|
Японы нийслэл Токио хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс энэ сарын 1-нд жүдо бөхийн Их дуулга тэмцээн болов. Тус тэмцээнд 46 орны эрэгтэй 185, эмэгтэй 149 жүдоч өрсөлдсөнөөс манай эрэгтэй найм, эмэгтэй гурван бөх хүч сорилоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн -100 кг-д Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртэв. Харин багийн дүнгээр эзэн орны бөхчүүд 11 алт, хоёр мөнгө, 14 хүрэл медалиар тэргүүлсэн бол БНСУ (нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл), Голланд (нэг алт, нэг мөнгө) медалийн чансаагаар удаалав.
Ингээд манай бөхчүүд хэрхэн оролцсоныг дэлгэрэнгүй хүргэе.
Эмэгтэй, 48 кг: 1.Ами Конда (Япон) 2.М.Уранцэцэг (Монгол) 3.Сара Менезес (Бразил), Эми Ямагиши (Япон)
Дэлхийн аваргын жинд 20 жүдоч хүч үзлээ. Дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсдаг М.Уранцэцэг “C” хэсгийг тэргүүлж барилдлаа. Эхний тойрогт Тайваний Као Вей Тингийг иппоноор буулгаж аваад, дараа нь Украины Марина Черниакийг мөн цэвэр ялж, хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар Японы бөх Тода Мириг ялж, медалийн болзол хангав. Гэвч аваргын төлөө А.Кондад цэвэр хожигдлоо. Японы шинэ од гэж хэлж болох Конда дөнгөж 18 настай. Хоёр жилийн өмнө өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн нэгэн юм.
57 кг: 1.Нае Үдака (Япон) 2.Марти Меллой (АНУ) 3.Криста Дегүчи (Япон), Анзү Ямамото (Япон)
Энэ жинд 29 бөх зодоглов. Манай Д.Сумъяа “D” хэсгийг тэргүүлж. тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар шатанд энэ жинд аваргалсан япон бүсгүйд нэг торгуулийн уршгаар ялагдал хүлээлээ. Хоёр жил шахам жүдогийн татамигаас хөндийрсөн Үдака энэ оны анхны алтан медалиа хүртсэн нь энэ.
-78 кг: 1.Маринде Веркерк (Голланд) 2.Гиён Ми Ёнг (БНСУ) 3.Томоми Окамүра (Япон), Рүйка Сато (Япон)
Уг жинд 17 бөх хүрэлцэн ирснээс манай залуу тамирчин М.Ууганжаргал “B” хэсэгт сугалаа татсан. Гэвч туршлага дутаж, эхний тойрогт Германы Луйз Мелзенд цэвэр ялагдав.
Эрэгтэй, 60 кг: 1.Наохиса Такато (Япон) 2.Ким Во Жин (БНСУ) 3.Шинжи Кидо (Япон), Торү Шижими (Япон)
Эрэгтэйчүүдийн хөнгөн жинд 27 бөх медалийн өрсөлдөв. Манай улсаас хоёр тамирчин оролцсон. ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин “C” хэсгийг тэргүүлж, эхний тойрогт гоц мөргөөд, Тайвань, Японы жүдочийг төвөггүйхэн өвдөг шороодуулж, мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Во Жинд юүко үнэлгээ алдан, дийлдэв. Ингээд хүрлийн төлөө эзэн орны Торү Шижимид торгуулиар хожигджээ. Г.Болдбаатар “C” хэсэгт орж, эхний тойрогт мөн хийлээд Японы бөх Юүма Ошимаг юүко үнэлгээгээр давсан боловч өнөөх Ким Во Жинд барилдаан өндөрлөхөөс 1:33 минутын өмнө иппон алджээ. Дагах барилдаанд Японы Ш.Кидод вазари үнэлгээгээр ялагдаж, шагналт долдугаар байр эзлэв.
66 кг: 1.Томофүми Такажо (Япон) 2.Чарлес Чибана (Бразил) 3.Рен Миязаки (Япон), Дэвид Ларосе (Франц)
Нийт 26 жүдоч хүч сорьсон уг жинд Д.Төмөрхүлэг чансаа ёсоор “A” хэсгийг тэргүүлэв. Жин өгсөж 66 кг-д барилдах болсноосоо хойш медалиас барагтай л бол мултраагүй манай тамирчин эхний тойрогт хийлж, улмаар Францын Дмитри Драгинд дийлдлээ. Өмнө нь нэг удаа учраа таарч манай бөх ялж байв.
73 кг: 1.Рики Накаяа (Япон) 2.Гүй-Ман Бан (БНСУ) 3.Рок Драксич (Словен), Денис Ярцев (ОХУ)
Х.Цагаанбаатарын жинд 32 бөх зодоглов. Манай тамирчин “C” хэсгийг тэргүүлж, Тайвань, Японы бөхийг ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөхөд иппоноор ялагдав. Дагах барилдаанд Бразилын залуу од Алекс Уильям Помпо да Сильваг буулган авсан ч, медалийн төлөө хойд хөршийн бөхөд хожигдож, тавдугаар байр эзлэв.
81 кг: 1.Таканори Нагаси (Япон) 2.Пьетри Лойз (Франц) 3.Такахири Накай (Япон), Автандили Циркишвили (Гүрж)
Уг жинд хамгийн олон буюу 34 жүдоч хүч сорилоо. Манай улсаас хоёр бөх зодоглов. О.Ууганбаатар “B” хэсэгт орж, эхний тойрогт хийлсэн юм. Дараа нь Польшийн Якуб Кубиничийг торгуулиар хожсон ч уг жинд аваргалсан Т.Нагасид өвдөглөв. Түүнчлэн Н.Дагвасүрэн “C” хэсэгт орж, эхний тойрогт Чилийн Фернандо Салазерийг вазари үнэлгээгээр илт давуу ялсан. Гэвч уг жинд мөнгөн медаль хүртсэн Францын бөхөд дийлдэж, тэмцээнээ өндөрлөв.
-100 кг: 1.Лукас Крпалеч (Чех) 2.Кайл Рейс (Канад) 3.Н.Түвшинбаяр (Монгол), Крилл Марет (Франц)
Нийт 26 бөх зодоглосон уг жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр хүч сорихоор болсон нь онцлог. Лондоны олимпоос хойш анхны медалиа тэр Токиогийн Их дуулгаас авлаа. “A” хэсэгт сугалаа татсан Түвшээ эхний тойрогт БНСУ-ын Жи Хо Шимийг өвдөглүүлж, дараагийн шатанд Японы Тасүки Масүбүчиг цэвэр ялав. Ингээд энэ жинд аваргалсан Чехийн жүдочийг барсангүй. Гэхдээ дагах барилдаанд ОХУ, Казахстаны бөхчүүдийг туршлагаар илүүрхэж, хүрэл медаль хүртлээ.
+100 кг: 1.Сүн Ми Ким (БНСУ) 2.Рафаэль Сильва (Бразил) 3.Масарү Момосе (Япон), Хисашё Харасава (Япон) Улсын харцага Н.Батсуурь уг жинд хүч үзлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, Францын Себастиан Иен Бонвойсинд дийлдэж, тэмцээнийг орхилоо.
_________________ eMSMo \_ :-D_/
|