|
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Абдулла агшин зуурын тулааныг харав. Гранатомет түүний нөхдийг тасар татан хаяхад тэрбээр элгэндээ гараа эвхэн хүч хүрэхгүйдээ уурсан ёолон архирав.
- За муу, гяурууд! Муу сэгнүүд! Өмхий заваан гахай! Хоолойг чинь огтолж, арьсыг чинь хуулах л болно доо.
Гэвч тэрбээр, түрүүч байлдагч хоёрын амь үрэгдсэн байрлал руу өгсөж очиж буй Веселов руу гал нээсэнгүй. Тэр, түүнийг онилсон байж магадгүй гэдгийг мэдэж байсан бөгөөд тэрбээр амьд явахыг хүсэж байлаа! Тиймээс тэр шүдээ хавиран уурсавч, аман дээрээ үртэс үүрмэг болгохоор занаж байгсадтайгаа ил цагаан тулалдахаас цаараглаж байв.
Гэнэт Абдулла хөлийн чимээ сонсов. Тэрбээр Алимын цогцсон доороос түлхэн зайчилж, бие нь дээр нь автоматаа тавин онилж, түгшин хүлээв.
Гэтэл бутны цаанаас амь үрэгдсэн Гумарын хүмүүс гарч ирэв.
- Та нар энд юугаа хийж байгаа юм вэ? гэж дуу хоолойндоо албархаг өнгө оруулахыг хичээн, Абдулла асуув.
Гэвч тэр хариулт сонсож амжсангүй. Эргэлтийн цаанаас Антонов үсрэн гарч ирж өөрийгөө тойруулан гал нээгээд, эрэгцэгийн баруун таах ганга руу бөмбөрөн оров. Харин жалганаас цэргийн толгой цухуйж, автоматаар галлав. Мөн л дээрэмчний байх зүг рүү галлах авай.
Гэхдээ энэ бол онилсон буудлага биш анхаарал сарниулах зорилгоор нээсэн гал болой. Сум “чех”-ийн нуувчин дээгүүр аулын зүг шунгинан өнгөрөх бөлгөө. Гэвч тэр өөрийн үүргээ биелүүлэв. Веселов жалганд орж амжсан агаад эргэлтийн цаанаас ил гарч ирсэн офицер, дээрэмчний буудлагын зэвсгийн хувьд хор хөнөөлгүй бүс болох бут сөөг рүү шурган орлоо. Энэ нь автомат бууны хувьд л хөнөөлгүй бүс болохоос гранатын хувьд биш болой.
Абдулла хурдан гэгчийн “РГД-5” гранат шүүрэн авч, оросын шурган орсон тэр газар руу шидлээ.
Сергей гонзгой урт зүйл нисэн ирэхийг харж, бул хадны ар руу үсрэв. Гэвч түүнийг хадны ард орж нуугдахаас өмнө дэлбэрэлтийн дуу нүргэлэв. Антонов өвдөлт огтхон ч мэдэрсэнгүй. Дэлбэрэлтийн долгион түүнийг хадан дээр хүчтэй шидэв. Хүчтэй цохилтын улмаас тэрбээр ухаан алдаж...
Толгойлогч нь дээрэмчдэд тушаал өгч:
- Явцгаая!
Тэгээд эрэг дээрээс жалга руу үсрэн буусан агаад эндээс нутгийн агуйн хөндий рүү хөтлөх эцэс төгсөлгүй зам жим эхэлдэг болой.
Амь үрэгдсэн Гумарын хоёр дагуул ч Абдуллагийн араас хөдлөв. Харин цэрэг ахмадын тушаасны дагуу аулын зүг бүхэл бүтэн нэг хорго сумаар буудаад, хадны араар орж нуугдав. Тэрбээр ийнхүү нуугдсаныхаа улмаас түүний дарга битүү доргилт аван ухаангүй унаж, гурван чечень эр Антоновыг олзлон авч, түүнийг гуугаар чирэн одохыг харсангүй. Тэд, цэргийн байрлалаас арван метр холдсоноор, түүнийг буугаа цэнэглэж байрлалаа дахин эзлэх тэр үед харагдахаа больсон байв. Уг байрлалаас байлдагч Санек Самарин ахмад Антоновыг галаар халхлах ёстой байсан юм.
Грек болон түүнийг дагалдсан лалын дайчид эрчимтэй буудлага болон гранат дэлбэрэх чимээг сонслоо.
Тэр чимээг ч ахмад Бережной болон ахлагч Дудашев нар бас сонсов.
Казбек ийн хэлэв.
- Манайхан давуу хүчтэй тулгарав бололтой. Тэднийг ар талаас нь дэмжихсэн! Антон руу чи яв, Володя! Яв, надад ганц гранат үлдээ тэгээд... яв! Зөвхөн дээгүүр, гүнээс нь очоорой, ахмад аа, за би чинь офицерт заах нь үү дээ?
- Харин чи яах юм вэ?
- Би Грекийг тогтоон барья! Үгүй бол устгана... Байдлаас л болох байх. Тэнд хэргээ бүтээчхээд, над руу эргээд ирээрэй.
Бережной удаан бодол болсонгүй.
- Тэгье! “Ф-1” ав. - Тэр бүсэндээ хавчуулсан гранатыг сугалан өгөв. - Чи арван минут л тэсээрэй! Бид буцаад ирнэ!
- Володя!
- За!
- Хагацъя даа, даргаа!
- Чи юун хагацах салах юм яриад унав аа?
- Хурдал даа! Манайханд тусламж хэрэгтэй байгаа! хэмээн Бережнойн асуултанд ахлагч хариулсангүй.
