|
Миша бид хоёр яадгийн хоёулаа хүүхэдтэй болохоосоо өмнө мөнгө, боломж л гарвал тэнээд байя гэж ярилцаж тохирсоноороо энэ удаад миний санал болгосон маршрутаар аялчихаад ирлээ. 12 сарын 31-ний үүрээр Улаанбаатар хотыг орхин нисээд, Вьетнамын зүүн өмнөд нутгийн далайн эрэг дээр он гаргахаар тооцоолсон боловч нэгт Гонконгоос онгоц нэг цаг хоцорч ниссэн. Хоёрт хэдийгээр Хо Ши Мин хотод ирмэгцээ машинд суусан ч далайн эрэг хүртэлх 200 км замыг хар тамхинд донтсон байж тун болзошгүй жолоочтой ихээхэн эвгүй айдастайгаар төлөвлөсөнөөс урт хугацаагаар туулсан шалтгаанаар шинэ оноо далайн эрэг дээр угтаж чадаагүй. Яг тухайн үед, замд бол он солигдохыг ч үл анзааран эсэн мэнд зорьсон газраа хүрэхийг л хүсч байлаа. Амьдрал=аялал гэж энэ шүү дээ. За тэгээд оросуудтай нийлж аваад, далайн эрэг дээр 5 хонолоо. Далайд сэлж байгаа мэт дүр үзүүллээ. Далайн эрэг дээр нь биеэ наранд шарж хэсэг хэвтлээ. Хөлийн улнаас авхуулаад бүтэн биеийн иллэг арайхийж хийлгэлээ. Усны мотоциклтэй давалгаа сөрж давхилаа. Бассейнд орлоо, гарлаа. Цэсэн дээрх бүх хоолыг идэж дуусгалаа. Лимонтой рам уулаа. За тэгээд дууссан. Илүү тэнд саатах хүсэл үнэнхүү төрсөнгүй. Оросууд өдөр бүр энэ бүх үйлдлийг давтаж хийгээд, орос хоолоо идээд, 14 хоног амраад буцахыг илүү үздэг юм билээ. Харин Монголчууд цусанд нь нүүдэлчин зан байдаг юм хойно таваас илүү хоног тогтож сууж чадсангүй ээ. Тэгээд л Хо Шин Мин луу буцаж, тэндээ хоёр хонож хоттой танилцаад, Камбож руу хүлгийн жолоо залсан. Хо Ши Мин хотод үзэх гол зүйл нь Вьетнам Америкийн дайны музей, гудмаар сүлжилдэх мотоциклийн цуваа байв. Жимс амт муутай, хоол боломжийн, кофе нь тасархай сайхан амттай байлаа. Вьетнам хүмүүс хөдөлмөрч гэдэг нь мөн тэр улс нилээн хурдацтай хөгжиж яваа гэдэг нь илт харагдаж байсан шүү.
Камбож улс ерөнхийдөө Монголтой дүйцэхүйц гэж хэлж болно. Юу ч үйлдвэрлэдэггүй, юу ч бүтээдэггүй мөртлөө цамаан зантай Монголчууд өөрсдийгөө цагаан Камбож гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй л байх, гэхдээ үнэнг яах ч аргагүй ш дээ хө гэдэг дээ. Яг адилхан маш сүрдмээр түүхтэй. Базарваань тэр Анкор Ват ямар гайхамшигтай газар байна гэж санана. Чулуугаар 12-р зуунд яаж тийм мундаг хот байгуулав аа, тэр үед тийм хот байгуулнаа гэдэг аугаа том гүрэн улсын шинж. Тэгэхэд 21-р зуунд амьдарч буй үр сад нь тэнэг тэгээд гуйлгачингийн гуйлгачин л байна. Ван доллаар, түк түк, тип тип гэсэн 3 хэлцээр Камбожыг дурсана. Онгоцоор нисэх гээд гаалиар гарч байгаа гадаад иргэнээс гаалийн байцаагч "тип тип" гээд мөнгө нэхээд байна, 5 доллар болох уу гэсэн болно гэж байна шүү дээ таминь, инээдтэй мөртлөө эмгэнэлтэй. Камбож улсын хаана ч Америкийн мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж болно, Францын компани бензин борлуулж байна, түк түк (мотоциклэн тэрэг гэх юм уу такси гээд ойлгочихож болно) жолооч нь бичиг үсэг мэдэхгүй, хотоо мэдэхгүй тэгсэн мөртлөө тэдэн доллар гэж хэлж мэднэ. Замд таарсан жолооч нарыг гуйж, бидний очих зочид буудлын утасны дугаарыг утсандаа оруулаад ярихдаа утсаа буруу харж барих, нөгөөх нь яаж сонсогдох вэ дээ, тэгмэгц улам дуугаа чангалж хашгирах жишээний... сэтгэл өвдсөн.
Дараа нь Тайланд орсон. Мэдээж миний төрсөн өдрийг тохиолдуулаад, тайланд ээж аав найз нөхөдтэйгээ уулзсан. Маш сайхан байсан. Бүх юмыг цаанаас бэлдээд зохицуулчихсан байсан болохоор бид хоёрын хувьд амарч авсан 3 хоног байлаа. Тэр хавьдаа Тайланд хамгийн өндөр хөгжилтэй улс болох нь зочид буудал, супермаркетаар жишээлэхэд илт мэдэгдэж байсан шүү. Улс орны хөгжлийн ялгааг харуулсан 4 орноор орсон болохоор харьцуулалт хийгээд тунчиг зугаатай байлаа. Тэндээс Гонконг орсон, харамсалтай нь мань хоёрын мөнгө дуусаад юун хотын төв орж шоудах вэ аяллын сүүлийн өдөр дэлгүүрийн хоол идэсхийгээд аргалав. Гэртээ ирээд, машинаа ч авдаг байж уу гэж яриад хөхрөлдөж суухав. Бид хоёрын аялсан мөнгөөр машин авч болох байсан бид тэгээгүй. Байшингийн урьдчилгаанд нэмэрлээд илүү том байр лизингээр авч болох л байсан бид тэгээгүй. Хүн хүний амьдралыг харах өнцөг өөр, сонгох сонголт ч өөр байдаг. Харин биднийг "муусайн баячууд" хэмээн нөхөд минь тоглоом шоглоомоор хэлэхэд бид хариуд нь танай гараажийн үнэтэй дүйцэхүйц байранд бид амьдардаг болохоор аялах мөнгө үргэлж илүү гарах юм даа гэлээ. Баярлалаа Миша минь, энэ жилийн төрсөн өдрийн бэлэг үнэлэшгүй үнэтэй байлаа. Хамгийн гол нь аяллаас эргэж ирэх бүрт урам зоригийн уут 100% цэнэглэгддэг. Амьдралын он жилүүд, өдөр хоногуудаа улам илүүтэй нандигнах хүсэл төрдөг. Сэтгэл санаа ярих юмгүй тасархай сайхан болдог. Адаглаад одоо стрессдэх юм бол архи дарс гэхийн оронд шившээ салхитай далайн эрэг хичнээн амгалан байсныг нүдэндээ харж, сэтгэлдээ төсөөлж тайвширдаг юм байгааз дээ. Энэ мэт тайвшрах арга хэдэн арваараа халаасанд чинь ороод ирнэ гэж бодохоор аялсан нь дээр биз. Ийм хүн чинь илүү баялаг бүтээхийн байгааз дээ.
|