Монгол сайтан дээр (news.mn) орчуулж байна лээ.Гэхдээ их удаан орчуулж байгаам шиг санагдсан тул хэрэв удаан байвал дундуур нь давшин орж орчуулах болой.
Говьд болсон учир битүүлэг аллага
Улаанбаатарын нэгэн зочид буудлын өрөөнд Англиас ирсэн геологичийг хэрцгийгээр хороожээ. Учиг гогцоо нь үл тайлагдах учир битүүлэг хэргийн араас хөөцөлдсөн цагдаагийнхны эрэл мухардлаа. Гэтэл говийн нэгэн жуулчны баазад дахин хоёр хүн алагдав. Нэг нь Америкаас ирсэн жуулчин. Нөгөө нь баазын менежер. Хохирогч үнэхээр жуулчин байсан уу? Аллагууд хоорондоо холбоотой юу? Аймшигт цуврал аллагын захиалагч хэн байв? Алтны нинжа энэ хэрэгтэй ямар холбоотой вэ? Мөрдөн байцаагч Нэргүй энэ хэргийн халуун мөрөөр мөшгинө. Английн Засгийн газраас энэ хэрэг дээр ажиллуулахаар томилсон туршлагатай мөрдөгч Дрю Улаанбаатарт хэдхэн хоноод алуурчинд барьцаалагдсан нь байдлыг улам ч ээдрээтэй болгож орхино. Английн детектив зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” нэртэй романы үйл явдал ийнхүү онц сонирхолтойгоор өрнөнө. Уг романыг бид орчуулан цувралаар хүргэж байна. Ээдрээт хэргийн араас хамтдаа мөрдөцгөөе.
Цуврал 1
“Сохрын газар сохроор” Монгол ардын зүйр үг
Дахиад л байдгаа сэгсэрч орхилоо. Сүүлчийн хэдэн төгрөгөө хүртэл тавиад туучихсан байдаг.
Хөлөөрөө газар оноож гишгэж чадахгүй шахам далбилзах тэрбээр хэсэг зуур хана налан зогсосноо дахин тэнтэр тунтар гишгэлэн, эзгүй гудамж руу хаашаа зүглэж байгаагаа ч үл мэдрэн алхав.Ингэхэд цаг хэд болж байна аа? Мэдээж шөнө дунд хэдийнэ өнгөрсөн. Төв талбайн гудамжны гэрлүүд асаалттай ч нарийн гудамжнуудын мухар түнэр харанхуй. Хүйтэн байлаа. Яс янгинам хүйтэн. Үлдсэн ганц хөрөнгө болох хүрмээ мөрийд тавиад тэр тоглох гэсэн. Азаар нөгөөдүүл нь түүнийг тохуурхан хөхрөлдөөд өнгөрсөн билээ. Түүнийг тэгж тохуурхан шоолох нь тэдний хувьд гэм биш зан.Тэр дайвалзан алхалсаар, тэнцвэрээ олохыг хичээсэн хөл нь цардмал замтай байдгаараа тэмцэж байх шиг. Гэнэт дотор нь муухай оргив. Одоо болих хэрэгтэй. Уухаа, мөрийтэй тоглохоо болих хэрэгтэй. Тэтгэмжээр өгдөг хэдэн төгрөг буух өдөр даанч хол. Тэр хүртэл өл залгах сохор зоос ч үгүй хоцорсон байна. Тэр тэтгэмжээс өөр ингэхэд энэ оронд юу байна аа? Эцэс төгсгөлгүй хоосон амлалтууд. Хэн ч, хэзээ ч биелүүлж байгаагүй амлалтууд. Харин хямдхан цагаан архи хангалттай тараана шүү. Байсхийгээд л.
Ямар нэг зовиур шаналгаа мэдрэгдмэгц тэр гэнэтхэн зогслоо. Давсаг нь дүүрч, аймшигтай чилжээ. Хотын гэрлүүд түүнийг тойрон гялалзаж, нүд эрээлжлэн зогсолтгүй хөврөх гэрлэн чимэглэл, зарлалын самбарууд өөрт нь ямар ч орон зай байхгүй ирээдүйн дүр зургийг түүнд сануулна. Арагш нэг алхан тэнцвэрээ олохыг хичээх агаад жавар тачигнасан хүйтэн яс янгинам жиндээнэ.Тэр хаана байна аа? Гэрээсээ дэндүү хол. Туулах зам зөндөө. Эргэн тойрноо харж, морь харчихмаар газар хайлаа. Зүүн гар талд нь төв гудамжнаас холгүйхэн харанхуй, нарийн гудамж харагдана. Хойшоо эргээд харлаа. Хотын төв, төв талбай гудамжны гэрлийн нарийхан урсгалд тэртээ алсад, бүүр түүрхэн бөгөөд ёозгүйхэн дүнхийнэ. Эргэж хараад өнөөх харанхуй гудамжийг чиглэн явлаа. Олон жилийн турш хадгалагдан яваа суурь хүмүүжил нь түүнийг харанхуй гудамж руу алхахыг эрхгүй тушаагаад байв. Ямар нэг зүйлээс болж цагдаа, сэргийлэх болохыг тэр хүсэхгүй байлаа.
Нүд нь харанхуйд дасаж өгөхгүй, бүдэг бадагхан харна. Хоёр талаас нь өндөр дүнсгэр байшингууд өнгийн, төв гудамжны хурц гэрэл тэртээ ард хоцорчээ. Тэнцвэрээ олохыг хичээн ахин нэг алхсан боловч амжилт олсонгүй. Харин хөл доор нь ямар нэг зүйл мэдрэгдэв. Гудамжны голд ямар нэг хүнд зүйл хэвтэж байлаа. Ямар нэг зөөлхөн зүйл. Тэрбээр улаан нүүрээрээ газар хатган ойчлоо. Мөр, шуу нь газарт үрэгдэн хорсохыг согтуу хэдий ч мэдэрч байв. Хэд өнхөрснөө дээш харан хэвтэж, амьсгаагаа дарахыг хичээлээ. Өндөр байшингуудын завсраар харагдах нарийхан зурваст тэнгэрт одод гялалзана.
Нүд нь харанхуйд дасаж эхэлмэгц чухам юунд тээглэн бүдэрч унаснаа олж харахаар эргэн тойрноо ажиглалаа. Юу гэдгийг нь анхандаа оноож ухаарч чадсангүй. Хөлдүү газарт тэр гэхийн тэмдэггүй нэг зүйл тэрийн харагдана. Хүний дүрстэй адилхан харагдах шиг санагдав. Гэхдээ биш ч юм шиг. Толгойгоо сэргээх санаатай өнхрөн, ухаанаа төвлөрүүлэхийг хичээв. Тэгснээ гэнэт тэр дүрс юу болохыг танин, чангаар хашгирав. Дотор нь хачин муухай оргин, хоолой нь хорслоо. Арвантаван минутын дараа цагдаагийнхан ирэхэд тэрбээр зовиуртайяа яраглан, огиулсаар өнөөх газартаа хэвтэж байлаа.