Зиа тэгэхээр би бээр Монгол улсад ихээхэн чухал байр суурь эзэлдэг нэгэн байгууллагад дадлага хийж эхлээд хэсэг хугацааг өнгөрөөлөө. Тэгээд энэхүү гял цал байгууллагын оюутнуудтай харьцах хандлагын талаар бичье гэж бодсон юм.
Гял цал байгууллагын хувьд оюутан бол орчин үеийн зарц юм. Энд их сургуулийн оюутнууд ихээхэн хүлээлттэй, маш их зүйлийг сурна хэмээн бодож орж ирдэг боловч яг үнэндээ бол хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагдахаас өөр сурч боловсрох зүйлгүй 8 долоо хоногийг өнгөрөөдөг гэж болно. Хайран 2 сар минь хүний боол хийсээр дуусч байгаад нэг талаар маш их харамсч байна.
Нөгөө талаар ганц “авууштай” зүйл нь эндээс маш өөр нэг зүйлийг сурч авна. Тэр бол дарангуйлалд хэрхэн тэвчээртэй, хүлээцтэй хандаж сурах вэ гэдэг арга барил. Хэрвээ чи дадлагын оюутан л бол үүдний харуулаас нь эхлээд чамайг дээрэлхэх хүн бишгүй дээ л олон бий. Тэд нар чамтай өндөр дуугаар чанга чанга харьцана. Хаана сууж, хаашаа явах, юу хийхийг бол зааж болох юмаа гэхэд хаашаа харах, юу гэж хэлэх, бараг юу бодохыг чинь ч заана. Энэ байгууллагад уг нь захирал, дэд захирал гээд хоёр л дарга байх шиг боловч дадлагын оюутны хувьд бол энэ байгууллагад ажилладаг бүх хүн чиний дарга. Бүгд л чамайг өөрөөрөө байлгах гэж хичээнэ. Сүүлдээ би өөрөө хэн байх ёстой вэ гэдэгтээ ч эргэлзэж эхэлнэ. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй хэсэг байгаа юм л даа.
Байгууллагын ажилчид нь чиний өмнө бүгд л дарга шиг, босс шиг харагдах гэж хичээнэ. Над мэтийн муу сайн оюутнуудад томорч харагдах гэж байгаа хүний бас нэг эго юм даа. Нуруу нь гэдгэр, толгой дээшээ харахын хажуугаар эрэгтэйчүүд нь гараа кармандаа хийн гүзэлдэж, хүүхнүүд нь дээш доош хялам хийн гараа урдаа зангидаж барина. Дадлагын оюутнууд бүгд түр үнэмлэх зүүдэг бөгөөд үүнийгээ зүүхээ мартчихсан явж байвал шууд л загнуулна. Мөн коридороор явж байхдаа сайн байна уу гэж мэндлэхгүй бол би өөрөө буруудна. Ядаж байхад би хараа муутайг хэлэх үү. Нүүрэн дээр нь тулж ирж байж л сая нэг царай нь тод харагддаг болхоор тулж ирээд мэндлэх гэсээр байтал өнгөрөөд явчихна. Тэгээд бүгдэнтэй нь мэндлээд явахаар тэнэг юм шиг болчихно. Ядаж байхад бөөн айдас, бие барилт дунд байдаг болохоор яг мэндлэхийн даваан дээр дуу гарахаа байна, гарсан ч нэг л хүчгүй болохыг нь яана.
За тэгээд би энд дадлагажих гэж ирсэн мөртлөө юм канондож, сканердах, шивэх, ийш тийш бичиг цаас зөөх, хүн амьтны утасны нэгж, идэж уух юмыг нь авчрах л ажил хийнэ. Тэгээд өөр хүн амьтанд зарагдаагүй үедээ компьютэрээ нээгээд сууж байхаар нэг нэгээрээ нөгөө хэдэн "дарга" нар нь чи яг юу хийж байна, яг одоо яаж байна гээд л асууж гарна. Юм хийгээгүй бол бас л өөр нэг тийш зарна. Тэгээд хүн зарж зарчихаад баярлалаа ч байхгүй шүү зарим нь. Дээрээс нь байнга миний цагийг бүртгэнэ. Хэдхэн минут хоцроод ирвэл нөгөө дадлагын оюутан хаана байна гээд асуугаад эхэлнэ. Ганц хоёр хүн асуухад л хар мянган хүн асууж байгаа юм шиг чамайг баахан хүн асуусан дахиж битгий ингээрэй гээд л... Үнэхээр сэтгэлийн дарамттай.
Тэгээд нэгнийх нь юмыг хийгээд сууж байхад шал хөндлөнгийн өөр хүн орж ирээд бас л зараад унана. Бүгд л минийх хамгийн түрүүнд, минийх хамгийн чухал хурдал гээд л дарамтлаад унана. Тэгээд таны өмнөх хүний юмыг хийж дуусаагүй болохоор таны хий гэснийг жаахан байж байгаад хийе гэхээр хялалзаад уурлаад унана. Явж явж ер нь аливаа байгууллага болгонд нэг тийм хүний мууг үзэх гэсэн авгай нар байх юм аа. Энэ авгай нээрээ миний тэвчээрийг үнэндээ шалгаж байна аа.

За тэгээд зөндөө олон тийм авгайтай байгууллагад ажиллаж байгаа манай ангийн бусад хүүхдүүд бас л их зовж байх шиг байна аа.
Манай байгууллага ийм дүрэмтэй, тийм ч нууцлалтай, чи тэгж ч болохгүй ингэж ч болохгүй гээд л байдаг. Оюутны хүлээх үүрэг хариуцлагыг баахан дурддаг мөртлөө өөрсдийнхөө оюутны өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагаа огт мэддэггүй. Энэ хүүхэд юм сурах гэж, практик туршлага олж авах гэж орж ирсэн шүү гээд юм заагаад зөвлөөд өгөхгүй. Хүнийг үнэгүй зарж байж! Ямар эд нар надад унааны мөнгө, хоолны мөнгө гэж өгч байгаа биш! Нэгэнт л оюутныг дадлага хийлгэхээр авч байгаа бол тухайн оюутанд зориулсан дадлагын хөтөлбөртэй байх хэрэгтэй штэ. Хичнээн завгүй байгаа ч гэсэн юм хэлээд өгөхөд юунд нь тийм их цаг авах вэ дээ. Муухай сэтгэлгүй л байгаа байхгүй юу!