Kendrick Lamar "good kid, m.A.A.d city"
good kid, m.A.A.d city бол 2012 оны шилдэг цомог.
Кендрик Ламар бол West Coast - ийн шинэ дуу хоолой, хип хопыг аврах ёстой шинэ хүн. Game - с авахуулаад Dr. Dre хүртэл энэ залууг баруун эргийн шинэ хаан хэмээн өргөмжилсөн нь үнэний ортой байхаас гарцаагүй. Ламар олон рэпперүүдийн хийж чаддаггүй зүйлийг гарамгай хийдэг нь түүний гол давуу тал. Үг, утга агуулга нь мунхаг бусаас гадна дуунууд нь ч бас эвшээлгэхээр уйтгартай биш.
"good kid, m.A.A.d city" бол Кендрикийн албан ёсны анхны цомог ч гэсэн К. Дот өмнө нь Section.80 хэмээх бие даасан цомгоо 2011 онд гаргаж олны анхаарлыг татаад амжсан. Section.80 миний бодлоор бас 2011 оны шилдэг цомог байсан. good kid, m.A.A.d city - г гаргасанаар Кендрик хип хоп хөгжимд амь оруулж чадсан гэдэгт хүн бүр итгэлтэй болсон юм аа. Өмнө нь олон рэпперүүд хэтэрхий олон хүний хүлээлтийн дарамтын өмнө сөхөрч байсан бол Кендрик эсрэгээрээ хоёр хөл дээрээ өмнөхөөсөө ч илүү бат бөх зогсох болов.
good kid, m.A.A.d city бол тодорхой concept-тэй бүрэн цомог. Өөрөөр хэлбэл кино шиг цомог гэж ойлгож болно. Дуу болгон киноны нэгэн хэсэг, ая нь ард талын фон, Кендрик өөрөө киноны гол дүр бөгөөд кино зохиолч нь. Кино зохиолыг өөлөх зүйл огтхон ч байхгүй, гудамжны хахир хатуу тогтолцоонд дасан зохицож байгаа хар залуугийн хайр дурлал, нөхөрлөл болон урвалт, өшөө авалтын талаархи сонирхолтой кино. Section.80 дээр production-ыг хариуцаж байсан Sounwave болон THC дээр нэрт продюсерүүд болох The Neptunes, Just Blaze, T-Minus болох Hit-Boy нар нэмэгджээ.
Кендрик энэхүү цомог дээр өөрийн хуучин амьдралын талаар өгүүлнэ. 17 настай залууг бүгд K.Dot хэмээн дуудах ба гэмт хэрэгтний гэр бүлийн охин Sherane-тай үерхэж, урд нь байгаа хар тамхи, архи дарсны бүх төрлийг хэрэглэж, найзуудтайгаа хамт Комптоны гудамжуудаар хэсүүчилж, хоосон орон гэр ухаж өдрүүдийг өнгөрүүлнэ. Энэ бүгдийн дараа К.Дот хэрхэн одоо бидний мэдэх Кендрик Ламар хэмээх хувь хүн болсон нь хамгаас сонирхол татах ба Кендрик энэхүү цомгийн турш өөрийн өөрчлөлтийн замын талаар өгүүлнэ. Backseat Freestyle дээр үглэж буй хүүгээс Hiiipower хүртэл яаж өөрчлөгдсөн талаар гэсэн үг.
b****, Don’t Kill My Vibe нь (өчигдөрхөн Jay-Z - тэй хамтарсан ремикс хувилбар нь гарсан) цомгийн оргил цэг мэт сэтгэгдэл төрүүлэх ба өнөөгийн Кендрик нэр алдар болон амьдралд нь гарч буй өөрчлөлтүүдийн талаар өгүүлэх бол Sing About Me нь Кендрикийн хамаг ур чадвар, юунаас болоод түүнийг хүмүүс тэгэж их шүтээд байдагийг харуулаад өгнө. Нэг дуун дээр Кендрик өмнөх дуун дээр амь үрэгдсэн Дейвийн ахын, Section.80 дээр танилцуулсан биеэ үнэлэгч Кейшагийн эгч (дүү) нарын болон өөрийн өмнөөс түүхээ өгүүлэх бөгөөд Дейвийн ах түүний түүхийг ярьж өгч байгаад баярласнаа илэрхийлэх бол, Кейшагийн эгч дүүгийнхэн талаар ярьж өгсөнөөс нь болоод жигшин хараах юм. Төгсгөл бадаг дээр Кендрик энэ бүх үйл явдалыг тоймлон дүгнэлтээ гаргана.
And you're right, your brother was a brother to me
And your sister's situation was the one that pulled me
In a direction to speak of something that's realer than the TV screen
By any means, wasn't trying to offend or come between
Her personal life, I was like "it need to be told"
Deluxe version дээрхи бонус дуу болох Black Boy Fly дээр Кендрик Комптоны өсвөр насны хүүгийн бодлуудыг улам өргөнөөр хүргэх ба Комптоноос гарч ирсэн NBA-ийн тоглогч Arron Afflalo болон рэппер Game нарт атаархсан шүлгээ уншихаас гадна атаархалаас илүүтэйгээр төрөлхи хотоос нь гарч ирсэн сүүлийн онцгой залуучууд тэд нараар төгсөх вий гэсэн айдсаа толилуулна. Кендрик нийгмийн асуудлуудыг хөндсөн 2 дахь амжилттай цомгоо гаргасан нь маш том амжилт. Энэ 2 цомгийг гаргахад хүргэсэн гол санаа нь айдас юм.
Энэ цомогт магадгүй шилдэг хэмээн онцлох дуу байхгүй байх. Учир нь энэ цомог тэр чигээрээ бүхэл гэж хэлж болохоор цомог юм. Цомгийг сонсоход 15 дуу биш, 1 хүүгийн түүхтэй танилцаж байгаа мэт бодол сонсогчоос салахгүй байх. Түүний үүрэг нь хип хопын дуу хоолой, домог, баруун эргийн аврал болох. Домог болоход нэг том алхам ойртсон бол баруун эргийн нүүр царай болоод амжсан гэдэгт эргэлзээд хэрэггүй. Кендрик 2 дахь жилдээ дарааллан жилийн шилдэг цомгуудын нэгийг гаргасан ба 2 дахь цомог нь цомгуудын нэг ч биш, харин бүр шилдэг нь юм.
Ийм цомог гаргачаад уран бүтээлчид хэсэгтээ нам жим болдог нь энгийн үзэгдэл. Цаашид Кендрик ямар урсгалыг дагах уу, ямар уран бүтээлүүд гаргах уу гэдэг том асуулт тулгараад байна. Nas-ын The Illmatic-ийн дараахь бүх цомгууд нь хурц шүүмжлэлд өртөж байсан нь учиртай, Нас тэгээд ч анхныхаа классик цомгоосоо илүү уран бүтээл гаргаж чадаагүй нь түүний авъяасгүй, ур чадваргүйгийнхэн ч биш гэдэг нь ойлгомжтой. Кендрик үүнээс илүү уран бүтээл гаргаж чадах болов уу? Чадахгүй байсан ч урын санд нь 1 классик цомог байсаар байх болно гэдэгт л эргэлзэхгүй байж болно.
Tracklist:
1. Sherane a.k.a Master Splinter’s Daughter
2. b****, Don’t Kill My Vibe
3. Backseat Freestyle
4. The Art of Peer Pressure
5. Money Trees (Ft. Jay Rock)
6. Poetic Justice (Ft. Drake)
7. good kid
8. m.A.A.d city (Ft. MC Eiht)
9. Swimming Pools (Drank) (Extended Version)
10. Sing About Me / I’m Dying Of Thirst
11. Real (Ft. Anna Wise)
12. Compton (Ft. Dr. Dre)
Deluxe:
13. The Recipe (Ft. Dr. Dre)
14. Black Boy Fly
15. Now Or Never (Ft. Mary J. Blige)