|
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Яг 16:00-д ахмад Марков түрүүн дурдсан байшингийн дээврийн өрөө /мансард/ рүү гарч, харьцаанд орох үедээ энгийнээр босс хэмээн нэрийдэх хошууч генерал Константин Георгиевич Василькод утас цохив.
- Вальтераас босс-д! Сайн байна уу!
- Чамайг сонсож байна, Вальтер!
Марков түр зуур түдгэлзсэнээ илтгэв:
- Харамсалтай нь бидний хүлээж байсан мэдээ ирсэнгүй.
Босс лавлаж:
- Юу болоов?
- Галт бамбар чанга хатуу заавар өгснийг үл харгалзан, А-1 хавтгайд хүрэлцэн очсонгүй!
- Танай бамбар хаашаа явчихдаг байна?
- Кармах руу!
Генерал маш их гайхаж:
- Юу???
- Яг Кармахаар шүү, Бекмуразын хянадаггүй Унжи голын гүүр болон сууринг ямар ч тотгор саадгүй дайран гарсан байна.
- Галт бамбарыг хэн удирдаж байгаа юм вэ?
- Ахмад Антонов гэгч. Тэр ч ондоо хүн байгаа юм!
- За, тэгэхээр энэ Антонов бид бүхнийг ганц сайн доромжилж байх шив дээ! Мөрдөн хөөх ажиллагаа зохион байгуулсан уу?
- Арай өөрөөр. А-3 хавтгайд нөөц отолт зохион байгуулж байна.
- Ийм улайн цайм явдлынх нь төлөөсөнд чанд хатуу шийтгэх хэрэгтэй. Галт бамбарыг үнсэн товрог болгохыг тушааж байна!
- Гүйцэтгэе, босс! Бекмуразтай та өөрөө холбоо барих уу?
- Харин чи наана юугаа хийх гээв? Энэ чинь та нарын ажил биз дээ!
- Ойлголоо, босс.
- Чиний хувьд бүх юм дажгүй юу?
- Харамсалтай нь, бүх юм гэж зүгээр гэж хэлж чадахгүй нь.
- Чи өнөөдөр үнэхээр миний урмыг хугалахаар шийдээ юу? Уур хүргээд үзээрэй. Яриач, наана чинь юу болоод байгаа юм вэ?
Марков үг хэлэхээсээ өмнө түгдчин байж:
- Хувийн асуудлаар.
- Ямар асуудал вэ?
- Нууц ажиллагаа явуулахаар миний олсон хоргодох байрны хүүхэлдэй жирэмслээд, надтай гэрлэж, төрөх санаатай байна.
Босс эгдүүцэж:
- Мунаг новш минь, би чамд урьдчилан сануулж байгаагүй бил үү? Аа?
Генерал уурлаж, биеэ барьж чадахгүй болж байгааг мэдрэв.
- Босс, би буруугаа хүлээж байна!
- Буруугаа? Харин буруутанг яадгийг санаж байна уу? Мартаагүй биз дээ?
- Үгүй дээ, үгүй! Тэгээд ч би тийм зүйл болгохгүйн тулд чадах бүхнээ хийсэн, гэвч хүүхнүүд бол хүүхнүүд шүү дээ, ялангуяа таны тушааснаар энэ хүүхэлдэйтэй аль болох дотно холбоо тогтоож, наалдаж ав гэснийг л биелүүлсэн! Түүнтэй аль болохоор жам ёсны харьцаа тогтоосон нь энэ!
Москвагийн дарга инээж:
- Аугаа их бэлгийн донтон минь, чамайг хааш нь хэрхэн яаж хийж байгааг чинь төсөөлж байна! Бусдын эмс рүү шунаглан дайрсан юм биз дээ...? Эхнэр чинь мэдвэл ч өөрийнхөө өндгийг гудрахыг шаардах болно доо!
- Өөрийгөө хичээ, ариун явдалтан минь! гэж даргынхаа егөөдөлтийг үл тэсвэрлэн Марков хэлэв.
- Чи битүүгээр юу хэлээд байнав? Яагаад дуугаа хураачихав? Хэлээ залгичихаа юу?
- Босс энэ бүхэн ингээд дуусаагүй шүү.
- Дуусаагүй???
- Яг тийм! Наталья миний Бекмуразтай ярьсан яриаг сонсчихсон.
- Юу?? Чи өөрийн ухаантай байна уу? Тэнд хүүхний банзалд толгойгоо шургуулаад, шиншлэх чадвараа бүрмөсөн алдчихаа юу?
Генералыг тайвшруулахыг хичээж Марков:
- Босс! Бүх юм тийм ч аймшигтай биш ээ! Наталья булан болгонд хов ярьж явдаг тийм хүн биш. Би түүнд амаа барьж явах хэрэгтэйг ойлгуулсан...
Генерал уурласны улмаас золтой л багтарчихсангүй:
- Чиний толгой яг эргэчихэж! Хэн ийм юманд итгэдэг байнаа? Зөвхөн чам шиг дүүрчихсэн тэнэгүүд л магадгүй, Марков! Хэнээс гээч, хэнээс гээч, харин ч би чамаас иймэрхүү бүтэлгүй юм сонсоно гэж огтхон ч бодож байсангүй!
- Би энэ тохиолдлыг бүтэлгүйтэл гэж тооцохгүй байна.
- Зөв, яагаад гэвэл би нэн даруй оролцсон учраас!
Марков гэмээ цайруулах гэж:
- Би өөрийнхөө гаргасан алдааны төлөө шийтгэл хүлээхэд бэлэн байна.
Василько гэнэт тайвшран, өөрийнхөө ердийн байдалд орж, аажуухан ч тушаангуй дуугаар ярьж эхлэв:
- Надад бас нэг пионер олдож гэнэ... “Номин” ажиллагааг дуусга! Өнөөдрийн дотор ямартаа ч холбооны хэрэгсэлтэй харьцдаг холбоочин байвал сайн, хугацаат албаны цэргийг баривчлах арга хэмжээ ав. Сайтар шалгаарай, сэжигтэн ямар нэгэн хэл ам хийчих эцэг эхтэй байх бий!
- Хаанаас энд тийм юм байх вэ? Үндсэндээ тосгоныхон болоод асрамжийн газраас ирэгчид байдаг юм.
- Өнчин, энэ чинь сайн хувилбар байна шүү! Баривчлаад, хот руу ахлах дэслэгч Костюшинаар хуяглан хүргүүл. Хуяглан хүргэх явцад цэрэг оргон зайлахыг оролдсоны улмаас гээд гарсан уршиг, үр дагаврыг дар. Бүгдийг цэвэрхэн хийнэ шүү! Дараа нь Бекмуразтай холбоо барь. Галт бамбарын эсрэг үйлдлийн дараа түүний бүлгийн үйл ажиллагааг багасга. Цаашдын ажиллагааны заавар өгөх хүртэл чимээгүйхэн хэвтэж бай, цаг нь болохоор өгнө гэдгийг дамжуул! Цуваа руу довтлох босогчдын цэргийн үйл ажиллагаа, “номин” гэж нэрлэгдсэн баривчилгаа болон устгах үйл явцын дараа тасалдах нь ахмад таны удирдан ажилласан эрлийн бүлэг зөв чиглэлд ажиллаж, урвагчийн үйл ажиллагааг саармагжуулж чадсаны баталгаа болох болно. Чиний хувьд, би чиний хувийн асуудлыг шийдтэл маргааш өглөө Яковлев руу очсон бай! Өдөр нь хотод байж байгаад, орой нь анги руу буцаж ир!
- Бүгдийг ойлголоо, босс
Гэвч тэр үргэлжлүүлэн:
- Би дуусаагүй байна! Мөн бүлэг бааз дээр ирсэн байх ёстой, өөрөө тушаал дэвшихэд бэлд, хурандаа Яковлевын захиргаанд шилжин ажиллах болно. Чамд хошууч цол олгож, дэвшүүлсэн шүү, ичгүүргүй амьтан минь. Зүгээр ээ, ажиллах л болж дээ! Хоёр долоо хоногийн дараа хоёулаа над руу ирээрэй. Шинээр ажил хэрэг эхлүүлнэ! Асуулт байна уу?
- Байхгүй!
- Тэгвэл Костюшинд үүрэг өгч, Бекмуразд зааврыг дамжуулаад өнөө оройдоо өөрийнхөө жирэмсэн хамтран амьдрагчтайгаа хамт гудамжаар зугаалаарай. Хөршүүддээ та хоёр ямар нийцтэй хос гэдгээ харуулах юм шүү. Түүнтэй ямар нэгэн кафед ор! Түүнийг яг таг таниулах ёстой шүү. Харин өглөө нь түрүүн миний хэлснээр, Яковлев руу яв! Чиний асуудлыг чамайг эзгүйд шийдэх ёстой.
- Би бүгдийг ойлголоо, босс!
Генерал урьдчилан сануулж:
- Цаашид санаж яв, хэрэв дахиад иймэрхүү гэнэтийн явдал гаргах юм бол чиний хээлтүүлэг хийдэг төмсгийг огтолж хая гэж тушаана шүү! Тэгээд азийнханы сайхан заншлаар хэлийг чинь огтолж хаяна. Гүйцээ. Холбоо төгсье!
- Баяртай, босс!
Ахмад доошоо тасалгаа руу бууж, цэвэр алчуур авахаар хувцасны шүүгээ онгойлгоод балчир хүүхдийн хувцас хэрэглэл болох баривч, живх, манцуй болоод цэцэг навчны зурагтай жижигхэн хувцас эдлэл байхыг харав. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж ярьж цээрлэдэг. Харваас, үнэн л юм байна. Тэнэг амьтан! Өөрөө өөрийгөө яллачихаж! Тэрбээр хувцасны шүүгээтэй зэрэгцүүлэн тавьсан эргэнэгийг онгойлгов. Шилтэй коньяк гарган онгойлгож хэд сайн балгав. Тэгсэн ч гэсэн сэтгэл нь нэг л гонсгор байлаа. Тэр аль хэдийнээ Натальяд дасан дотноссон ажгуу. Марковын хувьд өөрийнхөө ганц хүүг хайрлан энхрийлж, элбэг хангалуун амьдралаар амьдруулахын тулд эхнэрийнхээ, өөрийнх нь даргатай тогтоосон хайр дурлалын холбоог нүд анин өнгөрүүлж, мөн түүний сэтгэл хувирсныг үзэн ядахын хамт энэ бүхнийг үл харгалзан хайрласаар байгаа ч, түүний санаа сэтгэлийг эзэмдсэн Натальягийн энд яахан хүрэх билээ. Түүний москвагийн байранд бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрлаж, чин шударга харьцаж байсангүй агаад бүгд л өөрийнхөөрөө хэн хэндээ саад бололгүй амьдарч, заримдаа хэн хэнийгээ ч хуурах нь бий. Тоглоом тохуу, худал хуурмаг хоёр зэрэгцэн орших ажээ! Энэ бол түүний хууль ёсны гэр бүлийн жинхэнэ төрх нь юм. Натальятай бол бүх юм өөр байлаа. Бүсгүй ганцхан түүнд чин зүрхнээсээ дурлаж, үнэн журмыг баримтлах бөлгөө. За ингээд дурласныхаа шанг хүртлээ. Эргүү амьтан, өөрийнх нь буруу. Энэ тухай бодохоо болъё! Марков өөрийгөө тайтгаруулахаар дахиад бага зэрэг балгахад түүний дотоод сэтгэлийн гүнд нуугдаж байсан өрөвдөн хайрлах хүн чанарыг нь архи арчин арилгаж, сэтгэл санаа нь тайвширлаа. Натальяг аль болох баяр баясгалантай угтаж, эелдэгхэнээр харьцаж, “ирээдүйн эхнэр”-ээ гудамжаар дагуулан явж, түүний амьдралыг болон тээж яваа үрийнх нь амь насыг хайр найргүй таслах алуурчинд нүдлүүлэх болно. Гэхдээ энэ хүртэлх хугацаанд ямар нэгэн таатай зүйл хийх хэрэгтэй байдаг. Кафед орох уу? Тэнд тэд сууцгааж, жаахан уудаг юм бил үү, энэ ч биш ээ. Үгүй. Марков хагацан салахын өмнө Натальяд хайрын ер бусын тачаангуй шөнийг бэлэглэх болно! Энэ бүхнийг тэр, бүсгүйн гуалагхан агаад гоо сайхан дүр төрх, дур хүслийг татсан бие цогцсыг үүрд дурсан санаж явахын тулд, өөрийгөө орчлон ертөнцөөс тасарсан үйлдлийг хийх л болно! Энэ бүхэн ер бусын байх агаад, тэр сэтгэл санаандаа тэднийг хүлээж буй шөнийн тэрхүү ойртолтын тухай төсөөлөн бодоход л дур хүсэл нь хүчтэй хөдлөх ажгуу. Гэвч энэ шөнө сүүлчийн шөнө болох нь харамсалтай! Ийм сайн хүүхнийг дахиж хаанаас тэр олох билээ? Тийм ээ, харамсалтай байна. Ийм хүүхэн үргэлж тааралддаггүй юм!
Марков гэрээсээ ангийн зэвсэг техникийн орлогч руу утасдаж, маргааш өглөө долоон цагт түүний албаны машиныг замд гарахад бэлэн болгохыг урьдчилан мэдэгдэв. Дараа нь хошууч Воробьевт өөрийгөө маргааш ажилтай, байхгүй байх болно гэдгийг мэдэгдээд, ахлах дэслэгч Костюшиныг өөр рүүгээ, шууд гэртээ ирэхийг тушаав.
Байшинд орж, саяхан Натальятай хамт явж худалдаж авсан шинэ костюмаа өмсөв. Энэ хувцас бүсгүйд маш их таалагдаж байсан юм. Зангиагаа зангидав.
Ахлах дэслэгч арван таван минутын дараа ирэв.
- Нөхөр ахмад, дуудсан уу? гэж Костюшин өндөр ургасан хурц улаан сарнайн бутны өмнөх сүүдрэвчний сандал дээр суух даргаасаа асуув.
- Чиний хэрэг надад юу байдаг юм вэ? гэж Марков хариулав.
- Та чинь дөнгөж саяхан утасдаа биз дээ?
- Тэгвэл чөтгөр гэж юуг нь асуудаг байна? Орж ирж суугаад, анхааралтай сонс, өнөөдөр чи онцгой ажил гүйцэтгэх болно.
Тэгтэл сүүдрэвчинд Наталья гэнэт орж ирэв.
- Хүүшээ! Рома, манайд зочин ирээ юу? Чи чинь хүн яагаад гудамжинд хоргоогоод байгаа юм, гэртээ уриач?
- Би удахгүй, Наталья Васильевна, хэмээн ахлах дэслэгч хариулаад, одоохон ганц асуудал шийдүүлээд би явлаа! Та санаа бүү зов.
- Харин, Роман чи гэнэт юу болоод гоёчихоов? гэж бүсгүй Марковын хувцсыг хараад асуув.
- Өнөөдөр бидний хувьд баярын өдөр биш гэж үү? Баярын өдөр мөн! Тэгэхээр чамайг ч гэсэн өөрийнхөө шинэ даашинзыг өмсөөч гэж гуйж байна. Гадуур зугаалж, кафед сууцгаая. Өнөө орой би завтай байгаа.
- Үнэн үү? Тэгвэл би та нарыг орхиж, өөрийгөө янзлая! гээд Наталья үнэхээр аз жаргалаар гэрэлтээд явчихав.
Түүний араас хаалга хаагдахад, ахлах дэслэгч асуув:
- Уучлаарай, Роман Яковлевич, та нар ямар баяр тэмдэглэх гэж байгаа юм вэ?
- Тэр яахав. Дэмий шахуу юм. Буцаад яриандаа оръё! Одоохон анги руу буцаж очоод, холбооны салбарын байлдагч Коробецийг баривчил. Минийхээр, тэр өнчин байх аа?
Костюшин тодотгож:
- Яг ч тийм биш. Эцэг эх байхгүй ч эмээ нь өсгөсөн бөгөөд одоогоор эмээ нь ная орчим настай агаад алс бөглүү тосгоноос гаралтай. Бараг жилийн өмнө татагдан ирж, сургалтын дараа манайд хуваарилагдсан юм. Би яагаад түүний тухай бүгдийг нь мэдэж байнав гэвэл, холбооны хэрэгсэлтэй харьцдаг бүх цэргийн албан хаагчдын талаарх мэдээллийг хэдхэн өдрийн өмнө шалгасан юм. Түүнийг “баривчлах” ажиллагаа юутай холбоотой юм вэ?
Марков тайлбарлав:
- “Номин”-гийн хэргээр. Тэгээд ч энэ хэргийн талаар хамгийн дээд шатанд дараа нь шийдвэр гаргана. Гэхдээ чиний үүрэг энэ бүхнээр дуусахгүй. Түүнээс гадна чи цэргийг баривчлаад эрлийн бүлгийн Ивановтай хамт түүнийг хурандаа Яковлев руу хуяглан хүргэх болно. Бүлгийн машинаар. Гэхдээ хотод хүргэхгүй. Энэхүү өрөвдөлтэй амьтныг тонилгох л болж дээ, тийм тушаалтай юм! Энэ бүхнийг яаж хийхийг чамд заах хэрэггүй биз...
Хошууч зангиагаа засаад, үргэлжлүүлэн:
- Баривчлагдсан этгээд өөрийнхөө хүслээр байгалийн жам ёсны хэрэгцээгээ хангахаар явахдаа улигт зугтах оролдлого хийсний улмаас гэсэн дүгнэлтэнд гаргана шүү. Бүх үйл явдал хэн ч харсан үнэмшилтэй байхаар тэгж хийнэ шүү. Хууль ёсны дагуу! Энэ хэргийн дагуу мөрдөн байцаах ажиллагаа заавал явагдах болно, мөрдөн байцаах бүлгийн ажиллагаанд Яковлев нөлөөлж чадахгүй ч байх магадлал бий. Тэгэхээр нямбайхан ажиллаарай, Толя минь! Ангид бүгдийг хурдан амжуулаарай, удирдлага оролцохоос өрсөнө шүү. Захирагч нь үүргийнхээ дагуу юу болсон тухай тайлбарлахыг шаардах бүрэн эрхтэй. Түүнээс өрсөх хэрэгтэй! Харин хэрэг явдлын дараа оролцох нь зайлшгүй, түүний хувьд мөрдөн байцаах ажиллагааны талаар мэдэж болохгүй. Дээрэмчид цуваа руу халдах нь зогссоноор “номин”-гийн талаарх манай ажиллагаа зөв зүйтэй нь нотлогдож би дэвшиж, чи миний албыг авах болно шүү дээ, тэгээд мөрдэс дээр чинь ахмадын таван хошууны дөрөв дэх нүх бэлэн боллоо гэсэн үг! Гэвч энэ бүхэн чиний Коробецтой хэрхэн ажиллахаас бүрэн хамаарна гэдгийг сануулах байна.
- Би бүгдийг ойлголоо.
Төлөөлөгч урьдчилан сануулж:
- Маргааш би хот руу яваад, орой буцаж ирнэ. Тэгэхээр баривчилгааны өмнө, эрлийн бүлгийнхэнд цэргийн хүрээнээс өглөө гарч явж, үндсэн бааздаа буцаж очсон байхыг сануул! Тэдний ажил дууссан. Асуулт байна уу?
Ахлах дэслэгч хариуд нь:
- Нэг асуулт байна! Битгий гомдоорой гэж гуйя. Роман Яковлевич, би тушаалыг баталгаажуулж болох уу?
Марков жуумалзан:
- Айгаад байгаа юм уу?.
- Ямар ч гэсэн.
Ахмад зөвшөөрч:
- Мэдээж, бололгүй яахав. Хурандаа Яковлевтэй утсаар ярь, гэхдээ зөвхөн хаалттай сувгаар шүү. Тэр тушаалыг нотлох болно!
- Явахыг зөвшөөрнө үү?
- Яв! Бүх юм цэвэрхэн байх ёстой шүү гэдгийг дахин сануулъя.
- Нөхөр ахмад, дараа уулзталаа баяртай.
- Амжилт хүсье!
Захирагдагчаа явуулчхаад Марков байшинд орлоо. Тасалгаан дахь босоо толины өмнө Наталья шунхдан зогсоно. Ахмад түүн рүү ойртон очиж, мөрөөр нь тэврэв.
- Чиний хийж буй энэ бүхэн, хонгор минь ердөө хэрэггүй зүйл, энэнтэй энэнгүй чи хорвоогийн хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй шүү Дээ!
- Рома, би одоохон хэмээн Наташа сэтгэл хангалуунаар хариулаад,-Жаахан тэсчих!
- За яахав! Хэрэгтэй гэснээ л хий. Би хүлээж байя.
Наталья будаж дуусаад, унтлагын өрөөнд орж өөрийнхөө хайртай, гуалагхан биеийнх нь галбирыг гайхалтай тодруулан харагдуулдаг даашинзаа өмсөв.
Роман Яковлевич эелдэгхэн агаад үл ялих тоглосон маягаар түүний өмнө хаалга нээж:
- Хайрт минь, гарч ажааму!
Тэд аажуу уужууханаар үүдний цэцэрлэгээс гарч, сугадалцан явган хүний замаар төвийн зүг, энэ үед ихэнх нь өөрсдийн байшингийн гаднах бандан сандал дээрээ сууцгаан амрах хөршүүдийн цэгнэсэн болон сонжсон, магадгүй заримынх нь атаархсан харцны дор кафе барны зүг алхацгаалаа.
Наталья, хэн бүхэнд үргэлж жишээ болгон дурдаж байдаг өөрийнхөө сурагчийн амжилтын тухай юу ч юм баясгалантай яа шулгана. Ахмад сонсохыг оролдсон ч, түүний анхаарал хажуугаараа өнгөрөх авто машинуудад чиглэсэн байлаа. Тэдгээр нь цөөхөн агаад Марковын анхаарлыг үл тоох мэт хажуугаар нь өнгөрөн явах ажээ. Гэтэл замын уулзварын тэндээс “Жигули-6" машин Марков Наталья хоёрын өөдөөс замын хашлаганы дагуу гэлдрэн ирж байгаа харагдлаа. Дотор нь хоёр хүн суусан аж. Зорчигч нь хаалганы шилийг бүрэн буулгаж, гараа хаалган дээр тавин явах амой. Түүний харц Наталья дээр тусна. Араатны догшин харцаар харах ажгуу! Зугаалж яваа хосуудтай зэрэгцэн ирээд зорчигчийн суудал дээр суугаа этгээд Марков руу харцаа шилжүүлж, толгойгоо үл мэдэг дохив. ”Зургаа” гэлдэрсээр замаа хөөж, харин ахмад, одоогоор түүний “хараад ханашгүй”, аз жаргал дүүрэн Наташа “объект”-оор тэмдэглэгдлээ гэдгийг ойлгов
Тэд оройг кафед хөгжилтэй өнгөрөөлөө. Зугаа цэнгээний газрын эзэн Марковыг ямар байгууллагыг төлөөлж буйг мэдэх учраас хосуудад онцгой анхааран үйлчлэв.
Шөнө дунд буцаж ирцгээв. Романыг өглөө эрт явахыг Наталья мэдэх тул шууд унтацгаахыг санал болгосон ч ахмад бүсгүйг гэнэт гар дээрээ өргөлөө. Унтлагын өрөөнд өргөн орж орон дээр тавиад, түүний нүүрийг үнсэн таалангаа, нэгэн зэрэг ойртохыг хүлээн хөшсөн бүсгүйн хувцсыг тайллаа. Тэр бүсгүйг урьд өмнө хэзээ ч энэ шөнийнх шиг ийнхүү тачаадан таалж янаглан хайрлаагүй билээ. Наталья энэхүү дур тачаалын бадралтыг, түүнд хүүхэд төрүүлж бэлэг барих гэсэн бүсгүйн шийдвэрийн хариуд хайртынх нь барьж буй талархал хэмээн хүлээн авах ажгуу. Марков энэ үед дотоод сэтгэлдээ, маргааш яваад дахин амьд уулзахгүй түүнтэй салах ёс гүйцэтгэж байлаа.
Ахлах дэслэгч Костюшин, урьдчилан ХАБА-ны эрлийн бүлгийн “УАЗ”-ыг бэлдчихээд штаб дахь албаны өрөөндөө байлдагч Коробецийг дуудав. Мөн дэслэгч Иванов өрөөнд цуг байв. Цэргийн хүүгийн сэтгэл хүчтэй догдлох нь тэр анх удаагаа улсыг аюулаас хамгаалахын ажилтантай хэрэг хэлцэх болсноос агаад, хаалга онгойлгож, асуув:
- Нөхөр ахлах дэслэгч, орохыг зөвшөөрнө үү?
- Ор! Ширээнд ойртоод зогс!
Дэслэгч Иванов цэргийн ард гарч зогсов.
- Байлдагч Коробец Игорь Дмитриевич үү?
- Яг тийм, нөхөр ахлах дэслэгч!
- Шуров мужийн Суворовын дүүргийн Лунки суурингийн уугуул. 19.. онд төрсөн үү?
- Яг тийм!
- Иргэн Коробец, Тусгай тасгийн төлөөлөгч бидэнд таныг цэргийн нууц мэдээллийг дамжуулахаар чечений салан тусгаарлагчидтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэж хардах бүхий л үндэслэл байна. Өөрөөр хэлбэл ОХУ- ын ЭГХ-ийн... дугаар зүйл ангид заагдсан гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ бүхнийг үндэслэн таныг мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулахын тулд баривчлан саатуулж байна. Баривчлах ордерыг таныг нэн даруй хүргэх хотын тусгаарлан мөрдөн байцаах газарт танилцуулах болно!
Гэнэт аймшигтайгаар буруутгахыг сонсоод цэрэг хүү хөдөлгөөнгүй мэнэрэн зогссон ч, ээрэн байж асуув:
- Та, та... нөхөр ахлах дэслэгч... энэ үнэхээр үү?
- Энд ямар юмных нь тоглоом байх билээ, Игорь Дмитриевич? Танд хэлж чадах ганц зүйл маань хардлага гэдэг хардлага л шүү дээ, мөрдөх явцад түүнийг үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргах бүрэн боломжтой бөгөөд тэгэх юм бол миний хувьд туйлын баяртай байх болно. Тэгэхээр бүү гайхшран цөхөр, Игорь минь! Тэгээд ч та буруугүй бол, түүнд би эргэлзэхгүй байна, үнэн ялж та урьдын адил эрх чөлөөтэй болох болно. Одоо чинь ДХАК -ын хэмжээ хязгааргүй дур зоргоороо хууль бусыг үйлддэг асан аюумшигт агаад уй гашуудалт гучаад он биш шүү дээ, Тайвшир. Ангийн захирагчид болсон хэргийг мэдээлэх болно. Танд өмгөөлөгч томилох агаад түүнтэй уулзах боломжоор хангах болно. Та цагаадах болно, Коробец та ердөө дуугүй байсан ч болно. Таны буруутай эсэхийг батлах нь мөрдөн байцаах байгууллагын ажил! Харин тусгаарлан хорих газарт таныг ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх болно. Хүмүүсийн ойлгодог шиг эрүүгийн хэрэгтэн дүүрсэн камерт биш шүү. Дэслэгч Иванов, иргэн Коробецийг баривчлан саатуул!
Цэрэг ийн гуйв:
- Ядаж цэргийн байр руу утасдахыг зөвшөөрнө үү?
Түүнд татгалзсан хариу өгч:
- Үүнийг бид өөрсдөө хийх болно!
Иванов, хэргийг мөрдөн шалгах явцад тусгай албаны ажилтнууд биеэ түвшин авч явж, хуулийн эсрэг ямар нэгэн үйлдэлд цэрэг асан этгээдийг өдөөн хатгаагүй гэдгийг нотлох нотолгоо болох баривчлах ажиллагааны явцыг бичсэн дуу хураагчийг унтрааж, дараа нь залуухан цэргийн гарт гав зүүлээ.
- Яагаад ингэж байгаа юм вэ? хэмээн тэр асуугаад, гав руу гайхшран харна.
- Тийм дүрэмтэй юм! гэж түүнд Костюшин товчхон хариулаад,-Иванов, түүнийг гарга!
Дэслэгч Иванов цэргийг харгалзан штабаас гаргаж, гадаа хүлээх автомашины хойд суудалд суулгаад, өөрөө зэрэгцэн суув. Хойноос нь Анатолий Костюшин гарч ирж, “УАЗ” машины жолооны ард суугаад, ангийн байрлалыг ямар ч саад тотгоргүй орхин одлоо.
Тэд ангиас гарч дөч орчим километр яваад, Иванов зогсохыг гуйв. Зам, элдэв төрлийн мод холилдон ургасан өтгөн ойд орсон тул замын ус зайлуулах суваг болон замын хажуугийн шорооны цаахнаас шууд бут сөөг үргэлжлэн ургасан харагдана.
- Юу болоов? гэж Костюшин асуув.
- Давсгаа суллахад минь саад болохгүй юм байгаа биз дээ, Толя?
- Игорь, чи яахав? гэж баривчлагдсан Коробецд хандан өөриймсгөөр Костюшин асуув.
- Тэгье!
- Тэгэхээр бүгдээрээ гарцгаая!
Офицерууд болон баривчлагдагч машинаас гарч, бөөн бут сөөгөн дунд орцгоов.
Гэнэт Иванов ахлах дэслэгч Костюшины салтаа руу хүчтэй өшиглөн унагав. Дараа нь гар буугаа гарган ирж, түүнийг буудлаа! Залуу цэрэг хоосон цэнэгтэй буугаар буудлаа гэдгийг яаж ч мэдэх билээ. Иванов тоглоомоо үргэлжлүүлж:
- Тэгэхээр нусгай минь! Чамайг энэ муу мал золигт гаргаж байгааг ойлгохгүй байна уу? Харин чи биш, энэ л “чехүүдтэй” ажиллачихаад чамайг өөрийнхөө оронд барьж өгөх гэж байна! Алтан уул амлаад л! Өмгөөлөгч энэ тэр гээд л! Ямар чөтгөрийнх нь өмгөөлөгч байх вэ? Чамайг, тэр битгий хэл америкийн ерөнхийлөгч рүү халдах бэлтгэл хийж байсан гэсэн хэрэг хүлээлгэж, түүнийгээ чамаар шүүх дээр үнэн гэж хүлээлгүүлж чадна шүү дээ! Чи иймэрхүү малуудын ажиллах аргыг мэдэхгүй! Товчхондоо, зугт, ойр хавьд хөдөөгийн зам байна уу, үгүй юу хайж ол. Хөрш муж руу оргож, энэ бүхнээс өөрийгөө авар! Тэндээ яаж ийж байгаад энэ бүхний учрыг ол! Цаг алга, зугт!
Цэрэг ухасхийснээ, зогтусаж, гавтай гараа урагш сунгаж:
- Нөхөр дэслэгч, гаваа яахав?
- Дараа тайлаарай, зугт!
Цэрэг энэхүү толгой эргүүлсэн тоглоомыг ойлгосонгүй, хэрэг дээрээ эндээс засмал замаар тайван зайлж болох байхад юуны учир ямар нэгэн хөдөөгийн зам хайх хэрэгтэй билээ, гэвч офицерын тушаалыг даган бут сөөг рүу шурган орлоо. Энэ нь түүний хувьд аймшигтай алдаа байв. Тэрбээр гэнэт ард нь буу дуугарахыг сонсов. Энэ үед Иванов гар буугаа байлдааны сумтай дайзаар цэнэглээд, дээш нь урьдчилан анхааруулах буудлага үйлдсэн амой. Дараа нь хоёр дахь буун дуу гарч Коробецийн ар нуруунд хүчтэй өвдөлт мэдрэгдэн гүйлтээ үргэлжлүүлж чадалгүй зогтусав. Гурав дахь сум түүний толгойд тусаж, сум зад татан гарсан нүүрээрээ нойтон өвсөн дээр унав.
Дэслэгч Иванов цогцос руу очиж, босуул үхсэн эсэхийг магадлан үзээд, Костюшин руу буцаж ирэв. Тэр дөнгөн данган өндийж байв.
- За, чи муу, Иванов, тэнэг юм уу! Арай аяархан өшиглөж болсонгүй юу? Миний нүднээс оч будраад явчихсан шүү!
- Гэхдээ үнэмшилтэй байсан шүү дээ. Төмсөг чинь тэр дороо хавдчихсан байх, тэгэхээр хэн ч ямар нэгэн тоглоом тоглож байна гэж бодохгүй шүү дээ!
- Чамайг өөрийг чинь тэгж өшиглөх юмсан!
- Нөхөр ахлах дэслэгч, цаг хугацаа өнгөрөхөд зүгээр болчихно доо.
Костюшин арайхийн эгцрэн зогсож, асуув:
- Босуул маань яаж байна, тэнд?
- Нуруундаа сумтай, зад буудуулсан толгойтой хүүр хэвтэж байна даа, өөр яах ч билээ?
Ахлах дэслэгч ийн тушаав:
- Намайг сэхээ орох хооронд, Яковлевт илтгэ, тоглоомоо үргэлжлүүлэг, бид хийдгээ хийчихлээ.
Цэрэг баривчилсан болон хуяглан хүргэх ажиллагааны үед оргон зугтахаар завдсаны улмаас түүнийг буудан алсан тухай мэдээлэл ангийн захирагчид дөнгөж энэ өглөө ирсэн нь хошууч Воробьевын уур зэвүүцлийг бадраав. Тэр төлөөлөгч Марковыг дуудахыг шаардаад, өнөө өглөө 7:20-д корпусын штабт бэлэн байх дуудлага аваад Марков явсан агаад түүнээс өөр хэн ч энд тайлбар хийх эрхгүй гэсэн илтгэл сонсов. Хошууч, цэргийн ангиудын дэргэдэх онцгой бүрэн эрхт тасгуудыг удирддаг, армийн корпуст цэргийн сөрөг тагнуулыг төлөөлөн суугаа хурандаа Яковлевтай холбогдохыг оролдсон ч, тэр албаныхаа байранд алга байв. Хүлээхээс өөр аргагүй болов. Түүний толгойд, тосгоны жирийн нэгэн сахилга баттай, дуулгавартай гүйцэтгэгч залуу “номин” байх юм гэдэг бодол огтхон ч багтахгүй байлаа. Тэгээд ч тэр яаж дээрэмчин болох билээ? Нөгөө талаар, энд аюулгүй байдлын албаны бүхэл бүтэн бүлэг офицерууд ажилласан. Тэд тэгээд ч Коробецийг барьж чадаагүй шүү дээ? Тэр яагаад офицерыг өшиглөөд, зугтдаг билээ? Түүнийг айлган сүрдүүлээгүй байдаг? Мөрдөн байцаах ажиллагаа явуулаад л бүх учрыг олчих байсан. Яагаад хуяглан хүргэх офицер рүү халдаж, гавтайгаа зугтдаг билээ? Тэгээд бас өөрийгөө суманд тавьж өгөхөөр шүү. Аюулгүй албаны хоёр дахь офицер оргодлыг өтгөн бут сөөгөн дунд мөрдөн хөөх төвөгтэй байсны улмаас зэвсэг хэрэглэх шаардлагатай болсон гэх. Дэслэгч дэндүү хатуу харгис ч зөв үйлдэл хийсэн. Тэглээ ч гэсэн энэ хэрэг нэг л битүү хатуу юм байна даа! Тэгэхээр тэр, Воробьев, цэргийн сөрөг тагнуулын төлөөлөгчдийн үйлдэл хууль зүйн дагуу явагдсан эсэх талаар асуултыг дахин тавих болно. Тэд, ангийн захирагч түүнд ч энэ тухай мэдээлээгүй байсан! Гагцхүү ашиг тус гарах уу? Энэ бүхний учрыг цаг хугацаа буюу хачирхалтай нь цуваа руу довтлогч дээрэмчдийн толгойлогч өөрөө л харуулах болно доо. Хэрэв “номин” илчлэгдсэн, одоогийн байдлаар алагдсан юм бол хэсэгхэн хугацаанд өмнөх бүдүүвчээрээ авч дадсан мэдээлэлгүйгээр Бекмураз хөдлөх чадваргүй болно, тэгэхээр өмнө нь боловсруулсан төлөвлөгөөний дагуу сонгож бус, түүнтэй тааралдсан цуваа болгон руу довтлох эсвэл үйл ажиллагаагаа нь намжих болно. Агуулахад дахиад өөрийн хүнтэй болох тэр цагаа хүртэл гэсэн үг. Харин энэ бүхнийг хэрэгжүүлтэл багагүй хугацаа зарцуулах болно. За яахав, харж л байя! Гэвч цэрэг л хайран байна, сэтгэл санаанд минь түүнийг урвагч гэх бодол багтахгүй байгаа ч, болсон хэрэг явдал бодол сэтгэл минь эсрэг зогсож байдаг. Баримт бол баримт л шүү дээ! Зөвхөн тэдгээрийг нарийн нягт шалгуулахын тулд шаргуу шаардаж санасандаа хүрэх хэрэгтэй. Сөрөг тагнуулчдын дарга дээр, эсвэл Цэргийн нэгдсэн бүлгийн командлал дээр орох уу? Тэгэхээр хэвлэлийнхэнд хандсан нь дээр юм байна, тэд шуугиан дэгдээг! Харин хэн түүнд энэ бүхнийг хийж өгөх юм вэ? Түүнд, ердийн нэг хошуучид шүү? Энэ бүхнийг талаар юу ч хийлгэхгүйн тулд амыг нь хурдан таглах байх. Тэдний чаддаг ажил нь энэ юм чинь! Гэвч Марковоос хэрэг явдлын талаар тайлбар шаардах ёстой. Тэгэхээр хошууч Воробьев миний бие, ахмадыг ирэхээр нь хэрэг явдлын талаар тайлбарлахыг шаардана даа!
Ангийн захирагч өөрийнхөө өрөөнд бодол болон уурлан зэвүүцэж байх тэр үед, Наталья Марковыг үдэн гаргаад, жаргалтайяа ор дэрээ хурааж, гэрээ цэвэрлэв. Түүний амьдрал, түүнийг Роматай танилцсан тэр цагаас хойш яагаад ч юм бүхий л талаар амжилттай өрнөх болов! Тиймээс тэрбээр түүнээс жаахан ахимаг энэ тэр нь хамаа алга. Удахгүй тэд гэр бүлээ батлуулчихаар тэр жинхэнэ гэр бүлтэй болно. Харин ирээдүйн нөхөр нь хэнийг зуурахаа мэддэг айхавтар эр шүү. Тэд энд удахгүй л болов уу, нийслэлд амьдарч магадгүй! Тэгээд Марков том дарга болно. Юу гээч? Генерал! Босоо толинд өмнө зогсоод Наталья инээд алдав. Бага ангийн багш бүсгүй гэнэт генералын эхнэр болчихож гэнэ! Үгүй л болов уу. Нас сүүдэр нь Ромаг генералын зэрэглэлд хүртэл албанд зүтгүүлэхгүй л болов уу, гэвч түүнийг алба хашдаг байгууллагынх нь офицер гэдгээр нь төсөөлөхөд сүрхий эр дээ! Тэгэхээр хүүхдийнх нь өмнө хаана ч хаалга нээлттэй гэсэн үг. Ийм аавтай байхад өөр яах ч юм билээ. Тэр ч байтугай тэд москвагийн жирийн иргэн болно гэдэг түүний хувьд мөрөөдлийн хязгаар биш гэж үү? Бүсгүй жаахан охин адил эргэлдэн, эргэлдэн бүжиглэв. Гэрийнх нь бошинзны хормой тал бүр тийш дэрвэн намирч, түүний нүцгэн сайхан хөл харагдана. Энэ сайхан мөрөөдөлдөө умбаад тэр сургуулиасаа золтой л хожигдчихсонгүй. Зэрвэсхэн цаг харсан нь сайн юм боллоо, цагийн зүү 7:45 зааж байв.
- Ой! хэмээн Наталья дуу алдав. Хагас цагийн дараа явах байтал, даашинзаа индүүдээгүй байдаг, гэтэл төгсөлтийнхөө үдэшлэгт очих гэж байгаа охин шиг дүрсгүйтэж л байдаг.
Өөртөө багшийн дүр төрх оруулан биеэ цэгцлээд, бүсгүй урам зориг дүүрэн гэрээсээ гарав. Танилуудтайгаа баяр хөөртэй мэндлэнгээ бүсгүй сургууль руугаа алхав. Тэрбээр өчигдөрхөн хайрттайгаа зугаалж явсан явган хүний замаар замынхаа хагасыг туулж, энэ үед тээврийн хэрэгсэл бараг явдаггүй замын уулзвараар зам хөндлөн гарах ёстой байлаа. Тэндээс цэцэрлэгт хүрээлэнгийн цаана сургууль орших аж. Бүсгүй уулзвар хүртэл алхлаа. Гол замд нийлсэн туслах зам руу явангаа хажуу тийшээ хялам хийхэд нүдний нь үзүүрт нэлээн цаана зогсоо том жип торов. Гэвч түүнд анхаарал хандуулсангүй. Явган хүний замаар арваад метр явж, замын хажууд ирээд ийш тийш харав. Зам дээр гарлаа. Бүсгүй нилийн үргэлжлэх зурвасыг гатлах тун дөхөж байхдаа хойд болон баруун талаасаа ойртон ирэх машины дууг сонсов. Түүнд үлдсэн зургаан метр газар гүйхэд л замаас гарчих байлаа. Гэвч Наташа санамсаргүйхэн хойш ухарч, зурвас дээр зогсов.
Түүний өмнө нь анхаарал хандуулаагүй жип хурдаа нэмэн бүсгүй рүү шууд довтлон ирлээ. Тэр зөвхөн эргэн харж л амжсан агаад аймшигтай хүчээр мөргүүлсэн Наташа дээшээ хөөрөн замын эсрэг тал руу дагзаараа замын хашлага мөргөн унав. Засмал зам дээр далавч нь гэмтсэн шувуу адил гараа алдлан унасан бүсгүйн гоёмсог үс тал бүр тийш бүрхэн дороос нь хар хүрэн цус тунаран урсаж, нээлттэй хэвээрээ байгаа жаргалтай мөртлөө шил мэт гөлөрсөн харцаар, мөн тийм өнгөтэй цэлмэг хөх тэнгэрийг ширтэх мэт хэвтэнэ! Мөн тэнгэр өөд бүсгүйн үнэнч агаад хатуухан тавилант сүнс нь тэмүүлвэй...
Харин жип хурдаа нэмэн, ойролцоох эргэлтээр эргэн алга болов. Тэнд хоромхон зуур тормозлон зогсож, зорчигч буулгаад төв гудамжны зам руу орж, Страполийн чиглэлд хурдлан одов. Машины нүүрний шилэн дээр ЗХУГ-ын байгууллагууд автомашиныг зогсоохыг хориглосон Холбооны тусгай албаны нэвтрэх хуудас наалттай байх нь харагдана.
Жипнээс буусан зорчигч, саяхан эмгэнэлт явдал болж, эргэн тойронд нь хүмүүс цугларсан газар буцаж очлоо. Явган хүний замын хажууд хоёр охин уйлцгаах нь амь үрэгдсэн багшийн сурагчид бололтой. Цугларсан хүмүүсийг, санамсаргүй энд тааралдаж “түргэн” болон замын цагдаагийн эргүүлийг дуудсан цагдаа тараах гэж үр дүнгүй оролдлого хийнэ. Тэрбээр хэргийн гэрчийг олохыг оролдсон ч, ийм үед байдагчлан ихэнх нь жипийг харсан ч, гэрч гарсангүй.
Зорчигч цугларсан олны завсраар шурган орж, хэвтэж буй цогцсыг харав. Эмэгтэйг үхсэн гэдэгт итгэл төгс байхад ганц хялам хийн харах л хангалттай байв. Тэр олны дундаас сугаран гарч, саяхан алуурчны жип хурдлан өнгөрсөн булан руу эргэв. Хажуугаар нь “Түргэн”-ий машин дуут дохиогоо чих дүлийрэм чарлуулан, гэрлэн дохиогоо гялбалзуулсаар өнгөрлөө. Зорчигч цаашлан алхаж байснаа зогтусан гар утсаа гарган дугаар луу залгав.
- За?
- Босс! би Дархан байна!
- Яасан?
- Вальтерын тусгал цэвэрлэгдсэн.
- Баталгаатай биз?
- Би гэрчилнэ.
- Сайн байна! Жип суурингаас чөлөөтэй гарлаа гэж илтгэсэн. Чи ч гэсэн яв. Бүгд бааз дээрээ цуглар.
- Ойлголоо, босс! Баяртай.
- Холбоо төгслөө!
Корпусын штабт очсон ахмад Марков, штабын даргын өрөөнд хурандаа Яковлевыг байхад нь олов. Тэр дорхоноо Юрий Александрович генералаас уучлал гуйн гарч ирж, ахмадтай уулзав.
- Нөхөр хурандаа, амрыг эрье!
- Сайн байна уу, Роман Яковлевич! Ажил хэрэг яаж байна? хэмээн мэндлэх хурандаа алмайдуу харагдана.
- Бүх юм төлөвлөгөөний дагуу болсон, Юрий Александрович.
- Ямар юмных нь төлөвлөгөө вэ? Чөтгөрийн төлөвлөгөө юу? гэсэн үгс гэнэт хурандаагийн амнаас гарав.
Тэр ууртай байлаа. Биеэ арайхийн барьж байгаа нь харваас илт байв. Тэгээд ч иймэрхүү зан авиртай байгаа нь Марковт ойлгомжгүй байв. "Номин”-г илрүүлж, үүргээ биелүүлсэн, бүлэг гарнизоноос эсэн мэнд бааздаа ирсэн шүү дээ! Юу ингэтлээ хурандааг уурлуулдаг байна? Энэ асуултанд хариулах хариу Марковт алга байлаа. Тэр хооронд Юрий Александрович санал болгож:
- Штабаас гарцгаая, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалъя.
Тэнд энгийн хувцастай тэднийг хэн ч анзаарахгүй билээ. Хурандаа ийн мэдээлэв:
- Наталья үхсэн. Золгүй тохиолдлоор. Түүнийг машин дайрчихсан.
Марков мөрөө хавчлаа.
- Харамсалтай. Сайн хүүхэн байсан юм. Хувь тавилан иймээс хойш яая гэхэв дээ?
- Чи тэгээд энэ бүхэнд ийм тайван хандаж байна уу? Бүсгүй чиний хүүхдийг тээж байсан биз дээ! Чамайг хайрладаг байсан биш үү!
- Нөхөр хурандаа, таныг би нэг л ойлгохгүй байна. Бэлдэж байсан ажиллагааны тухай мэдэж байгаагүй юм шиг байхаар чинь?
- Би түүний хувьд танихгүй, харийн хүн, чи бол бараг нөхөр нь биз дээ!
- Миний гэр бүл Москвад байдгийг та мартчихаа юу?
- Би юу ч мартаагүй. ЮУ Ч! За яахав! Ажил хэрэгтээ оръё. Генералаас, түүн рүү очих тушаалыг авсан уу?
- Авсан.
- Цэргийн жаалыг чиний хүмүүс зугтахыг оролдсоны улмаас буудсан, чи шийдвэр гаргасан уу? Ажиллагааг чиний төлөвлөсний дагуу явуулсан уу?
Хурандаа руу хараад ахмад:
- Босс тушаал өгсөн, бусад нь миний ажил, юу гэж?
- Ахмад аа, үүнийг бүү март, хэмээн хурандаа дуугаа огцом өндөрсгөв. - Дарга асууж байхад хариулах нь чиний үүрэг гэдгийг!
Гэвч тэр даруйхан биеэ барив бололтой, ийн өгүүлэв:
- Хэрэв аллагын талаар тайлбарлах хэрэг гарвал, уг аллага үнэмшилтэй агаад үндэслэлтэй харагдах талаас нь чи бүгдийг урьдчилан төлөвлөсөн гэдэгт найдаж болох уу?
- Би бүгдийг урьдчилан төлөвлөсөн! Хүүхдүүд цэвэрхэн ажилласан, офицер хүн офицертойгоо харьцаж байгаагий чинь хувьд гуйхад хэрэг явдлыг өөрийнх нь томьёоллоор нэрлэе. Аллага биш, харин устгал юм.
- Офицер офицертойгоо гэж хэлэв үү? гээд хурандаа зам руу нулимав.
- Юутай ч чиний зөв байх! Уучлаарай, яагаад ч юм би цухалддаг болчихлоо, ядарч байгаа юм байлгүй.
- Байх, байх. Тэгж байгаад зүгээр болчихно.
- Ялангуяа босстой уулзсаны дараа! Гунигтай юм ярьж ханалаа. Одоогоор чиний хүмүүс цэргийн прокурорт мэдүүлэг өгч байгаа, тэднийг тэндээс цэвэрхэн гаргачихна, гэхдээ энд хэд хоног барих байх. Тэгэхээр чи ганцаараа буцах болно. Оройхон яваарай.
- Хэрэв өмнө нь Наташагийн нас барсан тухай мэдээ ирэхгүй бол, гэхдээ би утсаа салгачихна. Таны зөв, би шинэ нөхцөл байдалд орохын тулд оройхон гарнизон руу очих нь дээр юм байна.
Яковлев урьдчилан сануулж:
- Ангийн захирагчид чи эмгэнэл илэрхийлэх нь зайлшгүй, тэгээд ч түүнд алагдсан цэргийнхээ талаар чамд тавих асуулт олон байгаа байх. Бүх асуултанд ганц л хариу өг:-Эрлийн бүлэг зөвхөн ангид ч бус өөрсдийнхөн болон дээрэмчдийн дунд ажилласан тул Коробецийн урвасан нь няцаагдашгүй баримтаар нотлогдсон. Түүний хэргийн талаарх мэдээллийг генерал Василько нууцалж байгаа. Хошуучид, бие дааж ямар нэгэн үйлдэл хийхгүй байх, эсрэгээр байх юм бол бөгсийг нь ухаж ямар нэгэн адал явдлыг нь сөхөх болно шүү гэдгийг урьдчилан сануул. Түүнд бас, объектын нууцлалыг хадгалах төлөвлөгөөний үүднээс арга хэмжээ авч болзошгүй тул өөрөө өөртөө нүх ухах хэрэггүй гэдгийг анхааруул. Түүний хувьд цэрэгт тохиолдсон явдлыг аль болох хурдан мартаж, элдэв цуу яриа гаргахгүй байх нь сайн байх болов уу. Тэгвэл Алба дэмжлэг үзүүлэх болно. Ойлгомжтой юу? хэмээн Марковын өмнө зогсон үүрэг өгөхийг харвал, энэ удаа бол, түүний өмнө нь харж дадсан хурандаа Яковлев дүрээрээ байлаа.
- Яг тийм, нөхөр хурандаа!
- Тэгвэл хотоор орой болтол зугаалаад, дөрөвт буц! Хайртай бүсгүйнхээ үхлийн тухай “гэнэт”-ийн мэдээг авахдаа бэлд дээ.
- Юрий Александрович, санаа бүү зов, өөрийнхөө дүрд зохих ёсоор нь тоглоно. Захирагчийг ч тайвшруулчихна. Бүх юм заавар ёсоор бүтнэ!
- Дахиад хэтрүүлээд үзээрэй!
Марков дахиад л Яковлевын хоолойд цухалдангуй өнгө тодрохыг сонсов. Хурандаа яагаад байгаа юм болоо? Тэр юунд сэтгэл хангалуун бус байна вэ?
Нөгөөх нь ахмадын анхааралтай ширтэх харцыг үл ажран, үргэлжлүүлэн:
- Цааш нь, оршуулгын дараа гэр бүлийн байдлын улмаас өөр газар шилжин ажиллах хүсэлт гаргасан өргөдлөө миний нэр дээр өгөөрэй. Энэ нь агуулахын даргад ч ойлгомжтой агаад тайлбарлаж болохуйц шалтгаан. Түүгээр өргөдөл дамжин миний мэдэлд ирэх болно, энэ бол Василькогийн шийдвэр. Костюшинд албаа хүлээлгэн өгөөд над руу ир. Энд ирээд, шууд генерал руу ниснэ. Тэнд бүх шилжилт хөдөлгөөний тушаалыг гаргаж, генерал бидэнд шинэ үүрэг даалгавар өгөх болно. Бүгдийг ойлгов уу?
- Яг тийм!
- Гүйцэтгэ, ирээдүйн хошууч минь. Чи цол нэмэх гавьяатай хүн!
Салах ёс гүйцэтгэлгүй, хурандаа штабын зүг эргэн явахад, ахмад түүний бөгцийн алхахыг хойноос нь хялайн харсаар үлдэв. Хошууч цолны тухай тэр юу гэж егөөднө гэнээ? Элэглэн шоолж, жигшин зэвүүцсэн өнгөөр шүү! Зүгээрээ хурандаа, Марков хонзогнодог хүн биш ч, юмыг мартдаггүй хүн.
Тэр огцом эргэж штабын эсрэг талд орших модот гудамжаар алхлаа. Алхангаа тамхиа шившинэ. Ахмадын уур гэнэт хүрэв. Энэ бүхэнд хурандаа л буруутай. Гэвч одоо түүнийг чадах арга алга, гэвч уур хилэнгээ гаргах арга олмоор байдаг. Тэгээд ч цаг хангалттай байна, түүнийг хороомоор байдаг! Хотоор бүхэл өдөржингөө сэлгүүцэх гэж үү? Янхан авч болох юм биш үү? Харин энэ чинь юу билээ? Боддог л бодол! Тэр чинь санаа бодлыг сатааруулж, тайвшруулах болно, тэгээд ч түүнтэй нялууралгүй, уур хорслоо гаргаж болно, өлөгчин бол өлөгчин шүү дээ, бүхнийг тэвчинэ! Тэр чинь тэгэх л үүрэгтэй шүү дээ! Харин тэрбээр түүнийг “аятайхан” байлгахыг чармайх болно! Дашрамд нь цаг ч өнгөрөх болно. Тэгэхээр ингэж л шийдье. Марков орон нутгийн сонин худалдан авч зөвхөн эрчүүдэд ч биш ганцаардсан цаг завтай хэн бүхэнд зориулсан гэсэн нэрэн дор үйлчилгээ явуулдаг пүүсийн зар сурталчилгааг олов. Дугаар луу нь залгав. Удалгүй цэцэрлэгт хүрээлэнд ахмадын заасан газарт хөгжим хангинуулсан хоёр машин давхин ирлээ. Нэг машинаас нь тонуулчин төрхтэй хоёр метр орчим өндөртэй залуухан хархүү бууж ирэхэд, Марковт түүнийг ганцхан цохиод л алчхаж чадмаар санагдав.
Тэр царайгаа үрчийлгэн, ахмад руу ойртон ирж:
- Чи үйлчилгээ захиалсан уу? хэмээн түншээ үл тоосон увайгүй харцаар ширтэн хамгаалагч өгүүлэв.
Өөрийн, бие үнэлүүлэх (сутенёр) ажлын туршлагаа үл харгалзан тонуулч алдаатай дүгнэлт гаргасан нь тэрбээр Марковыг хотод онцгой холбоо сүлбээгүй, томилолтоор явагчдын нэгэнд хамааруулсанд ажээ. Тэгэхээр энэ муу торхыг хөл нүцгэлэх хэрэгтэй! Түүний сонгосон охинд, түншийн халаасыг тэмтрэх тушаал өгч, дараа нь тооцоо хийхдээ дээд зэрэглэлийн үйлчилгээ авсан хэмээн хөлс нэхэх болно.
Биеэ үнэлэгч зарагчийн түншээ шулах эрмэлзэл, энэхүү бухан бярууны нүүрэнд илэрхий байгаа нь ахмадад ойлгомжтой байсан тул Марковын уур хилэн улам бадарч, шууд л тонуулчны гаргаж буй зан авир нь дарахаар ойртон очиж:
- Сонс, намгийн мэлхий минь, чи өөрийнхөө хөх дэлэнгүүдтэйгээ “чи” гэж харьц, ойлгов уу?
- Юу гэнээ?
- Нүдний шил зүүсэн шонгийн мод минь! Үүнийг хар!
Марков өөрийнхөө албаны үнэмлэхийг дэлгэж:
- Чи манай яамтай ойр дотно танилцахыг нэг их хүсэхгүй л болов уу? гэж асуув.
Бие үнэлүүлэгчийн ичгүүргүй авир шалдаа бууж:
- Даргаа, бүгдийг ойлголоо!
- Бүгдийг үү? Хэрэв миний хүүхдүүд одоо шууд чиний пүүсд ажилласан бол, чамд энэ бүхэн маш эвгүй үр дагавар авчрахаас өөр, гэрэл гэгээтэй зүйл байхгүй байсныг харав уу! Мануухай минь, хүн ялгаж сурахгүй бол, өөрийнхөө хөлдүү толгойг агшин зуурт алдахаа санаж яваарай.
- Бүгдийг ойлголоо, даргаа, хэрэв ямар нэгэн эвгүй зүйл болсон бол уучлаарай!
- За ингэвэл ч өөр хэрэг шүү! Юу гэж хоёр машинтай ирж байгаа юм вэ?
- Нэгд нь бараа, нөгөөд нь би хамгаалагч болон жолоочтойгоо явж байгаа юм. Хаана сонголт хийх вэ? Буудал авах уу үгүй бол тариачны байшин явах уу?
Марков ийн асуув:
- Тариачны байшин тусдаа байрладаг уу?
- Бүрэн тохижуулсан байр байгаа.
- Тариачны байр луу явцгаая!
- Ойлголоо.
- Оргилуун дарс авсан уу? гэж Марков асуув.
- Үүнийг энгүүндээ үйлчлүүлэгч л гаргадаг юм, гэвч зарим нэгэн... хэмээн бие үнэлүүлэгч өгүүлээд, аюултай үйлчлүүлэгчийнхээ муухай харахыг гэнэт хараад түгдэрч, би бүгдийг ойлголоо, замаасаа бүгдийг ав гэж багачуулд хэлчихье!
Ахмад ийн тушаав:
- Уух юманд өөрөө яв! Залуурын ард өөрөө суу, хамгаалалт чинь гудамжинд байж, замын хүмүүсийг офисс руу чинь чангааж байг. Тариачны байшин руу бидэнтэй зөвхөн чи, хоёр дахь машиныг жолоочтой нь авч яв. Асуулт байна уу?
- Асуулт алга!
- Тэгвэл яагаад... хөшчихөв? Ажиллаач!
Ахмад Марковыг тамхи татах хооронд тонуулч бүгдийг зохицуулж удалгүй хоёр машин төмөр замын буудлын зүг хөдлөв. Замдаа бие үнэлүүлэгч хоёр ч удаа оргилуун дарсанд гүйсэн агаад эхний удаа ердийн “Советский”-ийг авчирсан ч ахмад түүнд энэхүү хямд ундааг хаанаа шингээхийг зааварлав. Бие үнэлүүлэгч супермаркет руу үнэтэй франц ундаанд дахин явах хэрэг гарлаа. Тэр багагүй мөнгө үрсэн ч цаашид яахыг бүү мэд? Үйлчлүүлэгчийн байдлыг ажихад тэр хүүхэнд мөнгө төлөхгүй нь бололтой! Нэг бол албан байгууллагыг нь хаахаар, үгүй бол үйл ажиллагааг нь илчлэхээр сүрдүүлэх байх! За даа, балай юмтай ч орооцолдов бололтой! Энэ тарвага шиг юм ч түүнийг үгүйрүүлж чадна шүү! Одоо тэгээд яадаг юм билээ?
Байр тун дажгүй агаад түр зуур цаг өнгөрөөхөд бүрэн тохирох ажээ. Халуун устай, ханандаа том толь хадсан түшлэг бүхий өргөн ор, компакт диск бүхий аятайхан хөгжмийн төв тавьсан байв.
- Тэнэг минь! гэж бие үнэлүүлэгчийг Марков дуудав.
- Та намайг дуудав уу?
- Харин тэгээд биднээс өөр хэн, энэ байранд байгаа юм вэ?
- Хэн ч байхгүй!
- Тэгэхээр чи л болох нь дээ, ойртож ирээд сонс! Байшинд “цох” тараан байрлуулж толины цаана камер зоогоогүй байгаасай гэж бурханд залбир. Чи болоод өөр хэн нэгэн элдэв бичлэг болоод дуу хураагуур тавьж надтай орооцолдох юм бол маш эвгүй хэрэгт ороогдохоос өөр юм олж долоохгүй шүү, тиймээс галаар тоглохгүйг бодоорой! Чамайг эхлээд адарсны чинь төлөө хэрэгт татна гэдгийг мэдэж ав! Бороохой минь, адрах гэж юу болохыг сонссон уу?
Бие үнэлүүлэгч хариуд нь:
- Түүхийн ямар нэгэн зүйл үү?
- Яг тийм! Энэ бол үйлчлүүлэгчээ хоосолбол, башинга загас шиг гарыг чинь мушгиж, хавирганаас чинь дэгээгээр өлгөнө гэсэн үг. Үүнийг санаж яв! Би хоосон үг хэлдэггүй хүн! Ойлгов уу, молхихон чалчаа минь! гэж Марков дуугаа өндөрсгөв.
- Ойлголоо!
- За тэгвэл бараагаа үзүүл!
- Одоохон, даргаа!
Тасалгаанд янхнууд нэг нэгээрээ орж ирж, нэгэн эгнээнд зэрэгцэн зогсож, хажууд нь тонуулч зогсов.
Ахмад бараа хэмээн нэрлэгдэгчдийг сонжин хараад, махлагдуу нэгнийг сонголоо. Үлдсэн нь түүний таашаалд үл нийцэх, уралдаанд сульдаж ягдсан өлөгчин адил туранхай эмс ажээ.
- Энэ, гэж Марков сонгосон бүсгүйгээ хуруугаараа заав.
- Оксана, гэж өмнөө зогсох бүсгүйг тонуулч танилцуулаад, даргаа та хэдэн цаг авах юм вэ?
- Гурван цаг!
- Үүний үнэ нь...
- Үлдсэн нь эндээс зайлцгаа, гэж бие үнэлүүлэгчийн яриаг таслан ахмад өгүүлээд, бүгд! Чи, хачин амьтан минь гэж Марков тонуулчинд хандаж-Бас чөлөөтэй!
- Гэвч, даргаа...
- Тэнэг минь, чамд ойлгомжгүй байна уу? Зайл эндээс! Барааны үнийг төлөхөөс өмнө түүнийг үнэлэх хэрэгтэй, магадгүй үнэ хүрэхгүй байх юм бол чи миний итгэл найдварыг хуурсныхаа шанг хүртэх ёстой болно биз! Цаг хугацааны дараа чиний гоо бүсгүйн ажлын үнэ цэнийг би өөрөө тогтоох болно. Бурхан минь, чи явж үз, намайг бүр залхаачихлаа!
Тонуулч гологдсон охидын араас гарах хэрэг гарлаа.
Оксана аюумшигтай агаад ер бусын үйлчлүүлэгчийн өмнө зогссоор үлдэв. Бүсгүй түүний хүйтэн агаад хэрцгий харцыг хараад шууд л айн чичрэв.
Марков тэр даруй хаалга хааж, хөнгөн хөгжмийн бичлэгтэй диск авч хөгжим тавив. Пиджакаа тайлж сандлын түшлэгт өлгөлөө. Суган доорх бууны гэрнээс албаны хуваарьт гар бууны бариул цухуйна.
Тэр оргилуун дарс задалж, урт шилбэтэй хундага дүүргэв. Зөвхөн өөртөө л хундагалжээ. Түшлэгт зөөлөн сандалд халхайн сууж, жаахан жаахан балгангаа, тамхилж:
- Аальгүй амьтан минь, чи чинь юугаа хийгээд зогсоод байгаа юм вэ? Тайчаач! Хөгжмийн аянд аажуухан, нэг нэгээр нь тайл, нүцгэл.
- Нарийн бүс үлдээж болох уу?
- Хэрэв энэ гурван цагт чамайг ганц үг ганхийх юм бол би чамайг их л өвтгөх болно шүү, зөвхөн миний хүссэн зүйлийг л хий. Чамайг иж бүрэн үйлчилгээ үзүүлэх болов уу гэж найдаж байгаа шүү?
Бүсгүй толгой дохилоо. Бэлгэвч гарган ирж, дуугүйхэн ахмадад сарвайв.
Тэр нүүрээ үрчийлгэж:
- Наадахаа хая! Хаймар углахгүй шүү!
Бүсгүй энэ удаа түүнд үг дуугүй захирагдлаа. Энэхүү догшин ширүүн эрээс айж хөл гуяа нь хүртэл чичрэн дагжих бүсгүй энэ гурван цаг хурдхан өнгөрч л байвал юу ч хийхэд бэлэн байлаа.
|