаараа хандаж бай гэж аав минь дандаа хэлдэг байж билээ.
За. Та нар надаар юу хийлгэхийг хүсээ вэ? гэхэд
Чи муу өөр яав л гэж бах нь ханасан шинжтэй хөхрөөд, би тийм ч муу хүн биш ээ Төмүлээ анд найздаа гар таталгүй туслахыг хичээж явдаг хүн.
Тиймдээ тэнэг чамайг шавраас татаж гаргах гээд өөрийгөө зовоож байна. Ай Төмүлээ ач мэдэхгүй хүн юм даа, чамайг би харамгүй дайлж цайлаад байхад нэмж архи гудрах гэж яваад хүн зодож алнаа, гэтэл тэнэг би чамайг цагдаад бариад өгөхийн оронд мөнгө ихтэй сайхан ажил санал болгож байдаг, зүгээр л нэг газраас ганцхан цүнхтэй зүйлийг аваад өгчихвөл энэ бүх зүйл төгсгөл болно.
Биднийг “ Хөх эрвээхэй” компаниас гарахад ажилчид аль хэдийн тарж яваад үүдний жижүүрээс өөр хэн ч таарсангүй.
Хуучин солонгос машинд суугаад хөдөлцгөөж барилгын материалын захын ойролцоо зогсоод бүдүүн эр надад хийх ёстой ажлыг минь тайлбарлаж эхлэв.
Тэр баруун талд хоёр давхар шар байшинд байдаг хуучин номын дэлгүүрт ороод худалдагчийг нь хүлээд амыг нь даруул.
Хүний анхаарал татахаар чимээ бүү гаргаарай, арын хаалганы цаана байх шатаар доош уруудаад газар доорхи давхарт ороход чинь тэнд нэг өвгөн байгаа, чи түүнийг буугаар сүрдүүлж шатдаггүй төмөр авдарт байгаа бүхнийг юу ч үлдээлгүй ав.
Айлтгүй тэнд ямар ч дохиолол энэ тэр байхгүй, тэрнийг сайн хүлээд амыг нь скочоор сайн даруулж орхих хэрэгтэй,
Аа тийм мартах шахлаа тэр зоорь уруу ордог өөр хаалга байж магадгүй шүү болгоомжтой байгаарай
Май энэ цүнхэнд чамд хэрэгтэй нүдний даруулга, уяа, скоч, бас сумтай гар буу байгаа .
Чамд зөвлөхөд тэнэгтэх хэрэггүй шүү, би чамайг хаанаас ч олно. Бид биш гэхэд цагдаа нар чамайг газрын гаваас ч олж чадна шүү дээ,дүү хүү. Одоо урагшаа !
Зэвсэг агсан бусдын эзэмшилд тонуулчин болж орох гэдэг юу болохыг төсөөлөх гэвэл өөрийн биеэр үйлдэж үзэх хэрэгтэй ажээ. Уг нь би өөрийгөө тун сийрэгхэн ухаантай юунд ч барьц алдахгүй гэж боддог юмсан гэвч дээрэм хийнэ гэдэг ямар аймшигтай байсныг хэлээд яахав дээ, нэгэнт хийхгүй бол шоронд орох гээд байдаг, хийчихвэл бас шоронд ордог, хачин сонголт шүү.
Хуучин номын дэлгүүр нь арван хоёр метр орчим урт, төдийчинээ өргөн хоёр давхар байшингийн доод давхарыг бүрнээр нь эзлэн оршдог, сүүлийг үед элбэгшсэн шармал төмөр хаалгатай барилгын нүүрэн талдаа гурван том ваакуум цонхтой бусад дэлгүүрүүдээс онцгойрон ялгарах гойд юмгүй нэгэн ажээ.
Цагийн хуваариар бол арван долоон цагт хаах ёстой боловч хаалга нь цоожгүй байдаг нь дотроо хүнтэй байна гэсэн үг.
Аль болох чимээ гаргахгүйг хичээж гэтсээр орвол дэлгүүр эзэнгүй байлаа. Дэлгүүрээ хаалгыг онгорхой орхичихоод эзэнгүй орхидог тэнэг хүмүүс байхгүй л баймаар, ямар учиртай юм бол доо. Арын хаалга нь хаана вэ?
Арын хаалга нь номын тавиуруудын зүүн хойд талд байрлажээ. Шатны хонгил харанхуй нүх шиг санагдав. Уруудсаар шатны төгсгөл хүрээд тэмтчин алхвал юунд ч юм тээглээд ойччихлоо.
Азаар зөөлөн юман дээр ойчсон байж, гарт нэг нялцгай юм наалдаад зунгааралдаад байх юм, юу вэ?
Ээжий минь би чинь үхсэн хүн дээр ойччихсон байна шүү , нөгөө нялцгай зүйл чинь цус байсан байна.
Цочирдсон миний нүд тэр үед галзуу хүнийх шиг байсан байх даа. Яаж гарснаа мэдэлгүй гудамжаар зуун милийн хурдтай гүйж явахдаа цагдаагийн машины дохио ойртож байгааг сонслоо.
Нөгөө луухааны сууж явсан машины бараа ч алга. Хөлдөө найдахаас өөр аргагүй боллоо доо.
Хэдэн булан тойроод өст хүн өлийн даваан дээр гэгчээр хэсгийн байцаагчтай мөргөлдөх шахан зөрлөө. Балмагдсан түүнийг сэхээ авч юу болсныг ойлгоод араас нэхэх хүртэл би зуугаад метр холдож амжсан байлаа.
Дэлчээк ээ зогс буудлаа шүү гэж түүнийг хашгирахыг сонссон ч айлын хашаан дээгүүр давж зугтаасан намайг гүйцэхгүй алдсан тэрхүү цагдаагийн ажилтныг дарга нар нь сүүлд зад бангадсан байх даа.
Гэртээ очиж болохгүй, хувцасны урд тал тэр чигээрээ цустай хутгалдчихсан, царай нь хувхай цайчихсан намайг аль тааралдсан цагдаа л баривчлахыг хичээх нь ойлгомжтой.
Тэгэхээр голын хөндий дагаж алхсаар байгаад уулан дахь балгасанд нуугдаж байгаад Болороог дуудаж хувцасаа солиод дараа нь тэр муу Луухааныг олно доо.
Ашгүй утасны цэнэг дуусах яагаа ч үгүй байна. Ес, ес, наян тав..
-Байна уу?
-Байна, Болороо би Төмөрөө байна. Чи намайг ойлгоорой. Маш чухал юм хэлэх гэсэн юм. Би аягүй хүнд байдалд ороод байна.
- Яасан гэнээ?
- Учрыг утсаар тайлбарлахад амаргүй байна.
- Тэгээд яг юу хийх юм би?
- Чи байна шүү дээ. Манай гэрт маш хурдан очоод миний дулаан хувцасыг аваад бидний багадаа очиж тоглодог байсан уулын балгасны ойролцоо таксигаар хүрээд ир. Цагдаа нар намайг хайгаад оччихсон байж магадгүй шүү. Тэдэнд бүү итгээрэй.
- Цагдаа гэсэн үү. Чи ямар хэрэг тарьчихсан юм бэ?
- Би ямар ч хэрэг тариагүй, бүх учрыг уулзаж байж хэлье.
* * *
Ажлын цаг дуусаж гэрийн зүг гэлдэрч явахдаа бага охиныхоо сургуулийн төлбөрийг төрийн сангаас өгчих байх гэсэн найдвар талаар болсонд бага зэрэг бухимдаж насаараа зүтгээд зүтгээд орон гэр, ахуй амьдрал нь өөдөлсөн зүйлгүй байхад ажилд ороод ганц хоёр жил болоогүй залуус янз бүрийн машин авч унаад дэргэдүүр нь салхи татуулан давхих болсон цаг үеийг дотроо жаал зүхэж үзэв.
Хүнээс хахууль авна гэхээр хар багын хүмүүжил нь татгалзаад байдагт хамаг учир нь байх шиг байна. Ноднин жил энүүхэнд орших бааранд зодоон хийж хүн хутгалсан танхай дөрвөн залууг газар дээр нь баривчлаад эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлтэл аав ээж нар нь гээд баян тарган нөхдүүд дайлж цайлахыг оролдоод, мөнгө төгрөг амлаад байсан ч хууль бол хууль гээд хөдлөөгүй Лхагвааг дээд дарга нарын нэг нь дуудаж салам загнасан тул хоногийн хоолноосоо салахгүйн эрхэнд аргагүйдэн тэр хэргийг түдгэлзүүлсэн билээ.