- Би ч бас “хагацъя”! гэх үү-хэмээн Бережной бувтнав. Тохойрсон жалганы цаанаас тэр уулын энгэрийн зүүн талаас авирав. Эргэн тойрноо харвал ар талыг бут халхалж, юм харагдахгүй байсан ч өмнөх бүх зүйл сайн харагдаж ажээ! Гэвч өмнө талд буудалцахаа больсон байв. Бережной жалга руу буухаар шийдэв.
Володяг гуунаас шууд ил газар гарангуут гэнэт дахин галлаа. Баруун энгэрээс таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг доошилж байлаа. Хаанаас тэд гараад ирэв ээ? Бодох хугацаа алга байсан тул ахмад Бережной газар руу ухасхийн үсрэнгээ гал нээв. Суманд оногдон хоёр дээрэмчин энгэрийн уруу унан өнхөрлөө. Тэдний нэг нь муухай дуугаар орь дуу тавин орилох нь сум гэдсэнд туссан бололтой. Үлдсэн гурав нь хариу гал нээж, Володягийн эргэн тойронд суман мөндөр тусна. Хэрэв ахлах дэслэгч Веселов байлдагч Ларин хоёр байгаагүй бол түүнийг тэд онох байлаа. Ойрхон буудалцахыг сонсоод тэд баруун энгэрийн оройгоор буун дуу гарсан зүг рүү ухасхийцгээв. Яг цагаа олсон байлаа. Бережнойн зүг бууж явсан гурван дээрэмчин тэдний чанх дор байх ажээ. Гурван богино ээлжийн гал “чех”-үүдийг хэрчиж, тэдний ярьдгаар “хоолойг” нь огтлов. Үхлийн шарх олсон дээрэмчинг ч гүйцээв. Володя азаар амь мэнд үлдсэн байсан агаад хөлийг нь хоёрын зэрэг сум өнгөцхөн шүргэж, бул хаднаас үсэрсэн хэлтэрхий хөмсгийг нь ясанд нь хүртэл зад цохисон байлаа. Шархнаас нь цус сад тавин урсах ажгуу.
- Амьд уу, ахмад аа? гэж Веселов асуув.
- Амьд аа!
- Женя, хэмээн ахлах дэслэгч байлдагчид хандан хэлээд, хурдан офицерийн шархыг боо, би Антонов руу гарц руу явлаа. Та нар дуусаад, ахлагч руу яваарай!
Энэ үед тэдний ард дэлбэрэлтийн чимээ нирхийж, автоматын ээлж тачигнан агшин зуур буй болсон нам гүмийг эвдлээ.
- Казбек, Гректэй уулзаж дээ, гэж Бережной дуу алдав.
- Тохирсон бүдүүвчийнхээ дагуу ажиллая... Чөтгөр гэж юу вэ? хэмээгээд Веселов үгээ дуусгасангүй. Энгэр дээр өнгөлөн далдлалтын хувцас, десантын цэнхэр малгай өмссөн цэргүүд гарч ирэв. Тэдний дарга ахлах дэслэгч ийнхүү хашхирав.
- Битгий буудаарай, өөрийнхөн байна!
Веселов, байлдагч Женя Ларины эв дүйгүйхэн толгойг нь боож байгаа Бережнойтой зэрэгцэн хадан дээр лаг хийн суулаа.
- Гүйцээ, ахмад аа, угтан уулзах рот ирлээ. Ингээд гүйцээ! Ойлгож байна уу, ахмад аа, гүйцээ!
Казбек үхэр чулууны ард нуугдаж байв. Удалгүй тэрбээр шамдан гүйх хөлийн чимээ ойртохыг сонсов. Тэдгээр нь бас л хүчээ шавхан, хөлөө чирэн явах ажээ. Жалгын энгэр, ёроолоор явцгааж агаад Грек доор явах болой.
Тэрбээр хүмүүсээ яаруулж:
- Хурдал, жигитүүд ээ! Гяуруудыг аулд оруулж болохгүй. Тэнд хөгшид, хүүхнүүд, хүүхдүүд байгаа. Тэднээр халхавч хийх л юм бол барьж чадахгүй болно. Урагшаа...
Грек үгээ таслан таг чиг болов. Тэдний өмнө газар доороос гарч ирэх мэт, Казбек нуувчнаасаа гарч ирэв. Тэдний хоорондох зай хоёр метрээс илүүгүй байлаа. Дээрэмчдийн дарга, түүний дайсан яах гэж энд байж байгааг ойлгов. Гэвч биеэ барьж чадлаа.
- Казбек уу? Ашгүй дээ! Тулаан эхлэхээс өмнө зайлан гарахгүй яасан юм. Гэвч Аллахын авралаар суманд оногдсонгүй шив. Бид яарч байна, бидэнтэй яв.
- Грек! Чи хаашаа ч явахгүй. Чиний цусан зам энд, энэ гуунд дуусна. Шууд ойлгохгүй байна гэж үү?
- Казбек! Хүлээж бай л даа! Тохирч болно биз дээ? Энэ замаар миний хүмүүс ирж байгаа. Би тэднийг зогсоож чадах бөгөөд тэгвэл чиний нөхөд ч амьд үлдэнэ шүү дээ. Бид ингээд хоёр тийш салж явцгаая, би Аллахын нэрийг барьж тангараглая, эндээс өөрийнхөө бүлгийг авч явна. Би худлаа хэлэхгүй, Казбек минь!
- Үгүй, Грек, би чамд итгэхгүй, тэгээд ч чиний хүмүүст учруулсан тэр бүх зовлон шаналлын төлөө ганцхан шийтгэл бий. Тэр нь энэ! Ахлах ахлагч Дудашев гараа урагш сунган алгаа дэлгэв. Түүний атгаж байсан хамгаалалтын гранатын гал хамгаалагчийн чих тэнийж хэдхэн секундийн дараа хүчтэй дэлбэрэлт Грекийг ч, түүнтэй зэрэгцэн зогсогсдыг ч, Казбекийг өөрийг нь ч хэдэн хэсэг тасар татаж...
Харин дээр зогсож байгсад хэлтэрхийнээс нуугдаж амжсан ч, гэнэт татганан унацгаав. Десантын дайрагч ротын тагнуулчид жалга болон зам дээр гарч ирж урагшлан дайрцгаав. Түрүүнд нь яваа ротын захирагч болон хэдэн цэргүүд ахлагчийн дэлбэрэлтийн гэрч болов. Тэд үлдсэн дээрэмчдийг буудан устгалаа.
Десантын ахмад, тасар татагдаж цусандаа хутгалдсан цогцсыг хараад, дуу алдаж:
- Ээ, дүү минь! Дахиад хормын төдий л тэвчсэн бол. Бид дэргэд чинь байсан шүү дээ...
Тэрбээр санаа алдаж, толгойноосоо цэнхэр берет малгайгаа авахад, буурал санчиг нь ил гарлаа. Цэргүүд даргынхаа жишээг дагав. Тэд эрэлхэг орос офицерт сүүлчийн хүндэтгэлээ үзүүллээ.
Холбооны дуудлага ирэв. Нэгдүгээр салааны дарга, жалганы гарцны орчмоос өөрсдийнхнөө олсноо илтгэв. Сүйрсэн цувааны бүрэлдэхүүнээс үлдэгсэдийг олжээ.
Ротын захирагч гуравдугаар салаанд жалганы араас агуй хүртэл энгэрийг самнахыг тушаав. Нэгдүгээр салааг аулыг бүслэх, хоёрдугаар салааг танкаар талбараас Артум-Кале хүрэх замыг хаах үүрэг өгөв.. Өөрөө тагнуулын тасагтайгаа амь үрэгдсэн ахлах ахлагчийн цогцсыг тойрон гарч жалгаар уруудан хөдлөв.
Аулын захад тэд уулзацгаав. Хүч тэнцвэргүй тулаанд бууж өгөөгүй, сүйрсэн цувааны амьд үлдсэн цэргийн албан хаагчидтай, угтан уулзах хүч нэмэгдүүлсэн ротын захирагч Валентин Громов учирлаа. Эв дүйгүй боолтын улмаас нүүрнийх нь баруун тал бараг тэр чигээрээ боолттой харагдах ахмад Бережнойтой, зориг зүрхтэй, үл шархдагч десантын ахлах дэслэгч Валерий Веселов, байлдагч Ларин, Самарин, Крутов нартай болой.
- За яав, хүүхдүүд ээ, хэмээн ахмад Громов халтар хултар, ядарч зүдэрсэн офицер, цэргүүдэд хандаж, тэсч гарав уу?
- Жаахан л удсан бол дуусах байлаа, гэж Веселов хариулав.
- Үгүй дээ! Та нар руу гарч ирдэг тэр таван сахалт сүүлчийнх нь байсан юм. Цохионы дэргэд отолт хийгчдийн үлдэгдэл агуйд нэвтрэн орохоор явж байсан! Харин танай ахлагч баатарлагаар амь үрэгдсэн шүү.
- Юу, амь үрэгдсэн гэнээ? гээд Володя босов.
- Баахан “чех”- тэй хамт өөрийгөө дэлбэлсэн, тийм ээ тэрбээр жаахан яарчихсан юм, бид бараг дэргэд нь ирээд байсан. Ховорхон тохиох зоригтой эр байна билээ, алдар нэр нь үүрд дуурсаг!
- Эй, Казбек минь, Казбек минь! Тэгээд л чамд гранат хэрэгтэй байсан байх нь ээ? хэмээн Бережной аяархан уулга алдваас, Громов сонсоод:
- Казбек аа? Тэр тэгээд орос хүн биш болох нь уу?
- Чечень залуу! Бүх насаараа армид алба хаасан юм. Афганд байлдсан! Гэрлэхээр завдаж байтал... харин энд!
- Тийм ээ, хэмээн десантын дайралтын нэгдсэн ротын захирагч зөвшин хэлээд, хэн ч учрыг нь олохооргүй бүх зүйл хутгалдчихаж дээ, баларсан юм! Харин ахмад Антонов хаана байна вэ? Дээрээс тушаасны дагуу би түүнд салбар хүрэлцэн ирсэн тухай илтгэх ёстой!
Зөвхөн одоо л Бережной, Сергей үргэлж түрүүнд явдаг тул энд ирсэн байх ёстой атал Антон байхгүй байхыг мэдэв.
- Самарин, Крутов! хэмээн тэр хашхирч, энэ жалгаар ахмад Антоновыг дагалдан явсан цэргүүдийг дуудав.
- Дарга хаана байна вэ? хэмээн тэрбээр, байлдагчдыг ойртон ирэхэд асуув.
- Энд, нөхөр ахмадаа, бутанд, гарц дээр, хэмээн Самарин гараараа ургамал руу зааж, “чех”- үүд бүгэж байсан агаад ахмад Антонов тэднийг дайрахаар шийдэж намайг өөрийгөө халхлуулахаар үлдээсэн юм. Харин өөрөө, тээр тэнд, түүнийг дээрэмчид онож чадахгүй газраар жалга руу үсрэн орсон. Би ахмадын тушаал ёсоор “чех”- үүдийн анхаарал татахаар гал нээсэн. Сум дуусангуут, би автоматаа цэнэглэхээр нуугдсан. Харин тэнд дэлбэрэлт болж, утаа униар, тоос шороо боссон. Юу ч харагдахгүй байсан. Над руу Крутов ойртож ирэнгүүт, бид дээрэмчдэд хоёр талаас нь галын цохилт өгөхөөр шийдвэрлэсэн юм. Гэвч тэд хаана ч байхгүй байсан. Ахмад Антонов ч мөн адил.
- Хаашаа Антоновыг үсэрсэн гэнээ? гэж Володя дахин асуув.
- Тээр тэнд, тэр бул чулуу руу, нөхөр ахмад!
- Яг гуу руу юм байна! “Чех”- үүдийн байрлалаар харахад тэнд л “аюулгүй” бүс байж. Харваас, түүгээр Сергей дээрэмчдийг тойрохыг хүссэн нь илт байна. Гэвч тэрбээр хаашаа алга болчихов оо?
- За, харин тэгэхээр ахмад аа, тэр бул чулуу руу очиж харцгаая, гэж Громов санал болгоод, жалга руу буув. Володя түүний араас дагахуйд, цус болсон боолт нь нүд рүү бууж, юм харуулахгүй халхлах ажээ. Володягийн тийнхүү зүдэргээтэй боолттойгоо ноцолдохыг хараад Громов ийн хэлэв.
- Одоохон газар орныг үзчихье, дараа нь миний эмнэлгийн зааварлагч чамайг боож өгөг!
Анхны харцаар л бул чулуун дээр болон түүний орчин тойрны байдал ахмад Антоновын алга болсон шалтгааныг тодруулаад өгөв. Том чулуунаас холгүйхэн газар гранатын дэлбэрэлтээс үүссэн хонхор онгойж харагдана. Бул чулуун дээр цусны дусал байхыг илрүүллээ. Цусны дусал, гуугаар дамжин агуй хүрэх жимээр нэг гоожсон байгаа нь тодорхой боллоо.
- Үнэн гэж үү?
Громов тэр даруйхан гурав дугаар салааны захирагчийг дуудав.
- Гурав аа! Би-Нэг байна!
- Гурав холбоон дээр байна!
- Гурав аа, чиний цэвэрлэгээ юу болж байна вэ?
- Тантай холбоо барих гэж байлаа! Агуйн дэргэд гурван цэрэг харлаа. Тэднийг хүртэл таван зуун метрийн зайтай байна. Тэд хэн нэгнийг чирч явна! Өөрсдийнхөө дарга нараас нэгийг нь авч явж байж магадгүй? Нэг ээ, тэднийг буудах уу?
- Чирж явна гэж хэлэв үү? гээд Громов Бережной руу хяламхийн харав.
- Энэ чинь Антон байна! Өө муу өлөгчингүүд, шархтай хүнийг олзолдог байна шүү! хэмээн Володя гаслав.
Ротын захирагч тушаалаа.
- Гурав аа! Би-Нэг байна! Гал бүү нээ! “Чех”-үүдийг гүйцэхийг оролдож нэг ухасхийгээд үз. Тэд манай офицерыг чирч явна гэдгийг сануулаарай... Гүйцэхгүй бол орхиё! Амжихгүй нь үү! Яваг дээ, хөөж байгааг хараад ачаанаасаа салахаар шийдэх ч юм билүү. Тэгвэл ахмадыг буудчихна. Нэхэхээ зогсоо! Агуйн хонгилоос гарч, гадна талд тагнуулын ажиллагаа явуул. Дотор орж болохгүй! Намайг тушаал өгтөл тэндээ үлд!
- Би бүгдийг ойлголоо, Нэг ээ, гүйцэтгэе!
Громов холбооны хэрэгслээ унтраав.
- За ийм байна даа, автынхан минь! Явцгаая, чамд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол харахад аймаар байна.
Гэвч Бережной, Громовын саналд анхаарал хандуулсангүй, тэрбээр өөрийнхөөрөө зүтгэж:
- Валентин! Аулын амьтай болгоныг цуглуулах хэрэгтэй. Оршин суугчдын хэн нэг нь энэ агуйг мэдэх нь лавтай! Антоныг гаргаж авах хэрэгтэй байна!
- Харин чи, энгийн номхон иргэдийн эсрэг үйлдсэн үйлдлийнхээ төлөө дараа нь чи бид хоёр зөвхөн мөрдсөө хуулуулах төдийгүй толгойгүй ч болж болохыг мэдэж байна уу?
- Мэдэж байна, гэвч юу ч юм хийх хэрэгтэй байна ш дээ!
- Хэн маргах билээ! Чөтгөр алгад! Чи зааварлагч руу оч, би одоо цэргийнхээ байрлалыг өөрчлье. Яв гэж байна шүү, гайхал минь, цусаа юүлж гүйцлээ!
Бережной түүнийг хүлээж байгаа эмнэлгийн зааварлагч-түрүүч рүү ойртон очиж:
- Алив, манал бурхан минь, зөвхөн хурдхан шиг! Ойлгов уу?
- Та өөрийнхөө хүмүүсийг л командал, нөхөр ахмад аа, харин би өөрийнхөө ажлыг зохих ёсоор нь хийнэ! Таны хувьд ч гэсэн.
- Алив хийгээч!
Громов энэ үед хоёр дугаар салааг дуудаж:
- Хоёр оо! Би-Нэг байна! Сонсож байна уу?
- Сонсож байна, Нэг ээ!
- Танай тэнд, талбар дээр ажил хэрэг яаж байна, Андрюша?
- Бүх юм нам гүм!
- Өөртөө хоёр БМП үлдээгээд, хоёр дугаар тасгийн хагасыг танкийн хуяган дээр суулгаад манай нэг машинтай шууд аул руу орж ир!
- Газар дээр нь үүрэг өгөх үү?
- За тэгэлгүй дээ! Асуух юу байна, Андрей?
- Мэдлээ, Нэг ээ! Гүйцэтгэе!
Ротын захирагчийг өөрийн захирагдагсадтай ярьж байх үед, хүн эмнэлгийн зааварлагч Бережнойн шархыг мэргэжлийн дагуу ариутган цэвэрлэж, гоюу наав. Цаг алдахгүйн тулд хөмсгөө оёхыг Бережной түрүүчид зөвшөөрсөнгүй. Сорвитой болох уу? Чөтгөр рүүгээ тонилог! Том, багын ямар ялгаа байв гэж? Громов түүн рүү ойртон ирж:
- Вова, би танкаар айлган чеченүүдийг гэрээсээ нь гаргахын тулд өөрийнхөө хүүхдүүдийг дуудчихлаа! Явъя, ахмад аа, аулын оршин суугчдыг жагсаая! Нэгдүгээр салааны захирагч над руу!
Хорин минутын дараа Артум- кале аулын бүх оршин суугчдыг гэрээс нь гаргаж том пингийн ойролцоо цуглуулав. Танк ойртон ирж, цугларсан хүмүүс рүү өөрийнхөө их бууны онгойсон хар амыг чиглүүлэн жаахан зайтай зогссон нь хүмүүсийг үймрэн сандрахад хүргэв.
Володя гартаа автоматаа барьсаар өвгөд хөгшид, бүсгүйчүүд, хүүхдүүдийн өмнө гарч ирэв. Түүний дэргэд ахмад Громов болон хоёр десантын цэрэг зогсов. Бережной эхлэн:
- Чечений энгийн номхон иргэдээ, намайг анхааралтай сонс. Бүгд биш юм гэхэд та нарын ихэнх нь, биднийг довтолж хүмүүнлэгийн ачаа- бүхий цувааны юунд ч гэм буруугүй дөч гаруй залуухан хүүхдүүдийг хөнөөсөн дээрэмчдийн төрөл саданг оролцуулаад, энэ сууринд төрж өссөн байгаа. Тэд энгийн номхон иргэдэд гар хүрээгүй, залхаан цээрлүүлэх ажиллагаанд оролцоогүй. Гэвч тэднийг алчихлаа! Бүгэн нуугдаж байгаад заримыг нь машинтай нь амьдаар нь шатааж, нөгөө хэсгийг нь мод бутны цаанаас буудаж айхавтар муухайгаар хөнөөлөө. Тэдний нэгэн болох шархтанг дээрэмчид барин авч агуй руу авч явжээ. Та бүхэн манай цэргийн албан хаагчийг чөлөөлж авахад туслах ёстой боллоо. Миний түрүүний ярьснаар та нар энд төрж өссөн болохоор агуйг мэдэхгүй бай>/ аргагүй. Энэхүү сүлжээ агуйг самнахад надад газарчин хэрэгтэй байна. Та нараас хэн нь надтай болон манай цэргүүдтэй явах вэ?
Хариу хэн ч үл дуугаран нам гүм байх амой!
- Ийм байдаг байж! Тэгэхээр хэн ч бидэнд туслахыг хүсэхгүй байх шив дээ? Та нар зөвхөн булангийн цаанаас л буудахдаа мундаг байх нь ээ? Тэгвэл өөрөөр ярихаас даа, гэж хэлээд Владимир биеэ барьж чадахаа болив. - Хэвтээд! хэмээн гэнэт тэрбээр хажуудаа зогсох Громовыг хүртэл цочтол муухай бахираад, чеченьчүүдийн толгой дээгүүр автоматын урт ээлжээр галлахад суманд оногдсон ханын шавар тэдний дээрээс бөөн бөөнөөрөө цацран унах ажээ.
Бөөгнөрсөн олон агшин зуур газар элэглэн хэвтэж, эмэгтэйчүүд биеэрээ хаан хэвтсэн хүүхдүүд уйлалдаж, өвгөд толгойгоо дарцгаах амой.
Владимир дахин давтан асуулаа.
- Хэн биднийг агуй руу замчлах вэ гэж би асууж байна, үгүй бол та нарыг, чөтгөр рүү чинь тонилгохоор, танкаар няцлахыг тушаах болно шүү!
- Офицер оо, үг хэлье, хэмээн шороо тоос болсон сахалтай өвгөн толгойгоо өргөн хэлэв.
- Босоод ярь!
- Чамайг өөрийнхөө нөхрийг аврахыг хүсэж байгааг бид ойлгож байна, гэхдээ бидний дунд энэхүү агуйн сүлжээ гудамыг мэдэх хүн байхгүй гэдгийг тангараглан хэлье. Хүмүүс тийшээ явдаг ч үгүй, тэнд хийх зүйл хэнд ч байдаггүй юм!
- Би чамд итгэхгүй байна, өвгөн гуай!
- Итгэх эсэх нь чиний эрх, гэхдээ чи цусаар цангаад байгаа юм бол хүүхэд, эмэгтэйчүүдэд гар бүү хүр, намайг ал. Би та нар руу довтолсон довтолгоог зохион байгуулсан хүний үеэл ах нь байна! Намайг алаад, бусдыг нь үлдээ, тэд дээрэмчдээс болж бас л багагүй зовлон эдэлж байгаа. Гэхдээ чи намайг алаад юу ч олж долоохгүй! Чиний ял хэлэлцэх гээд байгаа эдний хэн нь ч агуйн нүх хонгилыг мэдэхгүй. Босогчид мэддэг учраас л тийшээ явцгаасан биз. Бид бол мэдэхгүй!
Бережнойн автоматны гол төмрийг Громов хажуу тийш нь болгов.
- Эднийг орхи, Володя! Тэд агуйн талаар мэдэхгүй байх бүрэн боломжтой.
- Хэрэв мэдэж байвал яах юм вэ? гэж Бережной хашхирав.
- Тэгвэл тэгээд буудаач дээ! Хүүхдүүдээс нь эхлээд нэг нэгээр нь алаач. Залхаан цээрлүүлээч! Дээрэмчидтэй адил алаач дээ!
Владимир буугаа доошлуулж, өвгөн рүү харж, ийнхүү өгүүлэв.
- Хүмүүсээ босгож, гэр гэр рүү явцгаа, тэдэнд хэн ч гар хүрэхгүй гэж хэл!
- Намайг яах болж байна вэ?
- Би чөтгөр рүүгээ тонил гэж хэлсэн шүү дээ! Гүйцээ! Та нарыг хармааргүй байна!
Өвгөн газар хэвтэх олон руу бөглөрсөн хоолойгоор юу ч юм хашхирлаа. Тэд ч шалавхан босож, аулаар тархан алга болцгоов. Төдөлгүй байшингуудын үүд хаалга ягштал хаагдаж, тэр битгий хэл нохойгоо ч хаа нэгтээ нуужээ.
- Нэг ээ! хэмээн Громовын холбооны хэрэгсэлд дуудлага ирж дуудав.
- Нэг холбоон дээр байна, гэж ахмад хариулав.
- Би-Хоёр байна, “Ми-8” эргэлдүүр ирснийг илтгэе. Хурандаа Яковлев ХАБА-ны хоёр офицертой ирээд байна.
Бережной холбоогоор ярих яриаг сонсоод.
- Яковлев уу? гэж тэрбээр Громовоос асуув.
- Тийм! Байдлыг шүүн тунгаахаар ирж байгаа нь лавтай!
- Одоо би түүнийг шүүн тунгаагаад өгье. Машинаа өгөөдөх!
- Тэнд БМД байна, харин Володя минь, чи түргэн зантай юм, хамт явцгаая. Үхрийн сүүлэн дээр хутга гээч болох бий!
- Надтай надгүй болох байлгүй, явцгаая!
Громов хоёр дугаар салааны даргыг дуудаж:
- Хоёр оо! Би-Нэг байна, миний араас явагтун!
Десантын байлдааны машин, талбар дээр хөглөрөх хүүр цогцос, утаа баагих “КамАЗ” болон БРДМ-ын сэгийг харан зогсох бүлэг офицеруудын өмнө очиж зогслоо. Бережной хуягтаас үсрэн бууж хурандаа руу очлоо. Түүний нүдний харцанд үзэн ядалт гэрэлтэх аму. Дагалдах офицерууд ахмадын замыг хаахыг завдахуйд, Яковлев тэднийг зогсоож:
- Ахмадыг явуул!
Бережной даруйхан хурандаагийн хээрийн дүрэмт хувцасны энгэрээс заамдан авлаа.
- Өлөгчингийн хүү, хурандаа чи хүрээд ирэв үү? Өөрийнхөө- гараар хийсэн зүйлээ харахаар ирэв үү? Хараач, муухай новш минь, эргэн тойрноо сайн хар! Энэ бүхэн чиний хийсэн ажил! Мал минь, чи биднийг хэдэн зоосоор худалдчихав аа?
Хурандаа, Бережнойн гарыг гэнэт чангаар мушгин өөрөөсөө салгав.
- Ахмад аа, бие барь! Болигтун!
- Болих оо? Харин хэн энэ хүүхдүүдийн төлөө хариуцлага хүлээх юм вэ? Хэн юм вэ гэж асууж байна? Үгүй бол, байнга л бичиж байдаг зайлшгүй тохиох байлдааны хохирол уу? Дайн шүү дээ гэх үү! Зөвхөн та нар энэ удаа ийм үзвэр тавиад өнгөрнө гэвэл худлаа болно шүү! Ойлгов уу?
- Ахмад аа, бүгдийг би хариуцна! Тайвшрахыг хүсье! Би чамайг ойлгож байна, тэгэхдээ намайг, тэр үед юу ч өөрчлөх боломжгүй байсан гэдэгт итгэл дээ! Зөвхөн хамгийн сүүлд л... Гэхдээ энэ нь өчүүхэн агаад оройтсон байж! Энэ аян хэрхэн төгссөн, хэчнээн хүн үрэгдсэнийг асуултгүй, өөрөө харж байна. Ахмад Антонов хаана байна вэ?
- Чи гарз хохирлын тухай мэдэж, харлаа гээд юу хийж чадах юм вэ? Дөчин гурваас тав, зургаан хүн л амьд үлдсэн! Ямархуу тоо сонсогдож байна вэ? Долоогоос нэг нь амьд үлдлээ. Антоны хувьд... Антон шархдаж унасан байсныг, агуй руу явсан дээрэмчдийн үлдэгдэл олзлон авч явсан.
Яковлевын гарын атгалт сулрангуут, Володя өөрийнхөө гарыг мултлан авч, тамхиа асаалаа.
- Хурандаа, тэд түүнийг хэрхэхийг төсөөлж байна уу? хэмээн Бережной аяархан асуулаа.
Яковлев, юу ч юм бодлогошрон үг дуугүй зогсох бөлгөө.
Владимир дараалан гурван янжуур татаж дуусах тэр үед хурандаа өөрийнхөө бодлогоширсон байдлаасаа салав.
- Хошууч аа, хэмээн өөрийгөө дагалдсан офицеруудын нэгэнд хандан хэлээд, эндэхийн газар орныг цэвэрлэх ажиллагааг зохион байгуул. Манайхны цогцсыг цуглуулж, Моздок руу нисдэг тэргээр илгээ. Тэдэнтэй цуг өөрсдийнхөө болон олзны зэвсгийг явуул. Чиний мэдэлд ахмад Громовыг үлдээлээ. Харин бид, Бережной чамайг авч хороо руу нисье. Босогчдоос Антоновыг хэрхэн гарган авахаа бодоцгооё.
- Чи энэ бүхнийг боломжтой гэж бодож байна уу?
- Үгүйсэн бол санал болгохгүй шүү дээ. Урагшаа!
Дөчин минутын дараа тэд хурандаагийн асарт байж байв. Бережной асуусан нь:
- Хурандаа, хоёр асуулт асууж болох уу?
- Асуу л даа.
- Нэгдүгээрт-бидний томилолтын үр дүнг батальон руу мэдээлсэн үү?
- Одоохон мэдээдхье. Энэ талаар цэргийн сувгаар л дамжуулах ёстой. Хоёр дахь асуулт чинь юу вэ?
- Булановыг занганд оруулсан уу?
- Хэцүү л асуулт байна. Чи мэдэх эрхтэй. Тийм гэх үү дээ!
- Тэр ямархуу байгаа бол, мэдээгүй биз?
- Ухаан орсон! Эхний мэдүүлгээ өгсөн. Эрүүгийн хэрэг нээсэн байгаа.
- Бүсгүй тэр хоёр руу хэн дайрсныг хэлсэн болов уу?
- Үгүй, Володя, дэд хурандаа өөр мэдүүлэг өгсөн.
Бережной гайхаж:
- Ойлгосонгүй?
- Сүүлийн үед батальоныг буудаж байсан мэргэн буудагчийг устгасан гэж тэр мэдүүлсэн. Тэр буудагч нь Лейла байсан гэсэн! Тэрбээр ганцаараа хаягдсан байшинд бүгэн отсон ажээ. Түүнийг амьдаар нь барьж авахыг хүссэн ч, бүсгүй эсэргүүцэл үзүүлсэн байна. Тэгээд л ухаанаа алдаж, Буланов эхлээд бүсгүйг хүчиндээд, дараа нь алахаар шийдсэн гэсэн.
Ярьж буй зүйлийг сонсоод ахмадын нүд орой дээрээ гарах шахав.
- Юу гэнээ? Чи өөрөө ярьж байгаад нь итгэж байна гэж үү?
- Би сонсож мэдсэнээ л ярьж байна!
- Энэ балай юмыг ярихыг дэд хурандаад тулгасан байлгүй дээ?
- Түүнд, Булановаас өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж болно гэж үү дээ?
- Гэтэл тэрбээр яагаад чулуу хөөлгөөд байгаа юм вэ?
Яковлев ийнхүү тайлбарлав.
- Буланов Лейла хоёр бие биендээ дурлаж, дэд хурандаа бүсгүйг болон төрөл төрөгсдийг нь нутагтаа аваачих гэж байгаад амжаагүй юм. Тэдний нислэгийн өмнөх сүүлчийн уулзалтын үед, дээрэмчдийн талд ажиллаж байсан нэгэн болох хошууч Марков, тэднийг отон бүгэж бүсгүйг алах заавар өгсөн байгаа юм. Марковын тухай сонссон уу?
- Мэдээж! Энэ өөдгүй амьтан хаана байгаа вэ?
- Цувааг занганд оруулсныг оролцуулаад, энэ бүхнийг зохион байгуулсан генералын адил баривчлагдсан.
Владимир ийнхүү асуулаа.
- Марков, Булановт занга тавих ёстой байсныг чи мэдэж байсан уу?
- Үгүй.
- Мэдсэн бол саад хийх байсан уу?
- Мэдэхгүй байна!
- Ядаж л, шударга хариул л даа! Гэтэл яагаад чамайг баривчлахгүй байгаа юм вэ? Чи чинь тэдэнтэй хамт ажиллаа биз дээ?
Хурандаа санаа алдаж:
- Энэ бүхнийг хариу болгон намайг баривчлах ажил өмнө минь байгаа. Би хэдийгээр тэдэнтэй ажиллаж байсан ч энэ бүхний эсрэг байсан гэдэгт итгээрэй. Энэ бол урт удаан түүх. Тэгээд ч чамд огтхон ч хамаагүй хэрэг. Энэ бол миний хувийн эмгэнэлт явдал, ахмадаа, миний туулсан тэр бүхнийг чамайг бүү туулаасай гэж бурханд залбиръя. Буланов уу? Би түүнийг тухай яриагаа дуусгая! Амь үрэгдсэн Лейлагийн төрөл төрөгсөд бүү хэлмэгдээсэй гэсэндээ тэрбээр бүх бурууг өөртөө авсан юм. Чеченьчүүд, бүсгүйг орос офицертой гэрлэх гэж байсныг мэдэх юм бол тэдэнд л муу юм болно шүү дээ! Тийм ээ, тэдэнд юуных нь муу зүйл болох билээ гэж үү? Бүх төрөл төрөгсдийг нь уг үндсээр нь устгах байсан. Тэгээд л Буланов, нэгэнт өөрийнхөө хайр дурлалыг хамгаалж чадаагүй ч гэсэн бүсгүйд ойр дотно байгсдыг аврахыг оролдож байгаа нь тэр.
- Ойлголоо! Тэгэхээр, захирагчийн маань хувьд их л урт түүхтэй зүйл болох нь дээ, Антоны хувьд яая гэж бодож байгаа тухайгаа хариулаач?
- Чиний энэ асуултанд хэрхэн хариулахын өмнө би Москватай холбоо барих хэрэгтэй байна. Нөхөр хошууч аа, хэмээн Яковлев түүний дэргэд үлдсэн офицерт хандан хэлээд, намайг хурандаа Шелеховтай холбож өгвөл сайн байна!
Хошууч дуугүйхэн сансрын холбооны станц гаргаж ирээд, хэрэгтэй дугаарыг оруулж, хурандаад холбооны хэрэгслээ дамжуулав.
- Холбоон дээр Яковлев байна, нөхөр хурандаа!
- “Бамбар” ажиллагаа дууссан уу?
- Яг тийм!
- Цуваанаас хэн, хэчнээн хүн амьд үлдэж вэ?
- Тав зургаан хүн!
- Тийм үү... Гэртээ харих гэж байна уу!
- Энд, нөхөр хурандаа нэгэн асуудал үүсээд байна, гэж Яковлев илтгэв.
- Юун асуудал бил ээ? гэж Шелехов асуув.
- Ахмад Антонов шархдаж, дээрэмчдийн гарт оржээ.
- Чөтгөр гэж! Яагаад ийм юм тохиолдчихов?
- Бут цохигдсон дээрэмчдийн үлдэгдэл, шархдаж ухаангүй ойчсон ахмадыг агуй руу аваад явчихжээ.
- Эй, Антонов минь, Антонов минь... Санал болгох юу байна вэ?
- Хэрэв намайг үлдэхийг зөвшөөрвөл, би түүнийг гаргаж авахыг оролдоод үзье. Ямар нэгэн зүйл амлаж чадахгүй, гэхдээ оролдвол бүтэж юуны магад гэж бодож байна!
- Хүлээж байгаарай! Тийм шийдвэрийг би бие даан гаргаж чадахгүй! Алив би чамайг Кадышевтай холбоод өгье.
- Армийн генерал Кадышевтай юу?
- За юу болоов? Та нар нэг бус удаа уулзах нь гарцаагүйгээс хойш одоо яриагаа эхэлчих!
- Тэгье, нөхөр хурандаа! Холбогтун!
Хэдэн минут өнгөрлөө.
- Генерал Кадышев!
- Яковлев холбоон дээр байна!
- Мэдэж байна, Яковлев! Шелехов илтгэсэн! Ээ, Яковлев минь дээ, Яковлев минь... За яахав, та нарт бүх учрыг олох цаг өгье!
- Би олзлогдсон ахмадын тухай л ярьсан юм.
- Би мэдэж байгаа... Зүйтэй! Ажилла! Офицерыг гаргаад авах юм бол чамайг харж үзэх нэг шалтгаан болно шүү! Дэмжлэг хэрэгтэй юу?
- Тусгайгийн бүлэг илүүдэхгүй л байх!
- Чиний мэдэлд дэд хурандаа Согрины даргалсан “Хуй салхи” тусгай салбарыг өгөх тушаал би одоохон өгнө, тэд чам руу очно! Гүйцээ! Ажилла, хурандаа!
Яковлев харилцуурыг хошуучид өгөв.
- За тэгэхээр, Бережной, Антоныг эрж эхлэх үү?
- Чи энэ бүхнийг хэрхэн хийхээ мэдэж байгаа байлгүй дээ?
- Бодох хэрэгтэй байна. Одоохондоо чиний эхний асуултын хариуг мэдэхийг хичээе.
Хурандаа ердийн холбоогоор хэн нэгэнтэй холбогдлоо. Удаан ч ярьсангүй.
- Хэрэг явдал ийм байна! Анги руу Дудашев, Крамаренко хоёрын цогцсыг хүргүүлэхийн хамт та нарыг, ахмад Антонов болон Бережной нар тулааны талбарт амь үрэгдсэн тухай мэдээлсэн байна!
- Энэ штабын хар хэлтнийг! Би утсаар ярих хэрэгтэй байна!
- Хошууч аа! Дахиад станцаа өгөөч.
Володя сансрын холбоогоор Верагийн гар утасны дугаар руу залгасан ч огт дуугарахгүй байв. Штабын утсанд залгасан ч, холбоо яагаад ч залгагдахгүй байлаа. Ахмад энэ тухай хошуучид хэллээ. Тэрбээр аварга могой адил тайвнаар:
- Шалгаад үзье. Засагдахаар нь би танд хэлэх болно. Юрий Александрович, би гадагш гарах ажилтай болчихлоо!
- Тэг дээ, хошууч аа! Холбоогоор ханга, бидэнд асар удахгүй тун • их хэрэг болно!
- Засчихна. Зөвхөн асартаа байхыг хүсье. Алба тиймээс хойш ойлгох байх!
- Ойлголоо! Ахмад бид хоёр эндээ байж байя!
Хошуучийг гарахад, хурандаа Бережнойд санал болгож:
- Чи амар даа, Володя, харин би Антоныг гаргаж авахын тулд эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчаас хэнтэй нь уулзахаа бодож байя. Дээрэмчид түүнийг алахгүй. Тийм бараа үнэтэй байдаг юм.
- Хэрэв уурласандаа болоод алчихвал яах юм вэ?
- Түүнийг жалганд алчихад юу саад болсон юм вэ?
- Халхлалт болгож ашигласан байлгүй!
- Агуйд орохын төлөө юу? Гэвч тэд түүнийг гүн рүү авч явсан болохоор тэдэнд тэрбээр хэрэгтэй л байна даа! Хурдан ажиллах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна, гэвч хэрхэн холбоо барих вэ? Гэнэтийн гэмтэл! Хиймэл дагуулд л нэг юм болохгүй болж дээ. Тийм зүйл тохиолдож байдаг л юм.
- Энэ тохиолдолд юу хийдэг вэ?
- Нөөц хиймэл дагуулыг залгадаг юм. Гэхдээ үүнд цаг орно. Залгаад, хэрэгтэй тойрог замд оруулах, харьцаа тогтоох гэсээр байтал арваад цаг болох байх. Өглөө гэхэд бүх зүйл хэвийн болсон байна гэж бодож байна. Өглөө болоход ажиллагааны төлөвлөгөө бэлэн болсон байх болно.
- Хурандаа, чи хичээж үзээрэй. Чамаас хичээнгүйлэн гуйя!
- Тэгье, ахмад аа. Амар! Надад тайвшруулах эм байгаа, хэрэглэх үү? Энэ бүх тамын дараа нойр чинь хүрэх болов уу?
- Чи ажлаа л хий. Миний төлөө санаа бүү зов!
Хурандаа түшлэгт сандлаа налан бодлого болох амой. Владимирын хувьд толгой дэрэн дээр шүргэв үү, үгүй юу дуг нойронд дугжрав.
|