Өнөөдөр
www.Mongolnews.mn
Асгатын нэг хувийг авах хийгээд алдахын үнэ цэнэ
Р.ЭМҮЖИН (2008-01-25)
Асгатын мөнгөний орд газрын 50 хувийг төр эзэмших, гэхдээ төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компаниар дамжуулан өөрийн болгох асуудал улс төр, бизнесийн салбарынхны маргааны төв цэг болж хувираад байна. Баян-Өлгий аймгийн нутагт орших уг орд газрыг тойрсон лицензийн болон өмчийн маргаан сүүлийн 20 шахам жил үргэлжилсээр эдүгээ Монголын Засгийн газрын жингийн туухай дээр “ойж бууж” буй нь энэ. Асгатыг тойрсон хэд хэдэн үл ойлгогдох байдал хууль, эрх зүйн үүднээс үүсээд байгааг АН-ынхан УИХ-д өргөн барьсан саналдаа дурдсан. Бусдыг нь түр мартаж орхиод эдүгээ хамгийн ихээр улстөржиж байгаа 50+1 гэсэн хувилбарын эргэн тойронд анхаарлаа хандуулъя.
Асгатын мөнгөний ордын лицензийг эзэмшсээр ирсэн “Монголросцветмет” компанийн 50 хувийг оросууд “эзэгнэдэг”. Гэтэл тус компани эл орд газрыг Оросын “Полиметалл” компанитай хамтран ашиглах болсноор дээрх тоон харьцаа Асгатын хувьд 25:75 гэсэн хуваарилалтанд тулж очоод байсан юм. С.Баярын Засгийн газрын бодлогын хүрээнд 50:50 гэсэн тэнцэтгэл “шалгаран үлдэж”, Монгол Улс Асгатын мөнгөний ордын тал хувийг олж авсан түүх саяхных. Харин одоо энэ 50 хувь гэсэн тоон үзүүлэлт ердөө л нэгийн тоонд бүдэрч уначихаад байгаа. 51:49, эсвэл 50:50 гэсэн хоёр өөр эдийн засгийн ойлголт энд яригдаж байна. Эхлээд бид чухам юуны нэг хувийг ингэтлээ сонирхож, асуудал гацаанд орох хэмжээнд байдлыг хурцатгаад байгааг тодотгох нь зөв болов уу.
Баян-Өлгий аймгийн төвөөс 180 км-т, Ногооннуур сумаас 70 км-т оршдог Асгатын мөнгөний орд газрыг анх 1976-1993 онд Монголын Засгийн газраас 5.2 сая ам.доллар зарцуулан байж олж нээн, судалсан намтар бий.
Монгол, Оросын хилийг “зуучлан” оршдог, өндөр уулын бүсэд, далайн төвшнөөс дээш 3000 метрт, мөнх цэвдэг бүхий орчинд нуугдсан асар их мөнгөний нөөц өнөөг хүртэл хэд хэдэн орны нэр хүнд бүхий компаниудын сонирхол, шохоорхлыг татсаар ирсэн боловч геологийн хүнд нөхцөл, газарзүйн байрлалын адармаатай байдал нь Асгатаас эмээн зайлсхийх шалтгаан болсоор иржээ.
Америк, Турк, Канад, Япон, Солонгосын “Pan American”, “Silver wheaton”, “Western Mines”, “Aрex silver” компаниудыг энд нэрлэж болно.
Чухам эндээс Асгатыг нэгэнт нүүлгээд зөөчихөж болохгүйгээс хойш ОХУ-ыг түшсэн нь аль ч талдаа ашигтай гэсэн хувилбар хүчтэй яригдсаар энэ Засгийн газартай золгосон байдаг.
Орд газрын нөөцийг анх тогтоохдоо 40 жил ашиглах тооцоог хамт гаргасан гэдэг. Асгатын мөнгөний орд хэмээх энэ “хүсэл хяслын заагт” чухам юу нуугдаж байгаа нь сонин.
227 мянган тн зэс, 7369 тн мөнгөний нөөцтэй 25 кв.км талбайг эзлэн оршдог уг орд газрын нэг хувийн ирээдүй хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа. 2566 тн мөнгө агуулсан 8.2 сая тн хүдрийн нөөцийн асуудал энд бас давхар хөндөгдөж байгааг дурдахгүй өнгөрвөл тэнэг хэрэг болно.
Тэгэхээр ийм хэмжээний ашигт малтмалын нэг хувь Монголд хүч нэмж үлдэх үү, Оросын талд хэвээр хоцрох уу гэсэн нэг талаар дэндүү тодорхой асуулт бидний өмнө байна.
Асгатыг ашиглахад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг монголчууд дангаараа гаргаад, баялгаа өөрсдөө эргэлтэнд оруулж чадна гэж зарим улстөрч үзэж байгаагаа нуугаагүй. Ингэж туйлшрах нь үнэн байдалд хэр нийцэх юм бол? Ямартай ч Асгатад шаардлагатай хөрөнгө оруулалтын 42 хувь нь зөвхөн дэд бүтцэд зориулагдана гэсэн мэргэжлийнхний тооцоо байдаг юм билээ. 3000 метрийн өндөрт байгаа орд газрын баялгийг дээрээс нь шууд нисдэг тэргээр зөөгөөд байхгүй нь ойлгомжтой.
Хэрэв оросуудтай хамтрахгүй л бол Орос, Монголын хил дээр байгаа баялгийг хаа байгаа канадчууд эсвэд америкчууд ирж эргэлтэнд оруулах нь юу л бол гэсэн эргэлзээ энд байгааг нуух аргагүй.
Удаан хугацааны дараа, ямар ч гэсэн тодорхой байдлаар Асгатын мөнгийг ашиглах, эргэлтэнд оруулах боломж бүрдээд байгаа нь энэ ч байж болох юм. Энэ утгаараа бид нэг хувь хэмээх гайхамшигтай тоон дээр хэтэрхий их тоглолт хийвэл ужиг урт маргаан, хугацаа алдсан элдэв үл ойлголцлын дараа ирж буй эл том боломжийг өөрсдөөсөө түлхэх аюултай.
Гэхдээ, нэг хувь гэдэг бол чамлах аргагүй, чанга атгаж болох баялаг. Дээр дурдсан орд газрын нөөцтэй харьцуулаад бодоход зөвхөн энэ нэг хувь гэдэгт 73.69 тн мөнгө, 2270 тн зэс, 82000 тн хүдэр оногдож байгаа юм. Ингээд бодохоор нэг хувийн төлөө “нэхий дээлээ уралцаж” ч болмоор харагдаж байгаа нь үнэн. Тийм боловч хоёр талдаа тохиролцож чадахгүй бол бид үүнээс ч ихийг алдах боломжтой. Эргэлтэнд орж, үндэсний баялаг болон нэмэгдэж, жилээс жилд эдийн засгийн үр ашгаа өгч байх учиртай хөрөнгө Ногооннуур сумын ойролцоо дахиад хэдэн оноор, С.Баяр шиг цөстэй нэгэн гарч ирэх хүртэл хээр хэвтэж үлдэнэ.
Байдал ийм байгаа тохиолдолд өнөөх гайхамшигт нэг хувь маань гай болж хувирах гарц нээлттэй байгаа юм.
Нөгөө талаас нэг хувь хэмээх тоо өнөөгийн Засгийн газрын өмнө улс төрийн өндрөөс өндөр босго болж хувираад байгаа нь нууц биш. Улстөржүүлж харах юм бол С.Баярыг баалах гэсэн АН-ын шантааж мэтээр ойлгогдож байгаа. Харин Орос тэргүүтэй дэлхийн ашигт малтмалын салбарын мангасууд хоорондоо тохиролцож чадахгүй, гэдсэндээ хөлөө жийлцэж буй монголчуудыг сониучирхан ажиглаж байгаа нь өнөөгийн бодит дүр зураг. Нэг хувь хэмээх энэ тоонд бид ухаан зарж, нуруутай, мөн чанартай, нэгдмэл байр сууринаас хандахгүй бол нэр төр, ёс зүйгээ алдаад зогсохгүй эвлэлдэн нэгдэх, ихийг амжуулах чадваргүй хоосон хэрүүлчид болж харагдах гэмтэй. Монголын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулахаар сонирхож байгаа гадны экспертүүдийн хувьд нэг, хоёр хувь тийм чухал биш. Харин Монголын төрийн тогтвортой, шуурхай, тууштай байдал илүү үнэ цэнэтэй гэдгийг тооцох л учиртай.