Ene odoo yu bolj bainaa? Olymp , delhiin avarga shalgaruulah temtseenii derged ulsiin naadam gedeg jalgiin naadam gesen ug. Ingej bolohgui shuu dee
Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох: Энэ жилийн наадмаар олимпийн аварга Н.Түвшинбаяр том цол авна аа
Улсын наадам хаяанд иржээ. Энэ жилийн наадмаар хүчит 1024 бөх зодоглоно. Тэдгээр хүчитнүүдийн дотор олимпийн дэвжээнээс Монголын шилдэг тамирчдын 44 жил авчирч чадаагүй алтан медалийг авьяас билэг, ур ухаан, эр зоригоороо авч чадсан Найдангийн Түвшинбаяр зодоглох гэж байна.
Тэрээр сар орчмын өмнө Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох багшаас улсын наадамд зодоглох эрхээ авчээ. Насаа багш түүнд, “За яахав, барилд. Гэхдээ наадмын бэлтгэл гэж бараг хийхгүй шүү. Жүдогийн бэлтгэлээ хийж байгаад л наадамдаа зодогло” гэж хэлсэн аж.
Тэгсэн хэдхэн цагийн дараа олимпийн аварга Түвшээ маань ангийн анд, салдаггүй найз Энхбатынхаа хамтаар улсын наадмаар өмсөх зодог шуудгийнхаа захиалгыг өгчихсөн гүйж явж. Ингэж л олимпийн аварга маань улсын наадамдаа зодоглохоор сэтгэл нь хөөрч, багагүй яарч буй бололтой.
Энхбат гэдэг нь Орхон голын хөвөөнд тоглож өссөн, Булганы төвийн арван жилийн нэг ангийн анд, одоо улсын начин цолтой барилдаж буй Эрдэнэбилэгийн Энхбат билээ. Түвшээ Энхбат хоёр ёстой цавуудчихсан юм шиг салдаггүй найзууд. “Аварга” дээд сургуульд хамтдаа ирж, дараа нь Жүдогийн шигшээ багт хамт орж, одоо жин тус бүртээ Монголынхоо тэргүүн тамирчин болчихож. Их спортын хувьд Түвшээ олимпийн алтан медальтай тул Энхбатыгаа дагуулахгүй. Харин үндэсний спортын хувьд бол Энхбат улсын начин цолтой учир найзынхаа дэргэд эрэмбэ дээгүүр.
Уржигдар тун санаандгүй байдлаар Насаа багштай таарлаа. Багшийн сэтгэл их л өөдрөг, сайхан инээмсэглэх аж. Тэгснээ “Манай Түвшээ саяхан Циркт болсон барилдаанд уран барилдаж, сайхан түрүүлсэн гэнэ. Би үзэж амжаагүй юм. Тэгсэн, таксины жолооч сая хэлж байна. Танай жүдогийн Түвшинбаяр ямар уран, сайхан барилддаг юм бэ? гэж магтаж байна” хэмээн хүүхдийнхээ тухай сайн сайхан мэдээ дуулаад баярлаж буй эцэг хүн шиг магнай нь тэнийчихсэн, инээмсэглэн ярив.
Насаа багш 1973 оноос хойш шигшээ багт ажиллаж байгаа гэхээр 1984 онд төрсөн Түвшээ, Энхбат хоёрыг энэ дэлхий дээр ирэх сураггүй байхад аль хэдийнэ жүдотой нөхөрлөчихсөн, тамирчин бэлдээд эхэлчихсэн байж. Багш ярианы завсар нэг том ам гарлаа. “Энэ жил Түвшинбаяр улсын наадмаар зодоглож, том цол авна” гэж. Насаа багш барагтай бол илүү дуугарч, ам гардаггүй нэгэн. “Та яасан том ам гарч байна аа, багш аа” гэхэд “Хоёулаа энэ жилийн наадмаар л харъя. Таарах нь уу, зөрөх нь үү” хэмээн хариу инээмсэглэлээ.
Ингээд бөх сонирхогч та бүхэндээ Жүдо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох багштай хөөрөлдсөнөө толилуулья.
БИ ХОЁР ШАВИА ИРЭЭДҮЙД ДАХИАД ОЛОН АМЖИЛТ ГАРГАНА ГЭЖ БОДДОГ
-Багш аа, Түвшээ Энхбат хоёрыг салдаггүй найзууд гэдэг. Тэр хоёр бүр нэг ангийн хүүхдүүд юм гэнэ ээ, тийм үү?
-Тийм ээ. Тэр хоёр 2002 онд улсын шигшээ багт анх ирсэн юм. Булганы төвийн арван жилд нэг ангид суралцаж байсан найзууд. Түвшээ Булганы Сайханых, харин Энхбат Могодынх. Орхон голын хойд эрэгт Түвшээгийнх, харин урд эрэгт нь Энхбатынх байсан юм билээ. Одоо ч салдаггүй. Байнга л цуг явж байдаг. Энэ хоёрын бөх болсны нууц хоорондоо барилдаж өссөнд нь байгаа юм. Түвшээ 1984 оны зургадугаар сарын 1-нд, Энхбат мөн оны аравдугаар сарын 6-нд төрсөн. 2001 онд Залуучуудын улсын аваргаар хоёулаа жин тус бүртээ түрүүлээд гарч ирсэн хүүхдүүд.
-Шигшээ багт нэг ангийн хоёр хүүхэд байх нь багийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг байх даа...
-Шигшээ багийнхан олон жил хамтдаа бэлтгэлд гараад ирэхээрээ хоорондоо найз нөхөд болоод зан зангаа авалцдаг. Тэгээд сайхан найз болцгоодог. Гэхдээ Түвшээ, Энхбат хоёр илүү сайн найз нөхөд. Бэлтгэл дээр байнга л хамт явдаг. Шигшээ багийнхан дотроо ч их нөлөөтэй. Багийн уур амьсгалыг тун сайхан өргөж өгдөг залуус. Манай шигшээ багт Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар, С.Ням-Очир, Ариун-Эрдэнэ гээд олны дунд нөлөөтэй, зөв залуус олон. Ариун-Эрдэнэ чинь Түвшээ, Энхбат хоёрын дээд анги юм билээ, арван жилийн сургуулийн.
-Таниас асуумаар санагддаг нэг зүйл байдаг юм. 2008 онд олимпийн аварга мэндлэхийн өмнөх хэдхэн цагт Түвшээг зөвхөн Энхбаттай хамтад нь байлгаад, өөр хүнтэй уулзуулаагүй гэдэг юм билээ. Энэ талаар та тодорхой ярьж өгөөч?
-Түвшээгийн барилдахаас өмнөх өдөр Нямхүү барилдсан юм. Нямхүү олимпийн хүрэл медалийн төлөө барилдахаар үлдчихсэн байлаа. Тухайн үед хүн бүр баяр хүргээд, тамирчдын байранд бараг хөлтэй хүн болгон орж ирсэн. Ингээд хүн бүр баяр хүргээд байхаар тамирчин хүн тайван байж, барилдаанд бүрэн төвлөрч чадаагүй гэж би боддог. Үүн дээр би маш том алдаа гаргасан. Одоо хүртэл Нямхүүгийн өмнө буруутай юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэр үед би Нямхүүтэй хэнийг ч уулзуулахгүй, өрөөнд хэнийг ч оруулахгүй байж болох байсан. Гэтэл тэгээгүй. Үүнээсээ сургамж аваад Түвшээ дээр хэнийг ч оруулахгүй байхаар шийдсэн.
Эхний барилдаанууд үдээс өмнө болж, шийдвэрлэх барилдаан үдээс хойш болсон учир тэр хугацаанд Түвшээг амраах боломж байлаа. Тэр үед Түвшээтэй уулзах орох эрхийг хоёр л хүнд өгсөн. Энэ бол Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, сайд Х.Баттулга, нөгөө нь Энхбат. Би шаардлагатай гэж үзвэл өөрөө орох боломжтой. Ингээд Энхбатаар Түвшээгийн байгаа тамирчдын өрөөний хаалгыг гаднаас нь мануулсан. Дээр хэлсэн хүнээс өөр хэн ч орохгүй шүү гэж захисан. Энхбат хаалгыг үнэхээр сайн манаж, хэнийг ч оруулаагүй. Үүний дүнд Түвшээ хоёр цаг маш сайн унтаж амарсан. Барилдаан болохоос 45 минутын өмнө ороход Түвшээ бүр хурхирчихсан унтаж байсан /инээв/.
Тийм том барилдааны өмнө ингэж амарч чадаж байгаа, ийм тайван байгаа тамирчныг би өмнө нь хараагүй. Тэгээд Түвшээг сэрээгээд “За, одоо бос доо. “Хоол идэх үү?” гэхэд “Үгүй” гээд жаахан ус л уусан. Түвшээ алтан медалийн төлөө барилдсан Казахстаны бөх Аскат Житкиевийг өмнө нь ялж байсан. Тиймээс “Чи ялж байсан. Тэр их аймхай хүн” гэж хэлсэн. Түвшээ илүү үг хэлэлгүй “За” л гэсэн. Түүний байгаа байдал, унтаж амарснаас харахад өөртөө үнэхээр итгэлтэй, зоригтой байгаа нь анзаарагдаж байсан. Түвшээ дэвжээнд гараад өрсөлдөгчөө жижиг торгуулиар ялаагүй, олон том үнэлгээ дараалан авч, тасархай түрүүлсэн.
-Та Түвшээг олимпод тэгж сайн барилдана гэж төсөөлж байсан уу?
-2007 онд Парист болсон “Их дуулга”-аас хүрэл медаль авсан нь Түвшээгийн анхны том амжилт байлаа. Дахиад жилийн дараа Францын энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. “Их дуулга” гэдэг чинь том тэмцээн шүү дээ. Хэдийгээр олимпод Түвшээ битүү морь гэгдэж байсан ч дэлхийн хэмжээнд хүрч барилдаж чадахаар болсон гэдгээ өмнө нь харуулчихсан нь энэ. Ингээд 22-тойдоо Францын тэмцээнд медаль аваад 23 настайдаа олимпийн аварга болсон. Харин таамагласан эсэх тухайд, Нүхтэд бэлтгэлд гарч байх зуур МҮОХ-ын Ерөнхийлөгч Д.Загдсүрэн дарга ирсэн юм. Тэгэхэд би “Түвшээд их найдлага тавьж байна” гэж хэлж байсан. Дараа нь “TV-9” телевизийнхэн ирэхэд “Энэ олимпоор заавал аварга төрүүлнэ” гэж амласан нь одоо ч бичлэгт байдаг.
-Та ч тэгж нэг их амархан ам гараад байхаар хүн биш дээ. Их л итгэлтэй байж?
-/Инээв/. Тийм ээ, тэгэхэд тэгээд хэлчихсэн юм. Хааяа бас ам гарч байхгүй бол болдоггүй тал бий. Тамирчид миний яриаг сонсоод юм уу, “Багш тэгж хэлсэн байна” гээд урам зориг орох тал ч байж болно.
-Олимпийн наадмын дараа Түвшээ нэг хэсэг барилдсангүй. Зарим хүн барилдалгүй удахаар нь “Оддын ханиад хүрчихэж” гэж хүртэл дүгнэж байсан болов уу. Яг үнэндээ Түвшээ “оддын ханиад” хүрсэн юм уу, эсвэл бэртэл нь барилдах ямар ч боломж өгсөнгүй юу?
-Тийм ээ, энэ асуулт олон хүний сонирхлыг татаж байсан биз. Гэхдээ тийм юм болоогүй. Түвшээ “оддын ханиад” гэхээр зүйл тусаагүй ээ. Тэр олимпийн өмнө л өвдгөндөө бэртэлтэй байсан юм. Харин олимпийн дараа хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийсэн эмч нар зургаан сарын дараагаар хөнгөн хөдөлж эхэлж болно гэсэн. Ингээд тэр хугацаанд хөнгөн хөдөлж эхэлсэн ч барилдах, бэлтгэл хийх боломжгүй байсан. Тиймээс 2009 оны наймдугаар сараас хөнгөн бэлтгэлдээ орсон.
Америкт эмчлүүлээд ирэхдээ жин нь 125 кг болчихсон байв. -100 кг-ийнхаа жинд орохын тулд бүтэн 25 кг хасах хэрэгтэй болсон гэсэн үг. Дотоод болоод гадаадын мэргэжилтнүүд “Маш ирээдүйтэй залуу гэмтлийн улмаас барилдахаасаа өнгөрлөө” гэж дүгнэсэн нь ч бий байх. Түвшээд “Чи 2010 оны дэлхийн аваргаар заавал барилдах ёстой. Тэрнээс өмнөх тэмцээнийг бодоод хэрэггүй гэж хэлсэн. Ингээд 2010 оны есдүгээр сард тэмцээнд орж, тав дараалан ялаад дараа нь ялагдаж тавдугаар байр эзэлсэн. Хэдийгээр тавдугаар байр эзэлсэн ч гэсэн Япон, Оросын гол өрсөлдөгчдөө ялсан юм. Энэ барилдаан түүнийг дэвжээнээ эргэн ирж буйг, энэ залуу дахиж барилдаж чадна, эргээд хүчтэй болсон гэдгийг хүн бүхэнд харуулсан.
Түвшээгийн тухай би нэг зүйл нэмж хэлмээр санагдаж байна. Францад болсон “Их дуулга” тэмцээний үеэр гэнэт өндөр халуурч, барилдах боломжгүй шахуу болсон ч тэр дэвжээнд гарч барилдаад медаль авчихсан юм. Манай жүдогийн Цагаанаа /Х.Цагаанбаатар/, Түвшээ хоёрт нэг онцлог байдаг нь хэнээс ч айдаггүй чанар. Одоо Түвшээгийн жин хэвийн болж, барилдах ид ирэн дээрээ байгаа.
-Энхбат бас сүүлийн үед онцгой сайн барилдах боллоо?
-Энхбат их эвгүй барилдаантай бөх. Хөл сайтай. Би дэлхий, олимпийн дэвжээнээс медаль авна гэдэгт нь итгэлтэй байдаг. Жаахан ядардаг тал бий. Гэхдээ түүнийг нь бэлтгэлээр сэргээчихнэ. Нэг голын хоёр найз дэлхийн дэвжээнд зэрэгцээд зогсож байна гэдэг сайхан юм шүү. Би хоёр шавиа ирээдүйд дахиад олон амжилт гаргана гэж боддог.
-Олимпийн аваргыг энэ жил наадмаар зодоглоно гэж сонслоо. Та түүнд барилдах зөвшөөрөл хэзээ өгчихөв?
-/инээв/. Түвшээ хоёр жил үндэсний бөхөөр барилдаагүй. Харин саяхан Циркт болсон барилдаанд их уран сайхан барилдаж, түрүүлсэн юм билээ. Миний хувьд тавдугаар сарын 21-нд наадмаар барилдаж болох эсэх тухай асуухад нь зөвшөөрөл өгсөн. Тэгсэн чинь тэр өдрийн орой нь Энхбаттайгаа хамт зодог шуудгаа захиалчихлаа гээд явж байсан /инээв/. Би Түвшээг улсын цол авна гэж бодож байна. Авах авахдаа бүр том цол авна.
-Та яасан их итгэлтэй байна вэ...
-/инээв/. Байгалиас заяасан хүч чадалтай. Тэгээд нарийн тооцоотой хэрнээ уран барилдаантай бөх шүү дээ.
-Тэгэхээр Түвшээ наадмын бэлтгэлд гарах нь ээ?
-Үгүй ээ, наадмын бэлтгэлд гаргахгүй. Харин өнгийг нь засахын тулд наадмаас хэдхэн хоногийн өмнө цөөн хоногоор бэлтгэлд гаргаж болох юм. Тэрнээс өмнө жүдогийн шигшээтэйгээ л бэлтгэлээ базаах болно. Наймдугаар сарын 23-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Наадмын дөнгөж дараахан ийм тэмцээнтэй болохоор бэлтгэл, жинг нь барьж байхгүй бол болохгүй.
-Энхбат наадмаар хэрхэн барилдах бол?
-Хоёр, гурвын давааг давчихвал дээшээгээ эвгүй барилдчихна.
-Жүдогийн дүрэм өөрчлөгдөж, хөл авах, хонгодох зэрэг мэхийг хорьчихсон. Энэ нь манай бөхчүүдийн амжилтад сөргөөр нөлөөлж байна уу?
-Хэрэв дүрэм ингэж өөрчлөгдөөгүй бол манайхан өдийд том, том амжилт гаргачихсан яваа. Өөрчлөгдчихөөд байхад нь л бид амжилт гаргаад байна шүү дээ. Энэ бол Монгол бөхчүүдийн авьяас чадлыг л харуулж буй хэрэг. Энэ дүрмийн талаар их яриа гарч байгаа, жүдогийн холбооны хүрээнд. Олон улсын мэргэжилтэн дасгалжуулагчид “Энэ дүрэм жүдог устгаж байна” гэж хүртэл ярьж байна. Сургаар бол энэ дүрмийг мөдхөн эргүүлэн өөрчлөх байх.
-Та жүдогийн шигшээ багт ажилласнаас хойш хэдэн жил болж байна вэ?
-/инээв/ 1973 оноос хойш шүү дээ. Намайг, “Байж бай, ажиллаад бай” гээд байхаар нь ажиллаад л байгаа... хэмээн инээгээд Ч.Насантогтох багш бид хоёрын ярилцлага өндөрлөлөө.
Тэр жил Насаа багш олимпийн аваргатай болно гэж хэлээд алдаагүй. Харин энэ жилийн наадмаар олимпийн анхны аварга Түвшинбаярыг том цол авна гэсэн нь онох болов уу?