#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.19 10:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jun.29.17 1:31 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Найруулгын алдааг бага зэрэг засварласан номоо нөхөж оруулахаар шийдлээ. Дараа дараагийн бүлгээ гүйлгэж оруулах учраас хүмүүсийн сэтгэгдэл номын агуулгатай таарахгүй байж магадгүй.


Attachments:
Bloed Line.jpg
Bloed Line.jpg [ 7.34 KiB | Viewed 4391 times ]
Bloed Wraak.jpg
Bloed Wraak.jpg [ 7.69 KiB | Viewed 4391 times ]

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:19 am, edited 5 times in total.
Top
   
PostPosted: Jun.29.17 1:38 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Дан Ваддел

Цусан төрөл

Нидерланд хэлнээс орчуулсан: Д. Наран

2017 он


Пэмбриджийн Өргөн чөлөөнд байрладаг Принц Алберт нэртэй шар айрагны газраас Бэртиг халамцуухан мушийсаар гарч иртэл мөс шиг хүйтэн жавар нүүрэн дундуур нь алгадаад авах шиг болов. Шар айрагны газарт орж ирсэн хүмүүс цаг агаарын талаар ярьцгааж байсан боловч xүнд ажилтай долоо хоногийн ядаргаа, ходоодоо дүүргэсэн шар айраг, ханан зуухны мансуурам халуунаас болоод гадаа тасxийм хүйтэн байгааг мартчихжээ. Аль хэдийн гуравдугаар сар гарчихсан байтал нэгдүгээр сар шиг л хүйтэн байх юм гэж тэр амандаа бувтналаа. Бэрти кафе дахь бүгчим агаарт дүйнгэтсэн тархи толгойгоо сэргээх гэсэн мэт толгойгоо сэгсрээд харанхуй тэнгэр өөд ширтлээ. Манан татаагүй цэв цэлмэг байв. Энэ шөнө хүчтэй салхи хотын дээгүүр мөнхийн мэт суунаглаж байдаг уур мананг хөөн зайлуулсныг хараад харих хэрэгтэй гэж бодож байсан түүнд харин ч гэр лүүгээ алхаж явах нь таатай санагдав.
Баруун талаас Ноттинг Хилл Гэйтийн замын хөдөлгөөний чимээ шуугиан сонсогдож байлаа. Нэг эр нэг гараараа малгайгаа, нөгөө гараараа хүрэмнийхээ захыг дарсаар яаруу алхаж өнгөрөв. Бэрти барагтай бол даардаггүй болохоор хүрмээ товчилсонгүй. Мэри нь хөнжил дотроо хоёулхнаа хэвтэж байхдаа түүнийг "миний бигнүүр" гэж өхөөрдөн нэрлэдэг билээ. Өвөл болоход эхнэр нь ихэвчлэн даарч бээррсэн байдаг болохоор мөс шиг хүйтэн хөлөө түүний хөлийн хооронд дулаацуулах гээд шургуулчихна. Бэрти цочсондоо " Эмэгтэй минь зайл!" гэж хэлэхээр эхлээд эхнэр нь хөхөрч дараа нь тэр дагаад бөөн инээдэм болно. Тэд бие биендээ уурлаж чаддаггүй билээ. Шөнө дунд архи тамхины үнэр сэнгэнүүлсээр орондоо ороход эхнэр нь түүнийг мөчийн дотор л уучилчихна.
Бэрти Ладброкийн өргөн чөлөөгөөр бага зэрэг гуйвсxийн алхаж явахдаа энэ тухай бодоод өөрийн эрхгүй инээмсэглэв. Нуруунаасаа хүчтэй салхинд туугдсаар тэр Дэйлийг чиглэн явлаа. Бэрти харанхуй бүдүүлэг газраас холдож чадсандаа баяртай байдаг. Мэри болон хүүхдүүдийнхээ хамт Кларендоны Өргөн чөлөө рүү нүүж очсон нь сайн зүйл болжээ. Хэдийгээр Дэйлийн захад боловч энэ нь их бага хэмжээгээр шинэ эхлэл байлаа. Анх удаагаа л тэр амьдралдаа нэг чөлөөтэй амьсгалж чадах юм шиг санагджээ.
Бэрти гудамжыг хөндлөн огтолж гараад Ладброк Армс, Ладброк Гровийн буланд байдаг цагдаагийн газрын хажуугаар явахдаа гудамжны гэрэлтүүлгэн доор тамхи татаад зогсож байгаа хэдэн цагдаа руу толгой дохиод өнгөрөв. Ладброке Гров хөл хөдөлгөөнгүй байсан тул гудамжаар шууд хөндлөн гараад баруун тийш эргэж довцог өөд өгсөв. Довцог дээр түр саатаж Ландсдаун Крессэнтээр явах уу эсвэл Синт Жонсын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар хоёрыг дайрч гарах уу хэмээн хэсэг эргэлзснээ сүүлчийнхийг нь сонголоо.
Синт Жонс сүмийн цамхагийн шовх оройнууд шөнийн харанхуй тэнгэр өөд сэрийж харагдана. Сүмийн зүүн талаар алхаж явтал баруун талд нь ямар нэг юм хөдлөхийг анзаарсан Бэрти салхинаас хорогдох газар хайж яваа тэнүүлчин биз гэж бодлоо.
Тэгтэл нөгөө хүн гэнэт дээр нь үсэрч гарахад Бэрти түүний өмхий халуун амьсгааг нүүрэн дээрээ мэдрэв.
- Авчихлаа... Тэгээд дахин ямар нэг юм хэлэхийн оронд хурц мэсээр цээжнийх нь зүүн тал руу бүлснээ хурдан сугалж авав. Бүгд нүд ирмэх зуур болж өнгөрөв.
Хэрэгтэн гэнэт гарч ирсэн шигээ харанхуйд уусах мэт нүд ирмэхийн зуур алга боллоо. Бэрти өвдөлт мэдэрсэнгүй, юу болоод өнгөрснийг ч ойлгосонгүй. Гараа зүүн сүвээндээ хүргэтэл нойтон халуун бүлээн юм наалдав. Тэрбээр газар дээр сөхөрч унаад тусламж дуудахыг оролдсон ч дуу нь гарсангүй. Гараа нүүр лүүгээ ойртуулж харвал нил цус болсон байв. Амьсгаа нь давxцаж ирэх мөчид тэр " Бурхан минь надад туслаач " гэж бодлоо.
"Мэри" хэмээн Бэрти шивнээд,түүнийг эхнэр нь хамт орондоо орж дулаацахаар хүлээж байгааг саналаа. Тэр нойтон зүлгэн дээр арагшаа савж унаxдaa газрын танил чийглэг үнэр, зүрхнийхээ сулхан цохилтыг сүүлчийн удаа мэдрэв. Тэр их даарч байлаа.



1

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:23 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.29.17 2:00 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
1

Дутуу нойртой хоносноос хамаг бие нь шархирч хөшсөн ахлах мөрдөгч Фостер Грант цоо шинэ Тоёота Королла машинаасаа арайхийж буув. Тэр одоо хүртэл шөнө дунд орноос нь босгоход дасал болоогүй ажээ. Хэдийгээр тэр хагас жилийн өмнө тамхинаас гарсан боловч гэнэт тамхи татмаар санагдлаа. Фостер хүн амины хэрэг гарсан газар ирэх бүртээ тамхи татдаг зуршилтай байжээ. Зан үйл мэт энэ зуршил нь түүнийг эрч хүчтэй болгох шиг санагддаг. Тэр хурууныхаа үенүүдийг нужигнатал дуугаргаад хүйтэн цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалав.
Лондонд дөнгөж үүр цайж байлаа. Эндээс холгүйхэн оршдог Вэствэй гудамжнаас ажилдаа эртэлж ирсэн хүмүүсийн чанга балбаж нүдэх чимээ, гэртээ харьж яваа бололтой хэтэртлээ уусан хүмүүсийн орилж хашгирах дуу холилдож сонсогдоно. Хэдийгээр шөнийн турш хүчтэй шуурч, хүйтэн байсан боловч хавар болж буйн анхны шинж тэмдэг мэдэгдэж үл ялиг дулаарах шинж мэдрэгдэх байв. Удахгүй хоёр цагийн дараа нар мандаж гуравдугаар сарын нэгэн сайхан өдөр эхэлнэ. Гэвч Фостерт өөдрөг байх шалтгаан байсангүй, тэрбээр одоо хэцүүхэн юмтай тулгарна гэдгээ сайн мэдэж байлаа.
Түрүүч Хaдер Женкинс сэгсийсэн хар үсээ самналгүй ардаа ганц боочихсон хажууд нь хүрч ирэхэд тэд хамтдаа сүм рүү очихоор гудамж хөндлөн гарлаа.
- Хэцүүхэн хэрэг болжээ. Бүсгүйг Ланкашир нутгаас ирсэн гэдгийг түүний хатуу хэллэгтэй аялгаас шууд мэдэж болох ажээ.
Фостер толгой дохиод амаа арайхийж нээж буй аятай
- Тийм бололтой гэж бөглүү хоолойгоор их л дурамжхан хэлээд
- Гэхдээ энэ сүүлчийн согтуу нөхрийн хэргээс тэс өөр юм шиг байна гэлээ.
Өнгөрсөн ням гаригийн өглөө эрт харуй бүрий цагаар тэр хоёр Эйвендэйл Паркт нэг амиа хорлосон гуйлгачинг очиж харахаар дулаан хөнжлөөсөө сугарч босох хэрэг гарчээ. Үнэн хэрэгтээ Фостер тэдгээр амралтын өдрүүдэд чөлөөтэй байсан боловч энэ нь товчоон дээр жижүүрлэж байсан цагдаа нарт огтхон ч хамаагүй байсан бололтой. Фостер уг хэргийг Хадерт даалгаад дахиж унтахаар гэр лүүгээ явсан боловч хэрэг өөрөөр эргэжээ. Хэдийн дөрөв хоног өнгөрсөн боловч Фостер түүнд уурласан хэвээрээ байгаа бололтой.
Тэр энэ бүхнийг яагаад мартаж чадахгүй байгааг Хадер ойлгоогүй учир дургүйцэж буйгаа илэрхийлэх мэт хамраа чимээтэй шуухитнуулав.
- Та надад уурласаар л байгаа юм уу?
- Бидэнд алимны сидэр дарсанд донтсон нэг муу азгүй амьтны цогцостой зууралдаад байхааргүй хангалттай их ажил байна гэж тэр Хадерыг эгцэлж харалгүй амандаа бувтналаа.
- Гуйлгачингийн үхсэн нь өөр бусад хүмүүстэй адил анхаарал тавих хэрэг биш гэж үү? Түүний хэн болохыг бид одоо хүртэл тогтоож чадаагүй байна. Тэр хэн болох, түүнд гэр бүл байгаа эсэхийг бид олж тогтоох үүрэгтэй биз дээ?
- Чи түүнийг сураггүй алга бологсдын дунд шалгаж үзэв үү? хэмээн Фостерыг илт сонирхсон байртай асуухад Хадер толгой дохилоо.
- Одоо болтол юу ч олоогүй. Магадгүй араас нь санаа тавих нэг ч хүнгүй азгүй нэгэн бололтой. Дүүргийн цагдаа нар түүнийг эрүүлжүүлэхийн байрандаа хаяж орхидог шивтэр ханхлуулсан согтуу новшнуудаасаа ч долоон дор үзэж байна.
Түрүүч эмэгтэй толгойгоо удаан сэгсрэхийг Фостер нүднийхээ буланд олж харлаа.
Тэд сүмийн оршуулгын газарт хүрч ирлээ. Энэ газар Ладброке Гровийн довцог дээр нэг талд нь олны харааг булаасан хавирган сарны хэлбэртэй эгнээ бүхий эртний Викториагийн үеийн харшуудын дэргэд байрладаг ажээ. Энэ удаа хэрэг гарсан орчин нь хүн амины хэргийн аль нэг хохирогч ихэвчлэн олдоод байдаг Лондонгийн хүн ам нягт суурьшсан дүүргүүдийн хаа нэгтээ, шар айрагны газрын дэргэдэх авто машины зогсоол ч юм уу, эсвэл хоосон зэлүүд газраас шал өөр ангид бурхны ариун дагшин газар байлаа. Фостер цагдаагийн газар хориос илүү олон жил ажиллахдаа ийм газар хэзээ ч цогцостой таарч байсангүй. Тэр галзуу амьтан дэндүү хол явсан нь Фостерын дургүйг үнэхээр их хүргэсэн тул би түүнийг яасан ч уучлахгүй хэмээн дотроо бодов.
Дүрэмт хувцастай цагдаа нараар хамгаалж, тусгай тууз татаж тусгаарласан хэргийн газрын дэргэд халимаг үсээ нямбай засуулсан, дөрвөлжин эрүүтэй мөрдөгч Энди Дринквотер царай нь барайчихсан тэр хоёрыг хүлээгээд зогсож байлаа. Фостер түүнийг мартагдаад удаж байгаа нэг хөвгүүдийн хамтлагаас гарсан, одоо нас нь ахиж яваа нэгэнтэй их адилхан харагддаг хэмээн байнга тоглоом тохуу хийнэ. Дринквотер бол спорт сургуулийн идэвхтэй гишүүн, дусал ч архи амсдаггүй, арьсандаа их анхаарал тавьдаг нэгэн. Фостер заримдаа тэр арьс чийгшүүлэгч хэрэглэдэг байх гэж бодоод чичрүүдэс нь хүрэх шиг болдог ажээ. Өнөө өглөө өвдгөө хүрсэн гадуур хүрэм, савхин бээлий өмссөн Дринквотер яг л нэг хувиараа мөрдөгч шиг харагдаж байглаа. Тэр тэднийг хараад
- Фостер хэмээн дуу алдсанаа Хадертай толгой дохиж мэндлэв. Хадер санаа тавьсанд нь талархаж хариу инээмсэглэлээ. Фостер
- Өглөөний мэнд, Энди. Бидэнд юу байна? хэмээв.
Тэрбээр ажлаа эхлэхээр багаж хэрэгслээ гаргаж буй шинжээчийн багийг харахаар Дринквотерын цаана гарч зогслоо. Энд хэргийн газар дээр цагаан майхан босгож, цагдаагийн тууз тойруулж татсан оршуулгын газрын бүх талбайг xалогээн чийдэнгийн хурц гэрлээр гэрэлтүүлжээ. Дринквотер шүднийхээ завсраар исгэрээд
- Энэ сонсоход тийм ч таатай хэрэг биш. Шинжээчийн баг энд аль хэдийн ирсэн. Карлайл бас ирээд цогцсыг шалгаж байгаа гэлээ.
Фостерын аньсага нарийсчээ. Шинжээч эмч хэргийн газар дээр өөрөөс нь эрт ирж байсан тохиолдол бараг гардаггүй болохоор тэр их гайхжээ. Дринквотер
- Карлайл энд ойрхон амьдардаг гэсэн хэмээн хурдан тайлбарлав.
Тэр гурав хаалгаар орж майхан руу алхлаа.
- Хохирогч эрэгтэй, гуч гаран настай хэмээн хэлэх зуур Дринквотер Хадерын хамт ахлах мөрдөгчийн том алхааг гүйцэхгүй бараг шогшиж явлаа.
- Хохирогч энд нэг их удаагүй бололтой. Урьд шөнө гурван цагийн үед түүнийг хоёр эрэгтэй хүүхэд олоод тэр даруйдаа Ноттинг Хиллд очиж мэдэгдсэн байна.
- Чи тэдэнтэй ярилцаж үзэв үү? гэж Фостер асуув.
- Тэд хоёулаа татсан өвсөндөө нилээд мансуурчихсан байна лээ. Гэхдээ би тэдэндээ жаахан ярилцаад авсан.
- Тэр хоёр хэдэн настай юм вэ?
- Нэг нь арван тавтай, нөгөөх нь саяхан арван зургаа хүрсэн юм байна лээ.
Ямар эцэг, эх гэхээрээ хүүхдүүд нь шөнө орой гэртээ ирэхгүй гудамжаар тэнүүчилж байхад санаа зовдоггүй байна? Магадгүй эцэг нь бараг өдөр бүр цагдаа нартай тулж байдаг, сул дорой эх нь согтууруулах ундаа, мансууруулагч удаан хугацаагаар хэрэглэсээр байгаад үрээ хайрлах эхийн сэтгэлээ алдсан нэгэн байх. Зарим нэг хүмүүс эцэг эхийнхээ үүргийг улан дороо гишгэчих юм даа хэмээн Фостер дотроо бодоод толгой сэгсрэв.
- Би тэднийг хэргийн сэжигтэн гэж бодохгүй байна гэж Дринквотер хэлээд Фостерыг дараагийн асуултаа тавихаас урьтаж
- Хэрэв та тэдэнтэй ярилцахыг хүсвэл тэд хэлтэс дээр байгаа. Бид эцэг эхэд нь аль хэдийн дуулгачихсан. Тэд энэ удаа зүгээр өнгөрч чадахгүй нь ойлгомжтой гэлээ. Тэгээд хэсэг азнаснаа
- Тэдний мэдүүлэгт нэг сонирхолтой юм байсныг та мэдэх хэрэгтэй. Цогцос олдсон оршуулгын газрын нэг хэсэгт нэг гуйлгачин эмэгтэй байнга байдаг гэсэн.
- Тэр тэнд юугаа хийдэг билээ?
- Тэнд унтдаг гэнэ. Хөвгүүд тэр эмэгтэйг Сидэр эмэгтэй гэж нэрлэж байсан. Зүгээр л нэг галзуу амьтан бололтой. Гэхдээ хөвгүүд түүнийг сүүлийн хэдэн орой хараагүй гэсэн.
Фостер бодлогошрох зуураа толгой дохиод
- Бид тэр эмэгтэйг олох хэрэгтэй гэсэнд
- Тэгвэл танд эрж олох хэрэгтэй бас нэг гуйлгачин байгаа л юм байна гэж Хадер хөгжилтэй хэллээ.
Фостер түрүүч рүү эргэж харав. Тэр метр наян тавын өндөртэй учраас Хадераас нилээн өндөр том харагдах ажээ. Хадер бол ухаалаг сэргэлэн бөгөөд хамгийн аймшигтай гэмт хэрэг гарсан газар дээр ч тохирсон тоглоомын үг олоод хэлчихдэг хошин шогийн мэдрэмжтэй нэгэн. Фостер харин энэ бол xүн амины хэргийн мөрдөгчид байх ёстой чанаруудын нэг гэж үздэг.
Тэд майхны үүдэнд хүрч ирээд түр зогслоо. салхинд татлага олс нь чангарсан майхны хормой дэрвэлзэж харагдана. Фостер цагаан халаат авч өмсөхөөр ноцолдох зуураа
- Иймэрхүү майхан харахаар л надад дандаа шоунд оролцох гэж байгаа юм шиг санагдах юм хэмээн бувтнав. Тэрбээр том лагс биетэй болохоор энэ халаатнууд түүнд барагтай бол таарна гэж байхгүй. Аз болж энэ удаа халаат нь өмсөх үед урагдсангүй.
- За алив, ажлаа эхэлцгээе гэж Фостер гараа урагш сунган хэр чөлөөтэй хөдөлж чадахаа шалгах зуураа хэлэв.
Майхан дотроос нойтон газрын чийгний үнэр хүчтэй ханхлах ажээ. Фостерын толгой майхны оройд тулсан тул тэр бага зэрэг бөхийж зогслоо. Тэр газар хэвтэж буй цогцсыг харах гэтэл урд нь хэн нэгэн өвдөглөж суугаад халхалсан учир сайн харж чадсангүй, зөвхөн шуумаг нь дээшээ сөхөгдсөн саарал өмднөөс цухуйх цагаан хөлийг харав. Цогцсыг махран судалж буй хүн бол жижүүрийн албатай байсан задлан шинжилгээний эмгэг судлаач, шинжээч эмч Карлайл ажээ. Фостер хохирогчийн бүх халаасыг нэгжин үзэж буй эмчийг хараад
- Дахиад л цогцос дээрэмдэж байна уу, Эдвард? гэж хошигнон хэлэхэд хөлнөөсөө толгойгоо хүртэл бүх биеэ цагаан хувцсаар далдалсан Карлайл
- Чи хэрвээ над шиг цалин авдаг байсан бол ингэх л
байсан хэмээн хариуллаа. Тэрбээр толгойгоо эргүүлж Фостерыг олж харахдаа инээмсэглэсэн хэдий ч нөхцөл байдал их ноцтой байгаа гэдгийг түүний харцнаас уншиж болохоор байв. Дараа нь тэр Фостерт цогцсыг анх удаа харах боломж олгохоор босож зогслоо.
- Өршөөлт бурхан минь ...
- Харин тиймээ, аймшигтай хэрэг гэж Эдвард Карлайл илэрхий язгууртны төрхтэй өнгөөр хариу хэлэв.
Ам нь нээлттэй, харц нь хязгааргүй хоосон руу гөлийсөн хохирогч гэдэргээ хараад хэвтэж байлаа. Тэр одоогоор Фостерын урьд өмнө нь харж байсан бусад цогцостой адилхан мэт харагдавч гэнэт хохирогчийн гарыг хараад, өөрөөр хэлбэл хэвийн бус харагдах гарыг нь хараад тэр цочиж балмагдав. Гарынх нь хоёр сарвууг нь мухарлаад тасалчихсан, цайвар өнгөтэй болсон мах булчингаас яс цухуйж харагдана. Карлайл
- Цогцсыг олсон газар маш бага цус байсан гэж хэллээ.
- Тэгвэл тэр энд нас бараагүй байх нь ээ?
- Үгүй, би тэгж бодохгүй байна. Биеийн дулаан арван хоёр хэмээр буурсан. Хэрэв цаг тутамд нэг бүтэн хагас хэмээр буурсан гэж тооцвол тэр ойролцоогоор өчигдөр орой есөн цагийн үед алагдсан.
- Тэр хэзээ олдсон юм бэ? Хэмээн асуухдаа Фостер харцаа Эндид хандуулав.
- Ойролцоогоор гуравт арван тав дутуу байхад.
- Тэгвэл гарын сарвуунуудыг түүнийг үхсний дараа тайрч авсан юм болов уу, Эдвард?
Карлайл хамраа шантайлгаад
- Одоо хэлэхэд хэцүү. Та задлан шинжилгээний хариу гарахыг хүлээх хэрэгтэй гэлээ.
- Үхлийн шалтгаан?
- Зүрхэнд нь хутгаар шууд дүрсэн юм шиг байна. Гэхдээ цээжин дээр нь зүссэн шархнууд их байна. Зарим нь нилээд гүн харандаж байсан.
- Гарыг нь яагаад аваад явчихсан юм бол?
- Олз болгож авсан гэж Дринквотер итгэл төгс хэлэв.
Байж болох л онол хэмээн Фостер бодлоо. Өөрийнх нь анхны сэтгэгдэл мөн адил ийм байсан ажээ. Гэсэн хэдий ч одоогийн нөхцөлд үл тохирох ямар нэг зүйл энд байлаа.
Энэ хооронд дуугүй зогсож байсан Хадер ам нээж
- Тэд хоорондоо зодолдох үед хохирогчийн хумсны завсар хэрэгтний арьс эсвэл өөр ямар нэг юм үлдсэн байж болох юм. Алуурчин гарыг нь цавчаад авчихвал баригдах эрсдэл багасна гэж бодсон байж мэднэ гэлээ.
Бас л байж болох онол ажээ.
- Хохирогч хэн болохыг мэдсэн үү? гэж Фостер асуухад
- Иргэний болон жолооны үнэмлэх дээр нь Жеймс Дарбишир гэж бичсэн байсан хэмээн Дринквотер тэмдэглэсэн нооргоо харах зуураа хариулав.
- Бас түүний гар утас шинжээчийн багийнханд байгаа.
- Сайн байна хэмээн Фостер амандаа бувтнав. Гар утас нь байна гэдэг хүн амины хэргийн мөрдлөгийн хувьд бурхнаас өгсөн бэлэгтээ адил зүйл билээ.
- Чамтай хэдэн цагийн дараа эргээд уулзъя. Болно биз дээ, Эдвард?
Фостер ажлынхаа арга барилыг хадгалах зорилготой ингэж хэлэхэд Карлайл дэндүү яаруулж байгааг сануулах мэт хөмсгөө өргөснөө толгой дохилоо. Ахлах мөрдөгч цогцсонд мэс хүргэхээс өмнө амжиж дахиад нэг сайн харахаар ирэх гэж байгааг тэр ойлгожээ.
Тэр гурав ажлаа үргэлжлүүлж эхэлсэн Карлайлыг орхиж майхнаас гарлаа. Өглөө болжээ. Гэгээ сайн орсны дараа хурууны хээ авдаг багийнхан оршуулгын газрыг бүхэлд нь шалгаж эхэлнэ. Цогцосноос холдож гадаа гарсандаа дотор нь онгойсон Фостер гүнзгий амьсгал авахдаа нөгөө хоёртоо энэ байдлаа харуулахгүйг хичээв. Хэдэн хором дуугүй зогсоцгоосны эцэст Фостер ам нээж
- Тасалсан гарыг эрж олоход санаа тавьсан болов уу? гэж асуухад Дринквотер толгойгоо сэгсрэн
- Үгүй ээ гэлээ.
- Тэгвэл нэг баг гаргаж ойр хавийг самна. Гарнуудыг хаа нэгтээ хаясан байж магадгүй. Фикки гарнуудыг олж магадгүй учир эрүүлч нохойн багийг дуудаж авчир. Гэгээ орохоор оршуулгын газар сайн харагддаг ойр хавийн байшингуудаар явж хэн нэгэн ямар нэг юм сонссон эсэхийг шалгаж асуу. Фостер оршуулгын газрыг хараа бэлчээн харж байснаа
- Хөвгүүд хаана өвс татаж байсан юм бэ? хэмээн асуухад Дринквотер
- Оршуулгын газрын нөгөө талд. Би танд тэр газрыг харуулья гэж хариуллаа.
Тэд оршуулгын газрын хойд хэсэг рүү явцгаав. Дринквотер нэг хаалганд хөтөлж хүргэдэг чулуун шат руу заагаад
- Энд, сүмийн хонгил руу ордог хаалганы өмнө гэж хэллээ.
Фостер заасан зүг рүү хараад
- Тэд эндээс хаягдсан цогцсыг харж чадахгүй юм биш үү? гэснээ асуултаа үргэлжлүүлэн
- Эсвэл тэд ямар нэг чимээ сонссон юм болов уу? гэлээ.
Дринквотер толгой сэгсрээд
- Шөнө их хүчтэй салхилж байсан. Тэр нь ч тэдний цогцос олох шалтгаан болсон. Тэд салхинаас хорогдох гэж тэр тал руу очсон гэнэ. Учир нь тэнд бараг салхигүй байсан юм байна лээ гэв.
Фостер бодлогошрох зуур толгой дохилоо.Тэр хөвгүүд яагаад ч хэрэгтэн биш. Өсвөр насныхан ихэвчлэн илжиг шиг тэнэг, бүдүүлэг, нударга зөрүүлэх дуртай ч насанд хүрсэн том хүнийг нухчихаад дараа нь цагдаагийн газар очиж хэнэггүй худлаа мэдээлэл өгөхөөр усан тэнэгүүд биш хэмээн бодлоо.
- Сүмийн хонгилд юу байдаг юм бэ?
- Миний мэдэхээр газар доорхи шүтээний газар байдаг гэж Дринквотерыг xариу хэлэхэд
- Гэхдээ үүнийг тэр зорилгоор ашиглахаа болиод удаж байгаа хэмээн Хадер хэлээд
- Миний найз эмэгтэй энд жирэмсэн эхчүүдийн ёогийн хичээлд явдаг байсан, бас тэр хүүхдээ төрүүлсний дараа нярайд хийх иллэгийн дамжаанд суусан гэв.
Фостер түрүүчээр хатуухан тоглож хариугаа авчих санаатай эргэж харвал тэр харин энэ удаад үнэнийг хэлсэн бололтой тул юу ч хэлсэнгүй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:24 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.29.17 2:05 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
2



Дээр дороо орон хөөцөлдөж, гуагалан нисэлдэх гурван том хэрээ доошоо бууж ирлээ. Тэдний тас хар өнгийн өд орог саарал тэнгэрт улам тодорч гялтганана. Наижл Барнес хэлхгэр хар хүрмээ эрүүндээ тултал товчлоод, ноосон ороолт ороож, элэгдэж хуучирсан мөрөвчтэй цүнхээ мөрөн дээрээ тохжээ. Хар хүрээтэй нүдний шил зүүсэн тэрбээр нөгөө хэрээнүүдийг хараад хэдэн хэрээ нийлж байж нэг бүл болдог юм бол хэмээн өөрөөсөө асууснаа магадгүй гурваас их байдаг байлгүй дээ гэж бодлоо.
Наижл анхаарлаа хэрээнүүдээс холдуулж тэнгэр өөд ширтэв. Үүлтэй тэнгэр хөнгөн цагаанаар хийсэн дэвсгэр шиг харагдах агаад нар тэрхүү үүлэн хөшгийг нэвтлэхийг хичээж байгаа гэдгийг тэр мэдэж байлаа. Гэвч тэр нарны гэрэл тустал цүнхэндээ байгаа толио ашиглаж чадахгүй бололтой.
Наижл үл мэдэг санаа алдсaнаа өмнөө байгаа булшны чулуунуудыг хараад эдний доор хичнээн олон биелэгдэх боломжгүй болсон итгэл найдвар, хүсэл мөрөөдөл булшлагдсан бол? Хэдэн зуу, магадгүй хэдэн мянга юм болов уу? хэмээн бодлоо. Түүний зүүн гар талд таримал модоор хүрээлсэн өргөн талбай дээр Викториагийн үеийн үхэл, гашуудлыг ихэд эрхэмлэдэг байсны илэрхийлэл болсон хэт том бунхнууд барьсан харагдана. Доор нь арван есдүгээр зууны үеийн Лондонгийн баячууд нойрсож буй энэхүү айдас төрүүлсэн том хөшөөнүүдийн ихэнхийг газарт суурилуулалгүй бунхан дээр нь босгож тавьжээ. Хөшөөнүүдийн цаана оршуулгын газраа дороо байрлуулсан Готик хэлбэр бүхий Англи шүтээний барилга харагдана. Найжл тэнд нэг удаа очсон бөгөөд сэтгэл сэртхиймээр бүх зүйлсийг сонирхон үзэж, ялангуяа занданшуулагчийн ажлаа зөв хийгээгүйгээс болж ялзралаас ялгарч гарсан хийн уршгаар дэлбэрч эвдэрсэн цогцоснуудын тухай аяллын хөтчийн нууц задлах аятай ярихыг шимтэн сонссон ажээ. Тэр үед аяллын багт хамт байсан хүмүүс түгшсэн байртай инээвхийлэх аядаж, айсандаа чичирцгээж байсан билээ.
Кенсал Грийн оршуулгын газар бол түүний хамгийн дуртай газруудын нэг бөгөөд ер бусын сүр жавхлангаараа зөвхөн Хаигэйт оршуулгын газартай л өрсөлдөж чадна. Викториагийн үеийнхэн нас барагчидтайгаа хэрхэн харьцахаа сайн мэддэг, биднээс маш их ялгаатай байжээ. Одоо бид нас барагсдаа шатааж, үлдсэн үнс нурманд нь маш бага хүндэтгэл үзүүлдэг болж дээ. Тавь, эсвэл зуун жилийн дараа удам судлаач нарт ирээдүй хойч үедээ зориулан дэлгэрэнгүй мэдээлэл олоод авчих ганц ч булш үлдэхгүй бололтой, бас э-майл хаягаасаа устгасан захиагаа дахиад унших боломжгүй болдог шиг тайлж унших ямар ч бичээс гэрээслэл байхгүй болно биз. Одоо болж буй бүхэн ирээдүйд дурсагдахгүй болох нь дээ хэмээн тэр бодов. Гэвч өнөөдрийн юм өнөөдөртөө.
Наижл салхинд найгаж хөдлөх модод, өөр хоорондоо орооцолдож ургасан бутнууд, эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй үргэлжлэх өгөршиж гандсан хөшөө бүхий булшнууд гээд эргэн тойронд нь байгаа зүйлсийг ажиглан харлаа. Энд, хэдэн мянган үхэгсдийн дунд өөрөөс нь өөр хэн ч байхгүй байгаа нь түүнд яг л алдагдсан ертөнцөд ганцаархнаа орхигдсон мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ. Холгүйхэн Лондон хотын тасралтгүй нүргэлэх чимээ, гудамж замын хөдөлгөөнд оролцож буй машинуудын үе үе хангинуулах дохионы дуу л түүнд хаана байгааг нь сануулна. Наижлд ачааллаа дийлэхгүй түгжирсэн гудамжинд зогсох авто машинуудаас ялгардаг хорт утаанаас хол эрүүл агаарт байх сайхан байлаа. Харамсалтай нь Лондон хотын төвд тайван сууж тунгаан бодох нам гүмхэн орчин, баян бүрд шиг газар цөөхөн байдаг. Мэдээж Лондонд өөр бусад оршуулгын газар, дотор нь амарч суух талбайтай хувийн цэцэрлэгүүд, хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн байдаг ч дэндүү цөөхөн билээ. Энэ оршуулгын газрыг анх зуун тавин жилийн өмнө хотын гадна, хөдөө газар байгуулсан гэдгийг Наижл мэддэг. Хотын төвд оршдог хөл тавих зайгүй болсон оршуулгын газруудын ихэнх булшнуудын тавцан хагарчихсан байдаг бөгөөд хүмүүс тэндээс гарах ялзарч муудсан хүүрний өмхий үнэр агаарыг бохирдуулж өвчин үүсгэх шалтгаан болж байна гэж үздэг ажээ. Энэхүү шалтгааны улмаас шинэ оршуулгын газруудыг хотын гадна байрлуулдаг болсон ажээ. Одоо Бруквүүд дэх оршуулгын газар өөрсдийн аргаар үхэгсдийг хотоос тээвэрлэн гаргаж байгаа. Үүнийг Necropolis train буюу Амьгүй хотын галт тэрэг гэж нэрлэцгээдэг. Өнгөрсөн ахархан хугацаанд Лондон эргэн тойрны бүхий л газрыг ховдог шунахай идэштэн шиг залгисан билээ.
Наижл бугуйн цагаа харвал арав хагас болж байлаа. Тэр хүрэмнийхээ халааснаас тэмдэглэлийн дэвтрээс урж авсан үрчгэр цаас гаргаж ирэв. Цаасан дээр 103 дугаар талбай, Корнелиус Типлэдигийн булш, архитектор, 1845-1885 гэж бичжээ. Тэр үйлчлүүлэгчийнхээ захиалгаар энэ Корнелиус Типлэди түүний элэнц өвөө мөн эсэхийг олж судлахаар хэд хэдэн гэр бүлийн гишүүдийг олж ярилцаад, тэдний нэрсийг булшны хөшөөн дээрх нэртэй харьцуулж зөв хүнээ олсон эсэхээ батлахын тулд энд иржээ. Дээр нь түүний олсон энэхүү нэг их сонирхол татахааргүй удмын мэдээлэл дээр булшны шүлэглэсэн бичээс олоод ажлаа хичээж хийсэн гэдгээ үйлчлүүлэгчдээ харуулж чадвал өөрт нь хэрэгтэй байлаа. Тэгвэл тэр ажлаа дахиж эхэлсэн, үр дүн нь ч сайн байгаа гэдгээ мэргэжил нэгтнүүддээ мэдэгдэж чадахаар болно. Дахиад нэг хувийн контор нээж ажиллуулна гэдэг тийм ч амар хялбар юм биш.
Наижлын таамаглаж байснаар 103 дугаар талбай нилээд хойгуур орхигдсон хэсэгт байлаа. Ихэнх булшнууд өгөршиж цөмрөн, бут сөөг, хөвдтэй ширэлдэж ургасан өвс ногоо хөлд нь орооцолдож, гутлыг нь завааруулах тул тэр булш болгон руу очиж харахад маш хэцүү байлаа. Наижл 103 дугаар талбай дээр хүрч ирээд нүдний шилээ авч хүрэмнийхээ хормойгоор арчиж цэвэрлэснээ хамар дээрээ тохоод явган суув.
Булшны чулуу Типлэдигийн гэр бүлийн онцлог байдлыг илэрхийлэх ямар ч онцгой зүйлгүй, нүдэнд тусахааргүй, тухайн үед элбэг хэрэглэдэг байсан жирийн нэг хавтгай саарал чулуу байв. Наижлийн эмээж байсанчлан талийгаачийн дөчин жилийн амьдралыг дурсаж сийлсэн байж болох үгнүүд цаг хугацааны уртад элэгдэж унших аргагүй болжээ. Нэрийг гаргаж уншихад бэрх байсан ч К үсгийн хэлбэртэй ормыг ялгаж харж чадсан нь сайн хадгалагдаж үлдсэн оршуулгын бүртгэлд бичсэнээр Корнелиус энд хөлийнх нь доор хэвтэж байгааг нотлоход хангалттай байлаа. Тэр хуруугаараа хэд хэдэн ховилыг болгоомжтой тэмтэрч хэдийгээр нүдэнд харагдахгүй ч нэрний бараг бүх үсгийг ялгаж чадлаа. Нэрний доод талд бас богино бичээс байгаа бололтой хэдэн бүлэг үсэгнүүд тэмтрэгдэв. Энэ гэр бүлийнхэн их л үг цөөтэй хүмүүс байж дээ, харин ч сайн юм боллоо.
Наижл цүнхээ доош буулгаж цахилгааныг нь татаж онгойлгоод оюутан байхдаа Жермин гудамжинд байдаг үсчингээс худалдаж авсан сахал хусахад хэрэглэдэг жижигхэн толио гаргаж ирлээ. Тэгээд булшны дэргэд очиж дээр нь гишгэчихгүйг хичээсээр толин дээр ойсон гэрлийн тусгал булшны чулуун дээр тусахаар байрлал авч зогсов. Наижл энэ аргыг урьд нь хэд хэдэн удаа амжилттай хэрэглэж байжээ. Нарны гэрлийн ойсон тусгалаар үсэгнүүдийн ормын дагуу сүүдэртэхэд гэрэл сүүдрийн өнгө ялгарч харагддаг. Гэвч энэ удаад нар тусаагүй бүрхэг байсан болохоор энэ арга ямар ч ашиггүй нь ойлгомжтой боллоо. Хэрэв гар чийдэнтэй байсан бол илүү их гэрэл тусгаж болох байлаа, тэгээд ч чийдэнг барьж байх бас нэг хүн байх хэрэгтэй болно. Ажлын өдрүүдэд өглөөгүүр туслах хүн олж оршуулгын газар луу дагуулж авчрах ч бас амаргүй хэрэг. Аз болж бас нэг өөр гэхдээ арай нарийвчлал багатай арга байдаг ажээ.
Наижл толио цүнхэндээ буцааж хийчихээд эргэн тойрноо хулмалзан харлаа. Удам судлаачдын хүрээн дунд одоо түүний хийх гэж байгаа аргыг яг л нэг эртний судар номын хуудсыг долоож норгосон хуруугаараа эргүүлж, баримт бичгийг гэмтээх гэж байгаа юм шиг бараг гэмт хэрэг гэж үздэг. Гэр бүлийн түүх судлалын хуучинсаг үзэлтнүүдийн ертөнцөд өмнө дурьдсан хэргийг гутаан доромжилсонтой адилтгаж үзнэ. Интернэт дэх удам судлаачдын форумд энэ сэдэв халуухан маргаануудын нэг болж байжээ.
Наижл нүд рүү нь унжсан туг хар үсээ хойш нь иллээ. Хэн нэгэн хүн ойр орчинд харагдаагүй ч Наижлд ноён Корнелиус болон түүний бэлбэсэн эхнэр, хүүхдүүд гашуудан зогсож байсан тэр газраа дахиад зогсож байгаа юм шиг санагдахад тэрбээр бодлоо үргээх мэт гараараа зангаснаа хөгшин Корнелиус, түүний хамаатнууд нэг их гомдоллоод байхгүй байлгүй дээ гэж бодлоо. Чулуунд хүчиллэг бороо, шувууны сангас, хаг аль хэдийн түүний одоо хэрэглэх гэж байгаа зүйлээс илүүтэйгээр маш их гэмтэл хохирол учруулсан. Түүнээс гадна бичээснээс хэв авах өөр материал байгаагүй тул тэр цүнхнээсээ сахлын хөөстэй бортого, шил арчигч хоёроо авлаа.
Наижл бортогоо сайн сэгсэрч байгаад булшны чулууны нүүрэн талд хөөсөн зураасууд гарган шахав. Дараа нь баруун гараараа хөөсийг чулуун дээр нимгэн толигор болтол тарааж түрхээд шил арчигчаа авч цонхны шил арчиж байгаа мэт баруунаас зүүн тийшээ жигдхэн болгоомжтой арчлаа. Тэгтэл хөөс зөвхөн бичээсний хонхорхойн ард наалдаж үлдэв. Наижл нэг алхам арагшаа ухраад хартал одоо чулуун дээрх бичээс уншиж болохоор харагдаж байлаа.
Корнелиус Типлэди 1845-1885
Сүмийн итгэлт гишүүн,
Ертөнцийн эзнийг дагалдагч,
ЖЕМИМА-гийн үнэнч хань, САЙН ААВ
Итгэл үнэмшилд үхлийг дийлэх хүч бий.
Нигүүлсэл бол дахин төрөх хүртлээ амгалан нойрсож буй бидний мэдэх тэдгээр хүмүүсийн дурсамж юм

Жемима. Баталгаа нь энэ байна. Корнелиус, түүний үүрд нойрсож байгаа газар олдлоо. Одоо түүнд Корнелиусын амьдралын талаархи бүх мэдээлэл байгаа тул тэр үйлчлүүлэгчдээ зориулж нэг тайлан бичиж болох боллоо. Наижл булшны бичээсийг тэмдэглэлийн дэвтэртээ хуулж аваад дараа нь бусад юмнуудаа цүнхэндээ хийлээ. Аз болоход түүнийг хэн ч харсангүй, энд зөвхөн хэрээний гуагалах, салхины сэрчигнэх чимээ л сонсогдоно.
Сахлын хөөсөнд байдаг химийн бодисууд чулууг дахин сэргээх аргагүйгээр гэмтээдэг учир Наижл явахаасаа өмнө булшны чулуун дээр тогтож үлдсэн хөөсний үлдэгдэл рүү гэмшсэн харцаар хяламхийн хараад өглөөний орог саарал тэнгэр лүү дахин нэг хараад одоо нар гаралгүй нэг сайн ширүүн аадар бороо орвол сайн юмсан хэмээн бодлоо.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:26 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.29.17 2:11 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
3



Хадер Фостерыг Кенсингтон дахь задлан шинжилгээний өрөөнд хүлээж байлаа. Фостер aнх цогцсыг олж харсан, мансуурслаасаа бүрэн гараагүй хөвгүүдийг байцаасаар их удсан тул бараг үд болж байхад ирэв.
- Тэд ямар нэг юм харсан гэнэ үү? хэмээн Хадер их л найдлага тавьсан байртай асуулаа.
Гэвч тэр Фостер сэтгэл дундуур байгааг нүүрнээс нь шууд олж уншлаа. Түүний суларч унжсан уруул ам, бараг зураас болтол онийлгосон бор нүд үрчлээтсэн хөнхөр царайг нь улам гунигтай харагдуулна. Хэдэн жилийн өмнө түүнтэй үерхэж байсан найз хүүхэн ( тэр эмэгтэй Фостероос салсны дараа ихэд гунигласан гэнэ лээ.) түүнийг царай муутайгаас л дээр гэж хэлсэн нь магтаал байсан уу эсвэл доромжлол байсан уу гэдгийг тэр одоо ч ялгаж мэддэггүй ажээ.
- Тэд төрсөн эхийгээ ч таньж чадахааргүй болсон байна лээ хэмээн Фостер үг унагалаа.
- Би тэднийг зураачтай хамт үлдээсэн. Тэд оршуулгын газар руу очиж явах замдаа хэдэн хүн харсан гэнэ. Гэвч тэд хүчтэй өмхий өвсөнд мансуурчихсан болохоор аман зураг дээр Пиноккиогийн дүрс гарч ирвэл би л лав гайхахгүй.
Тэр хоёр амны хаалт зүүж, гүн амьсгал аваад нүцгэн цагаан плитагаар доторлосон, халдваргүйжүүлсэн өрөө рүү орцгоолоо. Ариутгагч бодис задралд орсон цогцосны өмхий үнэрийг дарж чаддаггүй ажээ. Хэдэн хүн задлан шинжилгээний ширээн дээр хэвтэж буй Дарбиширийн амьгүй нүцгэн биеийг шалгаад завгүй байлаа. Цогцосны өвчүүг нээгээгүй байгааг хараад Фостер ихэд олзуурхав. Фостер Карлайлыг жимсний хальс арилгаж байгаа мэт цогцосны арьсыг хуулж, мах булчин, дотор эрхтнийг нь ил гаргахаас өмнө, цогцсыг олоход ямар байсан тэр хэвээр нь дахиж шалгахыг хүсчээ. Фостер жинлэж шалгахаар төмөр саванд хийж тавьсан дотор эрxтэнүүд, өчнөөн шарх сорви болсон цогцсыг харж судалж чаддаг ч задлангийн үед хийгддэг хөрөөдөх, огтолж хэрчих зэрэг мэс ажилбарыг тэвчиж чадахгүй дотор нь муухайрдаг тул эртхэн ирж цогцсыг харчихаад дараа нь шинжилгээний тайлантай танилцдаг ажээ.
Эдвард Карлайл тэр хоёртой хальт толгой дохиж мэндлээд цогцос руу хамт очихоор гар зангалаа. Фостер Хадерын зүгээр эсэxийг мэдэхээр эргэж харвал тэр харин урдаас нь санаа тавьсанд дургүйцсэн шинжтэй ширэв татах нь тэр.
- Нөгөөх чинь энэ байна. Би доторхийг нь ухаж төнхөж амжаагүй ч миний урьдчилан хэлж байсанчлан үхлийн шалтгаан нь зүрхэнд нь хурц мэсээр нэг удаа дүрснээс болсон гэдэг нь тодорхой болсон гэж хэлээд Карлайл хохирогчийн цээжний зүүн талд харагдах таван сантиметр орчим урттай хутганы шархыг заалаа.
- Энэ талаар дараа дэлгэрэнгүй ярилцъя. Гарнуудын хувьд гэвэл хохирогчийг амьд байхад нь цавчсан гэдэгт би итгэлтэй байна.
Фостер Хадерыг харлаа. Oдоо цогцсыг зэрэмдэглэсэн тухай биш харин хохирогчийг яргалж тамласан тухай яригдаж байлаа.
- Бас энд байгаа хэдэн шарх миний сонирхлыг татаад байгаа хэмээн Карлайл яриагаа цааш нь үргэлжлүүлээд цээжин дээр харагдах хэдэн сараачиж зүссэн шарх руу заав.
- Энэ магадгүй ноцолдож тэмцэлдэж байх үед үүссэн байж болох талтай ч би өөр шарх олж хараагүй, бас хохирогчийн цамц урагдаагүй байна лээ.
- Хутгалсан газар ч гэсэн урагдаагүй байсан гэж үү?
Карлайл толгой сэгсэрлээ.
- Тэгвэл түүнийг хутгалах үед тэр цамцгүй байсан байх нь ээ. Бас цээжийг нь зүсэх үед ч гэсэн.
Цогцосны баруун талд зогсож байсан Фостер ширээг тойрч алхан цогцсыг анхааралтай ажиглаж эхэллээ. Тэрбээр хохирогчийн цээжнээс харцаа салгалгүй хөлийнх нь дэргэд очиж зогсов. Карлайл, Хадер хоёр түүнийг дагуулж харсаар. Фостер хуучин байран дээрээ буцаж ирээд зүсэгдсэн шархтай цусанд будагдсан цээжин дээр тонгойн хэсэг харж байснаа
- Ингэхэд чи арай цээжнийх нь үсийг хуссан юм биш биз? гэж Карлайл руу харалгүй асуулаа.
- Үгүй ээ. Фостер нэг алхам ухраад толгойгоо зүүн баруун тийш гэлжийлгэж, тэгснээ дахиж цогцосны цээжин дээр тонгойн анхааралтай ажиглав. Дараа нь өндийгөөд эргэн тойрноо хурдан гүйлгэж харснаа хананы дэргэд байсан задлан хийдэг хоосон ширээ рүү очиж хүчтэй дугтран шалнаас хөндийрүүлээд бусад руугаа чирч авчирлаа. Карлайл духаа үрчийлгээд
- Юу хийгээд байгааг чинь бид мэдэж болох уу, Грант? гэж асуув.
Фостер түр хүлээ гэж байгаа бололтой гар зангаснаа ширээгээ Дарбиширийн цогцос тавьсан ширээтэй зэрэгцүүлж тавилаа. Тэр дараа нь ширээн дээрээ авиран гарч цогцосны дээр тонгойн хэсэг дуугүй зогсож байснаа эцэст нь
- Хадер наашаа хүрээд ир дээ гэв. Хадер бас ширээн дээр үсрэн гарч зогсоход Карлайл харж байгаа зүйлдээ итгэж ч чадахгүй дэмий л толгойгоо сэгсэрлээ.
- Энэ шархнууд ноцолдож тэмцэлдсэнээс үүсээгүй байна. Баруун хөхний толгой дээрх урт босоо зураасыг харж байна уу? Энэ зураасны дээр бас ташуу, доор нь хөндлөн зураас байна.
Хадер толгойгоо дохилоо.
- Энэ юутай адилхан юм шиг харагдаж байна?
- 1-ийн тоотой адилхан байна.
- Одоо бусад зүссэн шархнуудыг хар.
Карлайл бас шархнуудыг сайн харахаар ширээний нөгөө талд Хадерын дэргэд очиж зогсов. Фостер өвдөглөн сууж үсийг нь хуссан нүцгэн цээжний дунд хэсэгт’арьсыг их л хичээж зүссэн бололтой хоёр муруй зүсэлтийг хуруугаараа заагаад
- Чи энэ зураасны оройнууд бараг нийлчихсэн байгааг
харж байна уу? гэлээ. Дараа нь хоёр зураасны хооронд бараг харагдахгүй байгаа үс хусахад бий болдогтой адил шалбархайг заалаа.
- Хоёр зураасыг энэ бараг холбосон байна. А үсэгтэй адилхан юм. Фостер цааш нь зүссэн зураасуудыг хуруугаараа зааж дагуулж харсаар бүх үсэг, тоонуудыг тайлж чадав. Тэр цагаан халаатны дотор халааснаас хуудас цаас гаргаж ирэн таван дүрс бичиж авлаа: 1А137.
- Эдгээр зүсэлтийг түүнийг үхсэний дараа хийсэн байна хэмээн Карлайлыг тодруулж хэлэхэд
- Үүнийг зориуд бичиж үлдээжээ гэж Фостер хариу хэлээд цогцос руу сүүлчийн удаа харав.
Карлайл ажлаа эхлэхээр аль хэдийн мэс заслын хутгаа барьжээ.
- Одоо чи наад зүрхээ дуртайяа сугалж авч болно гэж хэлээд Фостер цогцос руу зангав.
Карлайлыг эхний зүсэлтээ хийхээс өмнө тэр хоёр аль хэдийн гараад явчихжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:28 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.30.17 4:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
4



Өдрийн турш онцын өөрчлөлт гарсангүй. Мөрдлөгийн багийнхан үдээс хойш гурван цагт эхний товч мэдээллээ солилцохоор цугларцгаав. Баруун Лондонгийн Хүн амины хэрэг хариуцсан Хэлтэс буюу бусад хүмүүсийн хэлж заншсанаар Өрнөдийн Хүн амины хэрэг хариуцсан хэлтэс Кенсингтон дүүргийн цагдаагийн газрын дэргэд олны нүдэнд тусахааргүй байранд байрладаг ажээ. Өрөөнд байгаа хүмүүс гарсан хэрэгт илт бухимдаж дургүйцсэн хэдий ч эрс шийдэмгий харагдацгаана. Фостер хохирогчийн нэрийн доор хэргийн газар болон задлан шинжилгээний өрөөнд авсан гэрэл зурагнуудыг тогтоож байрлуулсан цагаан самбарын урд очиж зогслоо. Түүний толгой дээрх том халзан орой өрөөн дэх өдрийн гэрэлтүүлгэнд гялтайж харагдав.
Мөрдлөгийн багийнхан хохирогчийн ар гэрийнхэн, найз нартай аль хэдийн ярилцаж амжжээ. Багийн зарим нэг гишүүд өрөөний гадаа байсан боловч түрүүч Хадер одоо болтол ирээгүй байгааг Фостер мэдээд ямар учиртайг нь огт ойлгосонгүй.
Нилээд хэдэн мэдээлэл тодорхой болжээ. Дарбишир Скуар Майлд брокерээр ажилладаг, эхнэр хоёр хүүхдийн хамт гадаадынхан олноор суурьшсан Лэйтонстоунд амьдардаг байжээ.
Фостер бусдын анхаарлыг өөртөө татаад аядуу тайван, итгэлтэй хоолойгоор яриагаа эхэллээ.
- Бидний мэдэж байгаагаар Дарбишир хэрэг гардаг орой гурван танилтайгаа уушны газарт очжээ. Тийшээ очихоосоо нэг цагийн өмнө тэр эхнэр лүүгээ утасдаж үйлчлүүлэгч нартайгаа оройн хоолонд хамт орно гэж хэлсэн. Гэхдээ энэ нь бяцxан заль байсан бололтой, учир нь нөгөө гурав нь түүнтэй хамт ажилладаг хүмүүс байжээ. Тэд дөрөв дөрвөн шил пиво уусны дараа нэг нь дахиад тав дахь шил пивоо захиалъя гэхэд хохирогч дотор бүгчим халуун байгаа тул пиво толгойд гарчиxлаа гэж хэлжээ. Уушны газар хүн ихтэй, бөгс эргэх зайгүй чихэлдэж байсан болохоор энд гайхаад байх зүйл алга.
Тэр гучин нэгтэй, хэдийгээр тамхи татдаг ч бие сайтай, дээр нь ням гариг бүр хөл бөмбөг тоглодог байсан. Зүрх ямар ч асуудалгүй, эрүүл байсан гэж Карлайл эмч надад хэлсэн. Хамт байсан хүмүүсийн байцаалтаас харахад тэр аз жаргалтай нэгэн байсан бололтой. Өдөр тутмын амьдрал нь ажил, гэр бүл, найз нөхөд, хөл бөмбөгийн Вест Хам холбооны хооронд эргэлддэг байсан. Тэр ажил дээрээ хамт олон дундаа нэр хүндтэй, цаашилбал санхүүгийн болон бусад санаа зовоосон асуудлууд байхгүй, өөрөөр хэлбэл түүнд стресстэх зүйл байгаагүй.
Фостер Дринквотерт хандаж
- Энди, чи явж Хордлого судлалын төвийн залхуу илжигнүүдийг олоод, нааш нь хурдан ир гэж хэл. Хохирогчийн цусанд эм ч юм уу ямар нэг юм илэрсэн эсэхийг би аль болох хурдан мэдмээр байна хэмээн хэлээд бусад нөхөд рүүгээ эргэж харлаа.
- Хохирогч хамт байсан гурвынхаа нэгд тамхи татаад ирье гэж хэлээд гадагшаа гарчээ. Бүгчимдэж халууцсан үед хийдэг жирийн л нэг үйлдэл. Гэвч тэр эргэж ирээгүй. Энэ үед бараг оройн долоон цаг болж байжээ. Дараа нь түүний зэрэмдэглэгдэж үхсэн цогцсыг өсвөр насны хоёр хүүхэд Лондонгийн бүр нөгөө талд байрлах оршуулгын газар дээр олж харсан.
Фостер ярьсан зүйлээ бусаддаа тунгааж бодох хэдэн хором өгөөд яриагаа цааш үргэлжлүүлэв.
- Дарбишир уушны газрыг орхиж гараад алуурчинтай шууд тулгарсан байх боломжтой. Тэр алуурчныг дагаж явсан эсвэл алуурчин түүнийг хүчээр машинд суулгаж ямар нэгэн байр саванд аваачаад гарыг нь тастаж дараа нь хутгалж алсан. Бидний хайж байгаа алуурчин бол их хүчтэй эсвэл түүнд хамтрагч байсан байх. Эсвэл алуурчин гарыг нь тастаж байхад ноён Дарбишир ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахааргүй нөхцөл байдал орсон байх магадлалтай. Дараа нь алуурчин ийм зүйл хийсэн байна.
Фостер Дарбиширийн сийчүүлсэн цээжний гэрэл зургийг бичгийн ширээн дээрээс авч өргөж харууллаа.
- Алуурчин хохирогчийн цээжний үсийг хусаад дээр нь нэг үсэг, хэдэн тоо сийлжээ. Сайн ажиглавал 1А137 гэж бичсэнийг харж болно. Одоо энэ юуг илэрхийлж байгаа юм бол? гэсэн асуулт тавигдаж байна.
Энэ асуултын дараа бүгд чимээгүй боллоо.
- Лавлагааны дугаар хэмээн хэн нэгэн нам гүм байдлыг эвдэж хэлэв.
- Үгийн сүлжээний хариу гэж нөгөө нэг нь хэлэх сонсогдож, тайвширсан хүмүүс хэд хэдэн санаа гаргаж хэллээ.
- Шатрын нүүдэл гэж нэг нь хэлэхэд, нөгөөх нь
- Газрын зурагны тэмдэглэгээ гэв.
- Хүлээгээрэй гэж өөрийгөө хошин шогийн авьяастай хэмээн тооцдог залуу мөрдөгч Мажид Хан анхааруулаад
- Миний бодлоор энэ Темза Диттонд байдаг Ражийн амтат зуушны газрын цэсэнд байдаг тахианы дансак, ногооны пакорагийн захиалгын дугаар юм шиг байна гэхэд бүгд инээлдлээ.
- Бид бүгдийг шалгаж үзэх хэрэгтэй хэмээн Фостер хэлээд Ханы хөгжилтэй байх гэсэн хүслийг няцаалаа.
- Алуурчин бидэнд ямар нэг юм хэлэхийг хүсжээ. Бид хэрвээ үүнийг нь мэдээд авах юм бол түүнийг барихад алхам дөхөж очно гэсэн үг. Гэнэт Фостерын бүх бие суларч тэрбээр сөхрөөд уначихмаар байсан ч бусдадаа мэдэгдэхгүйг хичээлээ.
- Хохирогчийг олсон хүүхдүүд оршуулгын газарт нэг гуйлгачин эмэгтэй амьдардаг гэж хэлсэн. Эмэгтэйг Сидэр эмэгтэй гэж нэрлэдэг. Тэр эмэгтэйг олж чадах уу?
Хэн ч хариу хэлж чадсангүй. Эмэгтэйн жинхэнэ нэр Шийна гэдгийг мэдсэн боловч сүүлийн өдрүүдэд тэр ихэвчлэн байдаг газраа харагдаагүй ажээ.
- Тэр хаа нэгтээ байж л таараа. Тэр магадгүй Камден Таун руу явдаг метроны буудлын үүдэнд шараа тайлах гээд Стронгбоугийн алимны дарс уугаад сууж байгаа биз. Бүгд чадах бүхнээ хийцгээе. Сүмийн хавьд гэрч болчихоор хүн амьтны талаар сонссон зүйл байна уу?
Дахиад л бүгд толгойгоо сэгсэрлээ. Оршуулгын газар олны хөлөөс хол биш, байнгын хөл хөдөлгөөнтэй машин замын дэргэд довцог дээр байрладаг, дээр нь том орон сууц, харшуудаар хүрээлэгдсэн байхад ямар ч гэрч олдоогүй нь Фостерт хачирхалтай санагдав. Онолын хувьд тэр орчин цогцос хаядаг газар биш байлаа. Алуурчин яагаад тэр газрыг сонгосон юм бол?
- Ливерпул гудамжны өчигдөр оройны долоон цагаас хойших замын камерын бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгахыг би хүсч байна. Хохирогч тэр үеэр гэртээ харихаар метронд суусан байх боломжтой. Юмыг яаж мэдэхэв, магадгүй хэн нэгэнтэй буу халсан ч юм бил үү. Бас Ладброке Гровт байдаг камерын бичлэгүүдийг шалга.
Тэгтэл Хадер өрөөнд амьсгаадсаар орж ирлээ. Фостер Хадерыг гэмшиж буй эсэхийг нь мэдэхээр нүүр лүү нь эгцэлж харвал тийм гэхээр шинж огт ажиглагдсангүй.
- Өршөөгөөрэй, би амиа хорлосон гуйлгачингийн хэрэгтэй холбоотой бичиг баримтыг цэгцэлж, учрыг нь тайлах гэж оролдсон юм гэж Хадер хэлэв.
Дарбиширийн аллагын хэргээс болоод өнгөрсөн ням гаригт цэцэрлэгт хүрээлэнгийн савлуурын хөндлөвчөөс дүүжлэгдсэн байдалтай олдсон нөгөө гуйлгачингийн тухай Фостер ор тас мартчихжээ. Тэрбээр дотор нь уур хилэн дүрэлзэн асахыг мэдрэв.
- Чи хэтэрхий өрөвчxөн байдгаа болих хэрэгтэй. Одоохондоо гуйлгачингийн хэргийг толгойноосоо авч хаяад энэ хэрэгт анхаарлаа төвлөрүүлж үз. Тэгж чадах уу?
- Ямартай ч бид тэрний хэн болох, бас ар гэр нь хэн болохыг олох ёстой шүү дээ. Түүнд ч гэсэн эрх...
- Тэгэлгүй яахав, түүнд ч гэсэн адилхан эдлэх эрх бий. Гэхдээ тэр энэ эрхийг эдлэх ёстой гэж заасан юм алга. Би тэр бүгд адилхан тэгш эрхтэй гэж чалчдаг тэнэгүүдтэй таараад эрхийг нь мэдрүүлээд өгөхсөн, тэгэхдээ бүр нудрагаараа шүү.
Хэзээ ч номхон хүлцэнгүй зан гаргаж байгаагүй Хадерын нүдэнд оч маналзаад ирэв. Түүний сэтгэл хөдлөл нүүрэн дээр нь хурдан илэрдэг ч тэрбээр нэг их удалгүй биеэ барьж чаддагийг Фостер аль хэдийнээс мэддэг ажээ. Үнэндээ түүнтэй бусдын дэргэд бүдүүлэг харьцсан нь өөрийнх нь хувьд эелдэг бус хэрэг байлаа. Гэвч Хадер заримдаа мөрдлөгийн ажлаа тусламжийн байгууллагынхны ажил хэрэгтэй хольж хутгаад байдаг нь түүний дүргүйцлийг хүргэдэг.
Фостер тасалдсан яриагаа цааш үргэлжлүүлэв. Хэргийн газар дээрх самналтаар юу ч, тэр ч байтугай аллагын зэвсэг ч олдоогүй ажээ. Багийн хэсэг нөхөд алуурчин цавчсан гарыг олз болгож авч явсан хэмээн үзэж байхад нөгөө хэсэг нь ул мөрөө арилгах зорилготой авсан гэлээ. Гурав дахь хэсэг бүр энэ хоёр таамаглалыг эрс үгүйсгэж, магадгүй энд өөр нэг учир шалтгаан нуугдаж байгаа хэмээн үзэж байв.
- Шинжээчдийн багийнхны судалгаанаас юу илрэв? гэж Фостерыг асуухад Дринквотер
- Ерөнхийдөө юу ч алга. Тэд одоо хүртэл хэргийн газраас юу ч олоогүй хэмээн хариуллаа.
Бүгд чимээгүй болов. Шинжээчийн багийнхны судалгаа шинжилгээнээс шинэ зүйл илрээгүй өдөр гэж барагтай байдаггүй билээ. Фостер бодлогоширсон хэвээр толгой дохилоо. Тэр үхдэл гэнэт агаараас унаад ирсэн аятай. Гэхдээ л ямар ч эд мөрийн баримт байхгүй байгаа нь юу ч олдохгүй гэсэн үг биш.
- Хэргийн газрын байдлаас харахад алуурчин урьдаас сайн бодож төлөвлөсөн, ажлаа маш сайн мэддэг, асар их болгоомжтой нэгэн гэдгийг харуулж байна. Тэгэхээр энэ нь хохирогч өөр хаа нэгтээ алагдсан гэдгийг баталж байна.
- Шалтгааных нь талаар санал бодол байна уу? гэж хэн нэгэн асуув.
Үүнийг алуурчин л сайн мэдэж байгаа хэмээн Фостер дотроо бодлоо.
- Бид дээрмийн хэргийг түдгэлзүүлж чадна. Цогцсыг харахад энэ тодорхой байсан, бас гар утас нь олдсон. Бид одоогоор түүний хувийн амьдралын талаар бүгдийг мэдэж амжаагүй байна. Тиймээс тэнд ч бас ямар нэгэн шалтгаан байж мэдэх юм... Тэр дуугаа хураав. Фостер яагаад ч юм шалтгаан нь өөр зүйл, одоохондоо санаанд нь бууж орж ирээгүй ямар нэгэн зүйл байсан гэдгийг гадарлаж байлаа. Гэхдээ энэ бол ихэнх хүн амины хэргийн шалтгаан болдог мансууруулах бодис, мөнгө, уур хилэн бас хардалтын аль нь ч биш гэдгийг тэр баттай мэдэж байв. Фостер ярианы сэдвийг өөрчилж
- Бидэнд түүний утсанд хадгалагдсан дугаарууд байна уу? хэмээн асуулаа. Дринквотер Дарбиширийн гар утсанд хадгалагдсан, авсан аваагүй дуудлагууд нийлээд сүүлчийн арван дугаарт залгаж үзсэн гэж хэлэв. Тэдний ихэнх нь найзууд, гэр бүл, мөн ажилтай нь холбоотой дуудлага байжээ. Тэрбээр хамгийн сүүлд уушны газарт харагдсанаас хойш долоон цагийн дараа, хорин гурав дөчин тавд Дарбишир өөрөө залгасан уу, эсвэл хүлээж авсан байж мэдэх нэг дуудлагын дугаар 1879 байжээ.
- Чи эмгэг судлалынхантай ярилцсан уу?
- Карлайл түүнийг тэр үед аль хэдийн үхчихсэн байсан гэсэн.
- Энэ дугаарын талаар мэдэх хүн байна уу? Энэ дуут мессэж сонсдог, эсвэл сүлжээний дугаартай төстэй юм.
- Бид янз бүрийн сүлжээнээс залгаж үзсэн боловч холбогдох боломжгүй байсан гэж Дринквотер хэллээ.
Бараг бүгдээрээ гар утсаа гаргаж ирэн товчлуурын самбарыг харлаа.
- Ямар төрлийн гар утас юм бэ?
- За нэг хавтгай, нүүр нь эвхэгддэг, дун шиг хэлбэртэй хөөрхөн эд байна лээ. Охидын гар утас. Яг энэ Ханд байдаг шиг гэж Дринквотер нэмж хэлээд инээмсэглэв.
Фостер ч бас инээмсэглэсэнд бусад нь ч гэсэн дагаад
хөгжилдөцгөөлөө. Хан утасныхаа товчлуурыг хараад
- 7, 8, 9-ийн тоо хоорондоо ойрхон байрладаг юм байна хэмээн хэллээ.
- Магадгүй санамсаргүй дарагдсан байж мэдэх юм. Тэр гар утсаа хаана хийсэн байсан бэ?
Дринквотер өвөр лүүгээ харснаа цээжин дээрээ хоёр гараараа баруун зүүн тал дээр ээлжлэн дарж үзээд
- Баруун талын дотор халаасанд гэж эцэст нь хэллээ.
- Хэрвээ тэд ноцолдсон гэж үзвэл тэр үед товчлуур дарагдсан байх боломжтой. Эсвэл хохирогчийг алсны дараа зөөвөрлөж байх үед байж болно. Энэ ч бас дарагдсан товчлууртай холбоотой байх магадлалтай.
- Энэ надад үнэмшилтэй сонсогдож байна хэмээн Фостер зөвшөөрсөн байртай хэлээд
- Дугаарыг самбар дээр бич. Хохирогчийн эхнэр, банктай холбоо барьж энэ дугаар тэдэнд ямар нэг зүйл санагдуулж байгаа эсэхийг магадла. Энэ бас дансны дугаарын эхний тоонууд эсвэл пинкод байж ч мэднэ. Бид бүгдийг шалгаж үзэх хэрэгтэй гэв.
Фостер нүүрээ илээд, гараа толгой дээрээ өргөлөө.
- Дарбишир зөвхөн дөрвөн шил пиво уусан болохоор жаахан халамцсан байх, гэхдээ бүр согтоогүй. Гэтэл алуурчин түүнийг яаж тийм амархан авч явж чадсан юм бол? Гучин нэгтэй эр хүн машинд зүгээр л шууд суучихна гэж байхгүй. Тэр өөрөө л гар өргөж зогсоогоогүй бол. Бид алуурчинд магадгүй туслалцаа байсан үгүйг мэдэх хэрэгтэй. Үүнтэй төстэй хичнээн хэрэг олдсон бэ, Энди?
Үд дундын үед Дринквотер нөхдийнхөө хамт хутгалсан хэрэгтэй холбоотой сэжигтэн, хэрэгтнүүдийг хайж олох зорилгоор компьютерт хүн амины хэргийн мэдээллийг оруулж цагдаагийн газарт мэдэгдсэн, шалгагдаж байгаа, мөн түүнчлэн баригдаагүй хэргүүдийн талаарх бүх мэдээллийг хүлээн авчээ.
- Хоёр мянга орчим гэж Дринквотер хариуллаа.
Ирэх өдрүүдэд эдгээр бүх хэргүүдийг давхар шалгах хэрэгтэй болжээ. Хүн амины хэргийг мөрдөж ажиллах нь тайлагдашгүй учир битүүлэг зүйл мэт боловч үр дүн нь ихэвчлэн удаан хугацааны арга зүйн үндэслэл, шаргуу хөдөлмөрөөс шалтгаалдаг билээ.
- Хичнээн хүн такси барих эрхтэй болох, бас эрхтэй байсныг шалга гэж Фостер үүрэг өгөөд алгаа хооронд нь хавсарч эцэст нь
- Бусад нь юу хийхээ мэдэж байгаа биз дээ. Бид Дарбиширийн өнгөрсөн бүх амьдралыг ухаж төнхөх хэрэгтэй. Өдөр тутам хийдэг байсан зүйлс, асуудалтай байсан эсэх гэх мэтчилэн. Танилууд, ар гэрийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсдыг асууж байцаа. Зээлийн карт, банк дансны орлого зарлагын мэдүүлэг, э-майл хаяг мөн ямар сайтад орж хардаг байсан, порно гэх мэт гаж сонирхлууд байсан эсэхийг нэг бүрчлэн олж шалга. Би бүгдийг мэдмээр байна гэлээ.
Багийнхан бүгд босч, нэг хэсэг нь өрөөнөөс шууд гарч, нөгөө хэсэг нь гар утсаа оролдож, эсвэл өөр хоорондоо ярилцсаар үлдэв.
- Би юм хэлж болох уу?
Инээх багадаж уйлах ихдэнэ гэгч л боллоо. Хадерын уурласнаас царай нь улаа бутарсан харагдана. Фостер эхлээд ярилцлаганд хожигдож ирсэн түүнтэй бүдүүлэг харьцсанаас болж олны нүдэн дээр өөр лүү нь дайрч давшлах нь гэж бодсоноо, тэр тийм тэнэг юм хийх хүн биш гэдгийг тэр даруйдаа саналаа.
- За хэл ээ хэмээн тэр зөвшөөрөл өгөхөд багийнхан бүгдээрээ Хадер луу эргэж харцгаав. Тэрбээр
- Би хохирогчийн цээжин дээр сийлсэн үсэг, тооны талаархи хэлэлцүүлгийг алгассан бололтой хэмээн тодруулж хэлээд
- Гэхдээ надад задлан шинжилгээний үед төрсөн нэг таамаглал байгаа гэв. Түрүүчийн хацар уурласнаас биш харин сэтгэл нь хэт догдолсоноос улайсан гэдгийг Фостер одоо л ойлголоо.
- Тэгээд?
- Та хэзээ ч юм удам судлалын талаар сонсож байсан уу?
Фостер хэсэг бодолхийлэв. Амьдралынхаа сүүлчийн мөчийг туулж буй өндөр настай хүмүүс нас барсан гэр бүлийнхнийгээ эрж хайдаг талаар тэр урьд нь сонсож байжээ.
- Тийм ээ, ёстой итгэмээргүй дэмий балай сонирхол гэж хэлсэнд өрөөнд байсан хүмүүс хөхрөлдлөө.
- Энэ хамаагүй ээ гээд Хадер тэдний хариу үйлдэлд анхаарлаа огт хандуулсангүй.
- Миний ээж хэдэн жилийн өмнө бидний удмын бичгийг сонирхсон юм. Ийм судалгаа хийхэд Раутэнстал мэтийн жижигхэн тосгон биш, харин Лондон хот хамгийн их тохиромжтой газар байсан. Ээж энд ирээд надтай хамт төрөгсдийн-, гэрлэлтийн-, нас барагсдын бүх бүртгэлийг хадгалж байдаг Ислингтон руу очсон. Тэнд бөгс эргэх зайгүй маш их хүмүүс байсан.
Фостер бодлогоширч зогссоноо
- Энэ Дарбиширийн хүн амины хэрэгтэй ямар холбоотой юм бэ? гэж асуув.
- Бичиг баримтын хүсэлт гаргахын тулд анкетэн дээр авахыг хүсч байгаа баримтны бүртгэлийн дугаарыг бөглөх хэрэгтэй. Одоо та ойлгож байна уу? Бидний олсон үсэг, тоог хослуулсан учир битүүлэг дугаар тэдгээр бүртгэлийн дугааруудтай их адилхан байсан.
Хэдэн хүн Хадерын хэлсэнтэй санал нийлж байгаа бололтой толгой дохиж, ам амандаа хүүрнэлдэхийг Фостер харлаа. Энэхүү таамаглал ярилцлагын үед гаргасан санаануудаас хамаагүй илүү үнэмшилтэй, бас үнэнд ойрхон ажээ.
- Чи үүнийг яаж олж мэдсэн юм бэ? гэж тэр асуув.
- Ээж маань бүр цөхрөнгөө бараад Лондонг их хэцүү, муухай газар гэж хүртэл бодоход хүрсэн. Тэгсэн хэдий ч ээж удам судлаачийн мэргэжилтэй нэг хүн олж, түүнд эрж олох aжлаа даалгасан юм. Бидний эрж олсон өвөг дээдэст маань онцын сонирхолтой юм байгаагүй. Тэд хөдөөний жирийн тариачны гэр бүлээс гаралтай юм байна лээ. Би наашаа ирж явах замдаа ээж рүүгээ утасдаж түүнд нөгөө удам судлаачийн утасны дугаар байгаа гэдгийг олж мэдсэн.
- Тэр хүн рүүгээ утасдаж уулзаж ярилцах цагаа тохир. Гэхдээ утсаар хэргийн талаар тодорхой ярьж болохгүй.
Одоогоор өөр юм алга, магадгүй энэ таамаглал бидний хүлээгдээд байгаа мөрдлөгийг урагшлуулахад шинэ алхам болж мэдэх юм хэмээн Фостер дотроо боджээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:30 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.30.17 4:29 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
5



Наижл Лондонгийн Клеркенвэлд байрладаг гэр бүлийн түүх хадгалдаг газар буюу ГБТ (Гэр бүлийн Бүртгэлийн Төв)- ийн цайны газарт хоёр хүний ширээ эзлэн суужээ. Энэ цайны газрыг харсан хэний ч толгойд кафе-ресторан гэж буухааргүй ажээ. Тэр дөрвөн хүн суухад зориулсан дугуй ширээний оронд хананд шахаж тавьсан дөрвөлжин тавцантай ширээг сонгосноор нэгэн эхлэн сонирхогчийн Францад байдаг Соомм голд хөлөө алдсан элэнцийнхээ талаар утга авцалдаагүй хүүрнэхээс зайлсxийж чадлаа.
Энэхүү цайны газар Эксмауд Маркетийн төгсгөлд шар тоосгоны үйлдвэрийн орчин үеийн конторын жижигхэн барилгын доод хонгилд байрладаг ажээ. Танхимын нэг талд эгнүүлж тавьсан ширээнүүд, эсрэг талд нь хувцасны өлгүүр, шилэн хоргонууд байрлуулжээ. Энд долоон төрлийн кофе чанаж өгдөг хар хувцастай бармен эсвэл зөөгчийн аль нь ч байхгүй, зөвхөн зунгааралдаж хөөсөрсөн шингэн гаргаж авч болдог хэдэн автомат машинууд л байдаг. Өөр нэг автоматаас савлагааны гялгар уутандаа зөөлөрч нялцайсан хавчуургатай талх авч болно. Энд ирэгсдийн дундаж нас өөр хаа нэгтээ цуглардаг хүмүүсийнхээс бараг хоёр дахин илүү урт байдаг. Гэр бүлийн түүх намтар нь өндөр настангууд, үхэл нь ойртсон хүмүүст онцлог шинж төрхөө үлдээх нэг төрлийн хамгаалах хэрэгсэл мэт болжээ.
ГБТ бол 1837 оноос хойшхи Уэлс болон Англи дахь төрөлт, нас баралт, гэрлэлттэй холбоо бүхий бүртгэлүүд, 1841-ээс 1901 оны хооронд хийсэн хүн амын тооллогын бүх баримтын цуглуулгыг агуулдаг, удам судлаач, гэр бүлийн түүх судлаач нарын хувьд хамгийн чухал газар юм. Наижлд эдгээр бүртгэлүүдийн дунд шунган орж, нас бараад аль хэдийн олон жил өнгөрсөн хүмүүс, хүнд сурталтнуудын үлдээсэн ул мөрийг бүхэл өдрийн турш ухаж төнхөх нь үргэлж таалагддаг. Тэр энэ ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг байлаа. Гэвч сүүлийн үед энд байх нь түүнд зөвхөн цөхрөл гомдлыг л авчрах болжээ. Жил хагасын өмнө тэрбээр хайран цагаа аль нэг жижиг сонирхогчийн удмын модыг эрж олоход гарздахгүй гэж шийдээд дахиж энд хэзээ ч ирэхгүй хэмээн андгайлж энэ хаалгыг ардаа орхин гарчээ. Түүний сонирхлыг ихээр татдаг өнгөрсөн үеийг, элэнц эмээ өвөөгийнхөө намтар түүхийг огт сонирхдоггүй тэдгээр хүмүүс зөвхөн гоёмсоглож зурсан удмын модоо гэрийнхээ хананд өлгөхийн тулд түүнээс хэдэн баримт л шаарддаг. Тэрбээр бүтэн хагас жилийн өмнө жинхэнэ судалгааныхаа ажлаар амжилтын оргилд хүрэх итгэл өвөрлөсөөр их сургуулийн өндөр босгыг даван хөл тавьжээ. Гэтэл одоо тэр бусдын төлөө ажиллахаар дахиад энд сууж байлаа.
Үдээс хойш гурав хагасын үед, хэдийгээр бүртгэлд судалгаа хийж цагаа зөв зарцуулах хэрэгтэй байсан ч Наижл юу ч хийхгүй суусаар. Гэвч тэр өнгөрсөн өдрүүдэд чамлахааргүй их ажилласан ажээ. Наижлтай ойрхон ширээнд сууж буй нэг хөгшин ноёнтон алимаа хэтэрхий удаан хальсалж, тэрбээр арайхийж дуусахад алим нь аль хэдийн зэсэн бор өнгөтэй болчихсоныг ч тэр анзаарч харсангүй. Наижл үйлчлүүлэгч рүүгээ утасдаж Корнелиус Типлэдигийн булшийг олсноо мэдэгдэхэд нөгөө хүн нь ихэд баярлажээ. Тэр ГБТ рүү ирэхээсээ өмнө Кьюд байрладаг Үндэсний Архивын газарт өөр нэг үйлчлүүлэгч, хатагтай Карнелын судалгаанд зориулж хэдэн цагаа зарцуулжээ. Одоо тэрбээр хатагтайн элэнц эцэг, 1840 онд далайд усан онгоцон дээр нас барсан Силас Карнелийн тухай олж мэдсэн үнэнийг хатагтайд утсаар тайлбарлаж өгөх үедээ инээдээ хэрхэн барихаа бодож суулаа. Хатагтай элэнц эцгээ баатарлагаар амь үрэгдсэн хэмээн бодож байгаа бөгөөд судалгаанд зориулж Наижлд чамгүй их хөлс төлсөн ажээ.
Асуудлын гол нь Силас баатарлагаар амь үрэгдээгүйд биш. Наижл хөлөг онгоцны тайлангуудыг шалгаж үзэхэд далайчин эр далайд үхсэн нь үнэн боловч далай дээрх тулааны үеэр амь үрэгдээгүй ажээ. Силас дүүжлүүрийн гогцоонд амиа алджээ. Тэр ямар гэмт хэрэг хийсэн бэ гэж үү? Тэр хөлөг онгоцон дээр далайчдын уух сүүг хангах зорилготой авч явсан ямаануудын нэгтэй хавьтжээ. Ялыг ямар ч шүүх хуралгүйгээр гүйцээсэн байх даа хэмээн Наижл бодлоо. Хамгийн хөгтэй нь тэд Силасыг ганцааранг нь цаазлаагүй, ямааны хоолойг ч гэсэн хэрчжээ.
Наижл гадаа гарч дахиад жаахан цаг нөхцөөхийн тулд халааснаасаа ороодог тамхиа гаргахаар гараа шургуултал гэнэт гар утас нь дуугарч түүнийг цочоов. Жижгэвтэр тоосгоны хэмжээтэй гар утас нь нилээд хуучны эд бөгөөд үйлдвэрлэгч нь түүнд аль эртнээс утсаа сайжруулахыг санал болгож байгаа ч тэр одоогоор утас солих шалтгаанаа олж хараагүй ажээ.
Мэдэхгүй дугаараас залгасныг хараад тэр утсаа авах эсэхдээ бага зэрэг эргэлзлээ. Түүнчлэн ГБТ-д хэн нэгэн гар утсаараа яриад суухыг огтхон ч таашаадаггүй. Хэрвээ чи үүнийг хийж зүрхэлбэл тэдгээр далан хэдэн настангууд чамайг гүйцэд арилгаагүй жимсээрээ бөмбөгдөх биз. Утсаар ярих боломжтой ганц газар бол бие засах газар. Наижлд ажил хэрэгтэй байгаа тул утасны дуудлаганд хариу өгөхөөр шийдлээ.
- Наижл Барнес.
- Өдрийн мэнд, ноён Барнес. Одоогоор толгойд нь бууж өгөхгүй байгаа тод аялгатай эмэгтэй хүний дуу сонсогдов.
- Метрополитаны Цагдаагийн газрын түрүүч Хадер Женкинс байна. Гэнэт ярьсанд өршөөгөөрэй.
Цагдаагийн газар гэнэ ээ? Тэд надаар яах гэсэн юм бол? Өнгөрсөн долоо хоногуудад юу юу хийснээ тэр түргэхэн зуур санахыг оролдсон ч хууль зөрчсөн гэхээр юм санаанд нь орсонгүй. Наижлын хоолой бачуурч боогдох шиг болов. Энэ арай... үгүй ээ... Наижл эцэст нь
- Зүгээр дээ хэмээн шивнэх шахам хэллээ.
- Таныг бидний нэг мөрдөж байгаа нэг хэрэгт тус болж чадахсан болов уу гэж асуух гэсэн юм. Наижлын сэтгэл тайвширч, хэргийг сонирхож эхэлсэн боловч энэ арай шоглоом биш байгаа хэмээн хардав.
- Ямар хэрэг юм бэ?
- Хүн амины хэрэг.
Наижл мэл гайхаж, тохирох хариу үг олж чадалгүй
- За, тэгье гэж арайхийж хэллээ.
- Сайн байна. Гэхдээ энэ бол утсаар тайлбарлаж болохоор амар зүйл биш. Уулзаж ярилцах боломж байна уу? Таны албан тасалгаанд ч юм уу?
Одоо харин тэр мухардалд орчихлоо. Албан тасалгаа гэвэл Шеперт дэх Бушт байдаг өөрийнх нь амьдардаг ямар ч зайгүй ганц өрөө л байлаа.
- Яг одоо би ажил дээрээ байхгүй байна, түрүүч ээ.
- Өө, гэж түрүүч гомдолтой дуугарав.
- Би яг одоо Гэр бүлийн Бүртгэлийн Төв дээр байна.
- Өө за, хаана байдгийг би мэднэ гэж түрүүч хэллээ.
Ланкашир, түүний аялга Ланкаширээс гаралтай гэдэг нь баталгаатай хэмээн Наижл дотроо боджээ. Ашгүй толгой нь дахин ажиллаж эхэллээ. Цайны газарт уулзах ямар ч боломжгүй. Хагас цагийн дараа буюу дөрвөн цаг бол ид цайны цаг. Тэр үед энд нэхмэл ноосон цамц өмсөж, гартаа цайны халуун сав, шарсан төмс, хачиртай талхаа савчуулж барьсан дүүрэн хүмүүс ирж сууцгаана. Өөрийнхөө сандлыг хадгалж үлдвэл их юм.
- Эксмауд Маркетэд нэг кофены газар байдаг юм. Эзнийг нь таньдаг болохоор бид доод давxрыг нь ганц цаг ашиглаж чадна гэж бодож байна.
Утасны нөгөө талд хэсэг чимээгүй байснаа түрүүчийн дуу дахин сонсогдоход эргэлзээ нь замхран арилав.
- Хэрвээ та бидэнд амьханаараа тайван сууж чадна гэж амлавал болж байна. Та гурав хагаст тэнд очиж чадах уу?
Наижл өөрийнх нь хувьд ямар ч асуудалгүй гэж хэлсэнд түрүүч утсаа тасаллаа. Наижл бүх бичиг баримтаа цүнхэндээ шалавхан чихэж хийгээд, Бени тэдэнд зориулж кофены газрынхаа талыг түр хааж өгнө гэсэн итгэл өвөрлөсөөр цайны газраас гарч явав. Кофены газрыг бүрэн хаагаач гэвэл тэр лав галзуурах биз.


Фостер Хадертай хамт машинаа барин Эксмауд Маркет руу явж байлаа. Машин дотор суудлын шинэхэн арьсан бүрээсний үнэр ханхална. Тэр энэ үнэрт үнэхээр дуртай бөгөөд тэрбээр бодож олсон бяцxан залиныхаа ачаар удирдлагаас өөрт нь жил бүр шинэ машин олгуулахаар болгож чаджээ. Автомашины бүх гадаргууг хооронд нь холбосны дараа завсар зайг нь тэлэгч бодисоор дүүргэж бөглөдгийг тэр сар бүр худалдаж авдаг автомашины сэтгүүлээс уншжээ. Судалгаанаас үзэхэд тэлэгч бодис нь яваандаа донтох үйлчилгээ үзүүлдэг хий ялгаруулдаг гэж сэтгүүлд бичсэн байжээ. Ийм учраас Фостер жил бүр хамгийн сүүлийн үеийн загвар бүхий автомашины жолооны ард суусан л бол өөрийн болгож байж л салдаг болжээ.
Тэд Лондонгоор давхиж явах зуураа удам судлалын талаар ярилцаж явлаа. Хадер гэр бүлийнхнийхээ талаар, тэд хэрхэн амьдарч байсан хийгээд амьдралын хүнд хэцүү бэрхийг хэрхэн туулж өнгөрүүлсэнталаар илүү сайн мэдэхийг хүсэж явдгаа хэлэхэд Фостер зөвхөн инээмсэглэв. Фостерын хувьд удам судлал бол жирийн нэг шуудангийн марк цуглуулагч, эсвэл насанд хүрсэн нэг эр хүн дээвэр дороо жижигхэн галт тэрэг, бяцxан дов толгод, хонь хурга мэтээр тоглож зугаацдагтай адилхан зүйл байв. Эндээс ганцxан мэдэж болох зүйл бол өвгийн өвгийн өвгийн өвөө аав чинь үр тогтоох чадвартай байсан гэдэг л байлаа.
Эксмауд Маркетын ойролцоо ирээд Фостер зогсоолын тоолуур олж харангуутаа машинаа тавихаар жолоогоо гарынхаа алгаар нааш цааш хурдан эргүүллээ. Хадер өөрийг нь бага зэрэг дургүйцсэн харцаар харахыг тэр мэдрэв. Гэтэл Хадер арван долоотой охин ааваараа анх удаа жолооны хичээл заалгаж байгаа аятай жолоо барьсан гараа тэгш өнцөг гарган нугалчихсан байдгийг Фостер сайн мэднэ.
Тэр хоёр Бенигийн кафег бараг тэр дор нь оллоо. Энэ нь модоор доторлосон, өдрийн хоолны үеэр үргэлж хүн ихтэй байдаг жирийн нэг кофены газар байв. Одоо харин энд хүн бараг байсангүй.
- Надад кафеингүй кофе ахиухан сүүтэй өгч болох уу? гэж Хадерыг асуулаа.
- Бурхан минь хэмээн Фостер амандаа бувтнахад тэр хэлснийг нь сонссонгүй. Хадер магадгүй сонсоогүй мэт дүр эсгэсэн байж ч мэднэ.
Үсэрхэг булцгар гартай, хөгжилтэй байрын махлаг бүдүүн эр тэргүүнээ мэхийлгэв.
- Ноёнтон та юу захиалах вэ?
- Хар кофе, халуун тусмаа сайн.
- Бид Наижл Барнестай уулзахаар ирлээ гэж Хадерыг хэлэхэд нөгөө эр
- Доор байгаа. Тамхичид дандаа доод давхарт суудаг гэж хэлээд буланд харагдах нарийхан шат руу заав. Дараа нь тэр тэднийг хөлөөс нь толгой хүртэл харснаа, аньсгаа нарийсгаж тэдний үйл хөдлөл, өмссөн хувцсыг нь шинжлээ.
- Та хоёр арай цагдаа нар биш биз, айн?
- Чамайг чөтгөр… хэмээн Фостер амандаа бувтнав.

Наижл хүлээж суух зуураа би ер нь зөв газар сонгож авсан байгаа? гэж өөрөөсөө асуулаа.Түрүүч Женкинстэй утсаар ярьж байхдаа Бенигийн энэ кофены газраас өөр уулзах боломжтой газар санаанд нь ороогүй билээ. Энэ өрөөнд зөвхөн хэдхэн тооны тамхи татдаг хүмүүс орж ирдэг болохоор бусад үйлчлүүлэгчдэд харагддаггүй сайн талтай. Тэрбээр өглөө бүр ГБТ рүү явах замдаа энд ирж тамхи татангаа өглөөний сонин гарчиглаж суудаг ажээ. Цонхгүй, тамхины нэгшсэн үнэр нэвт шингэсэн энэ өрөө эмэгтэй мөрдөгчтэй ярилцаж суухад тохиромжтой газар мөн эсэхэд тэр эргэлзэж, гэнэтхэн түүнд энэ их бохир заваан газар шиг санагдав. Эцэст нь тэр эмэгтэй үүнээс дор газар зөндөө очиж байсан байлгүй дээ хэмээн бодоод тайвширлаа. Түрүүчийг хүлээж суухдаа Наижлын санаа их зовж, аягатай кофегоо барьсан чигээрээ сандал дээрээ өндөлзөнө. Тэр гаднаасаа ямар харагддаг бол гэж бодоод Наижл түүнийг дотроо дүрслэн харахыг оролдов. Хоолойны өнгө нь залуу хүнийх байсан, магадгүй гуч дөхөж байгаа байх. Харин олон жилийн турш элдэв янзын аюултай гэмт хэрэг мөрдөж, хатуу ширүүн эрчүүдийн дунд байсаар байгаад ширүүн дориун, хатуу сэтгэлтэй нэгэн болж, эмэгтэй хүний шинж чанар, уян зөөлөн сэтгэлээ алдсан байлгүй дээ.
Шатаар хоёр хүн уруудан алхсаар бууж ирлээ. Тэднийг гаднаас нь хараад цагдаагийнхан байна гэдгийг шууд мэдэж болохоор ажээ. Хар пиджак өмдтэй хослуулан өмсөж, буржгар хар үсээ ардаа боосон эмэгтэй нэвт харсан хүйтэвтэр харцтайг хараад дотор нь зарсxийв. Эмэгтэй өрөөн дэх бохир агаарыг мэдрэнгүүтээ хамраа хальт чимхлээ. Тэр ганцаараа сууж буй Наижлыг хараад уулзахаар товлосон хүн нь мөн гэдэгт эргэлзээгүй бололтой царай нь гэрэлтэж эелдэгхэнээр инээмсэглэв. Түүний инээмсэглэл нь хуурамч биш ажээ. Наижл хариу инээмсэглээд дотроо тэр сайхан сэтгэлтэй хатагтай бололтой гэж бодлоо. Эмэгтэйн дэргэд гартаа уух юмаа хайш яйш барьсан, том бадриун биетэй ноёнтон харин Хачин Хүн байж магадгүй. Одоо байгаа газар сэтгэлд нь огт нийцээгүй бололтой. Түрүүч ахлах мөрдөгч Грант Фостер хэмээн танилцуулахад нөгөө эр кофегоо ширээн дээр тавиад аварга том бахим савраараа Наижлын үл мэдэг чичирхийлэх хөлстэй гарыг атгаж хүчтэй дугтрав. Чац өндөртэй мөрдөгч эрийн богино засуулсан халимаг үс духнаасаа орой руугаа халзарч яваа ажээ. Эмэгтэй хамтрагчаасаа ялгаатай нь гэвэл тэрбээр олон зодоон нүдээний хэрэгт оролцсон байж магадгүй тэвчээр муутай нэгэн байж мэдэх ч албаны төрхтэй харагдаж байв.
Наижл эргэж суугаад хоёр мөрдөгчийг эсрэг талдаа суулгалаа.
- Энд бага зэрэг бүгчим юм байна гэж түрүүч хэлээд хамраа дахиад чимхэв. Наижл толгой дохиод
- Тийм ээ, энэ тамхи татдаг өрөө байгаа юм гэж хэллээ.
- Бени над мэтийн азгүй тэнүүлчдийг бага зэрэг тухтай байлгах гээд...
Гэнэт тэр Бенигээс урвасан мэт санагдаж, энэ газрыг сонгосондоо санаа нь зовчихов. Бени хавчуургатай талх, зууш зардаг болохоор уул нь энд тамхины өрөө байх ёсгүй aжээ. Хадер Наижлыг тайвшруулахаар
- Санаа зовох хэрэггүй. Нууцаар хийсэн тамхи татдаг оромжнууд бидний анхаарлыг татдаг зүйл биш гэж хэлэв. Тэр эргэн тойрноо гүйлгэж харснаа мөрнөөсөө буулгасан цүнхээ хөлнийхөө дэргэд тавилаа.
- Энд нэг өөрийн гэсэн нэг сэтгэл татам таатай орчин байна. Би тэр өрөвдөх сэтгэлгүй сүлжээний газруудаас иймэрхүү газрыг илүүд үздэг.
- Энэ газар аль арван долдугаар зуунаас л кофены газар байсан. Би энд хэдэн арван жилийн турш ирж байна гэж Наижл хэллээ.
- Нээрэн гэж үү?
- Тийм ээ, кофе нь сайхан биш ч ямартай ч амтагддаг юм. Энд тийм ч тав тухтай биш ч гэлээ, надад нэр ус нь мэдэгдэхгүй сүлжээний газруудаас илүүтэй биеэ даасан, өөртөө бага зэргийн түүх агуулсан ийм газар таалагддаг. Хадер дахиж инээмсэглээд
- Санал нэг байна гэлээ.
Фостер илт яарсан шинжтэй, биеэ барьж тэвчилгүй
- Тэгэхээр та удам судлаач юм биз дээ? гэсээр тэр хоёрын яриан дундуур орлоо.
- Гэр бүлийн түүхийг илүү түлхүү сонирхдог.
- Эдний хооронд ялгаа бий гэж үү?
- За даа, бага зэрэг. Гэхдээ та үүнийг буруу хэлэх юм бол хичнээн хүн доромжлогдсон мэт болохыг мэдэхгүй байсан нь танд дээр дээ.
- Мөнгө сайн олдог биз?
Наижл, үгүй ээ, гэж дотроо бодсон ч мөрөө хавчаад
- Ямартаа ч амьдрахад хүрэлцэнэ ээ, гэлээ.
- Чи яагаад ийм ажил эрхэлдэг болсон юм бэ?
- Бараг тохиолдлоор гэх үү дээ. Би зуныхаа амралт болгоноор их сургууль дээрээ түүхийн хичээл, лекцэнд сууж энэ мэргэжлээр төгссөн. Тэр үед би гэр бүлийн удмын мод, бичээсээр дагнасан нэг хүнд судалгааны ажил хийж өгсөн юм. Би нэг хэсэг энэ ажлыг үндсэн ажилтны нэг адил бүтэн цагаар хийдэг байлаа. Тэгтэл нэг удаа Дундад зууны эхэн үе дэх санхүүгийн нөхцөл байдлын тухай бага хурлын үеэр нөгөө хүн маань зүрхний шигдээсээр гэнэтхэн өөд болчихсон. Тэр үеэс хойш би түүний албан газрыг авч ажиллуулж байна.
Би уул нь энэ ажлаа өнгөрсөн жил зогсоох гэж байсан шүү дээ гэж тэр дотроо бодлоо. Гэвч энэ нь яг л мафи шиг, тэрбээр эргээд энэ ажилтайгаа хутгалдчихсан ажээ.
- Тэгвэл элэнц хуланцаа олуулахын тулд мөнгөө зарцуулдаг хүмүүс хангалттай их байдаг уу?
- Аан, тэгэлгүй яахав. Удам судлал олон нийтэд хүрч чадсан, үйл ажиллагаагаа маш өргөн хүрээтэй явуулдаг. Интернет дээр олон нийтэд хүртээмжтэй, хайлтын тоо олон гэдгээрээ гуравдугаар байранд ордог. Порно болон санхүүгийн мэдээллийн дараа гэсэн үг.
Фостер илт гайхсан харагдана.
- Их л ухаж төнхдөг гэх юм уу даа гэснээ цагдаагийн ажилтнууд тэр ичгүүргүй заваан зүйлд хэрхэн ханддагийг мэдэхгүй учир царай нь улайчихав. Женкинс инээд алдахад харин Фостер үл мэдэг жуумалзав.
Наижлд тамхи татмаар санагдаад тэвчиж суухад хэцүү болсон тул ширээн дээр тавьсан ороодог цаасаа авлаа.
- Тамхи татвал татгалзахгүй...
Хадер толгойгоо хальт дохихыг харсан Наижл ер нь дургүй байгаа юм байна гэж ойлгоод тэрэнд нь жаахан гомдчихов. Одоо юм хумаа буцаагаад хураачихвал тэр улам өрөвдөлтэй байдалд орох тул тамхи руу нь харж суусан Фостер луу хяламхийн харлаа. Тэр харин нэг их эсэргүүцэхгүй байгаа бололтой харагдсанд Наижл нэг цаас сугалж аваад
- Та нар удмынхаа модыг судалж байсан уу? гэж асуунгаа тамхинаасаа хэсэгхэнийг тасдан авч ороож эхэллээ. Фостер толгойгоо сэгсрэв.
- Миний ээж гэж Хадер хэлээд
- Тэр үүнийг хийлгэх гэж таныг хөлсөлж байсан гэв.
Наижл харцаа ороож байсан тамхинаасаа огцом холдууллаа.
- Нээрэн үү? Хэзээ?
- Хоёр гурван жилийн өмнө. Тэгээд л би таны утасны дугаарыг олсон юм.
Хачирхалтай нь, тэр яагаад өөрийг нь танихгүй байж өөр хэн нэгэн рүү биш, харин өөр лүү нь утасдсан юм бол гэж тэр өөрөөсөө асууж байсан билээ.
- Женкинс хэмээн өөртөө хэллээ. Санаанд нь юу ч орж ирсэнгүй. Үнэхээр тийм юм болсон юм шиг байх ёстой юу гэж бодсоноо, гэнэт тэр энэ түрүүч их ухаантай юм чинь худлаа дүр үзүүлж байгааг нь шууд ойлгоно гэдгийг саналаа.
- Зүгээр дээ. Би таныг манай удмын модыг санана гэж
бодоогүй гэж Хадер түүнд туслах санаатай хэлээд
- Гэхдээ би таныг өөрийнхөө удмын модыг бүр мянган жилээр гаргаж чадсан гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна, тийм биз дээ? гэхэд Наижл толгойгоо сэгсрэв.
- Би төрсөн эцгээ ч олж чадаагүй.
- Аавыгаа юу? хэмээн асуух үед Хадерын харц гайхсан шинжтэй болсон байлаа.
- Нилээд будлиантай хэрэг байгаа юм аа.
- Тэгвэл эхийн тал чинь? Тэр бас л толгойгоо сэгсрэв.
- Би аль хэдийн хэлсэн биз дээ, энэ их будлиантай гэж. Бусдад өргүүлэх үед...
- Аан. Хадерийн царай жаахан болгоомжилсон төрхтэй болсон харагдана.
- Түүхийг эргэж сөхөх үед чи бүхий л саад тотгор, бэрхшээлийг туулах хэрэгтэй болдог гэж Наижл тайлбарлаад
- Энэ ажлыг сонгох болсон шалтгаануудын нэг нь энэ гэлээ. Наижлыг өнгөрсөн үеийн тухай ярьж байгааг Фостер огт анзаарахгүй байгааг Хадер анзаарав.
- Хүмүүст эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад тусалж, таньж мэддэггүй байсан элэнц эмээ өвөө, хамаатан садангуудыг нь олж өгөх үедээ би зорилгодоо жаахан ч гэсэн хүрлээ гэж боддог. Хадер түүнийг харж инээмсэглээд
- Би сайн ойлгож байна гэлээ.
- Би бас овгийн нэрсийг сонирхож, хаанаас гаралтай, ямар утгатай болохыг нь судалдаг.
- Нээрэн гэж үү? Тэгвэл Женкинс ямар утгатай юм бол?
- "Жон" гэдгийн эмэгтэй хүйс, эсвэл хүүхэд. Магадгүй "Жонес". "Кин" бол хуучны Норвег хэлнээс Флаамсаар дамжиж орж ирсэн үг, гэхдээ Женкинс ямар нэгэн газар усны нэртэй холбоотой биш. Ер нь их түгээмэл нэр, 1939 онд энэ нэр Америкт түгээмэл нэрний жагсаалтын дөчин хоёрт орж байсан.
- Тэгвэл түүнийх? гэж тэр асуугаад Фостерыг заалаа.
Наижл царайгаа үрчийлгэв.
- Нэрний гарал үүслийг шууд утгаар нь тайлбарлахад хэцүү. Овгийн нэрсийг судлах нь тийм ч нарийн тодорхой болоогүй байна, бага багаар урагшлах хэрэгтэй.
- За за, гэж Фостер хэлээд урагш тонгойлоо.
- Бидний энд байгаа шалтгаан бол...
- Өө үгүй, болиоч дээ хэмээн Хадер Наижлд туслахаар шийдээд
- Фостер гэж ямар утгатай юм бэ? гэлээ.
- Энд хэд хэдэн тайлбар байж болно. Forest (ой мод), woud (мод), модтой ажилладаг хүн. Эсвэл модны ойролцоо амьдардаг хүн, үгүй бол тэнд ажилладаг хүн. Эелдэг, найрсаг байх үүднээс Наижл бас нэг тайлбарыг хэлсэнгүй. Фостер гэдэг нь асрахын хүүхэд гэдэг утгатай бөгөөд магадгүй Фостерын өвөг эцэг нь асрахын хүүхэд эсвэл хүүхэд асардаг эцэг эх байсан байж болно.
- Сэтгэл хөдөлмөөр юм гээч хэмээн Фостер хайнгадуухан хэлээд
- Одоо гол асуудалдаа орцгоох уу? гэлээ. Тэгээд хамтрагч руугаа харвал нөгөөх нь дураараа л бол, энэ чиний хэрэг гэсэн байртай гараа дэлгэж харагдлаа.
- Өнөө өглөө бид нэг эрэгтэй хүний цогцос олсон. Тэр алагдсан. Хэрэг болсон газар дээр бид алуурчны зориуд үлдээсэн нэг баримтын дугаар олсон. Бид энэ дугаарыг төрсний-, гэрлэлтийн- эсвэл нас баралтын бүртгэлийн дугаар гэж бодож байгаа. Таныг бидэнд тусалж чадна гэж найдаж байна.
Наижл ороосон тамхиа асаагаад хүчтэй сорлоо.
- Тэр баримтыг би үзэж болох уу?
Фостер толгойгоо алгуурхан сэгсрээд
- Үгүй, гэхдээ би үүнийг танд хэлж өгч чадна. 1А137.
- Жижиг үсэг үү эсвэл том уу?
- Том үсэг.
- Энэ уул нь жижиг а байх ёстой. Гэхдээ энэ 1852-1946 оны хооронд бичигдсэн Төв болон Баруун Лондонд харьяалагдах төрсний гэрчилгээ-, гэрлэсэн-, эсвэл нас барсныг бүртгэсэн баримтын дугаар байж мэднэ.
- Яагаад заавал тусгай дүүргүүд гэж? Тэгээд тэр онууд чинь хаанаас гараад ирэв?
- Бүх дүүргүүд өөрийн гэсэн бүртгэлийн тэмдэглэгээтэй байсан. Миний сая хэлсэн эдгээр онуудад Хампстед, Вэстминстер, Мэрилбоун, Челси, Фулам, Кенсингтон дүүргүүд ийм тэмдэглэгээтэй болсон юм.
- Цогцос Кенсингтонд олдсон гэж Хадер хэлээд Фостерыг харав.
- Үүнтэй ямар нэгэн холбоо бий гэж та бодож байна уу?
Фостер бодлогошрон эрүүгээ иллээ.
- Миний бодлоор бид үүнийг зүгээр орхиж болохгүй. Ингэхэд чи энэ төрсний гэрчилгээ - гэрлэлтийн- эсвэл нас баралтыг бүртгэсэн баримттай холбоотой эсэхийг харж өгч чадах уу?
- Энэ бүгд боломжтой хэмээн Наижл хариуллаа.
- Тэгвэл чи энэ дугаараар баримтыг олж чадах нь ээ?
- Тэгэлгүй яахав, ямар ч асуудалгүй. Гэхдээ бид мянга мянгаар нь л олно шүү дээ. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн дүүрэг, хуудасны дугаар байна. Хэрвээ надад тодорхой он, нэр байвал баримтыг олоход илүү хялбар болно. ГБТөвд одооноос эхлээд буцаад бүр 1837 он хүртэлх бүх бүртгэлүүд байдаг.
Хоёр мөрдөгч бүр цөхөрч суудлынхаа түшлэгийг налж суулаа. Хадер кофеноосоо балгав. Фостер Найжлыг ширтэж сууснаа дахин урагшаа тонгойлоо.
- Бид хохирогчийн гар утсыг олсон. Хамгийн сүүлд хадгалсан дугаар утасны дугаар байгаагүй, хохирогчийг үхсний дараа оруулсан байсан. Бид эхлээд цогцсыг зөөвөрлөх үед эдгээр тоонууд санамсаргүй дарагдсан гэж бодсон. Гэвч товчлууруудыг зориуд дарсан байж ч магадгүй.
- Ямар тоонууд байсан юм бэ?
- 1879.
- 1879 хэмээн Наижл давтан хэлээд бодлогошроход
- Энэ танд хангалттай юу? гэж Фостер асуулаа.
Наижл хариуд нь инээмсэглэв.
-Тэгэлгүй яахав. Гэхдээ нэг их хурдан олдохгүй байх. 1879 онд Төв болон Баруун Лондонд өчнөөн олон хүн төрж, хуримлаж бас үхсэн.
- Хэр удах бол?
- Нэг өдөр. Гэхдээ эхлээд бүх баримтуудыг асууна, хувилна, тэгээд илгээх хэрэгтэй.
- Бид зүгээр орон нутгийн иргэний бүртгэлийн салбар контор луу очиж болохгүй юм уу?
- Энэ баримтын дугаар бол Бүртгэлийн Ерөнхий Газрын бүртгэлийн дугаар буюу төвийн бүртгэл, орон нутгийн салбарынх биш. Тэнд бид юу ч хийж чадахгүй. Хэрэв энэ үнэхээр төрсний гэрчилгээ-, гэрлэлтийн-, эсвэл нас барсан баримттай холбоотой бол төвийн бүртгэлийнх байх ёстой.
- Тэр чинь хаана байдаг юм бэ?
- Өмнөд Портод байдаг Бүртгэлийн Ерөнхий Газарт.
- Өмнөд Порт оо? Тэр чинь ямар чөтгөрөө хийж тэнд байдаг байна аа?
- Xөөе, Лондон бол энэ орчлон хорвоогийн төв биш шүү гэж Хадер хэллээ.
- Хэрвээ чи Лондонгийн цагдаагийн газрын төлөө ажилладаг бол тийм л байх болно.
Тэд бүгд дуугаа хурааж, Фостер хэсэгтээ бодлогоширч суулаа. Наижл хуруугаараа ширээ бөмбөрдөж суугаа мөрдөгчийг гярхай ажиглаж харна. Фостер
- Хадер, төв рүү утасд. Мерсисайдын цагдаагийн газраас хэдэн ажилтан гаргаж, төвийн бүртгэлийн газар руу явуулаад өгөөч гэж асуух хэрэгтэй байна гэж тэдэнд хэл гэснээ Наижлд хандан
- Тэд юу хийх ёстой вэ? хэмээн асуулаа.
- Ажилтнуудад эхлээд бүх баримтуудыг цуглуулж, танд хэрэгтэй баримтыг олох хүртлээ эрж олох даалгавар өг. Тэгээд олсон мэдээллүүдээ тан руу аль болох хурдан дамжуул гэж хэлээрэй.
- Хадер, чи сонссон уу?
Хадер гадаа гарч утсаар ярихаар шатаар өгсөхөд эрчүүд түүний араас харсаар сууж үлдэв.
- Та одоогоор ажил ихтэй байгаа юу? хэмээн Фостер Наижлаас асуулаа.
- Гайгүй дээ.
- Таныг ажилчидтай тань хамт энэ баримтыг олох ажилд оролцуулж болох болов уу?
Наижлын нүүр чавга шиг улайчихав.
- Ажилчдын хувьд жаахан асуудалтай.
- Юу болсон юм бэ?
- Надад үнэндээ ажилчид байхгүй. Би яг одоохондоо...
Фостер гараа өргөж яриаг нь тасаллаа.
- Санаа зовох хэрэггүй дээ, ноён Барнес. Та надаас тусламж авна, гэхдээ аль болох хурдан. Бид бүртгэлийн газар дээр хэдэн цагт очсон байх ёстой вэ?
- Есөн цагт.
- Хаалгыг онгойлгох тэр мөчид тэд тэнд байх болно.
Дотор нь аль эрт мартагдсан нэг юм сэргэж ирэхийг Наижл мэдрэв. ЭНЭ БОЛ ОНГОД. Хэдэн сараас хойш тэр анх удаагаа ажлаа хурдан эхлэхсэн гэхээс бүр байж ядаж байлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:31 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.01.17 2:06 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
2 өдрийн турш салж чадалгүй уншаад дуусчихлаа. Орчуулга мундаг болсон байна. Сонирхолтой, гоё ч ном байна :wd:

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.01.17 2:09 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
Quote:
Номоо тасалж хуудас болгон оруулж чадсангүй ээ. Яаж оруулдгийг нь мартчихаж. Дараагийн номыг оруулахдаа хэрэглэмээр байна. Хэлээд өгөөрэй.
Тасалж хуудас болгож оруулна гэж юуг хэлж байгаа билээ? Хэсэг хэсгээр нь бүлэг бүлгээр нь хуваагаал 1 1 пост болгоол оруулчихгүй юу?

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.01.17 6:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
6



Фостер Актон хэмээх нам тайван гудамжны цувраа байшингуудын нэгд байдаг гэртээ ирэх үед аль хэдийн оройны арав өнгөрчихсөн байлаа. Уушны газар луу явахад хэтэрхий оройтжээ. Тэр машинаа зогсоол дээр тавьчихаад мотороо унтраахдаа хөгжим сонсохоор түлхүүрээ гүйцэд хариулсангүй. Чүдэнзний хайрцагнаас ч томгүй хэмжээтэй МП-3 тоглуулагчаар тоглуулж байгаа бага зэрэг метал хөгжмийн хэмнэлтэй энэ дууг Фостер мэддэггүй ажээ. Тоглуулагчид мянгаас илүү олон дуу байдаг ч тэр хэдхэнийг л мэднэ. Хэдэн сарын өмнө конторт ажилладаг залуучуудын нэг эдгээр дуунуудыг татаж өгчээ. Одоо үед пянз цуглуулах шаардлагагүй, найз нарынхаа аль нэгээс бүгдийг зүгээр авчихна, эсвэл интернетэд тавигдсан дуунуудаас аль дуртайгаа сонгож болно. Тэрбээр одоо арван хэдтэй байхдаа цуглуулж байсан хуванцартай уутнуудаа хаана үлдээснээ санахаа байжээ. Анхны сингл нь Р. Дийн. Тэйлорийн "Индиана Намайг Хүсээч" байсан. Тэр үед магадгүй энэ дууны гол баатар тэсвэр тэвчээргүй, аавыгаа байнга бухимдуулж байдаг нь Фостерт энэ пянзыг худалдаж авах шалтгаан болсон байх. Одоо тэр сингл хаана хэвтэж байгааг бурхан л мэдэх байх. Тэр харин энэ дууг тоглуулагчдаа аль хэдийн татаад суулгачихсан.
Машин дотор сайхан дулаахан, харанхуйд салоны гэрэл гэрэлтэж харагдана. Энд тайван амгалан байсан тул түүнд суудлаа арагш нь буулгаж, хэдэн цаг унтмаар санагдлаа. Гэвч ая тоглож дуусахад тэр тоглогчийнхоо дууг намсган гар утсаа авч Хан руу залгаад, түүнийг маргааш өглөө ГБТ дээр Хадерыг хүлээх хэрэгтэй гэж хэллээ. Ажил урагштай байгаад Хан баярласан шинжгүй байсан ч түүнд энэ огтхон ч сонин санагдсангүй.
Фостер машинаасаа бууж, чулуу дэвссэн нарийхан замаар алхан хаалга руугаа очиж гэртээ ороод үүдний гэрлээ асаав. Гэрийн үйлчлэгч хийдэг польш эмэгтэй Ага өглөө ирж цэвэрлэгээ хийгээд явсныг мэдсэн тэрбээр дотор нь онгойлоо. Шуудангаа шалгаж үзвэл анхаарлыг нь татчихаар сонирхолтой зүйл байгаагүй тул овоолж тавьсан бусадтай нь нийлүүлж орхив. Дараа нь гадуур хувцсаа өлгөж, хүрэм зангиагаа тайлаад шууд гал тогоо руугаа алхлаа. Тэр өрөөний голд байрлах зандан ширээн дээр тавьсан хагас шил улаан дарсаа авч том шилэн аяганд хундгалав. 62 оны Чивал Бланк өчигдөр орой сайхан амтагдаж байсан юм чинь одоо уухад болохгүй нь юу байхав. Хэдийгээр дарсны амт суларсан байсан ч өнгөрсөн өдрүүдэд завсар завгүй ажилласаар ядарч туйлдсан тархи толгой, бие хаагаа амраахад түүнд хэдэн хундага дарс хэрэгтэй байлаа.
Дарс, энд байгаа бүх дарс түүнийх биш. Цагдаагийн газраас тэтгэвэртээ гарсныхаа дараа эцэг нь сайн ургацтай жилийн хамгийн сайн дарснууд, ялангуяа дуртай bordeaux дарснуудаа цуглуулах дур сонирхлоо гүйцээхээр шийджээ. Тэрбээр эцэг нь дарс нэг бүрийг бахархалтайгаар өрж, том дэвтэртээ тэмдэглэдэг байжээ. Тэр заримдаа зочиддоо өгөх дарсаа зоориноосоо авчирч тоосыг нь арчин хундгалах үедээ дарсныхаа онцлог шинж, тухайн ургацын жил, усан үзэмний талбай зэргийг тоочиж гардагсан.
Эцэг нь хооллох бүртэй хэдэн хундага дарс тамшаалан ууж, заримдаа оройн турш энэ яриагаа үргэлжлүүлнэ. Өвдөлтөөс нь ангижруулахын тулд бэлдмэл өгөхийн өмнөхөн эцэг нь Фостерт сүүлчийн захиасаа үлдээхдээ
- Хүү минь, зооринд санаа тавьж байгаарай гэж хэлжээ.
- Аав минь уучлаарай хэмээн Фостер амандаа бувтнаад хундагатай дарснаасаа нэг том балгалаа. Аль нэг өдрийн өмнө онгойлгосон дарс исгэлэн болсон тул чичрүүдэс нь хүрэв.
Фостер гал тогооны өрөөнөөс гарч зочдын өрөө рүү орлоо. Өрөөнд орж ирэхэд хааяа ээжийнх нь хаа сайгүй тавьчихсан байдаг жижиг саванд хийсэн лавандрын сулхан үнэр үнэртдэг ажээ. Тэр эцэг нь нас барснаас хойш хэдэн долоо хоногийн дараа арван нэгдүгээр сарын шиврээ бороо орсон нэг өдөр нүүж ирэхдээ бүх савнуудыг гаргаж хаясан боловч лавандрын үнэр одоо болтол хадгалагдаж үлджээ. Үзэмж муутай хээ угалз бүхий хананы цаасан дээр өлгөж байсан уран зураг, гэрэл зургийн оронд цагаан саарал оромнууд харагдах бөгөөд хэдэн шүүгээнд нь хэдэн хоосон лааны суурь, хуучин ном сэтгүүлээс өөр зүйл байсангүй. Тэр энэ өрөөнд хуримын өдрөө авахуулсан ганц зургаа өлгөжээ. Зурган дээр өөрөөс нь гадна хуримын гэрч болсон хамгийн сайн найз Чарли нь байлаа. Тэд ёстой үй зайгүй найзууд байж билээ.
Фостер өрөөгөө тойруулан харав. Энд нүүж ирээд аль хэдийн долоон жил өнгөрсөн ч түүнд бусдын гэрт байгаа юм шиг санагдсан хэвээрээ ажээ.
Фостер хэсэгхэн зуур өнөөдөр гарсан хүн амины хэрэг, цогцосны талаар, бас Барнесын тухай бодлоо. Барнес өөрөөс нь гэр бүлийнхээ түүхийг мэддэг эсэхийг асууж билээ. Тэр энэ талаар юу ч мэдэхгүй болохоор үнэнээ л хэлсэн. Энэ тийм чухал юм гэж үү? Гэвч энэ асуулт түүнд эцгийнх нь тухай, түүний сүүлчийн өдрүүд, гэр бүлийн түүхэнд үлдээсэн үйл хэргийг нь эргэж санахад хүргэжээ.
Фостер өрөөний эсрэг талд тавьсан бичгийн ширээ рүү очлоо. Ширээний дэргэд эцэг нь хамран дээрээ нүдний шилээ тохчихоод, асаасан тамхиа үнсний саван дээрээ мартчихсан, бичиг цаас руугаа гөлрөөд сууж байдагсан. Фостер энэ хэдэн жилийн туршид анх удаагаа ширээний хавтсыг буулгалаа. Тэр өнгөрсөн цаг үед эргээд ирэх шиг болов. Дотор нь үзэг харандаа хийсэн аяга, хагасыг нь тастаж авсан блок дэвтэр, сэлэмний хэлбэртэй захиа онгойлгогч, дээр нь эцгийнх нь ажилласан жилийг (1954-1988) бичсэн Метрополитан цагдаагийн газрын цаасны хавчаар, бас ээжтэйгээ хамт Камбер Сандад авахуулсан түүний өөрийнх нь богино өмд өмссөн зураг байлаа. Фостер хэсэг харж зогссоноо ширээний хавтсыг буцааж хаан өнгөрсөн үеийг ардаа орхив.
Дараа нь тэр буйдандаа шигдэн сууж, зурагтаа асаагаад дууг нь намсгав. Тэр хэдийгээр их ядарсан ч өнөөдрийн хүн амины хэргийн тухай толгойд нь эргэлдэх элдвийн бодлоо хөөж зайлуулахаас нааш унтаж амарч чадахгүй гэдгээ мэдэж байлаа.
Алуурчин хэрэг үйлдсэн газраа зэвсэг, ул мөр гэх мэт эрлийн сэжүүр болчихмоор зүйл үлдээсэнгүй, бас нэг ч гэрч олдсонгүй. Одоо тэдэнд зөвхөн цогцосны цээжин дээр сийлсэн учир нь үл мэдэгдэх үсэг тоонууд, гар утсанд үлдээсэн дугаар л байгаа, бас тастаж авсан хоёр гарын сарвуунууд алга болчихсон. Ингээд л гүйцлээ. Бүх хүчээ дайчилсан ч тэд одоо болтол дороо эргэлдсээр. Фостер хэргийн мөрдлөгт тус болчихоор ямар нэгэн зүйл нэн дариухан олох хэрэгтэй байлаа. Товч дарж хонгилын үзүүрт гэрэл асаах хэн нэгэн ч юм уу.
Фостер хундагатай дарсаа ууж дуусгаад гал тогоо руугаа орж эцгийнх нь бахархлуудын нэг болсон 1980 оны Петрусыг задлав. Тэр гал тогооны ширээн дээр байсан зөөврийн саарал компьютероо асааж дарс балгангаа тархиа амраахаар зорилгоор хардаг авто машины цахим хуудаснуудыг алгасч, цахим шуудангаа шалгавал бэлэг эрхтэн томруулах санал тавьсан сурталчилгаанаас өөр зүйл байсангүй. Түүний толгойд дахиад л хэргийн тухай бодлууд эргэлдэж эхэллээ. Хохирогчийг хороох байсан юм бол түүнийг амьд байхад гарыг нь яагаад таслав? Түүнийг аль болох их өвтгөж, тарчилган зовоохоор тэгж их үзэн ядаж байсан гэж үү?
Гэнэт гар утас нь дуугарахад Фостер утсаа авлаа.
- Мөрдөгч... Энэ Дринквотер ажээ.
- За, Энди.
- Ноттинг Хиллийн цагдаагийн хэлтэс нөгөө оршуулгын газарт байдаг Шийна Каррол хэмээх гуйлгачин эмэгтэйг олж авчирсан гэнэ. Сидэр эмэгтэй оршуулгын газар луу явж байжээ.
- Тэр ямархуу байгаа гэнэ?
- Тэр шал согтуу байгаа гэсэн. Би тийшээ очиж тэр эмэгтэйтэй ярилцаж болох юм. Бүтэлгүйтвэл маргааш дахиад оролдоод үзье.
Асуудлыг Эндид даалгачихвал тэр бага зэрэг амарч чадна. Энди магадгүй арван минутын хойно залгасан бол тэр аль хэдийн унтчихсан байх биз. Гэвч тэр одоо сэрүүн, тэгээд ч хувцсаа бүрэн тайлаагүй байлаа.
- Хагас цагийн дараа би чамтай Ноттонг Хиллд уулзъя гэж тэр хэлэв.


Фостер цагдаагийн хэлтсийн байцаалтын өрөөнд оронгуутаа Сидэр эмэгтэйгээс үнэртэх хир буртаг, шивтэр, уусан дарс холилдсон хурц үнэрт эгээтэй л ухаан алдаад уначихсангүй. Эмэгтэй ширээний хажууд сандал дээр биеэ хураачихсан нугдайгаад сууж байлаа. Үрчийсэн хорчгор улаан царайгаар нь түүний насыг тодорхойлно гэвэл нилээд хэцүү, зөвхөн дөчин таваас жаран тавын хооронд гэж л таамаглахаар харагдана. Хар бараан өнгөтэй байсан болов уу гэмээр үс нь хирэндээ баригдаж ширэлджээ, тэрбээр амандаа хэдхэн шүдтэй ажээ. Эмэгтэй харцаа өргөж гахайн нүдээрээ Фостерыг чадах чинээгээрээ сүрдүүлэх маягтай хараад
- Надаас юу хүсээд байгаа юм бэ, новш оо? хэмээн архирлаа. Санасныг бодвол түүний хэл яриа хүнд ойлгогдохоор ажээ. Энэ эмэгтэй хямдхан үнэтэй сидэр дарснаас өдөр бүр доод тал нь хоёроос доошгүй шилийг уудаг архаг архичин боловч тэр сэтгэл мэдрэлийн өвчтэй болчихоогүй байгааг хараад Фостер маш их гайхжээ.
Фостерыг хариу хэлж амжихаас өмнө эмэгтэй
- Намайг ямар чөтгөрөө хийж энд саатуулаад байгаа юм бэ? хэмээн хяхтнасан хоолойгоор дахиад асуув.
- Та бидэнд тус болж магадгүй юм, Шийна. Тэгвэл бид танд их талархах болно гэж Фостер хэлээд сандал авч суулаа.
- Тэгвэл тэр чөтгөрийн юм чинь нэг янжуурны үнэтэй хэмээн эмэгтэйг хэлэхэд Фостер
- Энэ харин боломжийн үнэ байна гээд хэдэн янжуур авчруулахаар Дринквотер луу дохив.
- Тэгээд би танд юугаар туслах болж байна, мөрдөгч өө гэж хэлэх үедээ эмэгтэй сүүлчийнхээ үгийг бараг залгичихав.
- Унтаж амардаг газарт чинь орохыг хориглосон байгааг та анзаарсан байх. Учир нь өнөөдөр бид тэнд, таны унтдаг газар дээр нэг эрэгтэй хүний цогцос олсон. Тэр алагдсан байсан.
- Би үүнтэй чинь ямар ч холбоогүй гэж эмэгтэй шууд хэллээ.
- Би тэгж хэлсэн гэж үү, Шийна? Тэнд чамаас гадна өөр хүн бас унтдаг юм биш биз?
Эмэгтэй толгойгоо хүчтэй сэгсрээд
- Хэрвээ тэгсэн бол муусайн новшнууд надад тархиа хага цохиулах байсан. Тэр чинь миний байр. Заримдаа тэнд хэдэн залуус ирж шөнө дунд болтол өвс татдаг. Тэр тамын чөтгөрүүд надад хэзээ ч юм өгч байгаагүй гэж хэлэв. Тэр ёзоор нь харласан хэдхэн шар шүдээ ил гарган тамаас гарч ирсэн хүнээс л гарах байх гэмээр хяхтнаж хүчилсэн хоолойгоор инээтэл тэр нь бүгшүүлсэн ханиадаар солигдлоо. Эмэгтэй цэрээ алга руугаа нулимчихаад амаа арчив. Дринквотерыг өрөөнд орж иртэл тэр гарт нь байсан хэдэн John Players янжуурыг бараг булаах шахам аваад нэгийг нь тэр даруй асааж усан доогуур шумбагч гүн амьсгал авч байгаа аятай хүчтэй сорлоо. Фостер яриагаа үргэлжлүүлэв.
- Тэгэхээр залуус цогцсыг олсон. Гол асуудал нь чи хаана байсан бэ гэдэгт байна, Шийна. Чамайг тэнд шөнө болгон унтдаг гэж бид сонссон. Гэтэл чи яагаад мягмар гаригийн шөнө, бас урд шөнө тэнд очоогүй юм бэ? Фостерыг асуултаа тавих хооронд эмэгтэй янжуурныхаа талд ортол татчихсан байв. Шийна тамхиныхаа утааг дээшээ үлээж гаргаад
- Намайг тэнд байж болохгүй гэж хэлсэн учраас гэлээ.
Фостер эмэгтэйд ойртлоо.
- Хэн тэгж хэлсэн юм бэ?
- Нэг эрэгтэй.
- Ямар эрэгтэй?
- Би яаж тэр чөтгөрийн хүүг мэдэх юм бэ? Нэг ноёнтон, яг чам шиг.
- Юу? Надтай адилхан юм уу? Эмэгтэй мөрөө хавчаад
- Мэдэх юм алга аа гэснээ тамхиа соров.
- Тэр ноёнтон чамд юу хэлсэн юм бэ?
Эмэгтэй хэсэг бодолхийлж байснаа
- Тэнд нэг төрлийн цэвэрлэгээний баг ирэх болсон. Цэвэрлэгээний үеэр гадаа унтдаг хүмүүс толгойгоо ялгадсанд дүрсэн юм шиг бохир заваан болно гэж тэр хэлсэн. Тэгээд л би хэдэн өдөр өөр тийшээ явсан гэлээ.
- Түүний хэлсэнд та итгэсэн гэж үү?
- Яагаад үгүй гэж? тамын хүү чамайг дээ гэж хэлэхдээ тэр Фостер луу их л цухалдсан байртай харав.
- Тэр Орон гэргүйчүүдийн тусламжийн байгууллага ч гэл үү нэг тиймэрхүү газраас ирсэн, бас намайг шоронд хориулмааргүй байна гэсэн.
- Тэр танд бичиг баримтаа үзүүлсэн үү?
Шийна толгой сэгсрээд, тамхиа шатаж дуусахаас өмнө хоёрдохоо асаалаа.
- Энэ хэзээ болсон юм бэ?
- Би тэнд хоёр шөнө байгаагүй гэхээр...
Фостер эмэгтэйд туслахаар
- Мягмар гариг гэв.
- Таныхаар болог.
- Шийна сонсооч, энэ хүн амины хэргийг чамтай ярилцсан тэр хүн үйлдсэн гэж бид бодож байгаа. Чамд түүний талаар санаж байгаа ямар нэг зүйл байна уу? Эмэгтэй хэсэг зуур дуугаа хурааж тамхиа татлаа.
- Энэ бүхэн мягмар гаригийн өглөө эрт болсон. Тэр үед миний бие нилээн тааруу байсан. Тэр дүрэмт хувцасгүй байсан болохоор цагдаа биш гэдэг нь ойлгомжтой байсан. Тэрнээс биш би түүнд чөтгөр шулам руугаа тонил гэж хэлэх байсан юм. Өршөөж үзээрэй.
Фостер түүний хэлсэн үгэнд уурлаагүй гэдгээ мэдэгдэхээр гараа зангалаа.
- Тэр энгийн хувцастай байсан.
- Түүнд ямар нэг онцгой шинж тэмдэг байсан уу?
- Тэр тамхи татдаггүй юм байна лээ. Миний санахад намайг ороодог тамхи ч болтугай өгөөч гэхэд тамхи татдаггүй гэж тэр хариулсан эмэгтэй өөртөө маш итгэлтэй нэмж хэлэв.
Өө за, энэ тус болж мэдэх л юм гэж Фостер бодлоо.
- Тэр надад мөнгө өгсөн.
- Өө за, тийм байдаг байж. Танд тэр мөнгө байгаа юу? хэмээн Фостер илт сонирхож асуувал эмэгтэй
- Ямар чөтгөрийн юмаа бодоод байгаа юм бэ? Би үнэндээ юу ч хадгалдаггүй гэлээ.
Фостер энэ байцаалтаар олон юм тодруулж чадахгүй гэдгээ мэдэж байжээ. Тэр Дринквотер луу хальт дохиж
- Хамтрагч маань тэр ноёнтны талаар чамтай дахиад жаахан ярилцана. Тэр нөхрийн талаар аль болох их юм санахыг хичээгээрэй гэж хэлээд өрөөнөөс шууд гарлаа.
Фостер гадаа гарч шөнийн цэнгэг агаараар амьсгаллаа. Тэнгэр цэлмэг харагдах хэдий ч Лондонгийн утаа униар түүнд одод харах боломж олгосонгүй. Фостер алуурчин хохирогчийнхоо цогцсыг хаях газраар яагаад заавал ойр тойронд нь байгаа барилга байшингаас ил тод харагдах оршуулгын газрыг сонгосныг гайхаж байснаа саналаа. Энд нэг учир байна. Ийм зүйл хийх нь эрсдэлтэй гэдгийг алуурчин мэдэж байсан ч тэр газрыг зориуд сонгосон юм байна гэдгийг Фостер одоо л ойлголоо.
Алуурчин зорилгодоо хүрчээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:33 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.01.17 9:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
Quote:
Quote:
2 өдрийн турш салж чадалгүй уншаад дуусчихлаа. Орчуулга мундаг болсон байна. Сонирхолтой, гоё ч ном байна :wd:
Миний оруулж байгаа пост зөвхөн нэг хуудсан дээр л ороод байна аа. Тэгээд их сунжралдсан урт болсон байгаа биз дээ. Би дараагийн хуудсыг нээж постоо оруу;ах гэсэн юм. Тэгвэл уншигчдад амар байх юм .
Аан энэ угаасаа тэгнээ. Нэг хуудсанд харагдах постын тоог тохируулсан учраас тэгж байгаа юм. Урт богино байх нь хамаагүй 1 хуудсанд харагдах постын тоо гүйцэхээр л дараагийн хуудсандаа орно. Нэг постоор богинохон оруулаад байвал харахад амар байна байх.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.01.17 11:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
7



Наижл тохирсон цагаасаа бага зэрэг хоцорсон тул хаврын нар илч муутайхан ээсэн Эксмаут Маркетын гудамжаар хар хурдаараа алхаж явлаа. Өдийд ГБТ аль хэдийн онгойчихсон, бас тэнд цагдаагийнхан ирчихсэн биз. Сэрүүлэг тавихаа мартчихсан гэлтэй биш, зүгээр л метронд асуудал гарсан гээд хэлчихье хэмээн тэр дотроо боджээ. Майделтоны гудамжны буланд байрлах захын дэргэд ирээд тэр ГБТ-ийн хаалганы урд, шатан дээр ташаа тулан зогсож буй Хадерыг олж харлаа. Тэрбээр алхаагаа улам хурдасгаж цүнхээ савчуулсаар Хадерын дэргэд хүрч ирэв. Наижл их хөлөрч, хөлсөнд норсон цамц биед нь наалджээ.
- Өршөөгөөрэй хэмээн түүнийг амьсгаадсан хэвээрээ хэлэхэд Хадер инээмсэглээд харцаа хөлөрсөн толгой руу нь биш, харин хувцсан дээр нь тусгаад
- Чи цэмбэн хувцас өмсжээ гэж энгийн дуугаар хэллээ.
Наижл үнэхээр ташуу судалтай саарал цэмбэн хүрэм, дотроо хөх саарал захгүй цамц өмсжээ. Тэр энэ хүрмийг комиссын дэлгүүрээс авсан боловч дулаахан, бас дажгүй харагддаг билээ. Ийм учраас тэр өнөөдөр байнга шахуу өмсөж явдаг модон товчтой хүрэм, жинсэн өмд, ноосон цамцаа тайлж орхисон ажээ.
- За, орцгоох уу?
Хадер дахиад инээмсэглэснээ толгой дохилоо.
- Чамд сайхан зохижээ. Чи одоо халимаг үстэй номын хүн шиг сайхан харагдаж байна. Наижл Хадерын өмссөн богино хар банзал, хар оймс, өвдөгтөө хүрсэн түрийтэй гутлыг ажиглаад ГБТ-д ирдэг өндөр настай ноёд үүнийг хараад лав уурлана гэхээс эмээж байлаа.
- Та нар хувцасныхаа хэв маягийн талаар ярилцаад дуусав уу?
Үсээ арагш нь самнаж гельдсэн, ази гаралтай, өөртөө итгэлтэй харагдах залуухан эр тэдний дэргэд ирж зогсов.
- Наижл, энэ бол Хан гэж Хадер хэллээ.
Эрчүүд гар барив. Хадерын хэлсэн үг Наижлыг тайвшруулсан хэдий ч түүний нүдний харц, магтсан үгнээс болоод түүнд бараг нисч байх шиг санагдав. Түүнчлэн их халууцаж хөлөрсөн болохоор нүүр минь арай улайчихаагүй байгаа гэж хүртэл боджээ.
- Чиний дараа...гэж Наижл хэлээд хаалга өөд заалаа.
Тэд дотогшоо орж, Наижл хамгаалалтын албаныханд цүнхээ шалгуулсны дараа гол танхим руу явцгаав. Танхимд олон хүн сууж байлаа. Угийн ажил хэрэгч хүн шиг харагддаг Хан
- Энд ийм их хүн байдаг гэж миний санаанд ёстой орж байсангүй. Энэ Пиккадилли Тойрогтой адилхан харагдаж байна гэж хэлэхэд Наижл толгой дохиод
- Хэрэв чи энд долоо хоногийн сүүлчээр ирвэл бичиг баримт авахаар ирсэн хүмүүс бараг дайн дажин хийх шахаж байдаг юм гэлээ.
- Тэд олс татах тэмцээнд оролцох гэж байгаа хүмүүс шиг харагдахгүй байна аа гэж Хан толгойд орсноо хэлэв. Наижлд жаахан доромжлуулсан юм шиг санагдсан ч инээмсэглэсэн хэвээрээ
- Гэвч тэд гомдол цөхрөлөөсөө болоод удалгүй бууж өгцгөөдөг хэмээн хэлэв.
Тийм дээ, түүнд ч гэсэн элэнц хуланц, эмээ өвөөгөө сохроор хайж байгаа хүмүүсийг зогсоох хэрэг олонтоо тохиолдож байжээ. Эдгээр хүмүүс баян, нэр алдартай, бардам сайрхуу хүмүүсийн тухай мэдээлэлд дарагдсан орчин үеийг биш, харин тайван нойрсогчдынхоо анир чимээгүй ертөнцийг илүү түлхүү сонирхдог. Тэд өнгөрсөн цаг үед амьдарч байсан хүмүүсийнхээ дурсамжийг хадгалж үлдээхийн тулд чадах бүхнээ хийдэг ажээ.
- Ингэхэд бид юу хийх ёстой билээ хэмээн хэлээд Хан хоёр алгаа хооронд нь үрэв. Тэд зузаан модон самбар дээр холбогдох хориод он жилийг бичсэн төрсний гэрчилгээний бүртгэлийн тасаг руу очлоо.
- Би төрсний гэрчилгээ, чи гэрлэлтийнхийг, харин Хадер нас барагсдын бүртгэлийг шалгаж үзнэ.
- Сайн зохицуулж байна шүү гэж Хан дүнсгэр царайлан амандаа бувтнав.
- Баримт шалгах аргууд ерөнхийдөө адилхан хэмээн хэлсэн Наижл нилээн урт цаг зарцуулж мэдэх учраас ажлаа эхлэхээр яарч байлаа. Тэгээд хамгийн дээд талын тавиур дээр хэвтэх элэгдэж хуучирсан, зузаан хавтастай баримтыг аваад, доор нь ном гулгаж унахаас сэргийлсэн ирмэг бүхий V хэлбэртэй уншлагын тавиур дээр тавилаа. Наижл хавтасны нуруун дээрх бичгийг харуулаад
- Энэ бол 1879 оны гурван сард төрсөн хүмүүсийн гэрчилгээний бүртгэл гэж хэллээ.
Тэрбээр эхний хуудсыг нээхэд нөгөө хоёр нь сайн харж авахаар дээр нь тонгойв. Мэддэг нэр усаа эрж олох зорилготой хэдэн мянган хуруугаар эргүүлж байсан толботож халтартсан энэхүү хуудасны баруун доод өнцөг бүр бохиртож хатуурсан ажээ.
- Бидний аз болоход 1879 оны бүртгэлийг бичгийн машинаар бичсэн болохоор бүгдээрээ нэг хуудсанд багтсан байна.
- Хуудсан дээр маш олон нэрс байна шүү дээ гэж Хан сүрдсэн байртай хэлэхэд Наижл мөрөө хавчлаа.
- Баримтуудыг үсгийн дарааллаар, эхлээд овгийн нэр, дараа нь өгсөн нэрийг оруулсан байгаа. Харин бид энэ удаа дүүрэг, хуудасны дугаар 1а137- гэж тэмдэглэсэн эгнээг сонирхож байгаа. Хэрвээ та хоёр энэ дугаарыг олвол бүх баримтыг тэмдэглэж авна, ойлгов уу?
- Ойлгох шиг боллоо. Энэ бүх бүртгэлд хамаарах уу?
- Бараг тийм. Нас, нас барсан өдрийг бас тэмдэглэж авна. Мөрдөгч Хан, таны хариуцсан гэрлэлтийн бүртгэл яг үүнтэй адилхан байгаа.
- Цөөхөн нэрс байгаа гэж найдахаас гэж Хан хариулав.


Гурван цагийн дараа Наижл шатаар уруудан цайны газарт орвол Хан, Хадер хоёр түүнийг харваас сэтгэл нь илт хөдөлж догдолчихсон хүлээгээд сууж байв. Наижл ширээнд суух зуураа
- Ажил хэрэг тань хэр урагштай байв хэмээн асуухад
- Хадер бүр цочирдсон шүү гэж Хан хэлэв.
- Юу гэсэн үг вэ?
- Итгэхийн аргагүй маш олон хүүхэд дөнгөж төрөнгүүтээ нас барцгаасан байна. Хуудас бүрт нас барсан насан дээр 0 гэж тэмдэглэсэн байна гэж Хадер нүдээ томруулсан чигтээ хариуллаа.
- Итгэж чадахгүй нь. Бурхан минь, бид чинь тийм ч хэцүү цаг үед амьдраагүй юм байна. Миний найз Клэйр хагас жилийн өмнө хүүхдээ төрүүлэх үед төрөлт нь бараг дөчин цаг үргэлжилж, эцэст нь хүүхдээ хагалгаа хийж төрүүлсэн. Тэр хэрвээ зуун жилийн өмнө байсан бол хүүхэд нь шууд үхэх байсан.
- Тэр өөрөө ч гэсэн нас барах байсан биз. Хадер уруулаа зууж толгой дохив.
- Гайхалтай. Одоо хэрвээ Викториагийн үе шиг санаанд багтамгүй ийм олон хүүхдийн нас баралттай байсан бол манай Саймон Шама тэр бүх инээдтэй, хөгийн нэрсийг энд тэмдэглээд сууж байх байсан биз гэснээ Хан тэмдэглэлийн дэвтрээ авлаа.
- Сонс доо. Жижиг нүх, Ачигч илжиг, Морин хэдгэнэ. Арай ч дээ, энэ Морин хэдгэнэ гэдэг нэрээ сольчихож болоогүй юм байх даа. Хамгийн инээдтэй нь Өгзгөн хүн. Өгзгөндөө чих, новш оо! гэж хэлээд хөхөрсөнд Наижл мушийх аядаж, Хадер харин нүүрнийхээ нэг ч булчинг хөдөлгөсөнгүй.
- Чи ухаан суугаагүй өсвөр насны хүүхэдтэй адилхан байгаагаа мэдэж байна уу? гэж Хадер тохуурхсан өнгөөр хэлээд уруулаа ярвайлгав. Тэр Наижлд хандаж
- Энэ нөхөр мөрдөгч болоод жил болоогүй болохоор одоохондоо түүнд өөрчлөгдсөн гэхээр юм алга. Харж л бай, арван жилийн дараа Фостер шиг сэтгэл хөдлөлгүй, хэнэггүй нэгэн болж хувирна гэлээ.
- Гэхдээ л их үстэй байх болно.
- Чи бүгдийг шалгаад дуусчихсан уу? гэж Наижлыг асуухад Хадер толгойгоо сэгсэрлээ.
- Есдүгээр сарыг үзэж байна. Дөрөв, зургадугаар сарын баримт алга байна лээ.
- Тэр баримтууд буцааж тавигдах юм болов уу?
- Тийм ээ. Лавлахаас асуусан чинь ирэх даваа гаригт буцааж тавигдана гэж байна. Бидний хайж байгаа юм тэнд байхгүй гэж л найдахаас. Наижл
- Ийм зүйл дандаа тохиолддог. Эдгээр баримтууд өдөр бүр янз бүрийн гар дээр очиж байдаг гэлээ.
- Яг нөгөө...
- Тоглоом хийхээ больж үз, Маж гэж хэлээд Хадер хуруугаа гозойлгон анхааруулав. Хан гэмгүй царайлан
- Дахиж ингэхгүй гэснээ
- Би бараг дуусч байгаа гэж нэмж хэллээ.
- Би бүгдийг шалгаад дуучихсан, тиймээс би та хоёрт тусалж болох юм гэж Наижл хэлэв. Хадер хөмсгөө өргөж Наижлыг хараад
- Гялалзуулсан байна шүү гэлээ.
Наижл зуун жаран гурван жилийн бүртгэлийг таван цагийн дотор шалгаж байснаа дурьдалгүй мөрөө хавчив. Түүнчлэн тэрбээр нэг удаа зөвхөн ганц хоёрхон мэдээллийн үндсэн дээр нэг удмын модыг гаргаж авахын тулд бүтэн өдрийн турш 1837 он хүртэл буцааж судалж байснаа дурьдсангүй.
- Биднийг бэлэн болчихоор хэн Өмнөд Портод утсаар мэдээлэх юм бэ? гэж Наижл асуусанд
- Бэлэн болсон бүх баримтыг би контороос факсаар дамжуулна. Бүгдийг нэг дор илгээх ёстой учраас ажлаа дуусгахыг чинь хүлээж байна хэмээн Хадер тодотгож хэлэв.
- Сайн уу, Наижл? Энэ дуу яг ард нь гарахад Наижл хэн гэдгийг нь шууд таниад
- Сайн, Дэйв хэмээн эргэж ч харалгүй хариуллаа.
Энэ үнэхээр нөгөө хөмсөг нь хоорондоо нийлж ургасан, махлаг тарган Дэйв Дакворт мөн ажээ. Хөгшин эрийг нас барах хүртэл тэр хоёр нэгэн жижиг албан конторт хамт ажилладаг байжээ.
- Өө за, Наижл. Бранчес Агентлагийн тухай сонсоод би Лазарусыг булшнаасаа босоод ирчихжээ гэж бодсон шүү. Өнгөрсөн гурван долоо хоног тэд тааралдаагүй ажээ.
- Тэгвэл чи зөв л сонссон байна, Дэйв.
Дэйв Наижлыг гайхсан харцаар хараад
- Тэгвэл би Н. Барнес гэдэг хүн их сургуулийн индэр дээрээс сурч мэдсэн зүйлээ бусдад гайхуулдгаа больсон гэж ойлгож болох нь ээ.
- Нэг тиймэрхүү гэх үү дээ. Дэйв тас тас хөхөрсөнөө Хадер, Хан хоёрт хандаж толгой дохив.
- Миний харж байгаагаар чи ажилчиддаа хангалттай төлж чадах хэмжээний мөнгө олж байгаа бололтой.
Хадер нүдээ жартайлгахыг Наижл харав. Түрүүчийн нүүрнээс сэтгэл хөдлөлийг нь шууд уншихаж болмоор ажээ. Түүний сэтгэл татам энэ төрхийг Наижл үнэхээр бишрэв. Наижл тэднийг өөр хооронд нь танилцуулахаас өмнө Дэйв яриагаа үргэлжлүүлж
- Мэдээжийн хэрэг, би зүгээр тоглосон юм гэлээ.
Хадер үл мэдэг инээвхийлэхийг хараад Наижл тэр Дэйвийг сайн хүн биш гэж бодож байгааг гадарлав. Тэгээд ч тэр алдаагүй ажээ.
- Та нар цагдаагийнхан гэдгийг би мэднэ хэмээн Дэйвийг нэмж хэлэхэд хэн ч юу ч хэлсэнгүй.
- Хүн болгон энд Гэмт хэрэгтэй Тэмцэх Газрын тэн хагас нь байна гэж ярьцгааж байна. Та нар энд юу хийж байгаа юм бэ?
- Миний санахад энэ бол нууц, ноён ...
- Дакворт. Дэйв Дакворт гээд тэр гараа сунгаснаа
- Хэрвээ та нарт мэргэжлийн туслалцаа хэрэг болвол над руу эргэлзэлгүй залгаж болно шүү гэж хэлээд бор өнгийн түрийвчнээс хэдэн ширхэг нэрийн хуудас гаргаж ирлээ.
- Баярлалаа, ноён Дакворт. Ноён Барнес үүнийг маш сайн хийж байгаа, гэхдээ бид таны хэлснийг санаж явна гэж Хадер хүйтэн өнгөөр хэлсэнд
- Зүгээр ээ гэж тэр инээмсэглэн хэлээд Наижл руу эргэж
- Чамтай хоёр гурван үг сольж болох уу? гэлээ.
- Дэйв, би завгүй.
- Аравхан хором, илүү хэрэггүй.
- Намайг өршөөгөөрэй гэж Наижл мөрдөгчдөд хандаж хэлэв.
Тэр Даквортыг дагаж хажууд нь олон хайрцаг овоолж тавьсан хана руу очиж явахдаа, тэр надаас юу хүссэн юм бол, энэ мөнгөтэй холбоотой юм болов уу хэмээн боджээ. Дэйвийн хувьд мөнгө бол түүний шүтээн. Түүний бүх ажил, амьдралын зорилго бол зөвхөн ахиухан мөнгө олох явдал ажээ. Авсан даалгавар нь хийсэн судалгааны ажлын чанараар бус, харин хичнээн их мөнгө олсноор тодорхойлогддог. Дэйв өнгөрсөн цаг үед хэзээ ч сэтгэл зүрхнээсээ хандаж байгаагүй, тэр нас барагсдын туулж өнгөрүүлсэн амьдралыг судалдаг энэ ажилдаа огтхон ч чин сэтгэлээсээ хандаж сонирхож байсангүй. Тэр зөвхөн аль болох их мөнгөтэй болохын тулд их ажлын санал олж авахыг хичээдэг. Дэйв мөнгө үрж байхыг хэн ч харж байгаагүй, нийгмийн амьдралаас хөндийрсөн тэрбээр хамгийн хямдхан хувцас өмсдөг, бас тэр үйлийн үргүй харамч гэдгээрээ бүгдийн танил болжээ. Түүнийг хөгц үнэртсэн өрөөнд олсон мөнгөө хуруувчтай хуруугаараа хэрхэн тоолж байгааг Наижл харах шиг болов.
- Би маш завгүй, ажил ихтэй, Дэйв хэмээн Наижл цөхрөнгөө баран хэллээ.
- Мэдэж байна. Чи нэг хүн амины хэрэг дээр ажиллаад завгүй байгаа биз дээ. Наижл хэсэгтээ дуугарч чадсангүй.
- Чи үүнийг яаж мэдсэн юм бэ?
Дэйв уцаарласан байртай хамраа шудрав.
- Наижл, миний хувьд "мэднэ" гэдэг чинь мэдсэн гэсэн үг. Чи, бас тэгээд чиний найз нарын хувьд би үүнийг яаж мэдсэн бэ гэдэг асуудал болж байгаа. Гэхдээ жаахан ч гэсэн галзуу солиотой юм хийхгүйгээр бид юу хийж чадах юм бэ?
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
Дэйв тонгойж нүүрээ түүний нүүрэнд бараг тулгав. Энэ Наижлд огтхон ч таалагдсангүй. Дэйвээс кофены үнэр хүчтэй үнэртэж байлаа.
- Бид энд юу болж байгааг миний таньдаг сурвалжлагч нарын нэгэнд хэлээд хариуд нь жаал юм цохиж болох юм. Чи энэ талаар юу гэж бодож байна? хэмээн тэр шивнэв.
- Чи яг юу мэдэж байгаа юм бэ, Дэйв?
- Энэ бүхэн хэд хоногийн өмнө Ноттинг Хиллд гарсан хүн амины хэрэгтэй холбоотой гэдгийг би мэдэж байгаа.
- Энэ талаар яаж мэдсэнийг чинь би одоо болтол ойлгохгүй байна.
- Энэ хамаагүй ээ. Хамгийн гол нь одоо дараагийн алхам юу болохыг мэдэх нь чухал. Наижл биеэ цэхэлж тэр хоёроос хараа салгалгүй сууж буй Хадер луу хальт харлаа.
- Дараагийн алхам бол чи надаас зайлж холдох. Дэйв, би ажлаа хийх хэрэгтэй байна.
Тэр Даквортоос холдож, ширээ рүүгээ буцаж явлаа. Хадер түүнийг санаа нь зовсон байртай харна.
- Бүх юм зүгээр биз дээ?
Наижл нэг сайн гүнзгий амьсгал авчихаад
- Өө тэгэлгүй яахав, тэр эртний хамтрагч маань байгаа юм гэлээ.
- Та хоёр харваас тийм ч сайн харилцаатай биш бололтой. Наижл мөрөө хавчив.
- Мэргэжлийн удам судлал бол хүрээ багатай. Бүгд л мөнгөний араас хөөцөлддөг, дээр нь өрсөлдөөн ихтэй.
Тэр Хадерт Дакворт орон нутгийн сонингуудад өгсөн
мэдээллээсээ ихэнх орлогоо олдог талаар хэлж түвдсэнгүй. Сурвалжлагчид мэдээгээр хэн нэгний тухай цацагдвал түүний гэр бүлийнх нь түүхийг мэдэж авахаар хамаатан садангий нь эрж олон олон асуултаар булж, бараг л шүүгээнд нь үхсэн хүний цогцос байгаа эсэхийг мэдэхээр тэр дороо утсаа шүүрч авцгаадаг. Наижл хэдийгээр өөрөө дургүй байдаг ч их сургуулийн ажлаас гарахаасаа өмнө хэдэн удаа сурвалжлагчидтай хамтарч ажиллажээ. Ийм ажлаар мөнгө сайн олж болдог ажээ.
- Тэр биднийг цагдаагийнхан гэж яаж мэдсэн юм бол?
- Бүү мэд. ГБТ-ийн эсвэл БЕГ-ын хэн нэгнээс мэдсэн юм байлгүй.
Хадер толгойгоо хүчтэй сэгсэрлээ.
- Энэ томилгооны талаар манай багийнхнаас гадна ганцxан чамаас өөр хэн ч мэдэхгүй.
Хадер Наижлын сандарч байгаа эсэхийг мэдэхээр довтолж үзжээ. Наижлын буруугүй болохыг мэдсэн тэрбээр царай нь зөөлөрч инээмсэглэлээ.
- Санаа бүү зов доо, Наижл. Чамайг түүнд хэлээгүй гэдгийг бид мэдэж байгаа. Энэ талаар бид чамд ердөө бүтэн хагас өдрийн өмнө хэлсэн. Тэр үеэс хойш бид бараг цуг хамтдаа байсан шүү дээ. Харин чи энэ мэдээллийг тэр хэнээс олж авсныг мэдэж чадах уу?
- Ямар ч асуудалгүй хэмээн Наижл их л сүржин хэллээ.
- Тэр энэ дугаар, тооны талаар мэднэ гэж би бодохгүй байна, хэрвээ мэдсэн бол тэр хэлэх л байсан. Ялангуяа чамайг энэ хэргийг хариуцсан хүн гэж бодсон бол тэр бүгдийг нь хэлнэ. Тэр их ам султай хүн байгаа юм.
- Гэхдээ тэр чамаас юу хүссэн юм бэ?
- Aжлын талаар ярих гээд.
Хан тэр хоёрын дундуур орж
- Сурвалжлагч нар үүнийг өлгөж авч магадгүй гэдгийг бид Фостерт анхааруулах хэрэгтэй гэж хэлэхэд
- Юуг өлгөж авна гэж? хэмээн Хадер асуугаад
- Тэр сурвалжлагчид зөвхөн ГБТ-д мөрдөгчид байна гэж л хэлж чадна. Энэ юуг ч илэрхийлж чадахгүй. Тэгж яривал бид ургийнхаа модыг тодруулж мэдэхээр энд ирсэн байж болно шүү дээ. Цагдаагийнхан хувийн хэргээр удам судлаачаас будаа идэх гэсэн гэдэг ч юм уу. Одоо аймшгийн үлгэр шиг юм зохиохоо больж үз гэлээ.
Мөрдөгч Хан суудлаасаа босож ариун цэврийн өрөө рүү явлаа. Хадер Наижлыг харав.
- " Их сургуулийн индэр"- ийнхээ талаар ярьж болох уу?
Хадер өөрийг нь сонирхож байгаад баяртай байсан ч харин ярихыг хүсдэггүй зүйлийнх нь талаар асуусан нь Наижлд тийм ч таатай санагдсангүй. Тэрбээр Даквортын хэлсэн болгоныг тогтоож авсан нь тодорхой байлаа.
- Жил хагасын өмнө ажил маань миний бодож байсан шиг амжилттай болоогүй учраас би энэ ажлаа зогсоосон юм. Тэр үед Мидлсексийн их сургуулиас надад гэр бүлийн түүхээр судалгаа хийх санал ирсэн юм. Гэвч энэ ажил маань бас л бүтэлгүйтсэн хэмээн Наижл товчхон тайлбарлав.
- Чи энэ удам судлалаас залхсан юм уу?
- Би бусдын төлөө удмын судалгаа хийж контoрт суухаас залхсан юм.
- Гэхдээ чи одоо энэ ажлаа дахиад хийж байна.
Тийм шүү, хэмээн Наижл дотроо бодов. Хүн амины хэрэг дээр ажиллаж буй цагдаа нарт тусалж чадахаас гадна энэ ажил түүнийг бусдын хүлээснээс ангижирсан юм шиг санагдуулдаг ажээ.
- Алив явцгаая. Бид үлдсэн баримтуудаа хурдан шалгах хэрэгтэй гэж Наижл нэмж хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:34 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.01.17 11:14 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
Өөр зөндөө хүн байгаа байгаа. Удахгүй үргэлжлэл нь яасан бэ гэээл ороод ирнэ :))

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.01.17 11:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
8



Үд болохын алдад Хадер төрсний гэрчилгээ, гэрлэлт болон нас барагсдыг бүртгэсэн дөрвөн зуун далан ширхэг баримтыг факсаар илгээв. Наижл нэг өдрийн дотор хамгийн ихдээ долоон баримт авax хүсэлт гаргаж, хувилж авахын тулд бүтэн дөрвөн өдөр хүлээж байж билээ. Гэтэл одоо зөвхөн хоёрхон цагийн дотор энэ олон бичиг баримтыг авч хувилаад Баруун Лондонгийн Хүн амины Хэрэг эрхлэх Хэлтэс рүү факсаар дамжуулжээ.
Наижлыг үдээс хойш дөрвөн цагт Кенсингтон дахь хүн амины хэрэг мөрдөх хэлтсийн төв байранд ирээч хэмээн хүсчээ. Тэрбээр арван минутын өмнө ирж, хүлээн авахын лангуун дээр байсан эмэгтэйд ирснээ мэдэгдээд эмэгтэйн зөвлөснөөр сандал дээр очиж суулаа. Ширээн дээр цаг нөхцөөгөөд уншчихмаар юм байсангүй. Наижл дотроо энэ ямар шүдний эмчийн үүдний өрөө байгаа биш хэмээн бодлоо.
Тэгтэл ашгүй Хадер цахилгаан шатнаас бууж ирэн түүнийг шалган нэвтрүүлэх хаалга руу дагуулж очив. Дараа нь тэд цахилгаан шатаар хэдэн давхар дээшилж, албаны ширээнүүд тавьсан нэг том танхимд орж ирлээ. Энд хүн цөөтэй, нэг хэсэг нь утсаар ярьж байхад нөгөө хэсэг нь компьютерийнхоо дэлгэц рүү ширтэж сууна. Найжл энд мужийн даатгалын газрын контор шиг эмх замбараагүй байдгаас арай өөр тус тусдаа тасалгаатай компаний байртай адилхан байдаг гэж төсөөлж байжээ.
Энд Хүн амины хэрэг мөрддөг тасаг байрладгийг танхимын нэг буланд харагдах том цагаан самбараар л мэдэж болох бололтой. Наижл aнхаарлыг нь татсан тэр самбар луу дөхөж очлоо.
Самбар дээр хоёр хоёроор нэг эгнээ болгон тогтоосон, дээр нь улаан харандаагаар зурж тэмдэглэсэн хэдэн зурагнууд байлаа. Эд бол Дарбиширийн цогцосны зурагнууд ажээ. Наижл урьд нь үхдлийн зураг огт харж байгаагүй тул өөрийн эрхгүй хөшчихөв, тэрбээр дотор нь муухайрч огиудас хүрлээ. Эхний зурагт хэргийн газар дээр авсан уутанд хийсэн цогцос харагдана. Амьдын шинжгүй, хөхөрсөн уруултай цонхийж цайсан царай. Дараагийн зургийг хохирогчийн хөлийн дэргэдээс авсан бололтой. Наижл сарвуу байдаг хэсэгт яс цухуйсан хоёр мухар гарыг харлаа. Зурган дээр харагдах цээжин дээрх шархыг хутганы шарх мөн болохыг Наижл шууд ойлгов. Сүүлчийн зурган дээр баахан огтолж хэрчсэн зурааснууд харагдана. Тэрбээр эдгээр зурган дээр өдөржингөө амсхийх завгүй хайсан бүртгэлийн дугаартай холбоотой зүйлийг олж харсангүй.
Наижл эргэж Хадерыг хартал тэр харцаа буруулснаа гарыг нь зөөлөн атгаад
- Явцгаая хэмээн яарсан байртай хэлэв.
Наижл Хадерыг дагаж явахдаа самбар луу дахиж нэг эргэж харлаа.
Тэд танхимын зүүн талд харагдах нэг хаалгаар ортол хурлын хоосон танхимд орж ирлээ. Танхимын голд байх ганц ширээн дээр мөрдөгч Фостер сандайлж суужээ. Тэр Наижлыг хараад уншиж байсан цаасаа буулгав. Түүний харц их л санаа зовсон шинжтэй боллоо.
- Чи нэг л цочирдсон харагдаж байх чинь.
- Бид дөнгөж сая самбарын хажуугаар гарсан хэмээн Хадерыг тайлбарлахад Фостер Наижл руу нэг сандал хөлөөрөө түлхэж ойртуулаад
- Суу гэж хэллээ. Дараа нь тэр ширээний голд тавьсан тавиур дээрээс цай авч аягалаад Наижлд өгөв.
- Элсэн чихэр авах уу?
Наижл толгойгоо сэгсэрлээ. Нөгөө аймаар зурагнууд нүднийх нь өмнө харагдсаар байсан тэрбээр
- Би урьд нь үхсэн хүн огт харж байгаагүй хэмээн аяархан бувтнав.
- Чи үүнд удахгүй дасна. Харсан зүйл чинь бүр мөсөн алга болохгүй гэж Хадер түүнд хэллээ.
- Одоо бид бүх анхаарлаа бүртгэлийн багахан хэсэг болох нас барагсдын баримтанд хандуулах хэрэгтэй гэж би бодож байна гэж хэлээд Наижл Хадер луу харав.
- Багахан хэсэг ээ? Өө тэгэлгүй яахав хэмээн хариу хэлээд тэр эелдэгхэнээр инээмсэглэв.
Түрүүч эмэгтэйг харах бүрт дотор нь сонин болж, зүрх нь хурдан цохилохыг Наижл мэдэрчээ. Тэрбээр яагаад энэ хүн амины хэргийн мөрдөлттэй удаан зууралдахыг хүсээд байгаагаа ойлгох шиг болов. Хөрсөн цайнаас ууж суухдаа орж ирэхийг нь анзаараагүй нэг эрхмийг Фостер түүнд зааж харууллаа. Залуу өндөр гоолиг нуруутай, гуч эргэм насны царайлаг сайхан эр ажээ.
- Энэ хүн бол мөрдөгч Энди Дринквотер.
Наижл нөгөө эртэй гар барилцав. Бас нэг мөрдөгч, Фостерын доор ажилладаг, харин Хадерын дээр байдаг эрэмбэ тушаал гэж Наижл дотроо бодлоо.
- Мөрдөгч Дринквотер, түрүүч Женкинс хоёр энэ овоолж тавьсан баримтыг гүйлгэж харахад чинь тусална. Би хохирогчийн бэлэвсэн эхнэртэй хамт хэвлэлийн бага хурал руу явлаа. Хохирогчийг эхнэр нь хөнөөсөн гэдэгт бүр итгэчихсэн байгаа тэр хэдэн сурвалжлагчдад би тайлбар өгөх хэрэгтэй.
Фостер сандлын түшлэг дээр тохсон хүрмээ аваад
- Тэднийг асуулт тавьж амжихаас өмнө би: Үгүй, тэр энэ хэргийг үйлдээгүй гэж хэлэх хэрэгтэй гэлээ.
Наижлын санаанд нөгөө зурагнууд дахиад орж ирэхэд бие нь хүйт оргиж зарсxийв. Тэгтэл ашгүй тэр дөнгөж сая танилцсан мөрдөгчийн овгийн нэрийг саналаа.
- Дринквотер таны овгийн нэр үү?
Мөрдөгч Наижл руу сэрэмжилсэн харцаар хараад
- Тийм ээ хэмээн эргэлзсэн байртай хариу хэлэв.
- Би урьд нь нэг ч Дринквотертой уулзаж байгаагүй.
- Хмм.
- Энэ түгээмэл биш, их ховор нэр. Ямар утгатайг нь чи мэдэх үү?
- Үгүй.
- Энэ их сонирхолтой утга агуулсан нэр байгаа юм.
- Энэ Дринквотерт төдийгүй, бидэнд ч сонирхолтой байж мэднэ гэж хэлээд Фостер Наижлын тайлбарыг сонсож ,үгийг нь хөөргөж дэмжихээр онгорхой хаалганы дэргэд түр саатаж зогслоо. Дринквотер Фостерын зүг бухимдсан харц шидлээд
- Юу нь сонирхолтой байгаа юм бэ? гэж Наижлаас асуув.
- Энд хоёр янзын тайлбар байж болно. Таны элэнц өвөө пиво ч авч ууж чадахааргүй ганцxан ус ууж өөрийгөө хуурахаар маш их ядуу байсан...
Дринквотер нилээд сонирхож эхэлсэн бололтой
- Эсвэл?
- Эсвэл элэнц өвөө чинь "ундны ус" хэмээн егөөдөж нэрлэхээс аргагүй найгүй архичин байсан.
- Энэ одоо харин егөөдөл биш болсон гэж Фостер шоглоод
- Энди хатуу юм амсдаггүй, тэр харин зомбинуудтай хамт тээрэм эргүүлж, зогсолтгүйгээр ажилладаг юм. Өнөөдөр харин сэтгэл санаа минь сайхан болчихлоо хэмээн инээд алдан нэмж хэлснээ хэвлэлийн хуралдаа яаран гарч одлоо.
Дринквотер үл мэдэг мушийгаад
- Баярлалаа, ноён Барнес хэмээн ёжтой хэлэв.
Ширээн дээр давхарлаж хураасан баримтуудыг гурван хэсэг болгон өрж тавьжээ.
- Наижл, чи гэрлэлтийн баримтуудыг шалга гэж Хадерыг хэлэхэд
- Та нар ямар нэгэн онцгой юм хайж байгаа юм уу? хэмээн тэр асуулаа. Дринквотер мөрөө хавчаад
- Хүн амины хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн бүгдийг. Дарбишир гэдэг нэр, цогцос олдсон газрын нэр, Гэгээнтэн Жоны сүм, сүмд гэрлэсэн хүмүүсийн гэрлэлт, хуримын бүртгэлийг тус тусад нь тавиад дараа нь дахиж шалгана гэж хэлэв.
Наижл овоолсон баримтаас тасалж аваад анхаарлаа ажилдаа төвлөрүүлэв. Тэд өөр хоорондоо ярилцалгүй, чимээгүй ажиллацгаана. Хааяа хаа нэгтээ утас дуугарах сонсогдоно. Тэд ямар нэг сэжүүр олохоор баримтан дээр бичсэн хүмүүсийн нэр, хаяг, гэрчүүдийн талаар дахин дахин уншиж, шалгаж байлаа. Хэдэн цагийн турш суусны эцэст тэд хэдэн баримт ялгаж авлаа.
Дринквотер Гэгээнтэн Жоны Крессентэд амьдардаг байсан нэг охины төрсний гэрчилгээн дээр бага зэрэг саатаж, Наижл харин Гэгээнтэн Жоны сүмд хийсэн хэдэн хуримын бүртгэлийг дахиж шалгахаар тусад нь тавилаа. Хадер одоохондоо ямар нэгэн юм олоогүй байлаа. Энэ ажил түүнд тийм ч амаргүй байгаа бололтой. Тэр баримт дээр бичсэн есөн жорын үхлийн шалтгаануудын талаар урьд өмнө нь огт сонсож байгаагүй бөгөөд дээр нь тэдгээрийг одоо огт хэрэглэгдэхээ больсон үгээр тэмдэглэсэн байжээ.
Наижлд энэ ажил үнэхээр их сонирхолтой байлаа. Тэрбээр хийж буй ажилдаа сэтгэл нь хөөрч догдлохоос гадна энэ ажлын үр дүн тэд нарт маш чухал байв. Тэр ийм ажлыг байнга хийдэг учраас тэмдэглэлийг амархан тайлж уншиж байсан тул урд нь давхарлаж тавьсан баримтууд нөгөө хоёрынхоос хурдан цөөрөх ажээ. Гэвч тэр чухал хэрэгтэй гэмээр баримт олсонгүй. Арай хажуу тийш холдуулж тавьсан баримтуудыг бүрэн шалгаагүй юм биш байгаа хэмээн Наижл өөртөө эргэлзлээ. Тэгтэл
- Бинго хэмээн Хадер нөгөө хоёрыгоо цочтол хашгирав.
- Яасан бэ? гэж Дринквотер асуувал Хадер дуугүй болохыг анхааруулж хуруугаар зангаад, олсон баримтаа дахиж уншлаа. Тэрбээр их л гайхсан бололтой
- Бурхан минь хэмээн шивнэв.
- Исүс бурхан минь гэж тэр давтаж хэлээд гар утсаа хүрэмнийхээ халааснаас гаргаж нэг дугаар луу залгалаа.
- Хадер, бидэнд юу болоод байгааг хэлээч гэж Дринквотерыг шаардахад тэр нэг ч үг хэлсэнгүй, харин Дринквотерын хамрын урд баримтаа сэгсчиж харуулав.
- Жэнкинс байна. Фостер, чи аль болох хурдхан буцаж ирэх хэрэгтэй. Бид нөгөө юмаа олчихлоо хэмээн тэр хэллээ.


Ширээн дээр хэвтэх нас барагчийн тодорхойлолтыг уншиж буй Фостерыг Наижл гярхай нүдээр ажиглана.
- Энэ мөн байна, тийм ээ? хэмээн хэлээд Фостер хоёр хамтрагч руугаа харлаа.
Алберт Бек, 32 настай, арьс элдэгч, Умард Кенсингтон дахь Кларендоны Өргөн чөлөөнд амьдардаг. 1879 оны гуравдугаар сарын 29-нд Ладброке Гровийн Гэгээнтэн Жоны сүмийн нутаг дэвсгэр дээр хутгалуулж нас барсан.
Бүртгэл дээрх сар өдөр Дарбиширийн цогцсыг олсон өдөртэй яг тохирч байлаа. Фостер уруулаа зууж баримт руу харж зогссоноо эцэст нь
- Энэ гэмт хэргийн талаар архивт байгаа эсэхийг шалгуулъя гэж хэлсэнд Дринквотер дэвтэртээ тэмдэглэж авав. Тэгтэл Фостерыг ирснээс хойш нэг ч үг дуугараагүй Наижл ам нээлээ.
- Цагдаагийн газрын архив Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Лондон хотыг бөмбөгдөх үед (түүхэнд Блитцийн үе хэмээн нэрлэгдсэн) устсан. Та бүх архивын баримтын дөрөвний нэгийг эзэлж байсан арван есдүгээр зууны үеийн бичиг цааснаас арван баримт ч олж чадахгүй байх.
Фостер толгой дохиод
- Чамд баярлалаа. Тэгсэн ч гэсэн Энди чи үүнийг олж чадах хэн нэгнийг эрж олоход санаа тавь гэж хэлснээ Наижлд хандаж
- Энэ баримтыг алуурчин харсан, эсвэл энэ талаар мэдэж байсан. Хэрвээ тийм биш бол тэр энэ эд мөрийн баримтыг бидэнд үлдээхгүй байсан биз дээ? гэлээ.
- Чи надад энэ баримтууд төвийн бүртгэлээс гаралтай гэж хэлсэн. Тэгвэл алуурчин үүнийг ганцxан ГБТөвөөс авч харах боломжтой гэсэн үг үү?
- Заавал тэгэх шаардлага байхгүй гэж Наижл хариулаад
- Одоо цагт интернэт дээр төлбөр хийгээд бүртгэлийг харах боломжтой олон цахим хуудас бий болсон. Эсвэл Бүртгэлийн Ерөнхий Газарт хүсэлт гаргаж авч болно гэж хэлэв.
- Энэ талаар мэдэж болох өөр аргууд байдаг уу?
- Магадгүй хэн нэгэн нас барсан тухай тодорхойлолтыг хадгалж байсан байх.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Үүнийг нас барагчийн гэр бүл, төрөл садан, эсвэл зүгээр хэн нэгэн санаандгүй хадгалсан байж мэднэ.
- Сүүлчийн таамаглалыг нэг хэсэгтээ түр азная. Бусад таамаглалаас харахад ямар нэг хүн баримт авах хүсэлт гаргаж хаяг руугаа явуулсан байх талтай.
- Тэр бас ГБТ-д төлбөр хийгээд хэдэн өдрийн дараа өөрөө очиж авсан байж ч мэднэ.
Фостер баримтыг дахин авч дотор нь нуугдсан нууцыг илрүүлэх гэсэн мэт удаан харж зогссоноо
- Бидэнд ямартай ч хийх юм гарлаа гэж ажилтнууддаа хандаж хэлээд
- Энэ тодорхойлолтыг авах хүсэлтийг хэн гаргасан, бас хэн авсныг олж мэдэхийн тулд ГБТ-өөс камерын бичлэг авчруулахаар хүн явуул гэсэнд Дринквотер өрөөнөөс гарч явлаа. Фостер Наижл руу дахиж хараад
- Чамд бидэнд хийж өгөх юм байна гэж хэлэв.
- Тодорхойлолтыг алуурчин яаж олж авсан талаарх чиний санаануудыг судлах хэрэгтэй. Бид хохирогчийн эмээ өвөөг биш, харин ард нь үлдэж хоцорсон гэр бүлийнхнийг нь олж чадах уу? Бас одоогоор амьд байгаа төрөл төрөгсдийг нь эрж олж чадах болов уу?
Наижл толгой дохилоо.
- Бид үүнийг ухарч ажиллах аргачлал гэж нэрлэдэг юм. Нэг гэр бүлийн түүхийг өнгөрсөн цаг үеэс одоо хүртэл хөөж үзнэ гэсэн үг.
- Тэгэхээр чи Алберт Бекийн ард үлдсэн ар гэрийнхэн, бас дараагийн хойч үеийнхнийг олж чадах нь ээ?
- Энэ ямар ч асуудалгүй.
- Чи энэ тал дээр санаа тавьж ажиллаж чадах уу?
Фостерыг хүсэлтээ гүйцэд хэлж амжихаас өмнө Наижл цүнх, гадуур хувцсаа аль хэдийн гартаа барьчихсан зогсож байлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:35 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 1:55 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Шөнийн сүүлчийн уурын галт тэрэг хурдан давхиж өнгөрөв. Гудамжны харанхуй үзүүрт бусдын нүднээс далд нуугдаж Элгин кафегаас харц үл салган зогсох тэр эр галт тэрэгний уурын машинаас чих дөжрөм уухилж түжигнэсэн чанга чимээ гарахыг сонслоо. Уушны газраас гэрэлтэх улбар шар гэрэл гудамжны эсрэг талд байрлах хийдийн харанхуй ханан дээр тусчээ. Хаалга нээгдэх бүрт халамцуу хүмүүсийн чанга ярих, инээлдэх дуу агаарт тархаж сарнина. Нуугдсан эр толгойгоо баруун тийш огцом эргүүлтэл хүзүү нь нужигнаж дуугарлаа. Тэр уушны газарт орж гарах олон хүмүүсийг ажиглаж удаан зогссон боловч одоо болтол түүнд хэрэгтэй хүнийг олж харсангүй. Энэ газраас аль болох хол явах нэгэн.
Газар доогуур явж өнгөрсөн галт тэрэгнээс ялгарч гарсан утааны өмхий үнэрт эгдүүцсэн тэрбээр дагжин чичрэв. Тэр нэг удаа хэрэгт дурлаж өнгөрсөн жилийн зун галт тэргэнд сууж үзсэн боловч бодож байснаас нь долоон дор байжээ. Галт тэрэг бол дугуйн дээр өнхөрч явдаг там л гэсэн үг. Тэсэхийн аргагүй халуун бүгчим агаарт бүтэж үхэхээ шахаж, айж сандарсандаа зүрх нь дэлссэн тэрбээр Бакерын зогсоол дээр хурдхан бууж, ойртон ирж яваа галт тэрэгний аймшигтай тачигнах чимээ, халуун агаараас аль болох хурдан зугтахаар дээшээ модон шатаар ум хумгүй гүйж гарчээ. Тэр гадаа гарч ирсэн хойноо л арайхийж тайвширч билээ. Тэрбээр газар доор дугуйн дээрээ өнхөрч явдаг авсан дотор чөтгөрүүдийн дунд байгаагаа мэджээ. Тэнд зөвхөн хорон муу санаатнууд, бурхнаа мартагсад, архичид, биеэ үнэлэгчид байсан. Энэ бол тэдний сүйх тэрэг. Түүний эргэн тойронд суусан эрчүүдийн баагиулан татах гаанснаас гарсан тамхины утаа хийн гэрлийн өмхий үнэртэй холилдож халуун бүгчим агаарт нэлэнхийдээ тархжээ. Тэднийг баруун зүг рүү довтолж явахад тэр авс гэнэт нүд сохлом гэрэлд гарч ирснээ дараа нь гүн харанхуй руу живэн орж байлаа. Тэр энэ өмхий орчинд бүтэж үхэх нь л гэж боджээ. Паддингтонд буунгуутаа тэрбээр хоёр уушгаа дүүртэл агаараар амьсгалж зогсохдоо Эзэн намайг дуудах цагт би там руу явах нь мэдээж, гэхдээ одоо л лав биш гэж өөртөө андгайлжээ. Тэр цагаас хойш энэхүү тамын тогоонд дахиж ойртож очоогүй бөгөөд түүнээс айж цэрвэдэг нь ганцхан тэр биш, бас өөр олон хүн жийрхдэг гэдгийг тэр мэджээ.
Гэнэт тэр хайж байсан хүнээ олж харлаа. Түүнд яг тохирсон хүн.
Уушны газраас гарч ирсэн эр бараг унах шахсан ч биеэ арайхийн татан аваад Гровийн дэргэдүүр гуйвж дайвсаар бүдчин алхлаа. Хэтрүүлж уусан тэрбээр толгойгоо ч цэх авч явж чадахгүй байв. Түүнийг буудал руу явахад нөгөө эр харанхуй газраасаа ил гарч араас нь дагав. Тэр урд нь явах эр лүү хаана довтлохоо эргэцүүлж буудлын хойд талд уу, эсвэл тариалангийн талбай дээр үү хэмээн бодсоноо, үгүй ээ Ноттинг Барнын талбай дээр болох юм байна гэж шийдлээ. Одоо тэр газар метроны замтай холбогдсон болохоор тэнд шинээр гудамж зам тавьж, баячуудад зориулсан олон эгнээ урт байшингууд барьж байгаа билээ.
Гэвч согтуу эр буудол хүрэхээс өмнө баруун тийшээ эргэчихэв. Мөшгиж явсан эрийн аз тохиож өнөө орой манан татаагүй тул согтуу эрийг холхон зайнаас дагаж болохоор байлаа. Тэр алхаагаа бага багаар хурдасгаж солбисон гэрэл огтлолцсон талбайд ойртох үед алхаагаа сааруулангаа энэ ч амархан болох бололтой гэж бодоод жуумалзлаа.
Ар араасаа алхах тэд зам дагуу явсаар метроны замын доогуур хөндлөн гардаг намгархаг хөрстэй харанхуй туннел руу орцгоолоо. Мөшгиж явсан эр нэг хэсэгтээ юу ч харж чадаагүй боловч нүд нь харанхуйд аажмаар дасаж, урд нь яваа хүнээ олж харав. Энэ согтуу толгой яагаад ийшээ ирсэн юм бол? Магадгүй давсгаа суллах гэсэн байх гэж тэр бодлоо. Тэгээд түр зуур чимээ чагнаж зогссон боловч юу ч олж сонссонгүй, согтуу эр намаг туучиж гудамж руу гарсан бололтой. Мөшгөгч эр цааш явсаар түнэр харанхуйд цайрах хэдэн байшингийн барьж босгосон яс модыг тойрч гарвал нөгөө эр хананы дэргэд морь хараад зогсож байв.
Тэр халааснаасаа хутгаа гаргаж чанга атгаад, хоорондох зайгаа тооцоолсоор муур шиг биеэ хурааж үсрэхэд бэлдлээ. Согтуу эр аюул ойрхон байгааг анзаарсан шинжгүй шээснийхээ сүүлчийн дуслыг сэгсэрч унагаад гүнзгий амьсгал авахаар толгойгоо өргөв. Яг тэр мөчид нөгөө эр согтуу эрийн хүзүүг зүүн гараараа ороож арагш нь татаад бүх хүчээрээ хутгаа цээжинд нь зоочихов. Хутгалуулсан эр бараг дуугарч чадсангүй, аман дотроо аяархан ёолоод тэрий хадан уналаа.
Өнөө оройн төлөвлөсөн ажлаа гүйцээсэн эр бэх шиг түнэр харанхуй руу уусах мэт үзэгдэхгүй алга болов.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:37 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 1:59 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
9



Наижлыг баасан гаригийн орой метроны буудлаас гарч ирэхэд ГБТ хаалгаа аль хэдийн барьчихсан байжээ. Маргааш өглөө нь тэр энд аль эрт ирээд хаалга онгойхыг тэсэж ядан хүлээж зогслоо. Ирэх өдрүүдэд би ямар гээчийн сонин нууцлаг зүйлс илрүүлж чадах бол хэмээн бодсон тэрбээр дотроо маш их хөөрч догдолжээ. Лавлах ширээний ард Фил гэдэг шинэ ажилтан Наижлын санаж байгаагаар Лена Мартеллийн дуулсан "Цаг хугацаагаар аялсан нэг өдөр" -ийг исгэрэн зогсож байлаа. Наижл залуугийн хажуугаар толгой дохиод өнгөрөх үед тэр
- Тэд өчигдөр маш завгүй байсан, тийм ээ? гэлээ.
- Ингэхэд чи хэний тухай яриад байна? гэж Наижл юу ч гадарлаагүй мэт асуухад
- Яагаав нөгөө чиний цагдаагийн газрын найзууд. Ямар хэрэгтэй холбоотой болоод тэд ингэтлээ их зав зайгүй ажилласан юм бол?
- Өө, нэг их чухал юм биш ээ, би тэд нарт бага сага судалгаа хийж өгсөн юм гэж Наижл худлаа хэллээ.
Фил урдаа овоолсон бичиг баримтаа эргүүлж тойруулж харангаа толгой дохив. Одоо болтол тэр Наижлын нүд рүү эгцэлж хараагүй ажээ.
- Ажил олдож байвал юу байх нь ямар хамаа байх вэ дээ гэж хэлээд Фил Наижлыг харлаа. Түүний харц эелдэг дөлгөөн харагдана.
- Чи юу хэлсэн бэ? хэмээн Наижл асуухдаа Дакворт түүнд арай их сургуулийн тухай юм ярьсан юм биш байгаа гэж бодлоо. Фил бичиг цаасаа ялгасаар зогсоно. Наижл овоосон баримтны дээр тонгойж залууд ойртвол тэр Кенни Рожерын "Нутгийн тэнэг эр" дууг аяархан исгэрч байв.
Наижл сонирхол татахуйц юу олж чадахаа мэдэхгүй байсан тул ажлаа хурдан эхлэхээр яарч адгаж байжээ. Олон жилийн турш дарагдаж байсан өнгөрсөн үеийнхний түүх намтрыг дахин ил гаргаж ирэх нь түүний ажлын хамгийн сайхан мөч билээ.
Гэнэт тэр энд өөр нэг асуудал байгааг ойлголоо. Нас барсан хүний насыг тодорхойлолт дээр гучин хоёр гэж тэмдэглэсэн байсан тул тэр 1846 онд юм уу, эсвэл 1847 онд төрсөн байж таарна гэж Наижл бодлоо. Гэвч тэр үед төрсөн Алберт Бекийн жинхэнэ төрсөн он сар өдрийг олж чадахгүй. Энэ бол тийм их гайхаад байх зүйл биш. Учир нь хүүхдийн төрөлт болон гэрлэлт, нас баралтын бүртгэл нь 1865 он хүртэл албан ёсных байгаагүй тул хүн болгон бүртгэгдээгүй ажээ. Тэр1865 оноос хойшxи гэрлэлтийн бүртгэлийг шалгаж байтал түүнд аз таарлаа. 1873 оны есдүгээр сард Бек хүнтэй гэрлэжээ. Наижл цагдаагийн газрын шугамтай холбогдсон утсаар Бүртгэлийн Ерөнхий Газраас Бекийн эхнэрийг Мэри Ярроу гэдэг байсныг тодруулж авлаа.
Наижл мэдээллийг аваад дээд давхарт байрладаг 1851-1901 оны хоорондохь бүх баримтыг хадгалдаг Хүн амын тооллогын тасаг руу явлаа. 1851 оноос хойшxи хүн амын тооллогыг компьютерын электрон санд хадгалжээ. Бек нас барсан ч бэлбэсэн эхнэр, хүүхэд нь Кларендоны Өргөн чөлөөн дэх хаягт бүртгэлтэй байсан гэдэгт Наижл найдаж байлаа. Хүүхдүүдийн насыг олж чадвал тэд хэн байсан, гэрлэсэн эсэх, бас хүүхэдтэй болсон эсэхийг дараагийн хүн амын тооллогонуудаас мэдэж болно.
Наижл эрлээ эхлэхээр хайлтын үгийг оруулж байхдаа "Та нар хаана байна" хэмээн амандаа байн байн үглэнэ. Тэрбээр хүлээх зуураа өнгөрсөн рүү өнгийж харснаар одоо хийж байгаа ажилд нь тус нэмэр болох нэр ус, онцгой мэдээлэл, өөр юу ч юм ямар нэгэн зүйл гарч ирнэ хэмээн горьдож суулаа.
Тэд Кларендоны Өргөн чөлөөнд амьдарч байжээ. Мэри энд өрхийн толгойлогчоор бүртгэгдсэн байлаа. Тэд хоёр хүүхэдтэй байжээ. 1881 оны хүн амын тооллогонд охин Эдит таван настай, хүү Алберт гурван настай гэж бүртгэгджээ (эцгийнх нь нэр ямартай ч өвлөгдөж үлджээ). Бас нэг сонирхол татсан юм гэвэл тухайн хаяг дээр Жон Арнолд Смит гэгч нэгэн эр өрөө хөлслөгч гэж бүртгэгдсэн байлаа. Наижл тэр эрийг Мэригийн шинэ нөхөр болсон байх гэж таамаглав.
Викториагийн үеийн Англи улсад хоёр хүүхэдтэй бэлбэсэн эмэгтэйн хувьд амьдрал өдөр ирэх тусам хүнд хэцүү болж, улмаар сүмийн энэрэл нигүүлслийг хүртэж чадалгүй ядуусын байранд хальтирч унаснаар бүгдэд нь үхэх аюул нүүрлэх байсан нь тодорхой. Гэрт эр хүн байх чухал хэдий ч энэ нь нүгэл үйлдсэнд тооцогдож, тэрбээр бусдын өмнө ичгүүртэй байдалд орох байсан учраас Мэри хүн амын тооллогын үеэр амаа хамхисан бололтой. Наижл энэ таамаглалаа зөв биш байгаасай гэж бодож байлаа. Хэрвээ Мэри өрөө хөлслөгч буюу хамт амьдарч байсан эртэйгээ гэрлэж, өөрийн болон хүүхдүүдийнхээ овгийн нэрийг Смит болгож өөрчилсөн бол тэдний хойч үе, үр удмыг өнгөрсөн зуун хорин таван жилд төрсөн, гэрлэсэн, нас барсан хэдэн сая Смитийн дундаас эрж олох хэрэг гарна.
Наижл дахиад доод давхар луу бууж, Мэри Бек, Жон Смит нарын гэрлэлтийн бүртгэлийг 1881 оноос эхэлж хайлаа. Харамсалтай нь тэр бүртгэлийг олчихов. Тэр хоёр 1882 оны зун гэрлэжээ. Тэдний гэр бүл Кенсингтонд шинэ хаяган дээр бүртгэгдсэн байлаа. Наижл дахин дээшээ гарч Смитийнхнийг 1891 оны хүн амын тооллого дундаас олов. Хосууд дундаасаа хоёр хүүхэдтэй болсон боловч тэнд Бэкийн нэг хүүхдийг тэмдэглээгүй байв. Энд Эдит, арван таван настай гэсэн байх боловч бяцxан хүү Албертын тухай ямар ч мэдээлэл байсангүй. Наижл нас барагсдын бүртгэл дотор хальт гүйлгэж харвал бяцxан Алберт 1885 онд зургаан настайдаа сүрьеэ өвчнөөр нас барсан гэж тэмдэглэсэн байлаа. Мэрид анхны нөхрөөс нь ганцxан Эдит үлджээ.
Мэригийн хувьд амьдрал тийм ч сайхан байсангүй бололтой. Наижл эмэгтэйг урдаа байгаа мэт төсөөлөв. Анхны эр нөхөр, ганц хүүгээ алдсан түүний амссан зовлон, уйтгар гуниг нүүрэнд нь гүн ул мөрөө үлдээснээс хоёр нүднийх нь гал бөхөж, хацар нь унжсан, наснаасаа хөгшин харагдах гунигтай царай. Тэгсэн хэдий ч тэр эмэгтэй бусдын адил хувь заяандаа гомдоллож суулгүй сэтгэлийн тэнхээгээрээ гуниг зовлонгоо давж гарсан биз. Түүн шиг хүмүүс хувь тавиландаа хэн нэгнийг буруутгаж, амссан сэтгэлийн зовлонгоо бусдад тоочиж явдаггүй билээ. Наижл тэдгээр мартагдсан амьдралын түүхийг сөхөх бүртээ тэр үеийг одоо үетэй харьцуулж үзэхэд тэр бүр тааралдаад байдаггүй: орхигдож хаягдсан, номхон хүлцэнгүй байдал, тэсвэр тэвчээр, номхон даруу, бүрэг зан гэдэг үгнүүд их байдаг. Одоогийн хүмүүс сэтгэл хөдлөлөө ихэвчлэн хяналтгүй, хурц тодоор илэрхийлдэг болж дээ.
Албертын удмаас амьд үлдсэн ганц хүн бол Эдит. Хэрэв Эдит 1891 онд арван таван настай байсан юм бол 1901 онд хорин тав хүрсэн байх учраас энэ хооронд тэр гэрлэсэн байх магадлал өндөр байлаа. Гэрлэлтийн бүртгэлийг шалгаж эхлэхээсээ өмнө Наижл тэнд хэдэн зуун мянган Эдит Смит байгаа биз хэмээн бодоод зүрх алдаж зориг нь мохов. Наижл магадгүй тэр эмэгтэй 1901 онд гэрлээгүй байсан ч юм бил үү гэж бодоод зориг орон Кенсингтоны хаягийг шалгатал Мэри Смит, Жон Арнолд Смит, Эдит Смит гэдэг нэрс гарч ирлээ. Эдит магадгүй амьдралын ханиа олж чадах нэгэн биш байсан бололтой. Наижл түүнийг царай муутай, навсайсан, ганцаардмал, шоовдор нэгэн байсан юм болов уу хэмээн бодсоноо энэ хэдийгээр эрж олох ажлыг нь уртасгаж мэдэх ч "арай үгүй биз, тэр хожим гэрлэсэн байлгүй" гэсэн итгэл төрөв.
Одоо түүнд байгаа ганц боломж бол тэр гэрлэлтийн бүртгэлийг саяын оноос хойш 1921 хүртэл шүүж үзэх байлаа. Тэр үед Эдит дөчин тав хүрч хүүхэд гаргах чадваргүй болсон байх ёстой. Эрэл хайгуул хоёр цаг үргэлжилсний эцэст тэр 1901 оны дөрөвдүгээр сараас 1921 оны хооронд Маарлебон мужийн захиргаанд гэрлэлтээ бүртгүүлсэн арван есөн Эдит Смитийг олов.
Наижл гадагшаа гаран Ерөнхий Бүртгэлийн Газар руу утасдаж төрсний гэрчилгээнд эцгийн нэрийг Алберт Бек эсвэл Жон Смит гэж тэмдэглэсэн Эдит Смитийн талаарх мэдээллийг олж өгөх хүсэлтээ дамжуулахад тэд арван есөн гэрлэлтийн бүртгэл шалгаж үзэхэд нилээд урт цаг зарцуулна гэж хэлжээ. Дөчин таван минут хүлээсний эцэст Наижл утсаар хариу авсан боловч уг хоёр эцгийн нэр тэмдэглэгдсэн ямар ч бүртгэл олдоогүй гэжээ. Эдит Смит ганц биеэр хөгширч үлдсэн бололтой. Одоо өөрт нь дүрслэгдэх тэрхүү дүр зураг Наижлд тийм ч таатай санагдсангүй.
Наижл Фостер луу утасдахаасаа өмнө ухаан санаанд нь эргэлдэх олон нэрсийг хэсэгхэн зуур толгойноосоо авч хаяхаар цайны газар руу явлаа. Түүнийг буцалсан халуун ус аваад суутал гэнэт ард нь
- Сайн уу, Наижл хэмээн нэг хүн их л горьдлого тээсэн өнгө бүхий дуугаар хэлэх сонсдов. Наижл эргэж харвал тослог үсээ хойш нь толигор болтол самнаж, бор өнгийн хүрэм өмдтэй хослуулж өмссөн эр ард нь зогсож байлаа. Энэ бол Лондонгийн Оройн Мэдээ сонины сурвалжлагч Гэйри Кент. Наижл урьд нь түүнд хэдэн хүн олоход нь тусалж байжээ. Кент Дакворттой уулзсан байж магадгүй гэж сэжиглэсэн тэрбээр санаа нь зовж, суудал дээрээ тогтож ядавч магадгүй тэд тааралдаагүй ч юм бил үү хэмээн дотроо найдлаа.
- Сайн, Гэйри гэж Наижл сэжиглэсэн өнгөөр хариулав.
- Бид уулзаагүй удсан байна шүү, тийм ээ?
- Харин тийм ээ.
- Их сургууль дээрх ажил чинь бүтэлгүйтсэн гэж би сонссон.
Тэр Дэйвтэй уулзжээ. Кент ойлгож буйгаа илэрхийлэх мэт хамраа шударлаа.
- Тэгэхээр чи одоо чөлөөтэй байгаа гэсэн үг үү?
Наижл толгой сэгсэрч
- Үгүй ээ, би одоо зөвхөн удам судлалаараа дагнах санаатай байгаа гэлээ.
- Хөөх, энэ чинь харин худлаа. Чи одоо цагдаа нартай хамтарч ажиллаж байгаа биз дээ?
"Дакворт" хэмээн бодсон ч Наижл хариу хэлсэнгүй.
- Сонсооч, энэ миний сонирхлыг татаад байна гэж хэлээд Кент
- Цагдаа нар яагаад Ноттинг Хиллийн хүн амины хэргийг мөрдөн шалгах ажилд чамаар туслуулж байгаа юм бэ? хэмээн асуулаа.
- Би чамд юу ч хэлж чадахгүй ээ, Гэйри. Ямар ч тайлбар хүлээх хэрэггүй.
Кент зүгээр зогсчих хүн биш гэдгийг тэр сайн мэднэ.
- Энэ ямар нэгэн гэр бүл, удмын түүхтэй холбоотой. Намайг яаж ийж байгаад олоод мэдчихнэ гэдгийг чи сайн мэдэж байгаа. Тэртээ тэргүй цагдаагийн газраас Оросын живсэн усан доогуур шумбагч онгоцноос ч долоон дор мэдээлэл алдагдаж байгаа. Чи овсгоотой хөдлөх юм бол эндээс ахиухан мөнгө олж чадна шүү .
- Надад хэлэх юм алга даа. Одоо ч тэр, маргааш ч тэр, ер нь хэзээ ч үгүй. Би чиний үнэрч нохой байхаа болиод удаж байна.
Кент Наижлыг өрөвдсөн харцаар харснаа толгойгоо сэгсэрч
- Дакворт бүх хэвлэл мэдээлийнхэнтэй уулзаад завгүй байна лээ. Тэр бүдүүн новш чамайг дорд үзэж эзэн шиг аяглахыг чи зөвшөөрлөө гэж үү?
- Тэр юу дуртайгаа л хийг.
- Чиний ариухан амьтан шиг аашлаад байсан тэр их сургууль дээр чинь чухам юу болсон юм бэ? Магадгүй би тийшээ хэд утасдаж жаахан ухаж төнхдөг ч юм бил үү. Одоо чи цагдаа нартай ажиллаж байгаа болохоор энд ямар нууц нуугдаж байгаа нь надад сонин санагдчихлаа.
Тэр хэр их юм мэдэж байгаа юм бол, тийшээ аль хэдийн утасдсан юм болов уу гэж Наижл өөрөөсөө асуув.
- Хүссэнээ хий, Гэйри. Кент мөрөө хавчсанаа исгэрч
- Харамсалтай байна. Одоо удам судлал олны танил болсон гэдгийг би чамд урьд нь хэлж байсан. Манай сонин энэ талаар зарим нэгэн нийтлэл бичих хүн хайж байгаа. Жишээлбэл нэг уншигчийн эмч байсан өвөг эцгийг нь олж асуудлыг шийдэж өглөө гэх мэт. Намайг ингэж хэлсэнд уучлаарай. Уул нь үүнийг чам шиг гоё гэрэлтсэн цэнхэр нүдтэй, сайхан эрүү, өтгөн халимагтай, бас ухаалаг гэдгийг нь илтгэсэн нүдний шилтэй залуухан фотоген мэргэжилтэн хийвэл зүгээр юмсан.
- Чөтгөр аваг, чамайг. Чи ч намайг сайхан зусардаж байх шив, Гэйри.
Кент хэлсэн үгээ батлах мэт толгой дохилоо. Тэрбээр Наижлын бодлыг таахыг оролдон цоо ширтэж байснаа
- Хараад байх нь ээ чи цагдаагийнханд үнэнч үлдэхээр шийдсэн бололтой гээд нэрийн хуудсаа Наижлын урд ширээн дээр хаяад
- Өө, санаснаас чи мөрдөгч Фостерт миний мэндийг дамжуулаарай гэв.
Кент ширээнээс холдож явснаа гэнэт эргэж хараад
- Түүнд бас гэр бүлээс гадуурх үхэлтэй амрах завгүй хөөцөлдөж байгаа чинь надад их таалагддаг гээд нэмээд хэлчихээрэй гэж хэлэх нь тэр.
Кентийн хэлсэн үг Наижлын сонирхлыг татжээ. Талхны төлөө юм болгонд хошуу дүрж явдаг сурвалжлагчийг холдсоны дараа Наижл гадаа гарч Фостер луу залгав.
Ахлах мөрдөгч утасны цаанаас их цухалдсан бололтой
- За хэмээн бархирав.
- Бекэд амьд үлдсэн үр хойч байхгүй юм байна гэж Наижл шууд хэллээ.
- Чи юу гэсэн бэ? Нэг ч хүн байхгүй гэнэ ээ? Яаж тийм юм болдог байна аа?
- Энд онцлоод байхаар зүйл алга. Тэд хоёр хүүхэдтэй байснаас нэг нь зургаан настайдаа сүрьеэ өвчнөөр нас барсан. Харин охин нь хүнтэй хэзээ ч гэрлэж байгаагүй. Тэр гэрлээгүй ч хүүхэдтэй болсон байж мэднэ. Хэрвээ бид хүүхдийг нь олъё гэвэл Смит гэдэг овгийн нэрээр түүнийг хэзээ ч олж чадахгүй. Бекийн бэлбэсэн эхнэр дахиж гэрлээд өөр хоёр хүүхэдтэй болжээ. Би тэднийг эрж болох ...
Наижлын дуу гарахаа больчихов. Хэдийгээр тэр энэ хэрэгт чадах чинээгээрээ оролцохыг хүсч байгаа ч Фостер үүнийг өөрт нь битгий даалгаасай гэж маш их хүсч байлаа. Энэ бол хэдэн зуун мянган Смитийг судалж үзэх, хоёр гурван өдрөөр үргэлжилж мэдэх хүнд хүчир ажил, бас тэгээд ямар ч үр дүнгүй дэмий ажил болчихож магадгүй.
- Үгүй, бид тэндээс юу ч олж чадахгүй. Бек бол тэдний төрсөн аав биш. Тэд түүний үхлийн талаар хойч үедээ хэлж үлдээсэн гэж би бодохгүй байна. Энэ асуудлыг одоохондоо хойш тавьсан нь дээр.
- Бас нэг юм байна.
- Хэлээч гэж Фостер яарч адгаж буйгаа нуулгүй хэлэв.
- Би Оройн мэдээ сонины сурвалжлагчтай санамсаргүй ярилцах хэрэг гарсан. Гэйри Кент.
Фостер санаа алдлаа.
- Тэр намайг танд мэнд дамжуулаарай гэж хэлсэн.
- Түүнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Тэр бол өөдгүй новш байгаа юм. Арай бүдүүлгээр зүйрлүүлж хэлбэл өгзөг долоогч. Баримтын талаар тэр мэдэж үү?
- Үгүй, тэр энэ талаар юу ч яриагүй. Би ч гэсэн түүнд юу ч хэлээгүй. Гэхдээ намайг та нартай ажиллаж байгааг тэр мэдэж байсан.
- Түүнд л сайн юм болж. Хэрвээ чи тиймэрхүү бөгс ухагчидтай дахиж тааралдвал чөтгөр шулам руугаа тонил гэж хэлээрэй. Бас чи мөнгөний төлөө юу ч битгий хийгээрэй. Чамд төлбөр өгөхгүйн тулд сониныхон ямар ч хамаагүй аргаар бүхий л арга саамаа ашиглана. Тийм болохоор чи нэг ч зоос олж харахгүй.
Тэд хэсэгхэн зуур дуугаа хураацгаав.
- Мөрдөгч өө, цагдаагийн архив устсан болохоор хүн амины хэргийн тухай баримтууд байхгүй болсон гэдгийг би саналаа.
Фостер зөвшөөрч буйгаа илтгэн амандаа бувтнав.
- Өнгөрсөн зуун хэдэн жилийн турш орон нутаг болон улсын хэмжээнд гарч байсан бүх сонины дугаарууд Үндэсний Сонины Номын санд бүгдээрээ хадгалагдаж байгаа. Архиваас 1879 онд гарсан хэргийн талаар нийтэлсэн сонинг олох боломж бидэнд байна. Миний бодлоор нийтлэлийг олж чадвал нэмэр болж магадгүй юм гэж Наижл хэллээ.
- Сайн байна. Энэ чинь харин дажгүй сонсогдож байна. Колиндэйлийн салбар бямба гаригт онгорхой байдаг уу?
- Тийм ээ, дөрвөн цаг хүртэл гэж хэлээд Наижл цаг руугаа хальт харвал бараг нэг болох гэж байв.
- Энэ ажлыг чи амжуулж чадах уу?
- Тэгэлгүй яахав.
- Сонс доо, надад нэг санаа төрлөө. Би тэр номын санг хаалгалгүй цагийг нь уртасгахын тулд хүнээр яриулъя. Энэ чамд туслахсан болов уу?
- Мэдээжийн хэрэг.
- За тэгвэл ингэж тохирлоо. Хэрвээ ямар нэг юм олвол надтай шууд холбоо бариарай.
Дараа нь Фостер утсаа шууд тасалчихав.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:38 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 2:02 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
10



Умардын Төмөр замынхны ажлын хариуцлагагүйгээс үүдсэн алдааны уршиг, замын саатлаас болж Наижл Колиндэйлийн буудал дээр бараг хоёр хагас болж байхад иржээ. Нар Лондонгийн энэхүү орхигдсон, царай муутай хэсэгхэн газрыг ч ялгалгүй дулаахан элчээрээ харамгүй ээж байлаа. Наижл Колиндэйл Авеню хэмээн нэрийддэг нэг хэвийн хийцтэй гудамжаа баруун тийш эргэж, тэндээс тавиад метрийн зайтай харагдах сонины архивын газар луу алхав.
Архивын газар 1903 онд хэвлэл мэдээллийн хуучин бичиг баримт, материалуудыг хадгалдаг мэдээллийн төв нэртэйгээр байгуулагдаж, 1932 оноос эхлэн олон нийтэд ил нээлттэй болжээ. Архивын газар тухайн баригдсан үеийнхээ хэв шинжийг хадгалсан, ур хийц муутай улаан тоосгон барилга дотор байдаг ажээ.
Наижлыг уншлагын танхимд ортол өөдөөс нь хуучин цаасны дотор муухайруулсан, мартахын аргагүй танил үнэр ханхийлээ. Хэрэгт холбоотой тухайн үеийн сонины дугааруудыг авч үзвэл түүнд өнгөрсөн цаг үед оччихсон мэт санагдав. Тэр үеийн тухай, тухайн орчныг бүрдүүлж байсан хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай хүүрнэсэн нийтлэлүүд Наижлыг үнэхээр гайхшруулжээ. Шүүх цагдаагийн мөрдөлт, шүүх хурлын тухай бичсэн сурвалжлага, нас барсан тухай мэдэгдэл, шинэ мэдээ, энэ бүхэн удам судлаачийн хувьд алт эрдэнэс шиг үнэтэй зүйл билээ. ГБТ-д эх материалын оронд зөвхөн бүртгэл, тодорхойлолтууд байдаг тул өнгөрсөн үеийн тухай дэлгэрэнгүй олж мэдэхэд учир дутагдалтай байдаг. Харин энд, Кориндэйлд нэг шатаар авирч гараад л тэр үеийн үйл явдлын дунд яваад орчихно.
Наижл сул суудал оллоо. 1820 оноос хойшхи Британий орон нутгийн болон улсын хэмжээний сонины дугаарууд хадгалагдаж байдаг энэ архивын газар асар том талбай эзлэх хэдий ч судалгаа хийх хүмүүст зориулагдсан гол танхим эгэл даруухан харагдана. 1932 оноос хойш энэ уншлагын заал ер өөрчлөгдсөнгүй, нүцгэн цагаан хана, хэзээ ч зөв явдаггүй модон цаг, бас тавин зургаан уншлагын ширээтэй ажээ. Энэ бүхэн Наижлд урлагийн бүтээл шиг санагдана. Ширээн дээрх уншлага хийхэд зориулсан жижиг хэрэгслүүдийг зэсээр гоёмсог хээ угалз гарган хийжээ. Бас ширээн дээр товчлуурыг нь дарахад өвөрмөц дуу гаргадаг урт гонзгой уншлагын гэрэлтүүлэгч чийдэн, ширээний дугаар, он удаан жил хэрэглэснээс элэгдэж халцарсан, он оны дугаарыг давхарлаж тавьдаг модон жааз зэргийг бэхэлжээ. Хажуугийн тасалгаанд ховорхон хэрэглэдэг хэдэн компьютер, цахилгаан их зарцуулдаг бичил хальс гүйлгэж хардаг хэдэн аппарат байрлуулжээ. Тэдгээр аппарат хэт ачааллаасаа болж исгэрч хүржигнэж дуугардаг, тэрбээр зөвхөн 1932 оны бичил хальсыг гүйлгэж харах үедээ л бараг солиорч мэдэхээр эд билээ.
Наижл эхлээд лавлах товчоо руу очлоо.
- Өдрийн мэнд гэж тэр лангууны ард сууж буй аймхай байрын төрхтэй эмэгтэйтэй мэндлээд
- Би Наижл Барнес байна. Миний мэдэхээр цагдаагийн газраас утасдаж намайг ирнэ гэж мэдэгдсэн байх ёстой. Тэрбээр өөрийгөө албан ёсоор танилцуулахаар бага зэрэг бөхийтөл эмэгтэйн нүд нь гэрэлтээд ирэв.
- Өө тийм хэмээн эмэгтэй зориг орсон байртай хэлээд
- Энэ талаар хүсэлт гаргадаг лангуун дээр байгаа Рон мэдэж байгаа. Тэр танд туслана гэлээ.
Минут орчмын дараа сүржин төрхтэй тарган эр ирж Наижлтай мэндлэв. Хүрз шиг том гартай, сахал нь өрвийж ургасан тэрхүү эрийн богино ханцуйтай цамцны дороос асар том гүзээ урагш түрэн цухуйжээ.
- Удаан үлдэж ажиллах болгосонд уучлаарай гэж Наижл хэлэв.
- Зүгээр дээ, залуу минь. Оройны турш эхнэртэйгээ хамт суугаад гаанс нэрэхээс өөр ажил надад байхгүй. Та харин надад хийх ажил гаргаж өглөө. За, та хаанаас эхэлье гэж бодож байна?
Наижл улсын хэмжээнд гарч байсан сонингуудаас эхлэхээр шийдэв. Сонинд гэмт хэргийн талаар, ялангуяа хүн амины хэргийг аль болох аймшигтай дүрслэн бичдэг байжээ. Орон нутгийн сонинд харин энэ талаар өнгөцxөн дурдаж, ихэвчлэн зах нээгдэх цаг, эсвэл жимс ногоо, хүнсний бүтээгдхүүний үнэ зэргийг нийтэлдэг байсан. Наижл 1879 оны гуравдугаар сарын Цаг үе сонины дугааруудыг сонирхон уншиж суулаа. Сонинд хүн амины хэргийн талаар нийтлээгүй байж мэдэх ч түүнд хайгаад үзэх нь зүйтэй санагджээ. Наижл Роноос тухайн үедээ өрсөлдөөнд гуравт багтаж байсан, хамгийн хямд үнэтэй Өдөр тутмын Цахилгаан мэдээ, бас гэмт хэргүүдийн талаар байнга нийтэлдэг байсан долоо хоног тутмын Дэлхийн Мэдээ сонины дугааруудыг олж өгөхийг гуйлаа.
Рон архивын доод давхар луу алга болов. Наижл суудал руугаа эргэж очоод цаг руугаа байн байн харж суулаа. Одоохондоо уншлагын ширээ хэрэггүй бололтой. Наижлын асуусан тухайн жилийн дугаарууд бүгд бичил хальсанд хадгалагдсан байдаг. Гэвч тэр бичил хальсанд яснаасаа дургүй. Тоосонд дарагдсан бүдэгхэн гэрэлтэй дэлгэцэн дээр нүдний өмнө эцэс төгсгөлгүй жирэлзэх бичил хальснуудыг унших маш ядаргаатай, дээр нь гар аргаар гүйлгэсээр компьютерийн хулганаас шалтгаалдаг эмгэг өвчинтэй (RSI) болдог ажээ. Хальсан дээрх үрчийж нугаларсан хэсгүүдийг тайлж уншина гэдэг сэрээгээр шөл утгаж уухтай адил хэрэг.
Рон хайрцагтай бичил хальснуудыг Наижлд авчирч өгөхөд тэр хальснуудаа аваад аппарат руу очлоо. Аппаратны дэлгэц тавиад оны үеийн зурагттай адилхан хэлбэртэй ажээ. Наижл эхлээд Цаг үе сонины хальсыг гүйлгэж үзвэл нөгөө хэргийн тухай юу ч олдсонгүй. Наижлын хувьд викториагийн үеийн хэвлэл мэдээллийн нуршаа үг ихтэй нийтлэлийг харж байгаа нь анх удаагаа биш билээ. Нэг дугаарт засгийн газрын сөргөлдөөний тухай бичсэн нийтлэлд бараг арван таван мянган үгийг ямар нэгэн зураг эсвэл зар сурталчилгаа оруулалгүй, шигүү эгнээгээр бичжээ. Ийм залхуу хүрэм, ядаргаатай зүйлийг хэн дуустал уншдаг байсан нь Наижлд сонин санагдав.
Сэтгэл санаа нь бага зэрэг тайвширсан тэрбээр Дэлхийн Мэдээ сонины хальсыг гүйлгэж харлаа. Анх 1843 онд хэвлэгдэн гарч, Лондонгийн шүүх, цагдаагийн байгууллагын эгдүүцлийг их хүргэдэг байсан, мэдээний эх сурвалжийг хормын дотор давс хужрыг нь ихдүүлж нийтэлдэг Эрэг шураг буланд Алберт Бекийн хүн амины хэргийн тухай нийтлээгүй бол өөр газраас олох боломж улам багасах нь мэдээжийн хэрэг. Наижл 1879 оны бичил хальсанд хадгалсан дугааруудыг нэгдүгээр сараас эхэлж шалгахаар шийдлээ. Долоо хоногийн дугааруудыг доош нь аажмаар гүйлгэн харж байхдаа хааяа том үсгээр онцолж бичсэн сэжиг бүхий мөртлөө улиг болсон БРИСТОЛ ДАХЬ АРААТНЫ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ҮЛ ИТГЭГЧДИЙН СҮРДҮҮЛЭГ зэрэг гарчгуудад анхаарлаа хандуулж байлаа. Бүх дугаарын эхний хуудсан дээр ДОЛОО ХОНОГИЙН ОНИГООНУУД гэсэн гарчгийн доор уншигчдад зориулсан шог хошин яриануудыг нийтэлжээ. Энд үнэндээ инээд хүрмээр зүйл юу ч байхгүй ажээ.
Наижл дөрөвдүгээр сарын эхний дугаар дээр түр саатлаа. Энд Зулугийн бослого болон Австрали дахь Келлигийн дээрэмчдийн зэвсэгт мөргөлдөөний тухай нийтэлжээ. Дараагийн хуудсыг гүйлгэж харахаар зэхэж байсан тэрбээр хуудасны доод хэсэгт харагдах гарчгийг хараад зүрх нь бараг зогсчих шахав.
КЕНСИНГТОН: ГУРАВ ДАХЬ АЙМШИГТ АЛЛАГЫН ХЭРЭГ
Нийтлэлд ийнхүү дурьджээ:
Гурван эрэгтэйн цогцос газар дээр тунарсан цусан дунд хэвтэж байжээ. Нэг чөтгөр тэдний дотор эрхтнийг хурц мэсээр гаргаж хаясан байна. Өчигдөр оройны есөн цагийн байдлаар Умард Кенсингтоны орон нутгийн засаг захиргаа хүмүүсийн айдсыг хүргэсэн эдгээр гэмт хэргийг хэн үйлдээд байгааг тодруулж чадаагүй байна. Ноттинг Дэйлд амьдардаг, тоосго өрөгч Самуэл Рубак хэмээх эхний хохирогчийн сэгэлж зэрэмдэглэсэн цогцос гэрийнх нь ойролцоо олджээ. Тэр эр гуравдугаар сарын 24-ний даваа гаригийн орой нэг уушны газарт сүүлчийн удаа харагдсан байна. Гэтэл гуравдугаар сарын 29-ний бямба гаригийн өглөө Умард Кенсингтоны Кларендоны Өргөн чөлөөнд амьдардаг байсан, арьс элдэгч Алберт Бекийн хутгалуулсан цогцос Ладброк Гровийн ойролцоо байдаг Гэгээнтэн Жоны Сүмийн дэргэдэх төгөлд хэвтэж байхыг хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс олжээ. Хохирогчийн ар гэр эхнэр, хоёр хүүхэд нилээд хүндхэн байдалд үлдэж хоцорлоо. Гурав дахь хохирогч нь мөн Умард Кенсингтон дахь Харроу Өргөн чөлөөнд амьдарч байсан, 38 настай төмрийн дархан Леонард Чилдэ гэгч ажээ. Түүний эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ бэлбэсэрч хоцорлоо. Том хүүхэд нь дөнгөж арван гурван настай гэнэ. Цогцос дөрөвдүгээр сарын 1-ний мягмар гаригийн өглөө эрт Ноттинг Хилл галт тэрэгний буудлын ойролцоо олджээ. Цагдаагийн хүчнийхэн хотын оршин суугчдыг тайвшруулж эдгээр бузар гэмт хэргийг үйлдсэн араатныг эрэн сурвалжиж байгаагаа мэдэгдсэн байна. Хохирогчдын төрөл төрөгсөд болон ойрын хөршүүдээс хэрэгт холбогдолтой ямар нэгэн мэдээлэл, эд мөрийн баримт болох зүйлс, жишээлбэл цус болсон хувцас, хэн нэгний зан байдал өөрчлөгдсөн эсэхийг олж илрүүлбэл Умард Кенсингтоны цагдаагийн газарт нэн даруй мэдэгдэхийг хүсчээ.

Наижл нийтлэлийг уншиж дууслаа. Тэр гадаа гарахаар шатаар уруудах зуураа Фостерын утасны дугаарт залгав. Фостер утсаа хурдан авлаа.
- Би Алберт Бэкийг алсан хэргийн талаар бичсэн нийтлэлийг олж уншлаа.
- Тэнд юу гэж бичсэн байна?
- Алуурчин гурван ч удаа ийм хэрэг үйлдсэн байна. Алагдсан хүмүүсийн цогцоснууд гуравдугаар сарын 25-ны мягмар, гуравдугаар сарын 29-ний бямба, бас дөрөвдүгээр сарын 1-ний мягмар гаригт олджээ. Утасны цаанаас нэг хэсэгтээ чимээ гарсангүй.
- Дөрөвдүгээр сарын нэгэн хэмээн Наижлыг давтаж хэлэхэд хариуд нь Фостер санаа алдлаа.
- Маргааш ямар өдөр вэ гэдгийг би мэдэж байна гэж Фостер үгээ зөөж хэлээд
- Ганц энэ хэрэгт миний санаа зовсон юм биш. Хэрвээ тэр одоо уг хэргүүдийг яг адилхан хуулбарлан үйлдэж байгаа бол өнгөрсөн бямба гаригт бас хэн нэгнийг алсан байх учиртай. Гэтэл бидэнд цогцос алга. Эхний болон гурав дахь хохирогчийг хаанаас олсон гэж байна? гэлээ.
Наижл сайтар тунгааж бодох хэрэгтэй боллоо. Гүйлгэж харсан тэдгээр олон жилийн баримтууд толгойд нь кино хальс шиг бууж үлджээ.
- Эхнийх нь Ноттинг Дэйлийн Брик Фийлд, гурав дахь нь Ноттинг Хиллийн галт тэрэгний буудал байсан.
- Цогцоснууд олдсон газрууд болон эдгээр хүн амины хэргүүдийн талаар өөр ямар мэдээллүүд нийтлэгдсэнийг олж эд. Юм олдвол над руу дахиад залгаарай.


Фостер сандлын түшлэг дээр тохсон хүрмээ авч өмслөө. Дараа нь тэр мэдээллийн өрөөнд орж тэнд цугласан хүмүүсийн анхаарлыг өөртөө татахаар алга ташив.
- Бүгд анхааралтай сонс. Би сая Наижл Барнестай утсаар ярилаа. Тэр 1879 оны сонингийн нийтлэл дундаас Умард Кенсингтонд долоо хоногийн дотор гурван хүн амины хэрэг гарсныг олсон. Хоёр дахь хүн амины хэрэг нь Алберт Бекийн хэрэг байжээ.
- Хоёр дахь гэсэн үү? хэмээн Хадерыг асуухад Фостер толгой дохиод
- Гайхшруулсан зүйлс ганц энүүгээр дуусахгүй. Гурав дахь хохирогч нь 1879 оны гуравдугаар сарын 31-нд алагдаж, дараа өдөр нь олдсон байна гэв.
Өрөөнд ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм болжээ.
- Одоо та нар дараахь даалгаврыг гүйцэтгэнэ. Энди, Хадер хоёр багийнхантайгаа Ноттинг Хилл Гэйт рүү явна. Барнесийн хэлснээр 1879 онд гурав дахь цогцос тэндээс олдсон. Гудамж бүхэлдээ харагдах газрыг олж, хүмүүст энгийн хувцас өмсгөөд сэжиг авхуулахааргүй байрлуул. Буудлыг хараан дороо байлгаж ажиглалт хийж болохоор газар ол. Би та нар дээр сүүлд очиж нэгдэнэ.
Тэгтэл Хадер
- Эхний хүн амины хэргийг яах болж байна? Хэрвээ тэр адилхан... гэтэл Фостер түүний яриаг тасалж
- Би нас барсан хүмүүсийн дунд хайж үзье. Чи харин үхэгсэд дээр дахиад нэгийг нэмчихгүй байх тал дээр анхаар гэлээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:39 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 10:21 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
11



Мөрдөгч Фостерыг шууд орж ирэхэд цогцос хадгалдаг газрын ажилчин их сандарсан харагдав. Бямба гаригийн орой ээлжтэй байсан тэрбээр зайлшгүй тохиолдолд хохирогч болсон хүмүүсийн цогцсыг дотогшоо оруулдаг ажээ.
- Танд би юугаар туслахсан бол? гэж тэр энэ газрын эзэн аятай aсуухдаа нүдээ анивчив.
- Өө тэгэлгүй яахав. Би өнгөрсөн хагас бүтэн сайнд энд авчирсан бүх цогцоснуудыг яг одоо хармаар байна.
- Та утсаар ярьж зөвшөөрөл авсан уу? гэж сандарсан ажилчныг асуухад
- Сонс хэмээн дуугаа өндөрсгөсөн Фостер биеэ барьж
- Чамайг хэн гэдэг вэ? гэв.
- Льюк.
- Льюк, би хүн амины хэрэг хариуцан мөрдөж байгаа. Би цогцоснуудыг яаралтай шалгах хэрэгтэй учраас дотогшоо орж харах л болно. Намайг саатуулах гэсний хэрэггүй. Ойлгов уу?
Льюк толгойгоо алгуурхан дохилоо.
- Чи их ухаантай залуу байна.
Фостер залууг лангууны ард үлдээгээд хөргөгчтэй байр байдаг доод давхарт очихоор хэд хэдэн хавтсан хаалгаар дамжиж явлаа. Тэрбээр доод давхарт бууж ирэхэд агаарын хэм эрс буурав. Дахиад нэг хаалга, гэвч тэр онгойсонгүй. Фостер Льюкыг дуудаж, чанга дуугаар хашгирлаа. Хаа нэгтээ хаалга савлаж нээгдэх чимээ гарахыг сонсоод тэр цогцос хүргэгч машин ирсэн байх хэмээн бодов. Залуу эр хурдан алхалсаар доошоо бууж ирээд хаалганы дэргэдэх дэлгэцэн дээр код орууллаа. Фостер хаалгыг түлхэж дотогшоо орвол өрөө санасныг бодвол мөс шиг хүйтэн биш ажээ. Амнаас нь савсах уур бяцxан үүл шиг харагдаж байлаа. Хөргөгчнүүдийг хаалганы хоёр талаас хана дагуу эгнээгээр байрлуулжээ. Тасалгааны голд байрлах хэдэн ширээний нэг дээр хар ууттай цогцос тавьжээ. Льюк Фостерын харцыг дагуулж хараад цогцос яагаад ширээн дээр байгааг тайлбарлаж
- Түүнийг задлан хийх хүртэл тэнд байлгаж байгаа юм. Нэг архичин байна лээ хэмээн хэллээ.
Тасалгааны эсрэг талд никельдсэн багажнууд, цогцсыг дээшээ задлан шинжилгээний өрөө рүү оруулдаг өргөгч шат харагдана. Фостер шатны дэргэд өлгөсөн цагаан самбарыг олж харлаа. Самбар дээр хөргөх хайрцагны дугаар, нас барагсдын нэрсийг тэмдэглэжээ.
- Энэ хүмүүс хэзээ нас барсан, бас тэднийг энд хэзээ авчирсныг хаа нэгтээ тэмдэглэдэг үү?
- Бүртгэлийн дэвтэрт байгаа.
- Тэр дэвтрээ нааш нь аваад ир.
Льюк яваад өгсөнд Фостер автомат руу очиж хос резинэн бээлий гаргаж авлаа. Түүнийг бээлийгээ өмсөж байх хооронд Льюк гартаа том хар дэвтэр барьчихсан амьсгаадсаар буцаж ирэв.
- Та ямар өдрийнхийг хайж байгаа юм бэ?
- Эхлээд өнгөрсөн бямба гаригийн орой болон ням гаригт авчирсан хүмүүсээс эхэлье. Тэдний хэзээ үхсэн нь одоохондоо хамаагүй.
Льюк төмөр ширээн дээр тавьсан дэвтрийнхээ хуудсыг эргүүлэв. Фостер дэвтрийг авахаар гараа сунгатал Льюк
- Өө, энд Фааэи гэж байна гэлээ. Фостер самбарын зүг харвал тэнд тийм нэр байсангүй.
- Тэр өнгөрсөн пүрэв гаригт гашуудлын ёслол хийдэг өрөө рүү хүргэгдсэн гэнэ. Энэ автомашины осол байжээ гэж Льюк хэлэв. Фостер цогцсыг хаана, ямар өрөө рүү хүргэгдсэнийг тэмдэглэж авлаа.
- Гордон.
Самбар дээр бичсэн тэр нэрний ард хөргөх хайрцаг 13 хэмээн тэмдэглэжээ. Фостер хөргөгч рүү очиж бариулаас татаж тавиурыг гаргалаа. Тэр уутны цахилгааныг татаж онгойлговол дотор нь тавь эргэм насны тарган эрийн цогцос байх ажээ. Цогцосны ам нь ангайсан, арьс нь хөх туяатай харагдана. Фостер цогцосны цээжин хэсгийг их анхааралтай ажиглалаа. Тэрбээр юу ч олж хараагүй тул Льюкээр туслуулахаар залууг гар занган дуудаж, цогцсыг суулгах гэж оролдов. Нилээд хүч гаргаж байж цогцосны ар нуруу, дараа нь бүх биеийг шалгасан боловч тэр ямар ч шарх шалбархай олсонгүй.
- Зүрхний шигдээс үү? хэмээн тэр асуувал Льюк толгой дохиод
- Бямба гаригийн орой, гэртээ гэж хариуллаа.
- Тэр магадгүй сугалаанд хожсон биз хэмээн Фостер хэлээд уутны цахилгаан товчийг буцааж татаад тавиурыг түлхэж хаав.
Дараагийн нэр Ибрахим гэснийг харсан Льюк
- Тэр бүр хөлдөөгчинд байгаа, дугаар 30 гэж хэллээ.
Фостер гайхалтай, гэвч надад хэн ч саад болохгүй гэж бодов. Энд цогцсыг задралаас хамгаалж хадгалах зориулалттай хасах зургаан хэмийн хөлдөөгч хайрцаг доод тал нь нэг ширхэг байх ёстой ажээ. Цогцсыг хоёр дахь шинжилгээнд оруулахдаа бүлээн усаар шүршиж гэсгээдэг.
- Түүнийг дахиж шинжлэхээр хадгалж байгаа юм уу? гэж Фостерыг асуухад Льюк толгой сэгсэрлээ.
- Үгүй, түүнийг олох үед аль хэдийн задралд орчихсон байсан.
- Янзтай хэмээн Фостер бувтнаад хөлдөөгчийн хаалгыг онгойлгож тавиурыг татаж гаргалаа. Цогцосны уут байх ёстой хэмжээнээс жижиг, хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн харагдана. Фостер гүнзгий амьсгал аваад уутыг болгоомжтой нээлээ. Ямартай ч хүйтэн өмхий үнэрийг багасгажээ. Гэвч Фостер уутанд байгаа зүйлийг хараад маш их цочирдов. Цогцсыг мөчлөн хуваажээ. Энд нэг гар, тэнд нэг хөл, дунд нь цээжний хэсэг харагдах боловч толгой нь байсангүй. Ялаа батганы хоол болсноос бүгд ногоорчээ. Фостер энэ хэргийг саналаа. Тухайн хэрэг дээр өөр баг ажиллаж байгаа бөгөөд энэ өшөө авалттай холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байжээ.
Фостер тасалсан мөчийг аваад анхааралтай харлаа. Ялзарсан махны үнэр хамрыг нь сэтлэх шахсан тул тэр амаараа амьсгал авав. Тэр бүх биеийн мөч бүрийг өргөж цээжийг нь эргүүлж үзсэн боловч хайж байгаа зүйлээ олсонгүй. Тэрбээр бүгдийг уутанд хурдхан буцааж хийн нүднээсээ далд оруулсны дараа л сая санаа нь амарлаа.
Жагсаалтанд байсан дараагийн хүний нэр байсангүй. Льюк цогцсыг ням гаригийн өглөө энд авчирсан, насыг нь тодорхойлж хэлэхэд хэцүү, дөчин хэдтэй гэж таамаглаж байгаа гэж хэлэв. Тэр хүн их эцэж турснаас нүүрнийх нь арьс суларч унжжээ. Бас засуулаагүй удсан хар үс сахланд нь сор суусан ажээ. Энэ хүн бол өнгөрсөн ням гаригт амиа хорлосон нөгөө гуйлгачин, Хадерын санаа тавиад байсан тэр хүн байлаа.
Фостер уутны цахилгаан товчийг буцааж татах гэснээ анхаарлыг нь татсан ямар нэг юм байх шиг санагдаад цогцсыг шалгаж эхэллээ. Цээж, гэдэс, зүүн гар дээр юу ч харагдсангүй. Баруун гарыг нь өргөж харвал тариурын зүүний оромнуудаас өөр юм байсангүй. Бодвол тэр хар тамхичин байсан бололтой.
Фостер толгойгоо хажуу тийшээ гэлжийлгэж зүүний оромнуудыг харвал героин шахахад үүсдэг сорвижсон жижиг нарийхан зурааснууд байлаа. Тэгтэл сорвинууд өөр хоорондоо холбогдсоныг Фостер олж харлаа. Тэр гар луу ойртож сайн ажиглавал хоёр нарийхан ташуу улаан зураас хоорондоо нэг жижиг зүсэлтээр холбогдсон байв. А үсэг. Энэ өмнөхийг бодвол ялгаж харахад маш хэцүү, хайнга хийгдсэн боловч харин бусад тэмдэгтийг олох хялбархан байлаа. Гар дээр Дарбиширийн цээжин дээр байсантай адилхан үсэг тоонууд байх нь тэр. 1А137.
Одоо харин Фостер Хадераас уучлалт гуйх хэрэгтэй болжээ. Тэр харцаа цогцосноос салгаж чадсангүй, тэрбээр гарыг нь буулгаад
- Үхлийн шалтгаан? хэмээн Льюкээс бараг хашгирах шахам асуулаа.
- Боомилогдож үхсэн гэж таамаглаж байгаа.
- Хордлого судлалын төвөөс ямар нэг юм сонссон уу?
- Үгүй,гэхдээ хүчтэй мансууруулагч, спиртний төрлийн зүйл илэрсэн.
Фостер цогцсыг дахиж ажиглахаар тойрч явснаа хөлийн шагайнаас нь барьж өргөлөө. Энэ хүний хөлийн уланд гудамжинд тэнүүчилж байсан гэмээр ямар ч ул мөр харагдсангүй. Ихэнх гуйлгачдын хөлийн ул, тавхай эвэршиж хагарсан, цэврүүтэж холгосон, бохир заваан, муухай үнэртэй болсон байдаг. Гэтэл энэ залуу хөл арчлагчтай гэрлэсэн л биш бол энд үнэхээр ойлгогдохгүй хачин юм болоод байв. Түүний гар гудамжинд хоноглож, ус зайлуулах хоолой, хог ухаж, спирт уудаг гуйлгачдын саарьтсан гартай огт адилгүй эвэршсэн ул мөр байхгүй, конторын ажилтай хүнийх шиг зөөлөн, толигор арьстай ажээ.
Энд ямар нэг алдаа гарчээ гэдэг нь ойлгомжтой боллоо.


Наижл Роноос Оройн Мэдээ, Оройн Жишиг сонины дугааруудыг олж өгөхийг хүсжээ. Рон эргэж иртэл бүтэн зуун өнгөрөх шиг боллрр. Наижл цахилгаан үүсгүүрийн зөөлөн хүнгэнэх дуунаас өөр чимээгүй, хүнгүй хоосон танхимд ганцаараа удаан сууж байхдаа Роныг харааж зүхмээр санагдав. Уншлагын танхимд харанхуй болоход таазнаас гинжээр холбож өлгөсөн асар том бөөрөнхий чийдэнгүүд асаж дотор хүйт оргиулсан сүүмгэр бүдэг гэрэл туслаа.
Наижл ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж бодоод хоёр дахь жижиг танхим руу очив. Танхимын өдрийн гэрэл тусдаггүй хэсэгт хэдэн чийдэн асаалттай байх бөгөөд бичил хальс уншдаг аппаратны дэлгэцнээс бүдэг гэрэл сүүмэлзэнэ. Тэр урьд нь энд бичил хальсанд буулгаж хадгалсан өнгөрсөн зууны эх бичлэгийг хэдэн цагийн турш гүйлгэн харж суудаг байжээ.
Зүүн талд байсан бичил хальсны аппаратуудыг авч оронд нь зай хураагуураар ажилладаг хэдэн компьютер тавьжээ. Эдгээр компьютер дээр хайлтын үгээ оруулж, улсын хэмжээнд гардаг сонины сүүлчийн дугааруудыг харж болно. Наижл компьютерийн урд сууж товчлуурыг дарж асаав. Компьютерт зөвхөн ойрын арваад жилийн сонингууд хадгалагдсан болохоор судалгааны ажилд ашиглахад учир дутагдалтай ажээ. Тэгсэн ч гэсэн Наижл жаахан ухаад үзмээр санагдав.
Фостер мэтийн цагдаагийн ажилтан олны дунд танил болсон байдаг болов уу хэмээн тэр өөрөөсөө асууснаа хайлтын цонхонд Ахлах мөрдөгч+Грант+Фостер гэж бичээд Enter товчлуурыг дарлаа. Компьютер нэг хэсэг шажигнаж байснаа дэлгэцэн дээр арван есөн хайлтын үр дүн гарч ирэв. Эхний хэдэн нийтлэлд Фостерын нэрийг дурьдсан хүн амины хэргийн сурвалжлагууд байлаа. Тэгтэл долоо дахь нийтлэл Наижлын анхаарлыг татлаа. "Цагдаагийн дээд тушаалын офицер Эцгээ Алсан хэрэгт буруугүй болох нь тогтоогдлоо". Энэ бараг найман жилийн өмнөх мэдээ байв. Наижл линкийг шууд дарлаа.


Энэрэнгүй үзлийн үүднээс эцгээ эйтаназигаар үхүүлсэн хэрэгт буруутгагдаж байсан Скотланд Ярдын ахлах мөрдөгчийг хэрэгт буруугүй хэмээн тогтоож, түүний эсрэг гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон тул тэр албандаа дахин эргэж орлоо.
Ахлах мөрдөгч Грант Фостер, 39 настай, тэрбээр хоёр сарын өмнө буюу өнгөрсөн долдугаар сард түүний эцэг, тэтгэвэртээ суусан ахлах мөрдөгч Рожер Фостер Актонд байдаг гэртээ нас барсан байдалтай олдсоны дараа баривчлагджээ. Тэр эцэг нь нас барсныг мэдэгдэхээр түргэн тусламжийн жижүүрийн алба руу утасджээ.
Өнгөрсөн сард шүүхийн шийдвэрээр өндөр настан, ноён Фостерын үхлийн шалтгааныг судалсны эцэст шүүх хурлаар оруулж авч хэлэлцсэн. Задлан шинжилгээний эмч тодорхойлолтондоо: ахлах мөрдөгч Фостер үхэхийг хүссэн эцэгтээ тусалсан гэдэг нь тодорхой байсан гэж бичжээ. Ийм туслалцаа гэмт хэргийн чанартай эсэхийг задлан шинжилгээний эмч шийдэх эрхгүй гэдэг нь мэдээж ойлгомжтой. Энэ бол шүүх болон цагдаагийн хүчний байгууллагын шийдэх асуудал билээ.
Ахлах мөрдөгч Фостер шүүхэд дахиж дуудагдахгүй, эргэж ажилдаа орох болсон тухай мэдээ эйтаназигийн эсрэг хөдөлгөөнийхний дүргүйцлийг хүргэжээ. Өчигдөр орой Тэвлисийн хуучинсаг үзэлтэн, парламентын гишүүн Адриан Левс ингэж хэлжээ: Олон нийтэд ямар гээчийн мэдээлэл өгөөд байгааг би ойлгохгүй байна. Хэн нэгэн үхэх эрхтэй гэсэн шийдвэрийг бид гаргах ёсгүй. Энэ бол бидний хайрт Ертөнцийн Эзний шийдэх асуудал. Дээр нь нэмж хэлэхэд Метрополитан Цагдаагийн Газрынханд жирийн хүмүүст үйлчлэхээс өөр баримтлах дүрэм журам байхгүй гэдэгт би итгэлтэй байна.
Наижл сандлынхаа түшлэгийг налж суугаад уншсан зүйлийнхээ талаар хэсэг эргүүлэн бодлоо. Хэдийгээр энэ хэрэг хаагдсан ч Фостер ямар нэг байдлаар эцгийнхээ үхлийг түргэсгэхэд тусалсан нь тодорхой. Хэрэв ийм явдал үнэхээр болсон юм бол тэр яаж ажилдаа үлдэж чадсан юм бол? Наижл цагаа харлаа. Тэр ажлаа цааш нь үргэлжлүүлж хийхийг хүсэвч Рон энэ барилгын хаа нэгтээ алга болсноос хойш аль хэдийн хагас цаг өнгөрч цаг орой болжээ.
Уншлагын танхимд эргэн ирвэл бас л хоосон байсан учир тэр Роныг өөрөө эрж олон дахиад хэр удаан хүлээх хэрэгтэйгээ асууж мэдэхээр шийдлээ. Наижл ажилчид ордог хаалга руу явах зуураа хаалганы ард юу байгаа бол хэмээн өөрөөсөө асуув. Тэнд архивын материалууд өрж тавьсан дүүрэн тавиуртай агуй шиг том танхим байгаа болов уу? гэж бодсоор хаалгыг онгойлгож ортол гэрэл нь асаалттай шатны хонгилд яваад орчихов. Тэр цахилгаан шатны дэргэд зогсож байлаа.
Наижл товчлуур дээр дартал хаалга тэр дороо хажуу тийшээ гулгаж онгойлоо. Тэр Роныг бичил хальснуудаа тэвэрчихсэн шатнаас гарч ирнэ гэж найдсан боловч цахилгаан шат хоосон байв. Наижл бүхээгт орж тэнд байсан ганцxан К товчлуурыг дарлаа. Хаалга хаагдаж цахилгаан шат үл мэдэг чичирхийлснээ алгуурхнаар доошилж эхлэв. Бүхээг газарт хүрэхдээ нэг удаа хүчтэй доргиж, дараа нь хаалга хяхтнаж дуугарснаа алгуурхан онгойлоо. Наижл гурван хаалгатай хонгилд гарч ирээд аль хаалгаар орохоо мэдсэнгүй. Нэг хаалга баруун талд, хоёр дахь нь зүүн гар талд, харин гурав дахь нь чанх урд нь байв. Хаалганууд бүдгэрүүлсэн шилтэй учраас Наижл хаалганы ард юу байгааг харж чадсангүй. Баруун, зүүн талын хаалганы ард харанхуй, харин урд хаалганы шилний цаанаас гэрэл тусахыг Наижл хараад Рон тэнд байгаа байх гэж бодлоо.
Наижл хаалгыг онгойлготол ханан талдаа ямар ч xаалга цонхгүй урт хонгилд орж ирэв. Хонгилын тэртээ үзүүрт нэг хавтсан хаалга харагдана. Хэрэв Рон тэнд байхгүй бол дараа нь би юу хийх вэ? Тэр дээшээ гараад миний байхгүй байгааг мэдээд яах бол? Би буцаад дээшээ гарах ёстой юм болов уу? хэмээн тэр өөрөөсөө асуув. Үгүй, Рон энд байгаа гэдгийг тэр мэдэрчээ. Тэгээд ч тэр сонингууд түүнд чухал хэрэгтэй учраас Наижл хонгилоор цаашлав.
Тэр нугасан дээрээ үл мэдэг савлах хар ногоон өнгөтэй хаалганы урд очлоо. Хаалгыг болгоомжтой онгойлговол он удаан жил хуримтлагдсан тоос шороо, хуучин цаасны нэгшсэн танил үнэр хүчтэй ханхлав. Энд тас харанхуй байлаа. Солиормоор юм, Рон хэрвээ энд байгаа юм бол яагаад гэрэл асаагаагүй байдаг билээ? гэж тэр бодлоо. Энд зөвхөн ар талд нь сулхан гэрэлтэх хонгилын гэрэл тусжээ. Наижл мөрөө хавчаад хажуу ханаа тэмтэрч үзэхээр зүүн гараа сунгатал хаалганы ойролцоо төмрөөр хийсэн болов уу гэмээр нэг хатуу хүйтэн юманд хүрлээ. Энэ хаалганы нугас бололтой хэмээн бодсон тэрбээр гараа цааш нь гулгуулсаар ашгүй гэрлийн унтраалга олж бушуухан дарав.
Наижл урд нь харагдах өрөөг сайн ялган харж чадах хүртэл хэсэг хугацаа өнгөрлөө. Энд өөрөөс нь тавиад сантиметр орчим өндөр бүхий намхан таазтай, урт хонгил байлаа. Хаалганы хоёр талд хана дагуу шалаас тааз хүрсэн өндөртэй, дээр нь олон төрлийн сонингуудыг жилийн дугаараар нь ялгаж тавьсан төмөр тавиурууд үргэлжилжээ.
Гэнэт Роныг бодоод түүний инээд хүрэв. Тэр энд, энэ давчуухан газар яаж хөдөлж чаддаг юм бол? Рон бараг зуун хорин килограмм татдаг болохоор л ингэтлээ уддаг байх. Тэр "Чарли ба шоколадны үйлдвэр" хэмээх хүүхдийн номын гол баатар Огастус Глээп насанд хүрсэн хойноо энэхүү хонгилын дунд хавчуулагдчихаад сууж байгаа юм шиг харагддаг байлгүй.
Энэ хонгил бол нэг бүр нь наян метрийн урттай дөрвөн агуулахын нэг гэдгийг Наижл мэдэж байлаа. Тийм учраас тэр хонгилын цаад үзүүрт байдаг хаалгыг харж чадахгүй гэдгийг шууд ойлгожээ. Энд зөвхөн сонины архивуудыг өрж тавьсан тоолж барамгүй олон тавиурууд урт эгнээ болон үргэлжилнэ. Энэ бүхнийг өчигдрийн хэргээс болж хардаг байж ээ хэмээн тэр бодлоо.
Хаа нэгтээ хаалга хаагдах чимээ гарсанд Наижл энэ Рон байх гэж бодоод нэрээр нь дуудлаа. Хорин таван километрын урттай тавиуруудаас боссон тоосон дунд бараг бүтэхээ шахаж хүчтэй ханиалгаснаас хоолой нь сөөсөн тэрбээр шивнэх шахам дуугарчээ. Ханиалга нь намдахад эргэн тойронд нь дахиад нам гүм болов.
- Рон!
Тэр энэ удаа арай чанга дуугарч чадлаа. Гэвч ямар ч хариу сонссонгүй. Энэ чимээ ард нь гарсан юм болов уу, эсвэл урд нь юм болов уу? Үүнийг энд ялгахад хэцүү ажээ. Чимээ урд талд гарсан байх гэж тэр бодоод Роны бух шиг том дүрсийг олж харах байх хэмээн найдаж тэр урт хонгилоор цаашлан алхлаа.
Чанх урд нь дахиад хаалга хаагдах чимээ сонсогдсонд Наижл урагшаа нэг алхаад Роныг дахиад дуудав. Энд байх өөрт нь огтхон ч таалагдаагүй тул би дээр, танхимд суугаад хүлээсэн нь дээр байжээ хэмээн бодоод эргэтэл тэр арднь нугасан дээрээ чимээгүй онгойсон хаалганы савалтанд агаар хуйлрахыг мэдэрлээ. Тэр хурдан эргэж харав.
- Чамайг чөтгөр... гэж Наижл хашгирлаа. Рон элгэндээ тэвэрсэн бичил хальстай хайрцагнуудаа алдчихав. Үхтлээ цочсон Наижл гараа буулгахгүй савчсаар байлаа.
- Бурхан минь хэмээн дуу алдсан Рон зүрхнийхээ хавьцаа гараараа даржээ. Хэн хэн нь хэсэгтээ дуугарч чадсангүй.
Рон түрүүлж энэхүү чимээаниргүй байдлыг эвдлээ.
- Чи одоо сүнс чөтгөр шиг энд юу хийж байгаа юм бэ?
Түүний гайхаж цочирдсон царай уурласан шинжтэй болжээ.
- Би чамайг эрж байсан юм. Би бодохдоо ... Би юу бодсноо ч сайн мэдэхгүй байна гэж Наижлыг хариулахад
- Би цочсоноосоо болоод арай л үхчихсэнгүй гэж Рон уурлаж бухимдсан өнгөөр хэлээд газраар нэг цацагдсан бичил хальснуудаа хайрцганд хийхээр тонгойв. Наижл Ронд тусаллаа. Бүх хайрцгаа дүүргэсний дараа тэр хоёр өөд өөдөөсөө харав.
- Өршөөгөөрэй. Би бага зэрэг сандарчихсан байсан. Юу бодсоноо ч сайн мэдэхгүй байна гэж би чамд хэлсэн шүү дээ гэж Наижлыг хэллээ.
Рон мөрөө хавчаад
Чи хэрвээ эрж олох ажлыг зөвхөн надад даалгана гэж амлах юм бол гэсэнд Наижл шууд зөвшөөрч байгаагаа мэдэгдэхээр хурдан толгой дохилоо.
Рон Наижлд бичил хальснуудыг өгөөд
- Үүнийг аваад дээшээ гар. Би тамхи татмаар байна гэв.
Наижл бичил хальснуудаа аваад уншлагын танхим руу буцлаа. Тэр эхлээд Оройн Мэдээ сонины бичил хальсыг гүйлгэн харж байгаад хоёрын хоёр хүн амины хэргийн тухай бичсэн нийтлэл олов. Нийтлэлд уг хоёр хэргийг хоорондоо холбоотой хэмээн хурц тодоор батлан бичжээ. Кенсингтонд гурав дахь хүн амины хэрэг гарсны дараа улам их айж цочирдсон ард олон олны дунд аймшигтай цуу яриа шуугиан дэгдээж байгаа талаар бичсэн боловч цогцос яг хаанаас олдсон тухай тодорхой мэдээлсэнгүй, зөвхөн уг хэрэг Ноттинг Хиллийн галт тэрэгний буудлын ойролцоо гарчээ гэж дурдсан байлаа. Наижл бүх хуудсыг гүйлгэж харсан боловч хэрэг гарсан газрын ойролцоо амьдардаг, айдас хүйдэст автсан оршин суугчдын тухай бичсэн дэлгэрэнгүй нийтлэлээс өөр зүйл олсонгүй.
Дараа нь Наижл Оройн Жишиг сонины бичил хальсыг аппаратанд хийлээ. Энд нийтэлсэн хоёр нийтлэл өмнөх сонинд бичсэн сурвалжлагчийнх бололтой арай урт боловч утга агуулга нь адилхан ажээ. Үг нэг бүрийг маш анхааралтай уншсан боловч тэр одоохондоо Фостерт дуулгачихмаар шинэ юм олсонгүй. Наижл нүдээ нухлан суудлынхаа түшлэгийг налж суугаад цагаа харлаа. Түүнийг энэхүү бүүдгэр гэрэлтэй дэлгэцийг ширтэж суух хооронд цаг харвасан сум шиг өнгөрчээ. Нүд нь чилж, толгой өвдөх шинжтэй болсон тул тэр гадаа цэвэр агаар амьсгалж толгойгоо сэргээхээр шийдлээ.
Наижл постон дээрээ сууж буй Рон руу очиж гадаа гарах гэж байгаагаа хэлэхэд
- Би чамтай хамт гаръя, бас тамхи татмаар байна хэмээн тэр хөгжилтэй хэлэв. Тэр Наижлыг уучилсан бололтой.
Наижл гадуур хүрмээ өмссөнд харин Рон богино ханцуйтай нимгэн цамцтайгаа гарлаа. Тэд гол хаалганы дэргэд зогсоцгоож, Наижлд ороодог тамхинаасаа татах хүсэл төрөөгүй тул Роныг тамхи татах зуур хажуугаар нь өнгөрч яваа цөөн хэдэн машиныг харж зогсов. Дараа нь гар утсаа халааснаасаа гаргаж харлаа.
Нэг ч шинэ зурвас ирээгүй ажээ. Наижл уул нь хэрвээ алуурчин баригдсан бол тэд өөрт нь эхэлж мэдэгдэнэ гэж найдаагүй билээ. Утасны дэлгэцэн дээр БАТТЕРЕЙ ДУУСАЖ БАЙНА гэсэн бичиг гарч ирэхийг хараад тэр өглөө гар утсаа цэнэглэхээ мартсанаа санаад зайгаа хэмнэхээр утсаа унтраав. Рон уушигласан тамхиныхаа утааг хүчтэй үлээж гаргаад
- Ажил чинь хэр урагшилж байна? гэж асуулаа. Наижл хариу үг хэлэлгүй, Роныг гэмшсэн харцаар харлаа.
- Чамайг надад бүгдийг нь хэлж болохгүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ хэр ахицтай байгаагаа хэлж болно биз дээ?
- Энэ бол... юу л даа. Би бүх бичил хальсыг шалгаж үзэх хэрэгтэй. Тэгээд л тэр.
Рон нөхцал байдлыг ойлгосон бололтой толгой дохиод
- Эдгээр сонинг бичил хальсанд яаж буулгадгийг чи мэдэх үү? гэж Наижлаас асуулаа.
- Энэ талаар би сонсож байгаагүй юм байна.
- Тэднийг индүүддэг юм. Манай энд сонинг индүүдэж толигор болгодог хэдэн бүсгүй байсан.
- Энэ үнэн гэж үү?
- Үнэн байлгүй яахав хэмээн хэлсэн үгээ батлаад Рон тамхиа соров.
Наижл эрлээ үргэлжлүүлэхдээ цааш нь нарийвчлан шалгах хэрэгтэй гэж бодоод
- Надад Челсигийн Цаг үе хэрэгтэй гэж хэллээ.
- Би тамхиа татаж дуусаад тэр сонинг чинь авчрахаар доошоо шууд бууя хэмээн Рон амласнаа
- Энэ ажилд нилээд цаг зарцуулагдах байх. Гэхдээ энэ арай үхэл амьдралтай холбоогүй юм байгаа биз дээ? гэсэнд Наижл инээмсэглээд
- Тийм ч байж мэднэ гэж хэлэв.


Фостер машин дотроо өнгөрсөн ням гаригт Ноттинг Дэйл дэх Эйвондэйл Паркт, гуйлгачин үхсэн газарт дуудагдаж очсноо бодож суулаа. Тэнд очиход нүдэнд тусчихаар онцгой юм олж илрүүлээгүй ажээ. Тэр шөнөжин орсон борооны усанд норж хүндэрсэн моднууд мөчрөө даахгүй бөхийсэн байсныг саналаа. Гуйлгачинг хүүхдийн савлуур тоглоомын дээд хөндлөвчинд дүүжлэгдсэн байхад нь олжээ. Цогцсыг жижүүрийн албаныхан аль хэдийн доош нь буулгаж сэхээх оролдлого хийсэн тул Фостер түүнийг анх олдсон байдлаар нь харж чадаагүй ажээ.
Энэ хооронд Фостер эхлээд ажлын газар луугаа очиж, хэргийн газар, гуйлгачингийн цогцос, савлуур тоглоом, дүүжилсэн олсны зурагнуудыг цуглуулжээ. Зурган дээр анхаарлыг нь татчихмаар зүйлс олдсонгүй. Тэрбээр олсыг шинжээчдийн баг руу илгээж, Карлайлд хоёр дахь задлан шинжилгээ хийх даалгавар өгчээ. Дараа нь тэр цогцсыг анх олсон цэцэрлэгийн манаачийг дуудуулсан ажээ. Манаач долоо хоногийн өмнөхтэй нэгэн адил тэр шөнө болон дараа өдрийн өглөө анхаарал татсан ямар нэг хачин зүйл, хүн амьтан хараагүй гэж баталж хэлэв. Цэцэрлэгт хүрээлэнг оройны таван цагт хаасны дараа алуурчин ямар нэгэн аргаар дотогшоо нэвтэрч, цогцсыг хүмүүс амархан олж харахаар байрлуулж чаджээ. Фостер цэцэрлэгийг бүхэлд нь тойрч шалгасан боловч хаагуур хүн нэвтэрч орсныг илрүүлж чадсангүй.
Хохирогчийн биед хутганы шарх байхгүй байсан нь Фостерыг бүр гайхшруулжээ. Барнес түүнд 1879 оны бүх гурван хохирогч хутгалуулсан байсан гэж хэлсэн. Тэгвэл алуурчин яагаад эхний хохирогчийг дүүжилсэн юм бол?
Гуйлгачин үнэндээ хэн болохыг тэд хурдан тодруулж мэдэх хэрэгтэй байлаа. Цогцосны шүдний хэвийг авч сураггүй алга бологсодтой харьцуулж үзэхийг даалгасан ч энэ бол цаг хугацаа шаардсан ажил билээ. Ийм учраас Фостер одоо гартаа хэдэн үхсэн хүний зурагнууд бариад Ладброке, Ноттинг Хиллийн хооронд явган хүний зам дагуу машинаараа яст мэлхий шиг сажлан явж байгаа билээ. Тэр туузны тасархайнууд салхинд хийсч харагдах Гэгээнтэн Жоны Сүмийн дэргэдээс хөдөлжээ. Оршуулгын газрын хамгаалалтыг аль хэдийн буулгажээ.
Фостер Портобеллогийн Өргөн чөлөөг хөндлөн дайрч гарлаа. Бямба гариг бүр зах дээр гардаг залхуу хойрго худалдагч нар лангуугаа хураасан боловч гудамжны хог новш хөлөөр нэг хөглөрчээ. Тэр машинаа гудамжны хойд захад төмөр замын гүүрний ойролцоо тавилаа. Энэ бол Вэствэй хэмээх хурдны замын доор, барилга зам харгуйн ойролцоо харанхуй булан тохой ихтэй, голдуу архичид цуглардаг газар ажээ.
Фостер зөвхөн явган хүний зам дэвссэн, дээгүүр нь хурдны зам өнгөрч гардаг Акламын Өргөн чөлөө рүү очвол тэнд орон гэргүйчүүд ч юм уу, ер нь өөр хэн нэгэн байсангүй, Тэр буцаж алхан Портобеллог огтолж гараад Ладброкийг чиглэн Вэствэйгийн дагуу явлаа. Тэнд өдөр нь энд ойрхон ажилладаг энгийн хүмүүс үдийн цайгаа уудаг, шөнө нь харин тэнүүлчин, гуйлгачид ухаангүй болтлоо согтохын тулд спиртээр чангаруулсан дарсаа уухаар ирдэг Портобелло Грийн хэмээх нэртэй жижигхэн цэцэрлэг байдаг ажээ. Фостер цэцэрлэгийн хайсны хаалгыг онгойлготол нугас нь чахарч дуугарлаа. Холхон хүмүүс инээлдэж орилолдох чимээ гарна. Фостер ойртож очвол хэдэн орон гэргүй хүмүүс бандан сандал тойроод зогсож байлаа. Тэд Фостерыг хараад ямар нэг асуудал үүсэж мэднэ гэж бодсон бололтой чимээгүй болцгоов.
Фостерын хайж байгаа хүн тэдний дунд хүүхдэд үлгэр ярьж өгч байгаа аятай бусдыгаа тойруулчихсан сандал дээр сууж байлаа.
- Оройн мэнд, Шийна хэмээн Фостер түүнтэй мэндлэв.
Сидэр эмэгтэй урьд нь цагдаагийн газарт ирэхдээ өмссөн хувцастайгаа байсан ч бүрэнхийд өрөөний хурц гэрэлд харагдаж байснаасаа арай дөмөг харагдах ажээ. Эмэгтэй Фостерыг хуван шар нүдээрээ хэсэгхэн зуур цоо ширтсэнээ түүнийг таниад
- Бас ямар гээчийн чөтгөр нь танд хэрэг болов? гэж асуув. Тэр дэргэд нь тамхиа зогсоо зайгүй угсруулан сорж, хөл дээрээ тогтож ядан найгаж зогсох сахал нь ширэлдэж царай нь цонхийж цайсан, халзан толгой эрд хандаж
- Энэ хүн бол цагдаа. Тэр намайг сүмийн дэргэд гарсан аллагын хэргээр байцаасан юм гэлээ.
- Гэнэт ирж баяр цэнгэлийг чинь тасалдуулсан намайг өршөөгөөрэй гэснээ Фостер яриагаа үргэлжлүүлж
- Гэвч надад чиний туслалцаа хэрэг болох нь, Шийна. Бусад нь ч гэсэн надад тусалж магадгүй гэж хэлээд хүрэмнийхээ дотуур халааснаас үхсэн гуйлгачингийн гэрэл зургийг гаргаж ирэв.
- Та нар энэ хүнийг таних уу?
Сидэр эмэгтэй зургийг гараас нь булаах шахам шүүрч аваад нүдэндээ бараг тулгаж барихдаа сайн харах гэсэн бололтой нэг нүдээ анилаа. Фостер гар чийдэнгээ гаргаж асаагаад
- Энэ тусалж магадгүй гэж хэлээд Сидэр эмэгтэйд өгөв. Эмэгтэй чийдэнг гартаа хальт барьж зурган дээр тусгаад
- Энэ бүр үхчихсэн юм байна гэлээ.
- Би мэднэ ээ. Чи түүнийг таних уу? Шийна зураг руу дахиж харав. Бусад нь эмэгтэйн ард зогсоод мөрөн дээр нь тонгойлоо. Эмэгтэй чийдэнг Фостерт буцааж өгөөд зургийг бусад нөхөддөө дамжуулж өгөхдөө
- Би түүнийг хэзээ ч харж байгаагүй юм байна гэв. Нөхөд нь зургийг дамжуулж үзсэн боловч хохирогчийг хэн ч хараагүй гэжээ.
- Тэр хэрвээ энэ хотод тэнүүчилдэг байсан бол чи түүнийг заавал таних байсан гэж ойлгоод би явлаа.
Сидэр эмэгтэй амаа ангалзуулан хөхөрснөө эцэст нь
- Тэр энэ хавиар тэнэдэг байсан бол аль хэдийн надтай нэг хөнжилд орчих байсан гэж ойлгож болно гэж хэлээд үргэлжлүүлэн хахаж цацан инээлээ. Нөхөд нь ч гэсэн эмэгтэйг дагалдан инээлдэв.
Фостер буцах замдаа би энэ дүр зургийг нэг хэсэгтээ мартаж чадахгүй биз хэмээн боджээ.


Роныг сугандаа хэдэн сонин болгоомжтой хавчуулан буцаж иртэл Наижл интернэт дээр каталоги гүйлгэн харж суулаа. Ашгүй энэ удаа Рон бичил хальсны оронд сонин авчирсанд Наижлын сэтгэл бага зэрэг хөнгөрчээ. Тэр Роноос авсан сонингуудаа уншлагын ширээн дээр тавьж нүдний шилээ засаад эхний хуудсыг эргүүлэв. Сонины хуудсууд хуурайшиж хатуураад цаасан зүлгүүр шиг болжээ. Наижлд өчнөөн олон жилийн тэртээд очсон мэт санагдаж, үнэхээр сайхан байлаа. Тэр хуудаснуудыг дөрөвдүгээр сарын 2-ны дугаар хүртэл хурдан эргүүлэв. Тэр алджээ. Энд хүн амины хэргийн талаар нэг ч үг дурьдаагүй ажээ. Хоёр хуудастай сонины бүх нүүрэнд дүүрэн викториагийн үеийн амьдралын хэв шинжийг хадгалсан зар сурталчилгаа, амтлагч, эмийн ургамлын үнэ, ажлын зар зэргийг нийтэлжээ. Өөр үедсэн бол тэр энэ бүгдийг хараад маш их бахархаж баярлах байсан. Гэвч тэр энэ удаа өөр зүйл хайж байгаа билээ.
Наижл пост руугаа буцаж явсан Роны араас дуудаж
- Чи 1879 оны Кенсингтоны Мэдээ болон Баруун Лондонгийн Цаг үе-ийг авчирч чадах уу? гэж асуулаа.
- Би ийм сонины талаар сонсож байгаагүй юм байна гэж Рон харамссан байртай хэлэв.
- Энэ бол долоо хоног тутамд ганц удаа гардаг байсан сонин.
Рон дахиж доошоо буухаар яаралгүй холдож явлаа. Хагас цагийн дараа Рон холбож үдсэн сонины дугаарууд барьсаар буцаж ирлээ. Наижл дөрөвдүгээр сарын 4-ний дугаарыг хурдан олов. Сонины эхний нүүрэн дээр бүх хүн амины хэргийн тухай нийтэлжээ. Нийтлэлд ихэвчлэн Ноттинг Хиллийн оршин суугчдын хэлсэн үг, тэдний бодол санааг бичжээ. Хэдэн хүн алуурчныг газар дороос гарч ирдэг шавран хүн (golem) гэдэгт бүр итгэлтэй байв. Нэг "нүдээрээ харсан" гэх гэрч эхний хүн амины хэрэг гарсан газрын ойролцоо хоёр метрээс өндөр, битүү үс ургасан нүүртэй эрэгтэй хүнийг харсан гэжээ.
Наижл нийтлэлийг цааш нь анхааралтай уншлаа. Сурвалжлагч цогцсыг анх олсон хүнийг таньдаг нэг ам султай хүнтэй уулзаж ярилцсанаа өгүүлснийг унших хүртэл гойдын сонин юм байсангүй. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэг эр өглөө эрт Хаммерсмит ба Сити Төмөр замын дагуу зугаалж явахдаа буудлын дэргэд хэвтэж буй цогцсыг анх олж харжээ.
Наижл Фостер луу утсаар ярихаар суудлаасаа бостол гэнэт нэг эргэлзээ төрлөө. Ноттинг Хилл Гэйт Буудал газар доор байрладаг. Гэрчийн этгээд болсон тэр эр газар доорхи туннелд амьдардаг байсан юм байх даа. Хэрвээ тийм биш юм бол тэр эр өглөө эрт төмөр замын дагуу алхаж чадахгүй байсан биз дээ? Наижл сандал дээрээ буцаад суучихав. Хаммерсмит ба Сити Төмөр зам одоо ямар нэртэй болсон юм бэ? Хаммерсмит ба Сити Зам одоо ч байдаг. Гэхдээ энэ зам Ноттинг Хилл Гэйт буудал руу очдоггүй. Энэ буудал Төв Замын дагуу байрладаг бөгөөд буудлыг Тойргийн болон Дистрикт Зам дайрч гардаг.
Наижлд лавлах ном хэрэгтэй байлаа. Наижл хэдэн тавиур луу очиж харсан боловч ашиглачихмаар ном олсонгүй. Гэнэт толгойд нь нэг санаа орж ирсэнд тэр нэг компьютерын урд очиж суугаад интернэтэд холболоо. Наижл эхний хайлтын үгээ ЛОНДОНГИЙН МЕТРО гэж бичлээ. Минутын дараа түүнд дөрвөн зуун мянган хайлтын үр дүнгээс сонголт хийх хэрэг гарав. Эхнийх нь аяллын төлөвлөгөө, хоёр дахь нь Лондон хотын зорчих тээврийн хэрэгслийн албан ёсны цахим хуудас байлаа. Наижл хоёр дахийг сонгож линк дээр дарсанд хуудас нээгдтэл нилээд удав. Дараа нь Метро хэмээсэн линкийг нээгээд төмөр замын сүлжээний түүх бичсэн линкийг олохоор хуудсыг доош нь хурдан гүйлгэлээ. Гэвч эндээс юу ч олдсонгүй. Наижл БУЦАХ товчийг дарж хайлтын цонхыг гаргалаа.
Дараагийн хайлтын үр дүн харин нилээд найдлага төрүүлэв.
МЕТРОНЫ ТҮҮХ: ЛОНДОН ХОТЫН АШИГЛАГДАХАА БОЛЬСОН МЕТРОНЫ БУУДЛУУД. Энд харин газраас бүрэн арчигдаж хий үзэгдэл мэт алга болсон метроны буудлуудын тухай бичжээ. Хэрвээ чи тэдгээр буудлыг олохоор харанхуй гүн рүү өнгийж харж чаддагсан бол хамгийн багадаа Төв Замын дагуу Тоттенхам Коуртын Өргөн чөлөө болон Холборны хооронд байсан буудлууд, бас 1932 оноос хойш хаагдсан Грийн Парк болон Хайд Парк Корнерийн хооронд байсан Пиккадиллийн Зам дээрх Британий Музей буюу Даун Гудамж руу гардаг буудлын перроныг олох байсан биз.
Наижл дахиад хайлтын цонхыг нээж НОТТИНГ ХИЛЛ БУУДАЛ гэж бичээд Enter гэсэн товчлуурыг дарлаа. Эхний гарч ирсэн хуудас Википедиа байв. Энэ бол олон нийтэд зориулсан мэдээллийг багтаасан үнэ төлбөргүй уншдаг нэвтэрхий толь ажээ. Тэр цахим хуудсыг нээж богино нийтлэлийг уншлаа.

Ноттинг Хилл Гэйт бол Ноттинг Хиллд байрладаг метроны буудал юм. 1 болон 2-р бүсэд багтдаг энэхүү буудал нь Холланд Парк, Куинсвэй хоёрын хооронд тавигдсан Төв Зам болон Кенсингтоны Хай Стрийт, Бэйсвотер хоёрын хооронд тавьсан Тойргийн болон Дистрикт Замын огтлолцол дээр байрладаг. Буудлыг 1900 оны долдугаар сарын 30-нд нээж ашиглалтанд оруулжээ. Энэ буудал "Ноттинг Хилл" киноны зургийг авсан Портобелло Өргөн чөлөөний ойролцоо байдаг бөгөөд бас Портобеллогийн Маркет болон Ноттинг Хиллийн Багт Наадмыг байнга зохион байгуулснаар олон нийтэд алдартай газар болжээ.

Буудал 1900 оны долдугаар сарын 30-нд нээгдсэн гэнэ үү? Наижл нийтлэлийг хэд дахин уншсан боловч бичсэн он сар өдөр өөрчлөгдсөнгүй. Энэ одоо шивж оруулахад гарсан алдаа юм болов уу? Эсвэл энэ үнэн юм болов уу? Хэрвээ энэ үнэн юм бол буудал урьд нь хаана байсан юм бэ? 1879 онд ийм буудал байсан гэдгийг тэр олон сонингоос уншсан. Тэгвэл тэр буудал одоо хаана байгаа юм бэ? Наижл Ноттинг Хилл Гэйтийн дэргэд отоонд сууж байгаа Фостер болон түүний багийнхныг саналаа. Тэр цагаа харвал арван цаг болох дөхжээ. Наижл дахиад арваад минут хайлт хийж үзэхээр шийдлээ.
Наижл Google-ийг нээж ЛОНДОНГИЙН МЕТРОНЫ ТҮҮХ гэсэн хайлтын үгс оруулав. Эхний линк хуудсанд 1860-1869 оны хоорондохь метроны арваад жилийн түүхийг бичжээ. 1863 онд Паддингтон болон Фарингдоны Гудамжны хооронд тавьсан Метрополитан Төмөр Замыг нээсэн ажээ. Уг замын дагуу Эджварын Өргөн чөлөө, Бэйкэрийн Гудамж (одоогийн Грэйт Портландын Гудамж), Говерын Гудамж (одоогийн Эйстоны талбай) болон Кингс Кроссын дэргэдэх буудлуудыг барьж ашиглалтанд оруулжээ. Энд Ноттинг Хиллийн нэр дурьдагдсангүй.
Дараагийн хуудсанд эхний замтай огт хамааралгүй, Паддингтон болон Хаммерсмитийн хооронд тавигдсан Хаммерсмит ба Сити Төмөр Замын тухай бичжээ. Энэхүү замыг 1864 онд шинэ метроны туслах зам хэлбэрээр ашиглалтанд оруулжээ. Уурын галт тэрэгнүүд газар дээр ил тавьсан төмөр замаар явж, дараа нь газар доорхи тавигдсан метроны замын сүлжээнд холбогддог байжээ.

Энэ шинэ төмөр замын хооронд байрлаж байсан буудлууд бол Ноттинг Хилл (одоогийн Ладброке Гров), Шевертс Буш хоёр юм.

Наижл хурдан гарахаар ухасхийж босохдоо гар утсаа халааснаасаа гаргаж дугаар оруулаад чихэндээ наалаа. Утас хоёр удаа дуудаад унтарчихав. Наижл утасныхаа харанхуй дэлгэцийг хараад халаасаа ухаж тавин центийн зоос гаргаж ирлээ. Ийм зоосон мөнгөөр суурин утаснаас гар утас руу зөвхөн хэдхэн хором ярьж чадна. Тэр шатаар хурдан уруудаж буугаад утасны аппаратанд хүрч Фостер луу залгав. Утас холбогдож дуудаж эхэллээ.
- Наад новшийн утсаа аваач хэмээн бухимдсан тэрбээр амандаа үглэнэ.
- Ахлах мөрдөгч Фостер, Би одоогоор завгүй...
Дуут шуудан үлдээх дохио дуугарсны дараа нэг хором ч алдахгүйг хичээн тэр
- Би Наижл байна хэмээн хэлээд үргэлжлүүлэн
- Та буруу газар оччихсон байна. Та нар Ладброке Гровийн буудал дээр байх ёстой. Тэр буудлыг урьд нь Ноттинг Хилл гэж нэрлэдэг байсан. Утас одоо тасарна. Ладброке Гров руу явцгаа. Би одоо тийшээ...
Мөнгө дуусжээ. Яаралтай тусламжийн дуудлага үнэгүй байдгийг Наижл гэнэт санаад дугаарыг орууллаа.
- Гал команд, түргэн тусламж, эсвэл цагдаагийн газар уу?
- Цагдаагийн газар. Тэр холбогдлоо.
- Би ахлах мөрдөгч Фостертой ярих хэрэгтэй хэмээн тэр утас залгагч асуулт тавихаас өмнө амжиж хэллээ.
- Энэ маш их яаралтай. Би үнэндээ энэ хичнээн чухал хэрэг болохыг хэлж чадахгүй нь.


Нэг уйтгартай усан саарал өнгөтэй албан конторын барилгын долоон давхраас Фостер Ноттинг Хилл Гэйт хэмээх метроны буудлын эргэн тойрныг дурангаараа ажиглаж зогсоно. Дринквотер Ноттинг Хилл Гэйт, Кенсингтоны Чэрчийн гудамжнаас гадна барилгын ард байрладаг оршин суугчдын дүүргийг чөлөөтэй ажиглах боломжтой энэ давхрыг бүхэлд нь хөлсөлж авчээ. Өрөөний буланд хэдэн ширээ сандал, утасны шугам харагдах бөгөөд ажлын байрнаас нэгшсэн үнэр ханхална.
Бямба гаригийн орой болсон учраас Фостер үнэтэй ресторан, уушны газарт очихоор гудамжаар холхих энэ хавийн оршин суугчид, жуулчдыг харж байлаа. Багийн гишүүд хариуцаж авсан постон дээрээ бэлэн байдалтай зогсоцгоожээ. Хүнд харагдахгүйн тулд конторын байрны буланд нуугдаж суусан цагдаагийн газрын зэвсэглэсэн бүрэлдхүүнээс ирсэн цагдаа нар зэвсгээ харьцуулж үзэн ярилцацгаана. Орон гэргүй тэнүүлчний хувцас сольж өмссөн хоёр цагдаа буудлын гарах хаалганы ойролцоо сууж байлаа. Цагдаагийн таних тэмдэггүй нэг машиныг метроны буудал болон Коронет, Гэйт хэмээх хоёр кино театрын харалдаа, Уксбридж гудамжны дэргэд байрлах зогсоол дээр, харин нөгөө машиныг метроны буудлын эсрэг талд Пембридж Гардены зогсоолд тавьжээ.
Дамжуулах станц нь шажигнаж эхлэх яг тэр мөчид Фостер гудамжны эсрэг талд үймээн дэгдэхийг харлаа. Банкны барилгын өмнө орилж хашгирах нэг эмэгтэйг хэсэг хүмүүс тойрч зогсжээ.
- Явцгаая хэмээн Фостер нөхөддөө хандаж хэлээд байраа орхин гүйж гарлаа.
Тэр шатнаас үсэрч гудамжинд гараад Дринквотер, Хадер хоёрыг дагуулан хамтдаа Ноттинг Хилл Гэйтийг чиглэн гүйцгээв.
- Хүмүүс ээ, тэнд юу болоод байгаа юм бэ? хэмээн Фостер гар станц руугаа хашгирсан боловч хэн ч хариу өгсөнгүй.
Мөрдөгчдийг гудамж хөндлөн гарах хооронд банкны урд цугласан хүмүүс дээр хэдэн цагдаа нэмэгджээ. Хэрэгт дурлан саатаж зогссон хэдэн хүн орь дуу тавин орилох хар арьстан эмэгтэйг гайхшран харцгаана.
- Тэр залуу миний цүнхийг булаачихлаа. Тэр миний цүнхийг булаасан.
Найз хүүхнүүд нь эмэгтэйг тайвшруулахыг оролдоно. Энгийн нэг цүнх булаасан хэрэг дээр Баруун Лондонгийн цагдаагийн газрын хагас корпус хүрэлцэн ирснийг хэрэгт дурлагсдаас нэг нь ч анзаараагүй бололтой. Гудамжны цаад үзүүрээс дүрэмт хувцастай нэг цагдаа нэг гараараа зуурсан өсвөр насны хүүг чирч гулдчин, нөгөө гартаа эмэгтэй хүний цүнх барьчихсан ирж явна. Эмэгтэй
- Түүнийг над дээр аваад ир! Би тэр новшийн толгойг тастаад хаячихъя хэмээн ориллоо.
Заналхийллээ ямар ч эргэлзээгүй биелүүлэхэд бэлэн хуруу хумсаа сарвалзуулах эмэгтэйгээс Фостер гурван метрийн зайтай зогсоод бүх үйл явдлыг харжээ. Хүү үхтлээ айчихсан байлаа. Фостер гудамжийг бүхэлд нь нэгжиж харсан боловч өөр онцын сонирхолтой зүйл ажиглагдсангүй.
- Бүгд тайван уу? хэмээн тэр нөхдөөсөө станцаараа асуувал тэд бүгд хэвийн, тайван байгаа гэж хариуллаа.
Фостер станцаа далд хийгээд
- Байрандаа буцаад очицгоо хэмээн тушаав. Хамаг биеэр нь адреналин тархсанаас түүний амьсгаа түргэсч, зүрх нь дэлссэн хэвээр байх ажээ.
Энэхүү үйл явдлыг өрнөж байх үед Фостер гар утсанд нь дуудлага ирэхийг сонссонгүй.


Наижл такси барьж чадна хэмээн найдсаар архивын газраас гарч ирвэл гудамж тас харанхуй, ямар ч чимээ аниргүй нам гүм байлаа. Эндээс такси барих боломж бараг байхгүй гэдгийг тэр ойлгоод метроны буудал руу хар хурдаараа гүйж очин таван минутын дотор өмнө зүгт Кингс Кросс руу явах эхний ирсэн метронд суув. Наижл буудлаас гарч ирэн дахиад такси олохоор оролдсоноо бямба гаригийн орой умардыг чиглэсэн энэ зам дээр бүтэн цаг хүлээж ч магадгүй гэдгийг санаад Ладброке Гров руу явдаг Хаммерсмит ба Сити Замын метронд суусан нь илүү хурдан хэмээн бодлоо.
Наижлыг Ладброке Гровийн буудлаас хар гүйхээрээ гарч ирэхэд бараг арван нэг хагас болчихсон байлаа. Метроны буудлын үүдэн дээр ухаанаа баларттал уусан согтуу хүмүүс, архаг архичид хөлхөлдөх ажээ. Тэднээс гарах уусан архи, шарсан төмсний хуршсан тос, шээс шивтэрний дотор муухайруулсан муухай үнэр эндэхийн агаарт холилдон тархжээ. Уушны газраас гарч ирсэн олон хүн өөр нэг клуб руу явж, харин зарим нь метроны буудлаас шууд гэр лүүгээ яаран алхацгаана. Буудлын дэргэд байдаг автобусны буудал дээр хэдэн хүн сууж байлаа. Эцэст нь тултал чангалсан машины радиогоор хүнд басс хөгжмийн хэмнэлтэй аялгуу хангинана. Хэдэн хөвгүүд хоорондоо маргалдаж харагдах бөгөөд зарим нэг нь инээлдэж зогсоно.
Наижл жирийн үед оройн цагаар ийм газраас аль болох холуур зайлсxийж явдаг боловч одоо харин энэ талаар бодохтой манатай байлаа. Тэр зуугаад метрийн цаана зогсох эргүүлийн машиныг хараад түр зогссон боловч цагдаа харагдсангүй учраас аль зүг рүү явахаа эрэгцүүлж бодов.
Наижл төмөр замын гүүрэн доорхи төгөл рүү орлоо. Дээр нь буудал руу ирж яваа цахилгаан тэрэг түжигнэн өнгөрөв. Наижл эргэн тойрноо ажиглахаар дороо зогссон боловч юу ч харсангүй. Тэр үнэндээ хаашаа явахаа ч мэдэхгүй хэд алхтал гэнэт нэг хүн орилох сонсогдлоо.
Энэ орилоон хэн нэгэн тэсвэрлэшгүй ихээр өвдсөндөө хамаг чадлаараа хашгирч байгаатай адилхан сонсогдов. Наижл эхлээд согтуу хүмүүс маргалдаж байгаа биз гэж бодсон ч орилох дуу тасралтгүй үргэлжилсээр байлаа. Хүмүүс энэхүү орилох чимээг хэвийн үзэгдэл мэт хүлээж авч байгаа бололтой, хэн ч анхаарлаа хандуулсангүй.
Наижлын цус царцчих шиг болов.
Энэхүү орилох чимээ метроны буудлын ар тал буюу баруун талаас гарах ажээ. Тэнд хажууд нь уушны газар барьсан богино явган хүний зам байлаа. Наижл тэр зам руу орон хурдан алхав. Явган хүний зам машин замтай нийлжээ. Наижлын толгой дээр Вествэйгийн аварга том бетон зам байх бөгөөд замын хөдөлгөөнөөс гарах чимээ тэнд чанга нүргэлж байлаа. Орилох дуу улам чангарахыг сонсоод Наижл хурдаа нэмлээ. Тавиад метрийн цаана гудамжинд зогсож буй нэг залуу эмэгтэйг тэр олж харав. Гараа сарвалзуулан орилох тэр эмэгтэй урагшаа бөхийж тонголзох бүртээ дуугаа улам чангаруулах ажээ. Дэргэд нь харагдах суудлын машиныг зам хөндөлдүүлж тавьжээ. Машины жолооч талын хаалга онгорхой, урд гэрэл нь асаалттай харагдана. Яндангаас нь утаа савсаж байгааг харвал мотор нь бас асаалттай байгаа бололтой. Наижл эмэгтэй рүү бараг нисэх шахам хурдан гүйж очлоо.
Эмэгтэй орилсоор. Эмэгтэй Наижлын гүйж ирэхийг хараагүй бололтой, гэнэт урд нь нэг залууг гарч ирсэнд цочиж тэрбээр арагшаа ухарлаа. Наижл эмэгтэйг айх хэрэггүй гэж ойлгуулахын тулд гараа урагш нь сунгаж харуулаад, хөөрхийлөлтэй эмэгтэйн орилоход хүргэсэн шалтгааныг мэдэхээр эргэн тойрноо хурдхан гүйлгэж харсан боловч юу ч харагдсангүй. Тэгтэл эмэгтэй орь дуу тавихаа больж аяархан мэгшиж эхэллээ. Тэгээд тэр зүүн гараараа амаа таглаж, харин нөгөө гараа сунгаж, хаалга нь хагас онгорхой харагдах нэг гарааж руу заав. Гараажны хаалгыг машины урд гэрэл сайн гэрэлтүүлэх хэдий ч, дотор тал нь харанхуйлаад юу ч харагдсангүй.
Одоо гудамжинд зөвхөн эмэгтэйн мэгшин уйлах л сонсогдоно. Наижл гараажны хаалганд ойртлоо. Хаалган дээр шүршдэг цагаан будгаар ЧЕЛСКИ ТОНИЛ хэмээн бичсэнийг тэр олж харав.
Гудамж чимээгүй, нам гүм байх ажээ. Наижл омголтож xатсан уруулаа долоогоод доош бөхийж хаалган доогуур шагайж харлаа. Тэнд тас харанхуй ажээ. Нөгөө эмэгтэй шогшрох мэт авиа гаргах нь сонсогдов.
Наижл өндийж босоод хаалганд улам ойртов. Тэр халааснаасаа нусны алчуур гаргаж хаалганы бариулыг ороолоо. Дараа нь хаалгыг бага багаар дээш нь өргөж, гарааж дотор машины урд гэрэл болон хурдны замын гэрэл хангалттай тусах хүртэл онгойлгов. Гараажнаас терпентинтэй хольсон тосны хамар сэтлэм хурц үнэр сад тавилаа. Гарааж дотор гэрэл сайн тусах үед Наижл хүний биеийн хэлбэртэй зүйлийг олж харав. Энэ залуу бүсгүй бололтой. Наижл хаалгаа тавьж доошоо сул унах эсэхийг нь шалгачихаад гарааж руу орлоо.
Ойртож харвал тэнд нэг шаргал үстэй бүсгүй байлаа. Бүсгүй алаг эрээн цамц, жинсэн өмд өмссөн байх бөгөөд энгэрийг нь цуулж урсан цамцных нь завсраар хутганд сийчүүлж цусанд будагдсан хоёр хөх нь ил гарсан байлаа. Шархнаас гоожсон цус аль хэдийн бүлэгнээд цэлцэгнүүртэй адилхан болжээ. Бүсгүй гараа алдлан дээшээ харж хэвтжээ. Наижл харцаа бүсгүйн нүүрэн дээр тусгавал эхлээд гэмтээгүй юм шиг харагдав. Гэнэт тэр нүд байдаг газар нь онгорхой хар нүхнүүд олж харлаа. Өршөөл энэрэлгүйгээр ширтэх мэт харагдах хоосон нүдний аяганы хүрээг тойроод нөжирч хатсан цус наалджээ. Энэхүү аймшигтай дүр зураг толгойноос нь хэзээ ч салахгүй, түүнийг эцсийн амьсгалаа хураатал шөнө болгон нүдээ аних тоолонд дэлгэц асах мэт тодорч харагдсаар байх болно гэдгийг Наижл ойлгожээ. Наижл гадаа гарч, залуу бүсгүйг эцсийн замд нь үдэж хүндэтгэл үзүүлэх мэт гараажны хаалгыг алгуурхан хаалаа.
Энэ хооронд гудамжинд нилээд хэдэн хүн ирчихсэн, тэдний нэг нөгөө эмэгтэйг тайвшруулахыг оролдож байв. Нэг хүн гар утсаараа ярьж харагдана.
- Залуу минь, чи зүгээр үү? гэж нэг хар арьстан эр хашгирлаа. Гудамжинд хэдхэн хормын дотор хоёр дахин олон хүн цугларчээ.
Наижл толгой дохиод дотогшоо хүн оруулахгүйн тулд гараажны хаалганы урд хөлөө жийж суулаа.
Алсад цагдаагийн дохио хангинахыг тэр сонсов.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:43 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 10:23 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
12



Шөнийн тэнгэрт цагдаагийн нисдэг тэрэг нэгэн хэвийн нижигнэсэн чимээ гарган нисэж, тэндээс тусгасан эрлийн үеэр ашигладаг хурц гэрэл бүсэлсэн гудамжуудыг ямар нэгэн тодорхой зорилгогүй тэмтчин гэрэлтүүлнэ. Фостер аль хэдийн хоцорсон гэдгээ мэдэж байлаа. Алуурчин гараажид нэвтэрч, хэрэглэсэн машинаа хаяж орхиод хотын хаа нэгтээ рүү арилаад өгчээ. Өнгөрсөн хэдэн цагийн турш тэр багийнхантайгаа хамт алуурчныг буруу метроны буудал дээр харуулдсанаас төлөвлөсөн ажил нь нуржээ. Фостер алуурчин заавал баригдана хэмээн бодоод болон явдалд нэг их харамссангүй. Гэвч энэ хүн амины хэргийг зогсоож чадсан ч бай, чадаагүй ч бай удирдлага нь нөхцөл байдлыг ямар байдалтай хүлээж авахыг тэрбээр сайн мэдэж байлаа. Юуны түрүүнд хэрэв саяын явдал хэрэгт хошуугаа дүрж, шүүмжлэхээ урьдал болгодог сурвалжлагч нарын анхааралд өртвөл асуудал улам томорно. Фостерын хүнд бэрх замыг туулан байж олж авсан ахлах мөрдөгчийн нэр хүнд түүнийг эцгийнхээ үхэлд сэжиглэгдэн байцаагдаж байх үед их бага, ямар нэг хэмжээгээр буурсан ажээ. Тэр үед түүнийг гэх хүмүүс нилээд цөөрч билээ.
Фостер Малтон Өргөн чөлөөний голд зогсоод өнгөрсөн хугацаанд хичнээн шөнө, хичнээн олон гудамжинд тамын юм шиг санагдах энэ хүйтэн халогэн гэрлийн дор бурхан мартаж орхисон хичнээн олон азгүй хүмүүсийн цогцсыг харахаар тонгойж зогссоноо санах гээд чадсангүй. Эцэг нь тэсвэрлэхэд бэрх аймшигт өвдөлтөө давж туулахаас татгалзаж, үхлийг сонгохыг харж өнгөрүүлсэн тэрбээр үл таних хүмүүстэй холбоотой хүн амины хэргийг мөрдөх үед биеэ барьж чанга хатуу байх болсон билээ. Гэвч энэ эмэгтэйг алсан хэрэг түүний дотор далд нуугдаж байсан сэтгэлийн шархыг хөнджээ. Алуурчныг хэрэг үйлдэхээс хэдхэн цагийн өмнө мөрөөр орсон боловч тэд түүнийг алдчихлаа.
Фостер цээж хөхийг нь хутгаар сийчин, нүдийг нь ухаж нүд хальтрам зэрэмдэглэж орхисон бүсгүйн цогцос руу харлаа. Цогцост үзлэг хийж байсан Карлайл ахлах мөрдөгчийг орж ирэхэд мэндлэхээр толгой дохилоо. Нөхцөл байдал хичнээн ноцтой болохыг тэдний дүнсгэр царайнаас уншиж болохоор харагдана. Тэд хоорондоо нэг ч үг сольсонгүй. Карлайлыг үзлэгээ үргэлжлүүлж, энэ хооронд Фостер гараажны доторхийг шалгаж үзэв. Гэвч хэрэгт холбоотой байж мэдэхээр зүйл олдсонгүй. Эцэст нь эмгэг судлаач эмч
- Хохирогч эмэгтэйн нас хорин наймаас гучин хоёр, гурвын хооронд, нас барсан цаг өчигдөр оройны таваас зургаан цагийн хооронд гэж бодож байна хэмээн хэлсэнд Фостер хэлснийг нь ойлгосноо мэдэгдэж толгой дохилоо.
- Үхлийн шалтгаан?
- Яг одоо хэлэхэд хэцүү. Цээжин дээр харагдаж байгаа шархнуудын нэг байх гэж таамаглаж байна. Гэхдээ би түүнийг авч явсны дараа сайн харах хэрэгтэй.
- Хоёр нүд нь?
- Тэднийг пост мортем (нас барсны дараа) ухаж авсан гэж найдъя. Нүдийг бүхлээр нь гаргаж авахын тулд их чармайжээ. Тэгэхээр хамгийн багаар бодоход хохирогч тэр үед ухаангүй байсан гэсэн үг. Нүдний мэдрэлийн судлыг хурц хутгаар огтолсон байсан.
Тэгвэл алуурчин нүдийг нэг нэгээр нь ухаж авч дээ гэж Фостер дотроо бодлоо. Дарбишир хоёр гарын сарвуугаа алдсан. Хохирогчдоо зэрэмдэглэх нь бэлэг тэмдэг юм уу, эсвэл шашны ёс заншил юм болов уу? Эмэгтэй болохгүй юм харсан учраас нүдийг ухаж авсан, харин Дарбишир буруу юм хийсэн учраас гарыг нь тасалсан байж болох уу? Тэгвэл гуйлгачингийн огт хөндөгдөөгүй бие ямар учиртай юм бол?
- Цээжин дээрх шархны талаар хэлэх юм байна уу?
- Энгийн нүдээр харахад л ойлгомжтой. Тэр хиймэл силикон хөхтэй байжээ. Алуурчин цээжийг нь зүсэхдээ хиймэл хөхийг нь нээчихсэн байна. Цогцсыг авч очсоны дараа хиймэл хөхний үлдсэн хэсгийг гаргаж бүртгэлийн дугаар байгаа эсэхийг шалгая. Одоогоор баруун далан дээр байгаа шивээснээс өөр түүний хэн болохыг таньж мэдэх юм олдсонгүй.
Фостерыг доошоо тонгойход Карлайл эмэгтэйн биеийг болгоомжтой эргүүлж баруун талын далыг нь харууллаа. Далан дээр мэргэжлийн хүнээр шивүүлсэн бололтой ази гаралтай нэг төрлийн бэлэг тэмдэг шиг шивээс харагдав. Фостер шивээсний дүрсийг тэмдэглэлийн дэвтэртээ зурж авахдаа
- Энэ ямар утга илэрхийлдгийг чи мэдэх үү? хэмээн Карлайлаас асуув.
- Үгүй, гэхдээ үүнийг Японоор бичсэн гэдгийг би лавтай мэдэж байна. Би гурван жилийн өмнө нэг хэсэг Японд байсан. Их сайхан газар шүү.
- Энэ түүнд байгаа ганц тэмдэг үү?
- Тийм ээ, мэдээж хөхөн дээрхийг оролцуулахгүй бол шүү дээ.
Фостер хохирогчийн цээжин дээр урьд нь хөх байсан цусархаг зүйл рүү харлаа. Цээжин дээр ямар нэг тэмдэг үлдээсэн байлаа ч одоо харж чадахааргүй болжээ. Иймд цогцсыг угааж цэвэрлэж дуустал хүлээх хэрэгтэй болов. Тэгсэн хэдий ч эмэгтэйн хөхний шархыг харахад хичээл зүтгэл гаргалгүй, хаа хамаагүй огтолж сийчсэн гэдэг нь илт, гаж донтонгийн үйлдсэн хэрэг гэдэг нь ойлгомжтой байлаа. Гэтэл тэр нүдийг нь ухаж авахдаа арай өөрөөр хандсан байдаг.
Фостерын толгойд энэ бүгдийг алуурчин яаж хийж гүйцэтгэхээ сайн мэдэж байжээ гэсэн бодол орж ирлээ. Тэр эхлээд хохирогчийн мэдээг алдуулаад дараа нь аль нэг эрхтнийг нь салгаж авдаг. Хохирогчид гүйцэд мэдээ алдсан байсан эсэх нь тодорхойгүй байгаа ч ямартай ч тэд хөдөлж чаддаггүй байжээ. Эцэст нь тэр хохирогчийн зүрх рүү хутгалж хөнөөдөг. Харин энэ удаа түүнд ямар нэг зүйл саад болсон эсвэл тэр гэнэт нэг юмнаас цочиж сандарсан байж магадгүй. Тийм учраас тэмдэг үлдээх ажлаа гүйцээж чадаагүй бололтой.
- Тэмдэг үлдээх гэтэл хиймэл хөх гэнэт хагарч тэр маш их цочсон байх. Тэгээд л уурласан биз гэж Фостер Карлайлд хэлснээ үргэлжлүүлэн
- Гэхдээ бид байгалаас заяасан бие хаа, хөх дэлэнд илүү дуртай байдаг биз дээ гэв.
Карлайл бээлийгээ тайлах зуур мөрдөгч рүү хальт хараад инээвхийлэв. Тэд гадагшаа гарлаа.
- Чи нөгөө гуйлгачинд дахиж шинжилгээ хийсэн үү? гэж Фостер асуусанд
- Үгүй, тэр намайг хүлээж байгаа. Би амралтын өдрөө сайхан өнгөрөөх бололтой хэмээн Карлайл тохуурхсан өнгөөр хэлэв.
- Бид бүгдээрээ адилхан.
Шөнийн гурван цаг болж байгаа ч гудамжинд татсан туузны цаана хэрэгт дурласан хэдэн хүн зогссоор байлаа. Фостер нэг цагдаатай ярилцаж байсан Дринквотерыг дуудаж Карлайлын анхны үзлэгээр илэрсэн зүйлсийн талаар мэдэгдэв.
- Хэрэв хохирогч эмэгтэй орой болохоос өмнө нас барсан юм бол алуурчин түүнийг энд орой эсвэл шөнө авчирч орхисон байх нь ээ гэж Дринквотер хэлээд цаг руугаа харлаа.
- Тэгсэн бололтой.
- Бид хэрвээ зөв газраа байсан бол тэр муу алуурчинг барьчихсан байх байлаа.
- Тэр биднийг буруу газар очно гэдгийг аль хэдийн мэдэж байсан. Бүгд түүний төлөвлөснөөр болсон хэмээн хэлээд Фостер хэсэг дуугаа хурааснаа
- Барнес яаж байна? Гэж санаа тавьсан байртай асуув.
- Женкинс түүнтэй хамт Ноттинг Хиллд болсон явдлын талаар ярилцаад сууж байгаа. Тэр их цочирдсон байна.
Хэн ийм юм харчихаад цочирдохгүй байх билээ. Харааны шил зүүчихээд түүхийн хуудас сөхөж суусан залуу дараагийн мөчид гэнэт урдаа хутгаар хайр найргүй сийчүүлсэн залуухан эмэгтэйн цогцос харсан юм чинь аргагүй хэмээн Фостер бодлоо.
- Хэргийг харсан гэрч байна уу?
- Ганцxан цогцсыг анх олсон эмэгтэй. Тэр гадуур
хооллоод арван нэг хагасын үед ирсэн гэнэ. Бидний шалгаж үзсэнтэй тохирч байна лээ. Гараажны хаалга онгорхой байгааг хараад тэр цоожлохоо мартчихсан юм байх даа гэж боджээ. Тэгээд хаалгыг онгойлгож ороод хохирогчийг харсан гэнэ.
- Цоожийг эвдэж онгойлгосон байна гэсэн биз дээ? гэж Фостер цохож асуулаа.
- Тийм ээ. Гэхдээ хуучны цоож болохоор онгойлгоход амархан байсан бололтой.
- Амины гарааж юм уу эсвэл хөлсөлж авсан юм уу?
- Эмэгтэй гараажийг хөлсөлдөг гэсэн. Эзэн нь Актонд амьдардаг гэнэ. Бид нэрийг нь мэдэж авсан.
- Үүнийг харин биднийг хохирогчийн талаар мэдэхээс илүү хурдан хийсэн байх шив гэж хэлээд Фостер яриагаа үргэлжлүүлж
- Японоор уншдаг, эсвэл ярьдаг сушины тогооч байсан ч хамаагүй хэн нэгнийг аль болох хурдан олж энд авчир. Хэн байх нь надад чухал биш гэлээ.


Бүтэн цаг ч өнгөрөөгүй байхад цагдаагийн газрын орчуулагч япон эмэгтэй Фостерын өмнө дутуу нойроо сэргээх гэсэн мэт нүдээ үе үе цавчлан зогсож байлаа. Эмэгтэй англиар намуухан хоолойгоор акцентгүй ярих ажээ. Фостер мэнд мэдэхээр гараа сунгаад
- Хурдан ирсэнд баярлалаа гэж хэлэхдээ эмэгтэйг инээмсэглэлээр шагнахаа мартсангүй. Орчуулагч гарыг нь зөөлхөн атгаад туниа муутайхан хариу инээвхийлсэн ч сандарч байгаа нь илт мэдэгдэж байлаа. Энэ эмэгтэй цагдаагийн газрын байцаалтын өрөөнд орчуулга хийж дассан гэдэг нь ойлгомжтой. Гэтэл тэр одоо хүн амины хэрэг гарсан газар ирээд зогсож байлаа.
- Нэр чинь хэн бэ?
- Акико хэмээн тэр аяархан хариулав.
Фостер түүнд юу хийх ёстойг нь тайлбарлаж өглөө.
- Чи цогцосны далан дээр байгаа нэг шивээсийг харж бидэнд ямар утга агуулгатай болохыг нь хэлэх хэрэгтэй. Чамд анхааруулахад тэр тийм ч аятайхан харагдахгүй байгаа. Акико, чамаар ийм юм хийлгэх болсонд намайг уучлаарай.
Фостер орчуулагчийг дагуулж гарааж руу оров. Тэр эмэгтэйг муурч унавал түших санаатай хальт тэвэрч зогслоо. Цогцсыг хажуу талаар нь хэвтүүлж бүтээлгээр бүтээжээ.
- Надтай хамт өвдөглөөд суу гэж Фостер хэлэв. Акико сул дорой, сандарсан харагдсан ч санасныг бодвол тэр биеэ сайн барьж чаддаг ажээ.
Фостер хохирогчийн мөрний харалдаа бүтээлэгний буланг сөхөж шивээсийг харуулсанд орчуулагч эмэгтэй
- Цацрах гэрэл гэж байна хэмээн шууд хэлэв.
- Чи үүнийг үнэхээр сайн мэдэх үү? гэсэнд эмэгтэй хэлснээ баталж толгой дохилоо.
- Энэ магадгүй өөр ямар нэг утга агуулдаг уу?
Акико хэсэг бодолхийлээд толгой сэгсэрлээ. Фостер бүтээлэгний булангг буцааж буулгаад хөл дээрээ босов.
- Баярлалаа. Чамд үүнийг хийхэд хэцүү байсан гэдгийг ойлгож байна.
- Зүгээр хэмээн хэлсэн эмэгтэй явахаар зэхэж байснаа Фостер лүү эргэж хараад
- Одоо цагт хүмүүс нэрээ япон хэлээр орчуулж шивээс хийлгэх нь түгээмэл болсон. Олонд нэр алдар нь түгсэн хүмүүс бас үүнийг хийлгэдэг гэж нэмж хэллээ.
Фостер энэ олон жил Баруун Лондонгийн цагдаагийн газар ажиллахдаа эцэг эхчүүд хүүхдүүддээ Алфальфа, Мезанинэ гэсэн нэр өгсөн байхтай тааралдаж байсан ч Цацрах Гэрэл гэдэг нэрийг анх удаагаа л сонссон нь энэ ажээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:44 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 10:24 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
13



Шевертс Буш дахь орон сууцны барилга дахь Наижлын байрны зочны өрөөг өглөөний нарны туяа дөнгөн данган гэрэлтүүлэх ч өрөөний булан тохой, онгорхой зай бүрийг ном сэтгүүлээр дүүргэснийг харж болохоор байлаа. Энд хуучин номын нэгшсэн үнэр шингэжээ. Уул нь Наижлд нуруу нь элэгдэж урагдсан хуучин ном цөөхөн байдаг. Шалан дээр цамхаг шиг дээр дээрээс нь давхарлаж хураасан номнууд нурж унах нь уу гэмээр харагдана. Зарим номыг компьютерын ширээн дээр ундуй сундуй тарааж тавьжээ. Энд бас шалнаас тааз хүртэл босгож тавьсан дүүрэн номтой хоёр номын шүүгээ харагдана. Шүүгээнд хийсэн номнуудын завсраар элдэв цаас, зураг хавчуулж орхисноос номын нэрсийг унших аргагүй ажээ. Өрөөн дэх эд юмс үргэлж замбараагүй, ундуй сундуй байдаг бөгөөд одоо Наижл шалан дээр өвдөглөж суугаад нэг ном хайж байлаа.
- Ямар ч гэсэн чи ном, СД-гээ үсгийн дарааллаар өрж тавьдаг хүмүүстэй огт адилгүй юм хэмээн хэлэх Хадерыг тэр сонсов. Тэр хэрэгтэй номоо хайгаад завгүй байсан тул хариулсангүй. Фостер Цацрах Гэрэл гэдэг нэр хайж байгаагаа түүнд дуулгажээ. Энэ нэр Грекээс гаралтай Элеанор гэдэг нэрний утга гэдгийг Наижл мэдэж байсан тул Фостерт үүнийгээ хэлсэн. Гэвч Хадер түүнийг гэрт нь хүргэж ирэхэд энэ асуудлыг баттай болгож санаагаа амраахаар дахиж нэг шалгахыг хүсчээ.
- Эд нар чиний эмээ өвөө чинь үү?
Хадер ханан зуухан дээр тавьсан гэр бүлийн гэрэл зургийг гартаа барьчихсан зогсож байв. Хамгийн ард зогсож буй сахлаа нямбай арчилсан эрэгтэй их л сүрлэг харагдах ажээ. Тэрбээр баруун гараа сандал дээр суугаа эхнэрийнхээ тохойн дээр тавьжээ. Нүд нь сүнснийх юм уу гэлтэй хэт цайвар гарсан тэр эмэгтэй үсээ арагш нь толийтол самнасан харагдана. Эмэгтэйн хажууд өмссөн хантаазныхаа товчийг бүрэн товчилсон ууртай харцтай жаал хөвгүүн зогсоно. Зурган дээр бас хоёр охин байлаа. Том охин эхтэйгээ их адилхан харагдана. Харин цэцэг барьсан бага охины том дүрлэгэр хар нүд айж эмээсэн шинжтэй гарчээ. Охины өмссөн торон эмжээртэй цагаан даашинз зургийн дүнсгэр төрхийг дарж бага зэрэг амь оруулжээ. Өрхийн тэргүүнээс бусад хүмүүс ямар нэг муу мэдээ сонссон аятай их гунигтай харагдана. Наижлд энэ зураг их таалагддаг ажээ.
- Үгүй гэж тэр хариуллаа.
- Тэгвэл тэд хэн юм бэ?
- Рийвийн гэр бүл.
- Тэд тэгээд хэн юм бэ?
- Би мэдэхгүй.
- Тэгээд чи тэдний нэрийг яаж мэдсэн юм бэ?
- Зурагны ард харандаагаар биччихсэн байгаа. Зургийг 1885 онд авахуулсан юм байна лээ.
- Тэгвэл энэ зураг яагаад чамд байдаг билээ? хэмээн Хадер асуугаад духаа атируулан зургийг дахиад сайн харлаа.
- Яагаад ч юм энэ зураг надад таалагдаад байдаг юм. Энэ хүмүүс гэр бүлийн зураг авахуулахаа их чухалчлан үзсэн байгаа биз дээ.
- Үүнийг би харж байна. Тэр үед хүмүүс аппаратнаас шувуу нисч гарахыг хараад инээмсэглэдэггүй байжээ.
- Ихэнх хүмүүс зүрган дээрээ сүрлэг ихэмсэг, өөртөө итгэлтэй, үнэнч харагдахыг хүсдэг байсан. Ийм төрхийг чи инээмсэглэлээр харуулж чадахгүй. Наижл гэрэл зургийг Хадерын гараас авлаа.
- Тэд нарт юу тохиолдсон бол гэж би хааяа боддог. Ялангуяа энэ аймхай охинтой. Тэр үед охин гурав юм уу дөрөвтэй байсан байх. Тэгсэн мөртлөө тэр амьдрал гэж чухам юу болохыг таньж мэдсэн юм шиг харагддаг. Энэ бол өөр ертөнц байсан.
- Тэдний талаар олж мэдэхэд чамд хангалттай баримт байгаагүй гэж би ойлголоо.
- Тэд хаана амьдарч байсныг мэдсэн бол би заавал хайж үзэх байсан. Баримт байхгүй бол хайгаад нэмэргүй.
Наижл гэрэл зургийг буцааж тавихдаа гэр нь бараг тэр чигээрээ зузаан тоосонд дарагдсаныг харлааа.
- Чи зургийг хаанаас олсон юм бэ? гэж Хадер асуув.
- Худалдаж авсан номны завсраас унахад нь би жаазлаад тавьчихсан юм.
- Тэгвэл энэ зураг?
Хадер хөл бөмбөгийн багийн гэрэл зураг барьжээ. Ганц эрээс бусад нь бүгд сахал тавьсан харагдана. Тэд бүгдээрээ судалтай зузаан ноосон цамц, өвдгөө хүрсэн богино өмд өмсжээ. Урд талын эгнээнд гартаа бөмбөг барин зогсож буй хаалгач эр их бууны сум шиг аймаар бүдүүн ажээ.
- Энэ бол 1905 оны Нэгдсэн Улсын хөл бөмбөгийн Шеффилд баг байгаа юм.
- Чи энэ багийн хөгжөөн дэмжигч юм уу?
- Үгүй. Би хөл бөмбөгт яснаасаа дургүй. Хаалгач нь ийм аймаар бүдүүн болохоор надад сонин санагддаг юм. Тэд түүнийг Бүдүүн Фойкс гэж нэрлэдэг байсан. Тэр одоо арван нэгийнхэнтэй хамт тоглож байна гээд төсөөлөөд үзвэл ямар харагдах бол?
- Хамгийн түрүүнд тэр хувцасны өрөөнд багтахгүй асуудал үүсэх байсан биз.
Наижлыг дахиад номоо хайж эхлэхэд Хадер өрөөг нь сонирхон харж байлаа. Өчигдөр оройны аймаар явдлыг түр ч болтугай мартаж сатаарах зүйл хийж байгаадаа Наижл баяртай байлаа. Тэрбээр сөхөрч унатлаа ядарсан ч одоохондоо хамаг зүрх сэтгэлийг нь хөвчрүүлэх тэрхүү айдас, адерналиныг намсгаж тайвшрах хэрэгтэй байв.
- Би цай чаная гэж Хадер хэлээд хөлд хөглөрч тээглэх юмсыг сүлжин өрөөтэй шууд залгаа байдаг гал тогооны өрөө рүү явлаа.
- Новш ихтэй, замбараагүй байгаад уучлаарай гэж хэлээд Наижл гал зуухныхаа өрөөг хамгийн сүүлд хэзээ цэвэрлэснээ санахыг хичээв. Хадер хаалгаар толгойгоо цухуйлгаж
- Би бол хүн амины хэрэг мөрддөг мөрдөгч болохоор ярганы талбай дээр байсаар бүр дасчихсан гэж хэлснээ нүдээ ирэмчихээд цаашаа далд орлоо.
Хадерын хэлсэн үг Наижлд их хөгжилтэй санагдав.
- Ус буцалгагч зуухан дээр байгаа, цахилгаанаар ажиллахгүй байх. Данх хаа нэгтээ байгаа. Цай шарах шүүгээний дэргэд тавьсан лаазанд бий. Харин цайны шүүр хаана байгааг би санахгүй байна.
Хаалганы цаанаас Хадерын царай дахиж цухуйлаа
- Тэгвэл данхны уут хаана байгаа юм бэ?
- Тийм юм надад байхгүй.
- Би тоглосон юм аа.
- Өө гэж дуу алдаад Наижл би ч илжиг шиг тэнэг амьтан юм хэмээн бодлоо. Тэгтэл Хадер
- Би задгай цай чанаж байгаагүй гэж нэмж хэлэв.
- Чамайг хойд нутгаас ирсэн гэж би бодсон юмсан.
- Тэнд ууттай цай байдаг болоод удаж байгаа. Бас цахилгаан.
Түүний тоглоом хийж байгааг мэдээд Наижл инээд алдлаа. Хадер түүнийг анзаарсангүй, гал тогоо руу буцаад орчихов. Наижл араас нь
- Уул нь хаа нэгтээ ууттай цай байх ёстой гэж чанга дуугаар хэлтэл Хадер
- Хорин нэгдүгээр зуунд тавтай морил гэж хэлэв.
Наижлд дахиад хөгжилтэй санагдсан тул тэрбээр өөрийн эрхгүй инээд алдлаа. Дараа нь тэр анхаарлаа номын тавиурт хандуулав. Наижл ашгүй удаан хайсан номоо газар орны хөгжил цэцэглэлтийн тухай бичсэн гурван ботины доороос оллоо. Тэр энэ номыг унших гэж авсан боловч сонирхлыг нь огт татаагүй тул гүйцэд уншилгүй дутуу орхижээ. Энэ бол шинэчилж гаргасан нэрийн толь бичиг. Элеанор хэмээх нэрийн тайлбарыг уншвал түүний зөв байжээ. Болчихлоо хэмээн өөртөө хэлээд тэр нэрийн задаргаа болох Элли, Нэлла, Нэлли гэсэн хувилбаруудыг Фостерт өгөхөөр тэмдэглэж авлаа.
Хадер өрөөнд хоёр аяга цай барьчихсан буцаж ирэв.
- Чи магадгүй угаалтуурт хийсэн аяга тавагныхаа удам судрыг судлах хэрэгтэй юм шиг байна. Миний харснаар нэг хэсэг нь тэнд бараг бүтэн зууныг өнгөрүүлсэн байх хэмээн хэлээд инээд алдлаа.
Хадер барьсан цайгаа тавих сул зай олохгүй зогсохыг хараад Наижл ширээн дээр сул хэвтэх ном сэтгүүлүүдээ хамж авлаа. Хадер буйдан дээр сууж халуун цайнаасаа оочлон ууна.
- Би Элеанор гэдэг нэрийн гарал зүйн тэмдэглэлийг хийсэн. Миний зөв байсан байна. Нэрний утга нь цацрах гэрэл гэж Наижлыг хэлэхэд Хадер тэмдэглэсэн цаасыг авч хүрэмнийхээ халаасанд хийгээд
- Би үүнийг утсаар дамжуулаад хэлчихнэ гэлээ. Дараа нь тэр аяархан санаа алдаад
- Бурхан минь, би маш их ядарлаа. Чи харин ямаршуу байна даа? хэмээн асуув.
Наижл юу гэж хариулахаа мэдсэнгүй. Юу ч хамаагүй хийж, өөрийгөө завгүй байлгах гэж хэт их хичээснээс бүх бие нь ядарч сульдан тэрбээр салганаж чичрэнэ. Гэвч тэр буйдан дээр суухын оронд цайгаа барьж зогсоод
- Би зүгээр ээ гэлээ.
- Үнэн үү? Би энэ ажилд өөр хүмүүс татан оролцуулж болох л юм.
- Ер нь бол би арай үхчихээгүй байна гэж хэлчихээд Наижл хэлсэн үгэндээ жаахан харамсав. Хадер толгой дохиод цайгаа уулаа. Өчигдрийн явдал толгойноос нь бүрэн арилаагүй хэдий ч хэдэн цагийн өмнө биш, харин өөр цаг үед болсон мэт бүдгэрсээр байжээ. Санаанд нь гэнэт нэг юм орж ирсэнд Наижл энэ тухай Хадераас асуухаар шийдлээ.
- Би сонины архивт материал авахаар хүлээж байхдаа Фостерын тухай компьютер дээр хайж үзсэн.
- Өө тийм үү? Яах гэж?
Ямар нэг хүнтэй танилцвал тухайн хүний мэдээллийг интернэтээс эсвэл архиваас эрж хайдаг зуршлаа яаж тайлбарлахаа Наижл мэдсэнгүй. Тэр мөрөө хавчаад
- Хэлж мэдэхгүй байна. Зүгээр сууж байхаар ямар нэг юм хиймээр санагдсан. Сүүлийн арваад жилийн турш танилуудаас маань сонинд бичигдсэн нэгэн байгаагүй гэмээр юм уу даа.
- Чи тэгвэл Фостерын эцгийн талаар мэджээ, тийм ээ?
- Тэр талаар чамд мэдэх юм байгаа юу?
- Бид бүгдээрээ мэднэ. Тэр үед би энэ багт байгаагүй ч бүгдийг сонссон. Хавтаст хэргийг хааж Фостер албандаа үлдсэнээр энэ хэрэг дууссан.
Наижл мэдэх гэсэн зүйлээ гүйцэд сонсож чадаагүй ч дахиж асуусангүй. Хадер Наижлыг ажиглаж сууснаа ингэж ярилаа.
- Фостер юу ч нуугаагүй. Хүслээ гүйцэлдүүлэхийн тулд эцэг нь юу ч хийж магадгүй гэдгийг мэдсэн болохоор тэр эцэгтээ саад болохыг хүсээгүй юм. Энэ бол хэн нэгний амь насыг хороохтой адилгүй. Эцэг нь өөрөө үхэхийг хүссэн учраас Фостер хүслийг нь биелүүлсэн. Зарим нэг хүмүүс үүнийг хайртай хүүгээс нь хийж чадах цорын ганц зүйл байсан гэж үзсэн. Харин бусад хүмүүсийн хувьд бол энэ амиа хорлоход тусалсан хэрэг байсан. Бидний дээр суудаг хүмүүсийн нэг ингэж хэлсэн юмдаг. Би Фостерын зөв байсан гэж боддог.
Хадер цайнаасаа дахиж балгаад Наижл руу хөмсөг зангидан харж
- Наижл, би хэрэв чиний өнгөрсөн рүү өнгийж харвал юу олж харах бол? гэж асуугаад буйдангийн түшлэгийг налж суулаа.
- Онцолж сонирхоод байх зүйлгүй дээ хэмээн Наижл амандаа бувтнав.
- Ингэхэд чи их сургуулийн ажлаа гэнэт орхиж дахиад удам судлаачаар ажилласан гэсэн. Энэ харин надад сонирхолтой санагдаад байна.
Хэдийгээр энэ бусдад ярихыг хүсдэггүй сэдэв ч гэлээ тэр Фостерын тухай тодорхой ярьж өгсөн Хадерт ам нээх хэрэгтэй болжээ. Гэхдээ тэр хэр их юм хэлж чадах бол?
- Би нэг бүсгүйтэй танилцсан боловч бодож байснаас минь өөрөөр эргэчихсэн юм.
- Бодож байснаас өөрөөр эргэсэн гэнэ ээ? Тэгвэл энэ ажлаа өгөх хэмжээний ноцтой хэрэг байсан болж таарах нь ээ? Тиймээс учраас л чи ингэж ярьж байгаа байх.
- Санааг минь байнга зовоож байдаг урьд нь болоод өнгөрсөн хэрэг гээд ойлгочих.
Хадер зайгүй болтол нь чихсэн номын тавиур, хуучин хайрцагнууд, шүүгээ, бор өнгийн гэрэл зурагнууд, буруу заадаг хуучны ханын цаг, бугуйн цагны цуглуулгыг дахин тойруулж хараад эцэст нь
- Миний бодлоор ийм явдал хүн болгонд тохиолддог гэж хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:47 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 10:25 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
14



Фостер цогцос хадгалах байранд эргэж ирлээ. Тэр ариун цэврийн өрөөнд орж толинд нүүрээ харвал нүднийх нь доод зовхи сэлхийж хар хүрээ татан, царай нь цонхийж сааралтан энэ байшинд л байвал зохих мэт харагдсанд би ер нь нэг ор авчруулж энд тавьсан нь дээр юм шиг байна хэмээн өөрөөрөө тохуурхлаа. Задлан шинжилгээ хийдэг ширээн дээр хэвтэж байдаг зарим цогцос өөрөөс нь хамаагүй дээр харагддаг юм шиг түүнд санагджээ.
Фостер өрөөнд орвол Карлайл гуйлгачинг шинжилж үзээд дуусч байлаа.
- Шинэ юм олдсон уу? гэж Фостерыг асуухад Карлайл
- Тэр дүүжлүүлж үхээгүй юм байна. Энэ бол баттай гэж хариулаад цогцосны шилэн хүзүүг зааж
- Хүзүүний нугалам хугараагүй байна. Онолын үүднээс энэ согтуу уйлгачинг амиа хорлосон гэж үзвэл нугалам нь заавал хугарсан байх ёстой гэж үзэж болохгүй. Гэвч дүүжлүүлж боомилогдох үед хүзүүн дээр илэрдэг олсны ором, хөхрөлт харагдахгүй байна. Зүрх, уушиг, нүдэнд нь боомилогдсоныг батлах судас хагарсан шинж тэмдэг алга. Анхаарлыг минь татсан бас нэг зүйл гэвэл түүний өгзөг, далан дээр удаан хугацаагаар хэвтэрт байснаас шалтгаалж үүсдэг хүнд хэлбэрийн арьсны цооролтууд байсан. Эндээс дүгнэж үзвэл тэр маш удаан хугацаанд гэдэргээ харж хэвтэж байсан гэж үзэж болно гэж хэлэв.
- Хүнд хэлбэрийн цооролт гэнэ ээ?
- Тийм ээ.
Гадаа гудамжинд хоног төөрүүлдэг хүмүүс өвдсөн үедээ хөдөлж чадахгүй удаан хэвтсэнээс ийм шархтай болдгийг Фостер урьд нь харж байжээ. Замын хучилт, хатуу цаасан хайрцаг арьсыг гэмтээж ийм шарх үүсгэдэг ажээ. Гэтэл энэ залуу үхлээ хүлээгээд хэвтэж байдаг тэр хүмүүстэй огт адилгүй харагдаж байсан.
- Тэгвэл үхлийн шалтгаан нь юу вэ?
- Зүрхний саа.
- Чи үүнийг баттай мэдэж байна уу?
- Тийм гэж бодож байна. Гэвч зүрхний сааны шалтгаан тодорхой бус. Дотор эрхтэн, зүрх бүгд хэвийн харагдсан. Эрхтэнгүүдийн үйл ажиллагаа гэнэт зогссон юм шиг байна. Бид хэд хэдэн дээж авч Хордлого судлалын төв рүү илгээсэн. Шинжилгээнээс тодорхой хариу гарна гэж найдаж байна.
Фостер цогцосны арчилж торддог байсан нь илт гар, хөл, арьсыг шинжиж хараад
- Чамд энэ томорсон зүрх, элэгний хатуурал, цирроз, өтгөрсөн цус байхгүй, бие сайтай эрүүл саруул гуйлгачин сонин санагдахгүй байна уу? Тэр гудамжинд юу идэж ууж байсан юм бол? Зүлэг ногооны шүүс үү?
Карлайл хамраа шантайлгав.
- Би чамд зөвхөн харснаа л хэлж чадна. Дөчин настай хүний хувьд бие эрхтэн нь хэвийн эрүүл харагдаж байна. Гэхдээ түүний гар дээр мансууруулагч хэрэглэж байсан гэмээр ул мөр байсан. Тэр чихрийн шижинтэй байсан ч байж мэднэ. Карлайл үгээ хэлж дуусаад цогцосны гарыг өргөж харууллаа.
- Тэмдгийг Дарбиширийн цогцсон дээр байсныг бодвол жижигхэн сийлсэн байна.
- Хурц ган хутга мэтийн зүйлээр үү?
- Тийм байх гэж бодож байна.
- Цогцсонд тэмдэг үлдээсэн боловч тамлаж зовоосон гэхээр ул мөр, эсвэл хутганы шарх байхгүй гэсэн үг үү?
Карлайл толгой сэгсэрлээ.
- Би цогцсыг бүхэлд нь шалгаж үзсэн. Түүний хуруу хумс, сормуус, хөмсөг нь хүртэл бүрэн бүтэн байна.
Тэгвэл түүнийг дүүжилж орхисон нь ямар учиртай юм бол? хэмээн Фостер бодлоо. Аллага үйлдсэнээ нуулгүй биен дээр нь тэмдэг үлдээх ямар шалтгаан байв? Энд ямар нэг алдаа гарсан юм болов уу?
Карлайл бээлийгээ сурмаг тайлж хаячихаад
- Би кофе уумаар байна. Хамт явах уу? Дараа нь би бас нэг цогцос шинжлэх ёстой гэж хэллээ.
- За тэгье, кофе уухаар явцгаая. Харин үхдэл рүү лав биш шүү. Ямартай ч чамайг бэлэн болохоос нааш би тийшээ зүглэмээргүй байна.
Тэр хоёр өрөөнөөс гарч явтал Фостер гэнэт
- Чи энэ залууг шинжлээд дуусчихсан уу? гэж асуулаа.
- Одоохондоо Хордлого судлалын төвөөс хариу иртэл юу хийхээ сайн мэдэхгүй байна.
- Ойлгомжтой. Чамайг дургүйцэхгүй бол би түүнийг нэг хүнээр жаахан янзлуулах гэсэн юм.
Карлайл гэнэт өргөсөнд хатгуулчихав уу гэлтэй хоолойных нь өнгө өөрчлөгдөж
- Бид түүнийг бүрэн угааж цэвэрлэсэн гэж ууртай хэлэв. Фостер толгойгоо сэгсэрч
- Үгүй, би янзлах гэдгийг өөр утгаар хэлсэн юм гэлээ.


Шарилчин эмэгтэй ажлаа их хичээнгүйлэн болгоомжтой хийх ажээ. Тэр эмэгтэй ийм ажилд тохирохооргүй, дугуй царайгаа эв хавгүй будаж янзалсан, эх хүнд л байхаар төрхтэй нэгэн байлаа. Эмэгтэй Фостерын орж ирэхийг хараад
- Би заримдаа ажил хийж байхдаа тэдэнтэй ярилцмаар санагддаг юм гэж хэлсэнд Фостер
- Юу дуртайгаа л хий. Тэд чамд хариу өгнө гэдэгт би харин эргэлзэж байна шүү хэмээн хэллээ.
Эмэгтэй цогцосны бохирдож ширэлдсэн үсийг илээд
- Чи өөрийгөө жаахан гаргуунд нь хаячихсан бололтой, тийм ээ? гэж дуучин хүнд баймаар уянгалаг хоолойгоор хэлэв.
Дараа нь тэр ширээг шүршиж цэвэрлэдэг усны хоолой авч цогцосны нүүрийг нэг гараараа халхлаад усаа бага багаар гоожуулан толгойг норголоо. Дараа нь үс угаадаг шингэн саван түрхэж хоёр гараараа толгойд иллэг хийх мэт үсийг болгоомжтой угааж дуусаад усаар зайллаа. Шарилчин цүнхнээсээ сам, хайч гаргаж үсний ширэлдээг гаргасны дараа үсийг хайчаар засаж эхлэв.
- Миний мэдэж байгаагаар урьд нь энд цогцосны үс сахлыг хэзээ ч засаж байгаагүй. Би ийм ажлыг голдуу тэднийг засаж янзлаад бэлэн болгосны дараа хийдэг. Гэхдээ мэдээж үүнийг хэрэгтэй гэж үзвэл шүү дээ гэж эмэгтэй Фостерыг харалгүй хэллээ.
- Уучлаарай гэж Фостер хариуд нь хэлэв.
- Үгүй дээ, үнэнийг хэлэхэд энэ бол харин ч сайн үйлс. Би урьд нь авсны тагийг онгойлгож салах ёс гүйцэтгэдэг байхад цогцсыг эвтэйхэн харагдуулах гэж энэ ажлыг зөндөө хийдэг байлаа. Гэхдээ одоо ингэж хийх нь улам цөөрч байна. Хүмүүс дотныхоо хүнийг үхсэн байдалтай харахыг хүсэхгүй, тэдэнд санаа тавихаа бараг больж дээ.
Фостер эцгийнхээ цогцосны өмнө зогсож байсан үеэ саналаа. Тэрбээр мэргэжлийн хувьд хэдэн зуун үхсэн хүмүүс харж байсан боловч өөрийн хайрладаг байсан хүнийхээ амьгүй биеийг харахад бэлэн биш, түүнд маш их хэцүү байж билээ.
Шарилчин хийж буй ажлаа шалгахаар бага зэрэг зай авч зогсоод нүдээ хагас аньж цогцсыг ажиглангаа
- Энэ хэн юм бэ? гэж асуув.
- Одоогоор түүний хэн болохыг мэдэхгүй байгаа. Тийм учраас бидэнд таны тусламж хэрэгтэй болсон юм хэмээн Фостер бодолдоо дарагдсан хэвээрээ хариулаад
- Та бидэнд их тус болно гэж бид найдаж байгаа гэлээ.
Эмэгтэй цогцосны үсийг таван минут ч бололгүй засаж дуусгаад багс, сахлын саван гаргаж ирэн хууз, сахлыг бүлээн усаар норгож савандаж болгоомжтой хусч эхлэв. Түүний цогцосны эрүүнээс түшиж бариад сахал хусаж байгаа байдал шарилын байшинд олж хардаг зүйлсээс эрс тэс ялгаатай харагдана. Фостер энэ бүхнийг харж зогссоноо
- Та яагаад сахлын цахилгаан машин хэрэглэдэггүй юм бэ? гэж асуусанд шарилчин үл мэдэг инээмсэглээд
- Арьс нь өө сэвгүй, гөлгөр болдоггүй юм гэж хэлэв.
Эмэгтэй үнэхээр хурдан шаламгай ажээ. Эцэст нь тэр
- За, бид бэлэн боллоо гэж хэллээ.
Фостер эмэгтэйг үдэж өрөөнөөс гаргачихаад ширээ рүү цогцосны хөлний тушаа очиж, нүүрийг нь ажиглав. Түүнд бараан үстэй, зөв хэлбэр бүхий эрүү, овгордуу шанаатай, хацар нь хонхойж ороогүй, дөчин дөрөв тав орчим насны эрэгтэй харагдлаа. Гар хөл, шүд нь шаравтар өнгөтэй болсон харагдавч арчилж торддог байсан нь харваас илт, царайг нь ажихад тэрбээр өмнө нь өөртөө их анхаарал тавьдаг байжээ. Фостер энэ эр ийм байдалд орохоосоо өмнө конторын ч юм уу нэг тиймэрхүү бичиг цаасны ажил эрхэлдэг байсан байх гэж таамаглав.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 5:40 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 10:27 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Фостер Мэдээллийн танхимын цагаан самбар дээр гуйлгачингийн хоёр зургийг зэрэгцүүлэн өлгөжээ. Нэг нь түүнийг анх олоход харагдаж байсан тэнүүлчний төрх, нөгөөх нь түүнийг арчилж тордсоны дараа авсан зураг байв. Хоёр зургийн дэргэд бас нэг үл таних эмэгтэйн зураг байлаа. Багийн ихэнх нь гадуур ажилтай, урьд шөнө гарсан хэргийн газар болон тэр газрын ойролцоо хэргийн ул мөр хайж яваа учир энд бараг нам гүм байв. Өглөөний байдлаар нэг ч шинэ ул мөр, шинэ мэдээ, гэрч олдоогүй ажээ. Дринквотер гараажны эзнийг олж хэлтэс рүү аваачсан гэсэн бөгөөд тэр байцаалтын үеэр хэргийн мөрдлөгт тус болох юм илрүүлж чадах эсэхийг Фостер мэдэхгүй байлаа. Фостер аяга кофе авч ширээ рүүгээ очиж суугаад компьютероо асаалаа. Тэр сураггүй алга бологсдын мэдээллийн санг нээж хайлтын цонхонд эрэгтэй, цагаан арьстан, нас 40-50, бараан үс, нэг метр дал, бор нүд, биеийн галбир хэвийн гэж бичив. Онцгой шинж тэмдэгт нуруун дээрээ мэнгэтэй хэмээн бичиж оруулахдаа хэдэн мянган хайлтын үр дүнд нөлөөлж эрсэн хүнээ олоход хялбар болно гэдэгт найдаж байлаа. Дэлгэцэн дээр арван таван үр дүн гарч ирэв.
Фостер зурагнуудыг өөрт байгаа зурагтайгаа эхнээс нь нэг бүрчлэн харьцуулж харсаар төстэй байж мэдэх хоёр хүн оллоо. Хоёр хүний зургийг дараа дахиж шалгахаар тусад нь хадгалав. Тэгтэл Фостер эрж байгаа хүнээ олж харлаа. Грахам Эллисийн иргэний үнэмлэхний зураг. Энэ хоёр зураг хоорондоо маш адилхан ажээ. Нүүрний хэлбэр, нимгэн уруул...
Түрүүч Женкинс онгорхой хаалгыг тогшиж чимээ өгөн орж ирээд Фостертой мэндлэв.
- Барнес яаж байна? гэж Фостерыг асуухад Хадер мөрөө хавчаад
- Тэр юу ч болоогүй юм шиг л аашилж байна. Гэхдээ энэ бүхэнтэй эвлэрэхэд түүнд хугацаа хэрэгтэй. Би түүнд эмчилгээ санал болгосон... гэснээ Фостерыг анхаарлаа өөр юманд төвлөрүүлснийг анзаараад үгээ гүйцээсэнгүй.
- Үүнийг хар даа гэж хэлээд Фостер компьютерынхоо дэлгэцийг Хадер луу эргүүлэв. Хадер дэргэд нь очоод ширээн дээр тохойлдлоо.
- Энэ одоо хэн бэ?
Фостер үл таних цогцосны зургийг өргөж харуулсанд Хадер зурагнуудыг харьцуулж хараад
- Тэд хоорондоо үнэхээр адилхан юм байна гэж хэлээд өндийж зогслоо.
- Энэ үхсэн хүн бол Эйвендэйл Парк дахь тоглоомын талбайд олдсон нөгөө гуйлгачин.
- Тэр их цэвэрхэн харагдаж байна.
- Тэр гуйлгачин биш, эсвэл гуйлгачин болоод удаагүй байсан. Фостер дэлгэц рүү дахиад нэг удаа харлаа.
- Хэрвээ энэ хүн тэр эрэгтэй мөн бол хоёр сарын өмнө Олтрингамд байдаг хуулийн фирмд ажилладаг байсан. Гэхдээ түүнийг яагаад заавал дүүжилж орхисныг би огт ойлгохгүй байна. Задлан шинжилгээний дүгнэлтээр бол тэр биднийг олохоос арван таван цагийн өмнө үхчихсэн байсан. Тэгвэл алуурчин хохирогчийн амийг хороосноос хойш хэдэн цагийн дараа дүүжилсэн болж таарч байна. Тэгээд л би яагаад? гэсэн асуулт өөртөө тавиад сууж байна.
- Хүн амины хэрэг гэхээсээ илүү амиа хорлолт гэж харуулах гэсэн юм болов уу?
- Тэгвэл алуурчны хийсэн үйлдлийг үүнтэй яаж холбож ойлгох болж байна? Бид ямар утга агуулсныг нь мэддэг болсон энэ тэмдгийг тэр хохирогчдын биен дээр сийлдэг. Алуурчин хүний амь хороох үедээ яагаад энэ бүх далд утгатай зүйлсийг ашигладаг юм бол?
- Гуйлгачин бол алуурчны хамгийн анхны хохирогч. Тэр магадгүй биднээр хэдэн өдөр чулуу хөөлгөх гэсэн байх. Тэгээд ч бүгд түүний төлөвлөснөөр болсон.
Энэ бол Хадер өөрсдийгөө зөвтгөх гэж оролдоогүй, Фостерыг уурлах аргагүй болгосон оновчтой тайлбар байлаа. Гэвч Фостер Хадертай санал нийлсэнгүй.
- Үгүй, харин ч эсрэгээрээ тэр юуг ч бүрхэгдүүлэхийг оролдоогүй. Хүн дүүжилсэн хэрэгт тэр бидэнд өөр ямар тэмдэг үлдээснийг би заавал олно.
- Үхлийн шалтгаан юу байсан бэ?
- Зүрхний саа. Шалтгаан нь тодорхой бус. Хордлого судлалын төвийнхөн бидэнд илүү юм хэлж өгч магадгүй.
Фостер гэнэт Дарбиширийн хорны дүгнэлтийг авах ёстой байснаа санаад, энэ тухай мэдэгдэх хангалттай хугацаа өнгөрчихөөд байхад Хордлого судлалын төвийн залхуу новшнууд ядаж толгойгоо ч цухуйлгасангүй гэж бодлоо.
- Өнгөрсөн шөнийн хохирогчийн нэр, хаягийг олж тогтоосон уу? гэж Хадерыг асуухад Фостер толгойгоо алгуурхан сэгсрэв.
- Карлайл тэр цогцсыг яг одоо задлан шинжилж байгаа. Энд одоо хүртэл олдоогүй өчнөөн олон сураггүй алга бологсдын бүртгэл байна. Сүүлд алга болсон хүмүүсээс эхэлж хайх санаатай байна. Чи Хан руу утасдаж энд ирж тусал гэж хэл.
Хадерыг гарч явсны дараахан гар утас нь дуугарлаа. Дринквотер Актоноос ярьж байв. Тэр гараажийн эзнийг байцаасан боловч ямар ч үр дүн гарсангүй. Тэр хүнд энэ хэрэгт холбогдолгүй гэх хангалттай баталгаа байсан бөгөөд тэр нь ч батлагджээ.
- Гараажийг хөлсөлж байсан бүх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гарга гэж Фостер Дринквотерт даалгалаа.
Багийнхан маань энэ хэргийг илрүүлэх гарц хайцгааж байгаа. Хэрвээ тэд дахиад жаахан чармайвал ямар нэг зүйл илрүүлж л таарна хэмээн Фостер бодлоо.
Тэр компьютерын дэлгэцэн дээр гарч ирсэн сураггүй алга болсон өмгөөлөгчийн мэдээллийг дахиж уншив.
"Нэгдүгээр сарын 25-наас хойш сураггүй алга болсон Грахам Эллисийн төлөө гэр бүлийнхэн нь маш их санаа зовцгоож байна. Түүнийг Чешир дэх Олтрингамд гэрийнх нь ойролцоо байдаг уушны газарт хамгийн сүүлд харжээ".
Грахам Эллис Никлин Эллис & Со-д ажилладаг бөгөөд тухайн компаний хамтрагч байжээ. Фостер лавлах руу залгаж компаний контортой холбогдлоо. Өнөөдөр ням гариг байсан ч оролдлого нь бүтэмжтэй болов.
Фостерын бодож байснаар контор хаалттай байсан боловч утасны автомат хариулагч асаалттай байлаа. Тэнд яаралтай үед холбогдох утасны дугаар үлдээжээ. Тэр дугаарт залгалаа.
- Тони Пенбэрти байна хэмээх залуухан хүний цоглог дуу гарлаа.
- Сайн байна уу? Амралтын өдрөөр утас залгаж төвөг удсанд уучлаарай.
- Зүгээр гэж Пенбэрти бага зэрэг Австрали акценттай хариулаад
- Танд би юугаар тусалж чадахсан бол? гэлээ.
- Би байнгын холбоотой байдаг өмгөөлөгчтэйгөө ярих гэсэн юм. Түүнийг Грахам Эллис гэдэг.
- Ноёнтон, тэр одоогоор ажиллахгүй байгаа. Гэхдээ би танд тусалж болох юм. Танд ямар асуудал гарсан юм бэ, ноён...
- Фостер. Тэр энд хуурах шалтгаан алга гэж боджээ.
- Энэ бол амархан тайлбарлачих асуудал биш. Таныг гомдооё гэж бодоогүй юм шүү. Гэхдээ би Грахамтай л яримаар байна. Би маргааш утасдаж болох уу?
Утасны цаана хэсэг чимээгүй боллоо.
- Сонсооч, ноён Фостер! Энд нэг асуудал гарсан. Ер нь бол Грахам Эллис сураггүй алга болсон.
- Арай үгүй байлгүй дээ? Хэзээнээс тэр вэ? Фостер өөрийнхөө тааруухан жүжиглэлтээс санаа нь зовчихов.
- Хоёр сар илүү болж байна. Энэ биднийг үнэхээр их цочирдуулсан шүү.
- Би ойлгож байна. Тэр зүгээр л алга болчихсон юм уу?
- Бид ажлын дараа замын эсрэг талд байдаг уушны газарт орсон. Тэр үед Эллис тэнд зүгээр байсан. Дараа нь түүнийг гэртээ харихаар тэндээс гарч явснаас хойш дахиж хэн ч хараагүй.
- Бид хоёр урьд нь найзалдаг байсан юм. Тэр цагаас хойш түүний талаар хэн ч, юу ч олж сонсоогүй юм уу?
- Юу ч сонсоогүй.
- Түүнд муу юм тохиолдоогүй байх гэж би найдаж байна хэмээн Фостер хэлэв. Тэр мөрдөгчийн хувьд биш, харин үнэхээр санаа нь зовсондоо ингэж хэлжээ.
- Мэдээж... Австрали эр яриагаа таслав.
- Та нэг л эргэлзээд байх чинь.
Утасны цаана дахиад хэсэг чимээгүй болов. Фостер би түүнээс хэр их юм мэдэж чадах бол гэж бодож байлаа. Австрали эр ярих дуртай байх шиг. Ер нь өмгөөлөгч нар тийм ч дуу цөөтэй хүмүүс биш.
- Үнэндээ бид түүнийг амиа хорлосон байх гэж бодож байгаа.
- Тэр амиа хорлохоор хүн биш гэж би бодож байна гэж Фостер хэлэв. Тэгээд "амиа хорлох хүн" гэж ямар хүнийг хэлдэг юм бол гэж тэр өөрөөсөө асуулаа. Яриа өрнөх шинжтэй болоод ирэв. Энэ яриа ойролцоо орших аль нэг цагдаагийн тасаг руу очиж бичсэн тэмдэглэлээ ширээний нүдэнд хийгээд таг мартчихдаг ямар нэгэн цагдааг хайж явснаас дээр байлаа.
- Хөөе...
Өмгөөлөгч нэг л тавгүй болсныг анзаарсан Фостер яриагаа өөр зүгт хандуулав.
- Би эхнэрт нь харамсаж буйгаа илэрхийлж ил захидал илгээмээр байна. Танд түүний хаяг бий юү?
- Тэр эхнэрээсээ салчихсан шүү дээ.
- Нээрэн үү?
- Тийм ээ, өнгөрсөн жил. Тэр их зовсон доо.
Фостер яриаг тэмдэглэж аваад
- Хөөрхий залуу гэлээ.
- Тэр цагаас хойш Эллист их хэцүү байх болсон гэж Австрали эрийг үргэлжлүүлж хэлэхэд Фостер
- Тэр их уудаг болсон гэж хэлэв.
- Үнэхээр тийм шүү. Ялангуяа өнгөрсөн жил. Түүнийг биднээс салж явсныхаа дараа дахиж нэмж уухаар ойрхон байдаг өөр нэг кафе руу явсан байх, тэгээд гэнэт одоо ууж ханалаа гэж бодоод метро, галт тэрэгний аль нэгэнд суугаад хол явчихсан гэж бид бодож байгаа.
Одоо шарилын байранд хэвтэж байгаа тэр эр, Грахам Эллис бол өөрт тулгарсан шийдвэрлэхэд бэрх асуудлаас болж шилтэй архи тэврээд суух хүн биш гэдгийг Фостер сайн мэдэж байлаа. Тэр уушны газраас гараад, харьж амрахаар гэр лүүгээ шууд явах байсан. Гэвч тэр гэртээ харьж чадсангүй.
Фостер утасны яриагаа дуусгаад Вэст Мидландсын цагдаагийн газартай холбоо барихаар шийдлээ. Түүнийг дугаар оруулж байтал утсанд нь дуудлага орж ирлээ. Утасдсан хүн нь Ноттинг Хиллийн цагдаагийн тасгийн жижүүрийн ажилтан ажээ.
- Манай энд нэг ноёнтон ирээд хүн амины хэрэг гарсан байж магадгүй хэлсэн. Тэр одоо нэг ахмадтай ярилцаад зогсож байна гэж нөгөө ажилтан хэлээд аяархан боловч их яарсан бололтой
- Тэр хүн нэг боодолтой юм барьчихсан байна гэж нэмж хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 5:43 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 10:30 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Фостер Хадертай хамт Ноттинг Хиллд хүрч ирэхэд тэр ноёнтон байцаалтын өрөөнд аягатай цайгаа барьчихсан сууж байлаа. Тэр хувцсаа хайш яйш өмссөн харагдах ч өөртөө санаа их тавьдаг нь илт ажээ. Тэрбээр дух руу нь буусан туг үсээ анзаарсан шинжгүй бөгөөд цэнхэр нүд нь манан татсан мэт сүүмийсэн харагдана. Ноёнтны насыг тааж хэлэхэд бэрх ч Фостерт түүний гажигтай юм шиг эв хавгүй царай нэг л танил санагдав.
Ширээн дээр гутлын хайрцаг тавьсан харагдана.
- Таныг удаан хүлээлгэсэнд өршөөгөөрэй хэмээн хэлээд Фостер түүнийг Хадертай танилцууллаа. Нүүр нь шохой шиг цайж, нүд нь гөлийсөн тэр ноёнтон бүр таг хөшчихсөн байв. Ноёнтон толгой дохиод
- Саймон Перри гэж тод боловч үгээ чирэн маш удаан хэллээ. Тэр боловсролтой гэр бүлээс гаралтай гэдэг нь илт мэдэгдэнэ. Нэр нь Фостерт их л танил сонсогдсон боловч анхаарлыг нь ширээн дээрх хайрцаг татсан тул
- Энэ хайрцганд юу байгаа юм бэ? гэж асуулаа.
Маш их айж цочирдсоноос сэтгэл санаа нь тайван бус болсон Перрид түүний хэлсэн үг бүрийг ойлгож авахад хугацаа хэрэгтэй байв. Эцэст нь тэр
- Миний дүү охины нүд гэж хариуллаа.
- Хайрцганд ганцxан та л хүрсэн үү?
- Тийм ээ.
- Бидэнд таны хурууны хээ хэрэгтэй гээд Фостер
- Хайрцган дээрх өөр хүмүүсийн хурууны хээнээс ялгах ёстой юм гэж нэмж хэлэв.
- Тэгэлгүй яахав.
Фостер резинэн бээлий өмсөөд хайрцагны тагийг онгойлголоо. Хайрцагны ёроолд зулж дэвссэн хөвөн дээр хос нүд тавьжээ. Нүднүүд маш том гольфын бөмбөг шиг санагдав. Нүдний мэдрэлийн судас хөөрхийлөлтэй унжиж харагдана. Санасныг бодвол Фостерт энэ тийм ч аймшигтай санагдсангүй. Бага зэрэг бохирдсон нүдийг бүтнээр нь сугалж авсан байлаа. Салгаж аваад удсан учраас пигментээ алдсан юм болов уу гэмээр нүд бараг өнгөгүй цагаан, ганцхан солонгон бүрхэвч нь цайвар цэнхэр өнгөтэй харагдана.
Фостер хайрцгийг буцааж таглаад
- Энэ нүд дүүгийнх чинь гэдгийг та яаж мэдсэн юм бэ
- Өнгөөр нь.
- Үнэнийг хэлэхэд би тийм ч олон өнгө олж харсангүй.
- Дүү маань албинизм гэдэг өвчтэй байсан юм.
- Тэгвэл дүү чинь албино байх нь ээ?
Перри хэлснийг нь сонсоогүй бололтой чанх урагшаа гөлөрч суулаа.
- Албинизм гэж юу юм бэ? гэж Хадер нам гүм байдлыг эвдэж асуулаа. Хадерын асуулт түүнийг хөшингө байдлаас гаргасан бололтой
- Цайвар арьс, цайвар үс, ялангуяа нүд бараг өнгөгүй шахам гэмээр цайвар цэнхэр өнгөтэй байдаг. Дүү маань манай одоогийн удмаас анхны тохиолдол нь байгаа юм. Энэ бол далд хэлбэрийн удамшлын ген. Дамми үүнийг өвөг эцгээсээ өвлөж авсан юм гэв.
- Дамми?
- Дамсон гэдэг нэрний товчилсон нэр.
- Түүнийг тэгж нэрлэдэг юм уу?
- Үгүй, түүнийг Нэлла гэдэг. Дамсон бол түүний хоч, чавганы нэр. Бидний том эгчийг Викториа гэдэг ч Плум гэж хочилдог. Бас нэг чавганы нэр, гэр бүлийн хошигнол гэж хэлж болох юм.
Дээд ангиллынхны наргиан гэж Фостер дотроо бодлоо. Нэлла, энэ Барнесын олж өгсөн нэрсийн нэг ажээ.
- Дүүд чинь шивээс байсан эсэхийг та мэдэхгүй биз?
Тавьсан асуултыг ухаж ойлгоход ноёнтонд хугацаа хэрэгтэй бололтой.
- Санахгүй байна. Би үүнийг сайн ажиглаж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Хэрвээ түүнд шивээс байсан бол надад гайхаад байх зүйл алга.
- Намайг илэн далангүй байгаад өршөөгөөрэй, ноён Перри. Таны дүү хиймэл хөхтэй байсан уу?
Перри мөрдөгч рүү харлаа. Фостерт түүний ухаан санаа бага зэрэг сэргэсэн юм шиг санагдав.
- Тийм ээ, түүний гадаад төрх байдал хүмүүсийн анхаарлыг их татдаг байсан. Тэр муухай харагддаггүй ч өөртөө их сэтгэл дундуур байсан учраас хиймэл хөх хийлгэсэн. Дүү маань нэг сонины буланг эрхэлдэг, олны өмнө эрчүүдтэй хамт их харагддаг байсан.
Өө гайхалтай, хэмээн Фостер бодлоо. Хэрэв шарил хадгалдаг газар байгаа цогцос энэ эмэгтэй мөн бол тун удахгүй Лондонгийн бүх сурвалжлагчид энэ хэрэгт хошуу дүрэх болно. Цуврал алуурчин, зугаа цэнгэлд дуртай хөнгөмсөг сэтгүүлч эмэгтэй, алуурчныг хамар доороосоо алдсан цагдаагийнхан гэсэн үгнүүд Фостерын нүдний өмнө жирэлзэх шиг боллоо.
- Та бас сэтгүүлч үү?
- Үгүй, парламентын гишүүн.
Одоо болж байгаа бүхэнд анхаарал татах зүйлс мундахгүй бололтой. Перри олон нийтийн дунд болон бизнесийн ажилд амжилт гаргаж дээшээ гарч ирсэн үү эсвэл гэр бүлийн найз нөхөд, язгууртны хүрээнийхний дэмжлэгээр гарч ирсэн үү гэж Фостер өөрөөсөө асуугаад сүүлчийнх нь илүү магадлалтай юм шиг санагдав.
- Та Нэллагаас хамгийн сүүлд хэзээ сураг сонссоноо санаж байна уу?
Фостер хохирогчийн хочийг хэлж түвдсэнгүй.
- Баасан гаригийн орой. Тэр өчигдөр орой одоо үерхэж байгаа зураач залуутайгаа хамт манайд ирж надтай цуг хооллох байсан юм. Тэр баасан гаригийн орой над руу утасдаж найзтайгаа муудалцсан бололтой ганцаараа ирнэ гэж хэлсэн. Гэвч Дамсон болзсон цагтаа ирээгүй. Тэгээд би Дамсоныг найз залуутайгаа эвлэрсэн байх гэж бодсон. Намайг утасдахад тэр утсаа аваагүй. Би түүнийг дараа надаас уучлалт гуйх байлгүй гэж бодоод өнгөрсөн. Тэр өөрийгөө буруутгаж, намайг уучлахаас өөр аргагүй байдалд оруулчихдаг юм.
Тэмдэглэл хийж суусан Фостер харцаа өргөж ярилцаж буй хүн рүүгээ хартал хөөрхий эрийн хацрыг даган нулимс урсаж байлаа.
- Намайг уучлаарай гэж Перри хэлээд халааснаасаа
нусны алчуур гаргаж ирэв.
- Мэдээжийн хэрэг. Та биднээс санаа зовох хэрэггүй.
Хадер өрөөнөөс хурдан гарч явснаа шилэн аягатай ус авчирч ширээн дээр тавилаа. Перри түүнд талархсанаа илэрхийлж буй бололтой сулхан инээмсэглэв.
- Та дүүгийнхээ найз залууг хэр сайн мэдэх вэ?
- Тэр энэ хэргийг үйлдсэн гэж та арай бодоогүй биз дээ? гэж Перри түүний бодлыг таах гэсэн мэт хэлэхэд Фостер мөрөө хавчаад
- Бид энэ талаар мэдэхгүй гэлээ.
Царай нь илт улайсан Перри
- Тэр надад таалагддаггүй гэж хэлснээ
- Жаахан дүр эсгэгч шиг санагддаг. Гэхдээ би түүнийг ийм харгис юм хийх хүн гэж бодохгүй байна гэлээ.
- Та энэ хайрцгийг хэзээ олсон юм бэ?
- Үдийн цайны өмнө. Хогоо гаргаж асгах гээд гартал арын хаалганы босгон дээр тавьчихсан байсан.
- Бид хайрцаг болон нүдийг шинжлүүлэхийн тулд энд авч үлдэнэ. Бас танай арын цэцэрлэгт үлдээсэн ул мөр байгаа эсэхийг шалгаж, ойр хавьд байдаг хөршүүдтэй тань уулзаж өчигдөр орой эсвэл өнөө өглөө ямар нэг хүн харсан эсэхийг тодруулах хэрэгтэй.
Фостер Перригээр хийлгэх нэг зүйл байгаа тул түүнээс асуухыг хүсч байлаа.
- Өчигдөр алагдсан нэг бүсгүйг танаар таниулахад цаг гаргаж очиж чадах эсэхийг тань бид мэдмээр байна.
Перри ховсдуулсан аятай толгойгоо алгуурхан дохиод
- Тэгэлгүй яахав хэмээн сулхан хариулснаа
- Би утсаар ярих хэрэгтэй байна. Намайг ганцааранг минь түр үлдээж болох уу? гэв.
Фостер, Хадер хоёр өрөөнөөс гарч явлаа.
- Алуурчин одоо нарийн тооцоотой ажиллаж байна гэж Фостер Хадерт шивнээд
- Тэр өөртөө улам итгэлтэй, магадгүй бүр дэндүү их итгэлтэй болж байна. Хэт их тоглоод ирэхээрээ тэд заавал алдаа гаргадаг гэж нэмж хэллээ.
Хадер толгой дохиод
- Би Дамми Перритэй танил биш ч түүнийг сайн мэднэ. Тэр Телеграфт уншигчийн булан хариуцдагийг би мэддэг гэж хариу шивнэлээ.
- Хөөе, би чамайг эдгээр хуурамч амьтдын нийтлэлийг сонирхдог гэж мэдээгүй юм байна гэж хэлэхдээ Фостер гайхснаа нуусангүй. Фостер хэвлэлийнхнийг хуурамч, долгинуур, үнэнийг гуйвуулагчид гэж үздэг тул тэднийг яснаасаа үзэн яддаг ажээ.
Хадер Фостер луу харж инээмсэглээд
- Энэ бол нэг төрлийн өдрийн тэмдэглэл. Тэнд алдар нэр нь түгсэн поп од, хөл бөмбөгчдийн оронд баячуудын өдөр тутмын амьдралын хов живийг бичдэг юм.
- Тэгвэл ноцтой зүйл ч бас байдаг байх.
Тэр хоёрт Перригийн утсаар ярих нь сонсогдож байлаа.
- Би түүнийг Социалист ажилчны намын гишүүн гэж бодохгүй байна гэж Фостерыг хэлсэнд Хадер хэлснийг нь эсэргүүцэж
- Тэр одоо хохирогч. Тун удахгүй тэр зэрэмдэг болтлоо тамлуулж үхсэн дүүгийнхээ цогцсыг гэр бүлийнхэндээ хүлээлгэж өгнө гэж хэлэв. Фостер санаа алдлаа.
- Энд хоорондоо ижил төстэй гэх зүйл огт алга. Анхны хохирогч алагдахаасаа хоёр сарын өмнө, хоёр дахь нь хоёр хүрэхгүй цагийн өмнө хулгайлагдсан. Хоёр дахь, гурав дахь хохирогчийн эрхтнийг салгаж авсан мөртлөө анхны хохирогчийн биед хүрээгүй. Алга болсон гарууд одоо болтол олдоогүй, гэтэл гурав дахь хохирогчийн нүд бараг алагдсан өдрөө олдлоо. Энд төстэй зүйлс гэвэл сийлж үлдээж байгаа тэмдэг, 1879 онд гарсан хүн амины хэргийн газрууд, бас хэрэг гарсан цагууд тохирч байгаа.
Хаалга гэнэт онгойж Перри өрөөнөөс гарч ирээд
- За эхэлцгээх үү гэж хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 5:43 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 12:10 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
эхний ном маш сонирхолтой байлаа, маш их нууцлаг, тайлагдахад төвөгтэй, ээдрээтэй, Да Вибчийн код шиг санаанд ормооргүй үйл явдлаар дүүрэн, нэг эхэлбэл салахын аргагүй юм байна, орчуулга нь сайн, найруулга сайтай, ганцхан тогтооход төвөгтэй олон гудамжны нэр гарах юм, маш их баярлалаа, удам угсааны ийм лавлах байдаг, бүүр ийм мэргэжил байдаг гэж огт бодоогүй шүү. Дээхэн 2 дахь номны эхлэлийг уншаад зөндөө хүлээсэн ш дээ, хурдан оруулаарай. Орчуулгын эрхээ авчихаад хэвлүүлэх хэрэгтэй ш дээ, ийм их хөдөлмөр орсон байхад


Top
   
PostPosted: Jul.02.17 8:11 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
15



Наижл тэр өдөр зэрэмдэглэж хаясан эмэгтэйн дүрийг санахгүйг хичээж өөрийгөө аль болох завгүй байлгахын тулд энгийн үед тайвшрахдаа хэрэглэдэг аргаа ашиглан нэг хэсэг ном уншжээ. Тэр үдээс хойш, орой болохоос арай өмнө орондоо орж, унтахыг хичээсэн ч бүтсэнгүй. Тэгтэл утас нь дуугарлаа. Фостер, Хадер хоёрын аль нэг утасдаж байгаа биз хэмээн найдаж хунирсан даавуун дундаас утсаа тэмтэрч олов. Утасны цаанаас сонсогдох дуу хэдийгээр түүнд танил байсан боловч түүний хүссэн хүн биш байлаа.
- Сайн уу, Наижл? Энэ Гэйри Кент ажээ.
- Чамд ямар хэрэг гарав? хэмээн Наижл ууртай хэлэв. Кент өөрөөс нь юу хүсч байгааг тэр мэдэж байлаа.
- Дамми Перри.
- Юу гэнэ ээ?
- Чиний урьд шөнө санамсаргүй олсон залуу эмэгтэй. Чамд түүний талаар надад хэлэх юм байгаа болов уу гэж би бодсон юм.
- Би чамд юу ч хэлэхгүй гэж хэлчихээд Наижл утсаа тавих гэтэл Кент
- Хөөе, чи яг одоо орондоо бас нэг эмэгтэй оюутан оруулчихсан байгаа юу? гэж хэллээ.
Наижл гэнэт хөшиж орхиод юу хэлэхээ ч мэдсэнгүй.
- Их сургуулиас хоёрхон цагийн дотор маш олон зүйл мэдэж болдог юм байна. Улсын хэмжээнд тараах мэдээ биш ч гэлээ аль нэг сонин энэ талаар нийтлэхдээ дуртай л байх болов уу.
- Чи намайг сүрдүүлээд байгаа юм уу? Баяртай, Гэйри.
Кент энэ талаар яаж мэддэг байна аа? Наижл утсаа таслах эсэхдээ хэсэг эргэлзсэнээ буцаагаад тавьчихав. Кентийн хэлсэн зүйлс түүнийг маш их сандаргаснаас гар нь учиргүй салганаж байлаа. Тэр эмэгтэйн нэрийг Дамми Перри гэж тэр хэлсэн. Эцэст нь тэр хохирогчийн нэрийг мэддэг байжээ. Кентийн хэлсэн их сургууль дээр болсон зүйлийн талаар Наижл юу гэж бодохоо мэдсэнгүй. Энэ талаар Фостер, Женкинс хоёртой ярилцдаг юм бил үү? гэж бодсоноо энэ удаад болихоор шийдэв.
Наижл орноосоо сугарч босон гадаа гарч алхахаар хувцсаа өмслөө. Тэр хаашаа явахаа мэдэж байсан ч яагаад гэдгээ ойлгохыг ч хүссэнгүй. Тэгсэн хэдий ч тэр тийшээ заавал очих ёстой. Хэдийгээр цаг орой болсон ч гадаа үдшийнгэгээ тасраагүй байв. Бушийн ойролцоох гудамжууд хүн ихтэй байлаа.
Наижл Холланд Паркыг чиглэн Грийний замыг даган алхаж явснаа зүүн тийшээ Принцдэйлийн Өргөн чөлөө рүү эргэж, шохойн будгаар ижилсүүлж будсан орон сууцны барилгуудын дэргэдүүр өнгөрөв. Дараа нь тэр Ноттинг Дэйлийн хөлсний байрууд байдаг гудамжуудын нэг Вармерын Өргөн чөлөөнд хүрч ирлээ. Тэнд Дэйлийг тухайн үедээ хүн бүхэнд танил байсан үгээгүй ядуу зүдүү байдал, тоосгоор барьсан ноорхой оромжнууд, гахайн хорооноос дурсгал болон үлдсэн ганцxан том чулуун зуух байдаг. Нэг удаа цагдаагийн баривчилгааны үеэр оршин суугчид цагдаа нарыг эсэргүүцэн босож, тэднийг газраар хөглөрч хэвтэх гахайн хатсан баасаар нүүлгэж байсан гэдэг. Чарльз Диккенс Лондон хотын цэцэглэн хөгжиж байсан дүүргүүдийн яг голд энэ ядуу тарчиг газар хаяа дэрлэн оршиж байсныг гайхан шагширч байснаа зохиолдоо дүрслэн бичсэн байдаг. Одоо энэхүү чулуун зуухны эргэн тойронд доод тал нь хагас сая паундын үнэд хүрэх байшингууд баригджээ.
Наижл тэндээс цаашилсаар Ланкастерын Өргөн чөлөө рүү орж ирлээ. Хүн амины хэрэг гарсан газар луу ойртох тусам хоолой нь улам бачуурав. Тэндээс чухам юу хайж олох гээд байгаагаа тэр үнэндээ огт мэдэхгүй байлаа. Тэр Ладброке Гровийн метроны буудлын дэргэд ирвэл хүн амьтан сэлүүхэн харагдах ч тэр үеийг бодвол хөл хөдөлгөөнтэй байв. Энд бүгд л айж цочирдсон юм шиг Наижлд санагдлаа. Явган хүний замын хажууд, хэргийн газрыг тусгаарлаж татсан туузны дэргэд нэг цагдаа зогсож харагдана. Хүмүүс тэр газраас аль болох холуур тойрч өнгөрцгөөнө. Наижл замаа цааш нь үргэлжлүүлж Кембридж Гарденаар явснаа зүүн тийшээ Синт Маркын Өргөн чөлөө рүү эргэв. Тэрбээр хэрэг гарсан газар хүрч ирээд юу хийхээ мэдэхгүй байсан ч гудамжинд зогсох цагдаагийн машиныг хараад дотор нь онгойх шиг болов.
Наижл орчин тойрныг ажиглаж харлаа. Хурдны зам болон төмөр замын гүүрэнд ойрхон байрладаг энэ газар бол хүмүүсийн анхаарлыг нэг их татаад байдаггүй хотын дүүргүүдийн нэг билээ. Вэствэй хурдны замын гүүрэн доор асаалттай харагдах гудамжны гурван гэрэл эргэн тойрноо бүдэгхэн гэрэлтүүлнэ. Наижл гэр лүүгээ буцах замдаа бага зэрэг пиво ууж өөрийгөө сэргээхээр шийдэж Вэствэй хурдны зам болон төмөр замын гүүрэн доогуур гарлаа. Толгой дээр нь цахилгаан тэрэг хурдтай давхиж өнгөрөхөд замын бетон суурь хүчтэй чичирхийлэв. Тэр гүүрэн доороос гарч шинээр барьсан хэдэн байшингийн дэргэдүүр өнгөрч явснаа дороо зогсчихлоо.
Наижл гудамжны төгсгөлд очиж гудамжны нэрийг уншвал Бартлын Өргөн чөлөө гэсэн байв. Гудамжны нэг талд шаргал өнгийн тоосгоор барьсан сууцны барилгууд, эсрэг талд нь хуучин чулуун ханаар гараажны компаниас тусгаарласан машины хувийн зогсоолууд харагдана. Наижлын зүрхний цохилт хурдсаад ирэв. Тэр энд байжээ гэж бодоод Наижл байрнуудыг тоолж эхлэв. Бүх байшин адилхан боловч ес дэх болон дараагийн байшингийн дунд хоосон талбай харагдлаа. Энэ хоосон талбай дээр байшингийн оронд нэг мод тарьсан харагдах бөгөөд дараагийн байшинг 11 гэж дугаарлажээ. Энэ үнэн байна, дугаар 10 гэж байхгүй юм байна гэж Наижл бодлоо. 1970 онд Риллингтон Плэйзийг буулгаж, дахиж босгохдоо энэ гудамжийг Бартлын Өргөн чөлөө гэж нэрлэжээ. Эндээс харахад төсөл гаргагчид аравдугаар байшин байсан тэр газрыг ямар ч асуудалгүй хуучин хэвээр нь хоосон үлдээхээр шийдсэн бололтой.
Наижлд Лондонгийн өнгөрсөн үеийн түүхийг өгүүлсэн ийм төрлийн сэтгэл зүрх хөндсөн үйл явдлууд гайхалтай санагддаг. Өөрөөр хэлбэл эдгээр цонхны хөшигнүүдийн ард болж өнгөрсөн нууцлаг зүйлс. Риллингтон Плэйзийн аравдугаар байр бол дайны дараа залуу бүсгүйчүүдийг гэртээ хуурч авчран боож алдаг байсан цуврал алуурчин Жон Кристигийн гэр байжээ. Тэр бол цогцостой эр эмийн ажил хийдэг гаж донтон байсан бөгөөд дараа нь цогцсыг хашаандаа булдаг эсвэл шүүгээнд чихээд орхичихдог байжээ. Тэр бас эхнэрээ алаад цогцосных нь үлдэгдлийг хашаандаа булсан байсан гэдэг. Гэвч түүний хөрш болох бараг уншиж бичиж чаддаггүй Тимоти Эванс гэгч эрийг эхнэр хүүхдээ алсан хэрэгт хилсээр буруутгаж, цаазаар авахуулсны дараа л тэр сая баригдаж дүүжлүүлэх ялаар шийтгүүлсэн билээ. Эвансын эсрэг мэдүүлэг өгсөн гол гэрч нь жинхэнэ гэмт хэрэгтэн Кристи өөрөө байсан гэдэг.
Наижл хоосон талбайг харж хэсэг зогслоо. Тэр хэргийн газар луу явж байсан боловч одоо харин өөр хэрэг гарч байсан газар дээр иржээ. Лондон хотын түүхийн хар хуудаснаа тэмдэглэгдэж үлдсэн энэхүү аймшигт хэргийн газраас зуу хүрэхгүй метрийн цаахантай бас нэг цуврал алуурчин нэрээ бичиж эхэлжээ. Алуурчинг баривчилж шийтгэсний дараа түүний хэрэг хийсэн газруудыг бас эндэх шиг болгох болов уу? Ийм төрлийн арга заль тус болохгүй гэдгийг Наижл мэднэ. Өнгөрсөн үйл явдал тийм ч амархан устаж алга болохгүй. Түүхийн хуудаснаас ийм хэргийг арчиж хаяхын тулд ул мөрийг нь баллаж, нэр усыг солих мэтээр бүх аргыг хэрэглэж болно. Гэсэн ч тэр өнгөрсөн бүхэн яг л элсэн дээр цус тунардаг шиг газраас шүүрч ил гарч ирнэ. Эсвэл ус, агаарт тогтож үлдэнэ. Энэ бүхэн дандаа л ийм байдаг.
Наижл хүрэмнийхээ халааснаас том гар утсаа гаргаж Фостер луу залгалаа.


Саймон Перри дүүгийнхээ тамлуулж зэрэмдэглэгдсэн цогцсыг хараад маш их цочирджээ. Энэ дүү нь мөн гэж хэлэх гэсэн бололтой толгой дохьсон тэрбээр хөл нь өөрийн эрхгүй борхирч унах шахав. Фостер хажуугаас нь түшиж түүнийг хажуу өрөөнд оруулаад эмч дуудууллаа. Тайвшруулах эм өгсний дараа Перриг гэрт нь хүргэхээр болжээ. Перригийн бие бага зэрэг дээрдэж, түүнийг авч явсны дараа Фостер цогцос руу эргэж очлоо. Угааж цэвэрлэсэн хөхний хөхөрсөн шархан дээр нөгөө тэмдэг тод харагдана. Цогцосны бүх биеийг шалгаж үзэхэд гар дээр нь мансууруулах бодис тарьсан ул мөр олджээ. Харин дотор эрхтнээс нь мансууруулах бодис хэрэглэдэг гэхээр шинж тэмдэг илэрсэнгүй.
Фостер, Хадер хоёр Кенсингтонд байрлах мэдээллийн өрөө рүү буцаж явлаа. Тэнд Неллагийн найз залуу гэгдэх Жэд Гарвэй тэднийг хүлээж байгаа. Тэр хүний мөнгөөр наргиж цэнгэж явдаг хиппи залуустай адилхан харагдав. Ивээн тэтгэгчдийнхээ хооронд гүйж, бусдаар даалган амиа хоохойлж байдаг тэдэнд мөнгө олох хэрэг бараг байхгүй бөгөөд хааяа мөнгөгүй болсон үедээ санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах зорилгоор нэгээс нөгөө ажилд орж гарч байдаг ажээ.
Жэд Гарвэй өөрийгөө уран зураач гэж танилцуулахад Фостер дотроо Пикассо, Поллок нар одоохондоо түүхэн дэх байр сууриа алдана гэж санаа зовох хэрэггүй юм байна гэж боджээ. Залуу нэг метр ерэн сантиметр өндөр, бараг чүдэнз шиг нарийхан, урт гонзгой нүүртэй, сахал нь бараг долоо хоног хусаагүй бололтой байдгаараа өрвийчихсөн, шувууны үүр шиг овойж ширэлдсэн үстэй ажээ. Тэр элэгдэж хуучирсан хуучин пальтоныхоо дотор нимгэн ноосон цамц, цайсан жинсэн өмд өмсөж, хөлдөө сагсан бөмбөгчдийн шаахай углажээ. Найз хүүхнийхээ нас барсан тухай аль хэдийн мэдсэн тэрбээр толгойгоо унжуулан сууж байлаа. Хадер, Фостер хоёр кофе авчирч өгөхөөр түүнийг ганцааранг нь үлдээв.
- Аятайхан залуу байна гэж хэлээд Хадер инээмсэглэв.
- Чи арай энэ хачин амьтныг сайхан залуу гэж хэлээгүй биз дээ? Фостер чихэндээ итгэж чадахгүй ингэж асуулаа.
- Түүнд нэг юм байх нь байна аа.
- Тийм ээ, аавынхаа банкны дансыг байнга хуурайлж байдаг биз.
- Ингэхэд чи ийм увайгүй зантай болчихсон юм уу, эсвэл атаархаад байгаа юм уу? Би бүр ойлгохоо байлаа.
- Атаархах ий? Борвины баасаа ч арилгаж чадахгүй тэр хөгийн жаалд уу?
- Тэр хөгийн жаал чинь Лондонгийн ихэс дээдсүүдийн дунд өөрийгөө хамгийн царайлаг залуухан загвар өмсөгч, жүжигчдээр хүрээлүүлж байдаг юм.
- Тэр тэднийг авч болно. Чамд нөгөө хов жив бичсэн буланг унших цаг зав байдаг л юм байна.
- Чи асуудлаас сайхан мултарлаа гэж Хадер хэлээд
- Хамгийн инээдтэй нь Дамми Перри энэ залуугийнхаа тухай өдөр тутмын тэмдэглэлдээ их бичдэг байсан гэв.
- Тэгж л таараа. Иймэрхүү хүмүүст энэ л чухал биз дээ? Магадгүй түүнээс дээр хэдэн зуун уран бүтээлчид байдаг ч түүн шиг олон нийтийн мэдээллийн сэтгүүлчидтэй өвөр түрийндээ орж хэвтдэггүй юм гэж хэлээд Фостер санаа алдлаа.
- Чи энэ залууг хариуцаж ав. Хэрвээ би үүнийг хийх юм бол байцаалтын эцэст магадгүй хэдэн тасархай гар, хөл үлдэж магадгүй гэж айж байна.
Тэд өрөө рүү буцаж очлоо. Элгээ тэвэрч суусан Гарвэй урдахь ширээгээ таг гөлөрчээ. Хадер авчирсан кофегоо түүний урд тавьж залууг тайвшруулахаар инээмсэглэв.
- Болсон явдалд маш их цочирдсоныг чинь би сайн ойлгож байна.
Гарвэй толгойгоо үл ялиг дохьсон боловч нүд нь юу ч илэрхийлсэнгүй.
- Бид чамаас хэдэн зүйл асууж ярилцах хэрэгтэй байна. Энэ бол жирийн тогтсон журам байгаа юм. Энэ хэргийг үйлдсэн хэн нэгнийг олоход тус болж магадгүй.
Гарвэй толгойгоо дахиад дохьсноо
- Хамгийн сүүлд би түүнд " чөтгөр шулам руугаа тонил" гэж хэлсэн гээд толгойгоо сэгсэрлээ.
- Энэ ямар аймшигтай болохыг та мэдэх үү? Хамгийн их хайрладаг хүндээ хамгийн сүүлд ийм юм хэлснийг та ойлгож байна уу?
Хадер түүнийг ойлгосноо илэрхийлж толгой дохилоо. Фостер гэнэтхэн энэ залууг өөрийн эрхгүй өрөвдчихөв. Түүний эцэгтээ хэлсэн сүүлчийн үг нь тэр түүнд хичнээн их хайртай болох, мөн түүнийг хичнээн их хүндэлдэг байснаа илэрхийлсэн халуун дотно үгнүүд байсан билээ.
- Би чамайг сайн ойлгож байна гэж Хадер эелдэг өнгөөр зөөлөн хэлээд
- Хамгийн сүүлд уулзсан талаараа ярьж өгөөч гэв.
Гарвэй нэг сайн гүнзгий амьсгал авлаа.
- Тэгэхэд баасан гаригийн үдийн цайны цаг байсан. Даммигийн агентлаг номыг нь авах болсон гээд тэр их баяртай байсан. Бид үүнийг тэмдэглэхээр Портобелло Өргөн чөлөөнд байдаг Электрик рүү явцгаасан. Тэнд бас хэдэн найзууд маань нэмэгдэж ирсэн. Бид хоол идэж, оргилуун дарс задалж уусан. Тэгтэл дахиад л бүх юм буруугаар эргэсэн. Юу гэх юм бэ дээ. Хүн сэтгэл хөөрч согтсон үедээ буруу зөрүү яриад эхэлдгийг та нар юу эс андах вэ.
- Чи юу гээд хэлчихсэн юм бэ?
- Тэр намайг өөртөө атааархдаг гэсэн. Сүүлийн үед миний ажил нэг их урагштай байгаагүй. Би үзэсгэлэнгээ гаргаж чадаагүй, бас цөөхөн зураг худалдсан. Гэтэл тэр хэдэн цаасны тасархай дээр жаахан юм сараачаад гэрээ байгуулчихлаа гэж бодоод надад гомдолтой санагдсан байх. Гэтэл харин миний зургийн өрөөнд хэн ч худалдаж авахыг хүсээгүй уран зургууд дүүрэн байж байдаг. Би түүнд чи азтай байлаа гэсэн утгатай юм хэлчихсэн чинь тэр над руу дайрч эхэлсэн.
- Тэр юу гэж хэлсэн юм бэ?
- Тэр намайг ямар ч нэмэргүй, азгүй амьтан гэсэн. Бас намайг зөвхөн бүгдийг өөр дээрээ ирэхийг хүлээж суудаг залхуу амьтан гэсэн. Тэр үед би Даммид чөтгөр лүүгээ тонил гэж хэлсэн чинь тэр цүнхээ шүүрч аваад гараад явчихсан. Тэр надад дахиж юу ч хэлээгүй, над руу эргэж ч хараагүй.
- Чи түүний араас гараагүй юм уу?
Фостерын нүдэнд сэжиг бүхий харц илрэх үед Гарвэй яриагаа цааш нь үргэлжлүүллээ.
- Үгүй. Бидэнд маргах үе бишгүй байдаг ч дараа нь бид амархан эвлэрчихдэг. Тэр амархан дүрсxийж уурладаг. Ийм үед түүнийг ганцааранг нь явуулчихаад дараа нь уучлалт гуйсан нь дээр байдаг юм.
Харамсалтай нь энэ удаа залууд ийм боломж дахиж олдохгүй.
- Тэр хаашаа явсныг чи мэдсэн үү?
- Би түүнийг гэртээ харьсан гэж бодсон. Бид хамтдаа амьдраад удаагүй байгаа. Намайг гэртээ очиход Дамми ирээгүй байсан. Түүнийг урьдын адил намайг хэд хоног ганцааранг минь үлдээж хашраахаар шийдээд найз хүүхнүүд рүүгээ явчихаж гэж би бодсон.
- Гэхдээ түүнийг маргааш нь гэртээ ирээгүй болохоор чиний санаа зовсон биз дээ?
- Үнэнийг хэлэхэд би урьд орой нь чамгүй их татсан болохоор өдөржин унтсан. Дараа нь би түүний утас руу бараг зуун удаа залгасан боловч тэр утсаа унтраачихсан байсан. Бид бямба гаригийн орой ахынд нь очих байсан юм. Дамми гэртээ ирээгүй болохоор би гадагшаа гарч, дахиад л согттолоо уусан.
- Нэг юм тодруулмаар байна гэж Фостер хэлээд
- Та хоёр маргалдсаны дараа тэр яваад хоёр хоног сураггүй болсон байхад утсанд нь зөвхөн хэдхэн мэссеж үлдээсэн гэж үү? Чи түүнийг ахаас нь, эсвэл найз нар ч юм уу, хэн нэгнээс асууж сураглаагүй юм уу?
Гарвэй харцаа өргөж Фостер дээр тусгаад
- Намайг өршөөгөөрэй, гэхдээ та Даммиг мэдэхгүй. Тэр бие дааж, бусдад хамааралгүй байхыг хүсдэг. Намайг араас нь асууж сураглахад тэр дургүйцдэг байсан.
Түүнийг хулгайлагдаад алагдаж байх үед тэр тэгэх л хэрэгтэй байсан гэж бодсон боловч Фостер амаа хамхив.
- Өршөөгөөрэй, би танд хэдэн хэцүү асуулт тавимаар байна гэж Хадер асуугаад Гарвэйг дургүйцэж байгаа эсэхийг мэдэхээр түр хүлээлээ.
- Та нар муудалцах үед тэр өөр хүнтэй хамт явчихдаг тохиолдол байсан уу? Тийм юм болсон бол энэ талаар би мэдэх хэрэгтэй.
- Хэзээ ч үгүй. Энэ тал дээр ямар ч асуудал байхгүй. Түүнд өчнөөн олон найз байдаг ч миний мэдэхээр тэр ганцxан надад сайн байсан. Тэр нэг удаа хэрвээ би түүнийг араар нь тавих юм бол хушгыг минь тасална гэж сүрдүүлж байсан. Дамми зөвхөн өөрт нь л таалагддаг Холланд Паркт байдаг Уэлсийн Принц гэдэг уушны газар луу байнга ганцаараа очдог байсан. Тэнд тэр байнгын үйлчлүүлэгч байсан, үйлчлэгч, зөөгч гээд тэндэхийн бүх хүнийг танина. Би өөрийгөө дайснуудын дунд байгаагаар төсөөлөхийг хүсдэггүй учраас тийшээ хамт очдоггүй байсан.
Залуугийн нүүрэн дээр инээмсэглэл зурсхийгээд тэр дороо алга боллоо.
- Түүнтэй хамт тийшээ явдаггүй байсандаа одоо би харамсаад ч барахгүй нь гэж хэлээд Гарвэй толгойгоо доош унжуулж шал ширтээд суучихав.
Энэ харамсал чамайг насан туршид чинь зовоох нь дээ гэж Фостер бодлоо.
Фостер Принцдэйлийн Өргөн чөлөөнд байдаг тэр уушны газрыг сайн мэддэг ажээ. Энэ бол тэр хавийн настай эрчүүд цуглардаг, ташуу туссан гэрэлтүүлэгтэй, толбо тогтсон хуучин ширээнүүд дээр лаа асааж, Белги пиво өрж тавьсан, одоо үед ховорхон болсон хуучны шар айрагны газруудын нэг билээ.
Орчин үеийн болгож өөрчилсөн тэрхүү олон хуучин уушны газрын байнгын үйлчлүүлэгчид хаачсан бол? Шар айраг нийлүүлдэг аж ахуй, нэгжүүд бүтээгдхүүнээ нийлүүлсэн хэвээрээ байгаа бол тэднийг тэндээ үлдэхэд нөлөөлж чадсан болов уу? гэж тэр бодлоо.
Дамми Перри хаашаа явсныг тэд мэдэх шиг болов. Яг одоогоор түүнийг хамгийн сүүлд харсан дотны хүмүүсийн нэг бол Гарвэй байлаа. Даммигийн зээлийн карт, банкны дансыг шалгаж үзвэл баасан гаригийн оройноос хойш тэр дахиж ашиглаагүй байв.


Хэдийгээр орой болоогүй эрт байгаа ч уушны газар ням гаригийн үдийн хоолны дараа үлдсэн хүмүүсээр дүүрэн байлаа. Энд бас Холланд Парк, Ноттинг Хиллтэй ойрхон амьдардаг залуучууд шараа тайлахаар ирсэн бололтой. Хадер Ньюкастлаас гаралтай, эелдэг найрсаг зантай тарган эрээс энэ газрын эзэнтэй ярилцаж болох эсэхийг асуув. Тэр эр эзэн нь баасан гаригаас хойш амралтын өдрүүдэд ажилладаггүйг мэдэгдээд баарны ажилчдын нэгийг дуудахаар явлаа.
Карл хэмээх гуч эргэм насны бадриун биетэй, бараан нүдтэй, урт гонзгой нүүртэй эр энэ лангууны ард бүхий л насаа өнгөрөөх болов уу гэмээр харагдах нэгэн ажээ. Фостер Карлаас ярилцаж болмоор тайван газар байгаа эсэхийг асуулаа. Тэд уушны газрын арын цэцэрлэгт байх тавцан руу гарцгаав.
Цэцэрлэгийн буланд тавцангийн халаагчийн доор хоёр хүн тамхи татаж зогсоно. Агаарт суунаглах тамхины утаа Фостерын хамрыг гижигдэхэд тамхи татах хүсэл дахиад оргилов.
Карл Дамми Перрийг таньдаг байжээ.
- Тэр баасан гаригийн үд дунд энд байсан уу? хэмээн Фостер асуулаа.
- Миний санаж байгаагаар тэр энд гурван цагийн үед ирсэн.
- Ганцаараа юу?
- Тэр хүнтэй хамт ирсэн эсэхийг сайн санахгүй байна. Тэр энд олон хүн таньдаг, тэр хүмүүстэй нийлээд хэсэг ууж суусан. Хагас цагийн дараа хүмүүс явцгаахад тэр наашаа тавцан руу гарч ирсэн.
- Ганцаараа юу?
- Үгүй, нэг залуутай.
- Тэр залуу хаанаас гарч ирсэн юм бэ?
- Надад мэдэх юм алга. Тэр залуу Даммиг энд ирсний дараа орж ирсэн гэж би бодож байна. Миний ганц санаж байгаа юм гэвэл намайг энд гарч ирээд хоосон шилэн аяганууд хурааж байхад тэр хоёр энэ ширээн дээр хамт суугаад тамхи татаж байсан. Дамми тайван бус болсон үедээ л тамхи татдаг байсан. Сонсооч, түүнд арай ямар нэг муу юм болсон юм биш биз?
Хадер тэдний яриаг хурдан тэмдэглэж байлаа.
- Өчигдөр орой бид түүний цогцсыг олсон. Тэр алагдсан. Түүнийг хамгийн сүүлд энд харсан юм шиг байна.
- Бурхан өршөө гэж хэлсэн Карл нэг хэсэгтээ гацчихав.
- Алагдсан гэнэ ээ? Тийм сайхан эмэгтэйг хэн алчихдаг байна аа?
- Бид хэргийг илрүүлэхээр хичээж байна гэж Фостер хэлээд
- Чи Даммитай хамт сууж байсан эрэгтэйг таньдаг уу? гэж асуулаа.
- Хэзээ ч харж байгаагүй.
- Тэд эндээс хэзээ явцгаасан бэ?
- Мэдэхгүй, би цаг орчмын дараа, таван цагийн үед энд ирж аяга хурааж авсан. Тэр үед тэд энд байгаагүй.
- Тэр хоёрыг өөр хүн харсан болов уу?
- Соня ажилтай байсан, гэхдээ тэр баарны ард зогссон.
Карл толгойгоо өөрийн мэдэлгүй маажаад
- Түүнийг алагдсан гэдэгт би одоо ч итгэж чадахгүй нь. Ямар аймшигтай хэрэг вэ гэлээ.
- Түүнтэй хамт байсан эрэгтэйн талаар санаж байгаа юм байна уу?
Карл гунигласан бололтой хэсэг бодолхийлснээ
- Надад сайн санах юм алга. Гэхдээ тэр бумбагардуу царайтай, нарны шил зүүсэн, үс нь хар, тав хэлбэрийн засалттай байсан. Тэр нэг алдаа хийсэн юм байна шүү. Тэр Виржин Мэри захиалсныг нь би санаж байна. Гэвч би түүний царайг дахиж хараагүй. Захиалгыг бол харин би хэзээ ч мартахгүй шүү.
- Тэр үед байсан хүмүүсээс одоо энэ уушны газар байгаа болов уу?
- Тэгж бодохгүй байна. Ням гаригт ажлын өдрүүдээр үйлчлүүлдгээс шал өөр хүмүүс ирдэг юм.
- Бид чамайг аман зураг гаргахад аль болох хурдан туслаасай хүсэж байна.
- Эзэн хэрвээ зөвшөөрвөл надад татгалзах юм алга.
Карл зөвшөөрөл авахаар дотогшоо орлоо.
- Дарбишир тамхи татахаар уушны газраас гараад алга болсон. Эллис, Перри хоёр ч гэсэн хамгийн сүүлд уушны газарт харагдсан. Миний бодлоор гэмт хэрэгтэн хохирогчдыг хаанаас олж авдаг нь бидэнд тодорхой болж байх шиг байна гэж Фостерыг хэлэхэд Хадер
- Олон хүн хөлхдөг газраас сонгож байна гэж хэлэв.
- Хүний аяганд юм хийхэд амархан байж болох юм.
- Рохипнол уу?
- Нэг тиймэрхүү юм. Тэгвэл тэр хүн энэ ертөнцөөс тасарчихна.
- Ойрхон тавьсан машин руугаа аваачихад амархан байх болно. Кафены ойролцоо согтуу нэгэндээ туслахад хэн ч буруугаар ойлгохгүй гэж Хадер нэмж хэллээ.
Баарны үйлчлэгч буцаж ирээд
- Би бэлэн боллоо гэж мэдэгдэв.
- Тэр орой баарны ард ажиллаж байсан эмэгтэйтэй уулзмаар байна. Соня гэсэн байх аа? гэж Фостер хэллээ.
- Соня руу эзэн утасдана гэсэн.
Дамми юу уусныг чи санаж байна уу?
- Урьдын адил цагаан архи, содтой ус, нимбэгтэй захиалсан.
Рохипнол хэрэглээгүй болж таарлаа. Үйлдвэрлэгчид ууж байгаа юманд ямар нэг юм хольж хийхээс сэргийлж хөх өнгийн будагч бодис нэмдэг болсон. Хэрэв рохипнол хийсэн бол шууд мэдэгдэнэ. Гэхдээ өөр мансууруулагч хийсэн байхыг үгүйсгэхгүй. Одоо шинээр гарч байгаа мансууруулах бодис хангалттай олон болсон. Хордлого судлалын төв илүү мэдээлэл өгч магадгүй юм.


Хэдэн цагийн дараа орой болсон хойно тэр хоёр ажлаа дуусгахаар шийдэв. Фостер гэртээ харьж хэдэн хундага дарс уугаад бүгдийг мартаж унтахыг хүсжээ. Үе мөчнөөс нь эхлээд түүний хамаг бие хөшиж хөндүүрлэн толгой нь хүчтэй хатгуулж байлаа.
Тэд сэжигтний аман зургийг гаргуулжээ. Маргааш энэ зургийг гурван хохирогчийг таньж мэддэг болон тэдний алга болсон газрын ойролцоо харсан байж болзошгүй хүмүүст үзүүлнэ. Тэд бас дотор нь Нелла Перригийн нүд байсан хайрцагны зургийг мэдээллийн сангаас хайж үзсэн боловч олигтой үр дүн гараагүй ажээ. Одоогоор тэдний хийсэн бүхэн мөрдөн шалгах ажлын зөвхөн эхлэл байлаа.
Маргааш ахлах комиссар Харрисыг ажилдаа ирэхээр аман зургийг олон нийтийн сүлжээнд тавих санал тавина гэж Фостер бодов. Харрис араасаа яаралтай дуудуулж, Испани дахь амралтаа дутуу орхихоос аргагүйд хүрсэн болохоор түүнд таагүй санагдах нь ойлгомжтой. Дээр нь хэвлэл мэдээллийн албаныхан Флийт Гудамжны Нелла Перригийн үхлийн тухай мэдээллийг асууж сурагласан сурвалжлагчдын утасны дуудлаганд дарагдаж хариу өгч завдахгүй байгаа билээ. Маргааш өглөөний найман цагт багийн гишүүд цуглаж хийсэн ажлаа тайлагнаж мэдээлэл солилцон дараагийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэнэ.
Барнес утасдаж түүнд Риллингтон Плэйзийн тухай ярьжээ. Тэр үүнийг их чухалчилж үзээд байсан. Энэ ямар учиртай юм бол?
Фостер гарахаар завдаж байсан Хадерыг дуудаж
- Ингэхэд чи сэтгэхүйн газар зүй гэж сонсож байсан уу? гэж асуулаа. Хадер духаа атируулж
- Энэ тухай их сургуульд заадаг бил үү? гэсэнд
- Боль үз гэж Фостер хэллээ.
- Үгүй, Барнес утсаар энэ тухай надад ярьсан юм. Тэр ямар ч шалтгаанаар юм Кенсингтон руу хэргийн газрын ойролцоо очсон юм байх. Тэгтэл тэр газар Риллингтон Плэйзийн аравдугаар байшин байсан газартай ойрхон буланд байсан гэнэ.
- Кристи-Эвансын хүн амины хэргүүд! хэмээн Хадер дуу алдлаа.
- Энэ хэргийг мөрдөх үед оролцсон аавын хамтрагч байсан хуучин офицерыг би саналаа гэж Фостер хэлэв.
- Охин нь алагдсан болохоор тэр энэ хэргийг хариуцаж авахад хэцүү гэдгийг бүгд ойлгожээ. Нэг удаа тэр бидэнд энэ хүн амины хэргийн тухай ярьсан юм. Тэр тэнд үүрэг гүйцэтгэж цогцоснуудыг зөөж гаргахад оролцсон цагдааг таньдаг байж л дээ. Хэдэн жилийн дараа аавын найз тэр цагдаагаас тэр үед сэтгэл санаа нь хямарсан эсэхийг асуухад "Тийм ээ, мөрдөгч надад бүр аяга пиво уухыг санал болгосон шүү" гэж хариулсан юм гэнэ лээ.
Фостер их ядарсан ч биеэ барьж чадалгүй нэг хэсэг хөхөрлөө. Хадер ч гэсэн нулимсаа гартал инээв.
- Наижл юу хэлэх гэсэн юм бол?
- Риллингтон Плэйз хэргийн газрын ойролцоо байдаг гэдгийг тэр надад мэдэгдэхийг хүсчээ. Түүний бодлоор энэ чухал санагдсан бололтой.
- Энэ зөвхөн тохиолдол гэж чи бодож байна уу?
- Магадгүй. Хэрэг одоохондоо оньсого шиг байна, аль ч зүг рүү хазайж мэднэ.
Фостер хэсэг дуугаа хурааснаа
- Барнест түүнийг маргааш бидэнд хэрэгтэй гэж хэлсэн. Би сайн мэдэхгүй байгаа ч надад урьд нь гарсан хэргийг судалж үзэх шаардлагатай гэж бодогдоод байна. Хэрэгт холбоотой байж мэдэх мэдээллүүд олох хэрэгтэй.
- Тэгээд сэтгэхүйн газар зүй гэж юу юм бэ?
- Барнесын хэлснээр зарим газар өнгөрсөн үед болсон үйл явдлыг хадгалж үлддэг гэнэ. Ийм газрууд хүмүүсийн ой ухаан, зан төрхөнд нөлөөлж ямар нэг ижил төстэй хэрэг хийлгэхэд хүргэдэг юм байх.
- Сонирхолтой л юм байна гэж Хадер хэлэв.
- Тэр бараг л тэдний нисч байгааг харсан юм шиг л ярьсан гэж Фостер хариу хэлээд
- Арай чамд түүний энэ солиотой онол, гаж сонирхлууд таалагддаг юм биш биз? Чамд тэр өөрөө ч таалагддаг бололтой, тийм үү, үгүй юү? гэж асуулаа.
- Тэр эрхэлсэн ажлаа сайн мэддэг гэж Хадер хэлээд нүд рүүгээ унжсан туг үсээ хойшлуулав.
- Би зүгээр таалагдах гэсэн утгаар биш нөгөө утгаар нь асуусан юм.
- Намайг түүнд дурласан уу гэж үү?
Фостер инээд алдлаа. Хадер ямар ч юмыг палхийтэл хэлчихдэг зантай. Тэр умардын хүмүүжлээр хүмүүжсэн болохоор үгээ тойруулж булзааруулна гэхгүй шулуухан хэлчихдэг ажээ. Өмнө зүгийн Англичууд хэлэх гэсэн зүйлээ зөөлрүүлж өнгөцxөн утгатай үг хэрэглэж ярьдаг. Фостерт харин Хадерын энэ зан их таалагддаг бөгөөд энэ нь Фостерыг үргэлж гайхшруулж чаддаг. Хадер хамт ажилладаг цагдаа нарынхаа араншинг дарж, өөрийгөө тоглоом тохуу болгохгүй байж чаддаг ажээ.
- Тэр үнэхээр царайлаг гэж Хадер нэмж хэллээ.
- Нээрэн үү?
Фостер маш их гайхжээ. Түүний хувьд Наижл бол амных нь салиа арилаагүй нэгэн билээ.
- Миний үерхдэг байсан гурван эр бүгд цагдаагийнхан байснаас болсон байх. Тэр бидний энэ ертөнцөөс шал ангид хүн. Юуны өмнө тэр их ухаантай.
Фостер тоглоомоо зогсооё гэж бодсон боловч Хадер Наижлын тухай ярьсаар байлаа.
- Тэр бага зэрэг ичимхий, нээлттэй байж чаддаггүй ч бусдын төлөө бүхнийг хийдэг. Бас бусдыг үгийг маш сайн сонсдог. Орчин үед ихэнх хүмүүст ийм чанар байхгүй болсон. Тэр мөнгө олдог энэ ажилдаа их тэмүүлэлтэй, чин сэтгэлээсээ ханддаг, увайгүй шунахай биш. Бурхан минь, би шунахай, увайгүй хүмүүсийг үнэхээр үзэн яддаг.
Сүүлчийн үгнүүд Барнест сайн тохирч байгааг Фостер мэдэж байлаа. Тэр бас Наижлыг гэнэн болчимгүй, юманд хайнга хандаж байхыг нь огт хараагүй ажээ. Ийм зан чанарыг хүн амины хэрэг хариуцаж ажилладаг хүмүүсээс барагтай бол олж харахгүй.
- Тэр бас дотор нь живээд орчихоор маш гоё цэнхэр нүдтэй гэж Хадер нэмж хэлснээ Фостер луу ялдамхан инээмсэглэж
- За, би асуултанд чинь хариулчихлаа гэв.
- Чи энэ хэргийг дуустал түүнийг уруу татахаа азнавал яасан юм бэ? гэж Фостер тоглоом болгож хэлээд хүрмээ өмслөө.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:50 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 8:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
16



Фостер өглөө ажил дээрээ ирвэл сандал дээр нь ахлах комиссар Харрис их л цухалдаж бухимдсан царайтай сууж байлаа. Фостер өчигдөр орой уушны газарт гурван аяга пиво, гэртээ хариад хагас шил дарс уугаад унтсан болохоор толгой нь хүнд оргиж, хурдан сэтгэж чадахгүй болжээ. Гэхдээ л тайван унтаж амрахын тулд юм уух хэрэгтэй хэмээн тэр өөрийгөө зөвтгөлөө. Хатуухан ундаа хүртэж нэг хэсэг комын байдалд орох нь сэрүүн тэлчилж хэвтсэнээс хамаагүй дээр.
Харрис нэг ч үг унагасангүй, тэр бүү хэл мэндэлсэн ч үгүй, өглөөний сонингоо ширээ рүү чулуудахад Фостер сонинг шүүрч авлаа.
Сонины эхний нүүрэн дээр өнгөгүй шахам цайвар нүд, цайвар шаргал үстэй, урт даашинз өмссөн, инээмсэглэж буй Дамми Перригийн зургийг нийтэлжээ. Тэр тэнгэрийн дагина шиг ер бусын харагдаж байлаа. Зургийн дээхэн талд тод үсгээр ТЭР АВРАГДАЖ ЧАДАХ БАЙСАН УУ? гэсэн гарчиг бичжээ.
"Үгүй" хэмээн Фостер дотроо бодлоо. Нийтлэлийг гуравдугаар хуудсанд бичжээ. Фостер сонины хуудсыг эргүүлтэл
- Бүхэл бүтэн зургаан хуудсанд багтааж нийтэлсэн байна гэж Харрис хэллээ.
- Бурхан минь.
- Хамгийн сүүлийн хуудсанд гол шүүмжлэл нь байгаа. Тэнд цагдаагийн бүрэлдхүүн буруу метроны буудал сахиж байгаад алуурчныг алдсан хэргийг шалгаж үзэх хэрэгтэй гэсэн байна.
Фостер сонингоо эргүүлэх зуур түүний ярианаас хагас хугас сонсож байлаа. Нийтлэлүүдийг хурц ширүүн үгтэй асуултаар гарчиглажээ. МАНЬЯК ХЭЗЭЭ ДАХИЖ ГАРЧ ИРЭХ ВЭ? ЦАГДАА НАР ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙНА? Уйтгар гунигт автсан ч биеэ барьж төлөв даруу гарсан Саймон Перригийн зургийн доор АЛАГДСАН ДАММИГИЙН АХ гэсэн тайлбар бичжээ.
- Муурны хэвтэш болговол таарах эд хэмээн хэлээд Фостер сонинг ширээ рүү чулуудав.
Комиссарын нүүрэнд гунигтай инээмсэглэл тодорлоо.
- Чи л тэгж бодож байгаа, Грант. Гол aсуудал нь харин ингэж болохгүйд байгаа юм. Энд ямар айхтар асуудал дэгдээд байгааг чи ер нь ойлгож байна уу?
Харристай олон нийтийн хэвлэл мэдээллийн талаар маргалдах хүсэл Фостерт огтхон ч байсангүй.
- Нийтлэлээс харахад тийм ч сайнгүй харагдаж байгааг би мэдэж байна. Гэвч бид алуурчин цогцос хаяна гэдгийг хэдхэн цагийн өмнө олж мэдсэн. Удам судлаач түүнийг Ноттинг Хиллд гарч ирнэ гэж хэлсэн. Бидэнд Лондонгйин метроны бүхэл бүтэн түүхийг ухаж төнхөж байх цаг бага байсан. Энэ бол гарч болох жирийн нэг алдаа. Тэгээд ч цогцсыг хаях үед хохирогч нас бараад удсан байсан.
- Хохирогчийн ах бидэнд их дарамт учруулна даа.
- Ах нь ухаан муутай, сул дорой нөхөр байна лээ.
- Тэр сул дорой нөхөр чинь парламентын Дотоодын Хэргийг хариуцсан онцгой хэлтэст ажилладаг.
Фостер угаасаа Харрисыг олон нийтийн хэрэгслээр тарьсан шуугианаас болж бараг галзуурах шахна гэдгийг мэдэж байсан болохоор юу ч хэлсэнгүй.
- Анхны хохирогчид юу тохиолдсон юм бэ? Түүнийг алсан гэдгийг яагаад цогцос олдсоноос хойш бүр долоо хоногийн дараа мэддэг билээ?
Үнэндээ гуйлгачин биш байсан тэр хохирогчийн талаар Фостер Харрист ярилаа. Харрисын нүүрэн дээр сэтгэл хөдлөл, гайхшрал тодорч харагдана. Цэргийн албанд залуу насаа өнгөрөөсөн Харрис армийн шилдэг офицер байсан бөгөөд одоо ч гэсэн гоолиг тэгш нуруутай, цагаан саарал үстэй тэрбээр сүр жавхлан төгс харагддаг.
Харрис Фостерыг ярьж дуусахад
- Бидэнд илүү хүн хүч хэрэгтэй гэж хэллээ.
- Санал нэг байна.
- Би Өмнөд дүүргээс Вилльямсыг багтай нь хамт нааш нь авчирна.
Харрисын хэлсэн зүйл Фостерын бодож байсантай огт тохирсонгүй. Тэдэнд эрэл хайгуул хийх хүмүүс хэрэгтэй болохоос генерал хэрэггүй. Фостер түүний шийдвэрийг эрс эсэргүүцэв.
Өглөөний нар үүлний цаагуур орж өрөөн дотор бараг харанхуй боллоо.
- Би удирдлагыг гартаа авна. Миний анхны шийдвэр чамд таалагдаагүй бололтой гэж Харрис хэлэв.
Фостерт нуруун дээр нь хүнд ачаа дараад авах шиг болж, тэрбээр хэлэх үг олдсонгүй.
- Мөрдөгч Вилльямсын баг танай багийн ихэнх хүмүүстэй хамт гадуур явж гэрч хайж, хохирогчдын тухай бүх мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Тэдний амьдарч байсан нөхцөл байдал, дайсан байсан эсэх гээд илрүүлж болох юу байна бүгдийг эрж ол. Аман зургийг хохирогч нарын бүх танилуудад үзүүл. Зургийг бас олон нийтийн мэдээллийн сувгаар тараана. Мөн урьд нь хутга мэстэй холбоотой хэрэгт холбогдож байсан гэмт хэрэгтнүүдийг давхар шалгах хэрэгтэй. Вилльямс хүч нэмэгдүүлэлтийг хариуцаж надад уламжлана. Чи урьд нь гарч байсан тэр хэргүүдийг судлах ажлыг хариуцаж ав. Тэр новшийн 1879 онд чухам юу болсныг олж мэд.
- Гэхдээ...
- Грант, хэн нэг нь хэрцгий аллага хийгээд яваад байна гэж Харрис түүний үгийг тасалж хэлээд хуруугаараа цонх руу зааж
- Тэнд хэвлэл мэдээллийнхэн сууж байна. Иоркшир Рипперээс хойш ийм яргалал болоогүй гэж тэд ярьцгааж байна.
- Та тэгвэл үүнийг зохицуулна биз дээ?
- Тийм ээ, хэрвээ бид алуурчныг барьж чадвал гэж хэлэхдээ Харрис бараг архирах нь холгүй байлаа.
- Бид энэ хэргийн оньсогыг тайлж, одоо түлхүүрийг нь бараг олчихоод байхад та намайг мөрдлөгөөс гаргалаа гэж үү?
- Грант, би чамайг мөрдлөгөөс гаргаагүй. Чамайг зөвхөн мөрдлөгийн нэг хэсгийг хариуц гэж би хэлсэн.
Харанхуй өрөөн дотор ном сонин, бичиг цаас, газрын зураг дээр тонгойж суухыг мөрдлөг гээд байгаа юм байх даа гэж бодсон Фостер дотроо цухалдаж байлаа.
- Тэр үед юу болсныг бид тодорхой мэдэх хэрэгтэй. Тэд үүнийг юу гэж хэлдэг билээ. " Өнгөрсөн цаг үе бол эндээс хол оршин тогтносоор байдаг газар" гэл үү?
- Тэрэнд чинь Франц ч гэсэн багтдаг биз дээ. Гэвч яана даа, би тийшээ явъя гэж бодож ч байгаагүй гэж Фостерыг хэлэхэд Харрис зөвхөн толгойгоо сэгсрээд
- Миний шийдвэр хөдөлшгүй гэлээ.
Харрисын зөв гэдгийг Фостер мэдэж байлаа. Одоо болж буй асуудлын гогцоог олохын тулд тэд өнгөрсөнд чухам юу болсныг судалж учрыг тайлах хэрэгтэй. Гэхдээ Фостер хэргийг гардаж аван, алуурчныг өөрөө барихыг хүссэн билээ. Одоо харагдаж байгаагаар бол араатныг баригдах үед тэр Барнестай хамт аль нэг архивын газар цоожтой сууж байх таарах нь ээ.
- Грахам Эллисийн салсан эхнэр өнөөдөр ирж цогцсыг таних ёстой. Би үүнийг хийж гүйцэтгэмээр байна.
- Энэ асуудлыг надад үлдээчих хэмээн Харрис шууд хэлээд Фостерын сандлаас босов. Тэр ширээн дээрээс бичиг цаасаа хамж аваад Фостерын зүг дахиж харалгүй гараад явчихав.
Фостер шүүрч авсан харандаагаа хана руу чулуудлаа.


Фостер дугуйгаа муухай чахруулан хүчтэй тоормослоод машинаа арагш нь ухрааж зогсоолд тавих үед Наижл сонины архивын гадаа ороомгоо татаад зогсож байлаа. Фостер Хадертай хамт машинаасаа буунгуутаа түрүүлж алхав. Тэр хаалганы дэргэд очоод Наижл руу харсангүй, бүр түүнтэй мэндэлсэн ч үгүй хажуугаар нь шуртхийн өнгөрч хүлээн авах өрөө рүү орчихов.
- Юу ч битгий асуу хэмээн Хадерыг шивнэхэд Наижл тамхиныхаа үлдэгдлийг чулуудчихаад тэдний араас дагаж дотогшоо орлоо.
Хүлээн авахын дэргэд зогсож байсан хамгаалалтын ажилтан тэднийг өрөө рүү нь дагуулж явав. Тэд хэдэн ширээ сандал, автомат тавьсан жижигхэн цайны газрын хажуугаар өнгөрч зүүн тийш эргэн зөвхөн ажилчид ордог хавтсан хаалгануудыг дамжин чигээрээ явсаар дараа нь ажилчдын цайны газрын цаана нэг жижиг өрөөнд орж ирлээ. Хэрэглээгүй удсан өрөөнд хуримтлагдсан чийг үнэртэж, ханан дээр нь зураг хуанли өлгөж байсан ором толботож харагдана. Өрөө цонхгүй ажээ. Ширээнүүд зузаан тоосонд дарагджээ. Тэд нарт зориулж энд хоёр эргэдэг сандал, бас нэг түшлэгтэй модон сандал тавьсан байлаа. Фостерт шоронд ороод ирсэн юм шиг санагдав. Тэр хаалгаа дотроос нь хаагаад
- Энд ажиллах юм биз дээ гэж хэллээ.
Тэд яагаад энд сууж ажиллах ёстойг Наижл ойлгоогүй ч шалтгааныг нь асуухгүй байсан дээр гэж боджээ. Тэр юу ч ойлгоогүй байгааг Фостер ажигласан бололтой
- Хэрвээ бид дээд давхрын гол танхимд суувал бидний хийж байгаа зүйлийг Ян Олон Нийт ирж харахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Бас чиний танил Гэйри Кент гэх мэт талхныхаа төлөө сараачиж байдаг нөхдүүд эндэхийн ажилчдад хэдэн зоос өгөөд бидний үзэж байгаа сонинг авч үзэхгүй гэсэн баталгаа хаана байна? Энд бидэнд ядаж амьханаараа ажиллах боломж байна гэж хэллээ.
- Гэхдээ ажилчдыг худалдаад авчих асуудлыг болиулж чадахгүй шүү дээ гэж Хадер хэлэв.
- Үгүй. Би ажилчдыг арван есдүгээр зууны далаад оны улсын хэмжээнд гарсан сонингуудын бүх дугаарыг нааш нь авчир гэж хэлсэн.
- Бүгдийг үү? гэж Наижл бүр итгэж чадахгүй асуусанд
- Тийм ээ. Тэд хэрвээ тийм их хэмжээний зүйлийг эрж олохоор ажиллах юм бол санаа маань бүтэж л таарна. Гэхдээ тэд 1879 он дээр ирэх юм бол... Ер нь тийм зүйл болохгүй биз. Тэртээ тэргүй тэд угаасаа залхуу хойрго хүмүүс гэж Фостер хэллээ.
Хаалга тогшиход Фостер хаалга онгойлгож нэг хүнтэй шивнэлдэж байснаа буцаагаад хаачихав. Фостерын гарт Кенсингтоны Мэдээ & Баруун Лондонгийн Цаг үе сонины 1879 оны дугаарууд байхыг Наижл харлаа. Тэр өнгөрсөн бямба гаригт гурав дахь хүн амины хэргийн тухай яг энэ сониноос олж уншсан билээ.
- Тасгийн эрхлэгчид би энэ сонингуудыг өөрийн биеэр авчирч өг гэж хэлсэн юм. Бас эндээс ямар нэг мэдээлэл алдагдвал хэнээс гэдгийг би шууд мэдэх болно гэж түүнд анхаарууллаа гэж хэлээд Фостер сонингуудаа ширээн дээр тавилаа.
- Бусад материалыг авчрахаар бид аль болох олон мэдээлэл цуглуулахыг хичээнэ.
- Ихэнх сонины дугаарыг бичил хальсанд буулгаж хадгалсан байгаа гэж Наижл хэлэв.
- Түүнийг уншихад...
- Бичил хальс унших аппаратыг энд авчирна, ноён Барнес гэж Фостер үгийг нь тасалж хэллээ.
Тэр нэг юманд маш их уурлаж, бас түүнийгээ мартаж чадахгүй байгааг Наижл ойлгожээ. Фостер үдсэн сонинг авч хуудсыг эргүүлсээр дөрөвдүгээр сарын 11-ний дугаар дээр зогсоод
- Эндээс эхэлж байгаа юм шиг байна гэлээ.
Хадер Фостерын дэргэд очиж сонин руу өнгийж харлаа. Наижл өөр зүйлд сатааралгүй дөнгөж сая өрөөнд авчирч тавьсан аппаратанд бичил хальс хийгээд дэлгэц рүү нь ширтээд суучихав.


КЕНСИНГТОН ДАХЬ ЖИГШҮҮРТ ХЭРГҮҮД:
ДАХИАД ХҮН АМИНЫ ХЭРЭГ

Аль хэдийн хоёр долоо хоног өнгөрсөн боловч өнгөрсөн бямба гаригийн өглөө Ноттинг Хиллд гарсан гэмт хэргээс улбаалж үлдсэн гунигт дүр зураг нүдэнд тод харагдаж байлаа. Үйл явдлыг нийтлэлд тодорхой харуулахын тулд сүүлчийн энэ аймшигт гэмт хэрэг гарсан газрыг дүрслэх нь зайлшгүй шаардлагатай юм. Сундерсын Өргөн чөлөө нь Норланд Тауны гол зүрхэнд буюу Баруун Лондонгийн Уулзвар хэмээх төмөр замын баруун талд байрладаг бөгөөд одоо энд хаягдаж орхигдсон засаг захиргааны барилгын оронд шинэ байрууд баригдаж байна.
Саяхны нэг баасан гаригийн орой Сундерсын Өргөн чөлөөний оршин суугчид тэдний байрнаас холгүй хэдхэн метрийн цаана нэгэн жигшүүрт хэрэг гарсныг анзаарч мэдэлгүй өнгөрчээ. Хэрэг гарсан газар үгээгүй ядуусын амьдралыг сайжруулахын төлөө тэмцэгч, нэрт Бүүд болон түүний зоригт дайчдын байрлаж байсан Норланд Цайзнаас бараг гар сунгахад хүрмээр ойрхон ажээ. Энэхүү анир чимээгүй гудамжны оршин суугчдыг тайван амгалан нойрсож байх үеэр алагдсан Жон Оолманы цогцсыг цувраа байрнуудын баруун буланд барилгын хог хаягдал хаясан талбай дээр нуусан байжээ. Жон Оолман нь Ирландад төрсөн, гучин найман настай, Стэббингийн гудамжинд амьдардаг, гурван хүүхдийн эцэг, явуулын худалдаачнаар ажилладаг нэгэн байжээ. Дараа өдрийн үд дундын үед эрүүл агаарт явган зугаалж явсан нэгэн оршин суугч овоолсон хогны доор түрүүлгээ харуулдаж унасан ноён Оолманы цогцсыг олжээ. Цуу яриануудаас сонсвол ноён Оолман хэдийгээр нилээд уух дуртай ч ойр дотно хүмүүсийнхээ дунд нэр хүндтэй байжээ. Тэрбээр Куйнс болон Норландын Өргөн чөлөөний уулзвар дээрх Куйнс Армс кафегаас гарч гэртээ харих замдаа нөгөө араатантай учирч алагджээ. Хэвлийд нь хутгалсан шарх бусад хохирогчдын нэгэн адил түүний аминд хүрчээ.
Энэхүү аймшигт хүн амины хэргийг цагдаагийн газар нууж, бүрхэгдүүлэхийг оролдож байгаа ч Кенсингтоны Алуурчны тухай цуу яриа үүргээ аль хэдийн биелүүлжээ. Цагдаагийнхан Сундерсын Өргөн чөлөөг цагийн дотор хүмүүсээс тусгаарлаж хаасны дараа жинхэнэ тамын үүд нээгдсэн байна. Орой болоход тэр хавийн хүмүүс нүдэнд нь санаандгүй өртсөн нэг гуйлгачинг барьж аван цустай нь хутгаж хаяжээ. Дараа нь галзуурч хийрхсэн олон бамбар барьцгаан Шевертс Бушийн нийтийн эзэмшлийн газар луу явцгаасан байна. Яг л таамаглаж байснаар бүх зүйл хяналтаас гарч эдгээр айдас дагуулсан бүлэг бохир заваан хүмүүс ёс журамгүй аашилцгааж, замдаа золиос болгох нэгнийг эрж хайсаар Грийнд ирцгээжээ. Цусанд улайрч шунасан тэдгээр адгууснууд бас нэг үхтлээ айж сандарсан гуйлгачинг барьж аван ухаан алдтал нь зодож занчжээ. Ямар ч гэм буруугүй байсан тэр хөөрхийлөлтэй эр олсон шархаа даалгүй удалгүй нас барсан байна.

Фостер хэсэг завсарлалаа.
- Арай ч дээ, ийм юм бас байдаг аа гэж тэр гунигтай хэллээ. Хадер ч гэсэн уншсан зүйлдээ итгэж чадахгүй байгаа бололтой амандаа бувтнаж харагдана.

Харамсалтай нь хүмүүсийн амгалан тайван амьдралыг бусниулж бид бүгдийг айдас, хийрхэлд автуулаад байгаа Кенсингтоны Алуурчин дахин гарч ирсэн учраас одоо бид энэхүү гуниг зовлон, дүрэлзэн шатах уур хилэнгээ ил тод илэрхийлэхээс аргагүйд хүрлээ.
Хөөрхий Оолманы цогцос олдсоноос хойш 72 цаг ч өнгөрөөгүй байхад Пависын талбайгаар өнгөрч явсан нэг хүн бөс барааны худалдаачин, дөч эргэм насны Илиас Кэлп гэгчийн амьгүй цогцсыг олжээ. Тэр үед Оол Синт сүмийн цаг 8-ны өдрийн шөнийн нэг цаг болж байгааг заан дуугарч байсан гэнэ. Хохирогчийн хоолойг хэрчиж хороожээ. Алуурчны энэхүү араатан шинжтэй, тамын гэмээр галзуу үйлдэл хүмүүсийг харуй бүрийд тайван явах аргагүй болголоо. Цагдаагийнхны энэ ад зэтгэрийн үйлдэж байгаа аллагыг урьдчилан зогсоох оролдлого бүтэлгүйтэж, одоогийн байдлаар зүрхэндээ хутгалуулж амь насаа алдсан гэмгүй хохирогчдын тоо тав болжээ. Хөндлөнгийн ажиглагчид одоо Умард Кенсингтон, Ноттинг Хилл болон Дэйлийг үл ойлгогдох бузар булай хэрэг үйлдэгчдийн орогнодог газар гэж үзэж байна. Одоо бид бүгд духан дээрээ гутамшгийн тэмдэг зүүж явахаар боллоо. Ямар ч шийтгэлгүй өнгөрч байгаа тэр үзэшгүй муухай гэмт хэргүүд гарсан эдгээр газарт энэ тэмдгийг зүүлгэвэл хэн дургүйцнэ гэж? Гэмт хэрэг үйлдсэн өөдгүй новшийн мөрөөр орж, аль хэдийн барьчихсан байх ёстой цагдаагийн байгууллага бүр таван гэмт хэрэг гарахад хүргэснээр нэр хүндээ бүр мөсөн алдахад хүрээд байна.

Тэр өөдгүй новшийг барьж чадах эсэхийг бид тэднээс асуух хэрэгтэй. Үгүй ээ, биднээс гадна айдас хүйдэст автаад байгаа уншигчид маань үүнийг шаардаж байна.

Найман хоногт гурав, хоёр долоо хоногт нийт таван хохирогч гэж Фостер бодлоо. Энэ хувийн шалтгаантай гэмт хэрэг гэдэгт тэр эргэлзсэнгүй. Гэхдээ алуурчны үйлдсэн хэргүүд хоорондоо холбоогүй, бас дэс дараалал ч байсангүй, тэр замд нь санаандгүй таарсан хэн нэгнийг сонгодог байжээ.
Сонин дараагийн долоо хоногийн дугаартаа цагдаа нар тав дахь хохирогч олдсоноос хойш гурав хоногийн дараа гучин настай, жижиг фермийн эзэн Эке Фэйрбeрн гэгчийг баривчилсан гэж бичжээ. Барнес тэр хоёрт энэ нэр "Хөөрхөн хүүхэд" гэсэн утгатай гэж хэлсэн боловч сонинд түүнийг харахаас айдас хүрмээр ер бусын аварга том биетэй гэж дүрсэлсэн байв. Ноттинг Дэйл буудлын дэргэд цугларсан хэдэн зуун хүмүүс түр дүүжлүүр босгож сэжигтний толгойг өгөхийг шаардан хашгиралдаж байжээ.
Цагдаагийнхан хэвлэл мэдээлийнхэнд дуу хоолойгоо итгэл дүүрэн сонсгодог болсон гэнэ. Сэжигтэнтэй ойрхон байдаг хөршүүд түүнийг үргэлж сэжигтэй юм хийж явдаг, тэр ийм жигшүүрт хэрэг үйлдэхээс буцахгүй гэдгийг бид мэддэг байсан гэж ам алдацгаажээ. Фэйрбeрн гэрлээгүй, ганц бие байсан бөгөөд хамт амьдардаг эцэг эх нь гэр орноосоо зугтсан байна. Тэд ичсэнээсээ болсон уу эсвэл олны заналхийлсэн сүрдүүлгээс болж зугтсан уу гэдгийг тодорхой бичээгүй байлаа. Шүүх сэжигтэнг буруутай гэж үзжээ. Цагдаагийн үйл ажиллагаанд итгэлгүй байгаагаа илэрхийлж байсан сонингууд энэ удаа тэдний тухай шал өөр өнцгөөс бичдэг болсон байлаа. Хэргийг хариуцан ажиллаж байсан цагдаагийн тасаг, мөрдөгч нарыг одоо магтан сайшааж гол тайлбар нийтлэлдээ "Шүүх шудрага шийдвэр гаргана гэдэгт бид итгэж байна" хэмээн бичжээ.

Фостерын утас дуугарч тэр хорин нэгдүгээр зуунд эргэж ирэв. Энэ Дринквотер байлаа.
- Энди юү?
- Та нараар сонин юу байна?
- Тэр таван хүн амины хэрэг үйлдсэн байна.
Дринквотер аяархан исгэрэх нь сонсогдлоо.
- Тэгвэл дахиад хоёр байгаа байх нь ээ.
- Чи одоо юу хийж байна, Энди?
- Анхны хохирогч Грахам Эллисийн салсан эхнэр ирж түүний мөн болохыг албан ёсоор баталсан гэдгийг танд дуулгах гэсэн юм.
- Тэр эмэгтэй өөр сонин юм дуулгав уу?
- Ер нь үгүй дээ. Тэр сүүлийн жил хохирогчтой харьцаж байгаагүй гэсэн. Тэд найз нөхрийн ёсоор салаагүй бололтой.
- Эллис, Дарбишир, Перри гурвын хооронд холбоо байгаа эсэхийг мэдэхийн тулд нэг хүн явуулж хуулийн фирмийн хавтаст хэргүүдийг шалгуулмаар байна.
- Яг одоо Чешир лүү нэг баг явж байгаа. Чамд дуулгах чухал мэдээ байна. Дарбиширийн хордлогын дүгнэлтийг бид хүлээж авсан.
- Тэгээд?
- Түүний цуснаас ГХБ бас ПСП илэрсэн.
ГХБ бол гадуур "хүчингийн болзоо" хэмээн нэрлэгддэг шингэн мансууруулагч бодис гэдгийг Фостер мэднэ. Анх мэс засалд мэдээ алдуулах зорилгоор ашиглаж байсан энэ бодисыг анагаах ухааны хэрэглээнээс хассан. Зарим хүмүүс үүнийг турах зорилгоор хэрэглэдэг байжээ. Сүүлд залуучууд наргиж цэнгэх үедээ мансуурах зорилгоор хэрэглэдэг болжээ. Зарим хүмүүс хохирогчоо эсэргүүцэх чадваргүй болгож хүслээ хангах зорилгоор ундаанд нь хийж мэдээ алдуулдаг болсноор ГХБ дээрх хоч нэрийг авчээ. Энэ бодис амархан олддог болохоор энэ хэрэгт бараг тус болохгүй. Гэхдээ алуурчин уг бодисыг үйлдэж байгаа гэмт хэрэгтээ ашиглаж байгааг олж мэдлээ.
- Энэ түүнийг алах хэмжээний тун байсан уу? гэж Фостер асуув.
- Үгүй, гэхдээ түүнийг хэдэн цаг ухаангүй байлгахад хангалттай байжээ. Вилльямс одоо багийнхантайгаа уушны газруудаас Лондонгийн бүх ГХБ-хэрэглэгчдийг эрж олох юм шиг л аашилж байна.
ГХБ бол зөвхөн царай муутай, зүрх зориггүй, ичимхий хүмүүс эсвэл гаж донтонгууд хүслээ хангахын тулд эсрэг хүйстэндээ хэрэглэдэг мансууруулагч биш, бас наргиж цэнгэх дуртай хүмүүс хоорондоо эрээ цээргүй, задгай байх зорилгоор ашигладаг өргөн тархсан мансууруулах бодис юм.
- Тийм ч гайхалтай санагдсангүй гэж Фостер хэлээд
- Нөгөө хоёр хохирогчийн хариу юу болж байна? гэлээ.
- Эллисийн хариу маргааш өглөө, харин Перригийнх нэг хоногийн дараа тодорхой болох байх. Гэхдээ Харрис бүх хүмүүст нууцыг чандлан хадгалж бүх хариуг өдрийн төгсгөлд хүлээлгэж өг гэж тушаасан.
- Маргааш өглөө гэнэ ээ? Хэрэв ямар нэг юм илэрвэл надад мэдэгдээрэй гэчихээд Фостер утсаа таслав.
- Юу болсон бэ? гэж Хадер асуулаа.
- Эллисийн хуучин эхнэр хохирогчийг таньсан гэнэ. Бүх баримтыг нэгтгэж үзвэл алуурчин түүнийг бүтэн хоёр сар хорьж байжээ. Дарбиширийн цусанд ГХБ илэрсэн гэнэ. Алуурчин Эллисийг яаж удаан хорьж чадсаныг энэ бас тайлбарлаж байна. Тэгэхээр алуурчинд ГХБ-ний маш их нөөц байгаа гэсэн үг.
Хохирогч арьсны цооролттой болсны шалтгаан ч гэсэн энэ байсан. Эллис өнгөрсөн хоёр сарын туршид зөвхөн дээшээ хараад хэвтэж байжээ.
- Тэгвэл алуурчин Эллисийг энэ бүх хугацаанд комын байдалд хорьж байжээ? Гэхдээ тэр Перриг нэг өдөр, харин Дарбиширийг хэдхэн цаг хорьсон.
Фостер мөрөө хавчаад
- Дарбиширийг хулгайлдаг өдөр тэр Чешир рүү зориуд явсан байж магадгүй. Эсвэл ажлаар ч юм уу, Лондонд тохиолдож мэдэх ямар ч шалтгаан байж болно шүү дээ.
Фостер ямартай ч нэг сэжим олсон гэдгээ мэдэж байв.
- Тэр магадгүй Чеширт ажлаар явж байгаад гэнэт өөрт нь боломж гарсныг харсан ч юм бил үү.
Энэ хооронд Наижл юу ч ярилгүй, аппаратныхаа том дэлгэцэнд ховсдуулчихсан аятай таг ширтэж суулаа.
- Чи хэр ахицтай явж байна?
Наижл дэлгэцнээс харцаа салгасангүй.
- Хүн амины хэргийн талаар хэлж байгаа бол бидний мэддэгээс өөр юм алга гэж тэр хариулав.
Фостерын уур хүрч эхэллээ. Наижл Цаг үе сонинг хүн амины гэмт хэргүүд, тэдгээрийн мөрдөлтийн талаархи өдөр тутмын мэдээллийг олж болох хамгийн сайн эх сурвалж гэж хэлжээ.
- Гэхдээ энд нэг юм байна. Дандаа маргаантай сэдвийг
хөндөж байдаг Цаг үе сонинд гурван том нийтлэл гарчээ. Эдний нэг нь Фэйрбернийг баривчилсан өдөр нийтэлсэн байна. Энэ хүн амины хэрэг бүх орон даяар тархсан том мэдээ байжээ. Бага хурлаар цагдаагийн мөрдлөгийг авч хэлэлцсэн байна. Энэ нийтлэлд баривчилсан хүнийг бас галзуу хүн гэж тодорхойлжээ.
Наижл сүүлчийн өгүүлбэрийг яагаад онцлоод байгааг Фостер ойлгосонгүй. Тэр хүн хоёр долоо хоногийн дотор таван хүн алсан. Энэ бол жирийн хүнээс гарах араншин гэж бодогдохгүй нь мэдээжийн хэрэг.
- Тэр үеийн сэтгэцийн өвчний ангилал одоогийнхоос шал өөр байсан гээд Наижл яриагаа үргэлжлүүллээ.
- 1871 оноос хүн амын тооллогын бүртгэлд хүмүүсийг усан тэнэг, солиотой эсвэл галзуу гэж ангилдаг болсон. Эхний ангилалд төрөлхийн ой ухааны хомсдолтой хүмүүс, хоёр дахь ангилалд эрүүл ухаантай байснаа ухаан муудаж солиотой болсон хүмүүсийг оруулдаг. Харин сүүлийнхэд нь ухаанаа алдтал галзуурдаг ч бас эрүүл ухаантай байх үе байдаг хүмүүс багтдаг байжээ. Сүүлчийн ангилалд олон өвчнийг хамруулдаг байсан. Жишээлбэл амаржсан эхчүүдэд тохиолддог төрөлтийн дараахь сэтгэл гутралыг галзуу өвчин гэж үздэг байжээ.
- Наижл, чи энэ залууг сэтгэцийн өөрчлөлттэй байсан, гэхдээ шизофрени эсвэл солиорол байгаагүй гэж хэлэх гэсэн юм уу? гэж Хадер асуулаа.
- Үгүй, гэхдээ тэр магадгүй бусдаас арай өөр, согогтой байсан гэж бодож байна.
- Галзуу хүмүүс цаазлуулдаг байсан уу? гэж Фостер асуув.
- Мэдээж. Цаазлуулахгүй гэвэл ухаан санаагаа бүрэн алдсан жинхэнэ галзуу байх ёстой. Викториагийн үеийн хүмүүс алдаа, гэсгээлт хоёрт л итгэдэг байсан болохоор мэдээж онцгой тохиолдол маш ховор байсан.
- Энэ залуу цаазлуулсан эсэхийг олж мэд. Хэрвээ цаазлуулсан бол түүнд юу тохиолдсон гээд бүх зүйлийг олж тодруул. Би Сундерсын Өргөн чөлөө хаана байдгийг мэдэх хэрэгтэй байна. Хэрэв тэр одоо ч...
Хадер Фостерын үгийг тасалж
- Би наадхыг чинь интернет дээр, бас гудамжны картан дээр хайсан. Гэхдээ W10 болон W11 талбарт Сундерсын Өргөн чөлөө гэж байдаггүй юм байна.
- Новш хэмээн Фостер дуу алдлаа.
- Бид үүнийг ойролцоо дүүргийн архиваас олж чадна гэж Наижл саналаа хэлэв.
- Сонины нийтлэлд тэд шинэ гудамж барьж байгаа гэж бичсэн байсан гэж Фостер хэлээд
- Тэр газрыг Ноттинг Дэйлд, төмөр замын ойролцоо гэсэн байсан. Тэгвэл Кенсингтон & Челси, Хаммерсмит болон Фулхамын төмөр замууд огтлолцдог уулзварын дэргэд гэсэн үг. Тэр уулзварыг бас юу дайрч өнгөрдгийг чи мэдэх үү? Вэствэй хурдны зам! Арай чи тэр хөгийн новшийг Лондонгийн хамгийн их хөдөлгөөнтэй зам дээр машинаасаа хүний цогцос гаргаж шиднэ гэж хэлэх гээгүй биз дээ?
- Тэнд газар доогуур гардаг гарц байдаг гэж Хадер тодруулж хэлэв.
Харанхуй гарц. Энэ бол тохиолдлоор тавьсан байдаг л нэг гарц гэж Фостер бодлоо. Тэр новш тэнд юу ч хийхгүй. Фостер хуучин сонин эргүүлж өрөөнд хашигдаж суухын оронд тийшээ очиж мөрдөх ажиллагаа явуулах хэрэгтэй байлаа.
- Би Хадертай хамт дүүргийн архив руу явж тэр гудамж хаана байсныг мэдье. Наижл чи энд үлдэж Фэйрбернийг шүүх хурлаар оруулсан эсэхийг олж мэд гэж Фостер хэлэв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:52 am, edited 2 times in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited