#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.17 3:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 78 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jul.01.16 12:02 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван хоёрдугаар бөлөг

ААДАР БОРООН ДУНДУУР

Хэдэн хоног нартай сайхан, өдөр амгалан, шөнө жаргалантай явтал нэгэн орой салхи хөдөлж, тэнгэр муухай боллоо.
- Өдөр даанч бүгчим байсан, бороо орохыг л зөгнөж дээ. Салынхаа боолт бөхөлж саравчаа зузаалах хэрэгтэй боллоо. Их бороо орвол бид нэг газар бууж өнгөрүүлдэг юм билүү? гэж Бух өвгөн, салаа эргийн зүг залж бургаснаас аргамжаад тавуул эрэг дээр гарч, баахан бургас огтолж салын боолт суларсныг сэлбэж засаад, унтдаг саравчаа дээрээс дусаал орохгүй болгож засав. Үхүү, Гекүү хоёр хэдийн галын ач тусыг мэддэг болсон тул, хуурай мод түүж сал дээрээ хураагаад, сүлжсэн бургасаар даруулж, мушгисан бургасаар торгож салхинд хөдөлгөхгүй болгов.
Чингээд цаашлан хөдлөхөд нь салхи баахан ширүүсэж эхлэв. Борооны бараан хар, маш хүчтэй үүл, уул даван гарч ирэхэд Бух өвгөн,
- Борооны өмнө салхи боохойн өмнө хэрээ гэж энэ дээ. Үхүү, Гекүү та хоёр салхи, бороонд ус руу ойчив. Болгоомжтой бай. Залуудай чи ч бас мэдэж яваарай.
Их салхи хөдлөхөөс өмнө нэг аятайхан нөмөр газар хүрч, бороо өнгөрүүлэхийг бодъё гэтэл салхина чимээ улам их болж, мөрний хоёр захын бургас шугуйн шуугинах дуу сүрдмээр ширүүн боллоо. Тэнгэрийн хормойгоор гялаан цахилгаан гялалзаж жаргаж байгаа нар, зузаан үүлэнд халхлагдан харанхуй болоод, салхины хүч чимээ нэн их болж, мөрний ус буцлах адил оргилж сал ч салхин өөд явахгүй болоход таван аянчин арга буюу аятай газар сонгох нөхцөлгүй болж, догшин салхийг өнгөрүүлэх гэж салаа модноос аргамжин, шуугинах нь салхины айхтар их чимээнд тэнгэрийн дуу, цахилгаан ойртож байгааг эмээн чагнаж суув. Цахилгаан завсар үгүй гялалзан цахилж, нүд анивч ногоон гэрэл аньсага нэвт харагдаж, тэнгэрийн чих дүжрэм, газар доргим сүртэй болж ирсэнд, Үхүү Гекүү хоёр нэн эмээж чичрэн дагжин Бух Шонхолой хоёрт шахалдан наалдав. Чингэсээр аадар бороо айсуй чимээ дуулдаж улам ойртох тусам жихүүн амьсгал сэнгэнэж, тэнгэрийн дуу, үер борооны чимээ нийлэн, алсаас нижигнэн шуугих чимээ ойртсоор, мөндөр бууж, шугуй, модны навч тас цохиход хөдөө шугуйн амьтан араатан жигүүртний сандран дуу тавих анир чимээ гарав. Цахилгаан цахилахад уулнаас уруй гялалзан мушгирч буух нь харагдан тахь унгалдах, үхэр гөрөөс сандран мөөрөлдөх, арслан зааны урамдах дуу, салхи, бороо, мөндөр, аянгын чимээнд нэмэрлэн оролцож, хоёр Хумка нэн айв.
Уулнаас ширүүлэн буух уруйн усанд нэг хирис, голын усанд унасан цох хорхой шиг эргэн хөрвөн урсаж явахыг Залуудай цахилгааны нүд гялбам гэрэлд хараад тийм сүрхий амьтан ийм болчих гэж ямар хэцүү вэ? хэмээн сүрдэн харж байтал, тэнгэр нурах, газар цөмрөх адил их дуу гарч, нэг өндөр саглагар модонд цохиулж ойчихыг хараад, эцгийн гараас сандран атгатал бас нэг урт эрээн амьтан тэр үхрийн хавиас үсрэх шиг болов.
Энэ юу вэ? гэж хартал, нэг бар дэргэд нь шахуу аянга буусанд ухаан алдаж зөв буруугүй, ийшээ тийшээ дүүлсээр, яг салын зүг үерийн усан дундуур давхиж ирэв. Таван аянчин сандарч сүхээ шүүрэх нь сүхээ шүүрч, жадаа шүүрэх нь жадаа шүүрч тэр давхин ирж яваа араатнаас амь биеэ хамгаалах гэж тулалдахаар босов. Усан дунд үсрэн цовхчиж явсан бар, сал хараад, саравчин доор нь хоргодон суусан хүнийг анзааралгүй, хэд үсрээд сал дээр гарч ирэнгүүт, мөндөр борооноос зайлах гэж саравчин дор орох гэж ухас хийхэд, тэнгэрийн дуу, цахилгаан дундуур Бух Шонхолой хоёр тэр барын хоёр талаас жадаараа омруу өөд нь ёворч, Залуудай өргөн духан дунд нь сүхээрээ нэг буулгангуут барсын толгойд мөргүүлэн хажуу тийшээ хомоол шиг үсрэн ойчихдоо, нэг юм тас хийж хугарах чимээ гараад, Бух өвгөн, барын хойноос чирэгдээд саравчин доороос гарах шиг боллоо. Саравчны хоймроор бургасан хаалт цөм цохиход гарсан догшин араатан, дайрсан эрчиндээ, Бух өвгөний жад хуга үсрээд өвгөний жад нь тэр хүчинд барын зүрхэнд шигдэн орсон тул, саравч шовтлон дайраад унасан байв. Бух өвгөн жадаа хуга дайруулахдаа дэргэдүүр нь сүр хийгээд гарсан тэр араатны сүүлээс татан чирэгдэж гараад, баруун гартаа сагалдрагалаастай сүхээ шүүрэн самбаачилж зоон дээр нь буулгасанд барын тамир тасарч гагцхүү амаа ангалзуулан урхирч, урд хоёр хөлөөрөө дэмий л салын мод цохин маажилж байв.
Бух өвгөн ухасхийн босож сүхээрээ, нуруун дээр нь цавчин, Үхүү тэр самбаанд саравчин дотроос, сугаран гарч, сүхээрээ нүүр нүдгүй дэлдлэн тэнгэрийн дуу цахилгаанд цоохор мэдээтэй болсон тул хэдийн гол нь тасарсан араатныг ха, ха, ха гэж цавчин нүдсээр байхад нь Бух өвгөн араас нь татаж зогсоолоо.
Залуудай барт ширвүүлж ойчихдоо хоёр нэгэн газар шалбаравч өөр гэмтэлгүй гарчээ. Үхүү Бухын жад хуга татуулахад нь мөрөө хага зуруулаад, Бухын хөл доор унасан байжээ. Барын саравчин дор хоргодсон хүний эсэргүүцэн тулах нь хэдхэн хормын хэрэг боловч, тэнгэрийн дуу цахилгаанд ухаан алдсан араатантай адил сочин хэлмэгдсэн аянчин, бараг сандраагүйгээ сандарч, саравчин доорх бага зайд том араатантай халз тулгаран, түүний үмхий амьсгалын шуухирах чимээг сонсож чийрэг биед нь дайруулан шөргөөх, тэрүүхэн хооронд хэцүүхэн санагдсанаа ярилцахын ч завгүй догшин салхи, ширүүн бороо, мөндөр дундуур уулын уруу түрхрэн буух чимээ, гялбааны нүд эрээлжлэм хурц мяралзалд нэг бэрх юмнаас нь амь бүтэн гарлаа гэж яаран сандран, саравчин дороо шурган орцгоогоод газар, тэнгэр хоёр нийлж, гал дөл болж байгаа юм шиг тэр дуутай тэнгэр, мөндөртэй хурын сүрхийд мөрний ус дээшээ хөөсрөн, ойж хоёр эргээс, уруйн усанд бургас мод урсан мод орж ирэх болсонд сал аргамжсан мод ч урсан орж ирэх болсонд ч уруйн усанд үндэс шороо нь идэгдэн унах шахсан байдлыг тавуул эмээн ажиглав. Чингээд нүд ирмэх завсар тэр улиас мод унаж орой нь залуур байгаа газрыг нөмөрч салын бөгсөн тал нь ус руу доошоо орж, цээжин тал нь өөдөө цухуйсхийн урсаад өгсөнд, Үхүү Гекүү ойн хүн бөгөөд модон дээгүүр авиран мөлхөж явахдаа уулаас чадамгай тул, сагалдрагатай сүхээ унжигануулан, тэр сал дарсан модон дээр аймшигтай гарч, гишүү мөчрийг тас тас цавчилж, залуураа шулуутгаж авав. Бух, Шонхолой, Залуудай гурав Гекүүд туслалцан тэр сал дарсан модны оройг цавчилдтал, Үхүү аргамжааны уяаг тайлж авах гэж тэр сал даран унасан модны нэг бүдүүн гишүүнээс уясан хад хэцүү болсныг гишүүг нь сүхээрээ тас цавчиж аргамжийг усанд дэвтээж, салхинд татуулж тайлчих гэж оролдов. Нойтон модын ширүүн бороо дундуур харанхуйд, ганц гялбааны гялалзах гэрэлд чулуун сүхээр байтугай ган сүхээр нь оволзож байгаа сал дээрээс ганц нэг цохиод тас цавчихад амаргүй тул Үхүүгийн байдаг хүчээ гаргаж аргамжны доод талаар цахиур сүхээрээ цавчиж байхад нь сал мод хоёр хөдлөөд сүх бас нойтон гилгэр мод дааж өгөхгүй ир нь халтираад байв. Бас гишүү навч саад хийгээд далайц ихтэйгээр цавчиж болохгүй байв. Чингэтэл Бух, Шонхолой, Гекүү гурав салыг доош нь дарж байгаа гишүүг огтолж, модны оройн хэсгийг тас цавчиж, салаа хөнгөлсөнд сал аргамжсан гишүү, Үхүүгийн цавчилж байгаа газраар хугарч хоёр нэг цохиход нь салаад өглөө. Том улиас ч салаас хөндийрөн хөвж Үхүү ч аргамжаа гишүүнээс нь мулт татаж аваад, Гекүүтэй хүч хавсран, тэр том гэгчийн гишүүг ус руу түлхэн унагалаа.
Тэнгэрийн дуу аянга ч баахан холдож, бороо ч баахан намдах шинжтэй болж, аянчны дотор ч баахан уужирч ирлээ. Эргийн модноос салаа уях гэхэд их борооны үер ус руу зүг зүгээс бууж, эрэг дээр гарахад ч хэцүү болсон тул, хоёр эргийн чимээгээр мөрний гол дундуурыг баримжаалан салаа залж явахаас өөр аргагүй болжээ. Гялбааны гэрэлд харвал үер уруйн ус, мөрөн рүү орж ирэх нь улам ихдэж байн байн эрэг нурах ажээ. Салын өмнө нэг том мод хөвж явах нь харагдтал Залуудай, цахилгааны гэрэлд нэг хирис уруйд золтос шиг урван хөрвөн урсаж мөрөн рүү ороод, өмнөх тэр аюулт том модонд нөмрүүлж орхихыг нь үзэн сандарч, тэр аюулт том амьтан сал дээр гарах гэж оролдвол яадаг билээ гэж бодтол завшаанаа тэр модон дороос гарч ирсэнгүй.
Чингэж айн эмээн явтал мөрөн дунд нэг том арал тохиолдсон тул, Бух өвгөн салаа тэр арлын бургасны нөмөрт хонохоор шийдэж, салаа аргамжаад, бороо ч зогсож, сал дээрээ галаа түлж, даарснаа дулаацан загасчин Балакчиларын өгсөн загаснаас идэж хонолоо.


Top
   
PostPosted: Jul.01.16 1:20 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван гуравдугаар бөлөг

ИХЭРЭС НУТАГТ ХҮРСЭН НЬ

Таван аянчны олон хоногийн урт аян шувтрах тийшээ хандаж нэгэн өглөөний өөд улаан нарнаар тэдний нүдний өмнө мэлтэлзтэл далай их ус харагдав.
- Одоо л Бай Кул гэдэг далай их ээжийнхээ бараа харлаа гэж Бух өвгөн уяран баярлаж идээнээсээ авч аман дотроо:
Унасан их дайд газартаа
Угаасан их далай усандаа
Амтат идээнийхээ дээжийг
Арван хуруугаараа өргөнөм
Өргөн их мөрөнд сал тавьж
Өндөр өвгөдийнхөө нутагт
Алс холын аян замаас
Амь мэнд буцаж ирсэндээ
Баярын магнай магнайлж
Барьц идээгээ өргөнөм!
гэж усанд цацав.
Бай Кул гэж Бух өвгөний бахдан ярьдаг их ус ийм юм байжээ гэж Залуудай хөхрөн харагдах тэр жавхлант их нуурыг тун бахдан сонирхож, эргээгээ тэнгэр өөд сүндэрлэсэн сүртэй сайхан уултай, уулдаа их модтой, модондоо их антай, андаа тураг гөрөөстэй нь юутай таатай вэ? гэж бодож тэр далай их усны загас ихтэйг нь гайхан харж явлаа. Чингээд мөрөн их усны цутгалан хавьд аянчин, салаа их далай нуурын эрэг дээр зогсоож, том чулуунаас аргамжин бууж хоол ундаа идэж уугаад, зэр зэмсгээ агсаж, явган аялах боллоо.
Бух өвгөн өдийд эрэг дагуу яваад байвал, лав манай омгийн хүн дайралдах ёстой гэж нөхдөө дагуулан явсаар атал нэгэн хадан хушууны хавьд утаа гарахыг хараад тэр зүг чиглэн алхацгаав.
Ойртон очтол, хэдэн өвсөн өмбөл усны захад үзэгдэж хэдэн суман онгоц эрэг дээр гаргаастай, өмбөлийн өмнө гал түлээстэй, хэдэн эрчүүд, жад бороохой барин босоод, аянчныг урдаас угтан ирэв. Ойртмогц нэг өвгөжөөл анчин,
- Үгүй энэ чинь Бух авгай, та мөн үү? гэж баярлан асуув.
- Мөн байлгүй хайчих вэ? гэж инээн золгож, нутгийнхаа хүнтэй баярлан уулзлаа.
Отгийн тэндээс давхиж ирсэн нохойгоо хорьцгоож таван аянчныг аятай сайхнаар угтаж галынхаа дэргэд суулган, тэр хэсэг загасчныг тэргүүлж яваа Тогоруу холоос ирсэн айлчны нэр усыг нь асууж танилцав. Бух өвгөнийг нутгийн захад хүргэх гэж газрын хол, усны уртаас явж ирснийг сонссон эмэгтэйчүүд дайлан зочлох гэж хоол унд хийж гарлаа.
- Нимгэн бяслаг шиг шахсан үрэл жимсийг шавар тавагт тавьж бас зэрлэг арвайн болсон гурилтай нухаж, ааруул шиг хатаасан идээ, мэхээртэй найруулж буйлуулсан цагаан төмс сараана, зэндүшэнэ, бөөрөлзгөнө аль байдаг тансаг идээгээ тавилцан, сая давсанлсан загасны мах, утсан загас тавьж шинш гэдэг хар модны холтос чанасан хүрэн унд, модны ураар хийсэн аяганд аягалж тавилаа. Халуун чулуун дээр тосонд хайраад сайхан үнэр ханхалсан зэрлэг арвай үйсэн саванд хийж, холын гийчдийг дайлсанд Чонос Хумка омгийн хүний идэж үзээгүй газрын сонин идээгээр дайлахад нь маш сонирхон амтархаж цадталаа идэх завсар Залуудай ийм сонин идээ хийдэг аргыг нь асуун сурч, нутагтаа буцаад Булжуухай эмээдээ зааж өгөх юм байна гэж бодож суув.
- Ихэрэсийн тэр нэгэн отгийн хүн, цөм Бух өвгөнийг таних бөгөөд тэр жил ан аянд яваад, сураггүй болсонд нь араатан дайсанд осолдсон гэж бодож байсан нь амьд мэнд буцаж ирсэнд нь их л баярлалдаж, нэг залуу эр Бух өвгөний ар гэрийнхэнд буцаж ирсний баярын мэдээ хүргэх гэж нэг суман онгоцоор яаран яваад өгчээ.
Отгийн хүн бүгд Бух өвгөн сэлтийн нум сум сонирхож, ийм чадалтай сонин сайхан зэвсэг бас байдаг ажээ гэж ихэд гайхан одоо манай ихэрэс хүн ийм хурдан зэвсэгтэй болж, ангийн олз ихтэй, уруул тостой болно. Дайсан халдвал, хавдуулахгүй урт гартай, чадал ихтэй боллоо гэж бахдацгаав. Чингээд Бух өвгөний зүлгэмэл чулуун сүхийг үзээд гайхан сонирхож Бух дархан маань улам их уран болж ирлээ гэж тэр сүхийг нь хүн бүр дамжуулан үзэж шагшин гайхав.
Загасчны ан элбэг, ууланд жимс элбэг тул өвлийн хатаамал загас жимс бэлтгэж байсан тэр отгийнхон Бух авгын буцаж ирсэнд орой галын наадам хийнэ гэж бэлтгэцгээв. Бух өвгөн ч наадмынханд гөрөөсний мах идүүлнэ гэж нум сумаа агсан, ууланд гарахыг завдахад Шонхолой Залуудай цөм явалцахаар болж Гекүү бас хавчаахай нумаа агсан нутгийн хэдэн хүн, харвахыг нь сонирхох гэж дагалдсан, ууланд гарч, модон дунд ортол ан гөрөөс элбэг тул төдхөн хүн бүр нэг нэг бор гөрөөс харваж отгийн хүн олзыг нь үүрч, бүгдээрээ гал дээр хүрч ирвээс дөрвөн гөрөөс ийм түргэн агнаад ирэх ямар сонин юм бэ? гэж отгийн хөгшин залуу үгүй цөм гайхалцав.
Залуудай, Гекүү хоёр усны эргээр явна гэж, нум сумаа агсаад нэгэн хэсэг газар эрэг дагуу явтал, элстэй налуу эрэг дээр нэг хэдэн сонин амьтад хэвтэж, уснаас бас нэг хэдэн амьтад гарч ирээд, тэр хэвтэж байгаа амьтны дэргэд гарч ирэхийг үзвэл усанд сүрхий мөртлөө, газар дээр явах нь тун болхи дөрвөн хөл нь богино, үс нь тачирхан бөгөөд гялгар, бие нүсэр бүдүүн тийм сонин амьтан байхыг маш гайхаж салхи дороос нь сэм гэтэж очоод, сум харвам газраас ажиглаваас байдал гөрөөс атал, усанд бас орших нь юутай жигтэй амьтан бэ? Махлаг тарган биетэйг үзвэл идэж болох байх гэж зөвлөөд хоёр залуус тэр урьд өмнө нь үзээгүй амьтны ус руу нь орох замыг нь хөндөлсөн хааж ойртоход нэг их сочиж сандрахгүй гагцхүү ганц нэг урхирах мэт дуу гараад нэг том нь элсэн дээр хэвтэж байснаа ус руу орох гэж цээжин биеэ өндийн хоёр залуусын өөдөөс шүдээ ярзайн бөгсөн биеэ чирсхийн ус уруу гулгав.
Хоёул тэр амьтны өөдөөс зэрэг харваж, дахиад нэг нэг сум онилон харвахыг завдтал усны эргийн захад хүрээд тэнхэл тасран, амнаас нь цус олгойдон тарчилж байхад дахин нэг нэг харваж алаад, өргөж үзвээс нилээд хүнд. Тэр завсар бусад амьтан нь ус уруу гулгасаар усан дотор шумбан далд оржээ. Харваж унагасан тэр амьтнаа урд хоёр хөлөөс нь чирсээр, отгийн ойр хүрч ирэхэд нь улс тосон ирээд, үүрэн аваачиж хоёр залуу аянчны зэвсгийн чадлыг гайхав. Чингээд Залуудайн тэр ямар нэртэй амьтан бэ? гэж сонирхон асуухад нь хав загас гэдэг нэртэй амьтан. Усанд байдаг юм. Уснаас гарч эрэг дээр нарлаж хэвтэх дуртай. Мах тарган, арьс ер ус тавьдаггүй тийм амьтан гэж отгийн хүмүүс ярьж өглөө. Чингээд тэр хав загас гэдэг усны амьтныг өвчиж махыг нь оройн наадмын олонд идүүлнэ гэж эмэгтэйчүүд ажиллаж гарваа.


Top
   
PostPosted: Jul.02.16 12:08 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
хаха тэр хв загасыг матар юм бол уу гэж андуурлаа ш дээ, одоо энэ хэд маань яаж гэртээ харинаа гол уруудаад ирсэн байдаг, өгсөнө гэж байхгүй шдээ, баярлалаа Блооодоооо


Top
   
PostPosted: Jul.02.16 7:37 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван дөрөвдүгээр бөлөг

ШӨНИЙН НААДАМ

Тэр загасчин отгийн эмэгтэйчүүд орой нар жаргатал үдшийн найр наадмын хоол хийх гэж тун зав чөлөө муутай байлаа. Тэгээд үдшийн бүрэнхүйгээр хоёр том түүдэг асааж, нэгийг нь тойрон отгийн эрэгтэйчүүд сууцгааж, нөгөөг нь эмэгтэйчүүд тойрон сууж, залуу эрэгтэй эмэгтэй хоёр нь түүдэг тойрон суусан ахмад эгчмэд хүндээ хоол барив. Өвгөдийн түүдгийн гол хойморт нь Бух өвгөн тэргүүтэй таван аянчин, хүндэт зочин болон сууцгааж, эхлээд модон торхонд түүж дарсан жимс, жимсний шүүснээс амсацгаан, дараагаар нь загас ангийн мах идэцгээн эмэгтэйчүүдийн галын тэнд бас хоол унд идэж ууж гүйцээд бас наадам хийхээр болж, өвгөд настангууд нь урдаар жишиг үзүүлдэг заншилтай тул их түүдэг тойрон гар гараасаа барилцан нар зөв галаа тойрон хатирах наадам хийж, зэрэг зэрэг үсрэлцэн бүжиж хатирах наадмын дуу дуулалдан цөм маш хөгжилтэй байв. Чоносын хоёр хүн Хумка нар төдхөн тэр гал тойрон хатирах наадмын хөдөлгөөний сурцгааж Ихэрэсийн олны адил наадалцаж байтал, хэдэн гуя онгоцоор өдрийн элч дагалцан Бух өвгөний төрөгсөд ирэлцэж, улам их баяр хөөр боллоо.
Бух өвгөний охин гэж Залуудайн насны нэг хөрслөг бор царайтай, хөөрхөн тормогор хар нүдтэй, сүрхий сэргэлэн янзын бүсгүй жаал, эх ах хоёртойгоо ирж, Бух өвгөн бага охиноо баруун хацрыг нь таалан үнсээд,
- Чоносын Шонхолой, Ихэрэсийн Бух гэдэг бид хоёр энэ хэдэн жил үхэхээс л бусдыг үзэж, зовлон жаргалаа хамтатган, дайсантай мөр зэрэгцэн тулж өнөөдөр хүртэл явж ирлээ.
Далай ээжийн нутагтай Ихэрэс бид
Дая олонд охидоор алдартай билээ
Бай Кул нутагтай Ихэрэс бид
Бацгад царайлаг гэж нэртэй билээ
Өнгөтэй сайхан охидоо өгч
Өнөр олон зээнэртэй болдог
Хад сайтай нутагтай
Хадам сайтай Ихэрхэсийн
Бух дайчин гэдэг би өнөөдөр
Буянт Чоносын Шонхолойтой
Газрын холоос наашаа
Гал нэгтэй яван аялж
Аюулт дайсан араатны дунд
Амь нэгтэй зүтгэн туулж
Ууган нутагтаа ирээд
Ураг элгэн болцгоож
Тансаг идээгээ амсалцаж
Тангарагт үгээ хэлэлцэж
Эрийн сүлд болсон бүсээ
Эрхэм элгэн төрөл болохын
Бат тэмдэг олны өмнө болгож
Баярлан солилцсу бид хоёр!
Баргуудай баатар нагацтай
Баргужин гоо охин минь
Чон чулуун зоригтой
Чонос Шонхолой минь
Заан Залуудайн
Заяат хань нь болог!
Нүдэндээ галтай
Нүүртээ цогтой
Зээнэр, ач нараа үзэж
Зэрэгцэн цайрлах болтугай
Зээнэр маань
Зээрнээс олон
Ач нар маань
Аргалаас олон
Шонхолой бид хоёрын улс
Шороо мэт олон болтугай
Шоо! Шоо! Шоо!
гээд бүсээ тайлан Шонхолойд барихад, харь газар харьтны гарт хүний газар, хүний эрхэнд хамт явж өлсөн ядрахыг хамт эдлэн өнөр олон төрөлтэйгөө улаан нүүрээ үзэлцэн золгосон, Шонхолой, Ихэрэсийн шударга Бух өвгөнд тун хайртай болсон тул өвгөний Баргужин гоо охин сэргэлэн цэврийг бахдан үзэж, баярлан бахадсандаа яаран бүсээ тайлж Бух өвгөнтэй солилцон бүслэлцээд
Хүний газар
Хүчтэний дунд
Үнэн сэтгэлээр
Үерхэн нийлсэн
Ихэрэс Бух дайчинтай
Ижилсэн нийлсэн Шонхолой
Заан гэж сая цоллуулсан
Залуудай гэдэг хүүдээ
Баргужин гоо ханьтай болгох
Баярт үг сонсоод бахаднам!
Уулзалдан танилцаж
Усны холоос Ихэрэс, Чонос
Ураг элгэн болоод
Үеийн үед эвтэй
Үрийн үед жаргалтай
Эрчимтэй гараараа хэзээд
Эдийн сайныг бүтээж
Саруул тунгалаг ухаанаараа
Сайхан бүгдийг зохиох болтугай!
Ваа! Ваа! Ваа!
гэж Чоносынхоо уриаг уриалан, үнэн голынхоо үг хэлж дуусахад нь Залуудай, Баргужин гоо хоёр ичингүйрэн улайж наадмын олон баярлан, нэг залуу эр урагш давшин ахмад өвгөдийн өмнө бөхийн ёслоод, хангинас сайхан хоолойгоор,
Бүрэнхүй шөнийн наадамд
Бүгдээр цуглаад ирлээ бид!
Харанхуй шөнийн наадамд
Хамгаар цуглаад ирлээ бид!
Хун галуу мэт дуугаа нийлүүлж
Настан ахмад дээдэс та нар минь
Наадмаа үүсгэн эхлэх ч болоосой!
Тогоруу мэт тохилзон бүжиж
Тоодог мэт дайвалзан алхаж
Бултын наадмыг захлах ч болоосой!
Буянтан буурал эгчмэд дээдэс маань
гэж уриал айлтган дуулахад нь Бух өвгөн нүд нь гялалзан гуяа алгадаад,
Бүрэнхүй шөнийн наадамд
Бүжих дур минь хөдлөв л
Харанхуй шөнийн наадамд
Хатирах дур минь хүрэв л
Харь л газраас л ирээд үү
Халуун та нартайгаа золгоод уу
Хамаг л олны наадамд уу
Хатирал үгүй яахав би!
Бүгд л олны наадамд уу
Бүжил үгүй яахав би!
гээд алсын аян туулж ирсэн дөрвөн нөхдөө дагуулан, отог олны наадамд ахас ихэстэй нь хамт гар гараасаа барилцан, гал түүдэг тойрон хатирахад Чонос, Шонхолой, Залуудай хоёр Хумка Үхүү, Гекүү хоёр олны бүжин хатирах хөдөлгөөнийг төдхөн сураад их л таашаан наадав. Үхүү Гекүү хоёр тэр гал тойрон хатирах наадам анх үзсэн авч тун таашааж их л баяр хөгжилтэй хатирч төдхөн наадмын дууны аяыг тогтоон сураад, өндөр дуугаар дуулалцан бүжив.
Балар эртний хүмүүс, галын наадам хийхэд орон дэлхий баясаж анч хүн, анд олзтой, эр хүн олз омогтой, явдал урагштай болдог гэж итгэдэг байсан учир өвгөд өтгөс, галын наадам хийж хатиран бүжиж байгаа залуучуудыг урамшуулж дунд нь оролцон наадалцаад өвгөдийнхөө галын дэргэд суун амарч, наадамчныг урамшуулан хөхүүлж байв.


Top
   
PostPosted: Jul.02.16 8:16 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван тавдугаар бөлөг

ЧОНОС НУТГАА ЗҮГЛЭЛЭЭ

Ихэрэс Бух худ, төрөл төрөгсөд олонтой их омгийн хүн байжээ. Өдий төдий жил сураг чимээгүй болж одсон хүн санамсаргүй маш хол газраас буцаж ирэхдээ бас омог олондоо харвах нум, хэрэглэх арга, хатан чулуугаа маш сайхан зүлгэмэл зэвсэг хийх нарийн дархны зүйл сурч ирсэнд нь омог олноороо их л баярлаж, өвгөнийг алс хол газраас олон аюул дундуур хамгаалан хүргэж ирсэн Шонхолой, Залуудай сэлтийг тэсгэлгүй элэгсэглэж өрх бүр дайлах гэж салахгүй хэсүүлсээр нэг мэдэхнээ хус модны навч шарлах шинж оров. Чингээд маш зочломтгой Ихэрэсүүд арга буюу нутаг ус холтой зочноо өвлийн хүйтэн болохоос урьд буцаж үзье гэхэд нь саатуулах ёс хаана байж болохов? Өвөлжөөд буц гэж үлдээх гэхэд Чонос Шонхолой, Ихэрэс Бух өвгөнтэй хамт өмнөд хол газраас нутаг усандаа дөнгөж хүрч ирмэгц Бух өвгөнийг нутаг усанд нь хүргэх гэж төрөл элгэнийхээ хүнийг уулзан золгонгуут орхиод ирснийг нь санахдаа бас өвөлжүүлэн үлдээх гэж оролдоход яаж болохов? гэж шударга сэтгэлт Ихэрэсүүд худ ураг болсон Чонос Шонхолойгоо үднэ гэж ус чийг тавихгүй хав загасны арьсан годос гэдэг гутал, өмд өөдөө амсартай юм гэж бүгдэнд нь хийж өгсөнд, хөлдөө годос байтугай чархи ч углаж үзээгүй Үхүү Гекүү хоёр нэн баярлав.
Заан Залуудай хүүгээ хүргэж ирсэн хүргэн болгож үлдээнэ үү, худ минь гэж Бух өвгөн Шонхолой Залуудайг үлдээх дуртай боловч Бух өвгөн Шонхолой Залуудай эцэг хүү хоёрыг хагацуулан салгахыг сэтгэл үл түвдэн, эх, эцэгтэй нь буцаахаар боллоо. Чингээд Шонхолойгоо тэр хар Намиадын нутаг усыг яаж өнгөрүүлэх вэ? Хичнээн дайчин эрс дагуулах вэ? гэхэд Шонхолой Үхүү Гекүүтэйгээ дөрвүүлэн явна. Ихэрэс ургийн намрын анд хүн бүлийг нь ан аваас нь холдуулаад яахав гэж цааргалсанд Ихэрэсүүд худ Шонхолойгоо ядахдаа гурав хоногийн газар үднэ гэж тогтов.
Омог олноороо Шонхолой худыг дайлж нэгэн сайхан цэлмэг өглөө Бух өвгөн тэргүүтэй хэдэн чийрэг Ихэрэс аянчин, Шонхолой худ хүргэн Залуудайг гурван хоногийн газар үдэхээр аялахад, Баргужин гоо Залуудайд
- Минйи ээжийн надад өгсөн чимэг юм. Зүүж явахад өлзийтэй сайн эд гэдэг юм. Аралжаа хийж, хойд хол зүгийн омогтон улсаас халиу булгаар авсан юм гэнэ билээ. Учрахын бэлэг болгоё гэж Залуудайд тунгалаг сайхан хуваар сийлж хийсэн арслан заан чимэг өгөөд ичингүйрсхийн тэргүүнийг дарсанд анх үзсэн цагаас нүдэнд нь дулаахан, сэтгэлд нь сайхан санагдсан тэр цэвэр охины хүрэн бор царайг харахдаа, дахин энэ сайхан царайг нь харах болтол их удна гэж зүрх шимшрэх мэт сонин сэтгэгдэл төрж, тэр хув чимгийг нь хүзүүнээсээ зүүгээд охины хүрэн бор бяцхан бөгөөд хөөрхөн гарыг нь өөрийн эрхгүй аяархан илэв.
Шовхоног, Залуудайн баруун хацрыг үнсэн таалаад,
Алс холын замд автайгаа
Амгалан сайн яваарай хүү минь!
Навчин залаат хөрст дэлхий тэтгэж
Наран залаат хөх тэнгэр ивээж
Усны уртыг сааталгүй туулж
Уулын өндрийг саадгүй давж
Алс холын их замд автайгаа
Азтай заяатай яваарай хүү минь!
гэж ерөөгөөд загасны арьсаар хийсэн хөнгөн цув бэлэглэв. Бух өвгөн нэг сайхан арслан зааны соёогоор хийсэн бариулд нь хулан тахь сийлсэн найман талтай, тал бүртээ хүчтэн араатан сийлсэн бороохой бэлэглэж,
Ур сайт хуланцгийн минь урласан
Эр сайт элэнцгийн минь эдэлж явсан
Чанга гартай чадал сайтай эрийн
Чамбай зэвсэг чамдаа бэлэглэн барьсуу.
Хатуу заяат Заан Залуудайгийн минь
Хартныг хага цохин дарж
Бортныг нь булга цохин сөнөөж
Амийг нь сахиж араатныг дарж
Агаа хүчийг нь нэмүүлж, алдрыг нь мандуулж
Бух хүзүүтнийг булга цохин дарж
Булиа хүчтэнийг бут ниргэн сөнөөж
Эр зоригт хүргэн Заан Залуудайд минь
Ээлтэй сайхан зэвсэг болж яваг
гэж ерөөн барьсанд Залуудай тэр гоё сайхан бороохойг хоёр гараараа хүндэтгэн хүлээн авч,
Бат зоригт баатар эрсийн
Барьж явсан энэ зэмсгийг
Бэлэгтэй ерөөлийг тань сонсон
Бэлэгшээж баярлан хүртлээ би!
Аугаа их хүчтэний барьж явсан
Арслан зааны соёо бороохойн хариуд
Атаатны дайснаас тань аргал хоргол
Хортон дайсны тань хоргол аргал,
Хол ойроос халдах өшөөтний тэнь
Хог саг болгох эр болсуу би!
Хол боловч ойр мэт бодож явсуу би!
Баярын царайгаар дэвшүүлэн тавьсуу би!
гэж эртэс дээдсийн заншлаар өлзийт ерөөл үгээ хэлэлцэн салахын ёс хийж Чонос омогтны нутгийн зүг аялах урт замдаа ороод гурван хоног үдэх Ихэрэс эрсийн хамтаар дөрвөн аянчны өглөөний өөд улаан нарнаар бэрх холын аянд зорин одов.


Top
   
PostPosted: Jul.02.16 10:53 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван зургадугаар бөлөг

АГУЙН ШҮТЭЭН

Өөдөө салаар явах аргагүй тул Ихэрэс эрчүүл Шонхолойн буцах зам гудас хустай газраас үйс хуулж, хоёр хүн суугаад явж болох, явж боломгүй газар өргөөд явах үйсэн завь хийж өгнө гэж хэлэлцсэн байлаа. Ихэрэс омогтон тийм завь хийхийг нутаг зэргэлдээд бий болсон үйсэн завьтан нэгэн аймгаас хийж сурсан бөгөөд хөнгөн хурдан сайхан онгоц гэж нэг хүн, хоёр хүн суух үйсэн завь зарим загасчин хийж хэрэглэдэг болсон байжээ. Бух өвгөн Шонхолой худыг үдэн гаргаж өгөхдөө үйсэн завь хийдэг урчуулыг олж, урт замд нь хэрэглэх тийм завь замд нь хийлгэж өгөхдөө Шонхолойг нутагтаа бас үйсэн завь хийж хэрэглэх аргыг нь үзэж сураг гэж бодсон байв.
Өдөрчийн газар их мөрөн дагуу хус мод үлэмж буй газар маш бүдүүн хустай тул, үйсэн завь хийхэд таатай юм гэж нэг Ихэрэс анчин газарчилж явсаар нээрээ ч жигтэйхэн их том хус модтой газар хүрч ирээд, тэр анчин, бүдүн хусны үйсийг хуулан авдаг аргыг нь Шонхолойн нөхөд сэлтэд нь үзүүлж, одоо цаг нь арай оройтсон, гэвч аргалан хуулж болно. Ёстой зохист цаг нь дол орсон цаг байдаг юм гэж Чонос анчинд хусны өргөн үйс хуулж, завь хийх арга зааж, хоёр хоёр хүн суугаад явах хоёр онгоц хийж залах сэлүүр гэж хоёр талдаа халбага шиг хавтгай сэлүүр хийлцээд, тэр үйсэн завийн хитүгэн талд нь юмаа хийгээд явах шургуулгатай, урагшаа хөлөө жийгээд, жад зэмсгээ шургуулах зайтай тун хөнгөн завь хийгээд, бургасны долоор үдээр хийж, цоорхой гарвал үйсэн нөхөөс тавиад ус оруулахгүй гэж үдээрийн нүх сүвийг давирхай жилийгээр шавах арга байдгийг зааж өгөхийн хамт, усанд завиа аваачиж залах сэлэхийг үзүүлэхээр боллоо.
Үйсэн завь хийж Их мөрний эргэд үүрэн аваачиж, Үхүү, Гекүү хоёрыг хоёр хүн завийн урд талд сууж сэлэх, залахыг сургатал хоёр хонож тэр завсар Үхүү Шонхолойн урд, Гекүү Залуудайн өмнө сууж сэлэх, бас ардах хүнийхээ сэлэх залахад хүч нийлүүлэхийг сурцгааж Ихэрэс анчин тэр ойн хоёр хүнийг ээлжлэн сургаж Бух өвгөний үгээр бол нилээд "элдэн боловсруулжээ". Чингээд гурав хонохын өглөө нь Бух өвгөн,
Алгана зэвгийн мах
Араанд шалай болов
Ан гөрөөсний мах
Амттай санагдах болов
гэж ууланд агнахаар болж, отог дээрээ хэдэн хүн үлдээгээд Шонхолойг нөхөдтэй нь дагуулан ууланд гарлаа. Хусан ойд уулыг даваад нэг бор нуруун дээр гарч доошоо тонгойтол будан татсан оройтой нэг сайхан уул цаана нь байв. Модон захаар нь ан тураг үзэгдэхэд тэр уулыг чиглэн явтал, арван хоёр салаат буга, ширэнгэ дотроос гарч ирснийг амин газар нь онож, Шонхолой ганц сумаар унагасанд Ихэрэс гөрөөчин харвал зааж өгөөрэй гэж гуйцгаахад нь намрын ав болохоос өмнө налгай сайхан нумтай болгож, харвал заана гэж амлав. Чингээд ууланд гартал, хаданд явсан нэг хүдрийг өвгөн Бух харван унагаж, Булжуухай худгуйд өгөөрэй гэж заарыг нь Шонхолойд өгөөд хоёр соёог нь мулталж аваад анчиндаа буга өвчиж байсан нөхөд дээрээ хүдрээ үүрэн аваачиж, отог дээр буга хүдрийн махаар хоол хийж байгтун гээд бусад анчнаа дагуулан Шонхолойн нөхөдтэй ууланд гарваас энгэр талд нь нэг хадны хөмөгт агуй шиг юм харагдав.
- Тэр юун агуй вэ? гэж Залуудайн сонирхоход Бух өвгөн,
- Бүү мэд. Би энүүгээр урьд яваагүй гээд анчнаасаа асууваас, нэг хүн өгүүлрүүн:
- Энэ газар даруй Булагад хүний нутаг Будант гэдэг уул. Энэ ууланд Булагад омогтон тахидаг Будан эвийн агуй бий гэж дуулсан. Тэр байлгүй дээ. Булагад хүн ан хийх, аянд явахдаа Будан эвийн агуйд очиж идээнийхээ дээж тавьж тайдаг юм гэдэг гэхэд нь,
- Алсын аянд зорьсон Шонхолой худад Булагад ах дүү нэрийн маань эвийн агуй замд нь тааралдах нь бэлэгтэй сайхан байна. Хатавчинд нь ирээд харалгүй, босгонд нь хүрээд буулгүй буцаж болохгүй. Будан эвийн агуйд будаг зосоор зураг өргөнө, харь газраас хар толгой мэнд буцвал хөрөг дүрийг нь шинэтгэнэ гэж амлаж явсан юм. Амласандаа эзэн болсуу. Будан эвийн агуйд орсуу! гээд Бух өвгөн хадан хөмгийн зүг мацав. Бусад нь хойноос нь дагалцан агуйн амсарт хүрвээс амсар нь бага мэт харагдах авч дотроо өндөр уужим. Галд нь чулуугаар овоо босгож Бай Кул далай нуурын усны хясаа, далайн хөвөөнд янгир хирис, бух гөрөөс, угалз хандгай бугын эвэр, хутган соёотой бар, хүдрийн соёо тавиастай хатаамал борц, жимс, төмс тавиастай байгааг үзээд Бух өвгөн саяхан агнасан хүдрийнхээ соёог тавив. Чингээд бор цайвар чулуун агуйн амсар доторх хадан хоёр хананд нь хүн ангийн дүрс улаан зосоор зураастайн зарим нь балархай шиг болсныг үзээд бүснээсээ агссан эвэр халзын таглаа сугалаад,
- Нангиа газраас авч ирсэн нарийн зос. Одоо л надад хэрэг болох нь өвгөн дархан Пек Тенег агуйн өтгийн тосоор найруулж өгсөн юм гээд, агуйн балархай зургийг сэлбэж, хулан, тахь, тэх, бух гөрөөс, арслан зааны дүрс тэр тун хурц өнгөт зосоороо сүрхий дүйтэй дадамгай зураачийн намбатайгаар зурж эхэлсэнд нь Залуудай хажуунаас нь сонирхон харж ганц нэг чадамгай зураасаар ан амьтны төрх байдлыг нь айхтар онон гаргаж байгаад нь үнэхээр бахдаж байв. Чингэж байтал хүн алхах хөлийн чимээ гарч, агуйн амсарт чийрэг сайхан биетэй нэг эр гараад ирэв. Тэр хүний хүрэн бор царай шударга эрс хүний шинжтэй бөгөөд нүд нь төв амирлангуй, харсан хүн бүхний сэтгэл татмаар тийм нэгэн эр ажээ.
Агуйн амсар дотор сууж байгаа хүн, хананд зураг зурж байгаа Бух өвгөн сэлтийг хараад, гаднаас ирсэн тэр хүн
- Амар мэнд байна уу? Та нар аль омгийн юун хүн бэ? Хэт нутаг хаана вэ? Хэрэг зориг юунд вэ? гэж ханхгар хөндий цээжнээс нь гарч байгаа цээл сайхан хоолойгоор асуусанд бүгд түүний зүг хандаж Бух өвгөн,
- Бидний олонх Ихэрэс омогтон. Миний нэр Ихэрэс Бух гэдэг. Өмнөд Нангиад газар явахдаа Булагад олны Будан эвийн агуйд хөрөг зургийг нь шинэтгэж өгнө гэж амласан билээ. Чингээд Нангиад газраас надтай хамт явсан Чонос аймгийн Шонхолой нөхөртэйгөө худ ураг болоод, үдэн гаргаж явтлаа санамсаргүй Будан эвийн агуйн хавьд хүрч ирээд урьд амласан юмаа гүйцээх цаг түүх нь боллоо гэж агуйд нь бараа бол, зосоор зурсан зураг хөрөг шинэтгэж байна гэхэд нь, тэр шинэ ирсэн хүн,
- Анд яваад сураггүй болсон хүн, урд зүгээс газрын хол, усны уртаас аялан хүрч ирлээ гэж би дуулсаан. Энэ хоёр хүн яасан, манай Булагад нутгийн сав газар ойд байдаг Хумка хүнтэй зүс байдал төстэй хүн бэ? гэж Үхүү Гекүү хоёрын зүг заан асуусанд, Гекүү тэр Хумка гэдэг омгийнхоо нэр сонсоод ихэд гайхан, зүрх нь цохилж сэтгэл нь хөдлөн,
- Энэ газар Хумка хүн байдаг юм уу? гэхэд нь
- Шивэр их модонд Хумка хүн байдаг юм аа. Тогтмол суурьшсан газар үгүй, ойд хэрэн хэсэж явдаг улс. Өвөл хавар манай Булагад өрхийн хавиар үзэгдэж, тарчиг ховор цагаар өл залгах юм гуйж явдаг юм. Гал гэж мэдэхгүй, гутал чархи гэж мэдэхгүй, ядруухан омогтон доо. Хэл бас Булагадтай сайн нэвтрэлцэхгүй, дохио зангаагаар л нэг юм мэдэлцдэг улс даа. Хамар сайтай. Муу мах байхгүй, тийм л аймаг омогтон доо. Би энэ хавар хүртэл ойд дайралдаж байсан гэхэд нь Гекүү
- Эндхийн Хумка нар, өөр газар Хумка хүн бий гэдэг үү? гэхэд,
- Би хэлийг нь мэдэхгүй, дохиог нь л мэднэ. Манай хэл муухан мэддэг нэг өвгөн Хумка Үхүү гэдэг өвгөн урд зүгт явалцахаа байсан гэж өвгөдөөс сонссон үг бий гэж Булагад хүнд ярьсныг нь би дам дуулсан. Тэгээд энэ хоёр хүн, манай Хумка хүний төстэй тул, би сонирхож асуусан юм аа гэхэд нь,
- Би Хумка Үхүү гэдэг хүн. Манай урд зүгийн Хумка хүн, хойшоо их модоор аялбал, шинэ сар ургахыг гурав дөрөв үзэхэд, Хумка хүний царай үзэж, үгийг нь сонсож болно гэж эцгээсээ би урьд дуулсан, тэгээд урд зүгийн хүн, учрахын тэмдэг болгож, унтахдаа толгойгоо заавал хойш нь харуулж унтдаг. Хойд зүгийн Хумка хүн, урагшаа харж унтдаг. Чи хойшоо харж унт гэж намайг сургадаг асан гэж хэлээд, одоо урд газар толгойгоо хойш нь хэвтэх Хумкагаас энэ бид хоёр л үлдсэн дээ гэж гунин хэлэхэд нь тэр хүн,
- Аа, яаж мэдэхэв? Их ой дотор хэрэн хэсэж явдаг омогтон, бөөнөөрөө нэг дор байдаггүй юм хойно, нэг хэсэг нь аюулд учравч, нэг хэсэг нь хэрэн хэссээр байлгүй яахав? Миний бодолд орохдоо урд газрын шивэр их модонд Хумка хүн бас байна! гэж зоригтой хэлэхэд нь Гекүү ихэд баярлаж,
- Таны нэр хэн бэ? гэхэд нь
- Урд зүгийн Хумка хүн гэхэд, манай хэл сүрхий сурчээ. Манай Хумка хүн ийм цэвэрхэн хэлж чадахгүй шүү гээд, Бух өвгөний зүг хандаж,
- Би Булагадын Арслан манаач гэдэг миний нэр та дуулсан ч байж магадгүй гэхэд нь
- Дуулалгүй яахав? Нэр сонсоод, зүс үзээгүй болохоос,
Гурван орон хэсүүлтэй
Гурмасан сухай манаатай
Өргөн их цээжтэй
Өндөр их сугатай
Хамаг олондоо хайртай
Булагад олондоо элэгтэй
Ах зах арслан манаач
гэж хэлцэхийг дуулсан даа. Өнөөдөр Будан эвийн агуйд Булагадын сайн Арслантай уулзсандаа их баяртай байнам би. Хол нутагтаа Чонос Шонхолой худын минь орон нутагтаа саадгүй сайн явж хүрэхийн Арслан манаач та, санаандаа саналцаж, бодолдоо бодолцож, өргөн их цээжиндээ дурдаж, өндөр их сугандаа түшүүлж, гэгээн ухаандаа, харанхуй шөнө зүүдэндээ орхилгүй яваа та! гэхэд нь тэр чилгэр сайн эр мишээж,
- Эзэн хичээвэл аз хичээнэ гэдэг мэргэн үг бий. Худыг нь харвал сэлбэлгүй сэцэн хүн байна л. Хүүг нь харвал нүдэндээ галтай, нүүртээ цогтой, сэргэлэн хурц залуу мэт харагдаж байна. Магтуулсандаа маасганаж, сайн хэлүүлсэндээ сагсууралгүй, гутахгүй хатуу зоригтой, гунихгүй хатан сэтгэлтэй, хүнд сайн, хүний үнэртэй, зорьсондоо хүрч, хэлсэндээ эзэн болж яваарай хүү минь! Аавтайгаа, нөхөдтэйгөө аяндаа аштай, замдаа заяатай, хоногтоо хоолтой, араатан халдашгүй хүчтэй ханьтай алхац арвитай, явдалд дорвитой сайн явж, санасан газраа саадгүй хүртүгэй гэхэд нь бүгдээрээ:
- Тэр сайхан ерөөл бат оршиг! гэж баярлалдав. Арслан манаач Бух өвгөний сайхан найруулсан зосыг бахдаад түр хэрэглүүлэхийг гуйж
- Өвлийн идэш базаах гэж, манай Булагад, намрын сүүлчээр ав хийх гэж, бутанд уулын агуйд буурал ээжээс хулангийн хутаг, тахийн хишиг гуйгаач гэсэнд нь ангийн дүрсийг сэлбэн зурах гэж ирсэн билээ би. Гэтэл та ирээд надаас сайхан зурж байгаа тул, би таны энэ сайхан зосоор хэдэн юм зарим зураг дээр нэмсүү гээд зарим ангийн зураг дээр жад ****** зураас нэмэв.
Залуудай, Арслан манаачийн зос аваад, бас хэдэн годоль сум шигдэж амнаасаа цус цувруулж байсан хутган соёотыг самнаа зургийн байдлаар зурсанд тэр хүн,
- Энэ яасан богино жад вэ? чи хэмжээг нь алдаж зурсан биш үү? гэхэд нь амсарт нэг буланд зураасан жад, саадагтай нум, хоромсоготой сумаа зааж,
- Манай хоёр аав урд газраас ийм зэмсэг хийдэг болоод ирсэн гэж, Арслан манаачид хавчаахай нум, годоль сумаа үзүүлэн, доошоо буухдаа харваж үзүүлнэ гэхэд нь Гекүү,
- Би энэ өндөр хушийн орой дээрх тэр гурван боргоцойг харваад өгсүү гээд, ганц сумаар гурван боргоцой унагасанд, Арслан манаач Бух өвгөнд,
- Та нумчинтайгаа энэ агуйн дээд салбарт оролцож, нэг юм харваж өгнө үү гэхэд нь Бух, Шонхолой, Залуудай, Гекүү дөрвүүлөө агуйн амсраас салбарласан нэг нарийн нүхээр бамбар барин шургаж ороод үзвэл, дотроо маш уужим өндөр бөгөөд нэг хананд нь шар улаан зосоор тахь, үхэр гөрөөс, угалз янгир, гурын дүрс зурсан нь цөм олон анчин жадлан хөөж, унагааж байгаа зураг ажээ.
Агуйн дунд шавраар, хэвтэж байгаа нэг тахь хийж, тахийн арьсаар нөмрөгдсөн байв. Тэр тарьмал тахийг тойрон олон хүний хөлийн мөр бамбарын гэрэлд харагдсанд Шонхолой,
- Энэ шавраар барьсан тахийг нар зөв тойрсон олон хүний мөр ямар учиртай юм бэ? гэж асуувал Арслан манаач,
- Намрын их ав хийж өвлийн идэш бэлтгэхийн урд Булагад омогтон энд хүрч ирээд, бамбар барин энэ тахь тойрон бүжиж, сайн сайн анчин жадалдаг юм. Ан олз ихтэй болдог гэж эртгээс нааш заншсан ёс доо. Жад чулуу хүрэхгүй газраас тусгадаг танай энэ зэмсгээр нөхөд, энэ шавар тахийг нэг нэг онож, манай энэ намрын ан авыг урагштай болголцож өгөөч гэхэд нь эрт балрын хүн, ажил явдлаа урагштай сайхан болгоно гэж итгэж боддог байсан тулд Бух, Шонхолой, Залуудай огт гайхсангүй, гуйсан ёсоор нь нэг нэг сум харван тэр барималд шигдээстэй үлдээжээ. Гекүү нөхдөө дууриан бас нэг сум тавиад Хумка нар нум сум байтугай, олигтой чулуун зэвсэг засаж чаддаггүй бөгөөд байгаль ертөнцийн тухай мэдлэг нь нэн ч балар байсан тул,
- Одоо бид сумаа сугалж авах уу? гэж асууваас Арслан манаач,
- Одоо сумаа сугалж болохгүй ингээд л үлдэх ёстой гэсэнд
- Ээ тэгвэл би хайран том годлио харваж энэ шавар тахид идүүллээ. Годоль шалгах дуртай юм гэж надад урдаар хэлж өгсөн бол би арай ондоо годоль энэ тахид шааж өгөх юмсан гэхэд нь Гекүүгийн годлио харамсан, бамбарын гэрэлд байн байн харж, байхад нь Залуудайн инээд нь хүрч би чамд нэг сайн годоль өгнө гэхэд нь,
- Гекүү тоо сайн сураагүй нэг, хоёр, олон гэж гуравхан тооны үг мэддэг тул хоромсогондоо байгаа сум зааж надад олон годоль байгаа дээр энэ шавар тахийг харвасан нэг годоль, Залуудайн өгнө гэсэн нэг годоль нэмбэл, нэг годоль, хоёр годоль, бас нэг годоль, бас олон годоль, бас олон годольтой байх юмсан гээд санаа алдсанд, Шонхолой инээд нь хүрэвч царайг төв болгон:
- Би чамд бас нэг годоль өгөмз энд тийм үг хэлж болохгүй гэв. Гекүүгийн годлио харамсах үгийг нь сонсоод Арслан манаач зэвүүнээр инээмсэглээд, нүд нь тун сонин харцтай болж, бамбар барьсан гараараа тэр шавар тахийн зүг заамагц дөрвөн харваачин, өөрийн эрхгүй түүний заасан дагуу харваас, өнөөх тахийн арьс нөмрөөстэй шавар тахь хөдлөх шиг боллоо. Энэ яаж байгаа нь тэр билээ гээд, хэдэн бамбарын сүүмэлзэх гэрэл сонин сүүдэр хөдлөн үзэгдэж байгаа харанхуй агуй дотор, шавар тахийн зүг бүгдээрээ харваас, шавар тахь хэдийн байхгүй, дөрвөн сум шигдсэн нэг их сүртэй том тахийн азарга босох гэж догшин сүртэй нүднээс нь цахилгаан цахилах мэт, Гекүүгийн өөдөөс муухай харан, чонон хоёр чихээ хулмалзуулан ам юугаа ангайж, шүд юугаа ярзайлгаж, цустай хөөс сахруулан цээжээ өндөлзүүлэн босох гэж овс овс хийгээд, агуй дотор цуурайттал догшин сүртэйгээр унгалдан, Гекүүгийн годолийг шүдээрээ шүүрэн биеэсээ суга татаж аваад, толгойгоороо нэг ширвэмэгц годоль шурхийгээд, Гекүүгийн гуя хөндлөн цохиод хуга буужээ.
Гекүү царай нь үнсэн хөх болоод ёо! хэмээн, гартаа байж байсан бамбараа газар алдан, царайд нь тэсгэлгүй эмээсэн байдал тодров. Догшин тахь урд хоёр хөлөөрөө газар цавчмагц зүг зүг оч цацран, ногоон туяа гэрэл татуулахад агуйн туурганд зураастай байсан олон амьтан хөдлөх шиг харагдав. Чингээд нүд ирмэх зуур, тэр тахь өөдөө цоройн Гекүүгийн зүг эргэж толгой дээр нь урд хөлөөрөө цавчих гэхэд Залуудай шаламгайлан нэг харвамагц тэр тахь агуй дотор хүнгэнэтэл газар ойчив. Цөм тэсгэлгүй хэлмэгдэн цочиж тэр газар ойчоод тарчилж байгаа тахийг харваас дахин шавар тахь болж тахийн арьсаар нөмөргөөстэй урьд хэвээр байнам. Гагцхүү, омруу тушаа нь Залуудайн бас нэг сум шигдээд, Гекүүгийн сум гуяыг нь хуга цохиод дэргэд нь газар хэвтэж байв. Гекүү тэр тахийн азарганд цавчууллаа гэж сандран, хоёр гараараа толгойгоо хамгаалан, нүдээ аниад зогсож байхыг бүгд эмээн харж Арслан манаачийн зүг харваас аажуухан зогсож, баруун гартаа гурмасан сухай ташуур минаа бариад, зүүн гартаа бамбар барин, Гекүүг минаа барьсан гараар дохимогц,
- Ёох! гэж дуу алдаад толгойгоо гараараа илэн хага цавчуулав уу үгүй юу? гэсэн юм шиг барьж үзээд годольд савуулж говгор болон хавдсан гуяа ярвайн барьж царай нь харчин болоод, доошоо бөхийж, хугархай годлио аваад Залуудайн гараас шүүрэн,
- Явъя, явъя! Айдас минь хүрч байна. Гадаа наранд гаръя гээд дагжин чичрэв. Эртний Грек үгээр хипноз буюу нойр зүүд, эртний монгол үгээр ховс буюу ховусун хэмээх хогоосон, хоосон гэж мэргэн нэр өгсөн нэгэн зүйлийн хүний сэтгэлийн чадлыг тэр эрт балрын жирийн хүн учрыг нь олж мэддэггүй байсан тул, Арслан минаачийг дагаж Будан эвийн агуйд орсон дөрвөн аянчин их л сүрдэж нэгэн хэсэг үг дуугүй зогсон, тэр их айж цочсоноо харахад, айван тайван зогсож тэднийг мишээн харж байгаа Арслан минаач явъя гэж дахин агуйгаас гарах нүхэн зүг удирдан одов. Чингээд тэр их хөндий агуйгаас нарийн нүхээр нь доошоо бууж, агуйн амсрын том хөндийд хүрч ирвээс харанхуй газраас гэрэл гэгээ тусдаг газар гарч ирэхэд сайхан ч юм шиг, эртний хүмүүсийн босгосон чулуун овоо, ханын зураг нь сүртэй сонин ч юм шиг. Бас Бух өвгөний хурц улаан өнгөт зосоор шинэтгэсэн зураг нь сүр үзэмж үлэмжхэн орсон юм шиг сонин жигтэй харагдав.
- Биднээс өмнөх олон үеийн хүний зурсан юм энд хэвээрээ л байгаа гэж Булагад Арслан минаач хэлээд Ихэрэс Бух өвгөнийг
- Та энэ нум годоль хэрэглэх сонин аргаа манай Булагад хүнд сургаж, амаа тосдож, ахас өвгөсийнхөө гэдэс цатгалан суулгахад нь тус болж үзээ. Урд хол газарт энэ нум хэн бий болгосныг та эс мэдэрч амандаа идэх юм нийлүүлж, амиа хаацайлахдаа нумын ачаар чадал нэмэгдсэн шиг, таны сурч ирсний ачаар манай энэ газрын хүн омогтон танаас амь зуухдаа тустай юм олж явбал сайхан шүү гэхэд нь,
- Тэр зөв өө, ах дүү омогтон тэгэлгүй яахав гэж Бух өвгөн хариуллаа. Залуудай ахас хүний тэдгээр үгс сонсож байгаад, Бух өвгөний Баргужин гоо охины төв харцтай торомгор хар нүд нь, хүрэн бор цэвэр царай нь гэнэт харагдах шиг болж, Булагадын энэ агуйд ойр залгаа Баргужин гоогийнхоо нутагт дахин би нэг ирэх болоосой гэж бодоод барын соёогоор хийсэн дун цагаан зэвээ агуйн амсрын чулуу босгосон овоонд тавиад,
Урьдын хүний юм нь
Хожмынхоо хүнд дурсгал болов!
Учрахыг хүссэн хүсэл
Хожим санасан ёсоор бүтэг!
гээд Арслан минаачийн сэцэн бөгөөд хүний дотор юу болж байгааг хараад мэдчихмээр гэж бодогдон сүрхий нүд өөд нь хараад, баахан ичингүйрэн зовсхийтэл тэр хүн нээрээ ч санааг нь мэдсэн юм шиг мишээсхийгээд
Уужим дотортой хүнд
Уулын өндөр саадгүй
Усны урт хорьгүй
Учран баярлах цаг бий
гээд мөрийг нь алгадахад чин зоригт талбиу доторт тэр болоод хүний самбаатай уужим сэтгэлийн нэг хэсэг нь шингэсэн шиг, нарт сайхан байгаль ертөнц улам гэрэлтэй сайхан болсон мэт харагдаж, давхар давхар сүндэрлэсэн уулс, хөхрөн харагдах мод ч улам үзэмжтэй мэт санагдав.


Top
   
PostPosted: Jul.04.16 4:50 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван долдугаар бөлөг

ҮЙСЭН ЗАВИАР АЯЛСАН НЬ

Их мөрний эргэд хоёр үйсэн завь хэдийн бэлтгээстэй байсанд, Будант уулнаас бууж ирэнгүүт Ихэрэс анчны барьсан загаснаас идээд, дөрвөн аянчин хоёр хоёроор завьдаа сууж, мөрний эрэг дээрх Ихэрэсүүд, баруун гартаа жад бороохойгоо өргөцгөөн үдэв.
Шонхолой Үхүү хоёр түрүүлэн, Залуудай Гекүү хоёр хойноос нь дагаж, хоёр залуу, хөнгөн үйсэн онгоцонд суугаад зөөлөн урсгал, усны өөд сэлүүрийн ая даган хөдлөх онгоц нь, нүсэр хүнд салтай тун адилгүй тул ихэд бахдан сэлж явтлаа, урдах онгоцоо үзтэл Шонхолой Үхүү хоёр ээлжлэн сэлж, биедээ зүдэргээ багатай явах байдлыг нь ажиглаад, бас тэр аргыг нь хэрэглэж ээлжлэн сэлэв.
Урьд өмнө салж үзээгүй хоёр залуу, нар баруунаа таших үес нилээд ядарч дал мөр хөших мэт боллоо. Чингэтэл урдах онгоц, мөрний нэг аралд бургасан завсар зогсож, Шонхолой Үхүү хоёр буугаад онгоцоо эрэг дээр гаргаж, Шонхолой
Арал дээр хоновол араатны аюул бага байх ёстой. Эртхэн бууж, хоол ундаа хийж амарцгаая. Сэлж үзээгүй тул, баахан ядарч байна, аажимдаа дасаад гар бие чангарна гэж, Гекүүгээс
- Ядрав уу? гэхэд нь,
- Гар их чиллээ гэж том амаа ангайн инээв.
Ихэрэс нөхдийн өгсөн идээ мах авч явсан тул, цахиур хавирч гал түлээд, хоолоо халааж идсэн хойно, Үхүү, Гекүү хоёр хэвтэш засаж Шонхолой хуурай мод түүж, загас орой гэрдэхэд бэлтгэв. Чингэж байтал, Гекүү Шонхолойн дэргэд гүйн ирж,
- Би дэвсгэр засах мөчир, зөөллөх өвс түүж байгаад, энүүхэнд нэг том хөлийн яс оллоо. Надаас том юм. Энд ямар том амьтан байдаг юм бэ? Энд хонох юм бол тэр том амьтныг идсэн аюултай том юманд идүүлнэ байх гэхэд нь Шонхолой гайхаж бүгдээрээ очиж үзвэл, эргээс нэг том, дунд чөмөг нурсан байжээ. Нээрээ ч Гекүүгээс бүдүүн бөгөөд том ажгуу. Өргөөд үзэх гэхэд хоёр хүн даамгүй хүнд байдлыг ажиглавал, саяхны яс яасан ч биш, чулуу болсон шинжтэй тул, урьд өмнө тийм яс үзээгүй Шонхолой ч гэсэн гайхаж,
- Махны үнэр ч байхгүй, чийгтэй чулууны л үнэр гарч байна гэж жишиж үзээд, мөлжүүр нь салсаар лав удсан юм байна. Ийм чулуун ястай амьтан гэхэд ийм том амьтныг идсэн араатан гэж лав үүнээс багагүй биетэй юм байх ёстой. Тэглээ гэхэд мөр нь энэ элс шороо, шаварт сүртэй юм байх ёстой. Ийм том биетэй хоёр амьтан ноцолдож, нэг нь идсэн, нэг нь идүүлсэн гэхэд ноцолдсон мөр нь бас мод булга хуга гишгэж, дов газрыг дов болгосон байх. Ийм том чөмөгтэй амьтны толгойн яс байх ёстой гэж дөрвүүлээ тэр хавийн газар тэр чулуун яст үлэмж биетэй амьтны ул мөр бусад ясыг нь эрээд огт юм олсонгүй.
- Бид энэ аралд хонох уу, их мөрний нөгөө эрэг дээр гарч хонох уу? гэж Гекүүгийн эмээн асуухад, Шонхолой санааг нь тайтгаруулж,
- Эндээ хоновол дээр бий. Тийм том амьтан энэ аралд олон байж болохгүй. Байвал чулуун ястангууд энэ их мөрний хоёр эргээр л байж магадгүй. Мөрний эргээс энэ арал, яасан ч аюул багатай. Эндээ хоноо гээд, отог дээрээ очиж, загас гэрдэх ясан соёот сэрээгээ хирисийн сураар оосорлоод гэрэл барих хуурай бургас нэг завьдаа аваачин бэлтгэхэд нь загас гэрдэхийг ойн хоёр хүн маш сонирхож, эрэг дээрээс харна гэж очилцов.
- Чингээд онгоц дээрээ гэр барих бургасаа аятайхан тавиад сэрээгээ оосорлосон сурын нэг үзүүрийг үйсэн завийн урд үзүүр талаас торгон модноос уяж зэхээд, цахиураа хавирч, бургасандаа гал асаан, онгоцноо аятайхан сууж, Шонхолой сэрээгээ барин, Залуудай ард нь сууж, аяархан сэлсээр нэг мэлтэгнэн гэр бургасны галд харлаж харагдах хөвчийн зүг чиглэн очтол, арлын эрэг дээр үлдсэн хоёр Хумка эрэг дагуу чимээ аниргүй алхан дагаж, загас гэрдэхийг харах гэж явлаа.
- Залуудай эцгийнхээ дохиогоор сэлэхийг зогсоод гэр бургасаа барин ус гэрэлтүүлж, Шонхолой ясан соёот сэрээгээ усны гүнээс гарч, онгоцон тушаа ирэх загас хүлээн харж байтал, удалгүй хэдэн загас үзэгдлээ. Чингэж байтал усан дотор нэг их том хар юм ойртон ирэх шиг болсонд, Залуудайн харахад тул шиг байдалтай боловч хоёр алд гаруй юмуу гэмээр бүдүүн гэгчийн загас, час час хийн шатах бургасны гэрэлд усанд харагдаж том гэгчийн толгой нь сүрхий махчин загасны сүртэй байдалтай яаралгүй өөдөө хөвөн гарч ирэхэд нь Шонхолой сэрээгээ хүчлэн хаясанд шав хийгээд ус руу орж, тэр том загасны шилэн хүзүүнд чадамгүй загасчны чийрэг гараар чиглүүлсэн сэрээ шаах шиг боллоо. Чингэтэл ус буцлах мэт өөдөө оргилон, нэг том сүүл цухас хийгээд, далд ормогц үйсэн завийг ямархан нэгэн юм маш хүчтэйгээр угз татсан шиг болж, Шонхолой зогсож байснаа ус уруу нь ойчин алдаж, гагцхүү хөл сайтай төлөөдөө тогтон, завьдаа гэдэргээ суун ойчив. Залуудай хүү, завь ухасхийгээд сандрахдаа, яаран нэг гараараа сэлүүрээ шүүрч, юу болсныг огт мэдсэнгүй, дэмий л нөгөө гартаа галтай гэр бургасаа атган, нүүрийг нь нэг юм хараад яваа юм шиг ширтэн суух байдлыг нь ажаад лав нэг маш том загас сэрээдүүл, манай завь чирээд давхиж явна гэж бодож олов. Чингэтэл эцэг нь
- Галаа л унтраалгүй байж үзээрэй, хүү минь. Сэлүүрээ алдаж болохгүй шүү гээд, өмнөх усан дотор нэг юм жадлаад орхих шиг болсонд, завийн явах нь улам ч ширүүн болсон мэт. Байсгээд ус руу нэг чичиж явтал арал ч өнгөрөр шиг боллоо. Чингэхэд нь Шонхолой, хирисийн ширээр хийсэн аргамжаа, аяархан татсаар, уснаас харанхуйд гэр бургасны галын гэрэл туссан газар сэрээ жадны аргамжаатай үзүүр нь татагдан гарч ирлээ. Залуудайн харж байтал, харанхуй уснаас нэг бүдүүн мод шиг юм харлан ойртож, хавтайсан том толгой махчин загасны муухай гэгчийн харцтай хүйтэн нүд гэр бургасны гэрэлд үзэгдэн, заламгайг халхалсан хоёр хацар нь оволзон усны гадаргад тэр айдас хүрэм аягүй том толгой ойртон татагдаад ирмэгц, Шонхолой хүчлэн жадалж, тэр хавтгай том толгойд цахиур гилбэрийг далд ортол шааж авав. Урт гуалин шиг харлан харагдах тэр аварга тулын бие нь чичгэнэсхийх шиг болж, гэр бургасны гэрэлд тэр амь талбин буй лут тулын толгойд ****** жадаа суга татаж аваад хүүдээ сэрээнээс уяастай аргамжийн үзүүрийг завийн хушуунаас тайлж Залуудайд өгөөд, сэлүүрийг нь авч давхисан тул, одоо уруудан буцахад арай дөхөмтэй боловч чухам аль хавиар түрүүн буусан газар сайн мэдэгдэж өгөхгүй байтал, бургасан дундаас галын гэрэл гялалзсанд, Үхүү Гекүү хоёрыг ус уруу хаяж орхилоо. Ойн хоёр хүн, ерөөс усанд муу тул, ихэд мэгдэж, арваганан, сарваганан, жавшаанаа ус гүехэн учир эрэг дээр гарч иртэл, Шонхолой тэр том тулын толгой биеийг эрэг дээр гаргаж Залуудай, нуруун дундаас нь өргөн гарах гэж оролдож байтал, усанд хаяулсан хоёр Хумка элбэлцэж арайхийн эрэг дээр гаргаж авлаа.
Чингээд модоор цээжин биеийг нь дамжлан, отог дээрээ дөрвүүлээ дамжлан аваачиж, усанд норсон хувцсаа галд ээхийн завсар, цахиур чулуун хутгаараа Шонхолой тэр том тулын гэдсийг хагалж цэвэрлэж эхэлтэл, гэдсэн дотроос нь хагас хайлж урсаж очсон нилээд хэдэн том загас нэг зангидсан хүрэн бор гар гарчээ. Тэр гарыг гаргаж, гайхан үзвэл бугалгаараа тас атгасан байжээ. Гар нь бас ямархан нэгэн араатны шүд соёоны ор мөртэй бөгөөд гэдсий нь цааш нь үзвэл, бас нэг тунтгар юм залгисан нь халиу гарч ирлээ. Гекүү тэр халиуг үзээд, тулын гэдэснээс гарсан тэр гарт байгаа ор сорви нь халиуны шүдтэй таармаар мэт санагдаж, халиуны ам ангайлган тааруулж үзвэл, яг нийлэх тул, Шонхолой,
- Энд халиу, гар зуугаад тулд баригдан залгиулж, гартайгаа гэдсэнд нь оржээ. Гар нь нэг тулаан болж, энэ гарын эзэн нэг хүний чих тас татаад тул загасанд шүүрүүлж үхсэн бололтой. Бидний ирсэн зам дагуугийн эрэг хавиар тийм тулаан болсон ор мөр ер үзэгдсэнгүй билээ. Залуудай Гекүү та хоёр замдаа юм ажиглав уу? гэж асуухад нь тэр хоёр зр бидний нүдэнд тийм юм торсонгүй гэлээ.
Чингээд тэр том тулаа, цахиур хутга, сүхээр эвдэж хэдэн хэсэг болгоод арьсыг нь өвчиж аваад гэдэс дотрыг нь усанд хаяхад, тулын гэдэснээс гарсан халиуны арьсыг бас өвчиж, усанд угаагаад авлаа.
Дөрвүүлээ аварга тулын махнаас галд шорлон шарж идээд, Үхүү, Гекүү хоёрын бургасаар нөмөр босгосон хэвтшинд хэвтэн, өдрийн аянд баахан ядарсан тул, төдхөн унтацгаажээ.
- Шөнө амгалан хонож, өглөө эрт үүрээр галаа түлцгээн, чийгтэй будантай тул галд дулаацан, хувцсаа ээгээд, хоолоо идэж аваад, дахин үйсэн завьдаа сууж, манан татсан их мөрнийг өгсөн сэлэхдээ хоёр эргийг ажин явав. Орчин тойронд араатны дуу чимээ гарахгүй нам гүм тул, аянчин их усны тэр нэгэн хэсэг газар лав догшин араатан үгүй юм байжээ гэж өглөөний сэрүүнд эрчтэйхэн сэлж, нилээд хурдлан явж байтал, нар ч гарч манан будан ч дээшээ дэгдэн арилав. Чингэж явтал, огторгуйд том тас их мөрний эргийн зүг нисэн буух шиг болсонд Шонхолой,
- Энд лав нэг улай гарчээ. Өчигдрийн гарын учир энэ хавиас мэдэгдэх ч магад. Та нар ажиглаж яваарай гэтэл нэгэн хадан байц харагдав. Түүнээ элээ бүргэд маш цадсан шинжтэй сууж, ялзарсан мах ясны нилиг үнэр ханхалсхийв.
Тэр байц тушаа ойртоод, завиа эргийн дэргэд зогсоон харваас, тулаан болсон газар бололтой. Арваад хүний тамтаг болсон хүүр яс үзэгдэж, орчин тойронд нь амаараа гартал идэж цадсан махчин шувуу энд тэнд чулуун дээр лаглайн суух ажээ.
Түрүүн агаарт халин нисэж явсан том тас, нэг хүүрийн дэргэд хэдийн бууснаа, эргийн захад үйсэн завь хүрч ирэн, хүн гарч ирэхийг үзээд, дуртай дургүй зайлсхийгээд, хялайн харж өглөөний хоол идэх гэж байхад нь хүрч ирээд үймүүлсэн энэ хоёр хөлт амьтан яах гэж байгаа юм бол? гэсэн шиг харж суув.
Шувуу, жижиг араатанд сэглүүлсэн тэр арваад хүүр, цөм цавчуулж цохиулсан, бяцар няцар буусан ясны байдлаар үзвэл, тулаан болсон байдал илэрхий бөгөөд иш нь хугарсан жад, бас зарим хүүрийн хажууд бүдүүн хийцтэй бороохой, чулуун сүх гэж үзэгдэж байгаа нь ямархан нэгэн дайсагнах хоёр омгийн хүн тулалдсан бололтой. Саарь сармай хувцасны тамтаг тасархай, махчин шувуу цөөвөрт уруулан энд тэнд хэвтнэм бөгөөд, нэг хүүрийн хэмхдэс яс үзвээс баруун гарын бугалга яс нь тас цавчуулсан байдалтай тул, урьд шөнийн аварга тулын гэдсэн дотроос гарсан гарын эзэн нь энэ боллоо гэж дөрвөн аянчин тэр шувуу цөөвөрт имхлүүлсэн ягаан хавиргатай хэнхдэг ясны үлдэгдлийг ажин харж нэг хэсэг зогсоод, Шонхолой,
- Энд усны захад тулаан боллоо гэхэд, дийлсэн нэг нь эргэж өөрийнхөө дайчны яс авдаггүй, яваад өгдөг учир нь юу билээ гэж гайхав. Чингэж байтал, тэр хадан байцын ёроолд нэг эрээн юм хөдөлсхийх шиг болсонд, тэр зүг ажин харвал, хадны нөмөгт нэг маш том аварга могой, дунд бие нь нэг том урт юм залгисан мэт бондойгоод хэвтэж байснаа тэр хэдэн хүүрийн дунд хүн явахад хөдөлсөн бололтой. Чулуун дундаас хавтгай муухай толгой нь өндөсхийн цухуйсанд Шонхолой эмээж,
- Эндээс бушуухан зайлсуу. Энэ газрыг эзэлсэн аврага могой бидэнд халдвал аюултай хэмээн, яаран завьдаа сууцгааж, тэр үл мэдэгдэх омогтны, гэнэт аварга могойноос сүрдэн сандарч тулалдаанаа зогсоон дутаасан газраас манай дөрвөн аянчин бас бушуухан зайлав.
Дараа юу болж нутаг усандаа хүрэх эсэхийг нь хойтох хэсгээс үзнэ үү.


Top
   
PostPosted: Jul.10.16 10:30 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
баярлалаа Болоодоо, эртний хүмүүс ч бас цэцэн мэргэн шүлэгч байжээ, мундаг юмаа, бэр ч буулгалаа, ёс төртэй хүмүүс байж дээ манай өвөг дээдэс, одоо ч чонос гээд овогтой хүмүүс байдаг юм билээ ш дээ


Top
   
PostPosted: Jul.10.16 12:04 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Dogshin jaran yu bolson be Blooodooo?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Jul.10.16 9:55 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Харгис зуун гээд махчилсан нэр өгчөөд тулалдсаар л байна...


Top
   
PostPosted: Jul.13.16 3:55 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ТЭРГҮҮН ХЭСГИЙН ТОВЧ ТАЙЛБАР

Тэргүүн бөлөг

Хирис гэдэг амьтан маш дээр эрт цагт Монгол газар байсан нь одоо хүртэл энд тэндгүй яс нь олддог. Улаанбаатарын хавьд Сонгины булангаас эртний хирисийн яс олдсон удаа бий. Улирал сэрүүн учир бие нь үстэй байжээ. Хамар дээрээ нэг том эвэртэй, түүний ард нь арай бага шиг нэг эвэртэй маш догшин амьтан бүлгээ. Хирисийн үед Монгол газар бас арслан заан гэдэг бүх биедээ урт үстэй заан байсан нь одоо хүртэл шүд, соёо зэрэг яс нь олддог байсныг хуучин толь бичигт мөсч хулгана хэмээн нэрлэж үсээр нь юм сүлжин нэхдэг хэмээжээ.
Хуучин толь бичигт мөсч хулгана гэдгийг газар доогуур яваад, гэнэтхэн дээшээ гарч ирвэл, салхинд цохиулж үхдэг гэж дурьдсан нь, хөлдүү цэвдэг газрын эрэг урин дулааны цагт эвдрэн, ус бороонд нурахад маш эрт цагт үхсэн арслан зааны хүүр гарч ирэхийг үзэгдсэд арван найм есдүгээр зууны толь бичигт тусган мөсч хулгана гэдэг үлэмж биет амьтан, нар салхи үзээд үхчихдэг юм байна гэж хэлэлцдэг байсан нь монгол хуучин тайлбар тольд тэмдэглэгджээ. Хөсрөөс олдсон тэр арслан зааны ясаар савх, хэт хутгын тээг, элдэв чимэг сийлэхэд хэрэглэдэг байжээ.
Сибирт хөлдүүгээр бараг бүтэн шахуу хөлдүү арслан зааны хүүр олдсоныг орчин үеийн хуучин аргаар магадлабаас орчин үеэс нэгэн түм хоёр мянган жилийн өмнө үхсэн арслан зааны хүүр байж хэмээн магадласан байдаг учир балар эртний энэ романд өгүүлэн буй явдал, даруй түм орчим жилийн өмнөх байдал болно.
Өрх гэж одоо бид өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин гэж оньсогонд хэлэлцдэг бөгөөд эсгий гэрийн тооно бөглөх дөрвөлжин эсгийг нэрлэдэг нь хожим хойнын утга. Айл өрх, ам өрх гэдэг хоршоо үгэнд харин хуучин утгын санаа бий бөгөөд газрын өрх гэж хэлэлцдэг ман эртний утга нь бий. Монгол уйгаржин үгээр өрх гэдгийг эрукэ гэж бичдэг бөгөөд одоо бид чингэж бичсэн үг хэмээн одооны аялгуугаар монгол үсгийн бичлэгийг дууддаг болсон нь, аман аялгуунд өрх хэмээмүү. Уг гарлыг нь шинжилбэл, эрү гэсэн язгуур үг нь малт гэсэн утгатай бөгөөд кэ гэдэг дагавар нь юм гэсэн утгатай тул, өрх гэж уул нь малтмал юм, малтсан нүх гэсэн утгатай үг байж балар цагийн хүн, оршин суух сууцаа анх газар нүх малтаж суудаг байсныг нь заажээ.
Ингэхдээ нүх малтаад, багана дээр тооно шиг юм босгож, сургааг унь тавиад, дээрээс нь модны долон холтос, үйсээр хучиж, түүний дээрээс шороо ширэг дэвсэж, тооноор нь доошоо хүн орох гишгүүр цавчдас гаргасан мод налуулан тавиад, дор нь голд нь түлсэн галын утаа нь хүн орж гардаг тийм малтмал орон сууц байсныг малтмал юм гэж өрх хэмээн нэрлэдэг байжээ. Чингээд, нэг тийм өрх гэр дотор суугсдыг нэг өрх гэж нэрлэн хожим айлыг тоог ч өрхийн тоо гэж нэрлэдэг болж ирээд, хожим ангаар амьдрах байдлаас мал аж ахуйтай болох үеэс манай дээдэс нүхэн өрхөөс гарч гэртэй болжээ. Гэртэй болохдоо үүд хаалгатай болжээ. Чингэхэд өрх гэдэг малтмал орон сууц нь газар дээр босгох орон сууц болж ирсэн учир, утаа гарах нүх, хүн гарах нүх аяндаа тусгаар болсон авч, үүд өрх гэдэг хоршоо үгэнд эрт цагт орон гэрийн орох гарах үүд нь малтмал нүх байсны дурсгал хоцорчээ.
Үүнд монгол хэлтнээс хэрэглэсэн тэр үг хамниган хэлэнд одоо хүртэл үүд хаалга өрх гэж нэрлэдэг нь монголчуудаас маш дээр цагт тэр үг хэрэглэн авсныг гэрчилж байгаа хэрэг.
Чулуун зэвсгийн үеийг дотор нь эртний чулуун зэвсэг, дундад чулуун, шинэ чулуун гэж хуваан шинжилжээ. Орос хэлнээ эртний чулуун үеийг грек үгээр палеолит гэдэг нь палео гэж гэж эртний лит гэж чулуу гэсэн үг юм. Дундад чулууны үеийг орос номд мезолит гэдэг нь мөн грекээр мезо гэж дундад, лит гэж чулуун гэсэн үг. Шинэ чулууны үеийг оросоор неолит гэдэг нь грекээр нео гэж шинэ лит гэж чулуун гэсэн үг болно. Иймд монголоор эртний, дундад, шинэ чулууны үе гэж грек үгийг утгыг монголоор орчуулж, утга нь нийтийн үг нь монгол байвал ухахад дөхөмтэй болно. Эртний дундад шинэ чулууны үе нь дэлхийн хэмжээний нэгэн эрин цагт байсан нь зарим газар эртний чулуун зэвсгийн аргаар зэвсгээ хийж байхад өөр нэгэн газар дундад буюу шинэ чулуун зэвсгийн шатад ороод байсан газар ч байжээ.
- Монгол газар, говь хангай аль ч нутгаар эл чулуун зэвсгийн үлдэц нэн үлэмж үзэгдэх бөгөөд чулуун зэв мэтийн байдал нь цахиур чулуу, галт уулын шил чулуу зэргийг чулуун хашуураар цохин дарж, олон талтай шовгор юм болгосон зүйл Монгол газар маш элбэг тохиодог.
- Бөөгийн шүтлэг бол чулуун зэвсгийн үеэс үүссэн маш эртний шүтлэг бөгөөд эртний судлалын эрдэмтэн балар цагийн хувийн булш дотроос онгодын дүр баримал зэргийг Европ, Ази зэрэг тивийн олон газар олноос агуй, хадны хөмөг, элгэн хаданд балар эртний хүний зурсан шүтлэгийн холбогдолтой зураг хөрөг олсон нь бас үлэмж буй Монгол газар ч мөн тийм ийм зүйл арвин тохиолдох ажгуу.
Орос хэлнээ Август буриан гэдэг чех эрдэмтний Эртний хүний амьдрал "Жизнь деревного человека" гэдэг зурагт сайхан номд эдгээр байдлыг сайхан тодорхойлсныг олж үзвээс сонин бөгөөд манай эртэс дээдэс хэрхэн амьдарч яаж аж төрдөг байсныг мэдэхэд тун хэрэгтэй сонин ном болмой.
Балар эртний хүн үхэгсэдийг оршуулахдаа, амьд ахуй үеэс хэлэглэж байсан орон сууцны үлгэрээр нүхэн нууц ухаж, идэх уух юм, эдлэх сав сааль, зэр зэвсгийг нь тавилцан оршуулдаг учир эртний хүний оршил газрын байдлаар амьдрах үеийн орон сууцыг гадарлан мэдэж болно.
Балрын хүн юм бүхэн сүнстэй гэж боддог учир үхэгсэдийг дагалдуулан тавих зүйлийг бас дор бүрнээ сүнс буй гэж үзэх учир сав, зэмсэг, хувцас хунарыг нь хүртэл сэв шарх оруулж "алан" сүнсийг нь эзнээ дагаж үйлчлэг гэж үздэг байжээ.
Тэр эртний үзлийн үлдэц нь олон улсын ёс заншилд одоо ч бий агаад, гагцхүү учир утгыг нь мартаж, ёс хэмээн баримтлах зүйл цөөнгүй.
Жишээ нь бөөгийн шүтлэгт монголчууд хожим шарын шашинд орсон хойно, шарын шашны бурхны хөрөг дүрсийг он удаж элэгдэн тамтрахад хүрвэл, даруй уул хаданд зайлуулан тавьдаг байсан нь тахиж байсан бурхныхаа хөргийг эвдэрч тамтрахад үхэж одлоо, бурхан биш буг болох нь гэж дээр цагт эртний бөөгийн үзлийн үүднээс үзэж байсан ёсоор, хөрөг нь сэвтсэн бурхнаа уул хаданд аваачин "оршуулдаг" байжээ.
Бас хүнд цай хийж өгөхдөө, хагархай аяганд хүртэл цай, хоол хийж өгдөггүй нь одоо бол зочин гийчин зэрэг хүнийг хүндэтгэн үзэхийн эелдэг найрсаг ёсон боловч, эрт балар цагт бол амьд хүнд хоол унд хийж өгөх нь аягүй гэж үздэг ёсноос гарсан ажаам.
Үхэгсэдийг оршуулахдаа, орон сууц хийж өгдөг байсны ул мөр нь олон улсын ёс заншил, хэл үгэнд хүртэл, нарийн шинжилбэл энд бийг энд жишээлж цухас дурдвал, орос хэлнээ авсыг бас "домовина" буюу монголчилбол "ганц хүний байшин, хүний орших нууц" гэсэн утгатай үг бөгөөд орон сууц гэсэн дом гэдэг үгээс үүссэн үг болно.
Шар махчин балрын хүн аймгийн дотор махчин аймаг байсны гэрч баримт, эртний судлалтан /орос хэлнээ археология гэдэг ухааны нэр нь грек хэлнээ архео буюу эртний логия гэж судлал гэсэн үгээр монгол утга нь дэлхий нийтийн байдалтайгаар хэрэглэхэд эртний судлал болно/ магадлан олсон билээ. Энэ тухай дээр дурдсан Эртний хүний амьдрал гэдэг номоос тодорхой үзэж болно.
Гал эртний хүн тэр бүр цахиур хавиран дуртай цагтаа асааж чаддаггүй, түймрийн гал зэргээс гал үүсгэн манаж, аян анд явахдаа тусгай бяцхан ваар буюу чулуун хорго мэтэд авч явдаг байжээ.
Чингээд тэр хорготой галаа алдвал маш их зүдэрдэг байсан байна.
Энэ тухай Францын зохиолч Их рони гэдэг хүн "Галын тэмцэл" гэдэг уран зохиол бичсэн нь орос хэлнээ "Борьба за огонь" гэдэг ном болгож орчуулсан хэвлэсэн зүйл бийг сонирхогсод сураглан олж үзвээс болно.
Галыг эртний хүн, чадал боловсрол нь нэмэгдэж ирэхэд хоёр мод хавирч гал гаргах болж, улмаар цахиур чулуу хавирч гал гаргах арга олсон билээ.
Эртний хүний аж төрөхөд гал нь хоолыг нь болгож, биеийг нь дулаацуулж, өрх гэрийг нь гийгүүлж, араатнаас амийг нь хамгаалах зэргээр маш их ач тустай байсан учир, галыг нэн эрхэмлэдэгийн уламжлал нь монголчуудын гал голомтоо тахидаг эртний бөөгийн үзлийн үүднээс галыг амьтан гэж үзэж байсны ор үлдэц нь галыг "асаж байна ноцож байна" гэж хэлдэг хэллэгэнд үлджээ. Чингэхэд бид одоо гал асаж байна, гал ноцож байна гэж эртний тэр утгаар нь бодохгүй болжээ. Орос хэлнээ гал асаж байна гэдгийг огонь горит гэж хэлэхдээ бидний одоо гал асаж, ноцож байна гэж хэлдгийн нэгэн адил, эртний утгыг нь мөн бодохгүй ажаам. Чингэтэл горит гэдэг халаад байна, цоргиж түлж байна гэсэн утгатай үг бөгөөд, халуун халхай халцхай гэсэн язгуур нэгтэй нь, эртний оросын дээдэс галыг хайрдаг, халаадаг гэдэг шинжээр нь, манай дээдэс мод түлээ шатах гал авалцах юманд гал" асаж ноцож" байгаа үзэгдсэн шинжээр нь асаж байна ноцож байна хэмээн нэрлэсэн байнам.

Гутгаар бөлөг

Достум гель мадаа гэж түрэг хэлтний нэгэн аялгуугаар, нөхөр минь наашаа хүрээд ир гэсэн үг. Монгол нутагт эрт цагт түрэг монгол хамниган гурван үндэстэн байсан нь газар орны нэр, булш эдийн үлдэгдэл зэрэг зүйлээс нэн тодорхой.
Бус бас овог үндэстний аймаг байсан авч, хэлний талаар эл монгол, түрэг, хамниган аймаг харилцан ойр байсан ажээ.

Дөтгөөр бөлөг

Хавчаахай нум сумтай болсон явдал бол, эртний хүний аж амьдралд нэн их ач холбогдолтой байсан бөгөөд монгол аймгийн хүн, нумыг эврээр элэг, шөрмөсөөр арыг нь хийж, зүймэл бөгөөд маш уян хатан нум хийдэг болсон нь нумыг туйлд нь хүртэл боловсруулжээ. Үүнд: Хор гэж сум, харвал гэсэн утгатай үг авсан учир одооны монгол омогтон дотор Хорчин гэж нэртэй аймаг бий нь Харвалчин гэсэн утгатай нэр ажээ.

Тавдугаар бөлөг

Чархи гэж түрэг, монгол нийтийн үг. Оросоор кожаны лапоть гэж орчуулдаг. Нэгэн зурвас нойтон шир, хөлийн улын хэмжээнд тааруулж аваад, нарийн сураар хумин, хөлдөө шаахай шиг болгон тааруулж, сурын хоёр үзүүрийг борви булчин өөдөө зөрүүлэн ороож уядаг юм.
Гөрөөчин улсын өмсдөг гутал байжээ. Америкийн индианы өмсдөг нэгэн зүйл гутлыг орос европ хэлнээ мокассин гэдэг нь даруй монголоор энэ чархи гэдэг нэртэй дүйнэ.

Зургадугаар бөлөг

Бай Кул гэж Байгал нуурын нэр. Эртний түрэг аймгийн хүн Баян нуур гэж нэр өгсөн ажээ. Манай Хөвсгөл ч бас эртний түрэг нэр бөгөөд Кексукул буюу монголчилбол Хар уст нуур гэсэн үг байжээ. Арван наймдугаар зууны монгол албан бичигт Хөсүгүл гэж байдаг нь орос жуулчин тэр үеийн монголчуудын аман аялгуунаас сонсож Косогол гэж тэмдэглэсэн нь олон улсын газар зүйн зурагт орсон билээ. Хожим Хөсүгүл гэдэг нэр сунжирч, албан бичигт Хөвсгөл болж ирсэн билээ.

Долдугаар бөлөг

Ойн хүн гэж балар цагт хөвч их ойд амьдардаг нэгэн хэсэг аймаг байжээ. Ойн аймгийн хожим бугын зүйлээс ца гэж цагаан өнгөтэйгөөр нь нэрлэсэн буга бас оро гэдэг нэгэн зүйл буга гаршуулж унаа мал болгосон нь одоо цаатан оронтон гэдэг түрэг, хамниган аймгийн хүн бий. Монголчууд, талын хүн асан учир, ой хөвч хад уулын гөрөөчин хүнийг хамниган, ойн ортон гэж нэрлэдэг байжээ.
Эртний хүний нийгэмлэгийн байдлаас энд товч тойм төдийгөөр манай Азийн зэргэлдээ эртний улсын түүхээс дурьдвал, Нангиадвал, Нангиад Хятад газар балрын хүний яс олдсоныг эртний судлалтан, хүн судлалтан /орос хэлнээ грек хэлээр антроплог гэдэг нь антропо гэдэг хүн лог гэж судлалтан гэсэн утгатай үг болох тул, нийтийн утгатай бөгөөд эх хэлнийхээ үгээр нэрлэвэл, рон судлалтан гэвэл эвтэй юм/ шинжиж үзээд, Бээжингийн хавьд олдсоноор нь латинаар Синантропус пекинэн зис гэж нэр өгсөн нь, син гэж нангиад антропус гэж хүн гэсэн грек үг, пекинензис гэж латинаар Бээжингийн гэсэн үг. Нийлээд, Бээжингийн нангиад хүн гэдэг балар эртний нэгэн зүйл хүн таван буман жилийн тэртээ байсан хүн юм байна гэж шинжилж, таван түм орчим жилийн өмнө нангиад газар эхийн засагт ёс дэлгэрэн хөгжиж, тариалангаар гол аж амьдралаа хийх болсон байна гэж шинжилжээ.
Эцгийн засагт омог таваад мянган жилийн тэртээ хөгжиж, омог отгийн байгуулал, омгийн холбоо аймаг улс бий болсон гэж нангиадын түүх судлагч эрдэмтэн үзжээ.
Боолын нийгэмлэг Нангиад газар дөрвөөд мянган жилийн өмнө буй болж, Сиа улс гэдэг нь даруй боолын нийгэмлэгт улс байжээ.
Шан улс гэж хуучин монгол бичиг зохиолд гардаг нангиадын нэгэн улсын үед хүрэл зэвсэг үүсэн гарсэн гэж магадлан мэджээ. Тэр эртний Шан улс болбол манай он тооллоос өмнөх 17-оос наашлан 11 дүгээр зууны үес хүртэл байсан улс ажээ.
Монгол бичигт байлдааны улс гэж нэрлэдэг нангиад улсын үед төмөр зэвсэг үүсэн гарч боолын нийгэмлэгт улс аажмаар феодалын нийгэмтэй улс болж эхэлсэн байнам.
Байлдааны улс гэдэг нь манай эринээс өмнөх 475 оноос наашлан 221 он хүртэл байсан улс болно. 221 онд Цин улс хүчирхэг болж, тэр Цин улсын хуанди хаан, умар зүгийн нүүдэл аймгаас хамгаалан зах хил дээрээ нангиадын түмэн газрын урт цагаан хэрэм босгосон билээ.
Тэр Цин улсын нэр нь алдаршиж Энэтхэг улс, Нангиад Хятадыг их Цин улс гэж нэрлэснийг монгол бичиг судрын хэлэнд Махазины орон гэж нэрлэдэг болсон яруу найргийн нэр болж ирсэн нь Английг Орос зэрэг Европ улс яруу найргийн хэлнээ будант Албион гэж, Грекийн Эллада гэдэгтэй адил болжээ.
Англиар нангиадыг Чайна, Германаар Хина, Францаар Шинэ гэдэг нь Цин улс гэдгийг латинаар бичсэн ч үсгийг Ч, Х, Ш зэргээр дууддаг уламжлалын үүднээс нэгэн дор олон дуудлагатай болж ирсэн байна.
Гэнд бар гэж эр барыг нэрлэдэг нэр.
Хутган соёот бар гэж балар эртний нэгэн зүйл одоо сөнөсөн бар.
Орос хэлнээ Махайрод бас саблезубый тигр гэдэг.

Наймдугаар бөлөг

Үхэр гөрөөс гэж эртний зэрлэг үхэр. Монгол бичгийн сонгодог хэлнээ гөрөөс гэж аливаа зэрлэг ан амьныг нэрлэдэг учир, зэрлэг үхрийг үхэр гөрөөс, зэрлэг тэмээг тэмээн гөрөөс гэх зэргээр нэрлэдэг бөгөөд энэхүү зэрлэгшсэн утгаар барыг ч мөн гөрөөс хэмээмой.

Есдүгээр бөлөг

Муу өвчин - балар эртний хүн, элдэв өвчнийг аргалж чадахгүй бөгөөд үүсдэг учрыг нь үл мэдэх тул халдварт зарим тахал өвчнийг тусгай эзэнтэй юм гэж боддог байсны үлдэгдэл улс бүхний аман зохиолд гардаг бөгөөд бөөгийн шүтлэгэд тэдгээр өвчний эздийг аргадах засал хэрэглэдэг байсныг олон улсын угсаатны зүйч эрдэмтэн тэмдэглэжээ.

Арван зургадугаар бөлөг

Минаа гэж нэгэн зүйл ташуурын нэр. Бас малиа ч гэдэг. Монгол сонгодог бичгийн зүйлд минага гэж хуучин сударт бичигдсэн үзэгддэг.
Маниач гэж ташуурч гэсэн үг бөгөөд эрт дээр цагт хэц хэнгэрэггүй бөөг маниач гэдэг байжээ.
Ховос гэж монгол бичгийн сонгодог хэлнээ хобусун гэж судар бичигт гардаг үг. Хогусун гэдэг үг энэ хобусун гэдгийг б ньг бол, хогусун гэдэг нь хожим хоосон гэсэн үг болж хоосон сан хөндий хоосон гэх мэтэд хэрэглэдэг болсон аваас хогусун гэдэг нь аман хэлэнд ховоос болоод, үг утга нь хоосон гэсэн үг болж хоосон сан хөндий хоосон гэх мэтэд хэрэглэдэг болсон аваас ховусун гэдэг нь аман хэлэнд ховос болоод, үг утга нь хоосон гэсэн тул, үнэндээ байдаггүй, хий хоосон санааны юм, бодьгүй биегүй хоосон юм гэсэн утгаар хүний оюун сэтгэлийн нэгэн зүйл чадлыг нэрлэх нэр болжээ. Тэр чадлыг европ нэр, грек хэлээс хиппос, гипноз, гэж нэрлэдэг нь даруй нойр гэсэн үг. Монголоор ховос гэж нэрлэсэн нь зүүд, нойр биш боловч, хоосон юм гэж утга учрыг нь сүрхий гаргасан, тун ч гүн учиртай нэр тул, сэтгэлийн тэр чадлыг монголчууд эрт дээр цагаас танин мэдэж, гадаадаас нэр зээлдэн, бусад аймгаас сурч авсан зүйл биш гэдгийг шинэ ховос гэдэг нэр үзүүлж байгаа нь Монголын соёлын түүх судлах хүнд сонин байгаа юм.

Арван долдугаар бөлөг

ШАВАРЧИН ОТОГ

Өргөн мөрний эргэнд хүртэл тулсан хадан хушууны өвөр талд жалгатай бөгөөд тэр урт жалгын хоёр талаар нь наанги шорооны судалтай. Жалгын адагт хэдэн том хавтгай ургаа чулууг өндөр иштэй өвс эмжин ургажээ. Хөх цөгцгий нэг чулуун дээр нь суугаад, хошуугаа цэвэрлэж байтлаа, гэнэт зогсоод ямархан нэг юмны чимээ дуулсан мэт чагнасхийтлээ цөгцгөнөн хэд үсрээс нисэж, амьтан айсуй дохио чимээ өгч доошоо дээшээ дэгдэн нисэв. Чингэтэл хүний дүнгэр дүнгэр хэлэлцэх анир дуулдаж, зарим нь модон малтуур зарим нь бор гөрөөсний арьс туламлан өвчиж борвитой юм барьцгаан, саарь, сармай өмдтэй, хөгшин залуу хэдэн эмэгтэй, тэр хэдэн чулуу зүглэн ирлээ.
- За, малтууртэй нэг наашаа гэж эгчмэд эмгэн нь хэдэн залуу эмэгтэйг дагуулан, шар наанги шорооны судал тийш дагуулан аваачаад эндээс шороо ав гэж заагаад, нэг том хавтгай чулууны дэргэд очиж, дээр нь гарч суув.


Top
   
PostPosted: Jul.17.16 7:54 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Ухсан шар наанги шороог дээлтэй нэг нь дээлийнхээ хормойгоор, дээлгүй нэг нь адсагаар дамжилж, тэр эгчмэд эмгэний сууж байгаа хавтгай чулуун дээр захаар нь цувуулан асгаж эхлэв. Тэгээд дараагаар нь голд асгасныг эмгэн сайхан тэгшлээд, дахин захаар нь цувуулан асгуулаад борвитой эмэгтэйчүүдийг усанд явуулж, тэр наанги шар шороог сайтар чийгтүүлж, нилээд хэдэн борви ус хийлгэв. Тэгээд нэг уутнаас шөрмөсөн чулуу гаргаж, хэдэн охидоор сайхан нүдүүлж, мяндас шиг урт ширхэгийг нь шороо чулуунаас ялгуулаад, тэр дэвтээлгэж байгаа шавартаа хийж, хэдэн эмсийг одоо шавраа зуур гэхэд нь сармай өмднийхөө шуумгийг дээш нь шуугаад хөлөөрөө гишгэн зуурч эхэллээ.
Тэр зууран нухаж байгаа шаврын хажуудахь нэг давхар хар чулуун дээр өнөө эмгэн, дороо нэг адсага дэвсэн суугаад, энд нь ус нэм, тэнд нь шорооноос нэм гэж зааварлан удирдаж, хашир нүдээр тэр хэдэн эмсийн ажиллаж байгааг хааяа хааяа харж, шавар гишгэн зуурч ядарсан нэгийг нь усанд явуулж, ээлжлүүлэн ажиллуулж байв.
- Одоо цагаан элснээс тэгшхэн холь гэхэд нь хоёр эмэгтэй нэг нэг борви бүдүүн цагаан ширхэгтэй элс жигдхэн асгаж, гишгэн зуурагч эмэгтэйчүүд, шөрмөсөн чулууны мяндас шиг ширхэгтэй наанги шороог элстэй сайтар нухлан гишгэлж, хүрэн бор царай биед нь хөлс цувран орж, нилээд ядарсан шинжтэй боллоо. Өнөө нухаж байгаа шар наанги шороо ч, чийрэг эмэгтэйчүүдийн хөлд нухуулсаар, наранд гялалзсан бор сайхан зуурмаг боллоо.
- Одоо барьж эхэлнэ ээ гэж хэлээд, сууж байсан чулуун дээрээсээ эмгэнийг бууж ирэхэд, шавар гишгэж байсан эмэгтэйчүүд, хөхөн сордог шавраас хөлөө сугалан, мөрний усанд очиж хөл гараа угаан сэрүүцээд, шавар сав барих ажлаа эхэллээ.
Нухаж зуурсан шавраас хүн бүр нэг нэг бөөн шавар хоёр гараараа татаж аваад, урдаа тавьж, нарийн ширхэгт торгон элснээс хүн хүн овоолж, хоёр хүн дундаа нэг шавар аяга ус тавилаа. Чингээд, эгчмэд эмгэний эхлэхийг хүлээн сууваас, амирлангуй тайван царайтай, цэцэн сайхан харцтай тэр эмгэн, нэгэн хэсэг чив чимээгүй сууснаа, хоолойгоо засаад:
Сээ-эг сэ-э-э-г сээг
Наран сая мандужуу
Навчис сая дэлгэрчүү
Саран сая мандужуу
Сайхан цэцэг дэлгэрчүү
Усны хүү мэлтийжүү
Уулын хүү шовойж уу
Газрын хүү шарлажуу
Галын хүү улайжуу
Хүний хүү хүрэн царайлжуу
Хүдэр идэр болохын
Илир балар цагаасуу
Идээн ундааны савыг
Нартайн өдөр сонгожуу
Наанги шороо зуурчуу
Эртэс дээдсийн ёсоор
Эмс охид нийлжүү
Арван хуруугаар барих уу
Амсрыг бүтээдэг билээ
Орон дэлхийн эзэд
Олон буурал аав, ээж
Тамир сайт охидынхоо
Тааруулан зуурагсан
Чадал сайт үрсийнхээ
Чамбайлан элдэгсэн
Өөхөн мэт гялалзсан
Өнгөтэй шар шавраар
Цав үл гарах
Цахиур мэт бат
Галд шатаахад
Гав гарахгүй
Эзэндээ ээлтэй
Эдэлгээ бөхтэй
Айлд хэрэгтэй
Амсар нэртэй
Сав гэдэг
Сайхан хэрэглэл
Хийх гэж зорьж
Хичээж байгаа
Үрс биднээ өршөө
Үйлсий маань урагштай
Баригсаны маань
Бат бэх болгоо
гэж тамлан дуудаад, өөх махны зүйлийг дээш нь доош нь дөрвөн зүг цацаад, зуурсан шавраас нэг атга авч, савын ёроолд хийгээд, бас нэг хэсэг шавар хоёр алга хоорондоо өнхрүүлэн, урт нарийн гэдэс шиг юм болгоод, түүнээ шавар ёроолд хийгээд, бас нэг хэсэг шавар хоёр адил алган хооронд өнхрүүлэн, түрүүчийн шавар цагираглан наалдуулсан шавраа гадна дотноос нь илэн засав. Бусад эмэгтэйчүүд бас тэр эмгэний нэгэн адил шавар барьж урьд тийм сав барьж үзээгүй ганц нэг залуу охид чаддаг нэгнийхээ дэргэд ажиглан харж зуурсан шавраас дөхүүлж байв.
Эгчмэд эмгэн маш чадамгай тул шавар цагриглан нааж, гадна дотноос нь усан дүрсэн нойтон хуруугаараа илэн барин зассаар төдхөн нэг хөөрхөн шавар ваар хийгээд, дэргэдэх хавтгай чулуун дээр хатаах гэж тавиад бусад эмэгтэй хийж байгаа том жижиг аяга ваарын хэлбэрийг ингэж зас, тэгж шавраа цагриглан наалдуул, дотор талаас нь илбэж ингэж үзэмжтэй болго гэж зааварлан, огт сав барьж үзээгүй охидыг бас шавар бариулан урамшуулж, аятайхан зааж хэлж өгөхөд нь тэд их л баяртай, хичээнгүйлэн барьж эхлэв.
Чингээд, том жижиг хэд хэдэн ваар шавж гүйцсэнийг шалгаж үзээд, тэр эгчмэд, нэг үзүүр нь хавтгай иртэй, нэг үзүүр нь бөөрөнхий ясан савх бариад, савын амсрыг тэгшлэн засангуут, тэр ясан савхын хавтгай бөөрөнхий хоёр үзүүрээр нь хээ дарж чимэхдээ:
- Энэ хээний утга учрыг та нар тогтоо. Энэ бол эзэнд нь өлзийтэй хээ юм. Аяга саванд хийдэг ёстой юм гэж урьдын улс заадаг асан. Аяга сав хийж сурахдаа, эзэнд нь ээлтэй хээг нь яаж хийдгийг ажин сурцгаа.
Энэ бол мангина сонгино дарах саванд хийдэг хээ. Хонох өнжих хоолны савны амсар бөөрөнд нь ийм хээ хийдэг юм. Ховдог хомхой муу сайн өлөн ада Анахай, бузар хэлээрээ шөнө хоол долоож бузарлахгүй гэж өтгөс дээдэс, ийм хээ гаргаж бай гэж захидаг асан. Бузраас хамгаалах хээ энд нь ингэж гаргадаг юм. Та нар сайн тогтоо. Урьдын улсын журам, эртний эмгэдийн ёс нас бага, нар эрт та нар, шавар нухаж сав хийх цаг олон тохиолдох бий. Эзэндээ ээлтэй, отог олондоо үзэлтэй сайхан сав хийж сурагтун гэж заахад нь залуу эмэгэйчүүд маш хичээнгүйлэн сонсоцгоож, эмгэний заан үзүүлж байгаа ээлтэй өлзийтэй хээг хийсэн савандаа ясан савхаар шахан дарж үзэв.
Ээлтэй хээ, өлзийтэй хээ, савын сахиусан гэж ийм гурван зүйлийн хээ байдаг. Зарим саванд гурвуулыг нь хийдэг ёс бий. Тэгэхдээ амсар хавьд нь ойр сахиулсан хээ хийж, бузар хэлтэй юм гэж эгчмэд эмгэн эртний ёс зааж, сав ваарын зүйлд хийдэг хээ угалз нь цөм дор бүрдээ утга учиртай байгааг шаварчин залуус эмэг охидод тайлбарлан хэлж, цагираглан барих шаврын бүдүүн нарийний хэмжээ ямар байвал тохиромжтой болохыг залхуугүй зааварласаар, том, жижиг ваар, их бага аяга сав хийж гүйцээд, нар салхинд тэгшхэн эврээв.
Тэр завсар хэдэн эмэгтэйчүүд, түрүүн базааж түүсэн хуурай бургас, тэвэр тэврээр авчраад, эгчмэд эмгэний заавраар тэгшхэн өрж, ваар саваа түлэх гал асаахад бэлдлээ. Чингээд эгчмэдийн заавраар өнөөх ваар аяга саваа шалгаж үзээд, наранд халсан хавтгай чулуун дээр шатаахын өмнө өрөөд, гал асаах боллоо. Эгчмэд эмгэн цахиур хавирч, цагаан түрүү цэцгээр хийсэн уулд оч тусмагц, уулыг цагаан хялганаар ороон дэвж, гал асаагаад, нэг хэсэг бүдүүн шиг түлээ хийлгэж ваар сав тавих цог гарахыг хүлээн суув. Тэр завсар эмэгтэйчүүд, хуучин ваар гал дээр тавьж, гурын хааг чулуун хутгаар чадамгай эвдэж, нуурын бор давс, уулын сонгино хийгээд, хатаамал мөөг нунтаглан нухаж, цулхирын үр хийж, тун аятайхан үнэр ханхалсан шөл чанаж, махаа сүрхий шиг байгаа тун сайхан амтан дээр нь гаргаж, тэвшинд хийгээд эгчмэд эмгэний өмнө тавив. Эмгэн дээжийг нь галд өргөөд, дөрвөн зүг цацаад, бас нэгэн чимх өөх мах хойш тавиад, бусдыг нь нөгөөдүүлдээ аятайхан хувааж, бүгдээрээ амтархан идлээ.
Эгчмэд эмгэн, наранд нилээд эвэрсэн ваар савыг нэг нэгээр нь шалгаж үзээд тэгшлэн зассан цог дээр тавьж, тал талаас нь бургас тэгшхэн өрүүлээд, болсон идээнийхээ дээжийг галд өргөн тамалж дуудсан нь:
Сэ-э-э-г сэ-э-эг, сээг
Цахиур чулуун эцэгтэй
Цагаан хялгана эхтэй
Өөхөн тосон идээтэй
Өрвөлзөгсөн дөлөн үстэй
Өнгөт улан нөлөөн царайтай
Очит гялалзсан мэлмийтэй
Од галын эзэн сүрт эх ээ,
Цолмон их цолоор чинь цоллож
Цомцойн сууж айлтган дууднам
Нэрлэм их нэрээр чинь нэрлэж
Нэвсийн сууж тамлан дууднам
Нартай сайхан энэ өдөрүү
Наанги шороо нухан элдэжүү
Арван хуруугаараа арчижуу
Аяга сав барин бүтээжүү
Ээлтэй хээн өлзийтэй угалзуу
Эзэнд ивээл болтугай гэжүү
Уридас дээдсийн журам
Урлан хийжүү, тамлан дуудажуу
Цэлмэг тэнгэрийн наран салхиндуу
Цэгцлэн өргөжүү, цэвэрлэн тавьжуу
Чангыг сул болгогч сүржинтэй
Сулыг чанга болгогч чадалтай,
Хатууг зөөлөн болгогч идтэй
Зөөлнийг хатуу болгогч эрдэмтэй
Од галын эзэн сүрт эхийн
Оволзсон улаан хормойдуу
Дэс дэсээр нь өрөн түшүүлэгсэн
Дэлгэр олон энэ ваар савыг
Хагаршгүй хатан Бат болгожуу
Эвдэршгүй эрхэм бөх болгожуу
Аман хишиг зузаатын аяг
Сайхан санаатын тав таваг
Хоол элбэгтийн хайви тогоо
Идээ сайтын дүүрэн аяга
Санаа сайтын дүүрэн тогоо
Сайхан нөхөртийн сав болгон
Галын эзэн сүрт эхийн ээлээр
Гав гарахгүй бат савын хишиг
Уугаад байхад ёроол цухуйхгүй
Ундармал аягын хишиг гуйнам
Утгаад байхад ёроол цухуйхгүй
Уудам тогооны хишиг гуйнам
Уудлаал байхад ёроол цухуйхгүй
Улам дүүрэх ваарын хишиг
Учирлан гуйжуу дахин суунам
Гуйсныг минь гуйвалтгүй бат
Айлтгасны минь айлтгүй бат
Бодсоноос булиу
Санаснаас илүү
Болгож хайрла
Өршөөж хайрла
Сэ-э-эг, сэ-э-эг, сээг
Цахиур чулуун эцэгтэй
Цагаан хялгана эхтэй
Өөхөн тосон идээтэй
Өрвөлзөгсөн дөлөн үстэй
Өнгөт улаан нөлөөн царайтай
Очит гялалзагсан мэлмийтэй
Од галын эзэн сүрт эх ээ
Цоллон их цолоор чинь цоллож
Цомцойн сууж тамлан дууднам
Нэрлэм их нэрээр чинь нэрлэж
Нэвсийн сууж тамлан дууднам
гээд галд өөх тос цацаж мөргөөд, хуурай бургас галд нэмүүлэн, ваар савын тал, талаас нь тэгшхэн шатаагаад, хөрөхийг нь хүлээн сууцгааж байтал, нэг эмэгтэй, усны зүгээс гүйн ирж,
- Мөрөн өгсөж хоёр үйсэн завь айсуй. Таван хүн сууж яваа бололтой гэхэд нь,
Үйсэн завьтай гэвэл, их ус дагуу нутагтай улс байна. Байкул их далай ээжийн хүн байж болох магад. Тэгвэл манай махан төрөл Ихэрэсийн хүн ч байж болзошгүй.
- Юу ч болсон ойртохыг нь харзнаж үз дээ, хүүхээ гээд эгчмэд эмгэн, улайссан ваарын гал, нойтон бургасаар засаж, амарлингуй царай нь маш төв, айван тайван тул, баахан цочисхийсэн эмэгтэйчүүдийн дотор нь онгойгоод, айсаж буй үйсэн завьтныг ажих гэж бүгдээрээ одоцгоосонд айх аминд тустай, ил битгтй цухалзаарай гэж захиад, ганцаараа үлдмэгц царайд нь баахан зовуурын шинж мэдэгдэвч юу болохыг хүлээн, галаа засан тааруулж суув.
Ваар саваа мөрөн голын захад хэзээнээс шар наанги гардаг газраа шөрмөсөн чулуутай нухаж элдээд ваар саваа хийж байсан эдгээр эрэгтэйчүүд, Дархас ясны Шаварчин отгийнхон бөгөөд эрэгтэйчүүд нь гөрөөнд гарч, эмс нь тэр өдөр сав хийж шатаан бэхжүүлж байсан байжээ.
Эгчмэд эмгэний галаа засаж, сураг чимээ хүлээн суутал нь усны захаас нэгэн эмэгтэй хүрч ирэн, эмгэний зүг өгүүлрүүн:
- Танихгүй нэг чийрэг эр, нэг залуу хүү, бас хоёр танихгүй хүн, нэг хойшоо хараад суусан хүнтэй хоёр үйсэн завь тун ойртлоов шүү. Яаав гэтэл хойноос нь бас нэг эмэгтэй хүрч ирэн,
- Манай цахиурчин отгийн Погдоон ах, хоёр танихгүй хүнээр дамжуулан, завиас буулаа. Бас, хоёр танихгүй хүн завиа бургаснаас уяж байна гэхэд нь эгчмэд эмгэн, хоёр эмэгтэйг дагуулан, мөрний зүг яаран одлоо.
Усны захад бургас улиасанд биеэ далдалсхийн очиж харваас ваарчин эмэгтэйчүүд, завиар ирэгсэдийг хэдийн тойрч, айх эмээх байдалгүй, харин ч тэр ирэгсэдийн нэгийг газар суулган тэнхрүүлж байгаа бололтой.
Эгчмэд эмгэн, яаран урагш давшин, ирэгсдийг ажин харваас хоёр нь ойн хүний шинжтэй, онигор нүдтэй, догшин харцтай улс. Нөгөө хоёрын нэг нь хижээлхэн боловч сүрхий чийрэг байдалтай. Нүдний харц нь цэцэн талбиун дэргэд нүдэндээ галтай, нүүртээ цогтой чамбаа залуу хүү. Газар сууж байгаа нь Дархас ясны цахиурчин отгийн Погдоон өвгөн ажээ.
- Холоос яваа бололтой алсын аяны та нар замдаа сайн явж ирэв үү? Аль усны ямар ясны хэн гэдэг вэ та нар? Хэт зориг юунд вэ? гэж амар мэндийг нь мэдэхэд, тэр ирсэн хүний ахмад нь найрсагаар инээмсэглэн өчрүүн:
- Аян замдаа азтай мэнд явж байна. Унасан газар угаасан ус урд зүгт тун холоо. Миний бие Чонос ястай Шонхолой гэдэг. Энэ миний хүү Залуудай гэдэг. Манай хоёр нөхөр ойн улс, хумка омогтон, энэ нь Үхүү, тэр нь Гекүү гэдэг нэртэй. Залуудай бид хоёрыг Ихэрэсийн Бух өвгөнийг Байкул нутагт нь хүргэх замд нийлсэн хоёр нөхөр маань гэхэд, эгчмэд эмгэн:
- Тэли, тэли Ихэрэсийн сураггүй болсон Бух өвгөн нутаг усанд нь хүргээд буцаж яваа улс юм бий та нар гэхэд нь Шонхолой, найз Бух өвгөнийг нь таньдаг хүн дайралдахад нь баярлаж,
- Ихэрэс ястан Бух өвгөнийг таньдаг хүнтэй санамсаргүй дайралдахад сонин сайхан байна гэхэд нь эгчмэд эмгэн
- Урт хөлтэй гөрөөчин маань Ихэрэсийнхэнтэй хамт агнадаг цаг ч бий.
Манайхантай махан төрөл, ураг барилдсан ястан юм даа. Та ихэрэс хүний идээ ундыг нь амссан байлгүй. Загасны нуруун хээтэй газар ваар сав дайралдав уу? Манайхны саванд тийм тэмдэг байдаг юм гэхэд нь Шонхолой:
- Дайралдсан. Танайхны урлан бүтээсэн урт наст сав юм бий гэхэд нь эгчмэд эмгэний царайд тэр үг сонсоод бахархан баярласан шинж мэдэгдэж, гараараа газар тулан сууж байгаа хүний дэргэд очиж,
- Погдоох хүү, яачих нь энэ вэ? гэхэд нь чихээ тас татуулсан шарх нь өвс налч навч наалттай, ам нь муруйн, хацар хавдсан Погдоон, үг хэлэхэд тун зовлонтой тул, талт мөлт өгүүлрүү:
- Цахиуртын аманд Дүлхижегт алуулан алдлаа, эгч минь. Аз дайрч, эдэнтэй тааралдаад амь гарлаа гэж Шонхолой нарын зүг толгойгоо дохисхийв. Эгчмэд эмгэн, Погдооны шархыг байцаан үзээд, Шонхолойн зүг хандаж өгүүлрүүн:
- Манай их отог гэдэг Цахиурчны Погдоон дүүг тун сайхан аргалжээ. Шархын халуун болдгийн даваан дээр та нартай дайралдаж, амь гарсан хүн байна. Ота өвс таньдаг сүрхий оточ хүн та нарын дунд бий юм байна. Бодвол байлгүй дээ? гэж Шонхолойгоос асууваас би эмт өвс бага зэргээр танина гэж хариулав.
- Холын аяны та нар, манай отогт хэд хонож, гарынхаа чилээ, хөлийнхөө хөшөө гаргагтун. Урин дулааны цаг, унд хоол элбэгтэй үеэр тааралдсан тань таатай сайхан байна. Зүсээ танилцаж сайхан үгээ ярилцъя. Аялгуу ондоо боловч хэлээ мэдэлцэх улс байна та. Хүүхээд, Погдоон ахыгаа аятайхан нууцгай газар алдуулахгүй бөхөөр торгож, тогтоогоод, буулгах юмыг нь буулгалцан отог дээрээ хүргэж өгтүгэй, хүүхээд, Марал, Мэгж та хоёр энэ ваараа хашраараа сахин үлдэж аргалаарай. Би отог дээрээ очиж, Погдоонд тэнхэл өвсний ундаа хийж аргалсуу гээд, Шонхолой, Погдоон сэлтийн хамт отгийн зүг алхав.


Top
   
PostPosted: Jul.22.16 12:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
Үргэлжлэл нь хаачив? :D

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.23.16 7:32 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван наймдугаар бөлөг

ОТГИЙН ЦУГЛААН

Отгийн буудалд хүрэх үес наран бараг жаргаж, мөрний зүүн талын сүрлэг сайхан уулсын оройд улбар туяа нь тусавч, мөрний баруун талын өндөр уулын ширэнгэ модны захад хэдийн бүрэнхий болж, үдшийн бүрийн сэрүүн амьсгал татав.
Эмэгтэйчүүд галаа түлцгээж эргийн дагуу тавьсан ходоод гэдэг өөшнөөс хэдэн том хилим загас дамжлан авчирцгааж, ногоо давс найруулан, тун аятайхан хоол хийж байгаа нь дөрвөн аянчны шүлс гоожмоор таатайхан үнэр ханхлав.
Отгийн эмэгтэйчүүд, холынхоо зочинд хоног засаж хоёр хэсэг газар шөнийн чийг шүүдрээс хамгаалах налуу тал саравч хийж шилмүүст мөчир, долон холтсоор хучаад, дор нь шилмүүст мөчир дээр тургийн арьс дэвсэж өгсөн билээ. Погдоонд бас хэвтэн амрах газар засаад, аятайхан түшиж хэвтүүлээд, отгийн эгчмэд, босоо вааранд амны цангаа гаргаж, тэнхээ оруулах өвс цэцэг найруулж ундаа хандлаад, шавар аяганд аягалуулж, гийчиндээ бариулаад Погдоонд бас тусгай нэг ханд хийж уулгасан билээ.
Дөрвөн аянчин, тэр урьд амсаж үзээгүй хүрэн өнгөтэй, сонин сэвүүн ундаанаас нэжээд, хошоод аяга уунгуут, бие сайхан талбиун хөнгөн болж барьснаа балба, хүрснээ хүү татмаар бяртай болсон, хөл үсрэн дэгдвэл ургаа модноос дээхнүүр, нүүгээ үүлнээс доохнуур, дэгдэн дүүлмээр санагдсанд ямар сонин ундаа вэ! гэж их л гайхаж Погдооныг харваас ангаа гаргаж, амь залгуулдаг нэг аяга уугаад, цуцаж алжаасан нь нэг мөсөн үгүй болж өөрөө өндийн суугаад, нүд нь галтай болж, царайд нь өнгө ороод шарханд нь цэцэг үндэс хандалсан эм түрхэж өгсөнд, өвдөх хавдах нь нэг мөсөн дарагдав.
- Эгчмэдийнхээ эмийн ачаар дотор онгойж, зангирсан гол минь тавигдлаа! Ачтай болдоо эмгэн эгчмэд минь! гэж Погдоон, тэр шаварчин отгийн эгчмэд эмгэнийг нэрийг нь үл нэрлэн хүндэтгэж тал өгөөд омог нэгтэй бага отгийнхоо та нартай энэ дөрвөн айлчны ачаар уулзлаа даа.
Цахиуртын аманд зэмсгийн цахиур авах гэж Онгоодой бид хоёр дагалдан суралцах хоёр залуутай, бас цахиур таньдаг хоёр сайн дархантай хүрч очоод амын эзнээс цахиурын сайныг гуйж, цацан өргөдөг юмаа өргөөд чулуу түүж байтал, олон Дүлхижег гэнэт биднийг дайран халдаж, хоёр сайн залуу маань тэнд нэг нэг Дүлхижег дэрлэн уналаа. Хоёр цахиурчин маань бас тэнд хоцорлоо гэж үхэгсэдийн нэрийг нэрлэхээс цээрлэн, бас үхсэнийг нь "хоцорлоо" гэж нас эцэслэснийг заан хэлжээ.
- Юутай ёсон бус вэ? Цахиуртын аманд Дархас, Дүлхижег хоёр ястан хэзээнээс нааш цахиур авч, хэн хэндээ саад хориг хийдэггүй тангарагтай шүү дээ! Юутай ёсон бус вэ? гэж бага отгийнхон, Погдооныг тойрон сууж, сонсож сууснаа, Дүлхижегийн гэнэт дайран халдсаныг нь сонсоод тэсгэлгүй хорсон жигшив.
Погдоон "хоцорсон" нөхдөө Дүлхижегтэй тулалдсаныг нь нүүр гарын хөдөлгөөнөөр дүрслэн, сэтгэл маш хөдөлсөн байдалтайгаар ярьж, Бага отгийн олон үгийг нь сонсон, "хүүш! Чаа бас" гэж дуу алдацгаан, өөрсдөө тэр гэнэт дайрсан Дүлхижегтэй дайралдсан юм шиг харцгаав.
Погдоон, гэнэт аварга их могой дайран орж Дүлхижегийг хэлмэгдүүлсэнд, машид эмээж, сандан мэгдэн усны захад мэдээ алдан унаад, юу ч болсныг мэдсэнгүй хичнээн ч болтол чингэж үхэх сэхэхийн хооронд тарчилснаа мэдсэнгүй. Нэг ухаан ороход хэдэн танихгүй хүн тэнхрүүлж байсан нь манай энэ зочин байлаа гэж ярьж байтал модон дотроос арваад том нохой гүйн гарч ирсэн нь босоо зарим нь дөрвөн нүдтэй шар халтар сүрхий өргөн хэнхдэгтэй, гялалзсан цагаан соёотой бөгөөд, сургууль сайтай бололтой. Гарч ирээд хамаагүй давхихгүй хүний хөлд орооцолдохгүй, маш журамтайгаар явж, отгийн эмс охид, өвгөд өтгөс, балчир хүүхдийг хүртэл сүүлээ шарван үнэрлэсээр, дөрвөн аянчны дэргэд нь хүрч очоод хар хоншоороо хөдөлгөн шиншээд хүний хөлөөс зайс газар нэг хоёроороо хэвтэв.
- Манайхан гөрөөснөөс айсуй гэж отгийнхон, тэр нохойн давхиж ирсэн зүг байн байн харваас модон дунд хүний дүнгэр дүнгэр хэлэлцэх чимээ сонстож арваад чийрэг эр, хоёр хүнийг хүзүүнээс нь сураар холбоод, нэг нэг бор гөрөөс бөгтрүүлэн гарч ирэв. Ирэгсэдийн нэг нь Погдооныг харангуут дэргэд нь гүйн очиж сөгдөөд гарыг нь илэн,
- Ахынхаа улаан царайг дахин олж үзэх юутай сайхан сайхан! гэхэд нь Погдоон бас баярлан
- Дүү минь амь мэнд гарч, дүү минь мэнд гарч! гэж толгойг нь илэв.Чингээд тэр эр босоод отгийн эгчмэдийн зүг хандаж маш хүндэтгэсэн байдлаар,
- Эгчмэдийн эсэн мэндийг асууя! гээд олны зүг отог олны эсэн мэндийг асууя! эсэн, эсэн! гэж хариулцгааж отгийн эгчмэд,
- Онгоодой, чи хаанаас манайхантай нийлэв гэхэд тэр залуу хүү өчрүүн:
- Гурван Дүлхижегт баригдаад, туугдаж явсаар Гавьцын өндрийн тэнд нийллээ. Нохойтой төлөөдөө намайг салгаж, энэ хоёрыг барьж авсан шүү гэж тэр хоёр олзын Дүлхижег заалаа.
- Отгийн өтгөс тэр Дүлхижегийг өмнөө зогсоон отгоосоо анх хэн тэргүүлж хэн хэнтэй гарсныг асуув. Насан арай ахмад Дүлхижег нь бага отгийнхны өтгөс залуус олны царайг хялав хялав харан өчиж, Крагөс бөөтэй явсан гэхэд нь нэг өвгөн Крагөс гээд урдаа нэг чулуу тавилаа. Тэгээд бас хэн явсан бэ? гэж асуун явсан хүний тоогоор нэг чулуу өрж, Дүлхижегийг одоо гүйцлээ гэхэд нь өрсөн чулуугаа заан, хэн хэн явсан бэ? гэж дахин лавлан бүртгэвээс анх хэлсэн дэс дараагаа огт алдалгүй, чулууг хуруугаараа заан, тэр тэр гэж түрүүн хэлсэнтэйгээ ширхгийн зөрүүгүйгээр тоочихдоо энэ аварга могойд амь алдасан энэ үхсэн, энэ би энэ миний нөхөр гэж дэргэдэх нөхрөө толгой дохин зааж гүйцэв.
Отгийн өтгөс, үхсэн Дүлхижегийн тоогоор нэжээд чулуу хассаар эцэс сүүлд хоёрхон чулуу үлдсэнд, нэр тоо дүйлээ. Анх гарсан хүнээс энэ хоёр л үлдээд байгаа юм байна. Хэл хүргэж завдаагүй болох тул эднээ яасныг Дүлхижегүүд мэдээгүй байгаа юм байна. Манай Дархасын дөрвөн хүн эдэнд амь алдсан гэж үхсэн Дүлхижегийн тоогоор овоолсон чулуунаас дөрвийг хасаад, цаана нь үлдсэн чулуу харж, хохирсон хүнээр Дүлхижег илүү боловч ёсон бусаар халдсан тул бид дөрвөн хүнийхээ амь нэхэх ёстой биз дээ? гэж олны зүг хандан асуув.
- Дүлхижегийн дураар хүнээ хядуулж яаж болохов?
- Амь нэхнээ! хэл авалцаагүй дээр нь хэмх дайръяа! галыг нь сөнөөж голыг нь самнавал таарах муухай улс байна шүү! өнгөрүүлээд л байвал, номхон бор гөрөөс ноцож сурсан шилүүс шиг, шилэн хүзүүн дээр минь гарах нь шүү! гэж отгийн анчин шуугилдав.
Чулуугаар тоо бодож байсан өвгөн, гараа өргөж олны шуугиан намдаагаад, хоёр Дүлхижегээс,
- Та нар отгоосоо гарахдаа манайхны Цахиурчин отгийнхныг дайрна гэж зорин гарсан уу? гэж асуув.
- Үгүй манай Крагөс бөө өмсгөлөө шимэтгэнэ гэж биднийг дагуулан гөрөөнд гарсан билээ. Тэгээд нэгэн өдөр манай замыг буруу талаас хөндлөн огтлон гарсан хэдэн хүний мөр дайралдсанд, үдшийн бор хоногоор бөөлөөд,
Харь омгийн хар санаатан
Харгуйг маань хөндөлсөн
Бузар юм буглан дагалдаж
Буруу талаас дайран орлоо
Хүйтэн мөртөнгүүдийг хөөж
Хүйсийг нь тэмтрэн дарагтун,
Усан мөртөнгүүдийг мөшгөж
Уушиг зүрхийг нь зүлдлэгтүн
Уулынхаа өвгөдийг тахигтун!
Ул мөр зохистой болгогтун!
гэж заавар зааж сургаад биднийг дагуулан тэр хэдэн хүний мөрөөр явж, Цахиуртын аманд хүрээд цочмог дайран ортол гэнэт аварга могой гарч ирээд Крагөс танайхны нэг нь гараа тас цавчуулаад амны эзэн аварга могойд нугасаа тас ширвүүлж Сарыгөс дүү нь бидэнтэй хамт зугтаахдаа энэ залууг самбаачлан бариад олзны хүнтэй отгоо чиглэж явтлаа танай анчинтай тааралдаж. Сарынгөс амь алдаад бид нохойд ээрүүлэн олзлуулсан билээ гээд дуугүй боллоо.
- За мэдлээ бүх Дүлхижег ястан ч биш ганц Кранөсөөс болсон хэрэг байжээ. Крагөс, Сарыгөс хоёр ч муу санаа нь мухар толгойд нь хүрч хар санаа нь хар толгойд нь туссан юм байна даа. За одоо оройн хоол ч боллоо. Бид хоолны сүүлээр зөвшилдөн тогтсу. Энэ хоёр Дүлхижег санаа муут Крагөсийн гайгаар зовж яваа багачуул байна. Одоо хоол унд өгөгтүн хүүхээд. Та хоёр зугтана барина гэж болохгүй шүү Сарыгөсийг гүйцсэн нохой та хоёрыг гүйцэхгүй гэж байхгүй шүү! гэхэд нь хоёр Дүлхижег тэр өвгөний энэрэнгүй үг сонсоод баярлан биширч ахмад нэг нь мөхийн ёсолж,
- Буурал аавын суу гэсэн газар сууж, бос гэсэн газар боссу! гэлээ. Эмэгтэйчүүд тэр орой маш хичээж хийсэн хоолныхоо аль амттай сайхан махнаас холын гийчинд бариад өвгөд өтгөстөө аягалан таваглаж анчин идэрчүүлд тэвшинд хийгээд хүүхэд багачуул бүгдэд хувийг түгээж бүгдээрээ гал түүдгийн гэрэлд хоолоо идэцгээж мөлжсөн ясаа нохойд хаяцгаан чулуугаар чөмөг хуга таших нь ташиж бор гөрөөсний шүүрхий шарсан мах хилим загасны мах шөл ханатлаа идэж уугаад хөгшид хүүхэдтэй эмс унтдаг газраа унтаж хэвтэцгээн залуу охид тэвш, аяга саваа хурааж, хоёр Дүлхижегийг сахин хонох галын дэргэд хуурай түлээ овоолж өглөө. Погдооны амь аварсан хүн гэж Шаварчин отгийн өтгөс Шонхолойг тун хүндэтгэн бас олон уул давж олон ус гаталсан, хал үзэж, хашир таньсан гийчин гэж машид элэгсэж байж Дүлхижегийн хэдэн хүн, хоёр ястны эвдрэн байлдахад зайлшгүй хэрэг өдүүлснийг Шонхолойтой нийлэн зөвлөе гэж дэргэд нь хүрч ирэхэд хүүгээ хоёр Хумка дээр явуулаад өвгөдийн үг санал сонсон, гүнээ бодлого боллоо.
Их отгийнхондоо маргааш өглөө хүн явуулж, хэрэг учир танилцуулахаар болсон бага отгийн өтгөс, Дархас ястны отгийн өтгөсийн зөвлөлдөхөд өшөө нэхэх санал барих уу? Эвлэрэх санал барих уу? өшөө нэхэхэд хүрвэл, бас л Дархасын нэг хэсэг идэрцүүлийн амь үрэгдэхэд хүрнэ. Өнгөрүүлэх аргагүй хэрэг гарсан тул эвлэрэхдээ яаж эвлэрэх вэ? гэдгийг зовнин бодож мэргэн санал эвтэй арга юу байна гэж чонос Шонхолойгоос асуусуу гэж бодсоноо хэлэхэд Шонхолойн сэтгэл түмэн юм бодогдож хоёр ястан эвдрэлдэхэд, идэр анчин үрэгдэж, догшин араатнаас отгийн өтгөс, эмс хүүхдийг хамгаалах зоригтон эрс дутагдаж яс сөнөж, отог мөхөх аюул тохиолддог зовлонг санахад үнэхээр бэрх.
Түүдэг галын гэрэлд өөдөөс нь харж суугаа өтгөсийн зовнисон царай харахад, нүд халтирмаар санагдаж, баахан бодлого болж байснаа,
- Танай Дархас ястанд өөр яс омгийн хүнийг өөрийн омогт багтаадаг ёс бий юу? гэж асуухад нь отгийн ахмад өвгөн, тэр үг сонсмогц, царайд нь баярын тэмдэг тодорч,
- Та нөхөдтэйгөө манай элкен болох гэж байна уу? гээд
- Үгүй гэхэд нь өвгөний царай тун урамгүй болсноо,
- Тэгвэл таны тэр асуудаг ямар учир вэ? гэлээ.
- Бух өвгөнтэй урд газар хүний нутагт бариа тавианд орж явахдаа би нэг сайн хүнтэй танилцаж анд минь надад итгэмжилж амьтанд туслах чухал хэрэг тохиолдвол хэрэглээрэй. Хар амиа бодон хэрэглэж болохгүй гэж сурган заасан нэг арга бий. Түүнийг хэрэглэж, хоёр ястан эвдрэлдэхийг эвлэрүүлэхэд хэрэглэж үзвэл чадах болов уу? гэж бодож байна даа! гэхэд нь отгийн өтгөс маш баярлалдав.
- Хоёр Дүлхижегээр тэдний омог олны сэтгэлийг танай сэтгэлийг танай талд болгож, Цахиурчин отгийн амь хохирсон хүний орыг гаргуулж өгсүү.
Танайханд өөр омгийн хүнийг өөрийн болгож авдаг ёс бий юу? гэж асуусан учир минь тэр. Бас танай Цахиурчин отгийнхонд Зүлгэмэл цахиур зэмсэг хийх арга зааж өгсүү. Ингэвэл ямар байна? гэхэд бага отгийн өвгөд хүүхэд мэт баярлалдаж, гал өгөөд, хоёр ястныг эвлэлдүүлэн гүйцтэлээ манай омогт саатаж хайрлагтун гэж гуйлаа.
Отгийн өтгөст санаа сэтгэлийг нь тайтгаруулах үг хэлж, олзны хоёр Дүлхижегийн гал дээр очин, сахиулд нь дохио өгч зайлуулаад, түүдгийн гал нүүртээ тусах газар сонгон сууж хоёр Дүлхижегийг ширтэн ширтэн харахад нь тэр хоёр залуу анчин, түүдэг галын жирэлзэн хөдлөх дөлөнд бараг сүүдэр сүүмэлзэн тун сонин харагдах Шонхолойн айван тайван хүрэн бор царай галтай хар нүдний тогтуун амарлингуй мөртөө хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татан дагуулах харцыг анх гайхан харж байснаа, төдхөн биеэ сул тавьж царай нь тайван болж ирлээ.
- Одоо хэвт, унт, унт! гэж эцэг хүн, эхнэр үр хүүдээ хэлж байгаа юм шиг нам талбиун дуугаар өгүүлэхэд нь хоёр Дүлхижег дуулгавартайгаар хажуулан хэвтээд, төдхөн унтаад өглөө.
Шонхолой байрнаасаа хөдлөлгүйгээр тэднийг ширтэн харж, баахан юм шиг болоод, хоёр сахиулыг дохин ирүүлж, нам дуугаар тэдэнд хэдэн үг хэлээд, унтах газраа чиглэн одов.
Их модны захад буусан Дархас ястны Шаварчин отгийн буудалд, гагцхүү олзын хоёр Дүлхижегийг манан хонох сахиулан гал хэвээрээ асаж, бусад түүдгийн гал цогшин унтарч, хөл чимээгүй боллоо. Шөнийн харанхуй огторгуйд түг түмэн одон жирэв жарав хийж, ойн захын модны орой, зөөлөн салхинаа найгасхийн, юухан нэгэн юм шивнэх мэт шуугисхийнэм бөгөөд, отог олноор нэгэн дор цугларсан хоёр хөлтний бие болон хувцас хунарын тос, хөлс, утаа элдэв тэргүүтэн шингэсэн хачин үнэр, гал түүдэг, үнс утааны үнэр тойрон хэвтэж байгаа нохойн үнэр, янз бүрийн идээ ундааны амт нөнжиг шингэсэн ваар сав, аяга тэвшийн үнэр нийлэн зүг зүг ханхалж, ойн дөрвөн хөлт амьтныг сүрдүүлэн, холоос айлган зайлуулж, сахиулын галын гэрэл улайн харагдах нь араатныг бас давхар цочоон зайлуулах ажээ.


Top
   
PostPosted: Jul.28.16 4:33 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.31.10 7:42 pm
Posts: 7
Hi. Urgeljlel bii biz dee.


Top
   
PostPosted: Aug.01.16 4:12 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Үргэлжлэл байгаа... ОДоо талаасаа өнгөрөөд л явжийшт. Ойрд барьж авч завдахгүй л байна. Удахгүй ээ


Top
   
PostPosted: Aug.02.16 8:56 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Aug.02.16 8:54 pm
Posts: 3
uneheer shn zohiol bn a [WHITE SMILING FACE] oruulj bga hund mash ih bayrlaa[GRINNING FACE WITH SMILING EYES] urgeljleliign huleegeel bn


Top
   
PostPosted: Aug.12.16 1:46 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Блооодоо баярлалаа, эртний хүмүүс чинь харин хүн чанартай, ёс журамтай байсийн биш үү, одоо манайхан хүй нэгдлээс сурмаар болж дээ


Top
   
PostPosted: Aug.29.16 7:54 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.23.06 7:50 pm
Posts: 233
Location: Покерын ширээ тогшоод л сууж байна
Bloood wrote:
Үргэлжлэл байгаа... ОДоо талаасаа өнгөрөөд л явжийшт. Ойрд барьж авч завдахгүй л байна. Удахгүй ээ


IIm udaan uu

_________________
Make love, Not Poker :P


Top
   
PostPosted: Aug.29.16 10:05 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
PC-ээ эвдчихээд нэг хэсэг завсарлачихлаа... SORRY


Top
   
PostPosted: Sep.02.16 7:54 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Sep.02.16 7:43 pm
Posts: 14
Mash goy!! Huuy bloodaa chi zugeer huudsuudiig n gar utsaaraa avaad unshihad bolomjiin tod baih hemjeend heterhii disknii zai bolhoorgui foto image file-aar iishee oruulaad baival chamd amar ba turgen bishuu?!


Top
   
PostPosted: Sep.06.16 9:09 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван есдүгээр бөлөг

БОЛЗООТЫН БОР ТОЛГОЙД

Хоёр Дүлхижег залуу, Дархас ястны Шаварчин отгийн олны хамт хойт өглөө нь чонос Шонхолой, Залуудай хоёрын харвалыг гайхан үзэж, чулуудаад хүрэхгүй газар дэлэм хиртэй бяцхан жадаар онох гэсэн юмаа санааны зоргоор онодог айхтар чадалтай зэмсгийн улс байна гэж гайхсан билээ. Хоёр Хумка ч бас харвах чадлаа үзүүлж, өөр омгийн хүн ч гэсэн тэр сонин гайхамшигт зэмсгийн эзэн болж чадах гэдгийг үзүүлж билээ. Чингээд хоёр ястан эвлэн найрамдах аваас, тэр гайхамшигт зэвсгийг зааж өгч хэрэглүүлнэ. Хэрэв хэрэг өдүүлсэн Дүлхижег эс найрамдваас, давшгүй чадалтай тэр хурдан зэвсгийг Дархаст бариулж өшөө нэхэн удирдана. Тэр цагт Цахиуртын эзний нэхүн зарц болсон Сарыгөс ч ёс алдсан Дүлхижегийг далдуур сөнөөн тусална гэж Шонхолойн хэлсэнд хоёр Дүлхижег хирдхийн сочиж, урд шөнө нь зүүдэндээ Цахиуртын амны эзэн аварга могойд голоо тас ширвүүлсэн Сарыгөс бөө гашуудан гэмшиж, Дүлхижегээ Дархастай эс эвлэрвэл бүгдээрээ баларна гэж захин үзэгдсэнийг нь гайхан санаад, болзсон тогтсон газар Дүлхижегийн өтгөс хүрч ирэн зөвлөх бий гэж омог ясандаа буцсан билээ.
Цахиурчин отгийн өтгөс, хэдэн идэр анчнаар хамгаалуулан сувилуулж, Бага отог дээрээ Шонхолойг сонирхон, Дүлхижегийг хэрхэхийг хувь нийлэн зөвшилдөх гэж бага отгийн элч хүрмэгц дагалдан иржээ.
Санал нийлэн хэлэлцэж тогтоод байтал, Дүлхижегийн хэдэн өтгөс өнөө хоёр залуугийн хамт хүрэлцэн ирсэн нь урд өмнө нь үзээгүй сонин гайхамшигт зэмсэгтэй хүнийг үзэн танилцаж, зэмсгийг нь олж үзэх санаатай байж, бас Дархастай эс эвлэрвэл яс омгоороо баларна гэж хоёр залуугийн зүүдэнд шөнө бүр Крагөс зүхдэг болсонд нь хирдхийн эмээж, эвсэн найрамдах санаатай, олон үеийн тэртээ Дүлхижегийн нэгэн сайн анчин, Дархасын нэг сайн ангуучинтай дайралдаад анд болж зэмсэг солилцсон жадын цахиур гилбэрийг өвгөдийн шүтээн гэж хадгалж байснаа хүдрийн арьсан хавтагатай нь залан авчирсан байжээ.
Дархасын бага отогт үе улиран бас эртний Дархас ангуучны Дүлхижег анчнаас хариу бэлэг болгон авсан хирисийн эвэр гилбэр хадгалаастай байдаг нь эртний тэр "ангуучин аав" гэж нэрлэдэг дээдэс нь Бага отгийн хүн байсан тул зэмсгийг нь өлзийтэй эд гэж тахидаг байжээ. Намрын их гөрөөгөөр хоёр отгоотоо нийлэн цуглаж "ангуучин аавыг тахина" гэж найрладаг, үүнд Дүлхижег ч мөн анчин аавыгаа мөн ойролцуухан үес тахиж, гилбэрт нь намрын их ангийн дээж мялаадаг заншилтай байжээ.
Эртний домогт Дархасын "Ангуучин аавын" бэлэглэж Дүлхижегийн "Анчин аавд" өгсөн гэж хэлэлцдэг тэр яс омгийнхоо шүтээн гилбэрийг Дүлхижег өвгөд залж ирээд эв хэлэлцэхэд тус болох болов уу? гэж горилжээ.
Бага отгийнхон тэр эртний их "Ангууч аав"-ын урлан бүтээсэн нандин зэв залж ирснийг сонсоод отог олноороо идээнийхээ дээж өргөж, агь ганга уугиулсанд Дүлхижег өвгөд баярлалдан манай их "анчин аавын" эрт дээр цагт "ангуучин аавд" бэлэглэн өгсөн эвэр гилбэр Дархас омогт бий гэдэг нь үнэн үү? гэж лавлан асууваас бага отгийн өтгөс бий гэж хариулаад, хилим загасны арьсан хуучин гэгчийн хавтагатай тэр шүтээнээ хавтагатай хэвээр нь авчирч Дүлхижегийн шүтээний дэргэд эзэн зочны суудлаар залан, Дүлхижег өтгөс түүнд отог нутгаасаа авч ирсэн идээ өөхнөөсөө өргөж хавтагад нь мялаалаа.
Хоёр ястанд нь эрхэм болсон эртний эв найрамдлын тэмдэг шүтээн, өчнөөн төчнөөн үе болж сая нэг дор эзэн зочны сууринд зэрэгцэн тавиулсан нь Дархас Дүлхижегийн эвлэн, найрсаг болох хэлэлцэлд их тус дөхөм болж өглөө. Бас Шонхолой нус сумаа гайхан үзэж, Дүлхижег өтгөс, хоёр залуугийн үгийг мадаггүй үнэн юм байна гэж биширсэн нь Дархас ястан ийм сүрхий зэмсэгтэй Чонос гэдэг сүрхий омогтой найртай харилцаатай болсон тул, эвлэрэхийг хичээвэл зүйтэй болох нь гэж бодоцгоож үг найрсаг, зан маш эелдэг боллоо.
Чингээд Дархас Дүлхижег хоёр ястны өтгөс найрамдуу сайхнаар зөвшилдөж, Цахиуртын аманд амь алдан Дархас Дүлхижегийн ясыг тэр нь Дархас тэр нь Дүлхижег гэж ялгахын тэмдэггүй болсон тул гурван намар өнгөрөх үес, мөлжүүр салсан ясыг нь хам нэгэн дор өндөрлөн тавьж нийлэн ёслохоор хэлэлцэн тогтлоо.
Дүлхижег өтгөс, Дархас их отгийн дөрвөн хүний амь хохирч, эмч үрс өнчирсөнд үе нас ойролцоо дөрвөн сайн анчнаа ёслон өгч, хоёр ястны дөрвөн өрх харилцан төрөл элгэн болохоор хэлэлцэн тохирч, эвдрэн муудалцахын муу шалтгаан тасарлаа.
Цахиурчин отгийнхон Дүлхижегт анчин бүхнээ цахиур зэмсэг өгч, эвлэрэн найрамдсаны бэлэг болгон өгөхөөр болж, хариу Дүлхижегүүд Цахиурчин отгийнхонд өөдөө амсартай өлзийтэй юм гэж анчин хүн бүхэнд өмд сөөхий бойви бэлэглэнэ гэж хэлэлцлээ.
Шаварчин отгийнхон, Дүлхижегт өөдөө амсарт ваар сав өрхийн тоогоор өгч Дүлхижегүүд ой хөвчөөр хэрэн явахад таатай хомбогон сав өгөхөөр болж, хоёр отгийн өтгөс тэмдэг модонд хэдэн хүнд цахиур зэмсэг ваар сав өгөхийг мөн хэдэн хүнд өмд, сөөхий бойви, хомбогон уут сав өгөхийг тус тус хэрчлээ гарган тэмдэглэж аваад олон үеийн тэртээ “Анчин аав” “Ангуучин аав”-ын уулзаж бэлэг солилцсон бор толгойн тэнд хоёр ястан нийлэн цуглаж хоёр их аавын шүтээн зэмсэгт идээнийхээ дээжийг өргөн мялааж, найрлан хуримлахаар хэлэлцэн тогтож хоёр отгийн эвдрэн өшиж, дайралдсан газраа тулалдах аюулаас хагацан эвлэрсэндээ баярлалдан бас урьд өмнө үзээгүй сонин сайхан зэмсэг Чоносын их анчнаас заалган хийж, ойр хавийн ястанд байдаггүй сайхан нум сум гэгчтэй болцгооно гэж бодохдоо улам ч их баярлаад болзсон өдрөө хоёр яс омгоороо нийлэн цуглах газар хождолгүй цуглах гэж Дүлхижегийн өтгөс яаран буцлаа. Цахиурчин отгийн өтгөс ч мөн бэлтгэн зэхэн юмаа янзлан амжих гэж шамдан хөдлөхдөө, өвгөдийн Болзоотын бор толгойд баяртай учирсу гэж Шонхолой нартай маш элэгсэг дотноор салах ёс хийгээд явцгаалаа.
Чингээд болзсон өдөр тогтсон газраа цуглах гэж шаварчин отгийнхон, эрэгтэй, эмэгтэй хүн юмаа үүрцгээн Шонхолой Залуудай хоёр, хоёр Хумкатайгаа бас тэдэнтэй нийлэн, Болзоотын бор толгой чиглэжээ.
Найрын бэлэг, идэх хүнс төхөөрөх гэж отгийнхон ихэд чармайж, Шонхолой бас анчинд нь нэмэрлэх гэж анд явалцаад, нум сумтай тул, анчин их олзтой, омогтой баяр хөөр болцгоон, найрын газар дааж ядам олзтой дөхөж, алсаас харваас, наран мандах зүгтээ өргөн мөрөнтэй мөрийн захын бургас шугуй нь өмнө зүгт хөхрөн харагдагч уулсын хормойтой нийлж халиуран харагдаж их талын зүүн захад, мөрөн их усны ойн уран хүний өөлөн хийсэн юм шиг хөөрхөн бор толгойн өвөрт отгоороо буусан олон хүн харлан үзэгдэв.
Ойртон очвол, Дүлхижегүүд хэдийн хүрэлцэн ирж буугаад, Их отгийн түрүүч нь хойморлон бууж, Бага отгийн хэдэн гавшгай залуу анчин болзсон өдрийн үүрийн шөнөөр хүрч отгийнхоо буух байрыг шаваг босгон тэмдэглэж, бэлтгэн зэхэх ажлаа жин тан болгосон тул, Их отгийн идэрчүүдийг дагуулан отгийнхоо хүний өөдөөс угтан очиж үүрсэн юмнаас нь хөнгөлөн үүрэлцэж буух газар нь удирдан аваачив.
Бага отгийн өтгөс хилмийн арьсан хавтагатай ангуучин аавынхаа булган сүүл унжуулсан тас, шар шувууны өдөөр хийсэн шүхрийн ишинд зүүгээд, нэгэн чийрэг анчнаар залуулан, хоёр талд нь отгийн ахмад эгчмэд хоёр өндөр настан явалцаж, хойноос нь Шонхолой отгийн сайчуултай тэдний хойноос Залуудай, Хумкаа нар Шаварчин отгийнхонд туслалцаж, юмнаас нь үүрэлцэн айстал Их отгийнхон Дүлхижегийн өтгөстэй шүхрийн өмнө хүрч ирээд өвдөг нугалан, баруун гараа өргөн ёслоод, Шонхолойн хоёр талд очиж жагсан явсаар Болзоотын бор толгойн өвөрт хүрч шүхрээ газар зоолоо.
Дүлхижег ястны Анчин аавын зэмсэг шүтээн нь шүхэр чимээгүй зулзаган хар модноос өлгөөстэй байгаа нь сүр үзэмжээр Дархасны булган сүүл цацагтай тас, шар шувууны өдөн шүхэртэй ангуучин аавын зэмсгээс арай дутуу үзэгдэх тул, дархас ястан баярлалдаж, шүхэрт шүтээнээ эзэн суудалд залаад, Дүлхижег өтгөсийг анчин аавынхаа цахиур гилбэрийг шүхэр доор хамт залан, хоёр ястны их найрамдуугийн хуримд хамтатгая гэхэд Дүлхижег өтгөс баярлалдан хүдрийн арьсан хавтагатай цахиур чулуун гилбэрээрээ, зулзаган хар модноос салгаж шүхэр доор бага отгийн Ангуучин аавын гилбэрийн дэргэд залжээ.
Чингээд Дархас Дүлхижег хоёр ястан отог омогтны бэлтгэж ирсэн идээ ундааны дээжээс шүхрийн өмнө хавтгай чулуугаар хийсэн ширээн дээр өргөж, бага отгийн эгчмэд, өчиг найруулахдаа бэлэн үгтэй тул архас ястны өмнөөс түрүүлэн босч, ангуучин аав, анчин аавын өмнө өчиг дуудах болоод алаглан оёж, хар цагаан ангийн үсээр чимэглэсэн хувцсаа засч булган малгайгаа буурал толгой дээрээ аятайхнаар өмсөөд хэдийн тэнхээ оруулах ундаанаас уусан тул, цагираглан хөхөрсөн нүд нь залуугийн адил гялалзан, ваар аягаар дүүрэн хийсэн мэлтэгнэх хүрэн өнгөт ундаагаа хоёр гараараа бариад уянгатай сайхан хоолойгоор эгшиглэн дуудаж:
Сэ-э-эг, сэ-э-эг, сэ-э-эг!
Сэнгэнэм сайхан салхитай
Сэтгэл сэргэм цагаан талын
Үзэсгэлэнгийн манлай бологсон
Өнгөт цэцгээр мяраалан чимэгсэн
Өтгөс дээдсийн маань уулзалдагсан
Буянтай сайхан энэ толгойн өвөрт
Булган цацагт шүхрийн дор
Дархасын ангуучин аавын
Өлзийтэй цахиур чулуун гилбэр,
Үе олныг дамжин хадгалагдсан
Үй олныг ивээн тэтгэсэн
Харьшгүй иртэй хатан зэвсэг
Мохошгүй иртэй мөнх зэвсэг
Эн чацуу зэрэгцүүлэн залжуу
Энд хуран чигуулугсан бидэн
Хун галуу мэт дуугаа нийлүүлжүү
Чамбайн анчны гөрөөлөн ологсон
Нямбай эмсийн найруулан хийгсэн
Тансаг идээ ундааныхаа дээжээс
Таваг тэвш дүүргэн талбижуу
Амттын амсаагүй амтат ундааг
Аяганы амсар бялхам дүүргэжүү
Ач үр олондоо хишиг гуйжуу
Арван хуруугаараа өргөн барьжуу
Ангуучин Дархас аавдаа өргөнөм
Анчин Дүлхижег аавдаа баринам!
Халиурагсан сайхан өвс ганхагсан
Хадан сайхан толгойн энгэртүү
Эрт дээр элэр балар нэгэн цагтуу
Эрсийн цог жавхлан бадруулжуу
Ан хэрэглэдэг зэвсгээ солилцжгуу
Анд нөхөр бололцон тангараглажуу
Дотно үгээ итгэн хэлэлцжүү
Дотоод хормойгоо барилцжуу
Эн чацуухан зэрэгцэн суугсан
Энэ буянтай сахан газарт тань
Ангуучин аавын ач үр бид бүхэн
Анчин аавын ач үртэй цуглажуу
Дуугарвал дуу нэгтэй болсуу
Булган цацагтай шүхрийн дор
Буянтай хоёр аавын гилбэр нь
Эн чацуу зэрэгцсэн адил
Энд цугласан хоёр омгийн бид
Буурал хоёр аавын үр сад нь
Бутрашгүй бат эв нэгтэй
Салшгүй бат элэг нэгтэй
Анд хоёр ястан болсуу гэж
Ам тангарагаа өргөж байнам!
Анд хоёр буурал аав минь
Ач үр болсон биднээ
Өршөөлөөрөө өргөн тэтгэггүй
Хайраараа харан дэмжигтүн
Хар санаагаар хадран хагаруулсан
Муухай санаагаар муулуулан эвдрүүлсэн
Урьдын хамаг гомдол
Ургашгүй муулар мартагдаж
Үеийн үед эв нэгтэй
Анд ястан болохын хутаг гуйж
Аав болсон та нартаа
Хоёр омгийн хотог олон
Хоолой нэгтэй тангараглам!
Өргөсөн тангаргийг маань
Өвгөн буурал аав нар тогтоо
Өргөсөн ундааг маань
Өчсөн ёсоор тогтоон хайрла
Сэ-э-эг, сэ-э-эг, сэ-э-эг!
гэж хангинам сайхан хоолойгоор хадан толгойд цуурайттал дуудаад ваар аяга дүүрэн ундаагаа дээш нь тэнгэрт, доош нь газарт, хойш нь булган сүүл цацагтай шүхэр хан Ангуучин Дархас буурал ав, Анчин Дүлхижер буурал авын гилбэрийн зүг өргөөд, Дархас отгийнхны зогссон газар эргэж одов.
Дүлхижег талаас Анчин авын удамтай гэдэг нэгэн өтгөс гарч ирээд, бас нэг ваар савтай ундаа мэлтэлзүүлэн барьж хоолойгоо баахан чичирхийлэн,
Саалуу, саалуу саа-а-а-лу-у-у!
Сарьсан нимгэн чих минь хатуу
Саарь нимгэн гуя минь салга
Цагираг хар нүд минь бүрэг
Царгиа нарийн хоолой минь чичрээ
Өтөлсөн толгой минь буурал
Өвгөрсөн царай минь атираа
Ангалзах ам минь шүдгүй
Атгалзах хэл минь цулцаги
Хэлэх үг минь бүтэгхэн
Хэрсүүлэх ухаан минь зөнөгхөн
Айлтгах үг минь тоотой
Амлах юм минь ганцхан
Дүлхижег ястныхаа өмнөөс
Дүлж байгаад хашгирах минь
Анчин Дүлхижег ав дуулаач ээ
Ангуучин Дархас ав сонсооч ээ
Алд бие минь атигархан боловч
Анчин буурал авын удам шүү би
Өцгөр бие минь буурайхан боловч
Өндөр буурал авын угтай шүү би!
Анчин ангуучин анд хоёр аавдаа
Аль ч талаас халууны хүн шүү би
Баригсан ундыг минь амсагтуй
Бархирсан үгийг минь сонсогтуй!
Хоёр ястан маань осол гайгаар
Хоорондоо өшөөтөн болохын даваанд
Хурц ухаантан хашир өвгөд минь
Хуувь нийлэн зөвшилдөөд
Дархас ястны дөрвөн эрийг
Дайран хороосон буруугаа
Дүлхижег ястан хүлээгээд
Дүнхийе сөгдөж ичин зовж
Анд болсон хоёр буурал аавдаа
Андуугаа хүлээн өчиж байнаа л
Эндүүрсэн Дүлхижегээ зэмлэн
Эндсэн Дархасын орыг босгож
Чийрэг дөрвөн эр сайнаан
Чин сэтгэлээр дархас хүү болгож
Хоёр ястнаан холбон барилдуулж
Хоёр аавын хутаг гуйж байнаа л
Нэг биеийн хоёр хөл шингэ
Нэг биеийн хоёр гар шингэ
Хөдөлбөл хөл нэгтэй
Гарвал гар нэгтэй
Халдсан дайсныг хага дарж
Балмад дайсныг балба дарж
Харьтан дайсан халдвал
Хар санаатан үймүүлбэл
Цээл усыг ширгэтэл
Цэгээн чулуу хамхартал
Хамтын хүчээр дайран дарж
Хамаг олноороо санаа нэгтэй
Эв их найрамтай
Энх их жаргалтай
Хувь их заяатай
Хутаг их буянтай
Хөвүүд хүчтэн
Охид царайтан
Унтаршгүй их гал голомттой
Бууршгүй их буянтай болохын
Хишиг хутаг авч үрээ гуйж
Хилмийн арьсан хавтагатай
Хирисийн эвэр гилбэрийн эзэн
Ангуучин буурал аав танаасаа
Хүдрийн арьсан хавтагатай
Хүрэн цахиур гилбэрийн эзэн
Анчин буурал аав танаасаан
Ах дүү болсон хоёр ястны өмнөөс
Аяга дүүрэн ундаагаа өргөн цацаж
Ам мэдэн бархирчуу
Атгар хар өвгөн Дүлхижег
Айлган гуйсныг минь
Сонор их чихээрээ сонсоод
Сод их ухаанаараа толилоод
Хүслийг маань хангаж
Хүн олныг маань баясгаж
Өргөмжөөрөө өгөгтүн
Тэтгэмжээрээ тэтгэгтүй
Дүлхижегийн төлөө
Дүлин дүлин дуудаж
Дархасын төлөө
Дарван тавин даллаж
Өвгөн буурал аав нартаа
Өчин айлтгасны минь тогтоо!
Саалуу, саалуу, саа-а-а-луу-у-у!
гээд савтай ундаагаа цацан өргөөд Дүлхижегийн суудлын дээд талд очин суув.
Чингээд зүүн баруун хоёр талаас Дархас Дүлхижег хоёр эмгэн босч, шүхрийн идээний чулуун ширээний өмнө чулуу дөрвөлжлөн өрсөн зүүн баруун талд суулаа. Хоёр талаас хоёр залуу бэрээд жигд нарийн хагалсан давирхайтай хуурай түлээ атга атгаар барин тэр дөрвөлжин чулуун хүрээн дотор өрөөд хоёр эмгэдийн доод талд нь цомцойн суужээ. Дархас эмгэн цахиур хавирч Дүлхижег эмгэн галаа тод эрчлэхийг хоёр талынхан ширтэн харж, дархасын эмгэний уулнаас утаа урдаар уугихад дархас их бага отгийнхон,
- Хааг, хааг, хааг! Гэж Хэрээ гарвальт ясныхаа уриаг гурвантаа сүртэйеэ хашгиралдан, өөрийнхөө галын урьдаар ассанд урагштай сайхны шинж тэмдэг гэж баярлалдав. Чингэтэл Дүлхижег эмгэний уулнаас ч утаа баагиж, үнэгэн гарвальт Дүлхижегүүд,
- Шуа, шуа, шуа! гэж яс омгийнхоо уриаг өндөр дуугаар гурвантаа хашгираад өөх тос барьсан дөрвөн эмгэн, дөрвөн хүүгээ дагуулан дархас ястан цахиур цахин Дүлхижег ястан нь галын мод эрчлэн хавирч эргүүлэн нэгэн газар нь хоёр талаас нь асаасан галын зүг одов. Дархас их отгийнхноос нэгэн өвгөн гурван эмгэн урагш давшин хоёр талаасаа тахилын галын зүг очиж, гал асаасан хоёр эмгэний доод талд сууцгаалаа. Хоёр талаас асаасан гал дүрэлзэн бадарсаар нэгэн гал болон асахад, хоёр талын хүн цөм баруун гараа тохой нугалан залбирч, галын хоёр талын эмгэн босоод, өөхнөөс барин дархасын эмгэн хоолойгоо засан дуудруун:
Хоёр буурал аавын асаасан гал
Хоёр буурал ээжийн үлээсэн гал
гээд өөх тос өргөхөд нь хоёр омгийн эрс эмс түрэн дуудаж
Ангуучин буурал аавын асаасан гал
Ангуучин буурал ээжийн үлээсэн гал
Анчин буурал аавын асаасан гал
Анчин буурал ээжийн үлээсэн гал
гээд зогстол, дархас эмгэн үргэлжилж
Ач л олон үрсийнхээ голомтод
Асан бадарсаар өдгөөд хүргэсэн
Өдгөөгөөс эхлээд Дархас Дүлхижег
Өвгөн буурал аавын Од галын үзэн
Өлзийт чамайгаа нийлэн тахиж
Буурал аавынхаа анд барилдагсан
Буянтай энэ толгойн энгэрт нь
Он бүрийн дэлгэрсэн намар цаг
Олноороо нийлэн дундын бологсон
Од галынхаа эх юугаан тахису!
гээд өөх тос өргөхөд, бэрээд түлээ тос нэмэн Дүлхижег эмгэн:
Дүлхижег дархас дундын эх бологсон
Дүрвэлзэгсэн од галынхаа эхэд
Өөхөн тосон үеэн өргөн тахимуу
Өвгөн буурал аав нарынхаа
Өлзий хишиг хураах гэсэн гилбэрт нь
Дэлхийн шим идээний дээжээс
Дэвшүүлэн өргөж хутаг гуйнам.
Анчин буурал аавын ач үрээс
Анчин буурал ээжийн үр хүүхдээс
Ангуучин буурал аавын омогт нь
Ангуучин буурал ээжийн үрст нь
Шилдэг дөрвөн анчнаа сонгож
Шилжүүлэн өргүүлж өгч байна
Анд болгосон хоёр аав минь
Ашдын хишиг бидэндээ хайрла!
Ясан төрөл барилдагсан бидэндээ
Ялгуусан Од эзэн эх минь
Ээл өршөөлөө хайрлан соёрхож
Эгнэгт биднээ тэтгэн хар аа!
гээд галдаа өөх тос өргөн дохиход дор нь сууж байсан дөрвөн Дүлхижег анчин, Дархас эмгэний талд гарч, галын өмнө сөгдөн, өөх тос хийлээ. Дүлхижег эмгэний талд сууж байсан дөрвөн эмгэн Дархас ястанд шилжиж байгаа дөрвөн хүүгийнхээ ард нь сөхрөн сууж, Дархасын гурван эмгэн, нэг өвгөн тэдэнтэй зэрэгцэн сөхрөөд гал тахигч Дархас эмгэн дуудруун:
Шил сайт хөвүүдээн мандаа
Шилжүүлэн төрөл барилдагсан
Анчин буурал аавынхантай
Ашдынхаа бэлгийг зохиож
Өвгөдийнхөө сүлдэд мөргөж
Од галынхаа ихийг тахинам!
Анд хоёр яс аймаг бидэн
Амь нэгтэй явахын хутгийг
Айлтган гуйж мөргөнөм!
Анд аавын сүлд мэд ээ!
Од галын эх мэд ээ!
Сэ-э-эг, сэ-э-эг, сэ-э-эг!
гээд галдаа мөргөхөд нь Дүлхижег эмгэн өндөр дуугаар
Саалуу саалуу саа-аа-луу-уу
гээд галдаа өөх тос өргөн мөргөхөд нь Дархас Дүлхижегийн дөрвөн өрхийн найман өтгөс, агь ганга, өөх тос галд хийж дөрвөн хүү нь сөгдөн мөргөж галд өөх хаяад, шүхрийн өмнө очиж, хоёр хавтгыг тосоор мялаалаа. Тэгж байтал дээгүүр нь хон хэрээ гааг, гааг, гааг! гэж гурваниаа гааглан нисэж өнгөрсөнд, Дархас бүгдээрээ баярлан
Гааг, гааг, гааг! гэж хашгиралдан, өвгөд эмгэд, хон хэрээ гарваль маань хишгээ хайрла, хишгээ хайрла, хурай хурай, хурай гэж дээшээ идээнийхээ дээжээс цацав.
Чингээд ёслол гүйцэж, сайхь хоёр галын хоёр талаар, настангууд нь дээд талд залуучуул нь доод талаар сууж, хоёр захынх нь нилээн, том тал хүрээ мэт жигдрэн суусанд, хоёр анд ястны шаламгай эмэгтэйчүүд, ясан төрөл барилдах хуримын идээ зуушийг базаан бэлтгэсэн тул, загасны чанасан, шарсан, утсан, давсалсан мах ан гөрөөний болон тураг шувууны чанасан хорхоглосон, утсан, татсан янз бүрийн махан хоол, шөл, цангаа хариулан ундаа барьцгаан, хоёр үүрд найрамдуу ястны хүмүүс, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй тэнхрэл ундаа ууцгааж, өвгөд өтгөс цөмөөрөө Дархас бага отгийн эгчмэдийн удирдлагаар хоёр отгийн эмсийн найруулсан тэр сайхан цэнгүүлэгч ундааг таашаан тамшааж өвгөд эмгэд тэр ундаанд сэтгэл сэргэж бие чангарсандаа баярлацгаалаа.
Чингээд Дархас их отгийн өтгөс зөвлөлдөөд ясанд нь хамжсан дөрвөн Дүлхижегийг олонд зарлаж, Дархас яст Цахиурчин их отгийн Дүлхижег омогтон боллоо! гээд дор бүр цахиур чулуун хэлбэртэй жад гардуулж гүйцмэгц, Шонхолой босоод, насаар ахмад нэгэнд
Хорч мэргэн болж
Хотол олондоо өмөг
Харваач мэргэн болж
Хамаг олондоо түшиг бол!
Өмнө зүгийн Чоносоос
Өгч байгаа бэлэг минь
Анд хоёр ястан та бүхэнд
Ашдын тустай юм болог!
гээд нэг нум, хэдэн сумтай өгөхөд нь тэр Цахиурчин омгийн Дүлхижег омогт болсон анчин нум сумыг нь аваад, чухам яадаг юм болохыг мэдэхгүй дэмий л эргүүлэн харж, жад гэхэд богинохон бөгөөд нарийхан энэ юу юм бол доо, бороохой гэхэд энэ матигар мод яасан хөнгөн юм бэ? гэж одоо эцэг нь болсон Цахиурчин өтгөсөөс сэм асуувал тэр өтгөс Шонхолойн харвалыг үзсэн тул инээмсэрч өгүүлрүүн:
- Энэ гайхамшигт зэмсэг чамд бэлэглэсэн нь манай отог хамгийн түрүүнд ийм чадалтай зэмсгийн эзэн боллоо. Яаж хэрэглэдэгийг нь чи мөдхөн үзнэ гэж хэлэхэд нь тэр чийрэг анчин эр, нум сумаа элгэндээ тэврэн царайд нь баярласан шинж мэдэгдэж өвгөний дор цомцойн суув. Хурим түр завсарлаж, Дархасын ахмад өвгөн олны зүг хандаж өндөр дуугаар зарларуун:
- Ах дүү олон бүгд сонс оо! Манай хоёр ястныг эв нийлэн ясан төрөл барилдуулах мэргэн арга зааж өгөөд манай хоёр ястанд урд өмнө дуулдаагүй сонин гайхамшиг нум сум гэдэг сайн эрийн мэхийтэл татаж, санаандгүй хол газар араатан дайсан аль алиныг чиг даран чадах бид бүгдийн зүүд зөнд ороогүй зэмсэг хайрлан гийгүүлсэн Чоносын Шонхолой мэргэн, нөхөд сэлтээр бидэнд нум сумаар харвадаг чадлаа үзүүлэн баясгана.
Өлзийт сайхан энэ хуримдаа бид харвал үзээд, сүүлээр нь манай Дархас Дүлхижег хоёр анд ястны шөрмөстэй бөхчүүл гарынхаа бөхийг гайхуулан үзүүлж, олныг баясган, эрхэм гийчнээ цэнгүүлнэ ээ! гэхэд нь хоёр Хумка тавин нумны газар гөрөөсний нойтон арьс урт сур аргамжинд тэлэн татаж хоёр талд нь зогслоо. Шонхолой гурван сум бүсэндээ хавчуулан, урагш давшиж гурвантаа харвамагц сум тоолон гурын арьсыг шовт харвалаа.
Дүлхижег олон, тийм юм огт үзээгүй тул маш их гайхаж сум онтуудах бүр хөгшин залуугүй дуу алдан шуугилдаж, Дархас их отгийнхны олонх нь бас Шонхолойн харвалыг хэдэн өтгөсөөс дуулахаас биш үзээгүй тул тэсгэлгүй баярлалдан сонирхов.
Шонхолойгоос нумаар шагнуулсан Дүлхижег тэр харвал үзээд дэвхцэн баярлаж, яаж харвадагийг заалгасуу гэхэд нь Хумка Үхүү би зааж өгнө гэж олны хөл үймээнээс холхон газар аваачив. Харвалы нь сурах гэсэн Дархас Дүлхижег залуу хойноос нь бөөгнөрөн дагалдтал бөх барилдана гэж зарласанд барилдах оноотой хэдэн залуус арга буюу бөхийн цуглах газар, гэдэргээ эргэн эргэн одлоо. Дархас Дүлхижег хоёр ястан гурван өдөр хуримлаж Үхүү Гекүү Залуудай гурван хэдэн хавчаахай нум хийж Цахиурчин, Шаварчин, Дүлхижег анчинд яаж нум сум хийж харвадагийг заан хуримын сүүлийн өдөр хоёр ястны эмэгтэйчүүд хоол хийхдээ Залуудайн Үхүү Гекүү гурвын гөрөөлж, талын цагаан зээр, тахь, хулан харван гөрөөлснийг дагалцан явсан анчин өвгөн эвдэж үүрэн зөөж, нум сумны чадлыг гайхан биширчээ. Тэр гөрөөс бас хэдэн Дархас Дүлхижег анчин ерөөс хээрийн ан гөрөөс маш элбэг бөгөөд сум тусах хэмжээний газар ер ангаас айхгүй харваач хүний гөрөөг хийхэд тун ч таатайхан тул, харвал сурч байгаа Дархас Дүлхижег маш хөгжилджээ.
Хуримын сүүлийн өдөр хоёр ясны өвгөд, хэрчлээ модоо барьцгаан Дархас их бага хоёр отгоос Дүлхижег ястанд барих бэлгийг нэр дуудан түгээж, мөн Дүлхижегээс Дархаст найрсаг сэтгэлийн бэлэг болгон бариулах зүйлийг хүн хүнд гардуулан өгч бөөн их баяр хөөр боллоо.
Гурван хоног найрлан хуримлаж идээ ундааныхаа сайнаар харилцан дайлсан тул Дархас Дүлхижегийн бараг хүн бүр тэр гурван хоногийн найр хуримд зүс нь өнгө орж хацар нь булцайн таргалцгаан ирэх жилийн яг энэ үед л болзоотын бор толгойд баярын царайгаар бүгдээрээ золгож яс дундын найр хийнэ гэж тогтжээ. Дархас Дүлхижег хоёр ястан харилцан анд бололцсон тэр болзоотын бор толгойн энгэр дэх элгэн чулуунд бороо усны дусаалаас нөмөр нэг хөмөгт нь Цахиурчин отгийн нэгэн уран өтгөс улаан зос, өвгөдийн гилбэрт өргөсөн өөх тостой нухан зуураад далавчаа дэлгэсэн нэг шувуу, нэг араатан зураад, нум сум барьсан гурван хүн бас адуу гөрөөс тэргүүтнийг зуржээ. Нэг дөрвөжин хүрээн дотор тоо томшгүй олон цэг шиг юм зурж, хоёр хажуу талд нь жад барьсан, хоёр том хүн дүрслээд цугласан олон тэр зосон зургийг үзээд, шувууг нь Дархасын хон хэрээ Хон хэрээ гарваль, нөгөө нэг том сүүлт араатныг Дүлхижегийн үнэгэн гарваль, нум сум барьсан гурван хүний дүрсийг дор нь шавар ваар цахиур гилбэр зурснаар нь Дархасын шаварчин отог, Цахиурчин отог гэж таниад дээрээ жижигхэн үнэг шиг амьтны зурагтай хүний дүрсийг Дүлхижег гэж үзүүт танин, Дархасын Шаварчин отог, Цахиурчин отог гэж танин, Дархасын Шаварчин, Цахиурчин отог, Дүлхижег гурван анх удаа нум сумтай боллоо гэснийг хэлүүлэлтгүй ухаарч, ан амьтны дүрсийг ангаар баян дөрвөлжин доторх улаан цэгийг эв нэгтэй хоёр ястан өнөржиж, дөрвөн зүгт түгэн дэлгэрсээр дэлхий дүүрч, гал нь огторгуйн одон мэт олон болохын ерөөл болгож, хоёр хажууд нь хоёр жад барьсан том хүн бол, анд ястнаа тэтгэн хамгаалагч Ангуучин буурал аав, Анчин буурал аав гэж зураад, Дархас, Дүлхижег хоёрын гарвалийн дунд нь босоо чихтэй дэлт нэгэн араатан зурсан нь гайхамшигт чадалт нум сум бий болгон гийгүүлсэн Чоносын дэлт чонон гарваль гэж, доор нь нум сум зурсанд, олон бүгдээр тэр зосон зургийг өөх тосоор мялааж гурван хоногийн өлзийт хурим найраа төгсгөн, гурван зүгт тархан одлоо.


