| Оффлайн |
| • Moderator* |
 |
 |
Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am Бичлэгүүд: 2655
Байршил: Hollywoo
|
1942 оны долдугаар сарын 8. Лхагва гариг
Хайрт, Китти минь!
Өнгөрөгч ням гаригийн өглөөнөөс өнөөдрийг хүртэлх, хэдхэн хоногт бараг л жилийн хугацаанд болж өнгөрөх хэрэг явдал болов. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хичнээн юм болов доо. Газар дэлхий хувьсан, галав юүлэх гээч болов уу гэхээр юм болов! Китти минь, гэхдээ би харин амьд байна. Амьд байвал л болох нь тэр гэж аав хэлдэг юм. Тиймээ, би амьдарч байна. Харин тэгэхдээ ямаршуу амьдарч байна гэж өөрөөсөө асууж зүрхэлдэггүй дээ. Мэдээж, чи намайгаа ямаршуу болсныг одоо хараахан төсөөлөхгүй бизээ. Тиймээс би өнгөрөгч ням гаригаас хойш юу болсныг чамдаа өгүүлье. Удахгүй эргэж ирнэ гээд Харрийг дөнгөж явсны дараахан өдрийн гурван цагт, үүдний хонх хангинав. Би тагтан дээрээ зөөлөн ор тавьчихаад таатай нь аргагүй хэвтэн ном уншиж байсан болохоор юу ч дуулсангүй. Тэгтэл Маргот ихэд айж тэвдсэн шинжтэй хаалган дээр ирээд, "Анне, аавд SS-ээс дуудлага ирсэн. Ээж Даан гуайнх руу явсан гэж" шивнэхэд миний дотор пал хийгээд явчихав. SS-ийн дуудлага гэж юу болохыг хэн бүхэн мэднэ. Нүдэнд минь хорих лагерь, шоронгийн уйтгарт өрөөнүүд, үзэгдэн, түүн рүү бид хайрт аавыгаа явуулж байгаа нь төсөөлөгдөнө. Ээжийг хүлээхээр зочдын өрөөнд ортол Маргот эгч "Аавыг явуулахгүй ээ. Ээж маргааш өглөө л гэхэд бид бүгж амжих хэрэгтэйг ярилцахаар Даан гуайнх руу явсан. Даан гуайнхан ч бас хамт бүгэх юм. Бид ингээд тэнд долуулаа болох юм гэнэ" гэв. Өрөө тасалгаа анир чимээгүй нам гүмд умбав. Бид хоёр ч юм ярьж чадсангүй. Энэ бүх муу мэдээг сонсч амжаагүй еврей хөгшдийг асрах газар хүн эргэж яваа аавын тухай бодол, ээжийг хурдан ирээсэй гэсэн хүлээлт, амь тэмцэм халуун эгч бид хоёрыг шоконд оруулснаас хэлгүй мэт болжээ.
Тэгтэл хонх хангинав. Намайг "Харри юу даа" гээд өндийхөд Маргот эгч:
-Хаалгаа бүү тайл гэж намайг суулгав. Гэтэл тэгэхийн ч хэрэггүй байжээ. Ээж, Даан гуай хоёр Харритай ярьж байх нь сонсогдов. Түүнийг явмагц тэд орж ирэн хаалга түгжив. Хонх дуугарах бүрд л Маргот юмуу би доош гэтсээр бууж, аавыг ирэв үү гэж харуулдах болов. Өөр хэн ч үүд тайлсангүй.
Бид хоёрыг өрөө рүү маань явуулаад Даан гуай ээжтэй ярьж эхлэв. Өрөөндөө ортол маань, Маргот эгч, тэр дуудлага нь аавд биш харин надад ирсэн юм гэв. Би бүүр ч айн уйлж эхлэв. Маргот дөнгөж арван зургаа хүрч байдаг. SS-ийнхэн Маргот шиг ийм нялх охидыг л нэг нэгээр нь тамдаа илгээдэг гэж үү?! Үгүй, азаар эгч маань биднээс салж явахгүй. Ээж ч ингэж хэлж байсан. Аав маань бас бүгэх нуугдах тухай ярьж байсан.
Бүгж нуугдана гэсэн! Хаана бүгэх юм бол? Хотод уу, Хөдөө юу, байшинд уу, урцанд уу, хэзээ, хаана, хэрхэн бүгэх юм бол? Энэ бүгд бол миний хамгийн их сонирхож байгаа атал асууж шалгааж болохгүй, толгой тархийг минь эзэмдсэн асуулт байв.
Маргот бид хоёр хамгийн хэрэгтэй гэсэн юмаа цүнх савандаа хийж эхлэв. Юуны өмнө л энэ тэмдэглэлийн дэвтрээ хийв. Дараа нь сурах бичиг, нусны алчуур, үсний цагираг, сам, хуучин захидлуудаа хийв. Нуугдаж бүгэхийн тухай элдвийг бодохын зэрэгцээ тийнхүү хэрэгтэй хэрэггүй юмаар цүнхээ дүүргэв. Надад бүр дурсамж хувцас хунараас илүү чухал байв.
Аав арайхийж таван цагт гэртээ ирэв. Тэр Коофуйс гуайг дуудаж, түүнийг орой манайд ирнэ үү гэв. Даан гуай Мийп эгчид хэл хүргэхээр гарав. Мийп эгч ирмэгцээ гутал, хувцас, пальто, цагаан хэрэглэл, оймс тэргүүтнийг гар чемоданд хийгээд, орой буцаж ирэхээр гарав. Тэгээд л чимээ аниргүй сууцгаав. Бидний хэн нь ч юм идэх хүсэлгүй болжээ. Бүгчим халуун гэдэг нь хэлэхийн аргагүй., бүх юм нэг л хачин байв.
Манайх дээд давхрынхаа том өрөөг гуч орчим насны, эхнэрээсээ салчихсэн Гүүдсмит гуайд хөлсөлсөн байв. Ням гаригт гарч орох ажилгүйдээ ч тэр үү, тэрээр оройн арван цаг хүртэл манайд суугаад гарч өгөхгүй зовлон болов. Арван нэгэн цагт тэгтэл Мийп эгч, Хенк Сант нар ирэв. Мийп 1933 оноос эхлэн аавын трестэд хүчин зүтгэсэн үнэнч бүсгүй бөгөөд Хенк нь түүний шинэхэн суусан нөхөр нь ажээ. Ахиад л гутал, оймс цагаан хэрэглэл Мийп эгчийн чемодан, Хенкийн өвөр халаасыг дүүргэв. Шөнийн арван нэгэн цаг хагаст тэд ачаа бараатайгаа манайхаас хөдлөв. Ядарсан гэдэг хэлэхийн аргагүй байсан тул орон дээрээ эцсийн удаа унтаж байна гэдгээ мэдэж байвч хажуулмагц л нам унтжээ. Өглөө зургаа хагаст ээж намайг сэрээв. Аз болоход бүтэн сайн өдрийнх шиг бүгчим халуун биш байлаа. Өдөржингөө бороо шиврэв. Бид дөрөв хөхөө өвөл хөдөө хээр хонох гэж байгаа юм шиг л олон давхар юм өмсөв. Аль болох олон хувцас хунар авч явах гэсэндээ л тэр. Ямар ч еврей хүн, ийм үед дааж ядсан чемодантай гадаа явахыг зүрхэлдэггүй байв. Би хоёр хос оймс, хоёр цамц, гурван ширхэг даашинз давхарлаж бас дээгүүр нь бошинз хүрэм гайгүй гэсэн гутлаа шагайвчтай өмсөж, ороолт малгай хэрэгтэй гэсэн бүхнээ авав. Тийнхүү сонгины хальс шиг олон давхар юм өмсөөд бүтэж үхэх гээд сууж байхад хэн ч намайг гэж санаа тавьсангүй.
Маргот эгч номын цүнхээ сурах бичгүүдээрээ дүүргэж, дугуйгаа хөтлөн Мийп эгчийн араас үл мэдэгдэх алсын аянд хөдлөв. Бидний очиж бүгэх ёстой тэр нуувч чухам хаана байгааг би мөн л мэдээгүй хэвээр байв... Яг өглөөний долоон цаг хагаст бид гэрээсээ гаран, үүдээ түгжив. Хөршийндөө үлдэж байгаа хөөрхий муу муужгай Моорхон л миний салах ёс гүйцэтгэх ёстой цорын ганц амьтан байв. Гэрээсээ явцгаасан тухайгаа мэдэгдсэн зурвасыг өрөө хөлслөгч Гүүдсмитэд үлдээв. Хагас кило махыг муурандаа гэж гал зуухныхаа ширээн дээр тавьж, аяга таваг, ор дээрээ тэр чигээр нь орхин гэрээсээ санд мэнд зугтан одоцгоолоо. Хүмүүсийн юу гэж хэлцэх нь бидэн ямар хамаа байна. Германчуудаас л оргож дүрвэн амь мултрах минь! Маргааш олон доо!
Анне
_________________ 
|
|