|
Примерк ямар ч асуудалгүй таарсан байна. Та дараагийн хэсэг рүү намайг дагаад явна уу гэж хэлээд хөтөч зочноо урив. Удаах өрөөнд хүний нүүрний хэв авах зориулалттай янз бүрийн зүйлээр тоноглосон багажаа оролдож байгаа хоёр халаадтай хүн зогсож байна. Жинхэнэ нэрийг нь юу ч гэдэг юм бүү мэд, ямар нэгэн зүйл нүүрэндээ шавуулж, царайныхаа хуулбарыг тэдэнд үлдээлээ.
Энэ бол сайн дураараа амиа хорлогчдод үйлчилгээ үзүүлдэг газар. Хэрэвзээ үйлчүүлэгч ямар нэгэн шалтгаанаар бүтэлгүйтэж, амьд үлдвэл гэрээнд заасан мөнгөө буцааж авах боломжгүй, бас захиалгаар хийлгэсэн хувцас, нүүрний хэв болоод бас бус гэрээслэлд бэлдсэн зүйлсээ ч авч болохгүй. Ямар тоглоом биш. Хэзээ нэгэн цагт та үхсэн хойноо л тэдгээр зүйлсээ яг зориулалтынх нь дагуу очих ёстой эздийнх нь гарт хүргэх болно. Тэрнээс өмнө ямар ч яриа хөөрөө, найраа энэ тэр байхгүй. Гэрээ ийм л аж.
Ямартаа ч цахилгаан сандал бол тун найдвартай хувилбар. Тайлбарлагчийн хэлсэнээр тусгайлан төхөөрөмжилсөн өрөөндөө орлоо, сандал дээр суулаа, асаах товчийг дарлаа. Гүйцээ. Нэг их хиншүү хярвас гарахгүйгээр, өөрөөр хэлбэл амиа алдахдаа янз бүрийн өвчин зовиур мэдрэхгүй байхаар энэ сандалыг бүтээсэн гэсэн. Гол нь тэр товчийг дарахад зүүн бугуйны судас орчимд маш хурдан үйлчилгээтэй хор тарьдаг байх. Энэ тухай урьдчилж мэдсэн учраас л айх зүйлгүйгээр "цахилгаан сандал, тиймээ миний сонголт бол тэр жирс хийлгэдэг жигтэй эд чинь яг мөн" гэж хэлсэн байлаа.
Нүүрнийхээ хэвийг өгчихөөд юмыг яаж мэдэхэв бас цусныхаа шинжилгээг өгчихөе гэж бодлоо. Нүүрс болсон бие үлдээд, ард үлдсэн хэд маань намайг биш байна гэж мэтгэж нүгэл болох ч юм билүү. Баталгаатай нь дээр.
Сайн дурын амиа хорлогчдод туслах нийгэмлэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Үйлчлүүлэгчид бүр нэг тасарчихгүй ч гэсэн ар араасаа цувраад л байх аж. Хүсвэл амиа хорлогчид энэ нийгэмлэгт ямар нэгэн зүйлээ дурсгал болгон үлдээж болдог. Яг тийм зүйлсээр тохижуулсан нэгэн дурсгалын танхим бий.
Нар тоссон цонхтой, тавцан дээр нь мөнхрөө цэцэгтэй тэр өрөөнд сумны хонгио, ороосон мөнгө, ил захидал, ягаанаар будсан гипсэн баримал, тас хар өнгөөр шавж будсан зураг гээд янз бүрийн л юм байх. Үйлчлүүлэгчид үхэл рүү морилох замдаа заавал энэ танхимаар дайрдаг. Хоёр дамжлагийн дараа зорьсон газартаа хүрнэ. Үүний дараачийн хаалганд "Та итгэлгүй байвал баруун талын хаалга таныг амьдралд хүргэнэ" гэсэн пайзтай хов хоосон өрөө, нэг эсгий ширдэг бий. Ухаан нь, хэн нэгэн ухарч няцмаар санагдвал эндээс буцаж болно гэсэн үг.
Энэ өрөөг ажигч үгүй туулж өнгөрөөгөөд хаалганы бариулд гар хүртэл тэр цэл хүйтэн байв. Цочсондоо гараа татаж автал тэнд "Энэ таны амар амгалан, тавтай морил" гэжээ.
Тийм ээ, үүний төлөө л энд ирсэн билээ.
... Дугаар 2758 үйлчлүүлэгч ингээд цогцос түр хадгалах байранд ирлээ. Одоо нийгэмлэгийнхэн үйлчлүүлэгч нь өөрөө хүсээгүй ч гэсэн ар гэрийнхэн болоод ойр дотныхонд нь түүнийг өөд болсоныг дуулгаж, салах ёс гүйцэтгэх хугацаа өгөх зорилгоор гуч хүртэл хоногоор хөлдөөгчинд цогцосыг хадгалах болно. Гэвч хадгалсан хоногийн тоогоор амьд үлдсэн ар гэрийхнээс нь төлбөр авдаг тул талийгчтай зарим хүмүүс уулзахыг хүсдэггүй байж магадгүй.
Энэ удаад 2758 дугаартай үйлчлүүлэгчтэй таван хүн салах ёс хийнэ гэж нийгэмлэгийнхэнд мэдэгджээ.
Бямба гараг, борооших нь уу гэлтэй саарал өдөр эхний хүн ирлээ. Тэр эмэгтэй тусгай өрөө хэрэггүй гээд шууд цогцос хадгалах хөх саарал өрөөнд явж оров. Хөлдөж, арьсан дээр нь нимгэн мөсөн талст тогтсон амьгүй бие цогцосыг тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй хэдэн хором харж байснаа клачнаасаа уруулын будаг гаргаж ирээд уруулаа будлаа. Дараа нь уруулдаа амны цаас хийн сайтар гэгчийн жимийж байгаад өнөөхөө цамцных нь зах руу шургуулчихаад ялимгүй инээмсэглэв. Баяртай Хонгор минь.
Даваа гараг, ажил тарахаас таван минутын өмнө жинсэн цамцаар ижилссэн таван залуу ирлээ. Тэд талийгчтай салах ёс гүйцэтгэнэ гэж хэлсэн ч гэсэн гадаа нь баахан тамхилж байгаад эцэст нь нэг жижиг шилтэй виски л дамжуулжээ. Нийгэмлэгийн ажилтан тэр архийг нь талийгчийн хүрэмний баруун халаасанд хийгээрэй гэж сахисаных нь дагуу гүйцэлдүүлэв.
Лхавга гараг. Уучлаарай би захиалгаа буцаалаа гэж утасны цаанаас бөөн мэгшсэн дуун гараад тэр өдөр нийгэмлэг дээр 2758-тай уулзах гэж хүн ирсэнгүй. Сүүлчийн зочин ирэх өдрөө яг хэзээ гэж хэлээгүй ч хамгийн сүүлчийн боломжтой өдрийг нь асуусан учраас нийгэмлэгийнхэн яг гуч хоногийг нь гүйцтэл тав дах зочныг хүлээжээ. Гэвч тэр ирсэнгүй, яая гэхэв.
Ингээд намрын бороо зүсэрсэн нэгэн өдөр тэнгэрт багахан утаа уугиад энэ түүх төгсөх дөхөв.
Хүн үхсэн ч хэсэгтээ л нийгмээсээ харилцаа холбоогоо тасалдаггүй. Энэ бол нийгэмлэгийнхэний дагаж мөрддөг зарчим. Тиймээс захиалагчийнхаа үлдээсэн цусны шинжилгээ, нүүрний хэв зэргийг үйлчлүүлэгчдээ зориулж үүрд тусгайлан гаргасан талбайд хадгална. Ялгаагүй л буяны ажил учраас сүсэг бишрэлийн өрөө энэ тэр бол энд бий л дээ. Тэгтэл нэгэн өдөр яг тэр бишрэлийн өрөөнд нь нэг л биш царайтай хүн орж ирээд аль эрт утаа болоод агаарт замхарсан хүний нүүрний хэвийг худалдаж авая гэх нь тэр. Нийгэмлэгийн тэргүүн зөвлөх тэр хүнтэй олон цаг зөвшилцсөний эцэст түүнтэй сая нэг юм тохиролцоонд хүрэв. Тэгэхдээ л биелүүлэхэд хэцүү байв. 2758-ийн нүүрний хуулбарыг худалдаж авахдаа олон саяыг тэр төлөхөд бэлэн байгаа гээд хамгийн гол нь өөрөө 2769 дэх үйлчлүүлэгч чинь болох гэж байгаа учраас миний дугаар дээр 2758-ийн нүүрний хуулбарыг байршуулна уу гэж хүссэн байлаа.
Үүнийг бүтээхэд зөвлөхөд хүндрэлтэй, хэцүү байгаа гэдгийг маш сайн ойлгож байгаа болохоор 2758-ийн Сайн дураараа амиа хорлогчдод туслах нийгэмлэгт үлдээсэн бүх зүйлийг өөрөө гэрээслэлд заасны дагуу бүр мөсөн өмчилж авах эрхтэй гэдгээрээ бас тулгажээ. Яахав би одоо бүгдийг аваад явж болно, хамгийн гол нь 2758 дугаартай нүүрний хэвийг миний дурсгалын хоргонд байрлуулах дээр л та нар надад туслах ёстой гэж эцэст нь шаардах маягтай дуусгасан тэр ярианаас зөвлөх үнэндээ ихээхэн хожихоор байлаа. Яахав, үхэгсэд юугаа сэднэ, тэднийхээр болог.
Үнэнч хайр эсвэл үнэнч жөтөө, үгүй бүр өшөө авалтын хамгийн үнэнч хэлбэр байг л дээ бүү мэд. 2769 ямар ч л гэсэн үхэхдээ өөрийгөө оршин тогтнож байсан гэх бүх баталгааг ширхэгчлэн устгаад эцэст нь 2758-ийн царайг өөрийнхөө тухай өгүүлэх хамгийн сүүлчийн, цор ганц зүйл болгож дөнгөөд 2758 гэдэг дугаараас өөр зүйл нартад үлдээсэнгүй ээ.
|