Top
   
PostPosted: Sep.08.16 11:08 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хорьдугаар бөлөг

ОЙН ЭМС

Их мөрний усанд тулсан хясааны өвөр талд дөрвөн хүнд сайхан таарсан нөмөр хөмөгт нь дэвсгэрээ засаад ёроолд нь галаа түлж, Шонхолой Залуудай хоёр нэг оронго хорхоглон боож суув. Гекүү Үхүү хоёр түлш базааж хуурай мод татаж байв.
Мөрний зүгээс үдшийн сэрүү татаж, өдөржин сэлж алжаасан аянчинд маш таатай тул, Гекүү Үхүү хоёр хуурай түлээ овоолон хураагаад, галын хажууд суун машид амсхийн жаргасан байдалтай, боож хорхоглосон оронгын мах иднэ гэж хамраа сарналзуулан болж байгаа идээний үнэр шиншлэн авай.
- Хүн гэдэг мөн хэцүү аргатай амьтан юм даа. Ийм хурдан амьтныг харваж унагаж, ийм сайхан хоол хийх гэж мөн ч сайхан аа! гэж Гекүүгийн хэлэхэд Шонхолой инээмсрэн,
- Хүн яагаад ийм аргатай болсныг чи мэдэх үү? гэхэд нь
- Үгүй гэлээ.
- Тэгвэл дуулж бай. Анх дээр цаг эвэр сүүлтэй, араатай соёотой, жигүүртэй далавчтай олон амьтанд их тэнгэр арга өгнө. Хэнд нь өгөхийг чуулган чуулж, өөрсдөө мэд гэж гэнэ. Тэгтэл тарвага арслан, заан, хирс, чадалтан тэнхээтэн мэдэх байлгүй дээ гээд чуулганд очсонгүй.
Чуулган тараад нэг угалз ууландаа буцах замдаа тарвагатай дайралдаж, тарвага
- За чуулганы сонин юу байна. Арга хэнд өгөхөөр тогтов? гэхэд угалз,
- Эвэр сүүлгүй ядуу нэгэндээ өгъе гэж чуулганаараа хоёр хөлтөд л аргаа өгъе гэж тогтлоо гэхэд тарвага амаа барьж,
- Чаа бас даа! очдог юм даа би очсонгүй, эвэртэн соёотонд найдаад очсонгүй биш боллоо! Аварга их чадалтан маань бяр тэнхээдээ найдаад айхтар амьтанд аргаа алдчихаж дээ! Одоо даргар их эвэрчин даваанд даравгар том эрүү чинь хоёр хөлтний ард үүрээстэй болно доо. Би бушуухан далд орохыг бодсуу гээд нүх ухаж эхэлсэн гэдэг. Тэгээд хоёр хөлтөн бид аргатай болж, арслан заан, хирис, бух гөрөөс ч хүний арганд оруулж, уруулыг маань өөхөөрөө тосддог боллоо. Хурдан хөлт зээр оронго чиг, хоёр хөлтийн идэш болсон гэж манай өвгөчүүл ярьдаг асан гэхэд нь Гекүү,
- Тэр арганд орохгүй юм гэж байх уу, энэ нартад? гэж асуулаа.
- Орохоос юм байхгүй гэж өтгөс дээдэс маань ярьдаг сан. Урьд гарсан чихнээс хойно гарсан эвэр гэж уулын цаана уул байдаг шиг ухааны цаана ухаан, аргын цаана арга байх учиртай. Хожим хойнын ач үрсийн арга ухаан нь юутай их болохыг тийм гэж одооны бид таахын аргагүй бий гээд, юм их үзсэн амарлингуй цэцэн нүдээрээ Гекүү Үхүү хоёрын гайхан сонирхсон гэнэн зальгүй царайг хараад эцэг мэт энэрэн мишээв.
- Одоо хорхог болж байна! гээд Гекүү Үхүү хоёр яаран босч Залуудайд туслалцан, цахиур оронгын үсийг хусалцан зулгааж цэвэрлэлцэхэд нь ойн хоёр Хумкагийн дэргэд Залуудай эцгийнхээ нүдэнд тун сайхан чилгэр биетэй ариухан цэвэрхэн бөгөөд хөдлөх нь уяхан таатайхан харагджээ. Ойн хоёр Хумкагийн бие нь чийрэг шөрмөслөг боловч, нарлаг талын анчин удмынхны дэргэд арай л сүр муутай үзэгдэж, зэрлэгдүү шинжтэй ажээ. Тэднийг харж суутал, хоол ч болж сайхан болсон махны үнэр ханхлан, Залуудай галдаа түлээ нэмээд,
- Аав аа! Хоол боллоо шүү гэхэд нь дэргэд нь очиж бүгдээрээ амтархан идэж эхэллээ.
Чингээд Дархас Шаварчин отгийн эгчмэдийн зааж өгсөн өвс үндэс түүж, хатаасан цэцэг жимсээр нь хандалсан умд, шавар ваарнаас аягалан ууцгааж, үлдсэн махаа өглөө иднэ гэж, шөнө араатан амьтан хүрэхгүй өндөр чулуун дээр тавиад галын дэргэд хүрч ирэхдээ Залуудай,
- Энэ хавьд хүний үнэр гарч байна гэж эцэгтээ л нам дуугаар хэлсэнд, Шонхолой зовнисхийж, хоёр Хумкагийн хамт галаас баахан холдосхийн, салхи үнэрлэвээс, үнэхээр шугуй бургасан дотроос хоёр хөлтний үнэр гарах ажаам.
Гекүү Үхүү хоёр салхин зүг үнэрлэсхийж байгаад, хоорондоо хэдэн үг шивнэлдэн, Шонхолойн дэргэд хүрч ирээд,
- Дайсагнах хүний үнэр арай биш, хэдэн эм хүний үнэр сэнгэнэсхийж байв. Эр хүн байхгүй бололтой гэж хэлтэл хуурай мөчир тасхийн хуга гишгэсэн мэт чимээ шугуй дотроос сонстов.
- Хүн байвал наашаа хүрээд ир! гэж Шонхолойн дуудахад, хариу чимээ огт гарсангүй. Гартаа барьсан нум сумаа газар тавиад, галын зүг найрсгаар дохин зааж бас хэл нэвтрэлцэх хүн байвал наашаа хүрээд ир! гэж дахин дуудваас, тэр үл таних хүний үнэр салхинд ханхалсхийн мэдэгдэх боловч, бас л хариугүй. Үхүү урагш давшиж өөрийн нутгийн үгээр бас хэдэнт дуудваас шугуй дотроос нэг жад барьсан навтгар хүн гарч ирэв. Үхүү, Гекүү хоёр бас дахин урин дуудваас тэр навтгар эмэгтэй, гэдэргээ эргэж хэдэн үг дуугараад аяархан галын зүг дөтлөв. Хойноос нь жад бороохой барьсан арваад хүн, байдлы нь үзвээс цөм хижээл насны буюу нэг хэсэг нь бие бялдрыг үзвээс залуу бололтой эмс дагалдан гарч ирэв. Олонх нь уранхай самархай хувцастай, хөх царайтай хөгшин залуу бөгөөд хүүхэд шуухад дагуулсан үүрсэн юм үзэгдэхгүй эмс. Оронгын махны үнэр хамраа сарналзуулан шиншилж айсаж байгаа байдлыг үзвэл маш их өлссөн бололтой бөгөөд үл таних хүнийг үзээд баахан эмээх байдалтай боловч, галын гэрэлд Шонхолойн айван тайван амарлингуй царай, найрсаг байдлыг үзээд эмээх найрсаглах сэтгэл хутгалдан буй ину хөх бор царайд нь тодорхой үзэгднэм.
- Наашаа ирж сууцгаа. Бид та нарт гэм болохгүй аяны явуул улс! гэж Шонхолойн хэлэхэд, хэлийг нь мэдэхгүй боловч дууны өнгө байдлаар хорлох муу санаагүйг нь тэр эмс танин мэдэж, галын зүг дөтлөн ирэв.
- Наашаа суу гэж Хумкагийн зааж, галын дэргэд суухад тэдгээр эмс эгчмэд эмийг дагаж галын дэргэд сууцгаав. Чингээд өлөн нүдээр ийш тийшээ харж, саяхан цадтал мах идсэн хүнээс тос нөнжигтэй идээний үнэр гарч буйн дээр гал удтал үзээгүй байдалтай галын нөлөөнд их л таашаан баярлаж, элгээ ээж суухад нь Шонхолой өрөвдөж, Залуудайг
- Өнөөх үлдсэн махаа эдэнд өгч, санамсаргүй гийчинтэйгээ идээгээ хуваалцъя гэхэд нь Залуудай төдхөн мах тавьсан чулуун дээр авиран гарч, Гекүүд доош буулгаж өгсөнд мах хараад тэдгээр ойн эмсийн нүд гялалзаж маасганан инээмсэглэцгээлээ. Шонхолой хутгаа авч, эгчмэдээс нь эхлэн хүн бүрт хувь хүртээж өгсөнд нь цөм тэсгэлгүй баярлацгаан, маш өлссөн байдалтай, жигтэйхан амтархаж идэцгээлээ. Дөрвөн аянчны идээд үлдээсэн оронгын махнаас үлдсэнийг идээд цадсангүй боловч өл залгаж дотор нь онгойсон бололтой. Ингээд нэг хоёроороо усан дээр очиж ундлаад галын дэргэд хүрч ирэн сууцгааж Шонхолойг ахмад хүн юм байна гэж тэдгээр ойн эмсийн эгчмэд нь таньж маш найрсаг байдалтай инээмсэглэн хэдэн үг хэлсэнд Гекүү,
- Эдний үг нь манай Хумкагийн үгтэй нилээд ойролцоо ер тойм төлвийг мэдэж болох юм байна. Галынхаа дэргэд хонуулах гэж, хоолноосоо өгөлцсөнд их баярлаж байна гэж хэлж байгаа бололтой гэхэд нь Шонхолой,
- Эд чухам юун улс, яагаад дан эмс, эрэгтэй хүн нэг ч үзэгдэхгүй байгаа юм бол? Отог гал нь хол уу? гэж асуулгасанд Гекүү, Үхүү хоёр даруй хэл залгаж тэр эмэгтэйд Шонхолойн үгийг дохио хавсран нэвтрүүлбээс эгчмэд нь гар дохин нүүр царайн хөдөлгөөн оролцуулан нэгэн хэсэг юм тоочиж, заримдаа босон харайж, ноцолдон тэмцэлдэж байгаа байдал үзүүлэн ярив. Гекүү, Үхүү хоёр заримдаа дахин дахин юм асуун харилцан дохилцож бусад эмэгтэйчүүд нь эгчмэдийнхээ хэлж байгаа үгэнд нэмэр оруулан, хажуунаас нь өлгөж аваад юм хэлэх дохих байдал нь хэл мэдэхгүй хүнд ч тойм төлөв нь ямархан нэгэн дайснаас дутаан дүрвэсэн бөгөөд гал алдаж зүдэрсэн байдалтай бололтой. Тэдгээр ойн эмсийн эгчмэд нь үг яриагаа төгсгөөд, хөдөлж халсандаа хөлс цуварснаа арчаад галын дэргэд суун, Шонхолойн өөдөөс маш дотно элэгсэг бөгөөд, талархсан байдалтайгаар харав. Гекүү Үхүү хоёр бие биедээ элбэж тэр эмэгтэйн хэлсэн үгийг Шонхолой Залуудай хоёрт дохио нэмэрлэн нэвтрүүлэхэд ойн эмсийн эгчмэд нь Гекүү, Үхүү хоёрын ам царайг ажиглан харж, зарим газар толгой дохин, зарим газар гар бие хөдлөн юм дуугарч суув.
Аялгуу баахан өөр тул үг бүрийг эс нэвтрэвч Үхүү Гекүү хоёрын тоймлон ухаарсан нь урин дулааны цагт эрчүүл нь тусдаа хэрэн хэсдэг, эмцүүл нь бас тусгайдаа бэдэн аж төрдөг бөлөг улс ажээ. Чингээд дайсагнах нэгэн аймагт эмэгтэйчүүд нь дайруулж нэг хэсгийгээ олзлуулаад вааран саванд авч явдаг галаа алдаад дахиж гал олж чадахгүй, сандан мэгдэн дутаах үес хүүхэд шуухдаа хүртэл хаяцгааж, амь бултан гарсаар огторгуйд тэргэл сар гурван удаа гарахыг үзсэн. Тэр завсар их мөрөн дагуу түүний загас, дийлэх нэг амьтнаа агнаж, түүхий махыг идэн амьдарсаар иржээ. Эрэгтэйчүүлээ эрээд олсонгүй, гагц хэдэн хүүр үзсэн мөн өнөөх дайсан аймагт дарагдан сарниж зайлсан бололтой хэмээн Шонхолойд сонсон ухаарснаа нэвтрүүлэн хэлэхэд Шонхолой тэдгээрийг тэсгэлгүй өрөвдөж уранхай ноорхой, тамтаг болсон хувцас хунар, ядруун муу овоохой, ур хийц муутай чулуун гилбэртэй богино жад шиг зэмсгийг нь хараад сүүрс алдаж
- Эр, эмээрээ салангид явдаг аймаг байдаг гэж би дуулсан. Тэдний нэг нь эд байж л дээ. Тун ч хөөрхий улс байна даа. Цахиур чулуу хавирч гал гаргах арга бид зааж өгсүү гэж хэл гэхэд нь Гекүү, Үхүү хоёр үг дохио хавсран нэвтрүүлбээс тэр ойн эмсийн эгчмэд нь машид гайхан, яаж чулуунаас гал гардаг юм бэ? гэж асуув. Шонхолой, цахиураа авч, бяцхан хавтхан дотроосоо уул гаргаж цахиур хэд хавираад, уул нь уугиж, өвс хялгананд хавчуулан үлээж гал асаасанд тэр эмс бүгдээр гайхан цочиж, нэг нь үнэхээр гал юмуу? гэж хуруугаа галд хийж халаад дуу алдан яаран гараа татсанд бүгдээрээ инээлдэв. Чингээд ойн эмсийн эгчмэдэд хавтганаасаа бас цахиур гаргаж өгөөд цахихыг заахад анхандаа чадахгүй, тийм жижиг юм бараг барьж үзээгүй, тун мулгуу тулгуу байвч, сурахыг үнэхээр хичээж хүүхэд шиг сонирхон цахиж, оч гялс хийхэд баярлан, аман дотроо юм гүнгэнэж байв. Чингээд яаж уул хавчиж барьж цахиур хавирахыг заалгаад нэгэнт оч уул дээр тусаж уугисанд, дэргэд нь овооролдон цугласан эмс бүгдээр баярлалдан дуу алдав.
Чингээд цахиураар ноцолдсоор мөддөө салах шинжгүй байхад Шонхолой, маргааш уул яаж хийдгийг зааж өгнө гэж Үхүүгээр хэлүүлээд энэ орчинд дайсагнах хүн, том араатан байхгүй биз гэж асуулгахад ойн эмс ойр хавьд өөр хүнийг үзээгүй том араатан ч байхгүй гэж хариулаад, араатнаас чоно л бий гэж нэг эмэгтэй нь чоно шиг улин дүрслэв. Гараараа дохиж, арслан заан хирсийг асууваас арслан заан хааяа дайралддаг, хирс байхгүй гэж хариулсанд араатан дайснаас айлтгүй юм байна гэж Шонхолой сэтгэл амрав. Унтахыг завдаж дэвсгэр зассан газраа очиход нь ойн эмсийн эгчмэд нь нэгэн эмд юм хэлж галын дэргэд мануулан суулгаад, бусад нь гал тойрон хэвтэцгээсэнд Шонхолой энэ шөнө манаатай боллоо гэж санаа амар унтав.
Нойр нь сэргэг тул шөнө хэдэн удаа сэрээд харваас ойн эмс ээлжлэлдэн гал сахиж шөнөжин гал өрдөж байгаа нь харагдав. Өглөө босоход нь ойн эмс хэдэн том гэгчийн загас галд шарах нь шарж, булах нь булж болгон алдсан галаа олсондоо их л баярлаж дөрвөн анчныг идээнийхээ дээжээр хүндлэв. Чингээд Шонхолой, Үхүү хоёр нэгэн хэсэг ойн захад бор гөрөөс үзэгдсэнийг гөрөөлөх гэж төдхөн нэгийг харван унагааж авчирсанд ойн эмс, харвал үзээгүй тул их л гайхаж, Үхүү Гекүү хоёроос яаж ингэж чулуудайд гэм хүргэхгүй хол газраас амьтан жадлан унагадаг юм бэ? гэж асуун сонирхож нум сумыг нь ямархан нэгэн догшин амьтан адил үзэж, эмээсхийн болгоомжлох боллоо.
Тэдгээр ойн эмсийн эгчмэд нь сүрхий ухамсар хүн тул бусад эмсийн бор гөрөөсийг шарж болгох завсар Шонхолойгоор заалгаж цариурын уул хийхэд хэрэглэдэг өвс мөөг танин мэдэх болж Үхүүгээр хэлүүлэн, яаж уул хийлгүүлдгийг заалгаж авав. Тэр завсар мах ч болж цөмөөрөө идэцгээгээд, Шонхолойг тэр ойн эмстэй салах ёс хийгээд явах гэхэд Гекүү
- Эд биднийг дагаж явсуу гэж байна. Танихгүй газар бидэнд бас нэмэр болох юм биш байгаа гээд Шонхолойн өөдөөс харахад нь ,
- Манай завьд эд яаж багтахав? гэхэд Гекүү усны захаар явахдаа яасан ч биднээс гээгдэхгүй гээд ойн эмсийн зүг хэдэн үг хэлэхэд тэр бүгд Шонхолойн зүг хоёр гараа сунган гуйх байдалтай дор дороо юм шулганалдаж, эгчмэд нь жадаа барин, дайсан дайралдана гэсэн юм шиг хатган чичих дүрэм үзүүлэн юм хэлэв. Үхүү хэлмэрчилж,
- Бидэнд тусалсан та нарыг бид дагалдан явж дайсантай тулах цаг тохиовол ухралтгүй тулна. Бид хамт явъя. Та нарт бид саад болохгүй нэг хэсэг газар ч мэднэ. Галыг тань сахиж хоолыг тань хийж явсуу гэж байна гэхэд нь Шонхолой тэднийг өрөвдөн зөвшөөрч,
- Ганц хүн, хүн болдоггүй, ганц цучил гал болдоггүй гэдэг билээ. Бие биедээ түшиг болж яваад үзсүү гэж, завьдаа суутал Гекүү эргээр тэр ойн эмстэй явж, хөлийнхөө чилээг гаргана гэж, тэдгээрийн хамт нум сумаа барин явжээ.


Top
   
PostPosted: Sep.09.16 5:46 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хорин нэгдүгээр бөлөг

“ХОЦОРСОН ХҮНТЭЙ” ДАЙРАЛДСАН НЬ

Ойн эмс өлсөх цангах, ядах зүдэхийг энгүүн хэрэг гэж бодох, маш хатуужилтай бөгөөд загас барих идэх үндэс төмс түүх, хэрэндээ таарсан ан агнахдаа дадлагатай, аргагүйд хүрвэл араатан дайсантай ч тулахаас буцахгүй, хатуужил зоригтой тул, дөрвөн аянчинд нилээн бүл хань болж, адаг наад зах нь шөнийн хоногт түлээ түүх, араатан тэргүүтнээс ээлжлэн манаж сэрэмжлэхэд тус нэмэртэй байлаа.
- Нөхрийн тус бүтвэл өөрийн тус бүтнэ гэж энэ дээ. Гал алдсан энэ хэдэд бид цахиур хэрэглэж галтай болох арга зааж өгсний хариуд эд ч бас бидэнд хүч нэмэр болж, танихгүй газар олон араатан амьтны дунд амиа бүгдээрээ нийлэн хаацайлахад бас тус болж байна шүү. Хүн хүндээ тус болохыг бодож явах ёстой юм шүү хүү минь. Гаднаа болгоомжилж хар санавч, дотроо цагаан санаатай, амьтанд туслахыг үргэлж бодож явах ёстой юм шүү гэж Шонхолой хүүдээ сургаж, эцгийн амьдад газар таниж, хүнд тус болохыг ёс болгож явах хэрэгтэй шүү гэж үйсэн завьдаа хоёул эргийн ойр гүехэн шиг газар ээлжлэн хатгаж явахдаа эргийн дагуу цуван явж байгаа ойн эмсийг харан хэлж наран шингэх тийш хандсан тул бор хоногийн газар шинжиж явав.
Ойн эмс, бас хоргодож шөнө элдэв араатнаас айлтгүй хонох газрыг олон сонгохдоо сайн тул, түрүүлэн явсан нэг эмэгтэй буцаж ирж хоноход тохиромжтой нэгэн газар олсноо мэдэгдэв. Чингээд тэр газрын тушаа завиа хатгасаар ойртвоос хэдэн залуу эмс хэдийн хуурай мод түлш базаан овоолж, явах зам дагуу түүсэн мангир гогод, цагаан төмс, сараан цэцгийн хоолны хачир бас үйсэн саваар жимс түүснээ нэг газар овоолоод, арын завьд Үхүү Гекүү хоёрын өдөр агнасан галуу нугас, Шонхолойн Залуудай хоёрын ясан дэгээгээр барьсан загас хүрч ирэхийг хүлээн тосож байв.
Чингээд ойн эмсийн эгчмэд нь цахиур хавирч гал асаахдаа тун чадамгай болсон тул хоёр завийг эргийн зүг хүрч ирэхэд хэдийн гал асааж, хүлээн тосож хэдэн эмэгтэйчүүд, завиас загас шувуу буулгаж, өд сөд, гэдэс дотрыг нь арилгаад хоол хийх завсар Залуудай эргийн дагуу өгсөн явж байтлаа элсэн дээр хэдэн хүний хөлийн мөр үзэж, гэдэргээ гал дээрээ буцаж эцэгтээ хэлсэнд, ойн эмсээс тэр зүг явсан эссэнийг асууж бүгдээр тэр мөрийг очин үзвээс, хэдэн хөл нүцгэн хүний мөр эргийн дагуу чийгтэй шиг газар гишгэсэн зарим нэгэнд нь дороос нь ус нэвчин гарч ирсэн байдлыг ажваас арай ч цоо шинэ мөр биш бололтой.
- Юу ч гэсэн өчигдрөөс хэтрээгүй мөр бололтой. Үүгээр хүн өнгөрөн гарсан нь осолгүй боллоо. Өнөө шөнө тэргэл сартай. Бас нар арай шингээгүй байна. Газар нь гайгүй цагаан ширэнгэ модгүй, уул тал, төөрөх аюулгүй. Би мөрөөр нь баахан хөөгөөд үзсүү гэхэд нь Залуудай эцэгтэйгээ явалцана гэж, хоёулаа явах болсонд Хумка ойн эмсээс нэгийг дагуулан явалцъя. Отог дээр Үхүү эр хүйстнээс үлдэг гэж ойн эмсийн эгчмэдтэй явахаар боллоо. Үлдэгсэд нь түүсэн түлээ, унасан мод бургасаар хоногийнхоо газрыг хашин болгоомжлох ажил хийцгээж, мөрчин өнөөх үл таних хүний мөрөөр чиглэн явсаар асар удалгүй нэгэн хадан хошуу даваад, нэг уулын цавд ажваас гал уугиж буй бололтой, утаа суунаглаж буйг үзээд, орчин тойронд хүн амьтан үл үзэгдэх цагаан газар тул тэр утаа суунаглан буй газар зүглэн одов.
Алсаас ажиглан харваас ганцхан хүн хэвтэж, орчин тойронд өөр хүн огт харагдахгүй. Бүр дөтөлж, дэргэд нь очвол отог дээр нь орхиод явсан нэг хүн. Хажууд нь хоёр мод зөрүүлээд, нэг салаанд нь бургас сүлжиж, суудал засан хийсэн нагшуурга. Тэр хэвтэж байгаа хүний дэргэд үйсэн савтай ус, нэг утсан загас тавьжээ. Тэр хүний байдал маш эцэнгэр. Дэргэд нь хүн ирэхэд толгой нь өндөсхийн хараад огт дуугарсангүй үг асууваас тэр өвчтөн хүний хариу бүгдэд дуугарах үг нь огт мэдэгдэхгүй, хэл нэвтрэлцэхгүй хүн байжээ. Арай чүү гэж өндийх гэхэд нь Шонхолой түшин суулгаваас, тэр өвчтөн хүн, хоёр гарын хуруугаар нар дүрслэн нар хилбийж байх үес гэж тэнгэр заан, дэргэдэх хэдэн газар хүн байсан гэж заагаад уул даван явсан хэмээн дохиогоор заасанд нар шингэхээс өмнө отгийн хүмүүс зайлан одсон гэдгийг мэдэв. Чингээд тэднийг буцаж ирэхийг дохиогоор асууваас, толгой сэгсрэн, буцалтгүй явсан гэж тэр дохио, өвчтэй тэр хүний гунигт царайн байдлаар орхиод явсан гэдэг байдал илт мэдэгдэн тэр хүн дэргэд нь хэвтэж байгаа нагшуурга заагаад түүнийг гээн хаясан байдлыг дохин үзүүлж бөгсөн бие огт мэдрэлгүй болсныг заан дохисонд түүний содон хүмүүс хөлгүй болсон хүнээ навшуургаар чирч явсаар сэхэх төлөвгүйд отог дээрээ хоцоргон нар шингэхийн өмнөхөн урт мод давхарлан нэг гал түлж өгөөд устай сав ганц загас дэргэд нь үлдээн өвчтөн хүнээ найдах горьгүй болсонд салан хагацсан байдал ил боллоо.
Отог дээрээ хоцорсон тэр эрийн бие маш эцсэн боловч, уг нь их чийрэг хүн байсан шинжтэй бөгөөд дохиогоор буга гөрөөсөнд мөргүүлж бэртсэн гэж том эвэрт юманд мөргүүлсэн хэмээн зааж, дэргэдээ хэвтэж буй нагшуургаар чирүүлж явснаа хуруу чичин заагаад биеэ заан, хуруугаар нар дүрслэн шингэж буйг дохин үзүүлж насны наран шингэх цаг ирснээ мэдэгдэн, Залуудайг заан, нар нь эрт байна гэж дохиод сулхан инээмсэглэж гар занган, шингэж буй нар дүрслээд, биеэ заан Залуудайн зүг нар дүрсэлснээ өгөх шиг дохисонд, нас залуу нар эрт Залуудайд насалсан насаа нэмэн өглөө гэдэг утгатай дохиог нь цөм ухаарч, Залуудай тун ч өрөвдөн, нагшуургыг нь зааж, суулган чирч аваачна гэж ирсэн зүг тийшээ дохиход нь инээмсэглэж толгой сэгсрэн биеэ заагаад, газар зааж нүдээ аньсанд энд л үхэх цагаа хүлээн хэвтэнэ гэсэн дохиог нь ухаарч, отог халуунаасаа хагацан, эзгүй буйд газар үхэх гэж шийдсэн санааг нь мэдээд, тун ч өрөвдөж элэг эмтэрлээ.
Цагаа хүлээсэн тэр эрийн дэргэд нь том бороохой, бүдүүн цахиур гилбэртэй жад, цахиур цохиж хийсэн урт иштэй сүх тавиастай байгаа нь, ишинд нь цөм ямархан нэгэн иртэй юмаар цохиж шарх оруулсан байдалтайг үзвэл, эзнээ дагаж үйлчлэг гэж зэмсэгт нь шарх оруулж, “үхүүлэн” сүнсийг нь эзнийхээ сүнсийг тосон үйлчлэхэд бэлхэн болгосон байжээ.
Ойн эмсийн эгчмэд, тэр хүний хөлийн өмнө сөхрөөд, мөхийн дохиж, аман дотроо хэдэн үг хэлэхэд, Хумка сүнсийг нь бидэнд сахиус бол гэж мөргөж байна гэж Шонхолойд хэллээ.
- Газрын ёс. Бэртэж, хүн болохоосоо өнгөрсөн буюу өвдөж, огт садандаа тээр болоод ирэхэд нэг хүний төлөө цөмөөрөө баларч үхсэнээс, амьд үлдэх нь амьдын зам, ан гөрөөгөө хөөгөөд, үхэх нэг нь отог дээрээ хоцордог ёстой бид яахын ч аргаргүй. Буцахаас өөр аргагүй гэж хэлээд Шонхолой, ядахдаа энэ хөөрхийн галыг нь засаж өгсүү гээд, урт мод цувуулан, дээр дээрээс нь тавьж ёзоор талаас нь асаасан галыг сэргээж засахад, Залуудай эцэгтээ туслалцаад, үйсэн савтай усыг нь ойртуулан тавьж өгснөө, бүснээсээ сураар өлгөн зүүсэн цахиур хутгаа авч, тэр хүний дэргэд тавихад нь тэргэл сарны гэрэлд тэр хүн тал өгсөн байдалтай инээмсэглээд, эмтлээд орхи гэж гараараа дохив. Нөгчих гэж байгаа тэр хүний хүсэл ёсоор нь тэр цахиур хутганы бариул тушаа нь эмтэлсхийгээд дэргэд нь тавихад тэр хүн, бэлхүүсэн тушаагаа тэмтрээд, арслан зааны соёогоор хийсэн жадны гилбэр гаргаж өөрөө хийсэн юм гэж бие заан, Залуудайд сарвайн өгсөнд аргагүй, талийх гэж байгаа тэр хүний эцсийн бэлгий нь эр хүнд эр хүний өгдөг бэлгийн дээд гэж хоёр гараар тосон аваад, нүднээсээ нулимс бөмбөрүүлэхэд тэр хүн, дахин биеэ нэг заан нүдээ анин газар заагаад Залуудай нарын ирсэн зүгт буцагтун гэж заагаад аяархан гэдэргээ хэвтээд нүдээ анив. Чингэхэд арга буюу дэргэд нь баахан зогсож байгаад, чимээгүйхэн эргэж буцан одоцгоолоо. Ан амьтныг агнан алж, бас дайсагнах аймагтай тулалдан, үхэхийг олонт үзсэн Шонхолой Залуудай нар отог дээрээ хоцроод, үхэх цагаа маш хатуужин, насыг минь залган аваарай гэж дохиогоор ерөөгөөд амь хагацаагүйдээ биедээ бүтнээр нь хадгалж төрлийнхөө хүнд үлдээх гэж хадгалж байсан ганц хайртай зэмсгээ огт зүс үзэж таниагүй Залуудайд эр хүний эцсийн бэлэг болгож өгсөнд нь сэтгэл догдлон хөдөлж, тэр галын дэргэд амьсгалынхаа тоог барагдахыг хүлээн хэвтэгч эрийн зүг толгой дохин ёслоод, бүгдээрээ хоног буудлынхаа зүг дуу чимээгүй буцан одлоо.
- Мэдсэн бол тэнхрүүлэгч ундаа найруулж өгдөг юмсанж. Өвдөх эвэршээхийг нь түр ч гэсэн намдуулж, биеийн нь амсхийхэд тус болох асан гэж Залуудайн хэлтэл тэр уулын цавийн адгаас цөөвөр улилдах дуун дуулдахад, Шонхолой сүүрс алдан,
- Одоо удаан эвэршээж зовохгүй боллоо. Өглөөний ургах нар үзэхгүй болсны дохио нь гарч байна. Галын дөл намжисхийхэд, энэ олон цөөвөр нөмрөн хүрч ирээд эцэс болно доо гээд дөрвүүл буудалдаа хүртэл чив чимээгүй, тэргэл сарны гэрэлд алхав.


Top
   
PostPosted: Sep.10.16 1:43 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хорин хоёрдугаар бөлөг

МАХЧИН БАРТАЙ ДАЙРАЛДСАН НЬ

- Одоо энд нэг үдэлдэг байгаа гэж Шонхолой завиа их мөрний нэгэн тохойн эргийн зүг залж, усны шувуу маш олон харагдаж байгааг гөрөөлөх гэж дөрвүүлээ завиасаа гарцгааж, эргээр яваа ойн эмсийн нэгэн хэсэг нь түлш базаах гэж, нэг зарим нь хоолонд амт оруулах ногоо түүх гэж тархтал гэнэт нэгэн эмэгтэй хүн муухай бархиран ёолох чимээ гарч, ширэлдэн ургасан боролж өвсөн дундаас ойн эмсийн нэгний царай үнсэн хөх, маш сандарсан байдалтай хүрч ирэн, гүйж ирсэн зүг тийшээ заан юм шулганахад Хумка хирдхийн сочиж том эрээн араатан, энд нэг хүн барьжээ гэж тэр эмэгтэйн үгийг Шонхолойд уламжлав. Яаран сүх, нум сумаа шүүрэн тэр эмэгтэйн заасан зүг шамдан очтол, сөөг боролж дунд нэг том эрээн юм үзэгдэж, амандаа нэг амьд эмэгтэйг зуугаад хүнээс огт айхгүй явах нь үзэгдэв.
Барын аманд дахь тэр эмэгтэйг үзвээс ойн эмс биш, өөр танихгүй нэг эмэгтэй ажээ. Хүн хараад юм хэлж хашгирах нь амь авар гэж байгаа хөөрхий бололтой. Шонхолой ухасхийн, тэр барын зүг яаран давшваас хойноос нь Залуудай Гекүү хоёр гүйж, сум харвам газар ойртохдоо зэрэг гурвуул харваж, хойноос нь бас Үхүү гүйцэж ирэн бас хашгиран харвасанд, дөрвөн сум цөм тэр барсын гэдэс зоонд шигдлээ. Барс, амандаа зууж явсан тэр эмэгтэйг газар хаяад урхиран эргэж, дөрвөн анчны зүг дайран орох гэлээ. Ойн эмс, Шонхолойн хойноос бороохой жад барьцгаан дагаж гүйлдэн айстал хэд дүүлээд барс, түрүүлэн гүйсэн Залуудайд нилээн ойртон хүрч ирээд, сүүлээ шарван үсрэхийг завдтал бас дөрвөн сум тусаж барс урхиран дүүлтэл Гекүү завдан харвасан нь сум, санамсаргүй барсын ангайсан аманд шаав. Догшин араатан урхиран үсэрсэн дуу нь тасалдаж, дүүлэн үсэрсэн нь олон сумын шарханд бас аманд нь шигдэн орсон сумнаас ч болж Залуудай дээр буух гэсэн харайлтын эрч нь дутаад хажууд нь буутал, Шонхолой хүүдээ аюул тусахыг зайлуулах гэж яаран ухасхийж, барсыг дахин босон өндийж дайрахаас нь урд сүх далайн толгой дээр буулгасанд Залуудай бас жадалж, бар эргүү туссан юм шиг дороо эргэлдэв. Үхүү сүхээ далайн зоон дээр нь буулгах гэтэл сүүлд нь нүдээ ширвүүлэн ойчоод, заяатай хөл дор нь орсонгүй. Завшаанаа өнөөх барт зуулгасан эмэгтэй угз татан зайлуулсанд, Шонхолой барын зоо уруу нь сүхээ буулгаж, догшин эрээн араатны хойд хөл мэдээгүй болж бөгсөө чирэн хоёр нүд нь толгойноос гоожих цусанд юм харахгүй боллоо. Ойн эмсийн эгчмэд нь жадаа барин гүйж анчин дээр хүрч ирээд, барын өвчүүг жадалтал, жадын ишийг хуга алгадаж орхисонд эгчмэд түрүүлэн ойчиж, бар өрөөсөн хөлөөрөө нуруун дундуур нь дараад хөлийг нь үнхэх гэтлээ амнаас нь цус олгойдон шилэн хүзүү нь татав.
Тэр самбаанд Үхүү хойд хөлөөс нь угз татан санд мэнд дайрсан хүчиндээ барыг элгээр нь өөд нь харуулж, ойн эмсийн эгчмэд нь Залуудайд татуулан аюулт амьтны сарваас мултрав.
Бар тийчигнэн таталдаж, нэгэнт хүнд хор хүргэж чадахгүй болсонд толгой уруу нь Шонхолой хэд сүхдэхэд чичив татав хийгээд хөдлөхөө байжээ.
Араатан дайснаа дараад дөрвөн анчин, өөд өөдөөсөө харваас цөм тэвдсэндээ хар хөлс асгажээ. Барын хүнд саварт бага сага маажуулсхийвч, гэм болсонгүй нуруун дундуур шийдмээр татуулсан юм шиг хүнд хөлд нь алгадууллаа гэж нөгөө зуулгасан эмэгтэйг үзвээс бас онцын бэртсэн зүйлгүй уг нь ойн эмсийн аялгуутай бараг нийлсхийх тул, жимс түүж явтал араас нь нэг юм ёврон түлхэж унагасан шиг болоод, нүд харанхуйлж дотор аягүй болоод, ухаан ороход, аюултай том эрээн амьтны аманд зуулгаастай мануулд зуулгасан бозлог шиг толгой хөл унжин ухаан саруул, ингээд л үхдэг цаг боллоо гэж дуу чимээ гарч бархирлаа гэж ярьжээ.
Гекүү, барын сүүлд нүүрээ ороолгон ойчоод араараа газар цохиж ойчихдоо дотор харанхуйлсан гэж барын зүг гар зангидан занаж, сүх барин, дөрвөн хөлийн савар, амных нь дөрвөн соёог мулт татаж аваад Шонхолойгоос тэр савар соёог би авбал яана гэж гуйлаа.
Чингээд барыг өвчтөл нь баруун суганд нь идээлэн баалсан хуучин шархтай. Тэр шархнаас нь бүдүүн хийцтэй цахиур чулуун гилбэрийн хугархай гарчээ. Бүгдээр тэр хугархай чулуун гилбэр сонирхон үзтэл, бард зуулгасан эмэгтэй, тэр гилбэрийн хугархайг хармагц цочин дуу алдаад юм хэлснийг нь, Үхүү, Шонхолойд уламжилж эцэг нь хавар анд яваад үгүй болсон юм. Жадных нь гилбэр энэ мөн байна гэж таниж, эцгийгээ барт осолдсоныг мэдлээ гэж байна хэмээн хэлж өгвөл, чингээд, манай отог дээр хүрч очно уу! эндээс холгүй. Нөхөр анд гарсан. Отог дээр эх нэг жаалхүүтэй бий. Бас хэдэн айл бий гэхэд нь өөрийнхөө буудлыг арай ойр байх гэж буусан газар тийшээ тэр барсад хэлмэгдсэн эмэгтэйг ойн эмсээр түшүүлэн аваачив.
Хүнд шарх олж, идээлж баалснаас болж, хурдан хөлтөнг гүйцэхгүй тул хүнд халдах болсон махчин бар байжээ. Шонхолой тэр барсын арьсыг эцгийн чинь өшөө авлаа одоо энэ барсын арьсыг эхэд чинь аваачиж өгье. Дэвсгэр хийг гэж хэлүүлээд загасчлахаар одов.
Их мөрөн загасаар элбэг тул, удалгүй дөрвөн анчин загас сэрээдэж, нум сум үзээгүй галуу, хүнээс бараг айхгүй тул, хэдэн галуу харвацгааж, өдрийн хоолны юмтай болоод, түрүүчийг нь ойн эмс гэдэс дотры нь цэвэрлэж болготол бас хэдэн загас барьж, Үхүү, Гекүү хоёр хэдэн галуу нугас харваж, элбэг хоолтой болсон тул, тэр барст зуулгасан эмэгтэйд хэдэн загас бургасаар холбон өгч, бүгдээрээ хоол идэцгээн түр амсхийх завсар дөрвөн анчин ойн эмсийн эгчмэдтэй хамт тэр бараас тэр бараас амийг нь аварсан эмэгтэйг отог дээр нь хүргэхээр одов. Зам зуур асууваас, тэдний отгийн хүмүүс, өглөө буудаллаж, эр хүйст нь цөм анд яваад, хүүхэд шуухадтай эмс үлдэцгээн, тэр эмэгтэй жимс ногоо түүх гэж гарсан хүн байжээ.
Чингээд отогт нь ойртон хүрч ирэхэд гэнэт үл таних хүн гарч ирсэнд отгийн эмс хүүхэд сандран сочсон боловч өөрийнхөө эмэгтэйг хамт айлтгүй явалцаж буйг үзээд амсхийж, найрсаг байдлаар угтан тосоод өнөөх эмэгтэйгээс барт зуугдаад эдний ачаар амьд гарсан гэхэд нь бүгд баярлацгаав.
Тэр эмэгтэйн эх нь болох нэгэн настан бүсгүй нөхрийг нь идсэн барын арьс гэдгийг сонсоод үсээ үгтээн уйлж, барсыг хараан зүхэж арьсы нь хөлөөрөө дэвсэн дэвсэн аман дотроо юм үглэж хайлав. Отгийн эмс бүгдээр тэр барын арьсыг дэвсэж цавчиж шуугилдав. Хүүхэд шуухад хүртэл барын арьсан дээр дэвхцэж томчуулыг дуурайн юм хашгиралдан шуугиж байтал, нэгэн хижээлхэн эмэгтэй, дөрвөн анчны зүг толгой дохин дохин юм хэлэхэд Үхүү хэлмэрчилж, өстөн дайсныг өрлөж өгсөн тал өгч байна. Дайсныг нэгэнт дарж өгснөөс хойш дахиж маньд хор хүргэхгүй болгон дарж өгөөч гэж гуйж байна гэхэд нь Шонхолой тэр барын зүрхийг нь авч ирсэн тул, түүнийг өгч,
- Анчиндаа өгч бүгдээрээ хуваалцан идэж барс шиг зүрхтэй бол. Зүрхээ идүүлсэн бар зүрх нь үхэж та нарт халдахгүй болно гэж хэлснийг нь Үхүү нэвтрүүлж хэлбээс бүгдээр баяр хөөр болцгоов.
Чингээд анчныг зочлох гэхэд өөрсдийн нь анчин нэгэнт ан гөрөөнөөс бууж ирээгүй. Амсуулж барих юм байхгүй, гар хоосон шахуу тул, гагцхүү түүсэн жимснээсээ үйсэн саванд барихад түүнээс нь ам хүрээд, буудалдаа буцах гэхэд нь тэр барт зуулгасан эмэгтэйн эх нь ач хүүдээ эхийн амь аварсан Шонхолойн нэрийг өгсүү гэж нэр гуйн асууваас Шонхолой гэхэд,
- Сонколой, сонколой, гэж хэд давтаад, ач жаалаа тэврэн, Шонхолойн суганд толгойг нь хүргэн юм хэлэхэд Үхүү,
- Сонколой ач хүүгээ ачит баатар аавын өндөр цээж, өргөн суганд түшүүллээ. Эр зориг, насны хишиг гуйж байна гэхэд нь Шонхолой, тэр жаалын духыг нь таалаад,
Эр их зоригтой
Бяр их чадалтай
Уужим дотортой
Ухаан ихтэй
Урт настай
Удаан жаргалтай
Сайн хүн болж
Садан олноо жаргуулаарай!
гэж ерөөсөн үгийг нь Үхүү хэлж өгөв. Отгийн эмс цөм мэхийн дохиж дор бүр юм дуугарсанд Үхүү хэл заалгаж ерөөл бат орштугай гэж байна хэмээв. Шонхолой нэг чулуун зэв бүсэндээ агссан агсаанаасаа гаргаж тэр жаалхүүд өгсөнд сайхан цохилж хийсэн тэр тунгалаг чулуун зэвийг ер урьд өмнө огт үзээгүй тул, бүгдээрээ баярлалдаж, бие биедээ дамжуулан үзэцгээв. Чингээд бүгдээрээ өлзийт зочдоо нэгэн хэсэг үдэцгээн гаргаж өгөв.
Завиа орхисон газар хүрч цаашлан аялах гэтэл ойн эмс хоорондоо баахан яриа болоод эгчмэд нь Үхүүгээр Шонхолойд хэлүүлсэн нь манай нэгэн хэсэг эмс энд хэл ойролцоо хүнтэй газар хүрсэн тул, эндээ үлдсүү гэнэм. Та нар юу гэж бодож байна гэтэл,
- Эднийг энд үлдвэл би бас үлдэлцэх хүсэлтэй байна. Өнөөдрийн барын савар соёог би эдний нэгэнд нь сүй тавьж өгөх санаатай байсан юм. Эднийг үлдвэл миний бие явавч санаа минь энд үлдэх зовлонтой боллоо гэж Гекүү Шонхолойд хэллээ.
- Чамд эм олдоно. Эр нөхөр олдох нь чухаг. Бид хоёрын амь аварсан ачтай хүнийг алс холын замд хань бүлгүй хаях гэж байх ямар өөдгүй амьтан бэ чи? гэж хөнлөнгөөс нь Үхүү загнаж эхлэв. Бид Шонхолой ахтай тэр нэгэн шөнө эс тааралдвал би өнөөдөр ингэж явах уу? Би чамайг хүн гэж бодож явсан, хүн биш юм байна чи гэхэд нь Шонхолой
- Тэгж болохгүй, Үхүү минь эндээ үлдэх дуртай бол үлдэг. Бид анх гурвуул гарсан тул Бух өвгөнийг нутаг усанд нь хүргээд хоёулаа л буцах байсан. Гекүү үлдвэл үлдэг чи ч бас өөрөө л мэд гэхэд нь Үхүү,
- Би та хоёртой л явна. Би Гекүү шиг хүн биш гээд ойн эмсийн зүг юм хэлсэнд, эгчмэд нь Үхүүгийн үг сонсоод гараа занган олон үг хэлэв. Ойн эмсийн зарим нь бусад нэгийгээ зэмлэх шиг шуугилдээд эгчмэд нь Үхүүгээр Шонхолойд
- Миний буруу боллоо амийг маань аварсан хүнийг алсын хол аянд нөхөр бүлгүй болгохыг би сэтгэл түвдэхгүй. Би хамт дагалцан явна. Гекүү энд үлдвэл үлдэг! гэж хэлүүлэхэд нь ойн эмс бүгдээрээ эгчмэдээ дагана гэж нэгэн дуугаар дагав.
Гекүү, ийм байдал болсонд машид ичингүйрэн уйлж, буруугаа хүлээн Шонхолойг гуйж өчрүүг:
- Ах намайг хүлцэж хайрла! Би муу санаа агуулж ганцааранг тань хаях гэж огт бодоогүй. Гагцхүү энэ ойн эмсийн нэгэнд сэтгэл санаатай болоод зарим нь энэ газар, хэл аялгүй нэвтрэлцэх хүнийг бараадан үлдэнэ гэхэд, санамсаргүй дагаж үлдэх бодол төрсөн билээ. Ачтан хүний тэнхрүүлэн тэтгэснийг мартан гээж тус хүргэсний хариуд ус хүргэх гэсний санаа огт бус.
Би үхэвч ахын дэргэд ахыг л хамгаалсаар үхнэ. Гөрөөсний янзага эхийгээ дагадагтай адил ахыг дагаж, зовлон жаргаланг хамт хуваалцана! Ах надад бүү суу сана. Намайг битгий буруушаа! Далайсан газар тань далд орж далласан газар тань ил гарсуу! гэхэд нь Шонхолой яаран урагш давшиж Гекүүг тайтгаруулан ойн эмсийн зүг,
- Та нар дур сонго оо! Эндээ үлдье гэвэл үлд, алсын их хол замын бэрхийг бэрхэд үзэхгүй бол манай Чонос мэнд хүрвэл тань та нарыг өөрийн хүн адил үзнэ.
Гекүү өөрөө л мэд. Манай нутаг усанд хүрвэл манайхан чамайг өөрийн л хүн адил үзнэ. Эндээ үлдэх нь дээр гэж бодвол би ер чангааж татгалзахгүй гэхэд нь бүгдээрээ өдгөө хүртэл хамт явсан бид, нутагт тань хүрч, отогт тань багтъя! гэж цөмөөрөө урьд адил нэгэн сэтгэлээр хамт аялан явахаар боллоо.


Top
   
PostPosted: Sep.17.16 7:47 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Би ч зүгээр нэг уншигчгүй л юм хийгээд суугаад байна аа даа...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 78 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited