Эгчмэдийн хамт таван харваач хүн болж, ан гөрөө хийхэд улам ч олзтой болж, идэх хоолоор тасалдахгүй элбэг дээрээ элбэг боловч, хэрэглэх хэрэгцээнээс илүү агнадаггүй ёсоо алдалгүй баримтлан явжээ. Ялангуяа Шонхолой тэр ёсыг маш чанд баримтлуулан идэж барахгүй бол, амьтны амь тасалсны хэрэггүй. Хурдан зэвсэгтэй боллоо гээд зоргоор хядаж болохгүй. Хорхой ч гэсэн аминдаа хайртай байхад, халуун амьтай, бүлээн цустай амьтныг хэлээд яахав гэдэг байжээ. Чингээд, нэгэн өдөр үдлэн буугаад, хоолоо хийж байтал боролж шугуй дотроос жад бороохой, чулуун сүх барьсан арваад хүн гарч ирээд, аянчныг үзмэгц бөөгнөрөлдөж юм зөвлөцгөөх мэт болоод, нэг хүн урагш давшин, буудлын зүг айсуй. Ойртосхийгээд жадаа доош талбин, гараа өргөж элэгсэг найртай байдал үзүүлсээр дөхөхөд нь Шонхолой Үхүү хоёр бас зэмсэггүй өөдөөс нь очиж, хоёр талаас уулзаад үг хэлэлцэхэд Хумка Үхүүгийн үгийг нэвтрэх хүн байв. Тэр хүн аянчнаас хаанаас хаашаа зорьж байгаа хэн гэдгийг асуугаад, өөрсдийг ойн хүн гэдэг. Өвөл энэ хавиар агуйд өвөлждөг, зан намар ан дагаж мэхээр, ямаахай ойн жимстэй газар хэрэн бэдэрч явдаг. Өвөлждөг агуй маань тэр. Саяхан агуйгаа эргэж үзтэл, баавгай эзэлсэн тул хүч түрэн эзэлсэн баавгайтай байлдах гэж явна гэж нөхдөө заалаа. Эрэгчин эмэгчин хоёр баавгай, хоёр бамбарууштай, манай өвөлжөөний агуйг саявтар эзэлжээ. Бид, баахан хүч бүл цөөн боловч, агуйгаа алдах дургүй, үзэлцэх гэж явна. Бидэнд хүчин нэмэлцэж өгнө үү гэхэд нь Шонхолой гал дээрээ урин аваачив. Тэр баавгайтай байлдах гэж яваа хүн, нөхдөө даллан дуудаж, мөрөөрөө эргэж буцан газар тавьсан жадаа аваад, Шонхолойн хойноос даган ирэв. Оройн хоолонд хэрэглэнэ гэж Шонхолой нар замдаа өглөөнөөс агнаж, модны захаас таван харваач нийлж хоёр гөрөөс агнаж, завьдаа нэг хэсэг махыг нь ачиж нэг хэсгийг нь ойн эмс үүрэн явснаа хоол хийж байхад баавгайтай тулах ойн хүний тэр бөлөг дайчин хүрч ирсэнд арга буюу орой идэх гэсэн махнаасаа шаралцаж, бүгдээрээ идлээ. Хоол идээд, ойн хүний тэргүүн нь Шонхолойг энэ хэсэг улсын ахмад нь юм байна гэж хүч нэмэрлэхийг дахин гуйсанд, Шонхолой, хамт яваа ойн эмсийн эгчмэдээс яахав бид? гэж асууваас, - Баавгайн хүч их, эдний хүч нимгэн. Туслалцах нь хоёр хөлтний ёс биз дээ. Туслан хамжиж үзье гэхэд нь, манай олонх нь туслахыг зөвшөөж байгаа учраас эрэгтэй бид ч үгүй гэхгүй. Танай эмэгтэйчүүд яасан бэ? гэж асууваас ойн хүний эмэгтэйчүүд нь өвөлжөөн дээрээ бууж ирдэг. Тэр хүртэл тус тусдаа, эрчүүл нь эрчүүлтэйгээ, эмс нь эмстэйгээ урин дулааны цагт анги явдаг заншилтай юм даа гэлээ. Баавгайг хамтын хүчээр агуйгаас зайлуулах гэж тогтоод, бүгдээрээ зэр зэмсгээ барьцгаан, тэр агуйн зүг чиглэж асар холгүй тул, ойр нь хүрч очоод, замдаа хэлэлцсэн ёсоор олонх агуйн амсрын дээд талд нь гарч, доош нь унагах чулуу бэлдэж, бас хоёр гараар дааж, доош нь хаяж болох чулуу зэхэцгээж, хүн хүн зогсох газраа хэд хэдэн том чулуу овоолоод, өнхрүүлэх том чулуу түлхэн унагах нь, чигийг нь тэр агуйн амсраас баавгай гарч ирэхэд дээрээс нь ойчих багцааг тааруулан барагцаж, тэр самбаанд хоёр хүн агуйн амсарт заншлаар орох болов. /Заншлах гэж сэм мэдээ сурвалжлан тагнах гэсэн үг/ Шонхолой, хүнээ дагуулж яваагийн хувьд тэр заншлах хүний нэг нь болсуу гэж ойн хүний тэргүүнтэй хоёулаа агуйд баавгайг заншлаар одох болж доошоо буугаад, агуйн амсарт ойртон, дотроос нь чимээгүй тул, аяархан дотогшилж үзвээс, амсрын орчим том хөндийд хориод хүн багтам зайтай. Голд нь гал түлж байсан үнстэй, тойроод чулуугаар хашсан өртэй бөгөөд цаашаа хошоод салаа болон нарийссан харанхуй хонгил үзэгдэв. - Голомтын өрийг хашсан чулууг хөдөлгөж, үнсийг онгичсон бөгөөд, том гэгч амьтны мөр ул, үнс шороон дээр үзэгдэн, зүүн талын хонгилоос араатан том амьтны үнэр гарч, эзэнтэй агуй гэж мэдэгдэв. - Манай хоёр анчин энэ хоёр агуйн амсар сахин модонд хоноод, баавгайг байна гэж мэдээ хүргэсэн юм. Одоо ч байх шиг байна гэж ойн хүний тэргүүн хойноос нь хүрч ирсэн Үхүүд шивнэн хэлж, гурвуул шинэ мөрийг ажваас орсон гурван мөр, гарсан нэг том мөр байв. Төдийн агуйн амсраас сэмхэн холдон гарч, нөхөд дээрээ очоод хэрхэхийг зөвлөн хэлэлцэж, нэгийг нь эзгүй хооронд бусдыг нь өдөөн гаргаж үзэхээр тогтоод, агуйн амсар боох гээд ичээнд ороогүй баавгай юу хийж хүлээж хэвтэх аж. Нэг шаламгай анчнаа амсрын зүг явуулж, баавгайг өдөөн гаргахаар боллоо. Нэг завшаантай зүйл нь агуйн амсрын хоёр талаар дээрээс унасан хадны хэмтэрхий том чулуу босоо хүнээс өндөр бөгөөд, агуйн амсрын өмнө хүзүүвч хашлага шиг тогтсон тул, тэр хоёр хоёр том чулуун дээр бас хэд хэдэн том жадтай анчин, баавгай цохих том том чулуу өргөн дамжилж, сураар татан гаргаад, тулалдахад зэхмэгц, нэг чийрэг залуу анчин, агуйн амсарт очиж, хараан зүхэж, агуйн зүг: - Хүний өвөлжөө эзэлсэн ёсон бус муу хар гөрөөс гарч ир. Голыг чинь тасалж, зүрхийг чинь сугална. Гараад ир гээд чулуудав. Агуй дотроос чимээ гарахгүй тул, бас хараан зүхэж, хүний өвөлждөг агуйг хулгайлан эзлээд эзнээс нь айж байна уу? Бушуу гарч ирж амиа тушаа гэж хараан зүхэж, хашгиран чулуудтал агуй дотроос баавгайн дуу гарч, хир баргийн амьтан халдахгүй их чадалтайгаа мэдсэн нэг том гэгчийн эм баавгай, гэрэлд гялбасхийсэн байдалтай яаралгүй гарч ирээд агуйн амсар, тэрний дэргэдэх ургаа том чулуу хоёрын хооронд хүн багтахаас, агуйн том баавгай багтахгүй завсарт зайлан орсон өнөөх өдөөгч, анчин хойноос аажуухан алхаж, явангаа амаа ангалзан, гялалзсан соёо шүдээ ярзайлгаж шиншилтэл, тэр анчин ам руу нь жадаа тэнхээ мэдэн шааж орхив. Баавгай хойт хоёр хөл дээрээ урхиран бостол, дээрээс нь жадлах нь жад чулуудан жадалж, том том чулуу буулган чулуудахад, урагшаа ухасхийтэл, хэдэн анчин, нэг том чулуу түлхэн унагасан нь яг тэр баавгайн зоон дээр лүс хийтэл тусаад, хэдий маш их бяр тэнхээтэй, сүртэй амьтан боловч, үхрийн дайтай том чулуу ар зоо дээр нь цохьсон тул, нэг муухай дуугараад, хойд хоёр хөл нь мэдээгүй болж бөгсөө чирэн, цусаар бөөлжин урхираад, дэмий л дэргэдээ ойчих чулуу алгадав. - Тэр завсар агуй дотроос хоёр арай бага баавгай гарч ирээд, нэг нь толгой дээрээ том чулуугаар цохиулж, толгойгоо сэгсрэн эргэлдтэл, нөгөө нь агуйн амсрын хажууд буй өндөр чулуун дахь анчин авиран асаж, савраараа чулуу харжигнатал маажлан, үсрэн дайрсан хүчиндээ цээжин бие нь чулуун дээр гараад иртэл, чулуун сүхээр толгой дээр нь нэг хүдэр анчин буулгаж, хоёр талаас нь жадаар чичин хатгаж, агуйн амсар дээр болон хоёр талын том чулуун дээр байсан анчин цөм өндөр дуугаар бие биеэ зоригжуулан хашгиралдаж, хадтай хөндийд цуурайттал бархиралдав. Баавгай урхиран савардангуут нэг анчны гуя хага татан унагасанд, Гекүү шүүрэн тогтоож, доош унагасангүй барьж авав. Тэр самбаанд ойн анчны нэг нь том бороохойгоор шуугитал буулган, баавгайн торгон хоншоор дээр цус цацартал няц цохиж, баавгайг доош нь унагав. Чингээд дээрээс нь том том чулуугаар агуйн амсарт байгаа баавгайг цохилж хашгиралдаж байтал, ойн анчны ахмад нь, - Том мазаалай ирлээ гэж маш өндөр дуугаа шуугианыг даран хашгирсанд цөм заасан зүг тийш харваас, модны захаас том гэгчийн баавгай маш хурдлан айсаж байгаа нь тийм том амьтан гэхэд тун ч хөнгөн шаламгай, үсрэн давхиж, дайран орох гэж яваа нь үнэхээр сүртэй. Сум тусах газар ойртоод ирэхэд Шонхолой нар тавуул харваж эхэлвээс, алдалгүй сум шигдэн орж байгаа нь харагдавч, үхэх шарх олгож чадахгүй, сайн моринд ташуур өгсөн адил, баавгайн довтлоход улам ч эрч оруулсан адил, шуугин орж иртэл нь нэг сум яг нүдэнд шааж, баавгай зог тусаад, хөлөөрөө нүдээ арчин сумыг хуга татаад, урхиран дайрав. Ойн анчин тал талаас нь жад шидэж, зарим нь баавгайн биед шаавч, ширүүхэн давхиж яваа баавгайн ухас ухас хийхэд шархнаас нь сугаран ойчиж, харуигүй анчин дээр тулан дөхөж ирэхэд нь бороохойтой нь бороохойгоороо цохиж, жадтай нь жадаараа жадлан, жадны иш хугарах чимээ гарч, - Нүдгүй талаас нь дайр! Нүдгүй талаас нь дайр! гэж ойн анчны тэргүүн хашгирч, улаан суга руу нь жадалтал, жадны иш нь баавгайн ширүүн эргэхэд хугарч, анчны тэргүүн баавгайн хөл дор ойчоод өглөө. Олон анчны тал талаас баавгайн зүг хашгиран дайран орсонд тэр том мазаалай хойт хоёр хөл дээрээ босон, олон шархнаасаа цус цувруулж зүг зүгээс чичих жадыг ширвэн алгадаж, урагш урхиран алхтал, нэг залуу анчин элгийг нь жадалж, Шонхолой сүхээрээ ар зоонд нь тэнхээ мэдэн цавчтал мазаалай жадны нөгөө үзүүрийг газар тулсан тэр залуу анчныг ширэлдсэн үснээс нь савардаад, жадыг тас хийтэл хугалан ойчив. Залуудай хаш сүхээрээ мазаалайн хоёр нүдний хооронд яс шархиртал цавчиж, олон анчин тийчлэн самардаж байгаа мазаалайг хашгиран жадалж, дайснаа дараад, агуйн амсарт буй гурван баавгайн зүг дайран шуугив. Аварга мазаалайн хүүрийн дэргэд элгийг нь жадлаад ойчсон залуу өндийн сууж, анчны тэргүүний зэрэг хоёр гурван баахан бэртэсхийсэн хүн хоцроод, Шонхолойг дагасан ойн эмэгтэйгээс хэд нь тэднийг сувилахаар үлдээд бусад нь цөм шархтан муудсан нөгөө гурван баавгайг дарахаар одов. Удалгүй олон анчин тэр гурвыг алаад, бөөн баяр хөөр болж, алсан баавгайнхаа арьсыг өвчөөд, толгойг нь огтолж, бэртсэн шархтсан хүнээ сувилан, балар эртний баавгайн сүнсийг хорлон өшиж магадгүй гэж бодох тул эвлэрэх найр хийхийг зэхэв. Чулуугаар агуйн амсарт ширээ засан дэс дэсээр нь баавгайн огтолсон толгойг тэр ширээн дээрээ тавиад шархны цусы нь угааж арчаад, аманд нь цэцэг жимс хийгээд, махнаас нь шарж, бүгдээрээ найрласаар тойрон суугаад, анчны тэргүүн нь баавгайн арьсан дээр урд нь суугаад нэг хижээл анчин загасны мах өөр барин дуудруун: Хонгил агуй хоногтой Хол ойрын их гүйдэлтэй Гал хэрэглэхгүй дахтай Ганцаараа явах чадалтай Сүх хэрэглэхгүй бяртай Сүх их тэнхээ тамиртай Жад хэрэглэхгүй савартай Жаварт даарахгүй үстэй Өтгөс их мазаалай сонс! Өшөө өвөрлөөгүй байтал Өвөлжөөний маань агуйг Булай их хүчиндээ эрдэж Булааж авсанд чинь бид Эзэгнэж байсан агуйгаа Эргүүлэн авах гэж туллаа! Эр чадлаа үзсэн тулаанд Эргэж хонзогнох ёсгүй шүү! Эртнээс манай байсан агуйгаа Эргүүлж авсан бид нэр бүгд Идээнийхээ сайхнаар чамайг Ид чадалтайг нь бахдаж, Эндүүрэн нэгэн цагт халдсаныг Эргэж муу санахгүй зочилном! Тунгалаг мөрнөөс барьсан Тулын мах өөхөөр бялнам! гээд тулын мах тосоор баавгайн амыг нь чимх мялаагаад, өндөр дуугаар, Хүнсний сайнаар зочилсон Хүндий маань хүлээн тогтоо! Ах дүү олондоо нийлж Агуйд маань битгий халд! Өтгөс хүн ёс сахидаг шүү Өвөлжөөнд маань битгий халд Буруугаа мэдвэл дахьдаггүй шүү Буцаж манай агуйд бүү халд! Бусад олон өтгөстөө захиж Буруу замаас татан зайлуул! Халдан ахиж дайрдаг юм бол Хамаг олноороо тулна шүү бид Хүч сүрээрээ далайлган халдвал Хүй олноороо тулна шүү бид! гэхэд нь ойн анчин босон харайж, жад бороохойгоо барьцгаан, баавгайн толгой тавьсан чулуун ширээг гурвантаа зэвсгээ далайлган, ва-ва! хэмээн дайчин уриагаа хашгиралдан тойрч сүрдүүлэн бүжив. Өнчин өрөөсөн гэж биднийг голбол Өвгөн олон буурал сахиустай шүү Нүцгэн ядуу гэж биднийг басвал Нүд гялбам туяа галтай шүү! гэхэд нь зэхэж бэлдсэн галдаа өөх тос хийж, хуурай шилмүүстэй түлээ хийсэн гал нь дүрэлзэн асаж, олон анчин баавгайн толгой гал хоёрыг тойрон ва, ва, ва! хэмээн хашгиралдан жад бороохойгоо далайцгаан бүжиж, өчиг дуудагчийн дохиход зогсоцгоож, анчны тэргүүн дахин дуудруун: Тулаанд олсон шарханд чинь Тулын өөх тосон түрхэн эдгээм Шарх олсон дайчин эрсээ Шарсан махаар чинь эмнэж Агуйг маань эргүүлж өгөөд Алаг махаар шагнасныг чинь Амаараа гартал идэн цэнгэж Атаа өшөөгүй боллоо бид! Арвайсан гараараа барьсан Амтат идээгий маань идээд Өвөлжөөнд маань сахиул бол Өвлийн бэрх хүйтэнд Өөх тосоор бүү тасалдуул! Хаврын тажир хатуу цагт Халуун хоолоор бүү тасалдуул! гээд, тулын махнаас баавгай тус бүрийн аманд зуулгаад, баавгайтай эвлэрэх ёслолоо гүйцээгээд, бүгдээрээ махнаас нь шарцгаан, гэдэс гартлаа идэцгээж, тулалдаад хүний амь үрэгдсэнгүй, бага сага цохиулсан, савардуулсан зүйлийг юмнаа тоохгүй хатуужилтай улс тул, тоо бүрэн толгой мэнд, уг агуйдаа дахин эзэн болсондоо бөөн баяр болж, хүч нэмэр болсон Шонхолой нарт баавгайн махнаас дааж ядтал нь үүрүүлж салах ёс хийлээ. Завиндаа хүрч юм хумаа ачиж зэхээд, аялан хөдлөх гэж байтал ойн анчны тэргүүн нь хүрч ирэн, та нарын нисдэг жадын арга тураг, их анд тусгүй мэт санагдавч, шувуу гөрөөс агнахад таатай, хоёр хөлтийн дайрахад аминд тустай юм байна гэж бодон бодсоор ам нээн гуйх зүрх олдсонгүй. Та нарын явсан хойно санан санан бодож, нүүрээ зузаалж гуйх гэж ирлээ гэхэд нь Шонхолой нум яаж хийдгийг зааж, яаж харвадгийг үзүүлээд, байдлы нь мэдсэн тул, өөрсдөө санаачлан оролдож үз гэж тэр ойн анчны тэргүүнээр хэдэн сум тавиулаад, өөрөө харвалаа үзүүлсэнд тэр чийрэг эр тэсгэлгүй баярлаж, одоо манай гар урт боллоо гэж баярлан буцав.
Хорин тавдугаар бөлөг
АРСЛАН ЗААН АГНААЧИНТАЙ ДАЙРАЛДСАН НЬ
|