#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.19 8:25 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 
Author Message
PostPosted: Jun.15.19 10:15 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
1.

Дашвүд овгийнхон Сассекст он удаан аж төрж байгаа билээ. Тэдний эзэмшил газар өргөн уудам бөгөөд өөрсдөө эдлэнгийнхээ төв хэсэгт, Норланд Паркад нэр төртэйгөөр, айл хөрш, танил дотно хүмүүсийнхээ хүндлэлийг хүлээн үе удмаараа амьдран сууж иржээ. Эдлэнгийн сүүлийн эзэн ганц бие, өндөр настай эрхэм байсан агаад эгч нь түүнд хань бараа болж, орон гэрийнх нь ажил хэрэгт туслан олон жилийн турш хамт амьдарсан юмсанж. Гэвч сайх эрхмийг өөд болохоос арван жилийн өмнө эгч нь нас барж ганцаар торойн хоцорсон тул хоосорсон орон зайг нөхөх зорилгоор өвгөн ноён өөрийн ач дүү болох Норланд эдлэнгийн хууль ёсны залгамжлагч Хенри Дашвүдийг эхнэр хүүхдүүдтэй нь авчран цугтаа амьдрах болсон аж. Энэ хугацаанд түүний шинэ гэр бүлээ дотночлох сэтгэл өдөр ирэх тусам батажсаар тэрбээр Хенри Дашвүд болон түүний эхнэр, хүүхдүүдийн ачаар эцсийн өдрүүдээ тайван тэнэгэр үджээ. Ноён болон хатагтай Хенри Дашвүдийн байнгын халамж анхаарал өвгөний хүсэл найдлагад яв цав нийцсэнээр зогсохгүй хэтийн ашиг сонирхол бус чин сэтгэлээс урган ундарсны учир настай хүний хүртэж болох бүхий л тав тухыг бэлэглэсэн бол хүүхдүүдийнх нь цовоо цолгин инээд хөөр баясал авчирсан бүлгээ.
Ноён Хенри Дашвүд анхны эхнэрээсээ нэг хүүтэй бол одоогийн эхнэртэйгээ гэрлээд гурван охинтой болжээ. Ганц хүү нь хэдийн байр сууриа олсон залуу эр бөгөөд эхнэрээс нь үлдсэн үлэмж их хөрөнгийн өв залгамжлагч ба үүнийхээ хагасыг насанд хүрмэгцээ гардан авснаар зогсохгүй төд удалгүй өөрөө гэрлэж, эд баялгаа улам зузаатгасан нэгэн. Эхнэр нь хуримлах үедээ овоо бэнчинтэй байсны дээр бэлэвсэрч хоцорсон эхээсээ хожмын өдөр бүр ихийг өвлөн авах байв. Тиймээс Норландын залгамжлагч болох эсэх асуудал дүү нарт нь амин чухал байсан бол залуу ноёнтны хувьд эсрэгээрээ байлаа. Эцэг нь Норландын өв залгамжлагч бишсэн бол охидод ирэх хөрөнгө гэхээр юм бараг байсангүй. Эхэд нь сохор зоос ч үгүй, анхны эхнэрээс үлдсэн ноогдол хөрөнгө хүүд нь харьяалагдах тул эцэгт нь толгой мэдэн зарцуулах долоон мянган фунт л байсан юм.
Чингээд өвгөн ноён нас барсны дараа гэрээслэлийг уншиж танилцуулах үеэр Дашвүдийн гэрт бусдын л адил баяр гуниг хослон зочлов. Ноёнтон шударга бус хандсангүй, талархаж мэддэггүй хүн шиг аашилсангүй, буй бүхнээ ачдаа үлдээсэн боловч гагцхүү эл бүх итгэл хүндэтгэлээ үнэгүйдүүлж мэдэх хатуу нөхцөл тавьж орхисон байлаа. Ноён Дашвүд гэрээслэл өөрт болон хүүд нь гэхээсээ илүү эхнэр, гурван охинд нь өгөөжтэй байхыг хүсч байсан боловч бүх хөрөнгө өөрөөс нь хүүд нь, дараа нь түүний хүү болох дөрвөн настай жаалд өвлөгдөхөөр болж, заалт нөхцөл нь эзэмшил газрынх нь ширхэг модноос унах зоос болгон агаар ус адил хэрэгцээтэй хайрт хүмүүсийнхээ ирээдүйд өөрийн зүгээс хувь нэмэр оруулах боломжийг боогдуулсан байв. Хэрэг явдал ээж аавыгаа даган хааяа хааяа Норландад айлчлан ирдэг жаалхүүд ашигтайгаар эргэж, хоёр гурван настай хүүхэд бүрт байдаг чанга дуу, дураараа зан, өхөөрдөм бяцхан арга саам нийлээд өвгөний ач, түүний охидын үзүүлсэн олон жилийн анхаарал халамжийг давж орхисон нь тэр. Гэвч хөгшин ноён хуншгүй хүн байсангүй, охидыг дотночлох сэтгэлийнхээ илэрхийлэл болгон тус бүрд нь мянган фунт гэрээслэн үлдээсэн байв.
Ноён Дашвүд энэ явдалд эхэндээ сэтгэлээр ихэд унасан боловч угийн өөдрөг хүн байлаа. Тэрбээр урт удаан амьдарна, энэ хоорондоо хангалттай хэмнэж чадвал том эдлэнгийнхээ орлогыг хуримтлуулсаар түргэн хугацаанд овоо хөрөнгөтэй болчихно хэмээн тооцоолжээ. Гэвч эдлэнгийн ашиг санасан шиг хурдан гарт ирдэггүйн дээр төлөвлөгөө нь ердөө ганцхан жилийн настай байж таарав. Тэрбээр бэлэвсэн эхнэр гурван охиндоо сүүлчийн гэрээслэлийг оролцуулаад арван мянган фунтээс өөр юу ч үлдээж чадалгүйгээр авга ахынхаа араас яаран одох нь тэр.
Аюулын харанга дэлдмэгц ноён Дашвүд хүүгээ даруйхан дуудуулж, өвчилж сульдсан биеийнхээ эцсийн тамирыг шавхан хойд эх болон дүү нараа харж хандахыг аминчлан захьсан байв.
Ноён Жон Дашвүд хэдийгээр дотно харилцаа үгүй боловч тэрхэн мөчид эцгийнхээ амь биеэ үл хайрласан гуйлтанд уясан гэр бүлийг нь чадлын хэрээр туслаж дэмнэхээ амлажээ. Эцэг нь ч хүүгийнхээ үгэнд даруй сэтгэл ханасан бол ноён Жон Дашвүд хэр чадлаа хэтрүүлэлгүйхэн хэдий хэмжээнд гараа тэнийлгэж болох талаар тархиа завгүй гашилгаж эхэлсэн аж.
Жаахан хатуу сэтгэл, ялимгүй аминч занг өөдгүй чанарт тооцохгүй бол ноён Жон Дашвүд олиггүй эр биш байлаа. Харин ч өдөр тутмын тогтсон үйл хэргээ хөтлөн гүйцэтгэхдээ зүй зохистойгоор биеэ авч явах тул ерөнхийдөө хүндтэй залуу эрсийн тоонд багтана. Гэхдээ эхнэр болох бүсгүйдээ ухаангүй дурлаж, тун залуудаа гэрлэсэн тул цаадах нь арай уужим талбиун хүн байсан бол олны хүндэтгэлийг одоогийнхоосоо илүүтэйгээр хүлээж, түүгээр ч үл барам нинжин сэтгэлтэй нэгэн болох байсан байж мэднэ. Гэвч Жон Дашвүд хатагтай өөрийнх нь чангатгаж хатаасан хувилбар ба эр нөхрөөсөө явцуу бодолтой, өөрөөсөө ондоо хэнийг ч боддоггүй хүн байж таарчээ.
Ноён Жон Дашвүд аавдаа амлалт өгөх үедээ гурван дүүдээ тус бүр мянган фунт бэлэглэе хэмээн дотроо санасан юм. Хожим нь ийм хэмжээний мөнгө үнэхээр өгч чадах юм байна хэмээн нягтлан тунгаажээ. Одоогийн орлого дээрээс нь жилийн дөрвөн мянга, басхүү ээжээс нь үлдсэн хөрөнгийн нөгөө хагас сэтгэлийг нь дулаацуулж, өгөөмөр сэтгэлийг нь өдөөж байлаа. "Тийм. Би тэдэнд гурван мянган фунт өгч чадна. Хангалттай бас өгөөмөр. Зовлонгүй амьдрахад хүрэлцээтэйгээр барах уу. Гурвын гурван мянга шүү дээ. Ийм их мөнгө гаргаж өгчихөөд хотойхгүй л хүн дээ" хэмээн тэр бүтэн өдрийн турш бясалгажээ. Үүнээс хэдэн өдрийн дараа ч ноён Жон Дашвүд гаргасан шийдвэртээ харамсалгүй үлдэж чадсан байлаа.
Удалгүй, эцгийнх нь оршуулга дуусаад олигтой хэд хонож амжаагүй байтал хадам ээждээ санаа зорилгоо урьдчилан дуулгаж хэл өгөлгүйгээр Жон Дашвүд хатагтай хүү, хамаг зарц бараа бологчдоо дагуулан хүрч ирээд гэрт нь бууж орхижээ. Ноён Хенри Дашвүд амьсгал хураасан мөчөөс эхлэн байшин нөхрийнх нь эзэмшил болсон тул үүнийг нь хориглох эрх хэнд ч байсангүй. Гэвч түүний эл дураараа үйлдэл хэрээс хэтэрсэн явдалд тооцогдох бөгөөд нөхцөл байдлыг нь харгалзан үзвэл Дашвүд хатагтайд илүүтэйгээр хүнд тусчээ. Тэрбээр зөв бурууг ялгаж чаддаг, өгөөмөр дэврүүн сэтгэлтэй хүн тул ёсгүй аашилсан хэнбугайг ч зэвүүцэн дургүйцдэг байлаа. Нөхрийнх нь гэрийнхэн угаас тэгтлээ таатай ханддаг байгаагүй ч, энэ мөчийг хүртэл Жон Дашвүд хатагтайд шаардлагатай үед бусдын ая тухыг огтхон ч анхаарч үздэггүйгээ бодитоор нь харуулах боломж олдоогүй явсан билээ.
Ийн загнасных нь төлөө Дашвүд хатагтай ихэд эмзэглэж, бэрийгээ бүхий л сэтгэл зүрхээрээ жигшив. Эл жигшил нь тогтоож барихын аргагүй хүчтэй байснаас хэрэв том охин нь үүдэж болох нөхцөл байдлыг сэнхрүүлэн ятгаагүй бол, охидоо хайрлаж энэрэх сэтгэл, тэднийгээ ганц ахтайгаа харилцах харилцаанд нь сэв бүү суугаасай гэсэн хүсэлдээ захирагдаагүй бол бэрийгээ байшинд нь хөл тавьсан мөчид зайлан явна хэмээн шийдчихээд байжээ.
Эхийгээ ятган үлдээж чадсан том охин Элинор нь дөнгөж арван естэй боловч аливааг ойлгох, тайвнаар тунгаан дүгнэх чадвартай, үнэтэй зөвлөгөө өгдөг нэгэн. Энэ чадварынхаа ачаар тэрбээр Дашвүд хатагтайн таагүй үр дүн авчрах түргэн занг өөрсдийн тусын тулд сөрж, зөөллөж чаддаг байв. Элинор сайхан сэтгэлтэй, анхаарал халамжтай, басхүү оргилуун халуун боловч үүнийгээ хэрхэн залж удирдахаа мэддэг байхад ээжид нь эл чанар дутагдах агаад тиймийн тул дүү нарт нь үлгэрлэн суралцах боломж мөн олдоогүй билээ.
Мариане олон талаараа эгч Элинортойгоо дүйцэж очно. Тэр мэдрэмтгий, ухаалаг охин байлаа. Гэхдээ уй гашуу, баяр хөөр гэхчлэн байдаг сэтгэл хөдлөлөө ил тод, хорьж цагдалгүйгээр илэрхийлж орхино. Сонирхол татам, өгөөмөр, нийтэч гээд л бүхий л сайхан чанар түүнд бий боловч ганц хаширлаж хянуурлана гэдгийг мэддэггүй байлаа. Араншингийн хувьд Мариане ээжтэйгээ усны дусал мэт адилхан байв.
Дүүгийнхээ хэтэрхий мэдрэмтгий занд Элинор сэтгэл зовнидог бол ээж нь үнэлэн нандигнах ба хүнд гарз тохиогоод буй энэ цагт тэд хоёр биенийхээ шаналлыг улам дэврээн дүрэлзүүлж байлаа. Анхандаа гуниг гутрал тэднийг яах ч аргагүй нөмрөн авсан бол сүүлдээ тэд зовлонгоо өөрсдөө дуудан санаж, сайн дураараа дахин шинээр үүсгэж байв. Ээж охин хоёр уй гашуудаа бүрэн бууж өгөөд, хавьтсан ойртсон бүрээсээ шархыг нь сэдрээх зүйл эрж хайн олж авах бөгөөд тайвшруулан ятгахыг хүлээж авах нь бүү хэл сонсохоос татгалзаж байлаа. Элинор тэднээс дутуугүй шаналж байсан ч тэмцэхийг хичээн, тэвчихийг оролдоно. Ахтайгаа санал бодол солилцон, бэр эгчийгээ хүрч ирэхэд нь угтан авч, зүй зохисоор нь анхаарал халамж тавихын хажуугаар ээжийгээ мөн хичээж зүтгэхийг ятган, биеэ барин сэтгэлээ хатамжлахыг зоригжуулж байв.
Харин бага дүү Маргарет нь алиа хошин, нөхөрсөг зантай, Мариане эгчийнхээ оргилуун дэврүүн занг аль хэдийн дуурайсан ч ердөө арван гуравтайн учир ухаан бодлыг нь хараахан өөртөө шингээж амжаагүй байгаа нэгэн. Гэвч түүнийг хожмын өдөр эгч нарынхаа хэмжээнд дүйцэж очно гэдэгт эргэлзэх явдалгүй биз ээ.


Edit:
1. Газрын нэрсийг оноосон нэр учир орчуулсангүй.
2. Англи эхийг дагаж нөхөр нь амьд сэрүүн байгаа эмэгтэйг нөхрийн бүтэн нэрний ард хатагтай дагуулж бичив.
Ж: Жон Дашвүд хатагтай
3. Цол хэргэмийг байгаагаар нь бичив.
Ж: Лэйди, сэр
4. Хатагтай нь нөхөрт гарсан, авхай нь гэрлээгүй залуу эмэгтэй
Ж: Дашвүд хатагтай
Элинор-Дашвүд авхай
Мариане-Мариане авхай
Маргарет-Маргарет
5. Зарим өгүүлбэр урт санагдвал өршөөж үзнэ үү. Хуваагаад энгийн болгож бичих гэснээ гэнэт өөрийгөө зохиолч нь биш ердөө орчуулах гэж оролдож байгаа хүн нь гэдгээ санаж буцаад араамандаа очсон болно.
6. 1811 онд хэрэглэгдэж байсан Англи хэл сайн мэддэг хүн байвал туслаж дэмжинэ үү. Бас тухайн үед мөрдөгдөж байсан ёс, уламжлал, нийтийн жишгийг мэддэг хүмүүс мэдээллээ бүү хав дарна уу, хуваалцана уу.
7. Алдаа мадаг, таалахгүй таашаахгүй юм илрүүлбэл даруй мэдэгдэж тус болно уу. Мангар хурдан засна.


Last edited by zolushka_717 on Jun.15.19 10:15 pm, edited 14 times in total.

Top
   
PostPosted: Jun.15.19 10:35 pm 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 3477
:l2: :l2: :l2:

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Jun.16.19 1:44 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15121
Location: Düsseldorf, Germany
<3

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jun.17.19 11:25 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
2.

Жон Дашвүд хатагтай Норландын эзэгтэйн суудлыг эзэлж, хадам ээж дүү нар нь зочдын байр сууринд шилжив. Гэсэн ч тэдэнтэй ёсгүй бүдүүлэг харилцсангүй. Ах нь ч ялгаагүй өөрийн бие болон эхнэр хүүхдээсээ ондоо хүнд зориулж болох хамаг л сайхан сэтгэлийг гаргаж, тэднийг Норландыг гэрээсээ өөрцгүйд бодон, амьдрах байшин олтлоо хамт үлдэхийг хичээнгүйлэн гуйсанд хаана суурьшихаа төлөвлөж амжаагүй Дашвүд хатагтай урилгыг хүлээн авчээ.
Юм болгон нь жаргалтай асан цаг үеийг нь санагдуулах газартаа үлдэх нь Дашвүд хатагтайн санаанд нийцэж байлаа. Тэрбээр баяр хөөртэй байх үед түүн шиг баясгалантай хүн үгүй болж, бүр цаашилбал аз жаргалд итгэх өөдрөг үзэл нь бодит аз жаргал болон хувирахын зэрэгцээ ийм цагт урам зоригийг нь юу ч мохоож хүчирдэггүй шиг зовлон гунигтай үедээ мөн адил сэтгэл хөдлөлдөө бүрэн захирагдаж, тайвшралыг эс олдог хүн билээ.
Жон Дашвүд хатагтай нөхрийнхөө дүү нартаа туслах санааг дэмжсэнгүй. Энхрий жаахан хүүгийнхээ хөрөнгөнөөс гурван мянган фунт таслаж авна гэдэг үгээгүй хоосон үлдээж буйгаас ялгаагүй хэрэг тул дахин сайтар нягталж тунгаахыг нөхрөөсөө аминчлан гуйжээ. Нөхөр нь төрсөн хүүгээ дээрэмдэх шийдвэр гаргаж яаж чаддаг байна аа? Газар дээрх ганц хүү нь байтал, тэгээд тийм их хэмжээний мөнгө шүү. Дашвүдийн авхай нар нөхрийнх нь энэ их өгөөмөр сэтгэлийг хүртэх чухам ямар гавьяатай хүмүүс билээ? Эцэг нэгтэй гэдэг чинь холбоо хамаарал байхгүйгээс өөрцгүй шүү дээ. Ондоо гэрлэлтээс төрсөн хүүхдүүд танихгүй хүмүүс шиг байх ёстойг бүгд мэддэг атал нөхөр нь яагаад эх өөртэй дүү нартаа хамаг хөрөнгөө өгч өөрийгөө ч, хөөрхий бяцхан Харриг сүйрүүлнэ вэ?
-Бэлэвсэн эхнэр охидыг нь харж хандахыг аав надаас гуйсан юм. Түүний эцсийн хүсэл гэж нөхөр нь хариулав.
-Тэр юун тухай ярьж буйгаа өөрөө ч сайн ойлгоогүй болов уу гэж би зүрхлэн хэлэх байна. Тэгэхэд ухаан санаа нь эрүүл бус байсан байж таарна. Тэгээгүйсэн бол хөрөнгийнхөө хагасыг хүүгээсээ авч өг гэж чамаас хүсэхгүй л байсан даа.
-Хайрт Фанни минь, аав тодорхой мөнгөн дүн зааж хэлээгүй. Харин тэдэнд туслаж, амьдралыг нь хөнгөвчлөх тал дээр санаа тавихыг гуйсан юм. Би тэднийг зөнд нь хаячихгүй болохоор намайг толгой мэдээд шийдэг гээд орхисон бол түүний зүгээс зөв алхам болох байсан ч байж магад. Гэвч нэгэнт амлалт шаардсан юм хойно надад өөр арга байгаагүй. Ямартай ч тухайн үед тэгж л санагдсан. Харин нэгэнт ам өгчихсөн юм чинь биелүүлэхээс өөр яах билээ. Норландыг орхин явж, өөр газар суурьших цагт би тэдний төлөө нэг юм хийлгүй бол болохгүй.
-Тэгвэл тэгэхээс л биш. Гэхдээ тэр зүйл чинь заавал гурван мянган фунт байх албагүй шүү дээ гэснээ бүсгүй ийн нэмж өгүүлэв.
-Бод л доо. Тэр мөнгө гараас чинь гарлаа л бол эргэж олдохгүй. Дүү нар чинь гэрлэж, чи нэг ч фунт дахин олж харахгүй гэж мэд. Оронд нь хөөрхий бяцхан хүүгийн маань хадгаламжинд...
-Тийм ч юм уу гэж нөхөр нь нухацтай дуугараад:
-Нээрэн ч чухал хэрэг байна. Ийм их хэмжээний мөнгө үгүй болсонд Харри маань харамсах цаг ирж мэдэх л юм. Хүү маань өнөр өтгөн гэр бүлтэй болвол энэ хөрөнгө нэмэр болж таарна гэлээ.
-Тэр гарцаагүй.
-Тэгвэл, хоёр дахин багасгаж орхивол аль аль талдаа зөв болж магад. Мянга таван зуун фунт тэдний орлогыг багагүй нэмж дөнгөнө.
-Үүнээс илүү зүйл гэж байх уу даа, ер? Төрсөн дүү нартаа хүртэл чиний минь талд хүртэл өгөөмөр загнаж чадах ах гэж байхгүй. Гэтэл тэд ердөө л эцэг нэгтэй дүү нар чинь байдаг. Чи минь хэлэхийн аргагүй сайхан сэтгэлтэй юм.
-Би буруу зөрүү юм хийе гэж боддоггүй хүн. Ийм тохиолдолд хэн ч гэсэн бага бус их тус хүргэхийг л бодно. Намайг дүү нартаа гар сунгаагүй гэж хэлэх хүн гарахгүй гэж бодож байна. Тэд ч гэсэн үүнээс илүүг хүсэхгүй биз.
-Тэд юу хүсч байгааг хаанаас мэдэх билээ? Тэгээд ч бид тэдний таалалд нийцүүлэх албагүй. Бидний бодолцож үзэх ганц зүйл бол чиний минь боломж бололцоо шүү дээ.
-Ёстой доо. Харин миний боломж бололцоогоор би тэр гуравт тус бүрд нь таван зууг өгөхөөр байна. Үгүй байлаа ч тэд ээжийнхээ дараа дор бүр гурван мянга орчим фунт өвлөж авна. Ямар ч залуу бүсгүйн хувьд боломжийн л хөрөнгө.
-Тийм шүү. Ингэхэд, тэд одоо байгаагаасаа илүүг хүсэхгүй ч байж мэдэх бус уу? Хожим хувааж авах арван мянган фунт бий юм хойно. Гэрлэж бараалбал гарцаагүй сайн явна, үгүй байлаа ч арван мянгынхаа ашгаар амьдраад байж чадалгүй дээ.
-Үнэн хэллээ. Тийм ч болохоор ерөнхийд нь авч үзвэл охид, ээж хоёрын алинд нь хандаж туславал зөвдөхийг хэлэхэд хэцүү юм. Насан туршийн хангамж гэж байдаг даа. Ингэвэл уг нь ээж, охидын хэн хэнд нь ашигтай. Тэдэнд жилийн зуун фунт хүрэлцээтэй шүү дээ.
Харин эхнэр нь энэ удаагийн төлөвлөгөөг зөвшөөрөх эсэхдээ ихээхэн эргэлзэж байв.
-Тийм л дээ. Нэг дор мянга таван зуун фунт гаргаснаас ямар ч атугай дээр. Гэвч Дашвүд хатагтай арван таван жилээс удаан амьдарвал бидэнд бүр гарзтай хэрэг болохыг мартаж болохгүй.
-Чилийсэн арван таван жил гээч, хонгор Фанни минь. Тэр хагаст нь хүрч чадахгүй гэж мэд.
-Магадгүй л юм. Гэхдээ насан туршийн хангамжтай хүмүүс зуу наслах дээрээ тулдгийг би бишгүйдээ л нэг харсан. Гэтэл ээж чинь бүр эрүүл чийрэг биетэй, дөнгөж дөч шүргэж яваа хүн. Хялбар ажил гэж бодож болохгүй юм шүү. Нэг л мэдэхэд жил тойроод дахиад л хэтэвчээ сэгсрэх болчихсон байдаг юм. Хаа ч зайлах аргагүй. Ээж маань аавын үлдээсэн гэрээслэл ёсоор тэтгэвэрт гарсан гурван зарцдаа насан туршийн хангамж олгодог болохоор чи юунд ороогдох гэж буйгаа гадарлах ч үгүй байхад би ямар төвөг чирэгдэл дагуулдгийг нь сайн мэднэ. Үүнийг ээж хичнээн эсэргүүцдэг гэж чи санана. Хангамжийг жил болгон хоёр удаа өгөх хэрэгтэй болохоос гадна олж аваачих гэж бас нэг зовлон байхыг яана. Нэг нь нас барчихлаа гэсэн сураг дуултал дараа нь үгүй болж таарсан гээч. Ээж бүр залхаж гүйцээд эд хөрөнгө нь ийм дуусч өгдөггүй тусгай нөхцөлтэй байхад эзэн нь биш аятай санагддаг гэж хэлдэг юм. Аав өөдгүй зан гаргаж тийм гэрээс үлдээгээгүй бол ээж бүх хөрөнгөө хорио цээргүй толгой мэдэн зарцуулж байхгүй юу. Тэгээд л би насан туршийн хангамжийг үзэж чаддаггүй, тийм зовлонд унахгүй гэдэгтээ ч итгэж явдаг шүү.
-Нээрэн ч ашиг орлогоо дэмий урсгаад байна гэдэг таатай бус хэрэг л дээ. Ээжийн чинь хэлсэн ёсоор хөрөнгө гэдэг үнэхээр л нэг хүний бүрэн мэдэлд харьяалагдахгүй эд юм. Тогтсон өдөр тодорхой цагт төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэдэг хүсмээр зүйл биш. Эрх чөлөөгөө боогдуулж байна л гэсэн үг.
-Эргэлзэх явдалгүй. Бас хийсэн бүхнийхээ хариуд талархлын үг ч олж дуулахгүй гэж мэд. Амьдрал нь нэгэнт баталгаажчихсан хүмүүс авах ёстойгоо л авч байна гэж үзээд тэр талаар боддог ч үгүй юм. Би чиний оронд байсан бол боломж бололцооноосоо хэтрүүлж өөрийгөө хүнд байдалд оруулахгүй, тэдэнд жил бүр нэг удаа халамж анхаарал тавих үүрэг хариуцлагад хүлэгдэхгүй байлаа. Бидэнд жилийн хэрэгцээнээсээ зуу байтугай тавин фунт хасах боломжгүй үе тохиож мэдэх шүү дээ.
-Чиний зөв гэдэгт итгэж байна, хайрт минь. Тэдэнд тогтмол хугацаанд мөнгө олгох хэрэггүй юм байна. Хааяадаа хэдэн фунт өглөгчлөх нь жил бүрийн хангамжаас хавьгүй дээр байх болно. Тэд ийм их хэмжээний тогтсон орлоготой болчихвол тансаглаж орхиод оны сүүлээр гар хоосорчихсон сууцгаана шүү дээ. Тийм болохоор хаа нэг тавин фунт илүүчлээд байх нь зөв юм. Тэгвэл мөнгөө бал цулаар нь үрж дуусгахын зовлон үүсэхгүй. Бас би аавд өгсөн амлалтандаа хүрсэнд тооцогдоно биз ээ.
-Тэгэлгүй яах вэ. Үнэндээ аав чинь чамаар нэг ч фунт өгүүлэх санаагүй байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Түүний ярьсан тус дэм гэдэг нь чиний минь хүч хүрэх хэмжээний, жишээлбэл аятайхан тухтай жижиг байшин олж өгөх, цаг нь болоход ачаа бараагаа зөөхөд нь туслах, ангийн мах загас илгээх гэх мэт зүйл байсан гэж би зүрхлэн хэлье. Үүнээс өөр утга агуулаагүй гэдэгт би амь насаа тавин мөрийцөхөд бэлэн байна. Хэрэв тэгээгүй бол ёсноос гажууд, бодлогогүй алхам болох байлаа. Хайрт ноён Дашвүд минь сайн бод. Долоон мянгын хүү, дээрээс нь тус бүрийн мянган фунтаасаа жилд тавин фунтын орлоготой гурван дүү чинь ээжийгээ тэжээхийн хажуугаар ямар сайхан амьдарна гээч. Дөрвөн эмэгтэйд жилийн таван зуун фунтаас илүү хүсэх зүйл бий гэж үү? Тэдний амьдрал хичнээн амар төсөр болох вэ? Морь, сүйх тэрэг байхгүй, бараг зарц шивэгчин гэх хүнгүй юм чинь орон гэрийн аар саар асуудалд санаа зовох шаардлагагүй. Айлчин гийчин хүлээж авахгүй, ямар ч илүү зардал гаргахгүй. Амьдрал нь хичнээн хялбар болно гэж санана. Жилийн бүхэл бүтэн таван зуун фунт шүү дээ. Тэд үүнийхээ багаар бодоход тал хувийг нь хааш нь хийхээ мэдэхгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Ийм байтал үүн дээр нь нэмж өгнө гэдэг чинь ухаангүй явдал. Мөнгө илүүчлэх чадалтай улс нь чи биш тэд болж таарч байна шүү дээ.
-Чиний түмэн зөв. Аав яг л чиний тодорхойлсон тус дэмийг надаас хүссэн байхаас зайлахгүй. Би чинийхээ хэлсэн зүйлсээр тэднийг дэмнэж амласнаа биелүүлэх ёстойгоо одоо л ойлгож авлаа. Ээжийг нүүх цаг ирэхэд би шинэ байшиндаа тохьжиход нь заавал туслах болно. Ганц хоёр эд хогшил бэлэглэсэн ч болох юм.
-Тийм шүү. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Аав ээж хоёр чинь Норландад нүүж ирэх үед Станхилл дэх тавилгууд нь зарагдсан боловч бүх таваг шаазан эдлэл, бүтээлэг ээжийнх чинь болсон. Тэгэхээр тэдний шинэ байшинд дутагдах зүйл гарахгүй гэсэн үг.
-Эргэлзэх явдалгүй бодох ёстой асуудал байна. Яахын аргагүй үнэ цэнтэй эд хогшил. Бүр зарим нэг таваг шаазан нь манай гэрийг сайхан чимэх байлаа шүү дээ.
-Харин тийм. Цайны шаазан хослол нь энэ байшин дахь бүхий л тавилга хэрэгслээс хоёр дахин сайхан эд байна билээ. Миний бодлоор тэдний авч хүрэлцэх ирээдүйн байшинд хэтэрхий гоёдох юм шиг. Гэхдээ яалтай ч билээ. Аав чинь ганцхан тэдний амьдралд санаа тавьсан юм хойно. Чи түүнд ямар ч өргүй, хүссэн болгоныг нь биелүүлэх албагүй гэдгийг би чамд сануулах нь зүйтэй. Чадал нь хүрсэнсэн бол аав чинь энэ ертөнцийн буй бүхнийг зөвхөн тэдэндээ өгөх байсныг бид сайн мэднэ шүү дээ.
Үүнийг эсэргүүцэхийн эцэсгүй байлаа. Эл ярианы ачаар сайх эр эцгийнхээ бэлэвсэн эхнэр охидод эхнэрийнхээ зааж хэлснээс илүүгээр тусламж үзүүлэх нь зохисгүй үйлдэл биш юм гэхэд огтхон ч шаардлагагүй зүйл гэдгийг сэхээрч, өмнө гаргасан шийдвэрээ үндсээр нь өөрчлөхөөр болжээ. 


Last edited by zolushka_717 on Jun.17.19 11:25 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jun.20.19 2:30 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
3.

Дашвүд хатагтай Норландад хэдэн сарыг өнгөрүүлсэн нь нүүхийг хүсээгүйтэй холбоогүй юм. Түүний сэтгэл санаа дээрдэх тийшээгээ хандан, гуниг дагуулах эртний явдлаа дурсан хямрахаас ондоо зүйл мэдэрч чадахтай болсны ачаар багагүй хугацааны турш нүдэнд нь өртөх тоолондоо үймрүүлж ирсэн юмсыг тайвнаар харж эхэлсэн ба энэ мөчөөс эхлэн Норландаас явна гэхээс яарах болж, дассан газраа орхих нь ой тойнд багтамгүй санагдахын учир ойрхон хаа нэгтээ тохиромжтой байшин олж амьдрахаар хатуу шийджээ. Гэвч ая тухын талаарх өөрийнх нь ойлголтонд хариу барьж чадах, дуртайяа зөвшөөрөх байсан хэд хэдэн боломжийг орлогоос нь давсан үнэтэй хэмээн эрс шүүмжлэн татгалзсан том охиных нь хянуур тооцоотой санаанд нийцсэн газар хараахан олдохгүй байв.
Дашвүд хатагтай нөхөрт нь эцсийн мөчүүдээ сэтгэл түвшин өнгөрөөх боломж олгосон өөрсдийг нь харж хандах талаар хүүгийнх нь өгсөн амлалтыг дуулсан байлаа. Тэр энэхүү амлалтын үнэн эсэхэд нөхрийнхөө нэгэн адилаар өчүүхэн төдий ч эргэлзээгүй тул охидынхоо ирээдүйд сэтгэл дүүрэн байсан бол өөрийнхөө хувьд долоон мянган фунтаас бага мөнгөөр ч хангалуун амьдарч чадна хэмээн санаж байв. Охидынхоо ахад, түүний сайхан сэтгэлийн хариуд тэр баярлан талархаж, өмнө нь өгөөмөр зан гаргах чадваргүй хүн хэмээн бодож, шударга бусаар зэмлэж явсандаа биеэ зүхэж, өөрт нь болон охидод нь тавих анхаарал халамжийг хараад тэдний аз жаргалыг чухалд тавьж буйд нь үнэмшин, зөвхөн сайн сайхныг хүсч яваад нь эргэлт буцалтгүйгээр итгэжээ.
Харин бэртэйгээ уулзсан цагаас эхлэн төрсөн дургүйцэл нь гэрт нь суусан зургаан сарын явцад сайх бүсгүйг илүүтэйгээр таньж мэддэг болсноор улам даамжирсан байв. Хэрэв Дашвүд хатагтайн зүгээс хадам ээж нь гэдгээ санан сэтгэлээ зөөллөж, боловсон ёсыг алхам бүртээ сахиж байгаагүйсэн бол, охин нь Норландад байх эсэхтэй шууд холбоотой илүү чухал, онцгой байдал үүсээгүй бол хоёр хатагтай нэгэн дээвэр дор ингэтэл удаан аж төрөх боломжгүй байсан байж мэдэх юм.
Эл нөхцөл байдал нь Жон Дашвүд хатагтай Норландад нүүж ирээд удаагүй байхдаа анхлан танилцуулсан, үүнээс хойш тэднийд үлдэж багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн түүний дүү болох залуу ноёнтон болон Давшүд хатагтайн том охины дунд бий болсон сэтгэлийн холбоо байлаа.
Эдвард Феррас залуугаараа нас барсан толгой баян хүний ууган хүү болохын учир зарим эх тэдний харилцааг хожмын ашгаа бодон дэмжих байсан бол, үлдсэн нь цөөн хэдхэн фунтыг тооцохгүй бол түүний баялгийн хэмжээ ээжийнх нь үлдээх гэрээслэлээс бүхэлдээ хамаарах тул хаширлан хориглох байсан буй за. Харин Дашвүд хатагтай аль алиных нь нөлөөнд автсангүй. Түүний хувьд Эдвард Феррас боловсон шинж байдалтай, охинд нь сэтгэлтэй бөгөөд Элинор үүнд нь нааштайгаар хариулж буй явдал хангалттай байлаа. Хоёр биенийхээ ижил төсөөтэй байдалд татагдан дурласан хосыг хөрөнгө мөнгөний ялгаагаар тусгаарлах нь Дашвүд хатагтайн итгэл үнэмшилд эрс харшлахын дээр Элинор охиных нь давуу талыг ойр тойрныхон нь анзаарч харалгүй өнгөрнө гэдэг түүний хувьд огтоос боломжгүй хэрэг байсан юм.
Эдвард Феррас тэдний сэтгэлийг аль нэг онцгой шинж байдал, гойд сайхан харилцаагаараа татсангүй. Тэрбээр нүд гялбам царайлаг бус, дотно хүмүүсийнхээ дэргэд л аятай чөлөөтэй биеэ авч явна. Өөрийгөө зөвөөр илэрхийлэх гэхэд дэндүү бүрэг боловч эл зангаа дарж чадсан үед нь харвал илэн далангүй, халуун дулаан хүн болох нь бүхий л байр байдлаас нь тодорхой мэдэгдэнэ. Аливааг ойлгож тунгаах чадвар сайтайн дээр эзэмшсэн боловсрол нь үүнийг нь баяжуулж өгчээ. Гэвч яг таг оноож мэдэхгүй хэрнээ түүнийг хэн нэг амжилттай хүн болгох гэдэг ээж эгч хоёрынхоо хүслийг гүйцээх чадвар, зан араншингийн аль аль нь түүнд байсангүй. Гэр бүлийнхэн нь түүнийг ямар нэгэн байдлаар од мэт гялалзаж, бусдын манлайд явахыг хүсдэг ба ээж нь хожим улсын их хурлын гишүүн болгох, эсвэл чадал нөлөөтэй хүмүүсийн дунд оруулахын тулд хүүгээ улс төр сонирхохыг шаарддаг байв. Жон Дашвүд хатагтай мөн ижил зүйл хүсдэг боловч эдгээрийн аль нэг нь биелэх өдрийг хүлээх хоорондоо дүү нь задгай сүйхийн хөтөч болж орхидог юм бол санаа зорилгод нь тун их нийцэхээр байлаа. Харин Эдвардад манлайлагч, задгай сүйхийн хөтөч болох хүсэл ер байсангүй. Тэр тайван тухтай, нам гүм амьдралыг хэд дахин чухалд үздэг байв. Тиймээс өөрөөс нь илүү ирээдүйтэй байж мэдэх нэг эрэгтэй дүүтэй байдаг нь түүний хувьд азтай явдал билээ.
Эдвард Норландад ирээд хэдэн долоо хоног өнгөрсний хойно л сая Дашвүд хатагтайн нүдэнд өртжээ. Тухайн үед тэрбээр уй гашуудаа автчихаад эргэн тойрондоо анхаарал хандуулах сөхөөгүй байсан юм. Эдвард Феррас дуу цөөтэй, даруу төлөв хүн шиг санагдсан бөгөөд энэ нь ч сэтгэлд нь нийцэв. Сайх эр цагаа олоогүй яриа үүсгэж зовлон шаналлыг нь үймүүлдэггүй юмсанж. Гэхдээ нэгэн өдөр түүнийг эгчээсээ тэс ондоо хүн болох тухай Элинорын дурсахыг сонссоны дараагаас жинхэнэ утгаар нь анхаарч харахыг хичээх болсон билээ. Эл харьцуулалт түүний бодлыг эргүүлэх хамгийн чухал хүчин зүйл байсан аж.
-Фаннитай адилгүй гэдэг л хангалттай. Тэр сайн хүн гэсэн үг. Би хэдийнээ түүнийг хайрлаад эхэлчихлээ.
-Сайн таниад ирвэл тэр танд таалагдана гэж бодож байна хэмээн Элинор хэллээ.
-Таалагдах ий? Миний санахад хайраас гүн сэтгэл гэж байдаггүй юм шүү дээ гэж ээж нь инээмсэглэн тодотгов.
-Бас хүндлэх болов уу.
-Хайр хүндэтгэл хоёрыг салган тусгаарлаж болдог гэж би мэдэхгүй юм байна.
Ингээд Дашвүд хатагтай өөртөө төвөг удан байж Эдвардад ойртохыг хичээх болжээ. Дулаан хандах болсны хүчинд удалгүй сайх эр дэргэд нь байхдаа биеэ барихаа больсноор сайн талуудыг нь түргэн хугацаанд олж нээв. Элинорын ятгалга эерэг дүгнэлт гаргахад нөлөөлсөн байж мэдэх ч, Дашвүд хатагтай Эдвардыг үнэн голоосоо үнэлэх болсноор зогсохгүй зүрх сэтгэл нь халуун дулаан, зан араншин нь аятай нийцтэйг олж мэдсэн тул залуу эр хүн ямар байх ёстой талаарх баримталж ирсэн үзэл бодолд нь эрс харшилж асан үг цөөтэй байдал нь хүртэл уйтгартай санагдахаа больжээ.
Дараа нь түүний байр байдлаас Элинорт сэтгэлтэй шинж тэмдгийг олж нээгээд, тэдний харилцааг андуурах аргагүйд тооцон, тун удахгүй хурим болно хэмээн итгэж тэсэн ядан хүлээх болов.
-Хонгор Мариане минь, хэдхэн сарын дараа Элинорын амьдрал шийдэгдэн тогтворжих болов уу. Бид түүнийг үгүйлэх нь гарцаагүй. Гэхдээ гол нь эгч чинь жаргалтай байх болно.
-Өө, ээж ээ! Бид түүнгүйгээр яах болж байна даа?
-Охин минь, тэр бүр яваад өгөхгүй шүү дээ. Бүгдээрээ хэдхэн бээрийн зайд амьдарч, өдөр болгон уулзаж байна. Чи ч хайр татам, жинхэнэ ахтай болно. Би Эдвардыг сайн хүн гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй, өндрөөр үнэлж байгаа шүү. Мариане, яагаад урвайчихав аа? Эгчийнхээ сонголтыг дэмжихгүй байгаа юм уу?
-Магадгүй л юм. Би тун их гайхаж байна. Эдвард аятайхан хүн, би түүнийг хайрладаг. Гэхдээ тэр залуу эр гэхэд нэг л тийм... нэг л зүйл дутуу юм шиг. Царайлаг биш. Эгчийн маань сэтгэлийг эзэмдэх хүнд баймаар нүд булаах юмгүй хүн шүү дээ. Түүний харц ухаалаг боловсон байдлыг илтгэх тийм нэг гал цогоор дутмаг. Энэ бүхнээс гадна ээж ээ, түүнийг гоо сайхны мэдрэмжгүй хүн байх вий гэхээс би айх юм. Дуу хөгжмийг тоож үзэхгүй шахуу, хэдийгээр Элинорын зурсан зургийг ихээр биширдэг боловч жинхэнэ үнэ цэнийг нь ойлгосондоо тэгж буй хэрэг биш. Түүнийг зураг зурж байхад машид анхаарал хандуулдаг хэдий ч энэ талаар өчүүхэн ч ойлголтгүй нь илт байдаг шүү дээ. Тэр урлагт дуртай хүний ёсоор бус сэтгэлт хархүүгийн хувиар л түүний зургийг биширдэг. Харин миний сэтгэлд хүрэхийн тулд аль аль нь байх хэрэгтэй. Дур сонирхол нь минийхтэй үл нийцэх хүнтэй би лав аз жаргалтай амьдарч чадахгүй. Хань болох хүн минь надтай ижил ном, хөгжимд дуртай байлгүй болохгүй. Өө, ээж ээ, урд орой Эдвард ном уншихдаа хичнээн гал цоггүй, урам зориггүй байсан бэ! Би эгчийг ямар их өрөвдөв өө. Гэтэл тэр огт анзаараагүй аятай юу ч болоогүй мэт тайван дүр үзүүлэх юм. Харин намайг галзууруулах шахдаг тэр гайхалтай үгсийг тийм хээвнэг, аймшигтай тоомжиргүйгээр уншихыг сонсоод би зүүн дээр суусан мэт өндөлзөж байлаа шүү дээ!
-Соёлтой, энгүүнээс арай өөр байдлаар уншиж болох л байсан л даа. Би ч гэсэн тэгж бодсон. Гэхдээ Коуперыг сонгож түүнд өгсөн хүн нь чи шүү дээ.
-Үгүй дээ, ээж минь. Түүний сэтгэлийг Коупер хүртэл хөдөлгөж чадаагүй хэрэг! Гэхдээ хүн болгоны сонирхол ондоо гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай билээ. Элинор надтай адилгүй, тийм болохоор энэ бүхнийг нь анзааралгүйгээр түүнтэй жаргалтай амьдарч ч магад. Гэвч Эдвардад дурласан хүн нь би байгаад түүний тэгж ном уншихыг сонссон бол миний зүрх зүсэгдэх байсан юм. Ээж ээ, хорвоо ертөнцийг таньж мэдэх тусам сэтгэлийг минь эзэмдэж чадах хүнтэй хэзээ ч тааралдахгүй юм шиг санагдах боллоо. Миний шаардлага дэндүү өндөр. Хайрлах хүн маань Эдвард шиг журамтай байхаас гадна зан чанар байр байдал нь бүхий л талаараа сэтгэл татаж, өөрийг нь тодотгон чимж байх ёстой.
-Хонгор охин минь дээ. Чи арван долоо ч хүрээгүй гэдгээ санаач. Аз жаргал ирэхгүй нь гэж цөхрөх цаг чинь болоогүй. Чи яагаад надаас азгүй байх ёстой билээ? Мариане минь, чиний амьдрал нэг л зүйлээрээ минийхээс ондоо байвал болох нь тэр.


Last edited by zolushka_717 on Jun.20.19 2:30 am, edited 6 times in total.

Top
   
PostPosted: Jun.22.19 1:09 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
4.

-Элинор минь, Эдвард уран зургийн мэдрэмжгүй байдаг нь хичнээн харамсалтай хэрэг вэ? гэж Мариане халаглавал эгч нь:
-Зургийн мэдрэмжгүй ий? Яагаад тэгж бодоо вэ? Тэр өөрөө зурдаггүй нь үнэн боловч бусдын бүтээлийг таашааж чаддаг. Хэдийгээр хөгжүүлэх завшаан гараагүй ч мэдрэмжгүй хүн огтоос биш гэдгийг би батлан хэлэх байна. Сурах боломж олдсонсон бол сайн зураач болох байсан гэж би бодно. Иймэрхүү зүйл дээр өөртөө итгэдэггүй болохоор зургийн талаар саналаа илэрхийлэхээс үргэлж зайлсхийдэг боловч төрөлхийн ханатай бодол, энгийн дур сонирхолтой болохоор гаргасан дүгнэлт нь ихэнхдээ үнэн зөв байж таардаг юм хэмээн хариуллаа.
Мариане эгчийгээ гомдоохоос эмээн энэ сэдвээр цааш нь нэмж юм хэлсэнгүй боловч түүний хувьд бусдын зурсан зургийг хараад сэтгэл нь хөдөлдөг гэсэн Элинорын тодорхойлолт дур сонирхол гэдэгт ойртож очихгүйгээс гадна мэдрэмж гэж нэрлэж болохооргүй зүйл байлаа. Гэсэн ч тэр Эдвардыг сохроор дэмжихэд түлхсэн сэтгэлийг нь хүндэтгэн эл бяцхан андууралд нь дотроо инээмсэглэн өнгөрчээ.
-Мариане, чамайг Эдвардыг юуг ч мэдрэн таашаах чадваргүй хүн гэж бодоогүй гэж найдаж байна. Үнэндээ бүр зүрхлэн хэлэхэд итгэлтэй байна. Чи түүнд сайн ханддаг шүү дээ. Хэрэв тэгж дүгнэсэн бол чамаас яав ч тийм боловсон зан гарахгүй байсан юм.
Мариане юу гэхээ мэдэхээ больчихов. Тэр эгчийгээ өчүүхэн хэмжээгээр ч гомдоохыг хүсэхгүй боловч санаж бодоогүйгээ хэлнэ гэдэг боломжгүй хэрэг байлаа. Тиймийн тул:
-Хэрэв миний үг Эдвардын талаарх чиний эерэг бодолд дүйцэж очоогүй бол гомдох хэрэггүй дээ, Элинор. Надад түүний үзэл бодол, санаа зорилго, дур сонирхлыг таньж мэдэх завшаан чамтай адил тохиогоогүй шүү дээ. Гэсэн ч би түүний ухаалаг зан, сайхан сэтгэлийг хэнээс ч илүү үнэлж явдаг. Тэр хүн чанартай, хүндлэл хүлээм хүн гэвэл Элинор:
-Түүнийг таньдаг хэн ч ийм харамгүй магтаал сонсоод сэтгэл дундуур үлдэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Чамайг үүнээс халуун дотно үг хэлж байхыг би урьд хожид дуулсангүй хэмээн инээмсэглэн хариулав.
Мариане эгчийнх нь сэтгэл ийм амархан засарсанд баярлажээ.
-Түүний ухаалаг зан сайхан сэтгэлд, нээлттэй шулуухан ярьж буйг нь сонссон нэг ч хүн эргэлзэхгүй гэж би санана. Аливааг ойлгох чадвар, баримталдаг зарчим нь үгийг нь цөөлж орхидог бүрэг ичимхий зандаа ихэнх тохиолдолд халхлагдчихдаг юм. Чи ерөнхийд нь сайнаар дүгнэж чадахуйц хэмжээнд түүнийг мэдэх боловч зарим нэг онцгой нөхцөл байдлын улмаас чиний нэрлэснээр үзэл бодлынх нь талаар бол надаас багыг мэднэ. Чамайг ээжийн гүн гүнзгий сэтгэлийн хөдөлгөөнд бүрэн автагдчихсан байх хоорондуур бид багагүй цагийг хамт өнгөрөөсөн. Би түүний үзэл бодлыг сонсож, уран зохиол, сонирхдог зүйлийн талаар санал сэтгэгдэлтэй нь танилцаж, хангалттай ажигласны үндсэн дээр өргөн мэдлэгтэй, ном зохиолыг ихэд таашаадаг, төсөөлөн бодох чадвар сайтай, аливааг ажиглан дүгнэхдээ зөв голчтой, нарийн цэвэр урлагийн мэдрэмжтэйг олж мэдсэнээ зүрхлэн хэлье. Түүний бүхий л чадвар нь биеэ авч явах байдал, зан араншинтайгаа адилаар уулзах бүрт дэвжин дээшилж байдаг. Эхлээд харахад байр байдал нь нүдэнд өртөмгүй, гадаад төрхийг нь царайлаг гэж хэлэх аргагүй боловч харц нь огт эсрэгээрээ бөгөөд нүд рүү нь харсан цагт царай дүрийнх нь зөөлөн дулаан шинж байдал эрхгүй мэдэгддэг юм. Би Эдвардыг хангалттай мэддэг болсон болохоор түүнийг царайлаг, үгүй гэхэд үүнээс дутуугүйд тооцдог болоод байгаа. Юу гэмээр байна даа, Мариане?
-Одоо үгүй гэхэд би тун удахгүй түүнийг царайлаг гэж бодох буй за Элинор. Түүнийг ахын ёсоор хайрлахыг чи надаас хүсэх цагт би хүн чанарт нь итгэдэг шигээ нүүр царайнаас нь өө олж харахаа болино.
Элинор дүүгийнхээ хэлсэн үгэнд цочиж, түүний талаар халуун дулаанаар ярьсандаа харамсав. Түүнд бодол сэтгэгдлээ дэндүү өндрөөр илэрхийлж орхисон мэт санагджээ. Хэдийгээр эл мэдрэмж нь Эдвардынхтай ижил хэмээн таамаглаж байсан ч, харилцаандаа Марианын нэгэн адилаар бат итгэхэд нь түүнд илүү зүйл шаардлагатай байсан юм. Элинор ээж дүү хоёр нь нэгийг бодсон бол яах ийхийн зуургүй үүндээ итгэж орхихын сацуу хүсэл нь найдвар, найдвар нь хүлээлт болж хувирдгийг сайн мэдэх билээ. Тиймийн тул тэрбээр нөхцөл байдлыг бодитоор нь тайлбарлахыг оролдов.
-Би түүнийг сайнаар бодож явдаг, ихээр хүндэлдэг, бас надад таалагддаг гэдгийг үгүйсгэхгүй.
Мариане дургүйцэн:
-Хүндэлдэг, таалагддаг гэнэ шүү! Элинор чи ямар хүйтэн сэтгэлтэй юм бэ! Өө, бүр түүнээс ч дор! Өөр үг сонгохоосоо ичиж гэнэ. Дахиад ингэж ярих юм бол би энэ өрөөнөөс гараад явчихна гэж мэдээрэй гэж дуу алдвал Элинор тэсгэлгүй инээд алдлаа.
-Өршөөж үзэхийг гуйя. Би өөрийн мэдрэмжийг даруухнаар илэрхийлснээрээ чамайг гомдоох зорилго өвөрлөөгүй гэдэгт итгээрэй. Миний сэтгэлийг үгээр гаргаж хэлснээс минь хүчтэй гэдэгт итгэ. Гэвч үүнээс илүү зүйлд итгэх хэрэггүй. Тэр миний талаар юу санаж явааг би мэдэхгүй. Итгэлтэй байх аргагүй, эргэлзээ төрүүлэм мөч ганц нэгээр тогтохгүй тохиодог. Харин түүний байр суурь тодорхой болохоос наана би өөрийн сэтгэлээ даваадуулан бодож, зарлан тунхаглахаас зайлсхийж байгаад минь чи гайхах хэрэггүй. Хэдийгээр зүрхнийхээ гүнд би түүний намайг гэх сэтгэлд бараг эргэлзэхгүй байгаа боловч үүнээс ондоо харгалзаж үзэх ёстой олон зүйл бий. Эдвард биеэ даах хүртэл хаа хол байна. Ээж нь чухам ямар хүн байдгийг бид яг таг мэдэхгүй ч санаа бодол, үйл хөдлөлийнх нь талаар Фаннигийн хаа нэг дурсахыг сонсвол аятайхан хүн гэж бодох сэдэл хараахан төрөөгүй байна. Тиймээс Эдвард баян чинээлэг ч биш, өндөр байр суурь ч үгүй бүсгүйтэй гэрлэхийг хүслээ гэхэд олон саад тотгор урд нь отож буйг өөрөө мэдэхгүй явж байвал би алд дэлэм алдсан болох биз ээ.
Мариане ээж болон өөрийнх нь төсөөлөл бодит байдлаас хичнээн зөрж давхисныг мэдээд бүр гайхчихжээ.
-Чи түүнтэй үнэхээр сүй тавиагүй байх нь ээ! Гэхдээ тэр өдөр тун удахгүй ирэх нь гарцаагүй. Харин сүй хойшлох нь бидэнд хоёр талын ашигтай. Би өнөө маргаашгүй чамаасаа хагацахгүй нь. Бас Эдвард ирээдүйд аз жаргалтай байх эсэхэд чинь гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэх дур сонирхлыг чинь таалан бишрэх гоо зүйн мэдрэмжээ сайжруулах боломж гарна. Өө, тэр чиний гайхалтай авьяасанд сэтгэл нь гүнээ хөдөлж, өөрөө зураг зурж сурвал хичнээн сайхан бэ!
Элинор өөрийн байр суурийг яг байгаагаар нь илэрхийлсэн байв. Тэр Эдвардыг гэх сэтгэл нь Марианын чанд итгэж буй шиг бүтэлтэй болно гэж бодохгүй байсан юм. Зарим үед Эдвард тоомжиргүй биш юм гэхэд найдвар тавих хэрэггүй гэсэн аятай сүр сүлдгүй болоод хувирчихна. Тэр Элинорын сэтгэлд эргэлзлээ гэж бодоход ингэтэл зовних шаардлага үгүйн дээр зөвхөн үүнээс болж үе үе тэгтэл ихээр хямарч таарахгүй билээ. Арай боломжтой шалтгаан нь өөрийн сэтгэлийг дураар тавьж болохооргүй эрх чөлөө хязгаарлагдмал байдал нь байж мэдэх юм. Ээж нь хүүгийнхээ нэр сүр байр суурь өөрийнх нь хүссэн хэмжээнд очих хүртэл гэртээ тайван суух боломж, эсвэл гэр бүл зохиож болно гэсэн найдвар өчүүхэн ч өгдөггүйг Элинор мэддэг ажээ. Тиймдээ ч нөхцөл байдлыг хангалттай ухамсарлаж буй хүний хувьд Элинор энэ асуудал дээр сэтгэл амар суух боломжгүй байсан юм. Эдвардын байр байдлаас ээж дүү нарынх нь бат итгэж буй дүн хол зөрж байлаа. Бүр цаашилбал түүний хандлага хамт байх тусам улам эргэлзээ төрүүлж, тэдний харилцаа ердөө нөхөрлөлөөс хэтэрдэггүй юм шиг хөндүүрт бодол цөөнгүй орж ирдэг байв.
Гэвч Эдвардын сэтгэл аль нь ч байлаа гэсэн үүнийг ажигласан эгчийг нь түгшээж, бас бүдүүлэг аашлахад нь (ийм зүйл элбэг тохиолдоно) хангалттай байжээ. Тэр хадам ээжтэйгээ нүүр тулж болох хамгийн эхний боломжийг алдалгүй ашиглаж, Феррас хатагтай хоёр хүүгээ таарч тохирсон хүнтэй гэрлүүлнэ гэж эргэж буцалтгүй шийдсэнийг, дүүг нь хичнээн амжилттай ирээдүй хүлээж буй тухай, хэн нэгэн залуу бүсгүй дүүг нь уруу татахыг оролдох нь ямар аюултай талаар идэвхийлэн ярьсан бөгөөд Дашвүд хатагтай үүнийг нь сонсоод мэдээгүй юм шиг царайлж ч, тайван мэт дүр эсгэж ч чадсангүй. Тэр дургүйцлээ тов тодорхой илэрхийлсэн хариу өгөөд даруйхан өрөөг орхин гарсан ба гэнэтхэн нүүлээ гээд ямар ч таагүй нөхцөл үүссэн, хичнээн ч зардал гарсан хамаагүй хайрт Элинор нь ийм увайгүй нөхцөл байдал дор дахин долоо ч хонох ёсгүй хэмээн хатуу шийджээ.
Гэтэл сэтгэл санаа нь доройтчихоод асан яг энэ үед цагаа олсон санал бүхий захидал шуудангаар ирэв. Захидалд байр суурь, хөрөнгө чинээгээр үл дутах Девонширт амьдардаг нэгэн хамаатан нь эзэмшлийнхээ жижиг байшинг тун аятайхан нөхцөлтэйгээр санал болгосон байлаа. Сайх эрхэм захидлыг өөрөө бичсэний дээр тэдэнд туйлын нөхөрсөг ханджээ. Тэрбээр Дашвүд хатагтайг амьдрах газар хайж буй талаар ойлголт авсан ба хэдийгээр өөрийнх нь санал болгож буй зүйл ердөө өчүүхэн жижиг сууц боловч хэрэв хүсэлтийг нь хүлээж авбал хэрэгцээтэй гэж үзсэн бүхнийг нь хийж өгөхөө амласан байв. Түүнчлэн байшин болоод цэцэрлэгийн талаар тодорхой дүрсэлж бичсэнийхээ дараа өөрийнх нь амьдардаг Бартон Паркад охидынхоо хамтаар хүрэлцэн ирэхийг шамдуулан уриад, тэнд байх зуураа санал болгосон байшин нь нэг сүмийн нутагт харьяалагддаг тул тав тухтай болгохын тулд юуг нь өөрчлөх шаардлагатайг өөрийн биеэр очиж харж болохыг дуулгажээ. Сайх эрхэм тэднийг байшиндаа суулгахаар тэсэн ядаж буй мэт сэтгэгдэл төрсөн ба эхнээсээ аваад төгсгөл хүртлээ найрсгаар бичигдсэн эл захидал хамгийн ойрын садныхаа хүйтэн хандлага дор шаналж буй эл онцгой цагт Дашвүд хатагтайн сэтгэлийг дулаацуулсан тул хэрэг явдлыг хойш саатуулж, асууж тодруулах гэлгүйгээр захидлыг унших явцдаа шийдвэрээ хэдийн гаргачихсан байв. Девоншир гүнлиг Сассексаас асар хол оршдог явдал хэдхэн цагийн өмнө бол Норландад ойр байх гэсэн хүсэлтэй нь бүхий л талаараа харшлахын учир татгалзах хамгийн гол шалтгаан болох байсан ч, одоо уухайн тас шүүрэн авах хүчин зүйл болж хувирчээ. Норландыг орхин явах нь цаашид хэцүү санагдах бус, харин ч бэрийнхээ зочин хэвээр үлдэх зовлонгийн дэргэд хүслийн биелэл, тэнгэрийн ивээл байсан бөгөөд ийм эзэгтэйн эзэмшилд айлчилж амьдрахын хажууд дассан газраа үүрд орхих нь юу ч биш байлаа. Дашвүд хатагтай даруйхан сэр Жон Мидлтонд сайхан сэтгэлд нь талархаж буйгаа илэрхийлэн, саналыг нь хүлээн авсан талаараа хариу бичээд, илгээхээсээ өмнө охидынхоо зөвшөөрлийг бататгаж авахын тулд хоёр захидлыг тэдэнд яаран үзүүлэв.
Элинор үргэлж хуучин танилууд дүүрэн Норландаас холдон суурьших нь ухаалаг алхам болно хэмээн үздэг байсны учир Девоншир руу нүүх гэсэн ээжийнхээ санааг эсэргүүцэх үндэсгүй байлаа. Сэр Жоны тодорхойлсноор байшин ч мөн энгийн төсөр, түрээс нь тун хямд байсан тул энэ тал дээр аанай л татгалзах арга байсангүй. Тиймдээ ч энэхүү төлөвлөгөө огтхон ч баярлуулаагүй, мөн Норландыг орхих нь хүслээс нь гадуур хэрэг байсан ч, Элинор ээжийгээ зөвшөөрсөн хариу илгээхийг нь хориглох оролдлого хийсэнгүй.


Last edited by zolushka_717 on Jun.22.19 1:09 am, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jun.22.19 10:45 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
5.

Хариу захидлыг илгээмэгцээ Давшүд хатагтай дагавар хүү болон эхнэрт нь амьдрах газар олсон, мөн шинэ байшиндаа нүүж очих бэлтгэлээ базаасны дараа өөрсдийг нь гэртээ байлгах шаардлагагүй болсон мэдээг сонсгох таатай үүргийг өөртөө авчээ. Цаадуул нь гайхан чагнав. Жон Дашвүд хатагтай дуугарсангүй, харин нөхөр нь эелдэг ёсыг сахин тэднийг Норландаас тийм ч их холдохгүй гэдэгт найдаж буйгаа дуулгах үед тэрбээр Девоншир руу нүүх гэж байгаагаа бүр ч их баяртайгаар зарлажээ. Үүнийг сонсоод Эдвард цочин түүн рүү эргэж:
-Девоншир ий! Үнэхээр тийшээ нүүх хэрэг үү? Эндээс их хол шүү дээ! Яг аль хэсэг рүү нь тэр вэ? гэж гайхаж зовсон хоолойгоор лавлав. Дашвүд хатагтайд үүнээс илүү тайлбар шаардлагагүй байлаа. Тэр очих газар нь Эксетерээс умард зүгт дөрвөн бээрийн зайд оршино хэмээн хариулав.
-Ердөө жижигхэн байшин байгаа юм. Гэхдээ найз нөхөд маань зочлон очно гэж найдаж байгаа шүү. Ганц хоёр өрөө нэмээд гаргачихна. Тийм хол зам туулахыг зовлонд тооцохгүйгээр зориод ирсэн хүнийг зочлоход надад ч мөн хүндрэл үүсэхгүй.
Чингээд тэрбээр ноён болон хатагтай Жон Дашвүд болон дүүг нь Бартонд айлчлахыг урьж, ингэхдээ хүү бэрдээ тун боловсноор харин Эдвардад чин сэтгэлээсээ хэлжээ. Хэдийгээр бэр нь сүүлийн уулзалтаараа Норландад үлдэх боломжгүй гэсэн шийдвэр хадам ээжээрээ гаргуулж чадсан боловч зорьсон шигээ нөлөө үзүүлж хүчрээгүй байв. Эдвард Элинор хоёрыг салгах нь урьдын адил санаа зорилгоос нь гадуур хэрэг хэвээр үлдсэн тул Дашвүд хатагтай дүүг нь ийн тусгайлан урьснаараа Жон Давшүд хатагтайд эл гэрлэлтийг эсэргүүцэж буйг нь юман чинээ бодохгүй байгаагаа мэдэгдэхийг хүсчээ.
Ноён Жон Дашвүд ээждээ Норландаас ийм хол нүүж, ачаа барааг нь зөөж өгөх аргагүй болсон явдалд гүнээ харамсаж байгаагаа дахин дахин хэлж байв. Аавдаа өгсөн амлалтаа чухам үүгээр хязгаарласан байтал биелүүлэх боломжгүй болсондоо тэр үнэнхүү бухимдах ажээ. Тавилгыг усан замаар хүргэхээр болов. Эд хогшил нь голдуу таваг, шаазан эдлэл, бүтээлэг, номноос бүрдсэний дотор Марианын төгөлдөр хуур мөн багтжээ. Жон Давшүд хатагтай боож багласан ачаа бараа холдон одохыг хараад Давшүд хатагтай өөрсөдтэй нь харьцуулахад өчүүхэн бага орлоготой атлаа ийм сайхан эд хэрэгсэлтэй байх гэж хэмээн эрхгүй харамсан санаа алджээ.
Байшин нь бүрэн тавилгатай агаад Дашвүд хатагтай нэг жилийн хугацаагаар түрээслэж, хүссэн үедээ нүүж ороход бэлэн болсон байв. Хоёр талын аль аль нь эл шийдвэрийг эсэргүүцээгүй ба Дашвүд хатагтай баруун зүг нэгмөсөн хөдлөхийн өмнө Норландад үлдсэн зүйлсээ нэг тийш болгох зуураа шинэ байшинд шаардлагатай бүхнийг эцэслэн шийдвэрлэж, сонирхлыг нь татсан бүхэнд ханддаг ёсоороо ажил хэргээ хурдан шуурхай гүйцэтгэсний ачаар түргэн цэгцэлжээ. Нөхрийнх нь үлдээсэн агт нас бараад удаагүй байхад нь зарагдсан бол сүйх тэргийг нь худалдан авах санал ирсэнд том охиныхоо зөвлөгөөг даган мөн л худалдахаар болов. Хэрэв өөрийнх нь хүслээр болсонсон бол охидынхоо ая тухыг бодон сүйхээ үлдээх байсан ч, шийдвэрийг Элинор гаргасан байлаа. Түүнчлэн охиных нь мэргэн ухаан зарцын тоог гурваар хязгаарлаж, тэднийг даган явахад бэлэн Норландад ажилладаг хоёр үйлчлэгч, нэг зарцыг сонгон авчээ.
Дашвүд хатагтай лэйди Мидлтоныг ор тас танихгүйн учир Бартон Паркад зочны ёсоор суурьшихын оронд шууд гэртээ очихыг илүүд үзсэний зэрэгцээ сэр Жоны тодорхойлолтонд эргэлзэх юмгүй итгэж, байшинг урьдаар харъя хэмээн сонирхоогүй тул сууцаа бэлдүүлэхээр зарц болон нэг үйлчлэгчээ Девоншир руу эртлэн явуулжээ. Түүний Норландаас явах гэсэн хүсэл бэрийнх нь тэдний нүүж буй явдалд илэрхий ханасан төрх байдал, үүнийгээ нүүхээ хойшлуулаач хэмээсэн ёс төдий хуурай гуйлтаар далдлах гэсэн хиймэл оролдлогын ачаар бөхсөнгүй. Тиймээс дагавар хүүгийнх нь зүгээс аавдаа өгсөн амлалтаа нэр төртэйгээр биелүүлэх цаг ирээд байлаа. Норландад анх нүүж ирэхдээ хойш тавьж орхисон болохоор тэднийг бүрмөсөн нүүн одох гэж буй энэ мөч үүргээ гүйцэтгэхэд нь сайхан тохирохоор санагдаж байв. Гэвч Дашвүд хатагтайн найдвар тун удалгүй алдарч, түүний зай барин хөндий харилцаж буйг хараад амласан тус дэм нь зургаан сарын турш тэднийг Норландад амьдрахыг зөвшөөрснөөр хязгаарлагдаж буйг ойлгожээ. Тэр орон гэрийн зардал өсч байгаа тухай, ямар ч ухаалаг, байр суурьтай хүн юм болгоныг урьдчилан тооцоолох аргагүйн улмаас хэтэвч нь өдөр өнгөрөх тусам нимгэрч буйг, хүнд илүүчлэх нь бүү хэл өөрт нь мөнгө хэрэгтэй болсон талаар ойр ойрхон, дахин дахин ярьж байлаа.
Сэр Жон Мидлтоны эхний захидал ирсэн өдрөөс хэдхэн долоо хоногийн дараа Давшүд хатагтай шинэ байшингийнхаа бэлтгэлийг хангаж дуусаад охидынхоо хамтаар алсын замд гарахад бэлэн болсон байв. Ээнэгшиж дассан газраасаа хагацах болоход нулимс унагасан хүн нэгээр тогтсонгүй. Мариане Норландад өнгөрөөх сүүлчийн оройноо байшингийнхаа өмнө ганцаар зогсон салах ёс гүйцэтгэжээ.
-Норланд минь! Хэзээ би чамайгаа санахаа болих вэ! Хэзээ би өөр газарт дасч гэрээ гэж бодох вэ! Өө, аз жаргал цалгисан гэр минь, магадгүй сүүлчийн удаа эндээс чамайг харж зогсохдоо хичнээн их шаналж байгааг минь чи мэдэх үү? Бас, бүхнийг мэдэгч модод оо! Гэвч та нарын юу ч өөрчлөгдөхгүй. Биднийг нүүлээ гээд та нар навчаа гээхгүй, бид бишрэн харахгүй байлаа гээд мөчир чинь ганхахаа зогсохгүй! Үгүй дээ, та нар хэвэндээ л үлдэх болно. Гуниг баярын алийг ч мэдэхгүй, сүүдэр дор чинь алхах хүн өөрчлөгдсөнийг анзаарахгүй! Гэвч одоо та нарыг таашаан цэнгэх хүн үлдсэнгүй дээ!


Last edited by zolushka_717 on Jun.22.19 10:45 pm, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Jun.23.19 4:29 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
6.

Аян замын эхний хагас тухгүй байсныг эс тооцвол бүхэлдээ гуниг дунд өнгөрчээ. Гэвч аялал шувтрах тийшээгээ хандахад амьдран суух шинэ нутгийнхаа байгалийн үзэмжийг сонирхон таашаах сэтгэл гутралыг нь давж, Бартон Валлид орж ирэх үедээ Дашвүдийнхэн хөгжүүн болцгоосон байлаа. Бартон Валли ой мод ихтэй, өтгөн ногоон өвс халиурсан, үржил шимтэй сайхан нутаг агаад нэг бээр жаахан илүүтэй яваад тэд байшиндаа хүрч очицгоов. Өмнө талын багашаархан зүлгээр байшингийнх нь урд талбай хязгаарлагдах ба жижигхэн хаалга эздийгээ угтан авч дотогш оруулжээ.
Бартон Коттажийг орон гэрийн хувьд авч үзвэл зай муутай боловч тухтай, авсаархан, харин байшингийн хувьд ярих юм бол олон учир дутагдалтай ажээ. Барилга дэндүү энгийн бүтэцтэйгээс гадна вааран дээвэртэй, цонхны хаалт нь ногоон биш, хана туургыг нь ч цэцгээр чимээгүй байв. Байшингийн дундуур үргэлжилсэн нарийхан хонгил арын цэцэрлэг рүү шулуухан хөтөлнө. Орох хаалганы хоёр талд 1.5 орчим мкв талбай бүхий амрах өрөө, тэдний цаана ажлын өрөө, шат байна. Үлдсэн зайнд нь дөрвөн унтлагын өрөө, хоёр дээврийн өрөө байрлах аж. Баригдаад тийм олон жил болоогүйн дээр сайтар тордсон боловч Норландтай харьцуулахад тун ч ядмаг, дэндүү жижиг байлаа. Гэсэн ч хуучнаа санагалзсандаа нүдийг нь бүрхэж ирсэн тэдний нулимс байшинд хөл тавьсан мөчид хатаж, эздийгээ баярлан угтсан зарц нарынхаа хөөр баярт автан, бие биеэ бодсондоо баясгалантай дүр үзүүлэхээр дор бүрнээ шийджээ. Есөн сар дөнгөж гараад байсанд налгар улирлын тааламжтай цаг агаарын нөлөөн дор амьдрах газраа анх удаагаа олж үзсэн Дашвүдийнхний анхны сэтгэгдэл нааштай байлаа.
Байшин сайхан газар байрласан аж. Архан талаас нь өндөр толгод өгсөж, тал бүрээс нь уул гүвээ залган үргэлжилжээ. Тэдний зарим нь нүцгэн байхад үлдсэн нь модорхог байлаа. Бартон тосгон эдгээр гүвээний нэгийг эзэлж, байшингийнхаа цонхоор харж суухад таатай дүр зураг бүрдүүлжээ. Харин урд зүгт хараа бэлчээж барамгүй бөгөөд хөндий тэр чигээрээ, түүнээс цааших нуга үзэгдэж байв. Байшинг хүрээлсэн гүвээ толгод энд хүрээд өндөрлөж, хамгийн эгц хоёрынх нь дундуур ондоо чиглэл аван, өөр нэрийн дор үргэлжлэх ажээ.
Байшингийнхаа эд хогшил, хэмжээнд Дашвүд хатагтай ерөнхийдөө хангалуун байсан боловч амьдарч дадсан орчин нь шинэ сууцандаа олон зүйл нэмэхийг зайлшгүй шаардаж байв. Нэмж сайжруулна гэдэг түүний хувьд таатай ажил байсны дээр хүссэн болгоноо авч байшингаа чимж тохижуулахад хүрэлцэхүйц мөнгө гар дээр нь байж таарчээ.
-Байшин маань бидэнд дэндүү жижигдэж байгаа нь үнэн. Засч сайжруулахад энэ жилдээ оройтсон болохоор одоо байгаа нөхцөлдөө аль боломжоороо тухтай амьдарцгаана аа. Магадгүй хавраас мөнгөтэй байвал, тэгнэ гэдгийг зүрхэлж хэлье, томсгох талаар бодъё. Амрах хоёр өрөө маань бидэн дээр ойр ойрхон айлчилж ирж таарах зочдод маань дэндүү жижигдэнэ. Надад хонгилыг нэгэнтэй нь нэгтгэж, нөгөөхийг нь үүдний өрөө болгох санаа байна. Тэгвэл зочны өрөөтэй болчихно гэсэн үг. Тэгээд дээд давхарт унтлагын болон дээврийн өрөө байгаа юм чинь байшин маань тухтайхан сууц болж хувирна даа. Шат нь арай үзэмжтэй байсан ч болоосой. Гэвч хүсэл болгон биелэдэггүй юм хойно доо. Гэхдээ л байшингаа томруулах нь тийм ч хэцүү байхгүй болов уу. Хавар болтол хэдэн фунттай байхыгаа харж байгаад түүндээ тааруулан хөдөлнө өө.
Амьдралдаа нэг ч удаа хэмнэж хадгална гээчийг үзээгүй, жилийн таван зуун фунтын орлоготой эмэгтэйн хурааж цуглуулах мөнгөөр энэ бүх өөрчлөлт хийгдэх өдөр ирэхийг хүлээх зуураа бүсгүйчүүд одоо байгаадаа сэтгэл ханахуйц ухаалаг байсан тул дор бүрнээ ном зохиол, эд хогшлоо нааш нь цааш нь болгон байр байрыг нь олохоор тус тусынхаа ажилд идэвхийлэн автжээ. Марианын төгөлдөр хуур хайрцаг савнаасаа салж, тохиромжтой байрлалаа олсон бол Элинорын зургууд амрах өрөөний ханыг эзлэв.
Ийн завгүй бужигнаж байтал маргааш нь өглөөний цайны дараа газрын эзэн нь тэднийг Бартонд өөрийн биеэр угтан авч, сууц нь одоохондоо дэндүү тохь муутай байж болзошгүй тул байшин болоод цэцэрлэгээ санал болгон хүрч ирснээр ажил нь тасалджээ. Сэр Жон Мидлтон дөч орчим насны сайхан эр байлаа. Тэрбээр урьд нь Станхиллд зочилсон удаатай боловч эл явдал үеэл дүү нар нь санахааргүй олон жилийн өмнө тохиосон юмсанж. Сэр Жон найрсаг дулаан царай төрхтэй, бичсэн захидал шигээ нөхөрсөг байрын хүн байв. Тэдний хүрч ирсэн явдалд тэр сэтгэл дүүрэн байж, ая тухтай байгаа эсэхэд нь ихэд зовж буй бололтой байлаа. Тэрээр хоёр гэр бүлийг дээд зэргээр ойр дотно байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч буйгаа илэрхийлээд, тэднийг тохьжих хүртлээ өдөр болгон Бартон Паркад очиж оройн зоог барьж байхыг шавдуулжээ. Хэдийгээр энэ нь сүүлдээ боловсон ёсноос давж, хүсэлт гэж нэрлэхэд хэцүү зүйл болж хувирсан ч тэд түүнийг гомдоож зүрхэлсэнгүй. Түүний сайхан сэтгэлийг үгээр илэрхийлэх боломжгүй байсан юм. Сэр Жон тэднийхээс гарч яваад цаг ч болоогүй байхдаа жимс сэлт дүүрэн том сагс өгүүлснээс гадна үдэш болохын алдад дахин ангийн мах явуулсан байв. Ингээд ч зогссонгүй захиа занааг нь шуудангийн газраас нааш цааш зөөж өгч байна хэмээн зүтгэж, өөрийн сонин хэвлэлийг өдөр болгон илгээхээ хатуу мэдэгджээ.
Лэйди Мидлтон Дашвүд хатагтайд төвөг чирэгдэл болохгүй тул боломжтой цагтаа айлчлан ирэхийг нь хүлээж буй тухай эелдэг үгсийг сэр Жоноор дайж явуулсан байсанд мөн адил боловсон хариу барин гэртээ урьснаар дараагийн өдөр нь лэйди Мидлтон Бартон Коттажид хүрэлцэн иржээ.
Дашвүдийнхэн Бартон дахь амьдралынх нь ая тух ихээхэн хамаарах хүнтэй уулзана гэхээс тун их догдолж байсан бөгөөд түүний нүд гялбам төрх байдал тэдний таашаалд даруй нийцэв. Лэйди Мидлтон царайлаг, өндөр гоолиг, хорин зургаа долоон наснаас хэтрээгүй, боловсон ааш маягтай бүсгүй байлаа. Нөхөртөө дутагддаг бүхий л эрхэмсэг намба төрхийг өөртөө шингээжээ. Гэвч үүн дээр нь нөхрийнх нь шударга шулуун, халуун дулаан чанараас нэмж орхисонсон бол бүр таатай хэрэг болох байсан буй за. Түүний айлчлал Дашвүдийнхэнд төрүүлсэн анхны өндөр сэтгэгдлээ бууруулж дөнгөхүйц хангалттай удаан үргэлжилж, тэрээр өндөр хүмүүжилтэй боловч дотогшоо, хүйтэн, наад захын шаардлагатай хэдэн үгнээс ондоо юу ч амнаасаа унагадаггүйгээ харуулжээ.
Гэхдээ сэр Жон ам хуурайгүй байсны дээр лэйди Мидлтон бодолтой хандан зургаан настай том хүүгээ дагуулан ирсэн нь ухаалаг алхам болж яриа тасалдах аюул учирсангүй. Байдал хэцүүдсэн үед хатагтай нар хүүгийн нэр насыг шалгаан, өхөөрдөм эгдүүтэйг нь шагшиж, юм асуувал ээж нь өмнөөс нь хариулж байсан тул ямар ч тохиолдолд яриа үүсэх нэг сэдэвтэй байцгаав. Энэ хугацаанд хүү газар шагайн зогсоод эхээсээ алхам ч холдсонгүйд гэртээ жигтэйхэн дүрсгүйтдэг мөртлөө хүмүүсийн өмнө ичингүйрч байгааг ээж нь хачирхан гайхаж байлаа. Яриа хөөрөөтэй байя гэвэл албан ёсны айлчлал бүрт хүүхэд дагуулж явах ёстой байдаг ажээ. Энэ тохиолдолд хүү ээж аавынхаа хэнтэй нь төстэйг, хүн болгон ондоо байдгийн учир аль талаараа хэнийг нь дуурайсныг шийдвэрлэн тодорхойлоход ердөө арван минут шаардагдсан ба хүн бүр нөгөөгийнхөө саналыг сонсоод мэл гайхаж байлаа.
Сэр Жон дараагийн өдөр тэднийг Бартон Паркад зочилж оройн зоог барихыг зөвшөөрөхөөс нааш явахаас татгалзсан тул Давшүдийнхэнд тэдний бусад хүүхэдтэй танилцах завшаан санаснаас хурдан тохиохоор болжээ.


Last edited by zolushka_717 on Jun.23.19 4:29 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jun.25.19 8:16 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
7.

Гэрээс нь гүвээ халхалж үзэгдэхгүй болгож орхидог Бартон Парк тэднийхээс хагас бээрийн зайд орших ба бүсгүйчүүд нүүдлийн үеэр ойролцоо зөрж өнгөрсөн билээ. Байшин нь гоёмсог агаад том, Мидлтоныхон найрсаг зочломтгой, чамин тансаг амьдрах ажээ. Найрсаг зочломтгой нь сэр Жоны хишиг бол чамин тансаг нь эхнэрийнх нь байв. Тэднийд айлчин гийчингүй өдөр ховор, ойр хавийн айлуудтай харьцуулахын аргагүй олон, төрөл бүрийн хүмүүс хуран цугладаг ба энэ нь Мидлтоныхны аз жаргалд чухал байр суурь эзэлнэ. Хязгаарлагдсан дур сонирхлынхоо явцуу хүрээнд амьдардаг эзэн эзэгтэй хоёр байр байдал, зан араншингаараа тэнгэр газар шиг ондоо харагддагаас үл хамааран авьяас мэдлэг дутуугаа дүүргэх гэсэн хүслээрээ усны дусал шиг ижилхэн байсан юм. Сэр Жон анчин, лэйди Мидлтон ээж байлаа. Тэдэнд хань болдог ганц зүйл нь нөхрийнх нь хувьд буу, ан ав, эхнэрийнх нь хувьд хүүхэд байв. Лэйди Мидлтонд бүтэн жилийн турш хүүхдээ эрхлүүлэх давуу тал заяасан байхад сэр Жон жилийн ердөө хагаст нь ан хийх боломжтой тул гэрт гадаагүй үл тасрах айлчлал нөхрийнх нь сэтгэл санааг өргөж, эхнэрт нь эзэмшсэн боловсролоо давтах сургуулилт болдгоороо тэдний дутуу бүхнийг нөхдөг юмсанж.
Лэйди Мидлтон тансаг ширээ засах, гэрийн дотоод ажлыг гүйцэтгэхдээ дуртай бөгөөд энэ нь түүнд ямар ч үдэшлэгээс илүү баяр цэнгэл авчирдаг бол сэр Жон олны дунд бужигнаж байх хүсэлтэй хүн байлаа. Тэр залуу хүмүүсийн дунд байхыг ихэд таашааж, чимээ шуугиан их байх тусам төдий чинээгээр сэтгэл нь дүүрдэг ажээ. Зуны дэлгэр цагт задгай үдэшлэг зохион байгуулан хүйтэн гахайн мах, тахиа зооглож, өвөл нь хүсэл ханана гээчийг үл мэдэх арван таван наст биш л бол ямар ч авхайн сэтгэлийг цатгаж чадахаар олон тооны бүжигт цэнгүүн хийдэг тул ойр орчмынхоо бүхий л бага залуу хүмүүст бурхны элч адил тооцогддог байв.
Сэр Жон Бартонд шинэ хүн ирэхэд үргэлж баярладгийн дээр жижиг байшингийнх нь оршин суугчид бүхий л талаараа түүний сэтгэлд нийцэж байлаа. Давшүд авхай нар залуу, нүд булаам, энгийн даруу охид ажээ. Энгийн даруу гэдэг нь түүний бодлоор гаднах төрх шигээ эелдэг зантай үзэсгэлэнтэй охидыг хэлэх ба эерэг дүгнэлт гаргахад энэ л хангалттай байсан юм. Тэрбээр өнгөрсөнтэй нь харьцуулахад нөхцөл байдал нь золгүйгээр эргэсэнд тооцож болох хүмүүсийг орон гэртэй болгосондоо нөхөрсөг сэтгэлийн угаас хөөрч байлаа. Хэдийгээр тэр өөрийн хүйсийн мэргэжил нэгтнүүдээ ихэд хүндэтгэдэг анчин боловч тэднийг эзэмшил нутагтаа нэвтрүүлэх нь хүсүүштэй зүйл биш тул үеэлүүддээ ийн хандсандаа сэтгэл нь дүүрэхийн дээр байшинд нь дан бүсгүйчүүд суусан явдалд анчин хүний хувиар хангалуун байв.
Сэр Жон Давшүд хатагтайг охидынх нь хамтаар гэрийнхээ үүдэнд баяртайгаар угтан аваад, зочны өрөөнд бараа болох зуураа өмнөх өдөр нь ийм залуу авхай нарт аятайхан залуу эрс танилцуулж чадахгүй байгаадаа санаа зовж буй талаар ярьснаа давтаад, энэ мөчид Бартон Паркад өөрөөс нь гадна нэг л эрхэм байгаа боловч тэр найз нь залуу ч биш, хөгжилтэй ч бус тухай дуулгажээ. Чингээд цөөхүүлээ байгаа явдалдаа өршөөл хүсээд дахин ийм зүйл тохиолдохгүй хэмээн тайвшруулав. Тэрбээр зочдынхоо тоог нэмэх найдлага тээн хэд хэдэн айлд эртлэн очсон боловч бүгд өөр зүйл төлөвлөчихсөн байж таарсан аж. Азаар лэйди Мидлтоны ээж Бартонд дөнгөж цагийн өмнө хүрэлцэн ирсэн ба наргианч, зан сайтай хүн болохын учир залуу авхай нарыг төсөөлсөн шигээ уйдахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлбэл охид болоод ээж нь хоёр хүнтэй анхлан танилцах гэж буйдаа сэтгэл дүүрэн байж, илүү зүйл хүсэхгүй байцгаав.
Лэйди Мидлтоны ээж Женнингс хатагтай дэндүү гэмээр баясгалантай, нийцэрхүү, хөөр хөгжөөнтэй бөгөөд тун яриа, хээгүй талдаа тарган эмэгтэй байв. Тасралтгүй алиалж, байнга хөхрөх ба оройн зоог өндөрлөхөөс өмнө янаг хос, эр нөхөр гэсэн сэдвийн хүрээнд олон удаа хошигнож амжсаны дотор Дашвүд авхай нарыг зүрх сэтгэлээ Сассекст үлдээчихээд ирээгүй гэсэн найдвар багтаж, үнэхээр тэгсэн үгүйгээс үл хамааран тэдний хацар улайсныг сайн гэгч нь ажиглаад авчээ. Мариане энэ явдалд эгчийнхээ өмнөөс бухимдаж, дайралтыг хэрхэн тэсч байгааг нь мэдэхээр түүний зүг зовнин харвал, Элинорт Женнингс хатагтайн түгээмэл наргианаас илүү дүүгийнх нь харц хүндээр тусчээ.
Сэр Жоны найз хурандаа Брандоны байр байдал хуучин анд, түүний эхнэр лэйди Мидлтон болон хадам ээж Женнингс хатагтайн хэнийхтэй нь ч төс байсангүй. Тэр дуугаа хураан баргар сууна. Мариане, Маргарет хоёр түүнийг дөч шахсан, ганц бие хөгшин хэмээн нэрлэсэн ч харахад муугүй эр бөгөөд царайлаг биш атлаа нүдэнд дулаахан, биеэ боловсон авч явдаг гучин таван настай эрхэм байв.
Дашвүдийнхэнд хань зугаа болох зочин байсангүй. Лэйди Мидлтоны хөндий харилцааны дэргэд хурандаа Брандон дэндүү хүрлэгэр, сэр Жон болон түүний хадам ээжийн чанга инээд сонирхолтой санагдам эвгүй байлаа. Тэрбээр зоогийн дараа ээжийгээ татаж чангаан, хувцсыг нь урж тасчин, өөрсдийнх нь тухай л биш бол бүхий л яриа хөөрөөг тасалдуулсан дөрвөн сахилгагүй хүүхдээ орж ирэхэд л сая баярын шинж тэмдэг үзүүлжээ.
Харин үдэш нь Мариане хөгжмийн авьяастай нь илэрч, түүнийг тоглож өгөхийг урив. Төгөлдөр хуур түгжээгүй байсны дээр бүгд сонороо мялаахыг хүсч байлаа. Мариане сайхан хоолойтой бөгөөд хэдийгээр ээжийнх нь хэлснээр сайн тоглодог, мөн өөрөө ихэд дурладаг байсан хэмээн батлах боловч айлын эзэгтэй болмогцоо хөгжмөө орхисон лэйди Мидлтоны анх гэрлэхдээ авч ирснээсээ хойш төгөлдөр хууран дээр тавьж орхиод магадгүй дахин гар хүрээгүй нотыг авч, зочдын хүсэлтээр тоглож эхлэв.
Бүгд алгаа хорстол ташин Марианед баяр хүргэж байлаа. Сэр Жон нэг аялгуу дуусах болгонд бишрэх сэтгэлээ чангаар илэрхийлж, дуу болгоны дундуур түүнээсээ дутахгүй чангаар яриа дэлгэж байв. Лэйди Мидлтон хөгжмөөс нэг хором ч атугай анхаарал сарних боломж бий эсэхийг гайхан, нөхрийгөө байн байн дуудан дууны хүсэлт тавихад Мариане түүнийг нь дөнгөж тоглоод дууссан байж таарч байлаа. Ганцхан хурандаа Брандон тэдэн шиг хөөрцөглөсөнгүй. Тэр магтаал сайшаалаа зөвхөн анхааралтайгаар чагнан илэрхийлж, үүнийх нь хариуд Марианед талархах сэтгэл төрж байсан бол хөгжим ойлгодоггүй нөгөөдүүлд нь дургүйцэж байлаа. Хурандааг тийм ч хөгжмийн мэдрэмжтэй гэхээргүй, өөрийнх нь хэмжээнд ойртож ч очихгүй хэдий ч аймшигтай бүдүүлэг бусадтай нь харьцуулахад арай учиртайд тооцож болохуйц, тэгээд ч гучин таван настай хүний сэтгэл хөдөлж, аливаа зүйлээс таашаал авах цаг бүрмөсөн өнгөрсөн байж мэдэх тул Мариане уужуу сэтгэл гарган түүнд огт хатуурхсангүй. Тэр хурандаад ачлал тахимдуу ёсоор хандаж, өдий насны хүнд шаардагдаж болох бүхнээр туслахдаа бэлэн байлаа.


Last edited by zolushka_717 on Jun.25.19 8:16 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jun.26.19 12:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
:wd:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jun.30.19 4:20 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
8.

Женнингс хатагтай нөхрөөсөө их хэмжээний хөрөнгө өвлөж авсан бэлэвсэн эмэгтэй юмсанж. Тэр хоёрхон охинтой агаад хоёуланг нь ёс төртэйгээр нөхөрт гаргачихсан тул энэ ертөнцөд үлдсэн бүх хүмүүсийг гэрлүүлэхээс ондоо хийх зүйлгүй болсон нэгэн. Эл зорилгынхоо төлөө тэрбээр өөрийн гар хүрэх хэмжээнд бүх хүчээ шавхан дайчилж, таньдаг мэддэг бүх залуу хүмүүсийнхээ гэрлэлтийг толгойдоо завгүй төсөөлөн төлөвлөнө. Хэн нэгний шохоорхсон сэтгэлийг гайхмаар хурдан нээн илрүүлж, эл совингоороо бахархахын хажуугаар залуу охидоор наадан хацрыг нь улайлгах дуртай байлаа. Тиймдээ ч бусдыг ажиглан дүгнэх онцгой чадвартай хүний хувьд Женнингс хатагтай Бартонд ирээд төд удаагүй байхдаа хурандаа Брандон Мариане Дашвүдэд сэтгэл алдарсан талаар итгэлтэй нь аргагүй зарлажээ. Хурандаа анх уулзсан оройноо Марианын дуулахыг ихэд анхааран чагнаж байснаас үүдэн Женнингс хатагтайн авсан сэжиг нь Дашвүдийнхэн Мидлтоныхныг хариу урьж Бартон Коттажид оройн зоог барих үеэр түүний тоглосон хөгжимд дахин хичээнгүйлэн чих тавьж байсан тул батлагдаж орхижээ. Гарцаагүй тийм байж таарна. Женнингс хатагтай үүнд бат итгэлтэй байв. Эрэгтэй нь баян, эмэгтэй нь үзэсгэлэнтэй учраас гайхалтай тохирсон хос болно. Женнингс хатагтай сэр Жонтой садан төрлийн холбоотойн ачаар хурандаатай анх танилцсан цагаасаа эхлэн түүний хуримлах мөчийг харахаар тэсч ядаж ирсний дээр царайлаг охин болгонд сайн нөхөр олж өгөх нь ямагт нэн тэргүүнийх нь зорилго байсан билээ.
Сайх хоёрыг хүссэнээрээ цаашлуулах боломж олгох тул эл байдлаас Женнингс хатагтайд ирэх ашгийг бага гэж үзэж болохооргүй байсан юм. Тэр хурандааг Паркад, Марианыг гэртээ байхад нь наргиан хийгээд авав. Хурандаагийн хувьд хошигнол зөвхөн өөрт нь чиглэсэн байсан болохоор тоож үзсэнгүй. Харин Мариане эхэндээ учрыг ойлгосонгүй. Дараа нь мэдмэгцээ нэгдүгээрт түүн шиг насны, хоёрдугаарт түүн шиг хөөрхийлөлтэй ганц бие хүнээр ийн тохуурхах нь ёс алдсан хэрэг тул ямар ч утгагүй болохынх нь хувьд инээх, эсвэл нас намбыг нь хүндэлсэнгүй гэж зэмлэхийн аль нь зөв болохыг шийдэж чадалгүй өнгөрчээ.
Цэл залуу охиных нь нүдэнд балар эртний хүн адил харагдаж байвч хурандаа өөрөөс нь тавхан насаар дүү болохын учир Дашвүд хатагтайн бодол ондоо байсан учир Женнингс хатагтай хурандаагийн насыг дайруулан даажигнах гээгүйг охиндоо ойлгуулах хэрэгтэй гэж үзжээ.
-Ээж ээ, та энэ гүтгэлгийг зориудын доромжлолд тооцохгүй байж мэдэх ч, хичнээн утгагүй болохыг нь үгүйсгэж болохгүй шүү дээ. Хурандаа Брандон хатагтай Женнингсээс яахын аргагүй залуу, гэхдээ л миний аав байх насны хүн. Хэзээ нэгэн цагт хайрлаж дурлаж явсан байлаа гэж бодсон ч аль эрт тэгж чадахаа больсон байж таарна. Утгагүй юм! Өндөр нас, хүнд өвчин хүртэл ийм тоглоом шоглоомноос авардаггүй юм бол чухам юу хэлтрүүлэх хэрэг вэ?
-Хүнд өвчин ий! Чи сая хурандаа Брандоныг хүнд өвчтэй гэчихэв үү дээ? Түүний нас чиний нүдэнд ээжийнхээс илүү том асуудал болж харагдаж байгааг би төвөггүй төсөөлөх ч хурандааг бие муутай гэж ташаа бодож болохгүй шүү гэж Элинор хэлэв.
-Чи түүнийг үе мөч нь өвддөг гэж хэлэхийг дуулаагүй юу? Энэ чинь хүнд өвчний түгээмэл нэг хэлбэр биш үү?
-Хонгор охин минь дээ гэж ээж нь инээд алдан хэлээд:
-Тийм бол чи намайг хэзээ мөдгүй нүд аниад өгөх вий гэж хором бүрт шаналж явдаг байж таарах нь. Би дөчийн дөчин жил амьд сэрүүн явж буй нь чиний хувьд жинхэнэ гайхамшгаас өөрцгүй байх нь гэлээ.
-Ээж ээ, та намайг огтхон ч өмгөөлөхгүй байна. Хурандаа Брандон байгалийн жамыг дагаж, найз нөхдөө бүрмөсөн орхих цаг нь хараахан болоогүйг би мэдэлгүй дээ. Дахиад хорин жил амьдарч ч магад. Гэхдээ л гучин тав гэдэг чинь гэрлэх нас ерөөс биш.
-Гучин тав, арван долоотой хүмүүсийг гэрлүүлэх тухай ярих хэрэггүй байж мэдэх л дээ. Харин хорин долоотой ганц бие бүсгүй байж гэж бодвол хурандаа Брандоны гучин таван нас гэрлэхэд огтхон ч тээг болохгүй шиг санагдана гэж Элинор хэлбэл Мариане хэсэг азнасны эцэст:
-Хорин долоон настай эмэгтэй хайрлаж, хайрлуулна гэж найдаад хэрэггүй болсон гэсэн үг. Хэрэв орон гэрийнх нь уур амьсгал таагүй, эсвэл хөрөнгө мөнгө багатай бол айлын эхнэр болсноор эдлэх хангамжийн төлөө сувилагчийн үүргийг давхар хүлээж магадгүй л юм. Ийм эмэгтэйтэй гэрлэх нь хурандаагийн зүгээс тохиромжгүйд тооцогдохгүй. Хэн хэнд нь өгөөжтэй, хүмүүс ч эсэргүүцэхгүй. Миний нүдэнд бол жинхэнэ гэрлэлт шиг үзэгдэхгүй л дээ. Хоёр биенээсээ ашиг хонжоо хайж байгаа учраас гэрлэлт бус наймаа л болно. Гэхдээ энэ чухал биш хэмээн өгүүлэв.
-Хорин долоотой бүсгүй гучин тавтай эрийг хайрлаж, нөхрөө болгохыг хүсч болно гэдгийг чамд ойлгуулах гэж оролдоод ч хэрэггүйг би мэдэж байна. Харин ердөө өчигдөр (маш хүйтэн, чийгтэй өдөр) мөр нь жаахан хөндүүрлэж байгаа талаар ганц удаа дурссанаас болж хурандаа Брандон болон түүний эхнэрийг асаргааны оронд насаараа хадагдана гэсэн чиний бодлыг би эсэргүүцэх ёстой гэж Элинор хариуллаа.
-Гэхдээ тэр бүсэлхийн дулаалганы талаар бас ярьсан шүү дээ. Миний үзэхэд бүсэлхийн дулаалга үе мөч, хуян шар ус гээд л ер нь хөгширч тамир тэнхээ муудсан хүмүүсийн тусдаг өвчинтэй шууд холбоотой.
-Тэр өндөр халуунтай байсан бол чи түүнийг ингэтэл муугаар бодохгүй байсан даа. Хацар улайх, харц бүүдийх, зүрхний цохилт хурдсахын аль нэг нь чамд сонирхолтой санагдах байсан уу, Мариане үнэнээр нь хэл дээ гэж Элинор өгүүлээд удалгүй өрөөг орхин гарлаа. Түүнийг явмагц Мариане:
-Ээж ээ, өвчин гэснээс би танд нэг зүйл хэлэлгүй болохгүй нь. Би Эдвард Феррасыг өвдсөн гэдэгт итгэлтэй байна. Бид энд ирээд бараг хагас сар болсон атал тэр одоо болтол алга байна шүү дээ. Өвчнөөс ондоо ингэтэл удаан саатуулах зүйл байх ёсгүй. Өөр юу түүнийг Норландад байлгаад байх билээ? гэвэл ээж нь:
-Түүнийг ийм хурдан ирнэ гэж итгэх шалтгаан чамд байсан юм уу? Надад байгаагүй. Харин ч эсрэгээрээ түүнийг Бартонд урих үед тэгтлээ баярлахгүй, ирнэ гэж яарахгүй байх шиг санагдсанд би бага зэрэг зовох ёстой. Элинор түүнийг хэдийнээ хүлээгээд эхэлчихсэн гэж үү? хэмээн асуулаа.
-Би энэ талаар түүнтэй ярилцаагүй. Гэхдээ мэдээж хүлээж байж таараа шүү дээ.
-Чамайг алдсан болов уу гэж би санана. Өчигдөр зочны унтлагын өрөөнд шинэ хаалт авах талаар ярих үеэр Элинор тэр өрөө ойрын үед хэрэг болохгүй гэж бодсон аятай яараад хэрэггүй гэнэ билээ.
-Юу гээч хачин хэрэг вэ! Ямар учиртай байж таарах вэ! Ганц энэ ч биш, тэдний байр байдлыг тайлбарлахын аргагүй байдаг! Сүүлд уулзахдаа ямар хөндий, хичнээн тайван байсан бэ! Хамт өнгөрүүлсэн сүүлчийн оройноо яасан хэрэггүй юм ярьж байсан бэ! Эдвард салах ёс гүйцэтгэхдээ Элинор бид хоёрт огт ялгаагүй хандсан. Сайн ахын ёсоор сайхан бүхнийг ерөөгөөд л. Замд гардаг өглөө би тэднийг хоёрын хоёр удаа хүнгүй орхиж байхад удаа болгонд нь Эдвард яагаад ч юм намайг дагаад гарсан гээч. Элинор ч бас, Норландыг, Эдвардыг орхин явж байж надаас бага уйлсан. Одоо ч гэсэн огт хувиралгүй байх юм. Тэр ер нь хэзээ сэтгэлээр унаж, хямарч байлаа? Тэр хэзээ ганцаараа байхыг илүүд үзэн хүмүүсээс зайлсхийж, түгшил зовнилоо ил харуулж байлаа?


Last edited by zolushka_717 on Jun.30.19 4:20 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.30.19 6:50 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
9.

Дашвүдийнхэн Бартонд овоо тохьжин суурьшаад байлаа. Байшин, цэцэрлэг, эргэн тойрных нь бүх зүйл танил болж, Норландыг тухтай болгож асан өдөр тутмын амьдрал ааваасаа хойш хуучин гэртээ мэдэрч чадахаа больсон баяр хөөрийг дагуулан эргэж ирээд байв. Сард хоёр удаа заавал айлчилж ирдэг Сэр Жон Мидлтон гэрт нь хүмүүс завгүй байхыг харж дасаагүйн учир уулзах тоолондоо зүгээр суугаагүйг нь үзээд гайхсанаа нууж чаддаггүй байлаа.
Сэр Жон тэднийг айл хөршүүдтэйгээ ойр дотно байхыг идэвхийлэн шаардаж, сүйх тэрэг нь бүсгүйчүүдийн хэрэгцээнд үргэлж бэлэн байхыг олон удаа батлан хэлснээс үл хамааран Дашвүд хатагтайн бие даан амьдрах гэсэн эрмэлзэл охидыгоо олны дунд байлгах хүслээс давж, явган хүрэх зайнаас хол суудаг хүмүүсийн урилгаас татгалзах тул Коттажийн зочдын тоо Бартон Паркийнхныг эс тооцвол байхгүйтэй адил байв. Эл ангилалд хамаарагдах хүн цөөн байсны дээр тэдний бүгдтэй нь танил биш байсан юм. Охид эхний хэдэн зугаалгынхаа үеэр гэрээсээ бээр хагас орчмын зайд, өмнө дүрсэлсэн Бартоноос салбарласан Алленхамын нарийн хөндийд эртний хийц маягтай том байшин олж хараад, Норландыг нь санагдуулсан тул ихэд сонирхон, эзэдтэй нь танилцахсан гэж хүссэн билээ. Хожим нь тэрхүү байшин нэгэн сайн хатагтайн эзэмшил боловч харамсалтай нь дэндүү нас дээр гарсны учир гэрээсээ гарахаа больсныг олж дуулжээ.
Тэд алхаж зугаалахад сайхан нутагт суурьшсан байлаа. Хэдийгээр хөндийн шавар шавхай үзэсгэлэн гоо төрхөө доош чангаах боловч гэрийнх нь цонхоор шагайх уул толгод оргил дээр нь гарч цэнгэг агаар уушги дүүрэн амьсгалахыг урин дуудах ба Мариане, Маргарет хоёр нэгэн өглөө эл толгодын нэгэн рүү өгсөх зуураа үүлэн чөлөөний нарны туяаг таашаан, хоёр өдрийн турш цутгасан бороо татарсанд баяр хөөрөө барьж дийлэхгүй явлаа. Марианын удахгүй үүл арилж тэнгэр цэлмээд сайхан өдөр болно хэмээн баталсныг үл харгалзан нөгөө хоёрынх нь хувьд харандаа, номоо авч гэрээс цухуйхад цаг агаар тийм ч таатай бус байснаас охид хоёулхнаа гарч иржээ.
Тэд үүлэн завсраар тэнгэр цэнхэртэх тоолонд баярлан, баруун өмнийн салхи хацрыг нь илбэх бүрт Элинор болон ээжийгээ ийм аз жаргал мэдрэхийн оронд хий айсныг нь шоолон тун хөгжилтэй явж байв.
-Үүнээс сайхан зүйл гэж байх уу? Маргарет, хоёулаа дор хаяж хоёр цаг алхана шүү.
Дүү нь зөвшөөрч, тэд өөдөөс үлээх салхийг инээдээрээ сөрөн хорин минут орчим яваад байтал толгой дээр нь гэнэтхэн үүл бөөгнөрч, нүүр нүдгүй бороо асгаж гарах нь тэр. Тэд балмагдан цочирдож, хэдий хүсээгүй ч ойр хавьд нь хоргодох газар байсангүй тул гэртээ харихаар эргэжээ. Гэнэт үүссэн нөхцөл байдал тэдэнд ердийнхөөс ондоогоор биеэ авч явах боломж өгч, охид цэцэрлэгийнхээ хашаанд аль болох түргэн хүрэхийн тулд гүвээний эгц талаас хамаг хурдаараа уруудан гүйцгээв.
Гэтэл түрүүлэн гүйж явсан Мариане гэнэт хальтирч, газар унах нь тэр. Маргарет эгчдээ туслах гэсэн ч зогсож чадсангүй, эрчиндээ гүйсээр тэгшхэн газар аюулгүй бууж иржээ.
Марианыг унах үед түүнээс хэдхэн метрийн зайд хоёр нохой дагуулсан буу агссан эрхэм гүвээн дээр явж байсан юмсанж. Тэр буугаа мултлан тавиад, туслахаар гүйн ирэв. Мариане газраас боссон боловч унахдаа шагайгаа гэмтээсний улмаас хөл дээрээ зогсож чадахгүй байлаа. Эрхэм туслахыг санал болгоод, бүсгүйн хүмүүжил шаардлагатай тусламжийг авахад саад болж буйг үзээд, дахин хойшлуулсангүй шуудхан түүнийг тэврэн авч доош уруудах нь тэр. Ингээд Маргаретын нээж үлдээсэн цэцэрлэгийн хаалгаар өнгөрч, шулуухан гэрт нь явж оров. Гэсэн ч Марианыг дор нь буулгачихсангүй, харин амрах өрөөний зөөлөн сандал дээр суулгажээ. Маргарет дөнгөж орж ирээд байлаа.
Элинор, ээж хоёр нь тэднийг орж ирмэгц сандран ухасхийсэн ба тэдний илэрхий гайхаж, нууцхан биширсэн харц сайх эрхмийн жавхаалаг дүрээс нэг хором ч үл салах хооронд цаадах нь гэнэт үймүүлсэн явдалдаа ил шулуун, эрхэмсэг боловсноор өршөөл эрсэнд царайлаг төрхнөөс гадна дуу хоолой, биеэ авч явах байдал нь бүр ч соронздож орхижээ. Тэр хөгшин, царай муутай, бүдүүлэг хүн байсан ч Дашвүд хатагтай талархах сэтгэл эелдэг зангаа ялгаагүй зориулах боловч охиныхоо аюулгүй байдалд анхаарах зуурт нь залуу нас, үзэсгэлэн гоо, хээнцэр дэгжин байдлын нөлөөгөөр үүн дээр нь сонирхох сэтгэл нэмэгдсэн байлаа.
Тэр залуу эрхэмд дахин дахин талархаж, элэгсэг дотноор суухыг урив. Харин зочин нь бохир, нойтон хувцастай байсан тул татгалзжээ. Тэгэхээр нь Дашвүд хатагтай хэнд талархах ёстой болсноо асуувал залуу эрхэм Уиллиби хэмээн өөрийгөө танилцуулаад, Алленхамд суудаг гэдгээ хэлж, маргааш Дашвүд авхайн биеийг асууж ирэхийг нь зөвшөөрөх эсэхийг мэдэхийг хүсэв. Харин хүсэлтийг нь хүлээн авмагц тэрбээр бүсгүйчүүдийн сонирхлыг улам асаах гэсэн мэт бороо орсоор байтал яваад өгчээ.
Түүний эрэмгий гоо сайхан, хүн бүрт үл олдох намба төрх тэдний бишрэл хүндэтгэлийн гол сэдэв болсон бол Марианын нүдэнд харц булаам сайхан инээд нь онцгой жавхаалаг үзэгджээ. Мариане гарт нь тэврүүлсэн мөчөөс эхлэн ичингүйрэн будилж гүйцээд гэрт нь оруулж ирсний дараа хүртэл харц өргөж чадаагүй тул сайх эрхмийг бусдаас илүү хэмжээнд тогтон ажиж чадаагүй юм. Гэсэн ч гэрийнхэнтэйгээ ам булаацалдан биширч чадахуйц хангалттай ихийг харсан ба магтаал сайшаалдаа эрч хүчээ огтхон ч хайрлаж гамнасангүй. Түүний зүс царай, байр байдал дуртай зохиолынх нь сэтгэлийг татагч гол баатартай адил байсны дээр нэг их ёсорхолгүйгээр тэврэн авч гэрт нь хүргэсэн нь түргэн сэтгэдгийг нь илэрхий харуулж байв. Түүнд хамаарах бүх зүйл сонирхол татах ажээ. Нэр нь хүндтэй, дуртай байшинд нь амьдардаг, төд удалгүй Мариане түүний өмссөн ангийн хүрэм хамгийн сайхнаар зохьсон байсныг санав. Түүний төсөөлөл завгүй, сэтгэл нь өндөр байсан тул шагайныхаа өвдөлтийг санах сөхөөгүй байлаа.
Цаг агаар дөнгөж сайжран, гэрээс цухуйх эхний боломж олдмогц сэр Жон тэднийд ирж, санаандгүй осолтой хамааралтайн хувьд Алленхамд амьдардаг Уиллиби гэгч эрхмийн талаар дуулсан эсэх талаар асуултанд хариулах үүрэг хүлээжээ.
-Уиллиби гэсэн үү? хэмээн сэр Жон баярлан дуу алдаад:
-Тэр ирчихсэн юм уу? Сайхан мэдээ байна. Маргааш очиж пүрэв гаригт ир гэж урья байз гэвэл Дашвүд хатагтай:
-Тэгвэл та таньдаг байх нь ээ? хэмээн асуулаа.
-Таних ий! Тэгэлгүй дээ. Энд жил болгон ирдэг юм чинь.
-Чухам ямархуу хүн юм бэ дээ?
-Ёстой сайчуулын нэг. Сайн бууддаг, бүхэл Англи даяар түүн шиг эрэмгий морьтон олдохгүй гэж мэд.
-Таны хэлэх зүйл ингээд л болоо гэж үү дээ? Зан чанарынх нь талаар яриач дээ. Тэр ямар авьяас чадвартай, юу сонирхож хүсч мөрөөддөг юм бэ? гэж Мариане тэвчээр алдан хашхирах шахан шалгаав. Сэр Жон бүр гайхчихжээ.
-Тангараглаж хэлэхэд би тэр болгоныг нь хэлж чадах хүртэл түүнийг мэдэхгүй юм. Гэхдээ нийцтэй, хөгжилтэй, бас миний харсан хамгийн сайхан хар зүсмийн анч нохойтой. Өнөөдөр түүнтэйгээ явж байна уу?
Гэвч сэр Жоны ноён Уиллибийн нохойн талаар мэдэх хүсэл Мариане түүний ямар хүн болох талаар мэдэх гэсэн хүслийн адилаар гүйцэлдсэнгүй.
-Тэр чухам хэн гээч вэ? Хаанаас ирсэн хүн бэ? Алленхамд байшинтай юм уу? гэж Элинор лавлавал энэ тал дээр сэр Жон арай дэлгэрэнгүй хариулт өгч чадав. Ноён Уиллибид энд эзэмшил үгүй бөгөөд Алленхамын байшинд амьдардаг хатагтайнд айлчлах хугацаандаа тэнд суудаг ажээ. Тэд садан төрөл ба ноён Уиллиби тэрхүү хатагтайн өв залгамжлагч болох талаар яриад сэр Жон:
-Тийм шүү, тийм. Бариад авахад тун буруудахгүй эр гэдгийг батлах байна, Дашвүд авхай. Тэр Сомерсетшайрт эзэмшилтэй, би л таны оронд байсан бол уулын уруу бөмбөрснийг нь тоолгүйгээр түүнийг дүүдээ найр тавихгүй байсан юм. Мариане авхай бүх эрчүүдийг ганцаараа эзэгнэж яаж болох вэ. Тэр тоодоггүй юм гэхэд Брандон хардана шүү дээ хэмээн нэмж хэлэв. Дашвүд хатагтай машид найрсгаар инээмсэглэн:
-Ноён Уиллиби миний аль ч охины таны нэрлэснээр барьж авах оролдлогын бай болно гэж би итгэхгүй байна. Миний охид тэгж хүмүүжээгүй. Эрчүүд хичнээн мөнгөтэй нь хамаагүй, бидний дэргэд ямар ч аюулгүй байх болно. Түүний нэр хүндтэй залуу эр болохыг, найз нөхөд болоход буруу зүйл болохгүйг хэлж өгсөн явдалд харин гүнээ талархаж байна хэмээв.
-Сайчуулын нэг шиг л санагддаг юм гэж сэр Жон давтаад:
-Өнгөрсөн зул сараар Паркад болсон үдэшлэгийн үеэр тэр нэг ч суулгүйгээр найман цагаас өглөөний дөрөв хүртэл бүжиглэснийг би санаж байна гэвэл Марианын нүд нь гэрэлтэж:
-Үнэн үү? Эрч хүчтэй, цовоо дэгжин бүжиглэсэн биз дээ? гэлээ.
-Тийм ээ. Тэгээд найман цаг гэхэд анд явахад бэлэн зогсож байсан.
-Ёстой сайхан. Залуу эр хүн яг л ийм байх ёстой. Ямар ч зорилготой байсан хүсэл тэмүүллийнхээ төлөө даруу загнаж биеэ хорьдоггүй, бас юу ч хийсэн ядарч зүдэрдэггүй байх ёстой.
-Аа, юу болоод байгааг би ойлголоо. Юу болохыг ч ойлголоо. Одоо та түүний зүг соотолзоод хөөрхий Брандоныг минь нэг нүдээрээ ч тоож харахгүй нь.
-Би наад үгэнд чинь онцгой дургүй, сэр Жон. Надад тохуурхаж дооглосон ямар ч хэлц таалагддаггүй. Соотолзох, хоёр туулай уралдуулах зэрэг нь тэдэн дотроо хамгийн өөдгүйд тооцогдоно. Илэрхийлж буй санаа нь явцуу, ой гутам. Хэрэв ухаалаг цэцэнд тооцогдож асан цаг байсан бол аль эрт тийм биш болсон.
Сэр Жон Марианын дургүйцлийг бүрэн дүүрэн ойлгоогүй боловч ойлгосон юм шиг үнэн сэтгэлээсээ хөхөрлөө.
-Хэлбэр нь ямар ч бай та уралдаан явуулах нь гарцаагүй хэрэг болсон. Хөөрхий Брандон! Аль хэдийнээ хожигдож үзсэн хүн. Баталж хэлэхэд тэр өнхөрч унах, шагайгаа булгалах зэргийг үл хамааран таны соотолзвол зохих хүн мөнөөс мөн байлаа даа.


Last edited by zolushka_717 on Jun.30.19 6:50 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.30.19 6:51 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
9.

Дашвүдийнхэн Бартонд овоо тохьжин суурьшаад байлаа. Байшин, цэцэрлэг, эргэн тойрных нь бүх зүйл танил болж, Норландыг тухтай болгож асан өдөр тутмын амьдрал ааваасаа хойш хуучин гэртээ мэдэрч чадахаа больсон баяр хөөрийг дагуулан эргэж ирээд байв. Сард хоёр удаа заавал айлчилж ирдэг Сэр Жон Мидлтон гэрт нь хүмүүс завгүй байхыг харж дасаагүйн учир уулзах тоолондоо зүгээр суугаагүйг нь үзээд гайхсанаа нууж чаддаггүй байлаа.
Сэр Жон тэднийг айл хөршүүдтэйгээ ойр дотно байхыг идэвхийлэн шаардаж, сүйх тэрэг нь бүсгүйчүүдийн хэрэгцээнд үргэлж бэлэн байхыг олон удаа батлан хэлснээс үл хамааран Дашвүд хатагтайн бие даан амьдрах гэсэн эрмэлзэл охидыгоо олны дунд байлгах хүслээс давж, явган хүрэх зайнаас хол суудаг хүмүүсийн урилгаас татгалзах тул Коттажийн зочдын тоо Бартон Паркийнхныг эс тооцвол байхгүйтэй адил байв. Эл ангилалд хамаарагдах хүн цөөн байсны дээр тэдний бүгдтэй нь танил биш байсан юм. Охид эхний хэдэн зугаалгынхаа үеэр гэрээсээ бээр хагас орчмын зайд, өмнө дүрсэлсэн Бартоноос салбарласан Алленхамын нарийн хөндийд эртний хийц маягтай том байшин олж хараад, Норландыг нь санагдуулсан тул ихэд сонирхон, эзэдтэй нь танилцахсан гэж хүссэн билээ. Хожим нь тэрхүү байшин нэгэн сайн хатагтайн эзэмшил боловч харамсалтай нь дэндүү нас дээр гарсны учир гэрээсээ гарахаа больсныг олж дуулжээ.
Тэд алхаж зугаалахад сайхан нутагт суурьшсан байлаа. Хэдийгээр хөндийн шавар шавхай үзэсгэлэн гоо төрхөө доош чангаах боловч гэрийнх нь цонхоор шагайх уул толгод оргил дээр нь гарч цэнгэг агаар уушги дүүрэн амьсгалахыг урин дуудах ба Мариане, Маргарет хоёр нэгэн өглөө эл толгодын нэгэн рүү өгсөх зуураа үүлэн чөлөөний нарны туяаг таашаан, хоёр өдрийн турш цутгасан бороо татарсанд баяр хөөрөө барьж дийлэхгүй явлаа. Марианын удахгүй үүл арилж тэнгэр цэлмээд сайхан өдөр болно хэмээн баталсныг үл харгалзан нөгөө хоёрынх нь хувьд харандаа, номоо авч гэрээс цухуйхад цаг агаар тийм ч таатай бус байснаас охид хоёулхнаа гарч иржээ.
Тэд үүлэн завсраар тэнгэр цэнхэртэх тоолонд баярлан, баруун өмнийн салхи хацрыг нь илбэх бүрт Элинор болон ээжийгээ ийм аз жаргал мэдрэхийн оронд хий айсныг нь шоолон тун хөгжилтэй явж байв.
-Үүнээс сайхан зүйл гэж байх уу? Маргарет, хоёулаа дор хаяж хоёр цаг алхана шүү.
Дүү нь зөвшөөрч, тэд өөдөөс үлээх салхийг инээдээрээ сөрөн хорин минут орчим яваад байтал толгой дээр нь гэнэтхэн үүл бөөгнөрч, нүүр нүдгүй бороо асгаж гарах нь тэр. Тэд балмагдан цочирдож, хэдий хүсээгүй ч ойр хавьд нь хоргодох газар байсангүй тул гэртээ харихаар эргэжээ. Гэнэт үүссэн нөхцөл байдал тэдэнд ердийнхөөс ондоогоор биеэ авч явах боломж өгч, охид цэцэрлэгийнхээ хашаанд аль болох түргэн хүрэхийн тулд гүвээний эгц талаас хамаг хурдаараа уруудан гүйцгээв.
Гэтэл түрүүлэн гүйж явсан Мариане гэнэт хальтирч, газар унах нь тэр. Маргарет эгчдээ туслах гэсэн ч зогсож чадсангүй, эрчиндээ гүйсээр тэгшхэн газар аюулгүй бууж иржээ.
Марианыг унах үед түүнээс хэдхэн метрийн зайд хоёр нохой дагуулсан буу агссан эрхэм гүвээн дээр явж байсан юмсанж. Тэр буугаа мултлан тавиад, туслахаар гүйн ирэв. Мариане газраас боссон боловч унахдаа шагайгаа гэмтээсний улмаас хөл дээрээ зогсож чадахгүй байлаа. Эрхэм туслахыг санал болгоод, бүсгүйн хүмүүжил шаардлагатай тусламжийг авахад саад болж буйг үзээд, дахин хойшлуулсангүй шуудхан түүнийг тэврэн авч доош уруудах нь тэр. Ингээд Маргаретын нээж үлдээсэн цэцэрлэгийн хаалгаар өнгөрч, шулуухан гэрт нь явж оров. Гэсэн ч Марианыг дор нь буулгачихсангүй, харин амрах өрөөний зөөлөн сандал дээр суулгажээ. Маргарет дөнгөж орж ирээд байлаа.
Элинор, ээж хоёр нь тэднийг орж ирмэгц сандран ухасхийсэн ба тэдний илэрхий гайхаж, нууцхан биширсэн харц сайх эрхмийн жавхаалаг дүрээс нэг хором ч үл салах хооронд цаадах нь гэнэт үймүүлсэн явдалдаа ил шулуун, эрхэмсэг боловсноор өршөөл эрсэнд царайлаг төрхнөөс гадна дуу хоолой, биеэ авч явах байдал нь бүр ч соронздож орхижээ. Тэр хөгшин, царай муутай, бүдүүлэг хүн байсан ч Дашвүд хатагтай талархах сэтгэл эелдэг зангаа ялгаагүй зориулах боловч охиныхоо аюулгүй байдалд анхаарах зуурт нь залуу нас, үзэсгэлэн гоо, хээнцэр дэгжин байдлын нөлөөгөөр үүн дээр нь сонирхох сэтгэл нэмэгдсэн байлаа.
Тэр залуу эрхэмд дахин дахин талархаж, элэгсэг дотноор суухыг урив. Харин зочин нь бохир, нойтон хувцастай байсан тул татгалзжээ. Тэгэхээр нь Дашвүд хатагтай хэнд талархах ёстой болсноо асуувал залуу эрхэм Уиллиби хэмээн өөрийгөө танилцуулаад, Алленхамд суудаг гэдгээ хэлж, маргааш Дашвүд авхайн биеийг асууж ирэхийг нь зөвшөөрөх эсэхийг мэдэхийг хүсэв. Харин хүсэлтийг нь хүлээн авмагц тэрбээр бүсгүйчүүдийн сонирхлыг улам асаах гэсэн мэт бороо орсоор байтал яваад өгчээ.
Түүний эрэмгий гоо сайхан, хүн бүрт үл олдох намба төрх тэдний бишрэл хүндэтгэлийн гол сэдэв болсон бол Марианын нүдэнд харц булаам сайхан инээд нь онцгой жавхаалаг үзэгджээ. Мариане гарт нь тэврүүлсэн мөчөөс эхлэн ичингүйрэн будилж гүйцээд гэрт нь оруулж ирсний дараа хүртэл харц өргөж чадаагүй тул сайх эрхмийг бусдаас илүү хэмжээнд тогтон ажиж чадаагүй юм. Гэсэн ч гэрийнхэнтэйгээ ам булаацалдан биширч чадахуйц хангалттай ихийг харсан ба магтаал сайшаалдаа эрч хүчээ огтхон ч хайрлаж гамнасангүй. Түүний зүс царай, байр байдал дуртай зохиолынх нь сэтгэлийг татагч гол баатартай адил байсны дээр нэг их ёсорхолгүйгээр тэврэн авч гэрт нь хүргэсэн нь түргэн сэтгэдгийг нь илэрхий харуулж байв. Түүнд хамаарах бүх зүйл сонирхол татах ажээ. Нэр нь хүндтэй, дуртай байшинд нь амьдардаг, төд удалгүй Мариане түүний өмссөн ангийн хүрэм хамгийн сайхнаар зохьсон байсныг санав. Түүний төсөөлөл завгүй, сэтгэл нь өндөр байсан тул шагайныхаа өвдөлтийг санах сөхөөгүй байлаа.
Цаг агаар дөнгөж сайжран, гэрээс цухуйх эхний боломж олдмогц сэр Жон тэднийд ирж, санаандгүй осолтой хамааралтайн хувьд Алленхамд амьдардаг Уиллиби гэгч эрхмийн талаар дуулсан эсэх талаар асуултанд хариулах үүрэг хүлээжээ.
-Уиллиби гэсэн үү? хэмээн сэр Жон баярлан дуу алдаад:
-Тэр ирчихсэн юм уу? Сайхан мэдээ байна. Маргааш очиж пүрэв гаригт ир гэж урья байз гэвэл Дашвүд хатагтай:
-Тэгвэл та таньдаг байх нь ээ? хэмээн асуулаа.
-Таних ий! Тэгэлгүй дээ. Энд жил болгон ирдэг юм чинь.
-Чухам ямархуу хүн юм бэ дээ?
-Ёстой сайчуулын нэг. Сайн бууддаг, бүхэл Англи даяар түүн шиг эрэмгий морьтон олдохгүй гэж мэд.
-Таны хэлэх зүйл ингээд л болоо гэж үү дээ? Зан чанарынх нь талаар яриач дээ. Тэр ямар авьяас чадвартай, юу сонирхож хүсч мөрөөддөг юм бэ? гэж Мариане тэвчээр алдан хашхирах шахан шалгаав. Сэр Жон бүр гайхчихжээ.
-Тангараглаж хэлэхэд би тэр болгоныг нь хэлж чадах хүртэл түүнийг мэдэхгүй юм. Гэхдээ нийцтэй, хөгжилтэй, бас миний харсан хамгийн сайхан хар зүсмийн анч нохойтой. Өнөөдөр түүнтэйгээ явж байна уу?
Гэвч сэр Жоны ноён Уиллибийн нохойн талаар мэдэх хүсэл Мариане түүний ямар хүн болох талаар мэдэх гэсэн хүслийн адилаар гүйцэлдсэнгүй.
-Тэр чухам хэн гээч вэ? Хаанаас ирсэн хүн бэ? Алленхамд байшинтай юм уу? гэж Элинор лавлавал энэ тал дээр сэр Жон арай дэлгэрэнгүй хариулт өгч чадав. Ноён Уиллибид энд эзэмшил үгүй бөгөөд Алленхамын байшинд амьдардаг хатагтайнд айлчлах хугацаандаа тэнд суудаг ажээ. Тэд садан төрөл ба ноён Уиллиби тэрхүү хатагтайн өв залгамжлагч болох талаар яриад сэр Жон:
-Тийм шүү, тийм. Бариад авахад тун буруудахгүй эр гэдгийг батлах байна, Дашвүд авхай. Тэр Сомерсетшайрт эзэмшилтэй, би л таны оронд байсан бол уулын уруу бөмбөрснийг нь тоолгүйгээр түүнийг дүүдээ найр тавихгүй байсан юм. Мариане авхай бүх эрчүүдийг ганцаараа эзэгнэж яаж болох вэ. Тэр тоодоггүй юм гэхэд Брандон хардана шүү дээ хэмээн нэмж хэлэв. Дашвүд хатагтай машид найрсгаар инээмсэглэн:
-Ноён Уиллиби миний аль ч охины таны нэрлэснээр барьж авах оролдлогын бай болно гэж би итгэхгүй байна. Миний охид тэгж хүмүүжээгүй. Эрчүүд хичнээн мөнгөтэй нь хамаагүй, бидний дэргэд ямар ч аюулгүй байх болно. Түүний нэр хүндтэй залуу эр болохыг, найз нөхөд болоход буруу зүйл болохгүйг хэлж өгсөн явдалд харин гүнээ талархаж байна хэмээв.
-Сайчуулын нэг шиг л санагддаг юм гэж сэр Жон давтаад:
-Өнгөрсөн зул сараар Паркад болсон үдэшлэгийн үеэр тэр нэг ч суулгүйгээр найман цагаас өглөөний дөрөв хүртэл бүжиглэснийг би санаж байна гэвэл Марианын нүд нь гэрэлтэж:
-Үнэн үү? Эрч хүчтэй, цовоо дэгжин бүжиглэсэн биз дээ? гэлээ.
-Тийм ээ. Тэгээд найман цаг гэхэд анд явахад бэлэн зогсож байсан.
-Ёстой сайхан. Залуу эр хүн яг л ийм байх ёстой. Ямар ч зорилготой байсан хүсэл тэмүүллийнхээ төлөө даруу загнаж биеэ хорьдоггүй, бас юу ч хийсэн ядарч зүдэрдэггүй байх ёстой.
-Аа, юу болоод байгааг би ойлголоо. Юу болохыг ч ойлголоо. Одоо та түүний зүг соотолзоод хөөрхий Брандоныг минь нэг нүдээрээ ч тоож харахгүй нь.
-Би наад үгэнд чинь онцгой дургүй, сэр Жон. Надад тохуурхаж дооглосон ямар ч хэлц таалагддаггүй. Соотолзох, хоёр туулай уралдуулах зэрэг нь тэдэн дотроо хамгийн өөдгүйд тооцогдоно. Илэрхийлж буй санаа нь явцуу, ой гутам. Хэрэв ухаалаг цэцэнд тооцогдож асан цаг байсан бол аль эрт тийм биш болсон.
Сэр Жон Марианын дургүйцлийг бүрэн дүүрэн ойлгоогүй боловч ойлгосон юм шиг үнэн сэтгэлээсээ хөхөрлөө.
-Хэлбэр нь ямар ч бай та уралдаан явуулах нь гарцаагүй хэрэг болсон. Хөөрхий Брандон! Аль хэдийнээ хожигдож үзсэн хүн. Баталж хэлэхэд тэр өнхөрч унах, шагайгаа булгалах зэргийг үл хамааран таны соотолзвол зохих хүн мөнөөс мөн байлаа даа.


Last edited by zolushka_717 on Jun.30.19 6:51 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.01.19 1:07 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
10.

Дараагийн өглөө хүсэлт ёсоороо хүрч ирсэн Уиллибиг Марианын хүлээн авагч болох Маргарет зүй зохистой гэхээсээ илүү эрхэмсгээр угтан авч оруулав. Дашвүд хатагтай талархах сэтгэл дээр нь сэр Жоны эерэг бодол нэмэр болсон тул зочноо зөвхөн эелдэгээр бус элэгсгээр хүлээн авчээ. Санаандгүй учралаар холбогдсон шинэхэн танилууд нь түүнд айлчлалын турш ухаалаг боловсон, хүндэтгэлтэйгээр хандаж, орон гэрийн ая тухаар хангав. Тэдний сэтгэл татам чанарыг нягтлан шалгах гэхийн хэрэг Уиллибид байсангүй.
Дашвүд авхай уян зөөлөн төрхтэй, аятайхан зүс, онцгой сайхан биетэй боловч Мариане илүү царайлаг байлаа. Түүний бие галбир эгчийгээ гүйцэхгүй боловч илүү өндөр учир эрхгүй нүдэнд тусахаас гадна зүс царай нь дур булаам, магтаж хэлэхэд үзэсгэлэнтэй охин гэж болох ба бодит байдал дээр ч үүнээс зөрөхөөргүй байв. Тэр борогжуу арьстай, гэхдээ цэвэр тунгалаг учир харц булаасан, сайхан төрхтэй, сэтгэл соронздом энхрий инээмсэглэдэг, гялалзсан хар нүд нь эрч хүч, урам зориг дүүрэн буцлах тул хөөрөн догдлохгүйгээр ширтэх аргагүй ажээ. Уиллибийн бодлоор тэд анхандаа үзүүлсэн тусламжийг нь санан ичингүйрч, биеэ барьж байв. Харин энэ нь сулран цог золбоо нь эргэн ирмэгц Мариане, шударга шулуун эелдэг ялдам хандлагаас нь хүмүүжилтэй боловсон эр болохыг нь олж үзээд, эд бүгдээс илүүтэйгээр хөгжим, бүжигт дуртайг нь дуулмагцаа зөвшөөрөн дэмжсэн харцаа хайрлаж, айлчлалынх нь ихэнх хугацаанд яриа хөөрөө тэдний дунд өрнөх нөхцлийг хангажээ.
Түүнийг яриулахын тулд яаж хөгжилдөж цэнгэх дуртайгаа дурсахад л хангалттай юмсанж. Энэ талаар ам нээмэгц Мариане дуугүй сууж үл тэвчих ба огтхон ч ичингүйрч биеэ барилгүйгээр ярианд оролцож байв. Тэд хурдан хугацаанд бүжиг хөгжимд хоёул дуртайгаа, ижил төстэйгээр үнэлж дүгнэдгээ олж мэдээд, үүнд урамшсан Мариане бодол санааг нь цаашлан танихаар шийдэж, ном зохиолын талаар шалгааж эхлэв. Тэр өөрийн дуртай зохиолчдыг шуудхан нэрлэж, хорин тавтай мэдрэмжгүй ямар ч залуу эр өмнө нь хичнээн үл тоомсорлодог байсан хамаагүй, ийм гайхалтай бүтээлүүдэд тэр дорхиноо дурлахгүй байхын аргагүйгээр тэдний талаар халуун цочмогоор ярьж гарчээ. Тэдний сонирхол гайхмаар төстэй байв. Ижилхэн ном, адилхан мөрүүдэд дурладаг ба хэрэв ямар нэгэн ялгаа гарч ирвэл Марианын учирлан тайлбарлаж, нүд нь цогтойгоор гялалзах хүртэл ахархан хугацаанд оршино. Тэр Марианын бүх шийдвэрийг дагаж, урам зоригт нь бүрэн автаж, айлчлал дуусах үед хэзээний танилууд шиг чөлөөтэй ярилцдаг болчихсон байв.
-Тэгэхээр байна шүү, Мариане минь гэж Элинор зочноо явмагц хэлээд:
-Ганцхан өглөө гэхэд хангалттай ихийг хийлээ. Чи ноён Уиллибийн чухал гэсэн бараг бүх зүйлийн талаарх үзэл бодлыг нь тодорхой болгож амжлаа. Чи түүний Коупер, Скотт нарын талаарх бодлыг нь сонссон. Тэдний гайхамшгийг заавал мэдэх ёстой гэж үзсэн хэмжээндээ хүртэл түүнд сэнхрүүлэн ойлгуулж, пап ламыг бишрэн хүндэтгэх сэтгэлийг нь байвал зохих хэмжээнд нь аваачиж чадлаа. Гэхдээ бүхий л сэдвийн талаар ийм гайхамшигтай хурдтайгаар ярилцах юм бол нөхөрлөл чинь яаж удаан үргэлжлэх болж байна даа? Удахгүй та хоёр дуртай сэдвээрээ ярилцахаас залхчихсан байх болно. Дахин нэг уулзалт байгалийн гоо сайхан, хоёр дахь гэрлэлтийн талаарх бодлыг нь дүүргэхэд хангалттай байж, тэгээд л чамд асуух зүйл үлдэхгүй болсон байна шүү дээ гэвэл Мариане:
-Элинор гэж тэвчээр алдан хашхираад:
-Энэ чинь шударга гэж үү? Миний үзэл бодол тийм явцуу хүрээтэй гэж үү? Гэхдээ би чиний санааг ойлгож байна. Би чөлөөтэй байж, хэтэрхий баясгалантай, дэндүү шулуухан хандсанаараа бүхий л ёс журам хэм хэмжээг зөрчсөн. Би биеэ барьсан, уйтгартай, хуурмаг байхын оронд нээлттэй шударга байсан. Хэрэв зөвхөн зам харгуй, цаг агаарын талаар ярьж, арван минутанд нэг удаа ам нээж байсан бол ийм зэмлэл хүртэхгүй байх байлаа хэмээн эсэргүүцэв.
-Охин минь, Элинорын хэлсэнд гомдох хэрэггүй. Тэр тоглож байгаа юм. Хэрэв тэр манай шинэ анд та хоёрын ярианы сайханд үнэхээр эргэлзсэн бол би өөрөө түүнийг зэмлэнэ гэж мэд хэмээн ээж нь учирласанд Мариане төдөлгүй зөөлөрчээ.
Уиллиби тэдэнтэй танилцсандаа баяртай яваагаа бүхий л талаас нотлон, өдөр болгон айлчлан ирж, харилцаагаа зузаатгахыг хүсч буйгаа илэрхий харуулж байлаа. Анхандаа Марианын биеийг асуух нэрээр бамбай барьдаг байсан ч, ирэх тоолонгоор нь сайхан сэтгэлээр хүлээн авах нь улам нэмэгдсээр, Мариане бүрэн эдгэрэхээс өмнө ийн шалтаглах хэрэггүй болсон байв. Тэр хэдэн өдрийн турш гэрээсээ хамраа ч цухуйлгалгүй хоригдсон боловч амьдралдаа ийм зугаатай байж үзсэнгүй билээ. Уиллиби түргэн сэтгэдэг, гал цогтой, чадварлаг агаад нээлттэй, сэтгэл татам эр байлаа. Тэр зөвхөн сайхан залуу байснаараа Марианын сэтгэлийг эзэмдэхээр төрсөн бус, угийн оргилуун дэврүүн чанар нь Марианын жишээгээр улам бадарч, үүгээрээ юунаас ч илүүгээр татаж байв.
Түүнтэй хамт байх нь аажимдаа Марианед хамгийн сайхан зүйл болж хувирчээ. Тэд ярилцаж, цугтаа ном уншиж, хослон дуулна. Уиллиби хөгжмийн авьяастайн дээр ном уншихдаа Эдвардад харамсалтайгаар дутагддаг бүхий л нарийн мэдрэмж, гал цогийг өөрөөсөө цацруулдаг байв.
Дашвүд хатагтайн бодол Марианыхтай ижил, тэд түүнийг өндөг шиг өөгүй хүн хэмээн үзэж байлаа. Харин Элинор түүнээс дүүтэй нь маш адилхан бөгөөд дүүг нь ихэд баясгадаг чанар болох юм болгоны талаар хүмүүс болон нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр боломж олдох бүрт санаа бодлоо тун дэлгэрэнгүйгээр ярьж орхидгийг нь эс тооцвол дургүйцэх зүйл олж харсангүй. Бусад хүмүүсийг түргэн дүгнэж хурдан илэрхийлж, анхаарлын төвд байх хүслийнхээ төлөө боловсон ёсыг золиослон, хэм хэмжээг дэндүү амархан хөсөр хаядгаараа тэр хянуур зангаар дутмаг ба Мариане тэр хоёр өөрсдийгөө юу ч гэж өмгөөлсөн бай Элинорт энэ нь зөвшөөрөхийн аргагүй санагдах бүлгээ.
Арван зургаан настайдаа өв тэгш гэсэн тодорхойлолтод нь нийцэх хүнтэй хэзээ ч уулзахгүй нь гэж цөхрөнгөө баран бодож байсан нь хэтэрхий яаруу, шударга бус дүгнэлт байсныг Мариане одоо ойлгожээ. Уиллиби сэтгэлийг нь татаж байснаараа тэр хөөрхийлөлтэй өнгөрсөн цаг үе болон жаргалтай цаг мөчүүдийнх нь мөрөөдлийн биелэл дүрээрээ мөн агаад Уиллиби ч мөн адил бүхий л байр байдлаараа тэр хүн нь байхыг хүсч буйгаа илэрхийлж байв.
Ээж нь ч мөн адил. Түүний толгойд Уиллибийн өвлөж авах хөрөнгө, гэрлэлтийн тухай бодол орсноор зогсохгүй, долоо хоногийн сүүлчээр үүндээ бат итгэж, найдан хүлээх болсон ба Эдвард Уиллиби нар шиг хүргэнтэй болсондоо нууцхан өөртөө баяр хүргэж байлаа.
Хурандаа Брандоны Марианыг гэх сэтгэл найз нөхдийнх нь дунд хэдийнээ ил болоод байсан ч, хэн ч дахин тоож харахааргүй болсон үед Элинорт ажиглагдаж эхлэх нь тэр. Тэдний анхаарал болон тоглоом шоглоом азтай өрсөлдөгчийнх нь зүг хандаж, түүний сэтгэл тоглоом наадмын бай болоход үнэнхүү бэлэн болсон үед юу ч болоогүй байхад газар авсан хошигнол мартагджээ. Элинор Женнингс хатагтайн өөрийн таалалд нийцүүлэн хурандаагийн талаар сэдэж олсон зүйл одоо үнэн болж хувирсныг, ижил төстэй зан чанар нь Уиллибийн сэтгэлийг улам дүрэлзүүлж болох ч, тэс ондоо зан чанар нь хурандаагийн сэтгэлд тээг саад учруулахгүй байгааг хэдий хүсээгүй ч тодхон харж байлаа. Тэр санаа зовохгүй байж чадахгүй байв. Эсрэг талд нь хорин тавтай, золбоолог залуу зогсож байхад гучин таван настай, дуу цөөтэй эр чухам юунд найдах вэ? Хэдийгээр тэр хурандааг ялаасай гэж хүсээгүй боловч тоохгүй байгаасай хэмээн үнэн сэтгэлээсээ хүсч байв. Хурандаа түүнд таалагддаг байсан юм. Биеэ барьсан, баргар байдлаас нь үл хамааран тэд ойлголцож чаддаг байлаа. Тэр нухацтай хэдий ч хэмжээнээс нь хэтрүүлдэггүй, угийн гутруугаас биш гунигтай явдлаас үүдэн биеэ барьдаг болчихсон гэмээр санагддаг байсан юм. Үүн дээр нь Сэр Жон хурандаад сэтгэлийг нь шархлуулж, ихээр гонсойлгосон зүйл урьд тохиолдсон талаар цухас дурдсан нь золгүй хүн гэсэн өөрийнх нь бодлыг улам бататгаж, ойлгож хүндэтгэх болсон билээ.
Магадгүй Уиллиби Мариане хоёр сайн чанаруудыг нь нүдээ анин өнгөрүүлэхээр хатуу шийдсэн мэт хандаж, цоглог биш, залуу бус хэмээн гадуурхдагт хурандаагийн сэтгэл өвдөх тул түүнийг илүүтэйгээр өрөвдөж энэрдэг байж болох юм.
-Брандон бол хүн болгон сайнаар ярьдаг хэрнээ хэн ч тоодоггүй, баяртайгаар учран золгодог хэрнээ үг солихоо мартчихдаг хүн гэж нэгэн өдөр Уиллиби хурандаагийн талаар ярилцаж суухад хэлжээ.
-Би яг тэгж боддог гэж Мариане хашхирав.
-Тэгтлээ сагсуурах хэрэггүй. Та хоёр хоёулаа. Шударга бус хэрэг болно. Түүнийг Паркийн оршин суугчид бүгд хүндэтгэдэг. Надад ч гэсэн түүнтэй яриа өрнүүлэхэд ямар ч төвөг учирч байгаагүй гэж Элинор хэлэв.
-Таны зүтгэлийн ачаар л тэр шүү дээ. Харин бусдынх нь тухайд гэвэл хүндэтгэл нь өөрөө доромжлол болж байгаагаас өөрцгүй. Лэйди Мидлтон, Женнингс хатагтай нар шиг хүмүүст зөвшөөрөгдлөө гээд ямар хүндэтэл байх вэ дээ? Хүмүүс харин ч бүр үл тоомсорлож мэднэ гэж Уиллиби хэлбэл Элинор:
-Магадгүй Мариане та хоёрын дээрэлхүү зан Лэйди Мидлтон болон түүний ээжийн дүгнэлтэд жин өгч болох шүү дээ. Тэд хүн таньж чаддаггүй юм бол та хоёр голч бус, ялгавар үзэлтэй. Тэдний магтаал доромжлол болж байхад та нарын доромжлол магтаал болон хувирч болно гэлээ.
-Өмгөөлөлдөө байдаг хүнийхээ төлөө чи бүр хэлээ хурцалж чадах юм гээч.
-Чиний нэрлэснээр миний өмгөөлөлд байдаг тэр хүн бол ухаалаг. Харин ухаан үргэлж миний сэтгэлийг татсаар ирсэн. Тийм ээ, Мариане, гучаас дөчин настай хүн байсан ч ялгаагүй. Тэр хорвоо ертөнцийг үзэж таньсан. Гадаадад байсан, уншиж судалсан, сэтгэж чаддаг. Би түүний олон янзын сэдвээр өргөн дэлгэр мэдээлэл өгөх чадвартайг харсан. Бас тэр миний асуултанд өндөр хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй хүний ёсоор үргэлж дуртайяа хариулдаг юм.
-Тэрний хэлсэн зүйл зүүн Энэтхэгт маш халуун, шумуул ихтэй гэснээс хэтрээгүй биз.
-Хэрэв асуусан бол хурандаа надад тэр тухай ярьж өгөх байсанд би эргэлзэхгүй байна. Даанч энэ миний өмнө нь мэддэг байсан зүйл.
-Тэрний мэдлэг исламын баячууд, энэтхэгийн алтан зоос, тансаг жууз хүртэл сунаж магадгүй л юм.
-Түүний мэдлэг таны шулуун зангаас алсад тусна гэж би хэлэх байна. Та яагаад түүнд дургүй юм бэ?
-Би түүнд дургүй биш. Харин ч эсрэгээрээ хүндэлмээр хүн шиг санагддаг шүү. Бүгдээрээ магтдаг хэрнээ хэн ч анзаардаггүй, үрж чадахаасаа их мөнгөтэй, яаж өнгөрөөхөө мэдэхгүй цаг завтай, жил болгон хоёр шинэ хүрэм худалдаж авдаг.
-Дээрээс нь түүнд авьяас чадвар, дур сонирхол, урам зориг гэж байхгүй. Ойлгоц муутай, сэтгэлийн хөдөлгөөнгүй, дуу хоолой нь ч уйтгартай гэж Мариане хашхирлаа.
-Түүний сөрөг талуудыг та нар дэндүү ерөнхийлж, хийсвэрлэн дүгнэж байна. Та нарын энэ гайхалтай дүгнэлтийн дэргэд минийх үлбэгэр, хүйтэн санагдах биз ээ. Би ердөө л түүнийг ухаалаг, хүмүүжилтэй, мэдлэгтэй, эелдэг зөөлөн гэж боддог, бас сайхан сэтгэлтэй гэж итгэхээс хэтэрдэггүй л дээ.
-Дашвүд авхай, та надад эелдэг бус хандаж байна. Та миний үзэл бодлыг учир шалтгаанаар сулруулж, хүсээгүй зүйлд минь итгүүлэхийг оролдож байна. Гэхдээ тэгнэ гэж байхгүй шүү. Та уран аргатай шиг л би тийм зөрүүд. Надад хурандаа Брандонд дургүйцэх гурван шалтгаан байна. Тэр намайг үгүй байгаасай гэж хүсч байхад бороо орно гэж заналхийлсэн, намайг сүйх тэргээ буруу холбосон гэж буруутгасан, бас тэр миний ятгалганд орж хүрэн гүүг минь худалдаж авахгүй байгаа юм. Бусдаар бол түүнийг арван хуруу тэгш хүн гэж надаар хэлүүлэх нь танд тийм чухал юм бол би бэлэн байна. Харин өөртөө ийн төвөг удаж, ингэж хүлээж зөвшөөрсний минь хариуд та намайг түүнд дургүй байхыг минь бүү хориглоорой доо.


Last edited by zolushka_717 on Jul.01.19 1:07 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.12.19 9:29 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
:cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader:


Top
   
PostPosted: Jul.24.19 10:15 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 926
Location: closer than your breath
bayrlalaa vegeljlvvleerei pls
gehdee tsenhereer bish har yumuu baraan nogoohoor unguu songochih tehuu pls pls :)

_________________
a perfect machine


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited