#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.16.18 10:00 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.09.18 7:53 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 25

Наталигийн бие бүрэн илааршсангүй. Хэдийгээр охин хөл дээрээ босож хичээлдээ очсон боловч тэр шөнийн цагаар сургуулийн хориотой бүсэд нэвтрэн шидэт энергээ ашиглаж чадахгүй гэдгийг Алекс ойлгожээ. Хяналтын дасгалын үеэр Натали хэт их хичээснээс огиулж бараг бөөлжих шахсан тул профессор Дөрхин түүнийг ангиас арай л хөөгөөд гаргачихсангүй. Наталид амралт хэрэгтэй гэдгийг сайн мэдэж байсан Алекс харин профессортой санал нэг байлаа, гэвч охин итгэмээргүй зөрүүд ажээ.
"Нэгэнт би чамтай явж чадахгүй юм чинь цагийг заримдаа чамтай хамт өнгөрөөмөөр байна."
Алекс охиныг өрөвдсөн харцаар харав. Тэд зохион бүтээх лабораторт сууж байлаа. Механизмын эд анги, араа шүдээр оролдож суух нь бодлоо цэгцлэхэд нь их тус болдгийг Алекс мэдсэн билээ. Тэр ганцаарддаг байсан ч үргэлж эмх цэгцтэй байдаг унтлагын өрөөгөө, программ зохиохоор шөнөжин суудаг байсан зөөврийн компьютероо санаж байлаа. Жари өрөөндөө байнга ямар нэг юмаар оролдож чимээ гаргаж байдаг болохоор тэр анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй ажээ. Ид шидийн хүч чадлаа ашиглаж бусад үе тэнгийнхэнтэйгээ адил зүйл хийх боломжгүй тул тэр бага сага засвар хийж асуудлыг шийдэж байгаадаа байгаадаа баяртай байдаг.
Харин энэ удаа Натали ажлын ширээн дээр толгойгоо дэрлэж бараан үсээ сул нэвсийлгэсэн нь түүнийг засвараа хийхэд бага зэрэг саад болж байлаа. Алекс Аамирын өгсөн боолтны халивыг гартаа эргэлдүүлэн охиныг харж зогсов.
Тэр найздаа их санаа зовж байсан тул "Чи юу хиймээр байна?" гэж асуулаа.
"Мэдэхгүй. Хэн нэгэн рүү юм чулууддаг ч юм бил үү. Хэн ч нэг франц охин шиг араншин гаргахгүй биз."
Алекс инээмсэглэх аядаад "Чамайг орондоо хэвтэж амар гэвэл чи миний ятгалганд орохгүй биз дээ? Хэрвээ чи миний үгэнд орвол тэнд чамд өгөх шөл байгаа." гэж хэлтэл Натали үл мэдэг жуумалзав. Тэрбээр нүүрээ буруулж толгойгоо цааш нь эргүүлээд
"Үгүй," гэж хариуллаа.

* * *

Сурагчдыг оройн хоолоо идэж, бас Захирагчийн мэндчилгээг сонсохоор хоолны танхим руу явсны дараа Алекс шилтгээний хонгил руу гарахаасаа өмнө хэсэгхэн зуур харанхуй болохыг хүлээжээ. зөвхөн захиралд хамаардаг алтан зурваст хүрэх замыг сайн санаж байсан тэрбээр алхам алхмаар урагшилж, булан тохойг тойрох бүрт зүрх нь хүчтэй дэлсэж байлаа.
Үнэнийг хэлэхэд тэр Захирагчийн мэндчилгээг очиж сонсохыг хүсэж байсан. Шилтгээнд анх ирснээс хойш дахиж хараагүй тэр хүн магадгүй өнөө орой хэлэх үгэндээ энэ газрын зарим нэг нууцлаг зүйлийн талаар хэлэх байсан ч юм бил үү. Гэвч Алекс хонгилоор цаашлан явлаа.
Хонгилд гадагшаа харах цонх байгаагүй болоод ч тэр үү, Алексын толгойд эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай болсон Наталигийн тухай, сүүдэр төдий болсон Элайс, Малахи Грэйгийн сүнс Эрэлчин, энэ дэлхийн өнцөг булан бүрт хоосон үлдсэн өрөөнд нь дахиж хэзээ ч эргэж ирэхгүй болсон хүүхдүүдээ хүлээж суугаа эцэг эхчүүд, бас Захирагчийн тухай элдэв янзын бодол эргэлдэнэ. Ингээд ямар ч ашиггүй гэдгийг мэдэж байгаа ч энэ бүхний тухай бодож байгаа нь түүний хувьд анх удаагийнх биш ажээ.
Алтан зурвас харанхуйд ямар ч анхааруулга өгөлгүй гэнэт хөлнийх нь дэргэд сэлэм шиг эргэлдэн гарч ирэн аль хэдийн танил болсон хүйтэн жавар биеийг нь ороолгоход Алекс ихэд цочив. Тэрбээр хамаг бие нь дагжин чичирч, шүд нь тачигнаж эхэллээ. Алекс одоо хийх гэж байгаа зүйл нь жирийн нэг дүрсгүйтэл биш гэдгийг санаад нүдээ аньж түрхэн зуур дотроо залбирав. Оршуулгын газарт байсан зурвас хэтэрхий удсан, эсвэл гэмтчихсэн байсан байх. Нэг бол тэд нар алтан зурвасаа сайжруулж, илүү хүчтэй болгосон. Эсвэл тэр зүгээр л тэнэг хүн байх.
Гэхдээ л тэр үүнийг хийх хэрэгтэй байсан тул алтан зурвас дээгүүр хурдан алхлаа.
Зурвас эвдэрч хөлийг нь ороолгоход улам их даарсан ч энэ удаа тэр аль хэдийн бэлтгэлтэй байжээ. Хамрынх нь нүхээр уур савсан, шүд нь тачигнаж, арьс нь мөстөв. Хурууных нь үзүүрээс унжиж байсан мөс аажмаар уртсаж ирснээ хугарч газарт унахдаа бүгтхэн жингэнэсэн чимээ гарган бут үсрэхийг хараад Алекс итгэж чадахгүй амьсгаа нь давхцаж, шүлсээ залгилаа. Өөрт нь юу тохиолдохыг гадарлаж байсан ч Алекс маш их цочирджээ.
Ийм байдалтай хэр удаан хүлээж зогсохоо тэр мэдсэнгүй. Гэвч шидэт тарнийн нөлөө аажмаар арилж эхлэв. Гар хөл нь салганан чичрэх хэдий ч мөс хайлж урссаар хөлнийх нь эргэн тойронд ус тогтлоо.
Xэдийгээр амьсгалахад бэрх байсан ч Алекс биеэ барихыг хичээв. Зурвасаар нэвтэрч гэмтээсэн нь удахгүй илэрч мэдэх учир тэр баригдахаасаа өмнө тэндээс хурдан явах хэрэгтэй байлаа.
Захирагчийн суудаг жигүүр лүү орох үед Алекст хонгилууд их аймшигтай харагдав. Энд анх ирж байсан өдрийг бодвол дэргэд нь ам хуурайгүй чалчиж явсан Сайрэн Мэйв байхгүйгээс болсон уу хонгил эл хуль хоосон санагдана. Эргэн тойронд ургасан саарал мөлхөө ургамал эвдэрч нурсан хана туургыг битүү хучжээ. Хаалганууд хөвдөнд хучигдсан харагдах бөгөөд эндэхийн агаарт нэг чихэрлэг гэмээр зүйл болон цусны хурц үнэр нэвт шингэсэн байлаа.
Хэрэв Алекс Наталид ам өгөөгүй байсан бол Захирагчийн албаны өрөө рүү хүрэх замд тааралдсан энэ бүх өрөөг аль эрт шалгаад үзчих байсан билээ. Ихэнх хаалгыг хүрээнд нь
хөдөлгөөнгүй болгон дарж бэхэлжээ. Харин үлдсэн хаалгануудын ард дөрвөн талд нь цагаан эрвээхэйнд идэгдэж ноорсон хөшиг татсан ор тавьсан хоосон харанхуй өрөөнүүд л байлаа.
Алекс хэзээ нэгэн цагт амьдрал буцалж байсан, одоо харин хоосорч орхигдсон өрөөнүүдийн хаалгыг онгойлгон харж явснаа эцэст нь өрөөнд зөвхөн чулуун ширээ, ханан зуух байж мэдэх хаалгануудыг сонгож шалгахаар хаалганаас хаалга руу гүйв. Тэр өөрийнх нь өрөөнөөс нэг их томгүй нэг чулуун ханатай өрөөний хаалгыг онгойлготлоо бараг зогсолтгүй гүйжээ. Өрөөнд түүний эргэлзээг төрүүлэх нэг юм байлаа. Цусны үнэр хамар сэтлэх шахсанд Алекс өрөөн доторхийг тойруулж харав.
Өрөө бараг хоосон ажээ. Энд зөвхөн дээр нь төмөр багаж хэрэгсэл овоолж тавьсан нэг ширээ байх бөгөөд эсрэг талд нь таазнаас өлгөсөн хос гавыг шаланд суурилуулсан төмөр тавцанд бэхэлсэн нь эргэн тойронд нь ургасан мөлхөө ургамлын дунд бараг үзэгдэхгүй шахам байлаа. Алекс гинжинд ойртож харах үед ар нуруугаар нь хүйт даав. Төмөр тавцангийн ойр хавьд яагаад наалдамхай болсныг таазанд өлгөөтэй байгаа гавыг харж зогссон Алекс ойлгожээ. Гар гавлажж цоожлоход зориулагдсан энэ багажны гадаргуу дээр тогтсон тос шиг гялтганах хар өнгийн толбонуудыг шууд олж харахад амаргүй ажээ.
Эндээс цусны үнэр улам хурц үнэртэж байлаа.
Алекс ардаа байгаа ширээ рүү эргэтэл хамгийн түрүүнд ширээний цаана өлгөсөн нэг зургийг олж харав. Итгэхэд ч бэрх урт хэлээ тэг дунд нь ороож, дээр дээрээсээ давхарласан олон эгнээ шүдээ ярзайлган, шүлс савируулсан асар том ам дүрсэлсэн зургийг хараад Алексын дотор муухайрч огиудас нь хүрлээ.
Ширээний тавцан дээр бараан өнгийн толбыг далдалж тавьсан ханцуй нь уранхай цамц харагдана. Тэнд бас дээр нь нэрсийн жагсаалт, он сар тэмдэглэсэн хуудас бүхий самбар, хутга нь алга болчихсон нэг иш тавьжээ
Алекс нэрсийн жагсаалтыг уншихаар урагшаа тонгойв. Самбар хэд хэдэн хуудастай байсан тул тэр бичсэн он сараар хөөж үзэхээр хуудаснуудыг эргүүллээ. Энд бичигдсэн нэрсийн ихэнхийг жил бүрийн тавдугаар сарын 7-ны өдөр тэмдэглэжээ. Алекс хамгийн сүүлд тэмдэглэсэн хуудсыг эргүүлж танил нэрээ олж хараад хөмсгөө зангидлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.09.18 8:09 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jan.09.18 7:55 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Та нарт нэг зүйл тодруулж хэлэхээр шийдлээ. Захирал гэдэг үгийг сольж Захирагч болгосон шүү. Урьд оруулсан постуудаа яваандаа засна аа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.09.18 10:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jan.10.18 5:08 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Блэйн Столварт
Хиллэсэн зурвасыг давах гэж оролдсон хүү.
Хүүгийн алга болсон өдрийг нэрнийх нь ард гараар гоёмсог бичиж тэмдэглэжээ. Алекс цусанд будагдсан цамц руу харснаа толгойгоо эргүүлж таазанд өлгөөтэй гаван дээр харцаа тусгалаа. Дараа нь тэр зураг руу хартал тэрхүү дүүрэн шүдтэй ам урдаас нь мушийн инээмсэглэх шиг санагдав.
Хуудсан дээрх нэр, сар өдрийн aрд таталсан бичгээр богинохон тэмдэглэл хийжээ.
Бүрэн төгс боловсроогүй.
Алексын дотор муухайрсан тул тэр толгойгоо өргөж зогслоо. Тэр уул нь ийм юм харах гэж ирээгүй, харин хар шидний тухай ном олохоор ирсэн тул эндээс хурдан явах хэрэгтэй байв. Эхлээд самбарт тогтоосон цаас, хутганы ишийг авах гэснээ хэрвээ эд нар түүнд хэрэг болвол буцаад ирж чадна гэж бодоод байранд үлдээхээр шийдлээ.
Алекс бамбарын дөл анивчиж буй цус, тос, утааны үнэр холилдон үнэртэх хонгилд буцаж гараад, хаана байгаагаа сайн мэдэхийг оролдов. Тэгтэл гэнэт зурган дээр байсан нөгөө том ам түүнийг залгихаар шилтгээний энд тэндгүй хүлээж байгаа мэт санагдсанд тэр эргэн тойрноо сайн ажиглаж харснаа хонгилын гүн рүү цаашлан явлаа.
Тэр амнаас зугтъя гэж бодож явсан Алекс тун удалгүй энэ ямар ч боломжгүй гэдгийг ухаарч ойлгов. Энд тэрхүү зурагтай адилхан олон зураг өлгөөтэй байснаас гадна мөлхөө ургамлууд ч гэсэн түүнийг хазахыг оролдон шүдээ ярзайлгасан юм шиг харагдана. Ургамлын навчсыг шүргэх үед арьсанд нь наалдаж тэрбээр мөс шиг хүйтнийг мэдэрч байлаа.
Алекс хаалгануудыг онгойлгож явахдаа өрөөнүүд хоосон байхыг хараад дотор нь онгойж бараг баярлаж байв. Цусны үнэр ард хоцорч одоо энд зөвхөн ялзарч муудсан гэмээр хөгц,чийг, бас чихэрлэг нялуун үнэр холилдож үнэртэнэ.
Алекс бамбарын дөл анивчиж буй цус, тос, утааны үнэр холилдон үнэртэх хонгилд буцаж гараад, хаана байгаагаа сайн мэдэхийг оролдов. Тэгтэл гэнэт зурган дээр байсан нөгөө том ам түүнийг залгихаар шилтгээний энд тэндгүй хүлээж байгаа мэт санагдсанд тэр эргэн тойрноо сайн ажиглаж харснаа хонгилын гүн рүү цаашлан явлаа.
Тэр амнаас зугтъя гэж бодож явсан Алекс тун удалгүй энэ боломжгүй гэдгийг ойлгов. Энд тэр зурагтай адилхан олон зураг өлгөөтэй байснаас гадна мөлхөө ургамлууд ч гэсэн түүнийг хазахыг оролдон шүдээ ярзайлгасан юм шиг харагдана. Ургамлын навчсыг шүргэх үед арьсанд нь наалдаж тэрбээр мөс шиг хүйтнийг мэдэрч байлаа.
Алекс хаалгануудыг онгойлгож явахдаа хоосон өрөө байхыг хараад дотор нь онгойх шиг болж байв. Цусны үнэр ард хоцорч одоо энд зөвхөн ялзарч муудсан гэмээр хөгц,чийг, бас чихэрлэг нялуун үнэр холилдож үнэртэнэ.
Алекс хэр удаан явж буйгаа ч мэдсэнгүй, эцэст нь тэр Захирагчийн тасалгааг олов. Тэр өрөөний хаалгыг онгойлгож, цааснууд овоолж тавьсан чулуун тавцантай ширээ, номын тавиурууд, мод чихэж хийсэн ханан зуух, цаад талд нь хөлдсөн нуур харагдах цонх зэрэг танил зүйлсээ хараад санаа алдлаа.
Алекс өрөөнд ороод амьсгаагаа дарахаар түр зуур зогсов. Энэ түүний урьд нь орж ирж байсан өрөө яг мөн байлаа.
Тэр номын тавиур луу очив.
Ихэнх номнуудын нуруун дээрх үгс латинаар бичигджээ. Алекс зарим үгний үндсийг мэдэж байсан ч урдаа харагдах номны нэрсийн бараг талыг нь гаргаж уншиж чадсангүй. Энд анима-ид шидтэй холбоотой Monstrum Dica гэсэн нэр бүхий хэдэн ном, бас галын ид шидтэй холбоотой цөөн хэдэн ном байгааг тэр ялгаж чадав. Эрж байгаа номоо яаж олох вэ хэмээн өөрөөсөө асууж байсан Алекс гэнэт тавиурын дээд буланд шахаж тавьсан нэг жижигхэн хар номыг олж харлаа. Тоосонд дарагдсан номны нуруун дээрх бичээс бүдэг бадаг харагдана.
Nobilitum Mortem.
Алекс гараа сунгаж номын хуучин савхин хавтсанд хуруугаа хүргэх гэтэл тавиурны дотор талд нарийхан час улаан өнгийн шугам татсаныг олж хараад амандаа аяархан хараалаа.
Тэр зурвасыг анхааралтай хараад дахиад нэг хар шидийн хараалын шившлэгтэй таарсан гэдэгтээ итгэлтэй байв. Сүүлчийн шидэт тарнийг эвдэхэд мэдэрсэн яс янгинуулсан тэрхүү мөс шиг хүйтэн одоо хүртэл бүрэн арилаагүй байдаг, гэтэл энд хоригдсон сурагчдыг суллаж, бас шинэ сурагчдыг дахин нааш нь авчрахаас сэргийлж Эрэлчнийг зогсооход тусалж мэдэх ном нүднийх нь өмнө гар сунгаад хүрэх төдий зайнд харагдаж байлаа. Алекс нударгаа зангидаж, урт амьсгаа авснаа номыг шүүрэв.
Эхлээд шидэт энерги хөлнийх нь өлмий дээр гялсxийн харвахад тэр газартай наалдчих шиг болсон ч бүх биеэр нь өвчин тархаж, нүдэнд нь олон өнгийн оч үсэрч харанхуйлахаас өмнө тэр номыг хурууныхаа завсар хавчуулж сугалан авч амжлаа. Тоо томшгүй олон жаданд сүлбүүлэх мэт дотор нь мөс зад үсрэхэд Алекс хашгирав. Уснаас гаргаж хаясан загас шиг нүдээ бүлтийлгэн амаа ангалзуулж, хамаг бие нь таталдан, аманд нь цөс амтагдаж байсан ч тэр гар дахь номоо алдчихгүйг хичээн тас зуурлаа.
Тэгтэл хаалга онгойн өрөөнд нэг бараан дүрс орж ирэхийг ухаан санаа нь орж гарч байсан Алекс мэдрэв. Өрөөнд булшны шорооны үнэр ханхалж, шалан дээр нөмрөгөө чирэх чимээ сонсогдоно.
Хамаг бие нь янгинан өвдөж байсан тэрбээр хүний дуу гарахыг сонслоо.
"Наашаа ордог гарцны дэргэд усан шалбааг тогтсон байна лээ. Усан шалбааг. Ямар хачин юм болоод байна аа?" гэж тэр аяархан хэлэв.
Эрэлчин!
Үгүй ээ, одоо л биш шүү...
Нөмрөгтэй эр түрийтэй гутлаа зөөлөн чахруулан алхсаар цонх руу дөхөж очлоо. Алексын янгинан өвдөж байсан нуруу гэнэт таталдахад тэр ёолчихгүйн тулд шүдээ тас зуув.
"Ид шид ашиглахад ус гардаггүй" гэж хэлснээ Эрэлчин үргэлжлүүлж "Тэгтэл тэнд ус байж байдаг, бас мөс." гэлээ.
Тэр дороо эргэн өрөөг шалгаж харах боловч аз болж Алексыг дахиад л олж харсангүй бололтой. Өмссөн ноорхой хувцас нь хажуу талдаа салбарч урагдан шалан дээр чирэгджээ. Хамаг бие нь таталдаж, халуу шатан өвдөж байсан тул Алекс тэр эрийн гадна төрх ямар харагдаж байгааг бодох сөхөөгүй байлаа. Эрэлчин түүний сонсдог байсан сүнстэй адилхан харагдсангүй: нэг хуруугаа цонхны тавцан дээр гүйлгэн тоос манаргаж зогсох тэр эр яг л жинхэнэ хүн шиг харагдаж байв.
Алексын биеэр шидэт энерги дахин урсаж өвтгөхөд тэр хашгирчихгүйн тулд хүч хүчээ шавхлаа.
"Чамайг даарч байгаа гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна," гэж хэлэхийг сонсоод Алекс мэл гайхав. Эрэлчин өрөөний эсрэг талд байгаа чулуун ширээ рүү харан хана налж явган суулаа. Tэр Алексын энд байгааг мэдрээд байгаа юм байх даа? "Чиний төрлийн хүмүүс ид шидэнд маш мэдрэмтгий байдаг."
Эцэст нь шившлэгийн нөлөө багасч, Алекс шалан дээр нуруугаараа эргэж хэвтээд сүнсний зүг харах зуураа амьсгалаа чимээгүй алгуурхан авч гаргаж байлаа. Бүрхээ доош нь дарж нүүрээ далдалсан Эрэлчин Алекст яг л гомдоллож суугаа нэгэн шиг харагдав.
" Аймаар хүйтэн, мах цусанд чинь нэвтэрч, ясыг чинь хага ташиж яйруулмаар аймшигтай хүйтэн." хэмээн Эрэлчний хэлэхийг сонсоод Алекс салганаж чичирсээр арайхийн өвдөглөж суув. Шилтгээнд хорогдсон мөс шиг хүйтэн бүх биеийг нь хайрч, гөвдрүүтсэн арьсан дээр нь цагаан зурааснууд гарчээ. Тэр шүд тачигнах чимээ гарахаас сэргийлж шүдээ тас зуужээ. Гарыг нь даган доошоо унах хөх өнгийн шидэт цагираг хааяа арьсанд нь хүрэх үедээ хүйтэн мөс шиг хайрч, оч гялалзуулан унтрахыг тэр харж суув.
Эрэлчин бослоо.
"Хэрвээ би энд хэн нэгнийг олсон бол түүнийг эзэндээ аваачиж өгөх байлаа. Гэвч би хэнийг ч олж хараагүй болохоор эндээс явлаа."
Эрэлчин үүд рүү очиж хаалганы бариулаас барихаар гараа сунгахад хуруунууд нь бариуланд ойж харагдахыг Алекс олж харав. Тэр түр зогсоод
"Би чиний төрлийнхнийг дандаа алдаг байлаа. Их олон жилийн өмнө. Тэд намайг энэ шилтгээн рүү хөөж ирсэн боловч би тэд нарыг бүгдийг нь алсан. Би тэдний цогцсыг нууранд хаяж загасны хоол болгосон. Дараа нь тэр энд ирсэн."
Алекс хар шидийн номоо цээжиндээ наагаад онгорхой хаалганы дэргэд зогсож буй Эрэлчнээс холдохыг хичээн цаашаа мөлхлөө.
"Тэр надаар хийлгэх ажил өөрт нь байгаа гэсэн." гэж хэлснээ тэр яриагаа үргэлжлүүлэв. "Тэр намайг энэ олон жилийн турш нуусан нь ч зөв байсан. Би түүнд туслах хэрэгтэй байлаа. Би бас хамгийн сүүлчийн луу хэрхэн үхэхийг харсан, Чи тэр Шид эвдэгчийн талаар мэдэх үү?"
Хөгшин сүнсний дуу хоолой догшин хэрцгий сонсогдоно. Тэр гүнзгий санаа алдлаа. Түүний эргэн тойронд чөтгөр шулмын гэмээр нарийхан шидэт цагирагнууд эргэлдэж, хөл хавьцаа нь цагаан манан суунаглаж харагдана.
"Би харсан, Гэвч би юу ч хийгээгүй. Одоо харин би хэтэрхий их юм хийчихсэн болов уу гэж боддог." Эрэлчин гэнэт хаалганы хавтсыг хана руу ширүүн хөдөлгөөнөөр тасxийтэл чулуудаад толгойгоо сэгсэрлээ. "Чамайг юм сайн хийж чадах болов уу гэж би өөрөөсөө асуудаг, шидтэний алуурчин!"
Тэр алга болж, харин өрөөнд ганцаараа хоцорсон Алекс шүлсээ залгив. Тэр маш их даарснаас бүр дагжин чичирч байлаа. Тэрбээр анх удаа цонхоор том хөлдүү нуур луу харав.
Тэдний цогцсыг нууранд хаясан.
Шид эвдэгч
Шидтэний алуурчин.

