АЛГА БОЛСОН НЬ
(РАЙЛИ ПЭЙЖИД ТОХИОЛДСОН ХЭРГҮҮД) НЭГДҮГЭЭР ДЭВТЭР
БЛЭЙК ПИЕРСИ
ОРЧУУЛСАН Д. НАРАН
2017 OH
Эхлэл
Тархи руу нь хатгуулж өвдөхөд Реба толгойгоо өндийлгөв. Түүнийг жижиг өрөөний голд шал таазны хооронд боолтоор бэхэлж тогтоосон төмөр хоолойд босоогоор нь бүсэлхий хавьцаа хүлжээ. Реба хүлсэн олсноос мултрахыг оролдон чангааж үзлээ. Гарыг нь бугуй хавьцаа, хөлийг нь шагайгаар нь нийлүүлж олсоор хүлжээ.
Тэрбээр түр зуур зүүрмэглэснээ ухаарч хамаг биеийг нь дахин айдас нөмөрлөө. Тэр эр өөрийг нь ална гэдгийг Реба мэджээ. Гэхдээ бага багаар, аажим аажмаар... Тэр өөрийг нь шууд алахыг, бас өөртэй нь хавьтахыг ч хүсээгүй. Тэр зөвхөн өвдөлтийг нь мэдрэхийг хүссэн.
Би ухаантай, сэрүүн байх ёстой хэмээн тэр бодлоо. Би эндээс зугтах хэрэгтэй. Хэрвээ би дахиж унтвал үхэх болно.
Өрөөнд халуун байсан ч хувцасгүй нүцгэн байсан Ребад их хөлөрснөөс хүйтэн санагдаж, даарч байлаа. Биеэ хүчлэн мурилзан хөдөлж бөхийж харвал нүцгэн хөлөөр нь хатуу модон шалан дээр зогсоожээ.Шалан дээр хатсан цусны толбонууд байгааг бодоход тэр энд хүлээтэй байгаа анхны хүн биш бололтой. Ребагийн айдас улам нэмэгдлээ.
Нөгөө эр нэг тийшээ явжээ. Өрөөний хаалга хаалттай харагдах ч тэр буцаж ирж таарна. Тэр дандаа эргэж ирдэг. Тэгээд эмэгтэйг хашгирч орилуулахын тулд бодож олсон бүх аргаа туршдаг. Бүх цонхыг битүүлж хадсан тул Реба одоо өдөр шөнийн аль нь болохыг мэдэж чадсангүй. Өрөөг зөвхөн таазанд өлгөсөн ганц чийдэн л гэрэлтүүлнэ. Энэ газар хаана ч байсан ялгаагүй, түүний орилж хашгирахыг хэн ч сонсож чадахгүй бололтой.
Өрөөг ягаан өнгө голлосон үлгэрийн сэдэвтэй эрээн мяраан зурагнуудаар чимэглэснээс харахад энэ урьд нь нэг бяцxан охины унтлагын өрөө байсан байх гэж тэр таамаглав. Энэ өрөөг хэн нэгэн, магадгүй өөрийг нь хулгайлсан эр устгахыг хүссэн бололтой, энд тэндгүй чулуудаж хаясан хөл нь хугарсан сандал ширээ харагдана. Бас шалан дээр мулталж салгасан хүүхэлдэйний олон хөл гар, их биенүүд ундуй сундуй хаяжээ. Хананд хүүхэлдэйнийх бололтой жижиг хиймэл үснүүдийг хадаж тогтоожээ. Ихэнх нь нямбайлж сүлжсэн харагдах ч жирийн бус, этгээд сонин өнгөтэй ажээ. Зүрхэн хэлбэртэй толь нь хагарсан ягаан өнгөтэй нэг намхан шүүгээг хананд тулгаж тавьсан харагдана. Энд бүтэн, эвдрээгүй тавилга гэвэл ганцxан уранхай ягаан өнгийн хөшигтэй нэг хүний нарийхан ор л байлаа. Энэ орон дээр Ребаг хулгайлсан эр хааяа хэвтэж амардаг ажээ.
Тэр эр хар өнгийн гипсэн багныхаа цаанаас гялтганасан товч шиг бараан нүдээрээ түүнийг хардаг. Түүнийг багаа байнга зүүхэд нь Реба анхандаа бага зэрэг тайвширчээ. Нүүрээ харуулахыг хүсэхгүй байгаагаас үзэхэд магадгүй тэр өөрийг нь алах гээгүй, харин тавьж явуулах гэсэн юм болов уу?
Гэвч тэр багийг өөр зорилготой зүүж байгааг Реба хурдан ойлгожээ. Багийн ард богино эрүү, зулай руугаа хэт налсан дух нуугдаж байгааг тэр харсан. Тухайн хүнийг энгийн сул дорой нэгэн болохыг илтгэдэг эдгээр шинж тэмдгийг Реба сайн мэднэ. Тэр эр чадалтай хэдий ч эмэгтэйгээс намхан болохоор өөртөө итгэлгүй байсан. Тэр зөвхөн өөрт нь айдас төрүүлэхийн тулд багаа зүүдэг гэдгийг Реба мэджээ.
Реба өөрийг нь өвтгөхгүй байхыг түүнээс гуйгаад нэмэргүй гэдгийг мэдсэн. Тэр эхлээд өөрийгөө түүнээс илүү ухаантай юм чинь ингэж чадна гэж бодож байжээ. Тэгэхэд би магадгүй ухаантай байсан байх гэж тэр гуниглан бодлоо.
Хөлс, нулимс нь хөхөрч хавдсан нүүрэн дээгүүр нь урсаж, толгойноос гарсан цус үсэнд нь наалдсаныг тэр мэдэрлээ. Нүд нь торж өвдөнө. Нөгөө эрийн шахалтаар нүдэндээ линз хийх хэрэгтэй болсон бөгөөд үүнээс болж тэр маш муу харж байв.
Би ямар харагдаж байгаа бол?
Rеба толгойгоо унжуулаад одоо үх гэж өөрийгөө ятгалаа. Ингэсэн нь хамаагүй дээр. Өмнө нь энд байсан хүмүүс эрт үхсэн гэдэгт тэр итгэлтэй байв.
Гэвч тэр ингэж чадахгүй. Ингэж бодсон тэрбээр зүрх нь дэлсэж амьсгал нь давчдахад бүсэлхийгээр нь ороож хүлсэн олс чангарав. Өөрийг нь үхэл хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан ч түүнд аажмаар нэг шинэ мэдрэмж төрлөө. Энэ бол айдас, цочирдол цөхрөлийн аль нь ч биш. Энэ харин өөр зүйл байв.
Энэ юу юм бол? Тэр гэнэт ойлголоо. Энэ бол уур хилэн ажээ. Энэ уур хилэн өөрийг нь хулгайлсан хүнээс болж төрсөн биш. Түүнд гаргаж байсан уур хилэн аль хэдийн арилсан. Энэ бол би өөрөө юм байна гэж тэр бодлоо. Tүүний хүссэнийг би хийж байна. Намайг орилж, ёолж, уйлж, өршөөл эр гэхэд би хэлснийг нь хийж байна.
Түүнийг амт муутай хүйтэн шөл соруулаар өгөхөд тэр уудаг. Хоёр хүүхдийн эх тэрбээр өрөвдөлтэйгөөр мэгшин уйлахад тэр эрийн сэтгэл ханадаг ажээ. Толгойд эргэлдэх дэмий бодлоо таягдан хаях тэр мөчид Ребад илүү дээр шинэ санаа төрлөө. Магадгүй өөрөөр оролдож үзэх хэрэгтэй бололтой. Энэ өдрүүдэд тэр хүлээснээсээ ангижрах гэж олон удаа оролдсон. Гэтэл нарийхан хулсны хөндийгөөс сугалахыг оролдох бүрт хуруу нь улам чанга хавчигддаг хятад тоглоом шиг энэ оролдлого буруу байжээ. Сайтар тунгаан бодож арга ухаан сийлэх хэрэгтэй. Энэ л зөв шийдвэр бололтой.
Реба булчингуудаа нэг нэгээр нь суллаж эхэлтэл бүх хөндүүрлэж хөхөрсөн газраа хүлээсний олсыг мэдэрлээ. Тэгээд олс хаана чанга шигдэж орсныг мэдэрч чадав.
Эцэст нь тэр юу хийхээ мэдлээ. Баруун хөлний шагайг сулавтар ороожээ. Одоохондоо хөлөө шууд сугалах гэж оролдох хэрэггүй, учир нь бүх булчингаа сулласан байх ёстой. Реба хөлийнхөө шагайг аажуухан нааш цааш хөдөлгөж олс улам сулрахыг мэдээд хөдөлгөөнөө хурдасгалаа.
Шагай нь суларч, тавхайгаа бүрэн чөлөөлж чадсан Реба гайхаж, сэтгэл өөрийн эрхгүй догдлов.
Тэр шал руу харлаа. Анчны хутга өөрөөс нь нэг метрийн зайд салгаж хаясан хүүхэлдэйний эд ангиудын хооронд хэвтэж байлаа. Нөгөө эр хутгаа тэнд, дэргэд нь шахам зориуд орхих бүртээ чанга чанга хөхөрдөг ажээ.
_________________ Sakura
|