#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.19 2:40 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Aug.13.17 12:26 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 947
Location: closer than your breath
en odoo tgd orsiinmuu orooguinmuu, ehluuleed yawjiital shal uur yum ehelsenee ustagalaa l gehiin
ymar uchirtain be, tsagiin garz hgd bhiin, ustgaad edit hiisiin bol ter chigt n garchig etr iig n yanzlaachee arghhh

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.20.17 1:03 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.24.15 4:31 pm
Posts: 2126
Location: Middle-earth.
hrn bi bas ushih gsn chn hed ch uur uur yum ehlechivdee, Sarah-taig n uuln unshih gsn um :)))

_________________
.


Top
   
PostPosted: Mar.01.19 4:27 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
25


Хадер Наижл хоёр Донна, Петтибон нарыг Лаулен хотод үлдээгээд машин хөлсөлж аван өглөө эрт нар мандахаас өмнө хөдлөв. Сэрүүхэн, тунгалаг өдөр байлаа. Наижл цонхоо доошлуулан өглөөний хүйтэн цэвэр агаараар шуналтай амьсгалж явав. Дасаж дадаагүй буруу талд байрласан жолооны ард суусан Хадер бага зэрэг тэвдэж байлаа. Тэр даарч эхэлсэн тул Наижлаас цонхоо хаахыг гуйв. Тэд хотыг ардаа орхин тал дундуур давхин явах үед хормойд нь зэрэглээ татан суунаглах уулын цаанаас нарны анхны туяа улайран харагдана. Хэдэн километр давхисны эцэст тэд нар эцэс төгсгөлгүй үргэлжлэх тал дээр гарч ирлээ.
Хааяа ганц нэг машин зөрөн өнгөрч, зам дагуу байрласан хэдэн шатахуун түгээх газар олж харсан тэд гурван цаг давхисны дараа нэгэн том нурууг чиглэн салсан тахир зам руу оров. Ная гаран километр давхиад нурууг даван гарч ирвэл толгодын дунд нүдэнд тусахааргүй нэг жижиг хотхон харагдана. Наижл газрын зургаа гаргаж хараад зэлүүд газар байгаа энэ ганц хот бол Либерти гэдгийг мэдмэгц ходоод гэдэс нь хөрвөчих шиг болов. Ийм зэлүүд байрладаг, ертөнцөөс өөрсдийгөө хол тусгаарласан, зөвхөн шашны хэт баримтлагч нар л оршин суудаг газартай хүмүүс өдөр бүр таараад байхгүй нь ойлгомжтой. Наижл гаргасан шийдвэр нь зөв эсэхэд эргэлзэж, тэдэнтэй тэнд юу тохиолдох бол гэж бодоод дотроо эмээж эхлэв. Тэд нар ухаангүй будлиу, замаасаа төөрсөн, хоноглох газар хайж байгаа жуулчдын дүрээр тэнд очихоор тохиролцжээ. Энэ хооронд сэжиг аваагүй оршин суугчдын хэн нэгэн тэдэнтэй яриа үүсгэж магадгүй гэж тэд найдаж байлаа.
Хадер машинаа уулын уруу болгоомжтой жолоодох үед Наижл
- Ингэхэд чи энэ зөв санаа гэж бодож байна уу? гэж түүнээс асуулаа. Тэдний чанх өмнөөс тусах нар нүдийг нь гялбуулна. Тэнгэрт бөртийх ч үүлгүй, мандаж буй өвлийн нар хурц гэрэл цацруулна.
Хадер ядарснаас улайсан нүдээ хэсэг анивчаад өмнөх замруугаа байдгаараа онийж харлаа.
- Юу гэсэн үг вэ? Чиний дотор бачуураад айгаад байгаа юм уу, Наижл?
- Өө, үгүй дээ гэж Наижл худлаа хэлэв.
- Бид тэдэнд зөвхөн эелдгээр хэдхэн асуулт тавина. Орон нутгийн түүх судалж байгаа гээд л бодчих. Чи надад нэг удаа энд хамгаалалт сайтай газраас өөр юу ч олж харахгүй гэсэн. Эрэл , судалгаа хийж байгаа юм шиг царай гарга л даа гэж хэлчихээд Хадер түүн рүү инээмсэглэллээ. Наижл Хадерын хэлэхийг сонсоод бага зэрэг тайвшрах шиг болсон ч дотор муухайрах нь бүрэн арилсангүй.
Суурингийн дэргэд ямар ч хаяг харагдсангүй. Энэ хот зүгээр л гэнэт тэнгэрээс унаад ирсэн мэт харагдах ажээ. Эхлээд зах хязгааргүй цөл газрыг огтлон гарсан зам, дараа нь гэнэт нэг гудамжинд орж, тэгээд цаашлаад олон гудамжнууд үогэлжлэн гарч ирэв. Байшингууд бүгд нэг давхар энгийн хийцтэй ажээ. Зарим байшингийн өмнө суудлын машин харагдсанд Наижл их гайхав. Бүх байшингуудыг цагаан өнгөөр буджээ. Түүнчлэн хашаа, хаалга гээд бүгд цав цагаан. Наижл энэ бүхнээс арай өөр, бүр энгийн зүйл харна гэж бодож байжээ. Хэдэн айл урдаа Америкийн далбааг шонд өлгөсөн харагдах нь тэдний бусдаас тусгаарласан байдалтай нэг л авцалдаж өгөхгүй байх шиг Наижлд санагдав.
- Хоёулаа дэлгүүр, эсвэл цайны газар олох хэрэгтэй байна гэж Хадер хэлэх зуур хурдаа хасаад
- Тэнд хүмүүс байж магадгүй юм гэлээ. Байшингийнхаа урд талын тавцанг шүүрдэж байгаа эмэгтэйг харсан Наижл
- Тэнд хүн байна гэв. Эмэгтэй хажуугаар нь өнгөрч байгаа тэдний машин руу харлаа. Наижл машины арын толинд хальт харвал нөгөө эмэгтэй байрандаа зогссон хэвээрээ байв. Зам тэднийг суурингийн төв талбай руу хөтөлж аваачих бололтой. Талбай овон товон, хонхорхой нүх ихтэй, бараг ашигладаггүй гэмээр харагдана. Хадерын сэтгэл жаахан түгшсэн шинжтэй болохыг Наижл ажиглав. Талбайг бараг тэг дөрвөлжин хэлбэртэй хийсэн бөгөөд орчныг цэвэр цэмцгэр харагдуулах ажээ. Наижл үнэндээ эв хавгүй овон товон ихтэй дээвэр бүхий модон байшингууд, ил задгай бохир усны суваг дээр хөл нүцгэн, ширэлдэж бохирдсон үстэй хүүхдүүд тоглож, идэх юм хайж тэнүүчилсэн бараг зэрлэгшиж гүйцсэн нохдын дүр зураг харна гэж бодож байжээ. Америкийн жижиг хот суурингийн талаархи мэдлэг нь хэдийгээр бага ч Либерти Лауленээс жижигхэн болохоос бараг ялгагдахааргүй байгааг тэр анзаарав.
Тэд нэг ижил хэмжээтэй олон цагаан байшингууд үргэлжилсэн гудамжаар явсаар төв талбай дээр иржээ. Энд харин бусад байшингаас арай том барилга харагдсанд Наижл суурингийн захиргааны газар байх гэж бодов. Талбайн голд нэг жижигхэн усан оргилуур байрлуулжээ. Гэхдээ тэдний анхаарлыг нэг сүрлэг том сүмийн барилга илүү их татлаа. Сүмийн дээвэр дээр бүрээ үлээж буй тэнгэрийн элч харагдана. Сүм бусад байшингуудын адил цагаан өнгөтэй боловч бүр нүд гялбам цасан цагаан ажээ. Хадер машинаа хэдэн машин тавьсан жижиг зогсоол дээр байрлууллаа. Наижл бугуйн цагаа харвал есөн цаг болж байв. Дараа нь тэр талбайн эргэн тойрныг ажиглавал баяр ёслолын ажиллагаа болсон юм уу гэмээр талбайн захаар цагаан дарцагнууд, төмөр тулгууртай баярын асар майхан харагдана.
Хадер баруун гарын ядам хуруун дахь мөнгөн бөгжөө Наижлд мэдэгдэлгүй сэмхэн сугалж аваад зүүн ядам хуруундаа зүүлээ. Талбайн эргэн тойронд арваад барилга барьжээ. Цасан цагаан өнгөтэй барилгууд өвлийн нарны гэрэлд нүд сохлом гялбаж байсан тул Наижл нүдээ бараг аних хэрэгтэй болов. Тэр гэнэт Петтибон яагаад нарны шил авч явахыг зөвлөөд байсны учрыг ойлгожээ. Гэвч Наижлд нарны шил байсангүй, харин Хадерт байжээ. Тэр нарны шилээ зүүгээд хамраа сарталзуулснаа
- Талх үнэртэж байна гэлээ. Тэгтэл талбайн нэг буланд нарийн боовны дэлгүүр харагдав. Тэд машинаасаа бууж дэлгүүр лүү алхахад Хадерын түрийтэй гутал шар шурхийн дуугарах нь тод сонсогдоно. Талбайн эргэн тойронд байгаа бүх цонхны цаанаас хүмүүс тэдэн рүү анхааралтай ажиглаж байгаа мэт Наижлд санагдав. Тэр хэдийгээр толгойгоо өргөж явах гэсэн боловч хурц гэрэлд нүд нь хүчтэй хатгуулж өвдлөө. Гудамж хов хоосон, хэн ч харагдaxгүй байгаа нь Библид гардаг Армагедоны дараахь тунгалаг цэлмэг өглөө шиг санагдана.
Гадна талдаа "Либертигийн нарийн боовны дэлгүүр" гэсэн хаяг өлгөсөн тэр газраас сайхан үнэр ханхалж байлаа. Шилэн хоргонд шинэхэн барьсан талхнууд өрж тавьжээ. Лангууны ард цагаан малгай өмссөн эрэгтэй эмэгтэй хоёр хүн харагдав. Дэлгүүрт өөр хүн харагдсангүй. Хадер дотогшоо түрүүлж орлоо. Араас нь дагаж орсон Наижл нүд гялбам орчноос түр зуур ч гэсэн ангижирсандаа баяртай байв.
- Өглөөний мэнд. Лангууны ард байсан эрэгтэйн царай огт хувирсангүй, харин эмэгтэй нь царайн дээрээ хуурамчаар хүчилсэн инээмсэглэл тодруулаад
- Өглөөний мэнд гэж хариуллаа. Хэсэгхэн зуур бүгд түгшсэн мэт дуугаа хураацгаав. Эцэст нь
- Танд юугаар тус болохсон бол? гэж нөгөө эмэгтэй царайгаа хувиргалгүй инээмсэглэсээр асуулаа.
- Бид замаасаа төөрчихлөө. Та нарыг бидэнд туслана гэдэгт найдаж байна гэж Хадер хариу хэлэв.
- Ажиглаад байхад та ойр хавиас ирээгүй бололтой гэж эмэгтэй гайхсан бололтой асуулаа.
- Үгүй ээ, Бид аялж явна. Тэгээд түр зуур амсxийх санаатай зогссон юм. Лангууны ард дүнсгэр царайлан зогсож байсан эрэгтэй
- Энд үзээд байхаар юм байхгүй гэв.
- Бид Пино Нуа Друэфд байдаг Орегон орохоор явж байна.
- Та чинь ямар гоё аялгатай ярьдаг юм бэ гэж нөгөө эмэгтэй инээмсэглэсэн хэвээр хэллээ.
- Баярлалаа. Бид Англиас ирсэн. Миний нөхөр дарс судалдаг хүн байгаа юм. Наижл тэр яаж ингэж хурдан сэтгэж чадав аа гэж бодсоноо толгой дохив.
- Тэгвэл та нарт энд дарс олдохгүй нь дээ. Манай энд хүмүүс уудаггүй юм гэж эмэгтэй дургүйцсэн өнгөөр хэллээ.
Хадер гараа өргөснөө
- Тэгвэл бид Орегон хүртэл үүнийгээ хойшлуулахаас даа. Харин одоо бид цааш хөдлөхөөсөө өмнө өөрсдийгөө жаахан угааж цэвэрлээд, түр зуур амсхийчихээр газар олох хэрэгтэй байна. Бид зөвхөн туулах замаа хараад л бүхэл шөнөжингөө давхисан нь ёстой тэнэг хэрэг боллоо гэв.
- Тэгэхээр та үнэхээр их холыг харж дээ гэж хэлээд нөгөө эр Хадерын нүүр лүү эгцэлж харснаа
- Орегон руу явдаг зам эндээс умард зүгт наяад километрийн зайтай байдаг. Та бүр хаа хол өөр газар ирчихэж дээ гэлээ.
Хадер Наижл руу хурдан эргэж хараад
- Харж байна уу чи, бид буруу замаар орчихлоо гэж би чамд хэлсэн биз дээ? гэв. Арай л дэндүүлчих шиг Наижлд санагдлаа. Хадер толгойгоо сэгсрээд
- Бид цаашаа яаж явахаа асуух хүн олсны дараа энд хаа нэгтээ унтаж болох болов уу? Бид тийм ч их юм хүсэхгүй гэж хэлэв.
Царцсан мэт нүүрэн дээрх инээмсэглэл нь бүрэн арилаагүй эмэгтэй толгой сэгсрэн
- Би тэгж бодохгүй байна. Бид энд гадны хүмүүсийг хүлээж авдаггүй. Харин Либертигээс арваад километрийн зайтай Интерстэйт рүү явдаг зам дагуу нэг дэн буудал байдаг гэлээ.
Наижл наашаа ирэх замдаа тэр буудлыг харсан ажээ. Тэр буудал жижигхэн гаж дэн буудлуудтай төсгүй ч бас тийм ч аятайхан биш, эргэлзээтэй харагдсан юм даг.
- За яахав. Тэгвэл энд цайны газар ч юм уу, тиймэрхүү газар бий юү? Бид маш их өлсөж байна гэж Хадер хэллээ.
Эмэгтэй Хадерыг инээмсэглэн харав. Нөгөө эр таг чиг.
- Энд нэг хоолны газар бий. Хэрвээ та нар эндээс зүүн тийш эргэвэл шууд харагдана. Талбайг жаахан өнгөрөх хэрэгтэй. Та нарт зөвлөхөд өндөгний хуймаг нь их амттай шүү.
- Танд их баярлалаа. Өндөгний хуймагны талаар хэлснийг чинь тогтоож авлаа. Бид буцаж ирж талх худалдаж авна. Энд үнэхээр сайхан үнэртэж байна шүү. Энэ удаад харин эмэгтэйн хуурмаг инээмсэглэл арилж жинхэнээсээ инээмсэглэж толгой дохиод
- Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэлээ.
Хадер Наижл хоёр гудамжин дахь хурц нүд гялбам гэрэлд нүдээ анивчуулсаар гадагшаа гарав. Тэдний бодлоор дэлгүүрт байсан хүмүүс тэднийг гэнэт гараад ирсэн хоёр архичин Англичууд гэж санасан бололтой байлаа. Тэд нөгөө эмэгтэйн зааж өгсөн замаар явбал "Оорсонгийн хоолны газар" гэсэн нэртэй энгийн байшин олж харлаа. Дотоод засал нь их хуучирсан, хэдэн арьсаар бүрсэн сандал, хана дагуу байрлуулсан буйдантай ажээ. Тэнд хэдэн хүн сууж байлаа. Тэр хоёр дотогшоо орж цонхны ойролцоо ширээн дээр очиж суувал өглөөний цайгаа ууж байсан хэдэн хүмүүс тэднийг их л анхааралтай ажиглан харав. Зөөгч эмэгтэй хүрч ирээд ширээн дээр хоёр хоолны цэс тавилаа. Бичгийн машинаар цохиж бичсэн хоолны цэсийг толбо болохоос сэргийлж гялгар уутаар гадарлажээ. Наижл эргэн тойрноо сэмхэн харвал нөгөө хүмүүс тэр хоёрыг ажигласаар байгаа харагдана.
- Надад мөөгтэй өндөгний хуймаг, жүржийн ундаа өгөөч гэж Хадер шууд захиалгаа өглөө. Хадерын бараг акцентгүй америк аялгаар ярихыг сонсоод алмайрчихсан Наижл хоолны цэс рүү харсан ч үгүй
- Надад бас адилхныг гэж хэлээд цэсийг зөөгчид буцааж өгөв. Зөөгч ямар ч үг хэлсэнгүй эргээд явчихлаа. Ихэнх үйлчлүүлэгч нар одоо урдахь тавгандаа анхаарлаа хандуулжээ. Гэсэн ч хэд гурван хүн тэднийг нууцxан ажигласаар байв.
Шаргал үстэй хөөрхөн охин кофетой гүц барьсаар тэдний ширээ рүү хүрч ирлээ. Үсээ ардаа боосон, хөөрхөн, бардам царайтай, харин үүдэн шүд нь бага зэрэг томдсон мэт харагдана. Гүцэнд кофе байсангүй, ногоон өнгийн шингэн байлаа.
- Ургамлын цай уух уу? гэж тэрбээр эргэлзсэн маягтай асуув.
- Өө, тэгэлгүй яахав гэж Хадер их л уриалгахан хэлээд аягаа урагш нь дөхүүллээ. Охин цай аягалах гэж байснаа гэнэт болиод Хадер луу их л цочирдсон байдалтай харав.
- Тийм ээ, бид холоос ирсэн, англи хүмүүс гэж Хадер тайлбар өглөө. Охин Хадерыг хэсэг гөлрөн харж зогссоноо чичирхийлсэн гараар цайг аягалав. Дараа нь тэр Наижлаас цай уух эсэхийг ч асуусангүй шууд эргээд лангууны ар луу яваад орчихлоо.
- Ангараг гаригаас ирсэн хүнд ямар санагдахыг би одоо л мэдэх шиг боллоо гэж Хадер хэлээд цайнаас балгаснаа үл мэдэг ярвайж
- Хмм, Би өөрөөр юу гэж хэлэх байсан гэж? гэлээ.
Гал зуух руу орсон охин дахин гарч ирсэнгүй. Тэр ажлаа бусдад шилжүүлсэн бололтой хэдэн минутын дараа тэдний захиалгыг нэг настайвтар зөөгч эмэгтэй авчирч өглөө. Өглөөний унд хэдийгээр сайхан харагдаж байсан ч Наижл өлсөөгүй байсан тул бусдыг хүндэтгэх сэтгэлийн үүднээс ганц хоёр үмхэлж суув. Хоол их амттай байсан учир Наижл гэнэт бүгдийг нь идмээр санагдлаа. Хоолоо идэж дуусгахыг харсан зөөгч эмэгтэй одоо тэднийг арай эелдэгхэн харна.
- Ингэхэд та нар үнэхээр өлссөн байжээ гэж тэр найрсгаар хэлээд инээмсэглэв. Өө за за, эхлээд биднийг мануухай шиг үзэж байсан байж одоо халаасны мөнгө авах санаатай байх нь ээ гэж Наижл хардлаа.
- Энд их сайхан тайван газар юм гэж Хадер хэлсэнд эмэгтэй толгой дохиод
- Тийм ээ, үнэхээр тайван. Харин өнөөдөр бүр ч тайван байна. Өчигдөр энд баяр болсон юм гэлээ.
- Энд үзэж хармаар зүйл байдаг уу?
- Та яг юуг хэлээд байгаа юм бэ? гэж эмэгтэй бага зэрэг хардсан өнгө аястай асуув.
- Үгүй яахав, үзэж сонирхохоор зүйл. Бид замаасаа төөрчихсөн. Одоо бид нэгэнт энд байгаа юм чинь магадгүй түүх дурсгалтай холбоотой газар байвал сонирхож харах санаатай. Зөөгч эмэгтэй Хадерын хэлснийг ойлгохгүй байгаа бололтой харснаа
- Үгүй ээ. Надад мэдэх юм алга гэж хэлээд сандарсан нь илт инээд алдав.
- Магадгүй сүм юм болов уу, гэхдээ...
Гэнэт махлаг бүдүүн биетэй хормогч зүүсэн, нэг эр ойртон ирэхэд зөөгч эмэгтэй тэр дороо амаа хамхилаа. Энэ хүнийг тогооч гэдэгт Наижл эргэлзсэнгүй. Тогооч эр хиам шиг бүдүүн хуруутай гараараа ташаагаа тулан зогсож Наижл руу
ууртай харангаа
- Би та бүхэнд туслах уу? гэж асуулаа. Тэр хүндээр амьсгаадна. Зөөгч үгээ гүйцээсэнгүй тэдэн рүү доройхон инээмсэглэснээ ажлын байр луугаа хурдан буцаад явчихав.
- Таны зөөгч бидэнд их тус болсон гэж Хадерыг хэлэхэд Наижл түүний дууны өнгөнд бухимдал цухалзахыг мэдэрчээ. Эрэгтэй түүний хэлэхийг үл тоомсорлон Наижлыг хүйтэн харцаараа цоо ширтэв. Хадерыг уураа тэвчилгүй дэлбэрэхээс өмнө ямар нэг юм хэлэх хэрэгтэй гэдгийг Наижл шууд ухаарлаа.
- Бид замаасаа төөрчихсөн юм. Тэгээд Либертид үзэж сонирхох зүйл байгаа эсэхийг мэдэх санаатай.
- Одоо та нарын хийж чадах ганц зүйл гэвэл машиндаа суугаад эндээс хурдан арилах явдал гэж тогооч эр хэлээд эрүүгээ үрчин
- Та нарт энд эрж хайгаад байх юм юу ч байхгүй гэлээ.
- Өө за. Тийм байдаг байжээ.
- Бас ажилчны маань ажлыг битгий цалгардуулж саатуулаад бай. Хоолны үнийг төлөх шаардлагагүй. Одоо эндээс явцгаа гэж нөгөө эр нэмж хэлээд гараа хормогчиндоо арчих зуур Наижл руу дахин нэг хүйтэн харц чулуудснаа гал тогоо руугаа явчихав.
Тэд дахин юу ч дуугарсангүй ширээнээс бослоо. Наижл зөөгч рүү харан инээмсэглэвэл зөөгч түүнийг огт хараагүй мэт царай гаргав. Хэн ч юу ч хэлсэнгүй.
Тэд гадаа нарны хурц гэрлийн доор дахин гарч ирсний дараа бие бие рүүгээ харцгаалаа.
- Бид өөр юу хүлээх байсан гэж? Наижл эхлэн дуугарахад Хадер
- Энд эмгэг хардалтаар өвчлөөгүй, гадны хүмүүсийг эрүүл саруул ухаанаар дүгнэж чаддаг хүнтэй учрах байлгүй дээ, тийм биз дээ? Тэр горилла сармагчин шиг нөхрийг ирэхээс өмнө зөөгч эмэгтэй сүмийн талаар цухуйлгасан. Тэр сүмд хамба лам эсвэл гэлэн ч юм уу, ямар нэг ярилцаж болохоор хүн байж магадгүй. Сүсэг бишрэлтэй нэгэн энэ хүмүүсээс
арай илэн далангүй байх ч юм бил үү гэж хэлэв.
Наижл харин өөр бодолтой байлаа. Эхлээд хамба лам гэгч нь үнэхээр мормон юм уу, эсвэл хэт хуучинсаг шашны үзэлтэн үү гэдгийг тэд мэдээгүй байгаа билээ. Гэвч Хадер ямар ч эсэргүүцэл сонсохыг хүссэнгүй, сүмийг чиглэн шийдэмгий гэгч нь талбайг огтлон алхаж эхэллээ.
Сүмийн урд талын гол хаалгыг гурван цагаан багана дээр суурилуулсан ажээ. Барилгын хоёр талд нуман хэлбэртэй цонх бүхий бөмбөгөр оройтой дугуй цамхаг харагдана. Орох хаалганы урд талд хэдэн хавтаст хаалга руу хүрсэн хагас дугуй хэлбэртэй цагаан чулуун шат байлаа. Тэдгээр хаалгануудын нэг бага зэрэг онгойсон харагдана.
Хадер хаалгыг тогшсон ч үгүй, чимээ гаргаж дуудсан ч үгүй, харанхуй хүйтэн өрөө рүү шууд яваад орчихлоо. Наижл араас нь дагаж оров. Гудамжин дахь хурц гэрлээс орж ирсэн тэдний нүд харанхуйд дастал хэсэг хугацаа өнгөрлөө. Сүм дотор чимээ аниргүй байв. Тэдний өмнө хоёр талдаа онгорхой нуман тулгуур бүхий өргөн хана харагдана. Баруун зүүн талд байсан хаалганууд хаалттай ажээ. Тэр хоёр нэг нуман тулгуурын доогуур цааш явбал олон эгнээ бандан сандлууд тавьсан сүмийн гол хэсэгт орж ирлээ. Танхимын шалан дээр битүү хивс дэвсжээ. Хоймрын ханан дээр ЕРТӨНЦИЙН ЭЗЭН БИДНИЙ ӨРГӨЛ ТАХИЛГЫГ ХАРСАН гэсэн бичээс, нэг хэрээснээс өөр энд шашны холбогдолтой гэмээр баримал, дүрс зураг харагдсангүй. Тэд эргэн тойрноо харвал хэн ч байсангүй. Танхимын зүүн талын буланд нэг хаалга харагдав. Хадер хаалга руу очиж онгойлгохыг оролдвол түгжээтэй ажээ.
- Эндээ түр хүлээж бай гэж Хадер хэлээд хэдэн хаалга харагдсан урд хэсэг рүү явлаа.
Энд хэдийгээр бусад газруудтай адилхан харагдах ч хаягдаж орхигдсон мэт хоосон онгорхой сүмд байгаадаа Наижл нэг л тавгүйрхэж нуруугаар нь хүйтэн юм гүйх шиг санагдав. Тэр орчин тойрноо дахин тойруулан харвал хана дагуу нэг бүтээлэгтэй ширээ тавьсан байхыг олж харлаа. Ширээн дээр хоёр ном тавьжээ. Ширээний чанх дээр төлөвлөсөн ажлаа тэмдэглэсэн бололтой том зарлал мэдээллийн самбар өлгөжээ. Наижл самбар луу очиж бүгдийг гүйлгэн уншлаа. Самбар дээр сүм болон суурингийн захиргаанаас төлөвлөсөн бололтой зохион байгуулах ажлын хуваарь, тэмдэглэлт болон дурсгалын өдрүүд, эмэгтэйчүүдийн нэхмэлийн клубээс шинэ гишүүн элсүүлэх тухай зарлал гэх мэт зүйл бичсэн хуудаснуудыг хаджээ. Ямар шашных байх нь хамаагүй аль нэг жижигхэн сүмд олж хардаг зүйлстэй л адилхан ажээ.
Наижл ширээн дээр байсан номнуудыг авч харвал жижиг нь Мормоны судар ном байлаа. Тэр хоёр дахь толь бичиг шиг том зузаан номыг нээж үзэв. Тэнд өнгөрсөн дөрвөн жилд сүмээс албан ёсоор зохион байгуулсан ажлууд болох адис хүртээлт, гэрлэлт, баталгаажуулалт, хандивын ёслол зэргийг гараар бичиж бүртгэсэн байлаа. Наижл хүнд номын хуудаснуудыг эргүүлсээр сүүлчийн тэмдэглэл бичсэн хуудсан дээр ирэв. Тэд энэ бүх бүртгэл тэмдэглэлийг ирээдүй, хойч үеийнхэндээ яаж ингэж бичиж үлдээж чадсан байна аа? гэж гайхсан Наижл өөрөөсөө асууж байлаа.
Наижлын харц гэнэт сүүлчийн тэмдэглэл дээр тогтчихов. Харсан зүйлдээ итгэж чадаагүй Наижл тэмдэглэлийг дахин уншсанд зүрхнийх нь цохилт түргэсээд ирэв.
- Хадер, Хадер! гэж тэр чангаар дуудлаа. Хаа нэгтээ хаалга хаагдах сонсогдсоны дараахан Хадер дэргэд нь хүрч ирээд
- Яасан бэ? гэлээ. Наижл тэмдэглэлийг хуруугаараа зааж харуулав. Он сар өдрийг америкчуудын маягаар сарын тоог урд нь оруулж тэмдэглэжээ. Сүмийн ёслол. Очих газрыг сольж адис хүртээх ёслол. Кэтрин Мэри Пратт. Төрсөн 1969. Нас барсан 2008. Адис хүртсэн 11.4.2008. Хандивын ёслол 11.4.2008.
- Кэти Дрэйк байна. Энэ ёслол өчигдөр болжээ гэж Наижл хэлээд доор нь байгаа Мартин Стами болон түүний хүүгийн нэрсийг заалаа.
- Та нарт магадгүй тусламж хэрэгтэй болоо юу? Нөхөрсөг, тайван байрын дуу тэдний ард гарав. Цочсон хоёр эргэж харвал хар үсээ нямбайлан самнасан намхан нуруутай эр зогсож байлаа. Түүний хүзүү толгой нь гэлжгий ажээ. Тэр хоёр нэг ч үг дуугарч чадсангүй.
- Та нарын сүмийн зөвшөөрлийн бичгийг харж болох уу?
Хадер Наижл хоёр бие биен рүүгээ харлаа.
- Энэ сүм бол зөвхөн сүмийн гишүүдэд зориулагдсан. Зөвшөөрөлгүй хүн ийшээ орж болохгүй. Үүнийг хатуу хориглосон байгаа...
- Бид яг явах гэж байлаа гэж Хадер хурдан хариулав.
Нөгөө эр тэднийг сүмээс гаран гартал араас нь харж зогслоо. Тэр хоёр нарны нүд гялбам хурц гэрлийн доор машин руугаа хурдан алхаж очив. Наижл эргэж харвал сүмд байсан эр тэднийг ажиглан шатан дээр зогсож байлаа. Гэнэт талбай дээр хоёр машин энэ чимээ аниргүй байдлыг эвдэн хурдтай давхин орж ирээд чахарсан дуу гарган хүчтэй тоормослон зогслоо. Сандарч тэвдсэн Хадер машины түлхүүрээ цоожны нүхэнд арай гэж шургуулан хаалгаа онгойлгов. Шатан дээр зогсож байсан эр доошоо уруудан бууж дөнгөж сая зогссон хоёр машин руу очин Хадер Наижл хоёр луу зааж байгаа харагдана.
Хадер мотороо асаангуут хаазаа тултал гишгэн талбайгаас хурдлан холдлоо. Хэдэн минутын дараа тэд Либертийг орхин гарахад араас нь хэн ч дагасангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.01.19 4:28 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
26


Хамгаалалт гаргасан байранд Фостер аяга кофе аван буйдан дээр очиж суугаад гадаа хүйтэн чийгтэй том талбай дээр нааш цааш холхин явж байгаа хүмүүсийг ажиглангаа тэдний хийсэн тэнэглэлд зэвүүцэж байгаагаа нууж чадахгүй байлаа. Гадаа хэдэн өдрийн турш орог саарал байсан тэнгэр онгойж нарны гэрэл тусжээ. Фостер хамаг эр зориг, эрч хүчээ алдсан шиг санагдаж, энэхүү мэдрэмжийг өөрчлөх ямар ч зүйл байхгүй болсон мэт байлаа. Тэр Гэриг найдвартай, аюулгүй байлгана гэж амалсан боловч харин түүний амлалт зүгээр л нэг хуурамч зүйл байжээ. Алуурчин зорилгодоо хүрч нэг удмын цусан төрлийн бүх хүмүүсийг хулгайлан устгажээ.
Фостер толгой сэгсрээд нүдээ нухаллаа. Ертөнцийн эзэн үүнийг хүссэн гэж үү? Гэхдээ арай бүгдийг алдчихаагүй байна. Тэр одоохондоо алуурчин яагаад Гэриг алж гадагшаа чирч гарган тахилга өргөж, цусыг нь юүлээгүйн учрыг ойлгохгүй байлаа. Гэри зугтаж чадсан байгаасай гэж бодохыг Фостер маш их хүсэж байв. Хэрэг болохоос өмнөх дүр зургийг тэр дотроо дүрсэлж харахыг хичээлээ. Гэри даваа гаригийн орой энэ хамгаалалт гаргасан байранд өөрийг нь дөчин найман цагийн турш нүд салгалгүй ажиглаж байх үүрэг бүхий хоёр цагдаагийн ажилтантай хамт ирсэн. Цагдаагийн ажилтан нарыг Адриан Сулливан, Силвиа Твийди гэдэг байжээ. Фостер энэ хэргийг өөрөө гардаж авч ажиллах ёстой гэж үзсэн тул тэдний нэрийг тодруулсны дараа хохирогчдын гэр бүлийнхэнд нь мэдэгджээ. Сулливан шөнийн цагаар сэрүүн байж, Твийди өдрийн турш жижүүрлэх ёстой байсан. Хэдэн хоногийн дараа өөр цагдаагийн ажилтан нар ирж халаа авах хүртэл унтаж идэх үедээ ч тэд Гэригээс хараагаа салгах ёсгүй гэсэн даалгавар авчээ.
Эмгэг судлалын эмчийн тодорхойлсноор Сулливан, Твийди хоёр өчигдөр орой арван цагаас хойш адилхан цагт буудуулж нас барсан байлаа. Сулливан хаалга руу очих онгойлгох үедээ толгой руугаа буудуулсан. Твийди ор луугаа очоогүй байсан бөгөөд хамтрагчаа алуулахыг хараад дохиоллын товчлуурыг дарахаар гүйх үедээ хоёр удаа буудуулсан ажээ. Эхний сум нуруунд, хоёр дахь сум толгойд нь тусжээ.
Алуурчин цагдаа нарыг буудаж байх үед Гэри ямар нэг аюултай зүйл болж байгааг мэдээд эндээс зугтаж амжсан байх гэсэн бага зэргийн итгэл найдвар Фостерт төржээ. Гэхдээ тэр яаж гадагшаа гарч чадсан юм бол? Гэригийн байсан өрөөний цонх онгорхой байсан. Алуурчин хүүг цонхоор чирч гаргасан биш харин хүү өөрөө цонхоор шургаж гарсан гэдэгт Фостер итгэхийг хүсжээ.
Тэр бүх боломжтой гэсэн хувилбаруудыг дахин бодож үзэв. Энд Гэри зугтаж чадсан, эсвэл алуурчин түүнийг барьсан гэсэн хоёр л хувилбар байлаа. Фостер эхний хувилбар л болсон байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэв. Хүүг аварч болохоор байсан байтал харин тэдний мөрдөж олох байсан алуурчин түүнийг алсан гэсэн бодол түүнийг галзууруулах шахжээ. Фостер буйдан дээр сууж байхдаа зөвхөн уйтгар гуниг л авчирдаг энэ ажлаа орхих хэрэгтэй болсон бололтой гэж бодож байв. Бор хүрэн нүдтэй энэхүү бяцхан хүүд тохиолдсон явдлаас болж тэр өөрийгөө уучилж чадахгүй байсан бөгөөд ирээдүйдээ итгэх итгэл найдвар нь хийсэн оджээ.
Фостер хэдэн удаа гүн амьсгал авлаа. Байранд хүчээр нэвтэрч орсон гэх ул мөр олдсонгүй. Алуурчин урд хаалгаар оржээ. Хаалганд дуран, бас нэг гинж бэхэлсэн байсан. Хамгаалалт гаргасан ийм газар цагдаагийн ажилтан нар хаалгыг зүгээр л шууд онгойлгоно гэж байхгүй. Фостер чухам яг юу болсныг төсөөлж байлаа. Алуурчин машины дохиоллыг ажиллуулсан. Өчигдөр орой гадаа хүчтэй шуурч байсан болохоор Сулливан дохиоллыг салхи ажиллуулсан гэж бодсон. Тэр гарч дохиоллыг салгахаар хаалга онгойлгох үедээ буудуулжээ.
Алуурчин яаж Гэриг дагаж энд ирж чадсан юм бол?
Фостер урьд шөнөжингөө энэ талаар бодол болжээ. Гэри цагдаагийн газрын доод хонгилд байдаг гараажнаас машинаар энэ байранд шууд ирсэн. Тэр цагдаагийн газраас гадагшаа хамраа ч цухуйлгаагүй. Тодорхой байгаа нэг зүйл гэвэл алуурчин Гэриг байнга мөрдөж дагаж байжээ. Харин яаж гэдгийг бурхан л мэдэх байх даа.
Фостер толгойд нь эргэлдэх бодлоосоо түр зуур ч гэсэн салах хэрэгтэй байлаа. Ютад одоо нэг их оройтоогүй байгаа болохоор Хадертай утсаар ярьж юу болж байгааг асууж болох юм гэж тэр боджээ. Утас авсан Хадерын дуу нэг л бухимдсан бололтой хахирган сонсогдоно. Фостер хэтэрхий орой утасдсандаа уучлалт хүсэхэд хамтрагчийнх нь дуу арай зөөлөрлөө.
- Чамаар шинэ сонин юм байгаа эсэхийг мэдэх гэж утасдаж байна гэж тэр Хадерт хэлэв. Хадер түүнд Либерти дэх Үнэн бодит Эрх чөлөөний сүмийн тухай болон тэнд байсан бүртгэлд нас барагчдын нэрс, очих газрыг сольж адис хүртээх ёслол үйлдсэнийг тэмдэглэсэн байсан тухай ярилаа. Фостерын толгой дүйнгэтсэн байсан тул Хадерын яриаг ухаж ойлгоход бага зэрэг хугацаа шаардагдав. Хариу хүлээж байсан Хадер хэсэг дуугай байснаа
- Чи зүгээр үү? гэж асуулаа.
- Үгүй, зүгээр биш. Гэри Стами хамгаалалттай байрнаас алга болчихсон.
- Бурхан минь.
- Харин тийм ээ. Цагдаагийн хоёр ажилтан алагдсан. Гэри зугтсан байж магадгүй. Гэхдээ энэ тодорхой биш. Алуурчин түүнийг барьсан ч байж магадгүй. Бид байрны арын цэцэрлэгээс цогцос олоогүй болохоор би бага ч гэсэн горьдож л байна. Фостер санаа алдлаа. Тэр дуугүй байгаад байж чадсангүй.
- Тэгэхээр Либертид Дрэйк, Стами болон түүний хүү үхсэн гэдгийг тэнд амьдардаг хүмүүс мэдэж байгаа байх нь ээ. Хэрвээ тийм бол энэ бүхний ард хэн байгааг тэд мэдэж байна гэсэн үг. Энэ талаар би Харристай ярилцана. Харин
тийшээ зэвсэглэсэн бүрэлдхүүн илгээх тал дээр америкчууд юу гэх бол? Хэрвээ тэндхийн оршин суугчид амаа нийлүүлээд бүгдийг үгүйсгэчихвэл бид цааш нь юу ч хийж чадахгүй.
- Энд бас өөр нэг юм байна. Адис хүртээсэн хүмүүсийн нэрэн дотор алагдсан хүмүүсээс гадна бас Леони Вокер гэдэг нэр байсан.
- Чи арай ...
- Энэ санамсаргүй тохиолдол байж болох л юм.
- Тийм шүү. Чи одоо хаана байна?
- Либертигээс арваад километрын зайтай нэг жижиг буурчийн газарт байна. Бид одоо цааш юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Тэд биднийг дагаагүй гэж би бодож байна. Цагдаагийн нэмэлт хүчгүйгээр би тийшээ дахиж эргэж очихгүй. Энэ бол жинхэнэ Америкт л харж болох хязгаарлагдмал алслагдсан газар. Тэд зэвсэглэсэн байгаа гэдгийг бид бас тооцож үзэх хэрэгтэй.
- Тэнэг алхам хийж болохгүй шүү гэж Фостер хурдан анхааруулаад
- Харрис чамайг тийшээ явуулах дургүй байсан. Чи хэдийгээр юм олж мэдсэн ч тэр чиний юу хийснийг мэдвэл ёстой галзуурна. Ямар ч байсан чи тэндээс ул мөр олжээ. Дараагийн алхмын талаар бид эхлээд сайн эрэгцүүлж бодох хэрэгтэй байна. Одоохондоо хотдог, алкохолгүй пиво ч юм уу, тиймэрхүү юм аваад буудалдаа байж бай. Хадер инээд алдсaнаа
- Бид зурагттай өрөө авсан. Энэ өргөн уудам талд туршаад үзчихмээр өөр зүйл ч алга гэв.
- Дажгүй сонсогдож байна. Цагийг сайхан өнгөрөөгөөрэй. Хадер дахиад инээд алдлаа. Хэн хэн нь хэсэг юу ч хэлсэнгүй.
- Хүүд аюултай юм тохиолдоогүй байх аа. Түүнийг оргож зугтахдаа сайн гэдгийг бид мэднэ шүү дээ.
- Чамайг алдаагүй гэдэгт би найдаж байна гэж Фостер хэлэхдээ тэр хүүг зугтсан гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэхийг
хүсэж байлаа.
Байшингийн ар талд байсан мал бэлчээрлэдэг том талбай дээр ноход хуцалдав. Эрэлч ноход Гэриг хаа нэгтээ нүхэнд эсвэл модон дээрээс олсон бололтой. Тэд Гэригийн цогцсыг олсон юм болов уу гэж бодсон Фостерын ходоод нь агшин дотор нь муухайрлаа. Ноход үнэхээр юм олсон эсэхийг мэдэх санаатай Фостер ярихаа зогсож хэсэг чагнаснаа
- Би утсаа таслах хэрэгтэй байна гэж Хадерт хэлэв. Фостер хамаг хүчээ шавхан буйдангаас өндийж босоод гүн амьсгал авснаа хүйтэн цэцэрлэг рүү уур савсуулан гарлаа. Арын хаалгаар гарсан тэрбээр довцог дээр орь ганцаараа торойн харагдах хамаг навчаа гөвж нүцгэрсэн самрын мод руу алхав. Модны ойролцоо дүрэмт хувцастай цагдаа нар, мөн догширч хуцалдах эрэлч ноход харагдана. Урагшаа тонгойн юм харж байгаа нэг цагдааг Фостер харсан ч довцгийн оройн сүүдэр туссан газар дээр юу байгааг ялгаж харж чадсангүй. Бүх юм өнгөрсөн гэж бодох үед Фостерт аймшигтай санагдаж бараг ухаан алдаж унах шахлаа. Хоёр дахь цагдаагийн ажилтан явган суусан харагдана.
Хашааны дэргэд зогсож байсан нэг эмэгтэй цагдаа
- Энийг хар даа гээд хуруугаараа газар заалаа. Фостер эмэгтэйн заасан газар луу харвал зүлгэн дээр хэдэн дусал цус харагдав. Фостер цагдаад хариу хэлсэнгүй цаашаа довцог дээр байсан цагдаа нар луу явахдаа салганан чичрэх гараа хүнд харуулахгүйн тулд халаасандаа лав гэгч нь шургууллаа.
Довцгийн орой дээр гарсан хойноо Фостер нүдээ анин амьсгаагаа дарахаар хэсэг зогссоноо нүдээ алгуурхан нээв.
Юу ч харагдсангүй, зөвхөн шалбааг тогтсон шороон зам. Явган суусан хэвээрээ байсан хоёр цагдаагийн нэг нь Фостерын ойртож ирэхийг анзаарчээ.
- Ноход энд ирээд мөрөө алдчихлаа. Гэхдээ энд дугуйны шинэхэн мөр гарсан байна. Машины дугуйных гэж бид бодож байна.
Фостер шалбааг тогтсон тахиралдсан замыг ажиглавал
зам зүүн тийшээ цардмал зам руу чиглэжээ.
- Тэнд бас хэдэн цусны толбо байна. Шинжээчийн багт мэдэгд. Энэ бэлчээрийн талбайг хааж яаралтай самнаж үзэх хэрэгтэй.
- Энэ мөр алуурчны машиных гэж та бодож байна уу? гэж цагдаа нарын нэг асуулаа.
- Тийм ээ. Алуурчин хүүг барьчихжээ. Тэр хүүг алаагүй бол ямар нэг юманд хэрэгтэй гэсэн үг. Юунд гэдгийг надаас битгий асууж үзээрэй. Харин тэр хүүг ашиглачихаад дараа нь ална гэдэгт би зуун хувь итгэлтэй байна.
Алуурчин цусан тахилгаа гүйцээж хийх болно. Фостер нүцгэн мод, цайвар хөх тэнгэр, бэлчээрийн талбай дээгүүр хараагаа бэлчээснээ
- Бид түүнийг заавал олох хэрэгтэй, гэхдээ өнөөдөр гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.01.19 4:29 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
27


Буурчийн газар орхигдож хаягдсан машины зогсоолын дэргэд нэг давхар П хэлбэртэй барилгад байрладаг ажээ. Хямдхан тамхины үнэр шингэсэн энэ буудалд ирдэг үйлчлүүлэгчдийн ихэнх нь түр зуурын ор хөнжлийн зугаа хайсан хүмүүс байдаг бололтой. Одоо яая гэхэв. Шалан дээр дэвссэн халцарч халтайсан хивс, олон дахин угааснаас сэмэрч муудсан ор хөнжлийн даавууг харсан Наижл энэ талаар бодохгүйг хичээлээ. Либертид амьдардаг хүмүүсээс хичнээн нь тэндээс явж бусдын сониучирхсан, шоолсон харцнаас дальдчин ичиж зовсон тэрбээр эргээд хуучин ариун гэж нэрлэгддэг тэр газар луугаа буцаж очсон бол? гэж Наижл өөрөөсөө асуулаа. Тэдний заналхийлсэн харц түүнд одоо ч мэдрэгдээд байх шиг.
Хадер машинаа хүний нүдэнд тусахааргүй газар олж
тавьжээ. ҮЭС- ийн тухай сайн мэдэхээр Хадер буурчийн газрын эзэнтэй яриа өрнүүлсэн боловч илүү мэдээлэл олж авч чадсангүй. Эзэн тэр хүмүүсийн талаар сайн мэдэхгүй ч тэднийг нийгмийн хог шаар мэт үздгээ нуугаагүй бөгөөд, тэд өөрсдийгөө нуун далдалж, дараагийнхаа алхмыг хийхээр хүлээж байдаг гэжээ. Наижлынхыг бодвол арай дээр харагдах Хадерын байрласан өрөөг тэд ажлаа явуулах гол байраа болгожээ.
Фостертой утсаар ярихаар хэдэн удаа бүтэлгүй оролдлого хийсэн Хадер тайван биш болж өрөөнд нааш цааш холхино. Тэр юу хийхээ мэдэхгүй байлаа. Хэдийгээр дэргэд нь байгаа ч алс хол байгаа мэт мэдрэмж төрүүлэх Хадерыг харж суусан Наижл ч мөн адил бухимдаж байв. Наижл буурчийн газрын эзнээс телефон утасны лавлах авч Либертид байдаг хэн нэгэн рүү утасдаж үзье гэсэнд Хадер татгалзжээ. Тэр цаг нөхцөөхөөр зурагтын суваг сольж суулаа. Хэрвээ Наижл гэртээ байсан бол зурагтаар гарах энэ орон нутгийн болон цаг агаарын мэдээ, тасралтгүй дамжуулах шашны нэвтрүүлэг, компаний сурталчилгаануудыг харж суухгүйсэн. Хадер гар утсаа өрөөний буланд байсан ширээн дээр цэнэглэхээр тавьчихаад орон дээр нэг нүдээрээ зурагт руу харан хэвтэж байснаа гэнэт усанд орлоо гэж хэлэхэд Наижл түүнийг тайван үлдээхээр өрөөнөөс гарлаа. Хадер aраас нь ганцаархнаа галзуу солиотой юм хийж болохгүй шүү гэж сануулжээ. Гадаа тамхи татаж байсан Наижл зам дээр ойртон ирэх машины гэрлийг хараад зүрх нь түгшиж, арын гэрлээ гялалзуулсаар өнгөрөн явахад нь уртаар санаа алдав. Нар жаргаж харуй бүрий болсон тэнгэрт бүртийх ч үүлгүй, сар хэдийн гарч, бас хэд хэдэн од гялалзаж харагдана. Хадер нойтон үсээ сул унжуулж биеэ алчуураар ороон душнээс гарч ирэх үед гадаа хэдийн харанхуй болсон байлаа.
Орон дээр хэвтэж байсан Наижл түүн рүү харахгүйг хичээлээ. Хадер сандал дээр сууж нүүрэндээ тогшилт хийх зуур
- Хаа холдож халуун устай юм байна гэв. Наижл зурагтаар гарах сагсан бөмбөгийн тэмцээнээс харцаа салгалгүй толгой дохилоо. Байдлаас харахад энэ орой тийм ч хөгжилтэй өнгөрөхгүй бололтой. Хадер тэмцээнд анхаарлаа хандуулан Наижлын хэвтэж байсан орны хөлд очиж суув. Тоглолтын сүүлчийн хэдхэн мөчид багууд тэнцчихжээ. Хадерын утсанд дуудлага ирэхэд харвал энэ Донна байлаа. Хадер Доннад өөрсөддөө тохиолдсон явдлаа хурдан яриад утсаа таслах хэрэгтэй байгаагаа тайлбарлав.
- Чамайг гомдоомооргүй байна. Би Англиас ирэх утасны дуудлага хүлээж байгаа юм. Хадер утсаа таслаад Наижлыг харан
- Тэр чамд сайн юм шиг байна гэж шоглосxийн хэллээ. Өөрт нь эвгүй санагдсан ч Наижл
- Чи тэгж бодож байна уу? гэж хэлээд аль болох гэмгүй царай гарган толгой дохихыг оролдов.
- Тэгэлгүй яахав. Донна их хөөрхөн бүсгүй.
- Тийм шүү. Тэр бас Хожмын үеийн Гэгээнтнүүд шиг харагддаггүй. Донна нөхрөөсөө салсан гэдгийг чи мэдсэн үү?
- Мэдсэн. Хадер хоолойныхоо өнгийг өөрчлөн инээмсэглэснээ
- Би та хоёрыг машинд ярилцаж байхад чинь сонссон гэлээ. Наижлын зүрх бараг зогсчих шиг болон
- Үнэн үү? гэж хэлэх үед ходоод нь гэнэт базлав. Хадер толгой дохилоо.
- Үнэн. Наижл цэхлэн суугаад
- Чи бүгдийг нь сонссон уу? гэж асуув.
- Ихэнхийг нь.
- Өө. Наижл юу хэлэхээ мэдэхээ байжээ.
Хадер Наижлд ойртон орон дээр лавхан суухад үснээс нь угаагч шингэн үнэртэв. Тэр инээмсэглэхээ больжээ.
- Доннагийн зөв гэж Хадер хэлээд Наижлын нүдийг эгцлэн харснаа
- Заримдаа шууд бууж өгөхгүй байх нь зөв юм байна гэлээ. Тэгээд Наижлд бүр ойртож суугаад
- Хонгор минь хэмээн хэлэв. Хадер инээмсэглэж байлаа.
Наижл толгойгоо Хадер луу хурдан эргүүлж дээрээс нь тонгойх мөчид өнгөрсөн бүх зүйл мартагдлаа. Тэр сэтгэл дотроо бүгд өнгөрсөн гэж хүлээн зөвшөөрөөгүй байжээ. Наижл бүсгүйг өөр лүүгээ татаж, тэдний уруул ам нийлэх үед түүний бүх биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг болов. Тэр Хадерын уруулыг шимэн шимэн үнслээ. Хадерын гар хуруу Наижлын цамцны товчийг тэмтчинэ. Хамаг бие сэтгэлийг нь баглаж байсан хүлээс алдарсан Наижл өөрийн эрхгүй гиншив. Наижл Хадерын харцанд баяр баясгалан гэрэлтэхийг олж харах мөчид тэр нүдээ анилаа. Тэр банны алчуурны зангилааг тайлахаар гараа сунгав.
Хадерын утас дуугарлаа. Тэр нүдээ хурдан нээснээ
- Үгүй ээ, үгүй гэлээ. Тэр биеэ татаж аваад үсээ хойш нь илж, доод уруулаа хазсанаа
- Би дуудлаганд хариу өгөх ёстой гэж шивнэлээ. Орноос өндийн боссон Наижл утасны цаана байгаа этгээдийн нүүрийг дэлсээд авмаар санагдав. Энэ буурчийн газрын эзэн байх гэж тэр боджээ.
- Сайн уу, Грант. Хадер их л бухимдсан маягтай дуугарав. Энэ Фостер байна гэж мэдсэн Наижл байдал өөрчлөгдөхийг анзаарлаа. Дөнгөж сая түүнд маш сайхан байсан сан.
Наижл угаалгын өрөөнд орж нүүрээ хүйтэн усанд булхав. Түүнийг өрөөнд буцан орж ирвэл Хадер яриагаа дуусгасан байлаа. Хадерын санаа их зовсон байдалтай харагдана.
- Юу болсон бэ?
- Гэри Стами алга болчихжээ. Тэр хамгаалалттай байранд байсан юм. Түүнийг хамгаалж байсан цагдаагийн ажилтан нар алагдсан гэнэ.
- Есүс минь гэж Наижл амандаа бувтналаа. Тэд хоёулаа хэдэн хором чимээгүй сууцгаав. Наижл юу хэлэхээ мэдсэнгүй.
Гэнэт нэг хүн хаалга тогшиход тэр хоёр цочлоо. Наижл Хадер луу харвал нөгөөх нь толгой дохиж харагдав. Наижлыг хаалга руу очих үед дахиад тогшлоо. Энэ удаа арай зөөлхөн.
- Хаалгаа онгойлгохоос өмнө шагайвчаараа хар гэж Хадер түүнд шивнэв. Наижл шагайвчаар харлаа.
Нэг охин. Ажлын хувцсаа сольж өмссөн охиныг тэр эхлээд
таньсангүй. Гэнэт санаанд нь орж ирлээ. Энэ нөгөө цайны газарт харсан зөөгч охин байв. Наижл гинжийг хурдан мулталж хаалгаа онгойлгоод
- Сайн уу? гэлээ.
Харцаа доош буулгасан охин их айсан байртай харагдана. Тэр эхлээд нэг ч үг хэлсэнгүй. Хадер босож Наижлын дэргэд очин гадагшаа машины зогсоол руу харснаа
- Орооч гэж охинд хандаж хэлэв.
Охин доошоо ширтсэн хэвээрээ өрөөнд орж ирлээ. Тэр энд яаж ирсэн юм бол? гэж Наижл бодлоо. Машины зогсоол дээр өөр машин харагдсангүй. Түүнд нэг л болгоомжлох сэтгэл төрсөн ч Хадерт итгэж байлаа. Тэр хаалгаа хааж гинжийг хоногт нь буцааж хийгээд цоожийг эргүүлэв. Охины хамаг бие салгална.
- Би хувцаслаадахъя гэж Хадер хэлээд угаалгын өрөө рүү явлаа. Юу хэлэхээ ч мэдэхгүй байсан Наижл охиныг хөтлөн ширээний дэргэд аваачиж суулгав. Хувцсаа өмссөн Хадер өрөөнд буцаж орж ирлээ.
- Чи цайны газар ажилладаг байх аа? гэж тэр асуусанд охин толгой дохив.
- Чи энд яаж ирсэн юм бэ?
- Би алхаж ирсэн. Түүний акцент сонин сонсогдсон ч нэг л танил юм байх шиг. Арваад километр алхаж ирсэн тэр ингэж чичрэхээс ч яахав дээ.
- Нөмрүүлэх юм аваад өг гэж Хадер Наижлд хандаж хэлэв. Наижл хүрмээрээ охины мөрийг хучаад хэдэн нүүр гарын алчуур өвөр дээр нь тавилаа. Тэгээд хуванцар савтай ус өгвөл охин уснаас нэг том балгав.
- Баярлалаа.
- Зүгээр дээ гэж Наижл хариуллаа.
- Чамайг хэн гэдэг юм бэ? Охин харцаа өргөж Хадер,
Наижл хоёрыг ээлжлэн харав.
- Леони, Леони Стами. Тэр Эссекс, Өрнө зүгийн Америкийн аялга холилдсон акцентаар ярьдаг ажээ. Айснаасаа болж байдгаараа чичирч байсан охин үнэнээ хэлжээ. Хадер охин руу нүүрээ харуулан орны өнцөг дээр сандайлан суулаа. Наижл хана түшин зогсов.
- Биднийг энд байгаа гэж чи яаж мэдсэн юм бэ? гэж Хадер асуулаа. Леони шууд хариулсангүй, харцаа буулган гараа харж хэсэг суув. Охин насандаа баймгүй их зовлон туулсан бололтой харагдана.
- Ээжийг амьд байхад би хангалттай олон цагдаа харсан. Та нарыг анх хоолны газар орж ирэхэд, дараа нь сүмд очиж ажиглалт хийснийг чинь сонсоод намайг хайж ирсэн гэдгийг чинь мэдсэн.
- Тэгээд л чи энд ирсэн юм уу?
- Би өөрийнхөө хүмүүсийг хэцүү байдалд оруулахыг хүсээгүй юм.
- Өөрийн хүмүүс ээ?
- Либертид амьдардаг миний гэр бүлийнхэн. Хадер амьсгалаа гүн авлаа.
- Гэр бүл гээд байгаа тэр хүмүүс чинь тэгээд хэн юм бэ? Охин толгой сэгсрэв.
- Би энэ талаар яримааргүй байна. Надаас мэдэх гэсэн юмаа л асуу, дараа нь та нар эндээс явах хэрэгтэй. Би та нарыг тийшээ дахиж очин тэдний хэрэгт битгий дурлаасай гэж бодсондоо наашаа ирсэн.
- Зүйтэй, тийм байдаг байжээ. Тэд хэсэг чимээ аниргүй сууцгаалаа.
- Либертид яаж ирснийг чинь би асууж болох уу? Чамайг алга болсны дараа яг юу болсон юм бэ?
- Би алга болоогүй гэж охин хайхрамжгүй хэлээд
- Би өөрөө хүссэн учраас тэндээс зугтсан. Ээж мансууруулах бодисонд хэт донтсоноос үхсэн. Шинээр амьдралаа эхлэхэд минь тэр эрэгтэй надад тусалсан.
- Тэр эрэгтэй гэж хэн бэ?
- Би түүний нэрийг хэлэхгүй ээ.
- Ойлголоо гэж хэлээд Хадер толгой дохилоо.
- Танай гэрт ирж чамтай Бурхны тухай ярилцдаг байсан хослол өмссөн нөгөө эр мөн үү? Охин хөмсгөө зангидав.
- Энэ талаар та яаж мэдсэн юм бэ?
- Гэри энэ тухай бидэнд ярьсан юм аа. Хүүгийн нэрийг сонсоод охин хамаг биеэ чангалах нь илт анзаарагдав.
- Тэр сайн байгаа юу? Хадер хурдан хариулсангүй хэсэг дуугүй суулаа.
- Леони, чи бидэнд бүгдийг ярих хэрэгтэй байна. Гэхдээ үнэнийг.
- Тэд дүүд маань муу юм хийсэн юм биш биз? Би тэдэнд дүүгээр минь оролдож болохгүй гэж сануулсан юм сан.
- Тэд гэж хэн бэ? Охин дуугаа хураачихав.
- Тэр эрэгтэй хэн байсныг чи бидэнд хэлэх хэрэгтэй, Леони. Тэр одоо Либертид байгаа юу? Охин толгойгоо сэгсэрлээ.
- Тэр зөвхөн намайг энд хүргэж ирсэн. Дараа нь тэр яваад өгсөн.
- Тэр англи хүн үү?
- Тийм ээ. Тэр надтай садан төрлийн холбоотой. Гэхдээ миний ах, нагац авга ах биш, холын хамаатан. Тэр нялх байхдаа хүнд өргүүлсэн гэсэн.
Тэр Антони Чапман байжээ гэж Наижл бодлоо. Леони яриагаа үргэлжлүүлэв.
- Тэр насанд хүрсэн хойноо садан төрлөө хайж байхдаа Сара Хортон нарын үйлдсэн гэм нүглийг олж мэдсэн гэсэн. Хэдэн жилийн өмнө тэр Үнэн бодит Эрх чөлөөний Сүмтэй холбоо барьж, энд ирж хамтдаа амьдрахыг хүссэн. Харин тэд нар түүнд тэдний даалгаврыг биелүүлэх үүрэг өгчээ. Тэгээд тэр эхлээд надтай уулзаж сүм болон энд байдаг миний гэр бүлийнхний тухай, тэдэнтэй урьд өмнө юу тохиолдсон талаар надад ярьж өгсөн. Тэр намайг ятгаж чадсан. Түүний хэлсэн бүхэн миний амьдарч байсан орчноос хамаагүй дээр санагдсан учраас түүнийг хамт явах уу гэж асуухад нь би шууд зөвшөөрсөн.
- Тэгэхээр чи өөрөө хүссэн учраас хамт явсан байх нь ээ?
- Нээрэн шүү. Гэрт нь хэдэн долоо хоног хамт байх үед тэр надад их сайн хандаж байсан. Тэр надад шинэ нэр ус, шинэ паспорт олж, дараа нь бид наашаа ирцгээсэн. Эхний үед надад их хэцүү байсан, гэхдээ одоо би дасчихсан. Дараа нь тэр дахиад ямар нэг юм хийхээр яваад өгсөн. Би энд үлдэж хүнтэй гэрлэсэн.
- Гэрлэсэн гэнэ ээ?
- Хэрвээ чи арван дөрөв хүрсэн бол сүм гэрлэхийг чинь зөвшөөрдөг юм. Тийм учраас надтай муу юм тохиолдоогүй. Би тэдний үр үндсийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин бусад нь үхэх ёстой. Гэригээс бусад нь.
- Яагаад Гэри биш гэж?
- Би тэднээс гуйсан учраас.
Хадер энэ бүгдийг тайван суугаад ярьж байгаа охин руу маш их цочирдсон бололтой харж байгааг Наижл ажиглав. Хагас хүүхэд, хагас насанд хүрсэн, хагас Эссекс, хагас Америк болсон, дөнгөж арван хэдтэйдээ гэрлэхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог, шашны нэг бүлэглэлийн ятгалгаар төрсөн нутаг Англи орноо орхиж гарсан, өсвөр насны энэ охин энэ замыг хамгийн зөв сонголт байсан гэж ярилаа. Хадер охинд Гэригийн алга болсон тухай хэлэхэд хэцүү байгааг Наижл ойлгожээ.
- Бас нэг охин сураггүй алга болсон. Өчигдөр чиний нэрний өмнөөс ёслол үйлдсэн тэр хүмүүс бүгд алагдсан.
- Өө, би тэр талаар мэднэ. Тэд бүгд үхэх ёстой байсан юм.
- Чи сая юу гээд хэлчихэв ээ? Леонигийн нүдэнд уур хилэн илэрлээ.
- Сара, Хортон нар сүм болон сүмийн номлогчоос урваж, уучилж боломгүй нүгэл үйлдсэн. Тэдний буруугаас болж бүхэл бүтэн гэр бүл салж сарнин, арван найман хүн үхэж үрэгдсэн. Би, бид бүгдээрээ, тэдний хийсэн нүглийн үйлийн үр байсан болохоор шийтгэлээ амсах ёстой. Сүм тэдний үр хойчийг эрж олсон. Одоо тэд нар цусан тахилгыг гүйцээн хийж байгаа.
- Сонсооч, Леони. Гэри сураггүй алга болсон гэж Хадер үгээ зөөн аяархан боловч тод нухацтай хэллээ. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй харагдаж байсан охины царай хувирч үл итгэсэн шинжтэй болов.
- Би тэднийг Гэрид гар хүрч болохгүй гэж хэлсэн. Хэзээ нэг өдөр Гэри бидний хажууд ирнэ гэж охин хэлснээ гэнэт уурлаж толгойгоо сэгсчив.
-Та нар намайг хуурч байна. Намайг өөрсөдтэйгээ хамт авч явах гэж нэг муу хөгийн үлгэр зохионо гэнэ ээ. Охины царай аймшигтай харагдана.
- Чи муу өөдгүй янхан гэж тэр Хадер луу хашгирлаа. Эссексийн бяцxан охин Ютагийн мухар сүсэгтэй авгай болон өөрчлөгджээ.
- Леони, бид чамайг энд хайж ирээгүй. Чамайг энд байгаа гэдгийг чинь ч мэдээгүй гэж Хадер дууныхаа өнгийг ширүүсгэн хэллээ. Охин бүр төөрөлдчихсөн бололтой, харцаа Хадер, Наижл хоёр дээр ээлжлэн тусгав.
- Гэхдээ яагаад ...?
- Хүмүүс алагдаж, нэг охин алга болсон учраас бид энд ирсэн. Чиний итгэх итгэхгүй чинь бидэнд огт хамаагүй, харин дүү чинь алга болсон. Чамайг энэ шашин гэж нэрлэсэн хөгийн юмандаа итгэдэг эсэх чинь надад огт хүртээлгүй. Харин чи одоо Гэритэй нас чацуу үеэл чинь гэртээ буудуулан нас барж, дараа нь гэрийнхээ арын цэцэрлэгт эцгийнхээ цогцосны хамт хаягдсан байхад дүү чинь яагаад үхэх ёсгүй гэдгийг надад тайлбарлаад өг. Тэдэнд чи Гэрийг алж болохгүй гэж хэлсэн болохоор дүүг чинь тэд нар алахгүй гэж чи бодсон юм биз дээ? Арван хэдтэй нэг жаахан охин эсэргүүцсэн учраас аль эрт 1890 онд өш хонзонгоо авахаар өргөсөн тангаргаасаа няцаж, гэр бүл хоорондоо үүрд мөнхийн холбоогоор холбогдох боломжоо алдахыг тэд зөвшөөрнө гэж үү? Тэд чамайг дөнгөчихсөн байна, Леони. Одоо чи энэ үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Леониг харахад дотроо өөртэйгөө зөрчилдөж байгаа нь илт байлаа. Нүдэнд нь нулимс цийлэгнэж харагдана.
- Леони, одоо дахиж хүн үхэх ёсгүй. Энэ бүгдийг зогсоох хэрэгтэй. Чи Гэриг хувь заяанд нь даатгаад хаяж явсан. Харин одоо бидэнд тусалж түүнийг олох боломж чамд гарч байна. Чамайг энд дагуулж ирсэн тэр нөхрийг хэн гэдэг юм бэ? Леони хамраа шуухитнуулан уйлж эхэллээ.
- Доминик. Би түүнийг Гэрид зөвхөн сайн хандана л гэж бодсон. Тэр Гэриг асарч хүмүүжүүлэх сайн хүмүүс олж өгнө гэсэн. Дүүг маань төрсөн эцэг эх шиг нь хайрлах тийм хүмүүс. Бас тэр шинээр амьдрахад нь туслахын тулд Гэрид мөнгө өгнө гэсэн. Би дүүгээ очиж авна гэж төлөвлөж байсан, нээрэн шүү. Леони нулимсаа арчлаа.
- Тэр Доминик гэгч яг хэн юм бэ? гэж Хадер асуув.
- Мэдэхгүй. Зүгээр л Доминик.
- Түүний овгийг мэдэх үү?
- Тэр надад овгоо хэзээ ч хэлж байгаагүй.
Хадер охиноос Доминик гэгч эрийг дүрслэн хэлэхийг хүслээ. Түүнийг дөч орчим настай, бараан өнгийн үс, цэнхэр нүдтэй, царайлаг, боловсон яриатай гэж Леони хэлжээ. Овгийн нэрийг нь мэдэхгүй учраас эрж олох боломж тун бага ч Наижл охины яриаг үг бүрчлэн тэмдэглэж байлаа.
- Тэр хаана амьдарч байсан бэ?
- Тэр Плаастовт орон сууцтай байсан ч тэнд түр зуур сууж байгаа гэсэн. Тэр тэнд байх дургүй болохоор удахгүй төрсөн эцэг эх нь амьдарч байсан Бетнал Грийн рүү очиж амьдарна гэж байсан. Тэнд тэр өөрөө маш богинохон хугацааг өнгөрүүлсэн гэнэ лээ. Харин Бэкингемширийн хавьцаа өсөж өндийсөн гэж тэр нэг удаа ярьсан.
- Бэкингемширт гэж чи хэлэх гэсэн юм уу? гэж Хадер охины хэллэгийг засан асуулаа.
- Тийм ээ. Леони Плаастовт байдаг нэг гудамжны нэрийг дурьджээ. Үрчлүүлсэн гэдгээс өөр зүйлийн талаар Доминикоос мэдсэн эсэхийг Хадер Леонигоос асуув.
- Тэр ямар хүмүүст үрчлүүлсэнийг чи асуусан уу?
Леони толгой сэгсэрлээ.
- Тэр нэг эгчээсээ бусад гэр бүлийнхнийгээ үзэн яддаг гэсэн. Гэр бүл нь баян хөрөнгө чинээтэй. Эцэг нь шар айраг хийдэг аж ахуй эрхэлдэг. Тэр надад өөр юу ч яриагүй. Уучлаарай.
Леони одоо өсвөр насны арван долоотой охин шиг харагдана. Наижл түүний хэлсэн ярьсан бүгдийг тэмдэглэж аваад Доминикийн шинж төрхийг тусад нь бичлээ. Тэр Ийст Эндийн шар айраг үйлдвэрлэдэг баян айлд үрчлэгдсэн ажээ. Энд хоорондоо авцалдаж өгөхгүй нэг зүйл байлаа. Ютагийн алс буйд, хаягдсан энэ газарт Доминик гэгч тэр эр ажлаа эрхлэх боломжгүй баймаар Наижлд санагджээ. Гэнэт Леони
- Намайг гэрт минь хүргээд өгөөч гэлээ.
- Чи Англи руу гэж хэлэх гэсэн юм уу? гэж Хадер асуув.
- Үгүй ээ, Либерти рүү. Тэр бол миний гэр орон. Та нар намайг Либертигийн ойролцоо аваачаад буулгачих.
- Гэрид юу тохиолдсоныг чи мэдэхийг хүсэхгүй байгаа юм уу? Хэрвээ чи буцаад явах юм бол бид чамтай дахиад уулзаж чадахгүй. Леони мөрөө хавчсанаа
- Би энэ талаар Ертөнцийн эзнээс асууна. Тэр надад зөв хариултыг өгч чадна. Харин одоо би гэртээ харих хэрэгтэй гэв. Хадер сонссон зүйлдээ итгэж чадсангүй.
- Чи яагаад ингээд байгаа юм бэ? Леони, бидэнтэй хамт Англи руу буц. Либертид чамд хэрэгтэй юм юу ч байхгүй. Тэр хүмүүс бусдыг алахыг юман чинээнд тоодоггүй. Яагаад чи тэдэнтэй үлдэх гээд байгаа юм бэ?
- Тэнд миний бяцxан хүү байгаа. Би түүнийг орхиод явж чадахгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.01.19 4:30 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
28


Хадер луу утсаар ярихаас өмнө Фостер бүх баримтыг хооронд нь нэгтгэж дүгнэлт гаргахыг хичээж байлаа. Гэриг хайж, түүний байж магадгүй гэж бодсон газруудаар очиж шалгаж явах үед ҮЭС-ийн цахим хуудас дээр байсан лозун маягийн текст санаанд нь байн байн орж иржээ.

Миний эцэг Оорсон П. Вожерын мах цусны тасархай болох ах дүү та нарын минь өшөө авах хүсэл эрмэлзлэл зөн билэгтэн бид нарын үр хойч нарын цусанд улам оргилон буцлах болно. Та бүхэн энэ гэрээс тангаргийг өөрсдийнхөө үр хүүхэд, тэдний хүүхэд гээд дөрөв дэх үеийн үр ач нар хүртэл үе дамжуулан хүргэ.

Дөрөв дэх үеийн үр удам. Фостер Сара, Хортон нарын үр удмыг нэг бүрчлэн саналаа. Эх нь өвөө эмээ нарынхаа хийсэн нүглийн золиос болж шийтгэгдэхээс айж нялх балчирт нь үрчлүүлсэн, одоогоор сураггүй байгаа тэр залуу арай дөрөв дэх үеийн үр удам юм биш биз? Фостер Хадер луу утасдлаа. Хадер түүнд Леонигийн тухай ярив.
- Тэр охин одоо чиний дэргэд байна уу?
- Үгүй. Хадер охин яагаад дэргэд нь үлдээгүйн учрыг тайлбарлав. Фостер гар зангидан ширээгээ дэлслээ. Охиныг саатуулахаар тодорхой шалтгаан байгаагүй болохоор тэр Хадерт уурлаж чадсангүй. Гэвч тэр бүхэн Фостерт дэндүү гомдолтой санагдав. Хэрвээ Гэри амьд байгаа бол, тэгээд эгчийнхээ тухай асуувал юу гэж хариулахаа Фостер мэдэхгүй байлаа.
Хадер түүнд бас Доминик гэгчийг Наижл Антони Чапман гэж сэжиглэж байгаа талаар хэлэв. Тэгэхэд Фостер Хадерт цахим хуудсанд дээрээс уншсан сүмийн тунхаг бичгийн тухай ярьж өглөө.
- Одоо бид юу хийх вэ?
- Наад буудалдаа байж бай. Одоохондоо та нар дур мэдэн ямар нэг юм хийх хэрэггүй. Би Харристай ярилцъя. Намайг Наижлтай яриул. Хадер утсаа Наижлд өгвөл хоёр эр мэнд мэдэлцлээ.
- Сонсооч найз минь, чи тэнд байгаа болохоор боломж бага гэдгийг мэдэж байна. Гэхдээ би чиний өмнөөс судалгаа хийх гэсэн юм. Байгаа бүх мэдээллээрээ бид Доминик гэгч тэр эрийг эрж олох хэрэгтэй байна. Өөртөө байгаа мэдээллийг бидэнд өгөөд юу хийх хэрэгтэйг хэлж өг. Наижл эхлээд бага зэрэг самгардав.
- Бидэнд одоохондоо ганцxан нэр л байна. Гэрийн хаяг, мэргэжлийг нь мэдэхгүй. Төрсний гэрчилгээ байгаа боловч бид үүнийг ашиглаж чадахгүй. Учир нь түүнийг үрчлэгдсэний дараа ямар ч бичиг баримт олдоогүй.
Фостер энэ бүх хугацаанд анх удаагаа инээд алдлаа. Үнэндээ хөх инээд нь хүрсэн байх.
- Тэгээд бидэнд хэрэг болчихмоор мэдээлэл алга уу?
- Доминикийн эцэг нь шар айрагны үйлдвэртэй гэдгийг бид олж мэдсэн. Нөгөө хийдэд ийм үйлдвэртэй хүмүүс олон ирж байгаагүй гэж би бодож байна.
- Мэдээж өнгөрсөн тавь гаруй жил жижиг, бие даасан шар айраг үйлдвэрлэгчид нилээд их цөөрсөн. Надад Синт Маттью сүмийн гишүүдийн нэрсийн жагсаалт байгаа. Энэ жагсаалтыг миний нэг танил хийдийн хамба ламаас авч өгсөн. Сүмийн үйл ажиллагаанд олон жилийн турш идэвхтэй оролцож байсан хүмүүсээс тэдний талаар ярих хүн олдож л таарна. Бас тэднийг баян хүмүүс гэдгийг бид мэднэ. Хүмүүсийн дунд дарс үйлдвэрлэгчид танил болсон байдгийн нэг адил тэд ч мөн нэр хүндтэй байдаг биз. Сүмд байнга ирдэггүй байсан ч тэднийг санах хүмүүс байж л таарна. Бичиг баримтыг би хаанаас эхэлж эрж олох хэрэгтэй юм вэ?
- Чи үнэхээр удам судлалын ертөнцөд аялмаар байна уу?
- Надад сайн багш байгаа юм чинь би хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Фостер эхлээд Лондонд байдаг бараг бүх сүмийн бичиг баримт, бүртгэлүүд хадгалагдаж байдаг Лондон дахь Метрополитаны Архивын газраас ажлаа эхэллээ. Тэр Наижлын зөвлөснөөр Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээс Антони Чапманыг төрөхөөс арван есөн жилийн өмнөх үе хүртэл Синт Маттьюгийн сүмд бүртгэгдсэн гэрлэлтийг нэг бүрчлэн шалгав. Бүртгэлүүд дундаас Хэнриетта Лаулен Окли, Катрин Лаулен Окли нарын гэрлэлтийн бүртгэл түүний анхаарлыг татлаа. Эгч дүү хоёр хоорондоо гурван жилийн зайтай 1957 болон 1960 онд гэрлэцгээжээ. Тэдний эцгийг Хэнри Окли гэдэг бөгөөд, сүйт залуус нь олонд нэр хүндтэй
Самуэл Хидкоут Смайт, Эдвард Синт Жон Ашборн нар байжээ.
Фостер эдгээр нэрсийг уншингуутаа тэднийг хөрөнгө чинээ ихтэй хүмүүс гэдгийг нь саналаа. Эх сурвалжийг судалж үзвэл түүний зөв байлаа. Хэнри Окли хөдөө тосгонд хувийн шар айрагны үйлдвэртэй байжээ. Тэр Хардвик, Окли ба Парсонс болон олны танил Хопс компаний хувь эзэмшдэгээс гадна бас 1980 онд үндэсний шар айраг үйлдвэрлэгчдийн холбоогоор зуучлуулан Лондон дахь нэг жижиг шар айрагны үйлдвэрийг худалдаж авчээ. Хэнри Окли энэ бизнесийг удирдан явуулж байсан гэр бүлийн хамгийн сүүлчийн хүн байв. Тэтгэвэрт суух болсонтойгоо холбогдуулан тэр шар айрагны үйлдвэрээ үзэсгэлэн худалдаанд оруулж байсан билээ.
Фостер энэ баримтуудыг Наижлд дамжуулсанд Наижл түүнийг Үндэсний Архивын Газарт очиж Оклигийн хүүхдүүдийн талаархи мэдээллийг хайх хэрэгтэй гэж зөвлөв. Фостерт өөрт нь бүх зүйлийн учгийг тайлахад ихэд ойртсон мэт сэтгэгдэл төрж байсан тул сэтгэл санаа нь ч өөдрөг боллоо.
Хэнриетта Окли таван хүүхэд төрүүлснээс бүгд охин байжээ. Түүний том ах, бага Хэнри хүнтэй гэрлэж байгаагүй, хүүхэдгүй байжээ. Нас барагсдын бүртгэлд бага Хэнрийг 1962 онд уушигны үрэвслээр нас барсан гэж тэмдэглэснийг Фостер олов. Тэр дараа нь 1960 онд хүнтэй гэрлэсэн Оклигийн хоёр дахь охин буюу Катрин Ашборны хүүхдүүдийг бүртгэлээс эрж хайлаа. Катрин анхны хүүхдээ 1969 онд төрүүлсэн бөгөөд дараа нь тэд дахиад хоёр хүүхэдтэй болжээ. Анхны хүүхэд төрөх хүртэл тэд есөн жил үр хүүхэдгүй байжээ. Антони Чапман 1964 онд үрчлэгдсэн байсан. Удам залган нэрийг нь авч явах эрэгтэй хүүхэдгүй байсан Оклигийн гэр бүлийнхэн сандарч байсан болов уу? Тэр үед шар айрагны үйлдвэр тэдний өмч байсан. Хэнри Оклигийн анхны хүүхэд, ганц хүү нь нас барчихсан. Том охин Хэнриетта нь зөвхөн таван охин төрүүлсэн. Бага охин Катрин гэрлээд дөрвөн жил болсон ч хүүхэд төрүүлээгүй байжээ. Катрин өөрийн гэсэн үр хүүхэдтэй болохыг хүссэн нь мэдээж. Эрэгтэй өв залгамжлагч хэн байх нь гэр бүлийнхний санааг зовоогоогүй болохоор тэд эрэгтэй хүүхэд үрчилж авах шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд орсон юм болов уу? Катрин Ашборн нас барагсдын бүртгэлд байхгүй байсан учраас тэр амьд байгаа гэсэн үг.
Фостер дараа нь Колиндэйлд байдаг Үндэсний Сонин хэвлэлийн Архивын Газарт очлоо. Цаг үе сонинд Хэнри Оклигийн нас барсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл нийтэлжээ. Тэр есөн ач, зээтэй байсныг нийтлэлийн төгсгөлд тэмдэглэсэн байв. Гэтэл хүн амын бүртгэлд найман ач, зээ бүртгэгдсэн байжээ. Фостер олсон мэдээллээ Who's who сэтгүүлийн хуучин дугаартай тулгаж үзвэл тэнд ес гэж бичсэн байлаа. Эндээс харахад нэг хүүхдийн мэдээлэл зөрүүтэй тэмдэглэгджээ.

Фостер М40 хурдны замаар Катрин Ашборны амьдардаг Клифтон Хампден рүү машинаараа хурдлан давхисаар дараа нь Ашборны гэр бүлийнхний өнгөрсөн 25 жилийн турш амьдарч байгаа хуучин хийдийн барилгыг чиглэсэн хайрган зам руу орлоо. Сонгуульд оролцогчдын бүртгэлээс харахад хүүхдүүд нь бүгд тусдаа гарч, одоо тэнд Ашборныхноос хоёрхон хүн амьдардаг ажээ. Энд хаа нэгтээ нохой хуцахаас өөр ямар ч чимээ анир байсангүй. Хот газар өсөж өндийсөн Фостер иймэрхүү эл хуль, нам гүм байдалд үнэхээр дургүй ажээ.
Байшингийн хажуу бөөрөнд өндөрлөсөн довжоо харагдав. Фостер хаалга руу очиж хонхыг дарвал таг чиг, хэн ч хаалга онгойлгосонгүй. Хаалгаа онгойлгооч дээ гэж бодох зуураа Фостер дахин хонхдлоо. Тэр хэсэг хүлээж зогссоноо явахаар эргэх мөчид хаалганы цаана ойртон ирэх хөлийн чимээ сонсогдов. Дараа нь оньс мултрах сонсогдож, хаалга цэлийтэл нээгдлээ. Онгорхой хаалган дээр жар хэдий гарсан ч өөртөө итгэлтэй байрын өндөр нуруутай, царайлаг сайхан эмэгтэй зогсоно.
- Хатагтай Ашборн уу?
- Тийм ээ. Би байна гэж боловсон байрын тэр хатагтай зөөлөн аядуухан хоолойгоор хариуллаа.
- Саад болсныг минь өршөөгөөрэй. Би Метрополитаны Цагдаагийн Газраас явж байна. Орж болохсон болов уу? Фостер баримт бичгээ гаргаж үзүүлэх үед угийн зааны ясных шиг өнгөтэй хатагтайн царай улам цонхийж цайв.
- Өө, арай үгүй байлгүй дээ. Юу болсон юм бэ? гэж тэр сандарсан байртай асуулаа.
- Тийм ч айхтар, сүртэй юм биш ээ, хатагтай гэж Фостер түүнийг тайвшруулах санаатай хэлээд
- Хэрвээ та завтай бол би тантай жаахан ярилцах гэсэн юм гэлээ.
- Өө, тэгэлгүй яахав гэж хатагтай хэлээд Фостерыг гэртээ оруулав.
Байшинд том босоо цагны цуурайтан цохилох чимээ тод сонсогдоно. Тэд урт хонгилоор явж, зочдын өрөөнд орлоо. Өрөөний ар талын цонхоор сайхан арчилж ургуулсан том цэцэрлэг харагдана. Хатагтай Фостерыг буйдан дээр суухыг гараар занган мэдэгдчихээд цай тавихаар өрөөнөөс гарч явлаа. Зөвхөн том цагны тик так цохилох дуунаас өөр чимээ аниргүй дотор бачимдуулсан таван минут өнгөрсний эцэст хатагтай цайны хэрэгсэл тавьсан тавиур барьсаар орж ирэв.
- Таны нөхөр гэртээ байгаа юу, хатагтай Ашборн? гэж
Фостер аягатай цай авангаа асуулаа. Хатагтай толгой сэгсрээд
- Байхгүй. Тэр тэтгэвэрт гарсан ч гэсэн долоо хоногийн хэдэн өдөр хотын хэдэн компанид худалдааны захирлаар ажилласан хэвээрээ. Нөхөр маань өнөөдөр зөвлөлгөөнтэй. Тэр дөрвөн цагийн үед гэртээ харьж ирнэ гэж би бодож байна гэж хэлснээ хатагтай Ашборн ханын цаг руугаа хяламхийлээ. Цагны богино зүү яг хоёрыг зааж байв.
Хатагтай цайндаа хоёр ёотон хийж халбагаар хутгачихаад сандал дээрээ өнцөгдөж суулаа. Эмэгтэй эрүүл саруул, эрч хүчтэй харагдана. Тэр өдөржингөө борви бохисxийлгүй цэцэрлэгээ арчилдаг байх гэж Фостер дотроо бодож суув. Хэсэг амсxийж амжсан тэрбээр хатагтайд асуулт тавих гэтэл харин
- Та энд Эдвардаас болоод ирсэн байх, тийм үү? гэж хатагтай асуулаа.
- Эдвард гэдэг чинь таны нөхөр үү?
- Тийм ээ, миний нөхөр.
- Үгүй ээ, би энд нөхрийн тань асуудлаар ирээгүй. Фостер дотор шалзлам халуун цайнаас оочилсноо энэ эмэгтэйн улаан хоолойг тугалгаар зорж хийсэн байх гэж бодлоо. Тэгээд тэр цайгаа ширээн дээр тавиад
- Үнэнийг хэлэхэд энэ бол таныг жаахан тавгүйтүүлэхээр хэрэг байгаа юм аа гэж хэлэв.
- Өө, нээрэн үү?
- Хэрвээ таныг эвгүй байдалд оруулбал намайг өршөөж үзээрэй гэж Фостер хатагтайд урьдчилан сануулаад түр завсарласнаа
- 1964 та онд хүүхэд үрчилж авсан уу? гэлээ. Хатагтай хариу юу ч хэлэлгүй, Фостерыг нүд цавчилгүй хэсэг гөлрөн харж байснаа харцаа буулгаж, цайнаасаа балгав.
- Тэгэхээр бид Доминикийн талаар ярилцах юм шив дээ гэж хатагтай эцэст нь хэллээ.
- Тийм ээ. Эмэгтэй уртаар санаа алдав. Өөртөө итгэлтэй байдал нь ор мөргүй арилж, одоо гомдол цөхрөлдөө дарагдсан хөөрхий нэгэн болж хувирав. Тэр толгой дохисноо
- Ийм цаг ирнэ гэдгийг дотроо их удаан хүлээсэн юм шиг надад санагдаж байна. Тэр юу хийчихсэн юм бэ? гэлээ.
- Бид Доминиктой одоо мөрдөж байгаа нэг хэрэгтэй холбоотой уулзаж ярилцах гэсэн юм.
- Тэр хэрэг тарьчихсан юм уу?
- Тэрнийг бид одоохондоо мэдэхгүй байна. Гэхдээ бид түүнтэй заавал ярилцах хэрэгтэй. Та Доминиктой холбоотой байдаг уу? Хатагтай толгой сэгсэрлээ. Нулимс хацрыг нь даган урсана.
- Би Доминиктой холбоо бариагүй нилээд удаж байна. Үнэндээ бол маш их удаж байна.
- Яагаад холбоогүй болчихсон юм бэ? Хатагтай харцаа буруулж цонх руу харлаа. Тэр жаргаж буй нарны илчнээс хүч чадал олж авах гэсэн мэт харагдана.
- Би ямар байх нь хамаагүй, зүгээр л хүүхэдтэй болохыг маш их хүсэмжилж байсан. Миний эцэг гэр бүлийн бизнесийг өвлөж авах эрэгтэй хүүхэдтэй болохыг хүссэн. Тийм учраас хүүхэд үрчилж авах нь хамгийн зөв арга гэж бид үзсэн юм. Гэвч бүх юм буруугаар эргэсэн. Хатагтай өвөр дээрх гараа хооронд нь базалж харагдав.
- Юу болсон юм бэ?
- Доминик анхнаасаа л их хэцүү хүүхэд байсан. Тэр бараг унтдаггүй, бас дандаа ууртай байдаг. Тэгсэн ч гэсэн би түүнийг хайрладаг байсан. Нөхөр маань хүүхэд үрчилж авах дургүй байсан болохоор Доминикийг огт тоодоггүй байсан. Тэгээд энэ уур уцаартай хүүхэд бидний амьдралд орж ирэн, ялангуяа шөнө бүр тайван байдал алдагдуулдаг байснаас болж нөхөр маань хүүхдэд их дургүй болсон. Бид бүр салах дээрээ тулаад байлаа. Тэгтэл бурхан биднийг ивээж, би хөл хүндтэй болж хүү төрүүлэн, дараа нь дахиад нэг хүү, сүүлд нь бас нэг охинтой болсон. Харин Доминик? Хэдийгээр надад ичгүүртэй байгаа ч түүнийг гэр бүлийн гишүүн гэж
тооцохоо больсныг хэлэх хэрэгтэй юм шиг байна.
- Яагаад биш гэж?
- Бид түүнийг аль эрт жаахан байхад нь дотуур байртай сургуульд явуулсан. Үнэнийг хэлэхэд тэр үед Доминик дэндүү жаахан байсан. Доминик хэдийгээр бидэнд юу ч хэлээгүй ч тэр тэнд их аймшигтай цаг хугацааг туулж өнгөрүүлсэн бололтой. Тэр сургуулийнхаа амралтын үеэр гэртээ ирэхдээ гаднаа их омог бардам харагддаг ч бидэнтэй огт ярилцдаггүй, өөрийгөө бусдаас тусгаарлачихдаг байсан. Би чадах бүхнээ хийсэн боловч нөхөр маань түүнийг дэргэдээ байлгахыг огт хүсдэггүй, түүнтэй нохой шиг л харьцдаг байсан. Доминикийн харц үзэн ядалтаар дүүрэн байх болсонд би түүнийг буруутгаж чаддаггүй. Түүний ингэж их өөрчлөгдсөнд өөрийгөө зохих хэмжээгээр буруутай гэдгээ би мэднэ. Гэвч тэр надад дийлдэхээ больсон. Тэр ганцxан охин дүүтэйгээ сайн харьцаатай байдаг. Охин маань түүнийг хайрладаг юм. Харин хоёр хүү маань Доминиктой дандаа хэрүүл хийж муудалцдаг байсан. Нэг удаа тэр сургуулиа хаяж явснаас хойш дахиж гэртээ эргэж ирээгүй. Бид заримдаа түүнээс захиа авдаг байсан. Нэг удаа би түүнд мөнгө явуулсан. Бидэн рүү цагдаагийн газраас утасддаг болсон. Гэхдээ тийм ч айхтар сүртэй юм болж байгаагүй.
- Түүнийг хаанаас олж болохыг та мэдэх үү?
- Үгүй. Хамгийн сүүлд, найм есөн жилийн өмнө Доминикийг Лондонд байгаа гэж сонссон. Тэр хүнтэй гэрлээгүй. Харин тэр овгоо хэд хэдэн удаа сольж байсныг би дуулсан.
Хатагтай харцаа нуух мэт дахин цэцэрлэг рүү харлаа.
- Түүнийг хэн нэгнийг гомдоох юм бүү хийгээсэй гэжл би хүсдэг.
Зөвхөн өөрийгөө буруугүй гэж мэдрэхийн тулд уу? гэж Фостер дотроо өөрөөсөө асууж байлаа. Тэр гэнэт хөөрхий гадуурхагдаж хаягдсан хүүг өрөвдөв. Төрүүлсэн эцэг эхдээ хаягдан, хүнд өргүүлээд дараа нь тэд нар өөрсдөө хүүхэдтэй болонгуут түүнийг үнсэнд хаясан шалз шиг мартаж орхижээ. Хэн ч түүнийг хүсээгүй, хэн ч түүнийг хайрлаагүй. Зүгээр л
нэг илүүдсэн хог хаягдал шиг.
Фостер хэзээ ч харж байгаагүй охиноо бодлоо. Тэр ч гэсэн охинтой болохыг хүсээгүй. Тэгэхээр түүнд бусдыг шүүмжлэх эрх байхгүй.
- Түүний хаана байгааг мэдэх хэн нэгнийг та мэдэх юм биш биз? Хатагтай Ашборн хэсэг бодол болон суув. Түүний нүд нь улайж, айсан мэт харагдана.
- Би охиноосоо утсаар асууж болох юм. Хэрвээ Чариза Доминиктэй холбоотой хэвээрээ байгаа гэвэл би лав гайхахгүй. Охин маань түүнийг хэдэн жилийн өмнө Баркингт амьдарч байгаа гэж хэлсэн. Та намайг охин руугаа яриасай гэж хүсэж байна уу?
- Хэрвээ та үүнийг хийвэл бидэнд их тус нэмэр болохсон гэж Фостер хариуллаа. Хатагтай өрөөнөөс гарч явав.
Хүүхдийг хэрхэн, яаж дарамтлах ёстой талаар зөвлөлгөө авчихсан юм шиг л боллоо гэж Фостер боджээ.
Хэдэн хормын дараа хатагтай өрөөнд орж ирлээ.
- Доминикийг Баркингт амьдарч байснаас хойш охин маань дахиж холбоо бариагүй гэж байна.
Тэнд Леони, Гэри хоёр амьдардаг байсан гэж Фостер бодсноо
- Охинд чинь Доминикийн гэрийн хаяг, утасны дугаар байхгүй юм байх даа? гэж асуув.
- Үгүй, байхгүй гэж хатагтай шууд хариуллаа. Эмэгтэй хуучин дүр төрхөндөө эргэж орж амжжээ.
- Намайг өршөөгөөрэй. Ийм төрлийн мэдээ сэтгэл санааг маань үймүүлчихдэг юм.
Өө, тийм үү? гэж Фостер бодлоо. Болж өнгөрсөн бүх үйл явдлыг сонсож мэдсэнийхээ дараа хатагтайг хүндэтгэх хандлага нь огцом унажээ. Фостер суудлаасаа өндийн
- За, би ч явах хэрэгтэй юм шиг байна. Цаг зав гаргасанд тань баярлалаа гэлээ.
Фостер одоо хаана очих ёстойгоо сайн мэдэж авчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.01.19 4:31 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland


Амьдралынх нь сүүлчийн хормыг тоолох мэт ханын цагны тик такхийн цохилох чимээг сонсон хэвтэх настай эмэгтэй бохирдож халтардсан ор хөнжлийнх нь даавуунаас үнэртэх нэгшсэн муухай үнэрт хэдийн дасжээ. Ганцаардсан тэрбээр ухаан бодол нь эндээс бүр алс хол бэлчиж, өвөл цагийн өглөөний хүйтэн, тунгалаг агаар, аагим халуун зуны цэлмэг нартай өдрийг нэг удаа ч гэсэн мэдрэхийг мөрөөднө. Нүднийх нь өмнө зовхи нь үрчлээтсэн ч эелдэг дөлгөөхөн инээмсэглэх эхийнх нь царай тодрон гарч ирэв. Түүний инээмсэглэл тодрох харцанд санаа зовж байгаа нь бас харагдах шиг. Тэгтэл гэнэт өвдөж шаналсан олон хүний орилж хашгирах дуу...
Эмэгтэй хотын амьдралд огтхон ч дассангүй. Харин хоёр охин нь, тэдний гэр бүлийнхэн хотод амьдрах сонирхолтой. Өөрийнх нь сайн мэдэх хөдөө газрын амьдрал хичнээн сайхан гэдгийг тэд нар мэдэхгүй.
Эмч ирээд явсны дараа тэр хэсэг дугхийжээ. Удахгүй үхнэ гэдгээ эмэгтэй сайн мэдэж байлаа. Ламтан одоо сүүлчийнх нь наминчлалыг сонсож адислахаар ирж яваа. Ямартай ч түүнд Бурхны ивээлд багтаж Хортонтойгоо нэгдэх боломж бий. Тэд хамтдаа тэнд, тэнгэрт өршөөл нигүүслэлийг хүртэж магадгүй. Өршөөл нигүүслэлийг зөвхөн Ертөнцийн Эзний гараас л хүртэнэ. Тэр удахгүй энд, энэ газар шороон дээр туулж өнгөрүүлсэн энэ муу ёрын тамын амьдралыг орхино. Тийм учраас зээ охиндоо энэ талаар анхааруулан хэлэх ямар нэгэн арга олох хэрэгтэй гэж эмэгтэй бодно.
Цаг хугацаа явсаар хэдэн өдөр өнгөрсөн бололтой. Ламтан орных нь дэргэд гараас нь барин сууж байсныг тэр бүдэг бадаг саналаа. Тэр ламтан шулуун шударга хүн байжээ. Эмэгтэй их сайн сүм олсон. Өөрт байгаа өчүүхэн хөрөнгөө бурханд итгэдэггүй, талархахыг мэддэггүй охиддоо биш харин тэнд хандивлана. Исаак уул нь их сайн хүү байсан юм сан. Хэрвээ тэр маань байсан бол өдийд толгойг минь түшээд дэргэд сууж байх байсан гэж эмэгтэй бодлоо. Нөгөө хоёр нь чөтгөр шулам руугаа тонилбол таарах ч би харин зээ охиноо хамгаалах хэрэгтэй.
Цочин сэрсэн Сара тайвшрахын тулд амьсгалаа гүн авлаа. Түүнд гомдолтой санагдав. Охиныхоо гэрт, дээд давхрын энэ хүйтэн унтлагын өрөөнд дахиж сэрэхийн оронд нүүр бардам үхэлтэй учирсан нь хамаагүй дээр санагджээ. Өглөө болсон юм байх даа. Эсвэл үгүй юм болов уу? Энэ одоо ямар хамаатай юм. Зүүд болгон адилхан. Ээжийнх нь эелдэгхэн царай, бас түүний уур хилэн. Яс янгинуулж, үс босгосон тэр орилоон хашгираан...
Орных нь даавууг сольж, цонх онгойлгожээ. Өрөөнд хэн нэгэн байсан бололтой. Эмма юм болов уу? гэж Сара бодлоо. Гэнэт нүднийх нь буланд нэг хүн харагдлаа. Том алаг нүдтэй бяцxан Мэгги сандал дээр хөлөө савлан сууж байв. Охин өөр лүү нь харахыг анзаараад хөлөө хөдөлгөхөө больж
- Сайн уу, эмээ? гэж хүүхдийн шингэн хоолойгоор асуулаа.
Сара инээмсэглэх гэж хамаг байдгаараа хичээв. Сайн охин шүү хэмээн бодсон тэрбээр гараа сунган охиныг ойртож ирэхийг мойнийсон хуруугаараа занган дуудлаа. Охин ухасxийн өндийж эмээгийнхээ дэргэд ирэв. Сара охинд улам ойртохыг гуйлаа. Дуу хоолой нь цуцаж, хэл яриа нь ойлгоход хэцүү болсон ч охинд одоо хэлэх зүйлээ заавал ойлгуулах хэрэгтэй гэж тэр боджээ.
- Чи бол их сайхан сэтгэлтэй охин гэж хэлээд Сара охины гарыг зөөлөн атгалаа. Охины гарыг атгаад тэрбээр хичнээн хугацаа өнгөрснийг ч анзаарсангүй, хэдхэн хором эсвэл бүр удаан хугацаа өнгөрсөн ч юм билүү. Тэр цаг хугацаа хэрхэн урсан өнгөрч байгааг ялгаж салгаж чадахаа больжээ. Сара нүдээ нээвэл Мэгги дэргэд нь зогссон хэвээрээ байв. Эмчийн хийсэн өвчин намдаагч тарианы үйлчилгээ гарч байгаа бололтой гэнэт цээж нь хөндүүрлэж өвдсөнд Сара аяархан гиншлээ. Үхэл хаяанд иржээ. Охин эмээгээсээ бага зэрэг холдов. Өвдөлт намдахад Сара Мэггигээс дахин ойртож ирэхийг гуйлаа.
- Тэд заавал ирнэ гэж хэлснээ Сара маш удаанаар
- Тэд чиний өвөө рүү ирсэнтэй адил бас чамайг авахаар ирнэ гэлээ. Сарагийн амьсгаа нь бөглөрөх шиг болов. Бяцxан охин газарт хадагдсан мэт хөдөлгөөнгүй зогссоор.
- Тэнд байгаа хайрцгийг аваад өг дөө. Охин овоолоостой зүйлсийг онгичиж эхэлтэл Сара
- Шүүгээн дотор байгаа гэлээ. Мэгги хайрцгийг олжээ.
- Хайрцгаа орон дээр тавь. Сара цоожтой нилээн ноцолдсон ч эцэст нь хайрцгийг онгойлгож чадлаа.
- Дотор нь юу байгааг хар даа. Мэгги хайрцган доторхийг харав.
- Наад зүйлээ гаргаад ир. Охин дуулгавартай гэгч нь гараа хайрцганд шургуулж нэг зураг гаргаж ирлээ. Энэ бол цагдаагийнхны хэлснээр Хортоныг осолд өртөх үед биенд нь байсан зураг ажээ. Нийтийн тээврийн унаа түүнийг дайрсан гэж цагдаа нар Сарад хэлсэн билээ. Харин Сара тэднээс илүү их зүйлийг зурагнаас мэдэж авсан. Тэд нөхрийг нь олоод шууд алсан. Цагдаагийнхан энэ зургийг Хортоны эд зүйлстэй хамт өгөхөд Сара хүрз барьсан эрийг шууд таньжээ. Бас энэ шатсан байшингуудыг. Тэр өдрөө л Сара хамаг юмаа хамж аван гэрээсээ зугтжээ. Тэд түүнийг олоогүй ч хэзээ нэгэн цагт заавал олно гэдгийг Сара сайн мэднэ. Өөрийнх нь амьд үхсэн байх нь тэдэнд хамаагүй, харин түүний гэр бүл, үр удмыг устгахаар ирэх болно. Бусад нь хэрхэхээ өөрсдөө мэднэ биз, харин энэ охин бүгдийг мэдэх ёстой.
Чичирхийлэн салганах гартаа барьсан зургийг Мэгги айдас дүүрэн нүдээр харж зогсоно. Тэр маш их айсан байлаа. Хөөрхий үр минь. Ингэхээс ч яахав дээ. Хэзээ хойно тэр үүнийг мэдсэндээ надад талархах болно.
- Зарим нь чиний насны хүүхдүүд байсан гэж Сара охинд хандаж хэлээд нүдээ анилаа. Дахиад цээжээр нь хатгуулсанд тэр аяархан дуу алдав. Сараг нүдээ нээвэл царай нь цонхийж цайсан охин нөгөө зургийг гартаа барьсан хэвээр дэргэд нь зогсож байлаа. Тэр энэ аймшгийн зургийг хэр удаан харж зогссон юм бол? Охин үүнийг хангалттай харж тогтоосон гэдэгт найдсан Сара
- Энэ үйл явдал чиний өвөө бид хоёроос болсон юм гэж шивнэн хэллээ.
- Бурхан биднийг өршөөх болтугай. Энэ осол байсан гэдгийг би батална. Харин амьдаараа шатаж үхсэн хөөрхий хүмүүсийн гэр бүлийнхэн өш хонзонгоо авахын тулд наашаа ирцгээнэ. Тэднийг хэн ч юу ч зогсоож чадахгүй. Намайг үхсэн байсан ч гэсэн. Хонгор минь, чи өөрийгөө хамгаалах ёстой. Аюулгүй газар очиж нуугд. Сарагийн амьсгаа нь дээрдэж эхэлсэн ч яриагаа таслахыг хүссэнгүй.
- Хэзээ ч хүүхэдтэй болж болохгүй шүү. Өдөр шөнө солигдохын завдалгүй тэд чам дээр ирж тооцоо хийх болно. Миний биенээс тасарч гарсан мах цусны тасархай болсон үр хүүхдүүд маань бүгд алагдаж, тэдний шашны зан үйлийн дагуу адислагдана. Эрлэгийн элчээс өөрийгөө хамгаалдаг шиг чи тэднээс байнга болгоомжил. Чамайг сэрүүн байхад ч унтаж байхад ч тэд хайсаар байх болно. Өөрийгөө нууж далдална, хамгаална гэж надад Ертөнцийн эзний нэрийг барьж андгайл. Тэд хэзээ ч эрлээ зогсоохгүй!
Сарагийн ухаан балартлаа. Тэр ухаан орон нүдээ нээвэл охин өрөөнд байсангүй. Гэрэл зураг өвөр дээр нь, харин хайрцаг орны дэргэд харагдана. Сара зургийг авч хайрцганд буцааж хийгээд цоожиллоо. Тэр хайрцагнаас салахгүй гэсэн мэт биендээ шахаж тэврэв. Бяцxан зээ охиндоо захиасаа үлдээсэн тул Сарад одоо өөр хийх зүйл байсангүй.
Бусад нь Бурхны тааллаар болог.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.01.19 4:32 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
29


Агаар бүгчим болж, бараан үүлс нүүгэлтэн манан татсанаас харахад удахгүй борооших шинжтэй. Фостер Бетнал Грийнд байдаг нэг чимээ аниргүй бүрэнхий арын гудамжинд 17 тоот хаалгыг ажиглан зогсож байлаа. Тэр харилцаа холбоонд ажилладаг нэг танилтайгаа холбоо барьж, хатагтай Ашборны залгасан утасны дугаарын жагсаалтыг олж авчээ. Тэнд хатагтайн хэлснээр охиных нь утасны дугаар тэмдэглэгджээ. Тэр дугаар утасны лавлахад байгаагүй ч уурын зуухны хөө тортог, ойролцоохи үйлдвэрийн тоос тортгонд дарагдаж халтартсан энэ цувраа байшингуудын нэгэнд бүртгэлтэй байжээ.
Фостер хаалганд дөхөж очлоо. Байшин дотор харанхуй, чимээ аниргүй байгаагаас үзэхэд дотор хэн ч байхгүй бололтой. Алсад Бетнал Грийн Өргөн чөлөөний дуу шуугиан болон Ливерпул Стрийт галт тэрэгний буудал руу очиж яваа галт тэрэгний чимээ сонсогдоно. Харин энэ мухар гудамжинд ямар ч чимээ аниргүй байлаа. Фостер хаалганаас холдож хажуу талын хаалга луу очлоо. Тэнд бас хүн байсангүй. Дараагийн 13 тоотод бас хэн ч алга. Харин 11 дүгээр байрны хөшигний завсраар гэрэл тусаж, зурагтны дуу сонсогдоно. Фостер хаалгыг тогшвол бараг тэр дороо хаалга онгойж өмнө нь уцаартай байрын арван хэдтэй охин гарч ирлээ. Охин сургуулийн дүрэмт хувцастай ажээ.
- Чамд юу хэрэгтэй вэ? Их найрсаг нөхөр байна даа гэж Фостер дотроо шоглон бодлоо. Ийст Эндэд танил хүмүүстэйгээ ингэж харьцах нь хэвийн үзэгдэл.
- Ээж чинь гэртээ бий юү?
- Хөөе, ээж гэж охин орилсноо Фостерыг онгорхой хаалган дээр үлдээгээд эргэж харан шатаар өгслөө.
- Бас юу болоод байна аа? гэж нэг хүн бухимдуу дуугаар орилов. Хөлдөө гэрийн шаахай угласан нэг эмэгтэй хүрч ирлээ. Тэр гал зуухнаасаа гарч ирсэн бололтой гартаа алчуур барьжээ. Эмэгтэй Фостерыг ширүүн харснаа
- За, яасан бэ? гэлээ.
- Яагаа ч үгүй. Бүгд хэвийн, баярлалаа.
- Чи сая юу гэсэн бэ?
- Мартаж үз дээ. Би харин энэ 17 тоот хаалганд амьдардаг хатагтайг хайж ирсэн юм.
- Хатагтай? 17 тоот гэсэн үү? Тэр хүн энд байхаа больсон.
- Өө, тийм үү?
- Тийм ээ. хөгшин хатагтай Эдит хэдэн жилийн өмнө нас барсан.
- Эдит гэнэ ээ?
- Ингэхэд чи дүлий юм уу?
- Одоо тэнд хэн амьдардаг юм вэ?
- Өө, нэг их зантай байрын залуу. Гэртээ алга уу? Тэр энд бараг ирдэггүй. Миний бодлоор түүнд өөр гэр байдаг байх. Тэр хэнтэй ч харьцдаггүй. Сүүлийн үед энд бүх юм өөрчлөгдсөн. Хотын төвөөс энд хүмүүс нүүж ирдэг болсноос хойш байрны үнэ эрс өссөн. Би энд хорь гаран жил амьдарч байгаа болохоор надад гомдоллоод байх юм алга. Хүүхдүүд маань тусдаа гарчихвал байраа үнэд хүргэж зарж чадна гэж би бодож байгаа. Гэхдээ та яагаад үүнийг асуугаад байгаа билээ?
- Би хатагтайн мэндийг мэдэх гэж ирсэн юм гэж Фостер хариулав.
Эмэгтэй хаалгаа хаангуут охин руугаа хашгирахыг тэр сонслоо.
- Хөөе, чи наад өгзгөө чирээд одоохон буугаад ир.
Фостер гудамжаар буцаж алхах зуураа эмэгтэйн хэлсэн үгийг эргэцүүлж бодсоор 17 тоот хаалганы өмнө очиж зогслоо. Байшингийн цонх харанхуй хэвээрээ ажээ. Гэнэт байшин дотор утас дуугарлаа. Хэн ч утас авсангүй, харин дуут шуудангийн дохио сонсогдов. Фостер гудамжинд гарах чимээ шуугианаас болж хүний дуу хоолой сонссон гэдэгтээ итгэл муутай байлаа. Фостер хаалганд өлгөөтэй байсан алханцараар хаалгыг хүчтэй цохилоо. Байшин дотор чимээ гарав. Чимээ их бүдэг байжээ. Фостер байрны хажуу талын байрнууд руу харлаа. Үгүй. Чимээ үнэхээр энэ 17 тоот байранд гарчээ. Тэнд юу болоод байна?
Фостер хаалганы дэргэдэх цонх руу очвол цонх төө хэрийн зайтай онгорхой харагдав. Цонхыг хөшгөөр битүүлж хаасан тул өрөөнд юу байгааг тэр харж чадсангүй. Тэгтэл байшинд дахиад чимээ гарлаа. Одоо тэнд хүн байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй болжээ. Фостер хаалга руу буцаж очин алхаар дахин тогштол байшин дотор дахиад чимээ гарлаа. Хүн дуугарсан юм болов уу?
Фостер чимээ анир гаргалгүй орохын тулд цонхыг болгоомжтой түлхэн арай том онгойлгоод хүнд хөшгийг зайлуулан дотогшоо шургалаа. Өрөөнд ямар ч чимээ анир гарсангүй. Хөшиг өөрөө буцаад хаагдсан тул өрөөнд гэрэлгүй, хав харанхуй болов. Фостер нүдээ харанхуйд дасгахаар чимээ гаргалгүй дороо хэсэг зогслоо. Өрөөнөөс нэг танил үнэр ханхална. Эцэг нь нас барсны дараа бараг орохоо байсан бичиг хэрэгсэл байдаг өрөөнөөс үнэртдэг хуучин цаасны танил үнэр энд бас нэвт шингэжээ. Нүд нь харанхуйд дассаны дараа Фостер хийгээр ажилладаг ханан зуухны урд элэгдэж хуучирсан буйдан сандал, хэлбэр дүрс муутай зурагтны хүнд тавиур олж харав. Хана дагуу нэг төгөлдөр хуур, цаана нь бичиг цаас овоолж тавьсан ширээ харагдана. Фостер өлмий дээрээ гэтсээр ширээ рүү дөхөн очиж нэг задлаагүй дугтуйг авч харвал захиаг Эдит Чапманы нэр дээр хаягласан байв. Дараа нь зузаан тоосонд дарагдсан ханан зуухны тавиур луу очиж үзвэл зөөлөн буйдан дээр сууж буй нэг эрэгтэй хүний хар цагаан гэрэл зураг байлаа. Дэргэд нь сүмийн урд аймхай байрын харцтай цэвэрхэн хувцасласан настай эмэгтэй хүний зураг харагдана. Энэ эмэгтэй Эдит Чапман байх гэж Фостер бодоод гэрэл зургийг авч сайн харвал лав гурваас илүү олон жилийн өмнө авахуулсан бололтой ажээ. Он цагийн эрхэнд тоос шороонд дарагдсан энэ өрөө бунханд байгаа
мэт сэтгэгдэл төрүүлнэ. Фостерт энэ мэдрэмж их танил билээ. Тэр бас эцгийгээ нас барснаас хойш гэрийнхээ эд зүйлд гар хүрээгүй ажээ. Байшинд нэг л сэжигтэй зүйл байгааг мэдэрсэн Фостер дотуур холбоогоо гаргаж ирэн нэмэлт хүч дуудлаа.
Тэр дахиад нэг зураг оллоо. Өндөр нуруулаг, бараан үстэй, царайлаг хэдий ч бага зэрэг шаналсан царайтай дуран руу эгцэлж хараагүй нэг эрэгтэйн тоосонд дарагдаагүй өнгөт зураг. Зурган дээр энэ эртэй хамт зургаа даруулсан залуухан эмэгтэй харин их л хөгжилтэй инээмсэглэжээ. Энэ залуу Антони Чапман юм болов уу? Энэ өрөөнд амьд хүн байдаг гэхээр шинж тэмдгийг зөвхөн энэ зурагнаас олж харах шиг. Зурагны дэргэд нэг загалмай босгож тавьжээ. Загалмай тоосонд дарагдаагүйг бодоход нөгөө зурган дээрх залуугийнх бололтой.
Фостер өрөөний хаалга руу очиж аяархан онгойлгож харвал дээд давхар луу гардаг шат бүхий үүдний жижиг хонгил байв. Хэдийгээр тэнд гэрэлгүй байсан ч харанхуйд дассан Фостерын нүд орчноо сайн ялган харж байлаа. Урт нарийхан хонгил гал зуух руу чиглэжээ. Тэндээс эвгүй үнэр ханхална. Онгойлгосон хаалганы зүүн талд бас нэг хаалга харагдана.
Чимээ гарлаа. Энэ хөлийн чимээ байсан уу? Эсвэл харх хулганы гаргасан чимээ ч байж магадгүй. Фостер хаашаа явахаа мэдэхгүй зогсох зуураа гэрэл гаргамаар санагдсан ч анхаарал татчихаж магадгүй гэж бодов. Гэтэл дахиад чимээ гарлаа. Харанхуй хонгилд хаанаас чимээ гарч байгааг ялгахад хэцүү байсан ч Фостерт энэ үл мэдэг торжигнох чимээ гал зуухны дэргэдэх хаалганы араас гарах шиг санагдав. Фостер хаалга руу очиж онгорхой эсэхийг шалгаж тэмтэрч үзлээ. Гэнэт толгой дээр нь юм унах мэт чимээ гарснаа хэн нэг нь дуу алдах сонсогдов. Фостер хянга ясныхаа янгинан өвдөхийг ч үл тоон шатаар дээшээ аль болох хурдан мөлхөж гарлаа. Тэртээ хол цагдаагийн машин дохиогоо хангинуулах нь сонсогдож байсан ч Фостерт үүнийг анхаарах завдал байсангүй. Дээд давхар бас харанхуй ажээ. Нэг хаалга онгойлговол бүдэг гэрэлтэй угаалгын өрөө байлаа. Өрөөн дотор нь битүү уур савсаж харагдана. Фостер дахин чимээ гарахыг хүлээв. Чанх урд нь нэг хаалга харагдсанд түлхэж онгойлгоод гэрлийг нь асаалаа. Тэнд том өргөн цээжтэй бараан үстэй эрэгтэй хүн зогсож байв. Ханан зуухны тавиур дээрх зурган дээр байсан тэр хүн дүрээрээ байлаа. Тэд хэсэгхэн зуур үг дуугүй бие биеэ ширтэн зогсоцгоов.
- Чи одоо хэн гээч новш нь вэ? Тэр сэтгэлээр унасан бололтой ч тод дуугаар эдгээр үгийг хэллээ.
Фостер хэсэгхэн зуур хөшчихжээ. Нэмэлт хүч ирсэн болов уу гэж тэр өөрөөсөө асуулаа. Фостер цагдаа нарт заавар тушаалыг өөрөө биечлэн өгөх учраас ямар ч чимээ анир гаргах ёсгүй гэж хэлсэн ажээ. Гэтэл одоо тэдэнд анхааруулах боломжгүй болжээ.
- Цагдаа байна. Бүх юм дуусcан, Доминик гэж Фостер хэлснээ
- Эсвэл би чамайг Антони гэж дуудах юм уу? гэлээ.
Уурандаа минчийж улайсан залуугийн царай Антони гэдэг нэрийг дуулангуут хувхай цайчихав. Байдгаараа хөлөрч, эцэж ядарсан, хамаг бие нь хөндүүрлэн өвдөх Фостерын санаа зовж эхэллээ. Энэ булиа эрийг дийлэх хүч чадал түүнд байсангүй. Тэр бас биедээ зэвсэг авч яваагүй тул цаг хожихыг л хичээх хэрэгтэй болжээ.
Чапманыг өөр лүү нь дөхөж ирэхэд Фостер зэвсэггүй гэдгээ харуулахын тулд гараа өргөөд
- Гадаа нэмэлт хүч хэдийн ирсэн, Антони. Чи намайг дийлж чадах ч тэднээс зугтаж чадахгүй.
- Чи намайг хуурч байна гэж уурсан хэлэх эр гартаа хутга барьсныг Фостер олж хараад шат руу аажмаар ухарлаа. Чапман өрөөнөөс гарангуутаа хаалгыг хаасан тул тэд хоёулаа харанхуй хонгилд үлдэв. Өрөөний хурц гэрэлд байсан Фостер хэсэгтээ юу ч олж хараагүй ч Чапман дэргэд нь ойрхон байгааг мэдэж байлаа.
- Бүх юм дууссан, Антони гэж тэр дахин хашгирав.
- Хөөе сонсооч, чи Ертөнцийн эзнийг мэднэ биз дээ? гэж хэлэх Чапманы дуу түүний бодож байснаас хамаагүй ойрхон сонсогдов.
- Би тийм ч сайн ойрын танил биш л дээ гэж Фостер хэлэв.
Тэдний гарч ирсэн өрөөнд нэг хүн аяархан гинших шиг болов.
- Энэ чинь харин их харамсалтай байна.
Фостер түүний хөдөлгөөн болон амнаас нь үнэртэх эвгүй үнэрийг мэдэрлээ. Өөрт нь ямар ч сонголт үлдээгүйг мэдээд Фостер гэнэт бүхэл биеэрээ эргэж шатны уруу бөмбөрч унав. Тэр унах замдаа хана шал хүчтэй мөргөж, хүчтэй өвдөлтөөс амьсгаа нь бараг бөглөрөх шахжээ. Шатны доор өнхөрсөөр бууж ирсэн тэрбээр амьсгал авахад хэцүү байгаа ч хурдан өндийж босох хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Фостер гол хаалга руу ухасxийх замдаа Чапман бас шатаар хар хурдаараа уруудан ирж байгааг сонслоо.
Хаалга түгжээтэй ажээ. Цоожны нүхэнд түлхүүр байсангүй. Фостер зөнгөөрөө эргэж хараад Чапманы хажуу хавирга руу хамаг хүчээрээ дэлсэв. Гэнэтийн дайралтанд цочирдож самгардсан Чапман тэнцвэрээ алдаж гуйвлаа. Мөр нь тэсвэрлэхийн аргагүй янгинан өвдөж байсан ч Фостер довтолж ирсэн этгээдээ бүх биеийнхээ жингээр шатны хашлага руу түрэв. Тэд бөөн тоос шороон дунд шалан дээр давхарлан уналаа. Чапман дээрээсээ нь дарж унасан Фостерыг авч хаяхаар цамцнаас нь зуурахыг хичээн гараа сарвалзуулах хооронд Фостер хутга барьсан баруун гартай нь ноцолдов. Гарнаас нь хутгыг булааж авахыг оролдож буй Фостерын тэнхээ барагдаж байгааг мэдэрсэн Чапман боломжийг шаламгай ашиглан түүнийг зүүн гараараа хүчтэй түлхэн газарт унагалаа. Одоо нуруугаараа гэдрэг харан унасан Фостер хоёр гараараа Чапманы хутгатай гарыг барин биеэсээ гарамгүй хүч гарган тэмцэж байв.
Мөр нь аймшигтай өвдөх Фостер шүд зуун Чапманыг дээрээсээ авч хаяхыг оролдлоо. Гэвч Чапман хүнд биеэрээ дээрээс нь дарж зүүн гараараа хоолойг нь багалзуурдсанд төвөнх нь шахагдаж Фостер амьсгал авч чадахаа болив. Хэдийгээр хүч нь барагдаж байсан ч Фостер биеийг нь нэвт хатгахыг оролдон заналхийлэх Чапманы хутгатай гарыг тавьсангүй. За Грант минь. чи нэвт хутгалуулж үхэх үү эсвэл боомилогдож үхэх үү гэсэн бодол толгойд нь зурсxийх мөчид Фостер хутгатай гарыг тавьж бүх хүчээрээ хоолойг нь багалзуурдсан гартай ноцолдлоо. Тархи нь задрах гэж байгаа мэт болох үед тэр цээжин дээр нь хутганы үзүүр тулж ирэхийг мэдрэв.
Гэнэт Чапманы бие зогтусан хөшиж, тэрбээр чанга орилсноо Фостерын дээр бүх биеэрээ дарж уналаа. Тэр одоохон өөрийг нь нэвт сүлбэнэ гэж Фостер бодсон боловч юу ч болсонгүй. Дээр нь дарж унасан Чапман өнгөцxөн хурдан хурдан амьсгаадна.
Хонгилын гэрэл аслаа. Фостерын нүд гэнэт ассан чийдэнгийн гэрэлд гялбав. Чапман одоо түүний дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэнэ. Мөр нь өвдөж байсан ч Фостер сүүлчийн хүчээ шавхан дээр нь унасан хүнээ зайлуулж доороос нь мөлхөж гартал Чапманы нуруунд гал тогооны том хутга зоолттой харагдав. Цагдаагийн машины дуут дохио ойрхон сонсогдоно.
Шатны доод гишгүүр дээр нэг хүн Чапманыг үзэн ядсан харцаар цоо ширтэн зогсож байв. Фостер түүнийг олж харангуутаа
- Гэри гэж дуу алдлаа. Хүү хариу дуугарсангүй. Тэр толгойгоо өндийлгөхөд харц нь гөлийчихсөн байв.
- Чамд баярлалаа гэж Фостер арайхийн хүчилж хэллээ. Цамц нь цусанд будагдсаныг анзаараад доошоо харвал Чапманы цус хивсэн дээр тунарчээ.
- Би чамайг аврах гэж үүнийг хийгээгүй гэж Гэри хэлэв.
- Наанаа зогсож бай.
Гэри гэнэт урд талын өрөө рүү чавхдан орж онгорхой цонх руу гүйв. Өвдөлтөөсөө болоод Фостер хурдан босож амжсангүй. Гэритэй дараа учраа олоход болно гэж тэрбээр бодсоноо гэнэт түрүүн дээр Чапмантай таарсан өрөөнд гиншиж уйлагнах чимээ гарсныг саналаа. Фостер шатаар тэмтчин өгсөж өрөөнд ороод
- Энд хүн байна уу? гэж чангаар дуудан асуув. Хариу чимээ гарсангүй. Тэр дахин нэг удаа дуудтал
- Туслаарай гэж нэг хүн холоос хашгирах мэт дуу сонслоо. Фостер өрөөг тойруулан хурдан гүйлгэж харснаа ханын шүүгээг онгойлгов.
- Туслаач гэж нөгөө хүн дахин хашгирлаа. Фостер шүүгээний ар талыг түлхэж үзсэнээ хүчтэй өшиглөтөл шүүгээний арын хавтан унаж нэг жижигхэн өрөө ил гарч ирэв.
Жижиг өрөөний буланд хана налан суусан нэг охин өвдгөө цохилж харагдана. Охины шаргал үс ширэлдэж хиртсэн ч цэнхэр нүд нь Фостерт танил байлаа. Энэ нүдийг өнгөрсөн хоёр долоо хоногийн турш хүмүүс сонин хэвлэл дээрээс харж байсан билээ.
- Чи Наоми мөн биз дээ? гэж Фостер охиноос асуулаа.
Охин өндийж босоод Фостерыг шууд хүзүүдэн авч мэгшиж гарав.
- Одоо тайвшир даа гэж Фостер зогсолтгүй уйлах охиныг аргадан хэлээд
- Чамд одоо ямар ч муу зүйл тохиолдохгүй. Уйлахаа боль гэлээ. Охины хамаг бие дагжин чичирч байв. Би ч гэсэн энэ охинтой адилхан байна гэж Фостер бодлоо.
Гэнэт доод давхарт хаалга хүчтэй өшиглөх сонсогдож дараа нь шатаар өгсөх олон хүний хөлийн чимээ гарав.
- Би энд байна. Би охиныг олсон. Бүх юм зүгээр гэж Фостер чанга дуугаар тэдэнд хандаж хэллээ.
Өрөөнд цагдаагийн ажилтнууд гүйлдсээр орж ирцгээв. Фостер гэмт хэргийн эд мөрийн баримтыг арилгачихгүйн тулд тэдэнд болгоомжтой байхыг анхааруулан гараа өргөөд
- Энэ байшинд гарсан бүх гэмт хэрэгтэй холбоотой эд
мөрийн баримт, ул мөр байх ёстой гэж хэлэв. Охиныг тайвшруулахаар нэг хэсэг тэвэрч зогссон Фостер түүнийг дагуулан доод давхар луу буулаа. Дараа нь Фостер Наомиг нэг эмэгтэй цагдаатай үлдээгээд охины эцэгтэй утсаар даруйхан холбоо барих даалгавар өгөв.
Фостер чөлөөтэй болонгуутаа байдгаараа хөвчирсөн сэтгэлийн хөөрлөө дарахаар хэд хэдэн удаа гүн амьсгал авлаа. Ингэхэд Гэри хаанаас гарч ирсэн юм бол? Доод давхарт дуулдаад байсан чимээг Гэри гаргасан юм болов уу? Фостер буцаад дээшээ Наомигийн хоригдож байсан өрөө рүү очиж ханын шүүгээ болон хуурамч ханыг ажиглав. Шалан дээр хөнжил, орны даавуу, хэдэн дэр харагдана. Өрөө дөнгөж метр хагасын урттай, өргөөшөө наяадхан сантиметр ажээ. Наоми энэ бүтэж үхмээр давчуухан зайнд хөлөө ч гүйцэд тэнийлгэн хэвтэж чаддаггүй байжээ. Тэр энд өнгөрүүлсэн бүх хугацаанд өөрт нь юу тохиолдохыг ч мэдэхгүй үхтлээ айж суусан. Одоо харин бүх айдас хүйдэс ард хоцорлоо. Толгойгоо илбэн зогсох Фостерын уруулан дээр үл мэдэг инээмсэглэл тодорлоо.
- Та яагаад инээмсэглэв? гэж цагдаа нарын нэг асуув.
- Зүгээр шахуу. Нэг хөгийн юм санаанд минь орсон юм аа.
Цусан өшөө авалтын хохирогч болгохоос болгоомжлон хүнд өргүүлсэн жаахан хүү харин энэ удам дамжсан өшөө хорслын даалгаврыг биечлэн гүйцэтгэх машин болон хувирчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.01.19 4:33 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
30


Фостер буйдан дээрээ унтаж байлаа. Цаг нилээн оройтсон ч мөрдлөгийн багийнхан нь Антони Чапманы үйлдсэн хэргүүдийн гогцоог тайлахаар шамдан ажиллаж байгаа энэ үед Фостер хэдхэн цаг унтаж амрахаар гэртээ иржээ. Түүнд шатаар өгсөн ор луугаа хүрэх хүч чадал ч байсангүй буйдан дээр хувцастай чигээрээ хэвтсэн ажээ. Тэрбээр үлдсэн жаахан хүч тамираа шавхан гутлаа арайхийн сугалж чулуудаад тэр дороо гүн нойронд автав. Гэнэт өрөөнд чимээ гарлаа. Цочин сэрсэн Фостер нүднийхээ буланд хэн нэгнийг олж харав. Жижигхэн хүний дүрс.
- Гэри, энэ чи юү? Фостер шивнэн асуулаа.
- Гэри? гэж тэр давтан арай чанга дуудав. Хүү харанхуй булангаас гарч хөшигний завсраар сарны гэрэл туссан өрөөний голд очиж зогслоо. Фостер буйдангаас өндийн босч гэрэл асаах зуураа
- Чамайг ирсэнд би их баяртай байна гэснээ үргэлжлүүлэн
- Юм идмээр байна уу? гэж асуув. Хүү толгой дохисонд Фостер түүнийг гал тогооны өрөө рүү дагуулан явлаа. Гал тогооны тавилган дээрх цаг шөнийн гурван цаг гучин таван минут болж байгааг зааж байв. Фостер хоёр цаг ч унтаагүй ажээ. Түүний хамаг бие, бүр Карл Хоггийн гар хүрээгүй газар хүртэл шархиран өвдөнө.
- Хүргэлтийн хоолны газрууд хэдийн хаачихсан. Гэхдээ би талх шарж чадна гэж хэлээд Фостер талх шарагчинд хоёр зүсэм талх хийж, ус буцалгагчаа залгалаа. Фостер Гэри рүү эргэж харвал тэр урагшаа таг гөлөрчихсөн сууж байв. Түүний харцанд өнгөрсөн бүх хугацаанд туулж өнгөрүүлсэн хамаг зовлон шаналлаас үүдэлтэй уур бухимдал, айдас илэрнэ.
- Миний амийг аварснаа чи мэдэж байгаа биз дээ? Гэригийн хүйтэн ширүүн харц үл мэдэг зөөлрөв.
- Тийм юм байлгүй дээ, зүгээр. Хүү хэсэг дуугаа хурааснаа нэг л итгэл муутай
- Тэр нөхрийг хутгалсан хэргээс болж би асуудалд орох болов уу? гэж асуулаа. Фостер царайгаа ууртай ширүүн болгох гэсэн боловч бүтсэнгүй. Тийм ээ, хүү одоо аюулаас ангижирсан гэж бодоод Фостерын сэтгэл хөнгөрлөө.
- Үгүй, би чамайг энэ хэргээс болж асуудалд орно гэж бодохгүй байна. Гэхдээ чи хэдэн асуултанд хариулт өгөх
хэрэгтэй гэж Фостер хүүг тайвшруулан хэлэв.
- Гэхдээ чи манай гэрт дахиад хулгайгаар орсон болохоор... Фостер гараа дэлгэн мөрөө хавчсанд Гэригийн нүүрэн дээр инээмсэглэл тодорлоо.
Бэлэн болсон талхаа Фостер шарагчаас авч цөцгийн тос, жимсний чанамал түрхлээ. Гэри талхнуудыг нүд ирмэхийн зуур далд оруулсан тул Фостер дахин хэдэн зүсэм талх шараад өөртөө цай хийж авлаа. Хүү цадсаныг анзаарсан Фостер сандал авч ширээнд ойртуулан өөдөөс нь харж суув.
- Гэхдээ чиний хийсэн үйлдэл чинь маш тэнэг зүйл байсан.
Хүү мөрөө хавчсaнаа
- Тэр..., тэр үхчихсэн үү? гэлээ.
- Үгүй, тэр үхэхгүй. Гэхдээ тэр маш их цус алдсан. Гэригийн санаа нь амарсан бололтой, толгой дохив.
- Түүнийг тэнд байдгийг чи яаж мэдсэн юм бэ?
- Хамгаалалттай байранд би унтахаар ор луугаа явсан. Гэхдээ харин тэнд тийм ч сайн хамгаалалт байсангүй дээ, тийм ээ? Энэ бүхэнд Фостер өөрөө л буруутай санагдлаа.
- Харин тийм ээ, чиний зөв. Тэгж хэлж болох юм байна.
- Би орондоо ороод өрөөнд байсан компьютер тоглоомоор тоглосон. Зурагт асаалттай байсан ч олигтой үзчихмээр нэвтрүүлэг байгаагүй, зөвхөн мэдээ гэх мэт зүйл гарч байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй цагдаа өрөөнд орж ирээд
- Цаг хэдийн арав болсон. Одоо зурагтаа унтраагаад унт гэсэн. Би түүнд "за" гэж хэлсэн ч намайг унт гэж тушаасныг нь бодохоор дургүй хүрээд үргэлжлүүлэн тоглосон. Гэнэт машины дохиолол асаж чарлаж гарсан. Дохиолол үргэлжлэн дуугараад байсан болохоор нөгөө эрэгтэй цагдаа хараал урсгахыг би бас сонссон. Тэгтэл дараахан нь өөр нэг юм цохих мэт бүгтхэн чимээ гарсан.
Чапман буундаа дуу намсгагч ашигласан учраас Гэри буудах чимээ сонсоогүй ажээ. Нүд нь дүрлэгнэн томорсон Гэри яриагаа цааш үргэлжлүүллээ.
- Гэнэт нөгөө эмэгтэй цагдаа орилж шатаар уруудан буух
нь сонсогдсон. Тэр үед би хурдан зугтая гэж бодоод цонхоор гарч борооны усны хоолойг дамжин доошоо буусан. Би цэцэрлэгээс өтгөн өвс ургасан нуга руу гарсан боловч тэнд надад нуугдах газар олдоогүй.
- Тэгээд дараа нь чи яасан бэ?
- Би мод руу авирч гараад ойрхон нэг машин зогсож байхыг харсан. Эгчтэй уулзахаар ирж байсан нөгөө хүний машин мөн болохыг би шууд хараад л таньсан. Хөх өнгийн Мондео. Энд тэндээ жаахан хонхойсон байсан ч яах аргагүй нөгөө машин мөн. Машины урд талын моторны хаалт нь хөрөөгүй халуунаараа байсан. Би тэнд арай аюул багатай гэж бодоод машинд ороод суучихсан. Намайг хайж байсан нөгөө новш тэнэг амьтан болохоор өөрийнхөө машиныг шалгаж үзэхгүй гэдгийг би мэдэж байсан юм. Тэгээд би арын суудлын доор шургаж ороод нуугдчихсан.
- Чи яагаад тэгсэн юм бэ?
- Түүний хаана амьдардгийг мэдэх гэсэн юм. Тэр намайг хайж тэр хавиар арваад минут холхиж байснаа чанга чангаар хараал урсгаж эхэлсэн. Гэтэл би машин дотор нь байж байдаг. Дараа нь тэр машиндаа сууж их удаан, маш хол явсан. Энэ хооронд тэр ганцxан удаа зогссон ч би хаана гэдгийг нь мэдээгүй. Замын хөдөлгөөн, замын дагуу тусах гэрлийг ажиглахад тэр Лондонг чиглэн явж байгаа нь надад анзаарагдсан. Бас нэг удаа тэр машиндаа шатахуун хийсэн. Дараа нь тэр хэсэгхэн яваад машинаа зогсоолд тавьж буухад нь би хэдэн хором хүлээж байгаад машинаас буусан. Аз болж тэр хуучин ямбий машин байсан болохоор дохиолол байгаагүй. Би уул нь машин дохиололтой эсэхийг мэдээгүй байсан юм. Түүний машин дотроо маш муухай өмхий үнэртэй юм байна лээ. Тэр нөхөр салхинд цаг гаран зогссон ч өмхий үнэрээсээ лав салж чадахгүй ээ. Тэр ч яахав. Би харин түүний хаана амьдардгийг мэдэж авсан. Тэр муу новш намайг алахыг завдсан учраас өөрийг нь урьтаад нухчихъя гэж би бодсон.
- Гэри, ингэхэд чи яагаад бидэн рүү утасдаагүй юм бэ? Яагаад над руу яриагүй юм бэ?
- Миний бодлоор та нар түүнийг дийлэхгүй юм шиг санагдсан.
- Өө за, баярлалаа. Чи хутга хаанаас авсан юм бэ?
- Гал тогооных нь өрөөнөөс. Би өдөржин тэр хавиар холхиж, зөндөө бодсон. Тэгээд цонх нь хуучин муу цоожтой болохыг нь олж мэдээд ганцxан удаа хүчтэй мөрлөж түлхээд онгойлгочихсон. Би дотогшоо орж ойр хавийг нь бага зэрэг шиншилж үзсэн. Байшинд ямар ч чимээ анир байгаагүй болохоор нөгөө нөхрийг гэртээ байхгүй юм байна гэж бодоод би хүлээхээр шийдсэн. Тэгтэл би чиний орж ирэхийг сонссон.
- Тэгвэл чи яагаад өөрийнхөө тэнд байгааг надад мэдэгдээгүй юм бэ? Тэгсэн бол бидэнд энэ аймшигтай зүйл тохиолдохоос сэргийлж чадах байсан.
- Өө, за за, нээрээ тэгэх байсан гэж үү? Гэхдээ тэнд чинь тас харанхуй байсан болохоор би нуугдчихсан. Фостер толгой дохисноо
- Дараагийн удаа чи баатрын дүрд тоглох гэсний хэрэггүй шүү. Тэрний чинь төлөө цагдаа нар ажилладаг юм. Харин бид нөгөө охиныг олсон. Одоо тэр охинд муу юм тохиолдохгүй.
- Сайн юм болжээ. Одоо харин чи Леониг олж чадах уу?
Фостер хариу өгөлгүй хэсэг чимээгүй суулаа. Бүх хэргийн учиг тайлагдсан тул тэр Хадертай холбоо барьж Наижлтай хамт буцаж ирэхийг даалгажээ. Англи болон Америкийн цагдаагийнхан нээлттэй шугамаар холбогдож уг хэргийн талаар зөвлөлдөн, хэдийгээр шашны бүлгийнхнийг буруутгах хангалттай үндэслэл байгаа ч сууринд нэвтэрч орохоосоо одоо ч цааргалсаар байгаа билээ. Фостер санаа алдсaнаа
- Бид Леониг олсон гэлээ. Гэригийн царай гэрэлтээд ирэв.
- Нээрэн үү? Фостер толгой дохилоо.
- Тэр Америкт байгаа.
- Эгч наашаа буцаж ирнэ биз дээ? Фостер асуултанд хариулмааргүй байсан тул
- Хоёулаа маргааш энэ талаар тодорхой ярилцъя. Түүнийг буцаж ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ бид эхлээд хэд хэдэн зүйл шалгах ёстой. Түүнийг буцааж авчрахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ би чамд амлаж байна.
Гэрид гомдолтой байгаа бололтой. Энэ асуудлыг түр зууртаа хөндөлгүй хойш тавьсан нь дээр гэж Фостер дотроо эмзэглэн бодож суулаа.
- Санаснаас чи нэг удаа албан ёсоор байцаагдах ёстой. Гэхдээ энэ чамд ямар ч муу юм болохгүй. Чамд хэдийгээр хэцүү байх ч чи харин биеэ зөв авч байх хэрэгтэй шүү.
Хүү бүр унжийчихсан сууж байлаа.
- Алив бос, хүү минь. Явж нөгөө унтлагын өрөөндөө очиж унт даа. Чи өнөөдөр их хэцүү юм туулж өнгөрүүлсэн.

Дараагийн өдөр Фостер Наомитой ярилцлаа. Санасныг бодвол тэр сэтгэлийн их тэнхээтэй ажээ. Мэдээж түүний туулж амссан зовлон нүүрэн дээр нь ил харагдах ч тэр нугаршгүй хүчтэй хэвээрээ үлдэж чаджээ. Фостер охины энэ их зориг тэвчээрийг үнэхээр бахархаж суув. Гэнэт хэзээ ч санаа тавьж байгаагүй охиныхоо тухай дурсан санасан Фостерын зүрх шимширлээ. Одоо удаан хүлээж хойш нь тавилгүй энэ асуудлыг шийдэх цаг болсон бололтой.
Өөрийн эрхгүй нулимс асгаруулсаар суусан Наоми түүнийг сургуулиас харьж ирэхэд нь Чапман аваад явсан гэж хэлэв. Чапман охины араас гэтэн амыг нь алгаараа таглаж ухаан алдуулсан ажээ. Наоми шүүгээн дотор ухаан орж сэргэсэн бөгөөд тэнд хэрхэн хүрч ирснээ огт мэдэхгүй байжээ. Фостер дуугаа намсган
- Ээжийнхээ нас барсан гэдгийг чи хэзээ мэдсэн бэ? гэж асуулаа. Охин маш их шаналан гашуудаж байв.
- Цаг хугацаа хэрхэн яаж өнгөрч байгааг би огт мэдээгүй. Хоёр хоногийн дараа болов уу, би түүнээс ээж минь хаана байгаа вэ? гэж асуухад тэр надад ээжийг тэнгэрийн оронд гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө хамт байгаа гэж хэлсэн.
Тэр мөчид Фостер ярилцлагаа зогсоомоор санагдсан ч охин харин бүгдийг уудлан ярихыг хүсч байлаа. Чапман Наомид мормонизмын үндсэн үзэл санаа, зорилгын талаар байнга ухуулан ярьж түүнийг энэ шашны бүлэгт элсүүлэхээр ятгасан байна. Тэр охинд ном уншуулахаар өгч дараа нь шалгаж асуудаг байжээ. Наоми хэрвээ зөв хариулбал шагналд нь хоол унд авдаг байсан гэнэ. Чапман охинд Үнэн бодит Эрх чөлөөний Сүмийн тухай дэлгэрэнгүй ярьж, удахгүй тийшээ хамтдаа явна, тэнд очсны дараа урьд өмнө туулж өнгөрүүлсэн нүгэл хилэнцэт амьдралаа мартаж өөртэй нь гэрлэнэ гэжээ. Тэр охины дэргэд байхдаа цаг мөч тутамд сүсэг бишрэлийнхээ тухай илт хөөрч догдолсон байдалтай итгэл төгс ярьж, түүнийг ухуулан сэнхрүүлэхийг оролдож байсан гэнэ. Фостер Чапманы гэрээс Сүмийн талаар бичсэн олон тооны ухуулах бичиг, шашны бүлэглэлийн тухай танилцуулах хуудаснууд олжээ.
Цагдаагийнхан бас сүмийн гишүүдээс Чапман буюу Доминик Ашборнд илгээсэн түүний ургийн бичгийн тухай өгүүлсэн захидлууд олсон байна. Гишүүд захидалдаа түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдарч болно, бас олон эхнэртэй болгоно гэж амалжээ. Захидалд мөн 1890 онд нүгэлт үйл хийсэн хүмүүсийн үр удам үхэх тавилантай бөгөөд тэднийг алсны дараа сүнсийг нь аврахын тулд дахин адислал үйлдэн мормончуудын далбаан доор гэр бүлдээ нэгтгэж чадна гэж бичсэн байв. Бүлэглэлийн эгнээнд багтааж болох хүмүүс Америкт очиж эхийн халуун дулаан өвөрт байгаа мэт сүмийн дэргэд суурьшин амьдарч болох талаар энд бас дурьджээ. Чапманы компьютерт бүлэглэлтэй харилцаж байсан олон тооны коджуулсан цахим шуудангууд олджээ. Цахим техникийн баг одоо тэдгээр шуудангийн нууцлалыг тайлахаар оролдож байгаа ч мөрдлөгийн багийнхан хэргийн гол зангилааг олж чадсандаа баярлацгаан бүжиглэхэд ч бэлэн байлаа.
- Тэр чамд арай хүч хэрэглэсэн юм биш биз? Наоми толгой сэгсрээд.
- Үгүй, тэр намайг шүүгээнд хорьж байснаас өөрөөр намайг гомдоох зүйл хийгээгүй гэж хэлснээ зориг орсон бололтой үл мэдэг инээмсэглэлээ. Чапман охинд гар хүрээгүй, бас хэзээ ч уурлаж байгаагүй ажээ. Өргөж авсан эх нь утасдаж мэдэгдсэний дараа Чапман дээшээ гарч шүүгээний хуурамч хананы цаанаас бидний жинхэнэ гэр бүл маань байдаг тэнгэрлэг газар очих нь Бурхны хүсэл биш байсан бололтой гэж Наомид хэлжээ. Тэгээд тэр өөр арга зам хайж олно гэсэн байна. Наоми
- Тэр үед би ээжийгээ дахин хэзээ ч харж чадахгүй нь гэж бодсон гээд уйллаа. Фостер охиныг ажиглан сууж байх зуур түүнд Чапманы тархи угаалт нөлөөлсөн болов уу гэсэн бодол санаанд нь бууж ирэв.
- Чи түүний ярьсан зүйлд итгэсэн үү? Охины харц ширүүн догшин болж ирлээ.
- Бурхан гэж байдаггүй юм. Хүмүүс түүнд чинь итгэдэггүй гэж Наоми чин сэтгэлээсээ хэлэв.
Охинд олон зүйлийн талаар тайлбарлан яримаар байсан ч надад тэгэх ямар эрх байгаа билээ гэж Фостер дотроо шаналан бодлоо. Тэр хоёр нүүр гаргахыг тэвчиж чаддаггүй ажээ. Наоми хэцүү бэрхийг туулсан ч өөрийн үзэл бодлоо хадгалж чадсан байлаа.
Чапман бүр анхнаасаа сүмтэй холбоо барихыг хичээж оролдсон гэдгийг Фостер мэдэж байв. Бусдад хаягдаж гадуурхагдан учраа олохгүй төөрөлдсөн энэ хүсээгүй хүүхэд өөрийнхөө жинхэнэ гэр бүлээ олохоор шийджээ. Өргөж авсан эх нь түүнд төрсөн эхийнх нь нэрийг байнга хэлж яншаад байсан тул тэр нэг удаа төрсөн гэртээ очиход эх нь түүнийг гэртээ оруулсан байна. Тэр цагаас хойш Антони эхтэйгээ нууцаар уулзалддаг болжээ. Тэд хичнээн удаа уулзсан нь тодорхой биш байлаа. Төрсөн эх нь яагаад түүнийг өөрөөсөө холдуулж хүнд өргүүлсэн, түүнд ямар аюул заналхийлж байсан талаар ярьсан байж магадгүй юм. Эх нь байшингаа хүүдээ гэрээслэн үлдээсэн бөгөөд эхийгээ нас барсны дараа Антони байшинг өөрийн ажил хэрэгт ашиглаж эхэлжээ. Нэг удаа тэр Үнэн бодит Эрх чөлөөний сүмийн тухай олж мэдсэнийхээ дараа сүмтэй холбоо барьж өөрийн хамаатнуудын талаар болон тэдний үзэл бодлын тухай тодорхой ойлголт авсанаар өөрийн эрхгүй тэдэнтэй хамт амьдрахыг хүсэн тэмүүлдэг болсон байна. Сүмийнхэн энэ аз завшааныг алдахыг хүсээгүй гэдэг нь мэдээжийн хэрэг. Тэд аль 1890 оноос улбаатай нүгэл хилэнцийг арилгах нэрийдлээр өш хонзонгоо авахад хэрэгтэй хэн нэгнийг олсоноос гадна тэдэнд гэр бүлийн цус ойртолтыг арилгахад зайлшгүй хэрэгтэй Леони болон Наоми мэтийн залуухан охидоор цусаа сэлбэх боломж гарч ирсэн байна. Харилцаж байсан захидлуудаас харахад Антони анх Жиллиан Стамитай танилцах үедээ цусан тахилгын талаар ямар ч ойлголтгүй байжээ. Харин хэдэн жилийн дараа буюу Наомиг арван дөрөв хүрэх үед тэр өөрийгөө энэ тахилгыг үйлдэхэд бэлэн болсон гэж үзсэн байна. Сүмийн гишүүд түүнд Рэчилийг арван дөрөв хүртэл хүлээх хэрэгтэй гэж зөвлөсөн боловч тэр өөрийнхөө хийх ёстой зүйлийг бие даан хийж гүйцээх нь миний үүрэг гэж хэлсэн ажээ. Харин Рэчилийг арван дөрөв хүрэхэд ирж авна гэж Антони төлөвлөж байсан байна. Бүлэглэлийн гүшүүд түүний хэлсэн саналыг татгалзсангүйгээр барахгүй харин ч дэмжжээ.
Мөрдлөгийн үеэр олж илрүүлсэн бүх эд мөрийн баримтыг Америкийн цагдаагийн төв удирдлагад дамжуулжээ. Америкийн тал мөрдлөгийн үр дүнг хараад их л гонсойсон байна. Английн талын хүсэж байсан гол зүйл нь шашны бүлэглэлийн оршин суугаа газарт хүч түрэмгийлэн нэвтрэн орж тэдний тамын амьдралыг бусниулах явдал байсан билээ. Уг хэрэг одоо цагдаагийн газрын хүрээнээс хальж Дотоод хэргийн Яам мэдэлдээ авч цаашдын үйл явдлыг хариуцан шийдвэрлэх болжээ. Ингэснээр энэ хэрэг улс төрийн хүрээнд авч хэлэлцэх асуудал болсон байна. Леониг суурингаас хүчээр авч гаргасан ч тэр тэнд үлдэж магадгүй бололтой байв.
Фостер энэ талаар Гэрид хэрхэн яаж дуулгахаа бодох хэрэгтэй байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.01.19 4:34 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Төгсгөлийн бүлэг


Тэнгэр цоорсон юм уу гэлтэй аадар бороо хувингаар цутгах мэт орж эхэллээ. Борооны ус эхлээд толгойг нь норгож байснаа нүд рүү нь урсан ороход Фостер нүдээ цавчлан хуурай байлгахыг хичээв. Хэрвээ тэмцээн дахиад хэдэн минут үргэлжилбэл шүүгч тоглолтыг зогсоохоос өөр аргагүй болно. Тоглолтын зүлэгт талбай одоо яг Дэлхийн нэгдүгээр дайны үеийн ярганы талбар мэт цул намаг шалбаагтай болжээ.
Гэвч энэ бүхэн багаа ялалтанд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой Гэрид огт саад болохгүй байгаа бололтой. Тоглолт дуусахад хэдхэн минут үлдсэн бөгөөд багуудын онооны харьцаа 5:1 болсон ажээ. Гэри хаалганд бөмбөгийг толгойгоороо мөргөн оруулж, мөн хоёр ч удаа эсрэг талын хаалганд бөмбөг оруулахаар довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Багийн тоглогчид түүний хаана нь ч хүрэхгүй байлаа. Бөмбөгийг эзэмшиж байгаа төрөлхийн авьяас, чадварлагаар дамжуулах арга техник, богино зайнд хурдалж чаддаг түргэн шаламгай хоёр бяцxан хөл зэргээс харахад Гэри үнэхээр ховорхон олдох хөл бөмбөгчин гэдэг нь илт ажээ. Түүнд бас Фостерын мэдэх нэг төрөлхийн зан бий. Тэр хэзээ ч шантарч бууж өгдөггүй. Гэри бөмбөгийг авангуутаа үнэхээр баяр хөөртэй болж эсрэг талын тоглогчоосоо хурдан шаламгай бултаж, хэрвээ эсрэг багийн хаалганд ойрхон байвал оноо авах боломжийг огт алдахгүй байлаа.
Гэриг гурав дахь удаагаа хаалганд бөмбөг оруулахад талбайд цугласан эцэг эхчүүд, тоглолт үзэх байсан хүмүүс бүгд алга ташин баяр хүргэж, Фостер эрхий хуруугаа гозойлгон Гэрид харуулжээ. Борооны урт цув, бор ноосон малгай өмссөн нэг эр Фостерын энэ дохиог олж хараад түүнд ойртон ирлээ.
- Тэр бяцxан хүү таны хүү юу?
- Үгүй.
- Тэгвэл эцэг нь энд байна уу?
- Байхгүй, Та яах гэсэн юм бэ?
- Би тэр хүүтэй уулзаж ярилцмаар байна. Түүний ирээдүйн талаар.
- Түүнд эцэг байхгүй. Бас одоогоор асран хамгаалагч ч байхгүй. Ингэхэд та өөрөө дасгалжуулагч уу?
- Тийм ээ.
- Хаанаас явж байгаа билээ?
- Куйнс Паркын Рэнжерүүд
- Өө, үнэхээр үнэн гэж үү? Би энэ багийг дэмждэг гэж Фостер дуу алдлаа.
- Харин та тэр хүүг сайн мэдэх үү?
- Тэр мэдээж.
- Тэгвэл би танд бидэнтэй холбоо барих хаяг өгье. Бид тэр хүүг одооноос эхлэн манай шигшээ багтай хамт дасгал хийгээсэй гэж үнэхээр хүсэж байна.
- Хэзээнээс эхлэх юм бэ?
- Бямба гариг бүрийн өглөө.
- Тэгвэл дараагийн долоо хоногийн бямба гаригаас байх нь ээ? Нөгөө эр инээд алдлаа.
- Өө, тэгэлгүй яахав. Арван цагт шүү.
- Дараа дахин уулзъя. Цув өмссөн эр яваад өглөө.
Тэмцээн 5:1-ийн харьцаатай өндөрлөв. Шүгэл тасxийн дуугарч тоглогчид хоорондоо гар барилцаж байлаа. Багийн бүх тоглогчид Гэригийн гарыг атгаж мөрөн дээр нь алгадацгаана. Эсрэг багийн тоглогчид ч бас түүнд баяр хүргэж байлаа. Гэриг хувцсаа солихоор явахад Фостер хүүг хүлээхээр машин руугаа явав. Борооны ус хүзүүг нь даган урсаж, тэр ч бүү хэл хамаг яс нь усанд дэвтсэн мэт санагдана.
Хэдий тийм байсан ч Фостер маш их баяртай байлаа.
Бяцxан хүү хөл бөмбөг үнэхээр сайн тоглодог. Тэрбээр хүүг асрах гэр бүл олдсон ч гэсэн би хүүтэй уулзсаар л байна байх даа гэж бодлоо.
Хэдэн мөчийн дараа Гэри цүнхээ савчуулан гартаа лаазтай кола барьчихсан ирж яваа харагдав. Хүү Фостерын дэргэд суугаад нүүр дүүрэн инээмсэглэлээ.
- Чамд тэмцээн ямар санагдсан бэ?
- Муугүй шүү гэснээ Фостер
- Гэхдээ хэд хэдэн удаа чи авсан бөмбөгөө яах гээд байгаа чинь ойлгомжгүй байсан. Хүү нүүрээ ярвайлгалаа.
- Ихэвчлэн чи бөмбөгөөрөө өөрөө тоглохын оронд бусдад дамжуулаад байсан гэснээ Фостер хүүгийн толгойг илсэнд Гэри инээд алдав.
- Үгүй дээ, чи намайг өнөөдөр үнэхээр гайхшруулж чадлаа гэж хэлээд Фостер машинаа асаах зуур
- Надад чамд дуулгах сонин байгаа шүү гэлээ.
- Тоглолтын хоёрдугаар үеийн дундуур тантай ярилцаж байсан хүний тухай юу?
- Үгүй ээ. Тэр хүнтэй ямар ч хамаагүй. Энэ бол түүнээс ч чухал мэдээ. Тэмцээний эхний үеийн дунд хавьцаа би утасны дуудлага хүлээж авсан. Хэнээс гэж чи бодож байна? Таах гээд үз дээ.
- Чэлси юу?
- Чи ч үүнийг л хүсэж байгаа. Гэхдээ энэ биш, харин Америкийн цагдаагийн газраас ярьсан. Миний чамд ярьж байсан Леонигийн амьдарч байсан газар луу цагдаа нар очиж хүмүүсийг нь баривчилсан гэнэ.
- Өө, тийм үү? Гэри сэрдхийж царай нь хувьсxийгээд явчихав.
- Тэд бас Леонитой ярилцсан гэсэн.
Гэри одоо бүр хөл рүүгээ хараад суучихлаа.
- Леони удахгүй наашаа ирнэ.
Гэригийн нүд очтон гэрэлтэв.
- Нээрэн үү? Үнэн гэж үү? Тэгвэл би эгчтэйгээ хамт
амьдарч болох нь ээ?
- Цаг нь болтол бид жаахан хүлээх хэрэгтэй. Хэрвээ Леонигийн бүх юм зүгээр бол яагаад болохгүй гэж, тийм ээ? Гэвч бас нэг асуудал байна.
- Өө.
- Тэр хоёр настай хүүхэдтэй юм байна. Хүү гэсэн.
Гэри бүр гайхширчихсан харагдана.
- Тэр хүүдээ Гэри гэдэг нэр өгсөн байна лээ.
Гэригийн нүд гэрэлтээд ирлээ.
- Нялх хүүхдийн талаар би юу ч мэдэхгүй, найз минь. Хөгжилтэй байж болох л юм. Гэхдээ бид хамтдаа амьдарч болно биз дээ?
- Бүх бичиг баримтыг цэгцэлж дуусгана. Бас зарим нэг асуудлыг гүйцээж зохицуулах хэрэгтэй. Хэрвээ бүх зүйл жин тан болвол Леони долоо хоногийн дараа энд ирнэ.
Гэри гараа зангидан толгой дээрээ өргөлөө.
- Энэ бол сайн мэдээ нь байлаа гэж Фостер хэлэв. Хүүгийн царай дахиад хувьсxийхийг хараад Фостер инээдээ барьж дийлэхээ больж байлаа.
- Муу мэдээ гэвэл чамайг Куйнс Паркын Рэнжерүүдийн шигшээ багтай анхны дасгалаа хийж байгааг эгч чинь харж амжихгүй нь дээ.

Өглөө эрт Наижл гартаа цай барьчихсан хүлээн авагчийнхаа дэргэд сууж байлаа. Наоми Бэкингэмийн аврагдсан тухай мэдээллийг радиогийн бараг ихэнх сувгаар дамжуулж байв. Мэдээг олон удаа сонсож залхсан Наижл сувгаа солихоор товчлуурыг эргүүлтэл
- Хөөе, би яг наад мэдээг чинь сонсож байсан юм гэсээр Хадер аягатай цайгаа барьсаар гал тогооны өрөөнөөс гарч ирлээ. Тэр Наижлийн Пинк брэндийн судалтай цамцнаас өөр юу ч өмсөөгүй ажээ.
- Уучлаарай.
- Үгүй дээ, чиний зөв. Бид энэ талаар хангалттай сонссон.
Хадер Наижлын дээрээс тонгойн хацар дээр нь зөөлхөн үнслээ. Тэд гурав хоногийн өмнө Америкаас буцаж ирсэн бөгөөд Хадер одоо хүртэл гэртээ харилгүй энд байсаар байгаа ажээ.
Наижл Хадерыг өөр лүүгээ татан өвөр дээрээ суулгалаа.
- Болгоомжтой бай л даа, хамаг цай цалгиад асгарчихлаа гэж инээд алдан хэлээд Хадер аягатай цайгаа ширээн дээр тавив.
Тэднийг үнсэлдэж байтал гэнэт утас дуугарлаа. Утасны дуунаас цочсон тэд инээлдэцгээв.
- Энэ одоо надад аажмаар их шаналгаатай санагдах боллоо гэж Наижлийг хэлэхэд Хадер утсаа авах хэрэгтэй гэлээ.
Энэ нөгөө зурагтын найруулагч байсан ажээ. Сэтгэлийн хөөрөлдөө автсанаас амьсгаа нь дээрдсэн найруулагч эмэгтэй Ислингтон дахь нэгэн хийдийн харьяанд байсан загалмайлж адислаагүй оршуулсан протестантчуудын оршуулгын газрын тухай ярилаа. Арван таван мянга орчим хүн оршуулсан энэ оршуулгын газар 1863 онд хаагджээ. Тэр үеэс хойш энд хэн ч гар хүрээгүй бөгөөд харин одоо Лондон хотын хот төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа архитектор, зураглаач нарын гаргасан зураглалын гол цөм газар байрлаж байгаа ажээ. Хотын захиргаанаас тэнд худалдааны том төв барьж байгуулах шийдвэр гаргасан бөгөөд Некрополис компанийг хөлсөөр авч ажиллуулан оршуулгын газарт байгаа бүх булшийг өөр газарт зөөвөрлөн аваачиж загалмайлж адислан дахин оршуулахаар болжээ. Уг компани нэвтрүүлэг бэлтгэх багийнханд зурагтын олон сувагт зориулан ганцxан өдөр богино хэмжээний зураг авч, бичлэг хийх зөвшөөрлийг олгосон гэнэ.
Наижл Хадераас холдохыг хүсэхгүй байсан учраас амандаа хараал хэллээ. Онгоцны буудал дээр анх таксинд суухад Наижл эхлээд гэртээ бууж, дараа нь Хадер гэр лүүгээ явах төлөвлөгөөтэй байжээ. Такси Наижлын байрны урд ирэхэд тэр төлбөрөө хийгээд буух гэтэл Хадер түүнээс гэрт нь орж хамт кофе ууж болох уу гэж асуусан байна. Тэр өдрөөс хойш Хадер тэднийхээс яваагүй ажээ. Тэд орон дотроо хамт хэвтэж байх үед
- Өнгөрсөн зун чи яагаад намайг хаяснаа надад хэлэхгүй юм уу? гэж Наижл түүнээс асуужээ. Тэгэхэд өглөө байсан уу, өдөр болчихсон байсан уу, эсвэл орой байсан эсэхийг Наижл одоо санахгүй байлаа.
"Хаясан" гэдэг үгийг сонсоод Хадер бүх биеэрээ атиралдах мэт болсноо
- Би чамайг хаяагүй. Тэр үед надад их хэцүү байсан гэжээ. Дараа нь тэр эх нь нас барж гашуудан шаналж байхад нь хуучин найз залуу нь ирж өмөг түшиг болон тайвшруулж байсан тухай Наижлд ярилаа. Хадер өөртөө ямар ч итгэлгүй, эмзэг болсон тул шинээр хайр дурлалын харьцаа эхлүүлэхээс эмээжээ.
- Би чамд өөрийн зовлон шаналлыг харуулахыг хүсээгүй. Тийм тохиолдолд урьд өмнө өөрийн итгэж найддаг байсан өмөг түшгээ эрэлхийлж хайр халамж хүсдэг юм байна лээ. Тэр үед дасал болоогүй шинэ харьцаа маань аймшигтай санагдсан. Чамтай танилцаад удаагүй байснаас ч биш, бас жаахан уйтгартай санагдаж байсан гэж хэлээд Хадер хацрыг нь зөөлхөн илсэнд Наижл инээд алдлаа.
- Миний хувьд энэ чиний талаас их найрсаг явдал байлаа. Одоо харин бид цаашдаа яах болж байна? Хадер хариу хэлсэнгүй чимээгүй хэвтэнэ. Тэр одоо ухасxийж босон хувцсаа өмсөөд гараад явчих байх гэж бодсон Наижлын зүрх бараг зогсчих шиг санагджээ.
- Уйтгар гуниг гэдэг нээрээ хачин юм шүү гэж Хадер эцэст нь хэлснээ яриагаа үргэлжлүүллээ.
- Энэ чамайг гэнэт нөмрөөд авдаг учраас чи яах ёстойгоо мэддэггүй. Яг өөрийнхөө тухай кино үзэж байгаа юм шиг. Бүх зүйл урсгалаараа болж өнгөрөн, чи ганцxан өөрийн итгэж найдаж байсан зүйлээсээ л зууралдахыг хичээнэ. Ингэхээс өөрөөр байх арга байхгүй. Харин одоо би биеэ эзэмдэж өөрөөрөө байж чадна гэсэн мэдрэмж надад төрөх болсон. Тэр үед чи ухаалаг зан гаргаж намайг эрж хайн, мөшгөж мөрдөлгүй надад бодож цэгнэх хугацаа өгсөн. Би алдаа хийсэн гэдгээ ухамсарлаж байгаа ч бас өөрөөр байж чадахгүй байсан гэж бодож байна. Хадер Наижлыг эгцлэн хараад
- Би одоо амьдармаар байна. Гэхдээ ганцxан чамтай гэжээ.
- Гэхдээ чи нөгөө нөхрийг яах болж байна? ...
- Энэ асуудлыг надад үлдээчих. Чи тэрэнд санаа зовох хэрэггүй гэж Хадер түүнд амалжээ.
Наижл хэдийгээр Хадерын дэргэд үлдмээр байсан ч бодит амьдралдаа эргэн орох хэрэгтэй боллоо. Найруулагчтай утсаар ярьсны дараа тэр бүтэн гурван хоногийн турш хоёр дахь удаагаа гадагшаа гарав. Тэр эхний удаа зөвхөн сүү, талх, дарс худалдаж авахаар гэрээсээ гарчээ. Арван нэгдүгээр сарын энэ өглөө гадаа хүйтэн жавартай байлаа. Зураглаач Гай, найруулагч Лайсеттэ болон дуу авианы техникч, найруулагчийн туслагч нар Ислингтоны нэг гудамжинд байдаг бяцxан клубт Наижлыг хүлээн сууж байлаа. Ноосон малгай, бээлий өмсөж, хүзүүгээ ороолтоор багласан Лайсеттэ Наижлын өвлийн урт хүрмийг сонжин харснаа
- Чи яагаад нөгөө судалтай хүрмээ өмсөөгүй юм бэ? гэв.
- Чи арай намайг хөлдөөд үхчихээсэй гэж хүсээд байгаа юм биш биз дээ?
- Дотуур нь ноосон цамц давхарлаад өмсчихөж болно. Одоо чиний өмссөн энэ хувцасны загвар надад таалагдахгүй байна.
Найруулагчийн дэргэд байсан туслагч санал нэгтэй байгаагаа илэрхийлэх мэт толгой дохисоор сууна.
Энэ чинь загварын шоу биш гэж дотроо бодож амжсан Наижл
- Гадаа хүйтэн байгаа учраас би энэ хүрмээ өмссөн гэлээ.
- Наад урт хүрэмтэйгээ чи яг цагдаа шиг харагдаж байна.
- Өршөөгөөрэй. Утсаар ярих үедээ чи надад ямар хувцас
өмсөхийг минь хэлээгүй шүү дээ.
Уураа тэвчиж ядан байгаа загварын шоунд оролцогч нартай адилхан хоолой нь чичирхийлсэн найруулагч эмэгтэй
- За яахав, энэ тийм ч сүртэй асуудал биш гэснээ
- Харин бид киноны зураг авалтаа сайн хийх нь чухал гэж хэллээ. Дараа нь тэр Наижлд нэг бичгийн цаас өгөөд
- Энэ чиний зохиолын ноорог. Бид цогцос олонгуутаа бичлэгээ шууд эхэлнэ. Наижл болон бусад зураг авалтанд оролцож байгаа хүмүүс булшны чулуун дээрх эсвэл авсны таган дээрх хавтгай зэсэн дээр сийлсэн нэрний талаар хоорондоо ярилцах хэрэгтэй. Аль болох талийгаачийн араг ясны ойролцоо зогсохыг хичээгээрэй. Маргааш бид сүм хийдийн бүртгэл байдаг газарт очиж нас барагчдын хэн болох, хаана амьдарч байсан болон хэрхэн яаж нас барсан тухай мэдээллийг хайж байгаа Наижлын зургийг авна. Бидэнд бас булшийг зөөвөрлөн дахин оршуулж байгаа газарт бичлэг хийх боломж олдож ч магадгүй. Бас талийгаачдын одоо амьд байгаа төрөл төрөгсдийг олбол бүр сайн байна. Гэхдээ би нэвтрүүлэгт зориулсан санхүүгийн зардал арай хүрэхгүй байх гэж санаа зовж байна. Гай, чи нэвтрүүлгийг сонирхолтой болгох үүднээс орчин тойрны байдлыг тусгасан сэтгэгдэл төрүүлэхээр бичлэг хийх хэрэгтэй шүү.
- Түр хүлээгээрэй. Зохиолд дурьдагдсан хүний цогцсыг олчихсон юм уу? Лайсеттэ толгой сэгсрэв.
- Үгүй. Би эхлээд хэн нэгний араг ясыг бичлэгтээ оруулна. Дараа нь бид чиний хийж чадах зүйлд тааруулж зохиолоо үргэлжлүүлж бичнэ.
- Ойлгомжтой. Тэгвэл бид дараа нь хоёр өөр хүний тухай өгүүлж байгаа гэж хэлэх хэрэгтэй юм байна, тийм ээ? Найруулагч эмэгтэй Наижлыг юу ч ойлгохгүй байгаа юм уу гэсэн байртай хараад
- Яах гэж? Эхлээд нэг араг ясны зураг авсныхаа дараа тэр хэн байсан бэ гэдгийг бид өөрсдөө тааруулаад л оруулчихна. Эд нар чинь гаднаасаа бүгд адилхан харагдаж байгаа биз дээ. Үзэгчдэд зөвхөн нэг л хүний тухай өгүүлж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд бид бичлэгээ монтажлаад оруулчихна.
- Тэгвэл энэ чинь бусдыг хууран мэхэлсэн хэрэг болох юм биш үү? Үзэгчдийн харсан араг яс үнэндээ огт өөр хүнийх байсаар атал би өөр хэн нэгэн хүний мэдээллийг эрж олох ёстой юм шиг надад санагдаж байна.
Гай яриаг нь сонсоод хөмсгөө өргөснөө инээмсэглэхийг Наижл нүднийхээ буланд олж харлаа. Лайсеттэ бяцxан жаал хүүд юмны учир тайлбарлаж байгаа мэт
- Наижл, үзэгчид энэ талаар олж мэдэж чадахгүй гэлээ. Наижл мөрөө хавчаад
- Гэхдээ энэ надад таалагдахгүй байна. Энэ чинь үнэхээр ичгүүртэй хэрэг гэв.
- Сонсооч, одоо бид эхэлж болох уу? Харин ёс зүйн талаар хэдүүлээ дараа ярилцъя.
Тэд хэдийн засаж янзалсан зураг авалтын талбай руу очихоор оршуулгын газрын үүдээр оров. Наижл зогсох ёстой газар луугаа алхах зуур найруулагчаас авсан зохиолоо гүйлгэн уншлаа. Зүгээр нэг цээжилсэн текстээ үг үгээр нь дамжуулан хэлж байгаа мэт харагдахгүйн тулд Наижл зохиолын гол агуулгыг тогтоож авахыг хичээн нооргоо цааш унших тусам хамаг зүрх зориг нь мөс хайлах мэт дороо унтарчихав. Зохиол нь Кенсал Грийн дэх оршуулгын газарт авч байсантай яг адилхан улиг болсон нуршуу, хоорондоо авцалдаагүй хоосон үгнүүдээс бүрджээ. Тэр үед Наижл цээжилсэн шүлгээ хичээнгүйлэн унших гэж байгаа хүүхэд шиг биеэ авч явж байжээ. Харин энэ удаад бол шал өөр, Наижл өөрийн бодол санаагаа хүмүүст хүргэхийг чин сэтгэлээсээ хүсжээ. Гай зогсож байсан байрнаасаа Наижлд хандан
- Бэлэн болвол надад анхааруулаарай гэж чанга дуугаар хэлэв.
Ингэхэд надад ер нь ямар хамаатай юм бэ? Энэ зохиолыг зүгээр дуржигнатал уншчихад болох юм биш үү? Дараа нь бүгдээрээ юу нь болж байгаа эсвэл болохгүй байгааг ярилцана биз гэж Наижл бодоод урагшаа хэд алхлаа.
- Үхэгсэд бидний эргэн тойронд байдаг. Тэд заримдаа бидний бодож байснаас ч ойрхон. Зарим үед бидний ертөнц тэднийхтэй огтлолцдог. Амьд байгаа хүмүүс оршин тогтнохын тулд илүү газар хэрэгтэй болох бүрт нас барагсад бидэнд байраа тавьж өгөхөөс өөр аргагүй болно. Өнгөрсөн цаг үе одоо цагт байраа тавьж өгдөг шиг. Энд, Ислингтонд шинэ барилга байгууламж баригдах болсон шалтгааны улмаас хуучны нэг сүмийн оршуулгын газрыг өөр газарт шилжүүлэхээр болжээ. Энэ булшин доор хэвтэж байгаа хэдэн мянган хүмүүсийн цогцсыг хаа нэгтээ өөр газар луу шилжүүлэх хэрэгтэй боллоо. Одоо бид эдгээр хүмүүс хэн байсныг, хэрхэн нас барсныг, мөн тэдний түүх намтраас олж мэдэхээр энд хүрэлцэн ирээд байна. Мөн тэднийг амар амгалан тайван нойрсох шинэ газартаа очтол бид хамт байцгаах болно... Би энэ новшийн текстийг чинь хэлэхээс ч дургүй хүрч байна...
- Зогс!
- Наижл, юу болсон бэ? гэж Лайсеттэ асуугаад
- Зураг авалт сайн болж байсан. Ярианы өнгө чинь яг болж байна, чи харин арай жаахан чөлөөтэй харагдахыг хичээ.
- Энэ зохиол чинь болохгүй байна. Энд чинь таарч тохирсон юм огт алга. Өнгөрсөн цаг үе одоо цагт байраа тавьж өгдөг ч гэх шиг. Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Надад ингэж санагдахгүй байна. Харин ч одоо цагийнхан өнгөрсөн цаг үедээ жаахан ч гэсэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Зүгээр л дээр нь вальс эргэчихэж болохгүй биз дээ? Өнгөрсөн цаг үегүйгээр одоо үе гэж байх ч үгүй байсан. Лайсеттэ гоморхож уурласан харагдана.
- Энэ зохиолыг бэлэн болгоход надад ганцxан өдрийн хугацаа байсан гэж би чамд хэлсэн биз дээ?
Наижлд өөрөө буруутай юм шиг санагдав. Шүүмжлэл нь цагаа олоогүй бололтой. Уучлалт гуйхаар зэхэж байсан Наижлын толгойд нэг бодол орж ирлээ.
- За яахав. Байж болох л юм. Гэхдээ би үүнтэй чинь санал нийлэхгүй байна. Би өөрийнхөө санаа бодлыг илэрхийлье гэвэл чамд ямар санагдаж байна?
- Хүссэнээрээ хийгээд үз гэж Лайсеттэ хариулав.
Наижл байраа эзлэхээр буцаж алхах зуур газар ухагч машины чимээ сонсогдохоо больсныг ч анзаарсангүй гүн бодолд дарагджээ. Наижл эргэж хараад Лайсеттэг толгой дохиж дохио өгөхөд урагш алхлаа.
- Үхэгсэд ярьж чаддаггүй гэж хэлдэг. Гэвч энэ бол худлаа. Тэд олон янзаар бидэнтэй харилцаж байдаг. Харин үхэгсдийг ойлгож сонсохгүй байна гэдэг бол өөр асуудал юм. Урьд өмнө амьд сэрүүн байсан эдгээр хүмүүсийг таньж мэдэхийг оролдохгүй байгаа нь бидний хувьд биеэ хэт тоосон явдал гэж надад бодогддог. Бид тэднийг сонсож сурах хэрэгтэй. Энэ оршуулгын газар маш олон жилийн өмнө бидний адил амьдарч байсан арван таван мянган эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, мөн хүүхдүүд нойрсож байна. Урьд өмнө нь хэзээ ч хүүрнэж байгаагүй арван таван мянган хүний түүх намтар, магадгүй биеллээ олж чадаагүй арван таван мянган хүмүүсийн мөрөөдөл энд оршин байгаа. Тэд удахгүй тайван амгалан нойрсох шинэ газартаа очих болно. Бидний ажлын гол зорилго бол энд шинэ барилга баригдахаас өмнө эдгээр хүмүүс чухам хэрхэн аж төрж байсныг мэдэх явдал юм. Тэд хэн байсан бэ? Тэд яаж нас барсан юм бол? Булшиндаа хадгалсаар байгаа ямар нууцыг тэд бидэнд дэлгэж харуулах бол? Одоо бид энэ бүхнийг нэвтрүүлгээрээ олж мэднэ гэж найдаж байна.
Наижл бодлогоширсон харцаар дуран руу ширтэн гараа нуруундаа авч, цэхлэн зогслоо.
- Одоо цагт бүх зүйл хурдан болж өнгөрдөг тул бид юмсыг амархан мартацгаадаг болжээ. Гэвч өнгөрсөн цаг үед бидний энэ үл ойшоох байдал таалагддаггүй. Үхэгсэд зүгээр чимээ аниргүй алга болцгоодоггүй. Бид ч гэсэн тэднийг энд оршин байгааг үгүйсгэж болохгүй.
Наижл ажлаа дуусгалаа.
Урьд өмнө нь байнга цөхөрсөн байдалтай харагддаг байсан Гайгийн гайхаж догдолсон царай дурангийн цаанаас цухуйснаа
- Чи маш сайн байсан гэв. Лайсеттэ ч гэсэн баярлан толгой дохиж харагдана.
- Чи хэлэх үгээ өөрөө найруулж бич гэж найруулагч хэлээд инээмсэглэв.
- Бид Наижлийг ярьж эхлэхийн өмнө болон төгсгөлд нь хөгжмийн ая оруулна. Гэхдээ чи үнэхээр мундаг байлаа. Судалтай хүрмээ өмсөөгүй байсан чинь жаахан харамсалтай байна.
Хүн магтахад их ичдэг болохоор царай нь чавга шиг улайсан Наижл мөрөө хавчисxийв. Тэр таарч тохирсон хэдэн үг олж хэлэх санаатай амаа нээтэл гэнэт ард нь булшны нүхэн дотор ажиллаж байсан нэг хүн хашгирлаа. Нүхэн дотор хамт байсан археологчид багаж зэвсгээ орхиж, тэдний нэг нь оршуулгын газрын ойролцоo контор болгон ашиглаж байсан бор ногоон өнгийн зөөврийн байшин руу гүйлээ. Хажуугаар нь өнгөрч явсан царай нь цонхийж, амьсгаа нь дээрдсэн археологчийг Лайсеттэ түр саатуулан
- Юу болсон бэ? хэмээн асуув.
- Тэд цогцос олсон гэнэ.
- Тэгээд юу гэж? Энэ шороон доор арван таван мянган хүний цогцос нойрсож байгаа.
- Хамгийн сүүлчийн хүнийг 1863 онд оршуулсан. Гэтэл энэ цогцос энд булагдаад хоёр жил ч болоогүй байна.




Төгсөв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.01.19 4:40 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Дан Вадделын 3 дахь номыг уншсан. Франц хэл дээр болохоор орчуулахад их төвөгтэй юм байна. Гэхдээ бодож байгаад орчуулж магадгүй. Эхлээд Блэйк Пиэрсигийн 5 дахь номыг орчуулах гэж байгаа. 4 дэх номыг өнөөдөр орчуулж дуусгасан. Сонирхвол орж уншаарай.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.04.19 2:18 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Цусан төрлийг дахиж уншиж дуусгалаа, урд нь уншиж байсан ч дахиад сэргээж уншихад сонирхолтой блаа, ёстой толгой эргүүлсэн адал явдалтай шүү, маш их баярлалаа, сүүлчийнхийг маргаашнаас уншинаа


Top
   
PostPosted: Mar.04.19 3:30 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 947
Location: closer than your breath
3 Dahi dr nigel vhdeg geluu? teheer 3iig unshmaargui bn, I luv him

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Mar.04.19 7:14 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
3 Dahi dr nigel vhdeg geluu? teheer 3iig unshmaargui bn, I luv him
Үгүй ээ, Найжлыг үхүүлэх зоригтой зохиолч лав байхгүй. Гэхдээ Найл их өрөвдөлтэй байдалд ордог. Миний хоолой бүр зангирсан шүү.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited