|
Тэргүүн бөлөг
ДОГШИН ХИРИСИЙН ХӨЛД ЭРСТСЭН НЬ
Эргийн бургасанд суун чагнаваас
Үелзэн урсах Туул голын ус нь
Эртний домог шивнэн ярих мэт
Үймцэх сэтгэлээ тогтоон,
Наран гэрэлд нүдэн аниваас,
Балар үеийн үзэгдэл ургаад,
Надаар хэлмэрч хийж түүхээ,
Багачуулд уламжлах гэсэн мэт...
Өгүүлэх нь: Тэр аюултай том амьтан гэв гэнэт, цов цочмог шугуйн өтгөн бургасан дотроос аягүй муухай урхиран гарч, галзуу мэт дайран оржээ. Түргэн урсгалт, тунгалаг уст голын уудам нуга дээр мангир түүж байсан эмэгтэйчүүд, хүүхэд багачууд сочин эмээж, сандран бархиралдаад, хойд уулын энгэрт, өндөр сайхан дэнж дээр харагдаж байгаа өрх гэрийн зүг улаа бутран гүйлдтэл, хамар дээрээ урт богино хоёр эвэрт, бараан шар урт үстэй тэр хирис, хойноос нь газар донсолтол пижигнэн хөөгөөд, Туулай хүүг том тавхайгаараа мэлхий гишгэсэн шиг няц даржээ. Хөөрхий жаалын амь тасран, элээнд шүүрүүлсэн бөжин шиг аягүй муухай час хийтэл бархирсан дуунд нь Залуудай хүүгийн хуйх нь хөндийрч, үс нь сөхүйн босоод ирэх шиг боллоо.
Айж сочсондоо, эргэж Туулай хүүгийн яасныг харах завгүй урагш ухас хийх зуур, дэнж дээрх хэдэн өрх гэрийн гадаа, наранд ээж суусан өтгөс эмгэд сандан мэгдэн, унан тусан босож, үймэлдэн арваганах нь харагдтал, муухай заар ханхлаад, нэг их ширүүн үстэй юм араас лүс хийтэл мөргөж, уул дайвалзан, газар дээшээ, тэнгэр доошоо гарах шиг болоод, бургасны орой нь уруугаа унжиж байх шиг хачин сонин үзэгдээд, гэнэт нүд харанхуйлжээ.
Хирисийн хөлд дайруулаад, тахийн хомоол шиг эргэлдэн үсэрч, газар мөргөж ойчихдоо, хурамхан зуур ухаан алдсанаа төдхөн сэхэж, яаран өндийн харваас, зугтаасан эмс хүүхдийн түрүүч нь наад захын өрх гэрт хүрэх шахасхийж, хойноос нь тэр муухай догшин амьтан уулнаас өнхрөн буух үхэр чулуу мэт үсрэн давхиж, хүүхэд багачуулыг тоохгүй, эмэгтэйчүүдийн хойноос хөөж явах ажээ.
Залуудай айн эмээн, дэмий л ширтэн хартал, тэр махан овоо шиг том амьтан, толгойгоо өчүүхэн төдий хоёр нэг хөдөлгөсхиймэгц, дэргэд нь нэг нь арвайн сарвайн, аргал хоргол чавхдал адил, дээшээ ойн үсрэх нь үзэгджээ. Чингэсээр, Поодой бөөгийн өрх гэрийн зүг, хурдан хөлт Паалиагийн хойноос нэхэн давхиж яваа нь Залуудайн нүдэнд жигтэйхэн тод харагджээ.
Поодой бөөгийн өвгөн аав Оодой дархан, өрх гэрээсээ жад барин гарч, Паалиа тэр бяцхан бор толгой шиг өрх гэрийнхээ орой дээр гүйн гарахтай зэрэг, хирис хойноос нь гүйцэн нохой хуцуулж, өрх гэр дээр эрчээрээ давхин гарахыг Залуудай зүүдэлсэн юм шиг, айн эмээн, хөдлөх дуугарах тэнхэл тасран харж байтал, улаан шороо манараад, Паалиа, Оодой, хирис цөм далд орж, гагцхүү тэр муухай догшин амьтны хөндий том цээжнээс гарч байгаа архирах сүрт дуу, нохой шуугилдан хашхилдах чимээ дуулдан авай.
Залуудай хүү сочин сандарсандаа хярсан бөжин адил, газар наалдан хэвтээд хирист мөрдүүлж өвдсөнөө ч мартаж, өвсний завсраар дэнж дээрх өрх гэрийн зүг юу болж байгааг эмээн ширтвээс зарим өрх гэрийн нүхээр дотор нь байсан эмэгтэй, ганц нэг эмгэд цухуйн гарч, хэдэн нохой, Доодойн өрх гэрийн тэнд хуцан гүйлдэх нь үзэгдэв. Эргэж харахад, хирист дайруулан гишгүүлсэн Туулай хүүгийн шилэн хүзүү юм шиг, толгойгоо өлийж, ангайсан ам нь хашхирч байгаа юм шиг боловч, завжаар нь цус гоожин, өрөөсөн гарт нь хэдэн мангир тас ачаастай, сүүжин бие нь няц гишгүүлчихсэн харагдаж, цаана нь эмгэн Мангина алдлан хэвтэж, бас хирисийн давхисан замд дайралдаж мөргүүлсэн ганц нэгэн эмэгтэй тэвдэж байгаа нь, бие агшиж, жижиг бичил болсон адил, их л сүргүй, бас огт хөдлөхгүй байгаа нь айдас хүрэм аягүй үзэгдсэнд, дур хүрэвч, хээр газар уйлж, чимээ гаргаж болдоггүй юм. Ан араатан халдана гэж эмэг эхийн сургадгийг санаад, шүдээ зуужээ.
Поодойн гэрийн тэндэх улаан тоос ч тэр завсар замхарч амьтан бараа туруугүй болсон мэт. Бас олон хүний овооролдсоны завсраар Поодойн өрх гэр үгүй болсон мэт. Учир байдал мэдэгдэхгүй хачин болсон тэр зүг гайхан харваас, олны дунд эмэг эх нь үзэгдэх шиг болоход хайртай эмгээгээ танимагц, өндийн босож, ухасхийн гүйж орхилоо.
Хирисээс дутаах үес, торж унасан газраа хярж, хэвтсэн ганц нэг багачуул, Залуудайн гүйхэд, хойноос нь дагаж, бас гүйлдэх чимээ сонстлоо. Хирист дайруулагсдын хажуугаар гарахад, цөм эвгүй хэвтэж огт үл хөдлөх байдал нь үхсэн ан гөрөө, хүн харыг хэдий нас бага боловч олон үзсэн Залуудайн нүдэнд тусаж болохоосоо өнгөрсөн ажээ гэж бодон гүйтэл нэг эмэгтэй хөдлөх шиг боллоо.
Бие биедээ тусалж байхыг үргэлж хэлүүлж, ахас ихсээ харилцан туслалцаж байдгийг үзэн хүмүүжсэн тул Залуудай тэр хэвтэж байгаа эмэгтэйг хөдөлмөгц, дэргэд нь гүйж очоод, хажууд нь явган суутал, хойноос нь дагаж гүйсэн Алцгар, Арваалж, Чулуун гурав гүйцэж ирээд, дөрвүүлээ үзвээс Алцгарын эгч Пянтуу ажээ. Бие чийрэг хүдэр тэр эмэгтэй, нүдээ нээн, өндийх гэснээ ёолж, өнөө дөрвөн жаалыг хармагц алмайрсан мэт хачин харц нь ухаан сэхээ орсон шинжтэй болж, сулхан дуугаар
- Өнөөх хэцүү нэрт амьтан хайчив? гэж шивнэн асуугаад, багачуулын хариу хэлэхээс урд, бас нэг ёолсхийгээд хоёр хөл мэдээ байхгүй, зоо нуруу их өвдөж байна гээд дахин нүдээ анив.
- Алцгар, чи эгчийгээ харж бай. Бид хүн дуудаж ирье гээд Арваалж, Чулуун хоёрын дагуулан, өрх гэрийн зүг гүйсээр ойртон очтол, Поодойн цөмөрсөн өрх гэр дотроос хирисийн хилэгнэн буйлах дуу гарсаар ажээ. Эхийн зүг гүйн очиж Пянтууг дамжилж ир. Хоёр сармай дээл аваад яв гэж дөрвөн чийрэг эмэгтэйг тэр суурин өрх айлын хамгийн эгчмэд хашир хүний хувиар тушааж явуулав.
Залуудай, эмэг эхийн хамт, Поодойн цөмөрсөн өрхийн дэргэд очиж, доошоо эмээн харваас, хирис өрхийн дээврийг махаараа цөм дарж ойчихдоо, нарийвтар сургааг унин дээр хар модны долон холтос дэвсэж, дээрээс нь ширхэг жигдлэн өрж хийсэн дээврийг нь цөм дарж ойчихдоо өрхийн тооно тулсан дөрвөн баганын нэг нь цав гарсан газраа цуурч шор мэт хурц үзүүртэй болсон нь тэр нүсэр том амьтны гэдсийг нь нэвт хатгаад, бөөрөн тушаа нь цус бултайн цухуйжээ. Хирисийн зантайсан том толгой нэн хүнд тул, цээжин бие нь доошоо унжиж, урд хоёр хөлөөрөө газар самран, байн байн сүртэй муухайгаар хурхирах ажээ.
Оодой дархан Паалиа хоёр, өрхийн нэг буланд, хирисийн эвэр хараахан үл хүрэх газар хоргодон суугаад, шороо тоос болчихсон тэр хоёрыг өчүүхэн хөдөлмөгц, хирис догшин нүдээ улаанаар эргүүлэн, эврээрээ өлгөж авах гэж урхиран тэмүүлэх тул, хярсан бөжин шиг, буланд бие биедээ шахалдан оцойж суух ажээ. Баганыг газар сайн зоосон боловч, том амьтан өлгөгдөж тарчлахад нь баахан холхих байдал орж, өвгөн дархан, жаал хүү хоёрын зүг хазайсхийжээ.
Залуудай эмэг эх Булжуухай, Оодойн булан тушаа нүх ухуулж, хүн багтах хиртэй болмогц, нэг мушгиа сураар Паалиа хүүг урдуур татуулж хирисийн уурлан урхирах нь баахан завсарламагц, өвгөн дархныг гаргаж эхэллээ. Тэгтэл, хирис ахин тургин зүтгэсээр, баганыг ганхуулан, Оодойн дээлийн хормойноос эврээрээ дэгээдэн татсанд, эмэгтэйчүүд тэр догшин сүрт амьтны гэнэт хөдөлж ухасхийснээс айн сочиж, мушгиагаа алдсанд, ганц чийрэг Хойлог чинэрэн улайтлаа угз татаад, өвгөний цээж биеийг нүхээр цухуйтал суга татсанд, хирисийн эвэрт өлгүүлсэн сармай дээлийн хормой цуу буугаад өвгөн хирисийн эвэрт гэдэргээ татуулсандаа тэсгэлгүй айж магнайд нь хөлс агшин зуур бурзайн гараад дэмий л ам ангалзан, нүхний амсрын ширэгнээс хуруугаа шигтгэн зууралдан тогтосхийв. Хирисийн цус, шороо тоос болсон царай, бүлтийсэн нүднээ үхмээр сандарч хэлмэгдсэн байдал тодорсонд, Булжуухай эмгэн,
- Татаач! гэж хашгираад, залуу хүүхэн шиг үсрэн Хойлгийн барьж байсан мушгианы үзүүрээс шүүрэн Оодойг угз татан гаргалаа.
Өвгөн нүхний амсарт суга татуулан хэвтээд, сандарч тэвдсэндээ өндийх чадалгүй, дэмий л хэнхдэгээ оволзтол амьсгаадан нэгэн хэсэг хэвтэв. Булжуухай, Залуудайг ус аваад ир гэж тушааж, жаал хүү яаран гэртээ ороод, шавар ваарт байсан уснаас бүдүүн хийцтэй шавар том аяганд хийж, өвгөнд авчирч өгөхөд нь гуд гуд залгиад дотор нь сая онгойж магнайн хөлс арчин сармай дээлийнхээ цуу татуулсан хормойг барьж үзээд:
- Үхлээ гэж бодсон. Хойлгийн шөрмөстэй Булжуухайн бушууд л амь гарлаа шүү! Ёх доо, айгаагүйгээ айж, сандраагүйгээ өнөөдөр ганцхан сандарлаа даа. Айсандаа ам хатчихлаа. Ус ууж, дотор онгойх шиг боллоо. Насыг минь аваарай, хүү минь гэж Залуудайд аягаа өгөөд өндийж, өнөөх цөмөрсөн өрх гэрийн нүхний зүг шагайж үзвээс, хирис, Оодой өвгөнийг дайрах гэж догшрон тийчлэхдээ, гэдсэнд нь ****** багана биед нь улам шигдэж, эцсийн тамир тасарч, мундаг том бие нь чичив татав хийж, амь тавьж байгаа ажээ.
Шилэн хүзүүнд нь цус бялтаж, лав нэг шарх олсон амьтан бололтой. Үгүй тэр юу цухуйж байна! Жадын хугархай иш байх шив. Энэ лав нэг гөрөөчинтэй дайралдаж шарх олоод, түүнээсээ болж тэнэг уур нь хөдлөөд манайхныг дайрч, уршиг төвөг чирсэн бололтой. Манай гөрөөчин загасанд явсан шүү дээ. Энэ амьтан хаа ямар улстай дайралдав аа? Аль вэ хүү минь, аавынхаа жад аваад ир гэж Залуудайгаар анч Бодонгийн чулуун гилбэртэй жад авчруулаад, хирисийн зүг хэд хэд сайн чичээд үзтэл, тэр том амьтан хөдөлсөнгүй.
"Өрхийг минь эвдэн цөмөлсөн энэ хирис манайх боллоо. Анчин ирэхээс өмнө бид амаа тосдож гэдэс гарлаа. Булжуухай чи хэдэн хүнтэй энүүнийг үнэр орохоос нь өмнө эвдэн аргалж, идээ хоол хийж үз л дээ. Би нэг хэдэн хүнийг дагуулж, наадахад нь амь хохирсон хүнээ оршуулж үзсүү гэж бослоо.
Бяцхан суурин өрх айлын нэгэн хэсэг эмэгтэйчүүд Оодой өвгөнийг дагаж, дэнж дээрээс буугаад, голын бургас улиаснаас Оодой өвгөний чулуун сүхээр огтолсныг дамнуурга шиг юм хийж, хирист дайруулан үхэгсдийг отгийнхоо нөхцөгчдийн хүүр тавьдаг газар дамнан аваачих боллоо. Туулай хүүгийн эх, догшин хирисийн хөлд няц гишгүүлсэн жаалынхаа амнаас гарсан цусыг нь өвсөөр арчаад, тэсгэлгүй гашуудаж, үсээ задлан нүүрээ маажилж,
Алгын чинээ жаал хүүгээ
Анчин болохыг үзэхээс өнгөрлөө
Эрхийн чинээ жаал хүүгээ
Эр хүн болохыг үзэхээс өнгөрлөө!
Эвий хонгор минь эвий
Эх чинь гашуудан дууднам!
Дайрах хирисийн хөлд осолдоно гэж
Даанч бодсонгүй чамайгаа хүү минь!
Ууртай хирисийн хөлд осолдоно гэж
Ухаанд минь ч орсонгүй чамайгаа, эвий!
Хөөрхий хонгор минь, хөөрхий
Хөгшин эх чинь гаслан уйлнам!
Алаг үрийнхээ амнаас гарсан цусыг нь
Арчин арчин, аюулт хирисийг зүхнэм!
Хайрт үрийнхээ няц гишгүүлсэн биеийг
Харан харан хирисийг хараанам
Эвий хонгор минь эвий,
Эх чинь гашуудан дууднам!
Өглөөний өөд улаан нарнаар сэрээд
Өндийж намайгаа хардаг асан хүү минь,
Үдшийн шар нарнаар намайгаа тэврээд,
Үнсээд нойрсдог асан үр минь!
Хөөрхий жаал хүү минь
Хөгшин эх чинь гаслан уйлнам
Эвий, эвий, эвий, эвий
Элэг минь эмтэрнэм!
гэж уйлан гашуудах нь даанч өрөвдөлтэй тул, Оодой өвгөн дэргэд нь хүрч ирэн тайтгаруулах хэдэн үг хэлж, Туулай хүүгийн ясыг дамнуурга дээр тавиулан, отгийн хүний яс тавьдаг газар зүглэн цував.
Уулын энгэрт Оодойн заавраар эмэгтэйчүүд мод чулуугаар хэдэн гүехэн нүх ухаад, өвгөн дархан нөгчигсөдийн хувцсыг энд тэнд нь чулуун хутгаараа эсгэж, чархи гэдэг түүхий ширийг нойтонд нь хөлийнхөө шагайд хүртэл хумин тааруулж хатаасан шаахай гутлын зуузай хавьд бас эсгэж,
Эд нь эзнээ дагаж,
Элэгдэлгүй мөнх
Ханзралгүй бөх
Хагаралгүй бат
Үүрд эдлүүлж
Хэзээд хэрэглүүл!
гэж шившин, эмэгтэйчүүдийн хүзүүний сондор чимгийн чулууг маажин, Туулай хүүгийн тоглоом авч ирүүлснийг бас хутгаараа маажив. Залуудай баахан гайхаж,
- Оодой ав аа, та юунд ингэж байгаа юм бэ? гэж асуухад нь Оодой дархан сурган өгүүлрүүн:
- Эзнээ эд нь дагаг гэж байна хүү минь. Эд нь бүтэн бол, сүнс нь эзнийхээ сүнс дагахгүй, нэг хэсэг зовооно. Эзэн хүний сүнс бие нүцгэн гар хоосон, хөл нүцгэн явах болно. Туулай хүүгийн сүнс ч гэсэн, тоглоомд нь шарх оруулж эс авбал, бүтэн тоглоомоо ялзартал нэг хэсэг тоглоомгүй уйдах болно шүү дээ. Эртэс дээдсийн маань ёс эзнээ дага, эзнээ дага! гэж тоглоомыг нь тамталсхийж гүйцэв. Тэгээд, Манина эмгэний хүүрийг амьд ахуй үес дэвсэж хэвтдэг адсаган дээр нь баруун гарыг нь дэрлүүлэн, хөл нугалсхийн хэвтүүлээд дэргэд нь ясан зүү, шөвөг, томсон шөрмөс, шавар ваартай хирисийн мах, шөл тавьж, бусдыг мөн тэр ёсоор хэвтүүлэн, Туулай хүүгийн тоглоомыг хажууд нь өрж, нэг нэг атга улаан зоос хүүр дээр цацсанд, Туулай хүүгийн эх хүүгийнхээ сармай дээлийн хормойг аятайхан засаад, нүдэндээ нулимс мэлтэгнүүлэв. Оршуулах ёслолд ирэлцсэн эмэгтэйчүүд хишгээ хуваалцлаа гэж үснээсээ үгтээн, хүүр дээр тавьцгаав.
Туулай хүүгийн эх нэн гашуудаж, үснээсээ чулуун хутгаар нэгэн хэсэг огтолж аваад хүүгийнхээ үсэн дээр тавингуут, биеэ барьж ядан, маш гашуунаа уйлсанд, Оодой дархан тайтгаруулах үг хэлж, шавар саванд авчирсан цогоор хүүрийн дээд талд баахан гал асааж агь ганга хийгээд утаа уугих завсар бүгдээрээ булшийг шороо чулуугаар дарав. Тэгээд булш бүрийг тойруулан чулуу хүрээ хийж хооронд нь зайтай өрж гүйцэхэд Оодой өвгөн, омгийн дээдсийн хүүр булшинд хиншүү өргөж, аман дотроо юм шивнээд, галд агь ганга нэмж, их утаа уугиулан, өндөр дуугаар уншин дуудруун!
Чоо-чоо-чоо! Сонсон хайрла
Өрх гэрт төрсөн Мангина нар,
Өвөр энгэрт орших цаг боллоо!
Мах ясанд төрсөн Мангина нар
Манаас салан хагацлаа, та нар!
Хий бие биелэн одлоо, та нар!
Хиншүү идээтэн боллоо, та нар!
Хилэн дүрээ атаатандаа хандуулж
Хишиг ээлээ халуундаа хайрла!
Чоо-чоо-чоо! Сонсон тогтоо
Харанхуй шөнийг далимдуулж
Халууныхаа манийг хорлох гэвэл,
Хашмал чулуун хүрээ битүү шүү,
Хатуучид онгодын хилэн хэцүү шүү
Саргүй шөнийг далимдуулан,
Садан манийг хорлох гэвэл,
Сахиусан чулуун хүрээ давшгүй,
Сайн онгон авын ээл барагдашгүй!
Чоо-чоо-чоо! Сонсон тогтоо!
Хашмал чулуун хүрээг мялаамуу
Ханан хад мэт, тэнгэр тулан хашиж,
Хайр чулуу болон элэгдтэлээ
Хамгаалан харж бай, Чоо-чоо-чоо!
Сахиул чулуун хүрээг мялаамуу,
Сарьдаг уул мэт тэнгэр тулан хашиж,
Сайр чулуу болон элэгдтэлээ
Сахин харж бай, чоо-чоо-чоо!
гээд, хирисийн өөхөөр булш тус бүрийн чулуун хүрээний дөрвөн зүгийн чулууг мялааж, уг оршуулах ёс гүйцмэгц бүгдээрээ
- Чоо-чоо-чоо! гэж өндөр дуугаар гурвант хашгиран гэдрэг эргэж харалгүй өрх гэрийн зүг буцан одов.
Ар гэрийн газар тэр завсар Булжуухай эмгэн удирдаж, өнөөх хирисийг чулуун сүх хутгаар эвдээд гадаа хэдэн газар задгай гал түлж, хирисийн мах шарахыг нь шарж, шавар ваар саванд чанахыг нь чанаж, чоно шиг нохойдоо идүүлэхийг нь идүүлж багачуул, нүүр ам нь цус болчихсон гүйлдэж,
- Манайхан уулын энгэрээс айсуй! гэж шуугилдахад, Булжуухай эмгэн яаран хоёр гал түлүүлж, ганга түлүүлж уугиулан ганга буцалгасан устай, хэдэн ваар тэр хоёр галын тэнд тавиулав.
Хиритс дайруулагсдыг оршуулж ирэгсэд, тэр хоёр галын хоорондуур орж, биеэ ариутган, түрүүн нүүрээ маажиж гашуудал илэрхийлсэн цусаа гангатай усаар угаацгаалаа. Тэгээд, түүдэг галын тэнд очиж, галын зүүн талаар эмэгтэйчүүд, баруун талаар Оодой өвгөн тэргүүтэй хөвгүүд сууцгаан шарсан, чанасан махны сайхан үнэр ханхлахад, шүлсээ зуун хүлээвээс Булжуухай эмгэн хүн бүрийн оногдол хувийг сайхан тааруулж хоёр залуу эмэгтэйгээр тэвштэй ваартай хоол тавиуллаа.
Туулай хүүгийн эхийг өрөвдөн, аль амттай махнаас нэг тэвш дүүргэн тавиулсанд саяхан гашуудан уйлж байсан тэр хөөрхий эмэгтэй, сайхан элбэг хоол хараад, сэтгэл нь сэргэж, тун жаргасан байдалтай идэж суув. Үүнд одоо цагийн хүн, эрт цагийн тэдгээр хүнийг буруушаахын арга ч үгүй, ёс ч үгүй бодууштай чадал муутай, зэвсэг муутай, үргэлж хоосон нойтон шахуу явдаг хоёр хөлт хөөрхий балар цагийн хүн, хоёр чихнээс хойш орох юм л олдвол цадахаа мэдэхгүй идэж аваад, түүнийгээ жаргалын дээд гэж үздэг байжээ. Идэх юм эс олдвол өл даахдаа нэн ч тэсвэртэй, ер өлсөх даарах, ангах цангахыг жирийн хэрэг гэж үздэг цаг байжээ. Туулай хүүгийн эх, Булжуухай эмгэний сонгож тавиулсан махыг маш амтархан идэж, хааяа хааяа элгэн дээрээ гоожтол зажилж год год залгилан идэх нь маш шамдуу. Бусад хүн мөн нэгэн адил амтархан идэж, ясаа тун чадамгай мөлжөөд чоно адил төсөрхөг нохойд хаяж өгөхөд нь хирисийн гэдэс дотроос хэдийн идэж цадсан тул ганц нэг долоогоод тоохгүй хэвтэцгээж байснаа баруун зүгээс салхи татах зүгт шиншилсэнд, Булжуухай эмгэн ч тэдгээр нохойноос дутуугүй.
Солонго мэт
Сонсох тул,
Үен мэт
Үзэх тул
бас л алсын үнэр хэдийн мэдэж, галын баруун зүүн зүг суусан хүнд анхааруулж:
- Голын зүгээс гөрөөлсөн загасны үнэр манайхны үнэр, бас нэг өөр харь хүний үнэр гарч байна гэхэд нь бүгд яаран босоцгоож, дэнжийн захад очин харваас, усны тохойд гурван урт онгоц зогсож, арван хэдэн эрэгтэйчүүд, том том бургасаар холбосноо модонд дамнан, дэнжийн зүг айсуй. Нэг хэсэг нь сэрээ жадаа үүрцгээн явнам.
- Өөдөө гартал, Оодойн өрх гэр цөмөрчихсөнийг хирдхийн харж бас эмэгтэйчүүдийн нүүрт гашуудан маажсаар ор тэмдэг илрэхийн дээр нэг хэдэн хүн бас дутуу байхыг үзээд учрыг яаран асуужээ. Ар гэрийн газар гэнэтийн аюул зовлон тохиолдсоныг сонсож анчин эрсийн царай хөмсөг зангидацгаав.
Ирэгсэдийн дунд уранхай, навтархай, сармай хувцастай, эцэнхий, аяншиж зүдэрсэн байдалтай боловч сүрхий шөрмөслөг бяртай нэг эр, загас үүрэлцэн зогсож байхыг Залуудай ажиж, Булжуухай эмээгийн хамар харь хүнийг ханхлав гэж тийм холоос таних яасан сүрхий хамар вэ? гэж гайхан тэр хүнийг сэм харваас царай зоримог бөгөөд шулуун. Бүснээ нэг үл таних сонин судалт модон иштэй сүх, ширэн гэр углаж бүснээсээ хавчуулаад, ахар жад нэг гартаа барьжээ. Анчныг тэргүүлж явсан Мазаалай, өтгөн дуугаараа хүнгэнэн,
- Манай Булжуухай эмээн хүү, Залуудайн эцэг Шонхолой, энэ зүүн урд уулын нэг чулууны нүхэнд шар махчингуудаас хоргодож байна гэж энэ ихэрэс омгийн хүн бидэнтэй дайралдан хэл хүргэжээ. Энэ шөнө очиж Шонхолойг гаргаж авахгүй бол шар махчин биднээс түрүүлж магадгүй гэнэ. Хүний тоогоор манайхнаас олон гэнэ. Харанхуйг далимдуулан дайрвал бид дийлж магад. Оодой ав, Булжуухай эмээ, та хоёр өрх айлаа мэдэж, сэргийлж бай. Дийлвэл, бид маргааш үдээс хойш ирэх байх. Дийлдвэл шар махчныг өрх гэрээсээ холдуулан, өөр зүг буруулж, уван цуван нуугдаж ирнэ. Шар махчинтай одоо л нэг үзэлцэх цаг боллоо гэхэд нь хүн ер үг дуугарсангүй.
Хэдэн жилийн өмнө, урдах уулын зүүн урдах аманд Оодой авын суурин айлыг үгүй хийсэн Шар махчинтай тулсан тулаанд Шонхолой сураггүй болж, Поодой бөө хүүгийн хамт амь гарсан Оодой өвгөн, ураг төрлийн барилдлагатай Чонос омгийнхоо өрх айлд багтан хамжсан явдал Чоносын бяцхан суурин айлын эрэгтэй эмэгтэйн сэтгэлд ургаж, өнөөх Шар махчны сүрэг дахин үзэгдсэнд цөм сэтгэл зовнижээ.
Олны чимээгүй байтал Залуудай өндөр дуугаар,
- Би явалцаж, авыгаа шар махчнаас салгаж ирнэ гэхэд өнөөх үл таних хүн, тэр үг сонсмогц, бүснээсээ урт ишт сүхээ яаран суга татаж аваад хоёр гараар Залуудайд барьж,
- Авын чинь чамд явуулсан сүх. Хүүд минь гардуулж өгөөрэй гэсэн юм. Зорьсон хэрэг чинь бүтэх болтугай гэж өгсөнд, Залуудай тэр сүхийг нь авч гэрийг нь мулталж үзвэл, жигтэй сайхан мөлгөр ногоон чулуугаар хийсэн хурц сүх байжээ.
- Энэ ямар чулуугаар хийсэн сүх вэ? Оодой дархны гайхан асуухад, тэр харь хүн,
- Хас тэнигэр гэдэг чулуу. Тух хатуу. Их цөлийн тэртээх нангиа омгийн урцуул хийдэг зэмсэг дээ. Шонхолой тэндээс сурч, хүүдээ өөрөө хийсэн юм гэхэд нь Залуудай,
- Эмээ, би ах нартайгаа явалцаж, Шар махчинтай тулна. Авын энэ сүх шар махчны цусаар мялаана, гэхэд Мазаалай өтгөн дуугаараа,
- Эмээ, Залуудайг явуул аа явуул! Бидэнд нэг хүн ч гэсэн нэмэр. Шар махчинтай эцгийнхээ төлөө тулалгүй яахав гэхэд нь Булжуухай эмгэн,
- Эр хүнийг явуулан хэлдэг ёстой юм даа. Хүү минь явж, атаатнаа даралцаад автайгаа мэнд буцаж ирээрэй гээд Залуудайн баруун хацрыг нь үнсээд зүүн хацрыг нь илэв.
Анчид яаран хирисийн чанасан шарсан махнаас идэж аваад, ундаа хариулан, зэр зэмсгээсээ сайныг шилэн автал, нар ч жаргах шахаж, одоо явалгүй горьгүй гэж эрчүүл цөмөөрөө шаламгайлан хөдлөв. Өрх гэрийн газар эр хүйстнээс ганц Оодой өвгөн тэргүүлэнхэн үлдэж хоцров.
|