Тэр дөрвийн нэг нь хэдэн жилийн өмнө Дэлчээкт нүдээ тэс цохиулаад *а*а* болсон ч элдэв самуун хэрэг тарихад нь огтоос саад болдоггүй бололтой.
Дэлчээк гэснээс хөөрхий жаахан сахилгагүй, энд тэнд овилгогүй новшнуудын хандыг дарж балбаж явдаг болохоос ядарсанд туслахыг хичээдэг цагаахан хүү шүү дээ. Өнөөдөр ажилд орж байгаа гээд их л баяртай явна билээ. Овоо доо нэг нь ч гэсэн амьдралтайгаа залгаж байвал сайнсан.
Дэлчээкийн талаар андуурч бодож явснаа тавхан минутын дараа ойлгох юм гэж тэр үед хэрхэн мэдэх билээ дээ.
Сайхан бодлыг нь таслаад гар утасны дохио дуугарахад гэв гэнэт түүнийгээ газар чулуудчихмаар санагдав. Хаяж болохгүй, тэгсэн мөртлөө ад үзэгдмээр новшийн эд гэвэл энэ л байна даа.
-Байна уу. Дэслэгч Лхагваа юу.
-Байна. Дэслэгч Лхагваа сонсож байна.
-Танай хорооны ... гудамжинд орших хуучин номын дэлгүүрт зэвсэглэсэн дээрэмчин орсныг харсан хүн дөнгөж сая төвд мэдэгдсэн байна. Яаралтай шалгана уу. Газар дээр нь очоод яаралтай байдлыг тодруул. Манай эндээс шуурхай хэсэг одоо гарч байна. Ойлгов уу?
-Мэдлээ. Гүйцэтгэе!
Байдаг хурдаараа номын дэлгүүрийг зүглэн алхаж яваа Лхагвааг нэг булан дээр өнөө Дэлчээк дайрчих шахан зөрлөө. Харанхуйд сайн харж амжаагүй ч өмссөн хувцасны энгэр бараантаад, царай нь хачин болчихсон түүнийг дараа сургаж өгөхгүй бол болохгүй нь ээ гээд цааш явах гэснээ зогтусаад, тэнгэр минь өнөөдөр ажилтай гээд яриад байсан энэ нөхөр яагаад ингэж хуйхуйд хөөгдсөн юм шиг зугтаадаг билээ гээд хар сэжиг төрөөд зогс Дэлчээк ээ буудлаа шүү гэж хашгираад араас нь хөөсөн боловч дөчин таван настай хорин хэдэн настай хоёрын ялгаа эрс мэдэгдэж хэдэн гудамж давуулаад алдаж орхилоо.
* * *
Хуучин зөвлөлтийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний локаторын анги байрлаж байсан уулын оргил дээр байдаг газар доорхи байгууламжны нэгэн өрөөнд өвлийн хүйтэн шөнө түүдэг галын дэргэд ганцаараа сууж байгаа намайг хэн ч харахгүй болохоос биш хэрвээ хэн нэгэн харсан бол яалт ч үгүй оргодол босуул, гэмт хэрэгтэн гэж шуудхан түгдрэлгүй хэлэхээр байв.
Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэгчтэй адилхан болсон би цаашдаа яах билээ, луухааны гарт байгаа тэр хүн амины хэрэгт баримт болох зургууд маргааш гэхэд цагдаагийн гарт орно, дээр нь номын дэлгүүрийн бүх хэрэг надад тохогдох нь ойлгомжтой.
Дэлчээкээ зогс гэж хашгираад үлдсэн тэр цагдаанууд одоо гэрт минь отоод байж байгаа биз дээ, улс орон даяар зургийг минь тараачихсан, эрлийн шуурхай группүүд энэ тэндгүй хяналт тавьчихсан нь мэдээжийн хэрэг.
Одоо ганцхан найдвар Болороо л байна даа, шөнийн ажлаа хаяад надад жаал зугаа юм бэлдээд гүйгээд ирнэ дээ хөөрхий. Түрүүн утсаар ярихад намайг хүнд байдалд орсныг ойлгосон биз ээ. Сэтгэл нь сайхан ч ядарсан ганц хүүхэн тэгээд яах ч юм билээ дээ.
Цагдаагийн газар яваад өөрөө очвол тэд шууд гарт минь гав зүүгээд амины болон зэвсэгт дээрмийн хэргээр эрүүгийн онц ноцтой зүйл ангиар яллах болно, өөрийгөө хэрэг хийгээгүй харин хүмүүсийн хийсэн хэргийг үүрч байна гэхээр минь ямар ч тэнэг хүний инээд хүрч элэг нь хөшнө биз дээ.
Эхлээд согтуугаар хүний амь хөнөөсөн хэрэг үйлдээд дараа нь шийдэж дэлгүүр дээрэмдэхдээ дахин хүн алсан этгээдийг нотлох баримт зөндөө байхад өөр хүмүүсийг түүний мэдүүлгээр сэжиглэж хоморголон татна гэж үү . Энэ бол удаанаар зовж тарчилаад дараа нь хуулийн дагуу дээд хэмжээ авах боломж юм.
Зовлонгоос түргэн ангижрах хамгийн дээр арга нь өөрийнхөө хүзүүнээсээ олсоор оосорлоод харайх баттай шийдэл байхад би юунд найдсандаа галд гараа ээгээд амьдралд хоргодоод байгаа юм бол доо.
Элдэвт цочирсон тэнэг толгойд ямар нэгэн бодол ч төрөхгүй юм, тэгээд ямар ч арга сүвэгчлээд нэмэргүй юм чинь цагдаад баригдах болтлоо сайхан ууж идэж байгаад л дуусая гүйцээ, хайрт аав таныхаа нэрийг дандаа хөөдөж яваа тэнэг хүүгээ өршөөгөөрэй, тэнгэрийн оронд байгаа ээж та хоёр минь хүүгээ гэмгүй гэдгийг мэдэж байгаа хойно энэ хорвоогийн бүх хүмүүс намайг аймшигт алуурчнаар төсөөлж байх юуны хамаатай билээ.
Муу луухааныг олж хариугаа авах юмсан, бүх юмны зангилаа болсон тэр новш одоо санаагаа гүйцээчихээд намайг аль хэдийн мартчихсан хэн нэгэн танхил бүсгүйн халуун өвөрт амьсгаадаад хэвтэж байгаа гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.
Ээ би гэж тэнэг толгой инээсэн бүхэн нөхөр биш гэсэн эцгийн сургаалийг умартаж, хар усанд толгойгоо мэдүүлж явсаар амьдралын сайн сайхан гэж юу байдгийг олж үзэлгүй хэн нэгний гарын бээлий болж өнгөрөн төгсөх хувьтай байж дээ.
Тэгэхдээ энэ бүхний дотроос хамгийн гол нь одоогоор эрх чөлөөтэй байгаа дээрээ хэн ч намайг очно гэж бодохооргүй газарт сэжиглэхээргүй дүрээр нуугдаж байгаад луухааныг эрж олоод айлгаж байгаад хэргийн учгийг олж мэдэх хэрэгтэй. Хөх эрвээхэй компаний захирал энэ бүхэнд ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ?
Болороо түүний талаар юу мэдэж байгаа гэдэг маш чухал?
Номын дэлгүүрийн подвалийн өрөөний тэр галд шатдаггүй сейфэнд байсан юмнууд чухам яагаад луухааны сонирхолыг тэгж ихээр татах болов. Би ер нь юутай хутгалдсан юм бол доо?
Энэ бүхэнд хариулт олж чадвал өөрийн орооцолдсон аалзний тороос гарах арга зам олдож магадгүй л юм. Болороо багын найз чи минь миний эцсийн ганц найдвар шүү дээ.
Энд сүлжээ барихгүй нь гадагшаа гараад дахиад нэг залгаад үзэхээс дээ.
Байна уу? Болороо чи хаана байна.
Төмөр өө би энэ доор замын гэрлийн дэргэд таксин дотор чамайг хүлээж байна
Аль замын гэрэл вэ?
Зам дээр зогсож байгаа ганц машиныг харж байна. Чи түүн дотор байгаа юм уу. Мөнгөө төлчихөөд буугаад зүүн тийшээ чигээрээ яваарай. Би тосоод очьё..Дийд, дийд, дийд
Утасны дохио дахиад дуугарахад нь номерийг нь ч харалгүй авбал
Байна уу? Гэсэн эрэгтэй хүний аргил дуу сонсогдох нь цагдаа гэдэг нь андашгүй.
Миний утасны дугаарыг цагдаа мэднэ шүү дээ, тэд одоо байрлал тогтоогч ажиллуулаад миний координатыг тогтоогоод л гүйцээ, яг л кинонд гардаг шиг.
Утсаа салгаад унтрааж орхив.
Хэргийн газрын үзлэг шинжилгээг цаг алдалгүй шуурхай хийсэн шинжээчдийг хуучин номын дэлгүүрийн хаалгыг лацдан цоожлоод явсны дараа мөн нүүрээ халхалж маск өмссөн нэгэн хүн барилгын ар талаас сүүдэр даган аажимхан ойртсоор тэнд байх ус сувгийн сүлжээний хонгилын төмөр таглааг чимээгүй авч ийш тийш сэрэмжлэн хараад орсныг хэн ч ажигласангүй.
Дулааны сүлжээний хонгилоор хэсэг мөлхөөд маш сайн нууцалсан хаалгыг онгойлгож орж байгаа нь өмнө нь нэг бус удаа ашиглаж байсан бололтой. Чимээ гаргалгүй доод хонгилын өрөөнд нэвтрэн орж цагаан шохойгоор тэмдэглэсэн зургийг тойроод онгорхой хоосон авдрыг гар чийдэн тусгаж харав. Дараа нь хаалганы эсрэг талын ханыг тэмтэрч үзээд эрснээ олсон бололтой гараараа нэг юмыг оролдож эхэлтэл харанхуйд ханан дээр байгаа товчлуурууд болон жижигхэн дэлгэц цайран тодров.
Ямар нэгэн олон оронтой тоог нууц түлхүүр болгон оруулж дуустал таазны нэгэн хавтан аажимхан чимээгүй хөдлөөд цаана нь маш сайн далдалсан нууц авдарын нүүр цухуйв. Авдрын нүүрэнд байрласан дөрвөн эргүүлгийг хөдөлгөж тоог тохируулан онгойлгоод тэнд байсан бяцхан хайрцагтай зүйл болон хананд холбоотой байсан жижгэвтэр дөрвөлжин аппаратыг салган аваад бүх зүйлийг хуучин хэвээр болгоод энд тэнд ул мөр үлдсэн эсэхийг нямбай шалгаад ирсэн замаараа гарч одлоо. Сартай шөнөөр гэмт хэрэгтнийг хайн сүлжилдэх цагдаагийн машинуудын дохио алсад дуугарсаар байв.
* * *
Таксинаас нэг хүн гараад миний байгаа зүг алхаж эхлэхэд машин хөдлөөд хотын зүг хурдлан одов. Болороо цүнхтэй зүйл бариад амьсгаадан, ийш тийшээгээ сэжигтэйгээр харсаар алхаж байснаа намайг сарны гэрэлд олж хараад зогсож хүлээв.
Бид хоёр юу ч ярилгүй яаран алхсаар миний ичээнд орвоос түүдэг гал маань бараг унтрах дөхсөн ч цогтойгоо байв. Болороо юм дуугарахгүй байгаа ч намайг ямар байдалд орсондоо энд нуугдсаныг тэртээ тэргүй маш сайн ойлгож байгаа гэдэг илт болохоор би юу ярих вэ дээ, дэмий л авч ирсэн цүнхэнд нь байсан архийг хиамаар даруулан балгаад түүнд өгвөл тэрээр нэг балгаад бөөлжиж эхлэхэд царай зүс нь хачин болчихоод байгаа нь галын гэрэлд бүр эвгүй харагдахаар би сандран түүнийг тэврэн аваад яав гэж асуулаа.
Зүгээр л архины үнэр авч чадахгүй байна, жаахан байж байгаад зүгээр болно биз.
Чи тэр луухааны талаар юу мэдэхээ яриач, би түүнтэй танилцсан хоёр өдөрт хоёр хүн алагдлаа.
Би ямар ч хэрэг хийгээгүй байж цагдаагийн хараанд орсоноор барахгүй тэр чинь хачин итгэмээр баримтууд үзүүлээд байсан. Хэрвээ энэ чигээрээ байвал найз нь өнгөрсөн.
Болороо нэг түгдэрснээ уртаар амьсгаа аваад энэ бүхнийг ярина гэвэл маш урт түүх болно доо гээд ярьсан нь:
Би дунд сургуулиа төгсөөд цааш суралцах ямар ч аргагүй байсан учир нэг гуанзанд угаагчаар ажиллаж үзлээ.
Дэндүү бохир заваан, цалин багатайн дээр бас дарга, эзэн нь гээд янз бүрийн юмнууд самбаганаж, хөх бөгс илж элдвээр оролдоод болдоггүй.
Сонинд хэвлэгдсэн гадаадад өндөр цалинтай ажид зуучилна гэсэн зарын дагуу явж асуувал шалгаруулалтанд ороод тэнцвэл тэд зардлыг нь дааж Малайзад гэрийн үйлчлэгчийн ажилд оруулна, цалингаараа өрөө хүүтэй нь төлвөл болно гэсэн нь миний хувьд сугалаа хожсонтой адилхан азтай учирсан гэсэн үг байлаа.
Шалгаруулалтанд тэнцсэн гэж дуулаад ямар их баярлаж байв даа тэнэг би, одоо ухаарсан ч нэгэнт өнгөрсөн цаг хугацааг эргээж болох биш. Бээжингээр дамжиж нисээд Малайзад Куала-Лумпурт очоод нэг зочид буудалд оруулан паспортуудыг минь хурааж аваад буудлын эзэнд өгчихөөд алга болсон өөдгүй муу царайтай тэр новшийг бид насан туршдаа үзэн ядаж явна даа.
Та нар цөмөөрөө намайг гэрийн үйлчлэгч хийж байгаад л ирсэн гэж боддог. Бид дөрвийг нийт 40 мянган долларын үнэтэй зарсан байсныг хожим нь мэдлээ гээд яахав дээ.
Намайг хамгийн түрүүнд нэг тусдаа өрөөнд оруулаад амнаасаа өмхий ханхлуулсан нэг бүдүүн хар нөхөр хүчиндэж орхисон доо, би чадлаараа эсэргүүцэхийг оролдож нүүрийг маажиж, байдаг тэнхээгээрээ орилсон боловч ямар ч нэмэр байгаагүй.
Надтай хамт очсон гурван охины нэг нь өөрийгөө боогоод үхчихсэн. Би үхмээр байсан ч ээж, хэдэн дүүгээ бодоод чадаагүй.
Янз бүрийн хүний дэвсгэр болсоор байгаад сүүлдээ ч дасчихдаг юм билээ, хүний эрхэнд орж бусдын дор хэвтэх бүрдээ намайг ийм байдалд оруулсан хүний үнэргүй тэр новшийг заавал ална даа гэж дотроо тангараглаж явдаг байсан
Эхэндээ хэл ус мэдэхгүй, учраа ч мэдэхгүй байснаа бодвол хэдэн сар хичээсний үр дүнд англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэн суралцаад овоо ч юм ярьчихдаг болсонд голдуу европчууд, япончуудад үйлчилдэг хэсэгт дэвшиж бас ганц хоер зуун доллар гэр лүүгээ гуйвуулахыг зөвшөөрдөг боллоо.
Тэр газарт ирж үйлчлүүлдэг олон үйлчлүүлэгчдээс нь нилээд олон удаа ирдэг европжуу ноёнтноос манай эзэн их айдаг болохыг ажиглаад ямар ч хамаагүй аргаар энэ хүнийг л уургална гэж шийдээд түүнд бүр хамгийн сайхнаар үйлчилдэг байсан юм.
Хагас жилд хориод удаа надаар үйлчлүүлсэн, эзэн ч сүүлдээ намайг өөр хүнд үйлчлүүлэхгүй, ганцхан түүнд үйлчилж бай гэж тушаасан нь тэр маш чухал хүн байсных биз ээ. Ингээд тэр ч надад орсон доо, намайг буудлаас авч далай хөвөөнд байх байшиндаа аваачиж хэд хоног сайхан жаргаж байгаад надаас “ хэрвээ би яваад өгвөл чи яах вэ? намайг санах уу? Би эр хүний хувьд ямар вэ” гээд асуугаад байдаг, яг үнэн дээрээ тийм ч олигтой эр биш ч би түүнийг жинхэнэ эр хүн, энэ тэр гээд нистэл магтдаг байсанд баярлаж байгааг нь ээ , ингээд салахын өмнө тэр надад нутаг буцах болсон, дахиад уулзах нь юу л бол, эцсийн удаа юу ч хамаагүй гуйгтүн, би түүнийг чинь заавал биелүүлнэ гэхээр нь би ч уухайн тас гэртээ харимаар байна, буудлын эзэн таниас айдаг, та л ганцхан намайг нутагт минь буцааж чадах хүн гэж уйлсан юм.
Маргааш нь эзэн намайг дуудаад маш муухай харж, Болороо чи элдэв юм ярихгүй амаа хавчиж чадна гэвэл нутагтаа буцаж болно. Тэгээд ч элдэв юм яривал бидний гар урт, чамайг хаанаас ч олно шүү. Ам бөх бол амь бөх гэдэг юм шүү гэдгийг захья , май энэ дугтуйд замын зардалаас гадна 500 ам доллар, паспорт чинь байгаа, бусдадаа юу ч хэлэлгүй одоо яаралтай яв, манай хүмүүс чамайг нисэх буудалд хүргэж өгнө. Баяртай .
Буян-ухаад буусан онгоцны шатан дээрээс дүнхийх Богд уул минь харагдаж нутгийн салхи өөдөөс үлээхэд хоёр нүдний минь нулимс асгараад, хамт нисэж ирсэн хүмүүс гайхан хараад хэцүү л юм билээ.
Ээждээ үнсүүлээд гэр орондоо хэд хоног сайхан л байсан ч үзэж өнгөрүүлсэн тэр бүхнээс болоод хуучин амьдралын хэмнэлдээ орж чадахгүй гэдгээ ойлгосон юм. Таван зуун доллар ч юу байхав дээ удахгүй дууслаа, ямар ариг цэвэрхэн амьтан биш өөртэйгээ адилхан ганц хоёр бүсгүйчүүдтэй танилцаад энд тэндхийн саун, баараар явж үйлчлүүлэгчээ олдог ажилтай болсон юм.
Чамайг гарч ирэхийн өмнөхөн цагдаагийн “шөнийн эрвээхэй операци” гэсэн ажиллагааны үед баривчлагдсан ч урьд нь тэмдэглэгдэж байгаагүй гээд суллагдсан.
Төмөр өө чамайг ийм байдалд орсоны гол буруутан нь би шүү дээ, би . Тэр нэг луухаан намайг олж уулзаад ноён Жорж чамайг ямархуу амьдарч байгааг үзээд ир гэсэн гээд сайхан юм ярихаар нь марташгүй тус хүргэсэн ачит хүний минь явуулсан хүн гэж итгээд туслах хүн хэрэгтэй гэхээр нь чамайг өөрөө зааж дагуулж аваачиж өгсөнийг хэлэх үү.
Уг нь би чамайг баян хүнд хэд хоног туслаад овоо хэдэн төгрөг олчихож болмоор юм бодсон чинь тэр новшнууд ч ёстой л хүний адаг байж дээ.
Тэгээд найз нь будилж явахдаа нэг сайн эгчтэй танилцлаа л даа Хандаа гэдэг. Дээр үед биеэ үнэлж байгаад одоо болчихсон, намайг ингэж явах хэрэггүй юм даа дүү минь энэ тэр гээд л их сургана аа, ажил төрөлд оруулахаар хөөцөлдөх гэхэд нь би татгалзсан.
Хааяа түүний гэрээр очиж өнжиж хоноглоод элдэвийг ярилцаж дотроо онгойлгож байхдаа нэг удаа халамцуудаа би түүнээс та нөхөртэй болчихгүй яасан юм гээд асуучихсан чинь Хандаа эгч уйлаад “би амьдын хар нүгэлтэй бүсгүй, энэ бузар замаар явж байгаад эдгэшгүй өвчин тусчихсан юм, одоо цөөхөн жилийн настай үлдчихээд энэ аймшигт өвчнөө хүний үрсэд халдаах нүгэл үйлдэхгүй мөрөөрөө явж байгаад үхье гэж шийдсэн юм, миний дүү энэ замаас болж өгвөл холхон явахыг хичээгээрэй” гэдэг байгаа.
Би ч түүнийг тэврэн уйлаад өөртөө тохиолдсон бүх явдлаа бүгдийг нь ярьж орхиод энэрэлгүй хорвоогийн гашуун нулимсыг удтал урсгацгаав.
Тэр новшийн амьтныг олж өшөөгөө авна гэж байнга бодож явдагийг минь эгч сонсоод надад туслахын тулд бүхнийг хийхээр амлав.
Нилээд хугацаагаар хайсны үр дүнд одоо Дархан хотод нууцхан амьдарч байгааг нь олж тогтоогоод шууд цагдаад бариад өгчихье гэтэл нөгөө Куала-Лумпурт өгсөн амлалтаа санаад болохгүй гэдгийг Хандаа эгчид хэлтэл эгч надад “хууль түүнийг шийтгэдэггүй юм бол хувь заяа өшөөг чинь авах болно, миний дүү түүнийг зүгээр орхичих” гэж хэлсний учрыг олсонгүй хий дэмий дотроо зүхсээр хот уруу буцлаа.
Нэг өдөр эгч над уруу залгаад миний дүү манайд хүрээд ир гэж байна, намайг яваад очиход эгч ширээ засчихсан хүлээж байв. Ямар нэгэн баяр болж байгаа юм уу гэтэл асуух хэрэггүй гэж байлаа.
Нилээд уусны дараа эгч сонин дуугаар миний дүү одоо гуних хэрэггүй, эгч нь дүүгийнхээ өшөөг авчихсан. Одоо дахин тэрний тухай бодож сэтгэлдээ нүгэл хураах хэрэггүй миний дүү гэж маш шийдэмгий хэлсэн юм.
Би Хандаа эгчээс дахин тэр тухай хэзээ ч асууж чадаагүй бөгөөд тэрээр өнгөрсөн намар өвчнөөрөө өөд болсон...
Төмөрөө миний бие галд шатаж байгаа юм шиг болоод байх юм. Архинаас болж тэгээд байгаа юм болов уу даа чиний хөлийг дэрлэсэн чигтээ жаахан нойр авчихвал болно биз дээ гэсээр чимээгүй болж унтлаа.
* * *
Хүний зовлонгоор зоог шүүс хийсэн адгийн бузар бүх хүмүүсийг дотроо занаж зүхсээр нэг хэсэг дугхийгээд хүйтэнд даарснаасаа болоод өөрийн эрхгүй сэрээд галдаа гарын ойр байсан хэдэн мөчир нэмлээ.
Өнөөдөр дулаан хувцас, хэсэг хүнстэй бэлдээд хөвчид гарч урь орохыг хүлээе дээ гэх шүү юм бодож хөлдүү хиамнаас нэг хазаад архинаас балгах гэтэл дотор муухай оргиод огиж эхэллээ.
Хүчтэй огихдоо Болороогийн нүүрэн дээр архи асгаад сандарч арчих гэтэл мөс шиг цэв хүйтэн болчихсон байлаа. Миний хувьд тэнгэр хөмөрсөн мэт болоод Болороо, Болороо гэж цуурайтуулан хашгирсан боловч тэр минь нэгэнт буцан ирдэггүй алсын аянд үүрд мордсон байлаа.
Амьдралтай намайг холбож байсан сүүлчийн ганц чагтага тасаржээ.
Надад санаж бодох зүйл үлдсэнгүй. Одоо миний хувьд цагдаад баригдана уу, хилс хэрэг тулгана уу, алуурчин талуурчин гэгдэнэ үү яасан ч хамаагүй.
Амьдрал гэдгийн сайн сайхныг үзэж амжилгүй цэл залуугаараа ороо бусгаа үеийн золиос болон одсон түүнийгээ л бодсоор эргэх дэлхий дээр өөр юуг ч анхаарах чадалгүй болсон байв.
Хорвоо дээр намайг гэж боддог сүүлчийн ганц хүнийхээ хөрсөн цогцсыг тэврээд уулын уруу гуйвлан алхаж байгаа надад энэхүү хүний зовлонд ханадаггүй хорвоод хоргодох сэтгэл үлдсэнгүй.
Сэтгэлийн их гуниг зовлонгоос болоод ч юмуу хөл минь хөл биш болж, бие минь халуу шатан байсан би уулын уруу мөлхөж байгаа мэт алхалсаар замд ойртохын сацуу тэртээгээс намайг чиглэн ойртож байгаа жийп машиныг харсан минь миний ой ухаанд хамгийн сүүлд үлдэж хоцорсон.
Аажимхан алхалж байсан хөл нь мэдээгүй болон өвдгөөрөө нугарч газар дэлхий өмнөөс босч ирээд байх шиг мэдрэмж төрөөд Төмөрөө ухаан алджээ.
* * *
Аав минь та миний духыг илээд байгаа юм уу, таныгаа харалгүй хичнээн жил ч болов доо. Хүүхэд бага насны жаргалтай өдрүүдэд хоногшин үлдсэн аав минь тэр өглөө ажилдаа явахдаа духан дээр минь үнсээд буцаж ирээгүй тэр төрхөөрөө намайг харан инээмсэглэх нь харагдав.
Нисэгчийн дүрэмт хувцасаа өмсөөд тун жавхаатай харагдах аав нь түүний духан дээр нь үнсээд миний хүү ээжийнхээ үгэнд ороорой гэж хэлээд ажилдаа явсан.
Аавыгаа буцаж ирэхгүй гэдгийг найман настай балчирхан Төмөрөө яаж ч мэдэх билээ.
Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд хөөрсөн МИАТ –ын Ан-26 онгоц нислэгийн үеэр холбоо тасарч сураггүй алга болжээ. Сураггүй болсон онгоцны экипажийн болон зорчигчдийн ар гэрийнхэн горьдлого тасралгүй хаа нэгтэй буучихсан юм болов уу гэж чих тавьсаар нилээн олон хоновч ямар ч сураггүй хэвээрээ байв.
Ээж нь Төмөрөөг дагуулан Гандангийн дэнжид амьдардаг нилээд юм мэддэг гэж алдаршсан хувилгаанд очиж мэргэлүүлэхэд “танай хүн чинь амьд байна, харь нутагт хүний эрхэнд орчихоод хэл сураг өгч чадахгүй байгаа юм” гээд арга ширэг хийж байгаа нь тэр гэж хачин сонин дүвчигнэхэд нь Төмөрөө тэсэлгүй инээчихээд ээждээ алгадуулж билээ.
Улс орон даяараа шинэ үеийн бөө, зайран, удгануудад сүсэглэн залбирч тэр онгоцыг хаа байгааг олж өгөөч гэж сөхрөн мөргөсөн боловч мэргийн зоос, төлгийн шоо нь андуурсан юм байлгүй хэд хоногийн дараа Марз уулыг мөргөсөн онгоцны сэгийг олсноор бүгд зайлшгүй үнэнтэй эвлэрэхээс аргагүй болжээ.
Хүүгийн хувьд аав нь хэзээ нэгэн цагт гэртээ ороод ирэх юм шиг санагддаг болохоор ээжийнх нь болон бусад хүмүүсийн эмгэнэн гашуудаж байгаа ойлгомжгүй хэвээр үлдлээ.
* * *
Цаг наргүй ажилтай байдаг нь цагдаагийн албаны онцлог юм хойно одоо яая гэхэв дээ. Эрлийн шуурхай группын хамт Төмөрөөгийн гэрийг бүслэн орсон боловч тэнд хүн байсангүй. Мэдээж тийм хэрэг хийчихэж байгаа хүн чинь гэртээ нуугдахгүй нь ойлгомжтой болохоор эрлийн шуурхай хэсэг гэрийнх ойролцоо нь отолт орхиод, түүний зургийг олшруулан тарааж зарлах,холбоо сүлбээтэй этгээдүүдийг олж тогтоох энэ тэр гээд зөндөө ажилтай зууралдсаар шөнийг өнгөрөөв..
Гэтэл хотын цагдаагийн газар дээр нэгэн үл таних хүн дугтуйтай зүйл авчирж өгсөн нь урьд шөнө гарсан хүн амины хэргийн талаар нотолгоо болохуйц гурван ширхэг гэрэл зураг байв. Хохирогч Цэдэндамбыг зодож алсан хүн нь Дэлчээк хочит Батхүүгийн Төмөр болох нь тогтоогдов.
Олдсон бүх нотлох баримтаас авч үзвэл Төмөр согтуугаар нэг хүнийг зодож амь насыг нь бүрэлгээд, баригдах нь зайлшгүй гэдгээ ойлгоод номын дэлгүүрийг дээрэмдэж мөнгөжих зорилгоор зэвсэгтэй орсон байна.
Талийгаач өвгөнийг айлгаж дөнгөөгүй буюу өөр ямар нэгэн сэдлээр буудаж амь насыг нь бүрэлгээд шатдаггүй авдар дотор байсан бүхнийг нь цөлмөөд зугтааж явахдаа дэслэгч Лхагваатай халз таарсан боловч дэслэгч Лхагваа сонор сэрэмжгүйн улмаас баривчилж чадаагүй алдсан байна.
Одоо хоёр хүний амь нас хохироосон галт зэвсэгтэй шийдсэн этгээд хотын гудамжаар чөлөөтэй алхаж байна.
Хотын аль харанхуй, бөглүү хэсгүүдэд цагдаагийн хэсгүүд шөнөжин эргүүл хийж, анхаарал татаж болох бүхнийг шалгасан боловч сэжигтэн этгээдийн ул мөрийг олоогүй л байна. Тэнгэрт нисчихдэг жигүүртэн биш юм хойно ямар ч гэсэн ул мөр олдож л таараа.
Төмөрөөгийн багын найз Болороо гэгч хүүхэн гэртээ хоноогүй бөгөөд одоогоор сураг нь гараагүйг бодоход хамт явж байх магадлалтай.
Хамгийн гол нь хэрэгтэн этгээд дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхийн чухлыг нийт бие бүрэлдхүүнд сайтар ойлгуулах хэрэгтэй.
Мөн түүнчлэн телевиз, радиогоор гэмт хэрэгтний гадаад, дүр төрх, содон шинж тэмдгийг нь ард иргэдэд зарлан мэдэгдэж сэрэмжлүүлэх нь маш чухал.
Өглөө болж Лхагваа дэслэгч нойргүй хоносноосоо болоод нүд нь улайчихсан, дарга нараас банга хүртээд уур нь хүрчихсэн амьтан хэсэг дээрээ ирж өрөөндөө ороод аяга халуун цай буцалгаж уучих санаатай ноцолдож байтал бас дахин дуудлага ирлээ..
Хотын захын хороололд нэгэн эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүний шинж тэмдэг нь сэжигтний найз бүсгүйн тодорхойлолттой таарч байна, гэсэн шинэ мэдээлэл түүнийг цус харвуулчих дөхлөө. Удалгүй шуурхай хэсгийн уаз машин давхиж ирээд түүнийг дээр дурдсан газар уруу авч хурдаллаа.
Нас барсан эмэгтэйн биед ямар нэгэн гадны нөлөөлөлөөс болсон гэсэн шинж тэмдэг эхний үзлэгээр тогтоогдоогүй ч шүүх эмнэлэгийн криминалистууд жинхэнэ үнэн шалтгааныг олж тогтоох ёстой билээ.
Лхагваагийн хувьд Дэлчээк гэдэг аймшигт алуурчинг олж газар дээр нь устгахаас өөр ямар ч бодол үлдсэнгүй.
Өчиггүй буудна даа муу алуурчинг, чи миний гараас гарахгүй. Өчигдөр орой түүнийг барьчихсан бол ийм юм хаанаас болох вэ.
* * *
Батлан хамгаалахын тусгай лаборатороос өндөр зэрэглэлийн нууцлалтай материалууд, туршилтийн дээж бодис гэх мэтийн зүйлс алга болсон ноцтой хэргийн мөрөөр ажиллаж байсан манай ажилтнууд дээрх хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан боловч хулгайлагдсан зүйлс тив дамжин тээвэрлэгдээд Улаанбаатар хотод хүрчихсэн гэдэг нь баттай эх сурвалжаас тодорхой болов.
Маш нууц зэрэглэлийн тэрхүү туршилт нь хүний геномын бичлэгийг тайлах зорилготой байсан бөгөөд тэрхүү чиглэлийн судалгааны үр дүнд аливаа өвчинд тэсвэрлэх үндэстнүүдийн генүүдийн онцлогийг тодорхойлсон асар өргөн хүрээний судалгааны материалууд багтсан байлаа. Мөн түүнчлэн нээгдээд удаагүй байсан хүний наслалтыг уртасгах үйлчилгээтэй эм болон зарим төрлийн хор болон тэдгээрийн үйлчилгээг сааруулах бодисын дээж хамт алга болсон байна.
Монгол улс нь коммунист засаглалаас ардчилал өөд шилжиж байгаа орон бөгөөд эдийн засгийн чөлөөт тогтолцоо байгуулах нэрийн дор коррупци хүчирхэгжиж гадаад улс орнуудын эрх ашгийг хамгаалсан бүлгүүдэд хуваагдсан төр нь улс орондоо тавих хяналтаа бараг алдаад элдэв төрлийн хориотой наймаа, зэр зэвсэг, хар тамхи, хүний худалдаа, бохир мөнгө угаах зэрэгт тун тохирсон хөрстэй олон улсын мафиудын болзооны газар болоод байгаа билээ.
Мэдээж технологийн ийм өндөр зэрэглэлийн материалуудыг энд ашиглахгүй гэдэг нь тодорхойн дээр мэдээллийг зөвхөн манай нууц лабораторын тусгай компьютерүүд дээр унших боломжтой болохоор тэдгээрийг энд авчирсан нь жинхэнэ эзэндээ очихын өмнө мөрдөн шалгалтаас зайлуулах гэсэн төөрөгдүүлэх арга хэмжээ гэдэг нь ойлгомжтой.
Тэдгээр зүйлсийг ямар ч хамаагүй үнээр яаралтай олж авах даалгавартай мэргэжлийн ажилтан Улаанбаатар уруу нислээ. Тусгай үүрэгтэй ажилтанд бүх талаар туслахыг энд ажилладаг өөрийн харьяаны хүмүүст дээд газраас даруй үүрэг болгов....
Цаг алдалгүй шуурхай ажиллаж алдагдсан чухал материалуудыг олж авахад гол үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудыг сайшааж яаралтай төвд ирэхийг тушаажээ.
Үйл ажиллагааны үр дүнд ямар ч шуугиан гараагүй бөгөөд энд хэн ч юу болсныг мэдэж тогтоох амьд гэрч үлдээсэнгүй. Манай ажилтан тухайн материалуудыг хадгалж байсан объектыг маш няхуур шалгасан боловч зарим нэгэн дээж бодис олдоогүй нь тээвэрлэх замдаа өөр этгээдэд дамжуулсан байж болзошгүй бөгөөд уг хулгайг захиалагч жинхэнэ эзнийг нь одоогоор тогтоож чадаагүй нь цаг маш давчуу байсантай холбоотой юм.
Террористуудтай холбоотой байж болох ч ямар нэгэн өөр сэжүүр гараагүй учир ажиллагааг өндөрлөв.(нууц ажиллагааны тайлангаас)
* * *
Тусгай албаны дарга хурандаа Мөнхбат албан тасалгаандаа сүүлийн үед гарсан ноцтой хэргүүдийн талаархи дэлгэрэнгүй судалгаатай танилцаж өөрийн хэлтсийн ажилтнуудаас хэн ямар хэргийг шалгаж байгаа, ямархуу үр дүнтэй ажиллав гэдгийг эргэцүүлэн дүгнэж суутал түүний нарийн бичгийн дарга бүсгүй орж ирээд “Даргаа, үл таних нэг хүн тантай уулзах чухал хэрэгтэй гээд байна оруулчих уу?” гэж асуулаа
Хурандаа тэр өдөр хэн нэгэнтэй уулзалт товлоогүй болохоор баахан гайхсан тэрбээр хэсэг зуур бодсоноо оруул, оруул гэж хэллээ.
Мөнхбат бол эрхэлсэн ажилдаа жинхэнэ эзэн нь болж чаддаг шилдэг мэргэжилтэн бөгөөд түүний төлөвлөсөн ажиллагаа болгон амжилттай явагддагт нь зарим нэгэн хүмүүс атаархдаг, харин тэрээр өөрийнх нь амжилт бол хэн нэгний боддогчлон азын тэнгэр ивээсэн хэрэг биш бөгөөд аливааг тун нухацтай, ухаалгаар тунгаан урьдаас төлөвлөх чадварыг түүнд хар багаас нь суулгасан аавынх нь сургаалийн ач гэдгийг сайн ойлгодог нэгэн. Хэрвээ би төрийн албаны дээд өндөрлөгт гарчихвал үүнийг нь ингэж хийнэ, түүнийг нь тэгж зохицуулна гэж заримдаа нууцхан мөрөөддөг ч , хэт өндрөөс унавал осолтой, эвгүйтвэл Баатар генералын араас орж дээлээ толгой дээгүүрээ нөмөрч магадгүй гэж хаширлаад цагийн байдлыг ажиж чимээгүй байдаг ажээ.
Хаалга онгойж хэн ч өөлөхөөргүй намбалаг, нүдэнд дулаахан өөрөөс нь ялимгүй ахмад хүн орж ирэхэд нь өөрийн эрхгүй босч мэндэлснээ анзаарсангүйг бодоход тэр хүнд ямар нэгэн эчнээ далд увдис байсны шинж биз ээ.
-Та суугаач гэж зочноо уриад , Хурандаа Мөнхбат гэж өөрийгөө танилцууллаа. Нөгөө хүн ч Дорж гэж өөрийнхөө нэрийг хэлэв.
Мөнхбат түүнээс та ямар зорилгоор ирээ вэ гэж асуухад Дорж юу ч хэлэлгүй өөдөөс нь маш итгэлтэй тайван хараад, өврөө уудлан нимгэн зандан хайрцаг гаргаж хурандаад өгөв.
Их удаан эдлэгдсэн нь илт хүрэн хайрцгийг гартаа барьсан хурандаа энэ ямар учиртай юм бол гэж гайхан хайрцагны тагийг сөхвөл дотор нь эзэн Чингис хааны алтан гэрэгэ гялалзаж байв.
Арван гурван насанд хүрснийх нь маргааш Мөнхбатыг аав нь дуудан хоёулхнаа уулзаж хүү минь чи эр хүний данстай боллоо. Аав нь чамд аминаасаа илүү нууцлах ёстой нэгэн зүйлийг захия.
“Хүү минь бид бол үе дамжсан Их төрийн хишигтэн цэрэг.
Есөн өрлөгөө дагуулан ертөнцийн хагасыг дайлан хураасан аугаа их Чингис хаанд нууц тангараг өргөсөн арван хишигтний нэг болох Бодь гэдэг хүний удмынхан болохоор үеийн үед их төрийн голомтыг сахиж хишигтэн цэргийн журмыг баримтлах учиртай юм.
. Хэзээ ч юм нэгэн цагт их эзэн Чингис хаан дахин төрж хаан ширээндээ залрах бөгөөд тэр цагийг болтол төрийн нэгэн чухал нууцыг хадгалахад тусалж явах ёстой. Тэрхүү нууцыг бидний ахлагч болох их хишигтэн хамгаалдаг бөгөөд өөр хүн сонирхож мэдэхийг оролдвол тэнгэрийн гэсгээлийг хүртдэг гэсэн.
Хэрвээ хэзээ нэгэн цагт чам дээр болон чиний үр хүүхэд дээр чинь их хишигтэн ирвэл түүний өгсөн тушаалыг үг дуугүй, эргэлзэлгүй биелүүлэх үүрэгтэйгээ бүү мартаарай. Мөн түүний нууцыг чанд хадгалж, шударга журмыг чанд баримталж яваарай.
Их хишигтний таних тэмдэг нь эзэн Чингис хааны алтан гэрэгэ, хас тамганы бичээсийг дээр нь сийлсэн хаш бөгж хоёр” гэж хэлжээ
Түүнээс олон жилийн хойно өвгөн буурал аав нь насан эцэслэхийнхээ өмнө
дуудаж энэ тухай үүрд санаж яваарай гэж дахин сануулахад нь Мөнхбат үрээс үрд марталгүй дамжуулж явахаа тангараглаж аавынхаа сэтгэлийг амраасан билээ.
Гэтэл түүн дээр огтоос санаагүй үед гэнэт орж ирсэн энэхүү “эзэн Чингис хааны алтан гэрэгэ” ямар учиртайг мэдэх гэж нөгөө хүн өөд асуусан янзтай харвал Дорж дунд хуруундаа байх хас хээтэй хаш бөгжийг харууллаа.
Нарийн бичгийн даргадаа хүн оруулахгүй байхыг тушаасан хурандаа ирсэн хүнтэй нилээд удаан уулзсаныг бодоход ямар нэгэн чухал зүйлийг хэлэлцсэн нь тэр биз ээ.
* * *
Шар талын гөрөөсийг улайран хөөсөн хаантан цөөн хэдэн дагуулын хамт олноос хэтэрхий тасран холдсоноо үдшийн бүрийг нөмрөхөд л мэдсэн хэдий ч санаа зовсон зүйлгүй, оддын доор хээрийн цэнгэг агаарт ангийн хишиг хүртэж хонох боломж олдсонд ихэд таашаан авласан гөрөөсийн элгийг сорслон шарж болгохийг тушаагаад сансар хорвоогийн элдэв нууцын тухай санаашран цэлмэг тэнгэрийг ширтэн бодлогошрохуйд эл улсыг эрхэндээ хураахаар есөн өрлөгөө дагуулан тэмцэж явсан залуу насандаа нэгэн ийм сайхан үдэш итгэлт есөн өрлөгөтэйгээ хээрийн хойморт наргиж байсанаа дурссан нь хөвөрсөөр Алтан улсыг байлдах цэргийг захирч байсан Мухулайн нас барсан тухай мэдээг өвөртөлж ирсэн тэр элчийн царай, хүнийг мөнхжүүлж болох эсэхийг мэдэхээр Чанчун аршийг залж авчруулж уулзаад бүтэлтэй хариу сонсоогүй бөгөөд үхэх төрөхийн хоорондох хэтэрхий богинохон хүний амьдралын тавилан гэх мэт санаашралд хөтлөн одвой.
Хоолоо идээд эмээлээ дэрлэн хэвтэж байхад өдөржин дагалдан явсан боловч одоо өөрийнх нь амар амгаланг сахин түүдэг тойрон суугаад домог хүүрнэн байгаа хишигтэн цэргүүдийн намуухан яриа бодлын дундуур хааяа нэг орж ирэхээс өөр саад болох зүйлгүй бясалгал хийхэд таатай байв.
Санамсаргүйгээр тэдний нэгний ярьж байгаа эртний Их Нирун гүрний үеийн домог анхаарал татан би үүнийг яагаад урьд нь олж сонсоогүй юм бол хэмээн гайхаж байсаар нэг л мэдэхэд нойрсож орхижээ.
Өглөө эртлэн мориндоо мордон ирсэн зүг үрүүгээ буцаж явахдаа хишигтний ахлагчийг дуудан урьд шөнийн Нирун гүрний их зайрангийн домгийг хүүрнэж байсан цэргийн нэрийг асууж дуудуулан “чи урьд шөнө их сайхан домог хайлж байсан одоо тэр домгоо надад ярьж өг” хэмээн зарлиг буулгахад залуу хишигтэн цэргийн санаа зовж их хаантан өршөөж хэлтрүүлэгтүн мөхөс би зөвхөн урьд уншсанаа ярьсан минь тэр билээ, Их аурагт байх хаантны номын өргөөнд энэ түүхийг бүрэн өгүүлсэн Нирун гүрний босоо түүх гэдэг ном байдаг билээ, сайн багшийн ачаар тэр бичгийг тайлж ойлгохтой болсон миний бие энэ дайнд мордохын өмнө уншиж байсан юм гэж нүд нь бүлтэлзэв.
Хаан тайван мишээж санаа зоволтгүй хүү минь ярь, ярь гэж тал өгвөөс залуу хишигтэн цэрэг өгүүлрүүн:
Эрт дээр цагт Их Нирун гүрний эзэн хаан Татарын итгэлт жанжин Хүлэгт баатар гэж байжээ. Харийн дайсныг хамх цохин эх нутгаасаа хөөн зайлуулж байсан цэргийг удирдан Алтайн их уулсын Цамбагарав оргилын ойролцоо хоноглож байтал авд явсан цэргүүд нь шархадсан янгир хөөсөөр мөнх цаст оргил өөд авирч байхдаа цас мөсөн дундаас хөлдөж үхсэн бололтой нэгэн гажууд хувцастай дайчныг олжээ. Цэргийн их зайран нь манай бурхан болсон Тэв тэнгэр зайран шиг үхсэнийг босгох идтэй шидтэй болохоороо нөгөө хөлдүүсийг ойролцоо байсан хайлсан цасны ус мөстэй хонхорт хийж гэсгээгээд дараа нь их галын дэргэд авчиран амаар нь хөөрөгдөж илээч бариач цэргүүдээр булчин шөрмөсийг нь зөөллөн илүүлээд өөрөө хэнгэрэгээ барин онгодоо залж бүтэн хоног бөөлсний эцэст нөгөө хүний сүнс нь биендээ эргэн ирж нүдээ нээн орчин тойрноо хараад гайхан байжээ.
Тэр хүний үг яриа нь Нирун аймгаас нилээд гажууд боловч бүрэн ойлголцож болоод байсан бөгөөд өөрийгөө Ар хүннү улсын тандан заншлах аравтын дарга, нанхиадын их цэргийн жанжнаас холбоотон өмнөд Хүннүгийн ноёнд илгээсэн захидлыг элчээс нь булаан аваад байтал элчийг хамгаалж явсан цэргүүдийн нэг нь өөрийн цэрэгтээ хэл хүргэж амьжсанаас болж шуурхай зуутад нэхэгдэн гурав хоногийн хугацаанд хамаг цэргүүдээ харвуулан алдаж, унаа морьдоо улдуулан хаясаар Цамбагарав уулын их цаст хавцал өөд авирч зугтаагаад нэгэн хонгил агуй олж хоргодож байсан тухайгаа санаж байх бөгөөд түүний биед нөгөө нанхиадын жанжнаас хаанд хүргэх байсан бичиг байсан ажгуу.
Хүлэгт жанжин тэднээс олон жилийн өмнө болсон Хүннү гүрний дотоодын самуун болон өмнөд Хүннү аймаг нанхиадтай хүч хавсран ар Хүннү аймгаа цохин бутраасан, дагаар орохыг үл хүссэн хэсэг ноёдууд албат иргэдээ аван Алтайн нуруунаас баруун хойд зүг зугтаасан түүхийг эцэг өвгөдөөс сонсож байсан болохоор тэрхүү хүний үгийг хаандаа айлтгахад энэ бол ёстой гайхамшигт түүх мөн их улсын босоо сударт тэмдэглэн үлдээ гэж зарлигдсанаар Нирун гүрний босоо түүхэнд тэмдэглэн үлдсэн байжээ.
Харин тэрхүү хүннүгийн цэргийн аравтын дарга цаашдаа эхнэр аван хүний ёсоор амьдарсаар насыг элээсэн гэнэ.
Цэргийн их зайрантан нь ид шидээр тэнгэрийн оронд залран одоод одоог хүртэл иргэж ирээгүй нь тэнд мөнх насыг олсонтой холбоотой байх гэж эртний мэргэд бичиж үлдээжээ.
Их хаантан эртний тэрхүү домгийг хүлгийнхээ зөөлөн явдал дунд сонсож дуусаад одоогийн зайрангуудад даанч тийм эрдэм үгүй дээ гэж хэнд ч юм өгүүлээд залуу хишигтнийг тогтоож нэгэнтээ хараад дотроо нэгийг бодсон шинжтэй морио давиран хурдлан давхив.
* * *
Эрлийн шуурхай бүлэг сэжигтэй обьектуудыг шалгаж байхад ууланд байдаг хуучин балгасанд сэжигтэн орогноод байж болох юм гэсэн таамаглал дэслэгчид төрлөө. Алсуур өгсүүр замаар давхар мосттой уаз машинаар очино гэдэг хэрвээ хэн нэгэн тэнд байвал зүгээр л үргээчих учраас тэд машинаа тэртээ алсад зогсоож газрын бартааг ашиглан нууцхан алхалсаар балгасыг холуур бүслэн авав.
Хамгийн түрүүлж балгас өөд орсон эрлийн бүлгийг ахлаж яваа залуу ахмадын хойноос байдгаараа шогших аядсан ч хамаг хөлс нь асгарсан Лхагваад хаа нэгтээ бүгтхэн буун дуу гарах шиг санагдав.
Арай нөгөө Дэлчээк манай ахмадтай буудалцаж эхлэв үү гэж бодсон дэслэгчээс хаанаас ч юм бүү мэд гүйх тэнхээ гарч хурдаа нэмлээ. Буугаа гаргаж бариад замгийг нь сойж, сэмхэн гэтсээр балгасанд нэвтэрдэг нүхээр алгуур оров. Харанхуйд нүдээ дасгачих санаатай анивчин зогсоо түүнд хэн нэгэн хүн аажимхан ойртох чимээ гарч ханан дээр гар чийдэнгийн гэрэл тусахад л ахмад Батсүхийг таниад гохноосоо хуруугаа салгав.
Хэн нэгэн тэнд байсан бол юу ч анзааралгүй л баригдахаар ажилласан боловч уулын балгасанд хүн байгаа ямар ч шинж тэмдэг олдсонгүй.
Балгасны нэгэн өрөөнөөс гал түлж байсан ором, тал нь асгарсан архитай шил, талх хиам гээд л хүн орогнож байсан шинж тэмдэг илэрснээс гадна саяхан буудсан дарь хүхрийн үнэр ялигүй сэнгэнэх шиг болов. Лхагваа газар хэвтэж байсан цүнхнээс скотч(наалддаг тууз), нүднээс бусдыг халхлах баг, долоон сумтай макаров маркийн гар буу олоод үнэрлэж үзвэл дарьны шинэхэн үнэр содон байлаа. Хэн дөнгөж сая энэ буугаар юу буудсан юм бол гэсэн оньсогыг тайлчих санаатай нилээд бодсон эргэлдсэн ч буудуулчихаар амьд амьтан хавь ойрд байсангүй.
Ахмадын хувьд аль хэдийн гадаа гараад ойр орчмоор сэжигтний ул мөр юу байна шалга гэж хүмүүсээ зааварлаж байлаа.
Хоолойдоо байгаатайгаа нийлээд долоон сумтай тэр буу бол өвгөний амийг хөнөөсөн зэвсэг мөн гэж үү.
Эрлийнхэн хүнээ олоогүй боловч түүний галт зэвсгийг олсон нь дарга нарын сэтгэлийг бага ч атугай амраалаа. Дэлчээкт дахиад өөр буу байх нь юу л бол.
Нарийн мэргэжлийн шинжилгээний дүн гүйцэд гараагүй л байв.
***
Амнаасаа хөөс цахаруулсан өвгөн бөөгийн онгод өгүүлсэн нь: Дээд мөнх Тэнгэр чиний хүслийг сонсов, хорвоод урьд хожид үзэгдэж дуулдаагүй их дайн дажин хийсэн чиний үйл хэргийг зөвтгөхийг оролдовч самуун цагийг төвшитгөх үйлсийн тань хоморгонд өртөж үхсэн, зовсон хүмүүсийн сүнс амар амгалангийн оронд очилгүйгээр, энд тэндгүй тэнүүчилсээр байгааг юу гэхэв дээ. Хэрвээ чи өөрийн сүүлчийн хүслээ биелүүлэхээр чин сэтгэлээсээ гуйж байгаа юм бол хаврын эхэн сарын шинийн долооны билэгт сайн өдөр чамд дээд тэнгэрээс заяасан тэрхүү хишигтэн цэргийг бие хамгаалах шилдэг арван цэргийн хамт дэлхийн дээвэрт орших их уулсын зүг илгээ. Хэнд очих учиртайгаа тэр болон бусад нь ч мэдэхгүй байг, уулсын дунд байх нэн өндөр уулын гүн агуйд ном бясалган суугаад түмэн жил болсон их аршийг олж уулзаад “мөнхийн гүн нойрыг” залан ирвээс хаан таны эцсийн хүсэл тань биелэж байгаа нь тэр. Мөнхийн гүн нойрыг олж ирэх ёстой гэдгийг л зарлигдан илгээ, хэнээс гэдгийг билэг ухаан төгссөн хүмүүн өөрөө хайж олно биз. Хаврын эхэн сарын шинийн долооноос хэтэрвэл хаан таны сүүлчийн хүсэл орчлонгийн түмэн нугачаан дунд утаа болон замхарна шүү гэдгийг хатуу санаж яв, Санаж яв....... Их эрдэм чадлаараа алдарт Тэв тэнгир бөөгөөс давж гарсан гэгддэг урианхайн өвгөн бөөгийн хэлсэн сүүлчийн энэхүү үгсийг машид тоож сонссон их хаантан өөрийн чэрби нараасаа хамгийн шилдэг зуун хишигтэн залуусыг сонгон хаан эзэнд бараалхуулах зарлиг буулгажээ.
Хаантан өөрийн биеэр залуу хишигтэн цэргүүдтэй нэгбүрчлэн уулзаж ярилцсан нь аян дайнд мордоод хоёр жил гаруй болж байгаа олон түмэн цэргийн дунд нэгэн томоохон таавартай ярианы сэдэв болж, эдгээр хишигтнүүдээс харь орны хотуудыг захирах том түшмэлүүдийг тохоон томилох байх гэсэн ерөнхий таамаглал нь нийтийн дунд голлон яригдаж байв. Зуун хишигтэн цэргийн дундаас хаантны өөрийн сонгосон арван хишигтэн дээр дурдсан домгийг өгүүлэгчийн захиргаан дор цаст Гималайг зорин мордох юм гэж арван түмэн цэргийн дотор хэн ч бодож явсангүй ээ.
Хаврын дунд сарын шинийн долооны билэгт сайн өдрийн өглөө эзэн хааны хэвтүүлийн даргын алба хашигчийн өгүүлснээр домогт 10 хишигтэн цэрэг их хааны зарлигийг ямар нэгэн гэрчгүйгээр хүлээн аваад даргачид алтан гэрэгэ үзүүлэн шуудхан урд зүгийг чиглэн мордвой.
Ямар даалгавартай хаа хүрэхээр явсан учрыг зөвхөн их хаантан өөрөө л мэдэж байгаа болохоор хаантнаас асуултай ч биш, магадгүй холын нэгэн улсыг заншлан тандахаар нууц даалгавартай мордсон болов уу гэж таамагласан ч хишигтэн түмтийн захирагч Архай хасар ноёнтон ч энэ аравтын зорилгын талаар гадарласан юмгүй байлаа.
Тэнгэр уулсын Киргиз, Тажикийн ноёд Монголын хаадын их ялалтын тухай чихээ дүлийртэл сонссон болохоор их хаантны алтан гэрэгэ харуулсан аравт цэргийг саадгүй нэвтрүүлсэн бөгөөд хөтөлгөө морьдтой шуурхайлан яваа хишигтэн цэргийн аравт цэрэг сар илүүгүй хугацаанд төвдийн их өндөрлөгт хүрж очжээ.
***
* * *
Хотын бараа алсаас цайран харагдах нарлаг энгэрт хоёр гурван жижиг тэрэг, автобусны хамт зогсож, дэргэд нь нилээн олон хүн бөөгнөрөн байх нь буцаж ирдэггүй алсын аянд бусдын дэмээр мордсон Дадиа өвгөнийг нутаглуулсан нь байлаа. Чанцал гуай нулимсаа арчин зогсох нь аргагүй тавь гаран жил нэгэн гэрт амьдарч нэгэн биений хоёр хэсэг шиг болсон ханиа алдсандаа уймарч учраа олохгүй болсоны шинж биз ээ. Дугар, Зуунай, Түндэв гурав болон талийгаачийн үр хүүхдүүд эмгэнд сэтгэлийн дэм өгөх санаатай энд тэнд нь гарч бөөцөгнөх нь өрөвдөлтэй харагдана.
Талийгаачийн ажил явдалд оролцож байгаа хүмүүс салах ёс гүйцэтгэж дуусаад унаа тэргэндээ сууцгааж эргэж харахгүй явцгаадаг ёсоороо хөдлөөд их хотын зүг явсны дараа нэгэн сити-такси олонд алдаршсан жижиг шар тэрэг замын онхол дэнхэлийг эвтэйхэн туулсаар бурхан болоочийн шарилын ойролцоо зогсоход түүнээс угалзтай ээтэн гутал өмссөн нэгэн хүн буулаа.
Саяхан оршуулсан шарилын дэргэд очиж зул асаан нүдэндээ нулимс гялтгануулан зогсоо тэр хүнийг ажиглаж байсан жолооч хархүү ах дүүс нь болов уу гэж бодсон нь алджээ.
Хаа холын Хөх хотоос яаралтай дуудлагаар ирсэн тэр хүний нэр Хасчулуун, Монголын зүүн өмнөдөд орших Горлос хошуунд төрсөн тэрбээр эдүгээ тавин зургаан нас хүрч байгаа бөгөөд үндэсний түүхийн багш мэргэжилтэй, дунд сургуульд хичээл зааж байхдаа шавь нартаа болох болохгүй олон юм илүү ярьдаг байснаасаа амарыг хамгаалахын хараанд өртөж хөөгдсөн.
Түүний шавь нараас хэд хэдэн залуус өмнөд Монголын ардчилсан холбоо гэдгийг байгуулахад идэвхтэй оролцож ах дүү үндэстний эв найрамдлыг хагалан бутаргах хорт үйл ажиллагаа явуулсаны улмаас баривчлагдаж шоронд орж, гадаадад дүрвэн зугтаасан учир багшийг тойрсон хяналт улам чангарсан ажээ.
Мань хүн энэ бүгдийг ойлгож мэдэрдэг учраас сүүлийн үед Юань гүрний үед хоёр үндэстэн нэгэн гэрт байсан тухай түүхийн адал явдалтай ганц нэг зохиол бичиж засарсан болохоо харуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурдгийн үлгэр байсан билээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон гэсэн их зохиолчийн мөрүүдийг амны уншлага болгосон түүнийг хүлээсэн үүрэг нь хятадуудтай эвдэрэлцүүлчихгүй тогтоож байдаг бөгөөд өөрийнх нь унаган нутаг Горлосоос төрсөн үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Тогтох тайжтай эхийн талаар цусан төрлийн холбоотой нь түүний бахархал байв.
Ямар нэгэн садан төрлийн холбоогүй боловч их тэмцлийн гал дөлд цусаар гагнагдсан ахыгаа алдсандаа харамссан түүний сэтгэлийг өөрөөс нь өөр ойлгох хүн ховор биз ээ.
|