|
Хоосролын тэмдэглэл III
1-р сарын 5. Мягмар гариг.
Би гучин хувийн турш хоолойгоо сөөтөл дуудсан боловч миний хүчин чармайлт талаар болж, Шики сэрсэнгүй. Шики нэг бол дуу чимээг ажралгүй унтаж чаддаг гайхалтай авьяастай, эс бол зүгээр л залхуурч байгаа хэрэг. Аль нь ч байсан би бууж өгөөд, долоо жаахан өнгөрөөгөөд 1-р давхрын давтлагын танхим руу ганцаараа буулаа.
Ихэнх үед давтлагын танхимд байнгын хэдэн сурагч (мэдээж би тэдний нэг) тогтмол байраа эзлэн хариуцлагатай нь аргагүй шалгалт шүүлгэндээ бэлдэж байдаг боловч амралт эхэлсэн тул өрөөний оршин суугчид гэртээ харьсан байлаа. Заримдаа танхимыг сурагчид зориулалтаас нь өөрөөр ашиглана. Хичээнгүйлэн ном шагайх мэриймтгий сурагчдын хөл мэдээж тасардаггүй боловч биеэ зөв авч яваагүй нэгэнд хатуухан зэм хүртээдэг Айнбах гэлэнмаагийн нүдэнд өртөхгүй гэж сэрэмжлэхийн хажуугаар номын тавиурын ардуур сэм шивнэлдэх хүүхдүүд байдаг юм. Тэдний номын тавиурыг халхавч болгон ашигладаг оновчтой арга миний хараанаас мултраагүйн дээр өглөөгүүр угийн хөл хөдөлгөөн багатай байдаг давтлагын танхим амралтын үеэр бүр ч хүнгүй болохыг тооцож үзээд би нууц уулзалтыг чухам энд хийх нь хамгийн тохиромжтой гэдгийг ойлгосон байлаа.
Тиймдээ ч би эл таатай завшааныг ашиглахаар шийдэж, 10г-н ангийн даргатай энд уулзахаар болсон юм. Шики бид хоёр өчигдөр тэдний ангийн хүүхдүүдээс ганц хоёр юм асууж шалгаасан боловч хэн нь ч тус болох хүсэлгүй байсны зэрэгцээ нэгэн хэвэнд цутгачихсан аятай ижилхэн зүйл ярьсан нь сэжигтэй байлаа. Нэг үгээр хэлбэл бид сурагчдын амнаас өлгөөд авчихмаар ганц ч үг унагаж чадаагүй гэсэн үг. Гэхдээ тэртэй тэргүй тэдний хувьд бид гадны хүмүүст тооцогдох тул нээлттэй хандана гэж би анхнаасаа хүлээгээгүй билээ. Тиймээс ч надад шууд дайрахаас өөр сонголт үлдээгүй байлаа. Харин үүний тулд өөрсдийн байр суурийг тодорхой болгож, 10г-н ангийн дарга Конно Фүмиотой уулзах нь хамгийн зөв байв.
Давтлагын танхимд миний бодсон ёсоор үзэгдэж харагдах хүн байсангүй. Танхим дэндүү том учраас халаах зуух байдаггүй юм. Тиймээс ч сургуулийн хамгийн хүйтэн цэлгэр танхимд орж ирмэгцээ би өвлийн жихүүн жаварт цохиулан тэрхэн зуур тулгамдан зогслоо. Гэтэл тасалгааны гүнээс:
-Кокуто, наашаа гэх тайван хоолой дуулдав. Тэр шивнэж хэлсэн боловч эль хуль, саруул танхим чанга яригчийн үүрэг гүйцэтгэх ажээ. Би мөр даран эгнэсэн номын тавиуруудыг нэг бүрчлэн харцаараа нэгжсэний эцэст хоёр тавиурын голоос Конно Фүмио толгойгоо цухуйлган намайг хүлээн зогсож байхыг харав. Би хурдхан хаалга хаагаад дотогш орлоо.
Конно Фүмио бид хоёр Рейн охидын ахлах сургуульд нэгэн зэрэг шилжиж ирснээрээ л ижил. Өөр нийтлэг зүйл бидэнд нэг ширхэг ч байсангүй. Жишээ нь тэр 165 см өндөртэй тул сургуулийн нуруулаг сурагчдын тоонд багтана. Харин миний өндөр дунджаас хэтрэхгүй. Тэр дайчин, цовоо сэргэлэн байхад би тайван. Тэр богино үстэй, харин минийх урт гэх мэт. Конно Фүмио насанд хүрсэн хүн шиг харагддагийн зэрэгцээ их сургуулийн оюутан аятай аяглана. Түүнээс гадна сургуулийн удирдлагын хүсэл шаардлагад нийцсэн охидоос ондоо байдлаар биеэ авч явдгаа өөрөө мэддэг бөгөөд үүнийгээ хэнээс ч нуудаггүй байлаа. Би түүний араар нь нуугдсан тавиуранд ойртох зуураа:
-Ийм эрт уулзъя гэсэнд уучлаарай гэж хэлээд анх уулзаж буйн илэрхийлэл болгон бөхийв. Намайг бөхийх хэдхэн хоромд тэр миний ёс гүйцээж буй явдалд ихэд гайхах нь мэдэгдэж, гараа элгэндээ эвхэх зуураа мэгдсэн янзтай хүндээр амьсгаадаж, харц бурууллаа.
-Аа, юу... мартаж үз дээ. Тэртэй тэргүй би ангийнхаа охидоос болоод олигтой унтаж чадахгүй байгаа юм. Тийм болохоор өөр зүйлд сатаарах нь зөв юм шиг санагдаж байна. Тэгээд надтай ямар чухал зүйлийн талаар ярих гэсэн юм дээ? Хаяамагийн тухай юу?
Би түүнийг ингэтэл шулуухан загнах юм гэж бодоогүй тул тэрүүхэн зуур самгардаж орхив.
-Айн? Юу гэсэн бэ?
-Аан, нээрэн гээд охин инээд алдан хэлээд:
-Чамайг өчигдөр хэний ч танихгүй нүд булаам хүний хамтаар ангийнхны маань хэл амыг сугалчих шахам явсныг сонссон гэх үү дээ. Тэгээд ч 10а-н ангийн дарга өөр юуны талаар надаас ганцаарчлан асуух вэ дээ гээд миний зүг сэрдэнгүй харц чулуудлаа. Миний эмээж байсан ёсоор бидний тухай яриа бодсоноос хурдан тарж орхижээ. Би түүний бяцхан айдсыг үргээхийн тулд Конно өөд эгц харж:
-Би Хаяама-сангийн талаар анхандаа нэг их юм бодоогүй ч миний алдаа болсон бололтой. Конно-сан би шууд ярья. Захирал надад 10г ангид болсон явдлыг мөрдөх даалгавар өгсөн юм. Тийм болохоор тэр талаар мэдэх зүйлээ надад хэлж өгвөл их сайн байна гэж хүсэв. Гэтэл гайхмаар нь миний хэлэхийг сонсоод өндөр охин барайгаад явчихлаа.
-Захирал өөрөө юу? Хөөх, нэр хүндтэй сурагч ч үнэхээр ондоо юм аа. Гэтэл надад тэр явдлыг мартсан чигээрээ хичээлдээ л анхаар гэж хэлсэн байдаг.
-Мартсан чигээрээ гэнэ ээ? Тэгвэл...
-Яг тийм. Курогири-сан бид хоёр ижилхэн гэсэн үг. Би хэргийн үеэр тэнд байсан ч, яаж ч чадаагүй. Тэгээд л тэр. Юу болсныг огт санахгүй байгаа. Харин дараа нь Кашима, Рүридо хоёрыг яагаад ч юм эмнэлэгт хүргэснийг санаж байна. Би тэднийг эргэх гэсэн боловч захирал тэднээс хэрэг явдлыг тодруулж дуусах хүртэл хүн оруулахыг хориглосон байсан юм.
Гэтэл энэ талаар ам нээсэндээ ичсэн мэт түүний духан дээгүүр хөлс дааварлаж эхэллээ. Үүнийг хараад надад бүр гүнзгий малтах хүсэл төрөв.
-Надад нэг таамаг байгаа юм л даа. Чамд ч гэсэн захидал ирсэн юм биш биз?
-Аа тэр үү? Минийхэд нөгөө хоёрынх шиг айхтар юм бичээгүй байсан. Харьцангуй гэм хоргүй гэсэн ч болох юм. Кашима, Рүридо нарыг оролцуулаад нэлээн хэдэн хүүхэд тийм захиа өдөр бүр авч байсан. Тэвчээр барагдмаар байгаа биз? Миний захианд зүгээр л дунд сургуульд байхдаа шохоорхдог байсан хүүхэдтэйгээ гэрийн зүг явдаг байсан тухай, эсвэл аль эрт үхсэн муурны минь талаар ч юм уу, тиймэрхүү л юм бичсэн байсан. Анхандаа захианууд надад цагийн гарз юм шиг санагдаж байсан ч, яваандаа бараг дуртай болж эхэлсэн гэж болно. Захиа миний ор тас мартах шахсан зүйлсийн талаар надад сануулж байсан болохоор тэр л дээ. Захидал илгээсэн хүн тэр талаар мэдэж байгаа нь жаахан айдас хүрэм байсан ч, үнэнийг хэлэхэд надад тийм ч их нөлөө үзүүлээгүй.
-Захианд бичсэн зүйлээс болж чамд гэмших сэтгэл төрж байсан уу?
-Бүү мэд. Тэгсэн ч байж магадгүй. Гэхдээ тийм ч их ач холбогдол өгөөгүй байх.
-Юмыг яаж мэдэх вэ, захидлыг хэн илгээснийг, эсвэл хэн илгээсэн байж болохыг чи мэдэх юм биш биз?
-Миний таних хүн лав биш. Гэхдээ энэ бүхэн яагаад ч жирийн явдал биш. Сүнс, шидэт дагина мэтийн зүйл байдаг юм бол бүхнийг мэддэг ...ямар нэг зүйл байдаг байж болно шүү дээ.
Конно Фүмио өөрийн бодлыг утга төгс илэрхийлж чадсангүй тул би арай өөрөөр асуухаар шийдэв.
-Чиний бодлоор юу болсон байж таарах вэ?
-Би юу бодохоо ч мэдэхгүй байна. Тун хачин явдал. Гэхдээ манай анги анхнаасаа л хачин байсан. Ямар нэг үйлийн үр ч юм билүү? Кокуто, чи манай ангийн талаар сайн мэдэхгүй байж магадгүй. Ангийнхан маань бүгд ахлах ангидаа энд шилжиж ирсэн юм. Тэд ямар нэгэн байдлаар эцэг эхдээ төвөг чирэгдэл үүсгэсэн учраас энд хаягдаж орхигдсон. Мэдээж би ч гэсэн тэдний тоонд багтана.
Би хүртэл Конно Фүмиогийн энд байгаагийн учрыг мэддэг байв. Тэр сагсан бөмбөгийн шилдэг тоглогч байсан ч, аав нь ганц охиндоо гэр бүлийн бизнесээ өвлүүлэхийг хүсчээ. Харин Конно эсэргүүцсэн байна. Чингээд аав нь охиноо сахилга баттай болгохын тулд Рейн сургуульд хүчээр оруулсан аж. Гэхдээ тэдний ангийн бусад хүүхдүүд ч бас иймэрхүү хувь тохиолтой гэдгийг би мэдээгүй байсан юм.
-Хаяама-сан дотуур байранд гал тавьсан талаар чи юу мэдэх вэ? гэж би асуулаа. Энэ миний хамгийн чухал асуулт байв. Гэлэнмаа нар тэр талаар хэл амаа билүүдсэн хүнийг сургуулиас хөөнө гэсэн тул охидын ам бөх гэгч үдээтэй байдаг юм. Харин Конно Фүмиогийн надад үзүүлж буй итгэл ямар нэгэн шинэ зүйлд хүргэж мэднэ гэсэн горьдлого миний дотор төрөөд байлаа. Гэвч миний асуултыг сонсоод тэр зовуурилан, надаас нүүр буруулав.
-Юу бодож дотуур байранд гал тавьсныг нь би мэдэхгүй юм. Хаяама Хидэо тун тогтворгүй хүн. Ангийн хаалттай хаалганы цаана тэр зогсоо зайгүй гомдоллодог байсан. Ах нь түүнд яагаад зөвшөөрдөггүй... гэснээ Конно Фүмио гацаж, шүлсээ залгиад:
-Захирлыг хараал идэг. Би мэдэхгүй. Чи надад итгэхгүй ч байж магад. Гэхдээ миний мэдэхийн Хаяама багш байж хэрхэвч таарахгүй хүн гээд хоолой нь сааралтаж:
-Каори хүртэл тэрнээс л болж амиа алдсан. Бүх юм Хаяамагийн ах завхуул тэнэгийг өрөвдөж хариуцлагатай ажил даалгаснаас болсон. Манай анги... бид хамаагүй. Бидний буруу биш гэж чангаар хэлэхэд давтлагын танхим тэр аяараа цуурайтаж, хоосон байгааг нь санахаасаа өмнө би хэсэг зуур сандрахад хүрэв. Би хүн байхгүй гэдэгт итгэлтэй болохын тулд номын тавиурын хажуугаар толгойгоо цухуйлгаж ойр орчмоо шалгаад Конно Фүмио руу бушуухан буцаж эргэлээ. Хэдхэн хувийн өмнө цовоо цолгин, итгэл дүүрэн байсан Конно Фүмио нулимсаа барьж ядан, надаас нүүрээ нуун буруулах ажээ. Би түүний сүүлд хэлсэн аймшигтай үгийг гүйцээж сонсохын тулд цааш нь шалгаамаар байсан ч ийм байдалтай байхад нь юу ч олж дуулж чадахгүйгээ ойлгож байлаа. Ядаж л одоо биш.