Алексын бие муудаж эхэлсэн тул тэр өрөөнөөс хурдан гарлаа. Тэр аюулгүй газар луу хурдан хүрэхийг хичээн эвдэрч муудан зэрлэг өвс ногоонд хучигдсан хонгилоор хурдан алхав.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.13.18 4:05 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jan.10.18 12:58 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.09.03 8:41 pm
Posts: 160
Location: оюун санаандаа
шимтэн уншиж байгаа шүү


Top
   
PostPosted: Jan.10.18 9:18 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 26


Алекс хорин найм дугаартай өрөөний хаалгыг тогшиход Эллабелл үүдээ онгойлголоо. Нойрмог нүдтэй охин хэвийн харагдахыг хичээж царайгаа төв болгон ү гэзгээ хальт илэв.
"Алекс?" хэмээн тэр хэлэхдээ хүүг нүдний шилнийхээ цаанаас сонжиж харлаа.
Гэнэт ичиж зовсондоо Алекс амаа хий дэмий ангалзуулав. Сэтгэл санаа нь хэт их хөөрч догдолсноос аль хэдийн шөнө дунд өнгөрснийг тэр анзаараагүй ажээ.
"Тийм ээ, Алекс байна." гэж хэлээд тэр "Сэрээсэнд уучлаарай," гэлээ.
Царай хувирч ширүүн болсон Эллабелл нүдээ жартайлгав.
"Чи яаж энд орж ирсэн юм бэ?"
"Орох гарцны тэнд би нэг охиноос гуйсан юм." Энд уул нь хөвгүүдийг зөвшөөрөлгүй орохоос сэргийлж шившлэг хийсэн тул Алекс ганцаараа ирэх боломжгүй билээ.
"Чи энд яах гэж ирсэн юм бэ?"
"Би Наталиг л харах гэж ирсэн." гэж тэр хурдан хариулаад "Бас надад түүнд харуулах юм байна." гэлээ.
Эллабелл нэг хэсэг хүүг хөндий хоосон харцаар ширтэж зогссоноо " Ингэхэд та хоёр чинь болзоонд явдаггүй юм уу? гэж асуув.
"Элла." Хүү охины нэрийг инээмсэглэн дуудахад
"Алекс," хэмээн хариу дуугарахдаа охин өчүүхэн ч хөдөлсөнгүй.
Тэр хоёр нэг хэсэг өөд өөдөөсөө харан инээмсэглэж зогслоо. Эллабел нүдээ эргэлдүүлэн эвшээлгэснээ " Натали унтаж байгаа. Тэр хэрэг тарьчихсан юм чинь сайтар амраад авах хэрэгтэй биз." гэж хэлэв
"Хэрэг тарьсан гэнэ ээ?"
Эллабелл мэл гайхаж хөмсгөө өргөлөө. "Тийм ээ, Захирагч мэндчилгээ дэвшүүлж байх үеэр тэр Петрагийн дээр бөөлжиж бөөн шуугиан дэгдээсэн. Би Наталиг тэндээс авч гарсан шүү дээ. Тэнд чи байгаагүй гэж үү?"
"Надад хийх юм байсан юм аа."
Эллабелл дуугаа өндөрсгөж "Чи түүнтэй маргааш өглөө ярилцсан нь дээр байх," гэж хэлсэнд Алекс хөмсгөө зангидлаа.
"Би түүнтэй..."
"Үгүй ээ, болохгүй. Чи түүнтэй маргааш өглөө уулз. Энд баримтлах ёстой дотоод журам байдаг. Одоо эндээс явж үз. Би ядарч байна."
Эллабелл гараа савчин Алексыг холдуулаад нүүрнийх нь өмнө хаалгаа хаав. Алекс хүрмэн дотроо нуусан хулгайлсан ном нь жин дарахыг мэдрээд амьсгаа нь давхцаж, тэрбээр өрөө рүүгээ явахаар хонгил руу эргэлээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.16.18 6:19 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jan.11.18 11:17 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Хориотой бүсээс гараад удаагүй, бас шилтгээний талаар илүү аймшигтай хачин зүйлс сонссон болохоор тэр болгоомжлох хэрэгтэй байв. Эрэлчин 'хийдэг ажил' гэдэг нь юу юм бол? Тэр бас 'чиний төрлийхнийг хүйс тэмтэрсэн' гэж Алекст хэлсэн нь ямар учиртай юм бол?
Шид эвдэгч. Гэхдээ Шид эвдэгчид бүгд үхэж үрэгдсэн биз дээ? Арай Алекс тэдний нэг...
"Вэббер!"
Энэ үг бодолдоо дарагдан алхаж явсан Алексыг гэнэт сэрээхэд цус нь гүйхээ больж царцсан мэт дороо бүдчин зогсов. Эргэж харвал профессор Линц хонгилийн харанхуй сүүдэр дундаас урагшлан гарч ирлээ. Тэрбээр нүдээ жартайлгаж Алексыг ажиглаж харав.
"Чи энд өдийд юу хийж явдаг билээ?
Алекс хүрмэн дотроо нуусан номоо санаад шүлсээ гүдхийтэл залгилаа.
"Би Наталиг эргэж очсон юм аа, ноёнтон. Тэр өчтэй байгааг та мэдэж байгаа, бас..."
"Мэндчилгээний үеэр ч гэсэн тэр сайнгүй байсан. Тийм ээ, би тэнд байсан."
Линц нарийхан хэлээрээ уруулаа долоолон Алекыг ноцтой харлаа. Энэ харц бүгдийг мэдсэн гэж хэлээд байх шиг.
Чи тэнд байгаагүй.
"Би хонгилуудыг манаж байгаа." гэж хэлээд Линц цээжээ түхийлгэн харанхуй хонгил руу харж зогссоноо "Зарим нэг сурагч хиллэсэн зурвасыг давсан бололтой. Чи арай энэ талаар мэдэх юм биш биз, үгүй биз дээ?" гэж асуусанд
"Ү... гүй ээ, ноёнтон," гэж хариулахдаа тэр арай миний хуурч байгааг гадарлачихааагүй биз, хэмээн Алекс дотроо найдлаа.
Линц харцаа эргүүлж хүүг харав. "Чи наанаа юу нуугаад байгаа юм бэ?
Алекс шүдээ тас зуулаа. Хөл нь хөшиж дороо наалдчих шиг болж, тэр одоо багштайгаа ноцолдох уу, эсвэл зугтах уу гэдгээ ч мэдсэнгүй.
"Халаасаа шалгуул." гэж Линцийг хэлэхэд Алекс хөмсгөө зангидаад халаасаа ухаж, хэдэн задгай мөнгө, мөнгөн дэвсгэрт, бас хууль бусаар хадгалж байсан боолтны халиваа гаргаж ирлээ.
Линц багажийг хараад Алексын гараас бараг булаах шахам шүүрч аваад
Үүнийг чи лаборатороос авч гарах ёсгүйг мэдэж баймаар юм." гэж дуугаа ширүүсгэж хэлэв.
Алекс, бусад халаасыг минь битгий шалгаасай, хэмээн дотроо залбиран харцаа буулгаж гутлынхаа хоншоорыг ширтэж зогслоо. "Надад аюулгүй байх юм шиг санагддаг" гэж тэр хэлэхдээ хэлсэн үгэнд минь итгээсэй, гэж найдав.
Линц халивыг харж байснаа "Аюулгүй гэсэн үү?" хэмээн ундууцсан шинжтэй хэлээд огцом хөдөлгөөнөөр багажийг Алекст буцааж өглөө. Хүү мэл гайхан профессорыг гөлрөн харснаа нүдээ анивчуулав.
Линц харц тулгарахыг хүсээгүй бололтой хонгилын зүг хараад "Би манаагаа хийх хэрэгтэй. Өрөөнндөө буцаж очоод дахиж битгий гараарай." гэж хэллээ.
Алекс толгой дохиод харанхуй хонгил руу чавхдан гүйв. Тэр Аамирт маш их талархаж байлаа. Түүнд өөртөө үлдээж чадсан халиваа бодож байснаасаа ч илүүтэй ашиглах хэрэг гарч магадгүй л юм.
Алексыг өрөөндөө ороход чимээ аниргүй нам гүм, тэнд Жари, Аамир хоёр аль хэдийн буцаж иржээ. Жари харваас шүршүүрт орсон нь, дээшээ харж хэвтсэн тэрбээр томдож хэлхийсэн унтлагын хувцаснаас нь цухуйсан нэг хөлөө орныхоо урдуур унжуулжээ. Аамир харин хажуу талаараа харж хэвтсэн байлаа. Алекс тэр хоёрыг хараад инээмсэглэснээ өөрийнхөө ширээ рүү очиж хайч авлаа.
Дараа нь тэр дэрээ гадуур уутнаас нь гарган хажуу талыг нь зүсэж, номоо чихээсэн дунд хурдан шургуулснаа дэрээ уутанд нь буцааж хийгээд хөвсийлгөн орон дээрээ тавив. Дэр жаахан хатуу болсон ч одоо энэ асуудал биш.


* * *

Хаалга тогших чимээнээр Алекс сэрлээ. Аамир хаалга руу очихоор орноосоо босохыг хараад тэр өндийж суув. Хаалга хүчтэй савж онгойход гартаа асаалттай дэнлүү барьж, хувцсаа навсайлгаж өмссөн профессор Дөрхинийг Алекс олж харав. Тэр ядарсан царайтай харагдахаас гадна бас их уурлаж бухимдсан гэдэг нь илт байлаа.
Аамирыг ам нээж амжихаас өмнө Дөрхин түүнийг замаасаа зайлуулж хажуу тийш нь түлхээд шонхор шиг хурц нүдээрээ өрөөг нэгжиж харав. Профессор Жаригийн дээр тонгойх үед нойрноосоо дөнгөж сэрэн нүдээ нээсэн хүү цочиж, орь дуу тавин чарлаж хана самардлаа.
"Юу гээч чөтгөрийн юм болоод байгаа юм бэ?
Дөрхин дэнлүүгээ өргөж өрөөний ханан дээр тусгаж анхааралтай ажиглаж байснаа
"Захирагчийн өрөөнөөс нэг баримт алдагдсан. Маш их үнэ цэнэтэй ном." гэж хэлэв.
"Ном гэсэн үү, ноёнтон?" гэж Аамир асуугаад буржгар хар үсээ иллээ.
"Тийм ээ, ном," гэж Дөрхин давтаж хэлээд өрөөг самнаж харах зуур шанаагаа маажлав.
"Шүүгээнүүдээ хоосло. Тийм ээ, чи, бас Петра чи ч гэсэн. Би дахиад гурван өрөөгөөр орж шалгах хэрэгтэй. Шөнөжин сэрүүн байх хүсэл надад алга."
"Танд ч гэсэн Шинэ оны мэнд хүргэе," гэж Жари орноосоо босох зуур хэлээд шүүгээгээ онгойлгон доторхийг нь шалан дээр шидлэв. Харин профессорыг орнууд доогуур шагайж харах хооронд Алекс, Аамир хоёр шүүгээн доторхи зүйлсээ тайван гаргаж өрж тавилаа.
Дөрхин шалгалт хийж дуусаад Алексын орон дээр лагxийн суув. Дотор нь ном нуусан дэр гулсаж профессорт ойртоход тэр бараг амсгал авч чадсангүй.
"Сонс! Би нэг үгээ хоёр удаа давтахгүй, харин Вэбберийн хувьд би үсэглэж хэлж өгөх болно. Хэрвээ би та нараас энэ номыг олдог юм бол..." гэж хэлснээ Дөрхин нүдээ онийлгон
хилэнтэй хараад "... шидтэн ч байсан, сурагч ч байсан хамаагүй би та нарыг дуусгах болно. Энэ бол зүгээр орхичихож болохгүй асуудал. Миний хэлснийг сайн ойлгосон биз?" гэж хэлэв.
Дөрхинийг үгээ хэлж байх үед өөр юу болохыг хүлээн амьсгалаа түгжин зогсож байсан гурван хүү толгойгоо дохилоо. Одоо харин профессор тайвширч ердийнхөөрөө инээмсэглээд
"Одоо би дараагийн өрөө рүү явлаа." гэж хэлэв.
Тэр ухасxийн босож, алгаа хооронд нь үрснээ инээмсэглэсэн хэвээрээ хонгил руу гарлаа. Өрөөнөөс Дөрхиний дэнлүүний гэрэл алга болоход харанхуйд үлдсэн гурван хүүгийн хүндээр амьсгаадах нь тод сонсогдов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.12.18 5:13 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 27


