| Оффлайн |
| • Moderator |
 |
 |
Нэгдсэн: 6-р сар.17.09 9:30 pm Бичлэгүүд: 483
Байршил: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
|
Математик Компьютерийн Сургууль
Үүсэл хөгжил
МУИС-ийн анхны гурван факультетийн нэг болох Багш нарын факультет нь зөвхөн тоо-физикийн салбартай байсан болохоор Математик Компьютерийн Сургууль (МКС)-ийн үндэс анх 1942 онд тавигдсан гэж үзэж болно.
Математикийн салбар нь 1942-1957 онд Багш нарын факультет, 1957-1962 онд Байгалийн ухааны факультет, 1962-1991 онд Физик-математикийн факультетэд харъяалагдаж байсан ба 1991 оноос тус салбар нь өргөжин бие даасан Математикийн факультет, улмаар 1997 оноос Математик Компьютерийн Сургууль болсон түүхтэй.
1946 оноос эхлэн нийт 61 удаагийн төгсөлтөөр 2600 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Тус салбар нь Монгол улсад математик сэтгэлгээ, математикийн шинжлэх ухаан, сургалтын үндэсний арга технологийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. МКС нь зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц өндөр мэдлэг, практик дадлагатай бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэдэг бөгөөд эдүгээ математик (онол), математик-мэдээлэл зүйн багш, хэрэглээний математик, хэрэглээний статистик, програм хангамж , эдийн засгийн математик загварчлал, мэдээллийн системийн инженер, мэдээллийн системийн удирдлага гэсэн 8 салбарт нийт 900 гаруй оюутан суралцаж байна.
Мэргэжлийн 8 тэнхим, 50 гаруй багш нар сургалтыг хариуцан явуулдаг бөгөөд нийт багш нарын 50 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Орчин үеийн алгебр, функциональ анализ, тооцон бодох математикийн чиглэлээр монголын тэргүүлэх эрдэмтэд болох Монгол Улсын гавъят багш, ШУ-ны доктор, профессор , академич А.Мекей, Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Л.Өвгөн, Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Ц.Дашдорж, доктор, профессор Ц.Лхамсүрэн, ШУ-ны доктор, профессор, академич Т.Жанлав, Монгол улсын гавъяат багш У.Доёд нарын эрдэмтэн багш нар тус сургуульд ажиллаж, өөрсдийн шавь сургуулийг амжилттай хөгжүүлж байна.
Тус сургуулийн дэргэдэх Математикийн хүрээлэнд цагирагийн онол, дискрет математик ба логик, магадлалын онол, математик статистик, функциональ анализ, тооцон бодох математик, оптимизаци гэсэн чиглэлүүдээр улсын төсөвт эрдэм шинжилгээний төслийн ажил гүйцэтгэдэг бөгөөд үүнд нийт багш нарын 50 хувь нь хамрагдан ажиллаж байна. Дээр дурдсан чиглэлүүдээр мэргэжлийн семинар, математикийн их семинарыг тогтмол явуулдаг. Математикийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлтэй.
МКС нь МУИС-ийн байгалийн ухааны бүх салбар, нийгмийн ухааны зарим ангиудын математик сургалтыг хариуцан явуулдаг. Манай багш нар математикчдын залуу халааг бэлтгэх, улсын математикийн ба мэдээлэл зүйн олимпиадыг зохион явуулах, олон улсын математикийн олимпиадад сурагчдыг бэлтгэн оролцуулж амжилт үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Тус сургууль Нэгдсэн Үндэстний Их Сургуулийн Макао дахь Олон Улсын Програм Хангамжийн Технологийн хүрээлэн, ОХУ-ын Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт, Москвагийн улсын их сургууль, Эрхүүгийн их сургууль, Улаан-Үдийн их сургууль, Германы Гумбольтдын их сургууль, Кемнитцийн их сургууль, Японы Токиогийн их сургууль, Ивате их сургууль, Францын Тулузын их сургууль зэрэг 10 гаруй их сургуулиудтай эрдэм шинжилгээний хурал семинар, сургалт зохион явуулах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжлийн ном сэтгүүл солилцох зэргээр хамтран ажилладаг. Өдгөө тус сургуулийн 10 гаруй багш өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуульд алгебр, магадлалын онол, геометр, тооцон бодох математик, програм хангамжийн чиглэлээр магистрантур, докторантурт суралцаж байна.
Дипломын болон бакалаврын зэргийн сургалт
Элсэлт
1. Элсэлтийн уралдаант шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх болзол хангасан, тухайн жилийн сургалтын болоод бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг МУИС-д элсүүлнэ. Элсэлтийн шалгалт нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авъяасыг тодорхойлон сургуулийн хүчин чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах зорилготой. Элсэгчдээс авах шалгалтын төрөл, дүгнэх аргачлалыг үндсэн мэргэжлийн чиглэлээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүр элсэлтийн журамдаа тусган нийтэд зарлаж байна.
2. МУИС-ийн бүрэлдэхүүний нэгжид оюутнаар элсүүлэх шийдвэрийг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр
олгоно.
3. Оюутан нь авъяас сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус их сургуулийн аль нэг
салбараас нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг МУИС-ийн захирлын тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцуулах зөвшөөрлийн гол үндэс нь хоёр сургуулийн багц цагийн харилцан зөвшилцөл байх болно.
Гадаадын иргэдийг элсүүлэх
4. Гадаадын болон харъяалалгүй иргэнийг МУИС-д элсүүлэн суралцуулах асуудлыг тусгай журмаар зохицуулна. Гадаадын суралцагч нь сургалтанд бүрэн хэмжээгээр оролцож чадахаар монгол хэл эзэмшсэн байвал зохино. Хэрэв монгол хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй бол монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна. Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны шугамаар тусгай хичээлүүдийг судлахаар ирсэн оюутнуудыг хугацаа зааж элсүүлнэ. Ийм оюутан тодорхой нөхцөл шалтгааны улмаас сургалтыг үргэлжлүүлэх хүсэлт гаргавал нэг улирлаар сунгаж болно.
5. Эдгээр оюутан нь гэрээнд өөрөөр заагаагүй бол МУИС-ийг төгсөхгүй.
Сургуульдаа эргэж бүртгүүлэх (анги дэвших)
6. Дараагийн хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах оюутан зохих журмын дагуу сургуульдаа бүртгүүлсэн байна. Эргэж бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг улирлын эцэст зарлан мэдэгдсэн байх бөгөөд бүртгүүлэхдээ дараа улирлын сургалтын төлбөрийг төлсөн байна. Энэхүү бүртгэлийг үндэслэн гарах деканы тушаалаар оюутан дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно.
7. Биелүүлсэн багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй анги тодорхойлогдоно.
Үүнд:
• Нэгдүгээр ангийн оюутан 0 - 30 багц цаг биелүүлсэн
• Хоёрдугаар ангийн оюутан 31 - 60 багц цаг биелүүлсэн
• Гуравдугаар ангийн оюутан 61 - 90 багц цаг биелүүлсэн
•Дөрөвдүгээр ангийн оюутан 91-ээс дээш багц цаг биелүүлсэн.
8. Энэ харгалзлалыг баримтлан хичээлийн жил бүр суралцах оюутныг “анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай” деканы тушаал гаргана.
Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах
9. Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гарган факультетийн сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрөл авч деканы газарт өгнө. Жилийн чөлөө олгох тухай шийдвэрийг факультетийн декан/захирлын тушаалаар баталгаажуулан, хувийг нь Бакалаврын сургалтын албанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн хоёр улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаа 2 жилээс хэтэрч болохгүй.
Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
10. Хичээлийн жил 3 улиралтай байх ба 9-сарын 1-нд эхэлнэ.
11. Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улиралд оюутан хичээлд заавал суух бөгөөд тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, амралтын 3-аас доошгүй долоо хоногтой байна.
12. Зуны буюу нэмэгдэл улирал нь хурдавчилсан болон нөхөн суралцах, үйлдвэрлэлийн болон хээрийн дадлага хийхэд зориулагдах бөгөөд хичээллэх хугацаа нь шалгалт авах хугацааг оролцуулан 8 долоо хоног байна.
13. Хичээлийн жилийн календарийг урьд жилийн 5-р сард захирлын зөвлөлөөр хэлэлцэн баталж байна.
Суралцах хугацаа
14. Оюутны дипломын зэргээр суралцах ердийн хугацаа 3 жил, бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа нь ердийн хугацаанаас 2 жилээр илүү байх ба дараах нөхцөлд үүнээс өөр байж болно.
Бакалавр
15. Чөлөөтэй байсан хугацаа суралцсан хугацаанд тооцогдохгүй.
16. Эхний 5 улирал дараалан бүх хичээлдээ амжилттай дүн үзүүлсэн, 80 -аас дээш голч оноотой оюутан өөрийн хүсэлтээр үлдсэн хугацаанд 1 улирлыг товчлон суралцаж болно.
17. Эхний 5 улирлын голч оноогоор 85-аас дээш үнэлгээтэй суралцсан өдрийн ангийн суралцагч хоёр дахь мэргэжлээр давхар суралцаж болно. Суралцах хугацаа нь энэ журмын 19-р заалтаар зохицуулагдана.
18. Давхар мэргэжлээр суралцагчийг хоёр факультетийн зөвшөөрлийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Давхар мэргэжлийн сургалтын хэлбэрийг (өдөр, орой, эчнээ) нь факультетийн Сургалтын албатай оюутны байгуулах гэрээгээр зохицуулна.
|
|