Монголчууд гарын таван хуруунд багтам компаниудаар "амаа үдүүлчихдэг" гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Хязгааргүй уудам нутагтай монголыг овжин ашиглаж, үүрэн телефоныг хөгжүүлсэн эдгээр компаниуд бараг л монополь болчихсон. Ярианы тарифаа тэдэн төгрөг байна гэж тохиролцдог эдгээр компаниуд өөр олон зүйл дээр үгсэн хуйвалддаг гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй.
Хоёр жилийн өмнө Жи-мобайль компани сүлжээндээ үнэгүйгээс гадна суурин утас руу үнэгүй ярьдаг болсон нь олон хүний таашаалд нийцсэн. Тиймдээ иргэд Жимобайлийн утас дугаарыг ихээр авч эхлэхэд бусад үүрэн телефоны операторууд бараг л боож үхэх шахсан гэхэд болно. Үнийн жишгийг буурууллаа, бусад компаниудынхаа ашгийг хаалаа хэмээн дарамталж эхэлсэн. Аргагүй эрхэнд Жи-мобайлийнхан сүлжээндээ үнэгүй ярих эрхээ л авч үлдсэн. Гэвч эдгээр компаниудын тохиролцоо одоо болтол үргэлжилдэг бололтой. Ил цагаандаа гарсаныг саяхны нэгэн жишээ батлав.
Нэг хэсэг "Мобиком"-ын нүүр царай болж явсан, манай Мобиком л хамгийн сайн хэмээн очсон газар болгондоо ам хуурайгүй магтаж явсан Д.Болор "Скайтел" компанийн захирлаар томилогджээ. Түүнийг бараг л өрсөлдөгч гэмээр компанийхаа захирлаар томилогдсонд олон хүн гайхан хүлээж авсан. Гэвч үүнд гайхах хэрэггүй бололтой. Аалзны тор шиг тэдний сүлжээ энэ мэт зүйлээс ил болж байна. Сураг сонсохнээ Скайтелийн хуучин захирал нь Юнителийн захирлаар томилогдсон гэнэ. Суудал сэлгэн суух эдгээр захирлууд бидэнд юу сануулж байна вэ?
Бие биенээсээ ялгагдахааргүй ярианы өндөр тариф уу эсвэл яасан ч яадаг юм гэсэн дээрэнгүй үзэрхэл үү
За юутай ч үүн дээр ганцхан дүгнэлт хийж болмоор. Скайтель, Юнитель хоёрыг МSC, АПУ -ийн хөрөнгө оруулалттай гэж ярьдаг. Харин эдгээр компаниудын удирдлагууд буюу УИХ-ын дэд дарга Г.Батхүү, МSC-ын захирал Д.Оджаргал нар УИХ-ын гишүүн молекул Батбаяр, Ерөнхий сайд С.Батболд нарын хамт Ухаа худгийн хувь эзэмшдэг гэдэг. "Ухаа худаг" хэмээх ордоо монголчууд 96 хувийг нь төрдөө өгсөн ч үлдсэн 4 хувийг нь хувь хүн эзэмшихээр болсон нь эдгээр эрхэмүүд.
Энэ нь юуг харж байна вэ гэхээр монголын томоохон компаниуд улс төрийн болоод бизнесийн бат бөх холбоо сүлбээтэй гэдгийг бэлээхэн харуулав. Холбоо сүлбээ гэдэг сайнаар ашиглавал сарны гэрэл адил, муугаар ашиглавал могойн хорлол мэт хортой гэдэг.