|
Амур мөрөн Монголоос эхтэй гэдэг үнэн үү?
-Амур мөрөн буюу монголоор Хар мөрөн гэдэг л дээ. Энэ нь гурван улсын нутгийг хамарсан байдаг. ОХУ, Хятад тэгээд манай улсын зүүн хойд хэсгийн нутгаас ус аваад Номхон далайд цутгадаг том гол юм. Үүний сав нутагт дээрх гурван улсын олон сая хүн амьдардаг. Гэхдээ Монголоос цөөн л дөө. Үүнээс болоод голын усны нөөц хомсдох, бохирдох, зарим жижиг голууд нь татрах асуудал тулгардаг. Мөн уул уурхай, газар тариалангийн ажил эргэн тойронд нь явагдаж байгаа учраас гурван улс хамтраад Амур мөрний ай савыг хамгаалах тухай төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Монголын Онон гол энэ мөрөнд шууд цутгадаг. Балж, Улз, Хэрлэн гол бүхэлдээ, Халх гол, Буйр нуураас Амур мөрөн эх авч урсдаг. Хэнтий, Дорнод аймаг бүхэлдээ, Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баянжаргалан сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан зэрэг сум Амур мөрний ай савд багтдаг. Эдгээр нутагт унасан хур тунадас, цасны ус дээрх голуудыг усалж байгаа. Энэ нь явсаар Амур мөрний эх болж байгаа юм. Манай орны дээрх голууд Амур мөрний ай савын хамгийн эхэн хэсэг л дээ. Уг мөрний ай савд хамаарагдах манай орны дээрх газар нутгийн хэмжээ бол 235 мянга орчим км квадрат. Энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн 15 хувь нь. Амур мөрний Монгол дахь сав газар тэнд байгаа Амур мөрний ай савын 11 хувийг эзэлдэг юм билээ. Тиймээс манай орны дээрх голуудын усны бохирдол, хомсдол Амур мөрний хувь заяанд нөлөөлнө.
Эх нь болохоор аргагүй л дээ. Тэгэхээр уг мөрнийг хамгаалах ажилд монголчууд зайлшгүй оролцох шаардлагатай. Нөгөө талаар Амур мөрний адаг бохирдоод ус нь хомсдоод ирвэл манай голуудад ч сөргөөр нөлөөлнө. Учир нь энд ирж түрсээ шахдаг загаснууд байхгүй болчихно шүү дээ. Наашаа нүүдэллэдэг шувууд ч үгүй болох аюултай. Тэгэхээр Амур мөрнийг хамгаалах нь аль аль талдаа ашигтай.
-Орос, Хятадын газар нутгийн хэдэн хувь нь Амур мөрний ай савд багтдаг юм бол. Мөн хичнээн гол тэнд цутгадаг вэ?
-Тодорхой сайн мэдэхгүй юм. Ямартаа ч Амур мөрний ай савын 89 хувь энэ хоёр оронд хамаарна. Оросын Хабаровск, Комсомолск хот, Хятадын Харбин, Жилин зэрэг томоохон хотуудын газар нутгаар Амур мөрөн дамжин урсдаг.
-Амур мөрний усны түвшин ямар байгаа вэ. Үүнд цутгаж буй манай орны голуудын голдрил хэр зэрэг байгаа бол?
-Амур мөрний усны түвшин ямар байгааг сайн мэдэхгүй юм. Бид энэ мөрний Монгол дахь ай савын судалгааг хийсэн. Онон, Улз голын савуудаар алт олборлолт явуулж байна. Үүнээс болоод голын голдрил алдагдаж, газрын эвдрэл үүсч байгаа. Зэрлэг ан, амьтад нь ч дүрвэж байна. Энэ мэт шалтгаанаар голуудын урсгал татарч байна. Мөн Хэрлэн, Онон, Балж гол, Буйр нуур чинь загас агнуурын нутаг. Гэхдээ хууль бус аргаар загас их хэмжээгээр агнаж, зарим зүйлийн загас ховордож байна. Ингээд гол мөрний биологийн горим алдагдаад байгаа юм. Амур мөрний Монгол дахь ай савд 300 гаруй төрлийн жижиг нуур бий. Энд нүүдлийн шувууд нутаглана. Цагаан зээрийн ч нутаг. Гэтэл дээрх газар нутагт Тамсагбулагийн нефть олборлож байна. Бидний судалснаар Онон, Улз гол арай гайгүй. Хэрлэн гол их татарч байна. Эхэндээ гайгүй байснаа адаг руугаа багасч байгаа. Энэ нь Хэрлэн голын оршдог нутагт Оросын том цэргийн дивиз, янз бүрийн уурхай байсантай л холбоотой. Халх гол арай дээр л дээ. Буйр нуур Хятадтай хил залгаа нутагт оршиж Халх голын усаар тэжээгддэг. Хур тунадас ихтэй жил Буйр нуурын дундаж гүн 5.7 м байдаг. Усны түвшин нь арай гайгүйд тооцогддог.
-Амур мөрөн татархад адагт нь амьдарч байгаа хүмүүст тусах хор уршиг их байх л даа?
-Амур мөрний эрэг дагуу том үйлдвэрүүд байгаа. Газар тариалангаас болоод химийн бохирдол ч үүснэ. Оросын талаас ой модоо тайрч усны хомсдол бий болох аюулд хүргэж болзошгүй. Хятадуудын зүгээс ч энэ мөрөнд загас их агнадаг юм билээ. Амур мөрнийг хамгаалах ажлыг тухайн ай савуудад нутаглаж буй хүн ардад түшиглэн хийх ёстой.
-Амур мөрний ай савын Монгол дахь нутгийн цаг агаар ямар байдаг вэ?
-Ер нь сэрүүвтэр уур амьсгалтай. Хамгийн хүйтэн нь 40-46 градус. Дулаан нь нэмэх 38-40 градус байдаг. Халуун, хүйтний байдал нутаг дэвсгэрээрээ ялгаатай. Тухайлбал, Онон, Улзын сав, Хэрлэнгийн эхэн хэсэг, Халх голын сав нутагт уулархаг газраа дагаад нэлээд сэрүүвтэр. Мөн хуурай, хур тунадас багатай. Хэнтийн нурууны салбар Онон, Улз гол арай илүү чийглэг. Жилд дунджаар 300-400 мм тунадас унадаг. Заримдаа 500 мм хүрэх ч тохиолдол бий. Халх голын ай савд Муссон салхины нөлөө байдаг учраас хур тунадас илүү ордог. Энэ голууд долоо, наймдугаар сард үерлэх нь элбэг. Нэг хоногт 40-60 мм хур тунадас ороход үерлэнэ.
-Монголын голуудын хичнээн нь гадагш урсгалтай юм бэ?
-Сэлэнгэ мөрний ай сав, Монголын бараг бүх том голууд Хойд мөсөн далайг зорьж, Байгал нуурт цутгадаг. Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө,Тамир, Эгийн голууд байна. Энэ нь манай улсын газар нутгийн 30 гаруй хувь нь шүү дээ. За тэгээд Амур мөрөнд цутгадаг голуудыг дээр хэлсэн. Уг голууд Монголын газар нутгийн 15 хувийг эзэлж байгаа. Үлдсэн нь дотогшоо урсгалтай голууд юм. Завхан, Тэс, Ховд, Булган гээд олон гол дотоодынхоо нуурууд руу цутгадаг.
-Монголын гол горхи ширгээд байгаа тухай экологичид хэлдэг. Хичнээн гол татарчихаад байгаа вэ?
-Гол горхинуудын байдал аймшигтай байгаа. 2003 онд улсын тооллого хийгдээд үүгээр олон зуун жижиг гол горхи, нуур, булаг шанд ширгэснийг тогтоосон. Гэхдээ өнөө жил дахиад сэргэж байх шиг байна. Голууд бүрмөсөн татарна гэж байхгүй. Хур тунадас орохоор л сэргэдэг юм.
-Гол горхи ширгээд байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Дэлхийн дулааралтай л холбоотой. Дулаарна гэдэг чинь усны ууршил бий болгож байгаа гэсэн үг. Мөн усны голдрилын эхэнд уул уурхайн үйлдвэр байгаа зэрэг хүний үйлдлээс шалтгаалж байна. Монголын баруун бүсийн голууд мөнх цаст мөсөн голоос эх авдаг. Харамсалтай нь, дулаарлын улмаас энэ мөсөн голууд хайлж эхэлж байна.Үүнийг дагаад эх авдаг голууд татарна. Манайд 200 гаруй мөсөн гол байдаг л даа. Эдний нэг нь л Хөвсгөлд үлдсэн нь баруун бүст бий.
-Өвөрхангайд байдаг Улаан цутгалан хүрхрээ ширгэж буй нь үүнтэй холбоотой юу?
-Тэр хүрхрээ одоо маш сайхан байгаа гэсэн. Өнөө жил үнэхээр сайхан зун болж байна. Сүүлийн 15 жил ийм зун болоогүй. Хур тунадас ихтэй ийм жил гол, горхи голдрил нэмэгдэнэ. Ширгэчихсэн олон гол дороо сэргэчихдэг юм.
-Ширгэсэн гол хур тунадасаар сэргэсэн тохиолдолд усны түвшингээ хэр удаан барих вэ?
-Голын ус 20 л хононо. Тэгээд шинэчлэгдэнэ гэсэн үг. Голын уснаас нэг хутгаж уулаа. Дараа нь уухад ус нь шинэчлэгдчихсэн байдаг.
-Дулаарал үргэлжилсээр байвал гол, горхи бүгд үгүй болно гэсэн үг үү?
-Тийм ч зүйл байхгүй л дээ. Ерөнхийдөө мөсөн голуудын талбай жилээс жилд багасч байгаа. Алтай Таванбогд, Цамбагаравын мөсөн гол, Хархираа, Түргэний голд байдаг Цагаан дэглий зэрэг мөсөн гол км квадратаар багасч байна. Гэхдээ энэ хэвээрээ байх юм бол 2070, 2080 он гэхэд гол горхигүй болно гэсэн судлаачдын таамаг бий л дээ. Зөвхөн мөсөн гол хайлах биш, мөнх цэвдэг хайлж үгүй болно. Ингэхээр усны тэжээлгүй болж олон голын хувь заяа хүндэрнэ.
-Мөнх цэвдэг гэсэхээр яах вэ?
-Мөнх цэвдэг гэсээгүй тохиолдолд зуны орсон бороо, цас доошоо нэвчихгүй. Тэндээ гол мөрөн үүсгэнэ. Гэтэл мөнх цэвдэг гэсчихвэл тэр бороо, цас, газар нэвчээд хөрсөн дээр тогтохгүй. Ингээд урсах голгүй болно гэсэн үг.
-Дулаарлыг зогсоох арга бий байх?
-Мэдээж олон арга байгаа л даа. Хамгийн энгийн арга нь мод тарих арга байна. Агаарт байгаа нүүрсхүчлийн хий ихэссэн учраас л дулаарал бий болсон. Нүүрсхүчлийн хий өөрөө ургамлын хоол шүү дээ. Мөнх ногоон ой мод, зүлэг ургамлыг л их тариад байвал нүүрсхүчлийн хий багасч, ургамлууд хүчилтөрөгч тараана. Дулаарлыг багасгах гол арга энэ. Дэлхийн ойн нөөцийн гуравны нэг байхгүй болчихож. Үүнийг буцаагаад сэргээх хэрэгтэй. Мөн бензин шатахуунаар явдаггүй машинтай болох нь чухал. Атомын эрчим хүч хэрэглэх хэрэгтэй. Ер нь улс орны хөгжлийг хоёрхон асуултаар тодорхойлдог болсон. Монгол улс нүүрс түлдэг үү гэж асуувал. "Түлдэг" л гэж хариулна биз дээ. Ингээд л энэ орны хөгжил ямар түвшинд байгаа нь тодорхой болдог юм билээ. Нүүрс бол түлдэг зүйл биш. Бусад орон нүүрснээс олон түүхий эд гаргаж авдаг. Хувцас, хийн түлш хийнэ. Гэтэл манайх л түлээд байдаг байхгүй юу.
|