|
"Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт нэг л удаа хүчинтэй"
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.
-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдахад иргэд юуг анхаарах вэ?
-Тухайн байрны ордер, гэрчилгээн дээр өөрийнх нь нэр байх ёстой. Хэрэв хувьдаа орон сууц, хаус барьсан бол өөр үнэлгээний байгууллагаар үнэлүүлнэ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилдээ олсон орлогоо тодорхойлж, төлөх татвараа харьяа татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах шаардлагатай.
-Хувь хүн төлсөн албан татварынхаа тодорхой хэсгийг буцаан авч болно гэлээ. Энэ тухай ямар хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг бол?
-Анх удаа орон сууцны барилга барих, худалдан авах, оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт зэрэг орно. Хүн амын орлогын албан татварын тухай хуульд тодорхой заалт бий. Үүнд хувь хүн өөрийн орлогоор болон банк, санхүүгийн байгууллагын зээлээр анх удаа орон сууцны барилга барих, худалдан авахад зарцуулсан 30 саяас дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлсөн байдаг. Тодруулбал 30 сая төгрөгний 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж, хувь хүний хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо төлсөн мөнгийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлдөг.
-Тэгэхээр 30 сая төгрөгнөөс дээш мөнгөн дүнд хөнгөлөлт олгохгүй гэсэн үг үү?
-Хувь хүний орлогын албан татварын хуулинд 30 сая төгрөг хэмээн заасан байдаг. Тэгэхээр 60 сая төгрөг байсан ч дээр дурдсанчлан гурван сая төгрөгийн хөнгөлөлтийг л эдэлнэ. Харин татварын хөнгөлөлтийг 1-4 жилийн хугацаанд хуваан олгодог байгаа. mta.mn гэсэн манай сайтад байгаа дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.
-Хөнгөлөлт эдлэх тухай бичиг баримтийг жил бүр бүрдүүлж өгөх шаардлагатай юу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Тодруулбал орон сууцны хөнгөлөлтийг мөнгөө гурван жил тасалж авлаа гэхэд гурван жил, жил бүр шаардагдах материалыг бүрдүүлж өгнө. Сургалтын төлбөр ч гэсэн үүнтэй ижил.
-Сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх талаар тайлбарлахгүй юу?
-Хүн амын орлогын албан татварын тухай хуулинд зааснаар “Албан татвар төлөгчийн төрсөн хүүхэд буюу гадаад болон дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцдаг бол тухайн сургалтад төлсөн төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлдэг” гэсэн байдаг. Түүнчлэн суралцаж байх хугацаандаа өөрийн орлогоосоо албан татвар төлөх. Мөн сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтад суралцагч нь хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Харин магистр болон докторын сургалтад суралцагчид хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй.
-Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд бүрдүүлэх материалын хувьд?
-Бичгээр гаргасан хүсэлт хоёр хувь, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ болон, үрчилсний гэрчилгээ, оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөрт төлсөн баримтууд, татварын бүртгэлийн дэвтэр, ажлын болон цалингийн тодорхойлолт, орлого нотлох бусад бичиг баримт зэргийг бүрдүүлж харьяа татварын албанд өгнө.
-Байр орон сууцны хөнгөлөлтөд хамрагдахын тулд бүрдүүлэх бичиг баримт нь?
-Үл хөдлөх хөрөнгийн улсын гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар болон зээл олгогчоос мөнгө шилжүүлсэн баримт, захиалгын болон худалдан авсан гэрээний байранд төлсөн төлбөрийн баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт төлсөн баримт, татварын бүртгэлийн дэвтэр, ажлын болон цалингийн тодорхойлолт, бичгээр гаргасан хүсэлт хоёр хувь, иргэний үнэмлэхний баталгаажсан хувилбар хоёр хувь. Түүнчлэн орлого нотлох бусад баримт зэргийг бүрдүүлээд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор харьяа дүүргийн татварын албанд өгнө. Бүрдүүлэх материалаас тодруулах зүйл байвал оршин суугаа аймаг, дүүрэг, хороо хариуцсан мэргэжилтнээс болон Татварын ерөнхий газрын 1288 утсанд хандан зөвлөгөө авч болно.
-Зөвшөөрөгдсөн нөхцөлд хөнгөлөлтөө эдлээгүй байгаа иргэд хөнгөлөлтөө нөхөн эдлэх үү?
-Өмнө нь байр, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлээгүй тохиолдолд боломжтой. Харин хоёр хамтран эзэмшигчтэй бол аль нэг нь л хөнгөлөлт эдэлнэ. Ер нь хувь хүний татварын хөнгөлөлт болохоор нэг хүн нэг л удаа хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг
Б.Батбаатар
_________________ Би Монгол Эр Хүн.
|