Бүлэг 15.
Дейна гэртээ эргэж ирээд, сэтгэл гарган чимж, олон өнгийн гэрэл цацруулсан бяцхан сүлд мод байхыг давын өмнө олж харав. Дейли ахайтан, Кемаль хоёр Дейнад сюрприз барьсан нь энэ байжээ.
Дейли ахайтан ихэд бахархан,
- Энэ гэрлэн чимэглэлийг хараач. Кемаль өөрөө хийсэн юм гэж байлаа.
Хажуугийн байранд зурагтын өмнө суусан эр дууг намсгаж, хоёр бүсгүйн яриаг сонсож байлаа.
Дейна, гэрийн үйлчлэгчийн хацар дээр үнсэж,
- Дейли хадагтай, би танд хайртай шүү гэсэнд Дейли ахайтны нүүр улайв.
- Дэмий ярих юм. Яльгүй юмыг дэвэргээд л. Нэг муу жижиг мод худалдаж авсан л байгаа биз!
- Ингэхэд Кемаль хаана байна?
- Өрөөндөө байгаа. Эванс хадагтай, танай ээж, Хадсон хадагтай утсаар ярьсан шүү. Хадсон ахайтны утасны дугаарыг бичээд эргэнэг дээр тавьсан байгаа.
- Баярлалаа, Дейли хадагтай. Та байгаагүй бол би яах байсан бол.
Давын өмнө Кемальтайгаа уулзъя!
Дейнаг орж очиход Кемаль бас л компьютерийн өмнө сууж байснаа төдий л сэтгэл хөдөлсөн янзгүй,
- Сайн уу. Эргээд ирсэн үү? гэжээ.
- Эргээд ирлээ.
- Догь юмаа. Зул сарын баярыг хамтдаа угтана гэж би найдсан юм.
Дейна жаал хүүг тэврэн авч чихэнд нь шивнэн,
- Би хаачих юм бэ! Надад энэ ертөнцийг тэр чигээр нь барилаа ч гэсэн ийм сайхан баярыг алгасаж чадахгүй! Би гэртээ харих сан гэж бөөн мөрөөдөл болж явсан шүү! За тэгээд, миний эзгүй хойгуур яаж байв?
- Догь...
- Сайн байна. Дейли хатагтайтай учир зүйгээ олж байв уу?
- Дажгүй сайн эгч шүү.
- Би мэдэлгүй яахав. Би утсаар ярьчхаад ирье.
Эхлээд хамгийн эвгүй давааг давъя.
Ээжийнхээ утсанд залгалаа. Уэстпортод бүтэл муутайхан уулзаад өнгөрснөөс хойш утсаар нэг ч удаа яриагүй байлаа. Ээж минь яахлаараа тийм бүдүүлэг адгуустай гэрлэдэг байнаа?
Утсанд хариу өгөхгүй байсан боловч Дейна тэвчээр гарган хүлээж байтал автомат хариулагч дуугарч, ээжийн дуу гарлаа:
- Бид эзгүй байгаа. Мэдээллээ үлдээхийг хүсье, бид заавал утасдана. Урт бүрээ дуугарахыг хүлээгээрэй.
- Ээж ээ, зул сарын баярыг сайхан тэмдэглээрэй хэмээн Дейна баяр хүргээд Памела хүүхэнтэй ярилаа.
- Дейна, таныг гэртээ байгаад баярлаж байна. Жефф эзгүй байгаа гэж оройн мэдээгээр уламжилж байсан, гэвч Рожер бид хоёр найз нартаа зориулж зул сарын баярын оройн зоог барих гэж байгаа юм. Тэгээд Кемаль та хоёрыг ирүүлэх гэсэн юм. Харин та өөр ажилтай гэж битгий хэлж үзээрэй.
Дейна санаа алдаад,
- Надад өөр ямар ажил байх билээ. Жефф тэртэй тэргүй ирэхгүй юм чинь. Бид хоёр дуртайяа очно. Баярлалаа, Памела гэв.
- Их сайн байна. Та хоёрыг таван цагт хүлээж байя. Жирийн хувцастай ирээрэй. Ажил төрөл ямар байна?
- Мэдэхгүй юмаа. Ажил төрөл урагшилж байгаа эсэхийг мэдэхгүй юм гэж Дейна үнэнээ хэлжээ.
- За тийм байж, жаахан ч гэсэн мартагнаж үз! Танд амралт илүүдэхгүй шүү. Маргааш уулзацгаая!
Дейна, айлд зочилж очоод аятайхан байх талаар Кемальд баахан сургамж хэлэхэд цаадах нь дурамчхан сонсоод өнгөрчээ.
Тэднийг үүдэнд угтан авсан Сейзар бөөн баяр болж, мишээл тодруулан
- Эванс хадагтай хүрээд ирлээ! Тантай дахин уулзахад маш тааламжтай байна! Кемаль та ч бас ялгаагүй! гэхэд Кемаль,
- Сайн уу, Сейзар хэмээн хөгжилтэй хариулав.
Дейна, хурц өнгийн боодолтой юмыг Сейзарт гардуулж
- Сейзар, зул сарын баяраа сайхан тэмдэглээрэй гэсэнд мань хаалгач ихэд тэвдэж,
- Би... би... би бүр мэдэхээ байлаа. Эванс хадагтай та... та... дэндүү сайн хүн юмаа гээд нүүр нь улайхад Дейна дахин хоёр боодолтой юм гардуулж,
- Харин үүнийг Хадсон гуай, мөн Хадсон хадагтайд барих юм шүү гэжээ.
- Мэдлээ, Эванс хадагтай. Би үүнийг аваачиж модон доогуур хийе. Гэрийн эзэд зочны өрөөнд байгаа. Би таныг дөхүүлж өгье.
- Ө-ө та нар хүрээд ирлээ! Та нарыг ирсэнд бид хоёр туйлаас баярлаж байна! хэмээн Памела мэндлэхэд Дейна,
- Бид ч бас баярлаж байна! гэж хариу өчив.
Памела, Кемалийн гарыг хараад дуу алдан,
- Дейна, Кемаль маань хоёр... ямар гайхалтай сайхан хэрэг вэ! гэсний хариуд Дейна инээж
- Үнэхээр тийм байгаа биз? Би эзэндээ их баярласан. Ёстой сайн хүү шүү! Бурхны ивээлээр аз жаргалтай байх болтугай! Үнэмшихийн аргагүй ч гэсэн энэ яльгүй зүйл Кемалийн бүх насны амьдралыг өөрчилсөн юм гэвэл Рожер,
- Кемаль, баяр хүргэе гэлээ.
- Баярлалаа, Хадсон гуай.
Рожер яриа үргэлжлүүлэв.
- Бусад зочид ирэхээс өмнө би нэг юм хэлье. Би улс төрөөс хөндийрсөн гэж Тейлор Уинтроп анд найз нартаа ярьж байсан атлаа Орост элчин сайдаар суух томилолтыг гэнэт хүлээж авсан гэж миний хэлснийг санаж байна уу?
- Санаж байна. Гэвч би бодохдоо, ерөнхийлөгч л зүтгэсээр байгаад...
- Би бас тэгж боддог байсан юм. Гэтэл үүний урвуу зүйл байсан шиг байгаа юм. Уинтроп л намайг томилооч гэж ерөнхийлөгчөөс гуйсан юм билээ. Харин ямар хэрэгтэй болоод ингэсэн байх билээ?
Дейна учрыг олж ядан мөрөө хавчив. Нээрэн яагаад ингэдэг билээ?
Тэгж байтал урилгатай зочид ирж эхэллээ. Оройн зоогт гэрийн эздээс гадна арван хоёр хүн ирсэн байлаа. Хооллох өрөөнд үнэхээр сайхан нөхөрсөг уур амьсгалтай байсан. Бүх юм баярын байдалтай, байн байн инээлдэж, хошин шог яриа дэгдсээр байжээ. Оройн зоог өндөрлөж зочны өрөөнд эргэж ирэхэд байшингийн адарт тулсан өндөр сүлд мод зассан байлаа. Хүн болгонд бэлэг сэлт гардуулахад хамгийн их бэлгийг Кемаль авчээ. Түүнд компьютерийн тоглоом, дугуйтай коньки, гадуур цамц, таван салаатай бээлий, дүрс бич- лэгийн хуурцаг зэргийг барьжээ.
Цаг өнгөрөхийг огт анзаарсангүй. Давчуу байдалд бачимдан ийш тийшээ аялж, тааламжгүй мэдээ сонсож явсны эцэст тийм сайхан улстай уулзаж учрах нь үнэхээр тааламжтай байжээ. Сэтгэл баясаж дотор уужрах нь даанч сайхан байлаа. Харин Жефф хамт байгаагүй нь харамсалтай.
Баярын хөл хөдөлгөөн намжиж жирийн ажлын өдрүүд эхэлжээ.
Дейна Эванс бахь байдгаараа хөтлөгчийн ширээний ард сууж арван нэгэн цагийн мэдээ эхлэхийг хүлээж байв. Ричард Мелтон түүнтэй зэрэгцэн суусан байх агаад Жеффийн суудлыг Мори Фолстейн хүүхэн эзэлжээ. Дейна сэтгэлийн тавгүй байдлыг дарж ядан сууна.
- Би чамайг үгүйлж байсан шүү гэж Ричард шивнэсэнд Дейна мушилзан,
- Нээрэн үү? Би бас чамайг үгүйлж байсан гээд бод доо гэжээ.
- Чи байсхийгээд л нэг тийшээ алга болох юм. Ажил чинь зүгээр биз дээ?
- Зүгээр байлгүй яахав.
- Мэдээний дараа хамтдаа явж оройн хоол идье.
- Эхлээд Кемаль яаж байгааг мэдэх ёстой байна.
- Хоёулаа өөр газар уулзаж болно. Зоогийн газарт уулзъя.
Өөр газар уулзъя! Би... намайг мөрдөөд байх шиг байна. Амьтны хүрээлэнд, ховор шувууд байдаг талбай дээр уулзъя...
- Чамайг нэг дуулиантай юмны сэжүүр гаргасан гэж ярилцах боллоо. Үүнийгээ надад ярьж өгөхгүй юм уу?
- Одоохондоо ярих юм алга.
- Чамайг байн байн алга болоод байхад Кромвелл төдий л дуртай биш гэсэн цуу яриа гарах юм. Чамд таагүй явдал тохиолдохгүй биз гэж найдах юм.
Танд би ингэж зөвлөх байна: Хар толгойдоо лай хураах гэж зүтгэсний хэрэггүй. Эс тэгвэл тун ойрын үед ихээхэн гай түйтгэр танд нүүрлэнэ гэдгийг андгайлъя...
Дейна, Ричардын яриаг сонсож байгаа дүр үзүүлэн инээмсэглэх аядсан боловч түүний хэлсэн үг чихнийх нь хажуугаар өнгөрч байлаа.
- Энэ Кромвелл хүмүүсийг гудамжинд гаргаж хаях хоббитой эр шүү. Түймэр унтраах гэж байгаа юм шиг дандаан яарч, аль болохгүй юмыг амьтнаас шаарддаг хүн дээ! гэж Мелтон хэлжээ.
Билл Килл түймэр гарсны маргааш алга болсон. Тэр байтугай цалингаа авалгүй хаяад ор сураггүй алга болсон...
- Би шинэ хөтлөгчтэй ажиллах хүсэлгүй байгааг бурхан гэрчилнэ.
Ослын гэрч нь америкийн жуулчин Ролф Бенжамен байсан юм. Таг сохор эр...
- Тав, дөрөв, гурав, хоёр...
Анастасия хүүхэн Дейнаг ёвроход улаан гэрэл асаж, нэвтрүүлэгч ярьж эхлэв:
- Дейна Эванс, Ричард Мелтон нарын оролцсон МТМ сувгийн үдшийн мэдээ эхэлж байна.
Дейна нүүрэндээ мишээл тодруулан,
- Оройн мэнд. Би Дейна Эванс байна гэхэд,
- Харин би бол Ричард Мелтон гэснээр нэвтрүүлэг эхэлжээ.
- Өнөөдөр Арлингтонд, Уилсоны дунд сургуулийн гурван сурагчийг баривчилжээ. Тэднийг хувцасны өлгүүрийн тэнд нэгжиж үзэхэд долоон унц марихуан, хулгайн гар буу болон өөр элдэв янзын зэвсэг гарснаас ийм юм болжээ. Холли Раппын сурвалжилгыг толилуулъя.
Бичлэг залгалаа.
Хуучны эдлэлийг хулгайлах явдал тэр болгон гараад байдаггүй бас тэгээд гэмт этгээдүүд бараг л нэг бүдүүвч зургаар ажилладаг юм. Харин энэ бол тэс өөрөөр хийгдсэн байгаа юм.
Тэр хоёр ширээнээс босохын хамт Ричард хүрч ирээд,
- За яах вэ? Дараа хоёулаа уулзах уу? гэжээ.
- Өнөөдөр чадахгүй. Амжуулах ажил зөндөө байна.
- За за, тэгвэл болихоос доо гээд Ричард жаахан тээнэгэлзэхэд, надаас Жеффийн тухай асуух гээд байна гэж Дейна бодсон боловч аман дотроо бувтнан,
- Маргааш болтол баяртай гэхэд Дейна,
- Бүгдээрээ сайхан нойрсоорой гэж хэлээд өрөөндөө ороход Оливия аль хэзээний явсан тул харанхуй, нам чимээгүй байжээ. Компьютер асааж, Тейлор Уинтропын тухай бичсэн тоймгүй олон өгүүллийг үзэж эхлэв. Нэг вэб-хуудсан дээр, НАТО-гийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, Францын засгийн газрын түшмэл Марсель Фальконы тухай мэдээлэл байжээ. Марсель Фалькон нь Тейлор Уинтроптой худалдааны хэлэлцээр хийж байсан тухай тэр өгүүлэлд дурдсан байв. Тэгээд хэлэлцээр ид дундаа өрнөж байтал Фалькон албан тушаалаасаа огцорсон байх юм.
Хэлэлцээр ид дундаа өрнөж байхад огцорсон юм уу? Юу болохоороо ингэдэг билээ?
Вэб-хуудсуудыг дараалан шалгаж үзсэн боловч Фальконы нэр дахиад гарсангүй. Үүнийг сайтар тодруулах хэрэгтэй боллоо.
Шөнийн хоёр цаг болж байхад вэб-хуудсуудыг шалгаж дуусав. Европ руу утсаар ярихад дэндүү эрт байсан тул гэртээ харихад Дейли хадагтай орондоо ороогүй байжээ.
- Намайг оройтсонд уучлаарай. Гэвч...
- Сүйд болох юм алга. Өнөөдөр таны хөтөлдөг мэдээг үзсэн. Эванс хадагтай та урьдын адил гойд сайхан хөтөлсөн шүү.
- Та дэндүү сайн хүн шүү.
- Та олон аймшигтай юмны тухай ярьдаг нь харамсалтай юм. Бид бүгдээрээ аймшигтай ертөнцөд амьдарч байх юм даа гээд Дейли хадагтай санаа алдав.
- Яалтай билээ. Кемаль яаж байна даа?
- Тэр золиг хаа холдох вэ. Бид хоёр "жин рамми" тоглоод би хожигдсон. Дейна инээмсэглэж,
- Та түүнийг яаж номхотгохоо мэдэх юм. Дейли хадагтай та маргааш хожуухан ирье гэвэл... гэтэл,
- Тэгж ярихгүй. Би ургахын улаан нарнаар ирж та хоёрыг ажил сургуульд чинь гаргаж өгнө гэлээ.
Дейна шагшин гайхаж толгой сэгсрэн, жинхэнэ үнэт эрдэнэ, маргад эрдэнэ шиг хүн шүү! хэмээн бодов.
|