ФРАНКФУРТААС ИРСЭН ДОКТОР ЗОРГЕ
Мүгдэнгийн хэрэг явдлаас бүтэн хагас жилийн өмнө сэтгүүлч Жонсон Хятадад иржээ. Александр Жонсон. Юутай ч гэсэн, тэр цаг ямагт америкийн сонинд илгээж байдаг өгүүлэлдээ ийнхүү нэрээ тавина. Мөн түүнчлэн германы эдийн засгийн сонин, тусгай сэтгүүлүүдэд сурвалжилга бичих боловч, Хятадын банкны үйл ажиллагаа, векселийн эрхийг голлон судална. Хумүүсийн ярилцахыг сонсвол түүний эцэг нэлээд сүрхий инженер байсан бөгөөд нефтийн үйлдвэрт нийлүүлэгчээр ажиллаж байгаад дараа нь Берлинд нэгэн жижиг банкны дарга болжээ. Хүү нь эцгийн замаар замнаж, биеэ санхүү эдийн засгийн харилцааны ажилд бэлтгэх нь ерөөсөө зүйн хэрэг. Тэр нь энэ зорилгоор Алс Дорнодод ирсэн ажээ.
Найз нөхөд нь Жонсонг Ики гэж дуудах боловч, жинхэнэ нэр нь Рихард ажээ. Нэрийн хуудас дээр "Рихард Зорге-нийгмийн ухааны доктор, Майн дахь Франкфурт, Герман улс" гэж бичсэн байна.
Тэр нэлээд өндөр, гоолиг нуруутай, цэвэрхэн сайхан хувцаслаж явах бөгөөд өнгөрсөн дайнд хүнд шархадсаны улмаас ялимгүй доголох боловч, үүнээс болж түүний тамирчны чийрэг биеийн хэлбэр төрх үл алдагдана. Докторын том царайг, үе үе бараг хөх өнгөтэй болдог анхааралтай ширтсэн хөх цэнхэр нүд хөгжөөнтэй болгож өгнө. Ялимгүй өргөсөн өтгөн хөмсөг нь эртний хятадын сийлбэрт дүрсэлсэн байдаг Дорно зүгийн дайчин эрийн төрхийг бий болгоно. Өөрийн гучин таван наснаас нэлээд оворжуу харагдах агаад, өргөн уужим магнайд нь гүн үрчлээс гарчээ. Доктор Зорге буюу Александр Жонсоны гадаад төрхийг түүний өтгөн хар хүрэн үс, зоримог байрын эрүү нь гүйцэд тодотгож өгнө.
Зорге хэдэн хоног Бзэжинд саатаад, галт тэргээр Шанхайд ирэв. Замд дайран өнгөрсөн цасан Сибирьт хахир хатуу хүйтэн байхад Шанхайд халуун салхитай, ногоон цэцэрлэгт хүрээлэн угтав. Хавар ойртож байлаа.
Эхлээд Зорге Шанхайн төв дунд, Нанжин-род дахь нэгэн буудалд буув. Өрөөний цонх нь үүрээс, гүн шөнө болтол ажилчид бужигнан байдаг өргөн цэлгэр Шар мөрөн рүү харсан ажээ. Хар тамхи наймаалж, дайсагналцсан хятад генералуудад зэвсэг худалдаж баяжаад, цаг цөвүүн болоход олсон хөрөнгөө арай найдвартай үйлдвэрт оруулахыг илүүд үзсэн, хилийн наймаачин агсан Сашэн энэ буудлын эзэн ажээ.
Буудлын дэргэд, үүдэндээ хүрэл арслангуудтай олон давхар Английн банк байна. Нийгмийн ухааны залуу доктор энэ банкнаас шинжилгээ судалгааны ажлаа эхлэх хэрэгтэй байлаа.
Зорге эхлээд германы консулд очлоо. Гадаадын хүн бүр өөрийн консулд очиж бүртгүүлдэг ёстой. Бүдүүн Борх докторыг гар алдлан тэвэрч угтлаа. Рихардын өгсөн дагавар захидал консулд бараг хууль байлаа.
Захидлыг "ИГ Фарбениндустри" хэмээх асар том концерний дэргэд байгуулсан, германы химийн нийгэмлэгийн дарга бичиж, өөрийн орны химийн барааг борлуулахад хятадын зах зээлийн багтаамж ямар байгааг сонирхоод, доктор Зоргед албан үүргээ гүйцэтгэхэд нь зүйл бүрийн туслалцаа үзүүлж байхыг консулаас гуйжээ.
Консул захидлыг буцааж дугтуйлаад, тааламжтай сайхнаар инээмсэглэн. "Ийм сүрхий даалгавартай ирснийг үзэхэд сүрхий толгойтой залуу байх нь!" гэж бодов.
- Хүндэт доктор таныг аяга кофе уухыг урья!
- Дуртайяа зөвшөөрье.
Зорге Германы талаар, өөрийн төлөвлөгөөний талаар удаан ярилаа.
- Ноён консул аа, миний сэтгүүлчийн туршлага бага ч гэсэн надад хэрэг болно гэдэгт найдаж байна. Миний гол сонирхож байгаа зүйл бол Хятадын банкны систем, векселийн эрхийг судлах явдал. Би бүр эдийн засгийн дээд сургуульд байхдаа судалж эхэлсэн юм. Эцэг минь, намайг эдийн засагч болгохыг мөрөөдөж байв... Улсын тарифын тухай зохиолоороо би докторын зэрэг хамгаалсан. Тэгээд ч би сэтгүүлчийн ажлаас эдийн засгийг илүү мэддэг юм. Би дорнодын асуудал судлах герман, хятадын нийгэмлэгийн гэрээ ёсоор Шанхайд хоёр жилийн хугацаатай ирлээ. Энэ хоёр жилийг би таны туслалцаатайгаар үргүй өнгөрөөхгүй гэдэгт итгэж байна... За тэгээд химийн нэгдлийн даалгаврыг биелүүлэх явдал миний хувьд их нэр төртэй гэж үзэж байна.
Ерөнхий консул навчин тамхиа сорж, залуу докторын яриаг сонсов. Залуу доктор түүнд улам бүр аятайхан санагдав. Түүний даруу зан, тогтуун дөлгөөн, хүндэтгэл дүүрэн байдал сайхан сэтгэгдэл үлдээжээ.
Ноён Борх анх удаагаа Хятадад ирж, тус дэм гарцаагүй шаардагдаж буй энэ аятайхан, нийцэрхүү германыг өөрийн ивгээлд дуртай авлаа. Тэгээд ч тэр бас Германд ийм сүрхий холбоотой... Бүдүүн Борх банкны шинжилгээ судалгааны ажлыг сурвалжлагчийн ажилтай хавсрах гэсэн докторын санааг дэмжив. Сурвалжлагчийн ажил улс орноор хэрэн явах бололцоог ноён Зоргед олгох байв. Насны залууд явахгүй бол хэзээ явах вэ дээ!
Консул Борх юуны өмнө докторыг Нанжинд очиж, Чан Кайшийн армийн цэргийн зөвлөхүүдтэй танилцахыг шаргуу санал болгов. Тэд улс орноор дуртай зүгтээ чөлөөтэй явах боломжтой ажээ.
- Залуу найз минь, та юуны өмнө сайн холбоо тогтоох хэрэгтэй. Үүн дээр л дэлхий, албан тушаал хоёр тогтож байдаг юм гээд Борх Рихардын мөрөөр эцгийн ёсоор тэврэн - Аан гэж бай! Нанжинд сайн хувцсаа өмсөж очоорой. Тэндхийнхэн сайн хувцсыг хүндэлдэг юм. Нэмж хэлэхэд, хэрэв Чан Кайшитэй уулзвал туйлаас хянуур байгаарай. Энэ бол түүнийг татах шилдэг арга гэж захив.
Зорге удалгүй бололцоо олдмогц, гоминданы Хятадын нийслэл Нанжин орохоор галт тэргээр гарлаа. Тэнд Германы цэргийн зөвлөхүүдийн штаб байрлаж байлаа.
Бүгчимхэн, термометр хорин таван градусаас дээш зааж байлаа. Рихард зочид буудалд удаж сааталгүй, штабт очихоор явлаа. Цонхон талдаа саарал чулуун гоёмсог сайхан цэцгийн сав, Хятад гүүр, хиймэл цөөрөм, агуйтай цэмцгэр сайхан цэцэрлэгтэй, мансард бүхий хоёр давхар уудам цэлгэр лавиранд штаб байрлажээ. Рихард дээш гарч, хүлээн авах өрөөнд ороод, үйлчлэгч хятадын хэл хүргэхийг хүлээлгүй эрчүүлийн дуу шуугиан гарч буй асар руу очлоо. Офицерууд гадуур цамцаа сүлжмэл сандлын түшлэгт тохоод, дан цамцтай сууж байв. Дээврээс унжсан цахилгаан сэнс эргэлдэн салхилавч, бүгчим халуунаас аварч үл чадна.
- Ноёдоо, Берлингийн мэндчилгээг та нарт дамжуулъя! Надад уух юм эндээс олдох болов уу?!.. хэмээн үүдэнд зогсон гараа өргөж хашгирав.
Хагас цагийн дараа Рихард пиджакаа тайлан, асрын тал бүрээс сандлаа дөхүүлэн хүрээлсэн офицеруудын дунд сууж байлаа. Тэр хэдийн бүх зөвлөхүүдтэй танилцаж, үгийн далимд, дэлхийн дайнд өөрөө Вердиний дэргэд шороо хөдөлгөж, нохой бөөсний хоол болж, элгээрээ мөлхөж явснаа ярилаа. Хориод герман офицерын дунд Өрнөдөд дайтаж явсан хүн байлгүй яах вэ дээ.
- Энд тэндээс "Санаж байна уу?..", "Мэдэх ёстой!.." гэсэн үгс хөвөрлөө. Захан дээрээ техникийн цэргийн таних тэмдэгтэй нэгэн ахмад Зорге рүү зүтгэн ирэв.
- Чи бид хоёр хамт байсан байна шүү дээ. Эвдэрхий тээрэм байсныг санаж байна уу? Тэнд чинь, манай техникийн суман байсан...
- Саналгүй яахав! Нөгөө өөдгүй Морт-ом өндөрлөгийн яг эсрэг талд байсан шүү дээ. Би тэр тээрэм дээр хэчнээн ч очив доо!..
Ахмад Меленхоф тэврэн авч үнсэв. Авч чадаагүй өндөрлөгийн төлөө, цэргийн нөхөрлөлийн төлөө ууцгаалаа. Зөвлөхүүд Зоргег өөрсдийн наргиандаа авлаа. Энэ доголон залуу бас дайны амт үзсэн байх нь! Тэр дайнд сайн дураар явсан бөгөөд халаасанд нь Гинденбургээс авсан Төмөр загалмай байлаа...
Рихард Нанжинд хятадын гуанзаар гуйван хэсэж, хижим загасны мөгөөрс мэт зөөлөн улцгар халуун зүйл, хулсны нахиа, далайн байцаа, шохойнд удаж харласан өндөг зэрэг долоон жорын юмнаас амсан, үмхий үнэрт ханшин ч ууж хэд хонолоо... Герман зөвлөхүүд санаанд орсон бүгдийг буюу хятад үндэсний хоол, дайны тухай хятадын арми, түүний зэвсгийн тухай цэргийн сурлага, чадварын тухай, англи америкуудын далд явууллагын тухай ярив. Хурандаа Крибель Рихардыг Чан Кайшийн баруун гар, цэргийн яамны сайд Хо Инциитэй танилцууллаа. Нэгэн хорооны Меленхоф Зоргег Кантон руу хамт явъя гэв. Тэндээс тэд Сувдан мөрнийг өгсөн хөвөх ажээ. Тэндхийн сайхныг яана! Зорге зүүдэндээ ч үзээгүй зүйлээ үзэх болно! Нисэгч Блендхорн, Леман хоёр Атлантын далайг анх түрүүн нисэж туулсан америкийн Чарльз Линдбергтэй түүнийг танилцуулна гэж амлав. Одоо Линдберг хурандаа цолтой бөгөөд Хятадад бас ажиллаж байгаа ажээ.
Нанжинд очсон явдал Рихардад тун их юм өглөө. Одоо германы штабт гэртээ ирэх мэт ирдэг боллоо. Удалгүй шинэ нөхөд нь түүнийг нүцгэн хүрэн толгойтой, өндөр туранхай Чан Кайшитай, Гадаад Явдлын яамны сайд Вантай танилцуулав. Чан Кайши даруй дуртай сэдэвтээ орж, хятадын Улаан армийн эсрэг шинэ аян дайнд бэлтгэж байгаагаа ихэд дэлгэрэнгүй ярьж гарлаа. Одоо тэр улаантныг лавтайяа ниргэх ажээ! Германы зөвлөхүүд толгой дохилон гоминданы Хятадын тэргүүнтэй санал нийлэв.
Рихард Зорге Шанхайд ганцаар ирсэнгүй. Яг тэр үеэр, гэхдээ өөр замаар Москвагаас, тагнуулын удирдах газрын ажилтан ирэв. Рихард тоглоомоор түүнийг багш хэмээн нэрлэжээ. Тэр ажил хэргийг чиглүүлэн өгч, хэрэгтэй хүмүүстэй холбоо барьж, Владивосток Хабаровсктай радио холбоогоор хангалаа.
Тэд хагас жил хиртэй хамтран ажилласан бөгөөд багш энэ бүх хугацаанд нууц байлаа. Энэ бол намхандуу нуруутай, хар үстэй, гонзгой бор царайтай, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, хэзээ ч гэнэдэхгүй, гуньж гутрахыг мэддэггүй хүн. Хэзээ ямагт хөгжилтэй нийцэрхүү явдаг энэ хүн буурьтай суурьтай, хянуур нямбай байж чадахаас гадна ямар нэгэн долоо дахь сэрэхүйгээрээ тулгарсан аюулыг мэдэрч, зайлж чадна. Тагнуулын удирдах газраас "хөвгүүнийг сургаж" эхний үед туслуулахаар түүнийг зориуд Хятадад явуулжээ.
Рихардыг Нанжингаас буцаж ирээд, хэрхэн явснаа ярихад багшийн сэтгэл хөгжив. Сурагч нь авьяастай ажээ. Тэр Москвад буцахдаа төмөр замын өртөө рүү явахынхаа өмнө нууц байранд Рихардаар үдүүлэн гар барьж хэлсэн нь:
- Өвгөнд чамайг сэтгэл цэвэр мэдэгдэнэ. Чи ажиллаж чадна! Баяртай, болгоомжтой байгаарай...
Тэр цагаас хойш Рихард Зорге бие даан ажиллав.
Тэр олон жилийн хойно Хятадад байсан тухайгаа бичсэн нь:
"Бид хүн амын ямар давхарга, анги нанжингийн дэглэмийг идэвхтэй дэмжиж буйг, засгийн газрын нийгмийн сууринд гарч буй өөрчлөлтийн бодит шинж төрхийг тогтоохыг чармайж байлаа... Бид засгийн газарт байгаа цэргийн хүчний тухай, германы зөвлөхүүдийн удирдлагаар явагдаж буй өөрчлөлтийн тухай мэдээ цуглуулж байснаас гадна дээд командлалын дарга нарын өөрчлөлт, мөн түүнчлэн армийн анги, бэхлэлтийн зэвсэг техникийн шинэчлэлтийг анхааралтай ажиглаж байлаа... Бид аажим аажмаар "Чан Кайшийн дивиз" хэмээн нэрлэгддэг, хамгийн орчин үеийн техникээр зэвсэглэсэн, нанжингийн засгийн газарт үнэнч дивизүүд болон найдахад эргэлзээтэй дивизүүдийн талаар бүрэн гүйцэд мэдээлэл хуримтлуулав. Би ийм мэдээг хэдийгээр нэлээд чухал тоо баримтыг германы цэргийн зөвлөхүүд болон зэвсэг нийлүүлэгчдээс биечлэн авдаг байсан боловч, гол төлөв миний бүлтийн хятад гишүүдээр дамжуулан цуглуулдаг байлаа...
Үүнээс гадна би нанжингийн засгийн газрын гадаад бодлогын тухай мэдээ цуглуулж, Англи, Америкийн Нэгдсэн Улсаас бүрэн хамаардгийг нь мэдсэн юм... АНУ ирээдүйд Номхон далайг ноёрхож буй Их Британы орыг эзлэх нь надад тодорхой болсон бөгөөд би тэр үед үүний шинж тэмдгийг илрүүлсэн билээ".
Зоргег Шанхайд ирэхээс хэдэн сарын өмнө нууц бүлгийн бас нэгэн гишүүн, радио холбоочин Макс Клаузен Хятадад иржээ. Рихард Москвад Макс Клаузентэй уулзаж байгаагүй тул түүнийг танихгүй ажээ. Гэвч багш нь түүний тухай тодорхой ярьж Клаузен германы худалдааны хөлөг онгоцны холбоочин болохоосоо өмнө Гамбургт далайчин, дэлхийн дайнд цэрэг, дархан, техникч зэрэг арваад янзын ажил мэргэжил сольжээ. Дараа нь ажил хаялтад оролцож, далайчдын үйлдвэрчний эвлэлийг байгуулан, "Зөвлөлт оросоос савраа тат!" хэмээх нийгэмлэгт ажиллаж байлаа. Энэ бол лорд Керзон залуу Зөвлөлт улсад тулган шаардах бичиг өгч дайнаар сүрдүүлж байсан хориод оны үес.
Клаузен анх дарвуулт онгоцоор Мурманскт ачаа хүргэж Зөвлөлт Орост иржээ. Дараа нь өөр онгоцоор Ленинградад ирсэн ажээ. Хорин таван настай залуу эр зөвлөлтийн орныг хайрлан үзэж, шударга шулууны билэг тэмдэг болсон Ленин, түүний орныг сэтгэл хөдлөн мөрөөдөх болжээ.
Зөвлөлт Орос улс зүсэн зүйлийн дайснаас салж шинэ амьдрал байгуулж эхэлтэл техникийн туршлага, мэдлэгтэй хүмүүсээр дутагдаж Зөвлөлт засгийн газар туслахыг уриалав. Хөрөнгөтөн орнуудаас хэдэн зуу, мянган инженер, зөвлөх, техникчид, мэргэжилтэй ажилчид явлаа. Тэднийг "гадаадын мэргэжилтэн" гэж нэрлэв. Тэдний дотор элдэв янзын улс байсан бөгөөд зарим нь Клондайкт очих гэж байгаа мэт Оросыг алтны орд газартай ядуу хоосон улсад тооцон явж, мөнгийг хүрзээр хаман авлаа. Оросууд дайнд эвдэрч сүйдсэн аж ахуйгаа хурдан сэргээлгэх гэж тэдэнд мөнгө өгчээ. Гэтэл бас өөр мэргэжилтнүүд, Зөвлөлт Оросыг өөрийн эх орноо болгон үзэж, түүнийг хамгаалж, бүтээн байгуулахад бэлхэн ажилчид, пролетаричууд байлаа. Гамбургийн далайчин Макс Клаузен тийм хүн байв. Эхлээд тэр Днеприйн барилга дээр ажиллалаа. Социализмын оронд барьж байгуулах явдал хэрэгтэй ч Клаузен үүнийг чамлаж, энэ орныг хамгаалан бөөцийлөх хэрэгтэйг ойлгожээ. Энэ үед Зөвлөлт Оросыг дахин дайны аюулын хар үүл бүрхсэн байв. Радиочин социализмын орныг хамгаалахаар үл үзэгдэх тэмцлийн тэргүүн шугам руу явж, аюултай хүнд нууц ажил хүлээж байгаа Хятадад ийн ирсэн ажээ.
Зорге хамтран ажиллах гэж байгаа Гамбургийн далайчны талаар ийм зүйлийг мэдэж байлаа. Рихардыг ирэхэд Клаузен Шанхайд байсангүй. Радиочин Хятад-Дорнодын төмөр зам дээр Жан Сюэлянгийн цагаан хятадын цэрэг, зөвлөлтийн Алс Дорнодын армийн цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гараад байсан Манжуур руу явж, үйл явдалд, фронтод ойрхон байхын тул тэнд хэдэн сар суужээ.
Клаузен төмөр замын өртөөнд ойрхон орших зочид буудлаас мэдээгээ Хабаровскт дамжуулж байлаа. Тэр цонхоор, зөвлөлтийн хил рүү явж буй галт тэрэг, цэргийн цувааг хардаг байв.
Хятад-Дорнодын төмөр замын байдал хэвийн болсон хойно Клаузен Шанхайд буцаж ирлээ.
Зорге өөрийн радиочин богино долгиончийн ирснийг маргааш өдөр нь мэдсэн боловч Клаузенг Манжуураас "сүүлтэй" ирсэн биш биз хэмээн шалгаж, түүнтэй уулзалгүй хэдэн долоо хоног хүлээв.
Тэр үед Шанхайд байсан гадаадын хүн бүр ямар нэгэн үйлчилгээний ажил эрхэлдэг байсанд Макс Клаузен жижигхэн гарааш бүхий засварын газар нээн ажиллуулж, гол төлөв цахилгааны ажил эрхлэв. Тэр, Шанхайн зүүн зах, Гонкюд найз Виллийн олсон байранд шилжин суулаа.
Найз нөхөд завтай үдшийн цагаар "Косей" ресторанд сууж, пиво уун, үүх түүхээ ярилцах бөгөөд гол нь уулзалтын дохио ирэхийг хүлээж байлаа. Нэгэн удаа, Вилли гэнэт яриагаа таслан ширээнээс босож гарав. Явуут уруулаа арчаад
- Сууж бай, би одоо ирнэ... гэв.
Тэр хэдэн минутын дараа ирлээ.
- За тэр шүү, сая л нэг юм... Нөгөөдөр үдэш энд уулзацгаая. Рихард ирнэ..
Товлосон өдөр тэр хоёр бас л ширээний ард сууж байтал удалгүй Зорге орж ирлээ. Тэр танхимын дунд зогсон, сул суудал хайтал өөрийн танил Виллийг харав. Вилли сандал дөхүүлж, Рихардыг Макстай танилцуулав.
- Бид нэг нутгийн улс. Та ч бас Гамбургт байсан байх аа... гэж Вилли хэлэв.
- Байлгүй яах вэ! Гамбургт байгаагүй герман хүн байхгүй биз.
Клаузен ширээнээс босож, ширүүн барвагар гараа Зоргед өглөө. Рихардын өмнө гучин насандаа яльгүй таргалж яваа, бааздуу царайтай, ханхар том цээжтэй хүн зогсож байлаа.
Хоол зөөгчийн авчирч өгсөн хөзөр тоглож, пиво аажимхан балгаж, удтал сууцгаав. Клаузен хожиж, нөгөө хоёрыгоо цаашлуулахын завсар Харбинд очоод ирсэн тухайгаа ярилаа.
- Ийнхүү бүтэн сарын турш аккумлятор дээр унтлаа... Трансформатор байсангүй.
- Нээрэн трансформатор дээр унтах нь хавьгүй дээр шүү гэж Рихард үнэнээс санал нийлэв.
Цөм хөхрөлдөв.
- Чи аан гэж бай... Зай бүрд дөчин таван вольт, бүгд таван зуун вольтын хүчдэл байх ёстой байв. Би бүгдийг өөрөө хийсэн. Арван нэгэн ширхэг хэрэгтэй, хэрэв гурав гурваар бол гээд Клаузен арван нэгэн хөзөр зэрэгцүүлж тавиад - Ширээн дээр багтахгүй байна. Энэ бол хөзөр шүү дээ, тэгвэл зай нэг бүр гучин сантиметр... Орон доогуураа байлгаж байлаа. Хүчил ууршаад, өглөө тугалган толгойтой босож ирнэ. Удаахан шиг гарч болохгүй, орон доогуураас олчихвол сүйрэх нь тэр. Тэр ч байтугай цэвэрлэгчийг оруулалгүй, өрөөгөө өөрөө цэвэрлэж байлаа.
- Ариун үйлс үйлдэх нь бас ч муугүй хэрэг гэж Вилли тоглоом хийв.
Клаузен үйлчлэгчийг ирэхэд хөзөр хаман авч, хольж эхлэв.
- За тэгээд дахиад хөзөргүй үлдэв үү?... Хожих юмсан гэж бодож байна уу?
Нөхдөөрөө гадаа үдүүлэхдээ Рихард Клаузенд
- Виллигээр дамжуулан заавар авч байгаарай... Одоо хурдхан дамжуулагч хийх нь чухал байна. Гэхдээ болгоомжтой байгаарай. Висбадентай холбоо барь. Дуудлагын дохиотой юу? гэж хэлэв.
- Бий... Мюнхен хүрч ч юуны магад.
"Мюнхен" гэдэг нь Москва, "Висбаден" гэж Владивостокийг хэлжээ. Зорге юуны өмнө радио холбоотой болохын хичээв.
- Тохиролцлоо шив дээ. Бид бас ажиллах болно! гээд Зорге Клаузены мөрийг гамбургийн далайчдын заншлаар чанга алгадав.
Макс ойлгож, инээд алдан
- Чи бас давслагдсан юм уу? Далайд явж байсан уу? гэв.
- Янз бүр л байлаа.
Тэд салан явлаа. Рихард түр зогсож, нөхдөө нүдээр үдвэл бүх юм хэвийн, Вилли Макс хоёрын араас дагасан хүнгүй байх шиг бололтой. Дараа нь тэр гудамж хөндлөн гарч, булан тойроод, хүн-хөлөгт сууж, хэдэн хороолол өнгөрөн мөрөө баллаад, буудалдаа явгаар буцаж ирлээ.
divider
Зоргегийн буусан тэр буудалд америкийн сэтгүүлч Агнесс Смедли суудаг байв. Тэд нэгэн давхарт, хар хүрэн хивс дэвссэн гудамны хоёр үзүүрт сууна. Смедли Хятадад франкфуртын нөлөө бүхий сониныг төлөөлж байв. Рихард бүр Германд байх үедээ түүний тухай олонтаа сонсож, бичсэн ном, өгүүллийг нь уншиж, дэвшилт үзлийг нь мэддэг байсан боловч, биечлэн таньдаггүй байлаа.
Смедли өглөө бүр тогтмол нэгэн цагт дээд давхарт гарч, кафе-ресторанд хооллоно. Рихард түүнтэй заримдаа цахилгаан шатан дотор, заримдаа өглөөний цайн дээр дайралдаж мэхэсхийн өнгөрнө. Смедли жижиг ширээний ард ганцаар сууж, тэр даруй тэмдэглэлийн дэвтрээс жижиг жижиг цаас тасдан авч, юм бичиж эхэлдэг зантай. Тэр ажилдаа улайраад хоолоо мартах юм уу эсвэл хөрсөн кофе цааснаас нүд салгалгүй залгилж, кекс эмтлэн амандаа хийх нь олонтаа Агнесс бол гоолиг сайхан биетэй, сэргэлэн бор нүдтэй, баясгалантай царай бүхий дөчин настай эмэгтэй. Өглөөний цайнаар Рихард сонин уншиж байгаад түүнээс түрүүлэн гарах бөгөөд маргааш өглөө нь тэд дахин дайралддаг байв. Нэг удаа тэр хоёр нэг ширээнд суусанд Агнесс Рихардаас үзгийг нь гуйжээ. Тэд ийнхүү танилцаж, удалгүй найз нөхөд болов.
Смедлийн төрхөнд холын ацтек өвгийнх нь ямар нэгэн баригдашгүй шинж цухалзах ажээ. Түүний бардам байрын толгой, уруул, тэгш шулуун бие тийм сэтгэгдэл төрүүлдэг байж магадгүй ч энэ нь гол төлөв түүний зан төлөвөөс болсон нь эргэлзээгүй. Нөхөд нь Агнессыг Монтесумын охин гэж тоглон нэрлэнэ. Тэр нь гомдлыг тэсвэрлэж чадахгүй бардан сэтгэлтэй, зоримог, эрчимтэй, бас эмэгтэй хүний намба төрхийг бүрэн агуулсан хүн байв.
Урьд өмнө америкийн зүүн байгууллагуудын ажилд оролцож байжээ. Калифорний захиргааны төлөөлөгч нэгэн түшмэл, энэ ажиллагаатай нь уялдуулан "Агнесс Смедли, та америк хүн биш..." гэж гомдмоор үг хэлжээ. Түшмэл түүнийг эх оронч үзэлгүй байна гэж зэмлэжээ. Агнесс зэвүүцэн нүдээ жийхайлган харж
- Та өөрийгөө жинхэнэ америк хүнд тооцож байгаа юм биш биз?! Миний эцэг өвгөд энэ тивийг конквистадоруудаас хамгаалж байсан, би ч бас конквистадорын үр сад, ард түмнийг тонон дээрэмдэгч нартай тэмцэхийг хүсэж байна! гэж хариулав.
Смедли эцэг өвгөдийн эх орондоо бараг гуйланчны амьдралтай байв. Эх нь угаалгачаар ажилладаг байлаа. Агнесс эцгийн тухай зүрх шимшрэхгүй ярьж үл чадна. Эцэг нь ажилгүйдэж, талхны хэрчим бүрийн төлөө тэмцэх зориг нь мохож, сэтгэлээр унан доройтсоор, архичин болж, эхийн ажлын хөлсөнд авсан хэдэн мөнгийг булаан авч, эд хогшлоо зарж, цөмийг буурчийн газрын эзэнд аваачиж өгчээ. Гэтэл Агнессаас гадна бас дүү нар нь эхийн гарыг харж идэх юм хүсэмжлэх бөгөөд тэднийг хувцаслах хэрэгтэй байв... Өлссөн дүү нараа тэжээх гэж юм хулгайлахад хүрч байснаа зүрх шимшрүүлэн ярьдаг байв.
Дараа нь түүнийг хувь тавилан өрөвдөн нигүүлссэн гэхэд болно. Тэр дунд сургууль төгсөж, оюутан болов. Тэр үед нөгөө, засгийн газрын түшмэлтэй Калифорнид ярилцсан юмсанжээ. Тэр эх орноосоо гарч явахад хүрэв. Англид ч байсан Германд ч байсан боловч Хятадыг хоёр дахь эх орноо гэж үзэж, хөндлөн гулд явж, энэ орны талаар гайхалтай сайн мэдэх болжээ. Агнесс Смедли олон сараар хятадын Улаан армийн дунд ажиллаж, түүний хүнд ширүүн дайн тулалдаанд оролцож, Улаан армийн тухай хятадын тариачин, ажилчдын тэмцлийг талархан үздэгээ үл нуун олонтоо бичжээ.
Агнесс Зоргетэй танилцах үедээ өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн "Газрын охин" номоо дуусгаж байлаа. Америкийн зохиолч энэ эмэгтэй Шанхайд их өргөн холбоотой байв. Зохиолч Лу Синьтэй анд найз бөгөөд хятадад үе үе ирдэг Бернард Шоу, япон, хятадын дэвшилт сэтгүүлчидтэй байнга уулзалдаж, хамгийн сүүлчийн үйл явдлын дунд байдаг байлаа. Зорге, юмыг эргэцүүлэн боддог, дэвшилт хүмүүсийн хүрээндээ өөрийг нь оруулсан, эвлэг сайхан яриатай, ухаантай, боловсролтой энэ эмэгтэйтэй танилцаж нөхөрлөсөндөө бахархаж байлаа.
Хэсэг хугацаа өнгөрмөгц, өглөөнөөс шөнө болтол олон хүний нүдэнд өртөж байдаг тохиромжгүй, үнэ ихтэй буудлаас Рихард гарав. Консул Борх францын дүүрэг - Рю де Лафайетэд тохиромжтой, хямд байр олоход тусалжээ.
Агнесс Смедли бас "манай хилийн наймаачныг" буюу тэд өөр хоорондоо ийн нэрлэдэг Сашэний буудлыг орхин хоёр өрөөтэй тохилог байранд шилжин сууж өрөө тасалгаагаа өөрийн сонирхолд нийцүүлэн, хятадын өнцөг булан бүрээс цуглуулсан гоёмсог тоглоом, бэлэг дурсгалын зүйлээр чимэв. Хятад зургийн хөнгөн хар зураастай цэнхэр саарал хөшиг задгай унжуулсан цонх нь Сүжоугийн суваг руу харна. Сувгийн цаад талд японы сеттльментийн хорооллууд залган үргэлжлэх бүлгээ. Сувгаар дарвуулт онгоц, завь хөвж, хитэг дээр сийрсэн бүрх малгайтай хитэгчид сэлүүр барин сууна. Энэ бүхнийг нар гийгүүлэхэд, сувгийн хар ногоон гадаргуу, цонхны хөшигний зургийг давтах шиг болно.
Одоо тэд цөөхөн уулзалдах боловч Смедлийг хотод байгаа цагт Рихард ганцаараа юм уу шинэ найзуудын хамт зочломтгой энэ эмэгтэйгийнд долоо хоног өнжихгүй очно! Энэ эмэгтэй тохилог сайхан байраа юутай хялбархан, юутай гудиггүй орхин, зам муутай хятадын нутгаар хэрэн тэнэх хүнд ажилд дурлана вэ гэдгийг ойлгох аргагүй. Тэр олон долоо хоногоор гэнэт алга болж, Улаан армийн цэргийн хамт дайн тулалдаанд оролцож, аюулыг хамт амсан явж байгаад, нар салхинд нүүр нь борлож, дүүрэн сэтгэгдэлтэй буцаж ирэхэд гайхалтай цэвэр тунгалаг нүд нь уран хийцэт саарал шилэн шигтгээ лугаа адил гэрэлтэнэ.
Рихард түүний шинэ байранд анх ирээд дуу алдан
- Агнесс, өөрийнхөө нүдний өнгөтэй хөшиг захиалаа юу?.. гэхэд Агнесс инээд алдан
- Үгүй ээ, зүгээр л миний дуртай өнгө. Би хурц тод өнгөнд дургүй... гэжээ.
Зорге Смедлийн хамтлагийн дунд цагийг өнгөрөөж, яаралгүй яриа дэлгэн, түүний яриаг сонсох дуртай. Агнессын зан төрх нь илэн далангүй байдалд дуртай бөгөөд ярилцагч хүний сэтгэлийн ялимгүй өөрчлөлтийг соргогоор ажиглаж чадна.
Нэг удаа тэд цонхны дэргэд сууж байв. Үдшийн цаг, сувгийн зүгээс сэрүү татаж, Рихард хөвөн яваа завийг бодлогошрон харна.
- Рихард та өнөөдөр уйтгартай байна. Би таны ийм байхыг ер үзээгүй гэж Смедли хэлэв.
- Үгүй ээ, би зүгээр л хүний хувь заяаны хүйтэн хатуу хувирлыг бодсон юм.
Тэр саяхны нэгэн явдлыг санав.
- Агнесс аа, миний итгэл, хүндэтгэлийг хүлээсэн тийм л эмэгтэйчүүдэд ярихыг эрхэмд үздэг сэдэв байдаг. Тэд бол эрчүүд биднээс илүү нарийн ойлгодог. Тийм эмэгтэйчүүдийн нэг нь та юм.
- Баярлалаа...
- Та ёжилж байна уу? гэж Рихард болгоомжлов.
- Үгүй ээ, үгүй... Нээрэн шүү! Би ёжлохыг тэсэж чаддаггүй.
- Хэдэн жилийн өмнө би германы жижигхэн хот Аахенд, нийгмийн шинжлэх ухааны институтэд нэг профессорын туслахаар ажиллаж байлаа. Профессор хотын төвд суудаг, би хааяа тэднийд очдог байв. Профессор миний насны залуу эхнэртэй. Тэр эхнэрээсээ хорь юм уу, түүнээс ч илүү ах харагдана. Эхнэр нь бидэнд кофе авчирч өгснөөр, бидний танилцал хязгаарлагдав...
Би нэг удаа тэднийд очвол профессор байсангүй, эхнэр нь үүд нээж өгөв. Үүднээ зогсоцгоотол, цахилгаан гүйдэл намайг сүлбэх мэт болов. Түүнийг бас цахилгаан цохих шиг санагдсан тухай нэлээд хожим тэр хүүхэн ярьж билээ. Тэрхэн агшинд түүний дотор нойрсож байсан аюултай, зайлшгүй нэгэн зүйл сэржээ. Гэвч би тэр үед түүний бүлтгэнэн гялалзсан нүдийг хараад, ямар нэгэн юмнаас айв уу даа гэж бодсон төдий өнгөрч билээ. Би дотогш оролгүй буцсан хэдий ч, үүнээс хамаг зүйл эхэлжээ. Би багшаа гэж үздэг профессорынхаа эхнэрт дурласнаа мэдэж, хаашаа ч хамаагүй явахаар шийдээд байтал, нөгөө хүүхэн надаас урьтжээ. Тэр онцын шалтгаангүйгээр хоёр хоног бэлтгээд, Мюнхенд эхдээ очихоор явлаа. Явж буй шалтгаанаа хэнд ч хэлсэнгүй. Профессор хэрхэх учраа олсонгүй, би ч бас адил...
Түүний Мюнхен явах гэж буйг би профессороос сүүлчийн өдөр дуулсан юм. Би профессорын хамт үдэн мордуулж, өртөөн дээр мөнгөн цомтой цайны сарнай цэцэг авчирч өгөв. Профессорын эхнэрт өөрийн харьцааг илэрхийлж чадах зүйл минь гэвэл энэ байв. Тэр нүдний булангаар надад талархал илэрхийлж, нөхрөө яаран үнсээд явлаа. Тэр нь өөрийн сэтгэлээс зугтсан боловч түүнийг таягдан хаяж чадаагүй ажээ. Би энэ тухай хожим мэдсэн юм.
Би өөрийн сэтгэлд болж буй зүйлээс ангижрахыг бас хичээж, хамаг анхаарлаа хандуулаад байсан тул Христинагийн дотор юу болж байгааг ер анхаарсангүй. Профессортой уулзах бүрдээ би өөрийгөө хамгийн өөдгүй хүн гэдгийг бодно. Хэдийгээр тэр үед бурханд итгэхээ хэдийн больсон боловч цаг үргэлжид библээс иш татан "Дотно хүнийхээ гэргийг бүү хайрла..." гэж уншина.
Би Христинаг хэдэн сар харсангүй. Тэр үеэр намайг улс төрийн найдваргүй гэж институтээс хөөв. Цагдаагийн газрын дансанд хэт зүүний үзэлтэнд тооцогдон бүртгэгдэв. Профессор анхаарал тавин хөөцөлдөөд надад тусалж чадсангүй, харин өөрөө арай ядан тогтож, Франкфуртэд өөр институтэд шилжих боллоо. Үйл явдал ингэж эргэсэнд би дотроо баяртай ч байсан байж магадгүй. Миний хувьд юутай ч гэсэн нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй байсан юм. Ажил олж чадахгүй удсаны эцэст Бельгийн уурхайд хөлслөгдөн вагон түрэгч, нүүрс малтагчаар ажиллав. Ажил тун хүнд байсан боловч би ажирсангүй.
Дараа нь Франкфуртэд эргэн ирээд Христинатай дахиад дайралдав. Нөхрөөсөө салаад ганцаар сууж байв. Бидний холдолт сэтгэлийг огтхон ч холтгосонгүй нь анхны уулзалтаас илэрхий байлаа. Удалгүй бид хоёр гэрлэв. Сайхан том байранд орлоо. Бид ядуурсан нэгэн герман тайжийн хоосон жүчээний ойролцоо уналтад орсон цэцэрлэгийн зэрэгцээ орших дэлбэгчийн байрыг түрээслэн авч, өөрсдөө засаж янзлан аятайхан болгов. Найз будагчин өрөө бүрийн ханыг өөрийн өнгөөр, улаан цэнхэр шараар... будлаа. Христина хуучны мебель, зургийг эрхэмлэж, энэ бүгдийг өөрөө янзлав, Манайд дандаа олон хүн цугларч, өдөр бүр шахам өглөө болтол сууж, ярилцаж, маргалдана...
- Профессор яасан бэ? гэж Смедли асуулаа.
- Профессор уу?... Би гэрлэхийнхээ өмнө Франкфуртад түүнийг эрж олоод, цөмийг ярьсан. Тэр надад юу гэж хариулсан гэж бодож байна?.. "Бид өөрийн хүслийг жолоодох чадалгүй. Хүсэл маань биднээс хүчтэй... Дотно хүний гэргийг хайрлах нь библийн номлол ёсоор нүгэл боловч хүний ёсонд нүгэл биш. Хэн ч буруугүй, харин би ухаангүй хөгшин толгой... Энэ талаар дахин ярихаа больё..." гэж билээ.
Миний ажил сонирхолтой, хажууд хайртай хүн минь ч байлаа. Аз жаргалтай байхад өөр юу хэрэгтэй юм?
Франкфуртын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Намайг өөр оронд явуулах болж, би ч үг дуугүй гэр орноо орхин явлаа.
Зорге Германаас Москва руу явсан бөгөөд энэ тухайгаа хэлэлгүй, зүгээр л нэг оронд явснаар Агнесс Смедлид ярив.
Тэр үед, хорин дөрвөн оны хавар, Майн дахь Франкфуртэд Германы коммунист намын ээлжит их хурал болж өнгөрлөө. Их хуралд Москвагаас Мануильский, Пятницкий, Куусинен, Лозовский... нар нууцаар ирэв. Тельман тэднийг тагнуулчдаас хамгаалах ажлыг Рихард Зоргед даалгаж, улаан фронтынхны багийг туслуулахаар өгөв. Төлөөлөгчид Зоргегийн гэрт сууж, дэлбэгчийн байрыг "Язгууртны ордон" хэмээн нэрлэв. Энэ байр нэлмийж сэгсийсэн цэцэрлэгийн ойр, онцгой захдуу нь нууцгай ажилд тохиромжтой байв. Төлөөлөгчид, "Рот Фронт" багийн толгойлогч, цовоо сэргэлэн, залуу коммунисттай анд нөхөд болцгоов. Тэгтэл Зорге одоо өөр зүйлийг санав.
Тэр уруулаараа янжуур сугалан авч, асаагуураа шархийлгэн асааж татлаа. Асаагуурын шар дөл зузаан эрүүгий нь гэрэлтүүлж, сүүдэрт таллан хуваагдсан том ам, нүд нь өнгөрсөн явдлыг нэхэн үл хөдөлнө. Хөмсөг нь нүүрний дээд хэсгийг сүүдэрлэжээ. Асаагуур унтарлаа...
Рихард үргэлжлүүлэн ярив:
- Бид зочид буудалд, нэгэн жижиг өрөөнд орлоо. Би сонирхолтой, чухал ажилтай байсан тул гэртээ оройтож харина. Христина эрдэм шинжилгээний институтэд ажиллаж, англи хэлнээс Марксын гар бичмэлийг орчуулна.
Заримдаа бид германы клубт очих боловч ингэж явах заваар багахан байв. Удалгүй бидний харилцаанд ямар нэгэн гажиг гарсан нь мэдэгдэв. Бид яахаа мэдэлгүй, энэ зөрчил, хямралаас гарахыг оролдовч, дахин дахин зөрчилдсөөр... Ийм байдалтай хоёр жил үргэлжлэв.
Бид гэрлэх үедээ бие биений чөлөөт байдлыг бүрэн хадгалахаар тохиролцсон юм. Гэтэл хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хэцүү хэрэг ажээ. Хоёуланд нь хүнд байв. Христина Германдаа түр буцмаар байна гэв. Би ч эсэргүүцсэнгүй... Бид хоёр удахгүй уулзалдана гэсэн дүр үзүүлэвч, үүрд салж байгаагаа мэдэж байлаа. Үнэхээр тийм болсон юм. Энэ бол арван жилийн өмнөх явдал...
Би удалгүй Скандинав руу явлаа. Германд ч байв. Бид хоёр уулзалдсан боловч, гагцхүү нөхрийн ёсоор уулзалдсан юм. Би өнөөдөр түүнээс нэг захидал хүлээн авлаа. Бид хоёр хааяа захиа бичилцдэг юм: Америкт очих гэж байгаа гэнэ. Германд амьдрахад улам бүр хүнд болж байна. Фашизм хүчээ авч байна. Одоо Германд байхад аюултай болжээ... гэж Христина бичжээ.
- Рихард, та Орост сууж байсан уу? гэж Смедли асуулаа.
- Байсан, дүрвэн сууж байсан...
- Би Орос оронд хайртай. Рихардаа, та юутай ганцаардмал юм бэ?..
- Тийм биш ээ! Надад олон нөхөр, олон дутуу ажил байна!
- Би өөр зүйлийн тухай ярьж байна... Би танаас эгчмэдийн хувьд цөмийг сайн ойлгох нь лавтай... Тэгээд ч таны хэлснээр, юмыг нарийн ойлгодог эмэгтэй шүү дээ би...
- За, за энэ талаар дахиад ярихыг больё! Явж зугаалъя.
Тэд тэр үдэш эргийн дагуу удаан зугаалж, Шар мөрний эрэг дээрх цэцэрлэг доторхи зуны кафед сууцгаав. Цэцэрлэгийн хаалган дээр "Нохой ба хятадууд орохыг хориглоно" гэж бичсэн анхааруулах бичиг байлаа.
Зорге царай хувьсхийлгэн доромжлолт, бичгийн зүг толгой дохиж
- Хүмүүст ингэж хандах явдал намайг тарчилгадаг юм гэв.
Агнесс Зоргегийн ярьсан яриаг бодсоор байсан мэт
- Рихард аа, би таныг нэгэн ихэд ялдамхан японтой танилцуулъя, зөвшөөрөх үү?. Би шинэ хүмүүсийг нээх дуртай, үүнийгээ тантай хуваалцаж болно... Токиогийн "Асахи" сонины сурвалжлагч хүн. Тэр хэдийгээр цэрэг царайтай боловч, дайныг үзэн ядаж, милитаристуудыг ер нь ийм бичиг бичигчдийг тэсвэрлэж чаддаггүй юм.
- Танд талархах болно. Таны адил үзэл бодолтой хэнтэй ч болов танилцахад бэлхэн...
Хэдэн сарын өмнө Агнесс Смедли японы сэтгүүлч Озаки Хозүмитэй францын сеттльментийн нэгэн номын дэлгүүрт дайралджээ. Хоёул нэг тавиур дээрх ном ухаж байгаад, хятадын уран зургийн талаар ярилцсанд, шинэ танил нь Хятадын үндэсний урлагийн талаар их мэдлэгтэй, сайн ойлгоцтой нь мэдэгдэв. Тэр бас Агнесс Смедлийн номыг уншсан бөгөөд япон хэлэнд зарим зүйлийг орчуулах бодолтой ажээ.
Та хоёр хэн хэнийхээ сэтгэлд нийцэх нь дамжиггүй гэж Смедли хэлэв.
Агнесс түүнээс хойш нэн их удалгүй Озаки Хозүми руу утасдаж, саявтархан Шанхайд ирээд байгаа гадаадын нэгэн сурвалжлагчийн хамт үдийн цай уухыг урилаа.
Тэд "манай хилийн наймаачны" буудлын дээд давхарт, аз жаргалын улаан өнгөн дээр алтан шар луу тавьж чимсэн ханатай ресторанд уулзлаа.
Нэгэн ширээнд үзэг нэгт сэтгүүлчид цугларсанд ч, америк эмэгтэй Смедли японы сэтгүүлчид өөрийн сайн танилыг танилцуулсанд ч гайхах юмгүй боловч, хожим дэлхийн олон тагнуулчдын сэтгэлийг олонтоо гонсойлгосон үйл явдал чухамхүү энэ өдөр болжээ. Сашэны зочид буудлын ресторанд болсон уулзалтаар дайныг үзэн ядагч Рихард Зорге, Озаки Хозүми хоёрын их нөхөрлөл, хамтын ажиллагааны эх тавигджээ.
Үнэндээ ч Озакийн тэгш дөрвөлжин царай, хойш нь самнасан өтгөн хар үс, зун өмсдөг шар ногоон цэрэг цамц нь түүнийг жирийн цэрэгтэй адил болгожээ. Гагцхүү царайны дэвсгэр нь байнга дөрвөн хананы дунд ном шагайн ажилладгийн улмаас ихэд шингэн ажээ.
- Озаки-сан, та цэрэг цамцаа хэзээ солих гэж байна вэ? Цэрэг болох гэж мөрөөдөж явна уу? гэж Хозүмийг ширээнд ирэхэд Смедли дуу алдан асуув.
- Би олигтой цэрэг болж чадахгүй, харин сайн сэтгүүлч байхыг эрхэмлэнэ...
- Би бас тэгж боддог. Агнесс аа, гэлээ ч та биднийг танилцуулна биз дээ? гэж Рихард ярианд оролцов.
Озаки эхлээд биеэ барингуй байснаа сүүлдээ яримтгай болов. Хятадын улс төрийн байдлыг ярилцаж эхлэв. Озаки ярьсан нь:
- Эдийн засгийн хямрал Японыг ч хамарлаа. Манай үйлдвэрийн эзэд монопольтнууд Манжуураар ажил явдлаа засах бодолтой байна. Энд оруулж байгаа японы хөрөнгө оруулалт улам бүр нэмэгдсээр, бүтэн хагас тэрбум иен болсон нь тийм ч бага биш тоо юм. Одоо Манжуурт байгаа гадаадын бараг бүх хөрөнгө оруулалт Японых. Үүнд гагцхүү оросуудын байгуулсан Хятад-Дорнодын төмөр зам л үл хамаарна. Гэлээ ч энэ зам гадаадын хөрөнгийн дөнгөж дөрөвний нэг болох бөгөөд үндсэн хөрөнгө нь Японууд бидэнд хамаардаг гэдгийг давтан хэлье... Гэхдээ хөрөнгө оруулалтын араас цэргүүд дагаж буйг та нар мэднэ шүү дээ. Ойрын хугацаанд Хятадын улс төрийн байдал зөөлөрнө гэж би бодохгүй байна. Харин ч Жан Золингийн галт тэрэгний дэлбэрэлт хэрэг явдлын эхлэл мөн. Энэ улс төрийн аллагад Доихараг холбоотой гэдэгт би итгэдэг... Агнесс-сан, та Доихараг мэднэ биз? Маршал Жан Золингийн зөвлөх байсан хүн. Бас Итагаки гэж хүн бий... Эд бол зүгээр ч ирээгүй, цагаас өмнө ч явахгүй улс. Одоо тэд Токио, Мүгдэнгийн хооронд байнга аялж байна.
Озакийн шулуун яриа Зоргег гайхуулав.
- Хэрэв, таны хэлснээр хөрөнгийн араас цэрэг дагаж буй бол тэд дайны зүг яваа хэрэг гэж Рихард хэлэв.
- Үүнд би огтхон ч эргэлзэхгүй.
- Тэгвэл цэргийн цувааг зогсоох ямар арга байна?
- Мэдэхгүй юм даа. Энэ бол миний мэдэхгүй асуудал. Гагцхүү, дайн бол аюултай гэдгийг мэднэ...
- Гэлээ ч бид хөндлөнгийн ажиглагч байж болохгүй хэмээн Зорге хэллээ.
Тийм ээ, Зорге бол хөндлөнгийн ажиглагч биш... Тэр Шанхайд ирээд хэдхэн сар болохдоо Төвийн даалгаврыг хэрэгжүүлж чадах өргөн сүлбээг байгуулж амжжээ. Эндхийн хүмүүс янз бүр бөгөөд герман Клаузен, сайхан сэтгэлтэй, болсон тариа шиг шар толгойтой, өтгөн сахалт, чех Вацлав Водичка хоёр зориуд ирсэн ажээ. Бусад хүмүүсийг, тухайлбал. Озаки Хозүми юм уу, Зөвлөлийн эсрэг дайтаж, эх орноо арга буюу орхин явсан, хаант оросын армийн бага дэслэгч, колчакийн офицер Константин Мишинийг удаан хугацааны турш сайтар шалгаж байж Хятадаас элсүүлжээ. Урьд өмнө гаргасан алдаа нь эх орноо мөрөөдөн гансрах эдгэршгүй гуниг гутралын эх үүсвэр болсон ажээ.
Вацлав хотын худалдааны районд гэрэл зургийн барааны дэлгүүр нээж Мишин Клаузены засварын газарт ажиллав.
Гучин оны сүүлчээр Шанхайд бас нэгэн нууц ажилтан ирсэн нь бөх байрын биетэй, эргэн духтай, эстон Зельман Клязь ажээ. Гэвч энэ бол Зоргегийн бүлгийн анхны мэдээлэл хятадаас хөвөрч эхэлсний дараах явдал. Хятад улс улам бүр элдэв хөрөнгөт хүчний үйл ажиллагааны талбар болон хувирч, энд япон, их британи, америк германы сонирхол мөргөлдөн зөрчилдөж, зарим талаар нийлж байв. Параллелограммын хүч лугаа адил хэдэн тийшээ зүтгэсэн тэдний нийлбэр хүчний хэмжээг тодорхойлох явдал зөвлөлтийн тагнуулчийн зорилго байлаа.
Зорге Шанхайгаас "Мюнхен" буюу Москва руу Хятадын улс төрийн байдлыг мэдээлж байсны дотор Манжуурын байдал цөвүүн болж, зөвлөлтийн хилд дайны аюул ойртох нь эргэлзээгүйг мэдэгдэж байлаа. Зорге цаг үеийн байдалд дүн шинжилгээ хийж, японы бодлого өнөөдрийн өдрийг хүртэл түрэмгий хэвээр бөгөөд Япон улс хятадад цөмрөн орсноор умард руу, зөвлөлтийн Приморье, Өвөр Байгалийн зүг хөдлөх анхны алхам нь болж болзошгүй гэсэн дүгнэлт хийжээ. Харин шинэ нөхцөл байдалд Америкийн Нэгдсэн Улс, Их Британи ямар бодлого баримтлах нь тодорхой бус байлаа.
Нөхцөл байдал иймээс Төв Зоргегийн бүлгийг туршлагатай цэргийн ажилтнаар зузаатгахаар шийдвэрлэж, паспортонд Зельман Клязь хэмээн бичигдсэн нэгэн эстон эрийг сонгож, цэргийн зөвлөхөөр илгээв. Бүлэгт түүнийг Пауль гэх бөгөөд Зорге ч бас жинхэнэ нэрийг нь мэдэхгүй ажээ. Нууц ажлын улмаас дайсан этгээдийн талаар аль болох ихийг мэдэж, хамтран ажиллагчдынхаа талаар аль болох бага мэдэх шаардлагатай байлаа.
Малын их эмч Зельман Клязь өөр нэртэй, өөр мэргэжилтэй байлаа. Эстон зарцын хүү Карл Рими хувьсгалын өмнө багш болж, хүүхэд багачуудад ном зааж, тэдний хамт цэцэг тарьж, сургуулийн цонхны өмнө мэлрэг цэцэг суулгаж, арван долоон онд баячуудын газрыг хуваахад оролцож явлаа. Гэвч тэр үед газар эзэмшиж, ургац авах гэвэл анжсаар зогсохгүй, зэр зэвсэг хэрэгтэй байв. Тэр цагаас Карл Рими бүрмөсөн цэргийн хүн болжээ. Тэр Эстонд Улаан гвардийн анхны багийг байгуулж, Нарвагийн дэргэд тулаанд оролцож, умардад Архангельскийн ойролцоо английн түрэмгийлэгчидтэй дайтаж, дорно зүгт Екатеринбургийн дэргэд байв... Пулемётчин Рими иргэний дайны бараг бүх фронтод байлдаж, цэргийн зөвлөлийн гишүүн болж явлаа. Дараа нь цэргийн академийн дарга нарын факультетэд суралцаж, тагнуулчаар ажиллажээ. Карл Алс Дорнодын бүгд найрамдах улсын ерөнхий командлагч, нэгэн үе хятадын армийн цэргийн зөвлөх байсан нууц генерал Гелен хэмээгч Василий Блюхерийг сайн таньдаг байсан явдал түүнийг Пауль нэр зүүн Хятадад ирэхэд зохих үүрэг гүйцэтгэсэн байж ч болох юм.
Малын их эмч Клязь Шанхайд ирээд Вейхавейд буудаллаж, мэргэжлийн ажил хотоос ололгүй, чех Вацлав Водичкатай танилцаж, хувь нийлүүлэн гэрэл зургийн хэрэглэлийн наймааны ажил эрхлэн, хальс угааж, сонирхогчдын зураг буулгадаг байлаа. Захиалга дэндүү ихээс зорьж ирсэн ажлаар хөөцөлдөх зав гарахгүйд мань худалдаачид сэтгэл гонсойх бөгөөд зарим үед өөр газарт дамжуулан угаалгаж, өөртөө алдагдал гаргах боловч ингэснээр Хятадын банкны систем судлагч, франкфуртын сэтгүүлч Жонсоны буюу Рихард Зоргегийн авчирсан жижиг хальсыг угаах цагтай болно.
Үүнээс гадна Клязь сууцныхаа дэргэд хувийн ресторан нээв. Рихард тэнд, лангууны цаана коктейль хийж зогсож буй хүдэр эстон эртэй танилцжээ. Рихард өндөр исэр дээр суугаад, ойр хавь хунгүй үед
- Паультай уулзаж болох болов уу? гэж асуув.
Рестораны эзэн гялалзсан диц таглаа эргэдэн коктейль аягалаад, хятад үйлчлэгчийг дуудан,
- Цонхны дэргэдэх ширээнд хоёр коктейль... гэв.
Тэр Рихардад
- Пауль ирсэн... Өвгөн танд мэндчилгээ дамжуулсан байна лээ гэж тогтсон үгээр хариулав.
Өвгөн гэдэг нь зөвлөлтийн тагнуулын удирдагч Ян Берзин ажээ.
Рихард Зорге Клязийн ресторанд юм уу, үүдэн дээрээ "Вацлав Водичка ба К°" гэсэн хаягтай, гэрэл, зургийн хэрэглэлийн дэлгүүрт байнга ирнэ. Тэдний яриаг хажуунаас сонсвол, академийн цэрэг-түүхийн тасагт үйл явдлын одоогийн байдал, хэтийн төлөвийг шинжлэн дүгнэж, бодит байдал нь зарим хувь хүнд болон төрийн бодлогод нөлөөлж болох тухай хэлэлцэх мэт ажээ.
Удалгүй Паулийн эхнэр Луиза ирлээ. Жижигхэн биетэй, тайрмал үстэй, хар нүдтэй, цовоо сэргэлэн энэ эмэгтэй гэр орны ажилд сүрхий, халамжтай хүн ажээ. Тэр өндөр том Паулийн дэргэд хүүхэд шиг харагдана. Клязь эхнэрээ тэсэж ядан хүлээж байжээ. Эхнэр нь Германаар дамжин Венецид очиж, тэндээс италийн "Конте Россо" гэдэг хөлөг онгоцоор гарчээ. Олон тавцант цагаан хөлөг онгоц Хуанпу мөрнийг өгсөн ирэхэд Пауль тэсэж чадалгүй, зугаалгын завинаа үсрэн гарч угтан сэлсээр ойртон очоод, гараар даллан, олон зорчигчдын дундаас хайрт гэргийгээ олж харахыг хичээн турьхан завин дотроо өндийн зогсов.
Клязь Шанхайд эхнэрээ жинхэнэ нэрээр нь Люба гэж ерөөс нэрлэхгүй, гагцхүү паспортанд бичсэнчлэн Луиза гэж дууддаг байв. Луиза нууц түлхүүр тайлагч, лаборант, шуудан цуглуулагч, холбоочин зэрэг элдэв үүргийг үүртэж түүртэх юмгүй хөнгөн шингэн хийж, эр зориг гарган өөрийн болон нөхдийнхөө төлөө зовсон сэтгэлээ үл мэдэгдэнэ...
Дэлгүүрт дэндүү олон захиалга овоороход, Клязь уртаар шүүрс алдан, уруу дуугаар
- Вацлав аа, ийм их захиалга аваад байвал пүүс маань удахгүй баларна шүү. Их нэр зар бидэнд гай болно... гэхэд нь
- Зүгээр ээ хө, юуны тулд Луиза байгаа билээ... гэж чех эр хэлээд шар сахлаа илэв.
Луиза өөрийг нь үл мэдэх гудамжинд очиж, хальсаа угаалганд өгөөд, угаасан хальс авчирна.
Нэгэн шөнө дэлгүүрийг нь дээрэмдэв. Энэ явдал тохиолдлын хэрэг үү, аль эсвэл ул мөр эрж байна уу? Ямар ч гэсэн цагдаагийн газарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв. Цагдаагийн газраас байцаагч хэд хэдэн удаа ирж, асууж лавлан, протокол гаргасан боловч дээрэмчдийг олсонгүй... Хамаг юм нам тайван байх шиг байв. Ердийн хулгайчид үймүүлсэн бололтой. Гэлээ ч гэсэн Зорге болгоомжилж, аль болохоор цөөн уулзаж, сонор сэрэмжтэй байх боллоо.
Зорге Шанхайд ирээд бүтэн хагас хоёр жил боллоо. Түүний сүлжээ гажиггүй сайн ажиллаж, хүмүүс нь боловсрон буй үйл явдлыг угтахад бэлэн байв.
_________________ Bariin syylnees batganii tolgoi
Last edited by Call on Aug.02.17 6:14 am, edited 1 time in total.
|