|
[sub]Би багшийгаа үргэлж инээмсэглэж орж ирдэг байгаасай гэж хүсдэг
Их Британий Хүүхдийг Ивээх сангаас боловсролын салбарт гарч байгаа хүндрэлтэй асуудлууд дээр хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, тэдний үгийг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор зарласан "Би сургуульдаа..." сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийн ишлэлээс
...Сургуулийн эмч орж ирээд бид нарын хумсыг л үздэг. Өөр юм үздэггүй. Хэрэв хумстай байвал барьж байгаа үзгээрээ гар луу маш чанга цохидог. Ёстой муухай ааштай. Ер нь манай сургуулийн цэвэрлэгч, манаач, тогооч мөн багш нар хүртэл сурагчидтай маш муухай чанга дуугаар харьцдаг. Хүүхдүүд эцэг эхээсээ илүү багштайгаа харилцаж сурах хэрэгтэй. Би ангийнхаа багшийг үргэлж инээж орж ирж байгаасай гэж боддог...
...Зарим том хүмүүс хүүхдийг гомдоодог. Яаж гомдоодог вэ? гэвэл: Муухай үгээр хараан загнаж, доромжилж том дуугаар загнаж, эргүү тэнэг гэх мэтээр дуудаж, олон хүүхдийн дунд ямар нэгэн нэр өгч дуудаж, өшиглөх, алгадах, толгой цохих гэх мэт. Манай сургуулийн том ангийн ах нар аймаар дээрэлхүү, юм л бол бага ангийнхныг зодож дээрэлхдэг. Ялангуяа биеийн тамир орох үед болдог...
...Би сургуульдаа хайртай. Манай сургуульд нэг л дутагдалтай. Бие засах газар нь 3-хан өрөөтэй. 2 давхарын бие засах газрыг засварладаггүй. Завсарлагаанаар олон хүүхэд орсон үед бие засах газар орох тун хэцүү, муухай үнэртэй, муухай хогийн савтай. Гэхдээ л би сургуульдаа хайртай...
...Сургууль бүр маш гоё номын сантай, бас интернэт кофетэй болох. Мөн сурах бичиг ч бас хангалтгүй. Зарим сурах бичиг ховор учраас хүүхдүүд дундаа хэрэглэх нь элбэг. Сургуулийн цайны газар сурагчдад зориулсан уян хатан үнэтэй, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан, уужим зай талбайтай байвал зүгээр. Сургууль тус бүр өөрийн нөөц бололцоогоо дайчлан аль болох багш, сурагчдад аятай таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээвэл амжилтанд хүрнэ гэж боддог. Ж нь: сурагчдын хөдөлмөрийн хичээл дээр л гэхэд хөвгүүдээр ширээ, сандал, тавиур зэргийг хийлгэвэл тэд юм хийж сурахаас гадна сургуульд ч бас хэрэгтэй...
...Зарим багш нар маань хичээл заахаар ангид орж ирээд, номынхоо тэддүгээр хуудсыг гаргаад тийм сэдвийг уншаад, асуултанд нь хариулаарай!!! гэчихээд өөрөө ширээнийхээ ард зүгээр суух юм уу, эсвэл ангиас гарч ороод байдаг. Үүнийг бичихдээ би багш нараа муулах гэж бичээгүй юм шүү. Бодит байдлыг л бичиж байгаа юм. Багшийн амьдрал нь цалин мөнгө бага болохоор тийм ч сайн биш, ажиллах идэвхи сонирхол багатай, мэргэжлээ дээшлүүлэх сургалт, сургуульд хамрагдаж чаддаггүй, өөр ажиллах багш олддоггүй. Залуу сайн багш нар ирж ажиллаж байгаад буцаад явсан. Энэ бүхнийг дарга нар анхаарч арга хэмжээ аваасай гэж бодогддог...
...Ангийн ширээ, сандал, хаалга, цонх, шал зэрэг юмс үргэлж цэвэр цэмцгэр өнгөлөг байгаасай гэж боддог. Сургуулийн болон ангийн хүүхдийн тоо хэтэрхий олон байдгийн улмаас тоос шороо бужигнах, энд тэнд халтар болсон байх явдал байнга гардаг. Анги танхимаа цэвэр байлгах нь зөв ч энэ ажлыг хүүхэд хийх ёстой юу, үгүй юу гэдгийг би дотроо үргэлж боддог. Яагаад гэвэл өдөрт 2, тэр ч байтугай 3 ээлжээр хичээл орсон анги орой нь маш их хог шороотой бохир болсон байдаг. Түүнийг бид цэвэрлэдэг. Бусад орны хүүхдүүд бидэн шиг ингэж жижүүр хийдэг болов уу, тэр тусмаа хичээлийн хувцастайгаа шүү. Аль эсвэл ангийн нь том хүмүүс цэвэрлэдэг болов уу. Өөр нэг хэцүүхэн асуудал нь сургуулийн ариун цэврийн өрөө. Манай сургуульд л гэхэд эмэгтэй ариун цэврийн өрөө 4-хөн байдаг. Завсарлагаанаар урт дараалал үүсдэг, эвгүй үнэртэй, гараа угаахад хүйтэн устай, саван, ариутгалын бодис байхгүй. Үүнээс болоод ханиад томуу, халдварт шар өвчин гарч хүүхдүүд олон хоногоор хичээлээсээ хоцордог, эрүүл мэнд нь муудахад хүрдэг. Тиймээс ч ээж маань дүү бид 2-ыг болж өгвөл сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд оролгүй тэсэж байгаад гэртээ ирж бие засаж бай гэдэг. Хэрэв бид 2 сургуулиасаа ирээд гараа угаагаагүй бол цайгаа уух, ямар нэгэн юманд хүрэхийг ээж зөвшөөрдөггүй. Сургуулийн орчин үргэлж цэвэр цэмцгэр байгаасай гэж хүсч байна...
...Би сургуульдаа явах дуртай. Манай сургууль бол ертөнцөд хосгүй сайхан сургууль гэж бүх хүмүүст дуулгахаар чанга хашгирмаар болдог тэр үед би дуртай. Манай сургууль өдөр болон шинэ сонин үйл явдлаар дүүрэн өнгөрдөг. Энэ сургуульд сурдаг, ажилладаг хүн бүрт өөрийн гэр орноо гэхээсээ илүүтэй сургуулиа гэсэн сэтгэлтэй байдагт нь би их бахархдаг...
Би жирийн л нэг сурагч
Би жирийн л нэг сурагч
Бичиг зохиолд дуртай.
Энгийн л нэг сурагч
Заримдаа би бичмээр санагдана
Залхуу хүрвэл унтмаар санагдана
Ангийн андуудтайгаа найзалдаг
Арван жилийн л сурагч
Ангийн багшдаа магтуулдаг, загнуулдаг
A, B, C, D, F цөмийг авдаг
Би жирийн л нэг сурагч
Бодож явдаг ирээдүйтэй
Багш болох хүсэлтэй
Ширээний ард суугаад
Шүлэг бичмээр
Шинэ содон юм үзмээр
Шилж сонгож юм авмаар
Ер нь тэгээд бүгдийг хийх хүсэлтэй
Ертөнцөд жирийн л нэг сурагч ...
...Манай сургууль дээр нилээд сурагчдын удирдлагын байгууллага байдаг. "Сайн найз" ХӨУБ, "Оюуныг тэтгэч сан" бүлгэм, Сурагчид сургуулийн цэвэрлэгчдийг хүндэтгэдггүй. Цаасаа ав гэхээр өөдөөс нь бүдүүлэг үг хэлдэг. Сургуулийн гадна орчин муухай, угаадас асгадаг газар, хогоо 1 давхарын буланд асгаад шатаадаг. Галын аюултай...
Сургууль гэхээр эрдмийн өргөө л бодогддог, Одоо ийм байгаа билүү, Одоогийн бүх сургуулиуд мэдлэггүй багш нар, мэдээлэлгүй сурагч нараар дүүрчээ. Хичээллэх орчин тав тухгүй, нэг анги 40-50 хүүхэд хичээллэж, нэг ширээнд 3 хүүхэд суудаг. Сургуулийн орчин ийм байхад ядаж багш сурагчийн харилцаа сайн баймаар юм. Гэтэл сурагч нь багшаа үл хүндэтгэж, багш сурагчаа үл тоосоор...Өнөө үед эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаанд огт оролцдогггүй гэхэд болно. Хөдөөнөөс ирсэн мэдлэггүй багш, 3 хүүхдийн дунд 1 сурах бичиг, хүүхдэд ээлтэй сургууль байгуулахын тулд:
- чанартай сургалт, боловсролтой багш нар,
- тав тухтай орчин
- дүрэмт хувцас
- эд хөрөнгөөр үл ялгаварлах /ялангуяа багш нар/
- сургуулийн гадуурхи хүүхдүүд ...
...Хүн бүрийн хүүхэд насны гэгээн дурсамжийг хадгалан үлддэг газар бол сургууль. Багш шавь хоёрын хооронд үгээр хэлэхийн аргагүй тийм ариун нандин холбоо байдаг. Үүнийг эрхэмлэж явах... Сургуулийн насны хүүхэд тамхи татах, архи уухыг эрс хориглох, тэдний эцэг эхэд нь хариуцлага тооцдог байвал зохино. Сурагчид багш нартайгаа хүндэтгэлтэй харьцах нь эцэг эхээс шууд хамаардаг. Багш гэдэг нь нийгмийн хамгийн чухал мэргэжил. Иймд багшийн цалин өндөр байх ёстой...
...Би "Оюуны Ундраа" цогцолбор сургуульд суралцдаг. Намайг анх сургуульд авсан П. Ганхуяг агсанд талархалаа илэрхийлье. Би тахир дутуугийн тэргэнцэртэй. Над шиг тэргэнцэртэй олон хүүхэд сургуульд явж чаддаггүй гэж би сонссон. Үүний гол шалтгаан нь зориулалтын зам, шат, бие засах газар байхгүй байгаад байгаа юм. Намайг ойлгож тусалж дэмжиж байдаг найзууддаа баярлалаа...
...Би өөрийн гэрт хамт амьдардаг үеэлийнхээ тухай бичихээр шийдлээ... Тэр манай гэрт жилийн өмнөөс амьдрах болсон. Гэрийн бүхий л ажлыг хийдэг. Хувцас угаана, хоол хийнэ, шал цэвэрлэнэ, өөрийгөө 4-р анги төгссөн гэж ярьдаг боловч би түүнд итгэдэггүй. Учир нь тэр дэндүү сэргэлэн, бас ажилсаг. Одоо үед сургуульд завсардсан хүүхэд гэж яригддаг, үеэл маань тэдний нэг байсан. Тэдний сургууль завсардсан нь аав ээжийн буруу юу, нийгмийн буруу юу?. Тэд Монголын нийгмийн төлөө ихийг бүтээж чадах эрдэмтэн мэргэд, агуу их сэтгэгчид ч байх байсан билүү. Яаж мэдэх билээ...
...Би сургууль дээр байх дуртай, Гэхдээ хааяа сургууль уруу явахаас дургүй хүрдэг. Учир нь ууртай багшийн мөнгө нэхэхээс халширдаг. Ангийн хуримтлал, сургуулийн засвар, багш нарын баяр, төрсөн өдөр, уй гашуу, бүр шалгалт авах багш нарын хоолны мөнгө зэрэг олон олон "татвар" хураах үеэр ядуу гэр бүлд төрсөндөө гутраад л гэрийн даалгавар хийгээгүй мэт тонгойн суудаг. Арай их мөнгө хураах болвол эцэг эхийн хурал зарлана. Аав ээж 2 маань үүнийг мэддэг болохоор ирдэггүй. Үүнээс болж загнуулна. Үүнийг маань ангийнхан шүдний өвчин гэнэ. Багшид загнуулах нь өвчин намдаах тариагүйгээр шүдээ авхуулахтай адил санагдсан болохоор л тэгж нэрлээ биз. Мөнгө хураахаа больчихвол ямар гоё вэ?. Тэгвэл нөгөө муу шүдний өвчин алга болох байх даа...
...Шинэ өглөө эхэллээ. Сургуульдаа очлоо. Биеийн тамирын хичээл 40-50 хүүхэд дасгал хөдөлгөөн хийж хөлсөө урсган үнэртэхийн аргагүй муухай үнэрийг үүсгэнэ. Хоолны газар хөөсөн гурил ихэнх нь голдоо ганц хэрчим хиамтай ороомог гараа угаалгүй иднэ. Сургуулийн 00 өрөө үргэлж л цоожтой байна. Ажилдаа түүртсэн ааш муутай цэвэрлэгч нар. Сургуулиас шар өвчин байнга гарна. Шалгалт ирлээ гэхээр урьд өмнө үзэгдээгүй зүйл тавьчихдаг...
Ангийн ширээ минь хуучин ч гэлээ
Намхан ширээндээ би хайртай
Алтан үсгээр бичээгүй ч гэлээ
Ангийн журналдаа багш хайртай
Зай багатай жижигхэн ч гэлээ
Завсарлагааны хонх сулхан ч гэлээ
Заал танхим маань тоостой ч гэлээ
Энэ л сургуульдаа бид хайртай...
...Сургуулийн нэр хүндийг хамгийн их доош нь татаж байгаа зүйл бол удирдах ажилтан, багш, сурагч нарын хооронд тогтсон нийгмийн харилцааны орчин.
Багш суралцагчдын харилцааны хэлбэр тогтолцоо багшийн хувийн эрх ашигт нийцсэн, суралцагчдын хувьд багш нарт хандаж үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй, нээлттэй, чөлөөтэй сурч боловсрох орчин байхгүй зөвхөн багшийн дарангуйлал дор өдөр хоногийг өнгөрүүлж байна. Удирдах ажилтны гарын боол нь багш нар, багш нарын боол нь суралцагсад.
Багш эцэг эхийн харилцааны байдал нь өнгө харсан, худал хуурмаг, агшин зуурын жүжиглэлт гэмээр байдаг. Багш нар боловсрол мэдлэг ур чадвар дутмаг, сургуулийн орчин нөхцөл таагүй, боловсролын стандарт сургалтын агуулга арга зүйн суралцагчдад их дарамттай нүсэр байдаг.
Энэ бүхэн эергээр шийдэгдээгүй цагт "сургууль завсардалт" түүний нийгмийн сөрөг үр дагавар бат орших болно... [/sub]
_________________ New YIM [email protected]
|