-Намайг уучлаарай Конно-сан гэж би эв хавгүйхэн дуугараад:
-Үнэхээр уучлаарай. Ингэж хэллээ гээд чамайг тайвшруулж чадах бол чи надад маш том тус хүргэлээ. Одоохондоо ингээд орхиё, за юу. Чамайг би хүргээд өгөх үү? гэж асуувал Конно:
-Хэрэггүй гэж яаран хариулав. Тэр гараараа амаа дарсан тул хоолой нь бүдэг сонсогдож байв.
-Би энд жаахан баймаар байна.
Би эргэлзэнгүйгээр эргэж, номын тавиур дундуур сэтгэл зовнин алхлаа. Гэвч булан тойрохоосоо өмнө би дахин нэг асуулт тавив.
-Чи шидэт дагина байдагт итгэдэг үү?
Би дээрхийг юу ч болоогүй юм шиг асууж орхисондоо өөрийгөө зүхэж байтал Конно над руу гайхан харав.
-Итгэдэггүй. Гэхдээ тэглээ гээд байдаггүй гэсэн үг биш биз дээ? Манай ангийнхны дурсамж мартагдаад байгааг өөрөөр яаж тайлбарлах вэ дээ.
Би зөвшөөрөн санаа алдаад түүнийг орхиж, чигээрээ алхалсаар давтлагын танхимаас гарлаа.
Конно Фүмиогоос салаад би 10г-н хэдэн сурагчтай хонгилд таарч хэдэн юм дуулж авахыг хичээсэн боловч, миний бодсон ёсоор хариулт өмнөхтэйгээ яг ижил байлаа. Дээрээс нь гадаад ертөнцөөс аль болох нуугдах гэсэн мэт өрөөнөөсөө хамраа цухуйлгах 10г-н сурагчдын тоо эрс цөөрчээ. Мэдэхгүй хүн бол тэднийг ямар нэг зүйл хүлээж байна гэж бодохоор байв. Надтай тааралдсан тэдний ангийн хэдэн сурагч бүгд гэртээ харих ганц хүсэлтэй байсны зэрэгцээ урамгүйхэн шивнэлдэж, яагаад харихгүй байгаа талаар нь асуухад будилсан харцаар намайг алмайран ширтэж байлаа.
Ангийн дарга болохынхоо хувьд үүрэг хариуцлагандаа дарагдаж гүйцээд, цээжин дэх хүнд ачаанаасаа хөнгөлөхийг хүссэн Конно Фүмиогоос өөр хэнтэй ч таван үг тухтай сольж чадахгүйгээ би мэдэж байлаа. Гэхдээ тэдний байр байдлаас миний баттай ойлгож авсан ганц зүйл гэвэл тэд бүгд шидэт дагина ой дурсамж хулгайлдаг гэсэн ярианд итгэж байгаа явдал байв. Бас бүгдээрээ мөнөөх нууцлаг захиаг хүлээн авсан ба бүгдийнх нь дурсамж Курогири-сантай адил арчигджээ.
Энэ бүхнээс би 10г-н охид ямар нэг зүйл нууж байна гэсэн дүгнэлт гаргав. Юу гэдгийг нь хараахан хэлж мэдэхгүй байгаа ч, Хаяама Хидэод гол учиг байгаа гэдэгт би бараг л бат итгэж байлаа.
Би өөр сонголтгүй болж багш нарын өрөөг зүглэв. Хаяама Хидэо түймрийн дараахан буюу аль 11-р сард сургуулийг орхисон байж болох ч бичиг цаасан дунд ямар нэг хэрэгтэй юм байж магадгүй гэж би горьдож байлаа.
-Орж болох уу? гэж би тухайлж хандсан хүнгүй бувтнаад багш нарын өрөөний үүдийг нээвэл хоосон байв. Багш нар өглөөний хурал хийхээс бусдаар өрөөг бараг ашигладаггүй, дээрээс нь жижүүр ч бас амарсан тул хоосон байгааг нь би мэдэж байсан юм.
-Бурхандаа талархъя гэж би өөрийнхөө азанд бас үнэхээр бурханд талархсандаа инээмсэглэн шивнэв.
Түрүү жилийн 11-р сарын баримт бүртгэл бүхий хавтас хэргийг би ядаж төдөлгүй олж, бичиг цаас руу шумбан орж, тааваараа шалгаж эхэллээ. Гэрэл асаагаагүй тул цонхоор шагайх нарны туяан дор бичиг цаас онгичин суух хооронд нэг л мэдэхэд бүтэн цаг өнгөрчээ. Гэвч ихээхэн найдлага тээж байснаас үл хамааран мөрдлөгөнд минь нэмэр болчих юм олдсонгүй.
-Новш гэж. Сэжүүр олохын тулд Шикигээр сургуулийн булан тохой бүрийг нэгжүүлэх хэрэг заавал гарах нь ээ дээ.
Шикиг сургуультай мөрч нохой адил намайг сүүл шиг дагаж явахыг би үнэндээ хүсэхгүй байгаа ч, өөр арга байхгүй бололтой. Чингээд хийх юм үлдсэнгүй тул би түрүүчийнхээсээ үл ялиг замбараагүй болсон хавтсыг хаалаа. Гэтэл нэг цаас миний анхаарлыг татав. Цаасан дээр “Хаяама Хидэо 1998 оны 12-р сар хүртэл Рейн охидын сургуульд багшилсан” гэж бичжээ. Эхлээд харахад жир бус юм үгүй мэт байлаа. Гэвч гүйлгэж унших үед зарим тохиолдолд тун хачин зүйл олж үздэг ажээ. 1998 оны 12-р сар ий? Гэхдээ ийм байх боломжгүй. Түймэр 11-р сарын эхээр гарсан ба түүнээс хойш Хаяама Хидэо үзэгдэх нь бүү хэл түүний талаар сураг чимээ ч дуулдаагүй шүү дээ. Гэвч үүнээс харахад тэр 12-р сар хүртэл энд ажиллаж байжээ. Бас цаасны доод хэсэгт ажлаас гарсан шалтгаан гэдэг дээр “хаяг тодорхойгүй” гэж бичсэн байв. Хаяама Хидэо алга болсон гэсэн үг үү?
Миний толгойд янз бүрийн бодол ар араасаа орж ирж, би хавтсыг байранд нь буцааж тавиад багш нарын өрөөнөөс хурдхан гарч, хонгил руу харайлгатал таарна гэж огт санаагүй, бас тааралдахыг огт хүсээгүй хүнтэйгээ тулгарчихав.
-Кокуто-сан, ийм эрт багш нарын өрөөнд ямар хэргээр ирээ вэ?
-Өг... Өглөөний мэнд, Курогири-сан гэж би түргэхэн бөхийгөөд:
-Үнэндээ бол үд болчихсон байна л даа хэмээн асуултаас бултах гэж оролдохынхоо хажуугаар яарснаа мэдэгдэлгүйгээр түүнээс холдон явахыг хичээх зуураа хэлэв. Би Курогири Сацүкигийн дэргэд үргэлж эвгүйрхдэг боловч өчигдөр Шикитэй хамт явсан учраас хавьгүй дээр байсан юм. Гэвч энэ удаад бид хоёроос өөр хүн байсангүй тул би аанай л тавгүйцэж эхэллээ. Миний цээж бачуурч, зүрх түг түг цохилно. Багшийн Микияатай дэндүү адилхан харагддагаас уу, эсвэл бачимдмаар тайван дөлгөөн янз байдлаас нь болж эвгүйцдэг юм уу гэдгээ би хэлж мэдэхгүй болжээ.
-Та багш нарын өрөөнөөс ямар нэг зүйл авах гээ юу? хэмээн би хайнгадуухан асуулт тавибал Курогири Сацүки:
-Тийм. Захирал ажил даалгасан юм. Франц хэлний шалгалтанд тэнцэгсдийн нэрсийг авах гээд. Захирал Франц дахь гэлэнмаа нарын сургалтын төвд илгээх гэж байгаа юм гэж хариулав.
-Аан, зөв зөв гэж би болхидуухан түгдчээд үүгээр яриагаа дуусгавар болгон багшийн хажуугаар эвтэйхэн зөрөхийг оролдов.
-Чамд хамаагүй асуудал ч бас биш шүү. Францын гэлэнмаа нарын сургууль руу явуулах солилцооны сурагчид Ожи-сан та хоёрыг нэр дэвшүүлээд байгаа юм.
Би багшийг тойрч амжилгүй зогтусав. Солилцоогоор явж магадгүй талаараа анх удаагаа олж дуулсан тул би баярласандаа болоод хэдэн хором эрхгүй азнасан ч, цаашлан алхлаа. Гэхдээ багшийн хажуугаар өнгөрснийхөө дараа дахин зогсож, сурагчдаас асуусан ч, түүнээс асууж амжаагүй зүйлээ асуув.
-Курогири-сан, та сүүлийн үед сурагчдын дунд тараад байгаа яриаг сонссон уу?
-Шидэт дагинын талаар уу? Тийм ээ, дуулсан юм байна.
-Та итгэж байна уу? гэчихээд би бушуухан шиг:
-Гэхдээ мэдээж би итгэдэггүй л дээ гэж нэмлээ. Гэтэл багш инээвхийлэв. Би түүнийг ингэнэ гэж ер бодоогүй байсан юм.
-Эргэлзэж байгааг чинь ойлгож байна. Шидэт амьтдын тухай үлгэр домог Японд манай улсад байдаг шиг элбэг биш байх л даа. Үнэндээ би эртний Шотландын кайт сит, ку сит мэтийн зөгнөлт амьтдын үлгэрт тун дуртай юм.
Түүний хариултыг сонсоод хэсэг зуур би гайхан будилсан ч, нэлээд хэдэн хормын дараа Курогири-санг гадаад хүн болохыг саналаа. Тэр оюутан байхдаа домог, хууч яриа мэтийг сонирхон судалдаг байсан бол асуулт минь түүнд миний бодсон шиг тийм ч хүүхдийн гэнэн санагдаагүй байж болох юм.
-Би зөв санаж байгаа бол кайт сит гэдэг чинь гуталт муур байх аа?
-Аан, чи мэддэг юм бий. Гэхдээ Японы нэлээд олон хууч ярианд ярьдаг муурын тухай өгүүлдэг болохоор яг хаанаас гаралтайг нь тодорхойлоход амаргүй л дээ.
Тэр мэдлэг боловролыг хаанаас олж авахаа мэддэг юм байна.
-Танай оронд ийм үлгэр домгийн амьтдыг жинхэнэ гэж итгэдэг юм уу? Эсвэл ердөө л үлгэр, гаж үзэгдэл төдийхнөөр тооцдог уу?
-Ойрын үед тэр талаар юм олж дуулаагүй юм байна. Гэхдээ хүүхдүүдийн сүнсийг сольдог талаар хачин домог яригдсаар байдаг. Харин тариачдад сайн санаат үлгэрийн амьтад тусласан тухай түүх яриа сонсогдох нь өдөр ирэх тусам цөөрч байгаа шүү гээд тэр хоолойгоо засч:
-Жишээ нь гэрийн буг, тогшигчид мэтийн талаар өгүүлэх хуучны домгуудыг ямар нэг шалтгааны улмаас нийгмээс тусгаарлагдсан хүмүүс өөрсдийнхөө бяцхан тусыг дөвийлгөх үүднээс зохион бий болгосон юм. Хэрмэл бадарчин шиг амьдрахаас өөр аргагүй болсон тэд хүмүүстэй ойр байхын тулд ургац хураалт мэтийн ажилд тусладаг юм л даа гэлээ.
-Сонирхолтой амьдрал юм гэж би хэлэв.
-Тийм ээ. Гэхдээ бас хүүхэд хулгайлдаг тухай хууч ярианууд бий. Зарим хууч ярианд язгууртан сурвалжтангууд бурхны ивээлийг хүртсэн гэж бодсон хүүхдүүдийг хулгайлж авдаг талаар өгүүлдэг. Тэд тийм хүүхдийг хэтэрхий их хүссэнээсээ болоод өөр хүүхдээр сольж орхидог юм.
-Хулгайлагдсан хүүхэд яадаг юм бэ? гэж намайг асуухад Курогири-сан нүүр дүүрэн инээмсэглэв.
-Тэгтлээ зовох хэрэггүй дээ. Тэднийг буцаагаад гэрт нь аваачдаг. Юу гээч, хүүхдүүдийг сурвалжит айлууд хулгайлдаг учраас сүмийн адис хүртээсэн жагсаалтыг үзээд л хүүхдийг төвөггүй олж болно. Язгууртан ч бай үгүй ч бай бүгд л нийгмийн тогтсон шаардлагыг биелүүлэхийн тулд хүүхэддээ адис хүртээлгэдэг. Тиймээс хэрүүл маргааныг зохицуулахын тулд сүмд очиход л хангалттай байдаг юм даа.
Би уужран санаа алдаж, инээмсэглэв. Тэр үргэлжлүүлэн:
-Гэвч бас үүнээс өөр, ямар ч тайлбар олддоггүй тохиолдлууд бий. Үнэхээр домгийн амьтдад олзлогдсон хүүхдүүд байдаг. Үүнийг солио гэдэг юм гэлээ.
-Тэгвэл та тэднийг байдаг гэдэгт үнэхээр итгэдэг байх нь ээ?
-Тийм ээ, итгэдэг гэж Курогири Сацүки огтхон ч эргэлзэлгүй хариулаад:
-Би тэднийг байдаг гэж боддог. Гэхдээ дуртай гэсэн үг биш шүү. Тэдний тоглоом шоглоом заримдаа хэрээс хэтэрч орхидог. Солио бол үүний тод жишээ. Тэд заримдаа хүүхэд хулгайлж авчихаад өчнөөн олон жил өнгөрсний дараа юу ч болоогүй мэт гэрийнх нь үүдэнд үлдээгээд явчихдаг. Эцэг эх нь хүүхдээ эргэн ирсэнд хичнээн ч их баярласан, хүүхэд нь өвчин тусч, үл мэдэгдэх шалтгаанаар зугуухан үхэхээс өөр замгүй болсныг мэдээд баяр хөөр нь унтран алга болдог юм. Эцэст нь хүүхдүүд эцэг эхдээ гологдон, орь ганцаар нөгөө ертөнц рүү оддог юм даа хэмээн хүүрнэлээ.
Би мэгдэн цочирдов. Миний хүүхэд байхдаа сонсож байсан шидэт үлгэр яагаад ч биш юм гээч. Гэтэл багш миний байдлыг анзаарч:
-Өө, уучлаарай гэж сандран хэлээд:
-Би дахиад л хэтэрхий олон юм ярьчихсан бололтой гэв.
-Үгүй дээ гэж би сулхан бувтнаад:
-Надад тун сонирхолтой байлаа. Гэхдээ уучлаарай, би одоо явалгүй... хэмээн өгүүлбэрээ дуусгалгүй орхиж, хурдхан бөхийсөн болоод Курогири-сангаас аль болох холдохыг хичээн, яаран сандчин харайлгалаа.
Үд өнгөрчээ. Курогири-сангаас холдох гэсэнтэйгээ адилаар Шикитэй уулзахгүй байхыг юу юунаас илүүтэйгээр хүсч байсан тул би сургуулийн зүүн хэсэгт орших галд өртсөн дотуур байр руу очихоор шийдэв. Би тэндээс ямар нэг хэрэгтэй зүйл олно гэж тэгтлээ найдаагүй ч мөрдлөгийн явц тийш нь улам бүр чангаах болсон тул Хаяама Хидэогийн галдан шатаахыг хүссэн газарт ганц ч болов очиж нүдээр үзэх нь зүйтэй мэт санагдаж байв.
Дотуур байранд тулж ирээд би урилгагүй зочдыг буцаахын тулд эргэн тойронд нь олс татаж, “Орж болохгүй” гэсэн тэмдэг тавьсныг олж харав. Мэдээж иймхэн саад миний санааг өөрчилж хүчрэхгүй тул би олсыг давж, нүсэр том барилгыг чиглэн алхлаа. Байшингийн ихэнхи хэсэг шатаж, зүүн жигүүрийнх нь өрөөнүүд аварга том амьтанд дээврээсээ суурь хүртлээ самардуулчихсан аятай сарзайлдана. Тасалгаануудынх нь хана, шал нурж, цөмрөн, түлэгдэж харласан мод, цемент болон овоорчээ. Гэтэл эсрэг зүгт бүх юм тэс ондоо байлаа. Миний алхаж яваа өрөөнүүдийн үүдний хонгилоос эхлээд барилгын баруун жигүүр тэр чигээрээ галд өртөөгүй, огт хөндөгдөөгүй байв.
Хонгилоор яваа хэн ч баруун жигүүрийн хаалттай хаалганы цаадхи зүүн тал тэр чигтээ шатаж, үнс нурам болсныг сэжиглэхээргүй ажээ. Харин хаалгыг нээмэгц дутуу угсарсан эвлүүлдэг тоглоом шиг нүднээ шууд сургуулийн задгай талбай, ой мод тусна. Магадгүй барилгын хэвийн байдлыг хадгалж үлдсэн энэ хэсгийг хүндэтгэж эл хаалгыг нээхгүй байсан нь дээр ч байж мэдэх юм.
Хаяама Хидэогийн нэр сүүлийн үед миний толгойд харанга адил нүргэлэх нь нэмэгдсэн ч, би түүнийг ганц л удаа харж байсан билээ. Тэр 10в-ээс 10д ангид хичээл заадаг байсан тул манай ангид ирэх шалтгаан үгүй байлаа. Харин нэгэн өглөө мөргөлийн үеэр тэр Библийн хуудсыг бодсон санасан юмгүй тоомжиргүй эргүүлж суусан юм. Хаяама Хидэог би дор хаяж гучин настай гэж багцаалдсан ба тэр миний нүдэнд гоц гойд юмгүй, даруухан төрхтэй хүн шиг харагдсан билээ.
-Би тэрний талаар юу ч мэдэхгүй байж яаж мөрдөх болж байна аа?
Миний өөртэйгээ ярьж эхэлсэн нь надад энд хийх зүйл байхгүй, явах хэрэгтэй гэсний дохио байж мэдэх юм. Чингээд би гэрэл тусахгүй шахам, эзэнгүй хаягдсан шатаар 2-р давхраас буун, бүрэн бүтэн хэвээр үлдсэн гарах хаалга руу явлаа.
Гэвч нэг хүн өдрийн наранд сүүдэр татуулан, үүд хөндөлсөн зогсож байх нь тэр. Хэдийгээр царай төрх нь ялгарч харагдаагүй боловч би түүнийг ядаж цөхөлгүй танив. Учир нь Рейнд ийм намирсан хар үс, эрхэмсэг төрхтэй хүн хөшигний цаанаас сургуулийг удирддаг Ожи Мисаягаас өөр үгүй шүү дээ.
Тэр үг дуугүйхэн намайг чиглэн алхлаа. Яагаад ч юм надад Ожиг эхэлж дуугартал ам нээх хэрэггүй юм шиг санагдаад явчихав. Охин саадгүй явсаар надаас ердөө хоёр алдын зайд ирээд зогсож, нүүр рүү минь эгцлэн ширтэж, эелдэгээр инээмсэглэлээ.
-Хэлээч, Кокуто-сан. Хүчин чармайлт чинь үр дүнгээ өгч байх юм уу?
Түүнийг ийн өгүүлмэгц хүйтэн салхи жиндүүлэх шиг болов. Би яагаад тэгж санагдсаны учрыг ч ойлгосонгүй, бас үнэхээр салхи дэгдсэн үгүйг ч ялгасангүй. Гэвч өөрийн эрхгүй сэрэмжлэх сэтгэл төрөв. Ожи Мисаяагийн хоолой тун танил сонсогдож байлаа. Сүүлийн хэдэн сард дуулж байснаас ондоо, тун саяхан сонссон ч юм шиг. Үүнтэй зэрэгцэн яагаад ч юм ялаа дүнгэнэх чимээ санаанд оров. Удсан ч үгүй дурсамж минь бодит байдал болон хувирч, би одоо сонстож байгаа шавьжны дуу, ой тойнд минь байгаа дүнгэнэх чимээ хоорондоо төстэй байгаад бүрэн итгэлээ.
Бүх юмны учир тайлагдаж, өчигдрийн тохиолдол давтагдах нь гэдгийг би хожуу ч гэлээ ухаарав. Миний дурсамж дахин хулгайлагдаж, би алмайрч, дүйнгэтэн энд зогссоор үлдэнэ. Энэ удаад хичнээн удаан зогсохыг хэн мэдэх билээ? Би түргэн шившлэг хийхийг хүссэн ч, бээлийгээ орхичихжээ. Гэвч надад өөр сонголт байхгүй. Миний дотор халуу шатаж эхлэв. Тэгтлээ оройтоогүй ч байж мэднэ шүү дээ.
Би өмнөө зогсох Ожи Мисаяад анхаарлаа төвлөрүүлээд Шидээ давалгаалуулж, Шикигийн хэлсэн ёсоор эргэн тойрноосоо агаарын халуун урсгалыг мэдрэх гэж оролдлоо. Шид биежиж буй нь надад мэдрэгдэж, агаар дахь ер бусын халуун орон зайг олж чадна гэдэгтээ би бүрэн итгэн өөрийн эрхгүй нүдээ анив. Гэтэл...
-...Барьчихлаа.
Үл мэдэгдэх бүлээхэн зүйл миний цээжийг чиглэн ойртож явсан ч, би надад хүрэхээс нь өмнө барьж авч чадав. Ямар нэг зүйл миний гарт орсон нь баталгаатай бөгөөд нарийхан дуугаар байж ядан чарлах аж. Би түүний хашхирахыг үл тоон нүдээ нээж, Ожи Мисаяаг цоо ширтлээ.
-Хараач хөөе гэж тэр ийм зүйл болохыг мэдэж байсан аясаар хэлээд:
-Нэг ч удаа шидэт амьтан харж байгаагүй гэж хэлсэн мөртлөө бариад авчихдаг байна шүү гэлээ. Түүний хоолойн өнгө миний эргэлзээг бүрмөсөн арилгаж, би хайж байсан дайснаа олсон гэдэгтээ эргэлт буцалтгүй итгэв.
-Ойлгомжтой. Ой санамж алга болсон нэг цагийн хугацаандаа би чамтай уулзсан байж.
-Тийм ээ, тэгсэн. Чи надад их тус болсон шүү. Харин чиний жинхэнэ дүрийг таних үйл явцыг миний хүүхдүүд хамаагүй хялбарчилж өгсөн юм, Кокуто-сан гээд тэр гараа өргөж, мөрөн дээрээ байгаа үл үзэгдэх зүйлийг илбэх мэт хөдөлгөөн хийхэд хариуд нь түрүүний нарийхан хоолой сонсогдлоо.
Дахиад нэг шидэт дагина уу?
Үгүй ээ, байж боломгүй юм. Би шившлэгээ зөв шившсэн бол Ожи Мисаяагийн ойр орчмоос мэдрэгдэж байгаа тавь орчим тооны ондоо эх үүсвэр бүхий ер бусын халуун бүгд шидэт дагина байх нь. Дагуулуудыг харж чадахгүй ч гэлээ би Ожи Мисаяагийн хүч ийм их байсанд эрхгүй сүрдлээ.
-Чи биеэ барихдаа тун сайн юм Кокуто-сан. Огтхон ч цочирдоогүй юм шиг харагдаж байна. Даанч худал гэдгийг нь би мэднэ. Бас би чиний талаар мэдээд их гайхсан шүү. Сургууль дээр Шидээр хичээллэдэг хүн надаас өөр байж шүү дээ.
-Чи намайг огтхон ч гайхуулаагүй, Ожи-сан. Би энд шидэт дагина удирддаг шидтэн байгааг анхнаас нь мэдэж байсан. Харин чи... Чи намайг ганцаар үлдэхийг хүлээж байгаад биеэ хамгаалах чадваргүй болохыг минь далимдуулан замаасаа зайлуулах гэж байсан биз дээ? Магтууштай л төлөвлөгөө юм. Гэхдээ өөрийгөө илчилдэг чинь алдаа боллоо доо.
Би зөвхөн тагнах үүрэгтэйгээс биш тулалдах ёсгүй гэдгээ өөртөө дахин сануулж, цаг хожихыг хичээх зуураа эргэн тойрноо нэгжин, гарц хайв. Хэдийгээр би зодолдохоос хэзээ ч буцахгүй боловч бидэн шиг шидтэнгүүдийн үхлийн халз тулаанд оролцохыг хүсэхгүй байв.
-Наад бодлоо авч хаясан нь дээр. Би чамайг үгүй хийе гэж огт бодоогүй Кокуто-сан. Чи надтай төрөл нэг хэдхэн хүний нэг атал би яалаа гэж тийм санаа өвөрлөх билээ. Харин одоогийн энэ нөхцөлд нэгнийхээ хоолойд хутга тулгахын оронд ойлголцсон нь дээр юм шиг санагдах юм. Үгүй гэж үү?
-Над руу халдан довтолсон хүний амнаас гарах үг биш л байна даа.
-Хонгор минь, би ердөө л чиний талаар илүү ихийг мэдэх гэсэн юм шүү дээ. Уг нь хоёулаа утга учиргүй үхлээс зайлсхийж, утга учиртай яриа өрнүүлбэл тун ч хэрэгтэй юмсан даа гэж Ожи Мисаяа тайвнаар хэллээ. Тэр үнэнээсээ яриад байна уу?
Би зугтах боломжтой цорын ганц газар болох ардаа байгаа хонгилын зүг хяламхийгээд аюулгүй мултрах эвтэйхэн завшаан олдох хүртэл түүнийг саатуулахаар шийдэв.
-Ярилцах аа? Надтай юу?
-Тэгэлгүй яах вэ. Чиний энэ эзэнгүй газар хүрч ирсэн явдал чамайг дотночлох хангалттай шалтгаан болж байгаа юм. Энэ газар бол...
-Тачибана Каоригийн амиа алдсан газар биз дээ?
Ожи сэтгэл хангалуун толгой дохив. Гэвч харц нь өршөөлгүй, хорон, мөс шиг хүйтэн байлаа.
-11-р сарын түймрээс яагаад ч юм амьд гарч чадаагүй цорын ганц сурагч. Чи тэрнийг таньдаг байсан уу?
Ожи Мисаяа миний асуултын хариу болгож дахин нэг удаа өршөөнгүйгээр толгой дохив.
-Би Каориг дүү шигээ хайрладаг байсан. Түүний амьдрал зовлон зүдгүүрээр дүүрэн байсан ч, бүхнийг чадагч бурханд итгэх итгэл нь хэлбэршгүй байсан юм. Тэр энд амиа алдаж, нүглээс чөлөөлөгдсөн. Гэхдээ түүний амьдрал үзэсгэлэн төгс хэвээрээ. Тэр хэцүү зам сонгон авсан юм.
Түүний хоолой гунигтай болж цааш орсон ч, хэлж буй үгэнд нь өршөөл байсангүй.
-Ийм эмгэнэлтэй явдал тохиолдчихоод байхад охид ухаарахгүй байна. Тэд Каоригийн амь нас өргөл болж золиослогдсон гэдгийг мэдсээр байж нүглээ таягдахгүй байна. Энэ бол хүнээс гарах авир биш. 10г-н сурагчид бүгд нүгэлтэн. Нүгэлтнүүд миний сургуулийг гутаах эрхгүй. Тэдэн шиг хог новшийг шатааж цэвэрлэх хэрэгтэй.
-Байзаарай, чи Тачибана Каориг 10г ангийнхан алсан гэх гээд байна уу?
-Үгүй шүү. Тэгвэл тэднийг дэндүү өндрөөр үнэлсэн болно. Кокуто-сан, Каори амиа егүүтгэсэн юм. Гэхдээ түүний амиа хорлосон явдал ямар утга учир илэрхийлж байгааг чи ойлгохгүй л дээ.
Ожи Мисаяагийн хэлсэн үгийн утгыг ухаж байх хооронд түүний дээрэнгүй харц надаас хором ч холдсонгүй. Юутай ч 10г ангийнхан Тачибана Каоригийн галд амиа алдсантай ямар нэг байдлаар холбоотой гэдгийг би ойлгож авав. Харин намайг ойлгохгүй гэсэн нь ямар учиртай юм бол?
-Тэгвэл энэ бүх явдал Тачибана Каоригийн үхлийн төлөөс болж таарч байна уу?
-Яг тийм. Би охидыг тамын галд тарчилгасаар байх болно. Тэд намайг байгаа цагт Рейнд амар заяагаа үзнэ гэж байхгүй гэж мэд.
-Чи тэднийг алах нь уу? гэж би хариулт нь ойлгомжтой болсон асуултыг цөхрөн асуулаа. Ожи Мисаяа дайснаа хүн гэж үзэхгүй байгаа болохоор ердийн үхлийг хангалттай гэж тооцохгүй. Тэр тэднийг газрын хөрснөөс арчин хаях болно. Гэтэл гайхалтай нь охин толгой сэгсэрлээ.
-Яалаа гэж. Тэднийг аллаа гээд тэд байх ёстой газар руугаа, там руугаа тонилно гэх баталгаа байхгүй шүү дээ. Тийм учраас л би чамайг ойлгохгүй гэж байгаа юм. Гэхдээ буруутгаагүй шүү. Биеэ суллаж, тайвшир, Кокуто-сан. Би чамтай өнөөдөр тулалдмааргүй байна гээд Ожи Мисаяа мөрөн дээрхи үл үзэгдэх дагуулаа удаан, тайвнаар илбэж:
-Чи эднийг бодитоор харж чадахгүй ч, эдгээр жижигхэн амьтдад хүний дурсамж дүүрэн бий. Чинийх ч бас байгаа. Гайхаж байна уу? Чиний дурсамж хүйтэн, үзэсгэлэн төгс гантиг чулуу боловч дотроос нь халуун гал дүрэлзэж байдаг. Чиний шидэт дагина хардаггүйтэй адилаар би дурсамжуудыг харж чаддаггүй ч чиний дурсамж ямар цэвэр ариун болохыг мэдэрсэн. Чи үнэхээр гайхалтай, Кокуто-сан гэлээ. Түүний эелдэг инээмсэглэлтэйгээ хоршсон найрсаг яриаг сонсоод миний уур хилэн буцлав.
Би Ожи Мисаяа өөд харлаа. Гэтэл Микияа, Шики хоёрын хамт байгааг анх харах үед төрж байсан, гурван жилийн турш ингэтэл хүчтэй мэдрээгүй нэгэн мэдрэмж бүх биеийг минь бүчин авах нь тэр. Би өмнөө байгаа охиныг хамаг хүчээрээ цохиод авахыг хүслээ.
Ожи Мисаяа миний хэлэх үгийг хүлээвч би түүний битүү сүрдүүлгэнд хариу өгч санаснаар нь хөдлөхгүйн тулд ам нээсэнгүй. Тэр буй бүхнийг минь тонон дээрэмдэж орхисонтой адилаар надад халдан довтолсон ба үүнийх нь хариуд би бүх хүчээ шавхан шанг нь хүртээхийг хүсч байв. Би зугтах бодлоо толгойноосоо авч хаяад, эцсийг нь үзэхээр шийдэв. Мисаяа хөнгөхөн сүүрс алдлаа.
-Сонголтоо хийчих шив. Чиний талаар илүү ихийг мэдэх гэж догдлон хүлээж байсан юмсан. Үнэхээр хэлэлцээр хийхийг хүсэхгүй байна гэж үү, Ко...
-Огтхон ч үгүй гэж би түүний үгийг бушуухан таслав. Мисаяа инээд алдлаа.
-Тийм үү? Харамсалтай юм. Би чамайг садан төрлийн адилаар бодож байсан юмсан. Бидэнд төстэй зүйл ч их бий. Жишээ нь ахыгаа хүсэмжлэх сэтгэл ч юм уу.
-Юу гэ...
Би үгээ гүйцээх гэж чадлаараа тэмцсэн ч, чадсангүй. Миний хоолой тэр даруй аргаж, нүүр минь улайхыг би мэдрэв. Харин Ожи Мисаяа үнэн сэтгэлээсээ таашаасан байртай нүдээ анилаа.
-Өчигдөр чи өөрийнхөө амаар үүнийгээ хэлсэн. Гэхдээ санахгүй байгаа байх л даа. Би ахын чинь талаар, бас шидтэн болох гэж байгааг чинь ч мэднэ. Харав уу? Бидний явах зүг ижил. Гэхдээ чи Шидээр хичээллээд хагас жил болж байгаа бол би тун саяхан эхэлсэн л дээ.
Шид. Энэ хүчирхэг үг миний тархин дундуур татаад авах шиг болж, үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор дүгнэж цэгнэхэд тус болов. Миний урд өөр нэг шидтэн зогсож байна. Харин шидтэнгүүдийн ердийн биш халз тулаан нүд ирмэхийн зуур үхэл амьдралыг шийддэг билээ. Мисаяа яриагаа үргэлжлүүлэв.
-Каориг өнгөрсний дараа би шидтэнгүүд шиг гэгээрэлд хүрэхийн тулд биш хувийн санаагаа гүйцэлдүүлэхийн төлөө дагуул бүтээхийг, бас дурсамж хулгайлдаг Шидийг сурсан юм. Би Каоригийн төлөө, түүний ичгүүр гутамшгийг ул мөргүй алга болгохын тулд түүнтэй хамаатай дурсамжуудыг бусдаас булааж эхэлсэн. Өөр бусдын талаар би огт бодоогүй. Гэхдээ би юу ч устгаагүй, хэний ч аминд хүрээгүй. Тэгсэн ч гэсэн үүнийг амиа хичээсэн явдал гэж бодож байна уу, Кокуто-сан?
-Миний шүүх хэрэг биш гэж би бодож байна. Гэхдээ чи 10г-н сурагчдад халдан довтолж, багшид гай удсан нь үнэн. Харин яагаад Курогири-санг оролцуулсан нь тун ойлгомжгүй юм.
Намайг багшийн нэрийг хэлмэгц Мисаяагийн хөмсөг жирвэсхийхийг би анзаарав. Ожи Курогири-сан Тачибана Каориг өнгөрч, Хаяама Хидэо алга болсны дараа тэдний ангийн багш болсныг мэдэж байх учиртай. Курогири-сан тэр явдалтай хамаагүй. Гэтэл яагаад түүний дурсамжийг ч бас хулгайлах ёстой байсан юм бол?
-Багшийн дурсамжийг авсан нь хэтэрч орхисон юм шиг санагдаж байна гэж би хэлээд тавьчихав. Би Ожигийн төлөвлөгөөгөөнд алдаа гарч гэж бодсон боловч миний хүлээж байснаас эсрэгээр охин хөмсгөө буулган, нэг талаараа баясаж, нөгөө талаараа төвөгшөөсөн янзтай шуухитнав.
-Үгүй, хэтрээгүй. Гэхдээ энэ бүхэн түүнд хамаагүй боловч бас үнэнийг мэдэх ёсгүй юм.
-Яагаад?
Ожи Мисаяа жишүү харав. Түүний үс зөөлнөөр намирлаа.
-Яагаад гэвэл бидний судсаар ижилхэн цус гүйж байгаа. Тэр миний төрсөн ах.
-Төрсөн ах гэнэ ээ? Курогири-сан уу? гэж би итгэж ядан дуу алдлаа. Гэхдээ боломжгүй зүйл биш гэдгийг би ойлгож байв. Ожигийн гэр бүл охидоо өргөж авдаг тул Мисаяагийн хуучин нэрийг үнэхээр Курогири Мисаяа гэдэг байсан байж болох юм. Мисаяа миний гайхан цочирдсоныг юман чинээ тоолгүйгээр тайлбарлаж эхлэв.
-Би анхандаа мэдээгүй л дээ. Каориг өнгөрсний дараа би болсон явдалд 10г ангийг сэжиглэж, аргаа барсандаа шинэ багшид нь хандсан юм. Би ганцаараа гар мухардчихаад байсан учраас түүнд сэтгэлээ уудалж, хэргийн учрыг олоход туслахыг гуйсан. Харин Курогири-сан үнэхээр сайхан сэтгэл гаргасан. Тиймээс тэр энэрэнгүй хүнийг илүү их таньж мэдэхийн тулд би дурсамжийг нь хулгайлчихсан юм. Ингэсэн нь ч зөвдөж, ой санамжнаас нь би өөрийгөө дүү нь болохоо олж мэдсэн. Гэтэл тэр яагаад ч юм Каоригийн үхлийн цаадах зарим нэг зүйлийг мэдэж байсан учраас харамсалтай хэдий ч би түүнийг дуугүй болгох шаардлагатай болсон юм даа.
Ожи Мисаяа харцаа доошлуулав.
-Намайг учраа мэдэхгүй жаахан хүүхэд байхад ах маань надад өөд болоочдоос илүү амьд хүмүүсийг энэрч хайрлах хэрэгтэй гэж сургаж байсан юм. Гэвч Каориг үхэл рүү түлхсэн хүмүүс эрүүл саруул, амар тайван амьдарч байхад би яаж тэгэх болж байна аа? Би ахынхаа хэлж байсан үгийг санасан учраас л мэдсэн зүйлээсээ болж түүнийг шаналаасай гэж хүсээгүй. Тиймээс би тэр ослын тухай ой санамжийг нь, бас түүний дүү гэдгийг минь нотлох дурсамжийг нь авчихсан юм. Нэгийг ч үлдээгээгүй. Сацүки санаа зовох зүйлгүй амьдарч, намайг харамсах зүйлгүйгээр хайрлана. Харин ийм зүйл хийсэн надад буцах зам гэж нэгэнт үгүй болсон.
Би Ожигийн хийсэн бүхэн өөрт нь хичнээн чухал байсныг мэдээд хэлэх үггүй болов. Тэр надтай төстэй гэж хэлсэн нь үнэн ч байж мэднэ. Гэвч Ожи Мисаяаг харахад, хэлж ярьж байгааг нь сонсоход бид ердөө өнгөн талдаа л адил байгааг би ойлгож байв. Бидний хүсэл төстэй байж болох ч утга учир нь тэнгэр газар шиг зөрүүтэй байлаа.
-Гэхдээ чамд ч гэсэн ашигтай л байсан биз дээ? гэж би хэлээд:
-Чи багшийн дурсамжийг 10г ангийнхны нууцыг хадгалахын тулд авсан. Харин намайг яах гэж байна даа? гэж асуув.
-Шийдвэрийг тун удахгүй чи өөрөө гаргах болно. Хоёр биенийхээ ижил төсөөтэй талыг чи ойлгож авсан, Кокуто-сан. Надтай санал нийлэхгүй байгааг чинь ч би мэдэж байна. Гэхдээ цаг нь ирэх үед би чиний хамгийн их хүсдэг зүйлийг биелүүлж өгч чадна хэмээн өгүүлээд Мисаяа үнэн сэтгэлээсээ эвлэрэхийг санал болгон гараа сунгав. Би үйлдсэн муу муухайгаа над руу сунгаж буй дайсныхаа гар руу хяламхийлээ.
-Бодож үзье. Гэхдээ нэг нөхцөл байна. Миний аль эрт... хэмээн би худал хэлж эхлэв. Гэтэл ам нээх үед минь миний толгойд Ожигийн юу хийж чадах нь бодогдож, нэг санаа харван орж ирэх нь тэр. Хэрэв тэр үнэхээр хэлсэн шигээ зүйлийг хийж чаддаг юм бол...
-...мартагдсан дурсамжийг сануулж өгөх юм бол шүү дээ.
...түүний Шид минийх болж болох юм.
-Мартагдсан дурсамж гэнэ ээ? хэмээн Ожи Мисаяа баясгалантайгаар лавлав.
-Чиний нэгэн адилаар надад хайрлаж явдаг ах бий. Гэвч би анх яаж түүнд дурласнаа мартчихсан юм. Тэр дурсамжийг надад эргэн сануулбал...
-Болохгүй гэж айж байна. Мартсан бол дурсамж байхаа больж, тэмдэглэл төдий зүйл болсон гэсэн үг. Харин дагуулууд маань зөвхөн дурсамж л сэргээдэг юм.
Миний урам хугарч, санаа алдлаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар сэтгэл хөнгөрөөд явчих нь мэдэгдэв.
-Тэгвэл хоёулаа тохиролцоо хийх аргагүй бололтой гэж би хэлээд дараа нь юу болохыг мэдэж байсан тул биеэ чангалав. Бидний хооронд хоёрхон том алхмын зай байлаа. Хэрэв хүсвэл би түүний нүүр рүү өшиглөж болохоор зайнд очиж чадах байв. Мисаяа ч бас урагшилж хүндийн төвөө өөрчлөв.
-Кокуто-сан, дагуулыг ямар нэг зүйлээс дээж авч хийдэг гэдгийг мэднэ биз дээ?
Би тэр зэргийг мэдэлгүй яах вэ. Намайг тэнэг гэж бодоо юм байх даа?
-Тэгвэл гартаа барьж байгааг чинь ч бас ямар нэг юмаар хийсэн гэдгийг ойлгож байгаа байлгүй дээ гээд Ожи Мисаяа шийдэмгий инээмсэглэл тодруулав.
Би энэ бүх хугацааны турш гартаа тас атгаж байсан зүйл рүү харцаа шилжүүллээ. Гэтэл түрүүн үзэгдэхгүй байсан зүйл одоо тов тод харагдаж байв. Шидэт дагина миний бодсоноос тэс өөр байлаа. Миний гарт өмнө нь ганц л удаа харж байсан хүн буюу бяцхан Хаяама Хидэо байж байх нь тэр. Би цочин дуу алдаад, өөрийн мэдэлгүй гараа тавьж орхив.
Миний сэрэмж алдсан энэхэн агшныг Ожи Мисаяа алдсангүй, самбаачлан урагш хөдөллөө. Охин гараа сунган духанд минь хүрэхийг би дөнгөж харж амжаад, бүх цусаа юүлчихсэн аятай ухаангүй болов.
Сүүлийн удаа zolushka_717 7-р сар.08.17 10:33 pm-д засварласан, нийт 4 удаа засварласан.
|