|
Маргааш өглөө эрт хайрцаг барьсан зарлага хонх дарахад Пейж үүдээ нээв.
- Тейлор эмчид илгээмж ирлээ.
- Би байна.
Зарлага бүсгүйг гайхан хараад,
- Та эмч юм уу? гэв.
- Тийм ээ, би эмч. Та эргэлзээд байна уу даа?
- Үгүй, авхай. Ер нь үгүй л дээ. Та гарын үсгээ зурна уу.
Хайрцаг жигтэйхэн хүнд байлаа. Пейжийн сониуч зан нь хөдлөн зочдын өрөөний ширээн дээр тавиад боодлыг нь задлав. Дотор нь тагт бүхий хоёр давхар, гоёмсог байшингийн жижигхэн загвар байлаа. Байшингийн өмнөх бяцхан ойн цоорхойг цагаан хашаагаар хүрээлжээ. Пейж "Мань хүн энэ загварыг шөнөжингөө хийж дээ" хэмээн бодлоо. Барилгын загвар:
"Миний
Бидний
Хэрэггүй үгийг нь дарна уу" гэсэн зурвас хавчуулсан байв.
Бүсгүй тухлан суугаад байшинг ширтлээ. Энэ нь түүний бодож байсан байшин яахын аргагүй мөн ч, харин залуу эр нь огт биш байлаа.
"Ингэхэд би ер нь яаж орхио вэ?" гэж Пейж өөрөөсөө асуув. Ухаалаг, нүдэнд дулаахан, сэтгэл булаам сайхан залуу байдаг. Гэвч хэргийн учир юунд байгааг тэрээр сайн мэднэ. Энэ чинь Альфред биш шүү дээ.
Утас жингэнэн дуугарч Жейсон ярьж байв.
- Та байшингаа авав уу?
- Тансаг сайхан байшин байна. Их баярлалаа.
- Би танд жинхэнийг барьж өгөхийг хүсэхсэн. Харин та хэрэггүй үгийг нь дарсан уу?
- Үгүй.
- Би тэвчээртэй хүн. Хэрэв та өнөө орой завтай бол хамт хооллож чадах уу?
- Болох л юм, гэвч танд гэж хэлэхд би бүх л өдөржингөө хагалгаа хийгээд орой үхтэлээ ядардаг юм.
- Бид эртхэн дуусна. Ингэхэд орой хооллохоор манай аавынд очно.
Пейж мэгдэн сандарч,
- Тийм үү? гэлээ.
- Би тэдэнд таны тухай бүгдийг ярьсан.
- Сайхан хэрэг байна гэхдээ Пейжид эл мэдээ таалагдсангүй. Хэрэг явдал дэндүү эрчимтэй хурдан өрнөж байх шив.
"Би энэ урилганд явах ёсгүй. Би орой орондоо хурдан шургаж аваад унтахыг бодож байна, ядарч туйлдчихсан байна". Бүсгүй даруй Жейсон руу утасдан уулзахаа хойшлуулъя гэсэн санаа төрлөө. "Хойшлуулна гэж санахын гарз. Одоо нэгэнт оройтсон. За яахав, орой эртхэн ирэхээс".
Пейж явахаар хувцаслаж байхуйд нь Кэт,
- Чи ядарсан харагдаж байна гэв.
- Би үнэхээр ядарч байна.
- Тэгвэл яах гэж гадагш явах гээв. Унтаж амарсан нь дээргүй юу? Эсвэл хувийн хэрэг үү?
- Үгүй дээ, унтахад минь саад хийгээгүй бол ч.
- Дахиад л өнөө Жейсон уу?
- Тийм ээ. Би эцэг эхтэй нь танилцах болоод байна.
- Хөөх! гээд Кэт толгой сэгсрэв.
- Энүүнд чинь сүйд болох юм алга гэж Пейж өгүүлэв. Хэрэг дээрээ сүйдтэй юм ч алга даа.
Жейсоны эцэг эх Пасифиз Хайтс дүүрэгт эртний сайхан байшинд амьдрах ажээ. Жейсон эцэг нь язгууртан төрхтэй дал орчим настай нэгэн эр, харин эх нь жижигхэн биетэй, аятайхан авгай байлаа.
Пейж тэдний дунд тун амархан даслаа.
- Жейсон надад таны тухай ярьсан. Гэвч таныг ийм царайлаг гэж тэр огт дурсаагүй шүү гэж хатагтай Куртис түүнд ярив.
Тэд нар Жейсоны болон эцгийнх нь төслөөр хийсэн олон загвараар дүүрсэн номын санд орлоо.
- Жейсон өвөг эцэг бид хоёр Сан-Францискод олон ч байшин босгосон доо, Жейсон ч бидэнд татагдсан гэж бодож байна. Миний хүү ч суут сэтгэгч шүү. Энэ тухай би эхэд нь байнга л хэлдэг юм гэж эцэг хуучлав.
Пейж инээмсэглэн,
- Би үүнд итгэж байна гэхэд түүний нүд нь өөрийн эрхгүй анилдан бүсгүй нойртойгоо тэмцэн аль байдгаараа чармайж байв.
Жейсон түүнийг сэтгэл түгшсэн байдалтай хараад,
- Алив хооллоцгооё гэлээ.
Тэд эртний гоёмсог тавилга бүхий ханыг нь дубэн хавтан, хөрөг зургаар чимэглэсэн хооллох өрөөнд орцгоов. Үйлчлэгч бүсгүй хоол өгч эхэллээ.
- Жейсоны өвөөгийн зураг. Түүний барьсан барилга 1906 оны газар хөдлөлтийн үед нурж гүйцсэн. Тун харамсалтай юм болсон доо. Сайхан барилгууд байсан юм. Хоолны дараа танд хэдэн зураг...
Пейжийн толгой ширээ дэрлэв. Бүсгүй унтаад өглөө.
- Шөл аягалж амжаагүй байсан нь яамай даа гэж Жейсоны ээж нь өгүүлэв.
Кэн Мэллорийн байдал хүндэрчээ. Кэтийг тэнгэр харуулна гэсэн түүний бардам яриа эмнэлэг даяар тарж, бооцооны үнэ арван мянган доллар хүртлаа өсчээ. Мэллори санхүүгийнх нь байдлыг илтэд өөд татах бооцоо тавьсандаа бахдан өөрийн амжилтандаа бүрэн итгэлтэй байлаа.
"Хэрэв би ялагдвал хүндхэн байдалд орно. Гэхдээ би ялагдахгүй шүү. Ажилдаа орох хэрэгтэй болж дээ, мэргэжилтэн минь"-
Кэт Хони, Пейж хоёртой хамт кафед хооллон сууж байтал Мэллори орж ирэн тэдний ширээнд дөхөн ирээд,
- Та нартай цуг суувал дургүйцэхгүй биз, эмч нар аа? гэлээ.
"Авхай ч биш, бүсгүй ч биш. Эмч нар аа гэнэ шүү. Мань хүн эмэгтэйчүүдийн зан аалийг сайн мэддэг бололтой дог оо" гэж Кэт ичгүүргүй бодоод,
- Яалаа гэж, суугаач хэмээн урив.
Пейж, Хони хоёр харц солилцоод авлаа.
- За, би явалгүй болохгүй нь гэж Пейжийг хэлэхэд,
- Би ч гэсэн. Баяртай гэсээр Хони босч хамт явцгаав.
Мэллори өөрийнхөө төлөвлөгөөг нягтлан боловсруулжээ. Эмэгтэй хүнийх нь хувьд биш, хувь хүний нь хувиар таалагдаж байгаа гэдгийг бүсгүйд итгүүлэх хэрэгтэй. Бүсгүйд секс хийх хэрэглүүр байх нь түүнд таалагдахгүй байгаа. Түүнтэй эмнэлгийн асуудлаар хэлэлцэж байх, гэхдээ тун болгоомжтой, яаралгүй. Түүний элдүүрийг хангахад сарын хугацаа байна даа.
- Та хатагтай Тернболлын задлан шинжилгээний тухай сонссон уу? гэж Мэллори яриа өдөөд, -Энэ эмэгтэйн ходоодонд бүтэн шил кока-кола байсан гэнэ! Бодоод үзээч! гэлээ.
Кэт урагш бөхийн,
- Та орой завтай юу, Кен ээ? гэж асуувал эл асуулт түүнийг бүр уйман айман болгож орхилоо.
- Юу-уу?
- Би таныг намайг оройн хоолонд урих болов уу? гэж бодсон юм.
Мэллори нүүр нь халуу оргиод ирэхийг мэдэрчээ. Бурхан минь! гэж цочирдон бодсоноо "Би ч өнгөрлөө! Энэ бүсгүй ямар юмных нь лесби байх билээ. Өмдөндөө гозойх юмгүй харчууд л ингэж яриа биз. Эхлэх цаг болжээ. Бүсгүй өөрөө өдөж байхад шүү!". Саахь залуу бямба гаригт хэнтэй болзсоноо санахыг хичээлээ. "Мэс заслын бяцхан сувилагч Саллитай юм байна. За тэр ч яахав хүлээж л байг".
- Онцын чухал ажил байхгүй. Дуртайяа хамт хооллоё.
Кэт гарыг нь ухасхийн атгаж аваад,
- Ямар гоё вэ. Тэсэн ядан хүлээж байна гээд эелдэгээр бөвтнөхөд нь Мэллори мушийн инээлээ.
- Би ч гэсэн гэснээ "Гэнэн хонгорхон минь би яаж тэсэн ядан хүлээж байгааг чи даанч нэг төсөөлөхгүй дээ. Энэ оройн хоол арван мянган долларын үнэтэй шүү!" хэмээн баясан бодов.
Үдийн хоолны дараа Кэт энэ тухайгаа Пейж, Хони хоёрт дуулгав.
- Мань хүний эрүү нь унжаад ирсэн шүү гэж хэлээд Кэт тас тас хөхөрснөө, -Царай нь хэрхэн хувьсхийхийг та нар харсан ч болоосой. Тэр канар бялзуухай залгих гэж буй муужгай шиг харагдаж байсан гээч.
- Чи муур, мань хүн канар бялзуухай гэдгийг сайн санаарай гэж Пейж түүнд сануулав.
- Чи тэгээд хагас сайнд яах гэж байна даа? хэмээн Хонийг сонирхвол,
- Ямар нэг санаа байна уу? гэж Кэт найз бүсгүйчүүдээс асуув.
- Надад нэг санаа байна гэснээ Пейж үргэлжлүүлэн, - Ийм нэг төлөвлөгөө...
Хагас сайны орой Кэт Кен Мэллоритой "Эмилио" зоогийн газар хооллов. Кэт зориудаар задгай энгэртэй цагаан палааж өмсчээ.
- Чи гайхалтай харагдаж байна шүү гэж Мэллори түүнийг хөөргөн магтах нь мань эр найрсаг үг хэлэхийг хичээж байгаа нь илт. Түүнийг шагшин магтах хэрэгтэй, гэхдээ залхааж болохгүй. Тэрээр алхам тутамдаа бүсгүйн сэтгэлийг татахыг оролдохоор шийдсэн боловч ийнхүү чармайхын хэрэг гарсангүй. Кэт өөрөө мань эрийн дурыг булаах гэж хичээж байгааг нь Кен тун удалгүй ойлгожээ.
Хундагатай дарс барьсан бүсгүй, -Кен ээ, бүгд чамайг ямар сайн эмч болохыг ам булаалдан магтацгааж байна гэв.
- Би сайтар бэлтгэгдэж, өвчтөнүүдийнхөө төлөө их санаа тавьдаг хэмээн Кен даруухан загнан хариулснаа, -Миний хувьд өвчтөнүүд маань тун чухал гэх түүний дуунд халуун дотно сэтгэлийн өнгө тодорно.
Кэт Кений гарыг атган,
- Эргэлзэх юм алга. Чи хаанаас ирсэн бэ? Би чиний тухай бүгдийг мэдмээр байна. Чиний тухай ярьж байгаа цуу яриаг биш, чин үнэнийг чинь мэдмээр байна гэлээ.
"Тэнгэр минь! Би ч өөрөө үргэлж иймэрхүү зан авир гаргадаг даа" гэж Мэллори бодлоо. Бүх юм ийнхүү амар хялбар байхад тэрээр гайхаад зогссонгүй. Тийм дээ, мань эр ч бүсгүйчүүдийг авлан хоморголохдоо гаргууд сайн мэргэшсэн гэдэг нь гарцаагүй үнэн. Түүний радар нь бүсгүйчүүлийн илгээсэн дохиоллыг тааж уншихдаа гарамгай ажээ. Кэтээс ирэх эл дохиолол усны урсгал мэт зогсоо зайгүй урсана.
Кэт ойртон тонгойгоод,
- Би бүгдийг мэдмээр байна гэх түүний дуу бага зэргийн сөөнгөтнө.
Хооллох зуур Мэллори өөрийн тухай ярьж эхэлснээ ярианы сэдвийг өөрчлөх гэтэл Кэт эрс татгалзаж,
- Үгүй, үгүй. Цааш нь ярь. Чи их сонин амьдралтай байж гэв.
Мэллори арай ахиухан бооцоо тавиагүйдээ амаа барин гасалснаа: "Би өнөөдөр ч овоо атгачихаж чадахтайгаа шүү дээ" гэж бодлоо. Тэрээр эл бодолдоо Кэтийг кофе ууя хэмээн урих үед улам баттай итгэжээ.
- Унтахынхаа өмнө манайд очиж аяга кофе уухгүй юу?
Болоод явчих нь тэр дээ хөө! Мэллори Кэтийн гарыг илэн таалж намуухан дуугаар,
- Дуртайяа очьё гэлээ. "Харчуул ёстой галзуурах байх даа. Энэ чинь ёстой нэг шулуухан, шийдчихсэн янхан шив, би урьд өмнө ийм хүнтэй учраагүй л юм байна". Кенд тэр ч бүү хэл Кэт өөрийг нь хүчиндчих вий гэсэн бодол тархинд нь зурсхийн орж ирэв.
Хагас цагийн дараа тэд Кэтийнд ирцгээв.
- Сайхан байр байна. Тун сайхан тохилог юм. Чи энд ганцаар суудаг юм уу?
- Үгүй ээ. Тэйлор, Хони эмч нартай.
- Өө!
Түүний халаглан дуу алдахад нь харамссан өнгө тодрохыг сонсоод Кэт ая тал засан инээмсэглээд,
- Гэхдээ тэд мөд ирэхгүй ээ, оройтно гэв.
Мэллори жуумалзаж,
- Сайн байна гэлээ.
- Юм уух уу?
- Дуртайяа гээд Кен Кэтийг бяцхан баар руу хэрхэн явж очин хоёр хундага дүүргэхийг анзааран ажиглана. "Дажгүй өгзөгтэй юм гээч. Ер нь золигийн амттай харагдаж байх чинь, би түүнтэй дуртайяа унтаж загас наадуулчихаад арван мянгыг нь аваад өвөртөлчихнө дөө". Мань эр тачигнатал хөхөрчээ.
Кэт эргэн харж,
- Юу чамайг тэгтлээ баясгаа вэ? гэв.
- Зүгээр ээ. Бид хоёр хоёулхнаа энд байгаа нь ямар сайхан юм бэ л гэж бодсон юм.
- Надад ч гэсэн таалагдаж байна гэж Кэт хариулаад түүн тийш хундагатайгаа сарвайлаа.
Мэллори хундагаа өөд өргөн хундаганы үг хэлэхийг оролдон,
- ...мм гэтэл Кэт түүнээс өрсөн,
- Бидний төлөө! гэлээ.
Мань эр ч толгой дохин,
- Үүний төлөө дуртайяа ууя.
Мэллори хөгжим асаахсан гэж бодтол Кэт дахин түүнээс түрүүлэн,
- Хөгжим тавьбал ямар вэ? гэх нь тэр.
Бүсгүй пянз тавих зуур цаг руу сэмхэн харц чулуудаад Кен рүү эргэн,
- Чи бүжиглэх дуртай юу? гэхэд нь Кен түүнд дөхөж очоод,
- Хэнтэй бүжиглэж байгаагаас л шалтгаална даа. Чамтай бол бүжиглэхийг тун их хүсч байна гэлээ.
Тэрээр Кэтийг тэврэн авч сэтгэл хөдөлгөсөн намуухан аянд бүжиглэж эхлэв. Кэт өөрт нь аль байдгаараа шахан наалдан халуун биеэр төөнөж, эр биеийн эрхтэн нь хатууран модойхыг Кен мэдрэн байлаа. Тэр Кэтийг бүр ч чангаар тэврэхэд бүсгүй харц өргөн түүнийг ширтээд инээмсэглэв.
"Ажил хэрэгтээ ороход бэлэн боллоо доо" хэмээн Мэллори бодлоо.
- Чи их царайлаг гэдгээ мэдэх үү. Би чамайг анх харснаасаа эхлэн шунал тачаал минь оргилсон гэж сөөнгө дуугаар өгүүлэв.
Кэт түүний нүд рүү ширтэн,
- Кен ээ, би ч гэсэн хэмээн хариуллаа.
Тэдний уруул золголдон тэчъяадан үнсэлцэв.
- Унтлагын өрөөнд очъё гэж хэлэх Мэллори тэсэхээ байсан нь илт.
- Өө, тэгье!
Кен Кэтийг хөтлөхөд бүсгүй унтлагын өрөө рүүгээ дагуулан алхлаа. Яг энэ мөчид орох хаалга нээгдэн Хони, Пейж хоёр орж ирэх нь тэрээ.
- Сайн уу? гэж Пейж дуу алдаад Мэллорийг гайхан ширтээд,
- Өө, Мэллори эмч! Таныг энд байна гэж бодсонгүй шүү гэлээ.
- Ойлгож байна уу, би... би...
- Бид хоолонд явсан юм гэж Кэт тайлбарлав.
Мэллорийн уур нь хүрч дээлэндээ багтахаа больтлоо байж ядсан ч биеэ барин тэвчиж байв. Мань эр Кэтэд хандан,
- Би явах боллоо. Орой болжээ. Маргааш хүндхэн өдөр болно.
- Өө, чи явна гэдэг чинь ямар харамсалтай юм бэ гээд бүсгүй ихийг амласан харцаар түүнийг шагналаа.
- Маргааш орой яах гэж байна? гэж залууг сонирхоход,
- Дуртайяа...
- Сайхан хэрэг ээ!
- ... гээд чадахгүй.
- Өө! За яахав, тав дахид яах вэ?
Кэт хөмсөг зангидан,
- Хонгор минь, тав дахид дахиад чадахгүй юм шиг байна.
Мэллори цөхөрч эхлэн,
- Тэгвэл хагас сайнд яах вэ? гэлээ.
Кэт инээмсэглэн,
- Хагас сайнд болно гэв.
Кенийн сэтгэл уужран толгой дохиод, -Тохирлоо. Тэгвэл хагас сайнд гэснээ залуу Пейж, Хони хоёрт хандан, -Тавтай нойрсоорой гэлээ.
- Тавтай нойрсоорой.
Кэт Мэллорийг үүд хүртэл үдэж өгөөд,
- Сайхан зүүд зүүдлээрэй. Би чамайг бодох болно гэж эелдэгээр гөвтнөв.
Кен гарыг нь атган,
- Мөрөөдөл маань биелнэ гэж итгэж байна. Ирэх бямбад биелнэ биз гэлээ.
- Хүлээж чадахгүй нь ээ.
Кэт шөнийн турш Кен Меллорийн тухай бодон өнжив. Бүсгүй түүнийг үзэн ядах авч түүнтэй өнгөрүүлсэн энэ үдэш түүнд таалагдсан мэт санагдахад нь ихэд гайхжээ. Тэрээр Кен түүгээр даажигнаж байсан гэлээ ч, тэдний уулзалт түүнд тааламжтай байсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. "Хэрэв энэ бүхэн тоглоом биш үнэхээр байсан бол" гэж Кэт нэгэнтээ бодолхийлэв. Гэвч бүсгүй эл наадгай нь ямар аюултай болохыг даанч гадарласангүй.!!!!!!!
|