Хаалган дээр хэн нэгэнтэй маргалдаж буй Жари дуунаар Алекс дахиад сэрлээ. Тэрбээр урьд шөнө хэт их чармайснаас хөшиж хүндэрсэн биеэ арайхийн эргүүлээд нүүрээ хөнжлөөрөө бүтээв. Дэрэн дотор нуусан ном толгойг нь нухсанд тэр биеэ займчуулан дээшилж хэвтэв,
"Тэр унтаж байна. Тэрнээс гадна охид ийшээ яасан ч ирж..." Жари хийрхэн инээд алдах нь сонсогдлоо.
"Алекс!"
Наталигийн хоолойны өнгө өчигдрийнхтэйгөө яг адилхан, андуурахын аргагүй сул дорой, сөөнгө сонсогдоно.
Алекс санаа алдаад толгойгоо өргөв.
"Натали юу? Жари, түүнийг оруул."
Жари дэгжирхэн тонголзож Наталиг өрөөнд оруулахад тэр Алексын ор луу шууд очлоо. Алекс охинтой мэндлэхээр гараа өргөж инээмсэглэв.
"Чамайг өвдсөн гэж би сонссон. Бие чинь гайгүй юу?"
Натали Алексын орон дээр сандайлж суух үед Жари тэвдсэн байртай өрөөгөө тойруулж харна. Охины арьс урьдын адил цонхигор цагаан, харц нь бүүдгэр булингартай байхыг харсан Алексын санаа дахиад зовлоо. Охин харин хариуд нь мөрөө хавчаад инээд алдав.
"Би хүн болгон дээр бөөлжөөд байдаггүй л дээ." гэж хэлээд охин нүдээрээ инээмсэглэснээ "Зөвхөн хэдхэн тооны хүн дээр." гэж нэмж хэлэв.
Алекст энэ тийм ч хөгжилтэй санагдаагүй ч хүчээр инээх аядлаа. Хаалганы дэргэд зогсож байсан Жари эгдүүцэж буйгаа нуулгүй чимээ гаргав.
"Тэр цөөнхүүдийн нэг нь би юм бол надад энэ инээдтэй санагдахгүй байна." гэж хэлээд зангидсан нударгаараа нөгөө алган дээрээ чанга цохилоо.
"Чамайг тэсэж гарна гэж би бодсон юмсан." гэж Натали Жариг эгцлэн харж ноцтой хэлээд "Би эмзэг, сул дорой хүнээс уучлалт гуйхыг хүсдэггүй. Гэвч намайг уучлаарай. Тэгэхээс өөр арга надад байгаагүй." гэв.
Алекс инээдээ барьж дийлсэнгүй. Натали буруугаа хүлээх дургүй байгаа нь илт байсан ч охиныг ингээд зүгээр буугаад өгчихнө гэж тэр огт бодоогүй ажээ.
"Тэгэхээр би чамаас ямар нэг юм хүсэж чадахгүй нь бололтой, тийм үү?" гэж Натали асуугаад Жари руу инээмсэглэн харахад хүү бүр тэсэлгүй нүдээ эргэлдүүллээ.
"Би таалаа. Чи Алекстай хоёулхнаа үлдмээр байгаа биз дээ?" гэж хэлээд тэр толгойгоо сэгсрэв. "Та хоёр тийм ч зальтай, ухаалаг хүмүүс биш юм. Би зарим нэг юмаа авчихаад та хоёрын нүднээс одоохон далд ороод өгнө."
Аамир ид шидийнхээ дасгалыг хийхээр зоорь луу ч юм уу, эсвэл хичээлээ давтахаар аль хэдийн явчихсан ажээ. Жари Алексын орон дээр сууж буй хоёрыг ээлжилж харсанд Алекс инээмсэглээд юу ч хэлсэнгүй. Алекс, Натали хоёр нууцаа далдлахын тулд дуугүй байсан нь бараг дээр байлаа.
"Бид зүгээр л ярилцах гэсэн юм. Үнэн шүү." гэж Натали хэлэв.
"Окэй, тэгвэл тайван ярилц даа." гэж Жари хариу хэлээд шургуулгаа нилээд удаан ухаж төнхөж байснаа нэг ноорч навсайсан ном гаргаж ирлээ. Номын хавтсан дээр нэг ухаан алдсан бүсгүй алтан шар үсээ унжуулан эр хүний гарт тэврүүлчихсэн зураг харагдав.
"Гоё юм аа." гэж Алексыг хэлэхэд
"Зугаатай шүү." гэж тэр хариулаад гараа хөгжилтэй далласнаа өрөөнөөс гарч явлаа.
Хаалга бараг хаагдаж гүйцээгүй байхад аль хэдийн хөөрч догдолсон Натали Алекс руу эргэв.
"За тэгээд юу болж өнгөрөв?" гэж тэр асууснаа " Тэр новшийн жижигхэн өрөөнд чиний бүх юм зүгээр байгаа гэж санаа зовон хүлээж суух надад ёстой аймшигтай байсан! Өвдөж гэмтээгүй байгаад чинь би их баяртай байна." гэж хэлээд охин урагшаа бөхийж Алексыг чанга тэвэрлээ.
"Амжилттай болсон," гэж арайхийж хэлсэн хүү хоолойгоо засав. "Би цөөн хэдхэн шидэт шившлэг эвдсэн. Бага зэрэг айж байсан ч..."
Алекс дэрээ уутнаас нь салгаад "Nobilitum Mortem" хэмээх савхин хавтастай номоо сугалан гаргаж ирлээ. Ном Захирагчийн жихүүдэс төрүүлсэн зэвүүн өрөөнд жирийн харагдаж байсан бол одоо харин шал ондоо ид шидтэй гэмээр харагдана. Магадгүй номын нэрийг савхин хавтсан дээр том хутгаар эв дүй муутай ухаж сийлсэн болоод тэгж харагдсан байж ч мэдэх юм. Эсвэл хавтсанд хүрэх үед ном чичирхийлэн хөдөлж, савхи нь хунирч үрчийж байх шиг санагдсанаас болсон байж магадгүй.
Натали харин юу ч анзаараагүй бололтой. Тэр гараа сунгаж номыг аваад шууд нээлээ.
"Энэ нээрэн жинхэнэ гэж үү?" гэж тэр асуугаад хуудас руу харав. Тэрбээр хөөрч догдолсноос нүд нь гялалзаж харагдана. "Энэ чинь Латин хэл дээр юм биш үү?"
Алекс аяархан хараагаад "Би доторхийг нь хараагүй." гэж хэлснээ буцааж авсан номныхоо гаргаж уншихын аргагүй бичсэн мөрнүүд рүү гөлрөн харлаа. Асуудал дахиад л төвөгтэй болсонд тэр гомдолтой байжээ.
Натали номыг дахиж эргүүлж авлаа. "Энд өгүүлснээр... хөөх, энэ бүлэгт үхдлүүдийн тухай бичсэн байна." Охины царай хувирч тэр айсан харагдана.
Алекс дуугүй сууж байснаа "Чи үүнийг уншиж чадах уу?" гэж асуулаа.
Натали ид шидийн хүчээ ашиглан хархны дотор эрхтнийг гаргах гэж байгаа мэт номоо ташуулдаж бариад жижигхэн үсгээр гараар жирийтэл бичсэн эх бичгийг гүйлгэж уншив.
"Би дунд сургуульд байхдаа Латин хэлний хичээлд сууж байсан. Би сайн биш ч гэлээ үүнийг харин ойлгож чадах юм шиг байна."
"Энэ чинь сайн хэрэг." гэж хэлсэн Алекс цухалдаж бухимдсан нь илт доод уруулаа долоож байснаа " Гэхдээ чи болгоомжтой байх ёстой. Маш болгоомжтой. Өчигдөр орой энд Дөрхин ирж энэ номыг байж магадгүй гэсэн хүн бүрийг сүрдүүлж заналхийлсэн." гэж нэмж хэллээ.
Натали босож зогсоод хайртай хүүхдээ тэвэрч байгаа эх хүн шиг цээжиндээ наагаад "Би болгоомжтой байх болно. Одоо би бидэнд ашигтай зүйл хийх хэрэгтэй... Чамайг зүгээр байгаад би бас их баяртай байна " гэж хөөрч догдолсноо нуулгүй хэлэв.
Дараа нь Натали хаалга руу эргэж явлаа. Охин бүгшүүлж ханиалган хаалганы хүрээг налж хэсэг зогссон боловч энэ түүний баяр хөөрийг эвдэж чадсангүй. Алекс духаа үрчийлгэн орныхоо ар талыг налж суугаад
"Би чиний хэлсэнтэй адил зүйл хэлэх гэж байсан юмсан, Натали." гэж хэлсэнд.
"Өө, чи санаагаа хэтэрхий их зовоох юм." гэж охин чичирхийлсэн хоолойгоор хариу хэллээ.
Хаалганы оньс торхийж дуугарч охин үзэгдэхээ болив.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.16.18 6:27 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.13.18 12:04 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 28



Натали ядарч байсан ч Nobilitum Mortem номоо хурдан барьж аван шургуу ажиллаж байлаа. Алекс тэр хоёр номын санд хэрэглэдэг байсан хуучин ширээгээ сольж, сурагчдын нүднээс хол, зөвхөн лааны анивчсан гэрэл муухан туссан танхимын харанхуй булан руу шилжиж суужээ. Хааяа латин хэлний толь бичгээс үг шалгаж, хуудсан дээр хуруугаа гүйлгэж суугаа Наталигийн хөлсөнд норсон нүцгэн гарын арьс лааны гэрэлд гялалзаж байгаа нь түүнийг бараг хагас үхдэл шиг харагдуулна.
Алексыг айлгасаар байгаа охины өвчин бүрэн илааршаагүй ажээ. Натали өөрийгөө хүчлэн дахиад ажиллах үеэс л биеийнх нь байдал дээрдээгүй гэдэг нь тодорхой байжээ. Наталиг ядарч унатал нь ажиллуулахгүйн тулд тэд судалгаа хийх ажилдаа бага цаг зарцуулж, охин ор луугаа эрт явдаг байлаа. Алекс охиноос бие нь ямар байгааг асуухад тэр эндээ үлдэж ажиллахын тулд дандаа зүгээр гэж хариулдаг. Натали яг өөр шиг нь энэ сургуулийн нууцыг мэдэхийг асар их хүсэж байгаа учраас өөрийгөө хэтэрхий хүчлээд байгааг хүү мэдэж байлаа.
Ном руугаа тонгойж суусан Натали хөмсгөө зангидаж харцаа толь бичигнээс салган Алексыг ширтэв.
- Яасан бэ? гэж Алексыг асуухад
- Энэ ид шидтэй холбоотой үг юм шиг байна. Үүнийг толь бичгээс олж чадсангүй. Би мэдэхгүй байна, гэж охин бувтнаж хэллээ.
- Өгүүлбэр нь юу гэж байх юм?
Натали өгүүлбэрийг эхлээд Алексын аазгайг хөдөлгөх гэсэн мэт латин хэл дээр уншсанаа дараа нь англиар орчуулав.
- "Inmagus" нар нь үхэгсдийн сүнс, ид шидийн хүчээс хамгаалагдсан байдаг учраас тэдэнд энэ хүч үйлчилдэггүй. Энэ үгийг мэдчихвэл сайн байхсан. Охин нүүр лүү нь унжсан туг үсээ чихнийхээр араар оруулаад тэрбээр бухимдсандаа амьсгаа нь дээрдсэн харагдана.
Алекс түр зуур дуугүй сууснаа
- Чиний юу хайгаад байгааг би мэдэх юм шиг байна, гэж хэлсэнд Натали толгойгоо өргөлөө. Охины нүд лааны гэрэлд гялалзаж байлаа.
- Энэ тэгээд юу юм бэ?
Шид эвдэгч, хэмээн сэтгэл нь хөдөлсөн Алекс дотроо бодсон боловч хариулсангүй. Эхлээд мэдэж байгаа зүйлээ хэлэхээс өмнө тэр таамаглалыг нь баталчихмаар баримт сэлт олохыг хүсжээ. Гэвч энэ их төвөгтэй бололтой.
Алекс суудлаасаа босож холдон явахад охин араас нь асуусан байртай амандаа бувтнав. Хүү хэдэн алхсанаа эргэж харлаа.
- Би нэг юм шалгах хэрэгтэй байна. Чи яагаад түр амарч болохгүй гэж? Би удахгүй эргээд ирнэ.
Алекс номын сангийн гурван баганын нэг рүү хүрч очин эгнүүлж өрсөн олон номны хажуугаар өнгөрч шатны төмөр тавцан дээр гишгэтэл хөлийнх нь доор шажигнасан чимээ гарлаа. Танхимын шалнаас зуун футын өндөрт гарсан тэрбээр шатны нүхээр доошоо харвал толгой нь эргэв. Нэг сурагч бүсэлхийгээр татсан өндөртэй хашлагыг даван агаарт гайхалтайгаар хөөрөн ниссэнээ шидэт алтан үүлний дунд аяархан газардахыг тэр харлаа. Алекс өөрийгөө шалан дээр тасxийтэл унаж байгаагаар төсөөлж бодсоноо хашлаганаас чанга зуурч шүлсээ гүдхийтэл залгив.
Шидэт сурагчдад байдаг энэхүү чадвар байхгүй тэрбээр ганц удаа буруу алхахад үхэж ч мэдэх учир болгоомжтой урагшиллаа.
Багануудын хооронд холбосон утсан торонд өлгөсөн олон цаасан дэнлүүний гэрэлд Алексын нэрийг нь гарчиглан харах номнууд янз бүрийн өнгөөр солонгорч харагдана. Тэр эртний сурвалжит шидтэнгүүдийн түүх байдаг баганын хэсэгт ирсэн боловч эрж байгаа номоо олж чадах эсэхээ сайн мэдэхгүй байлаа. Тэрбээр зэргэлдээ харагдах багана руу хальт харсанаа зөв газраас эхэлсэн эсэхээ өөрөөсөө асуув. Ид шидийн чадвараа ашиглан хөл дээрээ үсрэн багануудын хооронд дүүлэн нисэх сурагчдыг гэвэл эхлээд доошоо уруудаж буугаад дараа нь буцаад дээшээ өгсөх хэрэгтэй болох нь дээ гэж тэр бодлоо. Хэрвээ тэгвэл энэ их цаг гарздахаас гадна түүнд их ядаргаатай байх тул хоёр дахь багана руу очиж шалгах шаардлага гарахгүй биз гэж тэр өөртөө найдав.
Алекс эрлийн ажилдаа орохоор эртний шидэт гэр бүлийн намтрыг бичсэн номнууд дээр нэг нэгээр нь хуруугаа хүргэн харж эхэллээ. Номын ангилалд Шид эвдэгчид гэсэн үг гэж байгаагүй, бас түүний санаж байгаагаар нэрийг нь хальт дурьдаад өнгөрсөн нэг номыг санаж байсан ч тэр хаанаас эхэлж хайхаа мэдэхгүй. Нүүрэн дээр нь зүгээр л "Шид эвдэгчид" гээд биччихсэн номыг шууд хайгаад олчихно гэж тэр бодлоо гэж үү? Тэд тийм ч их алдартай байгаагүй, эсвэл тэд өөрсдийнхөө талаар сайн нууж далдалсан биз.
Эрэлчний ярьсан магадгүй одоо ч хөлдүү нуурны мөсөн доор араг яснууд нь хэвтэж буй хүмүүсийн цогцосны тухай бодож зогссон Алекст гэнэт найдвар төрлөө. Хэдийгээр тэр Шид эвдэгчдийн түүх намтрыг олоход зайлшгүй хэрэгтэй хүмүүсийн овог нэрийг мэдэхгүй ч тэднийг алж устгасан хүмүүсийн түүхээс зарим нэг юмыг олж чадах ажээ. Эрэлчний жинхэнэ нэр нь Малахи Грэй. Тэгэхээр эрлээ эндээс эхлэх нь зүйтэй. Алекс хайлтаа үргэлжлүүлж, хэдэн хормын дараа "Грэй" гэсэн нэр бүхий хэдэн эгнээ дүүрэн номнууд олов.
Тэр өөрт хэрэгтэй номоо олохоор дахиад хэдэн хором хайсан ч зөвхөн ганц тайлбар толь бичиг оллоо. Алекс ном хайхаар дэргэд нь эргэлдэж, бас хажуугаар нь өнгөрөх сурагчдыг үл тоон тэмдэглэлийг уншихаар тавцан дээр хөлөө жийж суув.

Гүнтэн Эван Грэй бол удмынхаа тав дахь үеийн үр удам байсан бөгөөд өвөг дээдсийнхээ ангуучлан устгадаг уламжлалыг үргэлжлүүлжээ. Тэрбээр анти- шидтэний цустай хүмүүсийг алж устган тэдний цогсцыг нууранд хаядаг уламжлалыг үргэлжлүүлэхийг хөхүүлэн дэмжиж урамшуулдаг байсан. Хэдийгээр энэ уламжлалыг хүний ёсноос гадуур зэрлэг догшин гэж үздэг байсан ч тэр энэ бол өөрийн хүмүүсийг элэг буруу дайснуудаас хамгаалах цорын ганц арга зам гэдэг байжээ. Тэр насан туршдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг байсан боловч түүний Спеллшадоу шилтгээнд амьдарч байх үеийн талаархи мэдээлэл их хомс үлдсэн. Гэхдээ тэр Лоран Стийл, Эллен Фортэ зэрэг нэр алдартай олон Шид эвдэгчдийг өөрийн гараар алжээ. Гүнтэн Стиллвотер Хаусын Лорэйн Брюнтэй гэрлэсэн бөгөөд эхнэр нь түүний ганц хүү болох Малахиг төрүүлжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.13.18 12:10 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Би орчуулж буй номоо эхнээс нь засаж монгол номын аргаар бичихээр шийдсэн болохоор өгүүлбэрийн хэлбэр маяг өөрчлөгдсөн байгаа. Бас урд хэсгээс эхлэн засвар хийсэн бүлгүүдээ эдит хийж оруулна гэж бодож байна. Англи хэлбэр маягаар бичих надад үнэндээ таалагдахгүй байна. Заримдаа найруулгын алдаа гарчих вий гээд цаг их зарцуулах юм.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.13.18 1:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6432
naran1962 wrote:
Би орчуулж буй номоо эхнээс нь засаж монгол номын аргаар бичихээр шийдсэн болохоор өгүүлбэрийн хэлбэр маяг өөрчлөгдсөн байгаа.

:wd:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.13.18 9:05 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Нэг өчүүхэн нууц тайлж өгөхөөр өнөөдөр жаахан хэсэг орууллаа. Ирэх долоо хоногт үргэлжлүүлж оруулна. Амралтын өдрүүдээр жаахан ажилтай.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.13.18 9:06 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Алекс хуудаснуудыг цааш нь хомхойрон уншсан боловч үүнээс хойш эдний удам тасарчихсан гэлтэй өөр юу ч олдсонгүй. Гэвч эцэст нь Алекс эцгийнхээ суурийг өвлөж авсан залуу Малахи Эрэлчин хэмээх нэртэй болсныг олж чадав. Нилээн сүүлд Спеллшадоуд ирсэн Захирагч бие махбодь, сэтгэл зүрхээ өөрт нь өргөл болгон барьж, хүмүүн бус хэлбэрт шилжин өөрийнх нь мөнхийн боол болох саналыг залуу гүнтэнд тавьжээ.
- Яагаад? хэмээн Алекс өөртөө хэлээд духаа атируулав. Ямар шалтгаанаар Малахи өөрийгөө золиослоход хүрсэн юм бол? Алекс ямар нэг маш том зүйлийг орхигдуулсан бололтой.
Гэвч тэр хайж байсан юмаа оллоо. Тэр хайлтаа дахин үргэлжлүүлж овоо хэдэн ном олж аваад буланд судалгаа хийгээд сууж буй Натали руу буцаж очихоор шатаар уруудав. Алекс авчирсан номнуудаа ширээн дээр асгалаа. Нилээд ядарсан харагдах Натали харцаа өргөн хүүг гайхан харав. Тэрбээр инээмсэглэхчээ аядаад
- Чи зөндөө олон ном олсон байх шив, хэмээн хяхтнасан сөөнгө хоолойгоор шивнэн хэлэхэд
- Тийм ээ. Гэхдээ хүлээж бай, миний хийх гэж байгаа зүйлд өөр олон юм хэрэгтэй, гэж Алекс сэтгэл хангалуун батлан хэлснээ эхний номыг нээлээ.
Эллен Форте хэмээх эмэгтэйн намтрыг бичсэн бүлэгт анти-шидтэнгүүдийг эсэргүүцэх тулааны үеэр түүнийг дэнүү их өширхсөн харгис догшин байсан мэтээр дүрсэлжээ. Хайсан үгээ олтлоо Алекс нилээд хэдэн хуудас уншив.
Шид эвдэгч.
Дараа нь энэ үг олон тааралдах боллоо. Шид эвдэгчдийн цусанд ид шид эсэргүүцэх төрөлхийн чадвартай болгодог маш ховор удамшлын ген байдаг. Ид шидэнд өртөх үед бие махбодь шидийн хүчийг хүйтэн болгож өөрчилдөг тул тухайн хүн нэг хэсэгтээ мөс шиг хүйтнийг мэдэрдэг ажээ.
Чамайг даарч байгаа гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна, гэж Эрэлчин хэлж байсан.
Нүд нь томорсон Алекс урд нь байгаа хуудаснаас бүхнийг ухаж гаргахыг хүссэн мэт өөрийн мэдэлгүй хуруугаараа оролдон үргэлжлүүлэн уншсаар байлаа. Хариулт олдлоо. Тэгэхдээ бүр бүрэн төгс хариулт.
- Натали! хэмээн Алекс чичирхийлсэн хоолойгоор дуудахад охин харцаа алгуурхан өргөв.
- За?
Алекс гараа урагш нь сунгаж ширээнд дээр тавиад
- Намайг түл, гэж хэллээ.
Наталигийн санаа зовж, хүүг эргэлзсэн байртай харав.
- Алекс?
Зүгээр л оролдоод үз, гуйж байна. Хэрвээ миний зөв бол энэ намайг өвтгөхгүй. За алив.
Натали маш их сандарсан харагдах ч тэр маргалдах тэнхэлгүй болсон бололтой. Охин галт бөмбөлөг гаргахаар энергээ хуримтлуулав. Алекс хөмсгөө зангидан охины чичирхийлэн хөдлөх гарнаас гүн улаан өнгийн судалнууд гарч ирэн бөөгнөрөхийг харав.
Охин галт бөмбөлөгөө гарт нь хүргэхэд Алекс тэсч үлдэхээр зоригоо чангаллаа. Бөмбөлөг хүрсэн газар мөс шиг хүйтэн хурц юмаар хатгасан мэт хайрахад хүү өөрийн эрхгүй дуу алдаж шүд нь тачигнаж эхлэв. Гэвч энэ өвдөлт их үнэ цэнэтэй зүйл байлаа. Галаар төөнөсөн газар дээр тогтсон мөс хайлахын өмнө дээр нь эргэлдэж буй бяцxан хуй салхийг Алекс хөөрч догдлон харж суув.
Мэл гайхсан Натали хүүгийн алган дээрх жижигхэн мөсийг гөлрөн харна. Тэр хүүгийн царай мөс хоёрыг ээлжлэн харж сууснаа эцэст нь
- Хөөх, би өвчтэй байгаа гэдгээ мэдэж байна. Гэхдээ энэ үнэхээр хачин жигтэй биш байна гэж үү? хэмээн хэлэв.
Алекс жуумалзан алган дээрх мөсөө ширээн дээр хаяхад мөс бутран уналаа.
Үүнийг хачин жигтэй гэж хэлэхэд ч багадна.
Энэ бол үнэхээр ер бусын зүйл байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.16.18 2:45 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

* * *


Үд дундын алдад Натали хар шидэнд бууж өглөө. Алекс охинд Шид эвдэгчдийн талаар тайлбарлаж өгсний дараа тэд өөрсдийнхөө чадварыг шалгаж үзжээ. Гэвч бүрэн эдгээгүй байгаа Натали Алексын чадварыг гүйцэд шалгахад хангалтгүй байлаа. Нэг хэсэг завсарлага авсны дараа охин Алексын хүүгийн гарыг бараг бүхэлд нь мөсөнд хучиж чадав. Энэ нь ид шидийг эсэргүүцдэгээс гадна бас хүйтнийг тэсвэрлэж чаддаг хоёр чадварыг харуулж байлаа.
Тэр орой хүү охин хоёр ердийнхөөрөө өөрсдийнхөө зүйлийг хийж суув. Натали өвөр дээрээ тавьсан ном руугаа бөхийн сууж, харин Шид эвдэгчдийн түүхийн түүвэр эмхэтгэлийг уншиж суугаа Алексын санаа улам их зовж түгших нь ихэсч байлаа. Хэрвээ сургуульд нь ид шидийн чадваргүй нэгэн байна гэхээс илүүтэй нэг Шид эвдэгч байна гэвэл Захиралд лав таалагдахгүй нь мэдээж. Бас Шид эвдэгчдээс нэг ч хүн үлдээлгүй устгаж чадсан гэж бодож байсан тэдний итгэл найдвар нурж таарна.
Хамгийн багаар бодоход л нөхцөл байдал ингэж харагдаж байлаа. Алексын уншсан бүх ном гэнэт тасалдсан байх нь үнэхээр хачин. Номын ихэнх бүлгийн үг үсэгнүүд гэнэт уусаад алга болчихсон аятай оронд нь зөвхөн хоосон хуудаснууд л харагдана.
- Түүхийн ном уу? Чи үүнийг зав чөлөөгөөрөө судалж байгаа юм уу?
Алекс хажууд нь чимээгүй ирсэн Жаригаас цочиж сандалнаасаа унах шахав. агаараас унаад ирсэн гэлтэй гэнэт хүрч ирсэн найзыгаа харсан Натали нүдээ томруулснаа номоо хаалаа.
- Ядаж л чи буруутай гэдгээ жаахан ч гэсэн ойлгосон бололтой, гэж Жариг хэлэхэд гэнэт саад болсонд бухимдсан Алекс
- Чи юу хүссэн юм бэ? гэж асуув.
- Чамайг.
- Чи намайг эндээс яваасай гэж хүсэж байгаа биз дээ? гэж Натали сийж байсан булангаасаа сулхан дуугаар асуулаа.
Жари хэдийгээр инээмсэглэж харагдах ч санаа нь их зовсон шинжтэй харагдана.
- Би зүгээр...
Алескт гэнэт нэг бодол төрөхөд тэр номоо хаалаа.
- Аамир уу?
Жари толгой дохив.
Aамир хичээл номдоо анхаарахаа больж хайнга ханддаг болсон бөгөөд сүүлийн үед хичээлдаа ирэхээ больжээ. Түүний хоосон сандлыг харсан профессорууд харцанд уурлаж гомдсон гэхээсээ илүү өөр нэг хачин юм нуугаад байна уу гэлтэй харагдана.
- Тэр одоо хичээлд суугаад ч хэрэггүй гэж бодож байгааг би мэднэ. Гэхдээ тэр өөрийгөө бүх юмнаас тусгаарлаад байна. Чи надтай явж түүнтэй ярилцаж өгч чадах уу?
Алекс Натали руу харвал охин гараараа дохиж
- Яв даа, хэмээн хэлээд ханиалгав.
Алекс номнуудаа хамж үүргэвчиндээ чихэж хийгээд Жаритай хамт номын сангаас гарлаа. Тэд хонгилоор явах үед Спеллшадоугийн амьдрал их өөрчлөгдсөнийг Алекс анзаарав. Жари дэргэд нь алхах хэдий ч гараас нь чангааж чирэх нь холгүй явна. Бүх юм нэг л хачин болжээ. Алекст урьд өмнө нь мэдэрч байгаагүй нэг хачин зүйлийг Спеллшадоугаас мэдэрч байлаа. Магадгүй тэр энэ газрын байр байдал, нэгэн хэвийн харагддаг хичээлийн өрөөнүүд, хэл амаа амархан олдог багш нараас болоод тэр тулгарч мэдэх аюулыг мартчихсан байж ч мэдэх юм.
Жари Алексыг дагуулан цэцэрлэг рүү гардаг хаалгаар гарч эвдэрхий замаас гарч алхахад тэдний хөл доор цас чахарч байлаа. Тэд мөлхөө ургамалд дарагдсан том хэрмийн дэргэд байдаг бандан сандал руу очтол нэг их удсангүй.
Аамир гартаа сэнжтэй аяга барьчихсан сандал дээр сууж харагдана. Гартаа хөх өнгийн бээлийтэй хүүгийн өмссөн хэлхийж томдсон хүрэм түүнийг жижигхэн харагдуулах ажээ. Аамир турж эцэн хацар нь хонхойж ёнхойн, нойр алдсанаас нүд нь их ядрангуй харагдана. Тэр сандлынхаа цасыг ч гөвөлгүй дээр нь суужээ.
Алекс, Жари хоёрыг дөхөж ирэхэд тэр дээшээ хараад ёс төдий толгой дохив.
- Сайн уу? Надад үглэж загнах гэж ирснийг чинь би мэдэж байна.
- Үгүй, гэж Алекс хариулаад толгойгоо сэгсэрлээ.
Харин Аамирыг загнахыг хүсэж байсан Жари урагшаа алхаж
- Чи хичээлдээ суух хэрэгтэй, гэж хэлэв.
- Яах гэж?
- Чи тэнд харагдах ёстой.
Аамирын нүдэнд уур хилэнгийн оч гялсxийж, тэр босож зогслоо.
- Би хичээлд суухаас ч дургүй хүрч байна, гэж хэлэх үедээ тэр биенээсээ дулаан илч ялгаруулж хөлийнх нь орчим байсан цас хайлав. Хүүгийн нүдэнд дүрэлзэх уур хилэнг харсан Алекс арагшаа нэг алхам ухарлаа.
- Би тэдний тоглоом тохуу болж худлаа инээхээсээ ч бүр залхаж байна. Бид тэдний хүссэнчлэн булшиндаа зүгээр яваад орчихож болохгүй гэдгийг чи ч гэсэн мэдмээр юм.
- Аюулыг сөрж бэлтгэх, өөрийгөө гаргуунд гаргах хоёрын хооронд их ялгаа бий, гэж хариулсан Жаригийн хоолой түүнийг аргадсан өнгөтэй сонсогдох ч түүний гарт цахилгаан оч хилэнтэйгээр тас нясxийж, үс нь гялтганан гэрэлтэж харагдана.
- Өө, энэ чинь юу вэ? Чиний хувьд би хулчгар болохоороо юу ч хийхгүй байгаа юм шиг харагддаг байх нь. Чи намайг сайн хүүхэд шиг хичээлдээ сууж, хийж байгаа ажлаа гүйцээгээд сургуулиа төгс гэж хэлж байгаа юм уу?
- Чи мэдэж байгаа, намайг...
- Намайг бүх юм сайхан болно гэж найдсан хэвээрээ эндээс арилаад өгөөсэй гэж чи хүсэж байгаа! гэж Аамир хашгирснаа урагшаа алхлаа.
- Бидэнд юу тохиолдох нь чамд огт хамаагүй байдаг биз дээ! Чи миний төлөө санаа зовдоггүй! Чи зөвхөн хүн болгоныг зүв зүгээр аз жаргалтай байгаа юм шиг харагдаасай л гэж хүсдэг!
Таг дуугүй зогсох Жаригийн гарт гялалзах шидэт цахилгаан оч улам бүр өсөж томорсоор. Жари нэг ч үг хэлэхгүй болохоор Аамир зориг орсон бололтой яриагаа үргэлжлүүлэв.
- Ингэхэд чи ер нь над шиг байдалд орсон хүнд ямар байгаа бол гэж өөрөөсөө асууж үзсэн үү? Өдөр хоног ойртох тусам календар луу харж байсан юм уу? Одоо нэгдүгээр сар, харин би таван сард сургуулиа төгсөнө.
Алекс нэрсийн жагсаалтын ард жижгээр бичиж тэмдэглэсэн нөгөө сар өдрийг гэнэт саналаа.
Тавдугаар сарын 7.
Үүний учрыг одоо л ухаарч ойлгосон Алекс ухасxийн босов. Аамирын зөв байжээ: төгссөн сурагчдыг өөрсдийнх нь ирсэн газар луу буцааж явуулдаггүй бололтой. Блэйний нэрийн ард юу гэж бичсэн байлаа? Бүрэн төгс боловсроогүй. Цастай ямар ч хамааралгүй Алексын хамаг бие жихүүцэж, тэр дагжин чичирлээ.
Тэр юунд хэрэглэхэд хангалттай боловсроогүй байсан юм бол?
Жари уурлаж хилэгнэн гараа далайж дахин ам нээж үг хэлэх гэж байсан Аамирыг цохиж авах үед Алекс бодлоосоо салав. Жари Аамирын шанаа руу цохих үед түүний гарнаас урсаж гарсан цахилгаанд хүү давхар цохиулж шургачин унаж газар дээр өнхөрлөө. Тэр хөл дээрээ босоход хувцсанд нь цас бараг наалдаагүй харагдана. Хүү гараа сунгаж Жариг чиглүүлэн галт урсгал илгээсэнд жижигхэн биетэй хүү хуруугаа зангаж долгионыг тас цохив.
- Больцгоо! хэмээн Алекс тэдэнд анхааруулж хашгирсан ч өрөөнийх нь хоёр анд түүнийг огт сонссонгүй. Байнгын цовоо цолгин байдаг Жаригийн хоолойны өнгө цэвдэг хүйтэн болж өөрчлөгджээ.
- Хэнд санаа тавихыг минь чи надад заах болж байна уу? Юу хийхийг минь чи надад зааж зүрхлэнэ гэнэ ээ?
Жари дахиад нэг галт урсгалыг зайлуулаад хариуд нь шатаж буй мэт гэрэлтэх гэрлэн урсгал илгээлээ. Жинхэнэ шидэт хүчээр хариу барьсанд уурссан Аамир цохилтоос зайлсxийж арагшаа ухарсанаа архирах мэт орилоод нударгаа зангидан Жари руу дөхөв. Өндөр дуугаар хашгирахад хөл доорх газар чичрэн хөдлөх шиг болж цохилт Жаригийн эрүүн дээр буухад хүү агаарт хөөрснөө цасан дээр хүчтэй газардлаа.
- Жари! Аамир зогс! Алекс тэднийг зогсоохоор дахиж оролдон Жарид ойртов.
- Чи эхлээд түүнийг цохисон!
- Надад үүнийгээ харуул л даа! хэмээн Аамир Алексын ярьж байгааг үл тоон архирах мэт хэлээд
- Бусдад санаа тавьдаг гэдгээ харуул гэж байна! Чамаас ийм юм хараагүй учраас би үнэнийг хэлсэн юм. Чи намайг дэмжихийг оролдож байгаагүй. Чи намайг зөвхөн зогсоохыг оролдож байсан, гэлээ.
Жари амнаас нь урссан цусаа арчаад салганаж чичирсээр хөл дээрээ босов. Түүнийг дахин дайралтанд бэлтгэж байх үед уур амьсгал гэнэт аймшигтай өөрчлөгдөхийг харсан Алекс цочирдож дороо хөшчихөв. Тэнгэр сааралтан харанхуйлж, тэдний эргэн тойронд шуурга дэгдэх нь үү гэлтэй хүчтэй салхилж агаарт металлынх гэмээр үнэр үнэртлээ. Тэгтэл Аамирын гар хөлний хавьцаа гал улалзан асаж дээшээ өгссөнөө улбар шар өнгийн ороомгон хэлбэртэй багана болж хүрсэн хүнийг түлчихмээр халуу шатаж эхлэв. Тэр хоёрыг ээлжлэн харж зогссон Алекс
- Өө үгүй ээ, хэмээн амандаа шивнэлээ.
Хоёр хүү барилцаж авахад Алекс юм бодох ч завдалгүй шууд ухасxийв. Тэр хоёр хүүгийн дундуур орж нэг гараараа салхинд балбуулсан найзыгаа, нөгөө гараараа галд өртсөн найзыгаа барьж авлаа.
Алексыг гэнэт хүйтэн юмаар ороолгох шиг болж, аман дахь шүлс нь хөлдөж тэр өөрөөс нь ч дулаан санагдах цасан дээр шидэгдэн унав. Бүх юм хүйтэн цэвдэг болсноос тэр хамаг бие нь таталдаж, биеэ хянах чадваргүй болон цас мөсөөр тургилж ханиалгахын хажуугаар ёолж хашгиран нааш цааш өнхөрлөө.
Алекс чаддагсан бол инээмээр л байлаа. Тэр шидэт хүчийг зогсоох асар их хүч чадалтай ажээ. Гэвч өөрийнх нь энэ гайхалтай хүч чадлын үр дүн түүнийг арчаагүй нэгэн болгон хувиргаж, тэрбээр одоо цасан дээр хагас үхлүүт хөлдүү нэгэн болон хэвтэж байлаа.
Өвдөлтөөс болж нүд бүрэлзсэн тэрбээр айж сандарсан Жари, Аамир хоёр дээр нь хашгиралдахыг сонсов. Тэр хоёр нүд ирмэх зуур шиддэт тэмцлээ зогсоож дэргэд нь явган сууцгаажээ.
- Чөтгөр аваг. Тэр бүр даарчихаж. Тэр яагаад ингэж их даардаг билээ? хэмээн Жариг хэлэхэд Аамир
- Түүнийг өндийлгө. Би түүнийг дулаацуулъя, гэлээ.
- Чи л ийм новшийн юм хийж чадна. Чи үүнийг хийсэн.
- Үгүй ээ, бид ингэчихлээ.
Чимээ аниргүй боллоо. Хэн нэгний илбэдэн гаргасан халуун дулаан илч төөнөж арьс нь таталдаж байснаа бие нь дулаацаж эхлэхийг Алекс мэдрэв. Түүнийг дагжин чичирсээр суухад дэргэд нь байгаа хоёр найз нь хоорондоо аяархан ярилцаж байлаа.
- Тэр яагаад ингэж их даарч хөрдөг билээ? хэмээн Аамир бувтнав.
- Би дөнгөж сая хэлсэн биз дээ.
- Дөнгөж сая... тэр урьд нь мөсөнд хучигддаггүй байсан. Ийм болсон гол шалтгаан гэвэл...
Тэд дахиад чимээгүй боллоо. Алекс зовхийг нь хучсан мөсийг авч хаяад нүдээ нээв. Алган дээрээ халуу төөнөсөн гэрэл гаргаж барьсан Аамир түүнийг гөлрөн харахад Жари хоёр найзыгаа ээлжилж харснаа
Чимээ аниргүй боллоо. Хэн нэгний илбэдэн гаргасан халуун дулаан илч төөнөж арьс нь таталдаж байснаа бие нь дулаацаж эхлэхийг Алекс мэдрэв. Түүнийг дагжин чичирсээр суухад дэргэд нь байгаа хоёр найз нь хоорондоо аяархан ярилцаж байлаа.
- Тэр яагаад ингэж их даарч хөрдөг билээ? хэмээн Аамир бувтнав.
- Би дөнгөж сая хэлсэн биз дээ.
- Дөнгөж сая... тэр урьд нь мөсөнд хучигддаггүй байсан. Ийм болсон гол шалтгаан гэвэл...
Тэд дахиад чимээгүй боллоо. Алекс зовхийг нь хучсан мөсийг авч хаяад нүдээ нээв. Алган дээрээ халуу төөнөсөн гэрэл гаргаж барьсан Аамир түүнийг гөлрөн харахад Жари хоёр найзыгаа ээлжилж харснаа
- Яасан бэ? гэж асуулаа.
Алекс Аамир луу царайчилсан байртай ширтсэнээ найзынхаа нүдэнд илрэх харцыг ажиглаад биеэ хураав. Хүүгийн нүдэнд айдас тодрохыг Алекс ажигласан ч тэр Алексын арьсан дээр тогтсон мөсийг хайлуулахаа больсонгүй.
- Чи үүнийг яаж хийдэг юм бэ? гэж Аамир дуугаа намсгаж асуусанд
- Юу... юу хийдэг гэж? хэмээн Алекс дагжин чичрэн байж хариу асуув.
- Ид шид, ангид. Яаж?
Жари дух хөмсгөө улам гүн атируулжээ.
- Хөөе, юу гэсэн бэ? Чи асуудлыг хааш нь хөтлөөд байгаа юм бэ?
- Натали. Тэр надад тусладаг, гэж Алекс шивнэж хэлээд мөс шиг хүйтэн болсон хүзүүнээс нь дулаан санагдах цасан дээр толгойгоо тавилаа. Түүний нүд нь бүрэлзсэн хэвээрээ байв.
Аамир бүгдийг ойлгосон бололтой харц нь зөөлөрч, толгой дохилоо.
- Тийм учраас чи түүнээс салдаггүй байсан юм байна. Би бодохдоо... гэхдээ би үүнийг хэзээ ч тааж мэдэхгүй байсан, гэж тэр гайхсанаа нуулгүй хэлэв.
Жаригийн хөмсөгний хооронд уурлаж бухимдсаны шинж болох цахилгаан оч гялсxийж харагдлаа.
- Юу болоод байгааг хэн нэг нь надад хэлж өгөхгүй бол... би үнэхээр...
- Би Шид эвдэгч байгаа юм аа, хэмээн амьсгаа давхцах Алексыг хэлтэл Жари хоёр найзыгаа ээлжлэн харж хэсэг дуугүй зогсов.
- Ийм юм байж огтхон ч таарахгүй.
Алекс толгой дохилоо.
- Тэр яг одоо хийсэн зүйлээрээ л амьд гарч чаддаг чадвартай. Өөрөөр хэлбэл... гэж хэлснээ Аамир дуугаа хураачихав.
Жари амандаа хараал урсгаж гарсанд Аамир толгой дохиод
- Мэдээжийн хэрэг, бид ярилцах хэрэгтэй гэж хэллээ. Түүний шонхрынх гэмээр хурц нүдний харц Алексыг зовоож эхлэв.
Аамирын байгаа байдал өөрт нь таалагдаагүй ч Алекс дуугүй хүлээн зөвшөөрлөө. Тэр үг хэлэхийг хүссэн ч юу хэлэхээ мэдсэнгүй. Бас нүднийх нь зовхин доорхи мөс хайлаагүй байв.
- Түүнийг дулаацтал жаахан хүлээ. Бидэнд зохицуулах зүйл зөндөө гарна, гэж Жариг хэлэхэд Алекс тэр жижигхэн хүүд чин сэтгэлээсээ талархлаа.
Аамир оч гялалзсан нүдээрээ Жариг хараад
- Чиний хэлснийг намайг мартчихсан гэж чи санахын ч хэрэггүй шүү. Гэвч бидэнд одоо яаралтай шийдэх асуудал гарчихлаа, гэж хэлсэнд хүү нусаа татлаа.
- Алекс бусдаас өөр болохоор энэ нууцыг хадгалах талаар уу? Энэ чинь шинэ юм биш. Би энд Алекстай ярилцах гэж ирээгүй, чамтай ярилцах гэж ирсэн. Харин үүний оронд бид хоёулаа нэг найзаа бараг алах шахлаа. Эхлээд бид хоёр ярилцах ёстой. Дараа нь бид Алекстай ярилцаж чадна.
Аамир Алексын цасанд хучигдсан биеийг хараад эргэлзсэнд тэр санаа нь зовж буй найзыгаа тайвшруулахаар инээмсэглээд
- Та хоёр асуудлаа зохицуул. Би үнэхээр ганцаараа байж чадна. гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.16.18 7:44 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland


Тэд байсан газраасаа хөдөлж хориод метрийн цаана шилжиж очлоо. Жари Алексыг цас руу унахаас болгоомжилж мод түшүүлж суулгав. Дараа нь Аамир, Жари хоёр хоёр биенээ ажиглан харж зогслоо. Аамир эхлээд ам нээж
- Намайг уучлаарай. Би асуудал ингэж хурцдана гэж бодолгүй болох болохгүй юм донгосчихлоо, гэж хэлсэнд мэл гайхсан Жари хөмсгөө өргөв.
- Чи хичээлдээ буцаж суухад бэлэн байгаа биз дээ?
Аамир аньсгаа нарийсгаж харснаа
- Чамд эхлээд надад хэлэх өөр зүйл байгаагүй гэж үү? хэмээн асуулаа.
Тэнгэрт үүл хуралдаж цахилгаан цахилж цэцэрлэг агаарт хөөрсөн хог новшинд дарагдав. Дуслан орж эхэлсэн зөөлөн бороо цасан дээр нүх үүсгэж харагдана.
- Жари, битгий илжиг зөрүүдлээд бай, гэж Алексыг хэлсэнд хүү түүн рүү хяламхийж харснаа уртаар санаа алдав.
- Болж байна. Би үнэхээр илжиг тэнэг байсан. Би олноос онцгой байж үүнийгээ бусдад харуулахыг хүссэн. Уучлаарай. Ээн чиний сонсохыг хүссэн зүйл мөн биз дээ?
Ховорхон инээмсэглэж харагддаг Аамир уруулаа мушийлгаж
- Эхлэл чинь дажгүй шүү, гэсэнд Жари
- Сонс доо, би ойлгохгүй байгаа юм биш. Намайг юу ч ойлгодоггүй гэж битгий бодоорой. Чи бол миний сайн найз. Тийм учраас сургуулиа төгсөнө гэхээс айж байгаа хүн нь ганцxан чи биш гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Чамайг алдчих вий гэдгээс би үхтлээ айдаг, гэж хэлэв.
Аамир нүдээ цавчиллаа.
- Үнэнийг хэлэхэд сургуулиа төгсөх гэж байгаа маань чамд огт хүртээлгүй байх л даа. Хийж байгаа зүйлд минь саад болоод байхаар чинь чамд миний асуудал хамаагүй юм байна гэж бодоход хүрсэн.
- Мэдээжийн хэрэг, энэ надад хамаатай байлгүй яахав, хэмээн хэлээд Жари борооны усанд норсон өмднийхөө шуумгийг сэгсрэхээр хөлөө дороо дэвсэлснээ
- Энэ бол зөвхөн... Чи хэрвээ багш болчихвол тэдний нэг болно гэсэн үг. Энэ чинь би чамайг алдсантай огт ялгаагүй, гэв.
Аамир бүр мэл гайхчихсан зогсож байлаа.
- Жари...
- Үүнийг битгий хий. Миний өмнө нэрээ хугалах хэрэггүй. Намайг эндээс гарах зам хайгаагүй гэж чи бодож байна уу? Би цаг минут тутамд наашаа ирдэг биз дээ? Аамир, би гэр орныхноо санаж байна. Би дүүгээ, ээжийгээ, бас байнга тэнэг юм хийж байдаг ухаан муутай аавыгаа санадаг. Хэрвээ би багш болвол энд бүр мөсөн хадагдах болно. Үүнээс дор юм гэвэл сурагчдад тохиолдох бүх зүйлийг би хариуцна. Би чиний оронд байсан бол сайн бодож үзэх байсан.
- Надад зүгээр л нэг төлөвлөгөө...
- Тэднийг ингэж чадна гэж чи бодоод байгаа юм уу? гэж Жари Аамирын үгийг тасалж уурсан хэлээд үргэлжлүүлэн
- Тэдний аль нэг нь энэ замын төгсгөлд сурагчдын хүлээж байгаа хувь заяаг өөрчлөн бие дааж шийдвэр гаргаж чадна гэж чи бодлоо гэж үү? Энэ газар ямар их аюултай болохыг анзаараагүй бол чи үнэхээр тэнэг юм байна. Энэ чухам юу болохыг багш нар мэдэж байгаа ч хамгийн аюултай нь тэдний хэн нь ч энэ талаар ярихгүй тас нуудаг. Бүр нэг ч багш ярьдаггүй, гэж хэлэв.
Аамир таг дуугүй зогсож, харин мод налж суусан Алекс Жариг ажиглан харлаа. Сэтгэл нь хэт их хөөрч догдолсон Жаригийн нүдэнд нулимс цийлэгнэж, уурлаж хилэгнэсэн тэрбээр гар нь салганан хацар нь улайжээ. Алекс хүүг бараг таньсангүй.
- Би энэ талаар огт бодож байгаагүй юм байна, хэмээн гутлынхаа хоншоорыг ширтэж зогссон Аамирыг хэлэхэд Жари
- Мэдээж үгүй, чи энэ талаар сонсож байгаагүй, гэлээ.
Хоёр найз бие биенээ харан удаан зогслоо. Тэгтэл Жари Алекс руу эргэж хараад
- Ингэхэд чамд бас ямар гээчийн новшийн юм нь тохиолдоод байгаа юм бэ? Чи Шид эвдэгч гэнэ ээ! хэмээн гараа савчин чанга хэлэхэд
- Нэг тиймэрхүү, гэж Алекс хариулав.
- Би үүнийг "мэдэхэд илүүдэхгүй" гэсэн үгийн жагсаалтандаа нэмж оруулна. Бидэнд энэ талаар хэлье гэсэн бодол чамд ер нь байсан уу?
Энэ удаа харин Аамир Алексыг өмгөөлөхөөр шийдэж
- Тэр алуулж ч мэдэх байсан, гэж аяархан хэлсэнд уурлаж бухимдсан Жари биеэ арайхийн барьж амьсгалаа урт гаргаад хоёр найзыгаа ээлжлэн харснаа
- Та нар хоёулаа усан тэнэгүүд юм байна, гэлээ.
Алекс, Аамир хоёр харц солилцоод
- Үнэнийг хэлэхэд би үүнийг саяхан олж мэдсэн, гэж Алекс хэлэв.
Жари нүдээ эргэлдүүллээ
- Хуучин он солигдох үеэр чамд зарим нэг аятайхан санагдсан юм байхгүй биз?
Уучлалт гуйхаар зэхэж байсан Алекс амаа хамхилаа. Одоо түүний хэлсэн ямар ч үг үнэмшилтэй сонсогдохгүй биз. Аамир хоолойгоо засав.
- Захирагч мэндчилгээ дэвшүүлэх үед чи байгаагүй. Наталиг бөөлжих үед чи тэнд байгаагүй нь их хачин. Чи бүр сүүлд буцаж ирээд...
- Үүнд чинь ухаан зараад байх юм алга, гэж Жари хариу хэллээ.
Алекс зүүнээс баруун тийш ээлжлэн хараад тэр хоёрт итгэж болох болов уу хэмээн өөрөөсөө асуув. Харин Натали өөрсөддөө туслуулахаар тэднийг элсүүлье гэж хэлэхийг мэдэж байсан тэрбээр
- Би ном хулгайлсан. Жинхэнэ хар шидийн ном, гэж хэллээ.
- Өө за. Тэр заль зохиож байна. Таалагдаж байна аа, гэж Жариг хэлэхэд харин Аамир үнэхээр гайхсан нь илт
- Яах гэж? хэмээн асуув.
Алекс тэр хоёрт болсон бүх явдлыг бүр эхнээс нь, Эрэлчнийг анх үдэшлэг дээр харснаа, Наталиг Спеллшадоу хүртэл дагаж ирэн дараа нь тэр хоёр Эрэлчний орогнодог нүх рүү очсон тухай, бас Захирагчийн номын тавиур дээр шидэт тарнид өртсөнөө ярьж өглөө. Тэр харин яагаад гэдгийг мэдэхгүй ч ганцxан Элайсын тухай ярьсангүй. Гэхдээ тэр сүүдрийн талаар дурсахыг хүсээгүй бололтой.
Түүнийг ярьж дууссаны эцэст Аамир бүр мэл гайхчихсан, харин Жарид энэ бүхэн их таалагдсан бололтой харагдав.
- Хоёр жилийн хугацаанд олж чадахгүй юмыг чи хэдхэн сарын дотор олж мэджээ гэж надад санагдаж байна, гэж тэр хэлээд аяархан исгэрлээ.
Аамирт харин өөр бодол төрсөн бололтой
- Сүнс, хэмээн амандаа шивнэх шахам хэлээд Алекс руу харж
- Би түүнийг хар шидийн... үл үзэгддэг шид хэрэглэдэг гэж боддог байсан болохоор яагаад энэ тухай бичсэн ном байдаггүй юм бол гэж өөрөсөө асуудаг байлаа. Би тэр номыг чинь үзмээр байна, гэж нэмж хэлэв.
- Одоо Натали номыг хэрэглэж байгаа. Ном бас латин хэл дээр, гэж Алекс хариулсанд Аамир амаа ангалзуулж зогссоноо эцэст нь
- Тэгвэл би Наталитай ярилцах хэрэгтэй юм байна, гэлээ.
Алекс алдаа гаргаагүй гэдэгтээ итгэхийг хүсэж, Жари, Аамир хоёрыг ээлжлэн харснаа
- Би... та хоёрт итгэж болно биз дээ? гэж асуув.
Жари бүр доромжлуулсан мэт харагдана.
- Бид нэг тал, гэж хэлээд дотроо юу бодож байгаагаа нуухыг хүсээгүй мэт Алексын нүдийг эгцэлж харлаа.
- Гэхдээ манай хүмүүс... Тэднийг танайхан алсан шүү дээ.
- Тэд грекүүдийг алсан уу? гэж Жари толгойгоо гэлжийлгэн асуухад Алекс хүүгийн нүд рүү хариу эгцэлж хараад
- Зөвхөн шидтэнгүүдийг, гэж хэлэв.
Жарид их зугаатай санагдсан бололтой аяархан санаа алдлаа.
- Одоогийн байдлаар чи үүнийг сайн анзаараагүй ч энд бид бүгдээрээ хоригдсон хүмүүс. Тэгээд ч бидний өвөг дээдэс юу хийж байсан нь бидэнд ямар хамаатай юм бэ? Чи бол бидний найз. Чиний цус намайг алмаар санагдтал оргилж буцлахгүй байгаа биз дээ?
- Үгүй, яалаа гэж дээ, мэдээж үгүй. Гэхдээ тэднийг мөнхийн дайсан мэт дүрсэлсэн байсан.
- Тэр үедээ л тийм байсан биз.
Аамир бага зэрэг болгоомжилсон мэт харагдах ч толгой дохиод
- Тэр ч тийм шүү, гэж хэлэв.
Алекс тэр хоёрыг ээлжилж харснаа Аамир дээр харцаа тогтоолоо. Ахмад хүү амьд гарна гэдэгтээ итгэлгүй байгаа учир Алексыг арай ховлочих юм биш байгаа? Өөрийнхөө амь насыг аврахын тулд нэг Шид эвдэгчээр солихыг байг гэх газаргүй. Гэхдээ Аамирыг тиймэрхүү юм хийнэ гэж Алекс бодсонгүй. Тэр найдваргүй ч, сайхан сэтгэлтэй нэгэн.
- Баярлалаа, гэж Алекс тэр хоёрт үнэн сэтгэлээсээ хэллээ.
Тэр хоёр нэг зэрэг инээмсэглэцгээв.
- Биднийг эндээс аваад яв, гэж Аамир гэнэт хэлсэнд Алекс инээмсэглэх гэж оролдсон боловч чадсангүй. Тэр даарч бээрсэн хэвээрээ, цээж нь хөндүүрлэж, дөрвөн мөч нь хөшчихсөн байлаа.
- Би үүнийг заавал оролдох болно.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.16.18 9:59 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland



Бүлэг 29



Маргааш өглөө нь Алекс цээжин дээр нь суусан улаан хүрэн нүд бүхий үнэхээр хачин нүүртэй нэг жижигхэн хулгана часхийн дуугарах чимээнээр сэрлээ. Үс ноос гэх юм бараг байхгүй хулгана дороо хурдан эргэлдэж, сүүлээ шарвах бөгөөд цагаан хавирганууд нь олон тооны толбон дундаас гэрэлтэж харагдана. Сүүл нь шөрмөснөөс шууд залгагдсан юм шиг харагдаж байлаа. Хулгана туранхай нарийхан хөл дээрээ тэнцэж ядах мэт гуйвлан нааш цааш алхахдаа Алексын хөнжлийн даавуун дээр цусан улаан өнгийн мөр үлдээнэ.
Байгалийнхаа зөнгөөр орилж хашгиран хулганыг хөнжилтэйгөө хаман авч шал руу чулуудан орон дээрээ зөвхөн унтлагын хувцастайгаа үлдсэн Алекс цочиж сандарсан хулгана час часxийн дуугарч байснаа хөнжлийн даавууг мэрж эхлэхийг айж мэгдэн харж сууна. Орон дотроо унтаж байсан Жари нэг нүдээ нээж
- Хар дараа юу? гэж нойрмоглож асуусанд хөнжил доороос цухуйн гарч ирсэн хулганыг дахиж хараад сандарсан Алекс
- Хулгана, хэмээн товчхон хариуллаа. Тэгтэл Жари хананд биеэ наан муухай орилов.
Хулгана дахиж Алексын орон дээр үсэрч гараад гялтганасан нүдээрээ хүүгийн нүд рүү ширтэхэд тэр хий юманд удирдуулчихсан мэт салганан чичрэх гараа урагш нь сунгалаа. Хулгана гар луу нь үсрэхэд Алекс одоо түүний жижигхэн хурц шүдний амтыг мэдрэнэ хэмээн хүлээж биеэ хураатал өвдөлтийн оронд хүйтэн нойтон зүйл гарт нь хүрэхийг мэдрэв. Хүү гар луугаа харвал алган дээр нь томоотой сууж буй хулганы нүд бөхөж буй лаа шиг анивчиж байлаа.
Алекс гараа өргөж амьтныг ажиглавал сүвээн дээр нь цус дусалж буй шарх харагдах бөгөөд, бас түүний нэг чих бараг тэр чигээрээ тасарчихсан ажээ. Хүү хулганыг өргөж нуруугаар нь хэвтүүлтэл нэг захиаг гэдсэнд нь нааж нарийхан олсоор бэхэлж уясан байв.
Алекс захиаг уншихаар уяаг тайлж автал хулгана гар дээрээс нь үсэрч орон дээр уналаа.

Алекс,
Энэ үхэж байгаа хулганыг би өрөөнөөсөө олсны дараа туршилт хийж үзэх хэрэгтэй гэж бодоод, одоо... тэр наана чинь байгаа. Тэр тийм ч сайхан амьтан биш. Түүнийг муур шархдуулсан гэж би бодож байна. Тэр чамайг үхтэл чинь айлгаагүй гэдэгт би итгэж байна! Ямартай ч би энэ ид шидэн дээр ажиллах хэрэгтэй. Хулгана үүргээ гүйцээсний дараа (захиа дамжуулах) юу хийх нь надад сонин байна. Номонд тодорхой бичээгүй байсан.

Н.


Орон дээр нь унасан үхэж буй хулгана сүүлчийнхээ амьсгалыг санаа алдах мэт уртаар авахыг Алекс амжиж харав. Сүвээнээс нь урссан цус жижигхэн улаан толбо үүсгэн тогтжээ. Харцаа захианаас салган хулганыг харж суусан Алекс
- Натали надаас ч илүү цус үзэх дуртай юм байна, гэж бувтнав.
Биеэ хураан орондоо шигдэж суусан Жари үүнийг сонсоод нүдээ бүлтэлзүүлэн толгой дохилоо.
Хаалга онгойж, өрөөнд Аамир орж ирлээ, нүднийх нь харц их шийдэмгий харагдах тэрбээр сугандаа нэг ном хавчуулжээ. Тэр өрөөгөө тойруулж харснаа харц нь Алекс дээр тогтлоо.
- Өө, Алекс. Сэрүүн байгаа чинь сайн юм боллоо.
Тэр шалан дээр хаясан хөнжил, гудсан дээр хэвтэх үхсэн хулганыг хараад тээнэгэлзэж зогслоо.
- Хмм,
- Надаас асуух хэрэггүй шүү, гэж Алекс хэлээд хулганыг хөдөлгөж үзэхээр сүүлнээс нь таттал тасарчихав. Үүнийг харсан Жари чарлаж гарлаа.
- Энэ миний сонирхлыг татаж байна гэдгийг би хэлэх хэрэгтэй юм шиг байна, гэж хэлсэн Аамир жуумалзуулаад
- Гэхдээ энэ одоо чухал биш. Би чамд санал тавихаар ирсэн юм, гэв.
Аамир хулганы сүүлийг хогийн саванд хаяхыг хараад Жари эсэргүүцэл үзүүлэн дахиад л утга учиргүй орилж гарлаа.
- Чи надаас юу хүссэн юм бэ?
- Яг үнэндээ би чамайг надтай хамт дасгал хийгээч гэж гуйх гэсэн юм.
Өнгөрсөн шөнө Алексын нууцыг мэдсэний дараа Аамир Жари хоёр асуудлаа албан ёсоор зохицуулж дуусгахаар яриагаа үргэлжлүүлжээ. Жари нэмэлт дасгал хийхээ боль гэж Аамирт хэлэхэд хүү харин хичээлдээ сууя гэж найзыгаа ятгаж дөнгөжээ. Тэдний дунд болсон энхтайвны хэлэлцээр амаргүй байсан ч ямартай ч тэд нэг алхам урагшилж чадсан бололтой.
Алекс одоо Амирыг асуусан харцаар харж сууна.
- Ид шид суралцахад намайг ашиглах нь чамд тус болно гэж чи бодож байна уу? гэж тэр хөмсгөө өргөж асуугаад
- Миний... авьяас чадвар чиний чадварын эсрэг байхад ч гэсэн үү? гэлээ.
- Би үүнийг хиймээр байна.
Алекс үхсэн хулганы биеийг чичиж харуулсанд Аамир тэвчээр алдан дуу алдаад гараараа дохьтол. мэрэгч амьтны биенд гал авалцан шатаж өчүүхэн үнс болж хувирлаа. Тэгтэл Аамир гараа хоёр дахь удаагаа дохитол үнс бутарч хийсэв.
- Наад үнс чинь өрөөгөөр нэг хаа сайгүй тарчихлаа, гэж айж цочирдсон Жари хэллээ.
Бүх анхаарал нь Аамир дээр төвлөрсөн Алекс санаа алдав.
- Би яг юу хийж чаддагаа мэдэхгүй шүү дээ.
Харцаа буруулж зогссон Аамир хацраа маажлах зуур амаа хэдэн удаа нээж хаан үг хэлэхийг оролдсон боловч тэр хаанаас эхэлж ярихаа мэдэхгүй байгаа бололтой. Тэр нааш цааш холхин, гараараа дохио зангаа хийн ярьж эхлэв.
- Энэ бол зүгээр... Би үнэндээ... Жаритай миний санал нийлэхгүй байгаа нь ...
- Үзэл бодлын ялгаа, гэж Жари тэдний яриан дундуур орж хэлэхэд Аамир Жариг хальт харснаа яриагаа үргэлжлүүлэв.
- ... санааг минь зовоож байна. Багшийн байр сууринд хүрэхийн тулд би хэн нэгнийг халз тулаанд дуудах ёстой. Надад дасгал хийх хамтрагч хэрэгтэй байна.
Мэл гайхсан Алекс хөмсгөө улам дээшээ өргөсөн харагдана.
- Чи надтай шидэт халз тулаан хиймээр байна гэж үү?
Аамирын царай хувьхийлээ.
- Надад алуулчихаагүй хүн надад хэрэгтэй байна.
Алекс сонссон зүйлдээ итгэж чадсангүй, Аамирыг цоо ширтэв.
- Өө за, өчигдөр надад юу тохиолдсоныг чи нүдээрээ харсан биз дээ? Би бараг хөлдөж үхэх шахсан!
Өрөөний буланд сууж байсан Жари мөрөө хавчаад
- Тэр бараг би чамайг цохисноос болсон байх, гэж хэлсэнд Аамир хүүг хальт хараад
- Бид чамайг хоёулаа нэг зэрэг мөргөснөөс болсон гэж би бодож байна. Бид чамд тусах шидийн хүчний өртөлтийг хязгаарлах үүднээс энгийн шид хэрэглэвэл чи бараг юу ч мэдрэхгүй гэж би бодож байна, гэлээ.
Алекс нилээд удаан чимээгүй суув. Шид эвдэгчийн хүч чадлаа ашигласан бүх тохиолдолд тэр одоог хүртэл зөвхөн мөсөнд хайруулсан шархандаа шаналж өвдөн шалан дээр унаж өнхөрч байсан. Тэр одоо ч гэсэн хувцсан дотроо халуу дүүгэх байгаа шархаа мэдэрч байлаа. Нгөө талаас нь авч үзвэл тэр ганцаархнаа ийм чадвартай. Хэрвээ тэр энэ чадвараа сайжруулж ашигладаг болчихвол Захирагчийг дийлж чадах зэвсэг шиг илүү зүйл хийж чадаж ч мэдэх юм.
- Би оролдоод үзье... Би үүнийг хийе, гэж Алексыг хэлтэл Аамир дороо зогслоо.
- Үнэн үү?
Алекс толгой дохив. Чөмөг царцам хүйтнийг мэдэрсэн тэрбээр энэ бол түүний цус гэдгийг одоо тэр ойлгожээ. Тэр энэ шилтгээнээс хол байх ёстой. Хэрвээ бие нь сул дорой болвол өөрт нь юу тохиолдож болохыг тэр өөрөөсөө асуух шаардлагагүй ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.17.18 3:20 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

* * *



Аамир Алекстай хамт зооринд очсоны дараа түүнийг өрөөний цаад буланд зогсоолоо.
- Тэгэхээр бид үүнийг яаж хийх вэ? гэж Алексыг асуусанд Аамир сандарсан байртай өрөөг тойруулж хараад
- Энэ жаахан хачин санагдаад байна. Би уул нь бид зүгээр тулалдана гэж хэлмээр байгаа ч чи миний эсрэг тулалдаж чадахгүй биз дээ? гэж хэлэв.
Алекст доромжлуулсан мэт санагдсанд хоолойгоо заслаа.
- Хм,энэ чамд тус болох юм бол би чамайг цохиж ч чадна.
Аамирын эргэн тойронд халсан агаар зэрэглээтэн долгилж харагдсанаа түүний гар хөлын хавьцаа гал улалзан асаж дээшээ цээж рүү өгссөнөө Алексын урьд шөнө харсан шиг галт нөмрөг боллоо. Хүүгийн нүд шил шиг гялалзаж харагдах бөгөөд тэрбээр баясгалантайгаар
- Чи намайг цохиж чадна гэж бодсоор л байна уу? гэж хэлэв.
Алекс дотроо эмээж байсан ч өөрийгөө зоригжуулахаар нударгаа зангидан Холливудын боксчин шиг өрөлт авлаа.
- Би чадна гэж бодож байна.
Аамир толгой дохиод алхам алхмаар хөлөө алгуурхан зөөж тулалдах байрлалаа аваад
- Би ойлгож байна. Чи хэрвээ бэлэн болсон бол би ч гэсэн бэлэн, гэж хэлсэнд
- Алив хүрээд ир, гэж хэлээд Алекс жуумалзав.
Аамирын дайралтаас ямар ч зодоонтой кинон дээр харж байгаагүй тийм их хурдтай бултаж чадна гэсэн итгэлтэйгээр Алекс биеэ бэлтгэлээ. Тэр өөрийгөө өндөр туранхай болохоор хөл дээрээ хурдан хөдөлж чадна гэж бодсон боловч найз нь анхныхаа галт зурвасыг харвах үед хоёр хөл нь гэнэт тушигдчихав. Алекс хөлөө хөдөлгөх гэж оролдсон боловч галт сум цээжинд нь тустал тэр зөвхөн чулуу шиг хөшсөн хөлөө харж зогсохоос хэтэрсэнгүй. Хүү гуйвж дайван арагшаа нэг алхам ухрах үед хүйтэн мөсөнд амьсгал нь боогдох шиг болж, тэрбээр өвдөг дээрээ сөхөрч унан амьсгал авахаар амаа ангалзуулав. Аамир дэргэд нь шууд гүйж ирлээ.
- Энэ аймшигтай санаа байжээ. Намайг уучлаарай. Би юу гэж бодсоноо ч мэдэх юм алга.
Хөл дээрээ дахиж боссон Алекс гуйвж байсан ч толгой сэгсрээд
- Дахиад, гэж хэлсэнд Аамир нүдээ бүлтийлгэж харав.
- Үгүй, бид зогсох..
- Аамир.
Дотор нь шатаж буй уур хилэнгээ дарахаар нүдээ аньж зогссон Алекс өөрийгөө таньж мэдэхийн тулд зоригоо чангалаад
- Дахиад нэг удаа, гэж хэлсэнд Аамир толгойгоо алгуурхан дохилоо.

Дараагийн нэг цагт Алекс урьдаас тааж мэдэхийн аргагүй хөдлөх Аамирын галд өртөж түүнийг мөс шиг хүйтэн нөмрөн авч байсан ч бие нь аажимдаа дасаж байгаа бололтой өвдөх нь багасжээ. Тэрбээр Аамирын дайралтыг хаахаар гурван удаа оролдсоны эцэст тэр чадлаа. Хажуу сүвээ рүү нь чиглэж ирсэн галыг хутгаар цавчиж мэт тас цохиод тэр маш их хөөрч догдлов.
Аамир тэвчээр заан, ямар ч анхааруулга өгөлгүй нүдээ жартайлган анхаарлаа төвлөрүүлж Алекс руу дараагийн дайралтаа хийсээр байлаа. Нэг их удалгүй Аамирын шидэт энергийн нөлөөгөөр халсан агаарт Алексын биеийг хучсан мөс хайлж урсан зоорины шалан дээр шлабааг тогтжээ. Аамир хөлөрчихсөн, харин Алекс дагжин чичирч зогсоно.
Аамирын зангидсан нударгаа хүчтэй буулган Алекс руу илгээсэн улалзсан тод улаан галын цацраг Аамирыг хуруугаараа дохитол чиглэлээ өөрчлөн доошиллоо. Галт цацрагийн хөдөлгөөнийг дагуулж харсан Алекс арагшаа нэг алхам ухартал гал яг урд нь элс зүсэн унав.
Алексыг өөрөөрөө бахархан баярлаж амжихаас өмнө гэнэт ар нурууг хүйтэн юмаар зүсэх мэт болж тэр урагшаа шургачин уналаа. Нүүрээрээ шалбааган дээр унасан тэрбээр хүчтэй өвдсөнөөс ёолж хэвтэнэ. Тун удалгүй дэргэд нь ирсэн Аамир мөрнөөс нь татаж түүнийг өргөөд
- Өнөөдрийн хувьд хангалттай, гэж хэллээ.
- Би үргэлжлүүлж чадна, гэж Алексыг хариу хэлэхэд Аамир толгойгоо сэгсрэв.
- Чамд дасгал хийх зориг тэвчээр байна. Гэтэл чиний дотор үүнийг эсэргүүцэх энергийн хүч алга, чи одоо шалбааганд хутгалдчихлаа. Хэрвээ чи хүсэж байвал хоёулаа маргааш дахиж оролдъе.
Алекс хэдийгээр тээнэгэлзэж байсан ч найзынхаа хэлснийг хүлээн зөвшөөрлөө.
Аамир Алексын мөсөнд хайрагдсан шархыг арчиж янзлаад хоёр биенийхээ үрчийж бохиртсон хувцас хунарыг цэвэрлэв.
- Анти-шид миний бодож байснаас тийм ч их ашигтай гэж харагдахгүй байна. Чи дахиад л бэртчихлээ, гэж Аамирыг хэллээ.
- Гэхдээ л би алуулахгүй.
Аамир хөмсгөө өргөж Алексыг нүднийхээ булангаар хялайж харав.
- Би ойлгож байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.17.18 10:38 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

Бүлэг 30




Зоорины өрөөнд цаг гаран тулалдаж дууссаны дараа профессор Дөрхиний хичээл үгээ илэрхийлэхийн аргагүй яриа уйтгартай санагдаж байв. Дөрхин Шаннагийн Хоёр чиглэлтэй ид шид-ийн тухай хашгичин ярихыг харж суусан Алекс тулааныхаа талаар бодож, хөдөлгөөн бүрийг нь эргэж санан дотроо дүгнэлт хийж байлаа. Тэрбээр гар даллаад л агаарт, хий хоосноос гал гаргадаг хүмүүсийг яаж дийлдэг юм бол хэмээн өөрөөсөө асуув. Хэрвээ энд анти- шид заадаг хичээл гэж байдаг бол..
Хоёр чиглэлт шид хийж буй Наталигаас цацрах шидэт гэрэл Алексыг бүрхэж авлаа.
Аамирыг ялж чадах ямар нэг арга байж л таарна. Эцсийн эцэст Шид эвдэгчид шидтэнгүүдийг ангуучилж алдаг байсан учраас тэд муу нэртэй болсон. Тэгэхээр тэр сургуулиа ч дүүргэж амжаагүй нэг сурагчийн өмнө хөдөлгөөнгүй зогсож байх нь утгагүй хэрэг. Эсвэл олон жилийн турш огт ашиглаж байгаагүй учраас түүний цусанд хадгалагдаж байгаа чадвар дэндүү суларчихсан байж ч мэднэ. Эсвэл...
- Вэббер!
Өөрийг нь ширтэж буй Дөрхинийг тэр харлаа.
- Ноёнтон?
- Чиний аура.
Алекс доошоо харвал өөрийг нь бүрхэж байсан шидэт гэрэл алга болчихсон байв. Гэнэт арьс нь хүйт дааж эхлэхэд сандарч тэвдсэн тэрбээр өөрийгөө ажиглавал нүдэнд тусахаар хөлдсөн гэх шинж тэмдэг харагдсангүйд тайвширч санаа алдлаа. Алекс Натали хартал охин өөдөөс нь муухай харав.
- Уучлаарай, бодолдоо дарагдчихжээ.
Наталигийн давхар шидийн нөлөөгөөр түүнийг шидэт гэрэл дахиад бүрхлээ. Дөрхин ойлгосноо илтгэх мэт толгой дохиод
- Зорилгоо умартаж болохгүй гэдгийг битгий март. Энергээ дэмий хоосон үрэх хэрэггүй, харин хянаж сурах хэрэгтэй, гэж хэлэв.


Өдрийн сүүлээр Натали нилээд бухимдсан байртай
- Алекс, чамд туслахыг хичээж байхад миний ид шидийг чи битгий устгаад бай. Энэ ухаалаг хэрэг биш, хэмээн хэлэв.
Тэр хоёр урьдын адил номын сан дахь нууцxан буландаа гадагшаа цонхоор харан сууж байлаа. Ханан хэрмийн орой дээрх төмөр өргөснүүдийг далдалж ургасан мөлхөө ургамал жаргаж буй нарны зурвас улаан цацрагийн гэрэлд зэрэглээтэн чичирхийлж харагдана.
- Мэдэж байна аа, намайг уучлаарай, хэмээн Алекс буруугаа хүлээгээд
- Яагаад тийм юм болсныг би өөрөө ч мэдэхгүй байна. Үнэндээ, намайг өвтгөж байгаа зүйлийг л миний бие эсэргүүцдэг, гэж хэлэв.
Натали санаа алдлаа.
- Магадгүй чи өнөө өглөөний турш Аамирын дайралтанд өртсөнөөс болсон байж мэднэ. Чи өөрийгөө дэндүү хүчлэх хэрэггүй.
Түүний зөв байж ч мэдэх юм, гэж Алекс бодлоо. Гэхдээ тэдэнд өөр ямар арга байгаа гэж? Хэрвээ тэр жаахан дайралт хийгээд үзвэл тулааны үеэр Аамир үхчихэж мэднэ, тэгвэл Алексыг Шид эвдэгч гэж мэдээд алах нь мэдээж. Тэр дүүрэн шидтэн байгаа энэ газар өөрийгөө үүрд нууж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэр дөнгөж сая, ангидаа өөрийгөө бараг илчлэх дөхсөн билээ. Алекс охинд хайхрамжгүй хандсан гэх сэтгэгдэл төрүүлэхийг хүссэнгүй, ярианыхаа сэдвийг өөрчиллөө.
- Ингэхэд чи тэднийг хаашаа алга болсон юм бол гэж бодож үзсэн үү?
Натали анхаарлаа дахиад уншиж буй номондоо хандуулсан байжээ. Дэргэдээ байнга авч явдаг номноос орчуулж бичсэн хуудас руугаа харж суусан охин хөмсгөө өргөлөө.
- Хэн?
- Үлгэр домгийн амьтад.
- Тэр... өө, түр хүлээ.
Энэ Наталигийн сонирхлыг татсан бололтой, Алекст долоовор хуруугаа өргөж харуулснаа хуудсан дээр бичиж тэмдэглэсэн зүйлээ уншиж дуусаад Nobilitum Mortem -номоо доош нь буулгав. Охин Алексыг яриагаа үргэлжлүүл хэмээн харцаараа хэллээ.
- Энэ талаар би энд ирсэн цагаас эхлээд өөрөөсөө асуудаг байлаа. Үлгэр домгийн амьтдын ихэнх нь ид шидтэй. Тэдний заримыг үнэхээр байсан гэдэгт би итгэх хэрэгтэй юм шиг байна. Захирагчийн өрөөнд байсан Эрэлчин лууны талаар дурьдаж байсан. Хэрвээ тэд үнэхээр байсан гэвэл... Алекс үгээ тасалж хурууныхаа өндгөр ширээний тавцан бөмбөрдөж сууснаа
- Тэд хаашаа алга болчихсон юм бол гэж би заримдаа өөрөөсөө асуудаг, гэлээ.
Натали их гайхсан гэдэг нь нүднийх нь харцанд илт харагдах байсан бөгөөд тэрбээр толгойгоо эргүүлэн толгодын дагуу ургасан чидун жимсний төгөл дээр улбар шар туяагаа тусгасан жаргаж буй нарны зүг дахиж харав.
- Нэг удаа би галд шатаж байгаа байшин харсан. Энэ их гоё сүртэй харагддаг гэж би боддог байсан. Ээж маань баатарлаг үйлсийнхээ талаар байнга ярьдаг байсан болохоор нэг өдөр би гал командын машиныг дагаж очсон. Ингэж болохгүй гэдгийг мэдэж байсан ч миний сонирхлыг татаад байсан юм.
Натали өөрөөсөө ичсэн байртай инээмсэглэв.
Нарны цацраг одоо ягаан өнгөтэй харагдах бөгөөд толгодын нүх ховилоор туссан гэрэл доогуур нүүх саарал үүлэн дээр ойж гялтганасан титэм шиг харагдуулна.
- Энэ миний төсөөлж байсантай огт адил байгаагүй. Тэнд маш их чимээтэй байсан. Дүрэлзэж байгаа гал яг л араатан шиг чих дүлийртэл хашгирах шиг надад санагдсан. Бас маш их уур хилэн, халууныг би харж мэдэрсэн. Хэн ч юу ч хийж чадаагүй. Нэг өрөөний цонхоор харагдах киноны зурагт хуудас галд хэрхэн үрчийж шатаж алга болохыг би харсан. Би гал руу харж зогсохдоо хичнээн олон хүний дурсамж... устаж үгүй болсон бол гэж бодсон.
Бодлогошрон суух охиныг харж суусан Алекс түүнд чи ганцаараа биш шүү хэмээн сануулах мэт
- Тэгээд? гэж асуулаа.
Натали санаа алдаад
- Би мэдэхгүй байна. Заримдаа хэний ч төсөөлж байгаагүй зүйл тохиолддог гэж би хэлэх гэсэн юм, Үүнийг хэн ч зогсоож чаддаггүй. Тэгээд бүх зүйл алга болно. Амьдрал чиний төсөөлж бодож байснаар чинь байдаггүй.
Aлексын санаанд түүхийн номонд байсан нөгөө хоосон хуудаснууд орж ирлээ. Болсон үйл явдлууд зогсоогүй ч үргэлжилсэн боловч... төгсгөл нь мэдэгдэхгүй алга болсон... Тэр тэдгээр хоосон хуудаснууд болон шатсан байшингийн тухай бодож суулаа.
Нарны сүүлчийн туяа алга болж толгод ч үзэгдэхээ болин оронд нь эргэн тойрныг хоосон харанхуй нөмөрчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.18.18 7:57 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland


Бүлэг 31




Дараа өдөр дасгал хийх үеэр Алексын хөшсөн бие хөндүүрлэж өвдсөөр байлаа. Харин өчигдрөөс илүү эрч хүчтэй болсон Аамир Алексыг хэдхэн минутын дараа шалан дээр унагав. Амьсгаа нь давхцсан хүүгийн дэргэд ирсэн Аамир шүүрс алдаад
- Магадгүй чамд өнгөрсөн тулааны үеэр олсон шархаа эдгээх хэдэн өдөр хэрэгтэй юм шиг байна. Энэ бид хоёрын хэн хэнд маань сайн юм болохгүй, гэж хэллээ.
Аамирын дайралтанд оногдсон мөр нь мөсөөр хучигдаж, гар хөл нь өвдөж байсан ч Алекс босохыг оролдох зуураа
- Дахиад нэг, гэж хэлэв.
- Алекс...
- Яасан бэ? Чи айгаад байгаа юм уу? хэмээн Алекс хоолойгоо чичрүүлэхгүйг хичээн хэлсэнд Аамир уруулаа жимийж сууснаа
- Миний айж байгааг чи мэдэж байгаа, гэж дуулдах төдий хэллээ.
Хүү байрандаа буцаж очин Алексын урдаас харж зогссоны дараа хоёр хүү нүдээ зэрэг анив. Анхаарлаа төвлөрүүлсэн Аамирын эргэн тойронд халсан агаарт бяцxан очис гялалзаж эхэлснээ гал дүрэлзэн аслаа. Тэр амаа ангайлган хоёр гараа өргөхөд харин Алекс хүйтэнтэй нүүр тулахаар биеэ зэхэв.
Гэнэт тасxийх чимээ гарч тэр хоёрын дунд гал манасxийхэд хоёр хүү овгосxийн цочлоо. Тэгтэл шатны дэргэд Натали хоёр хүүг хайхрамжгүй харцаар хараад зогсож байх нь тэр.
- Алекс аль хэдийн хангалттай нүдүүлсэн. Харин чи бид тулалдвал бидэнд хоёуланд маань ашигтай байж мэдэх юм, гэж Натали Аамирт хандаж хэлэв.
Хөвгүүд Наталиг харлаа. Үсээ дээш нь шууж, бэлтгэлийн хувцас өмссөн охин инээмсэглэж харагдана. Тэрбээр гарынхаа хөдөлгөөнийг нуух зорилготой ташаагаа тулж зогссон гэдгийг Алекс гадарлажээ.
Аамир уурласан харагдана.
- Эхлээд өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэхгүй Алекс. Одоо харин хөл дээрээ ч зогсож чадахгүй болтлоо өвдсөн Натали.
Охин хахаж цацан ханиалгасанд Аамир тэр хоёрыг ээлжилж харлаа.
- Та хоёр...
Шатны дэргэд зогссоор байсан Натали Алексаас илүү Аамирт хамаагүй ойрхон байлаа. Охин урагшаа нэг алхан гарнаасаа галт ташуур гаргаж Аамирын урд газар ороолготол хүүгийн нүд рүү галын оч үсрэв. Аамир гуйвж арагшаа ухрахдаа нүүрээ алгаараа дарж хараал урсгасанд
- Өршөөгөөрэй! хэмээн охин хурдан хэллээ.
Амьсгаа нь түргэссэн Аамир харцаараа охиныг дээрээс нь доош гүйж харав.
- Зүгээр дээ. Бид хамтдаа бэлтгэл хийж болно. Гэхдээ би өвчтэй хүнтэй тулалдмааргүй байна.
Натали таг дуугүй зогсож байснаа хананд суурилуулсан хуучин дарсны тавиур луу очиж тоосонд дарагдсан шил авч өрөөний гол руу чулуудтал дотроо дарстай шил шалан дээр бүгтхэн чимээ гарган уналаа. Цочсон Алекс арагшаа ухарч хана мөргөхдөө мөсөнд хайрсан шархаа хөндөж тэрбээр нүүрээ үрчийлгэв. Натали шил рүү зааж
- Үүнийг устгаж чадсан нь ялна. Зөвшөөрч байна уу? гэж хэлсэнд Аамир нүдээ эргэлдүүлж
- Бид хоёулаа гал ашигладаг. Хэн оносныг яаж мэдэх юм бэ? хэмээн асуулаа.
Натали түр зуур хөмсгөө зангидан зогсож байснаа ам нээх гэтэл хана налж суусан Алекс түрүүлж
- Аамир, чи бэлтгэл хийх ёстой. Жаахан ажил хэрэгч байгаа ч! гэж хэлэв.
Аамир Алексыг ууртай хараад санаа алдлаа. Хүүгийн биеийг тойрон дүрэлзэн асаж эхэлсэн галын дөл аажмаар гүн хөх өнгөтэй болж хувирахыг бишрэн харж зогссон Натали өөрийн эрхгүй дуу алдлаа.
- Чи надад үүнийгээ зааж өг.
- Тэгвэл чи хулганатай хийсэн илбээ надад зааж өгөөрэй.
Наталигийн нүд гэрэлтэж харагдана.
- Тэр чамд таалагдсан уу? Алекс надад...
Аамир хариу хэлэхийг түвдсэнгүй, газар хэвтэх шил рүү хоёр хуруугаа сунгалаа. Хөх өнгийн гал агаар зүсэхэд, Алекс одоо шил хагарч бутрах чимээ гарна гэж бодон чихээ бөглөв.
Тэгтэл Натали хурдан амьсгаа авч сунгасан гараа шил рүү биш, харин Аамирын гал руу чиглүүлтэл хөх гал шилэнд хүрэхээс өмнө зогсож дороо чичигнэн хөдөлж байснаа улбар шар өнгөтэй боллоо. Тэгтэл гайхалтай юм болж, гал Натали руу урсаж алган дээр нь галт бөмбөлөг болж хувирав. Нүдээ бүлтийлгэн харж зогсох Аамирыг хараад охин инээд алдлаа.
- Хархтайгаа хамт там руугаа тонилоосой. Үүнийг яаж хийдгээ надад зааж өг.
Хүүг гэм хоргүй нүдээр харж зогссон Натали галт бөмбөлгөө мөрөө давуулан чулуудлаа. Гал шаланд хүрээд унтрав.
- Шилийг хагал. Тэгвэл би бодож үзэж болох л юм хэмээн охин хүүг тохуурхсан шинжтэй хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.19.18 12:22 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland


Тайвширсан хоёр тулаанаа эхэлжээ. Натали Аамирын харвасан галын чиглэлийг өөрчилж байсан ч, харин түүний шилийг хагалах гэсэн оролдлого ихэвчлэн бүтэлгүйтэж байлаа. Хөх дөл улбар шар галт бөмбөлгийг зүсэхэд халуу шатан гал өнгө хэлбэрээ өөрчлөхийг Алекс харж суув.
Өөрөөсөө ичсэн Алекс юу болоод байгааг мэдэх хүртлээ нилээд удаан суужээ. Тэгтэл Аамирын хөх өнгийн гал шилнээс ойж улбар шар өнгөтэй болохыг хараад тэр гэнэт профессор Линцийн хэлсэн үгийг саналаа.
Хар шидийг ашиглах үед хоёр түвшин дээр том алдаа гардаг, гэж профессор хэлж байсан. Эхнийх нь ид шидийн сургууль дээр хэн нэг хүн ид шидийн хүч чадлаа хүчээр сайжруулах гэж оролдох үед тохиолддог.
Агаарт зэрлэг догшин хөдөлгөөн хийж байсан хоёр гараараа гэнэт түлхэлт хийж Аамирын шидийг зогсоож буй Наталигийн хөлсөнд норсон дух гялалзаж харагдана. Үүнийг харсан Алекс өөрийн мэдэлгүй инээмсэглэв.
Аамир бухимдаж тактикаа өөрчлөхөөр шийджээ. Тэр хоёр гараа холдуулснаа алгаа хооронд нь хавсрав. Хүүгийн зүүн мөрөн дээр агаарт цахилгаан цахилж эхэлтэл гэнэт нүд ирмэхийн завдалгүй шил дундуураа хоёр хуваагдчихав. Хагарсан шилнээс шил шигээ улаан өнгөтэй дарс агаарт цацарч, харин Натали хөөрч догдолсон нь илт нүд нь гялалзаж харагдана.
- Яаж хийснээ надад хэлээч, гэж Аамир хүндээр амьсгаадан асуулаа.
Наталигийн хөлөрсөн нүүр их ядарсан харагдах ч тэрбээр инээмсэглэж
- Энэ миний ялалт биз дээ? гэж хэлэв.
Аамир харваас уурласан гэдэг нь илт мэдэгдэж байлаа.
Алекс суусан газраа Наталигийн хийсэн хөдөлгөөнийг дуурайж гараа амьтны савар шиг хэлбэртэй болгож атгав. Охин ид шидээс гадна өөр нэг юм хийсэн. Тэр өөр нэг хүний шидийн хүчинд нэвтэрч өөртөө ашиглажээ. Алекс өөрт нь ид шидийн хүч байхгүй гэдгээ мэдэж байсан ч Шид эвдэгчийн чадвараа ашиглаж ийм зүйл хийж чадах болов уу хэмээн өөрөөсөө асууснаа саяхан ангид болсон нэг явдлыг эргэж саналаа. Тэгэхэд тэр санаандгүй Наталигийн шидэт энергийг өөрийнхөө чадвараар эсэргүүцсэн, бас тэр үед өөрт нь ямар нэг сөрөг нөлөө илрээгүй. Тэр энэ үйлдлийг зөнгөөрөө биш харин зориуд хийсэн.
- Би өөр зүйл хийж үзмээр байна, гэж тэр гэнэт хэллээ.
Аамир Наталигийн эсэргүүцлээс болгоомжилж хүүг эргэлзсэн харцаар хараад
- Чи үүнд бэлэн гэж харагдахгүй байна, гэж хариулав.
Алекс босож өрөөний голд очиж зогсоод хөшчихсөн гар хөлөө суллахаар биеэ сэгсэрлээ.
- Надад оролдож үзмээр нэг юм байна.
Аамир санаа алдаад Натали руу толгойгоо гэлжийлгэв.
- Чи түүнд тайлбарлаад өгч чадах юм биш биз?
Хариуд нь Натали чанга хөхрөөд
- Энэ амаргүй юм шиг байна. Гэхдээ би түүнийг оролдоод үзэг гэж бодож байна, гэж хэллээ.
Аамир бараан өнгийн нүднийхээ харцыг Алекс дээр тусгаад
- Та хоёр хоёулаа галзуурчихжээ. Ямар нэг юм болвол би лав хариуцахгүй шүү, гэж хэлсэнд Алекс
- Тэр мэдээж, гэж хариулаад хөлнийхөө хооронд зай авч зогсов.
Энэ хооронд Алекс дайралт хийхээр бэлтгэж буй Аамирын хөдөлгөөнийг сайн уншиж чаддаг болжээ. Гараа хөдөлгөж буй хүүгийн хурууны өндгөн дээр гэрэл анивчиж эхэлбэл тэр гал гаргана гэсэн үг, харин тэр алгаа тэнийлгэвэл жад гарч ирнэ.
Энэ удаа Алекс дайралтаас бултаж зугтахыг оролдсонгүй. Нүдээ хагас аньсан тэрбээр довтолгоонд орохдоо зөн совингоо хяналтандаа аваад Аамирын илгээсэн шидэт гал руу гараа сунгалаа. Галд өртсөн гар нь хүйт оргисон ч тэр энэ бодлоо толгойноосоо авч хаяв. Мөс шиг хайрах шидэт энерги хуруугаар дамжин урсаж байснаа гадагшлах үед тэр гэнэт нэг шинэ юм мэдэрлээ.
Тэр бамбарлан асах галын дунд эргэлдэж байлаа. Энэхүү чимээ аниргүй, бүрэн тооцоолсон, асар их мэдлэг агуулсан энерги бол Аамир өөрөө гэдгийг Алекс зөнгөөрөө мэдрэв. Тэр бас түүний ид шидийн хүч чадал, зүрх сэтгэл, түүний мөн чанарыг мэдэрч байлаа. Алекс гараа эргүүлж энергийг болгоомжтой түлхэж үзвэл тэр хөдөлж байв.
Бараг амжилттай болох шахав. Алекс хэт эрт тайвширснаас анзааргагүй болжээ. Гэнэт урд нь харагдаж байсан галт жад, мөс хоёрын дунд цагаан өнгөтэй дэлбэрэлт болж тэр дундаас харвасан нэг галт сум цээжийг нь онолоо. Цасанд дарагдан, хоолойн хорсож, амьсгаадсан тэрбээр газар хэвтэж байв.
Аамир урагшаа алхаж гараа сунгалаа.
- Зүгээр үү?
Алекс толгой дохиод Аамирын гараас барьсанд хүү түүнийг татаж босгов.
- Одоо дуусгах уу? гэж Аамирыг асуухад Алекс толгой сэгсэрлээ.
- Дөнгөж л эхэлж байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.19.18 1:07 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 895
Location: La vita è bella
Марк.

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Jan.20.18 9:07 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 32




Нэгдүгээр сарын сүүл дөхөж, хоёрдугаар сар ойртсоор, Алекс харин номын санд сууж ихэнх цагаа Шид эвдэгчдийн түүхийг судлахад зарцуулж байгаагаа анзаарчээ. Хариултаа олно гэдэгт найдсан тэрбээр зуу зуун цаасан дэнлүүний зөөлөн гэрлийн доор шөнө орой болтол сууж олон номын дунд эргэлддэг болжээ.
Номноос номонд шилжих бүрт тэр яг адилхан хачирхалтай гэмээр зүйлтэй тулгарсаар байв. Тэрбээр шидтэний түүх төгсгөл рүүгээ ойртож ирэх бүрт ном гэнэт зогсчихож байлаа. Бүлгээс бүлгийн хооронд урьд өмнө нь энд хэзээ ч үг үсэг бичигдэж байгаагүй гэлтэй зөвхөн хоосон хуудаснууд л харагдана.
Нилээд найдвар төрүүлсэн нэг номонд яг адилхан зүйл олж харсан Алекс санаа алдаад номыг хуучин олсон газраа буцааж тавилаа. Энэ талаар багш сурагчдын аль нэгнээс тодруулж мэдэж болох болов уу хэмээн өөрөөсөө асуусан ч яагаад ч юм түүнд тэднээс асуух нь буруу гэж бодогдоод байв. Тэр хуудас цаасан дээр латин үгс бичээд сууж байгаа Наталигийн ширээ рүү очихоор номын сангийн цамхагаас буулаа.
Түүнийг дөхөж очиход Натали толгойгоо өргөв.
- Юм олов уу?
Алекс толгойгоо сэгсэрлээ.
- Аамирыг ялахад тусалж мэдэх учраас чи магадгүй анти-ид шидийн талаар олж мэдэх хэрэгтэй юм шиг байна, гэж Наталиг хэлэхэд Алекс санаа алдав.
Хэдийгээр түүний Шид эвдэгчийн чадвар сайжирч байгаа ч сайн шидтэнтэй тэмцэлддэг болох яагаа ч үгүй. Аамир одоо ч гэсэн түүнийг амархан ялж байгаа.
Нөгөө талаас Натали Аамиртай сайн тэмцэлддэг болжээ. Охины өөрийнх нь нэрлэснээр "булааж авах" арга техник Аамирыг их тэвдүүлсэн тул хүү үүнийг яаж хийдгийг дахин харуулахыг хүсжээ. Гэтэл Натали баярласан нь харваас илт байсан ч хүүгээр дахин гуйлгахыг хүссэн бололтой арга мэхээ харуулахаас цааргалсаар байгаа билээ.
- Чи яагаад түүхийн ном их уншдаг болчихоо вэ? Чи юу хайгаад байгаа юм бэ? гэж Натали хүү рүү толгойгоо гэлжийлгэн асуусанд
- Хариу, энэ бүхний хариултыг, гэж Алекс хариуллаа.
- Аан за, хариу олдвол уул нь сайн байх сан, гэж охин хэлсэн боловч тэр хүүг гүйцэд сонссонгүй, дахин өөрийнхөө хийж байгаа ид шидэнд анхаарлаа хандуулав.
Тэр шидэт гал гаргахаар гараараа цөөн хэдэн хөдөлгөөн хурдан хийлээ. Алтлаг өнгийн галын цаанаас охины царай нэг л хачин хүрэнтэж харагдсанаа дараа нь ногоорч ирэхэд тэр гараа доош нь буулгав.
Охиныг харж суусан Алекс хөмсгөө зангидлаа.
- Чамайг энэ талаар хэн нэгэнтэй яриасай гэж би үнэхээр хүсэж байна.
Наталиг өвчнийхөө талаар ямар нэг багштай ярилцаад үз гэж тэр бараг долоо хоногийн турш ятгасан хэдий ч охин илт татгалзсаар байгаа ажээ. Энд ямар нэг ид шидтэй холбоотой зүйл байна гэдэгт Алекс одоо бүрэн итгэлтэй болсон ч Натали харин юу ч болоогүй мэт загнана. Охин хөмсгөө илээд
- Би зүгээр. Урьд шөнө би сайн унтаж чадаагүй, гэсэнд
- Чи бүр тарж уналаа, гэж Алекс бодож байснаасаа арай ширүүн өнгөөр хариу хэллээ.
Натали хүүг муухай хараад
- Миний ямар байгааг хэлэх хэрэг чамд байхгүй, гэж ууртай хэлэв.
Алекс бууж өгснөө илтгэн гараа дээш өргөсөн ч охины төлөө санаа зовох нь огт багассангүй. Тэр номын сангийн цамхагт баганууд руу харж тэнд шидэт өвчний талаар ном байдаг болов уу хэмээн бодлоо. Тэгээд энэ талаар ямар нэг юм заавал байгаа гэдэгт тэр огтхон ч эргэлзсэнгүй. Алекс суудлаасаа босож
- Би одоохон эргээд ирнэ, гэж хэлээд яваад өгсөнд Натали хүүгийн араас харснаа амандаа бувтнав.
Тэнд үнэхээр ид шидтэй холбоотой зовиуруудын талаархи номнуудыг таазны доохон талд байрлуулсан байлаа. Алекс номын сангийн хамгийн дээд талын тавцан дээр зогсоод Ротстоун, Амьд үлдэх найдвар зэрэг нэр бүхий цөөн хэдэн номнуудыг олж харав. Тэрбээр сониучирхан сүүлчийн номыг авч нээгээд дотор нь нэг диаграмм ( жишиг зураг) харагдсанд буцааж хаалаа. Тэр амьд үлдэх гэж арга чарга хийхийн оронд үхсэн нь дээр гэж боджээ. Тэгээд ч энэ Наталигийн өвчинтэй ямар ч хамаагүй ажээ.
Алекс дахин хэдэн ном авч үзсэн боловч хайж байгаа зүйл нь байсангүй. Бүх номонд зөвхөн бие махбодьтой холбоотой өвчний тухай бичжээ. Харин хэн нэгний ид шидээс болж өвдсөн тухай аль ч номонд байсангүй. Сүүлчийн номыг шүүгээнд буцааж хийх үед гомдолтой санагдсан тэрбээр санаа алдлаа.
- Алекс?
Тэр эргэж харвал зогсож байгаа тавцан руу нь өгсөж гардаг шатан дээр дэнлүүний гэрэлд гялалзах нүдний шил зүүсэн бор хүрэн үстэй толгой цухуйж байлаа. Эллабелл шатаар гарч ирээд хүүг сониучирхсан харцаар ширтэв.
- Чи энд юу хийж байгаа юм бэ?
Алекс мэндийн хариуд эрүүгээ өргөж эмнэлгийн хобогдолтой ном өрсөн тавиур луу дохиод
- Наталид тус болох юм олох санаатай, гэсэнд Эллабелл аяархан инээд алдлаа.
- Чи ч гэсэн үү?
Охин урагшаа алхаж хүүд ойрхон харагдах тавиур дээрээс нэг ном сугалж аваад гарчигны жагсаалтыг уншихаар нүдний шилээ засав. Алекс охиныг сонирхож харлаа.
- Чи бас энд Наталигийн төлөө ирсэн юм уу?
Номонд анхаарлаа хандуулсан Эллабелл толгой дохив.
- Түүний өвчин эдгэхгүй байна. Бас түүнд их зовиуртай, өвчнөө тэсвэрлэхэд хэцүү байгаа учраас би тус болох санаатай ганц нэг юм хийдэг юм уу гэж бодлоо.
Алекст талархах сэтгэл төрж, тэр бас нэг ном тавиураас авлаа. Эллабелл өөр нэг ном авахыг хараад хүү
- Наад номыг чинь би аль хэдийн үзчихсэн, гэсэнд охин зог туссанаа түүнийг хараад толгой дохилоо.
Тэд хэсэг дуугүй ажлаа үргэлжлүүлж, заримдаа тэмдэглэлүүдийг хооронд нь харьцуулж харцгаана. Сурах эрмэлзэлтэй, төлөв даруухан энэ охиныг харах тусам Алекс улам тайвширч байлаа. Энд ямар нэг тулган шаардалт, халз тулаан, цээжийг нь маажлах хагас үхдэл болсон хулгана гэх мэт зүйл байсангүй.. Энэ ая тух алдуулах юмгүй чимээ аниргүй газар зөвхөн номонд анхаарлаа хандуулсан тэр хоёроос өөр хэн ч байсангүй. Тэгтэл номын хуудас эргүүлж зогссон Эллабелл гэнэт
- Наталиг өвдсөн гэдэгт би итгэхгүй байгаа, гэж хэллээ.
Алекс харцаа өргөж хараад
- Тэр өвдсөн болж жүжиглээгүй, гэж хариу хэлсэнд Эллабеллийн царай хувьсxийв.
- Би үүнийг хэнээс ч илүү сайн мэдэж байна, Тэр чухам яачихаад байгааг мэдэхгүй байна гэж би хэлэх гэсэн юм.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
Эллабелл номоо эвлэгхэн хөдөлгөөнөөр зөөлхөн хаагаад өөр нэг ном авч тайлбар хэсгийг нээж уншиж эхэллээ.
Энэ номыг зөвхөн бие махбодьтой хамааралтай өвчинг эдгээхэд зориулсан болохоос аркан мэдлэгтэй хэн нэгний эсрэг хүндээ хэрэглэсэн ид шидээс үүдэлтэй өвчин, зовиурт тус болохгүй гэдгийг тодорхой сайн мэдэх нь зүйтэй. Ид шидээс үүдэлтэй өвчин зовиур буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар "хараал" гэгчид шидтэний эмнэл зүй огт нөлөөлдөггүй учраас эмчилгээ хийхэд ашиглах шаардлагагүй.
Охин номоо хаалаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.20.18 9:10 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Hомныхоо хавтсыг орууллаа шүү. :brows:


Attachments:
secrets.jpg
secrets.jpg [ 13.95 KiB | Viewed 737 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Jan.21.18 12:59 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

Охин номоо хаалаа.
Алекс духаа атируулан энэ талаар бодож зогссоноо
- Наталиг хүн хараасан гэж чи бодож байна уу? Хэн ийм юм хийж чадах бол? хэмээн асуухад Эллабелл мөрөө хавчаад
- Олон хүн ингэж чадна гэж би бодож байна, гэж хариуллаа.
- Гэхдээ тэд яагаад үүнийг хийнэ гэж? хэмээн Алекс сандран асуув.
- Тэр бол байгалаас заяагдсан жинхэнэ шидтэн. Натали сайн гэгддэг ихэнх шидтэнгүүдийг аль хэдийн ялчихсан, бас түүний хийдэг ид шидийг зөөлрүүлж хэлэхэд маш гайхалтай харагддаг. Харамсалтай нь энэ бүхэн түүнийг бусдын бай болгосон. Амpалтын өрөөнд байгаа олон охид түүнд атаархдаг. Тэр хэдийгээр эелдэг, найрсаг харагддаг ч бидний хэнтэй ч одоо болтол дотно нөхөрлөөгүй. Тэр дандаа... чамтай л хамт байдаг.
Алексыг дээрээс нь хүнд юмаар дарах шиг болж, тэрбээр шүлсээ гүдхийтэл залгив.
- Тэр ингэе гэж огт бодоогүй гэдгийг би сайн мэдэж байна. Бас чи түүнд таалагддагийг ч би мэднэ.
Эллабелл инээмсэглэснээ
- Хөөе, тэр сайн охин гэдгийг би мэднэ. Бид чинь өрөөний хамтрагчид гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? Тэр надад миний өмнө илэн далангүй байдаггүй ч хийж байгаа зүйлд нь ямар нэг муу санаа байхгүй гэж би хэлж чадна. Хэрвээ түүнд үнэхээр туслая анти-ид шид хэрэглэх нь хамгийн зөв арга гэж надад бодогдож эхлээд байгаа. Бид энэ аргыг хэрэглэж чадахгүй нь даанч харамсалтай, гэж хэлээд санаа алдлаа.
Дотор нь гордлого төрж эхэлсэн Алекс хэнэггүй царай гаргахыг хичээв.
- Чамайг энэ талаар нилээн эртнээс сонирхож судалж байгаа гэж Аамир ярьсан.
Эллабелл толгой дохиод номын сангийн шалнаас толгой эргэм өндөрт байрласан нимгэхэн хашлагыг налж суулаа.
- Би үүнийг цөөн хэдэн сарын өмнөөс надад дурласан гээд байгаа Жари Петрагаас болж хийж байгаа юм.
Алекс инээд алдлаа.
- Тэр арай дэндүүлдэг байж мэднэ.
- Тэр өрөөг маань муурын зулзагануудаар дүүргэчихсэн.
Алекс түр зуур дуугүй зогсож байснаа
- Хэрвээ чи "дүүргэчихсэн" гэж... гэтэл Эллабелл үгийг нь тасалж
- Би "дүүргэсэн" гэж жинхэнээсээ хэлж байна. Өрөөнийхөө хаалгыг онгойлготол орилж чарлан мяулдах бөөн мах намайг нөмрөн авч савраараа маажихад би маш их айсан, гэж гунигтай хэлэв.
Алекс биеэ барьж тэвчсэнгүй, тэрбээр чанга дуугаар хөхөрч эхэлсэнд Эллабеллийн царай улаан хүрэнтэж нүдний шил нь гялалзлаа.
- Энэ огтхон ч инээдтэй байгаагүй! гэж охин хэлээд нударгаа зангидав.
- Би хамаг юмаа үс ноосноос салгах гэж хэдэн долоо хоногийн турш оролдсон! Бас надад зөндөө сорви байгаа!
Алекс нүдээ анивчиж нулимсаа шингээхийг оролдож зогссоноо гараа саваад
- Уучлаарай, энэ зүгээр л ... ямартай ч... Чи анти-ид шидийн талаар ярьж байсан, гэж хэллээ.
Энэ сэдвээр ярих болсондоо Эллабелл баяртай байгаа харагдана. Нүдний шил нь хазайчихсан харагдах тэрбээр ихэмсгээр инээмсэглэв.
- Тийм ээ. би үүнийг судалж байгаа, Энэ талаар би сургуульд байгаа хүмүүсээс хамгийн их зүйл мэддэг байж ч магадгүй.
Алекс охиныг инээмсэглэн харлаа.
- Тэр үед чи бүр цөхөрсөн байх даа?
- Өрөө дүүрэн муурын зулзага, гэж хэлээд охин инээмсэглэв.
Тэд инээлдлээ.
- Ямартай ч миний мэдэж авснаар Шид эвдэгчийн цустай, арвин их туршлага хуримтлуулсан хүн хараалыг арилгаж чаддаг. Үүнийг хийхэд тэд нарт хэвүү байдаг ч энэ боломжтой.
- Тэгээд үүнийг тэгээд яаж хийдэг юм бол?
Эллабелл хүүгийн тавьсан асуултыг анзаараагүй бололтой, нүдээ гялалзуулан ярианыхаа сэдвийг дэлгэрүүлэн тайлбарлаж эхэллээ.
- Шид эвдэгчид шидтэн нартай олон талаараа их төстэй.
Цус нь шилтгээний шидэт энергийг зөнгөөрөө мэдэрч дотор нь жихүүцэх эхлэхэд хүү дуугаа хурааж хэсэг зогслоо.
- Тэд тийм байдаг гэж үү?
Эллабелл толгой дохив.
- Тэд нар өөр төрлийн хүч чадал агуулж байдаг юм. Үүнийг энгийн ид шидийн аргаар хянах боломжгүй. Бидний энергээ хураах, хяналт тавих дасгалууд Шид эвдэгч нарт тус болохгүй. Тэд бүр эсрэг арга барилаар ажилладаг бөгөөд тэднээс гардаг энерги биднийх шиг харагддаггүй. Бидний гаргасан ид шидийг тэд үнэхээр устгаж чаддаг.
Алекс дахиад чимээгүй болсноо дараагийнхаа асуултыг тавилаа.
- Тэгээд... тэд хийсэн хараалыг яаж арилгадаг юм бол?
Хий гараад шалчийсан бөмбөг шиг болсон Эллабелл санааширсан шинжтэй
- Мэдэх юм алга. Би харин жинхэнэ Шид эвдэгчтэй уулзаж үзэхийг мөрөөддөг, гэж хэлсэнд Алекс инээмсэглэхийг оролдов.
- Тэд нар чинь бүгд үхчихсэн биз дээ?
- Баримтанд л тэгж бичсэн байдаг юм.
- Хм. Ичмээр юм.
Эллабелл хүүг нэг хачин харцаар ширтлээ.
- Би явах хэрэгтэй. Би хүнтэй уулзахаар тохирчихсон. Чамтай ярилцах таатай байлаа. Наталигийн төлөө хийх гэж байгаа юманд чинь амжилт хүсье. Тэр хэрвээ хараагдсан бол чамайг үүнээс гарах арга зам олно гэдэгт би итгэж байна.
Алекс гэмгүй царайлан гараа дэлгээд цөхрөнгөө барсан хүний царай гаргахыг оролдон
- Шид эвдэгчийг би хаанаас олж чадахыг чи мэдэх үү? гэж асуулаа.
Нэг хөлөө хашлаганы гадна тавьж байсан Эллабелл түр чимээгүй болсноо уруулаа мушийлгаад
- Үгүй, мэдээж үгүй. Гэхдээ хараалыг зайлуулах өөр арга байдаг, гэж хариулав.
- Тэр чинь юу юм бэ?
Эллабел хашлаганы гадна талд гарч нэг гараараа хашлаганы төмрөөс барин агаарт тогтоод мөрөн дээгүүрээ толгойгоо эргүүлж
- Түүнд хараал хийсэн хүнийг ал, гэж шивнэлээ.
Дараа нь охин гараа тавьж үзэгдэхгүй болов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.21.18 4:17 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jan.21.18 9:14 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 490
Location: Төв цэгт
Баярлалаа. Яг амтанд нь орчихоод англиар нь түрүүлж уншдагтюмуу гэж бодоод байдаг. 6 цуврал юм байна лээ ш дээ. Гэхдээ ядаж нэгдүгээр номыг нь англиар уншаад үздэг ч юм билүү гэж бодоод байдаг. Наранд файлаар байдагуу? Яаж авсан бэ?

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited