6-р бүлэг : Эрх мэдэл зөвхөн хүчтэйн гарт бий.
Артём аажуухан гэгч нь нүдээ нээлээ. Тэр нойрноосоо сэржээ. Хэзээ нэгэн цагт цагаан өнгийн эмульс замаскаар өнгөлсөн өртөөний адар түүдэг галын утаанаас тогтсон хөө тортогт халхлагдсан байх аж. Харин хаана байгаагаа мэдэлгүй эргэлзэх залуу хүү босох гэж тэгтлээ их яарсангүй. Гэтэл энэ үед,
'Өө чи сэрчихэв үү?' гэсэн танил дуу хоолой гарахыг сонсоод Артёмын толгойд урьд өдрийнх нь үйл явдлууд төвөггүй гэгч нь орж ирэх нь тэр. Эхэндээ түүнд үнэмшилгүй мэт санагдаж байсан авч сэргэх нойрны хамтаар энэ бүгдийг үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрч эхлэв гэнэ ...
'Үдшийн мэнд' хэмээн өөрийг нь аварсан тэр хүнтэй аяархан дуугаар мэндлэхдээ Артём дүрэлзэн асах түүдгийн цаанаас, галд гэрэлтэх түүний царайг олж үзэв. Бодолд дарагдсан тэр хүний төрх, зөвхөн эртний цагийн оньсого үлгэрүүдэд л гардаг болов уу гэмээр ер бусын басхүү нууцлаг санагджээ.
'Одоо л бид нэр усаа мэдэлцэж, өөр хоорондоо мэндэлж болох нь. Нэрний маань хувьд би байдаг л нэртэй нэгэн. Хэтэрхий урт бөгөөд миний талаар юуг ч илэрхийлдэггүй юм. Үнэндээ над шиг ийм нэртэй улстай чи бараг л өдөр бүр өртөөнд зөрж өнгөрдөг гэдэгт чинь итгэлтэй байна. Харин чамд л гэж хэлэхэд би бол Чингис Хааны хойд дүр мөн бөгөөд намайг чи Хан гэж дуудаж болно шүү. Ингэж дуудах нь илүү амар байх болно.' хэмээн өнөөх эр урсгаж гарлаа.
'Чингис хаан гэнэ ий?' гэж дуу алдахдаа Артём мөнөөх эррүү үл итгэсэн харцаар харж суув. Артёмын хувьд хойд нас, өөр амьдрал зэргийн зүйлст даанч сүсэг бишрэлгүй нэгэн байлаа.
'Найз минь дээ!' гэж Хан учирлаад, 'Чи юунд надруу ийм сэжигтэй харц чулуудна вэ? Өмнө насандаа би их олон газарт, төрөл бүрийн амьтны дүрээр олон ч удаа амьдарсаар ирсэн хүн. Харин ч Чингис Хаан бол миний энэхүү түүхэн замналын хамгийн тод томруун үе нь байсан юм шүү. Гэвч харамсалтай нь, тэр амьдралаас би юуг нь ч санадаггүй юм даа.'
'За тийм байдаг байж. Тэгвэл яагаад Чингис биш Хан гэж. Хэрэв би буруу санаагүй бол Хан гэдэг чинь цол хэргэмийн нэр байхаа.'
'Нэртэйгээр нь түүнийг Чингиз Айтматов гэчихээч' гэж зэргэлдээ суусан нэг нь хошуу нэмэрлэв. 'За за, асуусан хэн болгонд нь өөрийн нэр усны үүсэл гарлыг тайлбарлаад сууж байх нь миний ажил биш. Харин чамайг хэн гэдэг вэ? Хэлээч хө.'
'Намайг Артём гэдэг, харин өнгөрсөн амьдралдаа хэн байснаа санахгүй байна.' гэж Артём түүний асуултанд хариулжээ.
'За тэгвэл танилцсандаа тун баяртай байна, Артём.' гэж хэлэхдээ Хан Артёмын хариултанд их л сэтгэл ханамжтай байгаа бололтой суув. Тэгээд 'За дүү минь голохгүй гэвэл миний хоолноос идээрэй л дээ' гэж хэлээд тэр гал дээр буцалж байсан хонхойж хуучирсан данхаа авахаар ухасхийв. Энэ бүхэн Артёмын хувьд ВДНХ-ын умард туннельд харуулд гардаг байсан үеийг нь санагдуулж л дээ.
Тэгээд Артём дээш өндийн үүргэвчиндээ гараа хийж, гэрээсээ нааш гарах замдаа авсан гозгор урт зайдсыг гаргаж ирэв. Тэгээд тонгорогоороо хэдэн хэрчим зүсээд мөн үүргэвч дотроосоо гаргаж ирсэн элэгдэж муудсан ч гэлээ цэвэрхэн даавууны өөдсөн дээр эвтэйхэн гэгч нь өрж тавилаа.
'За май идэцгээ, ууцгаа' хэмээн шинэхэн танилуудаа Артём дайлаад 'Ингэхэд цай болж байна уу?' гэж Ханаас асуув.
Ханы цай ВДНХ өртөөнийх байлаа. Амсаж үзээд Артём үүнийг тэр дор нь таньжээ. Тийнхүү паалантай төмөр аяганаас цай оочиж суух нь түүнд, өмнөх өдрүүдийн үйл явдлуудыг сануулсан байна. "Гэрийн эзэн" ч мөн адил өөрийн бодолдоо дарагдан суух агаад Артёмд ер садаа болсонгүй гэнэ.
Цоорхой хоолойноос үүдэлтэй тэр солиором үйл явдал хүн бүрт өөр өөрөөр нөлөөлж байсныг тэр эхлээд санав. Чих дөжрөм чанга тэрхүү дуу шуугиан түүнийг анхаарлаа төвлөрүүлэхэд нь саад учруулж байсан ч гэлээ бас нөгөөтэйгүүр оюун бодлыг нь халхалж бусад шигээ ухаан санааны урхинд автагдахаас сэргийлж байсан ч юм билүү, хэн мэдлээ. Энэ нь Бурбонтой хамт явж байхад учирсан хоёрдахь тохиолдлоор мөн гэрчлэгдэх шигээ. Гэвч энэхүү дуу чимээ нь хүнийг үхэлд хүргэх аюултай гэж Артём ер бодохгүй байлаа, хэрэв тэгээгүйсэн бол Проспект Мир болон Сухаревскын дундах харанхуй хонгилоор явахыг тэр зөвшөөрөх байсан гэж үү?
Эхлээд орчин тойрны бүх дуу чимээ алслагдаж эхэлнэ. Харин өнөөх дуу шуугиан эхэндээ бараг л үл сонсогдохуйц маш сулханаар дуулдаж байсан бол удалгүй бие тэнхээ сульдахын хамтаар улам бүр чангарч, эцэстээ аймшигтай тод болж ирнэ гээч. Ингээд л хэлж тайлбарлахын аргагүй учир битүүлэг үйл явдлууд ар араасаа хөврөх болно.
Гэвч Бурбон ямар учраас өөрийн мэдсэн байх боломжгүй зүйлсийн тухай өгүүлж, хэдий Артём дайнаас өмнөх энх тунх цагийн олон арван номыг уншиж байсан ч гэлээ өөрийнх нь мэдэхгүй зүйлсийн талаар өгүүлж байхад яагаад тэр дор нь анхаарч сонссонгүй вэ? Яг л Бурбон учир битүүлэг далдын хүчинд автаад ухаан санаагаа эзэмдүүлэх шиг болсон тэр мөчөөс эхлээд хэрэв тэр самуурч уналгүй үргэлжлүүлэн ярьсан бол чухам юун тухай өгүүлэх байв? Өөрөө түүнтэй ярилцсан бол тэр юу гэх байсан бол? Хэрэв Бурбон үхээгүй бол яах байсан бол? гэх мэтээр Артём элдвийн зүйлсийг ургуулан бодож суулаа ...
Болж өнгөрсөн бүхнийг мартахыг Артём ямар ихээр хүсч байсныг нь хэлэхэд илүүц биздээ. Гэвч тийм зүйлсийг мартаж чадах хэн байх билээ? ВДНХ-д олон жил амьдрахдаа мань хүн ер бусын явдлуудын талаар бишгүйдээ л олж сонссон юм. Тиймэрхүү хачирхалтай яриануудад итгэхэд бэрх ч гэлээ сонсоход сонирхолтой байдаг байлаа. Харин одоо бол тэр өөрөө адал явдлын баатар нь болжээ. Бодлын ертөнцөөс эргэн ирсэн Артём тэгээд толгойгоо сэгсэрч, ийш тийш нь харлаа ...
Дүрэлзэн асах галруу удтал ширтсэн тул хүрээлэн буй орчин нилэнхүйдээ харанхуйд автаж, зөвхөн өртөөнд түүдгийн хамтаар хоёул үлдсэн мэт түүнд санагджээ. Харанхуйд дассан хүүхэн хараа нь томорч сая нэг орчин тойрныг харах боломжтой болжээ. Туннелрүү нэвтрэн орох гарцын дээр байдаг, ажиллахаа болиод тоосонд дарагдаад удаж буй электрон цагийг олж хараад Артём, яагаад Ханыг өөртэй нь 'Үдшийн мэнд' хэмээн мэндэллэсэн талаар гайхан бодож суув. Тэгээд тэр :
'Одоо үнэхээр орой болж байгаа хэрэг үү?' гэж Ханаас асуув.
'Миний хувьд бол тиймээ'
'Юу гэсэн үг вэ?'. Артём түүний хариултыг ойлгосонгүй.
'Тэгэхээр чи цагтай газраас ирсэн нь тодорхой байна Артём, та нар бүгдээрээ л өртөөнүүдээр дайрч өнгөрөхдөө бугуйн цагаа туннелийн гарцны дээрх улаан тоонуудтай жишиж үздэг байх л даа. Чиний хувьд цаг хугацаа гэдэг бол хүн бүрт л адилхан нөлөөлдөг эд байх, яг л гэрэл шиг. Харин энд бол эсрэгээрээ гээч : энд бусдын үйл хэрэг нөгөө нэгэнд нь огт хамаагүй байдаг юм. Энэ хүртэл явж ирсэн явуулын гийчинтэй хэн ч гэрлээ хуваалцахдаа таатай ханддаггүй бөгөөд асуух гээд ч хэрэггүй, дэмий л тэднийг уурлуулахын нэмэр. Хэнд энд гэрэл хэрэгтэй байна тэр өөрөө л гэрэлтэйгээ хамт ирэх хэрэгтэй дээ. Цаг хугацаа ч мөн үүнтэй адилхан : хэн цаг мэдэхийг хүснэ, тэр хүн өөрөө л цагтайгаа ирэх хэрэгтэй болно. Бүгд л энд өөр өөрсдийн цагаар үйл хэргээ явуулдаг юм. Хүн бүр л өөрийнхөө тооцоог үнэн зөв гэдэгт итгэдэг. Миний хувьд одоо үдэш орой болж байна, харин чамд бол өглөө - тэгээд юу гэж? Яг л эрт үеийн хүмүүс зууханд цогшсон нүүрсийг унтрахаас нь урьтаж ахин дахин гал өрдөх гэж хичээдэг шиг та нар цаг хугацааг дэндүү нарийн хэмжиж, өдөр хоногийг тоолж суудаг улс юм. Бас нүүрс ч үгүй, зуух ч үгүй хоцорсон өөр хүмүүс бий гэдгийг санаарай. Аан гээч дүү минь, хэрэг дээрээ метроны хонгилуудад үргэлж харанхуй шөнө болж байдаг юм шүүдээ, тийм ч учраас цаг нарыг мэдэх гэж тэгтлээ их хичээх хэрэг байдаггүй юм. Чи өөрийнхөө цагийг ажиглаад нэг үз, харин хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг нь анзаарахыг хичээгээрэй. Энэ үнэхээр сонирхолтой шүү. Тэд чамд ажиглагдахгүйгээр хувьсан өөрчлөгдөж байдаг юм. Олон хэсэгт бутран хуваагдаж, цагийн зүүнүүд минут, секундыг заах болно. Цаг бол яг л мөнгөн ус шиг : тарж бутарсан ч гэлээ эргэж өөр хоорондоо нэгдэн нийлж чаддаг нь гайхалтай, ингээд зогсохгүй өөрийн чиглэлийг тэд олж дөнгөнө гээч. Харин хүмүүс түүнийг аргамжиж, ханандаа өлгөж мөн халаасандаа хийх болсон юм. Гэхдээ чи түүнийг сул орхиод нэг үз, тэгвэл чи цаг хугацаа гэдэг хүн бүрийн хувьд харилцан адилгүй үйлчилж байдгийг нь анзаарна. Зарим нэгний нь хувьд угзраад хаях тамхины иш шиг үнэ цэнэгүй мэт санагддаг байх, гэвч өөр нэгний хувьд зөвхөн болоод өнгөрсөн үйл явдлын дараагаар л түүнийг анзаарч амжихаар тийм чухал хэрэгцээтэй байдаг юм. За тэгээд одоо өглөө болж байна гэж бодож байна уу? Магадгүй чиний зөв ч байж мэднэ, үнэхээр өглөө болж байх магадлал тун өндөр юм. Ойролцоогоор 25%-ын магадлал бий гээд тооцоолоод үз л дээ. Гэвч тэр дээр хүмүүс амьдрахаа болиод удаж байна хүү минь, тиймээс газар доорх мань мэтэд нь энэ бүхэн ямар хамаа байх вэ? Тэгэхээр чи намайг "үдшийн мэнд" гэж мэндлэхэд хариуд нь "өглөөний мэнд" гэж хэлсэн ч болно. Учир нь энэ өртөөнд цаг гэж байдаггүй юм. Гэхдээ нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд би энэ газарт орогноод яг дөрвөн зуун ерэн өдөр болж байна даа.'
Ингэж хэлээд Хан чимээгүй болов. Түүнийг халуун цайгаа оочиж суух зуур Артём өөрийнх нь ирсэн газарт тэд өртөөний цагийг хэрхэн ариун нандин шүтээн мэт тахиж шүтдэгийг, мөн хэн нэгэн түүнд гар хүрэх юм бол ямархан хүндхэн шийтгэл оноогдуулдагийг, бас тэгээд хэрэв цаг нь алга болчихвол ямар хөгийн явдал болох бол гэж төсөөлөн дотроо инээд нь хүрч суулаа.
'Хууччуулын ярьдгаар бол ... галт тэрэг хөдөлж эхлэх үед вагоны зорчигчдод хандаж "Хаалга хаагдахаас болгоомжилно уу, дараагийн зогсоол бол тэр газар, харин дараагийн өртөө та бүхний зүүн эсвэл баруун гар талд чинь байгаа" гэж автомат хоолойгоор зарладаг байсан гэдэг ... энэ үнэн болов уу?'
'Тэгээд, чамд юу нь сонин байна?' гэж Хан хэлээд өрөөсөн өмсгөө өргөв.
'Үгүй яахавдээ, тэд зорчигчдыг өртөөний тавцангийн яг хаана нь явж байна гэдгийг яаж мэддэг байсан юм бол оо л гэж. Хэрэв би өмнөдөөс умардруу явж байсан бол өртөөний тавцан миний баруун талд, харин умардаас өрнөдрүү явж байна гэвэл зүүн талд минь байхсан. Бас би буруу санаагүй бол галт тэрэгний суудлууд нуруугаараа хананд налсан байдаг байхаа. Зорчигчдын тал нь баруун захад, нөгөө нэг нь эсрэг талын суудлууд дээр суугаад үлдсэн нэг нь зогсч явахад хүрнэ. Хүн бүрийн хувьд өөр өөр зүгрүү харж байна шүүдээ.'
'Давгүй сэтгэж байна гээч' гэж Хан их л хүндэтгэсэн янзтай хариулав. Тэгээд тэр, 'Учир нь галт тэрэгний жолооч нар өөрсдийнхөөрөө л зүг чигийг тооцоолно шүүдээ. Жолоочийн бүхээгэндээ тэд зөвхөн урагш замруу л харж явна. Тиймээс тэдний хувьд баруун бол баруун, зүүн бол зүүн болно. Харин чинийхээр бол тэд юу ч хэлэхгүй байж байсан нь дээр юм байна л даа, хэх. Бага байхдаа би эдгээр үгнүүдийг сонсч л байсан юм байна, гэхдээ анхаарлаа хандуулдаггүй байж.' гэлээ.
Хэсэг хугацаанд тэд чимээгүй суусны дараагаар нам гүмийг эвдэж Хан, 'Чи надад найзад чинь юу тохиолдсон талаар хэлэхгүй юм уу?' гэж асуув.
Артём жаал чимээгүй суух зуураа, энэ хүнд Бурбонд тохиолдсон хачирхалтай явдлын тухай мөн харанхуй хонгилд хоёр ч удаа олж сонссон учир битүүлэг шуугианы талаар ярих нь зөв үү гэж дотроо бодоод амжив. Хэрэв хэн нэгэн хүнд энэ бүгдийг ярих ёстой гэвэл маргаан байхгүй өөрийгөө Чингис Хааны хойд нас гэж өргөмжилсөн, өөрийнх нь хувьд цаг хугацаа үйлчилдэггүй энэ хүнд ярих нь зөв гэж тэр шийджээ. Тэгээд Артём өөрт тохиолдсон бүхнээ урд хойно нь оруулан байж ярьж гарлаа. Энэ бүхнийг сонсч суусан Хан :
'Наадах чинь үхлийн дуу хоолой байна.' гэж аяархан дуугаар шивнэх шахуу хэлжээ.
'Юу?' гэж Артёмыг гайхан асуухад,
'Чи үхлийн дуу хоолойг сонссон байна, дүү минь. Эхэндээ бараг л үл сонсогдом чимээгүй байж байгаад тодорч эхэлсэн гээ биздээ? Тиймээ, наадах чинь мөн байна.'
'Юун үхэл?'
'Метро анх баригдаж, ашиглалтанд орсон цагаасаа л эхлээд хүмүүсийн амь насыг авч одсоор ирсэн юм. Яагаад би өөрийгөө Чингис хааны хамгийн сүүлчийн хойд нас гэснийг чи мэдэж байна уу? Учир нь хойд нас гэдэг зүйл одоо байхаа больсон. Хүн бүр л төгсгөлтэй нүүр тулж байна, найз минь. Гэвч нарийн учрыг нь би яг таг сайн тайлбарлаж мэдэхгүй юм. Там бас диваажин ч мөн адил үгүй болсон. Завсрын ертөнц ч гэж байхгүй гэж мэд. Хүний сүнс биенээсээ салж одоход - ингэхэд чамайг ядаж л сүнсэнд итгэдэг гэж найдая ... За байз, чамд юу гэж тайлбарладаг юм билээ? Энэ бүхэн яг л энэ данх жинхэнэ гэдэгтэй адилхан бодит зүйл. Ойлгож байна уу, бодит зүйл. Бид там бас диваажинг хоёуланг нь үгүй хийсэн улс ... эхх ... бид ч үнэхээр хачин ертөнцөд амьдарч байна шүү. Энэ ертөнцөд бол үхэгсдийн сүнснүүд хаана байгаа тэр газраа л үлдэж хоцрох болно. Ингэхэд чи ойлгож байна уу? Чамайг нас барлаа гэж бодоход чиний сүнс чинь дахин хувилж, ахин төрөхгүй гэсэн үг. Диваажин гэж байхгүй болсон болохоор сүнс чинь амар тайван ангижрах талаар бүр санахын ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл чиний үхэн үхтлээ амьдрах энэ л метронд чи хоргодож үлдэх болно гэсэн үг. Магадгүй би чамд тодорхой сайн хариултыг өгч чадахгүй байж мэдэх юм, гэвч нэг зүйл тодорхой гэдгийг санаж яв : бидний ертөнцөд бидний сүнс биднийг үхсний дараагаар энд, энэ газарт, метронд үлдэх болно ... тэд хаашаа ч явах газаргүй болсон тул цаг хугацааг дуусан дуусах хүртэл газрын гүний харанхуй энэ нүхэнд орогнох болно. Метро бол одоо материаллаг ертөнцийн өөр ертөнцтэй нэгдсэн нэгдэл болсон. Бидний мэдэх там бас диваажин энд хамтдаа цогцолж, бид үхэгсдийн ертөнцөд амьдарч, биднийг үхэгсдийн сүнс тойрон хүрээлж байна. Галт тэргэнд няц дайруулсан, бусдад буудуулсан, хутгалуулсан, хүчиндүүлсэн, шатаж бас осгож үхсэн, араатан амьтдын идэш болсон, өөр бусдын хэзээ ч төсөөлөхөөргүй тийм хачирхалтай үхлээр үхсэн тэр бүх хүний сүнснүүд энд, энэ метроны хонгил туннелиудэд хуран цуглах болсон юм. Гэвч ... тэднийг би хааш нь явчихав бас яагаад, мөн яагаад тэд бидэнд мэдрэгдэхгүй байна вэ, яагаад түнэр харанхуйн дундаас тэдний хүйтэн харцыг мэдрэхээ болив хэмээн гайхахад хүрч билээ ... харанхуй хонгилын хар аймшигт танил дасал болоод тэр юм болов уу? гэж өөрийгөө би сэнхрүүлэх болов. Тэгээд би тэднийг хоосон хонгилоор, алхам алхмаар биднийг мөшгин дагаж, харин биднийг эргэн харах тэр мөчид эргээд харанхуйд нуугддаг байсан гэж сэтгэдэг байлаа. Хүний нүд гэдэг ийм зүйлд даан ч тусгүй юм. Үхэгсдийг чи нүдээрээ олж харж хэзээ ч чадахгүй. Гэвч ар нуруугаар чинь хүйтэн төмрөөр хайрах шиг болж, арьсны чинь үснүүд хөрзийн босч, хамаг бие чинь салгалан чичирч байгааг чи анзаарах болно. Энэ бол үл үзэгдэгч хүчний дэргэд чинь ирсний баталгаа гэж мэд ... Өмнө нь би ингэж л боддог байлаа. Харин чиний ярьж өгсөн зүйл чинь надад ихийг тайлбарлаж өглөө шүү, хүү минь! Тэд хоолой сувгуудруу, трубануудруу явж орсон байна. Тэд харилцаа холбооны шугамнуудруу яваад орчихсон байна ... их хачин хэрэг шүү ... их олоон жилийн өмнө, миний эцгийг, мөн миний өвөг эцгийг мэндлээгүй байхад одоо бидний дээр сүндэрлэх нэгэнт үхдлийн хот болоод удаж буй тэр газарт нэгэн жижиг гол урсдаг байж л дээ. Гэвч жирийн нэг гол биш, хүмүүс түүнийг аргамжиж, удирдаж бас чиглүүлдэг байсан тийм нэгэн урсгал ус байлаа. Магадгүй тэдний зарим нэг нь одоог хүртэл урссаар л байгаа биз. Харин одоо түүний оронд Стикс мөрөн өөрөө уг хоолой, трубануудаар цутгах болсон бололтой ... Найз чинь өөрийнхөө хэлээр ярьж байсан гэж чи бодно уу? Үгүйэ, тэгээгүй. Тэд үхэгсдийн дуу хоолой байсан юм. Түүнийг тэр бодол дотроо сонссон байна, тэгээд хэлж байгаа зүйлсийг нь давтан хэлсэн байна. Ингээд тэд түүний биеийн эзэмдэн авсан байна шүүдээ.'
Энэ бүх ярианы туршид Артём түүнийг нүд салгалгүй ширтэж суулаа. Хэдий түүний талд сүүдэр хуралдах авч Ханы царай улаа бутраад, бас түүний харцанд нь гал дүрэлзэж байсан юм ... Харин түүнийг яриагаа төгсгөх үед нь Артём, маргаан байхгүй Ханыг галзуу солиотой хүн байна гэх дүгнэлтэнд хүрч гэнээ. Хэдий Хан түүнийг үхлээс аварсан ч гэлээ, хэдий түүнд тус дэмжлэг үзүүлж хоол ундаар дайлсан ч гэсэн түүний дэргэд өнгөрүүлэх цаг мөч бүхэн нь улам илүү тав тухгүй болоод байгаа юм шиг түүнд санагдах боллоо. Мөн метроны ертөнц дэх туннелиудын дотроос муу нэрээрээ данстай, чөтгөр шүглэсэн гэмээр тэр газраар, Сухаревская болон Тургеневская хоорондох ёрын тэр хонгилоор хэрхэн явах талаараа тэр бас бодож суулаа.
Хэсэг хугацаанд чимээгүй суусны дараагаар Хан 'Намайг өршөөгөөрэй, ийм зүйл хэлж байгаад. Гэвч найзын чинь сүнс нэгэнт одоо дээд тэнгэрт заларч чадахгүй шигээ хойдын төрлийг мөн олж чадахгүй болсон учраас хоолой трубануудаар хэсүүчлэх бусадтайгаа нэгдсэн гэдэгт итгэлтэй байна.' гэлээ.
Энэ үгийг сонсоод Артём, эргэн явж Бурбоны цогцсыг эрж олоод, өртөөнд авчирч ном ёсоор нь оршуулах ёстойгоо санав. Бурбон хэлэхдээ энд түүний найзууд бий гэсэн билээ. Мөн Артём Бурбоны үүргэвчийг олж хараад, дотроос нь өөрийн хагас автоматыг авах зуураа хэрэг болох зүйлс тэнд бий эсэхийг шалгахаар шийджээ. Тэгээд тэр гараа сунгав.
Хүмүүсийн сэжигтэй харц түүн дээр болон түүний үүргэвчин дээр тусч байхад цүнх уудалж суух нь түүнд амар байсангүй. Ингээд тэр үүргэвчний амыг хагас онгойлгоод дотор нь гараа шургуулжээ, тэгээд тийнхүү тэмтэрч байтал,
'Эмээх хэрэггүй дээ' гэж Хан хэлээд, 'Одоо наад зүйл чинь чинийх болсон' гэв.
'Энийг чинь хулгай хийх гэдэг юм' гэж Артём түүнд аяархан шивнээд үүргэвчнээс гар авлаа.
'Одоо найз чинь үгүй болсон болохоор айх хэрэг юу байнаа.' гэж хэлээд Хан цааш нь, 'Би бодохдоо, үхэгсдийн сүнс хоолойруу явж орсныхоо дараагаар бусадтайгаа нэгдэж, нэгэн бүхэл болдог байх гэж сэтгэх юм. Тэдний хүсэл зориг нь ч мөн бусдынхтайгаа адил уусч үгүй болдог биз ... Яахав, чи үхэгсдээс биш амьд нэгнээс нь айдаг юм бол, энэ цүнхийг өртөөний голд аваачаад л хаячих. Хэн ч чамайг хулгайн хэрэгт хардаж сэрдэхгүй. Гэхдээ чи тэр залууг аврах гэж оролдсон гэдгээ битгий мартаарай, үүний чинь хариуд тэр чамд талархах байсан л биздээ. Тиймээс энэ цүнхийг түүний чамд өгсөн төлөөс гэж тооц.' гэлээ.
Тэр тун бардам бөгөөд итгэлтэй нь аргагүй ярьж байсан тул Артём үүргэвчийг нээж үзэхээр зориг шулуудав гэнэ. Тэгээд гараа тэр дотогш оруулаад дотор нь байсан зүйлсийг гаргаж ирээд нэвсийж урагдсан хуучин цэргийн хүрэмний дээр өрж эхэлжээ. Тэнд Артёмд өгсөн хоёрыг нь эс тооцвол бүтэн дөрвөн дайз дүүрэн сум байлаа. Худалдаачин эр гэхэд ийм хэмжээний хангамжтай явна гэдэг үнэхээр ер бусын хэрэг шүү. Артём таван дайзыг нь авч даавуунд ороогоод үүргэвчиндээ хийв. Харин үлдсэн нэгийг нь Бурбоны Калашниковын автоматанд хийлээ. Бууны замгийг нааш цааш нь хөдөлгөж тэр үзлээ. Аюулгүйн түгжээндээ эргэж орохдоо л жаахан гацаж байсныг эс тооцвол бууны эдэлгээ нь тун сайн, ажиллагаа нь хэвийн байх аж. Товчхондоо бол буу яг л шинэ мэт харагдаж байлаа. Бариул нь гарт эвтэйхэн бөгөөд эх биеийг нь сайхан гэгч нь зүлгэж өнгөлсөн байна. Бууны бөх бат байдал нь түүнд итгэл найдвар хийгээд аюулгүй байдлыг амлах шиг болжээ. Хэрэв Бурбоноос цор ганцхан зүйлийг нь ав гэвэл эргэлзэх зүйлгүйгээр Артём уг бууг сонгож авах байв.
Харин Бурбоны түүнд өгнө гэж амалсан 7.62-ын голчтой сумнууд тэнд байсангүй. Ийнхүү Артёмд хэрхэн төлбөр өгөх байсан нь ч мөн тодорхойгүй үлдсэн юм. Эсвэл ... бүр магадгүй тэр түүнд төлбөр төлөхөөс татгалзаж байснаас гадна, метроны тэрхүү аюултай хэсгийг өнгөрсний дараагаар ар нуруунд нь тулгаж байгаад Артёмыг буудаж хөнөөх байсныг үгүйсгэх аргагүй юм. Тэгээд амьгүй болсон түүний цогцсыг агааржуулалтын хавхлагруу унагаах байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Дараагаар нь түүнээс Артёмын хаана байгааг асуувал түүнд хэлэх түмэн янзын хувилбар бас бий билээ. Ер нь ч тэгээд метро бол, тэнд юу ч тохиолдож мэдэхээр тун аюултай газар байсан юм.
Зөвхөн эзэмшигч нь өөрөө л ойлгохоор элдэв янзын зураг тэмдэглэгээ хийсэн метроны газрын зурагнуудаас гадна тэнд зуун грамм өвс байж байлаа. Мөн пластик саванд хийж багласан утсан махнууд байсны дээр цүнхний ёроолд нэгэн тэмдэглэлийн дэвтэр байв. Сухаревскын хараалд идэгдсэн тэр туннелиэр эргэлт буцалтгүй явахаар шийдсэн Бурбоны цүнхнээс анхаарал татахаар өөр зүйл юу ч гарч ирсэнгүй. Урам нь хугарсан Артём тэрхүү дэвтрийг тоож уншсангүй. Учир нь мань эр уг цүнхнээс ямар нэгэн нууцлаг хийгээд хачирхалтай зүйлсийг хайж байж л дээ. Тэгээд Бурбоныг хэн нэгний гар хөл, магадгүй зам зуурын дээрэмчин тонуулчин байсан гэдэгт яагаад ч Артём итгэж эхлэх нь тэр. Удалгүй Артём аяны үүргэвчин доторх бүх зүйлсийг гаргаж тавьжээ. Бурбоны хэрэг зориг магадгүй өөр шалтгаантай байсан байж мэдэх юм гэж Артём өөртөө итгүүлж суулаа. Тэгээд тэр Бурбоны тухай, мөн түүний Сухаревская хүрэх гэсэн шалтгааны тухай удтал боджээ.
Гэнэтхэн Артём хөөрхий тэр эрийн амьгүй болсон цогцсыг эргээд санав. Хулгана хархнуудын зоог болгох гэсэн мэт метроны хүйтэн хонгилд үлдээсэн түүний хүүрийг эргэж очоод авчрахаар тэр шийдэв гэнэ. Харин нэгэнт авчирсан хойно хэрхэн түүнтэй салах ёс гүйцэтгэх билээ? Түүнийг шатаах уу? Хэрэв тэгж гэмээнэ метроны давчуу хонгилуудад амьсгалах аргагүй утаа манан татуулж, түлэгдсэн арьс махны үнэрийг талаар нэг тараах нь яавч сайн санаа биш байлаа. Мөн түүний цогцсыг тэндээс нааш нь зөөнө гэдэг бас л хүндхэн ажил байв. Ийм нөхцөл байдалд яах ёстойг та мэдэх үү? Зүгээр л түүнийг амьд байна гэж төсөөлөх хэрэгтэй бөгөөд энэ нь танд цогцсыг цааш нь зөөх хүчийг өгөх болно. Гэвч дараа нь юу болох бол? Магадгүй өөрт нь өгөх төлбөрийн талаар худал хэлсэн шигээ эндэх найзуудынхаа талаар мөн худал өгүүлсэн бол яана. Энэ тохиолдолд өртөөнд түүний цогцсыг авчирсан нь харин ч эсрэгээрээ муу зүйлийг дагуулж мэдэх юм.
Ийнхүү элдвийг удтал бодосны эцэст Артём, 'Ингэхэд та нар энд үхэгсдийг хэрхэн аргалдаг вэ?' гэж Ханаас асуужээ.
'Юу гэсэн үг вэ, найз минь?' гэж Хан асуултыг асуултаар хариулаад, 'Биенээсээ салж одсон сүнснүүдийг хэлж байна уу, эсвэл тэдний амьгүй болсон хүүрийг хэлэв үү?' гэжээ.
'Цогцоснууд' гэж Артём амандаа бувтнав. Ингэж хэлэхдээ Артём ахиад л Ханыг өнөөх далд ертөнцийн талаарх элдвийн дэмий балай зүйлсээ донгосох вий хэмээн айж байлаа.
'Проспект Мирээс Сухаревская хүрдэг хоёр туннель байдаг юм.' гэж хэлэхэд нь Артём галт тэрэг хоёр чиглэлд явдаг тул зэрэгцээ хоёр туннель байх ёстой гэдгийг саналаа. Хоёрдахь туннелийн талаар Бурбон мэдэж байсан болов уу? Аль эсвэл хоёрдахь туннельд нь илүү их аюул нуугдаж байсан хэрэг үү? 'Гэхдээ чи ганцаараа л явах хэрэгтэй' гэж Хан хэлээд, 'манай эндээс холгүй орших хоёрдахь туннел нь маш том ангалаар дайрч өнгөрдөг юм. Хүмүүсийн ярихыг сонсохнээ бүхэл бүтэн галт тэрэг газрын гүнрүү цөмрөөд орчихсон гэдэг юм билээ. Хавцлын ирмэг дээр чи зогсоод нөгөө төгсгөлрүү нь харах гээд үзээрэй л дээ. Чи юу ч олж харахгүй гэж мэд. Хэдий хурц гэрэл тусгаад ч ёроол нь хүртэл харагддаггүй юм. Яг л ёроолгүй юм шиг ... Энэ л бидний оршуулгын газар даа. Үхэгсдийн цогцсыг бид тийш нь чулууддаг юм.' гэлээ.
Харханд сэглүүлсэн Бурбоны цогцсыг хонгилоор нэг чирч гулдарч явсаар өртөөнд авчирна, тэгээд дараагаар нь Ханы хэлсэн өнөөх хоёрдахь туннелийн харанхуй нүхэн хавцалруу явна гэж бодохоос Артёмын хамаг бие нь эвгүйрхэж байлаа. Гэвч үнэндээ цогцсыг хавцалруу шидэх, хонгилд үлдээхийн аль нь ч ном ёсны оршуулга биш байсан тул энэ нөхцөл байдалд түүнийг тэнд нь үлдээх нь дээр байв. Артёмын бие нь хөлөрч, тэр бодолд дарагдаж бас эргэлзэж байлаа. Тэгээд тэр өндийн босч, өөрийн шинэ буугаа мөрөндөө үүрээд :
'Гүйцээ. Би явлаа. Нэгэнт түүнд амалсан учраас өөр арга алга.' гэж хэлээд Артём буудлын тавцангаас доош буудаг төмөр шатыг чиглэн алхав. Шатаар доош буухаасаа өмнө гар чийдэнгээ тэр асаажээ. Гэвч Артём тэндээс цааш хөдлөлгүй хэсэг хугацаанд эргэлзэж зогсов гэнэ. Чийгтэй бас тааламжгүй үнэр ханхийж, түнэр харанхуй хуралдсан харанхуй хонгилын зүг явахыг тэр оролдов ч яг л гүйдэлтэй газар ирсэн агт адуу мэт хоёр хөл нь тушигдаад цааш хөдөлж өгсөнгүй гэнэ. Зоригоо тэр чангалаад, гүнзгий гэгч нь амьсгаа аваад урагш алхах гэтэл хэн нэг нь түүний мөрөн дээр гараа тавьжээ. Цочсондоо Артём дуу алдаж, золтой л мөрөндэх буунаасаа шүүрээд авчихсангүй ...
Энэ Хан байлаа.
'Битгий ай.' гэж тэр Артёмыг тайвшруулав. 'Би зүгээр л чамайг шалгасан юм. Чи тийш нь явах шаардлагагүйэ. Найзын чинь цогцос тэнд байхгүй байгаа.' гэх нь тэр. Артём түүнийг гайхсан харцаар харахад Хан,
'Чамайг унтаж байх хооронд чинь би оршуулгын ёсыг гүйцэтгэчихсэн. Тийм болохоор чи тийш явах шаардлагагүй гэсэн үг. Хонгил одоо хоосон байгаа.' ингэж хэлээд Хан өртөөний зүг эргээд явчихлаа.
Сэтгэл санаа нь тайвширсан залуу хүү Ханы араас яаралгүйхэн шиг дагаж явлаа. Тэгээд арван алхмын зайд түүнийг гүйцэж очоод,
'Танд тэгэх хэрэг байсан гэж үү, бас яагаад надад хэлсэнгүй вэ? Түүнийг туннелд үлдээсэн, өртөөнд авчирсан хоёр ялгаагүй гэж хэлсэн хүн нь та биш билүү?' гэж асуув.
'Мэдээж хэрэг надад ямар ч хамааралгүй' гэж Хан хэлээд мөрөө сэгсэрлээ. 'Харин чамд бол чухал шүүдээ. Мөн чиний аялал чинь зорилготой, зам чинь урт бөгөөд эрсдэлтэй болохыг би мэдэж байна. Чухам чиний даалгавар юу болохыг би мэдэхгүй ч ганцаараа чи нуруун дээрээ ийм их ачаа үүрч явж яасан ч таарахгүй. Тэгээд л яахав, чамд жаахан тус хүргье гэж шийдсэн минь тэр.' гэж хэлээд Хан Артёмруу хараад инээмсэглэв.
Тэд цааш явсаар удалгүй өнөөх ил галын дэргэд хүрч ирсэн бөгөөд өнгөө алдаж үрчийж хуйларсан брезент дээрээ эргээд сууцгаалаа. Артём,
'Ингэхэд та миний даалгавартай яваа гэдгийг яаж мэдсэн билээ? Зүүдэндээ би ямар нэгэн зүйлийг хэлчихэв үү?' гэж тэр Ханаас асуув.
'Үгүй найз минь, унтаж байхдаа чи хүний урманд ямар ч чимээ анир гаргаагүй шүү. Харин чамайг ирж байгааг чинь би урьдаас харсан юм. Надад үзэгдсэн тэр нэгэн хүн хэлж өгсөн юм л даа. Тэгээд л би чамайг найзынхаа цогцсыг чирч явахад чинь олж очсон юм шүүдээ'
'Тийм гэж үү?' гэж Артём үл итгэсэн янзтай асуугаад, 'Таныг буун дуу гарахыг сонсоод ирсэн байх гэж бодож байлаа ...' гэв.
'Тиймээ би сонссон. Хонгилоор нэг цуурайтаж байхад сонсохгүй хэн байх билээ. Гэхдээ хонгилд буун дуу гарах бүрт намайг тийш нь явж очдог гэж санаа юу? Хэрэв тийм сониуч зантай байсансан бол альхэдийнээ би үхэлтэйгээ учрах байсан биз. Харин чи бид хоёрын учрал бол онцгой тохиолдол гэж мэд'
'Харин танд үзэгдсэн хүн гэдэг чинь хэн билээ?'
'Хэн гэдгийг нь би хэлж чадахгүй нь. Би түүнийг харж байгаагүй шигээ мөн түүнтэй уулзаж учирч явсангүй. Гэхдээ чи түүнийг мэдэж магадгүй. Тэр ер бусын их хүчтэй нэгэн гэдэг нь илт байсан, тэгээд би түүнийг олж харсан юм, гэвч бодит амьдрал дээр биш л дээ. Умардын хонгилоор ирж буй залуу хөвгүүнд туслахыг тэр надад тушаасан юм. Тэгээд чиний дүр зураг нүдэнд минь үзэгдсэн хэрэг. Хэдийгээр энэ бүхэн ердөө зүүд байсан ч маш үнэмшилтэй санагдсан гэдгийг хэлэх байна. Харин сэрэх үедээ би зүүд эсвэл бодит байдал хоёрыг бүр ялгах гээд чадаагүй шүү. Тэр хүчирхэг хүн халзан толгойтойгоос гадна цав цагаан хувцастай байсан ... Чи ингэхэд түүнийг таних уу?' гэж асуулаа.
Ханы дүрсэлсэн тэр хүний төрх Артёмын толгойд тод гэгч нь орж ирлээ. Түүнийг аварсан өнөөх эрийн зүүдэнд үзэгдсэн тэр хүн бол ... Анчин байлаа! Мөн өөрийнх нь зүүдэнд үзэгдсэн тэр дүр зураглалтай яг цав таарч байсанд Артёмд үнэхээр их балмагдав. ВДНХ өртөөнд байхдаа өмсч байсан борооны цувтайгаа биш цас шиг цагаан хувцастай байсан гэдэг нь хүртэл тохирч байлаа.
'Тиймээ. Би тэр хүнийг танина.' гэж Артём хэлээд, Ханруу арай л өөр харцаар харж эхлэв.
'Тэр зүүдэнд минь дайрч орж ирсэн явдлыг би хэзээ ч уучлахгүй. Гэвч тэр энгийн нэгэн хүн биш байсан' гэж хэлэхдээ Хан сэтгэл түгшсэн байдалтай ярьж суув. Тэгээд тэр, 'Яг л чамд миний тусламж хэрэг болсон шиг түүнд ч бас хэрэгтэй болж л дээ янз нь. Тэр надаас үүнийг шаардаагүй ч, мөн надаас асуугаагүй ч яг л тэр намайг захирах шиг болсон юмдаг. Гэхдээ тэр их л зовиуртай байх шиг надад санагдсан, тун их зовиуртай ... Тэгээд тэр гараа сунгаж миний мөрөн дээр гараа тавьсан. Харин сэрэнгүүтээ би чиний өөдөөс замд гарсандаа.' Хан ингэж хэлэв.
Артёмын толгойд хариултгүй үлдсэн түмэн янзын асуулт эргэлдэж байх атал Ханаас олж дуулсан сүүлийн эдгээр үгс бүр ч хачирхалтай санагдаж, тархи толгойг нь бүр эргүүлж гүйцэв гэнэ. Хэлэх үггүй залуу хүү хэлж тайлбарлахын аргагүй хачин зүйлс болоод байгааг зөнгөөрөө тэр мэдэрч байлаа. Үнэхээр энэ хүн бүхнийг урьдаас харж чаддаг гэж үү? Үнэхээр Анчин түүний зүүдэнд нэвтэрч ороод түүнд дохио сануулга өгөв үү? Анчин амьд байгаад, магадгүй тэр биегүй сүүдрийн биелэл болж хувирав уу? Удалгүй Артём өөрийн эрхгүй Ханы хэлж ярьж байсан далд ертөнцийн тухай элдвийн ярианд нь итгэж эхэллээ. Энэ бүхнийг үл ойшоож өнөөх эрийг галзуу солиотой нэгэн гэж хэлэх нь түүнд илүү амар байсан ч зөвхөн өөрийнх нь мэдэж байх учиртай зарим нэг зүйлсийг тэр хүн мэдэж байсанд нь мөн эргэлзэж байлаа.
Яг л түүний ухаан бодлыг уншиж байгаа гэлтэй чимээгүй бас тайван гэгч нь Артёмыг ажиглаж байснаа Хан, 'Чи хаашаа явж байгаа билээ?' гэж асуув. 'Надад хэл л дээ, хаашаа явж байгаагаа. Магадгүй миний хүч чадал хүрвэл дараагийн алхмаа хийхэд чинь чамд туслаж болох юм. Тэр ч бас надаас үүнийг хүссэн.' гэв.
'Полис' гэж Артём хэлэв. 'Би Полисруу явах хэрэгтэй байна.'
'Тэгвэл бурхан мартсан энэ өртөөнөөс чи яаж тийш нь хүрэх гэж байнадаа?' гэж эргэлзсэн Хан түүнээс асуув. 'Найз минь, чи Проспект Мирээс Курскаяа юмуу эсвэл Киевская өртөөнүүдрүү явах хэрэгтэй байж дээ.'
'Ханзагийнхан тэнд бий шүүдээ. Мөн тэндээс надад таньж мэддэг хүн амьтан байхгүй учраас түүгээр явахад бүр ч их асуудалтай байна. Тэгээд ч би Проспект Миррүү дахин очиж чадахгүй нь. Тэр аймшигтай туннелиэр дахин явна гэхээс хамаг яс минь хавталзаж байна. Харин би Тургеневскаяруу л хүрье гэж бодож байнадаа. Би хуучин газрын зургаас харсан. Тэнд Сретенский Бульвар хүрдэг гарц байдаг гэж дүрсэлсэн байна. Тэгээд тэндээс дутуу баригдсан туннелиэр дамжаад Трубнаяруу хүрэх боломжтой.' гэж хэлээд Артём халааснаасаа хуйлаастай газрын зураг гаргаж ирэв. 'Харин Трубная өртөөнөөс Цветной Бульвар хүрнэ. Тэгээд тэндээсээ Полис ороход ямар ч асуудалгүй харагдсан.' гэж нэмж хэллээ.
'Үгүй дээ', гэж Хан гунигтай нь аргагүй хэлээд толгойгоо сэгсэрлээ. 'Чи Полисруу наад замаараа явж хэрхэвч болохгүй. Наад газрын зураг чинь чамд худлаа зааж өгч байна. Энх тунх байсан цагт наад газрын зургийг чинь зурж хэвлэсэн байна шүүдээ, харахгүй байна уу. Яахав, магадгүй тэд гүйцэт баригдаж дуусаагүй метроны шугамнууд, аль эсвэл нурж сүйдсэн өртөөнүүдийг дүрсэлсэн байж болох ч зам дагуу нуугдах саад бэрхшээлүүд бас тэнд биднийг хүлээх элдвийн аюулуудын талаар юу ч бичээгүй гэдэг нь тодорхой. Наадахыг чинь гурван настай хүүхдүүдэд л зориулж зурсан юмуу гэмээр ухаангүй бас гэнэн юм. Алив нааш нь өгөөдөх.' гэж хэлээд Хан Артёмын гараас газрын зургийг нь шүүрч авлаа.
Артём ч татгалзсангүй түүнд өгөв гэнэ. Гэтэл Хан газрын зургийг нь базаж орхиод галруу чулуудчихжээ. Артёмын уур маш их хүрсэн ч, маргалдахгүй байхаар шийдэж тэр биеэ барьж суулаа. Хан,
'Харин чи найзынхаа цүнхнээс олсон газрын зургийг гаргаад ирээч.' гэв.
Артём эд зүйлсээ удтал уудалсны эцэст газрын зургийг сая нэг олсон боловч Ханд өгөх гэж тэр яарсангүй. Үнэндээ тэр газрын зураггүй хоцрохвий гэхээс эмээж байсан хэрэг. Хан энэ бүхнийг нь мэдэнгүүтээ Артёмыг сэнхрүүлэх зорилгоор,
'Би наадахыг чинь яах ч үгүйдээ, битгий санаа зов. Надад итгэ. Би ямар ч шалтгаангүйгээр юу ч хийхгүй. Магадгүй чи миний хэлсэн зарим нэг үгс бас хийсэн үйлдэлд минь гайхаж л байгаа биз, тэгээд бас энэ бүгдийг ухаангүй хэрэг хэмээн бодож байгаа байх л даа. Гэвч тийм биш. Чи ердөө л ойлгохгүй байгаа хэрэг. Учир нь ертөнцийн талаарх чиний мэдлэгийн хязгаар тун бага юм. Тэгээд ч замынхаа ердөө эхэнд нь явж байна шүүдээ, дүү минь. Зарим нэг зүйлсийн талаар мэдэхэд чи хэтэрхий залуухан байна.' гэлээ.
Артём Ханд Бурбоны газрын зургийг өгөв. Дугтуйн дайны хэмжээтэй шаргал өнгийн ил захидал бүхий уг дөрвөлжин цаасны ар талд гацуур модонд өлгөсөн бөмбөлөг дээр 'Шинэ оны мэнд хүргье-2007 он.' гэж бичсэн байлаа.
Удалгүй, 'Энэ ч хүнд байна шүү' гэж сөөнгөтсөн дуугаар Ханыг өгүүлэхэд Артём толгойгоо дээш өндийлгөж түүнийг анхааралтай гэгч нь ажиглав. Хан өнөөх картыг гартаа барьсан байв. Тэгээд тэрхүү ил захидал Ханы гараас мултран газарт унахдаа яг л килограмаас илүү жин татаж буй гэлтэй тавхийн унах нь тэр! Хэдхэн секундын өмнө л Артёмын гарт байсан шүүдээ, гэвч Артём юуг ч мэдрээгүй байна. Түүний хувьд цаас шиг л цаас байлаа.
'Энэ газрын зураг чинийхээс хавьгүй илүү юм гээч.' гэж Хан хэлээд, 'Энэ ил захидал дотроо маш их мэдлэгийг агуулж байна. Чамтай хамт явсан хүнийх гэхэд үнэхээр итгэх арга алга. Энэ зурган дээрх энэ бүх тэмдэглэгээ, бас энэ зурааснууд ... энэ бүхэн маш ихийг өгүүлж байна. Гэхдээ, энэ яг л ...'
Ханы дууны өнгө илүү тод бөгөөд хурц болж ирлээ.
Гайхаж гүйцсэн Артём түүнийг хоёр нүдээ цавчилгүй ширтэж суулаа. Хан гүнзгий бодолд автаж, духанд нь гүн үрчлээс тодорчээ. Түүдгийн цогшин унтрах гал түүний нүдэнд ойн үзэгдэж, секунд өнгөрөх тутам царай төрх нь улам илүү аймшигтай болж байлаа! Айж цочсондоо Артём өртөөнөөс зугтааж, өнөөх хараал идсэн ёрын хонгилоор хүртэл эргээд гүйхээсээ буцахааргүй болтол нь тийм аймшигтай болж иржээ!
'Надад буцаагаад өг.' гэж ширүүн өнгөөр Хан түүнд хашгирах шахам хэлэв. Зандрах гэхээсээ илүү энэ нь яг л тушаал шиг сонсогдож байсан юм. 'Чамд дахиад нэгийг өгсөн ч яахав. Гэвч ялгааг нь чи хэзээ ч олж чадахгүй. Бас чиний юу гэх чинь надад хамаагүй' гэж тэр үргэлжлүүллээ. Ийнхүү хэлж байхдаа тэрээр яг л өөр хүн шиг болсон байлаа!
'Май ав л даа, энэ таных' гэж хэлээд Артём, түүний эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй үг дуугүй буулт хийжээ.
Төд удалгүй Хан ил галын дэргэдээс босоод явчихав. Тэгээд тэр сүүдэрт очиж зогсоод нүүрээ хоёр гарынхаа алгаар дарав гэнэ. Яг л тэр өөрийн биеийг хянаж буй гэлтэй, мөн өөрт нь бодол санааныхаа дотоод зөрчлийг харуулахгүй гэсэндээ нууж байгаа мэт Артёмд санагджээ.
'Харав уу, найз минь' гэж хэлэхдээ Ханы дуу хоолой хэдхэн хоромын өмнө сонсогдож байснаасаа хавьгүй илүү зөөлөн бас намдуу болсон байлаа. Тэгээд харанхуйн дундаас Хан, 'Наадах чинь газрын зураг биш байна. Гэхдээ яг ч биш гэж байгаа юм биш л дээ. Энэ бол Метроны хөтөч байна. Тиймээ, тийм, эргэлзэх зүйл алга. Энэ газрын зургийг эзэмшигч нь бүхэл бүтэн метрог хоёр өдрийн дотор туулдаг байж. Энэ газрын зураг чамд хаашаа явж, бас хэрхэн явахыг чинь зааж өгөх болно. Бас элдвийн аюулыг урьдаас хэлж өгч анхааруулах болно ... Нэг үгээр хэлбэл замыг чинь зааж өгнө гэсэн үг. Ийм л учраас хөтөч гэсэн юм шүүдээ.' Ингэж хэлээд Хан дахин галын гэрэлд гарч ирлээ. 'Би энэ зүйлсийн талаар сонсч байсан юм байна. Хэрэв би эндүүрээгүй бол метроны системд тун цөөхөн үлдсэн байх ёстой, магадгүй энэ хамгийн сүүлчийнх нь ч байж мэднэ. Маргаан байхгүй өнгөрсөн үед амьдарч байсан хүчирхэг зөн билигтний үлдээсэн өмч хөрөнгө биз.' гэлээ.
'Метроны хамгийн гүн хэсэгт суугч нэгэн' гэж хэлээд Артём, Хантай өөрийн сонссон зүйлийн талаар ярилцах гэснээ Ханы баргар цариаг хараад үгээ тасаллаа.
'Сайн мэдэхгүй зүйлийнхээ талаар хэзээ ч битгий ярьж бай! Метроны хамгийн гүнзгий хэсэгт нь чухам юу болж байдгийг чи мэдэхгүй биздээ - би ч бас тун бага зүйлийг мэднэ. Хэрэв бид мэдэж гэмээнэ бурхан биднийг өршөөх болтугай. Гэвч найзуудаасаа чи олж сонссон бол тэнд тэдний ярьснаас огт өөр зүйл болж байдаг гэдэгт итгээрэй. Тэнд юу ч болж байсан бай хамаагүй. Бусдын шалдир булдир дэмий хоосон төсөөллийг дахин чи давтах хэрэггүй, үгүй бол нэг л өдөр чи үүнийхээ төлөөсийг төлөх болно шүү. Тэгээд ч энэ бүхэн чинь энэ Хөтөчтэй огт хамааралгүй гэж мэд.' гэлээ.
'За за, тийм болог' гэж хэлээд Артём ярианы сэдвийг хазайлгалгүй, түүний хэлсэн үгсийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэв. Тэгээд, 'Яаж хэрэглэхийг нь би мэдэхгүйгээс хойш, наад Хөтөч-өө та авбал дээргүй юу. Мөн намайг аварсан явдалд тань маш их талархаж байна. Наад газрын зураг чинь ч үүнийг төлж барахгүй байх.' гэлээ.
'Тийм шүү.' гэж Ханы хэлэх үед нүүрэнд нь тодорсон үрчлээсүүд тэнийж, дууны өнгө нь зөөлөн болж ирэв. 'Үүнийг хэрэглэж чаддаг болох хүртлээ чи сааргүй урт хугацааг зарцуулах хэрэгтэй болно. Надад метроны шугамнуудыг харуулсан өөр нэгэн газрын зураг бий. Хэрвээ татгалзахгүй бол Хөтөч дээрх тэмдэглэгээнүүдийг хуулбарлаад өгч болох юм. Тэгээд бас ...' гэж хэлээд тэр цүнхээ уудлав. 'Үүнийг чамд санал болгоё.' гэж хэлээд хачин хэлбэртэй гар чийдэнг гаргаж ирлээ. 'Баттерэй хэрэг болдоггүй юм. Ердөө чи гар аргаар цэнэглэхэд л хангалттай - энд байгаа хоёр товчлуурыг харж байна уу? Хуруугаараа чи дарж өгөх хэрэгтэй. Ингээд л гар чийдэн чинь илүү тодоор гэрэлтэх болнодоо. Мэдээж хэрэг тийм ч хурцаар гэрэлтэхгүй л дээ. Гэвч цаг нь тулсан үед Полисын мөнгөн усны гэрэлнүүдээс ч тод асах шиг болдог юм ... намайг ч мөн олон удаа аварсандаа. Мөн чамд ч бас хэрэг болох байх гэж найдаж байна. Май энийг ав. Чинийх болсон. Май, ав, ав. Авахгүй бол шударга бус хэрэг болно шүү. Чамд өртэй хүн нь би боллоо.' гэж Хан хэлэв.
Артёмд энэхүү солилцоо үнэхээр ашигтай байлаа. Магадгүй Ханы хэлсэн шиг үнэхээр тэр газрын зураг идтэй шидтэй байж болох ч далдын дуу хоолойг сонсох билгийн мэлмий нь нээгдээгүй тул үрчгэр тэр цаасыг мянга эргүүлж үзээд Артёмын хувьд ямар ашиг байна.
'Тэгэхээр байнаа, чиний зурсан тэр маршрут чинь чамайг яавч сайн зүйлд хүргэж өгөхгүй.' гэж хэлээд Хан, гартаа байсан газрын зургийг анхааралтай гэгч нь харж суув. 'За одоо харж бай.' гэж хэлээд ардаа каледарьтай хуучин газрын зургийг халааснаасаа гаргаж ирэв. 'Чи Тургеневскаяас Сретенский Бульвар хүрэх гарцыг ярьж байсандаа. Энэ өртөөний талаарх элдвийн ярианууд болоод эндээс цааш Китай-Город хүрдэг муу ёрын туннелийн талаар сонсоогүй л гэж битгий хэлж үзээрэйдээ'
'Түүгээр ганц нэгээрээ явж болохгүй л гэж сонссон юм байна. Тэгээд ч би Тургеневская хүртэл ачааны цуваатай хамт явах бодолтой байгаа. Харин тэнд хүрэхээрээ дамжуулалтын гарцаар дамжаад цааш явчихнадаа ...' гэж хэлэхдээ Артём өөртөө итгэлгүй хариулав.
'Тэнд чинь дамжуулалтын гарц байдаггүй юм шүүдээ. Аркуудын хооронд хана босгосон байгаа. Чи чинь мэддэггүй юмуу?'
Артём үүнийг яаж мартаж чадав аа! Мэдээж хэрэг энэ тухай тэр өмнө нь дуулж байсан шүүдээ, гэвч тэр мартаж орхижээ ... туннел дэх элдвийн амьтдаас айхдаа Улаантнууд дамжуулалтын гарцуудыг хааж битүүмжлээд зөвхөн Тургеневская өртөөрүү хүрдэг цорын ганц замыг нээлттэй үлдээсэн байна.
'Гэвч, тэнд өөр гарц байхгүй гэж үү?' гэж тэр Ханаас асуув.
'Үгүйэ ... энэ хөтөч ч мөн адил чимээгүй байна ... Үнэнийг хэлэхэд метроны шугамд салаалах гарцыг Тургеневская өртөөнд барьж эхлээгүй юм шүүдээ. Хэрвээ байлаа гэж бодсон ч цуваанаас чамайг салаад ганцаараа түүгээр явах зориг зүрхтэй нэгэн гэж бодохгүй л байна. Ялангуяа цувааг хүлээх зуураа уг бяцхан газрын талаарх сүүлийн үеийн цуу яриаг олж сонссоныхоо дараагаа тэр шүүдээ.'
'Тэгвэл би яах хэрэгтэй гэсэн үг вэ?' гэж цөхөрсөн дуугаар Артём асуухдаа, календартай газрын зургийг эргүүлж тойруулан харж суув.
'Китай-Городруу явахад бол боломжтой л доо. Энэ ч их сонин өртөө шүү. Оршин суугчид нь ч гэсэн тун их сонирхолтой улс. Найзууд чинь хүртэл чамайг амьдарч байсан эсэхэд эргэлзэхэж орхихоор, чамайг бүр ор мөргүй, бараа сураггүй алга болчихдоггүй л юм бол Тургеневская хүрээд ... тэгээд тэндээсээ Китай-Город ороод, за одоо сайн харж байгаарай' гэж хэлээд Хан газрын зураг дээгүүр хуруугаа явуулж, 'Пушкины өртөө хүрдэг ердөө хоёрхон өртөө байдаг юм. Тэгээд Чеховын өртөөнд хүрдэг энэ гарц, аа тэгээд нөгөөх нь Полисруу хүргэж өгдөг энэ нэг гарц бий. Энэ замаар явбал илүү ойр байх болно.' гэлээ.
Артём аман дотроо тоолж, өртөөнүүдийг, тэдний хоорондох туннелүүдийнх нь хамтаар тооцоолж суулаа. Яаж ч тооцоолсон Ханы зааж өгсөн тэрхүү зам илүү ойрхон бөгөөд басхүү аюул багатай байлаа. Яагаад өмнө нь Артём үүнийг огт бодож байсангүй вэ? Харин одоо түүнд үүнээс өөр сонголт үлдсэнгүй.
'Таны зөв юм байна' гэж Артём эцэст нь хүлээн зөвшөөрөв. Тэгээд, 'Харин ачааны цуваа тийш хэр их явдаг вэ?' гэж асуужээ.
'Тийм ч их гэж бодохгүй л байна. Мөн Китай-Городруу хүрч очиход заавал ч үгүй дутуу баригдсан энэ ёрын өртөөгөөр дайрч өнгөрөх хэрэгтэй болох нь.' гэж хэлээд Хан Артёмын жийрхэж байсан өнөөх хүн амьтан ганц нэгээрээ явдаггүй хонгилын төгсгөлийг, тодруулж хэлбэл Тургеневская өртөөг зааж үзүүлэв. Тэгээд тэр, 'Өмнөдрүү хөдөлсөн сүүлчийн ачааны цуваа замдаа гараад удаж байна. Хэрэв биднийг аз дайрвал дараагийнх нь тун удахгүй хөдлөнө гэж найдая. Яваад хүмүүстэй ярилцаад үз, асууж сурагла, гэхдээ тэд ярихдаа тийм ч дуртай байхгүй л болов уу. Энд тав арван цаасны төлөө хэний ч хоолойг хэрчихээсээ сийхгүй шаар шавхруунууд олон бий, тиймээс мэдэлтэй байх хэрэгтэй .... За за, ердөөсөө л би чамтай хамт явж үзье. Тэгвэл чи асуудалд орооцолдож тэнэг зүйл хийхгүй байж мэднэ.' Хэсэг хугацаанд бодож суусныхаа дараагаар Хан ингэж хэлэв.
Артёмыг аяны үүргэвчээ мөрөндөө үүрэх үед нь Хан түүнд хандаж, 'Эд зүйлсдээ санаа зовних хэрэггүйдээ. Эндхийн хүмүүс надаас айдаг учраас, ямар ч этгээд миний үүррүү хамраа цухуйлгаж, хэвтрийн минь дэргэдүүр шиншлэхгүй гэж мэд. Мөн чи энд надтай хамт байх үедээ, миний хамгаалалтан дор байх тул санаа амар байж болно.' гэлээ.
Артём үүргэвчээ ил галын дэргэд үлдээсэн ч өөрийн автомат бууг биенээсээ огт салгасангүй гэнэ, шинэхэн эрдэнэсээсээ тэр хагацах тун дургүй байгаа нь илт байв. Харанхуй өртөөний цаахан талд, энд тэндгүй дүрэлзэн асах түүдгийн гэрэлнүүд сүүдэгнэн үзэгдэнэ. Харин тэднийг тойрон хүрээлээд хүмүүс хэсэг бүлгээрээ дулаацан суугаа нь харагдана. Мэдээж хэрэг Хан урд нь алхаж, Артём түүнийг дагаж байлаа. Хүмүүсийн дэргэдүүр тэднийг явж өнгөрөхөд яг л тэднээс айсан мэт орон гэргүй тэдгээр гуйлгачид халтар хөнжлийнхөө араар шургаж тэднээс нүүрээ буруулж байсан юм. Артём үүнийг анзаарч, энэ бүхнийг гайхан харж явлаа ...
Тэд цааш алхсаар эхний түүдгийг өнгөрчээ, гэвч Хан огтхон ч хурдаа сааруулсангүй. Бараг л унтрахаа дөхсөн жижигхэн тэр галын илчинд хоёр хүн зэрэгцэн суугаад дулаацаж байх аж. Эрэгтэй бас эмэгтэй. Тэд өөр хоорондоо үл мэдэгдэх харийн хэлээр ярих агаад тэдний шивнээ Артёмын чихэнд бараг л дуулдсангүй. Сониуч зандаа хөтлөгдөж Артём тэдний зүг харахыг хүссэн ч харанхуйн дундаас хос хоёрыг ялгаж чадсангүй.
Удалгүй тэдний урд бас нэгэн түүдгийн гал гарч иржээ. Том бөгөөд хурц гэрэлтэй гэдэг нь аргагүй юм. Өртөөний ихэнх хүмүүс тэнд цугласан байлаа. Ширүүн төрхтэй дориун эрс ил галын илчинд гарын алгыг хооронд нь хавсарч, дулаацан суух агаад элдвийн чимээ анир танхимаар нэг цууриатаж, тэдний инээлдэж хөхрөхтэй нь зэрэгцээд хэрүүл шуугиан алсаас тодорно. Харин Артёмыг энэ бүхнээс эмээж хурдаа бага зэрэг сааруулж байхад Хан урьдын адил тайван бөгөөд өөртөө итгэлтэй гэгч нь алхаж байлаа. Тэгээд тэр түүдгийн дэргэд суух хэсэг бүлэг залуусын дэргэд явж очоод тэдэнтэй мэндэлж, дэргэд нь суужээ. Артём ч мөн адил Ханыг дагаад хажууд нь сөхрөн суув.
'... тэгээд тэр өөрийгөө шалгаж үзтэл гаран дээр нь яг адилхан тууралт гарсан байлаа. Харин суган дотор нь хатуу идээтэй яр гарч, цэврүү үсрэн хагараад буглан идээлсэн байсан юм. Та нар төсөөлж байна уу, новш гэж ... Хүмүүс гэдэг харилцан адилгүй ааш авиртай байх юмдаа. Зарим нэг нь өөрсдийгөө үг дуугүй буудан хороож байхад, нөгөө нэг нь солиорч эхэлнэ. Тэгээд ганцаараа үхэхгүй гэсэндээ бусдыгаа тэвэрч авах гэж оролдохыг нь яана. Өөр нэг нь бусдад халдвар тараахгүйн тулд цагирагийн цаадах өртөөнүүдрүү дүрвэж байсан юм ... Тэгээд өнөөх залуу чинь энэ бүхнийг олж харангуутаа эмчдээ хандаж : Би эдгэрэх болов уу? гэж асуужээ. Харин эмч өнөөх эрийн хоёр нүдрүү нь харж байгаад : Үгүй гэж хэлсэн юмдаа. Хэрвээ чиний биен дээр ийм идээ бээр туураад эхэлсэн бол чамд амьдрахад ердөө л хоёр долоо хоногийн хугацаа л үлдсэн гэж мэд. Энэ үед батталионы захирагч альхэдийнээ макаров гар буугаа гэрнээс нь гаргаж бариад бэлтгэчихсэн байсан юм. Өнөөх залууг сэтгэлээ барьж чадалгүй, элдвийн ааш аяг гаргахвий гэж сэрэмжилсэндээ тэр ...' өтгөн сахалтай, туранхай биетэй, хөвөн хүрэм өмссөн хөгшин эр тийнхүү ярьж суулаа. Тэгээд гал нь унтарч, цэхийж саарал болсон нүдээрээ тэр орчныг эргүүлж тойруулан харж байлаа.
Артём тэр өвгөний чухам юун тухай ярьж байгааг нь нэг л сайн ойлгосонгүй. Өвгөний сөөнгө хоолой аниргүйг эвдэхээ больж чимээгүй болжээ. Эргэн тойрны залуус цөм дуугаа хураахтай нь зэрэгцээд Артёмын айдас дагаад нэмэгдэж байв. Тэгээд хэнийг ч анхаарлыг таталгүйгээр, аяархан гэгч нь Ханаас,
'Энэ өвгөн юун тухай яриад байна' гэж тэр асуужээ.
'Тахал' гэж Хан гунигтай өнгөөр хэлэв. 'Дэгдсэн' нэмж бас ингэж хэлэв.
Уутанд хийж битүүмжилсэн цогцоснууд, ялзарч өмхөрсөн тэдний мах арьс, хүүр шатаах галын утаа, аваарийн цуурай бас алсаас цохих түгшүүрийн хонхны чимээ ...
ВДНХ өртөөний хувьд ийм дүр зураглалыг тэд хэзээ ч үзэж байсангүй. Үхлийн тахлыг тээгч хулгана хархнуудыг тэд нэгийг ч үлдээлгүй устгаж дууссан тул тэр бизээ. Тэгээд ч өртөөнд чадварлаг сайн эмч нар цөөнгүй бий билээ. Зөвхөн ийм халдварт өвчнүүдийн талаар урьд өмнө Артём ганцхан номноос л уншиж байжээ. Дэндүү балчир байсан тул үхлийн аюултай эдгээр хижиг өвчнүүд балчир хүүгийн ой тойнд гүнзгий гэгч нь ул мөрийг үлдээсэн байна. Заримдаа жаалхүүгийн зүүд нойрны ертөнцөд тэд заларч бяцхан зүрхийг нь айдас хүйдсээр эзэмдэнэ. Тэр үеэс хойш 'тахал' хэмээх энэ үгийг сонсоод Артёмын нуруугаар хүйт оргиж, хүйтэн хөлс нь асгардаг болсон юмсанж. Артём Ханаас өөр асуулт асуусангүй. Гэвч туранхай тэр өвгөний чихэнд чимэггүй яриаг сонсохгүй байж бас чадсангүй.
=================================================================
Mэдээнд оруулах ёстой тэмдэгтийн тоо хэтэрчихсэн болохоор үргэлжлэлийг эндээс уншина уу ...
http://khuslenreader.blogspot.com/2013/ ... -6_24.html
Мөн илүү HD-ээр уншихыг хүсч байвал блогоор зочилж байгаарай. Дүрүүдийн харилцан яриаг өнгөөр ялгасан байгаа, мөн таныг уншиж байх явцад тань чихэнд чимэгтэй аялгуу давхар эгшиглэх болно.
