|
[center]АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ[/center]
Бид хэлцэж тохирсон ёсоор Евагийн орыг Элений өрөөнд тавьж, би дахиад гуравдугаар давхар дахь байрандаа оров. Нэг хэсэг нам тайван байлаа. Би дэлгүүрийнхээ ажил явдлыг дахин хөөцөлдөж эхлэв.Ажил дуусах ойртож байлаа.
Ева одоо энэ ажлыг онц их сонирхохоо болив. Шөнө зүүд нойрондоо ч юм уу, явж чаддаг нь нотлогдсоны дараа нэг л хачин дүнсгэр номой болчихсон. Заримдаа миний өөдөөс айж балмагдсан ч юм шиг, цэнэж болгоомжилсон ч юм шиг нэг хачин харна.
Евагийн иймэрхүү байдалтай болсныг миний буруу гэж таамаглаж байсан болохоор би ичиж байв. Үгүй гэхэд эгч дүү Лекэний гэрт намайг ирэхээс өмнө иймэрхүү явдал болдоггүй байсан аж. Би ирээд амгалан тайван байдлыг алдагдуулж, хоёр бүсгүйг хөшмөл байдлаас гаргажээ. Энэ байшингийн хаалганы хонхыг дарснаар намайг ирэхээс өмнө хүний бараа харах нь цөөн байсан энэ айлын агаар амьсгалыг үймүүлэн бусниулсан байна.
Муухай ааштай Амелия авгай намайг нэг нүдээрээ үздэггүй хэвээр. Одоо болж байгаа энэ хэрэг явдлын гэм буруутан нь намайг хэмээн ад үзэж, үүнийгээ нуудаггүй байв. Эмгэн миний нүдэнд аль болох цөөн харагдахыг хичээж, болж өгвөл надтай юм ярихгүйг бодно. Чих нь хатуу болохоор тэр үү, мэдсэн ч эс мэдэгч болдог юм уу, шөнийн сүйдтэй явдлыг анхаарахгүй байх шиг, Гэвч эзэгтэй нарынхаа зан байдлын өчүүхэн төдий өөрчлөлтийг ажиглаж сурсан зарц хүний хур их соргог мэдрэмжээр өөрөөсөэ нэг юм нуугаад байгааг мэдсэн бололтой. Би Элентэй гэрлэснийхээ дараа энэ ааш муутай эмгэнийг эндээс зайлуулахаар нэгэнт шийдээд байлаа. Одоохондоо эмгэний адайр аашийг тэвчин хүлцэн хэрэгтэй болох юм.
«Мөрөөдлийн хайрцаг» дэлгүүрийн нээгдэх өдөр ойртлоо. Би үргэлж их ажилтай байдаг болохоор гэрийн бараа харах нь цөөн. Би урьд өмнө хариуцлагатай чухал ажил хийж байгаагаа хэзээ ч ийнхүү ухамсарлан мэдэрч байсангүй. Ер нь би ямар нэг ажлыг үүн шиг сайн хийж байсан удаа ч үгүй биз. Агаарын десантын цэрэгт сайн дураараа бүртгүүлсэн сагсуу хөвгүүнтэй адил энэ ажилд улайран зүтгэсэн... Ерөөсөө энэ бол миний энэ насанд олдсон ганц бололцоо байж болох юм гэдгийг ойлгоод аманд орсон өөхийг хэлээрээ түлхэхгүйг хичээж байв. Ийнхүү ажилд улайгаад эгч дүү хоёрыг гойд их анхаарах чөлөөгүй байлаа.
Эленд дурласан сэтгэл маань баясгалант мөчийг хүлээж байв. Миний хайрын сэтгэл чөлөөлөгдөх цаг хараахан болоогүйг мэдээд Эленийг номхон хүлцэнгүй харж баййлаа. Энэ хүүхний ухаалаг даруу байдал нь надад таалагдана...
Нэг мэдэхэд гуравдахь шөнө болов.
Элен намайг хоёрдугаар давхраас дуудаж байлаа. Би их бөх унтаж байсан юм. Гэтэл хүүхний түгшүүрт дуу намайг ташуурдсантай адил боллоо. Шатаар бууж. явахдаа бас л Евагаас болж нэг хэрэг мандсаныг таамаглав. Энэ удаа чухам яаж сүйд манангий нь хутгасан юм бол доо? Элен миний барааг хармагцаа
- Виктор оо! Ева дахиад алга болчихжээ! гэв?
— Яаж тэр вэ? Таны өрөөнд унтаж 5айсан биз
— Би унтаж байсан... Шөнөжин нүд анихгүй байлтай биш дээ!
— Тийм л дээ, хонгор минь... Чамайг зэмлэж байгаа ч юм биш. Ер нь яагаад алга болчихдог байна
— Сэтгэл түгшиж, цээж давчдаад сэрсэн чинь том сүмд төөрчихлөө гэж зүүдэлсэн... Айгаад гзрэл асаагаад харсан чинь хаалга онгорхой, ор нь хоосон байсан
— Гадагшаа гарч эрсэн үү?
-Үгүй. Мэдсэн дороо... таныг дуудсан.
— Хувцас нь байна уу?
- Алга.
Би үүдний танхимд гүйж оров. Үүд нь задгай байлаа. Довжоон дээр гарч:
— Ева! Ева! Чи хаана байнаа? Эргээд ирээч гэж хар тэнхээгэөрээ хашгирсанд навчис ширчигнэхээс өөр хариу чимээ алга.
Би Элен дээр эргэж оров.
— Одоо яах вэ? гэж асуухад нь
— Мэдэхгүй байна.,. Гадаа тас харанхуй... Урьдных шиг өөрөө эргээд ирэх биз дээ...
— Би ч бас тэгж бодож байна...
Одоо эгч дүү хоёрын хамт унтдаг болсон өрөөнд оров... Аймаар том. Миний дотор муухай болоод ирэв. Элдвийн юм үзэж ханах шиг!
— Виктор таны сэтгэл зовоод байна уу?
— Сэтгэл зовох юм байна даа, тийм үү?
— Би айгаад байна... Миний бодоход...
— Юу гэж? гэсэнд Элен нүгэлт муу бодлыг зайлуулья гэсэн шиг толгой сэгсрээд
— Үгүй, даанч аймаар юм... гэв.
— Хаалгаа түгжсэн үү?
-Үгүй. Бид хоёрын ор ойрхон байдаг болохоор
— Тийм л дээ, ойлгож байна... Танд сонсдохгүй яаж хувцаслаж чадсан байна вэ?
— Халуун усны өрөөнд хувцасласан байж болох юм
Халуун усны өрөөнд орж үзэхэд бүх юм нь эрэмбэ журмаараа байлаа. Ямар нэг хувцас хунарын зүйл алга. Гарахаар завдан байсны гэнэт угаагуурын тавиур дээр шилэн аяга байхыг харав,
Аяга хоосон байх боловч дотор нь нэл ягаан өнгийн юм наалдсан байхад нь үнэртэж үзвэл нялуун юм үнэртэж байхад нь гайхан Элений өөдөөс эргэж харав. Элен нэг хачин харж байна. Яагаад ч юм бэ, нэг сэжиг төрлөө. Харахад өөрийн сэтгэлийг зовоож байгаа юмыг бодохын оронд ямар нэг сэжиг авахуулахгүй юм
-Энэ чинь таны Евад өгдөг нойрны эм байна, тийм үү? гэсэнд Элен толгой сэгсрэн
— Мэдэхгүй... гэв.
— Яагаад? Шинэхэн найруулсан бололтой, бас ёроолд жаахан шавхруу үлджээ. Тэгэхлээр та эм өгсөн юм байна!
— Үгүй дээ, санахгүй байна... Ева заримдаа бие нь муу бол өөрөө авч уудаг... Бас гараад явчихсан байна шүү дээ...
-Үнэмшилтэй тайлбар юм. Гэсэн ч миний сэтгэлд хангалтгүй байв.
— Эм нь хаана байгаа вэ?
— Гэрийн эмийн санд байгаа байх...
Би гэрийн эмийн сангийн хайрцгийг онгойлгож үзэв. Улаан шошготой резин бөглөөтэй тэр жижиг шилийг би маш сайн санаж байна. Эмийн сангийн хайрцагт алга.
— Элен ээ, энэ чинь нэг л жигтэй юм байна..
— Виктор! Та намайг битгий айлгаач!
Элений царай лаваар хийсэн юм шиг гөлчийж. зовхи бөлцийсөн байлаа... Эленийг нэг хэсэг дуугүй ажиглав. Миний сэтгэл мэдрэл тэссэнгүй.
— Элен та надаас нэг юм нуугаад байна...
— Хаанаас даа, Виктор оо!
Миний сэтгэл догдолсондоо бие чичирч, хоолой дээр тээглэсэн бөөн юмыг доошлуулах гэж шүлсээ залгив... Хөлд минь тугалга цутгасан юм шиг. Хамаг биеийг минь айдас эзэмдээд
— Эмийн шил хаана байгаа вэ?
— Хэлсэн шүү дээ, мэдэхгүй...
— Ева нойрны эм уусан бол шатаар бууж чадахгүй. Аяганд байсан эм бүтэн хороо цэргийг унтуулж хүрнэ. Ингэхэд аяганы амсарт уруулын будаг наалдсан байна. Тэр нь танай дүүгийн хэрэглэдэг цикламен будаг мөн. Та маргахгүй юм байгаа биз дээ?
Элөн хариу дуугарсангүй. Намайг ухасхийн гарахад Элен зам тавьж өгөв. Бие минь улам их салгалж байна. Бид хоёр унтлагын өрөөнд эргэн орж, дахин сайн үзээд гудамд гарлаа. Миний амьсгаа давхцаж эхлэв.
Байшинд сүм шиг гэх үү, үхээрийн газар шиг гүм... Элөн сүм үзэж зүүдэлсэн гэсэн!
Би урьд Евагийн унтдаг байсан өрөөнд оров. Хэдэн хоногийн өмнө мужаан дуудсан атал хаалгыг нь болтол засаагүй байна. Би энэ өрөөг бас дахин үзлээ. Гэнэт хаалгыг нь эвдсэн тэр шөнө огт анзаараагүй өнгөрсөн нэг зүйл миний анхаарлыг татав... Түгжээний дэгээ, тээг хоер нь хоёулаа бүтэн байна!
Ойлгож байна уу?.. Намайг хаалга эвдэх үед дэгээгээр түгжээгүй цоожилсон байжээ. Уг нь Ева дэгээгээр оньсолдог гэж Элен хэлж байсан... Би Элен тийш эргэж
— Элен!.. гэж дуудав.
— Юу гээ вэ?
— Тэр шөнө би наашаа гүйж ирэхэд үүд нь дотроосоо түгжээтэй байгаа гэж үнэмшсэн. Жинхэнэ хэрэг дээрээ та өрөөнөөс гараад үүдийг нь түлхүүрээр түгжсэн юм байна!
— Та солиоров уу?
— Би бол таныг солиорсон юм уу даа гэж боллоо.
— Битгий доромжлоод байгаарай!
Би Элений гараас шүүрэн авч угз татаад
— Намайг хаалга эвдэхийн өмнө Еваг дотроосоо түгжсэн гэж баттай мэдүүлэхийн тулд та намайг халуун усны өрөөнд ор гэсэн! Та л энэ байшинг сэтгэл мэдрэлийн өвчтөний эмнэлэг шиг болгожээ!
— Энэ чинь даанч хүн үнэмшмээргүй үг байна даа, Виктор оо!, Та гэв гэнэт яах чинь энэ вэ?
Би хариу хэлэхийн оронд Элений хөлийг шүүрэн авч, туфлийг нь сугалж аваад улаар нь дээш харуулсанд хивс дээр элс асгарав.
— Элен! Та өнөө шөнө байшингаас гараагүй, Гэтэл туфли дотор чинь элс байна!
Энэ үг түүнийг мэлзэх газаргүй болголоо! Элен юу ч хэлж чадахгүй хий ангалзав.
— Та дүүгээ үзэн яддаг юм байна, тийм үү? Элен чимээгүйхэн уйлан вандан дээр сандайлаад
— Би тэсэхээ байлаа. Нээрээ би тэсэхээ байлаа Виктор оо... гэж сонсдох төдий шивэгнэв.
Би юу хэлэлтэй билээ дээ? Энэ намтар дуусах ойртож байх шиг. Эленд нуугаад байх юм үгүй бас нээрээ харваас тэнхээ нь тасарсан байна.
— Би олон жил энэ хөөтэй тэргэнцэрт аргамжигдсан хүн. Та ойлгож байна уу? гэхэд нь
— Ойлгож байна гэв.
Би үнэндээ эгч дүү хоёрын энэ эмгэнэлт байдлыг ойлгож байлаа. Элөн дүүгээ асрах гэж өөрийн эрх чөлөө залуу насыг золиосонд гаргасан байна... Тэгээд өөрийн баяр баясгалангүй гунигт амьдралыг гэнэт нэгэн өдөр олж харжээ...
— Жинхэнэ хэрэг дээрээ би ч тахир дутуу хүн байлаа, Виктор оо..
— Ингэж жүжиглэхийн хэрэг юу байв? Еваг ч зовоож өөрийгөө ч зовоож байхын оронд түүнийг зөнд орхичихгүй яасан юм бэ?
— Орхих гээд зүрх хүрээгүй юм.
— Та түүнтэй туйлын аймшигтай инээдэмт жүжиг тоглож зүрхэлсэн байна шүү дээ. Та Еваг өөрөө мэдэлгүй зүүд нойрондоо босож явдаг сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн гэж өөрт нь итгүүлэх арга эрж байсан байна! ЭНэ чинь үзэшгүй муухай хатуу сэтгэл шүү, та ойлгож байна уу?
— Би Евад тэгж итгүүлэх гээгүй...
— Хэнд итгүүлэх гэсэн юм бэ? Надад уу?
— Тиймээ, танд.
— Яах гэж тэр вэ? Учрыг хэлээд өгөөч. Элен нүдээ буулган тонгойв. Эрүү нь ээтийж, магнайд нь гүн үрчлээ тодрон Элен одоо тийм үзэсгэлэнтэй сайхан харагдахаа болилоо.
-Миний санаж сэдсэнээ гүйцэлдүүлэхэд Еваг шөне гадагшаа явдаг гэж бүгдэд итгүүлэх хэрэгтэй байсан.. Ийм болоод би энэ жүжгийг найруулж тавьсан юм... Таны эргэлзэж байгаагаа хэлсэн. тэр өдөр миний толгойд ийм санаа төрсөн... Би Евагаас салж амрах юмсан гэж удтал хүлээсэн хүслээ биелүүлэх боломж гарлаа гэж бодсон... гэхэд нь миний дотор эвгүй оргиж
- Та дүүгээсээ салж амрах гэсэн хэрэг үү? Ева одоо хаана байгаа вэ? гэж асуугаад түрүүчээс хойш өдий төдий юм асуусан мөртлөө хаана байгааг нь сая лавласнаа өөрөө ч гайхав.
— Мэдэхгүй...
— Боль доо! Ева хаана байгаа вэ?
— Би... би байшингаас аваад гарсан...
— Хааш нь?
— Модонд аваачиж тавьсан...
— Тийшээ очицгооё.
Амьдрал хзмээгч ийм булай муухай байдаг ажээ гэж бодохоос сэтгэл минь давчдав, Элений ийнхүү үзэшгүй муухай хутган үймүүлснийг мэдээд түүнд дурласан сэтгэл минь жигшин зэвүүцэх сэтгэл болж хувирав.
— За явцгаая1 гэсэнд Элен толгой сэгсрэн
— Үгүй, үгүй... Ганцаараа яв... Надад тэнхээ алга гэв.
- Явцгаая! гэж би хэлээд гараас нь шүүрэн шатаар уруудлаа. Бид үүдний танхимаар өнгөрч, довжоон дээр гарав... Элен өрөөсөн туфельтэй, би хөл нүцгэн. Одоо энэ ямар хамаа байх вэ дээ. Бүх зүйлийг аль болох түргэн хийх хэрэгтэй гэж дотоод сэтгэл минь хэлээд байлаа...
Бид ширэг дээгүүр гацуур модон ой руу явлаа. Энд овоо гэрэлтэй байна. Модноос ёозгүй хар сүүдэр тусна. Элен айсандаа хамаг бие нь чичрэн
— Намайг орхиоч, Виктор оо... Таныг гуйя...
— Еваг хаана тавьсан бэ?
— Тэнд..
Заасан зүг рүү нь нүд ширтэн харахад юу ч харагдсангүй. Гар чийдэн авч гараагүйдээ харамслаа.
— Еваг энд орхисон чинь үнэн юм бол би олж харах ёстой. Та худал хэлжээ.
Элен хариу дуугарсангүй, нүүрээ үрчигнүүлэн чимээ чагнаж байлаа. Тэгэхэд нь би бас чагнаад толгойд минь нэгэн аймаар бодол төрөв... Би одоо бүгдийг ойлголоо.
Галт тэрэг ойртож байгаа чимээ улам тодрон тохойн хажуугаар төмөр зам өнгөрдгийг саналаа.
— Муу өлөгчин! Чи Еваг төмөр зам дээр таввсан байна тийм үү?
Элен толгой дохив.
Би төмөр замын зүг хар хурдаараа гүйлээ. Галт тэрэг ойртож, чимээ нь тэнгисийн чимээг дарав. Би хүч чадлаа шавхан гүйсэн учир миний бүх сэтгэл маань алга болж, гагцхүү гүйж байгаагаа мэдрэн ямар ч байсан амжиж аврах хэрэгтэй гэхээс өөр бодол төрөхгүй байлаа. Мод, бутыг тойрон газрын бартаагаар нэг өгсөж нэг уруудан гүйж явахад нүдний минь өмнө ганц Ева үзэгдэх шиг болж, ямар ч байсан галт тэрэгнээс өрсөн түүнийг олох ёстой гэхээс өөр хүсэл байсангүй.
Галт тэрэг аль талаас ирж явааг ч бүү мэд төмөр зам том гүвээг тойрсон байдаг. Гүвээний цаанаас зүтгүүрийн чимээ олигтой сонсдохгүй юм. Ямар ч гэсэн галт тэрэг ойртож явааг мэдэж байлаа.
Эцэст нь би гүвээний бэлд хүрч төмөр утсан хашаан дээгүүр даван төмөр замд хүрч, далан шороон дээгүүр гүйхэд хурц ирмэгтэй чулуу нүцгэн хөлийг минь хатгах оловч өвдөхийг мэдрэхгүй байлаа.
Галт тэрэг баруун талаас ирж явна. Дохионы нь гэрэл бүр тодхон харагдаж, бөөн утаа суунаглаж байлаа. Би гялалзан буй зам төмрийг харав.
Тэгснээ би уулга алдан хашгирав. Миний өмнө, галт тэрэгний наана зам дээр Ева хэвтэж байлаа...
Би нэг сайн амьсгаа авч цээжээ дүүргээд Ева руу хасхийв. Би хэдийд ийм хурдан гүйдэг болов оо?! Надад өөрт минь ямар аймшигт аюул заналхийлж байгааг огт үл бодон хар эрчээрээ гүйв. Миний нүдний өмнө өрөөл татанхай, бас нойрны эмд толгой нь мэнэрсэн хүн хэвтэж байна. Галт тэрэгний чимээн дундаас гэнэт ард
— Вий-ктор! Хэрэгтүй!!! Хэрэггүй ээ! Виктор гэж Элений хашгирах сонсодлоо,
Энэ нь надад улам хүч нэмэх шиг болов. Ийм үед төрсөн дүү бүсгүйгээ үхээсэй гэж хүснэ гэдэг ямар муухай хар санаа вэ! Галт тэрэг бүр ойртон ирлээ. Дохионы гэрэл нь зам төмөр дээр тусан гялалзуулав. Сүүлчийн хэдэн метрийг би гүйх гэж шулуухан ниссээр Евагийн дэргэд хүрэв.
Дараа нь юу болсныг өөрөө мэдэрсэнгүй. Энэхэн мөчөөс эхлэн тархи мэнэрээд явчихсан... Гагцхүү нүүрсний хар утаа залгиж, нуруу руу халуун гал төөнөж, толгой дээр чих дөжрөм их түжигнэж тачигнах чимээ гарсныг л санаж байна.
Миний тэнхээ тасран амьсгаа давцхан далан шороон дээр ухаан алдсан байжээ. Ухаан ороод Еваг элгэндээ чанга тэвэрсэн байгаагаа мэдэв. Ева нүүр рүү минь халуу оргитол амьсгалж байлаа...
Еваг далан дээр аяархан тавиад өөрөө босов. Би хэзээ ч хэвийн байдлаар амьсгалж чадахгүй юм шиг салгалаж байлаа. Цээжинд минь нүүрсний цог шатаж байх шиг. Хамаг бие салганан чичирч байв. Хэн ч, хэзээ ч ингэж чичирч байгаагүй бизээ...
Сэрүүн салхи сэтгэлийг минь жаахаи тайвшруулав. Амьсгаа аажимдаа хэвийн байдалд орж эхэллээ. Би духныхаа хөлсийг ханцуйгаар арчив...Дараа нь Еваг сэрээх гэж сэгсчиж үзэв. Элен ихээхэн хэмжээний нойрны эм өгсөн болохоор тийм амар сэрэхгүй нь мэдээж... Тэгэхэд нь би Еваг тэврэн өргөв. Энэ хөөрхий зовлонт бүсгүй сэрсэн дороо ямар аймшигтай юм болсныг тэр даруйд ухаарахгүй биз. Би гуйвж дайван Еваг далан шороон дээгүүр тэврэн явсаар төмөр зам эгч дүү Лекэний байшинд хамгийн ойртож очдог газар хүрэв. Хөл минь, ерөөсөө бие минь хичнээн их ядарсныг одоо л мэдэрлээ. Еваг тэвэрч явахдаа хөлийн дор юу байгааг мэдсэнгүй. Эцэст нь түүнийг үүрэхээр шийдэв. Үүрээд явбал ой дотуур өнгөрөхөд арай амар байх биз.
Дороо зогсоод хөөрхий бүсгүйг үүрэхээр завдтал гэнэт...
Далан шороон дээр нэг том бараан юм харагдав. Тонгойж хараад энэ бол Элений тасар тасар татуулсан бие байгааг ойлгов...
_________________ Аз жаргал дэргэд байдаг,,,
|