|
Сэлэнгэ мөрөн
Сэлэнгэ мөрөн нь тус орны гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна.
Дэлгэр, Идэр хоёр голын билчирийг Сэлэнгийн их гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 992 километр, түүнээс 592 км нь тус улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавт.дөр.км нь манай орны нутаг дэвсгэрт оногдоно. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай умард мөсөн далайн талбайн 87,3 хувь манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна.
Голын эхний хэсэгт гульдиралын өргөн 60-70 м, салаа татуурын өргөн 10-25 м, усны гүн харгиа боргио газраа 0,5-1,5 м, цээл цүнхэлдээ 2,5-3,0 м байснаа адаг руугаа гульдиралын өргөн 100-250 м, усны гүн харгиа боргиотой газраа 1,0-2,0 м, цээл цүнхэлдээ 4-5 м хүрдэг.
Сэлэнгэ мөрөн усны найрлага, химийн бүтцээр манай орны томоохон голууд дотор хамгийн их эрдэсжилтэйд тооцогдох ба гидрокарбонатын ус бүхий голуудад хамаарна. Сэлэнгэ мөрөнд манай орны томоохон гол мөрөд болох Дэлгэр, Идэр, Хануй, Эг, Орхон зэрэг голууд цутгана.
|