Тоёотагийн асуудлын талаар сүүлийн үеийн мэдээ
Японы авто машин үйлдвэрлэлийн “Toyota” компанийн Америк дахь салбарын тэргүүн Жеймс Ленц зарим нэг машин нь яагаад гэнэт, ямар ч удирдлагагүйгээр хурдлах болсны шалтгааныг өнөөг хүртэл тогтоож чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчээ.Ленц АНУ-ын Конгрессийн комиссын өмнө үг хэлснээр “Toyota” компани дэлхий даяар тарсан найман сая машинаа эргүүлэн татаж, энэхүү гэмтэл цахилгааны гэмтэл үү, эсвэл зүгээр л механик саатал уу гэдгийг тогтоохоор ажилласаар байгаа аж.
Эдгээр автомашинд гарч байгаа гэмтэл дор хаяж найман хүний үхлийн шалтгаан болж, Америкийн олон нийтийн дунд багагүй дургүйцлийг төрүүлээд байна.
Жеймс Ленц мөн “Toyota” компани өөрийн өмнө тавьдаг өндөр стандартаа хангаж чадсангүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр Конг ресст тайлбар өгөхөөр тус компаниас дуудагдсан анхны дээд албан тушаалын хүн болж байгаа юм.
Өнөөдөр Америкийн хууль тогтоогчдын өмнө “Toyota” компанийн ерөнхийлөгч Акио Тойода тайлбар өгөх аж.
Ноён Тойода саяхан гаргасан мэдэгдэлдээ өөрийн биеэр компанийнхаа автомашины аюулгүй байдлыг хариуцдаг гэдгээ онцолжээ. Мөн компанид үүсээд байгаа асуудал, бэрхшээлүүд түүний хэрэглээ хэтэрхий хурдан өсч байгаатай холбоотой гэсэн байна.
”Toyota”-гийн бүх машин миний нэрийг зүүдэг. Тэгэхээр манай машинуудад ямар нэгэн юм хэвийн бус болоход энэ нь яг л надтай тохиолдож байгаа юм шиг санагддаг. Манай компанийн үйлдвэрлэсэн машинууд хамгийн аюулгүй байхыг би хэн бүхнээс илүү хүсч байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Калифорнид эхнэр, охины хамт амь үрэгдсэн Марк Сэйлорын гэр бүлийнхэнд Японы автогигантын тэргүүн өөрийн биеэр эмгэнэл илэрхийлж, уучлал гуйсан байна. Сэйлор “Toyota” компанийн машин жолоодож явжээ.
Үүнээс гадна “Toyota”-гийн тэргүүн өөрийн үйлдвэрийн гэмтэлтэй машинуудыг хурдан хугацаанд эргүүлэн татаж аваагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
С.Баяр
http://www.niigmiintoli.mn/