#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.18 9:10 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8
Author Message
PostPosted: Jul.27.17 3:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Хамгийн чухал яагаад Микияад дурласнаа мартчихсан юм бж. Шики нээрээ Мики гэж үг сонсонгуутаа түшихээ больж нтр :hihi:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.07.17 6:13 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
4.

Нүд ирмэхийн зуурт өдөр өнгөрч, бодсоноос эрт нар жаргалаа. Зургаан цаг дөхөж, Рейн сургуулийн хөл хорио эхлэх болсон тул сурагчид дотуур байран дахь өрөө рүүгээ хандан хөлхөлдөж байв. Бид хоёр хоолны танхимд хооллочихоод бусдын жишгийг даган Азакагийн өрөө рүү буцлаа.
Цонхны цаана одон хөнжил нөмөрсөн шөнийн тэнгэр үзэгдэнэ. Сургуулийн нутаг дэвсгэрийг түнэр харанхуй бүчин авч, гэрэлтэй цонх болон замын хажуугийн гэрэлнүүд энд тэнд хэсэг бусаг газрыг гийгүүлэх ажээ. Салхи уухичин исгэрч модод сэрчигнэн шуугихаас ондоогоор аниргүйг эвдэх зүйл байсангүй. Дотуур байртай байгаагүйсэн бол энд сурах үнэндээ таатай байж мэдэх л юм. Миний сурдаг сургууль (сурдаг гэсэн нэр төдий л дөө) Токио хотын төвд байдаг тул бүтэн өдрийн турш ер бусын чимээ шуугиантай байдаг билээ.
Би Азакагаас түрүүлэн өрөөнд орж, урин дуудах орны хоёр давхарт гарч суув. Азака хойноос орж ирмэгцээ хаалгаа түгжээд үсээ шидэн над руу эргэлээ. Тэр сэтгэл зовсон харагдана. Миний зүг хуруугаараа чичиж:
-Шики, чи надаас юм нуусан гэв.
-Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Бас шударга байвал яасан юм? Чамд ч гэсэн надад хэлээгүй зүйл байгаа л биз дээ?
-Тэнэг ээ, би эд зүйлийн талаар ярьж байна. Яршиг удалгүйхэн шиг хоолны өрөөнөөс хулгайлсан хутгаа өгөөдөх гэж Азака цухалдан давшлав.
Би мэл гайхав. Би үнэхээр хоолны өрөөнөөс талхны хутга сэм авч, ханцуйндаа нуусан байлаа. Азака хүртэл анзаарчихсан байхыг бодоход нэг бол хутга дэндүү том байсан, эсвэл би зэвсгээ бусдын нүднээс нууж хааж чадахаа больсон бололтой. Үнэндээ 11-р сард өөрийн болгож авсан илдээр дэндүү их сургуулилсны гайгаар нууж далдлах чадвар минь мохсон байхыг үгүй гэх газаргүй байлаа.
-За боль доо, ямар иртэй ч биш дээ гэж би эсэргүүцэв. Гэвч миний тайлбар Азакад ер чухал санагдсангүй бололтой, ор руу ойртлоо.
-Тэр хамаагүй. Чиний гарт орсон болгон үхлийн зэвсэг болдог. Намайг байгаа цагт сургууль дээр ямар ч санамсаргүй үхэл тохиох ёсгүй.
-Энд хэдийн хүн үхчихээд байгааг тооцож үзвэл чи тун тааруухан ажиллаж байгаа юм байна даа.
-Осол, аллага хоёр чинь ялгаатай зүйл. Хангалттай. Хутгаа өгөөдөх. Хөлдүү толгой чинь ойлгох хүртэл би ирсэн зорилгоо хичнээн удаа давтаж хэлэх ёстой юм?
-Тулалдалгүйгээр мултарна гэж одоо ч бодсон хэвээр байгаа бол чи миний санаснаас ч мулгуу юм.
Би хутгаа хураалгах шинж огтхон ч үзүүлсэнгүй тул Азака ор өөд мацлаа.
Би тоглоогүй байлаа. Бас хутгыг зүгээр ч нэг хулгайлсангүй. Би Азакад шидэт дагина үгүй хийсэн тухайгаа хэлснээс биш хатгуулж амжсанаа яриагүй байв. Тэр хатгалт Ожи Мисаяад миний дурсамжийг онгичиход хангалттай байсан үгүйг хэлж мэдэхгүй ч, ямар ч тохиолдолд надад дахин тийм байдалд орох хүсэл ер байсангүй. Дээрээс нь миний ханцуйндаа шургуулсан хутга баячуудын сургуулийнх гэхэд хүртэл гоёдохоор тун нарийн чамин хийцтэй учраас эндээс авч гардаг л юм бол цуглуулганы минь чимэг болох байв.
Азака хоёр давхрын орны толгойд байх шатны гишгүүр дээр зогсоод:
-Үнэхээр өгөхгүй юм биз дээ? гэж дахин лавлав.
-Би чамайг бух шиг зөрүүд гэж өмнө нь хэлж байсан билүү? Тийм ч сэтгэл татам чанар биш шүү. Ийм болохоор чинь л Микияа чамтай уулзана гэсэн амлалтаа зөрчдөг юм. Жишээ нь саяын шинэ жил байна.
Азака байж ядан нүүрээ үрчийлгэлээ. Би түүний эмзэг газрыг олоод хатгачихсан бололтой.
-За яах вэ, би тэртэй тэргүй энэ мөчийг удаан хүлээсэн юм гэчихээд Азака хамаг хүчээрээ миний зүг үсрэв. Би түүний эрчинд шидэгдэн, сууж байсан газраа хойш унаж, Азака миний дээр гарч ирлээ. Тэр итгэхийн аргагүй хүчтэй байлаа. Намайг өчүүхэн ч өндийлгөлгүй ортой наалдуулан дарж, ханцуйн дахь хутга руу гараа сунгав.
Азака бол халуун цочмог охин. Түүнийг уурлуулбал шархдаж, буланд шахагдсан баавгайтай адил болно. Ийм үед нь хэл амаараа сэнхрүүлж нэгэнт хүчрэхгүй тул би энэ тэнэг явдлыг дуусгахын тулд аргагүйн эрхэнд ханцуйнаасаа хүслэнт хутгыг гарган ирж түүнд өглөө. Хутгыг авмагцаа Азака орноос буун, ширээ рүүгээ явж, харин би хэвтсээр үлдэв.
-Ямар муухай бух шиг хүчтэй юм бэ? Гар хөхөрчихлөө байна. Энд ямар хоол өгдөг юм бэ, стеройд юм биш биз?
-Талх, ногоо гээд л ердийн л хоол. Баярлалаа гэж Азака даажинтайгаар хариулаад хутгыг ширээнийхээ шургуулганд хийж, цоожилсон эсэхээ нягтлан шалгав. Би дээш өндийн түрүүчийнхээ байрлалаар суугаад Азакаг араас нь ширтлээ. Амаа хамхиад суух нь зөв байсан ч, би дуугүй байж чадсангүй.
-Би чамайг ийм хүчтэй гэж мэдсэнгүй. Цаг нь ирэхэд Микияаг орноос өндийлгөхгүй байж дөнгөх л юм байна.
Намайг үгээ хэлж гүйцээгүй шахам байхад Азака чавга шиг улайлаа. Үнэнийг хэлэхэд тэр цаашаа харж байсан учраас би царайг нь яг ч харсангүй боловч чих нь улайсан нь харагдаж байсан юм.
-Айн, ю...у гэж тэр ээрэн түгдчээд, үгээ гүйцээлгүй чимээгүй болж, эргэн харлаа. Тэр шүү, нүүр нь улайсан гэж бүр мэдээд байсан юм аа.
-Чи сая юу гэчихэв?
-Юу ч биш. Ямар ч байсан надад чухал юм биш.
Азака миний дүйвүүлэн булзааруулах оролдлогыг тоосонгүй, над руу цоо ширтэж, би ч түүний мэнчийж хүрэнтсэн нүүрийг ширтлээ. Цагийн зүү зуунтаа дуугарах шиг санагдах үед Азака сая амьсгаа авч, санаа алдав.
-Чи мэддэг юм бий вий.
Тэр миний хариултыг хүлээх зуураа амьсгаа хураачих шиг болов.
-Түрүүлж мэдсэн хүн нь би биш гэдгийг л хэлье. Гэхдээ зоволтгүй, Микияа юу ч мэдэхгүй.
Азака уужирч, амьсгаа авлаа. Би худал хэлсэнгүй. Анхны уулзалтын үеэр Азакаг нэвт шувт харсан хүн нь би биш ШИКИ байсан юм. Ингээд л ШИКИгээр дамжуулан Шики ч бас мэддэг болсон хэрэг. ШИКИ байгаагүй бол би ч мэдэхгүй л байх байсан. Учир нь Азака Микияагийн хажууд ихэд болгоомжтой биеэ авч явдаг, эзгүйд нь ч ахынхаа талаар үг унагах нь ховор байдаг билээ. Тэр бүү хэл намайг ахад нь муу нөлөө үзүүлж байгаа тухай биш л бол Микияагийн тухай яриа гарвал сэдвийг өөр тийш нь хазайлгадаг юм.
Азака биеэ хүчлэн барьж, ердийн байдалдаа эргэн ороод над руу дахин харлаа.
-Надад уур чинь хүрэхгүй байна уу?
Би яагаад уурлах ёстойгоо ойлгосонгүй. Ямартай ч уурлаагүй тул толгой сэгсэрч орхитол Азака гайхсан янзтай болчихов.
Байзаарай, бид Микияагийн тухай ярьж байгаа биз дээ? Гэхдээ тэр миний ... биш шүү дээ.
Би энэ бодлоо толгойноосоо авч хаяхын тулд аманд орсноо бурав.
-Та хоёр чинь ах дүү биз дээ? Яагаад ийм болчихсон юм?
Би өөрийн мэдэлгүй хамгийн аюултай сэдвийг хөндөж орхисон боловч Азака тайван байдлаа алдсангүй, нүдээ эргэлдүүлэн бодлогоширлоо.
-Учир нь ... Учир нь би онцгой байх дуртай. Бүр тодруулбал намайг эсэргүүцэн түлхэх, хориотой зүйлд дуртай. Тэгээд л Микияаг сонгосон. Тэр... Тэр миний сэтгэлд ижил хариу өгөхгүй... өгч чадахгүй. Магадгүй тэр нь ч надад дээр санагддаг байх. Би азтай хүн шүү. Үргэлж хайртай хүнийхээ дэргэд байх болно шүү дээ.
Миний инээд хүрэв. Гэхдээ Азакагаас болсонгүй, ердөө л хачин сонин хүмүүс бүгд Микияад талтай байх юм гэсэн итгэхэд бэрх хэрнэ голыг нь олсон бодолдоо инээд хүрч байлаа.
-Өвчтэй амьтан.
-Өөрийгөө хэл.
Бид хоёул бэлэн түргэн, бүдүүлэг үг хэлснээ мэдэж байсан ч, дахин хэн нь ч юу ч хэлсэнгүй, чимээгүй болов. Дараа нь Азака инээмсэглэж, би ч бас инээмсэглэлээ. Ийм байдлаар бид энэ сэдвийг бүрмөсөн хаахаар үг дуугүйхэн тохиролцож, унтахаар хэвтэцгээв.

Азака дэр толгой нийлэв үү, үгүй юу дугжирч гарсан тул түүний өмнө мөрдөж мөшгих ажил овоолоотой байгаа нь эргэлзээгүй болов. Харин шөнийн цагаар шар шувуу шиг сэргэг байдаг надад сургуулийн хуваарь харшилж, заасан цагийн дагуу унтаж сэрэх амаргүй байлаа. Би удтал сэрүүн хэвтэж, цагийн зүү хоёр цагийн турш чаг чагхийхийг чагнан, дэмий л орны эсрэг талын цонхоор гадагш гөлрөн байв. Сургуулийн талбайд ёлтойж асан цөөн хэдэн гэрэл бүгд унтарчээ. Цаана нь өтгөн шигүү навчсыг нь сарны туяа ч нэвтэлж үл хүчрэх түнэр харанхуй ой үзэгдэнэ. Модод сарниахын аргагүй битүү нам гүмд хүндээр дарагджээ.
Би аль болох чимээ гаргахгүйг хичээн, зүүн ханцуйндаа гараа шургуулав. Азака намайг хоолны танхимаас хоёр хутга авсныг мэдээгүй юм. Би хутгаа ханцуйнаасаа сугалан гаргаж ирээд толгой дээрээ өргөвөл цонхны цаанаас тусах сүүмгэр гэрэлд ир нь гялалзан харагдав. Би энэ хутгыг шаардлага гарах үед хэрэглэж, Азакагийн авсныг дурсгал болгон авч харихаар төлөвлөсөн байсан юм. Хэдийгээр хутгаа сэвтээх шаардлага гарахгүй байхыг би хүсч байсан ч, ингэж найдаад нэмэргүй болсныг ойлгож байлаа.
Би дахин цонх руу эргэж, ойн зүг хараа бэлчээв. Гэтэл Рейн сургуулийн түнэр харанхуй дунд бяцхан гэрэлнүүд гэрэлт цох адил нисэлдэж байх нь тодхон үзэгдэв.
-Өнөө шөнө бүгд л завгүй байх шив.
Тэд багаар бодоход арав, хориулаа байлаа. Би тэднийг урд шөнө мөн харсан боловч гэрэл ердөө ганц хоёрхон байсан тул зөв харсан эсэхдээ эргэлзээд өнгөрсөн юм. Харин одоо тэднийг шидэт дагина гэдэгтэй маргах аргагүй болсны дээр өнөөдрийн байр байдал нь сэжиг бүхий байв. Магадгүй өдөр Азакад тохиолдсон явдлаас үүдэлтэй байж болох юм. Тэднийг удирдаж байгаа шидтэн төлөвлөгөөгөө түргэвчлэхээс өөр аргагүй болж л дээ. Цонхоор тусах сарны бүдэгхэн туяа хутганы ирэн дээр тунаран гялалзаж, би:
-Чамайг тун удахгүй туршиж үзэмз гэж шивнэлээ. Би Рейн сургууль дээр сүүлийн удаа хонож байгаадаа итгэлтэй байв. Болох ёстой бүхэн маргааш өрнөх нь тодорхой юм.


Last edited by zolushka_717 on Aug.07.17 6:13 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.08.17 12:49 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хоосролын тэмдэглэл V

-Үүний юу нь сайхан байгааг би ойлгохгүй байна гэж би хэлэв.
-Арга үргэлж олддог юм. Эвдэрснийг засах арга үргэлж байдаг гэж эрэгтэй хариуллаа.
-Намайг ч гэсэн үү? гэж би асуув.
-Би бүгдийг дахин бүтээж, бүрэн бүтэн болгож чадна. Чи нүгэл хилэнцгүй. Харин цэвэр ариун зүйл хиртэж бохирлогдсон зүйлд хүрэх ёсгүй. Чи байгаагаараа л үлд, тэгвэл бүх зүйл сайхан болно гэж тэр хариулав.
-Гэхдээ би цэвэр ариун гэж үү? Урьд нь тийм байсан байж магадгүй. Харин одоо бол... сайн мэдэхгүй юм.
-Чиний дотор өсөн төлжих харанхуйг чи гараараа түлхэн зайлуулдаг ч гэлээ, гар чинь цэвэр ариун хэвээр гэж тэр толгой дохиод, эелдгээр инээмсэглэж:
-Энэ чигээрээ ч үлдэх ёстой юм. Хир буртаг хорвоо ертөнцийн хувьд хорт хавдартай адил. Тиймээс устгах ёстой. Үеэс үед дамжин, төгсөшгүй давтагдсан хиртэж бузарлагдсан зүйлийг устгах нь өршөөлөөс өөрцгүй. Тиймээс үүнд гар дүрж өөрөө бохирдохгүйн тулд хүн өөр нэгнийг ашиглах ёстой юм хэмээлээ.
Гэхдээ дараа нь юу болох бол? Би хариулж чадсангүй. Бас энэ бүдүүлэг асуултаа түүнд гарган хэлж чадсангүй.
-Мөнхийн хугацаа хайр найргүй учраас гашуудал харамсал дахин сэргэж эзэндээ буцаж очих учиртай юм. Хоосрол руу замхран алга болсон гэж бодож болох ч, дурсамж бичлэг шиг давтагдаж байдаг гэж тэр хэлэв.
-Би юу ч мартаагүй хэмээн би хариулав.
-Хоосрол бол хүний ухамсраас алга болж, зүүдний уудам ертөнцөд тэнүүчлэн одсон бодлууд. Мартагддаг ч үгүй, алга болдог ч үгүй гэж тэр шийдмэг хэлэв.
Тэгвэл миний дурсамжин дахь хоосон зайг яаж тайлбарлах болж байна вэ?
-Би ойлгохгүй байна. Миний аль хэсэг алга болсон юм бэ?
-Ахтай чинь холбоотой бодол зүүднүүд гэж эрэгтэй хариулаад:
-Чи хүсэх юм бол би тэр хоосны цуурайг дахин сануулж болох юм гэж хэлэв.
Зөвшөөрөхөд амархан байлаа.

1-р сарын 6. Лхагва гариг.
Сүүлийн хэдэн өдөр тэнгэрийн араншинг урьдчилан таахад хэцүү байсангүй, өглөө нь бүрхэж, шөнөдөө цэлмэж байв. Өнөө өглөө ч мөн ялгаа байсангүй, ойрын үед ч энэ чигээрээ байх төлөвтэй байлаа.
Би сэрэнгүүтээ хамгийн түрүүнд цаг хараад:
-7:30 гэж согтуу хүн шиг бувтнав. Би бүтэн цаг илүү унтаж орхисондоо итгэж ч чадсангүй. Шалавхан орноосоо буун, унтлагын хувцсаа тайлж, дүрэмт хувцсаа углаад, үсээ самнаж, эцэст нь дээд талын орон дээр унтаж байгаа Шикиг сэрээх гэж үзэв.
Би дахин дахин дуудсан боловч Шики хүний урманд татав ч хийсэнгүй. Надаас сүүлдэж, орой унтсан нь өөрийнх нь л буруу. Гэтэл тийм орой унтсан хэрнээ дүрэмт хувцсаа тайлж, унтлагын хувцас өмсөх цаг гаргаагүй байдаг байна шүү. Гэхдээ халуун, хүйтний талаар гомдоллож байгаагүйг нь бодоход ямар нэг хүндрэл үүсээгүй биз ээ.
Битүү нөмөрсөн хөнжил доороос шүд хавирах чимээ дуулдав. Ядаргаатай гэдэг нь. Гэсэн ч бусдаар огт хөдөлсөнгүй, таг дугжирсаар байсан тул би Шикиг сэрээх гэхээ больж, бууж өглөө.
Бидний ажиглалт хийх даалгаварт өөрчлөлт ороогүй байгаа билээ. Ожи Мисаяатай тулгарсан явдал бидэнд огт нэмэр болохгүй. Хэрэгтний хэн болохыг мэдсэн ч, устгах эсвэл барьж авах хэрэг байсангүй. Тэгээд ч би Ожи Мисаяаг дотуур байранд байхгүй гэж бодож байлаа. Өчигдөр үдэш болохын өмнөхөн би тэрний хаана байгаа талаар чих тавьж үзэхэд, өглөө нь өвлийн амралтаараа гэртээ харих хүсэлт гаргасан байсан юм. Өөрөөр хэлбэл сургуулийн зүгээс Ожи Мисаяаг Рейнд байхгүй (гэхдээ багаар бодоход биднийг уулзах хүртэл энэ нь худлаа байсан л даа) гэж тооцож байгаа гэсэн үг. Хэрэв тэрний толгой гайгүйхэн ажилладаг бол өргөдлийнхөө дагуу гэртээ харьж, Шики бид хоёртой дахин таарах гэж оролдохгүй байсан нь дээр юм.
Гэсэн ч яагаад ч юм би түүнийг дайснаа гэж тооцохгүй байгаа ч, Ожи энд хийх ажлаа дуусгаагүй гэж үзэж буйн зэрэгцээ надад сүүлчийн удаа ухрах зөвшөөрөл олгосноосоо үл хамааран дахин ямар нэг зүйл төлөвлөсөн юм шиг санагдаад болж өгсөнгүй. Тэрнийг өнөөдөр газрын хаанаас ч юм гарч ирээд бидэн рүү гэнэт довтолно гэж төсөөлөхөд бэрх боловч гурав бол азтай тоо шүү дээ. Тиймээс би бэлтгэлтэй байх үүднээс Шид долгионжуулагч саламандер гүрвэлийн арьсан бээлийгээ халааслаад өрөөнөөс гарлаа.
Хонгил чөмөг царцаам хүйтэн байсан тул биеийнхээ дулааныг алдахгүйн тулд зогсолтгүй хөдлөхөөс өөр аргагүй байв. Би 10г ангийн сурагчдын өрөөгөөр очсон боловч ихэнх нь гараад явчихсан байлаа. Миний уулзсан хэд надад тус болж чадсангүй. Тэд нүд рүү эгцэлж огт харахгүй, унтаагаараа яваа юм уу гэмээр байдалтай байв. Надтай ярилцахаасаа огцом дургүйлхэж байгаагүй бол би тэднийг мансууруулах бодис хэрэглэсэн гэж итгэхэд бэлэн байлаа. Тэдний харц гэнэтхэн л айдас, зэвүүцлээр солигдож орхино. Шики миний дэргэд байж, тэдний дайсагналыг номхруулан дарж байсан бол муугүй л байх санж. Гэсэн ч энэ нөхцөлд охидын амнаас юу ч олж дуулахгүйгээ ойлгосон би арга мухардаж, дараа оролдож үзэхээр шийдлээ.
Чингээд би дотуур байрнаас гарч, хичээлийн төв байранд очоод багш нарыг шалгааж эхэлсэн боловч тэд найрсаг хандсан ч, аанай л нэмэр болсонгүй. Надад хайран цагаа үрэн таран хийж орхисон мэт санагдаж, Шикитэй уулзаж, өмнө олсон мэдээллүүдээ дахин шинжлэхээр өрөө рүүгээ буцлаа.
Шики янзандаа нам унтаж байлаа. Түүний зовхи хөдлөх шиг болсонд би сэрлээ гэж горьдсон боловч хэдэн хором хүлээсний эцэст зүүдэлж байгааг нь ойлгов. Миний урам хугарч, би ширээнийхээ ард суугаад ухаанаа уралдуулж эхэллээ.
Өчигдөр эмнэлгийн бичиг цаасыг хичээнгүйлэн онгичиж Тачибана Каоригийн талаар олж авсан мэдээлэл хайгуулын замд минь гэрэл тусгах шиг болсон юм. 10г ангийн биеийн тамирын хичээл ихэвчлэн аялалын журмаар ордог байжээ. Гэвч тэр тийм ч чухал байсангүй. Манай сургуульд энэ нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд сувилагч ч бас үүнийг давхар баталсан. Харин аялалын өдрүүдийг Тачибанагийн эрүүл мэндийн бүртгэлтэй харьцуулах үед чухал мэдээлэл ил болж ирсэн билээ.
Бусад сургуульд ямар байдгийг мэдэхгүй ч, Рейнд сурагчдын биеийн байдлын талаар ойлголт авахын тулд сарын тэмдэг ирсэн хугацааг нарийн бүртгэдэг байлаа. Харин эл бүртгэлийг шалгах явцдаа Тачибана сарын тэмдэг ирсэн үеэрээ аялалаас чөлөөлөгддөг байсан ч, сүүлийн үед ингэхээ больсныг би олж мэдээд сувилагчаас тодруулж асуусан юм. Сувилагч түүний сарын тэмдэг нь хугацаанаасаа хоцорсон хэмээн тайлбарласныг сайн санаж байлаа. Түүгээр ч зогсохгүй хэт их дарамтанд орсноос болж сарын тэмдэг хоцрох тохиолдол бий гэж надад баталсан боловч сувилагч түүний нөхцөл байдлын талаар ямар ч ойлголтгүй нэгэн билээ.
Сарын тэмдэг нь хугацаанаасаа оройтсон нь үнэн ч байж болно. Гэвч дараа сард нь нас барчихсан болохоор баттай дүгнэлт гаргах аргагүй байлаа. 10-р сард сарын тэмдэг нь огт ирээгүй ч юм билүү. Хэрэв тийм бол хамгийн боломжит шалтгаан нь жирэмслэлт байж таараа.
Эхлээд сарын тэмдэг ирэхээ болино, дараа нь гэдэс хэвлий дотроос өдөр өнгөрөх тусам ямар нэг зүйл мэдрэгдэж эхэлнэ. 9-өөс 11-р сарын хооронд Тачибанагийн сэтгэл санаа авах юмгүй байсан биз ээ. Рейн охидын сургуульд бие давхар болох нь аллагаас аймшигтай нүгэлд тооцогддог юм чинь. Жирэмсэн болно гэдэг чинь удирдлагын зөвшөөрөлгүйгээр сургуулийн нутаг дэвсгэрээс дураараа гарч, хотод очоод, ямар нэг шалтгаанаар бэлгийн харьцаанд орсон гэсэн үг шүү дээ. Ийм зүйл захирал болон гэлэнмаа нарын чихэнд хүрвэл тэд ухаан алдаж унацгаах нь лав. Мэдээж бас хатуу чанд, хуучинсаг католик үзэлтэй Каоригийн эцэг эх охиноо өршөөхгүй нь ойлгомжтой.
Тэр гарах гарцгүй болжээ. Үр хөндүүлэхийн тулд эмнэлэгт очих хэрэгтэй болно. Харин эмч нар эцэг эх болон сургуулийн удирдлагад мэдэгдэх үүрэгтэй. Тачибана эмчлэх зөвшөөрөлгүй, хууль бусаар ажилладаг эмч мэддэггүй байсан гэдэгт би мөрий тавихад ч бэлэн байна. Мэддэг байлаа ч, тиймэрхүү хүмүүсийн гарт өөрийгөө даатгах эсэх нь тун эргэлзээтэй. Тиймдээ ч гэдэс нь томорч бусдын нүдэнд өртчих вий гэхээс сүнсээ зайлтал айн, хэдэн долоо хоногийн турш цаазаар авахуулах өдрөө хүлээж буй ялтан шиг амьдарчээ.
Гэвч Ожи Мисаяагийн Тачибанагийн талаар ярьсан үнэн бол уламжлалт католик шашныг үнэнчээр сүсэглэдэг охин тийм харилцаа үүсгэсэн баймааргүй л юм даа.
-Хүчинд автсан юм болов уу? Тэгвэл Хидэо Хаяама байхаас зайлахгүй гэж би шивнэв. Өөр хэн байх вэ дээ? Тэгээд ч бүх юм тохирч байна. Хидэо Хаяама Тачибана Каориг хүчирхийлээд, хөл хүнд болсныг нь мэдмэгцээ нотолгоог устгахын тулд дотуур байранд осол юм шиг харагдуулахаар гал тавьж, охиныг хөнөөсөн байх боломжтой юу? Нэлээд бүдүүлэг таамаглал ч гэлээ, Хидэо Хаяама тийм зүйл хийхээс сийхгүй хүн шиг надад санагдаж байв.
Бас өөр нэг зүйл бий. Сувилагч Тачибана Каориг хүнд дарамтанд орсон тухай дурдсан. Үүнийг орхигдуулж болохгүй гэж би бодож байв. 10г анги ямар нэг юм нуугаад байгаа мэт надад санагдаж байсан нь Конно Фүмиотой уулзах үед баттай болж лавширсан шүү дээ.
-Каориг гадуурхаж байж гэж би зовнингуй шивнэв. Ийм байх бүрэн боломжтой. Тэр анги дотроо сурлагаараа манлайлдаг байсны сацуу бусад шигээ шилжиж бус Рейн дунд сургуулиас анги дэвшин суралцсан цорын ганц сурагч. Гадуурхал иймэрхүү шалтгаанаас л бий болдог. Тэгвэл ангийн дарга нь яасан байж таарах вэ? Конно Фүмио тийм явдлын хажуугаар нүдээ аниад өнгөрөх хүн биш шиг л байсан даа. Ангийн даргад Тачабинагийн хүнд байдлыг тоохгүй өнгөрөх шаардлага тулгарсан бол тэр нь тун ноцтой шалтгаантай байж таараа.
-Ангийнхан нь бүгд хөл хүнд болсныг нь мэдсэн байж болох юм.
Ийм шалтгаан хангалттай. Үүнээс болоод Конно Фүмио энэ бүхэнд гар дүрэхгүй байх шийдвэр гаргаж өлхөн чадна. Харин Тачибанагийн хувьд, хөөрхий охин дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэлэнмаа нарт ч ам нээх аргагүй байсан. Эд бүгд нийлээд амиа егүүтгэх нөхцөл болж чадна. Харин 10г ангийн хувьд тэд хар нууцаа хамгаалан, сургууль дээр нэг ч үг задруулахгүйг хичээж байжээ.
-Гэхдээ нэг л юм дутаад байна даа гэж би шивнэлээ. Даанч юу гэдгийг нь мэдэхгүй байв. Хэсэг бусаг мэдээллийг зөн совингоороо баяжуулж суух амархан боловч эргэлзээгүй, эцсийн хэмжээний дүгнэлт гаргана гэдэг огт өөр хэрэг. Үүнийг Микияа сайн хийдэг байв. Багаар бодоход ах маань мөрдөгч нар шиг мэдээлэл цуглуулж мэддэг, бас бусдыг яриулж чаддаг байлаа. Микияатай харьцуулахад би ердөө л олсон баримтандаа тулгуурлан элдэв янзын санаа дэвшүүлж суугаагаас цаашгүй юм.
Би боломжтой гэсэн ганц шалтгаар дэвшүүлсэн санаа болгон нь үргэлж зөв байж таардаг адал явдалт зохиолын дүрүүдийг үзэж чаддаггүй байв. Тэднийг жирийн хүнээс илүү юм шиг бичиж, үргэлж арчаагүй, урагшгүй мэтээр дүрслэгддэг мөрдөгч нараас дээгүүрт тавина. Гэвч бодит байдал эсрэгээрээ байдаг билээ. Би цагдаа нар яаж ажилладгийг мэддэг байв. Миний үеэл ах Дайсүкэ тэдний нэг болохоор би хангалттай олон зүйл сонсож дуулдаг байлаа. Мөрдөгч нар бүхэл бүтэн элсэн цөлөөс ганцхан жижигхэн эрдэнийн чулууг хайж олох гэж хөлсөө дуслуулан зүтгэсээр, чулуугаа олсны дараа хэний ч олж хараагүй өнгөрсөн нууцыг нь тайлж, хэлбэр оруулан засч янзалдаг юм. Амьдрал дээр энэ үйл явц хэдэн сар, тэр ч байтугай хэдэн жилийн нөр их хөдөлмөр шаардана. Харин номон дээрхи мөрдөгч нар миний л мэдэхийн элсэн цөл, эрдэнийн чулууг алгасч, шуудхан дүгнэлт хийж орхидог. Дэлхийн өнцөг булан бүрийн мөрдөн байцаагч нар үхсэн хүнээс үг дуулах гэж хамаг хүчээ шавхан, олж болох бүхий л сэжүүрийнхээ араас нойр хоолоо умартан хөөцөлддөг бол уран зохиолын мөрдөгч нар гэнэт төрсөн зөн зовиндоо хөтлөгдөн, үүнийгээ үнэн гэдгийг нотлохоор зүтгэж гардаг. Ийм хүн бодитоор оршдогсон бол учир нь олдохгүй элдэв таамаг дотроо, хүнээс хэтийдсэн мэргэн оюундаа боогдон үргэлж ганцаардах байсан даа.
Гэвч хамгийн егөөтэй нь би яг ийм байдалд орчихоод байв. Надад Дайсүкэд байдаг шиг хэдэн сарын айвуу тайвуу хугацаа ч байсангүй, мэдээллийн эх сурвалж ч байсангүй. Би үзэн яддаг дүрийнхээ байр суурин дээр наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаж орхисондоо хэлж баршгүй ихээр гашуудаж байв.
Би арга мухардсанаа ойлгон хүндээр санаа алдаад, сандлынхаа түшлэгийг лагхийтэл налж, ханын цаг өөд хяламхийлээ. Бага үд болжээ. Цонхны цаана харагдах тэнгэр зөрүүдэлсэн хэвээр сааралтана. Дахиад жаахан харанхуйлах л юм бол бороо орох юм байна даа.
Намайг бодолдоо төөрөн сууж байтал хаалга тогшиж:
-Кокуто-сан, дотор байна уу? гэх гэлэнмаагийн хоолой сонстов.
-Тийм ээ, байна. Ямар нэгэн юм болоо юу? гэж би хаалга нээх зуураа асуулаа.
-Ах чинь залгаж байна.
Би гэлэнмаагийн хэлэхийг дуулмагцаа түргэхэн өршөөл хүсээд хүлээлгийн өрөөний зүг хар гүйхээрээ алхлаа. Танхимд орж очиход хүнгүй байсан тул би дотроо сэм талархаад, харилцуурыг чихэндээ наав.
-Байна уу? гэж би хүлээж ядсан хүн шиг дуугарав.
-Байна. Шики юу?
Миний царай хүрлийн барайсныг Микияа харж чадахгүй нь сайн хэрэг.
-Харамсалтай нь Шики сэрээгүй байна. Чи хаа байсан Рейн сургууль руу хэрэг зориг болгон залгасан нь найз охинтойгоо л ярих гэснийх үү? гэж би хүйтнээр хэлэв. Харилцуурын нөгөө үзүүрт Микияагийн хоолойгоо засах нь сонстлоо.
-Би тэгж хэлээгүй шүү дээ. Наана чинь юу болж байгааг мэдэх гээд л залгасан юм.
-Санаа зовох шаардлагагүй. Би чамд иймэрхүү хэрэгт оролцох хэрэггүй гэж тов тодорхой хэлсэн дээ гэж би асуулт тавьж байгаа юм шиг дуугаа үл ялиг өндөрсгөн хэлэв.
-Дахиад л эхэллээ гэж Микияа намайг юу хэлэхийг мэдэж байсан янзаар дуугараад:
-Би хүссэндээ оролцож байгаа юм биш шүү дээ. Тэгээд ч би Шики та хоёрын шигдсэн намгийн хажуугаар нүдээ аниад явчихаж болохгүй биз дээ? хэмээн учирлав.
Би шуудхан тийм гэж хариулмаар байсан ч, дэндүү шулуун загнасан болох тул хэлээ хазлаа.
-За за, ойлголоо. Яах гэж залгасан юм дээ? Шики бид хоёрын хэнтэй нь ярих юм?
-Би Шикигийн гуйлтыг биелүүлж байгаа ч, чамд хэлсэн нь дээр гэж бодож байна. Би Хидэо Хаяама, Курогири Сацүки нарын талаар зарим нэг юм олсон. Сонсмоор байна уу?
Юу? Шики надад юу ч хэлээгүй дээ. Зөв алхам биш байвал Шикиг эхлээд надтай зөвлөлдөөгүйнх нь төлөө сургаад өгнө өө, гайгүй. Гэхдээ...
-Тийм бий вий. Шики гуйсан юм бий? Чамаар аюултай юм хийлгэхгүй гэж амласан мөртлөө юу? Тэрнийг юу ч ойлгоогүй гэж бүр мэдээд байсан юм аа. Чамд ийм аюултай даалгавар өгснөөс нь харахад чиний сайн байх үгүй нь Шикид огт падлийгүй нь ойлгомжтой байна. Чи цаадахаасаа салах тухай бодож эхэлсэн нь дээр юм биш үү?
Би өөрөө ч амнаасаа гарсан үгэндээ гайхлаа. Гэвч миний бодсон ёсоор Микияа огтхон ч цочирдсонгүй, тэр ч байтугай инээд алдав.
-Үгүй дээ, Азака. Шики ердөө л тун ...содон байдлаар сэтгэл зовсноо илэрхийлдэг юм байхгүй юу.
Харилцуурын нөгөө үзүүр дэх хоолой тун тааламжтай сонсогдох тул би ахыгаа юунаас болж ингэтэл баясаад байгааг нь гайхахад хүрэв.
-За юутай ч, Шикигийн сурагласан хүмүүсийн талаар бичсэнээ гаргаадахъя.
Надад хуудас эргүүлэх чимээ дуулдав. Дуунаас нь сонсоход нэлээд зузаан цаас бололтой. Ахыгаа гарын таван хуруу шигээ мэдэхийн хувьд Микияаг мэдээллүүдээ сайтар цэгцэлж, замбараатайгаар дарааллуулсанд нь би огтхон ч эргэлзсэнгүй. Түүнийг завгүй байх хоорондуур би ам хуурай байж тэвчсэнгүй.
-Чи хаана байгаа юм бэ?
-Токо-сангийн ажил дээр. Токо-сан эзгүй байна л даа. Дайсүкэтэй уулзана гэсэн. Харин би энд манаачийн үүрэг гүйцэтгээд л сууж байна гэж Микияа гонсгор өгүүлэв.
-Байзаарай, манай үеэл Дайсүкэ юу?
-Хүүе, жаахан аяар гэм. Тийм ээ, тийм, мөн.
Акими Дайсүкэ бол аавын маань дүү, бид хоёрын авга ах байлаа. Гэвч ах дүү нараасаа хамгийн бага нь, насаар бидэнтэй ойролцоо болохоор тоглоомоор үеэл гэж дуудсаар сурчихсан юм. Дайсүкэ Микияа хоёр тун дотно учраас мэдэхгүй хүн харвал төрсөн ах дүү гэж бодохоор байдаг билээ.
-Токо-сан Дайсүкэг таньдаг болж таарсан гэж Микияа тайлбарлаад:
-Шинэ жилээр уулзах үеэрээ би Дайсүкэд хаана ажилладгаа хэлсэн юм. Гэтэл тэр Аозаки Токогийн ажил байна шүү дээ гэж дуу алдсан. Тэгээд л тэр. Тэр хоёр болзоонд явсан байх. Токо-сан Кокутогийнхоо үеэл ахын саналд татгалзаж яаж болох билээ гэсэн шуу юм яриад намайг хаяад явчихсан гэж хүүрнэв.
Надад нэг л таалагдсангүй. Микияа хүртэл дурамжхан дуулдаж байв. Тэгэхээр Дайсүкэ Токо-сангийн Токио хотын цагдаагийн ерөнхий газар дахь нүд чих нь байсан байх нь. Гэвч сайтар бодоод үзвэл гайхах зүйл байсангүй. Тэр нийт цагдаагийн ерөнхий газрынхан дотор хүртэл мөрдлөг болон эргүүлийн тал дээр арвин их туршлагатай, гудамжинд холбоо хэлхээ ихтэйд тооцогддог гэмт хэргийн хэлтсийн нэгдүгээр салааны энгийн хувцастай мөрдөгчдийн нэг. Салаан дотроо ч Дайсүкэ ихээхэн авьяаслаг нэгэн гэж үнэлэгддэг боловч биеэ тоосон зангаасаа болоод удирдлагуудынхаа таашаалд нийцдэггүй юм. Өөрөөр хэлбэл Токо-сангийн сүлбэлдэх хүн дүрээрээ мөн байлаа.
-Гэхдээ би үүнээс болж залгасан юм биш гээд Микияа үргэлжлүүлэн:
-Хаяама Хидэогийн талаар ярихаасаа өмнө чамайг түүнтэй уулзаж байсан эсэхийг асуумаар байна гэлээ. Би Микяагийн хоолой зовнисон сонсогдож байгааг анзаарч, мэдэх гэсэн зүйлийг нь шуудхан ойлгов.
-Үгүй, огтхон ч уулзаж байгаагүй. Би тэрний ямар хүн болохыг гадарлана.
Микияа уужран санаа алдаад, ялимгүй эргэлзсэний эцэст яриагаа эхлэв.
-За тэгэхээр ийм байна. Би Дайсүкэгээр дамжуулан худалдааны дүүрэг дэх хэдэн зуучлагч нартай ярьж үзлээ. Тийм ч чихэнд чимэгтэй юм олж дуулсангүй. Хаяама Хидэо хүмүүсээс мөнгө авч, сурагчдын биеийг үнэлүүлдэг байж. Тэднийг аялал гэсэн нэрэн доор сургуулиас авч гараад, тийм ажил хийлгэдэг байсан гэнэ.
Миний амьсгаа түргэсэв. Би олигтой юм олж сонсохгүйгээ мэдэж байсан ч, арай ч иймдээ тулна гэж бодоогүй байв. Гэсэн ч Микияа намайг сонссонгүй юу, эсвэл тоосонгүй юу, ямартай ч яриагаа үргэлжлүүллээ.
-Би тоо баримтыг нь барин тавин хэлж мэдэхгүй ч, сургуулийн сурагчид өч төчнөөнөөрөө биеэ үнэлдэг болсныг чи гадарлах байлгүй. Гэхдээ тэдэн дунд Рейний сурагч байна гэдэг чинь өдрийн од л гэсэн үг. Үүнийг ч Хаяама мэдэж байж. Ажилдаа ч сайн. Төлбөр багагүй хэдий ч голоо цохихоор хэмжээнд биш. Охидыг хоёр 7 хоног бүр авч гардаг байсан гэнэ. Тооноос нь харахад хуруу дарам цөөн сурагч хааяадаа үлддэг байсан бололтой. Хаяама Хидэо тийм зоригтой юм уу, эсвэл болгоомжгүй юм уу, ямартай ч хутганы ирэн дээгүүр явж байсан. Хотын төв хэсэгт тэрнийг гял цал хувцасладаг, мөнгийг баруун солгойгүй цацдагаар нь нэг үе мэддэг байсан юм байна лээ. Гэвч явсаар байгаад якуза нарын эзэмшдэг бааранд их хэмжээний өртэй болчихож. Мэдээж, цаадуул нь өрөө нэхэлгүй яах вэ. Тэгээд л сонголтгүй болж, Рейн сургуулийг удирддаг ахдаа хандахаас аргагүй болж. Бодвол элдэв янзын шалтаг тоочиж, ахаасаа багшлуулж өгөхийг гуйгаа биз. Арга саам хэрэглэж байгаад хуурамч гэрчилгээтэй болж, эцэст нь санасандаа хүрсэн гэдгийг нь чи ч би ч мэдэх юм хойно. Хаяамад сурагчдын биеийг үнэлүүлэх бодол анхнаасаа байсан уу, эсвэл сүүлд нь тийм санаа төрсөн үү гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч маш хурдан ажлаа эхлүүлсэн байна лээ. Рейн сургуулийн охид чинээлэг гэр бүлээс гаралтай учраас овоо үнэ хүрдэг байж. Анхандаа нэг л сурагч биеэ үнэлдэг байсан ч, якуза нарын дарамтнаас болоод Хаяама Хидэо бүгдийг нь татан оролцуулахаас өөр аргагүй болсон бололтой. Ерөнхийдөө ийм л байх шив дээ.
Дараа нь Микияа биеэ үнэлдэг байсан сурагчдын нэрсийг, сургуулиас гарсан өдөр сарыг нь, бүр бүдүүн тойм ч гэсэн сургууль руу буцсан цагийг нь хүртэл тоочив. Түүгээр ч зогсохгүй хэрэг явдлын гол учиг болсон якуза бүлэглэлийн талаар ч ганц нэг юм хэлж өглөө. Ийм мэдээлэл олж авах хичнээн хэцүүг би мэдэж байв.
-Энэ бүхэн албан ёсны мэдүүлэг биш гэдэг нь харамсалтай. Нотолгоо болгох боломжгүй. Яаж ашиглахаа чи мэд дээ гэж Микияа эцэст нь сэтгэл дундуур өгүүллээ. Түүний зөв. Цагдаагийн газар ийм жижиг хэргийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй, дээрээс нь Микияагийн уулзсан цагдаа нар ч нэгмөсөн бут ниргэхэд бэлдэн иймэрхүү бага сага нотлох баримтуудыг чимх чимхээр бүрдүүлж байж таараа. Тачибана Каоригийн жирэмсэлсэн явдал асуудлыг нэртэй сүртэй Рейн сургууль байлаа ч нуугаад өнгөрөхийн аргагүй том болгож байгаа ч, нотолгоо баттай бус, түүнээс гадна зарим сурагчийн эцэг эх мөрдөн шалгалтын хүчийг сааруулж, чимээгүйхэн дарж чадахаар эрх мэдэлтэй (зарим нь бүр якуза нартай хамааралтай, санхүүжүүлдэг ч байж мэднэ) билээ.
-Уучлаарай, Азака гэж Микияа гунигтай өчлөө. Дуулсан зүйлээсээ болоод би цочролоосоо гарч амжаагүй байсан ч, биеэ барьж:
-Зүгээр дээ хэмээн хариу хэлж дөнгөв.
Гэвч нээн илрүүлсэн үнэн маань надад уул овоо шиг их асуудал үүсгэж орхиод байлаа. 10г ангийн хав дарж байсан нууц нь Тачибана Каоригийн амиа хорлолт биш, харин биеэ үнэлсэн явдал байж. Гэвч Хаяама Хидэо үүнийг ганцаар нууж хүчрэхгүй. Сурагчдын заримыг хүчилсэн байж болох ч, охидын дунд дуртайдаа явсан, сургуулийн хатуу дэг журмыг эсэргүүцэгч нар ч байсан байж таараа. Тэд бусаддаа нөлөөлөн, анги тэр чигээрээ нууцаа хадгалж, амаа хамхиж байсан биз. Охидын сургуулийн амьдралаас гаднах ертөнцийг үзэх хүсэл оргилон буцалж байсан бол Хаяама Хидэо тэдний гадагш гарах хаалганы цорын ганц түлхүүр байжээ.
Гэвч асуудлын эх ундарга нь зөвхөн хүмүүст байсангүй. Сургуулийн хэтэрхий хатуу дэг журам ч бас буруутай юм. Байгууламж нүд гялбам өндөр хана хэрмээр өөрийгөө битүү баглаж орхиод, дотор үл харъяалагдах гадны гэсэн бүхнээс тусгаарлагдан оршдог. Салхи ч нэвтэрч чадахгүй, хананы цаанаас дуу чимээ ч сонсогдохгүй. Цаг хугацаа яаралгүй, залхуутайгаар урсана. Ийм тогтолцоог гадаад ертөнцөд орших бузар муухай бүхнээс хамгаалахын тулд бий болгосон. Гэвч бүх битүү өрөөний агаар цагийн эрхэнд бүгширч, дотроосоо өмхийрдөг шүү дээ. Энд байдаг хүмүүс харгис хэрцгий гадаад ертөнцөөс бат хамгаалагдсан нууц газар аюулгүй байна гэж боддог ч, үнэн хэрэгтээ бодит байдлаас тусгаарлагдсан шоронд амьдарч байгаагаас өөрцгүй билээ.
-Ингэхэд чи яагаад Тачибана Каоригийн талаар асуулгасан юм бэ? Дүнгээс нь авахуулаад бүгдийг мэдэхийг хүссэн байсан гэж би ойлгоогүй үлдсэн ганц зүйлээ асуув.
-11-р сарын түймэрт амиа алдсан охин уу? Токо-сангийн ажил дээр байхад чи дотуур байранд гал гарсан гэж хэлж байсан даа. 12-р сард миний ажил жаахан хөнгөрөөд, чөлөө заваараа би тэр талаар жаахан ухаж төнхөж үзсэн юм. Ганц хоёр хүнээс жаахан сурсны эцэст Дайсүкэ надад Тачибана Каоригийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг олж өгсөн. Гэтэл үхлийн шалтгаан нь бодож байснаас эргэлзээтэй болж таарсан. Шүүх эмнэлгийн эмч биеэс нь геройны тун хэтрүүлснээс болж нас барсан, галаас өмнө амиа алдсан байж магадгүй гэмээр шинж тэмдэг илрүүлсэн байна лээ. Гэвч алийг нь ч нотолж чадаагүй. Хамгийн хачин нь түүнийг жирэмсэн байсан байх өндөр магадлалтай гэж үзсэн ч, бараг бүхэлдээ шатчихсан болохоор яг таг тодорхойлох боломжгүй байсан гэсэн. Гэхдээ охиныг гал руу оруулж, санаатайгаар хөнөөгөөгүйд бат итгэлтэй байна лээ. Тачибана барилгын бүр гүнд байсан учраас түүнийг аваачсан хүн галаас амь гарч чадахааргүй байсан гэсэн. Харамсаад ч баршгүй. Эхлээд хүчин, дараа нь жирэмслэлт. 16 настай охины үзэж туулах зүйл яагаад ч биш, тэр ч тэвчиж чадаагүй нь ойлгомжтой. Ердөө л таамаглал төдий юм шүү. Гэхдээ түймрийн үеэр бүгд дотуур байрнаасаа гарч чадсан байхад Тачибана л ганцаараа өрөөндөө үлдсэн. Тийм болохоор өөрөө үхлийг сонгосон байж магадгүй гэж надад санагдаад байгаа юм.
Тачибана Каоригийн хэрэг эцэстээ нэг юм хэлбэр дүрсээ олж эхэлсэн тул би:
-Тийм шүү хэмээн өөрийн мэдэлгүй баяртайгаар дуугарав.
-Каорид амиа егүүтгэх шалтгаан байсан л байх. Гэхдээ яагаад зүгээр л үр хөндүүлчихэж болоогүй юм бол? Хаяамад хэлсэн бол цаадах нь бодож үзэх л байсан шүү дээ.
-Мэдэхгүй юм гэж Микияа хачирхсан янзтай хариулаад:
-Хэтэрхий жаахан болохоор тэр юм болов уу? Эсвэл яах учраа олоогүй юм болов уу? гэлээ.
-Магадгүй л юм гэж би огт өөр юм бодож байсан тул сунжруулан хэлэв. Тэр жирэмсэн болсноосоо болоод гадуурхагдаж байсан нь үнэн. Гэхдээ зөвхөн ичмээр явдлынх нь илэрхийлэл болсноос нь болоод гадуурхаж байсан юм биш. Тачибана үр хөндүүлээгүй тохиолдолд Хаяама Хидэо болон ангийнхныхаа үхэн хатан хав дардаг нууцыг илчлэх аюултай байсан. Гэхдээ заавал ам нээх шаардлага үгүй, цагийн эрхэнд аяндаа илрэх нууц. Тэгээд л охид Хаяамагийн зааврыг хүлээлгүйгээр Каориг дарамталж эхэлсэн байх нь. Гэхдээ гэлэнмаа нарын анхаарлыг татаж мэдэх учраас бие махбодийн гэмтэл учруулаагүй нь лав. Тэгээд л Тачибана Каори гурван сарын турш жигшүүр гутамшгаа биедээ тээн, ангийнхныхаа нүд үзүүрлэх харцан дор амьдын там гээчийг үзэж тарчилжээ. Харин дараа нь тэсвэрлэж дийлэхээ болиод амиа хорлож.
-Ухаангүй гэдэг нь. Үхэхэд бэлэн байсан хүнд жирэмсэн болсон нь тэгтэл дааж давшгүй хүнд санагдах ёсгүй. Итгэл найдвараа алдсан хөөрхий... Би зогисов.
-Үхээд өгөхийн төлөө л тийм их зүйлийг туулж гарсан юм гэж үү? Каори энд хүүхэд ахуйгаасаа байсан хэрнээ, Хаяама шиг амьтанд ялагдах ч гэж дээ. Ямар гээч...
Би гэнэт юу чалчиж байгаагаа ойлгож, сүүлийнхээ өгүүлбэрийг дуусгалгүй таслав. Би нүдээ аньж, нулимсаа дотогш шингээхийг хичээн, гараа духан дээрээ тавилаа. Хүлээлгийн танхимд намайг харах хүн байсангүйд би талархаад барсангүй.
-Ялагдах аа? Азака, чи юу яриад байна аа? Энэ чинь тоглоом биш, ялж ялагддаг тэмцээн ч биш. Тангараглаж байна би... гээд Микияа санаа алдав. Би гараа үсээ дагуулан буулгаж, хана наллаа.
-Тэр амиа хорлосон байж магадгүй ч, ямар ч байсан чиний бодож байгаа шалтгаанаар биш. Бас чиний бодож байгаагаас огт өөр зүйл хүссэн байж таарна гэж Микияа харуусан өгүүлэв. Би ахыгаа миний эсвэл Тачибанагийн төлөө харамссан алин болохыг ялгаж чадсангүй. Би шүлсээ залгиж, асуулт тавихаасаа өмнө үгээ сайтар сонгон бодов.
-Яагаад тэгж хэлэх болов? Ангийнхан нь дэндүү хатуу хандсан учраас Каориг амиа хорлосон гэж бодохгүй байгаа юм уу? Түүн шиг арга мухардсан хүнд зугтах зам нь үхэл л болж харагдсан байх. Тэгээд л амиа хорлосон, тийм биш гэж үү?
-Би чамайг ойлгоно гэж угаасаа бодоогүй л дээ гэж Микияа хэллээ. Түүний үг ихэд учиртай сонсогдож байв. Саяын үг дөнгөж өчигдөрхөн Ожи Мисаяагийн надад хандан хэлсэнтэй бараг ижил байлаа.
-Яагаад ойлгохгүй гэж?
-Тачибана Каори Рейн сургуульд бага ангиасаа сурсан, тийм биз? Тэр маш эртний уламжлалт, хуучинсаг үзэл баримталдаг католик шашинтан. Харин католик шашинтнууд амиа хорлолтыг маш хүндээр хүлээж авдаг юм. Амиа егүүтгэнэ гэдэг өөрт нь бэлэглэсэн амьдралыг үгүйсгээд зогсохгүй, авралд хүрэхэд зориулах ёстой амьдралыг үнэ цэнэгүй болгож байгаа хэрэг. Тэдний хувьд амиа хорлолт хүн амины хэргээс ялгаагүй. Харин ийм католик шашныг үнэнчээр сүсэглэдэг Тачибана Каори амиа хорлосон бол ард нь маш ноцтой шалтгаан байх ёстой юм.
Микияагийн хэлэхийг сонсоод би балмагдаж, амьсгаа минь тасалдав. Би Каоригийн шүтлэгийг бараг мартчихсан байв. Төрөх, үхэх, дахин төрөх гэсэн амьдралын тойргийг номлодог буддын шашнаас ялгаатай нь католикчууд үхлийн дараа аврал бий гэдэгт итгэдэг. Мэдээж би үүнийг мэдэж байсан ч, өглөөний мөргөлд сүсэгтний хувиар биш алба гүйцэтгэгчийн ёсоор оролцдог надад ердөө үг төдийхөн байсан юм. Гэвч төрсөн цагаасаа эхлэн католик үзэл суртал, итгэл бишрэлд сүсэглэсэн Каори шиг нэгэнд амиа хорлолт гэдэг ухагдахуун үхэл өөрөөс нь ч илүү аймшигтайгаар тусах ёстой.
-Тэр шалтгаан нь тэгвэл юу юм бэ? гэж би асуув. Би иймэрхүү зүйлийн учрыг олж чаддаггүй юм. Микияа миний дайчин зан бусдыг ойлгох сэтгэлийг минь үгүй хийсэн гэж хэлэх дуртай. Гэвч дараа нь тоглосон юм гэж инээмсэглэн хэлдэг боловч жишээ нь түрүүчийнх шиг дэмий чалчиж орхисон зарим үедээ би ахынхаа зөв гэдгийг батлаад өгчихдөг байв.
-Наминчлал байж магадгүй юм. Тэр өөрийнхөө бас ангийнхныхаа нүглийг аваад 10г-ийн хилэнцийг үгүй хийхийн тулд өөрийгөө золиослосон. Ингэвэл бүгд биш тэр ганцаархнаа тамд унана. Тачибана Каори бүгдийн өмнөөс төлөөс төлж, тэднийг аврахыг оролдсон.
Би юу ч хэлсэнгүй, хэсэг зуур бид хоёул чимээгүй байлаа.
"Гэхдээ энэ нь ямар утгатайг чамайг ойлгоно гэж би бодохгүй байна" гэж Ожи Мисаяа хэлсэн. Тэр үнэн сэтгэлээсээ хилэгнэж байсан. Ожи хэнээс ч илүү Каориг ойлгодог. Тийм ч учраас тэрхүү эмгэнэлт явдлаас хойш огтхон ч өөрчлөгдөөгүй 10г ангийнхныг уучилж чадахгүй яваа ажээ.
"Тэднийг хороолоо гээд тэд байх ёстой газар руугаа, там руугаа тонилно гэх баталгаа байхгүй шүү дээ." Түүний зөв. Үгүй ядаж охидыг үхсэнийхээ дараа тамын галд тарчилна гэдэгт Ожи Мисаяа бүрэн итгэлтэй байгаагүй. Тийм учраас үхэл бол Тачибана Каориг там руу түлхсэн хүмүүст тохирох шийтгэл биш байжээ. Тэгээд л энэ бүх хугацааны туршид хэний ч нүдэнд үзэгдэлгүйгээр тэднийг мөр даран ангуучилж ирсэн байх нь. Тэдэнд уучлал өршөөл гэж үгүй. Зөвхөн үхэлтэй дүйцэхүйц аймшгийг биеэр мэдэрч, нүдээр үзэх ёстой ажээ.


Last edited by zolushka_717 on Aug.08.17 12:49 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.09.17 2:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Микияа хамаг нууцыг дэлгэж өглөө дөө. Шики хаха аймар төлөвлөгөөтэй биз 1-ыгээ Азакад хадгалуулна гээд бгаа шүү хаха.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.09.17 9:19 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
5.

Бороо хувингаар цутгах мэт асгана. Шигүү чигжсэн хулс модны навчин завсраар дуслах бороо арьсан дээр минь бууж, мянга мянган жад бие рүү минь шигдэн орох шиг санагдана. Би анх удаагаа л даарах гэж юу байдгийг мэдрэв. Гэнэт ямар нэг төмрөн дээр бороон дусал жингэнэж, тэр төмөр нь миний гартаа барьсан хутга болохыг би ойлголоо. Миний гар дахь хүйтэн мэс, жихүүн бороо хоёул цэвдэг ажээ.
Миний хүйтэн, гөлийсөн харц доор минь хэвтэх хэн нэгнийг хөдөлбөргүй ширтэнэ. Би түүний хэн болохыг хараахан мэдсэнгүй ч...

Би зүүднээсээ сэрэв. Сэтгэлд минь танил санагдавч хэдийнээ мартагдсан дурсамж руу замхарч эхлэх зүүд. Би зовхио хүчлэн нээж, нүднийхээ завсраар харвал нэг жижигхэн амьтан хажууд нисч яваа нь үзэгдэв. Эргэлзэх хэрэг байсангүй, шидэт дагина байлаа. Би нүдээ нээж, хутгаа сугалан, шидэт дагины зүг хамаг хүчээрээ шидэж орхив. Төмөр ир хананд жингэнэн зоогдох нь сонстлоо.
Харин хутганы үзүүрт Азакагийн төсөөлсөнтэй яг ижилхэн амьтан, хоёр далавчтай шидэт дагина нэвт сүлбүүлчилсэн нарийхан дуугаар чарлаж байв. Тэр бяцхан гараараа хутгыг сугалахыг оролдовч нэмэр болсонгүй. Чингээд сүүлчийн удаа хашхирсны эцэст шидэт дагина хоромхон зуур гялалзаад хоосон агаарт уусан замхарлаа.
-Новш гэж, алах хэрэггүй байж. Оронд нь...
Оронд нь юу гэж? Зүүдээ үргэлжлүүлэх байсан гэж үү? Гурван жилийн өмнө юу болсныг эцэст нь нэг юм мэдэж авах байсан гэж үү? Комд оруулсан машины ослыг эргэн санана гэж үү? Тэглээ гээд яана гэж?
"Тэр тухай бодохоо боль" би өөртөө тушаагаад, дахин урилгагүй зочин угтан авахдаа бэлдэн яаран орноос буув. Гэтэл миний хөл газар хүрэхтэй зэрэгцэн үүдний цаадах модон шал аяархан чахарснаа, хэн нэгний гүйн одох хөлийн чимээ дуулдах нь тэр. Хаалганы гадна хүн зогсож байжээ.
Би хутгаа халааслаад, хаалга руу гүйн очиж, онгойлгов. Хонгил баруун, зүүн хоёр тийш сунадаг юм. Би зүүн тал руу нь хартал нэг хүн сүүтэгнэн алсарч, зугтаж яваа нь үзэгдэв. Түүний өндрөөс өөр юуг ч мэдэх боломжгүй ажээ. Ожи Мисаяа юм болов уу? Намайг Азакатай андуурсан юм байх даа? Хмм, тун магадгүй шүү. Азака Токогийн зааврыг үг үсгийн зөрүүгүй биелүүлэхээр шаргуу зүтгэж байгааг би мартсангүй. Гэвч Ожи Мисаяа унтаж байх хоорондуур сэм довтлоод байвал надад тийм ч олон сонголт үлдэхгүй л болов уу.
Би түүний араас нэхэж эхэллээ. Бидний алхаанд хатуу модон шал чахран ёолж, хонгилоор цуурайтна. Тэр миний бодсоноос хурдан ажээ. Би түүнд ойртож чадахгүй байв. Дээрээс нь тэр замаа мэдэж байлаа.
Дайсан маань хонгилыг өнгөрөн, дотуур байрны үүдээр шурдхийн гарч, Азака бид хоёрын явж байсан засмал замаар төв байрыг чиглэн гүйлээ. Эргэн тойрон зайгүй бүчсэн ойг бид ганцхан хувийн дотор туулсан ч, би түүнийг гүйцсэнгүй. Сүүтэгнэх барааг нь хараанаасаа алдчихгүйг л хичээж байлаа. Бид хөөцөлдөн гүйсээр эцэст нь сургуулийн талбайд гарч ирэв. Гэвч тэр миний тааварласан шиг сургууль руу биш, сүм рүү гүйгээд орчих нь тэр.
Урхи байж таараа. Өөр юу байх вэ дээ. Гэвч энэ хүртэл ирчихээд буцах нь тэнэг хэрэг. Тэгээд ч энд гарах гарц үгүйг бид хоёул мэднэ.
Би хэдэн хором азнаж амьсгаагаа дараад, духан дээр бурзайсан хөлсөө шударч, сүмийн хаалгыг түлхэн онгойлголоо.
Хаалга нүсэр том боловч ган ч хийсэнгүй. Эзэнгүй, дүнсгэр сүм дотор өдрийн нарны туяанд уртаа гэгчийн сүүдэр татуулан нэг хүн зогсож байв. Би түүнээс харцаа салгалгүйгээр хаалгыг түргэхэн хаалаа. Бидний хооронд 10 алхмын зай байлаа. Тэр ариун сүмийн дээрээс дүүжигнэн тогтнох нам гүмийг эвдэх гэж яарсангүй. Харин нүүрэндээ гараа ойртуулан нүдний шилээ дээшлүүлэх мэт хөдөлгөөн хийв. Энэ үед л би намайг хөшөө баримал байгаа аятай ажиглан зогсох хүний хэн болохыг олж харлаа.
-Хөөх, ийм цагаар сүмд юу хийж явдаг билээ, Риоги-сан?
Түүний хүүхдийнх шиг гэнэн, хэнэггүй царайн дээр инээмсэглэл тодорлоо. Тэр хоёр өдрийн өмнө яг ингэж инээмсэглэж байсан билээ. Гэвч бидний байгаа газарт бүх юм хиймэл хуурамч санагдахын дээр түүний инээмсэглэл хөндий хоосон байв. Бүүдгэр сүмийн голд Курогири Сацүки дүрээрээ зогсох ажээ.


Last edited by zolushka_717 on Aug.09.17 9:19 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.09.17 10:43 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хоосролын тэмдэглэл VI

-Курогири Сацүкигийн талаар бичсэнээ гаргаадахъя.
Микияагийн зузаан цаас ширээн дээр тавиад, өөрийг авах нь харилцуурын нөгөө үзүүрээс тодхон сонстоно. Курогири Сацүкигийн тухай мэдээлэл мөрдлөгт хэрэг болох нь юу л бол гэж би бодох тул Микияагийн ингэтэл хүч хөдөлмөр зарцуулсан нь харамсалтай байлаа. Хаяама Хидэогийн хийсэн зүйл, 10г-ийн нууц нэгэнт тодорхой болсон тул надад хийх зүйл үгүй болсон байв. Ожи Мисаяа яадаг ч бай, бусдыг нь Токо-сан мэднэ биз ээ.
-Хэрэггүй дээ, Микияа. Шики бид хоёр удахгүй эндээс явах байх. Тийм болохоор намайг ажил дээрээ хүлээгээд л сууж бай.
-Тийм үү? Гэхдээ сонсоод авчихад илүүдэхгүй гэж би бодох юм. Огт хамааралгүй биш ч байж магад шүү дээ.
Микияагийн хоолойноос би чухал юм ярих гэж байгааг нь ойлгов.
-Юу? Курогири Сацүки ч бас сурагчдын биеэ үнэлсэн хэрэгт оролцсон хэрэг үү?
-Үгүй дээ. Огт өөр юм. Тэр 10г ангийн явдалтай хамаагүй. Ингэхэд чи тэрний хаана төрснийг мэдэх үү?
Нэрийг нь сонссон хэн ч түүнийг шууд Япон хүн гэж бодохоор боловч би Курогири Сацүкиг гадаадад олон жил сурсан гэж дуулсан байлаа. Магадгүй эцэг эх нь Япон ч, өөрөө энд төрөөгүй байж болох юм.
-Сайн мэдэхгүй байна гэж би хариулаад:
-Гэхдээ би Курогири-санг Их Британид нэлээд удсан гэж сонсож байсан. Гэрийнхэн нь тэнд амьдардаг байсан юм уу? гэж асуулаа.
-Тийм. Курогири Сацүки Уэльсийн нэг жижиг тосгонд төрсөн. 10 настай байхдаа айлд өргүүлж, үрчилж авсан эцэг эх нь одоогийнх нь нэрийг өгсөн юм билээ. Тийм том болчихсон хүүхдийн нэрийг сольсон нь тун хачин юм шүү.
Гэвч би тэгж бодсонгүй. Өргөж авсан эцэг эх нь нэрийг нь сольсноор хүүхэдтэйгээ илүү ойртон дотносно гэж бодсон байж болох шүү дээ. Гэсэн ч би анх удаагаа ийм тохиолдлын талаар дуулж байгаа бөгөөд тийм том хүүхдийг үрчлүүлсэн тухай ч урьд өмнө сонсож байгаагүй билээ.
-Би танай багшийг жаал судаллаа л даа хэмээн Микияа яриагаа үргэлжлүүлж:
-Тэр жаахандаа гоц хүүхэд гэгддэг байж. Цовоо цолгин, авьяаслаг. Гэвч эцэг эхийнхээ дургүйг хүргэх ямар нэг зүйл хийснээс нь болж түүнийг бусдад өргүүлэхээр болсон байна. Түүнийг үрчилж авах хүн олдохгүй багагүй удсаны эцэст нэлээд хол амьдардаг Япон айл өргөж авсан байна лээ. Курогири Сацүки тэнд сургуульд сурч байсан болохоор үүнээс хойшхи амьдрал нь цаасанд бичигдэн үлдэж ажил минь хамаагүй хөнгөрсөн ч, айлд өргүүлэхээсээ өмнө яаж амьдарч байсан нь тун бүрхэг байгаа юм хэмээн тайлбарлав.
Түүх тун хачин байснаас гадна өнгөц харахад Курогири-сантай огт зохицохгүй байв. Бас түүний өнгөрсөн амьдралын талаар мэддэг хүнийг олж чадна гэдэг жинхэнэ онцгой чадвар. Энэ удаад Микияа чухам ямар гээчийн эх сурвалж ашигласан нь сонирхолтой юм шүү.
-Тийм гоц хүүхэд байсан атал эцэг эх нь хүнд өргүүлэх болсон нь сонин юм гэж би бодлогошрон өгүүлээд:
-Мөнгө төгрөгний бэрхшээл байсан юм болов уу? гэж асуулаа.
-Шалтгаан нь л асуудал болоод байгаа юм. Гэхдээ тодруулж хэлэхэд тэр 10 нас хүрэх хүртлээ л гоц байсан. Дараа нь яагаад ч юм тийм байхаа больчихсон. Ямар нэг сэтгэцийн өвчин туссан эсэх талаар нь би олж мэдэж чадаагүй. Гэсэн ч 10 настай байхдаа юу ч санахаа больсон нь үнэн. Харсан үзсэн бүхнээ огт санахгүй байсан болохоор нь нэг хэсэг түүнийг эрүүл биш ч гэж үзэж байсан юм билээ. Тэгээд л түүнийг үрчлүүлэх ажил саатсан хэрэг.
-Санахгүй байх ий?
Сүүлийн үед сургууль дээр тохиолдох болсон ой санамжийн асуудалтай төстэй дуулдаж байх чинь.
-Гэхдээ багш надад тийм хүн шиг санагдаагүй дээ. Тэр одоо юу ч мартдаггүй, бас маш их мэдлэгтэй.
-Тийм байх л даа. Үгүй бол тэр багшлах эрх авч чадахгүй шүү дээ. Тухайн үед ямар нэг гайхамшиг тохиосон юм байлгүй, тэр үрчлүүлснийхээ дараа дахин гоц болж, 14 настай байхдаа их сургуулийн хөтөлбөрийг үзэж, 20 дөнгөж гаруутаа хэл шинжлэлийн мэргэжлээр доктор хамгаалсан. Тэгээд багш болохоор шийдэж, янз бүрийн их сургууль, коллежуудад багшилж байсан байна лээ. Гэхдээ нэг хачин зүйл бий. Ажиллаж байсан сургууль бүрт нь үргэлж...
-... аль нэг сурагч амиа хорлодог гэж үү? хэмээн би гэнэт ойлгон, дуу алдав.
-Өнөө үед сургуулийн хүүхэд амиа егүүтгэх нь тийм ч сонин содон зүйл биш болсон л доо. Гэхдээ бүгдэд нь нэг ижил шинж бий. Курогири Сацүки аль нэг сургуульд ажилд ороод, гарсны дараа үргэлж хэн нэг сурагч амиа хорлодог. Мэдээж үүнийг уялдаа холбоо гэхэд хэцүү. Гэхдээ би ажигласнаа л хэлж байгаа юм. Арав хорин сургуульд ийм зүйл санамсаргүй тохиолдоно гэж байх уу?
Толгойд минь янз бүрийн бодол эргэлдэн, задрах шахаж байлаа. Явсан газар бүртээ амиа хорлосон сурагчийн цусан мөр татуулдаг багш. Курогири-сан одоо болж байгаа хэрэг явдалтай холбоотой юм гэж үү? Гэвч Ожи Мисаяа түүнийг хүүхэлдэй аятай гарынхаа аясаар удирддаг гэж хэлээгүй билүү? Курогири Сацүки бусдын адил ой санамжаа алдсан, 10г ангид болсон явдалд огт хамаагүй гэж итгүүлсэн болохоор бүхний ард Ожи Мисаяаг л байгаа гэж би бодсон шүү дээ. Курогири Сацүки юу хийсэн юм бол? Тэр энэ хэрэгт хэр их хамаатай юм бол?
-Миний олсон зүйл ингээд л боллоо гэж Микияа өчөөд:
-Гүйцэтгэх ажлыг чи л хийх болох нь. Шургаж унав даа. Бас Шикигээс холдох хэрэггүй шүү гэж захилаа. Би хариу хэлэхээр ам нээтэл тэр надаас урьтан:
-Аа нээрэн, бас нэг зүйл бий. Сацүки гэдэг нэр англиар Мэйдэй гэж буудаг бололтой юм. Гэхдээ ямар учиртайг нь би мэдэхгүй байна хэмээв. Гэвч би мэдэж байлаа. Мэйдэй гэдэг нь 5-р сарын эхний өдөр ба зуны нар ойртож байгааг тэмдэглэдэг Белтаны баярыг хэлдэг юм. Сацүки гэдэг нэр 5 дахь сарыг илэрхийлдэг юм бол түүний нэр ихээхэн утга учиртай гэсэн үг. Мэйдэй, Белтаны баярыг Японд сүйдтэй тэмдэглэдэггүй боловч ямар утга учир, ач холбогдолтойг нь би мэддэг байв. Хэрэв миний зөв бол...
-Микияа, Курогири-сан ой санамжаа алдах үеэр юу тохиолдсоныг чи мэдэх үү?
-Цуу яриа л сонссон. Тэрнийг хулгайлсан эсвэл сольсон гэсэн яриа байдаг юм билээ. Тэр гурван өдөр алга болсон гэсэн. Харин эргэж ирэхдээ хэдийнээ өөрчлөгдсөн байж.
-Солигдож, өөрчлөгдсөн. Тийм зүйл туулсан хүний хувьд яахын аргагүй сэжигтэй л нэр байна даа. Мэйдэйн өдрөөр домгийн амьтад гарч ирж, ан хийдэг юм. Баярлалаа, Микияа. Удахгүй яримз гэмэгцээ би хугацаа алдахгүйн тулд салах ёс гүйцэтгэж олон таван юм ярилгүй харилцуурыг яаран тавилаа. Микияагийн зөв байж. Үнэхээр хамааралтай мэдээлэл байлаа шүү.
Токо-сангийн хамгийн сүүлд хэлсэн үг миний санаанд оров. "Домгийн амьтдыг дагуул болгоно гэдэг ухаангүй явдал. Тэд шидтэний хүслийг биелүүлэх бус шидтэн тэдний хүслийг биелүүлдэг болох хүртэл ердөө л цаг хугацааны асуудал байдаг юм. Шидтэнгүүдийн өдий болтол бүрэн эрхэндээ оруулж чадаагүй ийм дагуулуудаас болгоомжлоорой, Азака. Тэд хуруугаа хөдөлгөх төдийхнөөр л чамайг гартаа оруулчихаж чадна шүү."
Би хэрэгтнийг барихаар, бас 10г ангийн нууцыг илрүүлэх гэж ухаангүй улайраад хамгийн чухал асуултуудыг мартаж орхижээ. Жишээ нь л гэхэд Микияагийн сайтар тайлбарласан Тачибана Каоригийн амиа хорлох болсон шалтгаан байна.
Бас Ожи Мисаяа шидэт дагина хүний бодол санаан дахь дурсамжийг хулгайлдаг болохоос мартагдсан дурсамжийг авч чаддаггүй гэж хэлсэн атал сурагчдын ор тас мартаж орхисон дурсамжийг хэн босгон ирж, захидалд бичсэн байх вэ? Дээрээс нь Микияагийн хуваалцсан шинэ мэдээллийн ачаар дээрх асуултаас урган гарсан бас нэгэн орхигдсон чухал нууцыг тайлах хэрэгтэй болов.
Ожи Мисаяад Шид хэрэглэхийг хэн зааж өгсөн хэрэг вэ?

-Баярлалаа, Микияа. Удахгүй яримз гэж хэлмэгцээ Азака хариу хэлэх боломж олгосонгүй, утсаа тасалж орхих нь тэр.
-Азака гэж Микияа дуудсан ч, хариу ирэхгүйг мэдэж байлаа. Тэр урамгүйхэн толгой сэгсэрсээр харилцуураа тавив. Хэрэг явдал түүний бодсоноос хамаагүй ээдрээтэй мэт санагдаад явчихсан ч, мэдэх зүйл юу ч байсангүй. Тэр ширээнийхээ ард очиж суулаа.
1-р сарын 6. Үд өнгөрчихсөн атал Аозаки Токогийн албан өрөөнд түүнээс өөр хүн байсангүй. Токо-сан зугаалахаар явсан ба Микияа өнөөдөр амрах ёстой тул энд үлдэх нь тийм ч тохиромжтой хэрэг биш байлаа. Гэсэн ч түүний дүү Кокуто Азака, найз Риоги Шики хоёр нь шинэ хэрэгт хүзүүгээ хүртэл шигдэж орхисон тул тэр энд байж, утсаа сахин суух нь зүй ёсны хэрэг байв. Чингээд Микияа он гараад удаагүй байхад тэднийг энэ ажилд ханцуй шамлан орох болсон шалтгааны талаар дахин толгой гашилгаж эхэллээ.
Микияа эл хэрэг ямар учиртай болохыг, тэр хоёрт хэр зэрэг аюултайг мэдэхгүй байв. Микияа тэднийг мөрдлөг хийх гэж байгаа эсэх талаар хэнээс ч асуугаагүй юм. Харин шинэ жилийн дараагийн өдөр уурандаа шатсан Шики Азакад нууц хадгалах амлалт өгснөө үл хайхран, тэр талаар дурсаад авсан билээ. Шикигийн хэлснээр тэр Рейн сургуульд шилжиж очих гэж буй сурагчийн дүрд зүсээ хувилж мөрдлөг хийх ёстой болсон аж. Тэгээд л гүйцээ. Ингээд л үүнээс хэдхэн хоногийн дараа Шики Хаяама Хидэо болон Курогири Сацүки нарыг шалгаж өгөхийг гуйжээ. Түрүү жилийн 11-р сард Рейний дотуур байранд гал гарсан тухай анх дуулаад Микияагийн сонирхол төрж, ганц хоёр юм сөхөж харахыг хүсч байсан юм. Гэхдээ дүүдээ санаа зовсондоо нүдээ ч хамхиж чадахгүй байсан нь түүнд жинхэнэ хүчийг өгч, түрүүчийн мэдээллийг яаруу сандруу цуглуулсан байлаа.
-Шикитэй ойр байсан цагт ч аюулд орохгүй л байх л даа гэж Микияа гараа дээш сунган суниах зуураа бувтнав. Одоо тэгвэл юу хийх вэ? Жаахан нойр авах нь тун оновчтой санаа ч юм шиг санагдаж эхэлжээ. Хэдийгээр энэ санаатай нь зэрэгцэн Азака хэзээ мөдгүй утасдаж мэдэх учраас унтах хэрэггүй гэсэн бодол төрсөн ч, түүний зовхи өөрийн эрхгүй хүндэрсээр бөх гэгчийн нойронд автаж орхив.

Микияагийн зүүд түүнийг хэдхэн хоногийн өмнөх рүү, шинэ жилийн дараахан руу аваачив. Шики түүнд Рейн сургууль руу явахдаа өмсөх ёстой дүрэмт хувцсаа үзүүлжээ. Хувцас өөрт нь шал тэнэг харагдаж байна гэж хилэгнэсэн Шики Токод зарга мэдүүлэхээр Микияаг чирсээр яваад очтол цаадах нь ганц л үг хэлэв.
-Янзтай.
Янзтай гэж чухам юуг хэлснийг нь Микияа ч, мэдээж бас Шики ч ойлгосонгүй. Чингээд тэр дүрэмт хувцсыг өмссөн үедээ Микияагийн нүдэнд өртөхгүй байх тал дээр хатуу арга хэмжээ авсан билээ.

-Ширээн дээр унтвал ханиад хүрдэг юм даа, Кокуто.
Микияа тэр даруй сэрж:
-Би унтаагүй гэж өөрийн мэдэлгүй хариулаад хэн дуугарсныг мэдэхээр өрөөг тойруулан харлаа. Гэсэн ч харц нь хамгийн түрүүнд ханын цаг дээр тусчээ. Гурав болж байв. Тэр ширээгээ дэрлэн бүтэн хоёр цаг унтсанаа ойлгомогц бүр ч ихээр даарч эхлэв. Гэвч дүн өвлийн цагаар халаагуургүй өрөөнд ширээний ард унтаж орхисон нь өөрийнх нь л буруу шүү дээ.
-Токо-сан гэж тэр эцэст нь нэг юм өрөөний цаанаас ирж яваа эмэгтэйг нойрмог нүдээрээ олж хараад дуугарав.
-Та хэзээ ирээ вэ?
Өвөл болчихоод байхад цувнаасаа салаагүй, тамхи зуусан Аозаки Токо Микияагийн дэргэд ирээд зогсов.
-Дөнгөж сая.
Түүний урвагар царай зугаацуулах юм хайсан мэт харагдах тул Дайсүкэтэй хийсэн болзоо нь бүтэлтэй болоогүй бололтой. Микияа Токогийн байр байдлыг даажигнан:
-Та уйдсан харагдаж байна гэж инээмсэглэн хэлэв. Гэвч хариулт түүний бодсоноос эсрэг байлаа.
-Үгүй шүү. Уйдаагүй. Тэр жаахан дүйнгэдүү байсан ч, намайг уйдаагаагүй л дээ.
Дээрх хэдхэн үгээр өдрийг хэрхэн өнгөрүүлснээ тайлбарлачихаад Токо цувныхаа халааснаас лаазтай кофе гарган, Микияагийн ширээн дээр тавьж:
-Өрөөгөө харж үлдсэний чинь хариуд өгөх бяцхан бэлэг гэлээ.
"Хямдхан л бэлэг байна" гэж Микияа бодсон ч, унтаж байхдаа хөлдөх шахснаасаа болоод баярлахгүй байж чадсангүй тул талархал илэрхийлээд лаазыг бушуухан онгойлгов. Токо Микияагийн ширээн дээр овоорсон цаасыг олж хармагцаа бүр ч уйдсан янзтайгаар нэгийг авлаа.
-Шикигийн Рейн сургуулийн багш нарын талаар мэдээд өгөөч гэж гуйсан зүйл байгаа юм. Таны сонирхлыг татахгүй л болов уу даа.
-Магадгүй гэж Токо толгой дохин хэлсэн ч, хуудсыг нь эргүүлж эхлэв. Эхний хэдэн хоромд Токо үл ажирсан царайтай байсан ч, Курогири Сацүкигийн зургийг хавсаргасан хуудсыг хармагцаа дүр төрх нь огт өөр болох нь тэр.
-Годворд гэж Токо цочин шивнээд амаа хамхихаа мартаж орхисон тул зуусан тамхи нь газар унав. Тэр сүнс харсан аятай нүд нь аяганаасаа бүлтрэх дөхжээ.
-Итгэмээргүй юм гэж тэр эцэст нь бувтналаа.
-Ордогийн барьж чаддаггүй илбэч сургуулийн багшийн дүрд хувирчихсан энд байгаа юм гэж үү? Арай үгүй байлгүй дээ.
Токогийн нүүрэн дээр хожиж чадах хэрнээ хожигдож мэдэх байдалд орсон хүний эрсдэлийг тооцоолж, болгоомжилсон инээмсэглэл тодров.
-Курогири Сацүки шидтэн юм уу? гэж Микияа итгэж ядан асуулаа. Токо түүний зүг хяламхийх төдийгөөр хариулаад цаасыг шимтэн уншиж гарав. Чингээд галзуу инээмсэглэлээ тодруулсан чигтээ ширээнийхээ ард очиж суулаа.
-Захирал хүсэлтэндээ зураг хавсаргаагүй байсан. Энэ хэргийг Азакад даатгадаг нь алдаа болсон байж мэдэх юм. Оронд нь... Үгүй шүү. Би очсон бол дурсамжаа алдах байсан.
Токогийн ойлгомжгүй ярианаас юу ч мэдэж авч чадаагүй Микияад дурсамжаа алдана гэсэн үгийг түүний хэтрүүлэгтэй зүйрлэлийн нэгд тооцон чихнийхээ хажуугаар өнгөрөхөөс өөр арга байсангүй. Гэсэн ч Курогири Сацүки гэгч эр Токогийн анх тооцоолсноос аюултай болж хувирсан мэт сэтгэгдэл төрсөн тул Микияагийн толгойд асуултууд ар араасаа урган гарч ирлээ.
-Энэ хүн шидтэн юм бол Шики Азака хоёр тэрэнтэй хамт байгаагаараа хутганы ирэн дээгүүр явж байгаа юм байна. Токо-сан, наад хүнийг чинь би тэр хоёрт аюул учруулах эсэхийг мэдмээр байна.
-Үгүй л болов уу. Хүмүүсийн хэлдэг үнэн бол Годворд хэнд ч гэм хийдэггүй. Үгүй ядахдаа санаатайгаар биш. Бас шидтэн ч биш. Түүнд шидтэний удам угсаа үгүй, Азака мэтийн цөөн хэдэн азтан шиг шид үүсгэх чадваргүй. Гэхдээ Азака гал удирдахаас өөр зүйл хийж чадахгүй шиг, түүний удирдаж чадах ганц зүйл бол үг. Шидтэн овгуудын түүхэнд ийм чадвартай хүн огт байгаагүй ч, тэр 10 настайдаа энэ чадвараа эзэмшсэн юм. Би чулууны бичээст шидийг 20 насандаа эзэмшсэн минь эртэд тооцогддог байтал үүнээс ч өмнө шидийг өөрийн болгосон зарим нэг хүмүүс байдаг. Тэдний нэг нь Африкийн Атлас уулын Коллегиумд суралцаж байсан хүн байгаа юм. Би түүнтэй биеэр уулзаж байгаагүй ч, Коллегиум даяар түүний нэр цолыг мэддэг. Вавилоны эзэн, Годворд Мэйдэй. Тэр мифийн эринээс үүсэлтэй, хамгийн эртний, хүчирхэг шидийг ашиглагч байгаа юм гэснээ Токо гэнэт ямар нэг том нууцад нэвтэрсэн мэт тачигнатал хөхөрлөө. Микияа Токог түүнтэй бас өөртэйгөө ярьж байгааг ойлгосон ч, яагаад ч юм бүр ч ихээр түгшээд ирэв.
-Годвордын жинхэнэ нэрийг хэн ч мэддэггүй. Коллегиумд түүнийг таньдаг хүн ч цөөхөн. Биеэр уулзаж байсан нь ч ховор. Гэхдээ Лондонгийн Ордод түүний нэр ус, царай зүсийг мэдэхгүй хүн гэж үгүй. Годвордын шид яг л нэр шигээ. Тэр дээд хэл буюу өөрөөр хэлбэл Адамын хэлээр /диваажингийн цэцэрлэгт Адам, Ева хоёрын ярьдаг байсан хэл/ ярьдаг юм. Дээд хэлэнд бодит байдлыг давах хүч байдаг. Ямар ч хүний далд ухамсарт нөлөөлдөг, хүн бүрт ойлгогддог хэл гэсэн үг. Түүнд мэдэхгүй хэл гэж үгүй. Өөрт нь нэг л хэлээр ярьж байгаа мэт дуулддаг боловч сонсож байгаа хүнээ удирдаж чадна. Чи Вавилоны цамхгийн талаар дуулж л байсан биз дээ?
-Дуулсан. Питер Брейгелийн зурагт гардаг тэнгэрт тулсан өндөр, мушгирсан цамхаг мөн биз дээ? Бурхадтай харилцахад хялбар болгохын тулд орой дээр нь сүм барихаар төлөвлөж байсан гэдэг. Харин бурхан үүнийг нь сагсууралд тооцон цамхгийг нурааж, хүн төрөлхтнийг дахин иймэрхүү зүйл бүү бүтээгээсэй гэсэндээ хэлний төөрөгдлийг бий болгосон гэдэг домог бий.
-Уухайс даа. Библид гардаг эртний Вавилоны үлгэр. Энэ үлгэрийг олон янзаар ярьдаг боловч бүгд л хэлний төөрөгдлийн талаар өгүүлдэг. Бурхан хүмүүсийг тархай бутархай байлгахын тулд арьс өнгө, бие махбодиор нь бус хэлээр нь ялгаж орхисон юм. Гадаад хүнийг үс, нүдний өнгө гэхээс илүү хэлж байгаа үгээр нь, аялга дуудлагаар нь таньдаг шүү дээ. Бурхан тэгж л мөнхөд үргэлжлэх ойлголцлын хаалт бий болгосон юм. Ийм хаалт бүтээснээрээ хүн төрөлхтнийг дахин хэзээ ч бүү тийм цамхаг бариасай гэсэн хэрэг. Гэвч цагийн эрхэнд хүн төрөлхтөн хөгжиж, даяаршиж, хэлний төөрөгдлийн хүч суларсан. Тэгвэл хэлний төөрөгдөл гэж чухам юу вэ? Энэ ойлголт мифийн үед, хүн төрөлхтөн бурханд итгэдэг байсан цаг үед бий болсон юм. Тэр цагт одоогийн нууц бүхэн нууц биш, Шидийг хүн бүр мэддэг байсан учраас энгийн түгээмэл зүйл байж. Хүчирхэг бөө нар дэлхий даяар тархсан од сарны мана бүхий агуу хүчийг эзэмшдэг байсан нь өнөө үед ямар нэг хэмжээгээр уламжлагдан ирсэн хэрэг. Харин Годворд энэ бүхнийг эргэн сануулагч л гэсэн үг. Хэлний төөрөгдөл үүсэхээс өмнө бүгд дээд хэлээр ярьдаг байсан юм. Дээд хэлийг хүн, амьтан бүгд ойлгодог байсан. Гэтэл бурхан янз бүрийн хэл бий болгосноороо хүн төрөлхтөнд бэлэглэсэн билэг цэцээ буцаагаад авчихсан юм. Харин Годворд бол ертөнцийн хэлийг хүн төрөлхтөнд дахин авчирсан цорын ганц хүн. Тэр дээд хэлээр илбэддэг. Годворд хүч чадал бий болгогч эхлэлийг дамжуулдаг долгионыг ашиглан хэнтэй ч ярьж чадна. Аз болж шидтэн биш учраас онцгой чадвараа хор хөнөөлтэйгээр ашиглаж чадахгүй юм даа.
Токо ёрын инээмсэглэл тодруулж байсан бол Микияа гайхаж будилсан царайтай сууж байлаа. Тэр Токогийн юу хэлэх гэснийг ойлгож байгаа эсэхээ ч ухаараагүй боловч өөрийнхөө хэмжээнд тааруулан мэдэх зүйлээ мэдэж авчээ.
-Өөрөөр хэлбэл Курогири Сацүки хэнтэй ч ярьж чаддаг байх нь ээ?
-Бараг л. Гэхдээ анхны хэлийг амьтай болгон ойлгодог байсан цаг өнгөрсөн. Годворд араатан амьтанд өөрийгөө ойлгуулж чадах ч гэлээ, цаадуул нь бодол санаагаа хариу илэрхийлж чадахгүй. Хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө ярьдаг хэлээр л хариу хэлнэ.
-Тэгвэл юу нь тийм онцгой байна аа? Цаад хүнээ ойлгохгүй юм бол ганцаараа ярьж байгаагаас ялгаагүй биш үү?
-Зөвхөн үг хэлээр ярьдаг бол тийм л дээ. Гэхдээ тэр өөр. Годворд хүн, амьтантай зүгээр нэг үг сольдоггүй, дээд хүчтэй ямар нэг шижмээр холбоотой оршсоор байгаа бидний сүнстэй ярьдаг юм. Бүх хүний дотор эхлэлийн эргүүлэгт холбогдсон ямарваа нэгэн хэсэг байдаг. Харин дээд хэл тэр хэсэгт хүрч, холбогдож чаддаг учраас доод төрөлтөн болох хүн төрөлхтөн захирагдахаас аргагүй болдог юм. Үүнийг эсэргүүцнэ гэдэг байгалийн жамыг зөрчиж байгаагаас өөрцгүй учир боломжгүй. Ертөнцийн хэл үгээр илрэн хүнд хүрч, үнэн болж хувирдаг. Ховсын төгс хэлбэр. Годворд Акашигийн тайланд ухамсраараа нэвтэрч, дээд хэлээр дамжуулан өөрийн хүссэнээр долгионжуулж, биежүүлдэг. Ингэж л хүний оюун санаанаас бус, хорвоо ертөнцийг бүхэлд нь агуулагч Акашигийн тайлангаас дурсамжийг татан гаргаж ирдэг юм. Ийм чадвар Эрдмийн тамга хүртэхээс ч яах вэ.
Токо хүндээр санаа алдаад, сандлынхаа түшлэгийг лагхийтэл наллаа.
Эрдмийн тамгыг Ордо хосгүй билиг авьяасыг нь хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болгон урьд өмнө үзэгдэж харагдаагүй, хойшид ч бий болохооргүй ховор чадвар эзэмшсэн шидтэнд гардуулдаг юм. Ордо тийм чадварыг хадгалж хамгаалахын тулд эзэмшигчийг нь авч үлдэх арга зам эрэлхийлнэ. Өөрсдөө бол үүнийгээ нэр төрийн хэрэг гэж үзэх боловч цаадуул нь Ордод үлдвэл үл дуусах судалгаа шинжилгээний бай болохоо мэдэх тул өөр бодолтой байдаг билээ. Судалгааны бай болсон шидтэнгүүд шидтэн бүрийн эцсийн зорилго болох төрөл ахих зам мөрийг хөөх нь бүү хэл ном шагайх ч боломжгүй болно. Тиймээс эрдмийн тамгатай шидтэнгүүд Ордогоос бушуухан салж холдохын түүс болдог ба Годворд ч тэдний жишээг дагаснаараа урвагч гэж тооцогдох болсон юм. Ордо түүний энд байгааг мэдвэл тэр гарцаагүй баригдана. Гэвч Аозаки Токо Ордотой холбогдох аргагүй. Тэгэх ч үгүй. Тэр 11-р сард Огава барилгын хэргээс болоод өөрийн тусгаар байдлыг эрсдэлд оруулаад зогсохгүй, Ордод өртэй болж хоцорсон тул дахин тийм байдалд орохыг яагаад ч хүсэхгүй байлаа.
Тэр адар өөд дэмий ширтэн, бодлогоширно. Годворд Рейн сургууль дээр байгаа цагт Азака, Шики хоёр ямар нэг байдлаар аюулд орсон гэсэн үг. Гэвч Азака сорилтонд орно гэхээс тэсч ядан зүүн дээр суусан мэт өндөлзөж байсан тул Токо энэ удаагийн боломжинд нь саад учруулбал цаадах нь хэзээ ч уучлахгүй байлаа.
-Одоохондоо хараад л сууж байя даа, Кокуто. Тэгээд ч ноцтой юм болно гэж би бодохгүй байна гэж Токо яриагаа эцэслэн өгүүлээд тамхи асаалаа. Микияа түүнийг хөмсөг өргөн харж байв.
-Нээрэн үү? Би таны хэлснийг зөв ойлгосон бол Курогири Сацүки тун аюултай хүн шиг санагдаж байна. Та үнэхээр тэдэнд туслахгүй юм гэж үү?
-Би тэрнийг хүн гэмтээхгүй гэж хэлсэн шүү дээ. Түүний Шид дайрч довтлоход бэлтгэгдээгүй, Шики, Азака хоёрынхоос ондоо. Ердөө бусдын хүсэл шуналыг гүйцээхээс хэтрэхгүй. Тэгээд ч тэр ганц л зорилготой.
-Тэр нь юу юм бэ?
Кокутогийн асуултыг сонсоод Токо хэргийг Азакад анх даалгасан мөчөө эргэн дурсав. Мартагдсан дурсамжтай холбоотой явдлууд яахын аргагүй Годвордын ажил шиг сонсогдож байсан юм. Гэвч өнгөрснийг буцааж болох биш. Ордогийн хамгийн шилдэг илбэчнийг тийм бөглүү газар нуугдаж байх юм гэж хэн санах билээ?
-Тун энгийн. Утгагүй ч гэж хэлж болно. Юу ч гэмээр юм дээ... Мөнхийн оршихуй гэж болох юм уу даа. Тэр чадвараа алдаагүй цагт бидэнд утгагүй санагдавч өөрт нь бол хосгүй үнэ цэнэтэй тэр сүүдрийнхээ араас хөөцөлдсөөр байх болно. Түүний хувьд энэ нь амтат зэрэглээтэй адил. Тийм учраас Годворд үүний төлөө бүх насныхаа амьдралыг, түүнээс ч илүүг зориулна гээд Токо тамхиа уушги дүүртэл сорж, өтгөн саарал утаа үлээн гаргаад:
-Гэхдээ хэзээ ч олохгүй л дээ. Хайсан газар бүрт нь мөнхийн оршихуй оршин байгаа ч гэсэн хэмээв. Тамхины утаа тааз руу хөөрөн гэрэлд угалзарч, толгой эргүүлэм зэрэглээ адил манарлаа.


Last edited by zolushka_717 on Aug.09.17 10:43 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Aug.10.17 3:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Шики өөртөө хэт итгэлтэй шүү. Урхи л биз, гэхдээ яахав гээд л. Азака хурдан л өрөө рүүгээ яваасай.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.10.17 4:18 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.10.17 4:11 pm
Posts: 21
англи эхийн линк тавьж болох уу


Top
   
PostPosted: Aug.10.17 9:24 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
morn!ng wrote:
англи эхийн линк тавьж болох уу

Why?


Top
   
PostPosted: Aug.10.17 9:59 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.10.17 4:11 pm
Posts: 21
zolushka_717 wrote:
morn!ng wrote:
англи эхийн линк тавьж болох уу

Why?


аан их сүртэй бишээ... би зүгээр уншиж өөрийгөө шалгах л гэсийн


Top
   
PostPosted: Aug.10.17 11:17 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
morn!ng wrote:
zolushka_717 wrote:
morn!ng wrote:
англи эхийн линк тавьж болох уу

Why?


аан их сүртэй бишээ... би зүгээр уншиж өөрийгөө шалгах л гэсийн

Хэддүгээр дэвтэр нь хэрэгтэй вэ?


Top
   
PostPosted: Aug.10.17 11:18 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.10.17 4:11 pm
Posts: 21
zolushka_717 wrote:
morn!ng wrote:
zolushka_717 wrote:
Why?


аан их сүртэй бишээ... би зүгээр уншиж өөрийгөө шалгах л гэсийн

Хэддүгээр дэвтэр нь хэрэгтэй вэ?


Эхнийх байж болох уу.


Top
   
PostPosted: Aug.10.17 11:23 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
morn!ng wrote:
zolushka_717 wrote:
morn!ng wrote:

аан их сүртэй бишээ... би зүгээр уншиж өөрийгөө шалгах л гэсийн

Хэддүгээр дэвтэр нь хэрэгтэй вэ?


Эхнийх байж болох уу.

Pm-ээ шалгаарай


Top
   
PostPosted: Aug.10.17 11:32 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.10.17 4:11 pm
Posts: 21
zolushka_717 wrote:
morn!ng wrote:
zolushka_717 wrote:
Хэддүгээр дэвтэр нь хэрэгтэй вэ?


Эхнийх байж болох уу.

Pm-ээ шалгаарай

Баярласан :wd:


Top
   
PostPosted: Sep.02.17 2:29 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
6.

Нарны саарал туяа эрээн мяраан зураг бүхий сүмийн цонхоор шүүгдэн, над дээр, тэнэг инээмсэглэлээ тодруулан яах нь мэдэгдэхгүй харцаар намайг ширтэн танхимын голд зогсож буй Курогири Сацүки дээр тусч, бүх зүйл ухаан солиором хачин сонин өнгөөр солонгорно.
-Хөөх, өдийд сүмд юу хийж явдаг билээ, Риоги-сан?
Түүний хоолой сүмд дайран орж ирсэн намайг зэмлэсэн шинжгүй байсны дээр асуулт нь хардаж сэрдсэн янзгүй байсан тул надад бүр ч сэжигтэй санагдаад явчихав. Би анх орж ирэхдээ гонхоны дэргэд Микияаг зогсож байна гэж харсан тул балмагдан зогтуссан ч, хоёр биенээ тогтож харсны эцэст эргэн хэвийн байдалдаа орж, дүрэмт хувцасныхаа арын халааснаас хутгаа сугалан, хажуудаа барьсан юм. Тэр мэс заслын хутгатай төстэй зэвсэг рүү минь яахаа мэдэхгүй болсон янзтай барайн ширтэх аж.
-Наадхаа цааш нь хийсэн нь өлзийтэй болов уу гэж Курогири хэлээд:
-Хүн гэмтээчихэж магадгүй шүү дээ хэмээн хичээл зааж буй багшийн зөөлөн дуугаар сургамжлав. Би түүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөн, сүмд өөр хүн байгаа эсэхийг харцаараа нягталлаа. Дотор хэдийгээр бүрэнхий байгаа хэдий ч, ямартай ч сэжигтэй юм харагдсангүй. Миний энд хүртэл мөшгиж ирсэн сурагч үгүй бололтой, Курогири Сацүкигээс өөр хүний бараа үзэгдэхгүй байлаа. Би ажиглалтаа зогсоон, гонхоны өмнө зогсож буй хүнд хандан:
-Та Ожи Мисаяа хаачсаныг мэдэхгүй биз? гэж асуув. Түүний харц алгуурхан доошиллоо.
-Ожи-сан энд байхгүй. Гэхдээ чиний хайж байгаа хүн би биш үү? Хоосролыг цуглуулж байгаа хүн нь тэр биш би юм шүү дээ гэж Курогири инээмсэглэл цацруулан өгүүлэв. Яагаад ч юм би түүний үгэнд ядаж цөхөх юмгүй итгэлээ. Жинхэнэ хэрэгтэн нь Курогири Сацүки байж шүү дээ. Ямар ч далдын нууц алга, эргэлзэж тээнэгэлзэлгүй итгэж болно. Яагаад ч юм... Аль эрт мэдэж байсан үнэнийг чихээрээ олж дуулсан юм шиг, итгэхгүй байхын аргагүй санагдана.
-Ямар чөтгөрөө яриад байна аа?
Дуулгавартай сурагчийн дүрд тоглож ханалаа. Ер нь бол анхнаасаа л дүр эсгэх шаардлагагүй байж л дээ. Би түүнийг харцаараа цоолох шахам өрөмдөж, тэр гэмшингүй инээд алдлаа.
-Дуулдаж байгаа шигээ л утгатай юм. Чиний устгасан дагуул минийх байгаагүй ч, хайж байгаа хүн чинь би мөн. Ожи Мисаяагийн хувьд чи хаалттай ном хэвээрээ байгаа учраас л тэр чамайг сонирхоод байгаа хэрэг. Дагуул чиний чигчий хурууны чилээг ч гаргаж дөнгөхөөргүй байсан ч, Ожи-сан заавал явуулна гэж зөрсөн юм. Дагуулууд түүний Шидийн хүчээр хөдөлдөг байсан ч гэлээ тэдний нэг үгүй болсон нь харамсалтай.
Түүний хоолой дахь харуусал дахиад л үнэн сэтгэлээс ургасан мэт сонсогдсоноор зогсохгүй Курогириг нүдээ аних үед нь надад хорвоогоос арчигдаж үгүй болсон амьтны хойноос залбирч байгаа юм шиг санагдав. Гэхдээ би түүний өрөвдөж энэрсэн төрхөнд хууртах ёсгүй. Азака энд зөвхөн ажиглах үүрэгтэй ирсэн талаар зогсолтгүй яншиж байсан ч, дайсан нүдний минь урд бэлхнээ зогсож байхад хийвэл зохих ганц л зүйл бий билээ. Би түүнийг...
-Хэрэггүй л болов уу, Риоги-сан гэж Курогири миний бодлыг уншсан аятай гэнэт хэлээд:
-Дагинат шидтэн би биш, Ожи Мисаяа шүү дээ. Миний Шидийн хүч тэр олон дагуулыг удирдаж хүчрэхгүй. Тийм бишрэм чадвартай ганц хүн нь Ожи Мисаяа байгаа юм. Миний хүч зөвхөн бодол, үгэнд оршдог учраас шидэт дагинатай хамаагүй гэхэд буруудахгүй болов уу. Тийм ч учраас тэр тал дээр бол чи намайг дайсанд тооцох учиргүй юм хэмээлээ.
-Юу...
Түүний үгнээс дахиад л хачин зүйл мэдрэгдэв.
-Гэсэн хэдий ч, ерөнхийд нь авч үзвэл би огт хамаагүй биш л дээ. Тиймээс энэ удаад Ожи Мисаяагийн бяцхан алдааг залруулж өгөх нь миний зүгээс зөв байж мэдэх юм. Үгүй гэж үү? хэмээгээд Курогири нүдээ нээв. Түүний харц хөдөлбөргүй амар амгалан байлаа.
-Би хэрэг явдалд ингэтлээ их хутгалдъя бодоогүй юм. Чамайг ч ийм түргэн хүрээд ирнэ гэж санасангүй. Ожи-сан ердөө л Кокуто-сангийн чадварыг сорих байсан юм. Гэвч би гар дүрж орхисон болохоор танай багш Кокуто-санд бараа болгож чамайг илгээх нь ердөө цаг хугацааны асуудал болж хувирсан биз ээ. Чамайг үүнд татаж оруулсныхаа хувьд энэ удаад би чиний өрсөлдөгч болох нь зүйтэй.
-Чамд ингэж амиа гаргуунд нь гаргах ямар хэрэг байгаа юм? Ийм уриалгахнаар надад амь насаа өргөн барих болсон шалтгааныг чинь би нэг л олж харахгүй байна шүү.
-Тийм байх л даа. Тэгвэл чиний сэтгэлийн гүнд цоожлогдсон дурсамжийг яах вэ? Чи тэр дурсамжаа намайг үгүйсгэж байгаа шигээ цааш нь түлхэж байна уу, эсвэл гараа дэлгэн угтан авах уу? Ожи Мисаяа дурсамж хулгайлдаг бол би хоосрол руу замхарсан дурсамжийг сэргээдэг юм. Ээдрээ зангилааг эцэслэхийн тулд Кокуто-сан та хоёр Ожи Мисаяагийн араас элдэж байсан ч, дуртайяа бусдын хүслийг биелүүлэгч намайг олсон хүн нь зөвхөн чи шүү дээ.
Би хөдөлсөнгүй. Нүдээ ч цавчсангүй. Түүний үг үнэний хувьтай байлаа. Гэвч мартагдсан дурсамжаа эргэн санахыг би хүсэхгүй байв. Тийм учраас л өдийг хүртэл шидэт дагинын араас улайран хөөцөлдөж, заавал Ожи Мисаяаг замаасаа зайлуулах гэж зүтгэсэн байж мэднэ. Бай Курогири Сацүки болж өөрчлөгдлөө ч, миний бодол хувирахгүй юм.
Гэвч намайг урагш довтлохыг яаруулан дотроос түлхдэг танил дотно мэдрэмж мэдрэгдэхгүй байлаа. Өмнөө зогсох хүнээс болгоомжлох сэтгэл эс төрнө. Би Курогириг дайснаа гэдгийг мэдэхийн цаагуур мэдэж байвч огт булгилан хөөрөхгүй байгаа нь тун жигтэй байлаа.
Миний дотор ийм үл таних харь холын сэрэл төрөөд байгааг би өөрөө анзаарах үед нуруугаар зарсхийн хүйт оргиод явчихав. Гэсэн ч ал, устга, хороо хэмээн шаарддаг дуу хоолой сонсогдохгүй л байлаа. Магадгүй... магадгүй надад тийм мэдрэмж шаардлагагүй ч юм билүү.
Хамаг бие хүйт даахыг тоолгүйгээр би Курогири Сацүки, түүний жигтэй инээмсэглэлийг сайтар харахаар Мэлмийгээ нээлээ. Шидээ суллан тавимагц үхлийн хар зурааснууд үй олноороо үзэгдэх нь тэр. Зурааснууд Курогири Сацүкигийн биеийг аалзны тор адил эмх цэгцтэйгээр битүү бүрхжээ. Шугам ийм олон байгаа нь Курогиригийн бие цогцос миний урьд хожид уулзаж учирч байсан хэнээс ч илүүтэйгээр үхэлд ойртон очсоныг илтгэж байлаа. Булингартаж сааралтсан нарны туяа үхэл сүлэлдсэн харанхуйн шугамтай хослож, Курогири Сацүки дооглонгуй инээвхийлэв.
-Үхлийг Танигч Нууц Мэлмий байх шив. Би бусдын үзэж туулсан хязгаарлагдмал ганцхан урсгалыг хардаг бол чи хэний ч хөл тавиагүй хязгаар үгүй замыг хараачилдаг. Би болж өнгөрснийг л бичиглэдэг, харин чи зөвхөн ирээдүйг л хардаг. Алаяа өнгөрсөн дурсамжтай чинь учруулахаар намайг ийш дуудсан нь егөөтэй юм. Тийм үү, Шики-сан?
Курогири Сацүки нүдээ онийлгон миний зүг сэжиглэнгүй харц чулуудлаа. Гэвч хачин жигтэй байр байдлаас нь илүүтэйгээр түүний хэлсэн ганцхан үг миний анхаарлыг бүрэн татаж чадав. Сүмд орж ирснээс хойш мэдрэгдээд байсан дайсагналын шалтгааныг Курогири энэ ганцхан үгээрээ тайлж орхих нь тэр.
Тэр яахын аргагүй Алаяагийн нэрийг хэлсэн.
-Хараал ид. Чи ч гэсэн шидтэн юм байжээ? Тэгвэл чи гарцаа байхгүй миний дайсан.
Би хутгаа чанга атгалаа. Тэгвэл Курогириг ам нээсэн цагаас эхлэн толгойд орж ирээд байсан хачин бодлууд тохиолдол биш байж. Эргэлзэх юмгүй, түүний шившлэгийн нөлөө байжээ.
Тиймээс бодох юм байхгүй. Цэгнэж, дүгнэх ч хэрэггүй. Тэрнийг хөнөөгөөд бүгдийг залруулж болно. Тэрнийг дуусгаснаар бүгдийг эцэслэж болно.
Миний инээд тэсгэлгүй ихээр хүрэв.

Түг түг. Тэр Микияатай үнэхээр адилхан юм.
Түг түг. Би түүний шидтэн гэдгийг, хоёр хязгаарын миний байдаг талд харъяалагддагийг, бусдаас тусгаарлагдсан, худал хуурмаг, далд нууцаар дүүрэн миний ертөнцөд надтай мөр зэрэгцэн зогсдогийг санав.
Би Курогири Сацүки рүү үсэрч очоод, хоолойг нь хэрчин, бүлээн цусыг нь амтлах ухаан жолоогүй хүслээ тогтоон барьж байлаа.
Хүслээ гүйцээхэд учир бий. Дайсныхаа хүчийг дутуу тооцоолоохгүйн тулд төлөвлөх хэрэгтэй. Боломж гармагц довтолж очоод, хоолойноос нь гэдэс хүртэл нь хүүлж, гуравхан хормын дотор л зүйл дуусгана.
Би түүний цусанд бялтсан дотор эрхтэнг төвөггүй төсөөлж байтал...
Түг түг. Бодол санаа төөрөлдөж, амьсгаа түргэсэн, би тээнэгэлзэж эхэллээ.
-Тэгэхгүй шүү, Шики-сан хэмээн Курогири Сацүки захирангуй хэлэв. Би түүн рүү үсэрч очоод, тэр саяын хэлсэндээ харамсаад сууж байх хугацаа өнгөрч амжсан ч, түүний үг намайг яагаад ч юм хориглон тогтоож, ухаан санаа минь зөв гэж ятгавч дотроос минь ямар нэгэн зүйл хийх үйлдлийг минь буруу гэж зүтгээд намайг хааш нь ч хөдөлгөсөнгүй. Оргилон буцалж байдаг хөнөөгч хүсэл энэ удаад намайг шавдуулан түлхсэнгүй, Микияатай дэндүү адилхан харагддаг хүн рүү би дайрч чадсангүй.
Бүх биеийг минь эзэмдэн авахаар биежиж буй айдаст автахгүйн тулд, зорилгоо гүйцээх эцсийн арга хэмжээ авахын төлөө хамаг хүчээ шавхан тэмцэвч миний хоолой хатаж, хэл хөшжээ. Бие цогцос минь мэдээ алдчихсан аятай хаашаа ч хөдөлж өгсөнгүй. Ухаан санаагаа хоосолж чадвал би хэрэггүй бодлоосоо ангижирч, хүлээснээс алдууран хөдөлж чадахаа мэдэж байвч тийм зүйл болсонгүй.
-Чадахгүй нь гэж би үгээ зөөн арай ядан дуугарлаа. Шидтэн намайг цамхгийн харуул аятай анхааралтай ширтэв.
-Сайн байна. Зогсчихлоо. Намайг үгүй хийж болох байлаа шүү. Урьд нь чи энгийн амьдрах гэсэн бүтэшгүй мөрөөдлөө биелүүлэхийн тулд дотроо орших ШИКИ нэрт хөнөөгчийг дахин дахин алдаг байсан бол одоо ШИКИгийн үлдээсэн сүүдрээс салж хагацахгүйн төлөө Шикиг чимээгүй болгохыг оролдож байна. Гэвч Шикиг дуугүй болговол чи түнэр харанхуй руугаа буцах болно. Хмм, Алаяа чамайг халуун цочмог, эрэмгий гэж байсан ч, миний нүдэнд шийдвэр гаргаж чаддаггүй, хулчгар жаал шиг л харагдаж байна гээд Курогиригийн харц надаас холдож:
-Алаяа надад чамайг татан гаргаж ирэх үүргийг хүлээлгэж, чиний талаар бүгдийг хэлж өгсөн юм. Гэвч тэр өөрөө үгүй болсон болохоор миний энд ингээд байж байгаа нь хошин жүжигт тоглож байгаагаас ялгаа алга. Харамсалтай юм. Би түүний туршилт хаа хүрэхийг харахыг хүссэн юмсан хэмээн хүүрнэлээ.
Тэр дахин дуугарсангүй. Хэдэн хором анир чимээгүй өнгөрлөө. Курогири Сацүки миний өөдөөс харан холдон зайлах, дайран довтлохын алийг ч бодолгүй надтай адилаар нүд ч цавчилгүй, хөдөлгөөнгүй зогсоно. Үхлийн зураас урин дуудан угалзран бүжиж, гарт минь байгаа хутга хөдлөхийг шаардан халуу шатна. Сүмийн дээрээс эзэрхийлэн дарсан аниргүйд миний зүрхний цохилт хэнгэрэг адил сонстож, намдах янзгүй нүргэлнэ. Довтлох нь бүү хэл цовхчих зүрхээ ч хорьж хүчрэхгүй болсон надад ярихаас өөр сонголт үгүй болжээ.
-Чи яагаад юу ч хийхгүй зүгээр зогсоод байгаа юм?
-Шаардлагатай гэснээ би хэлсэн. Цаашид миний хэлэх бүхэн чиний асуултын хариу байх болно. Хувь тавилангийн чи бид хоёрт авчирсан замын огтлолцлолыг хэрэгсэлгүйгээр чи бүгдийг энэ байгаа чигт нь үлдээвэл би ч чамайг орхиж, бид урьдын адил хамааралгүй хүмүүс болно. Харин тулалдахаар шийдвэл би биеэ хамгаална. Би Ожи Мисаяад нэг удаа тус хүргэх өртэй байсан юм. Тэр минь ч гүйцлээ. Одоо би чиний хүслийн дагуу хөдөлнө.
Курогиригийн онцгой хариултыг сонсоод миний хөмсөг татвасхийв. Сонголтыг надад үлдээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Тулалдахыг хүсэхгүй байгаа юм байх даа? Тийм бол анхнаасаа яах гэж намайг занганд оруулсан хэрэг вэ?
-Чи миний хүссэнийг хийнэ гэсэн үг үү? Сайн байна. Надад угаасаа тэр мартагдсан дурсамж хэрэггүй байсан юм.
Ийн өгүүлэх зуур миний зүрх бүр ч хүчтэй цовхрон дэлсэж, би хөндүүрийг нь намжаахын тулд арай ядан гараа хөдөлгөн цээжин дээрээ тавилаа. Шидтэн гайхсан янзтай гарыг минь дагуулан харснаа, үл зөвшөөрөн толгой сэгсрэв.
-Дотоод сэтгэл чинь өөрөөр хэлж байна шүү дээ. Чи аль эртнээс мартагдсан дурсамжаа хайсаар ирсэн. Зүрх чинь үнэнийг өгүүлж байна. Би энэ хүслийг чинь л дагах болно.
Хараал ид. Түүний үг худал биш байлаа. Гэхдээ би зөвхөн ШИКИгийн дурсамжийг л хүссэн юм. Дулаахан боловч сэтгэл өвдөм ангийн хүүхдийн талаархи тэр л дурсамжийг. Харин хамгийн сүүлчийнхийг нь эргэн санахыг хэзээ ч хүсч байсангүй. Мөсөн жад мэт арьсан дээр минь буух цэв хүйтэн бороотой чөмөг царцаам шөнийн тэр дурсамжийг лав биш...
-Хэрэггүй, битгий гэж би цөхрөнгөө барсан хоолойгоор гуйв.
-Би санахыг хүсэхгүй байна. Зүгээр л мартмаар байна. Би мартахыг хүсч байна.
Мартахыг хүссэн учраас би тэр шөнийг мартсан биз дээ? Тийм учраас л ШИКИ үхэж, үгүй болсныхоо тэмдэг болгон хэсэг бусаг дурсамжийг үлдээсэн биш үү? Би тэр дурсамжуудыг хэзээ ч эргэж ирэхгүй гэж бодож байсан. ШИКИ намайг одоо, энд, ингээд амьд мэнд зогсож байгаасай гэсэндээ өөрийгөө үгүй хийсэн шүү дээ.
-Надад чиний тусламж хэрэггүй.
Миний хоолой сааралтаж байв. Курогири Сацүки хэсэг чимээгүй болсноо инээмсэглэл тодрууллаа.
-Тэгвэл би буруу бодсон юм байлгүй дээ. Тэгж хүсч байгаа бол хүслээр чинь болог. Би ийм л үүрэгтэй юм.
Түүний хоолойноос уур хилэн, хорсол дайсагналын аль нь ч мэдрэгдсэнгүй. Гэсэн ч сайхан сэтгэл, нигүүлсэл энэрлийн аль нь ч дуулдсангүй.
Намайг явахаас өмнө Токо домгийн амьтдыг ямарваа ёс суртахуун, дүрэм журамд хүлэгддэггүй, далдын хүчинд эзэмдүүлсэн аятай хүнээс гажууд үйлдэл хийдэг хэмээн тайлбарлаж өгсөн юм. Гэнэт миний өмнө зогсоо шидтэн, түүний тааварлах аргагүй сэтгэхүй, дурсамж цуглуулдаг дураараа араншин нь домгийн амьтадтай ижил санагдав. Гэвч тэр яагаад инээмсэглэнэ вэ? Инээхгүй байсан нь дээр биш гэж үү?
-Чи ёстой гажигтай юм. Миний хүслийг дагана гэж хэлсэн мөртлөө сэтгэл хангалуун инээмсэглээд байгаа учрыг чинь би ойлгохгүй байна. Надад инээмсэглэл хэрэггүй. Миний хүслийн толь баймаар байгаа чинь үнэн л юм бол наад ганган инээмсэглэлээ нүүрэн дээрээсээ арчиж хаясан нь дээр.
-Би инээмсэглэсэн гэж бодохгүй байна. Өмнө хэлж байсан шиг би огт инээмсэглэдэггүй юм шүү дээ.
Тэр тайлбарлах зуураа ч инээмсэглэсэн хэвээр байлаа.
-Гэхдээ хүн болгон намайг инээмсэглэж байна гэж боддог бололтой юм билээ. Би жирийн байх гэж хичээдэг боловч Курогири Сацүки үргэлж инээмсэглэж байдаг. Гэхдээ надад инээмсэглэх хүсэл төрдөггүй, Риоги-сан. Тэгж бодож ч байсангүй. Инээмсэглэл юунд хэрэгтэй, хүн яагаад инээмсэглэдгийг би ойлгодоггүй. Над шиг хүн баясаж цэнгэдэггүй юм. Тийм ч учраас амьд гэдгээ мэдэрч үзээгүй чамтай төстэй байсан удаа надад бий. Гэхдээ чиний тэр асуудлыг цаг хугацаа шийдээд өгчихсөн, тийм биз? Риоги Шикид ирээдүй, зорилго бий болсон. Харин надад өнгөрснөөс өөр юу ч үгүй. Бусдаас би зөвхөн өнгөрснийг л олж хардаг. Хүн амьдрахын тулд хоол идэх хэрэгтэй шиг надад бусдын өнгөрснийг цуглуулж, илчлэх шаардлага бий. Үүний дараа юу болох нь надад хамаагүй. Дурсамжаа яаж ашиглах нь тухайн хүний хэрэг. Надад шийдэх эрх байхгүй. Миний мөн чанар тийм юм.
Түүний инээмсэглэл ямар нэг хэмжээгээр суларсан ч, бүрмөсөн арилсангүй.
-Өнгөрснөөс өөр юу ч үгүй гэдэг чинь юу гэж байгаа юм?
-Өнгөрсөнгүй байна гэдэг хоосон байна гэсэн үг. Харамсалтай нь би сул дорой, хуучинсаг. Надад үзэл бодол гэж байдаггүй болохоор мөрөөдөл, хүсэл ч гэж үгүй. Би зохиолчийн гараар бичигдэж, хүсэл шуналын төлөө хэвлэгдэж, уншигчдын санаа бодлоор баяжигдсан ном л гэсэн үг. Сул дорой болохоор би амиа егүүтгэхээс айдаг. Тиймээс хорвоогийн тоосыг хөдөлгөхөөс өөр сонголт үгүй. Нэг л зүйл миний хэн болохыг тодорхойлдог юм. Тэр нь хүмүүсийн хүслийг биелүүлэх явдал. Би сайн хүн болох гэж тэгдэггүй, харин тийм шаардлага надад байдаг юм. Хувь тавиланг эсэргүүцэх аргагүйн адилаар би хүн төрөлхтний хүсэлд хариу өгөх үүрэгтэй. Би мартагдсан цаг хугацааг эргүүлэн авчирдаг. Үүнийг хүсэхгүй хэн байх билээ? Би ердөө зүй ёсоор чамд харьяалагдах зүйлийг л буцаан өгөх гэсэн төдий юм шүү дээ.
-Чиний хувьд л тийм биз. Гэхдээ чи шийдвэр гаргах эрхгүй гэж хэлсэн байх аа гээд би нүдээ онийлгон түүнийг ширтлээ. Би Курогири Сацүкиг эсэргүүцсэн дүр үзүүлсэн ч, дотор минь хачин мэдрэмж төрж байв. Шидтэний үг толгойноос хальж гараад бүх биеэр тархаж байх шиг санагдана. Курогири Сацүкиг удирдагч хүч намайг ч бас удирдан, түүний үгийг сонсох хэрэгтэй хэмээн шаардах шиг.
-Санал тавьсанд баярлалаа. Гэхдээ миний хариулт үгүй хэвээрээ. Надад захиа илгээж, мэддэг зүйлийг минь сануулах ч шаардлагагүй. Мартагдсан дурсамж буцаж ирдэггүй юм. Чиний ятгалга миний бодлыг өөрчилж чадахгүй шүү.
Миний зүрх үсчин цовхчиж, цээжин дээрээ тавьсан гарт минь багтаж ядан оволзож байв. Бид анх удаа харц тулгарлаа. Курогири Сацүкигийн харц алсын бараа саравчлах адил хол, салах ёс гүйцэтгэх шиг харанхуй, хоосон байв.
-Чи хүртэл өнгөрснөө түлхдэг хүмүүсийн тоонд багтдаг юм шив. Та нар яагаад ийм шийдвэр гаргадаг юм бэ? Яагаад мөнхийн оршихуйг цааш түлхэнэ вэ?
-Мөнхийн оршихуй гэнэ ээ? Бусдад өнгөрсөн нүгэл хилэнцийг сануулах нь чиний хувьд мөнхийн оршихуй юм биз дээ? Инээдтэй юм. Ийм утгагүй санаа хаанаас төрдөг байна аа? Хүмүүс дурсамж үлдээхийг хүсвэл зүгээр л камер ашиглаг л дээ. Шидтэнгүүдээс ялгаатай нь камер худлаа ярьдаггүй юм шүү дээ.
Миний хэлсэн үг Курогири Сацүкигийн нүүрэн дээрх инээмсэглэлийг анх удаагаа арчин хаяв. Түүнийг ам нээх үед хоолойноос нь бардамнал цухалзаж байлаа.
-Биет юмс мөнх оршдоггүй гэсэн эртний боловч үнэн сургааль байдгийг сана. Ертөнц дээрх юм болгон мөнх бус. Юунаас ч илүүтэйгээр чиний Мэлмий үүнийг тольдож байх ёстой. Аливааг үнэ цэнэтэй байлгахын тулд ажиглах хэрэгтэй байдаг юм. Үнэ цэнэ хувирах ёсгүй. Үгүй бол мөнх биш болчихно. Харсан зүйл нь санаж байгаатай нь яг ижилхэн байгаа үгүйг хэн ч хэлж мэддэггүй. Харин ажиглагчийн оюун тун энгийн боловч чадварлаг. Шинэ бүхэн хуучирч, гайхам сонин чанараа алддаг. Хүний сэтгэл оюунд юм бүхний үнэ цэнэ хувирч, үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Энтропи мөнхийн оршихуйгаас хэрцгий боловч хүн төрөлхтөнтэй салшгүй холбоотой. Харин мөнхийн оршихуй хэзээ ч үл хувирах эзэмшигчид захирагдах зорилгоор бариад авчих хэлбэр дүрсгүйгээр оршдог юм. Зөвхөн өнгөрсөн бүхэн нарийн тодорхой бичигдсэн, бүхнийг мэдэгч тэмдэглэл л эзэмшигч болж чадна.
-Тэмдэглэл ч бас өөрчлөгддөг гэж би хатуу хэлээд:
-Энд болсон явдал үүнийг нотолж байна. Чиний хайсан газар тэр гайхамшигт мөнхийн оршихуй чинь байхгүй л болов уу хэмээлээ.
-Миний авсан зүйл тэмдэглэл байгаагүй. Ердөө л мартагдсан ой санамж төдий юм. Тэд эздийнхээ зан төрхнөөс хамаарч хэлбэр дүрсээ олдог, дурсамжтай адилаар нөхцөл байдалдаа зохицон өөрчлөгддөг, сольж өмсдөг хувцаснаас ялгаагүй зүйл. Чи мэднэ дээ. Хүн ярианыхаа хэв маягийг өөрчлөхөд л оюун санаа, бие махбодь даган хувьсдаг шүү дээ хэмээн учирлаад шидтэн миний зүг нэг алхав. Миний зүрхний цохилт түргэслээ.
-Ажиглагч өөрийгөө ажиглаж, үүний дүнд өөрөө өөрчлөгдөж, цаг хугацааны шүүлтүүрээр өөрийгөө олж авдаг. Хүний зан чанарт эцсийн хэлбэр гэж байдаггүй. Тэмдэглэл үргэлж оршсоор ирсэн сэтгэл оюуны үр жимс, мөнхийн оршихуйг нүд салгалгүй ажиж байдаг зүйл. Эзэн нь үгүй боллоо ч, дэлхий ертөнц үгүйрэн сүйрлээ ч тэмдэглэл дотоод сэтгэлд хэзээ ч хувиралгүйгээр үлддэг юм.
-Юу яриад байгааг чинь ойлгох юм алга.
-Ойлгоно ч гэж бодоогүй. Чи ч, бусад нь ч ойлгохгүй. Хэзээ ч ойлгохгүй. Мартагдаж гээгдэх ёстой дурсамж гэж байдаггүй юм. Санаатай ч бай, санамсаргүй ч бай хүн төрөлхтөн хоосрол руу одсон тэмдэглэлийг хүсч байдаг. Би ердөө л энэ үнэнийг тусган харуулагч төдий юм.
Курогири урагш дахин нэг алхаж, гонхоноос дахин нэг алхмаар холдлоо. Надад ойртох үед түүний жигтэй инээмсэглэл ахин тодров. Миний хутга атгасан гарын алга халуу шатан хөлөрч эхэлсэн ч, дотно таатай санагдаж байв. Би утгагүй ярианых нь ачаар Курогири Сацүки Микияатай огтхон ч адилгүй гэсэн ганцхан хэрнэ хамгийн чухал зүйлийг тов тодорхой ойлгож аваад байлаа. Микияа хэзээ ч дураараа аашилж, хайхрамжгүй загнаж байгаагүй. Би энэ л бодлоосоо салахгүй зууран, Курогиригийн үгэнд агуулагдах ер бусын нөлөөг эгшний төдий ч болов үгүй хийхийг хичээв. Ганц л хором хангалттай. Үүний тулд сэтгэлээ бүрэн хөвчлөх хэрэгтэй болсон ч, хичээл зүтгэл минь үр дүнгээ өгч, зүрхний цохилт удаашран, хуруунууд мэдрэгдэж эхлэв. Хүч тамир минь шавхагдах дөхсөн ч, өөр юу ч хийж чадахгүйгээс цааш хэсэгхэн зуур тэвчих хэрэгтэй гэдгээ би мэдэж байлаа.
-Чи сайн хүн болох гээгүй гэсэн байх аа хэмээн би хүчээ шавхаж байгаагаа мартахыг хичээн, түүнийг дахиад жаахан ойртуулахын тулд худал дүр эсгэн хээвнэг өгүүлээд:
-Толийг ад чөтгөр гэж болдоггүй шиг би чамайг хорон санаатан мөн эсэхийг хэлж мэдэхгүй байна гэлээ. Гэвч би худал хэлсэн юм. Курогири Сацүки сонголтоо өөрөө үгүй хийсэн ч, хийсэн үйлдлээ дэнсэлж цэгнэж чадах ухаантай хүн байсан юм. Гэсэн ч тэр ичгүүргүйгээр өөрийгөө гэм зэмгүйд тооцож байлаа.
-Чи өөрийгөө тольтой зүйрлэсэн билүү? Тэгж байж л чи буруу юм хийгээгүй гэдэгтээ итгэдэг байх нь ээ дээ. Ердөө өөрт оногдсон зүйлээ хийж байна гэж сэтгэлээ хуураад л. Чи юутай адилхан байна гээч? Үүрэг хариуцлагаа бусад руу чихэж байгаагаараа эрх нь дэндсэн жаал шиг л байна.
Миний үгийг сонсоод шидтэний нүдэнд хилэнгийн оч гялсхийлээ.
-Чи надтай тулалдахыг хүсээд байна уу, Риоги-сан? гэж асуугаад тэр хэрцгийгээр инээмсэглэж:
-Хүслээр чинь болъё л доо. Алаяагийн үүргийг хүлээн авах нь нэр төрийн хэрэг. Гэхдээ чамд л гэж хэлэхэд намайг үл тоомсорлоод өнгөрсөн нь дээр байсан юм шүү хэмээгээд нүдний шилээ дээшлүүлж, урагш нэг алхлаа. Үүнийх нь ачаар би ганцхан ухасхийгээд хутгаа дүрж чадахаар болов. Миний өмнө тулж ирчихээд нүдний шилээрээ оролддог нь Курогири Сацүкигийн хамгийн том, бас хамгийн сүүлчийн алдаа байх болно.
Оюун санааг минь багласан хүлээс хөдөлгөөнд саад учруулсан хэвээр байсан ч, би хамаг чадлаа хөлдөө хуримтлуулсны хүчинд түүнд ойртож, хутгаа далайлаа...
-Чамд нүд гэж үгүй.
Шидтэний хоолой эгшний төдийд чихэнд шүргэхтэй зэрэгцэн хэлсэн үг нь няцашгүй үнэн болж толгойд минь хадав. Дараагийн хоромд Курогири нүднээс минь алдуурч, миний хутга хоосон агаар зүсээд өнгөрөх нь мэдэгдлээ. Курогири Сацүки бараа туруугүй арилаад өгчээ.
-Юу гээч...
Би хоёр тийшээгээ, тэр ч байтугай эргэн харсан боловч сүмд надаас өөр хүн байсангүй. Мэдрэхүй минь ч дайсны байгаа газрыг тогтоож чадсангүй.
Курогири миний урд зогсож байсан шүү дээ. Гэтэл одоо алга. Төдөлгүй түүний хоолой дахин сонсогдлоо.
-Дөхлөө. Тун дөхлөө. Гэвч би яриаг минь тасалдаг хүнд дургүй. Саяын дайралт миний гарыг авч чадлаа. Алаяагийн ялагдсанд гайхах зүйл алга. Чи үнэхээр чадварлаг алуурчин юм.
Хоолой миний урдаас сонсогдож байв. Оюун санааны хүлээс намайг хойш чангаасаар байсан тул Мэлмийндээ төвлөрөхөд хүнд байлаа. Гэсэн ч өөрийг нь чаддаггүй юм бол үхлийн шугамыг нь харж болох юм. Би шидэндээ хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг хичээв.
-Чи намайг дийлэхгүй гэх шидтэний хоолой бодолд минь дайран орж ирлээ. Гэхдээ ингэлээ гээд нэмэр болохгүй. Учир нь би Курогиригийн үхлийн шугам нүдний минь өмнө байгааг харж байлаа.
-Олчихлоо, новш минь гэж би дуу алдаад түүнийг дахин алдахгүйн тулд бас олдсон боломжоо талаар өнгөрөөхгүйн тулд яаран ухасхийлээ. Гэвч намайг хэргээ гүйцээхээс өмнө Курогири Сацүки харцнаас минь дахин алдуурч, алга болох нь тэр.
-Мэлмий чинь тус болохгүй.
Түүний хоолой дээрээс ч тэр, доороос ч тэр цуурайтан сонстов. Харуй бүрий эргэлт буцалтгүйгээр сүмийг бүхлээр нь хучин авч, би Курогиригийн харанхуй ертөнцөд бүслэгджээ.
-Хмм, анхны хэл чамд миний бодсоноос бага нөлөө үзүүлж байна гэж тэр гонсгор өгүүлээд:
-Чи бид хоёрын шившлэг хоёул эхлэлийн эргүүлэгтэй холбоотой болохоор чамд эсэргүүцэх хүч байж болох юм. Гэвч чи үхэлтэй цаг үргэлж зэрэгцэн явдаг хэрнээ олж харж чадахгүй байна. Юу ч харахгүй байна гэлээ. Курогири Сацүки яг дэргэд минь байгаа мэт дуу хоолой нь чихэн дээр минь дуулдав. Би тал тал тийш хутгаа савчсан боловч зөвхөн хоосон агаар исгэрэх нь сонсогдлоо.
-Нэмэргүй. Намайг ялж чадахгүй гэж би хэлсэн шүү дээ. Устгаж чадахгүй юм гэж байдаггүй хэрнэ чи үг ярианы өмнө хүчин мөхөстлөө. Гэхдээ өнөөдөр чиний үхэх өдөр биш. Би тийм үүрэг хүлээгээгүй. Тэгээд ч би хүний амь авдаггүй. Үгээр лав биш. Харин чиний сэтгэлийн гүн дэх хүслийг биелүүлж өгье.
Курогири Сацүкигийн сүүлчийн үгийг сонсоод миний бие эрхгүй зарсхийв. Миний хүсэл. Миний мэдэхийг хүсээгүй миний тухай үнэн.
-Үгүй. Боль. Би огт тэгж хүсээгүй гэж би хамаг чадлаараа хашхирав. Гэвч миний хоолой түнэр харанхуйд дарагдан замхарлаа.
-Уй гашуу дахин сэргэж, эзэндээ эргэн очих учиртай юм. Санаа бүү зов. Чи тэднийг хоосрол руу замхран алга болсон гэж бодож байгаа ч, дурсамж бичлэг адил давтагдаж байдаг юм.
Шидтэний хоолой жигд хэмнэлтэй, төгс тэнцвэртэй ажээ. Би түүний илгээсэн шившлэг биед нэвчин орохыг мэдэрч байв. Надад зүрх сэтгэл гэж байдаг бол шившлэг тэнд хүрэхээр зорьж байлаа. Шившлэг сэтгэлийн минь гүн рүү, Шики рүү улам бүр ойртоно. Харин би Курогири Сацүкигийн хоолойг чагнан, түүнийг зорилгодоо алхам алхмаар ойртож байгааг мэдрэвч зогсоож чадсангүй.


Last edited by zolushka_717 on Sep.02.17 2:29 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Sep.08.17 11:39 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хоосролын тэмдэглэл VII

Утсаа тасалмагцаа би хичээлийн байр руу яаран харайлгав. Цаг дөнгөж нэг өнгөрч байсан ч, тэнгэрт зузаан хар үүл хуралдаж, өтгөн хөшигний цаанаас нар тусч байгаа эсэх нь мэдэгдэхгүй шахам болжээ.
-Өнөөдөр бороо эрт орох нь дээ гэж би шивнэлээ. Өвлийн жихүүн жавар ойн боргоцойн үнэртэй холилдож, амьсгалах тоолонд хүйтэн агаар уушги руу сэрүү татуулан нэвчинэ. Өөр үедсэн бол эл анхилуун үнэр хамрыг минь таатайяа гижигдэх байсан ч, өнөөдөр сэтгэлийг минь үймрүүлэхээс хэтэрсэнгүй. Хэдэн хувь өнгөрсний дараа би ойн замыг баяртайгаар ардаа орхиж, сургууль руу орж ирсэн байлаа.
Хонгилд би нэг ч хүнтэй тааралдсангүй. Эль хуль, эзэнгүй сургууль бүхэлдээ ганцаардалд автжээ. Англи хэлний тэнхим хүрэх замд нүдэнд бүртэлзэх юу ч тааралдсангүй, сургууль тэр чигтээ хөдөлгөөнгүй, тогтуун байлаа.
Би тэнхимийн хаалгыг тогшиж ёсорхсонгүй, шууд онгойлгов. Курогири-сан бүгдийг мэдчихсэн мэт, намайг хүлээж байсан аятай үүд рүү ширтэн ширээнийхээ ард сууж байлаа. Тэр юу ч болоогүй мэт гэмгүй инээмсэглэл тодруулан, миний гэнэт ирсэн явдалд ер гайхсан шинжгүй суух аж. Миний нүдэнд түүний амьгүй мэт санжиганах зүүн гар тусч, би харсан даруйдаа хэн ингэснийг нь ойлголоо.
-Шики таныг ийм болгоо юу?
-Тийм ээ гэж Курогири Сацүки зөвшөөрөөд:
-Миний гарыг үгүй хийж чадсан чадварыг нь үнэлээд би тэрнийг тавьж явуулсан. Риоги-сан зүв зүгээр. Цагийн дараа л ухаан орчихно. Харин миний гар яах юм бол доо хэмээлээ. Цаана нь байгаа цонхоор бүүдийх нарны саарал туяанд Курогири Сацүки зэрэглээ шиг харагдаж, дэндүү гэмээр амгалан байдал нь сэтгэлийг минь түгшээж байв. Би амьсгаагаа түгжлээ. Гэвч ирсэн зорилгоо санан, Курогири-санг шалгаахаар шийдэж, амьсгаагаа гаргав.
-Тачибана Каориг зовоосон хүн нь та биз?
-Тийм ээ гэж Курогири Сацүки толгой дохив.
-Бас Хидэо Хаяамаг алга болгосон хүн нь...
-Тийм ээ гэж багш толгой дохив.
-Ожи-санд Шид зааж өгсөн хүн нь...
-Тийм ээ гэж шидтэн толгой дохив.
-Мартагдсан дурсамжуудыг цуглуулсан хүн нь...
-Тийм ээ гэж эрэгтэй толгой дохив.
-Тэгвэл домгийн амьтдад хулгайлагдсан чинь үнэн байх нь ээ?
-Тийм ээ гэж тэр инээмсэглэн толгой дохив.
-Гэхдээ яагаад?
Миний үгээр эвлүүлэн илэрхийлж чадах ганц л асуулт энэ байлаа.
-Та яагаад тэгсэн юм бэ?
Хоёр дахь асуулт эхнийхээсээ удаж байж толгойд орж ирэв.
Курогири Сацүки урагш үл ялиг бөхийлөө. Гэвч нүдний шилний цаанаас ширтэх харц нь огтхон ч дальдарсангүй, өчүүхэн ч харанхуйлсангүй.
-Учир шалтгааныг нь шийдэх хүн нь би биш. Тачибана-сан, Ожи-сан, Хаяама-сан ч байг ялгаагүй, би тэдний хүслийг биелүүлэхээс өөр зүйл хийгээгүй. Яагаад тийм зүйл хүссэн тухайд бол өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Би хариултыг нь мэдэхгүй.
Яагаад ч юм би түүний ярьсанд итгэж байв. Хариулт өгөх хүн нь Куроигири-сан биш.
Цөхрөнгөө барж, арга мухардсан Тачибана Каори зөвлөгөө хүсч ирэхэд Курогири Сацүки охиноос өөр хэний ч олохооргүй гарцыг зааж өгсөн. Аврал олохын тулд амиа егүүтгэх нь зөвхөн Тачибана Каоригийн сонголт байсан.
Уурлаж хилэгнэсэн Ожи Мисаяа Каоригийн үхлийн хариуцлагыг тооцох хүслээ хуваалцахад Курогири Сацүки 10г ангийхныг довтолж, айдастай нь хүлж шийтгэхийн утга учрыг түүнд ойлгуулж өгсөн. Энэ учрыг зөвхөн Ожи Мисаяа л ойлгоно. Шид заалгах нь зөвхөн өөрийнх нь л сонголт байсан.
Ямар ч гэм хоргүй, далдын санаагүй.
-Гэхдээ дурсамж цуглуулсан явдал таны хийдэгтэй нийцэхгүй байна. Та сурагчдын мартсан дурсамжийг эргэн сануулсан. Та тэдний хүслийг биелүүлэх биш, хүсээгүй зүйлийг хийсэн.
-Тийм гэж үү? Яагаад тэгж бодоо вэ, Кокуто-сан?
Багшийн хоолой өөрчлөгдсөн ч, хардаж сэжиглэсэн өнгө сонсогдсонгүй, харин үнэхээр мэдэх гэсэн янзтай дуулдав. Бүх юм хачин жигтэй байлаа. Би энэ өрөөнд сургуулийг бүхэлд нь үймээн самууны хар хөшгөөр хучиж орхисон хүнтэй нэгийгээ үзэхээр ирсэн байтал тэр урьдын адил Курогири Сацүки гэгч хүндэт багш хэвээрээ, би дуулгавартай сурагч хэвээрээ байгаа аятай, эгээ л ангид хичээл орж байгаа мэт би асуугдаад зогсож байдаг.
-Яагаад гэвэл би дурсамжаа алдахыг огтхон ч хүсээгүй болохоор тэр гэж би шуудхан хариулахаар шийдэж, шударгаар өчлөө.
-Магадгүй л юм. Гэхдээ чи алдагдсан дурсамжаа санахгүй байж яаж тэр талаар бодсон байж таарах вэ? Надтай тун төстэй дуулдаж байх чинь, Кокуто-сан.
-Юу гэсэн үг вэ?
-Тун амархан. Би хүмүүсийг илүү сайн таньж мэдэхийн тулд дурсамжийг нь ангуучилдаг юм. Ой санамжийнх нь тэмдэглэлийг уншихаас өөрөөр надад бусдыг ойлгох арга байхгүй. Тиймээс л би хоосролд уусан алга болсон тэмдэглэлүүдийг цуглуулдаг юм шүү дээ.
Курогири Сацүкигийг яриаг сонсоход тэр аль эрт болоод өнгөрчихсөн явдлын талаар хүүрнэж байгаа мэт санагдана. Тэр толгойгоо түшиж, нарны бүүдгэр саарал туяанд гүн бодолд дарагдсан мэт харагдаж байлаа. Түүний сэрэл мэдрэмжгүй нүд намайг сониучирхан ширтэж, би ч мөн адил хариу барихыг чадлаараа хичээв. Гэнэт Микияагийн хэлсэн толгойд гялсхийн орж ирлээ. Курогири Сацүкиг 10 настай байхад нь шидэт дагинууд хулгайлсан гэдэг шүү дээ.
-Курогири-сан, надад арай тодорхой хариулт хэрэгтэй байна. Жишээ нь, та ер нь яагаад дурсамж цуглуулж эхэлсэн юм бэ? Та зөвхөн өөрийнхөө өнгөрсөн амьдралыг хайдаг биш билүү?
Миний асуултыг сонсоод Курогири-сан биширсний илэрхийлэл болгон зөөлнөөр дуу алдлаа.
-Кокуто-сан, чи намайг үнэхээр гайхуулж байна шүү. Гэрийн даалгавраа тун сайн хийсэн бололтой. Тийм ээ, чиний хэлсэн үнэн. Би хүүхэд байхдаа домгийн амьтадтай таарч байсан. Харин дараа нь миний дурсамжууд будлиантай болчихсон юм. Анагаах ухаан надад туслаж чадаагүй. Гэвч домгийн амьтдын нөлөөгөөр надад бий болсон увдис аажимдаа Шид болж хувирсан. Дэлхий ертөнц надад туслаж чадахгүй ч, Шид чадна гэж би сэтгэсэн юм. Тэгээд л мартагдсан дурсамжаа эргүүлэн олохын тулд Шидийн эрдэмд шамдаж эхэлсэн. Тийм явдал тохиолдоогүй бол надад ингэх шаардлага гарахгүй байлаа л даа.
Түүний яриа уур бухимдал бус харуусал, гэмшлийн шинжтэй байлаа.
-Тэгвэл яагаад энэ бүхнийг хийсэн юм бэ?
-Хэлсэн шүү дээ. Үлгэрийн амьтдын толгойд минь суулгаж орхисон ямар нэг ёрын шид надад тийм заавар өгдөг юм. Би Шидийг бүрэн таньсан ч, өөрийнхөө оньсгыг тайлж чадаагүй л байна. Зөвхөн гадны нөлөөнд автаагүй ухаан билиг юуг ч мартдаггүй. Харин миний дурсамж зүгээр ч нэг хоосрол руу замхран алга болоогүй, хэрэггүй болж, хэдэн хэсэг бутарсан юм. Тэднийг цуглуулах ганц л арга бий. Тэр нь бүхий л дурсамжийг, ертөнцийн тэмдэглэлийг бүгдийг нь унших явдал. Азаар домгийн амьтдын бэлэглэсэн увдисын ачаар надад хүслээ биелүүлэх чадвар, эрх чөлөө байдаг юм. Гэвч нэмэр алга. Хэн ч миний тухай хэлж өгч чаддаггүй. Үүнээс болоод би хүн төрөлхтнөөс тусгаарлагдсан. Тиймээс миний талаар бий болгосон бусдын дурсамж, хувийн төсөөллөөр нь сэтгэлээ зогоохоос өөр зам надад үгүй. Үүний тулд би бүх шидтэнгүүдийн эцсийн зорилго болох эхлэлийн эргүүлэгт нэвтрэх шаардлагатай болдог. Ингэсний ачаар би бусдыг нэвт шувт тольдож чаддагийн дээр сэтгэлээ дүүргэх ямар нэгэн юм олж магадгүй гэж горьддог юм даа.
-Та Акашигийн тайланд нэвтэрдэг хэрэг үү? гэж асуух зуураа би дургүйцэн толгой сэгсэрлээ. Токо-сан анх Акашигийн тайлан буюу бүхний эхлэлийн талаар ярьж өгөх үед надад дэндүү хийсвэр ойлголт шиг санагдаж, би яагаад ч итгэж чадаагүй юм. Токо-сан эхлэлд хүрэхийг оролдож, бүтэлгүйтсэн нь дүгнэлтэнд минь бүр ч хүч нэмэхээс хэтрээгүй билээ. Хүн төрөлхтний нэгдсэн хэм хэмжээний ачаар болж өнгөрсөн бүхэн, болох гэж буй бүхний тэмдэглэл гүн ухааны нэгэн сургааль болж, шидтэн бүрийг араасаа гүйлгэдгээрээ хорвоод хосгүй шинжийг олоо биз.
-Та үнэхээр л Акашигийн тайланд нэвтэрдэг юм бол өөрийнхөө өнгөрснийг олж чадахгүй юм гэж үү? хэмээн би дор дуугаар асуув. Курогири Сацүки хөгжилтэй зүйл олж үзсэн мэт инээмсэглэлээ.
-Мэдээж чадна. Гэвч үгүй. Би шинэ содон аргаар, өөрөөр хэлбэл бусдын дурсамжаар өөрийгөө бүтээн босгохыг илүүд үздэг юм. Хэл дээ, Кокуто-сан, хүмүүс яагаад мартдаг юм бэ?
Би гэнэтийн асуултанд тулгамдан, гүдхийтэл шүлсээ залгилаа. Анхандаа би хариулах эсэхдээ эргэлзсэн боловч:
-Яагаад гэвэл хүний тархи хязгаартай хэмжээгээр нэг дор нэхэн санадаг. Хамгийн эхэнд санаанд орох ёстой дурсамж байдаг хэдий ч, байнга санах шаардлагагүй дурсамжууд цагийн эрхэнд нэмэгддэг. Тиймээс нөхцөл байдалдаа зохицохын тулд дурсамжуудаа эрэмбэлэх хэрэгтэй болдог юм хэмээн тайлбарлав.
-Ер нь бол зөв л дөө. Гэхдээ чи намайг буруу ойлгож. Би цаг хугацаа дурсамжийг яаж үгүй хийдгийг биш, хүмүүс яагаад мартах мартахгүйгээ сонгодог талаар асуусан юм. Кокуто-сан, өөрийгөө хар л даа. Чи юу гэж хариулбал зохихыг яг таг мэдэж байвч ярьсан зүйлээ таашаахгүй байна шүү дээ гэж Курогири-сан хэлээд байрлалаа өөрчлөн суудалдаа тухлав. Түүний араас тусах нарны саарал туяа хөдөлгөөнийх нь аясаар мөн л хувирлаа. Би өөрийн мэдэлгүй хоосон агаар томоор залгиад:
-Хүн... биеэ хамгаалахын тулд мартдаг. Таны асуултыг би зөв ойлгож уу? гэж лавлав. Дуу хоолой минь өчүүхэн төдий ч хүчгүй болжээ. Түүний зөв. Тийм шүү дээ, би мэдэлгүй яах вэ дээ. Курогири Сацүки намайг төвөггүй нэвт харж, надад өөрөөсөө 10 дахин ухаантай хүнтэй уулзсан мэт мэдрэмж төрж байв. Би арчаагүй бяцхан жаал болж хувирчээ. Заримдаа санах нь мартахаас аюултай байдгийг би мэднэ. Өнгөрсөнд орших нүгэл хилэнцээ булшилснаараа хүн худал хуурмаг цэвэр тунгалгийг бий болгож, өөрийгөө хажуудах хүнээсээ дээр юм шигээр сэтгэдэг юм.
-Яг зөв. Хүн бүр зөрчсөн хорио цээр, үйлдсэн хэрэг, гэмшил харууслаа мартаж, сэтгэлийнхээ далдын мухарт цоожилж орхиод, дахин хэзээ ч сөхөж хардаггүй. Яагаад гэвэл тэд буртаглагдаж хиртсэн тэмдэглэл юм. Эднийгээ эргэн санах нь зөвхөн зовлол шаналлыг л авчирдаг. Үүнтэй ижил шалтгаанаар би өнгөрснөө олж мэдэх, эсвэл өнгөрснөөсөө татгалзах хоёрын дунд гацаж орхисон юм. Гэвч би ийм мэдрэмжээр сэтгэлээ зогоож явахаар хараагдсан болохоор мартагдсан хоосролын тэмдэглэлийг бусдад эргүүлэн өгдөг. Хүн бүр цэвэр тунгалаг чанараа алдсан өнгөрснөө мартах сонголт хийдэг. Тэглээ гээд нүгэл болчихгүй, хүн төрөлхтөн тэртэй тэргүй ийм маягаар амьдарч ирсэн шүү дээ. Бидний араатнаас ялгарах нэгэн шинж юм. Хүн нүгэл үйлдсэнээ мэддэг. Харин би өнгөрснөөсөө бүрмөсөн салан тусгаарлагдаж чадахгүй боловч тэр цаг руу буцчихвал эргэлзээ тээнэгэлзээ, хэзээ ч үл дуусах зөрчилдөөн дүүрэн ертөнцөд очно гэдгээ мэднэ. Тэр ертөнцөд миний хайдаг мөнхийн оршихуй оршин байдаггүй учраас би тэнд очихыг хүсдэггүй. Би зөрчилдөөний хүчийг давж гарахын тулд бусдын хүслийг биелүүлж, тэднийг санамсаргүй мартаж орхисон дурсамж дотор нь эрх чөлөөтэй нь хамт үлдээдэг юм. Үүнээс болж буруу зүйл хийсэн хүн байгаа бол гэмтэн нь би биш, тэд өөрсдөө.
Надад хачин санагдаж байлаа. Курогири-сангийн ярьснаар бол тэр бусдын далд дурсамж дотроос өөрийн өнгөрснийг хайж, үүнээс болж санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу бусдын ой санамжийг сэргээдэг болж таарч байна. Гэвч Курогири Сацүки үйлдлийнхээ шалтгааныг хүний араншинтай холбон тайлбарлаж, нүгэл биш хэмээн зүтгэвч миний чихэнд тэр хэрэг хийчихээд элдэв шалтаг тоочин буй хүүхэдтэй адил сонсогдож байв.
-Танаас болж бүр ч их зөрчил мөргөлдөөн гарч, үхэл тохиож байгаа нь илэрхий атал хийж байгаагаа муу зүйл гэж та боддоггүй хэрэг үү? Зорилгодоо хэт автаад төөрч орхисон юм шиг санагдахгүй байна уу?
-Огтхон ч үгүй. Би өмнөө тулгарсан бэрхшээлийн утга учрыг эцэслэн тайлахаас өөр юу ч хүсдэггүй.
Түүний тайлбар надад үнэмшилтэй санагдсангүй ч, тэр миний тоомжиргүй байдлыг байх ёстой зүйл гэж үзсэн аятай жишим ч үгүй ярьж байлаа.
Гэвч Курогири Сацүки өөрөө ч бас тоомжиргүй загнасан. Тэр хийсэн нүглээс болж дурсамж мартагддаг гэж бодож байна. Гэвч тийм биш. Зарим дурсамж хэрэггүй учраас мартагддаг. Хүүхдийн гэнэн төсөөлөл өсч томрохынх нь хэрээр замхран сарниж, бодит үнэнд байраа тавьж өгдөг. Ийм дурсамж инээлдэн хөгжилдөхөөс бусад үед насанд хүрсэн хүний ертөнцөд хэрэгцээгүй шүү дээ.
-Би таныг өрөвдөж байна гэж би дуу алдаад ийм үг хэлсэндээ өөрөө ч гайхсан боловч үргэлжлүүлэн:
-Бусдын дурсамжаар тоглож наадахаасаа урдаар өөрийнхийгөө олж авах нь зөв болно хэмээлээ. Курогири Сацүки хад чулуу адил хөдөлсөнгүй.
-Гэвч миний дурсамжийг үлгэрийн амьтад өөрсдөө хулгайлсан байхад яаж? Тэр цаг үеийн дурсамж төвөгтэй, замбараагүй байж таарна. Би ойлгох ч үгүй биз.
-Ойлгохгүй гэнэ ээ? гэж би түүний үгийг тоть шиг давтаад, хөмсөг зангидан Курогири өөд харлаа. Юу гэсэн үг вэ? Тэр өөрт тохиолдсон явдлыг үргэлж тойруулан, өрөөлд тулгарсан асуудал мэтээр ярьж байсан. Түүний ийм байр байдал юунаас улбаатайг би баттай мэдэхгүй боловч...
-Домгийн амьтад таны дурсамжийг устгачихаа юу?
Тэр толгой дохиод:
-Тийм ээ. Тодорхой хэмжээгээр. Би өөрийгөө мартаагүй. Гэвч тэд намайг танихгүй мэдэхгүйн хоосролтой мөнхөд уяж орхисон. Тэднээс зугтаж чадсан ч, тэд намайг хэзээ ч гэртээ харьж чадахааргүй болгосон юм гэж хариулав. Энэ үед л түүний царайнаас өөрчлөлт мэдэгдлээ. Том өөрчлөлт биш боловч, түүний хувьд ямар ч хувирлыг анхаарахгүй өнгөрч болохгүй билээ. Курогири Сацүкигийн инээмсэглэл мушийх төдий болжээ. Мартахыг хүссэн бараан дүр зураг толгойд нь эргэлдэж байх шиг. Түүний хоолойн өнгө үл ялиг хувирсан ч, юунаас болж өөрчлөгдсөнийг нь би тодорхойлж чадсангүй.
-Шидэт дагина намайг хүүхэд байхад хулгайлсан уу, хулгайлсан. Харин ямар шалтгаанаар вэ, би хэлж мэдэхгүй. Намайг шоглох гэсэн ч байж болно. Эсвэл нөхөрлөхийг хүссэн ч байж мэднэ. Би ойлгоогүй. Тэд мөнхийн оршихуйг хүссэн л гэж хэлсэн. Харин би гэртээ харихыг л хүссэн. Би шидэт дагина хүүхэд хулгайлдаг талаар, хүүхдүүд солигдож, хэзээ ч гэртээ харьж чадахгүй болдог талаар мэддэг байсан л даа. Тийм болохоор аль чадахаараа тэдний үгийг тоохгүй байхыг хичээж, хөлийнхөө хурдаар зугтаасан. Ой дундуур бүдүүн хожуул, мөчирт бүдчин гүйгээд л байсан, гүйгээд л байсан. Эцэст нь би ойгоос гарч, харих замд минь байдаг гүвээг олж харсан юм. Гэсэн ч гэрийнхээ барааг олж үзтэл надад эргэж харах зориг хүрээгүй. Харин эргэж харах үед тоолж барамгүй олон шидэт дагина цусандаа бялтан хэвтэж байсан юм даа. Гар минь ч бас цус болсон байсан. Тэгэхэд л би хулгайлагдсан хүүхэд хэзээ ч гэртээ харьж чаддаггүй гэсэн домог үнэн болохыг мэдсэн юм. Тэд намайг үүрд өмчилсөн. Харин харьж ирсний минь дараа юу болсныг чи төсөөлөх байх.
Курогири Сацүкигийн нүүрэн дээрээс хэрцгий инээмсэглэл нь алга болсонгүй. Тэгэхээр тэр Микияагийн хэлсэн ёсоор 3 хоног алга болжээ. Харин эргэн ирэхдээ цусанд будагдчихсан байж. Яаж хүлээж авсан нь ойлгомжтой. Дараа нь болсон бүхнийг ч тайлбарлаж болж байна. Халуун дулаан хайр энэрэл айдас хүйдсээр солигдож.
-Тэгэхээр шидэт дагинууд таныг хулгайлсан биш...
-Хулгайлаагүй. Би тэднийг яагаад ч юм хядаж орхисон бололтой байдаг. Харин хариуд нь би мөнхийн хараалд өртсөн. Миний дурсамж яг ч бүрмөсөн алга болоогүй юм. Гэхдээ эргүүлэн олж авлаа ч өөрийн гэж таньж чадахгүй байх гэхээс би айдаг. Тэр азгүй явдлын дараанаас би юу ч санаж, тогтоохоо больчихсон юм. Болж өнгөрсөн бүхэн дурсамж биш мэдээлэл болж, дэлхий ертөнц дүр зураг биш өгөгдөл болж хувирсан. Би хараагдаж, 10 настай байхад минь л дэлхий ертөнц тэр чигээрээ зогсож орхисон юм даа.
Тэр инээдээ арай ядан барьж байлаа. Курогири Сацүкигийн оюун бодлыг шидэт дагинууд өөрчилж, үүрд 10 настай чигээр нь үлдээжээ. Гэвч тэр юу ч санахаа больсон гэлээ. Хачин юм. Зүйрлэл үү, эсвэл үнэн үү? Гэвч үнэн байж таарахгүй. Юу ч бүтээхгүй, юу ч сурч мэдэхгүйгээр амьдрах боломжгүй шүү дээ. Өнгөрсөн улирсан явдлыг хүүрнэж бичиглэсэн номноос өөрцгүй болно. Гэвч хэрэв худлаа яриагүй бол түүнд бүх зүйл цоо шинэ санагдана гэсэн үг.
-Гэхдээ тийм байх боломжгүй. Та миний нэрийг мэднэ. Намайг Кокуто Азака болохыг мэднэ. Хэрэв та юу ч санадаггүй юм бол миний хэн болохыг мэдэхгүй байх ёстой гэж намайг хэлэхэд тэр үгүйсгэж:
-Тийм гэж үү? Миний хувьд чи ердөө л хоёрхон үг Кокуто-сан. Толгойд минь чи тэгж бичигдсэн. Кокуто Азака гэсэн хоёр үгээр тархиндаа хадгалсан мэдээлэлд минь чи хамгийн сайн тохирч байгаа болохоор л би чамайг хараад Кокуто Азака гэж нэрлэдэг юм. Хэрэв чиний тодорхойлолтонд илүүтэйгээр тохирох хүн гарч ирвэл би түүнийг ч бас Кокуто Азака гэж нэрлэнэ. Үүнд ямар ч буруу юм байхгүй. Би чамайг хэн гэдгээр чинь таньж байгаа юм биш. Харин өндөр, жин, биеийн хэлбэр, арьсны өнгө, үс, үг яриа, нас гэх мэт мэдээллээр чинь таньж байгаа юм. Миний чамд хамаатуулсан тодорхойлолтонд хамгийн их дүйж байгаа хүн нь чи учраас л миний хувьд чи Кокуто Азака болж байгаа хэрэг. Миний тайлах, нөөцлөх, таних арга ажиллаж байгаа ч сэргээх үйл явцад алдаа гарсан гэсэн үг. Мэдээж үүнээс болж хүндрэл учралгүй яах вэ. Чи гадаад төрхөө өчүүхэн төдий өөрчлөхөд л би чамайг өөр хүн гэж тооцох болно. Үүнээс болоод сургууль дээр намайг мартамхай гэж нэрлэдэг ч, үүнээс гүнзгий дүгнэлт гаргахгүй байгаад нь би баярладаг юм гэлээ.
Түүний инээмсэглэл арчигдан алга болж, нүүр царай нь баг зүүсэн мэт хөндий хоосон болж хувирав. Яагаад ч юм би тайвширлаа. Тайлбарыг нь сонсоод би Курогири-санг яагаад Микияатай төстэй гэж бодсон шалтгаанаа олох шиг болов. Тэд хоёул бусдыг шүүдэггүй, хэнбугайг ч чих тавин сонсож, хоёр дахь боломж олгоход бэлэн байдаг. Энэ онцлог нь л тэднийг холбож байгаа ганц зүйл байсны хажуугаар мөн ялгаж байгаа ганц чанар нь байлаа. Курогири Сацүки өрөөлийн хүсэл шунал, ой дурсамжнаас өөрийгөө олохын тулд бусдыг сонсож, хүслийг нь биелүүлдэг. Даажинтай инээмсэглэж байгаагаа анзаардаггүй нь ч өөрийн итгэл үнэмшлийг хүүхэд шиг мухар сохроор дагадгийн илрэл. Түүнд бодол санаа, сэдэл гэж үгүй, цогц ойлголтуудыг огтхон ч ойлгодоггүй. Тийм учраас л дурсамж цуглуулж, ингэснээрээ бусдыг таньж авдаг. Курогири-сан ярилцаж байгаа хүнийхээ шууд тусгал нь. Харин хувь хүний бие даасан үзэл бодол зайлшгүй шаардлагатай энэ ертөнцөд тэр эрэмдэг хүнээс өөрцгүй ажээ.
-Би таныг өрөвдөж байна гэж би хэлснээ давтаад:
-Та хэзээ ч өөртөө бүрэн итгэж байгаагүй гэж нэмж хэлэв. Тэр зогтусан, хэсэг азнасны эцэст хүлцэнгүйгээр толгой дохиод:
-Гэхдээ миний хувьд хангалттай. Би инээмсэглэж байгаагаа мэдэрдэггүй. Би гар хуруугаа харж, удирдаж хөдөлгөж чадах ч, өөрийн гэж мэдэрдэггүй. Эцсийн дүнд миний бие хүртэл мэдээлэл төдийхнөөс хэтрэхгүй. Гэвч хүн бол сэтгэлийн амьтан шүү дээ. Сэтгэл, оюун л хамгийн чухал. Дэлхий ертөнц хүний тархин дотор оршдог учраас тодорхойгүй, хувирамтгай шинжтэй бодит байдлын үнэн худлыг эцэслэн ялгах боломжгүй. Бодит ертөнцийг Шидийн хүчээр өөрчилж болдог нь үүний хамгийн тод жишээ. Хүмүүс бид ийм материаллаг шоронгийн гадна орших сэтгэл, оюундаа л итгэж болно. Гэвч оюун санаанд орших бодит үнэн доод ертөнцийн хир буртагт гуйвж дайвж мэднэ. Тиймээс л дурсамж цуглуулах нь миний сонирхлыг татдаг юм. Ингэснээр би дэлхий ертөнцөд хүч өгдөг нийтлэг ухамсрыг судалж болох. Гэхдээ хүнд цорын ганц үнэн тийм ч их хэрэг болдоггүй гэдгийг би үргэлж санаж явдаг. Сэтгэл, мөнхийн оршихуй энд оршин байдаггүй учраас энэ хиймэл хуурамч доод ертөнцөд утга учиртай зүйл гэж бараг үгүй болсон хэмээн хүүрнэлээ.
Курогири-сан өөрийнхөө ярьсныг үл тоомсорлох мэт царай нь хөшүүн, хөдөлбөргүй байлаа. Би анхандаа түүнийг ойлгох гэж хичээж байсан боловч, тэр миний сэтгэлийг хөдөлгөж чадсангүй. Би түүнийг хүн биш юм гэж бодов. Тэр ердөө л бусдаас хулгайлсан дурсамж дүүрэн, Шидийн хүчээр өөрийгөө бий болгох гэсэн хүсэл зорилго бүхий хоосон хайрцаг төдий ажээ. Гэвч эцсийн дүнд тэдгээр дурсамжууд өөрөөс нь хүртэл урважээ. Тэр бусдын сэтгэлийн гүн дэх бодол руу шагайж, тэдний муу муухайг олж харсан. Харин үүний дүнд 10 настайгаасаа хойш мөнөөх ойгоос холдож яваагүй түүний сэтгэл айдас хүйдэст хүлэгджээ. Тэр үзэж харсан муу муухайгаа ч, доод ертөнцийн бузар булайг ч хүлээн авч чадсангүй. Айдас нь тийм боломж олгосонгүй. Нэг үгээр хэлбэл тэр зорилгоосоо өөр юуг ч тунгаан шүүж чадахгүй болтлоо хараагджээ.
-Боломжгүйг нь мэдсэнийхээ дараа ч дурсамжаа хайсаар байсан нь ийм учиртай байж гэж би өгүүлээд:
-Шидэт дагинуудын нөлөө байх нь гэж хэлэв. Өөрийн ертөнцийнхөө бүтээгч нь болсон Курогири Сацүки толгой дохилоо.
-Нэг шидтэн хүн төрөлхтний үхлийг тэмдэглэж, дээд төрөлд хүрэх төлөвлөгөөгөө надтай хуваалцаж байсан юм. Харин би хүн төрөлхтөнд дэндүү хайртай болохоор мөнх орших ертөнцийг хүсдэг. Гэвч хүсэл минь надад ахдаж байна. Би юу бодох ёстойгоо ч мэдэхээ больж. Дэлхий ертөнц дэндүү их чимээ шуугиантай. Хүн болгон амар амгалан орших ёстой байтал энэ жам ёсыг өөрчлөхийн тулд боломжтой бүхнийг хийх юм. Би тэднийг амар амгалан, анир чимээгүй рүү хөтлөн аваачиж чадахгүй. Би зөвхөн хүн төрөлхтний бүтээсэн түүх надад ямар нэг зүйл өгч магад гэсэн горьдлого тээн дурсамжнаас хариулт олохыг хичээдэг юм. Тэгээд ч надад ирээдүй гэж байхгүй юм хойно, үүнээс өөр зам байх биш дээ.
Хүмүүс хичнээн мартамхай болохыг хэзээ ч ойлгохооргүй хүнийг хараад надад өрөвдөх сэтгэл төрлөө. Тэр найдлага тээж явахаар хараагдсан. Гэвч ийм чанар л хүн төрөлхтнийг төгс бус болгодог билээ. Дурсамжийг нь хулгайлж авсан хүмүүсээсээ ялгаатай нь, өөрийнхөө тухай санаж байгаагаас ялгаатай нь тэр энэ асуудлыг шийдэх хариултыг олж чадна гэж итгэж байгаа явдал юм.
-Надад хоёр л асуулт үлдлээ гэж би хэлэв. Курогири-сан хөдөлбөргүй инээмсэглэлээ цацруулсаар:
-Юу юм бол? гэж асуув.
-Танд мартагдсан дурсамжийг цуглуулах, хүсэл биелүүлэх ч хэрэг байгаагүй. Гэтэл яагаад тэгсэн юм?
Тэр ойлгосны тэмдэг болгон толгой дохиод:
-Тун амархан. Хүн байх ямар байдгийг мэдрэхийн тулд юм. Шидэт дагина хараал хийдэг. Харин хүсэл биелүүлэх чадвар маань өөрийн гэж болох ганц зүйл минь. Шидэт дагинууд хүсэл биелүүлж чаддаггүй юм. Олон удаа бусдын хүслийг биелүүлж өгсний дараа хэн нэгний биш өөрийн хүслээр замнаж байгаадаа би итгэж эхэлнэ шүү дээ. Хүн болгон ингэж мэдрэх ёстой. Үүнгүйгээр надад зорилго үгүй болно. Шидтэн бүр л ийм байдаг биз дээ, Кокуто Азака? гэлээ.
Би хүндээр сүүрс алдав. Харин хүсэл биелүүлэгч итгэлтэйгээр толгой дохино. Би өрөөнөөс гарахаар эргэхээсээ өмнө мөрдөх даалгавар авсан хүний ёсоор биш, Кокуто Азака гэгч хүнийхээ хувьд эцсийн асуултаа тавилаа.
-Явахаасаа өмнө нэг юм асууя. Таны хувьд Ожи Мисаяа хэн бэ?
Миний Курогири Сацүкиг сонирхох сэтгэл, зовнил түгшүүр аль эрт үгүй болсон ч, энэ асуултын хариулт түүний талаар миний мэдэх ёстой бүхнийг эцэслэн тайлж өгөх учиртай байв. Би түүнийг таних хэрэгтэй байлаа. Магадгүй би түүний дотроос хүний гэчихмээр эцсийн бяцхан хэлтэрхийг олж үзэх ч юм билүү? Гэвч харамсалтай нь хариулт миний таамагласантай адил байлаа.
-Ожи-сан бол Ожи-сан. Тэр сэтгэлийг чинь зовоогоо юу?
-Ожи Мисаяа танд хайртай юм шүү дээ.
-Төөрөгдөл гэдэгт нь би итгэлтэй байна.
-Ожи Мисаяа таны сэтгэлд ямар нэгэн байр эзэлдэггүй гэж үү?
-Тэр өөрийнх нь шийдэх хэрэг.
Хов хоосон, гал цоггүй хариулт. Түүний хоолойд хүний гэх зүйл байсангүй, зөвхөн хүлцэл л байлаа.
-Та ийм байхыг дээдэлдэг юм биз дээ?
-Тийм л бололтой. Эцсийн дүнд Ожи-сан бусад сурагчаас юугаараа ч ялгарахгүй. Надаас чөлөөлөгдөж чадаагүй. Нэг ч хүн чөлөөлөгдөөгүй. Харин миний хэрэгцээнд тохирч байсан ганц хүн нь Ожи Мисаяа байгаа юм.
Курогири Сацүки ямар нэгэн мэдээлэл хуваалцаж байгаа аятай тоомжиргүй хүүрнэсэн ч, би түүний хачирхалтай үгэнд өөрөөс нь илүү анхаарал хандуулж байлаа. Би түүнийг чиглэн нэг алхав.
-Үгүй байлгүй дээ. Та арай...
-Тийм. Би ганцхан 10г ангид нөлөөлсөн юм биш. Рейн сургууль дээрх бүх хүн ямар нэгэн байдлаар миний нөлөөнд автсан. Ганцхан 10г ангид л илрэх ёстой нууц байсан юм биш шүү дээ. Та нар одоохондоо анзаараагүй л байгаагаас биш.
Солиотой юм. Хэрэв тэр 800 шахам хүний нүглийг илчилсэн юм бол төдий тооны хүслийг биелүүлсэн гэсэн үг. Тэдэн дотор Курогири Сацүкиг үзэн ядаж, үхлийг нь хүсэх ядаж нэг ч гэсэн хүн баймаар юм. Магадгүй одоо ч гэсэн түүнд гэм...
-Кокуто-сан, санаа зовох юмгүй дээ. Хэрэв надад гэм хор хүргэх хүн байгаа бол хүссэнээрээ л болог. Тэрний хүсэл юу ч байсан, үр дагавар нь ямар ч байсан тэр өөрөө л нүглээ үүрэх болно. Дахин хэлье, шүүх хүн нь би биш шүү дээ.
Тэр өөрийнхөө үхэх сэхэхийн талаар тоосон шинжгүй ярьж байлаа. Үхэхэд бэлэн гэхээс илүү оршин байгаагаагаа үгүйсгэсэн хүний үг ажээ.
-Би... буруу бодож л дээ тэгвэл гэж би сандрангуй хэлэв. Би түүнийг хэнд ч гэм хор учруулж чадахгүй гэж бодож байсан ч, эндүүрснээ ойлголоо. Түүний бусдад учруулах гай зовлон миний төсөөлж чадахаас ч муу ёрын, гүн гүнзгий ажээ.
-Та хэзээ ч Микияатай адил байгаагүй.
Курогири Сацүки сэтгэл хангалуун толгой дохив. Би өсгий дээрээ эргэн, хаалга руу хандлаа. Би явахын түүс болж байсны дээр түүнтэй ярих зүйл надад үлдээгүй байв.
-Байцаалт удаан үргэлжиллээ шүү гэж тэрний ардаас хэлэх нь дуулдлаа.
-Би хүнтэй ингэтэл удаан ярилцаж үзээгүй ч байж мэдэх юм шүү.
-Би ийм зүйл хүсээгүй гэдгийг ойлгоно биз дээ. Багш маань намайг ийш нь явуулж, хэрэг явдлыг мөрдөх даалгавар өгсөн юм. Тэгээд ч Ожи-сан энд байж, танаас эдгээрийг асууж чадаагүй юм чинь. Тэрнийг надтай адил асуулт тавих байсанд би бүрэн итгэлтэй байна гэчихээд би хаалга чиглэн алхлаа. Гэсэн ч би сүүлийн удаа эргэн харав. Курогири Сацүки хуурамч, хөшүүн гэмээр инээмсэглэл тодруулжээ.
-Ожи-сан сургуулийн хуучин барилга дотор байгаа. Тэр Риоги-сангаас болоод та хоёрыг элсүүлж чадаагүй болохоор төлөвлөгөөгөө яаравчлах шаардлагатай болсон. Ожи-сан 10г ангийн сурагчдыг тэнд цуглуулчихсан, бүгдийг нь шатаах гэж байгаа юм. Зогсоохыг хүсч байвал түргэлсэн нь дээр болов уу.
Миний нүд аяганаасаа бүлтрэх шахаж, хөл минь өөрийн эрхгүй чангаран, хамаг хурдаараа гүйн багш нарын өрөөнөөс, дараа нь сургуулиас гарлаа. Курогири Сацүки сүүлчийнхээ үгийг ямар нэгэн шидэт дагинын хараалын нөлөөнөөс болж бус өөрийн хүслээр хэлсэн юм шиг надад санагдав. Гэвч би үүнийг сургуулиас гарч явсан хойноо л ойлгосон билээ.


Last edited by zolushka_717 on Sep.08.17 11:39 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.09.17 3:16 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хоосролын тэмдэглэл VIII

Бороо орж эхлэв. Эхлээд энд тэнд ганц нэг дусалж байснаа дараа нь тодорхой нэгэн хэмнэлийг олж чулуун зам, ой мод, хөрс шороон дээр бууж гарлаа. Эвдэрч сүйрсэн сургуулийн хуучин барилгыг битүү хүрээлсэн моддоос өөр нүдэнд өртөх зүйл байсангүй ч би таг зогссоор байв. Гэтэл бороо ширүүсч, дөнгөж саяхан шатаж дууссан мэт харагдах хаягдсан байшин хүний гар хүрээгүй нөгөө үзүүрийнхээ хамтаар үзэгдэх төдий болов.
Охид 4-р давхарт унтаж байгаа. Гэвч эцсийн цохилтыг өгөх хүн нь би биш юм. Би тэдний аль нэг нь ариусгагч галын очийг өөр дээрээ бадраахыг хүлээнэ. Би цутган асгарах бороо бие цогцсыг минь ариусган угаахыг хүлээнэ. Гэтэл 2-р давхрын нурж үгүй болсон хананы дэргэд зогсож байсан надад Кокуто Азака ойгоос ус цацруулан гүйн гарч ирэх нь харагдав.
Би урамгүй санаа алдаад, түүнийг тосохоор шатыг чиглэн явлаа.

Дүрэмт хувцсан дээр дүүжигнэх бороон дуслууд өвлийн жаварт цас шиг хүйтнээр хайрна. Амнаас нь өтгөн цагаан уур савсаж, Кокуто Азака бөмбөгнөтөл чичрэхгүйг хичээнэ. Тэр хүйтнийг тоохгүй байх гэж зөрүүдлэн зүтгэвч хором өнгөрөх бүрт тэвчээр нь барагдаж байлаа. Эцэст нь хуучин сургуулийн байранд ашгүй нэг юм хүрч, өчигдрийн адилаар хаалга байсан газраар орлоо. Барилга үнс нурам болж хувирсан хагасаа хөндүүр нь арилаагүй идээлж бугласан шарх адил хүндээр тээсээр бол эвдэрч сүйдээгүй нөгөө хэсэг нь хэдэн арван жилийн өмнө хаягдаж үгүйрсэн мэт харагдана. Нэгэн үе сурагчдын цангинасан дуу хоолойнд амьсгалах мэт долгилж байсан газраас хэмхэрхий хаалга, түлэнхий хонгил л үлдэж хоцорчээ.
Сургууль дотор орж ирмэгц үүднээс цаашаа юу нь мэдэгдэхгүй ямар нэгэн зүйл овоорон харагдаж, өвөрмөц содон үнэр хамар руу нь цоргилоо. Азака тэр дор нь шатахуун сэнхийж байгааг мэдэв. Бас дарь. Тэр Шидийн хичээл дээр үргэлж хэрэглэдэг бодисныхоо үнэрийг зовлонгүй таньжээ.
-Аа хар ядаргаа гэж тэр санаа алдан хэлээд, мөрөө унжуулав.
-Ганцхан удаа уулзсан охиноос болж ингээд явж байх ч гэж.
Азака явдал дундаа халааснаасаа бээлий гарган ирж, баруун гартаа углав. Цайвар бор өнгөтэй эл арьсан бээлийг түүнд Токо өгчээ. Саламандер гүрвэлийн арьсан бээлийгээр Азака Шидээ долгионжуулж, хянадаг аж. Азака бээлийгээ өмсчихөөд хуруунуудаа сарвайлган хөдөлгөж гартаа тааруулаад, 2-р давхар өөд гарахаар шат руу зүглэв. Гэвч шатны дээр Ожи Мисаяа өөрийг нь хүлээн зогсож байхыг хармагц зогтуслаа.
-Чи зөрүүд юм, Кокуто-сан гэж цаадхи нь дотно найздаа хичээл зааж байгаа мэт эелдгээр хэлэв. Гэвч харанхуйд зогсож байсан ч Ожи Мисаяагийн байр байдал дуу хоолойноосоо эсрэг зүйлийг өгүүлж байлаа. Тэр Азакаг бүрэн бэлтгэлтэй, хөдөлбөргүй харцаар дээрээс нь ширтэнэ. Охины хажуунаас эчнээ танил болсон далавч чад падхийх чимээ сонстох тул Азака нүдээр харж чадахгүй ч, шидэт дагинууд эзнээ бүчин хатныхаа дайрах тушаал өгөхийг хүлээж байгааг мэдэв.
Ожи Мисаяагийн аюултай, заналхийлсэн төрх байдал тэдний энд анх уулзаж байснаас хойш огтхон ч өөрчлөгдөөгүй ажээ. Гэсэн ч тулаан одоо эхэлбэл өөрт нь ашиггүйг Азака мэдэж байлаа. Тэр ойрын зайны тулааныг илүүд үздэг юм. Гэтэл Ожи Мисаяа түүнээс өндөрт зогсож байгаагаас гадна, хоорондынхоо зайг санасандаа хүртэл ойртуулахад хэтэрхий хол байлаа. Гэсэн ч Азака энэ санаагаа бодлынхоо мухарт шилжүүлж орхиод, дээр нь сүүтэгнэх охинтой ердийнхөөрөө яриа өдөхөөр шийдэв.
-Надад тэр зан минь тун их тус болдог юм. Харин чи бодлын дайралт хийж, охидод амиа егүүтгэх санаа төрүүлэхээр төлөвлөө юм биз дээ?
-Мэдээж. Би тэднийг энд хонь хурга шиг л хашиж орхисон. Гэхдээ галыг тэд өөрсдөө асаах ёстой юм. Тэгж байж л нүглийнхээ төлөөсийг төлж чадна. Би нөгөө охин та хоёроос болоод төлөвлөгөөгөө түргэсгэхээс өөр аргагүй болчихлоо л доо. Тэдний цөөн хэд нь л сургуулийг битүү бүрхсэн гэмшил гомдол, хулгайлагдсан дурсамжаас болоод амиа хорлоход бэлэн байгаа юм. Гэхдээ бүгдийг нь түлхэн унагахад надад тийм хүн нэг л байхад хангалттай.
-Хмм, миний уулзсан хүмүүс амиа хорлох бодолгүй л байх шиг байсан даа. Гэхдээ миний л бодол шүү дээ. Ямар ч байсан чи энд тун гараа гаргаж тайз засчээ дээ. Нөхцөл байдал гайхалтай зохицож. Цаг агаар хүртэл хорвоог орхиход сайхан тохирохоор байна. Сайн малчин юм гээч хэмээгээд би мөрөө хавчлаа. Ожи Мисаяа миний үйлдлийг буруугаар ойлгосон бололтой хөмсөг зангидав.
-Гэхдээ чи энд тэднээс болж ирээгүй баймаар юм.
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Над шиг үл итгэгчид нүглийн төлөөс, шийтгэл мэт зүйлс чамд хамаатай байдаг шиг хамаа байх биш. Охидын зарим нь чиний хэлсэн шиг амиа егүүтгэхийг хүсч байгаа бол би тэднийг зогсоох хэн юм бэ? гэж Азака инээмсэглэн хэлэв. Түүний үгийг сонсоод Ожи Мисаяа Азакагийн үнэхээр үл ойшоож байгаа эсэхийг, эвсэл үнэн худал ярьж байгааг нь ч ялгаж чадсангүй. Тэр нүдээ онийлгоод:
-Тэгвэл яах гэж энд ирсэн хэрэг вэ? Надаас өшөө авах гээ юу? гэж асуулаа. Азака өөрийг нь байнаас нь тусгаарлах шатыг цэгнэн харах зуураа:
-Дөхөж л байна. Гэхдээ голыг нь олсонгүй. Би чамайг өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөн ирсэн юм гэж хариулав. Барилгыг дунд ангийн сурагчдад зориулан барьсан тул гишгүүр нь өндөр биш, олон ч биш ажээ. Шаардлага гарах үед цагийг нь олж хоёрхон үсрээд л санасандаа хүрч чадахаар байв.
-Өрөвдөх өө? Намайг уу?
Ожи Мисаяагийн хүрэн бор нүдэнд дайсагнал хуралдан буцалж эхлэв. Азака түүнийг дагуулуудаа суллачих вий гэсэндээ уурыг нь хүргэчихээс болгоомжлон үгээ зөөллөлөө.
-Ожи-сан, чи яагаад анх Курогири-санд хандсан юм бэ?
-Миний ах болохоор гэж цаадхи нь ядаж төдөлгүй хариулав.
-За яах вэ, тийм болог. Тэгвэл хүчээ хэнээс авсан юм?
-Бас л ахын минь бэлэг.
-Тийм бий. За тэгвэл Курогири-санг ахыгаа гэж хэзээ мэдсэн юм бэ?
-Бүр эхнээс нь мэдэж байсан.
Гэсэн ч Ожи Мисаяа үгээ хэлж гүйцээгүй шахам байхдаа яриа нь авцалдахгүй байгааг ойлгож, хөмсөг нь татвасхийлээ. Тэр толгой дахь үйл явдлын дарааллууд нь таарч өгөхгүй байгааг мэдмэгцээ амаа нээн, амьсгаадаж эхлэв. Азака түүнийг нүд салгалгүй харж байсан тул үл ялиг инээвхийллээ.
-Ийм л байна даа, Ожи-сан. Чи Курогири-санг ах чинь болохоор уулзах гээгүй. Харин 10г ангийн багш болохоор нь л очсон. Бас Тачибана Каоригийн талаар ярих гэж ч уулзсан юм биш. Чи чинь сургуулийн хамгийн эрх мэдэлтэй, нөлөө бүхий сурагч шүү дээ. Курогири-сангийн тусламжгүйгээр чи Хаяама Хидэотой шууд уулзаж чадах байсан. Харин чамтай уулзсаныхаа дараа Хаяама Хидэо гэнэтхэн алга болсон, бодвол хадан гэртээ очсон биз. Чи мэргэн цэцэн хүн болохоор үймэрч будилсан алуурчдын адилаар тэр явдлыг санамсаргүй осол шиг харагдуулахыг хичээгээ байлгүй. Гэсэн ч Хаяамагийн бодийг хөтөлж орхисон чинь яагаад ч өөрчлөгдөхгүй. Харин чи үүнээс болж өгүүлшгүй их зовлонд унасан болохоор Курогири-сантай уулзсан. Бодвол тэр туслахдаа дуртай л байсан биз дээ, Ожи-сан?
Ожи Мисаяа дуугаа хураан, гай түйтгэр таригч охидыг ор тас мартаж орхиод, нүднийх нь өмнө ямар нэг үл үзэгдэх, аймшигтай сүүдэр байгаа мэт хоосон агаар ширтэн, гүн бодолд дарагдан зогсоно. Тэр ах байх ёстой хүнийхээ талаар эргэцүүлэн, түүнийг хэзээнээс ахыгаа гэж бодох болсноо гайхширч байв. Анх уулзахад тийм санаа төрсөн байх учиргүй. Тэгээд ч яаж ахыгаа гэж мэдсэн байх вэ? Ахынхаа царай зүсийг ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс нэг л боломж үлджээ. Ожи Мисаяа Курогири-сангийн дурсамжийг хулгайлсан. Дагуулуудын олж ирсэн тэдгээр дурсамжин доторхи ямар нэгэн зүйл Ожи Мисаяаг, Курогири Сацүкигийн талаархи бодлыг орвонгоор нь өөрчилж орхижээ. Ямар нэгэн зүйл Ожигийн далд дурсамжийг сэргээн, тэр Курогириг чухалчлан үзэх болжээ.
-Би... тэр үед...
Ожи Мисаяа үгээ гүйцээж чадсангүй.
-Чи огт мэдээгүй. Курогири-санг ахыгаа гэж харсан дурсамж чинийх байгаагүй. Курогири-сангийн дурсамжаас л чи тийм дүгнэлт гаргасан. Чиний биш үл таних хүний дурсамж. Тэр харахыг хүссэнийг чинь л харуулсан. Түүний хувьд чи чамайг тойрч байгаа дагуулуудаас өөрцгүй. Чи тэднийг ашигладаг шиг тэр чамайг ашигласан.
Өчигдөр Шики өөрийг нь унтаж байхад олох үедээ хэлсэн үгийг Азака саналаа. Шики хэдийн Ожи Мисаяаг бусдын адил дурсамжаа алдсаныг ажиглачихсан байж шүү. Шики хүссэн хүсээгүй бүгдээс түрүүнд шийдлийг олчихсон байсан бололтой.
-Тийм биш... хэмээн Ожи түгдчив. Тэр живж байгаа аятай хүндээр амьсгаадаж, нарийхан хүзүүг нь даган хөлс урслаа. Гэсэн ч уртаар амьсгаа аваад хэвийн байдалдаа орж чадав.
-Наадах чинь худал.
Азака түүнийг ам нээхтэй нь зэрэгцэн анхны уулзалтан дээрх шигээ шидээ илгээж, агаарт тоолж барамгүй олон халуун урсгал байгааг олж мэдрэв. Гэтэл дараагийн эгшинд халуун урсгалууд Ожи Мисаяагийн гэнэт тэсэрсэн уур хилэнд хариу өгөх мэт харвах сум шиг хурдтайгаар нэгэн эгнээгээр урагшлан довтоллоо. Азака халуун шуурга хурц хутга шиг агаар зүсэн, өөрийг нь чиглэн шатаар доошлохыг мэдрэв. Гэсэн ч шившлэг нь шидэт дагинуудын хөдөлгөөнийг илчилсэн тул Азака цагаа олж, хананд нуруугаараа шахан зогсож амжив. Түүний хамарт шүргэх шахам тулж ирсэн халуун агаар дэргэдүүр нь шунгинан өнгөрөх нь мэдрэгдлээ.
Шидэт дагинууд хажуугаар нь зөрмөгц Азака цаг алдалгүй шуудхан хөлдөө хүчээ төвлөрүүлэн, шат руу үсрэв. Түүнд ердөө хэдхэн хором л байлаа. Ожи Мисаяагийн зэвсэг болгон ашигласан шидэт дагинуудаас самбаачлан бултаж чадсан Азакад давуу тал ирчихээд байв. Тэр дайсныхаа мэгдсэн царайг харж байлаа. Ожи Мисаяа Азакагийн тооцоолсноос арай өндөрт буюу гурван алхмын дээр зогсож байв. Гэсэн ч Азака саатсангүй. Тэр хурдаа тооцоолон, Ожи Мисаяагийн дэргэдүүр өнгөрч шатан дээр гарахын тулд охины хэвлий рүү хамаг хүчээрээ мөргөж орхилоо.
Ожи Мисаяа өвдсөндөө дуу алдсан боловч дахин дайралтандаа зэхэж амжжээ. Азака дайсан болон түүний ард зэрэгцэн жагссан шидэт дагинуудын дунд гацаж орхисон тул Ожи Мисаяагийн хажуугаар зөрмөгцөө зогтусав. Тэр түрүүний бултан зайлсан халуун урсгал өөр рүү нь дахин чиглэж, хэдхэн төө зайтай байгаа шидэт дагинууд далавчаа дэвэн, хөдөлгөөнд орохыг мэдэрлээ. Азака үүнийг л хүсч байсан юм. Шидэт дагинууд харвасан сумтай адил байж болох ч, Азака тийм ч амархан хавханд яваад орчих ухаангүй хүн биш билээ.
Азака алцайн зогсоод, хоёр гараа дэлгэн, Ожи Мисаяаг болгоомжтойгоор тойруулан шидэт дагинууд руу чиглүүлээд:
-АЗОЛТ гэж хашхирлаа. Лорика хэлсэн даруйд түүний Шид биеэс нь гадагшлан долгилж, ганцхан хормын дотор буцлан цалгилав. Агаарын хэм биенээс нь чимхээд авах шиг огцом нэмэгдэх нь хоёр шидтэнд зэрэг мэдрэгдлээ.
Дараагийн эгшинд асар том гал цочтол дэрхийн асч, Азакагийн хоёр талд нүднээ үл үзэгдэх зүйлд авалцан ноцов. Үүнтэй зэрэгцэн амь тэмцэн чарлах тоо томшгүй олон нарийхан хоолой сонстож эхэлсэн ч, тэд эцэстээ шалан дээр унан, чимээгүй боллоо. Дахин хэдэн хором өнгөрсөний дараа л Азакагийн санаа сая амарч, бээлийтэй гараа зангидав. Чингэтэл гал өөрөө унтрах нь тэр. Гал ассаны цорын ганц нотолгоо нь ердөө л шалан дээр хэвтэх хэдэн цогноос амьтай голтой төдий суунаглах утаа л байлаа. Галдан шатаагч гараа унжуулаад, санаа алдав.
-Чиний сурсан гэж бодсон шид ийм байх ёстой юм гэж Азака хэлээд:
-Гэвч чи жинхэнэ Шид сураагүй. Шид хүний дотоод сэтгэлийг үнэнтэй уяж орхидог. Харин чамд тийм зүйл алга. Тэгээд ч Шид чиний бодсон шиг ганц хоёрхон сарын дотор нууцаа дэлгэчихдэггүй юм. Гэхдээ Курогири-сантай хийсэн хэлэлцээ чамд тохирох Шидийн орлуулагчийг өгсөн, тийм биз? хэмээн өгүүлэв.
Азакагийн баруун гарнаас утаа суунаглаж байсан ч, удалгүй мөн л замхран алга боллоо. Ожи Мисаяа түүнийг гайхаж, будилсан харцаар ширтэж байв. Эцэст нь охины хөлнөөс хүч тамир зайлан одож, өвдөг дээрээ сөхөрлөө.
-Тэгэхээр... энэ... тийм байжээ... гэж Ожи Мисаяа дуугарлаа. Тэр бүгдийг эртхэн ухаарсан ч болоосой гэж хүссэн мэт чимээгүйхэн инээмсэглэх аядав.
"Би Хаяама Хидэотой Тачибана Каоригийн үхлийн талаар ярилцах гэсэн боловч бид удалгүй маргалдаж эхэлсэн. Би түүнийг буруутай гэж хэлсэн. Би түүнийг бүх зүйлд буруутгасан. Харин Хаяама үгүйсгэсэн. Гэхдээ миний зөв. Үргэлж миний зөв байдаг. Би ухаанаа алдаж, ямар ч шийтгэл оноосон болно гэж бодсон. Би тэрнийг түлхсэнээ санаж байна. Харин дараа нь манан татсан юм шиг толгой дүйрч байсныг л мэдэж байна. Нэг л мэдэхэд би түүний хөрч амжаагүй цогсосны дэргэд зогсож байсан. Би амьдралдаа анх удаагаа яах ёстойгоо ойлгоогүй. Тэгээд л би Курогири Сацүкигээс тусламж эрсэн юм. Аавд ч юм уу, захиралд энэ тухай хэлнэ гэдэг амиа хорлож байгаагаас өөрцгүй. Харин тэр... тэр бүгдийг шийдэж, миний хүсэл бүрийг биелүүлж өгч чадах юм шиг байдаг. Ач холбогдлыг бүхнээс түрүүнд тавьдаг над шиг хүнд юунд ч татагддаггүй тэр хүн надад нууцлаг санагддаг байсан юм. Тэр намайг аварч чадна гэж би бодсон. Тэгээд ч миний хүссэн ёсоор тэр надад бүхнийг шийдэхэд хэрэгтэй болгоныг минь өгсөн.
Сацүки олон жилийн өмнө хагацсан хайртай ахыг минь орлосон.
Сацүки Каоригийн үхлийн хариуг амсуулж чадах хүчийг надад бодит болгож өгсөн.
Тэр үргэлж хиртэж бохирдсон зүйлд цэвэр гараа дүрж болохгүй гэж хэлдэг байсан. Би тэрнийг миний тухай биш бусад сурагчдын талаар ярьж байгааг яагаад ойлгоогүй юм бол? Тэр гар цэвэр үлдэхийн тулд үргэлж хүний гараар могой бариулах хэрэгтэй гэдэг байсан шүү дээ. Тэр 10г ангийн сурагчид үхлээр төлөөсөө төлөх ёстой гэсэн бодлыг минь надтай хуваалцаж байсан. Гэвч эцсийн дүнд бүх юм ялгаагүй гэдгийг би эрхтэн ойлгосон ч болоосой."

-Би юу ч хэлээгүй бол бүх зүйл дээр байх байж гэж Ожи Мисаяа шивнэлээ. Тэр хана руу ширтэж байсан ч, хананы цаадах ямар нэгэн зүйлийг харах мэт гөлийжээ. Намайг хажууд нь зогсож байгааг ч огт анзаарсангүй. Гэсэн ч хэлсэн үгээ надад сонсгохыг хүссэнийг нь би мэдэж байв.
-Би мэдэж байсан ч, ямар нэгэн зүйл санахад минь саад болдог байлаа. Би тэрэнд хайртай байсан. Тийм учраас л түүний надад зориулж бүтээсэн хуурамч ертөнцийг устгахыг хүсээгүй юм. Би тэрнийг өөр хүнийг хайрлаасай гэж хүсээгүй. Хариуд нь би ч гэсэн зөвхөн түүнийг хайрласан. Тэр намайг юман чинээ боддоггүй байсан ч, үргэлж нууц хэвээрээ үлдэх байсан юм.
Ожи Мисаяагийн яриа түүний хувьд ч, миний хувьд ч аль эрт өнгөрсөн түүх адил болжээ. Түүний яриа надад танил хэрнээ дотор муухайрам сонсогдож байв. Би ч гэсэн ингэж хэлээд сууж байж болох л байсан шүү дээ.
-Ядаж ингэж бодохгүй юм бол надад амьд явах утга байхгүй болно гэж Ожи Мисаяа энэ үгийг чангаар хэлбэл аймшигтай нүгэл болох юм шиг залбирал аятай зөөлөн шивнэлээ. Би олон таван юм бодсонгүй, шуудхан л:
-Ожи-сан, Тачибана Каориг амиа хорлоход хүргэсэн хүн нь Курогири-сан байсныг чи мэдэх ёстой. Тэр хэзээ ч чамайг хайрлаж байгаагүй. Зөвхөн тэгж итгүүлсэн хэрэг. Чиний тэгтэл их хүсч байсан өшөө авалт түүний хувьд ямар ч утгагүй байсан гэлээ.
-Бүү зөр, Кокуто-сан. Би чамд хэлсэн шүү дээ. Би бүгдийг мэдэж байна. Надад санаж явах нь л хангалттай.
Ожи Мисаяа сөгдөж суусан чигтээ гараа шалан дээр тавьж, нүүрээ нуулаа. Тэр дуугарсан боловч би эхлээд түүнийг инээж байна гэж бодов. Гэвч нягтлан харсны эцэст түүний халхалсан нүднээс нулимс бөмбөрөн, шалан дээр дусалж байхыг олж үзлээ.
Би түүнийг нэгэн цагт хүүхдүүд зайгүй бужигнаж байсан ч, одоо бол түүн шиг өрөвдөлтэй, ганцаардмал болсон сургууль дотор орхин явав. Ойн дээрээс шаагин асгарч байсан бороо зогсож, оронд нь гэртээ харих замыг минь зэрэглээ шиг дуниартуулан нуух өтгөн манан моддын оройг хучжээ.


Last edited by zolushka_717 on Sep.09.17 3:16 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.09.17 4:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Шикиг үгээр яаж хүлэв ээ. Хэлсэн үгээрээ оюун санаанд нь нөлөөлөөд хүчгүй болгоод байв уу эсвэл шид нь тэгж үйлчлээд бгаан болов уу? Шидийн талаар нэг л сайн ойлгохгүймаа.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.09.17 11:51 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Токо-сан дээр хэлсэн дээ. Курогири Сацүкиг Годворд Мэйдэй гэдэг. Годворд гэдэг нь бурхны үг. Анхны хэлээр ярьдаг. Анхны хэл нь хүний ухамсарт шууд нөлөөлдөг, хүн амьтантай бүгдтэй нь ойлголцож болдог хэл. Курогиригийн Шид нь анхны хэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэлсэн үг нь хүний ухамсарт хүрч, итгүүлж, тушааж чадна. Шики, Азака 2 Курогиритэй ярьж байхад хэлсэн үг бүхэн нь үнэн юм шиг санагдаж байсан даа. Шикигийн хувьд бол Курогири бодлыг нь уншаад урьдчилаад чи ттйм зүйл хийхгүй гэж хэлээд байсаэ болохоор далд ухамсар нь тушаалд нь автаад байсан хэрэг.


Top
   
PostPosted: Sep.09.17 2:36 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хоосролын тэмдэглэл IX

Би төрсөн гэртээ амьдардаг байх үеийнхээ, хүүхэд байх ахуйд тохиолдсон явдлыг зүүдлэв.
Манай хажууд гэрийнхэндээ хаягдаж хоцорсон, умгар байшиндаа ганцаараа амьдардаг хөгшин байсан юм. Тэр хэдийн өтөлж, зөнөсөн тул өчигдөр болсон явдлыг санавал дээдийн заяа болдог байж билээ. Гэсэн ч тэр хүн бүрт найрсаг, элэгсэг дотно ханддаг байв.
Би түүнээс зайгаа барьдаг байсан ч, Микияа түүнтэй тун дотно байсан юм. Хөгшин хөршийнхөө хүүтэй хөөрөлдөж, хэсэгхэн зуур ч болов ганцаардлаа мартахыг оролддог байсан байж болох. Тэд үргэлж аар саар зүйлийн талаар ярилцах боловч Микияа нандин чухал зүйл дуулсан юм шиг гэртээ ирэх бүртээ хөгшний хэлсэн ярьсан бүхнийг нэгийг ч үлдээлгүй ярьж өгдөг байв.
Гэвч нэг л өдөр зайлах аргагүй явдал тохиосон юм. Оройн хоолны цаг байсны дээр хэн ч тийм зүйл болно гэж зүүдлээгүй байв. Микияа тэднийд очихдоо хөгшнийг шалан дээр ухаангүй хэвтэж байхыг олж, ээж аав хоёрт хэлсэн байлаа. Ээж аав хоёр тэр даруй хажуу айл руу яаран очиж, шаардлагатай бүхнийг хийсэн ба биднийг асуух ёстойгоо асуух үед чимээгүйхэн толгой сэгсэрцгээсэн билээ. Энэ нь юу гэсэн үг болохыг бид ойлгож байсан юм. Оройн хоолны уур амьсгал тэр дорхиноо үгүй болж, сандрал түгшүүрээр солигдож билээ.
Би хөгшний араас яагаад ч юм нулимс дуслуулж байлаа. Тэр бүхэл бүтэн 10 жилийг цор ганцаар тэвчин өнгөрөөсний эцэст талархлын үг ч сонсож амжилгүй хорвоог орхисон. Зүрх сэтгэл минь чулуу шиг хатуужсан гэж бодож байсан би хүртэл түүний төлөө нулимс унагасан юм.
Над шиг хүн нулимсаа барьж дийлэхгүй байхад ахад минь хичнээн хүнд байгааг би төсөөлж ч чадахгүй байлаа. Гэвч Микияа ганц ч дусал нулимс унагаагүй юм. Түүний харуусаж гашуудаж байгааг нүүрэн дээрээс нь бэлхнээ харж болох байсан. Гэсэн ч тэр уйлаагүй. Хүчтэй царай гаргалаа гээд ямар ч сайн зүйлд хүрэхгүй шүү дээ. Би түүнийг өөрт байхгүй чанга зориг гарган худал дүр эсгэж байна гэж бодож байлаа.
Гэсэн ч хэдэн өдөр өнгөрсөн боловч Микияа дусал ч нулимс унагасангүй. Нэг шөнө тэр тагтан дээр суугаад арван тавны сарыг ширтэж байлаа. Би түүнтэй зэрэгцэн суугаад түүнийг дуурайн дээш харж, тоолж барамгүй оддыг ширтэв.
-Чи яагаад уйлахгүй байгаа юм бэ?
-Харин л дээ гэж тэр хариулаад над руу зовнингуй харав. Түүний нүдэнд шаналал гуниг хуралдсан ч, тайван байлаа.
-Хөвгүүд уйлдаггүй болохоор уу? гэж би аавын нэг удаа хэлж байсан үгийг давтав. Гэсэн ч ах толгойгоо сэгсэрлээ.
-Тэгээд яагаад уйлахгүй байгаа юм бэ? гэж би давтав.
-Уйлмаар л байна. Гэхдээ болохгүй. Уйлна гэдэг чинь онцгой явдал гэж хэлчихээд тэр бүгдийг тайлбарласан гэж бодсон бололтой дахин тэнгэр өөд ширтлээ. Би түүний царай нулимс унагахад бэлэн харагдаж байсныг одоо ч гэсэн санаж байна. Гэсэн ч Микияа уйлаагүй юм. Тэр хэнээс ч илүү түүнтэй ойр байсан болохоор хэнээс ч илүүтэйгээр уйлах бүрэн эрхтэй байсан шүү дээ.
Учир нь уйлна гэдэг онцгой явдал. Нулимс харсан хүний сэтгэлд эрхгүй сүүдэр татаж, гуниг төрдөг. Халдварт өвчин шиг дэргэдэх хүндээ тархаж, уй гашуу нэмдэг. Гэсэн ч уйлна гэдэг онцгой, нууцхан байх ёстой байжээ.
Тийм учраас л Микияа уйлаагүй. Миний мэдэх хэнээс ч илүүтэйгээр ах маань санаатайгаар бусдыг гомдоох хүн биш. Тиймээс л бусдыг зовоохгүй гэсэндээ уур бухимдал, уй гашуугаа дотроо хадгалдаг ажээ. Уйлах болвол хэн нэгэн маш онцгой, тун дотно хүнийхээ л төлөө нулимс урсгах болно. Гэвч өрөөлийн төлөө зориулах ийм сэтгэлээс нь болоод хэн ч түүнийг ойлгодоггүй. Түүнийг байгаагаар нь ойлгох нэг ч хүн байхгүй. Тэр маш их ганцаарддаг байж таарна.
Яг л энэ мөчид Кокуто Микияа миний хувьд маш онцгой нэгэн болж хувирсан юм. Хэзээ ч тавьж явууламгүй ямар нэгэн чухал зүйлийн биелэл.
Шөнийн саран өвсний толгой дээгүүр гялалзан бүжиглэж, ямар ч хурц гэрэл тэдэнтэй үл дүйцэх шөнө байлаа. Тэр шөнө ах дүү хоёр одод хучсан тэнгэрийг ширтэн суусан юм. Ийм дүр зураг надад одоо болтол харагддаг. Хэдийн мартагдсан байх ёстой энэ л явдлыг би зүүдэндээ дахин дахин олж үзнэ.

1-р сарын 11. Даваа гариг.
Хичээл цуглаж, би сурагчийн ердийн амьдралдаа шилжээд байлаа. Өнөөдрийн хичээл дууссан тул би дотуур байрандаа дэгдэн хүрч, бэлтгэлээ базаав. Дараа нь би гадагш гарах зөвшөөрөл авахаар хичээлийн төв байранд очлоо. Гэлэнмаа нар зөвшөөрөл өгөхөөргүй янзтай ширүүн царай гарган угтсан ч, би сургуулиас гарахдаа ямар нэг ёс дүрэм зөрчдөггүйг мэдэх тул тэд урьдын л адил хүсэлтийг минь ёсоор болгов.
Би гарах замдаа Фүжинотой тааралдлаа. Түүний намирсан урт хар үсийг анзааралгүй өнгөрөх аргагүй билээ.
-Гарах нь уу, Азака? хэмээн Фүжино эелдгээр асуув.
-Тийм. Гэхдээ энэ удаад сургууль хаалгаа барихаас өмнө ирж амжихгүй байж магад болохоор Сеод хэлээд өгөхгүй юу.
Фүжино өрөөний маань охинд үгийг минь дамжуулахаа амлан толгой дохив. Миний санаа амарч, Фүжинотой салах ёс гүйцэтгээд ойн замаар хар гүйхээрээ алхалсаар сургуулийн хаалганд тулж ирлээ. Хамгаалагч машин ордог үүдийг үргэлж хаалттай байлгадаг тул надад явган хүний жижиг хаалга нээж өгөв.
Сургуулийн үүдээр гармагцаа би миний сайн таних нэгэн хүн намайг хүлээн зогсож байхыг харлаа. Тэр дөнгөж оршуулганд оролцоод ирсэн юм шиг харагддаг хар хувцаснаас огт салдаггүй тул түүний угласан хүрэм хүрэн өнгөтэй байсанд баярлах сэтгэл төрөв. Би амьсгаагаа дарж, хоолойгоо төвшин болгохын тулд хэсэг азнасны эцэст түүн рүү явж очлоо.
-Удаан хүлээв үү, Микияа?
Тэр урагш үл ялиг бөхийн, нүдний шилэн дээгүүрээ намайг харснаа, жаварт цохиулж улайсан хамраа заан:
-Юу гэж бодож байна? хэмээн инээмсэглэн хэлэв. Би түүнийг үнэн сэтгэлээсээ эсвэл ёжилж хэлсэн алин болохыг ялгаж чадсангүй.
-Явах уу? Танай сургууль хаалгаа барихад хоёрхон цаг дутуу байгаа болохоор яарсан нь дээр гэж хэлээд Микияа цаашаа явж эхэллээ. Би түүнтэй зэрэгцэн алхах зуураа зүрхнийхээ цохилтыг намжаахыг хичээв. Бид Рейн сургуулийн өндөр, бат бэх хана хэрмийг даган, автобусны буудал руу явлаа.
Өнөөдрийн явдал өчигдөр гэнэтхэн Микияа над руу залгаснаас эхтэй. Тэр шинэ жилээр намайг ганцааранг минь орхин Шикитэй явсандаа зовж, уучлал гуйх үүднээс өнөөдрийн уулзалтыг санаачилсан байлаа. Микияа утсаар ярихдаа "Шинэ жилийн гар цайлгах мөнгө өгөхөд оройтсон гэж бодож байна. Тэглээ ч чи баян юм чинь дээ" гэж хэлсэн юм. Түүнд удаан уурлах амаргүй байдаг тул би тэрнийг одоохондоо уучилчихаад байгаа билээ. Би өчигдөр түүнд мөнгө хэрэггүй, оронд нь дэлгүүр хэсье гэж хэлсэн юм. Тэр ямар дэлгүүр орох талаар асуухад нь би хариу өгч чадаагүйн дээр одоо болтол яахаа шийдэж амжаагүй түүний хажууд явж байлаа.
-Хаачих вэ? гэж Микияа асуув. Би толгойгоо хазайлган, Микияа өөд гайхан харав.
-Хаана хооллох вэ гэсэн юм. Япон хоол идэх үү, Европ хоол идэх үү? Би дайлъя.
Би дахин дууч шувуухай шиг толгойгоо гилжийлгэв.
Тэр арай... намайг болзоонд авч яваа юм биш байгаа?
-Чи өчигдөр хаачихаа мэдэхгүй байсан шүү дээ. Тэгээд л хоол идвэл зүгээр юм уу гэж бодсон юм.
Би түүнийг мэгдэн ширтлээ. Тэр өчигдөр иймэрхүү юм ярьсан билүү? Үгүй байх шүү.
-Хаана хоол идэхээ ч мэдэхгүй байгаа юм уу? За яах вэ, тэгвэл би сонгоё. Гэхдээ санаа зоволтгүй. Хүмүүжилтэй залуу хатагтайд тохирсон, халаасыг минь ч хоослочихооргүй газар байх болно гэж Микияа инээмсэглэл цацруулан өгүүлэв.
Хоолоор дайлах саналаар охидыг эргүүлж болдог гэж тэр бодоо юм байх даа?
-Асуугаад дэмий байх. Гэхдээ тэгж боддог бололтой гэж би амандаа бувтнав.
-Юу гэсэн бэ? гэж Микияа асуусан ч, би түүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөн, санаа алдлаа. Би зөрүүдэллээ ч тэр намайг бодсон газраа аваачих л болно шүү дээ. Тэгж л би дурласан юм чинь. Зайлсхийх гэж хичээсэн бүхнээ хөсөр хаяж түүнийг хайрласан минь зөв мэт, түүгээр ч үл барам жирийн явдал мэт санагдаж эхлэв.
-Яарах хэрэггүй гэж би маань унших мэт аяархнаар хамар дороо бувтналаа.
-Чи учир нь олдохгүй юм шивнэх дуртай юм аа, Азака. Ямар нэгэн юм болоо юу?
Би толгой сэгсэрлээ. Гэнэт ертөнц тэр аяараа хөнгөрөн, толгойд завсаргүй эргэлдэж байсан асуултууд цөөрөөд ирэв.
-Юу ч биш ээ. Манай сургуульд сурдаг нэг охин шиг бүгдийг баллаад хаячихгүй юм шүү гэж өөртөө сануулсан юм гэж хариулаад би түүний гараас шүүрэн авч, сугадлаа. Би үүнээс цаашилж чадсангүй. Тайлбар тавих хэрэгтэй болно шүү дээ. Үл ялиг улайсан Микияа миний хажууд жигд хэмнэлтэйгээр алхална. Би түүнтэй хөл нийлүүлэн, харуй бүрий дөнгөж сүүдрээ татуулан буй гялтганах хотоор аяллаа.
Миний шинэ жилийн зугаалга жаахан оройтсон ч гэлээ ингэж нэг юм эхлэв. Би амттай, үнэтэй Япон хоол идэх шийдвэр гаргах нь мэдээж билээ.


Last edited by zolushka_717 on Sep.09.17 2:36 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.09.17 4:15 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хоосролын тэмдэглэл X

Хичээлээ зааж дуусчихаад Курогири Сацүки өрөө рүүгээ явлаа. Өглөөнөөс эхлэн тэнгэрийг зузаан саарал үүл бүрхсэн тул сургуулийн хонгил дуу чимээгүй, хөдөлгөөнгүй, нэгэн өнгөт зураг шиг харагдах ажээ.
Курогири өрөөнийхөө хаалгыг нээж, тойруулан харлаа. Тасалгаанд жижиг сажиг эд агуурс, эмх цэгцтэй байрлуулсан хогшил хэрэгсэл, ном дүүрэн байв. Гэсэн ч сурч мэдэх зорилгоор эдгээрт гар хүрсэн хүн үгүй юм шиг үзэгдэнэ. Номнууд дөнгөж өнөөдөр худалдаж аваад сөхөж ч хараагүй юм шиг цоо шинээрээ, цонхоор тусах нарны саарал туяанд тасалгаан доторхи цаг хугацаа зогссон юм шиг санагдах аж. Курогири Сацүки бүх юм толгойдоо бүртгэж авсантай ижил байгааг баталмагцаа сая дотогш хөл тавив.
Хаалга ард нь тасхийтэл хаагдаж, үүнтэй зэрэгцэн часхийсэн өвдөлт мэдрэгдэв. Тэр харцаа доошлуулбал Рейний нэгэн сурагч эрүүн тушаа нь зогсож байгаа нь үзэгдлээ. Яагаад ч юм Курогири Сацүкид түүнийг мэдэх ёстой юм шиг санагдаад явчихав. Охин гартаа хутга атгажээ. Харин хутганы үзүүр Курогиригийн хэвлийд зоогдож, ир нь үзэгдэхгүй шахам болсон байв.
-Чи хэн бэ? гэж Курогири сулхан дуугаар асуув. Тэр уурласангүй. Гэвч охин хариулахаас татгалзав. Охины хутга барьсан гар салганан чичирч, Курогири гэдэс дотор нь даган доргихыг мэдэрлээ. Охин дайрсан хүн рүүгээ эгцлэн харж чадахгүй байх ажээ. Курогири түүнийг ажиглаж эхлэв. Өндөр, жин, үс, арьсны өнгө, биеийн хэлбэр гээд л түүний өнөөг хүртэл хадгалсан мэдээлэлд нэг л сурагч ойртож очиж байлаа.
-Чи мөн үү? Чи намайг алах гээд хүлээж байжээ дээ?
Охин мөн л хариулсангүй. Курогири энэ сэдвийг орхихоор шийдэж, охины сандрал түгшүүрийг үлдэн хөөхийн тулд мөрөн дээр нь гараа зөөлнөөр тавиад:
-Яв даа. Чиний хийх зүйл дууссан хэмээн өгүүллээ.
Гэтэл түүний үзэн ядалт, хорсол зэвүүцэл үгүй үг охины чичиргээг бүр дордуулж орхих нь тэр. Охин түгшиж байгаа нь илэрхий байсан ч, хүн хутгалснаасаа илүүтэйгээр Курогиригийн сая хэлсэн үгнээс болоод сандарч эхлэв. Дахин хэдэн үнэт хором өнгөрсний эцэст охин сая хутгыг тавьж, Курогирид бэлэглэх мэт биед нь үлдээгээд өрөөнөөс яаран гарч одвой.
Охиныг сүүлийн удаа дахин нэг харсан боловч Курогири таамагласан хүн нь мөн эсэхийг баттай мэдэж чадсангүй. Тэр хэн байв аа? Курогиригийн толгойд хадгалагдсан мэдээлэлд охины үснээс бусад нь тохирч байлаа. Үс нь яаруу сандруу хайчлаад авчихсан юм шиг богино болжээ. Гэвч өчүүхэн төдий өөрчлөлт хийхэд л хэнбугай ч гэсэн Курогири Сацүкигийн нүдэнд урьд өмнө уулзаж байгаагүй, үл таних хүн болон хувирах билээ.
Тэр арай ядан хаалгаа хаагаад, торхийлгэн цоожлов. Алхам бүрт нь хэвлий дэх хутганаас нь цусан дусал хагацаж ядах мэт шалан дээр дусагнана. Тэр хаалга хаахдаа хамаг хүчээ шавхаж орхижээ. Курогири Сацүки хана налахаас аргагүй болов. Гэвч хана даган гулссаар, шалан дээр суун тусах нь тэр. Гэвч Курогири ийм маягаар төгсөнө гэдгээ эртнээс мэдэж байсан тул үхэж байгаадаа зовсонгүй, харин суларч доройтсон биеэ ажиглаж гарав. Егөөтэй юм. Түүний Курогири Сацүкид хамаатуулан хадгалсан мэдээллээс бие цогцос нь зөрж байлаа. Магадгүй тийм ч учраас үхэл бусдыг айлгадаг шигээ түүнд айдас төрүүлээгүй байж болох юм. Хором өнгөрөх бүрт цус нь шавхагдаж байсан ч, Курогири Сацүки бодлоо цэгцлэхийг хичээлээ. Тэр сэтгэлийн амарлил олж чадахгүйгээ, бас үхэл түүнийг 10 хувийн дараа залгин авахыг мэдэж байв. Тэр сүүрс алдаад, үлдсэн хэдхэн хувиа үр ашигтайгаар өнгөрүүлэхээр шийдэв. Гэвч 10 хувь дэндүү богино ажээ. Курогири Сацүки юу бодож, юу мэдэрч, юу мөрөөдөх ёстой юм бол? Хамгийн гол асуудал цаг хугацаа байсангүй. Тэр дөнгөж сая шинээр төрсөн, гэтэл ердөө аравхан хувийн дараа үгүй болох гэж байлаа. Үлдсэн хэдхэн хувийн амьдрал нь магадгүй ертөнцийн тоос хөдөлгөсөн хэдэн жилээс нь ч илүү үнэтэй байж мэдэх юм.
Бод, төсөөл гэж Курогири Сацүки өөртөө тушаав. Тэр хэвлий дэх өвдөлтөө мэдрэхгүй шахам болж, амьдралынхаа сүүлчийн хэдхэн мөчид эзэмдүүллээ. Түүний амьдралын хамгийн эцсийн, нууцлаг хэдхэн мөчид бүх юм цэвэр тунгалаг болж, эрж явсан хариултаа ч олж, үүндээ өөрөө гайхав.
Түүний амьсгаа тасалдана.
Цаг хугацаа удааширна.
Цус зогсолтгүй урсана.
Түүний амьдрал богиносно.
Тэр хэрэггүй бодлуудаа үлдэн хөөж, бодож олсон хариултандаа төвлөрлөө.
-Би төрөхөөсөө өмнө бодож эхэлсэн зүйлийнхээ талаар бодох хэрэгтэй байж мэдэх юм.
Энэ бол түүний гаргаж ирэх сүүлчийн хоосрол, хүн төрөлхтөн үүсэн бий болоогүй, бодит бус үнэ цэнэ, зөрчилдөөн үүсэхээс өмнөх ертөнцийн ямар ч хүнд байхгүй дурсамж байлаа. Тэр ганц л зүйлд гуниглах ажээ.
-Хэрэв би энэ ертөнцөд мэндлээгүй бол хорвоо дэлхий, би өөрөө ч арай амар амгалан байх байсан байж магадгүй.
Курогири Сацүки итгэлтэй, баяртайгаар инээмсэглэв. Тэр инээмсэглэлийн утга учрыг ойлгодоггүй байсан ч, үнэ цэнийг нь мэдэх болжээ. Тиймээс тэр амьдралдаа анх удаагаа үнэн сэтгэлээсээ инээмсэглэж байгаагаа ойлгож байв.


Last edited by zolushka_717 on Sep.09.17 4:15 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.09.17 6:01 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
7.

Шидтэний зөв. Үгээр хүнийг алж болдоггүй. Гэхдээ хэзээ нэгэн өдөр үхэл ирдэг. Энтропи үхлийг, үгүй болохыг, мартагдахыг шаарддаг. Үгүй бол өнгөрсөн ирээдүйг зааглах хязгаар хоосорч, утга учиргүй болно. Энтропиг буцаах хүч хүнд байдаггүй учраас аливаа юмс оршин байгаа хугацаандаа үнэ цэнэтэй байдаг.
Гэвч зарим зүйл мөнхөд оршиж болно. Үгүй болж, мартагдсан ч оршин байсан нь хувирч өөрчлөгдөхгүй. Тэд оюун санаанд мөнхөд үлдэж, бидэнтэй зэрэгцэн оршиж, буцаж ирэх цагаа хүлээн харанхуй буланд хэвтэж байдаг. Тийм ч учраас бодох тусам хоосролын тэмдэглэлээс мөнхийн оршихуйг гаргаж ирэх гэсэн шидтэний оролдлого үр дүнгүй мэт санагдана. Мартагдсан бүхэн алга болдоггүй, хүний дотор хаа нэгтээ оршсоор байдаг. Түүний хайж байсан мөнхийн оршихуй гэдэг нь энэ биш гэж үү?
ШИКИ гурван жилийн өмнөх чухал дурсамжийг минь яагаад мартуулсныг би одоо ойлгож байлаа. Тэдгээр дурсамж миний дотор гүн нойронд автан оршсоор байхыг тэр мэдэж байсан. Би санахгүй байсан ч, оршин байгаа нь өөрчлөгдөхгүй. Харин Шидтэн үүнийг мэдэж байсан ч, хүлээн зөвшөөрч чадаагүй. Мартана гэдэг сайн зүйл болохыг тэр ойлгоогүй. Тэр ердөө л төөрөлдсөн итгэл үнэмшлээ мухар сохроор дагахыг хүссэн. Эцсийн дүнд мөнхийн оршихуй түүний үг шиг хүчтэй хэрнэ үнэ цэнэгүй юм.

1-р сарын 7 болж, Рейн сургуулийн боож багласан тэнэг хувцсыг албан ёсоор тайлж шидэх болсондоо би баяртай байв. Би гадагшаа гарч, дахин чөлөөт амьдралдаа эргэн орох болсон байхад Азака үлдэх ёстой нь гунигтай хэрэг. Би сургууль шилжүүлэх хуурамч баримтыг базан, хогийн сав руу чулуудав. Бусдыг нь Азака захиралтайгаа уулзаж зохицуулна биз.
Би Акитакагийн явуулсан цэнхэр кимонон дээр арьсан хүрмээ баяртайгаар углаад, ой мод, чулуу цементнээс бүтсэн хачин ертөнцийг орхихоор гол хаалга руу явав. Сургуулийн үүдээр гармагцаа би миний сайн таних нэгэн хүн намайг хүлээн зогсож байхыг харлаа.
-Намайг гарч ирэхийг хүлээхээс дээр ажил байсангүй юу? гэж би асуув.
-Токо-сан өгөөмөр загнаж, намайг амраасан юм. Өдөр болгон ийм байхгүй шүү дээ гээд тэр мөрөө хавчлаа. Тэр дандаа ингэдэг. Дэргэд байгаа хүндээ алдаа гаргасан мэт санагдахаар дандаа ингэж мөрөө хавчдаг. Одоо би түүний энэ үйлдлийг бүр ч сайн санаж байлаа. Хүйтэн жавар часхийхийг ч мөн санаж, өнөөдөр Микияатай уулзахыг хүсээгүйгээ ч бас санав.
Би эртний дурсамжаа дахин тээн хадгалах болсон. Таагүй, аюултай ч байж магадгүй дурсамж. Дурсамжийнхаа талаар эргэцүүлж тунгаах цаг гараагүй тул Микияатай байхад надад тавгүй санагдаж байлаа. Гэхдээ түүний царайг харах нь айж бэргэж явснаас дээр ч байж магадгүй. Магадгүй л юм.
-Тэгвэл өнөөдрийг цагаа дэмий үрж эхэлбэл яасан юм? гэж би егөөдөн хэлээд:
-Надад ямар ч хэрэггүй шидэт дагины тухай үлгэр байгаа шүү. Бас би чамд энэ үлгэрээ заавал сонсгох болно гэж би өгүүлээд Рейн сургуулийн хашааг даган алхлаа. Микияа урьдын адилаар намайг түүртэлгүй гүйцэн ирэв.
-Чи өнөөдөр сайхан зантай байх чинь гэж тэр над руу эгц ширтэн хэлэв. Гэвч би өөрийн мэдэлгүй харц буруулан, газар шагайж, Микияад үүнийгээ мэдэгдэхгүйн тулд хамаг чадлаа шавхан хичээлээ. Чадсан үгүйгээ мэдэхгүй юм.

Хотын төв хүрэх замдаа би Микияад Курогири Сацүки, Ожи Мисаяа нарын талаар ярьж дуусав. Бид танил болсон гудамж, байшин барилгуудыг сүлжин, гэр рүүгээ биш, харин нууцаар хэлэлцэж тохирсон аятай Токогийн ажил руу явж байлаа.
-Тэгэхээр Курогири Сацүки сургууль дээрх хүн бүрийн дурсамжийг ямар нэгэн байдлаар авсан байх нь ээ? гэж Микияа бодлогошрон өгүүлээд:
-Гэхдээ 10г ангийнхныг илүүтэйгээр зовоох гэсэндээ захидал явуулсан хүн нь Ожи Мисаяа байсан байх нь. Харин бусдынх нь нууц өөрсдөд нь үлдэж гэлээ.
-Тэрийг би мэдэж байна. Гол асуулт гэвэл ганц Ожи Мисаяагийн тэнэг хүсэл яаж сургууль даяар үймээн үүсгэж чадав гэдэг л байна.
-Ожи Мисаяа Курогири Сацүкигийн хувьд ямар нэгэн байдлаараа арай илүү хүч хөдөлмөр зарцуулахуйц онцгой хүн байсан байж болох юм. Курогири Сацүки бусад сурагчдын дурсамжийг дэлгэхээс хэтрээгүй. Харин Ожи Мисаяад өөрийн хүслээр хөдлөх эрх чөлөөг өгсөн байна шүү дээ.
Бодоод үзвэл Микияагийн зөв байлаа. Курогири Сацүки бусдын хүслийг ойлгогч толь байсан атал Ожи Мисаяагийн тохиолдол ондоо байв.
-Гэхдээ яагаад? гэж би шивнэлээ. Микяа намайг сонссонгүй юу, эсвэл хариулахгүй байхаар шийдсэн юм уу, дуугарсангүй.
Бид хэсэг зуур энэ чигээрээ дуугаа хураан алхлаа. Би түүнтэй харц мөргөлдөхгүйг хичээсээр л байсан юм. Гадаа хүйтэн байсан тул зугаалга маань үл ялиг тухгүй өрнөж байв. Хичнээн олон хувцас давхарласан ч, нэвт үлээхээр тийм л хүйтэн байлаа. Дахин хэдэн байшин өнгөртөл дуугүй явсны эцэст Микияа над руу хөмсгөө атируулан харснаа:
-Шики, үнэндээ Курогири Сацүки охин дүүтэй байсан хэмээв.
Тэр дахин дуугарсангүй тул би түүний ингэж хэлэх болсон учрыг гайхан хоцорлоо. Ожи Мисаяа үнэхээр дүү нь мөн байсан эсэхийг зөвхөн Курогири Сацүки л мэднэ. Гэвч хамгийн хяслантай нь дурсамж гэж түүний хувьд юу болохыг тайлбарласан нь үнэн бол тэр өөрөө ч үнэнийг мэдэхгүй гэсэн үг юм. Гэвч үнэн юу ч байсан, үүрд мөнхөд эргэж олдохооргүй болжээ. Хнн, дахиад л мөнх гэсэн үг гарч ирж байх шив.
-Яахын аргагүй хачин явдал юм. Би Курогири Сацүкиг өрөвдөж байна.
Би худал хэлсэнгүй. Эцсийн эцэст түүний дурсамжтай холбоотой нөхцөл байдал, түүнд төрдөг мэдрэмж нь хэдхэн сарын өмнөх нэгэн охиныхтой ижил шүү дээ. Гэсэн ч Микияа ойлгосонгүй, гайхан нүдээ анивчив.
-Тэр чам руу дайрсан ч гэсэн үү? Риоги Шики бусдыг өрөвддөг байх нь ээ? Бүр гайхчихлаа байна.
-Би тэрний хийсэн зүйлийг өмгөөлөөгүй байна, тэнэг ээ. Зүгээр л түүний яагаад тэгтлээ улайран зүтгэж байсныг ойлгож байна гэх үү дээ.
Би яаж түүнд, түүний хийсэн зүйлд өс санаж чадах билээ. Би өөрийгөө хуурч чадахгүй шүү дээ. Тэдгээр шөнийн зугаалгууд, харанхуй гудам, нарийн гудамжаар хийсэн аялалууд. Би тэгэхэд юу хүсч байснаа сайн мэднэ. Бусдын дурсамжаар наадах түүний хажууд юу ч биш шүү дээ.
-Тэгээд ч тэр чамтай төстэй.
-Тийм байх боломжгүй.
-Боль доо, нэрийг чинь өөрөөр уншвал Курогири болно шүү дээ. (Кокуто, Курогири гэдэг нэр өөр ханзаар бичигддэг ч, хоёуланг нь Курогири гэж унших боломжтой)
Микияа инээд алдаад:
-Тийм газар байсныхаа дараа ч урьдынх шигээ ухаалаг байгааг чинь харах таатай байна гэлээ.
-Зүгээр л үгийн наадам шүү дээ.
Тэр гайхсан харцаар намайг хажуунаас минь ширтлээ. Би Микияагийн царай өөд хяламхийгээд инээдээ барьж дийлсэнгүй.
-Одоо бас юу болчихов? гэж тэр хариу шаардав.
-Юу ч биш дээ. Би хэний ч бодийг хөтөлж чадаагүй хэрнээ чамайг үгүй хийх тухай бодсон юм гээд би дахин инээд алдаж, Микияа толгой сэгсэрлээ. Би тун хачин зүйл хэлсэн болохоор түүнийг буруутгаж чадсангүй. Би бушуухан:
-Тоох хэрэггүй дээ гэж нэмж хэлээд:
-Дотроо бодсоноо хэлчихсэн төдий. Миний бодол үгээр гаргаж хэлэх үед ойлгомжгүй сонсогддог юм байна гэлээ.
Бодлыг үг болгон илэрхийлэх үед утга учраа алдаж, ердөө нэг чимээ болж хувирдаг. Курогири Сацүки хүүхэд чигээрээ өсч томорсон тул түүний хувьд ч бас насанд хүрэхийн утга учир алдагдсан билээ.
-Чинийхээр болог гэж Микияа мөрөө хавчин хэлээд:
-Гэхдээ би хэнийг ч зовоож байгаагүй. Хүний амь таслах тухайд бүр яриад ч яах вэ. Тийм болохоор намайг хамаатуулах хэрэггүй хэмээлээ.
Заримдаа тэр усан тэнэг хүн шиг аашлах юм. Гэхдээ түүний тэнэглэлийг тэвчиж болно. Би эргэн санасан дурсамжнаасаа болоод түгшиж, зовж байсныгаа салхинд хийсэн одтол нь инээж аваад, Микияатай мөр зэрэгцэн инээмсэглэн алхлаа. Нэг мэдсэн гадаа харанхуй болж, саран авхай байрандаа гацаж орхиод, гялалзах ододтой зэрэгцэн тэнгэрт хөвж байв. Бид дахин үг хэлгүйхэн тохиролцоо хийж, Токогийн ажлаар оролгүйгээр дэргэдүүр нь өнгөрч, хотын харанхуй тойрог бүтцийг даган танихгүй зам, мушгирсан гудамжаар алхлаа. Бид хоёр хөл нийлүүлэн яаралгүй алхаж, жигдхэн амьсгална. Эцэст нь би Микияагийн нүд рүү зориглон харлаа.
Тэр усан тэнэг байж болох ч, энд, одоо миний дэргэд байгаад нь би баяртай байв. Шалтгаан нь тун амархан. Шөнийнхөө зугаалгыг би анх удаа хоёулаа хийж байна шүү дээ.


Last edited by zolushka_717 on Sep.09.17 6:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.09.17 7:54 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Гоетын хязгаар

Хэн нэгнийг болгож тавимаар байна. Хэн байх нь хамаагүй боловч дараа нь гэмших сэтгэл төрөхөөргүй хүн байвал, бас хүний нүднээс далд газар гүйцэтгэвэл сайн. Эр хүн гэхэд нэлээд бүрэг ичимхий тул би хийсэн зүйлээсээ болоод сургуулиас хөөгдчихмөөргүй байлаа. Үгүй ядаж өөрөө гарах хүртлээ хасагдчихмааргүй байна шүү дээ.
Бүтэн долоо хоног тунгаасны эцэст би хэнийг, хаана зодохоо тогтов. Тэр манай сургуульд надаас нэг юм уу, хоёр ангийн доор сурдаг хүүхэд байлаа. Хонгилд зөрж өнгөрөхдөө будмал шар үстэй тэр хүү намайг дооглосон янзтай харсан юм. Харин санаагаа гүйцэлдүүлэх газраа би тэрний байнга очдог автомат тоглоомын төвийн ойролцоо байхаар сонголоо. Тэр видео тоглоомонд байнга шахуу хождог болохоороо өөрийгөө том гарт тооцож, өөрийг нь хожиж зүрхэлсэн хүн бүртэй нударга зөрүүлдэг юм.
Гэхдээ тэр тоглоомын төв дотор биш, харин хөөрхий олзоо тоглоомын талаар нөхөрсөг яриа өрнүүлэх дүр үзүүлэн гаргаж ирээд арын гудамжинд аваачин шаварт хутгалдсан нэр төрөө сэргээхийн тулд нударганы амт үзүүлдэг байлаа. Байршлын хувьд тэр гудамж хүний нүдэнд өртөхгүй байх болзлыг бүрэн хангах тул хэн ч түүнийг дуудахгүй юм.
Болж байна. Гайхалтай.

"Сул дорой хүмүүсийг харахаар миний ой гутдаг."
Би нэг өдөр зоригоо чангалан байж, түүнтэй уулзаж сэтгэлийн үгээ хэлсэн юм. Гэтэл тэр охин намайг хэдхэн үгээр хэн ч биш болгон, хаяад явчихав.
Магадгүй түүний зөв ч байж болох. Би амьдралдаа нэг ч удаа зодоон хийж үзээгүй. Нэг бол би тэгтлээ даамжирсан асуудалд хутгалдаж байгаагүй, үгүй бол тийм асуудалд хутгалдах зориг байгаагүй. Тэгээд л тэр намайг сул дорой гэж нэрлэсэн байх.
Тиймээс би сул дорой байдлаа үгүй хийхийн тулд хэн нэгнийг болгож тавих хэрэгтэй болж байгаа юм. Миний бодож олсон хүч чадлын нотолгоо бол энэ. Харин нотолгоогоо бодож олсон цагаасаа хойш би онцгой мөчөө төлөвлөж эхэлсэн билээ. Хүн болж хорвоод мэндэлсэн 17 жилийн хугацаанд хамаг хүчээрээ хэн нэгнийг балбах нь миний хийж үзээгүй хэнд ч хэрэггүй ганц л зүйл биз ээ.

Ингээд би түүнийг урхиндаа оруулахаар зэхэв. Тоглоомын төв рүү очиход хэдийн харанхуй болсон байлаа. Тэр ч болзсон юм шиг байх ёстой газраа байж байв. Би бараг нэг цагийн турш түүнтэй нэг тоглоомоо дахин дахин тоглож, дахин дахин хожив. Чингээд цаг нь ирж, тэр намайг гадагш дуудахад би хөлөө зөөж ядан, дурамжхан байгаа аятай түүнийг дагалаа. Ингэх шалтгаан байсан юм. Түүнийг огт санаандгүй байхад миний хүсэн хүлээсэн мөч ирэх ёстой байлаа. Намайг гарахад тэр над руу үг дуугүйхэн харцаараа довтлов. Өндөр нуруутай болохоор түүний энэ үйлдэл сүрдмээр байсныг хэлэх нь зүйтэй. Тэр дагуулж гарч байгаа хүнтэйгээ үргэлж аар саар зүйлийн талаар яриа өддөг тул өнөөдрийн үйлдэл нь тун содон байлаа. Тэр амаа үдчихсэн аятай таг дуугүй байв. Намайг шуудхан арын гудамж руу дагуулан явж, би шийдэж ядсан дүр үзүүлэн түүний араас гэлдэрлээ.
За, тайвшир. Тэр над руу дайрна гэдэг нь тов тодорхой байсан шүү дээ. Гэсэн ч түүнийг зодох эсэхдээ би үл ялиг эргэлзэж байв. Гэвч удалгүй эргэлзээ минь замхран алга боллоо. Тэр над руу довтолсон тохиолдолд гэмт хэрэг, шийтгэл алин болохыг хэн ч ялгаж мэдэхгүй шүү дээ. Тэр намайг гэрэл бараг тусдаггүй гудамжны цаад хэсэг рүү дагуулан явав.
-Хөөе гэж би маанагдуухан дуугарвал тэр над руу мөрөө давуулан харлаа. Би нуруун тушаанаа цамцан доороо нуусан модон цохиураа гаргаж ирээд, хамаг чадлаараа толгой руу нь буулгаж орхив.
Эхлээд нужигнах чимээ сонстсоноо түүнийг нүүрээрээ харуулдан хүүхэлдэй шиг газар хийсэн унах үед бүгтхэн чимээ дуулдав. Тэр дорхноо толгой дахь шархнаас нь улаан цэцэг хуйхыг нь даган ургаснаа, эргэн тойрныхоо хог хаягдал, тарж бутарсан новшийг будан, хучмал зам дээгүүр дэлбээллээ. Хэдхэн хормын дараа би түүнийг дахин хэзээ ч хөдлөхөөргүй болсныг ойлгов.
-Юу?
Итгэмээргүй юм. Би тэрнийг модон цохиураар ердөө ганц л цохьсон шүү дээ. Үхэлд хүргэхэд хангалттай байлаа гэж үү?
-Ямар новшийн юм бэ? гэж би үнэн сэтгэлээсээ гайхан дуу алдав. Хар л даа. Яаж ч харсан санамсаргүй явдал шүү дээ. Би тэрнийг алъя гэж огт бодоогүй. Тийм болохоор аллага биш биз дээ?
-Мэдсэнгүй.
Хүн ийм хэврэг гэдгийг, ийм амархан үхчихдгийг би мэдсэнгүй. Түүн шиг хүмүүс баруун солгойгүй зодоон цохион хийж явдаг атал хүний аминд хүрсэн хүн нь яахаараа би болж таардаг байна аа? Би анх удаагаа л хүний өөдөөс гар далайж үзлээ шүү дээ. Шударга биш байна. Би тийм азгүй юм уу, эсвэл тэд тийм азтай юм уу? Хүн болгонд азгүй үе гэж байдаг юм уу?
Мэдэхээ байлаа. Мэдэхгүй юм, мэдэхгүй.
Би ямар алдаа гаргаснаа, иймэрхүү явдлын талаар ч бас мэдэхгүй. Гэмт хэрэг мөн эсэхийг ч мэдэхгүй. Одоо яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Гэхдээ нэг л зүйлийг мэднэ. Би санамсаргүй явдал, ямар ч нүгэл үйлдээгүй гэж амаа чилтэл тайлбарлалаа ч цагдаа нар үүнийг хүн амины хэрэг гэж тооцох болно. Намайг баривчлана. Тэгээд л бүх юм эцэс болно гэсэн үг.
-Тэгнэ ч гэж байхгүй шүү. Би хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй. Намайг торны цаана суулгах чинь буруу.
Тиймээс би мөрөө баллах хэрэгтэй. Азаар гай болох гэрч байсангүй. Би ердөө л цогцсыг нууж орхиод, хэвийн амьдралаа үргэлжлүүлэхэд болно.
Гэхдээ хаана, яаж нуух вэ? Бусдын нүдэнд өртөлгүйгээр бүхэл бүтэн хүн нуучихаар нэг ч газар байхгүй шүү дээ. Гал тавьж болох ч, одоо үед найдвартай хамгаалалт болж чадахгүй. Дээрээс нь олон хүн цуглана. Тэгж хэрхэвч болохгүй. Чөтгөр алгад. Ууланд, ой модон дотор байсан бол амьтан идэг гээд орхиод явчих байлаа.
Идэх ий? Нээрэн идэж, идүүлэх чинь байгалийн жам шүү дээ.
-Идээд хаячихвал бүх хэрэг шийдэгдэх юм биш үү?
Хариулт ийм л амархан байж шүү дээ. Би бүжиглэхэд ч бэлэн байв. Өнөөдөр би гоц ухаантан шиг байх чинь вэ. Идчихвэл цагдаа нарт олдох юмгүй болно шүү дээ.
Одоо харин яаж гэсэн асуулт л үлдлээ. Хэтэрхий их мах байна. Өглөө болохоос өмнө ийм их махыг би ганцаараа идэж барна гэж байхгүй. Тэгвэл цуснаас нь эхлэх үү? Тийм шүү, зөв.
Би цогцос руу бөхийн, цоорхой хүүдийгээр гоожиж байгаа аятай цус годгодох ангайсан шархыг уруулаараа хумин аваад сорж эхлэв. Өтгөн зунгааралдсан цус уруул, хоолойнд наалдана. Хэдэн хормын дараа би хахаж цацан, ууснаа буцаагаад гаргачихав.
Хараал идэг. Ууж шальсангүй шүү дээ. Хоолойнд наалдаад ус шиг залгилж болохгүй юм. Ингэж уувал хоолой бөглөрч, амьсгаа боогдоод тэрэн шиг энд үхээд өгөх нь. Яах вэ? Махыг нь идэж ч барахгүй, цусыг нь ч ууж чадахгүй. Энэ зуур эрүү минь харжигнаж, би өрөвдөлтэйгөөр дагжин чичрэхээс өөр юу ч хийж чадсангүй.
Би хүний амь хөнөөчихсөн. Үүнийгээ нууж ч чадахгүй нь.
Би хүн алчихсан. Миний амьдрал ингээд дуусах нь. Будилж, самгардсан толгойд минь юу ч орж ирэхээ больжээ. Гэнэт:
-Яагаад бодсоноо эцэст нь хүртэл гүйцээхгүй байгаа юм? гэх хоолой чанх ардаас минь дуулдав. Би эргэн харвал, нөмрөг гэмээр урт хар хүрэм өмссөн эрэгтэй зогсож байлаа. Араас нь тусах гэрэлд урт, хөдөлгөөнгүй сүүдэр үүсгэсэн түүний өршөөлгүй байр байдлыг урт хар хүрэм нь ч далдалж хүчирсэнгүй. Булингартсан, хүйтэн харцанд нь үүрдийн зовлон хуралдан шингэжээ.
-Дүрэм журам мөн чанарыг чинь боогдуулсан хэвээр байгаа юм уу? гэж тэр ард минь байгаа цус бялтсан цогцсыг биш намайг цоо ширтэн асуув.
-Дүрэм ий? гэж би шивнэлээ. Бодоод үзсэн чинь хүүр идэхийг би яагаад буруу гэж огт бодоогүй байдаг билээ? Цус уухдаа хүртэл зэвүүцэж, сэжиглээгүй. Үхлийн шарханд уруулаа наасан атал яагаад юу ч мэдрээгүй билээ? Би хүн идэх гэж байсан шүү дээ. Хүн төрөлхтний гэмт хэрэг хэмээх томъёоллоос ч хувь дор зүйл биш гэж үү? Үгүй гэвэл хүний аминд хүрсэн алуурчдын хэд нь хохирогчийнхоо цогцсыг идсэн байдаг билээ дээ? Тийм ч их тоо гарахгүй л болов уу. Хүний толгойд тийм санаа барагтай бол орж ирэх ч үгүй. Хүний мах идэх чинь дэндүү гаж, хүний ёсноос гажууд зүйл шүү дээ.
-Гэтэл надад хэвийн зүйл шиг санагдсан байдаг гэж би өөрийн мэдэлгүй дуугарав.
-Тэгсэн. Хүн хороочихоод махыг нь идэх сонголт хийсэн нь чиний онцгой болохыг харуулж байгаа юм. Хүмүүс учраа ч ололгүй, өрөвдөлтэй гэгч нь сүүлээ хавчаад зугтах байсан. Харин чи хийсэн зүйлдээ өөрийнхөө аргаар эзэн болж, зоригтойгоор нүүр туллаа. Чиний арга хэм хэмжээнээс хэтэрсэн байлаа ч, үүний төлөө чамайг буруутгаж болохгүй юм.
Хар хүрэмтэй эрэгтэй миний зүг урагш нэг алхаж, гудамж руу орж ирэв. Тэр миний гэмт хэргийн гэрч болсон байтал түүний үг яагаад хөгжим адил эгшиглэнэ вэ?
-Би юу? Онцгой гэнэ ээ?
-Тийм. Чи хэм хэмжээнд хоригддоггүй. Ёс журмаас гажигсдыг дүрэм журам хориглон тогтоож байдаг. Тэдний үйлдлийг хүмүүс нүгэл гэж нэрлэдэг. Гэвч дүрэм зөрчигсдийн хувьд өөрийнх нь үйлдэл огтхон ч гажууд санагддаггүй. Тийм байхад буруу гэдгийг яаж тогтоох юм бэ? гээд тэр над руу улам ойртож, толгой дээр минь гараа тавив. Би түүнийг болиулсангүй.
Дүрэм зөрчигчид, галзуу, гаж хүмүүс. Би тэдний нэг биш. Гэсэн ч би үнэхээр солиорсон бол тэртэй тэргүй түүнийг хөнөөх л байсан биш үү?
-Би жирийн биш... ондоо гэж би бувтнав.
-Чи ондоо. Чи үнэхээр хэлсэн шигээ аврагдах аргагүй болсон л бол аливааг хийсэн шиг хийх хэрэгтэй.
Түүний хоолой толгой дотор минь ид шидийн шившлэг адил цуурайтаж, зүрхэнд хүрээд, биеийн бусад хэсгээр цахилгаан шиг гүйн тархав. Түүний зөв. Үргэлж түүний зөв байсаар ирсэн. Түүний үг чихээр минь орох үед миний чичиргээ, айдас хүйдэс цөм алга болж, дахин шинэ амьдрал олж авсан мэт цэнгэл баяраар солигдов. Бүх зүйл цав цагаан болж, хоолой минь хатаж, уушгин дахь өчүүхэн агаараараа амьсгалахыг би чадан ядан хичээлээ. Миний судас шөрмөс бүрээр өвдөлт дамжин гүйх шиг санагдаж, хамаг бие халуу шатав. Гэвч ямар ч эм намдааж дийлэхээргүй, таатай өвдөлт ажээ.
Хэрцгий төрхтэй, нууцлаг хүн толгойноос минь бариад авав. Би түүнийг огтхон ч төвөггүй толгойг минь хага базаж чадна гэдгийг мэдэж байлаа. Түүний гар доор би амьдралдаа үзээгүйгээрээ их нулимс урсган, чичигнэнэ. Гэвч баярын, бүлээхэн нулимс ажээ. Би хүсэл тэмүүлэл, баяр хөөртөө автан тэнхээ мэдэн хашхирахыг хүсч байв.
Би энд, ингэж аврагдах аргагүй болсон юм.

Хүү цогцсыг нэг цагийн дотор л идэж барав. Түүнд ямар ч багаж хэрэгсэл байсангүй, шүдээрээ зулгаан, урж тасчсаар өөрөөсөө том цогцсыг идэж дуусгажээ. Мах ямар амттайг, шүүслэг эсвэл аргуу байсныг ч мэдэрсэнгүй. Бүхий л анхаарлаа тасдаж зулгаах, зажилж залгихад төвлөрүүлжээ. Хар хүрэмтэй хүн хүүгийн ажлыг эхнээс нь дуустал ажсаны эцэст:
-Ганцхан цаг. Гайхалтай хэмээн уран бүтээлийг нь дүгнэн өгүүлэв. Хүү яаралгүй эргэн харлаа. Түүний нүүр ам тэр чигтээ өөрийнх нь болон цогцосны хүрэн улаан цусанд будагджээ. Тэр эрүүгээ мулталж, өөрийн мах цусыг урж тасадсан нь хүнд хэцүү үйлийг яаруу сандруу гүйцэтгэснийг нь илтгэнэ. Гэсэн ч тэр өөрөө үүнийгээ эс анзаарах ажээ. Хүү цогцсыг нэг ч хором амсхийлгүй хуу хамж, харанхуй гудамжинд хэдхэн дусал цус л үлдээсэн байв.
-Гайхалтай гэдэг үг чамайг тодорхойлж байгаа юм гэж эрэгтэй үргэлжлүүлэв.
-Мөн чанараа мэдсэнээр хүн энэ хүртэл л явж чадна. Тиймээс цаашлахын тулд сүнсээ сэрээж, мөн чанараа таних хэрэгтэй.
Хүү түүний үгийг чагнан, хоосорч үгүйрсэн нүдээр эрэгтэйг ширтэнэ.
-Чи хоосон, хөндий хязгаарын ирмэг дээр байсаар байгаа. Тиймээс чи энэ мөчөөс эхлэн үхэн үхтлээ хүний мах идэх болно. Гэхдээ ингээд зогсохгүй. Чи хэм хэмжээнд үл баригдах, бүгдээс давамгай нэгэн болно. Хосгүй, шинэ амьдрал чиний өмнө байна. Өөрийн болгохыг хүсч байна уу?
Түүний үг чихэнд чимэгтэй, яруу уянгалаг ажээ. Үг хүүгийн хоосорсон бодол санаанд шууд нэвтэрч, дотроос нь ямар нэгэн хүчээр түлхэж байв. Өөрийн болон өрөөлийн цусанд будагдсан хүү бурхнаас аврал хүсэх мөргөлчин адил зөвшөөрсний тэмдэг болгон алгуурхнаар толгой дохилоо. Эрэгтэй мөн толгой дохиод, цусан зан үйлийн тэмдэг болгон баруун гараа хүүгийн дээр өргөв.
-Боллоо. Чи эхнийх нь.
Хүү зүрхлэн ам нээлээ.
-Чи... чи чинь хэн гэгч вэ, залуу минь?
Хар хүрэмтэй эрэгтэй огтхон ч хөдөлсөнгүй. Түүнийг хариу хэлэх үед хоолой нь ямар нэг аугаа хүч агуулсан мэт сонсогдож, хэлсэн зүйлийг нь нарийн гудамж тэр аяараа дахин дахин давтан шивнэхэд хүргэв.
-Намайг Сорен Алаяа гэдэг. Шидтэн гэж хариуллаа.

Эцэст нь эрэгтэй хүүгийн нэрийг асууж, хүү хариулав. Чулуу мэт хөшүүн царайтай эр инээмсэглэлээ.
-Лео. Харамсалтай юм. Арслан болоход чамд ганц л алхам дутаж.
Тэр инээвхийлж байсан ч үнэхээр харууссан янзтай сонсогдож байлаа.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ ТӨГСӨВ.



Last edited by zolushka_717 on Sep.09.17 7:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.10.17 12:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Тийм учиртай бх нээ. За ингээд Алаяа гараад ирэв ээ гэж 8O 8O 8O

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.05.18 1:00 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Feb.06.13 7:50 pm
Posts: 81
Баярлалаа асуулт самбар орж ирээгүй яасан ч удаавдээ би


Top
   
PostPosted: Mar.05.18 5:23 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
zoommn wrote:
Баярлалаа асуулт самбар орж ирээгүй яасан ч удаавдээ би

Харин тэглээ шүү. Овоо удлаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited