Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт буюу “ХУРЦЫН ТАСАГ”
News Zindaa | |
Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц энэ албан тушаалд очсоноосоо хойш бараг анх удаа хэвлэлийнхний өмнө гэнэт гарч ирэв. Ингэхдээ С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлах гэж байгаа мэт мессежийг олон нийтэд өгч, үнэн хэрэгтээ шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “Эрдэнэт”-ийн шахааг эргэн сануулах зорилготой л хэвлэлийн бага хурал хийлээ. Үйл явдлыг өнгөцхөн дүгнэвэл, албан тушаалаасаа мултрах аюулд орсон Б.Хурц салбарын сайдтайгаа дайн зарласан төдий л хэрэг явдал өрнөж байна. Гэвч үүний цаана ямар улс төр, эрх ашиг, зөрчил тэмцэл нуугдаж байна вэ?
Энэ бол Монголын улс төрд олон жилийн туршид далд өрнөсөн дажны ил гарч буй нэг бэтэг юм. Бэтэг хагалж буй хүн нь Б.Хурц биш, Ц.Элбэгдорж юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх ашгаараа дамжуулан улс төрд эргэн ирэлт хийж байна гэж таамаглах бүрэн үндэстэй. Б.Хурцыг Ц.Элбэгдоржийн хүн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс өнөөдрийн зөрчлийн сэжүүрийг тун алсаас сөхөх хэрэгтэй.
2011 онд М.Энхболдын фракц нам дотроо ялалт байгуулсныхаа дараа хийсэн анхны томилгоо нь АТГ-ын даргаар хурандаа Н.Ганболд, дэд даргаар Б.Хурцыг томилж байсан юм. Ц.Элбэгдоржийн хүнийг М.Энхболдын нөлөөгөөр албан тушаалд томилсон нь цаагуураа нарийн учир холбоотой. Тун удалгүй 2012 оны сонгуульд АН олонхи болж, эрх баригч АН-тай МАН хамтран Засгийн газар байгуулах тухай яригдаж байх яг тэр мөчид Б.Хурц ТЕГ-ын даргаар томилогдсон юм.
Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажиллаж, харин Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга хийж байсан нь санамсаргүй тохиол биш.
Ц.Элбэгдоржийн хүн гэх хочит Б.Хурц М.Энхболдын үед ч хүч нөлөөгөө алдаагүйгээр үл барам засаг солигдож, Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэхэд ч ТЕГ-ын даргаараа тогтож үлдсэний цаана ямар нууц бий вэ.
Нууц нь бидний мэдэх МАНАН бүлэглэлд оршино. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Т.Бадамжунай нарын тэргүүлдэг гэх МАНАН бүлэглэлийн хүч нөлөө одоо ч засагт амь бөхтэй оршиж, өөрсдийн эрх ашгийн тойргоо хадгалах гэж тэмцэж буйн нэгээхэн жишээ нь Б.Хурц болж таарч байна.
Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд худалдаж авах ажилд ТЕГ-ын дарга Б.Хурцын оролцоо, идэвх зүтгэл нэлээд бий гэдгийг онцолсон. Энэ нь үнэний ортой ч байх талтай. Учир нь тийм том хэлэлцээр Монголын тагнуулын байгууллагын нүд, чих, хараанаас гадуур өрнөх ямар ч бололцоогүй билээ. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргэн төрийн мэдэлд авах Ц.Нямдоржийн зарга заалхайд хамгийн их өсөрхөж, ил цагаан эсэргүүцсэн хүн бол Ц.Элбэгдорж гэдгийг уншигчид мартаагүй. Улсын их хурлын чуулган дээр хүртэл Худалдаа хөгжлийн банкийг өмгөөлж, уурсан үг хэлж байсан нь улсын эрх ашиг гэж харагдахаасаа илүү “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалд мань хүний эрх ашиг үлэмж хэмжээгээр тусгалаа олж дээ гэж санагдахаар байсан.
Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн булхайг нийтэд зарлаж, эсэргүүцсэн Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон нь Ц.Элбэгдорж болоод түүний бүлэглэлд таалагдсангүй. Тэгээд зогсохгүй, эрх мэдлээ хэрэгжүүлж буй хамгийн хүчтэй тасагт нь хохирол учруулж мэдэхээр болмогц яаран хөдөлгөөнд орж байна. Тус бүлэглэлийн хамгийн гол тасаг нь яах аргагүй “Хурцын тасаг” буюу одоогоор Б.Хурцын тэргүүлж буй Тагнуулын Ерөнхий газар юм.
Гэтэл Ц.Нямдорж энэ тасгийнх нь хүчийг тарааж, даргыг нь солихоор муйхарлаж буй нь тэдний дургүйг ихэд хүргэжээ. Уурласан Ц.Элбэгдорж “зуудаг нохой” хочит Ц.Нямдоржийн эсрэг түүнээс ч дутахгүй зууж чадах нохойг тавилаа. Б.Хурц бол улстөрчдийн талаарх хамаг л болж бүтэхгүй баримт материалуудыг гартаа төвлөрүүлсэн, эрх мэдэл, эд хөрөнгөөр хэний ч дор орохгүй болтлоо догширч, толгой дээр гарсан этгээд.
Их Британийн нисэх онгоцны буудлаас тусгай албаныханд баривчлагдсан үеэс л Б.Хурцын дуулиан эхэлсэн юм. Монголын урдаа барьдаг чекист, тагнуулч явсан тэрбээр дэлхийн удирдагчдын нууц материалуудыг хууль бус аргаар олж авч, задалдаг Жулиан Асанжтай хамт Уандсвортын шоронд хоригдож байсан нэгэн.
Б.Хурц сөрөг тагнуулд байхдаа Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын авлигын хэргийг илрvvлэн цагдаагийн байгууллагад шилжvvлж, уг ажлыг удирдаж жинхэнэ шуугиан тарьж явсан.
“Х.Баатарын хэрэгт холбогдох цөөнгvй хvн одоо УИХ-ын танхимд сууж байгаа” гэж хаяггүй сүрдүүлгийг хэлж, хамгаалалтаа бататгаж байсан Б.Хурцад өнөөдрийн төрийн тvшээд, сайд дарга нарын чамгүй “но” хадгалагдаж байх нигууртай.
Tvvний намтарт Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, өнөөдрийн МАН-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишvvн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэг бий ч гэж ярьдаг.
Ийм л хатуу самар өнгөрсөн долоо хоногт гэнэт “хэлд орж”, ингэхдээ төрийн сайд Ц.Нямдоржийн эсрэг сум тавьлаа. Түүний нум нь Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл гэж харагдаж байна.
Бүр тодорхой хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулийн ерөнхий газраа мөнөөх бүлэглэлээс салгаж авч чадах уу гэдэг тэмцэл хөшигний ард өрнөж байх шиг. Тагнуулын байгууллагаа өөртөө авч чадаагүй Ерөнхий сайд хүчгүй байдаг нь бичигдээгүй жам ёс. Үүний бодитой жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газар юм. Харин эсрэг жишээ нь С.Баярын Засгийн газар. С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсон тэр оройдоо багтаж ТЕГ-ын даргаар Р.Болдыг томилж байсан түүхтэй.
Тиймээс хэрэг явдлыг зөвхөн Б.Хурц гэдэг хүний хүрээгээр сэтгэж ойлгож болохгүй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл сүүлчийн араа шүдээрээ эргэж ноцож, энэ төрд хүч нөлөөгөө алдахгүйн төлөө тэмцэлдэж байгаагийн нэгээхэн жишээ нь Б.Хурц. Эрх ашиг, эрх мэдлийнхээ тойргийг алдахгүйн тулд хэн рүү ч ноцож, урж тасдаж мэдэх улайрсан бүлэглэлийн эд эс нь өнөөдөр ийнхүү “Хурцын тасаг” хэлбэрээр хаа сайгүй оршиж байна.
_________________ Модун хааны алтан ураг-R1a
|