МУ-ын хөдөлмөрийн баатар Б. Лувсан: Модыг инээж тарьвал сайн ургадаг...
МУ-ын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин 85 настай Б.Лувсан гуай 60 гаруй жил улсад ажил хөдөлмөр эрхлээд гавъяаныхаа амралтанд гарсан хэдий ч зүгээр суусангүй, хань Б.Баяраагийн хамтаар мод тарьж, байгаль дэлхийгээ хамгаалах буянтай үйлсэд бусдыг манлайлан үлгэр дууриалал болж явна.
Ажилсаг энэ буурал Манхан сумын төвд 170 га газарт мод, жимс тарьж “Баян тохой” нэртэй төгөл бий болгожээ. Мөн дахин 17 га газарт 40 мянган мод, жимс тарьж, “Баян энгэр”- нэр өгч 35 мянган мод үржүүлж байгаа бөгөөд, Чингэс хааны 800 жилийн ойд зориулсан дурсгалын цогцолбор бий болгож түүндээ 11 орны 1000 мод тарьсан байна.
Цөлжилтийг сааруулах төслийн багийн ажилтан олон улсын зөвлөх Veda, орчуулагч Б.Төгсбаяр нарын хамт Манхан сумыг зорьж Хөдөлмөрийн баатар Б. Лувсан гуайтай уулзахаар очиход тэрээр уриалгахнаар угтан авч ажил амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярилаа. Эх дэлхийгээ хамгаалахын төлөө насан туршийнхаа амьдралыг зориулж яваа энэ хүний хийж бүтээсэн зүйлийг хараад байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод төрийн бус байгууллагууд зөвхөн цаастай ажиллаад байна уу даа гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун.
-Та анх хэдэн настайгаасаа мод тарьсан бэ?
-Би 8 настайдаа эцгээсээ өнчин хоцорч аргал түүж амьдардаг байлаа. 10 наснаас эхэлж тариачин болж, багийн бүлгэмд сууж, бичиг үсэгт тайлагдаж, улмаар 15 настайдаа эвлэлийн үүрийн дарга болсноос хойш 60 нас хүртлээ улсад ажилласан. Анхны тариа тарьсан хүрз маань одоо надад бий. Надад Чулуун гэдэг нэг мундаг дархан хийж өгсөн юм. Ер нь миний амьдрал цаг ямагт байгальтайгаа шүтэлцэж, түүний тайлагдашгүй ертөнцийг таньж мэдэхийн төлөө тэмүүлсэн тэмүүллээр дүүрэн байсаар ирсэн. Тэтгэвэртээ гараад энэ нутагт хөгшинтэйгээ хамт 1 500 000 мод, 67 000 чацарганы модыг хамт олныхоо хүчээр ургуулсан. Булган суманд 10 гаруй жил ажиллах хугацаандаа хамт олныхоо хүчээр 30 000 улиас бургас, 15000 чацаргана, алим жимс тариалж, талбай дундын үйлчилгээний авто машины зам засч, дагуу мод тариалсан нь сэтгэл булаам үзэсгэлэнтэй болсон байна лээ.
-Ганц ч модгүй энэ нутагт мод тарьж эхэлж байсан тэр үеэ дурсахгүй юу?
-Анх энэ нутагт 1983 онд 10 тэтгэвэрийн хөгшинтэй нийлж мод тарьж эхэлсэн. Бид нарыг “10 хэнхэг” гэдэг байж билээ. Бид нар чинь газар бүрээс мод хулгайлаад, үүрээд яваад байхаар тэгж хэлдэг байсан юм. Ямар сонин хөгшчүүл вэ? Ингэж өөрсдийгөө зовоож байхаар зүгээр л сууж байгаад өнгөрөхгүй дээ гэж хүмүүс ярьдаг байлаа. Бид нар модоо ургасан байхыг хараад баярлаад бүр үнсдэг байлаа. Модыг инээж таривал сайн ургана, харин уурлаж таривал ургахгүй шүү. Жилд 2 удаа бид нар цуглаж, тарьсан модондоо 10 дуу дуулж өгдөг байлаа. Дуулахаар мод хурдан ургана. Байгаль гэдэг чинь баярладаг сэтгэхүйтэй юм шүү. Гэхдээ бид нар архидаж, найралдаггүй байсан. Дараа нь бид арваад залуучууд авч 170 га газрыг ойжуулсан юм. Харин нэг удаа баруун аймгуудаар ажлаар явж байсан Жагварал, Рагчаа, Даш гэдэг гурван дарга манай тохойд ирсэн юм. Тэд бидний ажлыг хараад үнэхээр сайхан юм хийж байна гээд та нарыг техникжүүлнэ гээд универсаль трактор, газар хагалдаг 75 гэдэг трактор өгсөн юм. Манай хөгшин бид хоёр нөгөө 10 хөгшчүүлтэйгээ тэтгэврийнхээ хэдийг нийлүүлж сумын доод тохойд мод тарих, цуглуулах хөрөнгөнд өгөөд өөрсдөө бараг л хоногийн хоолтой байдаг байсан. Ийм л аргаар энэ тохойг /нэг ч модгүй газрыг/ бий болгосон доо. Одоо доод тохойг арчлах, хамгаалах эзэнгүй болсон, услахгүй байхад жимсний мод нь ургаж л байна. Жимс нь үрэл шиг жаахан. Арчлахгүй байхад харин ургаж байгаа нь гайхмаар юм.
-Мод ургуулах ажил хэцүү юу? Өөрийн арга туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Ажил хийхэд хэцүү гэж байхгүй. Харин мод ургуулахад задаа хэцүүхэн л гэх үү дээ. Модыг өдрийг нь олж тарих хамгийн чухал. Юу вэ? гэвэл нар, сарны зохилдлогоогоор модыг тарих хэрэгтэй. Сарын эхээр модны хүч нь угтаа буюу үндэсдээ, сарын дунджаар модны хүч үндэснээсээ дээш гарсан байдаг юм. /Модны хүч гэдэг нь модны ургах чадвар/ Тэр хоёрыг тохируулбал мод тарих хэцүү биш ээ. Харин тохируулахгүй бол хэцүү байж магадгүй. Модыг тарьснаас хойш 5 жил маш сайн арчлах шаардлагатай, тэгэхгүй бол ургахгүй. Эхний 5 жил сайн арчлаад, дараагийн 5 жил малд идүүлэхгүй ургуулж чадвал 10 жил болоход мал идсэн ч мод өөрөө ургана. Мод тарих хүн уйгагүй хөдөлмөрлөх ёстой. Мөчрийг үржүүлэх хэрэгтэй. Дээр үед бид чинь зуун мянгаар нь мөчрийг тайрч үржүүлдэг байлаа. Эхлээд эх модыг гаргаж авна.
Эх модноосоо мөчрийг гаргаж авна. Мөчрөө мананжуулах аргаар ургуулна. Мананжуулна гэдэг нь мөчрөө элсэнд суулгаад дээгүүр нь хиймлээр бороо оруулж, манан үүсгэнэ гэсэн үг. Жилийн хугацаатай ургуулаад дараа жилээс нь авч өөр газар суулгаад тарина даа. Тэгэхдээ тарих газраа эхлээд сайн усжуулж хөрсөн дэх хужир марааг нь урсгаж, алга болгох хэрэгтэй. Тарьсан модоо байнга услах шаардлагатай. Гэхдээ нэг төрлийн мод тарихгүйгээр гадаад орны олон төрлийн модноос суулгац авч ирж эрлийзжүүлж тарьвал зүгээр. Мод бол амьд амьтантай адилхан. Цус ойртвол яадаг билээ дээ. Нэг төрлийн мод тариад, үржүүлээд байвал муу ургадаг юм. Урьд талбайд /Баян энгэр/ 10 гаруй улсын 30-аад төрлийн мод байгаа. Ер нь 1000 мод тарихад 1 худаг л байхад хангалтай. Бусад модондоо нөлөөлж хамгийн хурдан ургуулдаг нь Арнитек, Слив, Бэсрэг алимны мод. Энэ гурав бол эрдэнийн гурван мод байгаа юм. Бэсрэг алимны 1 ширхэг мод нь1230 ширхэг жимс өгдөг байсан, бид нар яг тоолж авч байсан. Доод тохойгоос /Баянтохой/ 1 жилд 27тн жимс авч байсан юм. Бид нар чинь Ховд аймгийн хэрэгцээг хангаад Говь-Алтай руу явж борлуулах газар хайж байлаа шүү дээ.
-Монгол орны хэмжээнд цөлжилт, тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Энэ талаар таны бодол…
-Би энэ нутагт 80 гаруй жил амьдарч байна. Сүүлийн 20 жилээс цөлжилт эхэллээ. Цөлжилт бол хүнээс үүдэлтэй. Цөлжилт болох хэд хэдэн үндэслэл байна. Үүнд:
-Хүний үйл ажиллагаа
-Байгалийн үйл явц
-Мал сүргийн бүтэцтэй холбоотой.
Сүүлийн жилд сүргийн бүтэц алдагдаж, хүмүүс ноолуур их авахын тулд ямааг ихээр өсгөснөөр цэцэг ургахаа болж байна. Жилийн 4 улирлаар малыг ээлжилж хариулдаг байсан. Одоо тэр бэлчээрийн зохион байгуулалт алдагдаж, нэг бэлчээртэй болсон. Бэлчээрийг ээлжлэх нь бэлчээр, байгалиа хамгаалдаг юм. Ер нь хүний төлөө хүн ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүн байгаа нөхцөлд байгаль байх ёстой болно. Тиймээс байгалиа хамгаалж, хайрлан бүгдээрээ байгалийнхаа төлөө зүтгэх ёстой. Байгалиа хамгаалах цаг нь болсон шүү гэж хэлье. Хүн бүр тэмцэж чадвал цөлжилтийг бууруулах биш бүр зогсоож чадна. Байгальд бордоо болдог малаа өсгөх хэрэгтэй. Тухайлбал: Тэмээ, үхэр, хонийг өсгөх хэрэгтэй. Хаягдал бүр нь бордоо болдог юм шүү дээ. Мөн хүмүүс ус, булаг шандаа хайрлахаа больсон. Булаг усаа бохирлож, цаашдаа байгалиа нөхөн сэргээхгүй байна. Тухайлбал: Голын усанд хувцас хунар, машинаа угааж угаалгын нунтаг их оруулж байгаагаас гадна амрах нэрийдлээр хог маш их хаядаг. Угаалгын нунтаг их хортой, байгалийг сөнөөх нэг үндэс болж байна. Энэ бүгдээс болж загас жараахай, үнэг, туулай хүртэл үхэж, ургамлын үндэс нь мөхөж байна. Хүмүүс байгаль эх, ургамлаа хайрладаг байсан, одоо тэр явдал алга болсон байна. Уул овоо тахих нэрийдлээр байгалиа сүйтгэж, олон хүн цугларч найр хийдэг. Хадаг самбаа уяж, хог бий болгодог. Уг нь идээнийхээ дээжийг өргөх ёстой болохоос тамхи, архины шил өргөдөгүй. Энэ бүгдэд байгаль баярлах бус уурлаж, догширч байна. Тэр бүгдийг зайлуулвал харин байгаль сэргэх байх аа. Уул овоондоо хадаг уядаг, тэр нь хог болж байна, урьд хадаг гэдэг чинь самбаа байсан юм, тэр нь нэг жилийн эдэлгээтэй.
-Таны бодлоор цөлжилтийг яаж багасгаж, сааруулах вэ?
-Хүн л цөлжилтийг зогсоох ёстой. Цөлжилтийг зогсооход зөвхөн мод тарих биш юм. Энэ юу вэ гэвэл зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх явдал. Ингэснээр ургамлын үр олон болдог. Байгалийг нөхөн сэргээхэд хүн бүр хүчин зүтгэх хэрэгтэй байна. Зөвхөн манай нутгийн “Төгрөгийн гол”-д гэхэд л 1000 гаруй булаг байсан. Одоо 600 бараг хүрэхгүй дээ. Ихэнхи булаг усгүй болж, шавар намаг болж байна. Хүн бүр нэг мод тарьж, ойр орчноо зүлэгжүүлж, цэцэгжүүлэх хэрэгтэй. Байгалийг ойжуулж, зүлэгжүүлсэн хүнийг урамшуулах хэрэгтэй байна. Цөлжилтийг хэдхэн хүн санаачлаад давахгүй, тиймээс бүх хүмүүс байгалийнхаа төлөө зүтгэх нь зүйтэй. Би энэ тохойд 20 гаруй жилийн өмнөөс мод тарьсан. Мод ургасан, энэ газарт хур тунадас цугларч байна. Цөлжилтийг зогсооход орон нутгийн удирдлага ихээхэн анхаарах ёстой гэж боддог. Тэд энэ талаар тодорхой хийж байгаа ажил байхгүй байна.
-Цөлжилтийг багасгахад хамгийн гол нь ойжуулах, зүлэгжүүлэхээс өөрөөр яаж тэмцвэл зохилтой бол?
-Дэлхийн гайхамшиг болсон Швейцарь улс ой модоор баялаг, битүү юм гэнэ лээ. Би номноосл уншсан. Тэр орны ард түмэн ой модоо хайрлаж, хамгаалсанаар дэлхийд алдартай ойтой орон болсон байх аа гэж би боддог. Миний ач зээ болсон 70 гаруй айл өрх бий. Би байгаль сонирхдог хүн учраас тэдэндээ сонсож дуулсанаа байнга ярьдаг. Ажлыг хийхэд би ганцаараа хийхгүй л дээ, хөгшин маань туслана мөн хамт олон, залуучууд, хүүхдүүд туслана. Ялангуяа хүүхдүүдэд байгаль хамгаалах талаар сургалт, хичээл заах хэрэгтэй байна. Хүүхдүүдэд багаас нь байгалиа хайрлаж, хамгаалах талаар экологийн боловсрол олгох явдал хамгийн чухал. Мөн байгалийг нөхөн сэргээхэд заавал нөхөрлөл байх хэрэгтэй, ганцаараа зүтгээд амжилт олохгүй. Хамт олон, айл өрхөөрөө нэгдэж “Нөхөрлөл” байгуулвал юу ч хийж болно шүү. Олны хүч оломгүй далай гэдэг дээ.
-Танай хашаанд олон төрлийн мод ургажээ. Хэдэн жилийн өмнө тарьсан бэ? Ер нь та хэдийд амардаг вэ?
-Хүмүүс их залхуу болж дээ. Би сууж амрах дургүй, суухаар амралт биш залхуу өвчин тусна. Би тэр заншлаараа өдөрт би 30 км явган явдаг. Энэ хашаандаа 10 жилийн өмнө хөгшин бид хоёр ач хүүгийнхээ хамтаар мод тарьсан. Одоо манай хашаанд 1000 мод бий. Сибирийн улиас, Монгол улиас, мөн эрлийзжүүлсэн улиас гээд аль болох олон төрлийн, олон газрын мод тарихыг боддог. Хамгийн өндөр ургасан нь Сибирь, Монгол улиас 2-ын эрлийз улиас. Өндөр нь 50 метр. Энэ жил хашаандаа чацарганы мод суулгасан. Мөн эмчилгээний ач тустай нохойн хошуугаас эхлээд олон мод бий.
-Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах талаар залуус хүүхдүүдэд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүн байгаль хоёрыг хэзээ ч салгаж ойлгож болохгүй. Байгалиа хамгаалахгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтож, амьдрал сайн сайхан болохгүй. Тэгэхээр байгаль дэлхийгээ ээж, аав, үр хүүхдээ хайрладаг шиг хайрлаж хамгаалж яваач гэж нийт иргэддээ захиж хэлмээр байна. Байгалиа хамгаалъя, сэргээе гэж яваа та бүхэнд баярлалаа. Тэр тусмаа алс холын Швейцарь улсаас Монголд ирж, байгалиа хамгаалъя гээд явж байгаа ноён Ведад баярлаж байна. Байгалиа шүтэж, байгалиа хамгаалвал байгаль эх бидэнд ихийг өгөх болно.
-Баярлалаа.
http://www.greenmongolia.mn сайтаас авав.