#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.17.26 8:23 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 3 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 1-р сар.29.13 3:48 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.10 5:50 pm
Бичлэгүүд: 14
"Өвөл үхээгүй цэцэг", "Намар шарлаагүй навч" гэсэн утга уянгын өгүүллэгүүдийн түүврээс бүрдсэн номуудын араас шинээр гарч байгаа "Зун орсон цас" номонд багтсан нэг өгүүллэгээ орууллаа. 21 өгүүллэгээс бүрдсэн уг ном маань хэвлэхэд бэлэн болсон ч PC-ндээ нэлээд удаан хадгалагджээ. Зах зухаас нь уншигчиддаа хүргэе гэж шийдлээ.



...Зоорь II-ийн тухайд бичээд л байгаа... бичээд л байгаа... (-;



Нэгэн урин дулаахан тогтуун салхитай зуны үдэш би өөрийн амьдардаг байрныхаа урдуур амандаа янжуур зуусан шигээ алхаж байлаа. Энэ үед хүүхдийн тоглоомын талбайд байрлах сандал дээр инээж байгаа уурлаж байгаагийн алин болох нь мэдэгдэхгүй нэгэн сонирхол татахуйц эр сууж байв. 30 орчим настай болов уу гэмээр тэр эрийн байгаа байдал нь нүдэнд нэг л содон. Би тэр хүнээс харцаа салгаж чадахгүй байтал яах ийхийн зуургүй жигтэйхэн гоё зөөлөн бороо шиврэн орох нь тэр ээ. Хүүхдүүд баярлалдаад л, би ч бас тэднийг дагаад л баярлачих шиг болов. Тэгээд өнөөх сандал дээр сууж байсан ах руу харахад ганцхан тэр хүн л огтхон ч баярлахгүй байгаа бололтой дүнсгэр хэвээр суусаар байх аж. Би гэнэт түүний хувцас бороонд зогсоод жигтэйхэн удчихсан хүн шиг шал нойтон болохыг анзаарах нь тэр. Бас үүгээр ч тогтохгүй түүний өмссөн хувцас нь борооны цув байсныг ч олж мэдэв. “Уг нь бороо саяхан орсон биш билүү” гэсэн бодол төрсөн ч энэ бодолдоо нэг их ач холбогдол өгөлгүй нойтон цувтай ахтай ямархан нэгийг ярихаар шийдэж түүн рүү алгуурхан дөхлөө.




-Сайн байна уу та? Бороо шиврээд үнэхээр сайхан байх чинь вэ гэсэн асуултаар би борооны цувтай ахаас яриа өдлөө. Үл таних эр эхлээд юу ч ярьсангүй. Би түүний хажууд зэрэгцэн суугаад сонсогдохуйцаар хоолойгоо засав. Тэгэхэд л өнөөх эр надруу нэг сүрхий харснаа уртаар санаа алдаж хэсэг байзнаснаа ярьж эхэлсэн юм.



-Чи бороог сайхан гэв үү? Хэ хэ, би бол бороо ороход дургүй. Ялангуяа зөөлөн шивэрсэн, нартай бороог бүр ч үзэн яддаг гэхэд болно. Чи надаас яагаад гэж асуух байх л даа. Мэдээж энэ бол зөв асуулт. Учир нь үнэхээр ихэнх хүмүүс миний дургүй энэ зөөлөн бороонд дуртай юм чинь.

Би чамд ярьж өгье л дөө. Нэг удаа би намайг гэрт минь хүргэж өгдөг нарийнхан жимээр алхалж байлаа. Гартаа барьсан юм юу ч байхгүй, сэтгэл минь тэр аяараа хоосон оргиж зүгээр л хэнтэй ч ярихгүй ганцаараа л яваад баймаар байсан тийм үе. Тэгэхэд зөөлөн бороо шивэрч байсан юм. Тиймээ, тэгэхэд л бүх юм эхэлсэн. Зам дагуу байдаг хэн ч тоож суухааргүй болсон ганцхан хөндлөн мод бүхий гудамжны сандал дээр нэг бүсгүй сууж байлаа. Гэхдээ тэр бүсгүйн сууж байгаа тэрүүхэн хэсэг газарт л бороо ороогүй байсан юмдаг. Тэр гунигтай юм шиг хэрнээ бас хөгжилтэй гээд хэлчихэж болмоор даруухан цэвэрхэн хувцастай дажгүй царайлаг нэгэн бүсгүй байлаа. Би урьд өмнө хэнийг ч тэгтлээ их гайхаж харж байгаагүйдээ итгэлтэй байна. Учир нь, тэр бүсгүйг өмнө нь их л олон удаа харж байсан шиг санагдсанаас тэр. Гэхдээ хаана? Тийм ээ, надад яг энэ асуулт тэр агшинд төрсөн. Мэдээж нэг их удалгүй би тэр асуултынхаа хариуг олсон л доо.

Чи аан гээч. Тэр бүсгүйг би ажил руугаа явдаг замдаа биш, байнга сууж хооллодог зоогийн газраа биш, найзуудынхаа урьж аваачдаг байсан элдэв үдэшлэгүүдээс бол бүр ч биш, би тэр бүсгүйг зөвхөн зүүдэндээ харсан юм. Үнэхээр хачин. Урьд өмнө хэзээ ч харж байгаагүй хэрнээ зөвхөн зүүдэнд л үзэгддэг байсан тэр бүсгүйг би үнэндээ миний хажууханд бодитоор байж байх юм чинээ санаагүй. Уг нь би бүхнээс зугтдаг байлаа. Ялангуяа эмэгтэй хүнээс. Гэхдээ би тэр үед тэр зүүдний ертөнцөнд уулздаг байсан эмэгтэйгээс зугтаж чадаагүй юм. Магадгүй зуршил болсон амьдралынхаа хэвшлийг анх удаа өөрийн эрхгүй зөрчсөн нь тэр байсан байх.

Би зүгээр л тэр бороо шивэрч байх мөчид өөрийгөө норж байгаагаа ч анзааралгүй зөвхөн тэр бүсгүй рүү чимээгүйхэн ширтсээр л зогсож байсан. Яг л ховсдуулчихсан юм шиг. Мэдээж зөвхөн зүүдэндээ л хардаг байсан тэр бүсгүйгээ яг зүүдэнд байсан тэр чигээр нь бодит амьдрал дээрээ харна гэдэг сонин л хэрэг. Бүсгүй ч бас надруу харсаар байснаа “Зүүд” гэж хэлсэн юм. Би түүний юу гэж хэлэхийг нь маш сайн сонссон боловч “Юу?” гэж лавлаж асуусан. Тэгэж асуухдаа би маш ихээр гайхан балмагдсан ч түүнийгээ аль болох ил гаргахгүй байхыг хичээж билээ.

“Зүүд, намайг Зүүд гэдэг” гэж тэр эмэгтэй хэлсэн юм. Би сэтгэлийн хөдөлгөөнөө чадлынхаа хэрээр барьж “Аан, тийм үү? Чи их сонин нэртэй юм. За би ингээд явъя” гэж их сулхан хэлээд алхахаар завдаж билээ. Гэтэл өнөөх эмэгтэйн “Чи явахгүй дээ залуу минь” гэсэн үг намайг яг байгаа газарт минь хадаж орхисон доо. Мэдээж би “Яагаад?” гэж асууна биз дээ. Тэгээд тэр асуултандаа “Явлаа гэхэд харамсах болно” гэсэн хариулт аваад бүр илүү алмайрчихсан. Тэгээд юу гэж хариулахаа мэдэхгүй зогсож байтал “Намайг яагаад Зүүд гэдэг нэртэйг мэдэх үү?” гэж асуудаг байгаа. Би юу ч хэлэлгүй гайхан зогссоор байлаа. Тэгээд намайг яах ч учраа олохгүй балмагдан зогссоор байсанд залхсан бололтой өнөөх бүсгүй “Яагаад гэвэл би зүүдний ангуучин. Зүгээр л хэн нэгний зүүдэнд зочилж тэр хүний зүүдийг нь булаачихдаг юм. Эзэмшдэг ч гэж хэлж болно” гэж хэлээд ёжилсон бас өрөвдсөн байртай инээдэг байна шүү. Гэнэт миний дургүй хүрэх шиг болж “Өө, их сонин юм. За за, баяртай Зүүд ээ” гэж хэлчихээд эргэж ч харалгүй алхлаа. Эргэж харахыг маш их хүсч байгаагаа мэдэрч байсан ч би тэссэн юм шүү, бахархмаар эсвэл бүр зүхмээр гээч. Тэгээд л би алхсаар яг булан тойрохынхоо алдад тэсгэлгүй эргэж хартал хатагтай Зүүд байгаагүй. Сэтгэл минь хоосроод л явчихлаа. Угаасаа л хоосон байсан сэтгэл минь бүр илүү хоосорч эсвэл магадгүй хэсэгхэн хугацаанд дүүрч ирсэн сэтгэл минь эргээд л хоосорчих нь тэр. Би тэсгэлгүй ирсэн замаараа буцаж гүйгээд түүнийг олоогүй. Эргэн тойрон харсан ч тэр хаана ч байгаагүй юм. Би бүр “Хөөе Зүүд ээ” гэж хоолойныхоо чадлаар хашхирсан шүү. Хэдий тэгсэн ч харамсалтай нь би түүнийг олоогүй юм даа. Тэгээд өөрөө өөрийгөө тайвшруулж ядаад гэртээ ирээд л хэвтээд өгсөн.

Унтахыг хүсч байлаа би. Гадаа бороо шиврэн орсоор л байсан. Бороо дэндүү уйтгартай, дэндүү залхмаар байлаа. Үргэлж зүүдэндээ учирдаг байсан тэр бүсгүйтэйгээ өөр олигтой үг солилгүй жигтэйхэн их зан гаргаад зугтсандаа би гэмшээд бараагүйсэн. Уг нь би өөрөө орхиод явсан ч орхигдчихсон хүн шиг л ганихарч билээ. Ханан дахь цагны цохилох чимээ өнөөх л нэг янзаараа залхуутайгаар чаг чаг дуугарч, улиг болсон хэдэн тавилганууд маань гуниг даан дүнсийж, хэдэн өдөр цэвэрлээгүй үнсний сав маань тамхины ишээр бялхаад бүх юмс миний эсрэг цохилдлогоор дүүрчихсэн юм шиг хачин таагүй байлаа. Ер нь бол дандаа л тийм байдаг боловч тэр хэсэгхэн хугацаанд өөрөөр хэлбэл хатагтай Зүүдтэй уулзсан тэр зуурдхан мөчид би амьдралд хайртай болчих шиг болсон юм. Харамсалтай, үнэхээр харамсалтай. Хатагтай Зүүдтэй уулзсан тэр мөч аргагүй л зуурдын мөч байсан юм.


Би унтах гэж хөрвөөсөөр багагүй тарчилсаны эцэст арайхийн нэг юм үүрэглэж билээ. Биеийн минь хагас нь унтаж үлдсэн хагас нь зүүдний ертөнцдөө хатагтай Зүүдийг хайн тэнүүчилсээр байсан юм. Тэгээд би сэрээд шуудхан л хананд байрлах өнөөх цаг руугаа харж өөрийгөө хоёр цаг хиртэй унтсанаа мэдэж авсан. Тэгээд юу зүүдэлсэнээ нэхэн санаад хатагтай Зүүдтэй уулзаагүйгээ мэдэж нэг л урам хугараад явчих нь тэр. Тэгээд л миний дэндүү гэмээр шаналгаатай өдрүүд эхэлсэн дээ. Өдөр болгон л их бага хэмжээгээр бороо орж тэгсгээд л татарчихна. Би хатагтай Зүүдтэй дахин уулзчих санаатай өнөөх гэр ажил хоёрыг минь холбодог нарийн жимээр өдөрт хэд хэчнээн удаа алхдаг боловч ямар ч үр дүнд хүрдэггүй. Ганцхан хөндлөн мод бүхий сандал дээр өдрийнхөө ихэнх цагийг өнгөрөөсөн хэдий ч тэр ирээгүй. Аргаа барахдаа зүүдэндээ ядаж уулзчих болов уу гэж горьдсон ч хүсэхэд хясаж байна уу гэлтэй хатагтай Зүүдийг нэг ч удаа дахин зүүдэндээ харсангүй.

Би хатагтай Зүүдийг маш ихээр үгүйлж байлаа. Өдөр хоног нэг хоёроороо өнгөрсөөр, миний тамхины дэлгүүрт оруулах орлого маань хэт их өсч, ажлынхан маань намайг ад үзэх боллоо. Захирал ч надруу “Яасгээд чамайг халчихъя даа байз” гэсэн янзтай цөхөрсөн харцаар харж осолдохгүй л би найзынх нь найз болохоор тэсэж байх шиг байсан. Гэтэл би гэдэг хүн амьдралын хэрэглээний зардлууддаа огтхон ч санаа зовохоо больж тэр ажлаас гарвал ч гарчихмаар оргиод л. За тэгээд тийм байдалтай хэчнээхэн удах вэ дээ, бас л нэгэн бороотой өдөр би ажлаасаа халагдлаа. Тамхи авах мөнгөгүй болсон болохоор би бусдын нүдийг хариулж байгаад ганц нэг акурк түүж амиа зогооно. Бараг л хэвшил болчихсон гэмээр миний хаа явсан газар хэсэгхэн зуурын бороо ороод өнгөрнө. Тэгэхэд нь миний дургүй ямар ихээр хүрч байсныг үгээр илэрхийлэх ч юм биш. Яг л хэвээрээ, бүх юм хэвээрээ. Хатагтай Зүүдийг би хэчнээн хайгаад ч сэрүүндээ ч, зүүдэндээ ч аль алинд нь олоогүй.

Аа тийм, миний зүүд болгонд хэсэгхэн зуурын бороо орж байсныг бас тэмдэглэж хэлэх нь зүйтэй. Миний Хатагтай Зүүдийг хүсэмжлэх сэтгэл огтхон ч дундарсангүй харин ч бүр эрчээ аван дүрэлзэж байх нь нэн гаслантай болсон. Энэ мэтээр өдөр хоногууд өнгөрсөөр би энэ болж байгаа бүхнээс нэгэн гаргалгаа хийсэн юм. Тэр бол бороог үл хүсэмжлэх сэтгэл. Бүр үзэн ядах сэтгэл гэж хэлэх нь илүү оновчтой байх. Миний хатагтай Зүүдтэй уулзсан, бодит амьдрал дээрээ тааралдсан тэр зуурдхан мөчийн бяцхан чөлөөнд бороо ороогүй. Харин бусад газраар бороо орж байсан. Миний хаа явсан газар хэсэгхэн хугацаанд бороо орсоор… орсоор… байсан. Зүүдлэхэд хүртэл бороо орж байсан. Харин бороо орсоор байсан тэр бүх үеүдэд би хатагтай Зүүдтэй уулзаагүй. Тэгэхээр хатагтай Зүүд борооноос айдаг байх нь. Тийм ч учраас хатагтай Зүүдийн сууж байсан тэр хэсэгхэн газарт бороо ороогүй байж шүү дээ. Хаана бороотой байна би тэнд хатагтай Зүүдийг олж харахгүй нь тодорхой боллоо. Ингээд л гүйцээ. Ойлгомжтой, бүх зүйл ойлгожтой. Энэ хараал идсэн бороог би ямар ихээр үзэн ядаж байна вэ? Бороо орсон үед хатагтай зүүд ирдэггүй.

Миний хийсэн гаргалгаа бол ердөө л энэ. Гэхдээ гайхалтай оновчтой гаргалгаа. Тэгээд л би бороонд дургүй болчихсон юм.

Чи харж байгаа биз дээ. Яг одоо ч гэсэн чи бидний сууж байгаа энэ хэсэгхэн газар бороо орж байна. Хэ хэ, одоо удахгүй намайг босоод явахаар энэ яршигтай новшийн бороо намайг дагаад л арилаад өгөх болно. Тэгэхээр удахгүй чи норохгүй болно гэсэн үг. Магадгүй чи гайхаж байгаа байх. Гэхдээ удахгүй харах болно оо.



Ингэж хэлээд намайг өөрийнхөө яриагаар алмайруулж орхисон гүн бодол тээсэн нүдтэй сонин эр яваад өгсөн юм. Би юу ч хэлж чадалгүй сууж байсан газраа үлдсэн. Гэтэл үнэхээр өнөөх эрийг яваад өгмөгц л миний эргэн тойронд шиврэн орж байсан бороо зосчих нь тэр. Үл таних бороон цувтай эр бороог дагуулаад явжээ. Тамхи татах гэсэн хүсэл минь замхран арилж ердөө л хатагтай Зүүдийн тухай бодол тархийг минь бүхлээр нь эзлэн үлдэх нь тэр. Эргэн тойронд бороо орсон ямар ч ул мөр үлдсэнгүй. Би сандал дээр хэр удаан сууснаа ч мэдсэнгүй, нэг л мэдэхэд “Саяын ахыг чи таньдаг юм уу?” гэх эмэгтэй хүний шингэн дуу сонсогдоход би ардаа хэн ирж зогссоныг олж харлаа. Манай хажуугийн орцонд амьдардаг арван жилийн минь нэг ангийн охин байхыг би танив. Нэг байранд амьдардаг ойрхон ойрхон тааралддаг болохоор бид хоёр нэг их сүр болж уулзсангүй зүгээр л гар барихын төдий мэндэллээ.

-Танихгүй ээ, харин чи таньдаг юм уу?

-Танина шүү. Манай орцны 00 өрөөнд амьдардаг ганц бие галзуу. Залуу хүн байж хэнтэй ч юу ч ярьдаггүй жигтэйхэн зожиг гээд манай аав ээж хоёр яриад байдаг юм. Ерөөсөө харагддаггүй хэрнээ Хөөзөвхөн бороотой үед л тэр өмссөн цувтайгаа энэ тэрүүгээр явж харагддаг. Аймаар ч юм шиг, уйтгартай ч юм шиг, ер нь галзуу байлаа ч гэсэн их л сонин галзуу хүн дээ, хэ хэ.


Би ангийнхаа найзын энэ үгийн хариуд юу ч хэлсэнгүй зүгээр л санаа алдлаа. Гэтэл гэнэт л “Нөгөө цувтай ах машинд дайруулчихлаа. Нил цус, ёстой аймаар” гэсэн бага насны хүүхдийн цангинасан дуу хадаж тайван тоглож байсан олон хүүхдүүд зам руу гүйлдэцгээв. Бид хоёр ч хүүхдүүдийн шуугилдан гүйлдсэн тэр зүг рүү яаран очлоо. Үнэхээр хэсэгхэн хугацааны өмнө надтай ярилцаж байсан цувтай ах зам дээр хөсөр хэвтсэн байдалтай байх аж. Түүний нүд хараагаараа байх бөгөөд нүүрэнд нь хачин эвгүй инээмсэглэл тодорчээ. Гэтэл цугласан олны хаа нэгтэйгээс нэг хүүхэд “Энэ ах түрүүн би зүүдээ олчихлоо, над дээр бороо орохгүй байна гэж хэлээд аймаар хурдан гүйгээд машинд дайруулчихсан” гэж хэллээ. Миний нүд харанхуйлах шиг болоход би тэрхүү золгүй явдал болж олон хүн цугласан газраас бушуухан холдохын түүс боллоо.

Гэртээ ороод аяга цай уусан ч түрүүний машинд дайруулсан ахын инээмсэглэсэн эвгүй дүр төрх санаанаас гарахгүй баахан зовоов. Би тайвшрах санаатай хэдэн өрөөгөөрөө сэлгүүцэж байснаа цонхоор харахад хэдийнэ харанхуй болжээ. Цонхон дээр бороон дуслууд бөнжигнөн тогтжээ. Энэ удаад би орж байгаа энэ зөөлөн бороонд баярласангүй. Нэг л эвгүй хачин таагүй мэдрэмж сэтгэлд бий болж чухам л хямраад явчих нь тэр. Тэгээд нэг их удалгүй хөнжилдөө шургаж хэдэнтээ амны хэмжээ авсаны эцэст зүүдний ертөнцийн босгыг даван зочиллоо.

…Бороо орж байх ажээ. Би гудамжаар алхаж байх юм. Гэтэл ганцхан хэлхээ мод бүхий гудамжны сандал дээр нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй сууж байгаатай би таарлаа. Би урьд өмнө хэзээ ч тийм сайхан царай хараагүй бөгөөд тэр эмэгтэй гунигтай ч юм шиг эсвэл хөгжилтэй ч юм шиг тун сонирхол татахуйц нэгэн ажээ. Намайг эмэгтэй рүү дөхөн очих тэрхэн хэсэг мөчид зөвхөн тэрүүхэн газарт л огтхон ч бороо ороогүй байгааг би анзаарлаа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ХАТАГТАЙ ЗҮҮД
БичлэгБичигдсэн: 3-р сар.01.13 12:42 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.01.13 12:34 pm
Бичлэгүүд: 1
dajgui l ym


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.13 11:30 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
хүүе дуусчихсан уу, бас л зэвүүн зохиол байна даа, зүүдээ шилжүүлчихдэг...өөр өгүүллэг оруулаарай. Зоорийг уншсан, аймаар юм билээ шөнө орой ганцаараа бол уншилтгүй, харин 2 нь гэхээр их л сонирхол татаж байнаа да


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 3 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр