#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.19 3:10 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 
Author Message
PostPosted: Aug.09.19 12:43 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 276
Бүлэг 1

Удаан хүлээсэн дайллага

Бэг-Эндийн эзэн Бильбо Бэггинс нэг зуун арван нэгэн насныхаа найрыг элбэг дэлбэг хийнэ гэж зарлахад амтай бүхэн шаагилдаж, амьтай бүхэн шуугилдав.

Бильбо гэгээн цагаан өдрөөр гэв гэнэт алга болоод гэв гэнэтхэн гараад ирэхдээ амаараа зуу дахин хэтрүүлсэн ч гэсэн асар их олз омогтой ирснээс хойш нэгэн жарны туршид энгүй их эд баялаг, найгүй үрлэгэн зангаараа зард гарсан нэгэн билээ. Зөвхөн хамгийн мэргэн өтгөс л Бэг-Эндийн доогуур үй олон суваг ухаастай, суваг бүхэн эрдэнэсээр чихээстэй гэсэн ярианд эргэлздэг байсан юм. Эд, эрдэнэсээр баян л юм биз гэж бодоход эрүүл мэнд нь ямар гэж санана! Хэчнээн ч ус урсаад өнгөрсөн байхад ноён Бэггинс ерэн насны сүүдэр зооглочихоод тавин настай юм шиг л гялалзана. Ерэн ес хүрчхээд байхад нь “Мөн ч сайхан толиотой байна” гэцгээдэг байсан ч уул нь “Огт хэвээрээ байна” гэж хэлэх ёстой байлаа. Олон хүн толгой сэгсэрч “Энэ ч арай дэндэнэ ээ, тэр ч байтугай шударга биш байна, зарим нь яахаараа ийм азтай байдаг юм бэ, үхэх нь бүү хэл өтөлдөг ч үгүй, мөнгөн дотор хөрвөөж байх юм даа” гэнэ.

- Энэ ч сайны ёр биш дээ, нэг л юм болно шүү гэцгээнэ.

Гэвч гай зовлон хараахан болоогүй, ноён Бэггинсийн эд баялаг, элдэв явдлыг их бага ямар нэг хэмжээгээр уучилцгааж байсан тул түүний алга тэнэгэр хэвээрээ байлаа. Тэр төрөл садныхантайгаа харилцаа сайтай (мэдээж Саквиль Бэггинсийнхнээс бусадтай нь) тэгээд ч олон ядуу хоббитууд зүгээр л түүнийг хайрлаж хүндэтгэдэг байв. Гэхдээ ноён Бэггинс өөрөө ач гуч нараа өстөл хэнтэй ч ойр дотно нөхөрлөж байсангүй.

Тэдний дотроос хамгийн ахмад нь бөгөөд Бильбогийн хамгийн хайртай нь эцгийн талаас бүл ах, эхийн талаас төрсөн эгчийнх нь хүү, багадаа өнчирсөн Фродо Бэггинс байлаа. Бильбо ерэн естэйдээ түүнийг өөрийн өв залгамжлагч болгосон тул Саквиль Бэггинсийнхэн юу ч үгүй хоцорсон юм. Бильбо, Фродо хоёр нэг өдөр буюу есдүгээр сарын 22-нд төрсөн ажээ.

“Манайд ирж амьдар даа хүү минь, тэгэхгүй бол насны ой юу ч биш болох нь байна” гэж Бильбо нэгэнтээ хэлэхэд Фродо тэднийд нүүж иржээ. Тэр үед Фродо хоббитуудын хэлдгээр бага насандаа буюу гал усанд гараа дүрэхэд бэлэн хорин хоёроос гучин гурван насны хоорондох гал халуун үедээ байлаа.

Тэр цагаас хойш Бэггинсийнхэн арван нэгэн төрсөн өдрөө хөгжөөн баяр төгөлдөр тэмдэглэсэн боловч арван хоёр дахь нь ямар нэг үзэгдэж дуулдаагүй онцгой юм болох нь яах аргагүй илэрхий байлаа. Бильбо зуун арван нэгэн нас хүрсэн нь гурван нэгийн тоо учраас яаж ч бодсон үнэхээр гойд хүндлүүштэй нас (домогт Хөгшин Түүк хүртэл нэг зуун гуч насалсан шүү дээ), Фродо гучин гурав хүрч байгаа нь хоёр гурвын тоо учир бас л онцгой тохиолдол. Хоббит гучин дөрөв хүрээд насанд хүрсэнд тооцогддог. Хоббитон болон Байуотерынхан цөм хэл амаа билүүдэж, болох гэж буй үйл явдлын сураг Шаир даяар тарлаа. Хаа сайгүй л Бильбогийн долоон булчирхайг тоочиж, түүний паянг дэлгэж, ахмад настай хоббитуудын дурсамж яриа гэнэтхэн сонирхолтой болж, тэд ой дуртгалаа ихэмсгээр ухаж төнхөх болов.

Амаа ангайгаад сонстол ярьдаг хүн бол Хэмфаст хочит хөгшин Хэм Гэмжи байлаа. Байуотер орох замын хажууд орших “Даруухан булан” уушны мухлагт цугларагсад түүний яриаг сонсож суув. Тэр Бэг-Эндэд дөч гаран жил цэцэрлэгч хийсэн, тэрнээс өмнө хөгшин Холмэний аж ахуйд тусалдаг байсан учир их мэдэмхий ярьж байв. Одоо тэр хөгширч, хөдөлгөөн удаан болсон ба бараг бүх ажлыг нь бага хүү Сэм Гэмжи хийдэг болсон. Эцэг, хүү хоёр хоёулаа Бильбо, Фродо хоёртой сайн харилцаатай, Хясаан дээр тэдний эдлэнгийн доохно, Бэгшот Роугын гурав дахь байшинд суудаг билээ.

- Ноён Бильбогийн тухай юу ч гэж ярилаа гэсэн тэр бол дээд зэргийн хоббит, их ч эелдэг найрсаг хүн гэж Хэмфаст хэлэв. Тэр худлаа хэлсэнгүй.

Бильбо түүнтэй машид найрсаг харилцдаг, “хүндэт Хэмбриж” гэж дууддаг, жил бүр хүнсний ногооны зөвлөгөөнд урьдаг байлаа. Арга ч үгүй юм, “үндэс үр”, тэр дундаа төмсний талаар Хэмфаст тойрогтоо хамгийн их мэдлэгтэй нь юм чинь. (Тийм л юм чинь тэгэлгүй яахав гэж өөрөө хэлдэг).

- Бильбогоос гадна тэр нүхэнд Фродо билүү хэн ч билээ дээ нэг юм байдаг байх аа? гэж Байуотерын хөгшин Нокс асуугаад, – Тэр Бэггинс овогтой боловч үнэндээ бол тал нь Брендибак юм шүү дээ, тэгж л ярьцгаадаг юм. Хоббитоны Бэггинс яахаараа өөр цусны Бэкберээс эхнэр авсны учрыг би бодоод олдоггүй юм гэв.

- Тэр өөрөө манай цусных биш шүү дээ, тэд чинь Берендуины гэж Хэмфастын хөрш Хоёр Амт ярианд оролцов, – Тэд Бэклэндийн хамгийн хэрэггүй газарт суудаг, бүр Мөнхийн ой руу шургаад орчихсон юм чинь. Мөн газраа олов оо.

- Зөв юм ярьж байна ах минь, ерөнхийдөө Туулай толгодын дэлдэнгүүд Мөнхийн ой руу ёстой шургаагүй, гэхдээ тэд тун хачин амьтад гэж та үнэн хэллээ. Яахаараа дандаа голын тэг дунд хөвж явдаг юм бэ, муу юм болоход тун ойрхон, харж л байгаарай. Тэхдээ л ноён Фродо эрээд олдохгүй хоббит доо. Ноён Бильбог өвчсөн юм шиг адилхан, гэхдээ хэн хэнтэйгээ адилхан байх нь ямар хамаа байх вэ: эцэг нь ч бас Бэггинс шүү дээ. Ер нь ноён Дрого Бэггинс жинхэнэ зөв хоббит байсан даа, живж үхсэн л болохоос ярих юм байхгүй гэж Хэмфаст хэлэв.

- Живсэн гэнэ ээ гэж сонсогчдын зарим нь гайхав. Тэд энэ тухай, бас өөр олон юмны тухай сонссон боловч айл амьтны хов живийг ихэд сонирхдог тул хэд ч дахин сонсоход бэлэн байдаг билээ.

- Тэгсэн л гэж ярьдаг юм шүү дээ, ноён Дрого чинь хөөрхий Примула Брендибакийг эхнэр болгож авсан юм. Тэр чинь эхийн талаасаа ноён Бильбогийн яах аргагүй бүл дүү байсан юм (эх нь тэр үеийн манай Түүк ноёны бага охин байсан юм), ноён Дрого чинь өөрөө бүл дүү нь байсан юм. Тэгэхээр ноён Фродо эхийнхээ ч, эцгийнхээ ч талаас ноён Бильбогийн хамгийн ойрын цусан төрөл мөн болж таарч байгаа биз дээ. Ноён Дрого тэр үеийн захирагч Горбадокийнд алба хаадаг байсан, ээ базарваань мөн ч их хоолонцор захирагч байж билээ, тэгээд л нэг өдөр хавтгай завиар гол гатлах гэж яваад эхнэртэйгээ живчихсэн, тэгээд л хөөрхий Фродо нялхаараа өнчин хоцорсон, тийм л юм болсон юм даа хөөрхий.

- Тэр хоёр чинь баахан идэж аваад сарны гэрэлд голоор зугаалж явсан, Дрого их идсэн учир хүнд болоод завиа хөмөрчихсөн гэж би сонссон юм байна гэж хөгшин Нокс хэлэв.

- Эхнэр нь нөхрөө түлхчихсэн, нөхөр нь эхнэрээ татаж унагасан гэж би сонссон юм байна гэж тээрэмчин Сэндимэн хэлэв.

- Сэндимэн чи, сонссон болгоноо үнэн гэж худал бүү ярь, түлхсэн, живсэн ч гэх шиг... Ишш, хэлнийхээ загатнааг гаргаж гэнэ. Тэр муу хавтгай завь шиг юм чинь өөрөө аяндаа хөмөрнө, түлхэж мүлхэх хэрэггүй гэж тээрэмчинг үзэж чаддаггүй Хэмфаст хэлэв.

- Нэг үгээр хэлэхэд Фродо тэгээд л тэднийхний ярьдгаар газар дээр гадас шиг ганцаараа үлдсэн хэрэг. Эргэн тойронд нь дан Түүкүүд, молтогчингийн үүр л гэсэн үг. Хөгшин Горбадокийн төрөл садангууд гэхэд л лав хоёр зуу гарна. Харин Саквиль-Бэггинсийнхэн бол мэдээж заяагүй амьтад. Бильбо одойнуудтай яваад сураггүй алга болоход Бэггинсийн өвийг нь идэх гэж л ирсэн хэрэг. Гэтэл тэр эргээд ирсэн, тэднийг хөөж явуулаад амар сайхан амьдарсан, өтөлж хөгширнө ч гэж байдаггүй, өвдөж зовно ч гэж байдаггүй. Дээрээс нь бас өвийг нь идэх хүн гараад ирсэн, бүх баримт бичиг нь бүрэн болсон байгаа, итгэж болно. Саквилийнхэн чихээ харж чадахгүйн адил Бэггинсийг идэж чадахгүй, тэгж байж чихээ харчих вий дээ зайлуул.

- Тэнд замбараагүй их мөнгө булчихсан гэдэг биз дээ, танай тэр Хясааны доогуур нэлд нь хөндийлж ухсан, хонгил бүхэн алт, мөнгө, эрдэнэстэй авдруудаар дүүрэн байдаг гэж ярьцгаадаг гэж Митчелл-Делвингээс Баруун тойрог руу явж байгаа замын эр хэлэв.

- Чи ярьснаасаа ихийг сонссон байна, юуны чинь алт эрдэнэс вэ? ноён Бильбо мөнгө хайрладаггүй, мөнгөөр дутдаг ч үгүй байх, газар доогуур хонгил ухсан хүн байхгүй. Жараад жилийн өмнө, намайг борвиндоо баастай байхад ноён Бильбо эргэж ирснийг санаж байна. Би дөнгөж л Холмэн өвгөнийд (талийгаач эцгийнх нь үеэл дүү байсан юм) юухан хээхэн хийдэг байсан, эдлэн газраа худалдаж байсан болохоор хэрэгт дуртай юмнуудыг хөөхөд нь тусалдаг байсан. Яг тэр үед ноён Бильбо гэгээн цагаан өдөр гэв гэнэт хүрээд ирсэн, том том шуудай, хоёр ч авдар ачсан одой морь хөтлөөд ирсэн. Тэр ачаа нь мэдээж хэрэг, эргэн тойрон алтан уул байдаг харийн орны эрдэнэс байж таарна. Гэвч газар ухаж яах юм бэ? Багтаах зайгүй юм биш. Манай Сэмээс асуусан ч болно, тэнд юу болсныг бүгдийг мэддэг юм. Ноён Бильбо өнгөрсөн амьдралаа ярина, манай тэнэг сонсоно. Ноён Бильбо бүр бичиг зааж өгсөн, муу санаагүй нь мэдээж, бичиг сурлаа гээд юу нь муу байх вэ дээ.

“Юуны чинь эльфүүд, луунууд. Тэрний оронд чи төмс, байцаа ярь. Тэгээд ч бусдын хэрэгт хамраа бүү дүр, хамаргүй болж хоцров” гэж би хүүд хэлдэг юм. Тэгж л хэлсэн юм, сонсоогүй хүн байвал дахиад ярьсан ч болно гэж Хэмфаст хэлээд тээрэмчин, замын хүн хоёр руу харц чулуудав.

Гэвч сонсогчид ярьснаасаа буцсангүй. Бильбогийн эрдэнэсийн тухай явган ярианд залуучууд дэндүү дассан байлаа.

- Тэр хэчнээн ч эрдэнэс авчирсан байлаа гэсэн дараа нь булсан байж таарна, гэртээ сууна гэж байхгүй, хаана л бол хаана явж байдаг гэж өөрийг нь дэмжих хүн байгааг мэдэрсэн тээрэмчин эсэргүүцээд, – Харь холын хэчнээн зочид тэднийд ирдэг билээ. Шөнийн цагаар одойнууд ирнэ, тэр муу илбэчин Гэндальф байна. Үгүй ээ Хэмфаст, чи юу ч ярьсан хамаагүй, тэднийх тун эвгүй газар даа. Бэггинсийнхэн угаасаа их будлиантай улс гэв.

- Сэндимэн чи учрыг нь олохгүй юмаа ярихгүй байсан нь дээр байлгүй гэж Хэмфаст урьдахаасаа ч их таалагдахгүй байгаа тээрэмчинд дахин зөвлөөд-бүгдээрээ тийм будлиантай байсан болоосой, нүхийг нь алтдаад өгсөн ч нөхөртөө гүрүүшиг пиав тавьдаггүй амьтныг би бас мэднэ. Харин Бэггинсийнхэн бол юмыг зөв ойлгодог улс. Дайллагад нэг ч хүн үлдээхгүй урина, бүгдэд нь бэлэг тараана, тэхдээ хэзээ нэг цагт биш, яг энэ сард гэж манай Сэм хэлсэн.

Хоёр хоногийн дараа нарлаг сайхан есдүгээр сарын дундуур дайллагаар галын наадам болно гэсэн яриа (мөнөөх бүхнийг мэддэг Сэм л тараасан бололтой) тарав. Шаир оронд Хөгшин Түүк нас барснаас хойш лав зуун жил галын наадам болоогүй ажээ. Товлосон өдөр ойртож байх үеэр нэг орой үзэгдээгүй хачин хайрцагнууд ачсан маш гоё морин тэрэг Хоббитоноор түжигнэн давхиж, Бэг-Эндэд зогсов. Хоббитууд үүд хаалгаараа шагайж, харуй бүрий гудамж руу харцгаана. Тэрэгний морьдыг урт сахалтай, юүдэнгээ буулгасан одойнууд залж, үл ойлгогдох дуу аялна. Зарим нь буцаж яваад, зарим нь Уутанд үлдлээ. Есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн эцсээр гэгээн цагаан өдөр Бэклэндийн гүүрний талаас нэг морин тэрэг орж ирэхэд тэргэн дээр нэг өвгөн суусан байв. өвгөн цэнхэр өнгийн шовгор оройтой малгай, бараг өсгийдөө хүрсэн урт саарал цув өмсөж, мөнгөлөг ороолт зүүжээ. Урт цагаан сахлаа сайтар янзалсан нь илт, сүртэй саглагар хөмсөг нь малгай дороос цухуйжээ.

Хүүхдүүд суурины гудамжаар Хясаа хүртэл тэргийг даган гүйлдэв. Тэргэн дээр пуужингууд ачсан байгааг хүүхдүүд дор нь ойлгов. Өвгөн Бильбогийн үүдэнд хүрээд хоббит болон эльф үсгээр “Г” гэсэн улаан тэмдэгтэй янз бүрийн том пуужингууд буулгав.

Тэр тэмдэг нь мэдээж Гэндальфын тэмдэг, өвгөн өөрөө янз бүрийн өнгийн гал, утаа хийх талаар Шаир даяар алдартай агуу шидтэн Гэндальф байлаа. Түүний жинхэнэ ажил хэрэг гал утаанаас хамаагүй аюултай, хүнд хэцүү боловч хоббитууд тэр талаар юу ч мэдэхгүй тул тэдний хувьд Гэндальф зүгээр л найрын чимэг байв. Тиймээс л хүүхдүүд түүний араас гүйлджээ.

“Гэндальф ирж байна, аянга нижигнэнэ” гэж хүүхдүүд хашхиралдахад өвгөн инээмсэглэж байв. Тэр Шаирд хааяа нэг сэмхэн ирдэг боловч хараад л таньцгаадаг, түүний аянгат галын наадмыг одоо зөвхөн эртний хөгшид л санаж байлаа.

Өвгөн Бильбо болон одойнуудын хамтаар ачаагаа буулгаж дуусахад хүүхдүүдэд хэдэн зоос тараасан боловч өнөөх тэсэлж тоглох хөгжилтэй сонин тоглоом өгөөгүй тул тэд их л гонсгор байцгаав.

- Гэртээ харьцгаа, цагаа болохоор хэн бүхэнд хангалттай хүрэлцэнэ гэж өвгөн хэлээд Бильбогийн араас орж хаалгаа түгжжээ.

Хүүхдүүд жаахан хүлээж байгаад тарцгаав. “Тэр найр нь тэгээд хэзээ юм бол доо” гэж тэд бодоцгоов.

Гэндальф, Бильбо хоёр нээлттэй цонхны дэргэд зогсоод цэцэглэж буй баруун цэцэрлэг рүү харж байлаа. Нар жаргах дөхөж, хурц, тунгалаг гэрэл нь цэцэрлэгийг тод гийгүүлж байв. Хүрэн улаан арслангийн ам, алтлаг наранцэцэг, гал шаргал алтаргана цэцэгс байшингийн дугараг цонхонд тултал ургажээ.

- Чиний цэцэрлэг ч гоё юм аа гэж Гэндальф хэлэв.

- Тийм шүү гэж Бильбо зөвшөөрөөд, – Шаир бол сайхан ч газар, гоё ч цэцэрлэг, гэвч би ядарч байна, амрах цаг ирлээ гэв.

- Тэгэхлээр чи хэлснээрээ хийх гэж байна уу?

- Мэдээж, би хэлсэн үгнээсээ хэзээ ч буцаж байгаагүй.

- За тэгвэл яриад байх ч юм алга. Шийдсэн л бол шийдсэн, бодсоноороо хий, чамд сайн юм болно, магадгүй ганц чамд ч биш байх.

- Цаг нь болохоор харъя даа.

Хясаанд ачаатай тэрэгнүүд ар араасаа ирсээр байв. Зарим хүн “Гадныхан л олз олж байна, гэтэл нутгийн мастерууд хийх юмгүй сууж байна” гэж үглэж байсан боловч төдөлгүй Бэг-Эндээс янз бүрийн амтат хоол, умдаа, Хоббитон болон Шаир даяар худалддаг тансаг чамин юм бүхний захиалга дарав. Найр өнөө маргаашгүй болох нь, гэтэл урилга барьсан шуудан зөөгч яагаад алга байдаг билээ” гэж хүмүүс гайхаж байв.

Урилга ч удаж төдсөнгүй, шуудан зөөгчид хүрэлцээгүй учир сайн дурынхныг ажиллуулахад хүрэв. Бильбо руу эелдэг бөгөөд уран үгтэй талархал зуу зуугаараа урслаа. “Баярлалаа, заавал очно” гэсэн үгийг янз янзаар хэлж байв.

Бэг-Эндийн хаалган дээр “ЗӨВХӨН НАЙРЫН ХЭРГЭЭР ОРНО” гэсэн бичиг хаджээ. Гэвч найрын хэргээр ч орох боломжгүй байв. Бильбо амсхийх ч завгүй, урилга бичиж, хариулт үдэж, бэлэг боож, хажуугаар нь найртай ямар ч хамаагүй өөрийн ажлаа амжуулж байлаа. Гэндальф ирснээс хойш тэр хэнд ч харагдсангүй.

Нэг өглөө хоббитууд Бэг-Эндийн гол хаалганы өмнө асар майхнууд босгож, сүүдрэвчүүд барьж байхыг харав. Төв замын талаас өтгөн бутан шугуй дундуур зам гарган том цагаан хаалга босгов. Нугатай залгаа эдлэн бүхий Уутынхнаас гаралтай гурван бага овгийнхон гайхан биширсэндээ дуу алдаж, нийтээрээ атаархалд автав.

Асар майхнууд өдрөөр биш цагаар олширч байлаа. Хамгийн том асарт зассан урт ширээний толгой талд аварга том модыг ургаагаар нь үлдээжээ. Модны мөчрүүдэд дэнлүү өлгөжээ. Хоббитуудад хамгийн сонирхолтой зүйл нь нугад задгай газар зассан гал тогооны газар байв. Эргэн тойронд өчнөөн олон хоолны газарт найрын зоогийг бэлтгэж байсан бөгөөд Уутын өргөөний дэргэд одойнууд болон бусад шинээр ирэгсэд нэмж энэ аварга гал тогооны газрыг зассан нь хоббитуудыг бүр ч догдлуулав.

Энэ хооронд тэнгэр эвгүйрч, найрын өмнөх лхагва гаригт цаг агаар муудлаа. Хүн бүр л сэтгэл түгшиж эхлэв. Гэвч хүн бүрийн хүсэн хүлээсэн есдүгээр сарын хорин хоёрны пүрэв гариг болоход үүлс сарниж, нар мандан туг дарцгууд дэрвэж, найр наадам эхлэх нь тэр.

Бильбо Бэггинс зүгээр л найр хийнэ гэсэн боловч үнэн хэрэгтээ агуу том баяр наадам үүсгэв. Ойрын хөршүүдээ нэгийг ч үлдээлгүй урьсан бөгөөд зарим нэгийг нь урихаа мартсан ч өөрсдөө хүрээд ирэв. Шаирын алсын тойргуудаас олон хүн уригдсан ба хилийн чанадаас ч зочид иржээ. Бильбо урилгатай ба урилгагүй зочдоо цагаан хаалган дээр угтав. Тэр хүн бүрд бэлэг өгсөн ба дахиж бэлэг авах гэсэн зарим нь арын хаалгаар гараад дахин цагаан хаалган дээр ирж байлаа. Хоббитууд төрсөн өдрөөрөө бусдад бэлэг өгдөг бөгөөд тэр нь голдуу үнэ хямд тэгээд ч заавал хүн бүрд өгдөггүй байв. Гэхдээ л энэ бол сайхан заншил байсан юм. Хоббитон болон Байуотерт төрсөн өдрийн баяргүй өдөр нэг ч үгүй тул энэ нутгийн хоббитууд наанадаж долоо хоногт нэг бэлэг авах найдвар бүрэн байлаа. Бэлэгнээс уйдна ч гэж үгүй.

Гэтэл энэ удаагийн бэлэгнүүд үнэхээр гайхамшигтай байв. Залуухан хоббитууд бэлгээ биширсэндээ болоод арай л идэж уухаа мартчихсангүй. Тэдэнд ер бусын гайхалтай тоглоомууд бэлэглэсэн ба заримд нь бүр шидэт тоглоом ч таарчээ. Зарим тоглоомыг жилийн дотор, заримыг нь бүр жилийн өмнө захиалсан ба одойнууд маш их хичээн зүтгэж Харголын болон Бэлийн хаант улсаас авчирсан ажээ.

Зочин бүрийг угтан авч мэндчилээд гол хаалгаар оруулсны дараа дуу, хөгжим, бүжиг, тоглоом эхлэв. Хоол унд хэрээс хэтэрсэн элбэг дэлбэг. Бага үдийн, үдийн, оройн гэж гурван удаа зоог барьсан ба бага үдийн зоогийн өмнө зочид асруудад орж, үлдсэн бүх цагийг идэж ууж өнгөрөөв. Дуртай асартаа орж, арван нэгэн цагаас зургаа хагас хүртэл буюу галын наадам эхэлтэл наргив.

Галын наадмыг Гэндальф зохион байгуулсан ба тэр пуужин авчирсан төдийгүй, тэнгэрийг галт зургаар чимэхийн тулд заримыг нь өөрөө хийжээ. Тэрбээр үй олон цаасан буу, бенгалийн гал, алтан цацраг, бамбар бадраагч, одойгийн цахилагч гэрэл, эльфийн цахилгаан, гоблины аянга урлажээ. Түүний бүтээл дэндүү гарамгай болдог бөгөөд жилээс жилд төгс боловсорч байв.

Эхлээд галт шувууд тэнгэрт халин нисэхдээ чангаар жиргэн дуулна. Утаан модны бараан мөчрүүд дээр хаврын тод ногоон навчис гялсхийн дэлгэрч, гэрэлт мөчрүүдээс хоббитуудын толгой дээр гал цэцгүүд асгаран буух ба нүдний өмнө ирээд унтрахдаа агаарт ялдам сайхан үнэр үлдээнэ. Нүд гялбам хурц өнгөт эрвээхийнүүд моддыг бүрхсэнээ өнгө өнгийн гал болон тэнгэрт дүүлж, тэгснээ бүргэд, дарвуулт онгоц, хунгийн сүрэг болж хувирна. Хүрэн улаан үүлс тэнгэрт хурснаа гялалзсан бороо болж газарт бууна. Дараа нь дайчин уриа цуурайтаж, мөнгөлөг өнгөт жаднууд тэнгэрт дүүлээд могойн исгэрээ мэт чимээ гарган гол руу сүнгэнэн орно.

Дараа нь Гэндальф Бильбод зориулсан гол үзүүлбэрээрээ өөрийнхөө хэн болохыг харууллаа. Гал гэрэл бүгд унтрахад тэнгэр өөд аварга том утаан багана сүмбэрлэснээ алсын уулын оройд бөөгнөрөхөд уулын оргил шатаж, улаан-ногоон дөл болон дүрэлзэв. Дөлөн дотроос алтлаг улаан өнгөт луу дүүлэн гарч ирлээ. Яг жинхэнэ амьд луу шиг аймшигтай нүд нь хилэнгээр дүрэлзэж, амнаасаа галаар тургин, аймшигтайгаар хүрхэрч, зочдын дээгүүр гурвантаа эргээд яг дээрээс нь буух шиг болов. Бүгд газарт нам унав. Луу тэдний дээгүүр нисэн өнгөрч агаарт нэг эргэснээ голын хөндий дээр чих дөжрөм их чимээтэй дэлбэрэв.

- Ширээнд морилогтун гэх Бильбогийн дуу сонстов.

Нийтийг хамарсан айдас, сандраан арчсан мэт алга болж, зочид үсрэн босоцгоов. Ер бусын тансаг найр эхэлж, өндөр мод бүхий том асарт хамаатан саднуудад зориулан онцгой ширээ засжээ. Тэнд нэг зуун дөчин дөрвөн зочин хурсан (хоббитууд энэ тоог “хотол” гэдэг) бөгөөд тэд бол Бильбо, Фродо хоёртой садан төрлийн ямар нэг холбоотой хүмүүс, дээр нь Гэндальф зэрэг цөөн тооны сонгомол найзууд нь байв.

Тэдний дунд эх эцгийнхээ зөвшөөрлөөр ирсэн өсвөр насны хоббитууд олон байлаа. Эх, эцгүүд тэднийгээ айлын хоолны ширээнд оройттол суухыг зөвшөөрдөг нь тэднийг цадтал идүүлэх байтугай зүгээр хооллох ч бэрх байдагтай холбоотой.

Тэнд маш олон Бэггинсүүд, Боффинууд, Түүкийнхэн, Брэндибэкийнхэн цугларсан ба Граббынхан (Бильбогийн эмээгийн садангууд), Чаббынхныг (өвгийнх нь садангууд) ч орхисонгүй, Бэрроузынхан, Болжерийнхон, Брейсгёрдлынхан, Брокхаусынхан, Дудкинсууд, Праудфутынхан хүртэл иржээ. Зарим нь гэв гэнэтхэн Бильбогийн хамаатан садан болсон, зарим нь Хоббитонд хэзээ ч байгаагүй хүмүүс байв. Тэр ч байтугай Оддо Саквиль-Бэггинс эхнэр Лобелитайгаа хамт сууж байлаа. Тэр хоёр Бильбо, Фродо хоёрыг тэвчиж чаддаггүй байсан боловч найрын урилгыг гантиг хуудсан дээр алтан бэхээр бичсэн байсан тул тэсэж чадсангүй ажгуу. Тэгээд ч тэдний бүл ах Бильбо сайхан хоолтойгоороо эртнээс цуутай билээ.

Нэг зуун дөчин дөрвөн сонгомол зочин урьд өмнө ууж идэж үзээгүй тансаг унд хоолоор ханаагүйгээ ханаж цадаагүйгээ цадтал дайлуулна гэж мэдэж байсан боловч зоогийн дараа эзний хэлэх үгнээс эмээсхийж байлаа. Одоо яая гэхэв, эзэн хэлэхгүй байж болохгүй, зочин сонсохгүй байж болохгүйгээс хойш. “Шүлэг” нэртэй шал дэмий юм урсгах юм уу, аяга юм татчихаад хэнд ч ойлгомжгүй тэнэг аяллынхаа тухай чалчиж эхэлнэ дээ. Зочид амаараа гартал идэцгээв. Цадсан дээрээ цадтал, хэрээсээ хэтэртэл, амттанд тамшаалан байж, удтал идэцгээв. Юу идээгүй, юу гэр рүүгээ авч яваагүй гэхэв. Дараа нь тэр хавийнхан долоо хоногийн турш идэх юм худалдаж авсангүй, гэвч худалдаачид хохирсонгүй, тэртэй тэргүй Бильбо тэдний хамаг агуулахыг хоосолж, хамаг нөөцийг нь барсан юм чинь. Мэдээж мөнгөөр.

Эцэст нь идэгчдийн эрүү чилж, арай ядан хөдлөх үеэр үг хэлэх цаг боллоо. Зочид хоббитуудын хэлдэгээр “жаахан юм идсэн” тул сэтгэл өндөр байлаа. Хундаганд дуртай ундаа нь байна, тавгануудад дуртай хоол амттанууд нь байна... тэгэхээр тэр яривал ярьж л байг, сонсоод л, алгаа ташаад л сууж байя. Бильбо босож:

- Эрхэм хүндэт ураг төрлүүд минь гэж үгээ эхлэв.

- Чимээгүй, чимээгүй, чимээгүй гэж зочид ам амандаа хашхиралдав. Чимээгүй байхыг нэгэн дуугаар уриалсан дуу улам чангарч, яагаад ч чимээгүй болохгүй шинжтэй болов.

Бильбо ширээнээс холдож, дэнлүүнүүд зүүсэн том модны дэргэд очоод сандал дээр гарав. Түүний баяр ёслолын жавхаатай нүүрэн дээгүүр өнгө өнгийн туяа цацарч, торгон хантаазных нь алтан товчнууд гялалзана. Тэр хэн бүхний нүдэнд бүрэн ил, нэг гараа халаасандаа хийж нөгөө гараараа толгой дээгүүрээ даллана.

- Эрхэм хүндэт Бэггинсүүд, Боффинууд, Түүкийнхэн, Брэндибэкийнхэн, Граббынхан, Чаббынхан, Бэрроузынхан, Болжерийнхон, Брейсгёрдлынхан, Брокхаусынхан, Дудкинсууд, Праудфутынхан минь ээ!

- Бас Праудфутынхан – ширээний доод булангаас нэгэн хижээл эрхэм хашхирав. Тэр мэдээж Праудфут мөн бөгөөд үсэрхэг том тавхайгаа ширээн дээр тавьжээ.

- Бас Праудфутынхан гэж Бильбо зөвшөөрөөд – энхрий эрхэм Саквиль-Бэггинийнхан минь ээ, би та нартайгаа Бэг-Эндийн дээр мэндчилж байгаадаа их баяртай байна. өнөөдөр би нэг зуун арван нэгэн нас хүрлээ, гурван нэг гэж хэлж болно.!

- Урраа, урраа, урраа, түм насалтугай хэмээн зочид хашхиралдаж, ширээгээ бөмбөрдөн балбацгаав. Мэдээж товч бөгөөд тодорхой.

- Та нарт ч гэсэн миний адил хөгжилтэй байгаа гэдэгт найдаж байна.

Чих дөжрөм алга ташилт нижгэнэв. “Тэгэлгүй дээ”, “өөр яах юм бэ”, “Мэдээж” хэмээн зочид орилж, элдвийн бүрээ хангинаж, бөмбөр нижгэнэв.

Өсвөрийн хоббитууд ЧРНРЧ гэсэн хачин шошготой олон зуун аялгуут цаасан буунуудаа задлав. Яагаад ийм шошготой байгааг тэд ойлгоогүй боловч үнэхээр гоё цаасан буунууд байв. Цаасан буун дотор гайхалтай гоё, чанга дуутай зэмсгүүд байлаа. Асрын нэг буланд өсвөрийн Түүк, Брэндибэкүүд Бильбо ах үгээ хэлээд дууслаа гэж бодоод найрал хөгжим эгшиглүүлж, бүжиглэж гарав. Ихбаяр Түүк хөвгүүн, Хөөрхөн Ам, Брендибак охин хоёр ширээн дээр гараад гартаа шаржигнуур хонх жингэнүүлэн “Навсага-савсага” гэдэг их аятайхан боловч арай л ширүүхэн бүжгийг ёстой үзүүлээд өгөв.

Гэвч Бильбо анхааралтай сонсохыг шаардаж, нэг бандийн барьж байсан том бүрээг булааж аваад гурвантаа бүрээдэхэд чимээ шуугиан намжлаа.

- Би та нарыг удаан саатуулахгүй гэж Бильбо хашхирахад бүгдээрээ алга ташив.

- Би та нарыг өнөөдөр нэг онцгой зорилготой цуглуулсан юм гэж нэг л учиртай хэлэхэд нь бүгд болгоомжилж эхлэв.

- Нэг ч гэж дээ, гурван онцгой зорилгоор гэж хэлэхэд бараг нам жим болж, зарим Түүк сонсоход бэлтгэв.

- Нэгдүгээрт, би та нарыг бүгдийг чинь харж байгаадаа жаргалтай байгаагаа, та нар шиг гайхамшигтай сайхан хоббитуудтай нэг зуун арван нэгэн жил амьдрах хөнгөнөөс хөнгөхөн гэж хэлэх гэсэн юм.

Сайшаан дэмжсэн яриа дүнгэнэлдэв.

- Та нарын сайн талыг би мэдэх ёстойгоосоо хоёр дахин муу мэднэ, муу талыг би хайрлах ёстойгоосоо хоёр дахин бага хайрладаг.

Хүчтэй хэлсэн боловч тийм ч ойлгомжтой биш хэлсэн тул цөөхөн алга ташилт сонстож, бүгдээрээ “ийм үг сонсоод баярлах ёстой юу” гэж эргэлзэв.

- Хоёрдугаарт, та нарыг насныхаа ойгоор баярлуулах гэж...

Урьдын адил сайшаан дэмжсэн яриа дүнгэнэлдэв.

- Үгүй юм аа, миний биш, бид хоёрын ойгоор. Учир нь энэ өдөр надаас гадна миний үеэл дүү, миний өв залгамжлагч Фродо төрснийг та нар мэдэж байгаа. өнөөдөр тэр эрийн цээнд хүрч, өмч хөрөнгийн эзэн болж байна.

Ахмадуудаас ганц нэгхэн хүн үл ойшоох байдалтай алга ташмар болж, залуучууд “Фродо, Фродо, Фродо найз минь” гэж хашхиралдав. Саквиль-Бэггинсүүд уруу царайлж, Фродо “өмч хөрөнгийн эзэн болно гэдэг нь юу гэсэн үг юм бол” гэж таахыг оролдов.

- Бид хоёр нийлээд нэг зуун дөчин дөрөв хүрч байна. Яг энд хуран цугларсан та нартай буюу нэг сүрэгтэй тэнцүү, оновчгүй үг сонгосонд уучлаарай.

Зочид таг дуугүй. Энэ чинь бас юу гэсэн үг вэ? Олон зочин, ялангуяа Саквиль-Бэггинсүүд биднийг зөвхөн тоо гүйцээх гэж урьсан юм байна гэж ойлгоод, доромжиллоо хэмээн уурлацгаав. “Мөн ярив аа, нэг сүрэг гэнэ шүү, түй ямар бүдүүлэг юм бэ”.

- Тэгээд ч өнөөдөр бол би Урт нуурын дэргэдэх Эсгаротод торх зайдалж хүрсний ой байгаа юм. Тэр үед би төрсөн өдрөө гэж мэдээгүй л дээ. Би дөнгөж тавиннэгэн нас хүрч байсан, залуу байхад нэг нас нэмэгдэх гэж юу байдаг билээ дээ. Тэгэхдээ сайхан найр хийсээн, харин би л даарснаас сүрхий ханиад хүрч арай гэж л “мадидадаа” гэж хэлсэн. Одоо би энэ завшааныг ашиглан тэр үгээ зохих ёсоор хэлье. Миний даруухан баярт хүрэлцэн ирсэнд тань та бүхэнд маш их талархлаа.

Хэн ч дуугарсангүй. “Одоо энэ дуу дуулна, эсвэл шүлэг уншина” гэж айгаад бүгд урьдчилан уйдаж эхлэв. өөрөөр энэ найраа яаж төгсгөх вэ дээ. Гэтэл бид энэний эрүүл мэндийн төлөө уумаар байдаг гэж бодоцгоов. Гэтэл Бильбо дуулсан ч үгүй, шүлэг ч уншсангүй. Тэр эрт амьсгаа аваад:

- Гуравдугаарт буюу эцэст нь нэг ЗАРЛАЛ байна гэж маш чанга хэлэхэд боломжтой байгаа хэн бүхэн нуруугаа эгцлэн сонсоцгоов.

- Хэдийгээр би түрүүн та нарын дэргэд нэг зуун арван нэгэн жил амьдрах хөнгөнөөс хөнгөхөн гэж хэлсэн болов чиг хэрээ мэдэх цаг боллоо гэж гунигтайяа зарлах гэсэн юм. Би явлаа. Нүдний чинь өмнө алга боллоо. Хагацацгаая.

Тэр сандал дээрээс буунгуут үзэгдэхгүй алга болов. Хурц гэрэл мэлсхийхэд бүх зочдын нүд гялбаж нүдээ аньсхийв. Нүдээ нээгээд харахад Бильбо оргүй алга болсон байлаа. Нэг зуун дөчин дөрвөн хоббит мэгдэн сандарч мэл гайхан хөдөлгөөнгүй сууна. Хөгшин Праудфут хөлөө ширээн дээрээс буулгаж, дороо дэвсэлж эхлэв. Нам жим болж, зочид ухаан орж эхлэв. Тэгснээ гэнэт бүх Бэггинсийнхэн, Боффиныхан, Түүкийнхэн, Брэндибэкийнхэн, Граббынхан, Чаббынхан, Бэрроузынхан, Болжерийнхон, Брейсгёрдлынхан, Брокхаусынхан, Дудкинсууд, Праудфутынхан нэгэн зэрэг ярьж эхлэв.

Тэд “Энэ бол утга учиргүй балай юм, энд байгаа бүхнийг хурдхан ууж идэж дуусгах хэрэгтэй” гэцгээлээ. “Энэ эрүүл ухаантай биш гэж би дандаа л хэлдэг байсан” гэж бүгдээрээ хэлцгээв. Юу болоод өнгөрснийг хэн ч ойлгосонгүй боловч бүгдээрээ л балай юм хийлээ гэж хараацгаана. Ганцхан мэргэн ухаант хөгшин Тэнэг Брендибак л зальтайхнаар онийсхийж суулаа. өндөр нас ч, хэрээс хэтэрсэн их хоол унд ч түүнийг бүдүүрүүлсэнгүй учир тэр өөрийн бэр Намжтимаад:

- Ээ дээ энэ ч нэг л биш байна даа, тэнэмэл Бильбо дахиад л тэнээд явчих шиг боллоо. Зөнөг золиг чинь зүгээр сууж чадахгүй юм байна л дээ. Тэгээд юу гэж? Ширээн дээр хоол үлдсэн байна гээд Фродог дуудаж дахиад дарс авчир гэв. Нэг ч үг хэлээгүй ганц хүн бол Фродо байлаа. Тэр Бильбогийн хоосон сандлын дэргэд хашхиралдаан, асуултуудыг үл анзааран дуугүй сууж байв. Тэр урьдаас мэдэж байсан боловч энэ үйлдлийг үнэлж цэгнэж суугаа нь мэдээж бөгөөд зочид нийтээрээ Бильбог буруушааж байгааг хараад инээдээ барьж ядан байв. Гэхдээ л түүнд нэг л гунигтай байв. Тэрбээр хөгшин хоббитыг үнэнээсээ хайрладаг болохоо гэнэт ойлгожээ. Зочид ууж идэж, Бильбогийн өнөөдрийн болоод урьд өмнөх тэнэг явдлуудыг шүүмжилсээр, уурлаж хилэгнэсэн Саквилийнхэн л яваад өгчээ. Фродо найр даргалж залхсан тул дарс нэмж өгөхийг тушаагаад суудлаасаа босож, Бильбогийн эрүүл мэндийн төлөө нэг хундага хоосолчихоод асраас сэмхэн гарч одов.

Бильбо үг хэлж байхдаа халаасандаа гараа хийсэн нь өчнөөн олон жил нууж, нүдний цөцгий мэт хайрлаж байсан тэр бөгжөө тэмтэрч байжээ. Сандлаас буунгуут бөгжөө хуруундаа угласан ба тэр мөчөөс хойш Шаир оронд хэн ч түүнийг хараагүй гэдэг.

Асарт үлдсэн зочид яаж шаагилдаж байгааг, онцгой урилга аваагүй хоббитууд яаж байдгаараа хөгжилдөж байгааг инээмсэглэн сонсож байгаад тэр байшиндаа орж, баярын өмсгөлөө тайлж, торгон хантаазаа эвхээд цаасанд нямбайлан боож хайрцагт хийв. Дараа нь нэг навсархай хувцас хурдан углаж, хуучин ширэн бүсээ бүслэв. Бүсэнд нь элэгдсэн хуйтай богино илд зүүлттэй байлаа. Бильбо нэг санаа алдаад нафталин нэвт шингээсэн шүүгээнээс эртний юүдэнтэй цув гаргаж ирэв. Нэлдээ толбо болж, нэгэн цагт хар ногоон өнгөтэй байсан бололтой ч өнгөгүй болтлоо цайсан тэр цувыг үнэт эрдэнэ мэт хадгалж байжээ. Хувцас нь жаахан томдож байв. Тэгээд өрөөндөө орж, нууц хайрцагнаас даавуунд боосон нууцлаг зүйл, гар бичмэл бүхий ширэн хавтас, нэг зузаан дугтуй гаргаж ирлээ. Гар бичмэл, боодолтой юм хоёроо өрөөний голд байсан том үүргэвчтэй юм руу чихэж, дугтуйд гинжтэй алтан бөгжөө хийж, тамга дараад Фродод хаяглаж, задгай зуухны дээр тавив. Тэгснээ гэнэт шүүрч аваад халаас руугаа хийчхэв. Тэгтэл хаалга нээгдэж, Гэндальф хурдан хурдан алхлан орж ирлээ.

- Сайн уу, яагаад үзэгдэхгүй байгаа юм бол гэж гайхаж байлаа шүү гэж Бильбо хэлэв

- Одоо чи харагдаж байгаад баяртай байна гэж шидтэн сандалд суунгаа хэлээд - чинийхээр бол одоо бүх юм хэвийн байна уу?

- Тэгэлгүй яах вэ, харин тэр гал, гэрэл л илүү байлаа, би хүртэл гайхсан шүү, бусад хүмүүс ч ангайж хоцорсон л доо. Мэдээж, чиний ажил биз дээ?

- Мэдээж минийх. Чи бөгжийг олон жил дэмий нэг хадгалаагүй юм байна, зочид чинь чамайг алга болчихов уу, тоглоом хийв үү гэж ухааныхаа хэрээр тааж л байг.

- Миний тоглоомыг баллачихлаа

- Тоглоомыг чинь биш ээ, тэнэг үйлдлийг чинь... гэвч одоо энэ тухай ярих оройтсон. Садан төрлүүдийнхээ санааг зовоочихлоо, одоо чиний тухай Шаир даяар ерэн есөн хоног чалчих болно.

- Чалчицгааж л байг. Надад амралт хэрэгтэй байна, урт амралт, би чамд ярьсан шүү дээ. Хугацаагүй амралт гэж: хэзээ нэгэн цагт би эргэж ирэх болов уу? Яах ч гэж ирэх юм билээ, бүгдийг хийчихсэн... Хөгширчээ би, Гэндальф. Тийм ч их биш мөртөө л яс янгинаж байна. “Хэвээрээ байна” гэнэ шүүгээд тэр нулимж - Чи ойлгож байна уу, би харамчийн талхан дээр түрхсэн шар тос шиг болж. Энэ муу. Амьдралаа яаж ийгээд өөрчлөх хэрэгтэй байна.

Гэндальф түүнийг анхааралтай харцаар цоо ширтэж байв.

- Тийм ээ, үнэхээр муу байна гэж тэр бодлогошронгуй хэлээд - Чи бүгдийг зөв бодсон биз дээ?

- Тэр ч яахав, аль хэдийн шийдсэн асуудал. Би дахиад уул хармаар байна, ойлгож байгаа биз дээ Гэндальф, уул хармаар байна, үнэхээр амарч болох газар олмоор байна. Нам гүм, амар жимэр, элдэв түрэмгий хамаатан садангүй, зочидгүй, хаалганы хонх дарахгүй газарт очмоор байна. Номоо ч бичиж дуусгах хэрэгтэй байна. Би гайхамшигтай сайхан төгсгөл олсон: “... тэгээд хоногийн тоогоо гүйцтэл амар тайван амьдарчээ”.

Гэндальф тачигнатал инээв.

- Муугүй төгсгөл байна. Даанч яаж ч төгсгөлөө гэсэн унших хүн байхгүй.

- Хэрэгтэй нэг нь уншина биз. Төгсгөлгүй ч гэсэн Фродо уншчихсан. Фродо гэснээс чи тэрнийг харж хандана биз дээ?

- Тэрэнтэй манатай болоод байгаа ч гэсэн би тэрнээс нүд салгахгүй ээ.

- Тэр ганц хэлэхэд л намайг дагаад явах байсан нь мэдээж. Тэр ч бүү хэл найрнаас бүр өмнө өөрөө гуйж байсан. Гэвч одоохондоо энэ бүхэн зөвхөн ам. Би үхэхийнхээ өмнө дахиад зэлүүд бөглүүд газар ус, уулс үзмээр байна, харин тэрний зүрх энд Шаирд: тэрэнд жижигхэн нуга, бяцхан төгөл, горхи булагхан хэрэгтэй. Би тэрэнд элдэв хэрэггүй юмнаас бусад бүхнээ үлдээсэн, тэр дасахаараа жаргалтай байх болно гэдэгт итгэж байна. өөрөө эзэн болох цаг нь ирсэн.

- Бүгдийг үлдээсэн үү? Бөгжийг ч гэсэн үү? Чи тэгж шийдсэн шүү дээ, санаж байна уу?

- М-мэдээж бүгдийг, а-а-а бөгж гээд Бильбо гэнэтхэн гацав.

- Бөгж хаана байна?

- Мэдмээр байгаа бол дугтуйд, тэр задгай зуухан дээр гэж Бильбо уурлаж эхэлснээ - үгүй ээ, тэнд биш, миний халаасанд байгаа гээд инээж, – Хачин юм даа, гэхдээ хачин юм юу байна? хүсвэл орхино, хүсэхгүй бол орхихгүй гэж бувтнав.

Гэндальф түүн рүү харахад нүдэнд нь өчүүхэн оч гялсхийв.

- Миний бодлоор бол бөгжийг орхисон нь дээр Бильбо минь, чи хүсэхгүй байгаа юм уу?

- Өөрөө ч мэдэхгүй байна. Одоо надад яагаад ч юм тэрнээс салмааргүй санагдаад байна. Ер нь яах гэж? Чи юу гэж над руу давшлаад байгаа юм бэ? Миний бөгж чамд амар заяа үзүүлдэггүй юу? Би юу олсон нь чамд ямар хамаа байна? гэж тэр ууртай бөгөөд сэжиглэсэн байдалтай бараг чихарсан тасалданги дуугаар асуув.

- Тийм ээ, амар заяа өгөхгүй байна гэж Гэндальф зөвшөөрөөд, – Би үнэнийг чамаас их удаан шалгааж мэдэж авч байна. Шидэт бөгж гэдэг бол шидтэй л байдаг юм, янз бүрийн далд аюул, санамсаргүй явдал дагуулсан байдаг юм. Чиний бөгж онцгой сонин байна, нуугаад яахав. Хэрэв чи аялалд гарахаар шийдсэн бол би тэр бөгжийг хараанаасаа гаргаж болохгүй. Чи түүнийг хэтэрхий удаан эзэмшиж байгаа юм биш үү? Надад итгэ Бильбо, одоо тэр чамд хэрэг болохгүй.

Бильбогийн нүүр улайж, Гэндальф руу хилэнтэй харц чулуудав. Түүний эелдэг царай гэв гэнэт хэрцгий болж хувирлаа.

- Чи яаж мэддэг юм бэ? Чамд ямар хамаатай юм бэ? Миний юм бол миний юм. Минийх, ойлгов уу? Би түүнийг олсон юм. Тэр миний гарт өөрөө ороод ирсэн юм.

- Мэдээж, гэхдээ яагаад ингэж догдлоод байна?

- Чи л намайг догдлуулаад байна. Минийх гэж чамд хэлээд байна. Минийх, Миний “Эрдэнэ”. Тийм ээ, чухам миний “Эрдэнэ”.

Гэндальф тайван, ихэд анхааралтай харахад нүдэнд нь гайхаж түгшсэн оч гялсхийв.

- Бөгжийг ингэж нэрлэж байсан удаа бий. Гэхдээ чи биш.

- Тэгэхэд би биш, одоо бол би. Тэгээд юу гэж? Голлум тэгж хэлээ л биз. Бөгж тэрнийх байсан, одоо минийх, үүрд минийх.

Гэндальф босож ирэхэд дуу нь ширүүн болсон байв:

- Болгоомжил Бильбо, бөгжийг тавь. өөрөө хүссэн зүг рүүгээ яв, чи чөлөөтэй болно.

- Зөвшөөрч байгаа юм биз дээ, баярлалаа. Би өөрөө өөртөө эзэн гэж Бильбо зөрүүдлэн хашхирав.

- Аядаарай, аядаарай эрхэм хоббит гэж Гэндальф түргэн хэлээд - чиний насан туршид бид найз байсан, санаж үз. За түргэл, амласан ёсоороо бөгжийг тавь!

- Чи бөгжийг өөрөө авах гэсэн байх нь ээ? Үгүй шүү! Чи түүнийг авахгүй! Би чамд “эрдэнээ” өгөхгүй, ойлгов уу чи? гэж Бильбо хашхираад богино илднийхээ бариулыг атгав.

Гэндальфын нүд гялалзав:

- Би ч гэсэн уурлаж чадна гэж тэр анхааруулаад, – Болгоомжил, тэгэхгүй бол Саарал Гэндальф уурлахыг үзнэ шүү! гэв.

Тэр хоббит руу нэг алхахад бие нь үлэмж томорч, сүүдэр нь өрөө дүүрэн болов.

Бильбо арагш ухарч, амьсгаа нь түргэсэн гараа халааснаасаа гаргаж чадахгүй байлаа. Тэр хоёр бие биеийнхээ өөдөөс харж, агаар аяархан жингэнэж байв. Гэндальф харцаараа хоббитыг хананд шахаж, Бильбогийн атгасан хуруунууд тэнийн, тэр чичирч байв.

- Чи яах нь энэ вэ? Гэндальф, чи огт биш юм шиг. Юу болоод байгаа юм бэ. Энэ чинь минийх биз дээ? Би үүнийг олсон, энэ бөгж байгаагүй бол Голлум намайг алах байсан. Би хулгайч биш, би үүнийг хулгайлаагүй, тэр миний араас юу гэж хашхирах нь ямар хамаатай юм бэ?

- Би чамайг хулгайч гээгүй. Би ч бас дээрэмчин биш, би чиний “эрдэнэ”-ийг авч байгаа юм биш, чамд л тусалж байна. Чи надад урьдынх шигээ итгэсэн нь дээр гэж хэлээд тэр эргэхэд сүүдэр нь багасч Гэндальф дахин хөгшин, ядрангуй, бөгтөр, санаа нь зовсон өвгөн болов.

Бильбо алгаараа нүүрээ шувтраад:

- Намайг уучил, намайг нэг юм дайрах шиг боллоо. .. Одоо зүгээр юм шиг байна. Ер нь би эртнээс ийм болсон: хэн нэгний харц намайг хайгаад ч байгаа юм шиг. Дандаа л энэ бөгжийг зүүгээд л алга болчихмоор санагддаг байсан, тэгээд л би дандаа барьж үзэж, гаргаж хардаг болсон юм. Хайрцганд нуух гэж үзсэн, гэвч бөгж халаасанд байхгүй бол би тайван байж чаддаггүй байсан. Одоо би үүнийг яах вэ гэдгээ мэдэхгүй байна...

- Тэгвэл би мэдэж байна, одоохондоо шүү дээ. Зүгээр л бөгжийг энд орхичихоод яв. Түүнээс татгалз. Фродод өгчих, дараа нь яах вэ гэдэг миний хийх ажил.

Бильбо шийдэж чадахгүй нам зогсож байснаа санаа алдав.

- За яахав, өгье гэж ихэд хүчлэн байж хэлснээ мөрөө хавчиж, гэмшилтэйеэ инээмсэглэснээ, - Үнэнийг хэлэхэд яах гэж найр хийсэн бэ гэхээр аль болохоор их бэлэг тараах гэж, далимд нь ... гэсэн юм. Ингэвэл дээр юм шиг санагдсан. Дэмий л байж, гэвч одоо хийснээ гүйцээх хэрэгтэй.

- Гүйцээхгүй юм бол эхлэх хэрэггүй байсан.

- За яахав, бөгжийг бусад зүйлсийн хамт Фродод өвлүүлж үлдээе. Миний явах цаг боллоо, хэн нэгэнд харагдах хэрэггүй. би бүгдтэй салах ёс гүйцэтгэсэн гээд гүн санаа алдсанаа үүргэвчээ аваад үүд рүү чиглэв.

- Бөгж халаасанд чинь байгаа шүү дээ гэж шидтэн сануулав.

- Байгаа, гэрээслэл бусад бичиг цаас ч байгаа. Бүгдийг нь аваад өөрөө зохицуул, тэгвэл найдвартай гэж Бильбо хашхирав.

- Үгүй ээ, надад бөгж өгөх хэрэггүй, задгай зуух дээр тавь, Фродо одоо ороод ирнэ. Би хүлээж байна гэж Гэндальф хэлэв.

Бильбо дугтуйг халааснаасаа гаргаж ирээд цагны дэргэд тавих гэтэл гар нь чичирч дугтуй шалан дээр уналаа. Гэндальф нүд ирмэх зуур ухасхийж дугтуйг аваад байранд нь тавилаа. Хоббит дахиад л уур нь дүрэлзэв. Гэвч төдхөн царай нь гэгээрч, нэг их сайхан инээмсэглэв.

- За ингээд болох нь тэр гэж тэр санаа нь амарсан байдалтай хэлээд, – Явъя даа гэв.

Тэд үүдний танхимд ороход Бильбо хайртай таягаа аваад исгэрч дохио өглөө. Тал талын хаалгануудаас гурван одой гараад ирэв.

- Бүгд бэлэн үү? Боож, бичгийг нь бичсэн үү? гэж Бильбо асуухад:

- Бэлэн гэж одойнууд хариулав.

- Тэгвэл хөдөлье гээд тэр хаалга руу алхлаа.

Цэлмэг сайхан шөнө, тэнгэрт одод гялалзана. Бильбо тэнгэр өөд хараад цээж дүүрэн амьсгаллаа.

- Нээрэн гэж үү? Дахиад л аян замд, хаашаа харсан зүг рүүгээ, одойнуудтай гарч байна гэж үү? Хэчнээн жил би ингэж мөрөөдсөн билээ! Хагацъя даа! гэж хэлээд тэр байшингийнхаа хаалга руу мэхийн ёслоод, – Хагацъя даа Гэндальф! гэв.

- Хагацъя биш ээ Бильбо, Баяртай! Болгоомжтой л яваарай! Чи бол юм үзсэн хоббит, мэргэн ухаантай ч байж магадгүй...

- Болгоомжтой байгаарай! Юу ч болоо билээ. Надад бүү санаа зов. Би жаргалтай байна, энэ юу гэсэн үг болохыг өөрөө ойлгож байгаа. Цаг ирлээ, зам минь дурайж байна.

Харанхуй, нам гүмийг цочоохгүй гэсэн шиг тэрбээр намуухнаар ийн дуулав:

Унаагүй аянчин би

Уй гунигаа орхиж

Урт аяндаа гарлаа

Үүднээс эхэлсэн зам

Үзүүргүй алсыг зорьж

Мянган замыг сүлжин

Мөрөн гол мэт долгилно.

Харин би тэр замаар

Хаашаа сэлж одохоо

Хараахан үл мэднэм зэ.

Хэсэгхэн зуур зогссоноо нэг ч үг унагалгүй, найр наадмын гал руу нуруугаа харуулан алхаж одоход араас нь гурван одой дагаж, цэцэрлэг рүү ороод тэндээс налуу зам руу оров. Ургаа модон хайсан завсраар гараад өндөр ургасан өвсөн дунд ороход сэвшээ салхи үлээх мэт өвсөн толгой ганхасхийгээд хоцорлоо.

Гэндальф гадаа зогсоод харанхуйд түүний араас харж байв.

- Баяртай Бильбо, эрхэм сайн хоббит минь гэж тэр аяархан хэлээд байшинд эргэж орлоо.

Тэр даруй Фродо орж ирэхэд Гэндальф бүрэг харанхуйд гүн бодолд автан сууж байв.

- Явчихав уу?

- Явчихлаа, явж чадлаа.

- Уг нь... үгүй ээ юу л даа, би түүнийг үнэхээр явчихна гэж дотроо мэдэж байсан ч гэсэн зүгээр л тоглож байгаа юм байх гэж оройжингоо найдаж суусан юм. Ер нь их хатуу тоглоомтой хүн л дээ. Ингээд гаргаж өгч чадсангүй дээ.

- Үгүй дээ, тэр өөрөө үдэлт мүдэлтгүйгээр явахыг хүссэн байх. Бүү гутар. Одоо түүний бүх юм сайхан болно. Харин чамд нэг дугтуйтай юм үлдээсэн, тэр байна.

Фродо задгай зуух дээрээс дугтуйг авч үзсэн боловч нээсэнгүй.

- Наана чинь гэрээслэл гэх мэтийн бичиг баримтууд байх ёстой. Чи одоо Бэг-Эндийн эзэн, аа тийм наана чинь бас алтан бөгж байх ёстой.

- Юу? Бөгж өө?гэж Фродо дуу алдаад - Түүнийгээ бас надад үлдээсэн хэрэг үү? Яагаад ингэсэн юм бол? За за, хэрэг болно оо.

- Хэрэг болж ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Би чиний оронд байсан бол одоохондоо бөгжинд гар хүрэхгүй байсан. Тэрнийг сайн хадгал, хэнд ч бүү чалч. Би явж унтлаа.

Фродо нэгэнт аргагүйн эрхэнд эзний өмнөөс үүргийг нь гүйцэтгэх болсон тул зочдыг үдэн гаргаж, үлдэн хөөх хэрэгтэй боллоо. Хачирхалтай явдлын тухай мэдээ нугаар нэг тарсан тул Фродо ямар ч асуултад “өглөө аяндаа учир нь олдоно” гэсэн ганцхан хариу хэлж байв. Шөнө дунд онцгой хүндтэй зочдыг авахаар тэрэгнүүд ирэв. Тэрэгнүүд цадна цадна гэхэд дэндүү цадсан боловч сониуч зан нь ханаагүй хоббитуудыг аван ар араасаа харанхуй руу уусан одож байв. Хөл нь биеэ даахаа больсон зочдыг эрүүл саруул цэцэрлэгчид тэргэнцрээр зөөлөө.

Шөнө удаан өнгөрч, нар хоббитуудаас эрт боссон боловч өглөө болдгоороо боллоо. Уригдсан цэвэрлэгч нар ирж, асруудыг буулган, ширээ сандал, халбага сэрээ, аяга таваг, дэнлүү, цэцгийн сав зэргийг зөөж, хоолны үлдэгдэл, чихрийн цаасыг шүүрдэж, мартсан цүнх, бээлий, нусны алчуур, гар хүрээгүй хоолыг (ийм юм хүртэл үлдсэн байсан гээд бодчих) цуглуулж эхлэв. Тэгтэл уригдаагүй Бэггинсүүд, Боффинынхан, Брокхаусынхан, Түүкийнхэн болон ойролцоо суудаг юм уу, буудалласан өчигдрийн зочдоос олон хоббитууд ирцгээв. Бага үд гэхэд өчигдөр хэрээсээ хэтэртэл зооглосон хүмүүс хүртэл ухаан орж, Бэг-Эндэд урилгагүй зочин олноор цугларав.

Фродо инээмсэглэсэн мөртөө ядарсан, санаа зовсон царайтай тагтан дээр гарч ирэв. Тэр цугларагсадтай мэндлээд.

- Ноён Бильбо Бэггинс тодорхойгүй чиглэлд явсан бөгөөд миний л сэдэж буйгаар тэр эргэж ирэхгүй гэж баруун солгойгүй зарлав.

Зарим зочдыг тэр дотогш орохыг урив. Тэдэнд Бильбо “бэлэг” үлдээсэн ажээ.

Үүдний танхимд боодолтой, ороолттой зүйлс болон жижиг сажиг тавилга хэрэгсэл овоолоостой байсан бөгөөд бүгд цаасан зүүлттэй байв. Нэг иймэрхүү зүүлтүүд байна:

“Аделард Түүкд, түүний бүхэн эзэмшилд, Бильбогоос” гэсэн зүүлттэй шүхэр. Аделард олон жилийн туршид Бильбогоос хэдэн арван шүхэр ямар ч зүүлтгүй авч байжээ.

“Дора Бэггинст, урт удаан захидал харилцааны чинь дурсгалд, хайрлан хүндэтгэгч Бильбогоос” гэсэн зүүлттэй асар том цаасан хогийн сав. Талийгаач Дрогогийн дүү, Бильбо, Фродо хоёрын хамгийн ахмад садан Дора ерэн есөн настай бөгөөд тавин жилийг нь дотнын хүмүүстээ сайн санааны зөвлөгөө бичин илгээж өнгөрүүлжээ.

“Мило Бэрроузд, гэнэт хэрэг болж магадгүй, Б.Т-оос”– алтан үзэг, лонх бэх. Мило хэзээ ч захидлын хариу өгдөггүй байжээ.

“Анжеликад Бильбо ахаас”– хөгжөөнтэй дүгрэг толь. Залуу бүсгүй Анжелика Бэггинс хөөрхөн царайгаа бүх нийтийн анхаарлын төвд байх ёстой гэж боддог байжээ. “Хюго Брейсгёрдлийн номын санг дүүргэхэд зориулав. Дүүргэгчээс”– номын тавиур (хоосон). Хюго бусдын номыг унших маш дуртай, хэзээ ч буцааж өгдөггүй байжээ.

“Лобели Саквиль-Бэггинст, бэлэглэв”– мөнгөн халбаганы цуглуулга. Бильбог Тийшээ ба Тэндээс аялж явахад Лобели бараг бүх халбагыг нь гэр рүүгээ зөөсөн ажээ. Бильбо өөрийг нь халбаганы хулгайд сэжиглэж байгааг Лобели сайн мэддэг байсан боловч тэр орж ирэхдээ бэлэгний зүүлтний далд утга юу гэж байгааг ойлгосон боловч бэлэглэсэн халбагануудаас цээрлэсэнгүй.

Энэ бол зөвхөн хэдхэн жишээ бөгөөд тэнд байсан бэлэг тоо томшгүй олон байв. Бильбо урт наслахдаа орон байраа нэлээд новшжуулжээ. Ерөнхийдөө хоббитын нүхнүүдэд хог новш илбийн юм шиг их хуримтлагддаг учир төрсөн өдрөөрөө аль болохоор их бэлэг тараадаг заншил үүссэн байж магадгүй. Тэр бэлэгнүүд заавал шинэ байх албагүй, тэр ч байтугай ямар зориулалттай нь үл мэдэгдэх нэг хоёр хог бүхэл тойргийг бүтэн тойрсон байв. Гэвч Бильбо голдуу шинэ зүйл бэлэглэдэг, бусдын бэлгийг дамжуулж бэлэглэдэггүй байв. Нэг үгээр хэлэхэд хуучны энэ нүх одоо бага зэрэг цэвэрлэгджээ.

Бүх бэлэг Бильбогийн өөрийн гараар бичсэн зүүлттэй, заримыг нь далд санаагаар бэлэглэсэн, заримыг нь зүгээр л шоглож бэлэглэсэн байв. Гэхдээ ихэнх нь хэрэг болох зүйл байлаа. Ядуу хоббитууд, ялангуяа Бэгшот Роугынхан бэлгэнд сэтгэл хангалуун байв. Хөгшин Хэмфаст Гэмжид хоёр шуудай төмс, шинэ хүрз, ноосон хантааз, үе мөчний өвчний лонх эм өгчээ. Хөгшин Рори Брендибак олон удаа найрсаг зочломтгой байсныхаа төлөө арван хоёр лонх “Хуучин дарс”, өмнөд тойргийн чанга улаан дарс хүлээж авсан ба дарснуудыг бүр Бильбогийн эцэг өөрөө дарсан учир хангалттай удаан хадгалагдсан байв. Рори уучлах ёстой байсан Бильбогийн нэг үйлдлийг тэр дороо уучлаад эхний лонхыг уусны дараа Бильбо бол жинхэнэ эр хүн гэж зарлав.

Фродо ч гомдох юм байсангүй. Гол хөрөнгө болох олон ном, зураг, янз бүрийн тансаг чамин тавилга түүнд өвлөгджээ. Гэлээ ч гэсэн тэнд мөнгө юм уу үнэт эрдэнэсийн ул мөр ч байсангүй, хэнд ч мөнгө, эрдэнийн чимэглэл өгсөнгүй.

Шинэ өдөр ажил ар араасаа ундарлаа. Бильбогийн бүх хөрөнгийг хямдруулан худалдана, тэр ч байтугай үнэгүй тараана, зүгээр л очоод авч болно гэсэн цуурхал тарав. Үнэгүй юманд дуртай хоббитууд бөөн бөөнөөрөө ирж, тэднийг Фродо ганцаараа тараах хэрэгтэй боллоо.

Хэрэмний хаалганаас үүдний довжоо хүртэл тэрэг, тэргэнцрүүд овооров.

Үйл явдал ид дундаа бужигнаж байхад Саквиль-Бэггинсийнхэн ирлээ. Яг тэр үед Фродо түр амсхийхээр дотогш орж, өөрийнхөө оронд найз Мерри Брэндибэкийг үлдээсэн байв. Оддо Саквиль “Бильбогийн үеэл дүү гээд байгаа тэр юмыг гаргаад ир” гэж чанга дуугаар шаардахад Мерри гараа алдлаад:

- Түүний бие тааруу байна гэлээ.

- Энгийнээр хэлбэл үеэл дүү хэмээгдэгч нуугдаж байна. Бид хоёр тэрэнтэй уулзахаар ирсэн. Заавал уулзана. Ороод ингэж хэл гэж Лобели шаардав.

Мерри илтгэхээр орж, эр эм хоёр үүдний танхимд зөндөө зогсов. Эцэст нь тэр хоёрыг оруулахад Фродо баахан бичиг цаас овоолсон ширээний ард сууж байлаа. Царай нь тун базаахгүй, тун ч эелдэг биш байсан бөгөөд ширээниий араас босож, гараа халаасандаа хийсэн хэвээрээ боловч хангалттай эелдэг ярилцаж байв.

Харин эр, эм хоёр нэн түрэмгий байлаа. Эхлээд тэд янз бүрийн эд хогшилд сохор зоосны үнэ санал болгов. Фродо бэлэг бэлгээрээ, харин энд юу ч худалдаагүй байна гэхэд тэр хоёр уруулаа жимийснээ энэ чинь туйлын сэжигтэй байна гэв.

- Надад нэг зүйл тодорхой байна, чи хэн хэнээс илүү энэ хөрөнгөөр гараа угааж байна, гэрээслэлийг нэн даруй үзүүлэхийг шаардаж байна гэж Оддо үгэн дээр үг нэмлээ.

Хэрэв “үеэл дүү” байгаагүй бол энэ эдлэн Оддод олдох байжээ. Тэр гэрээслэлийг хоёр дахиж уншаад “түй” хэмээн нулимав. Гэрээслэлд бүх зүйл тов тодорхой, зөв бичигдсэн, найман гэрч улаан бэхээр гарын үсгээ нямбай зурсан байлаа.

- Дахиад л бид хоосон хоцорлоо. Жаран жил хүлээгээд дахиад л энэ. Тэр чамд юу бэлэглэлээ? Мөнгөн халбаганууд. Ёстой новш юм даа гэж Оддо эхнэртээ хэлэв. Тэрбээр Фродо руу заналтайяа хараад гарч одов. Лобели гарахыг яарсангүй, Фродо өрөөнөөсөө шагайж харвал тэр өнцөг булан бүрийг нэгжиж, хана, шал тогшиж байгаа харагдав. Фродо түүнийг хатуу гараараа үдэн гаргах замдаа бас шүхэрт нь санамсаргүй тээглэчихсэн жижиг боловч үнэтэй эдлэлээс салгалаа. Лобели явахдаа ямар нэг аюултай юм хэлэх гэсэн бололтой, үүдний довжооноос эргэж хараад:

- Гайгүй ээ чи, ингэсэндээ харамсана даа муу гөлөг! Чи ер нь яах гэж энд үлдсэн юм бэ? Чиний байх газар энэ биш, чиний Бэггинс гэж юу байдаг юм бэ! Чи... чи бол жинхэнэ Брендибак.

- Сонсов уу Мерри? Намайг яаж доромжилж байгааг гэж Фродо хаалга түгжих зуураа хэлэхэд:

- Ингэж доромжилдог юм уу, харин ч чамд ичгүүр сонжуургүй долигонож байна, чиний Брендибак гэж юу байх вэ дээ гэж Мерри Брендибак хариулав.

Тэр хоёр дотогш орж, өрөө тасалгаануудаар яваад зоорь төнхөж байсан өсвөрийн хоёр хоббитыг (хоёр Боффин, нэг Болжер) хөөж гаргав. Том агуулахын шалыг тогшиж үзээд хөндий дуу гарахаар нь ухаан жолоогүй ухаж байсан Санчо Праудфуттай Фродо дээр доороо орон ноцолдож байж гаргав.

Бильбогийн эрдэнэсийн тухай цуу яриа хоббитуудын шуналт сонирхол, хий хоосон найдлагыг дэвэргэжээ: буруу замаар, муу аргаар олсон алтыг хэн ч булааж болно, зөвхөн амжих л хэрэгтэй гэсэн зарчим байдаг билээ.

Санчог түлхэж гаргаад Фродо үүдний танхим дахь сандал дээр лагхийтэл суув.

- Мухлагаа хаая Мерри, хаалгаа түгжээд хэнийг ч бүү оруул, эвдвэл эвдэнэ л биз гэлээ.

Аль хэдийн оройтсон оройн цайгаа уухаар суув уу, үгүй юу хаалга аяархан тогшлоо. “Дахиад л Лобели, үгүй шүү, маргааш болтол хүлээж арай хатуу үг бодож олог” гэж өөртөө хэлээд, бүр чанга тогшихыг үл тоон цайгаа балгаж суув. Гэнэт цонхны цаана шидтэний царай харагдав.

Чи намайг яг одоо оруулахгүй бол Фродо минь би хаалгыг чинь авч хаяад зогсохгүй үүрийг чинь үнсэн товрог болгоно шүү гэж тэр хашхирав.

- Гэндальф та юу? өршөөгөөрэй гээд Фродо үүд рүү санд мэнд харайв. – Орогтун, орогтун, би Лобели л юм байх гэж бодлоо.

- Тийм бол ч яахав, өршөөе. Би сая тэр авгайг Байуотерт харсан, царай гэж авах юмгүй, одоо ч гэсэн амнаас эвгүй амтагдаад байна.

- Миний хувьд гомдол нэхэхгүй нь дээр. Үнэнээ хэлэхэд үзэгдэж харагдахгүй болмоор л байлаа, арай л Бильбогийн бөгжийг углачихсангүй.

- Углаагүй чинь болж, сайн байна. Бөгжтэй болгоомжтой харьцаарай Фродо. Би тэрнээс чинь л болж ирлээ, чамд хоёр үг хэлэх гэсэн юм.

- Юу гэж?

- Чи бөгжний тухай юу мэдэх вэ?

- Бильбогийн ярьсан бүхнийг, яаж олсон, яаж хэрэг болсон гээд л бүх түүхийг нь.

- Тэр чамд чухам ямар түүх ярьсан юм бэ?

- Одойнуудад ярьсан нь биш, номондоо бичсэн нь ч биш гэж Фродо хэлээд - Намайг энд ирэнгүүт тэр бүгдийг үнэнээр нь ярьж өгсөн. Нэгэнт та түүгээр бүгдийг яриулсан бол би ч бас үнэнийг мэдэх ёстой. “Чи бид хоёрын хооронд бүх юм үнэнээрээ байг Фродо минь, харин чи амаа л хамхиж яваарай, тэртэй тэргүй бөгж одоо минийх” гэж тэр хэлсэн.

- Бүр сонин болж байна гэж Гэндальф хэлээд, – Харин энэ бүхэн чамд ямар санагдаж байна гэж асуув.

- Та нөгөө “бэлэг”-ний тухай зохиолыг ярьж байна уу? Шал дэмий, утгагүй зохиол доо. Гол нь Бильбо тэгж ярьсан гэж бодохоор сонин байдаг юм, би анх сонсоод их гайхсан шүү.

- Би ч гэсэн их гайхсан. Гэхдээ шидэт эрдэнэсийн эзэд эрт орой хэзээ нэгэн цагт өөртэйгөө адилгүй болдог юм. Тэгэхээр чи машид болгоомжтой бай. Энэ бөгжийг чамайг дуртай цагтаа алга болж байг гэж хийгээгүй, тэгэхээр үүнд өөр чанар байгаа.

- Нэг л ойлгомжгүй байна даа.

- Надад ч гэсэн ойлгомжтой биш байна. Энэ бөгж өчигдөр орой л надад жинхэнээсээ сонин санагдсан. Гэхдээ чи бүү ай, би зохицуулчихна. Миний зөвлөгөөг дага, бөгжийг далдхан хийчих. Гол нь тэр тухай яриа үүсгэж болохгүй. Дахиад хэлье, түүнийг сайн хадгал, түүний тухай нэг ч үг чалчив.

- Ямар сонин юм бэ, тэр ямар аюул тээж байгаа юм бэ?

- Би өөртөө итгэлтэй биш байгаа болохоор ярихгүй. Гэхдээ дараачийн удаа чи надаас баг сага юм сонсох байх. Одоохондоо баяртай, би явлаа гээд Гэндальф босоход Фродо:

- Юу гэсэн үг вэ, би таныг манайд ядаж ганц долоо хонох байх гэж бодсон юмсан, таны тусламжид мөн ч их найдсан юмсан.

- Би тэгж л бодож байсан, гэвч болсонгүй. Би ирэхгүй их удах байх, гэвч эцсийн эцэст чам руу заавал ирнэ ээ. Би нууцаар ирэх учир ямар ч үед угтахад бэлэн байгаарай. Хоббитуудын нүдэнд харагдмааргүй байна, тэд надад их дургүй байгааг би харж байна. Надаас болоод муу муухай юм ирдэг гэж ярьцгаадаг. Надаас өөр хэн Бильбог төөрөгдүүлсэн бэ, аягүй бол энэ ертөнцөөс тонилгосон ч байж магадгүй. Чи бид хоёр хуйвалдаж, одоо түүний баялгийг хуваалцаж байгаа гэсэн шүү.

- Ярьцгааж л байг. Оддо, Лобели хоёр л биз. Түй, муу хогнууд. Би энэ Бэг-Эндийг, энэ ертөнцийн бүх юмыг дуртайяа тавьж өгөөд оронд нь Бильбог ирүүлэх юм уу түүнтэй хамт явахад бэлэн. Би төрөлх газар орондоо хайртай, гэвч тэрэнтэй дэмий л зууралдлаа даа. Хэзээ нэгэн цагт би тэрнийг харах болов уу, үгүй л байх даа.

- Би ч гэсэн тэрэнтэй хэзээ уулзахаа мэдэхгүй байна, өөр олон юм мэдэхгүй байна. Болгоомжтой байгаарай. Намайг хамгийн тохиромжгүй цагт ирнэ гэж бодоорой. За баяртай.

Фродо түүнийг үүдний довжоо хүртэл гаргаж өгөв. Гэндальф гараа даллаад том том алхан одоход өвгөн шидтэнийг ямар нэг хүнд ачаа газар руу дарж байгаа юм шиг Фродод санагдлаа. Үдшийн бүрийд түүний саарал цув уусан алга болов.

Тэр хоёр дахин уулзтал их цаг урсжээ.


https://www.facebook.com/mon.kindle.books


Top
   
PostPosted: Aug.18.19 6:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 887
Баярлалаа.Үргэлжлүүлэх юм байгаа биз дээ.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Aug.20.19 12:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16703
Quote:
Баярлалаа.Үргэлжлүүлэх юм байгаа биз дээ.
+1

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.20.19 9:11 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
:cheerleader: :cheerleader:


Top
   
PostPosted: Aug.21.19 8:10 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1144
:bigthumpup:
Өнгө арай хурц бна шүү.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited